Categories
мэдээ нийгэм

Эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь машиныхаа тээшинд хийгээд зугтжээ

Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны нутаг дэвсгэр “Хөрс” худалдааны төвийн гадна талын машины зогсоол дээрээс “Тоёото приус” маркийн автомашины тээшинд бусдын гарт амиа алдсан эмэгтэй хүний цогцос олдсон байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Нийслэлийн шуурхай удирдлагын төвд нэгэн иргэнээс “Хөрс” худалдааны төвийн үүдэнд зогсож байгаа цагаан машин цус болчихсон байна. Дээр нь энд хүн байгаа гээд цаасан дээр бичсэн байна” гэсэн мэдээлэл ирсэн гэнэ. Ирсэн дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хэлтсийн цагдаагийн албан хаагч очсон байна. Хэргийн газарт “Тоёото приус” маркийн автомашины тээшинд 30 орчим насны эмэгтэй хүн бусдын гарт амиа алдсан байдалтай олджээ. Талийгаач эмэгтэйг хэн болохыг тогтоох ажил хийгдэж, Баянзүрх дүүргийн XVIII хороонд оршин суух 27 настай Б болохыг тогтоожээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газрын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн бие бүрэлдэхүүн шалгасан байна.Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээч нарын гаргасан анхан шатны дүгнэлтээр “Талийгаач эмэгтэйг боож амь насыг нь хөнөөсөн. Машины хаалга, тэвш зэрэгт үлдсэн хурууны хээ нь Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат талийгаач Б-ийн нөхөр н.Ганням гэх 27 настай залуугийнх байх магадлалтай” гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Шинжээч нарын гаргасан урьдчилсан дүгнэлтийн дагуу хэргийг шалгаж байгаа цагдаа наршуурхай арга хэмжээ авч н.Ганнямыг баривчилжээ. Хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нар н.Ганнямаас хэргийн талаар байцаалт авчээ. Мөрдөн байцаалтаар тэр “Эхнэртэйгээ муудалцаж хэрэлдсэн. Тэгээд хоолойг нь боочихсон чинь ухаан алдчихсан. Эргэж сэрээх гэсэн боловч сэргээгүй. Эмнэлэг рүү явсан боловч айгаад оруулж чадаагүй. Огт амьсгалахгүй, зүрх нь цохилохгүй байсаар бие нь хөрчихсөн. Тэгээд л машиныхаа тээшинд хийж явж байгаад “Хөрс” захын үүдэнд орхиод явсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэнэ. Н.Ганням эхнэрийнхээ аминд хүрсний дараа дүүргийн болон улсын эмнэлгүүдэд үзүүлэхээр очсон байна. Гэвч эмнэлэг рүү авч оруулж зүрхлээгүй бололтой. Улмаар эхнэрийнхээ цогцсыг нь машиныхаа тээшинд хийгээд хотоос гарахаар явсан аж. Гэсэн ч “Москва” хорооллын ойролцоох “Хөрс” захын үүдэнд машиндаа бүсгүйг орхиод явсан байна. Явахдаа машиныхаа цонхон дээр“Энд хүн байгаа шүү” гэх бичиг нааж орхижээ. Ингээд тэрбээр баруун аймгууд руу явдаг “Драгон” авто вокзал дээрээс Төв аймгийн Жаргалант сум руу явсан байна. Ингээд Жаргалант сумаас танилаа дуудаж, Угтаал цайдам суманд очиж нэг хоноод цагдаа нарт баригдсан гэнэ. Гэхдээ Ганням эхнэрээ боож хөнөөсөн гэдгээөөрөө хүлээж цагдаа нарт мэдэгдсэнгэх мэдээлэл ч байгаа юм.

Гэмт хэрэгтэн хэн байв

Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа н.Ганням талийгаач Б нар нь Төв аймгийн Угтаалцайдам сумынх юм байна. Тэд тус сумын дунд сургуулийн нэг үед суралцаж байсан аж. Хэдэн жилийн өмнөөс гэр бүл болж хамтран амьдарсан байна. Хүүхэд нь гурван настай гэнэ. Н.Ганням талийгаачБ нар хүүхдээ гарсны дараагэр бүлийн хэрүүлээс болжтусдаа амьдарч байгаад саяхан эргэж нийлжээ. Талийгаач дээд боловсролтой, мэргэжлийнхээ дагуу ажиллаж байсан гэх мэдээлэл байна. Эхнэрээ хөнөөсөн Ганням ч бусдад тусархуу, дөлгөөн зан ааштай нэгэн гэнэ. Гэвч н.Ганнямын түргэн зуурын уурын мунхаг, бодлогогүй үйлдлээс болжгурван настай хүү ньхорвоог ээжгүй туулах боллоо. Сүүлийн үед эхнэр нь нөхрөө хөнөөх, эсвэл нөхөр нь эхнэрийнхээ амь насыг хөнөөх гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэх болсон. Гэр бүлийн хэрүүл тэмцэл, үл ойлголцлоос болж нэг нь амиа алдаж, нөгөөх нь шоронд хоригдож, үр хүүхдүүд нь аав, ээжгүйгээр амьдрах гашуун хувь тавилан угтдаг байдал газар авсаар байна.

Э.Баатар

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: “Та нарын амьдралыг баллачихсан, одоо халааснаас чинь татвар авна” гэж сонгогчдодоо хэлэх юм уу

Цэцийн дүгнэлтийг хүлээн авав

УИХ-ын чуулганаар Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авав. Шүүхийн захиргааны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалт, мөн зүйлийн 23.7 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.3 дахь хэсэг,23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”; Дөчин есдүгээр зүйлийн дөрөв дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.”; Тавин нэгдүгээр зүйлийн дөрөв дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсвэл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэдэг шийдвэрийг Цэцээс гаргасан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ”Сүүлийн үед УИХ, Цэцийн дүгнэлтийг хэлэлцдэг боллоо. УИХ-аар баталсан хуулиуд өмнө нь Цэц дээр унадаг байгаагүй. Энэ ямар учиртай юм бэ. Эсвэл бидэнд асуудал байна уу” хэмээхэд нь Д.Ганбат гишүүн “Энэ бол ардчиллын зарчим юм” хэмээн хариулав. Дараа нь Ц.Нямдорж гишүүн “УИХ долоо хоногийн пүрэв, баасан гаригт Цэцийн дүгнэлтийг хэлэлцдэг уламжлал тогтлоо. Шүүхийн шинэчлэлийн үр дүн энэ үү. Шүүхийн тогтолцоо нурлаа шүү дээ. Шинэчлэл нэрийн дор ингэхээ болих хэрэгтэй. Монгол төрийг нураах ажил эхэлчихсэн байна. Үндсэн хуулиа сахиж ажиллаач. Дур зоргоороо явдгаа болих хэрэгтэй. Нэг хүний оруулж ирсэн зүйлийг тураалд орсон цэрэг шиг гулгиж гаргадгаа болиоч. Энэ хуулийг хэлсээр байталзөрсөөр байж хийсэн.Б.Чимид багш хүртэл “Хүний хэлснийг тоохгүй байна” гээд сэтгэлээр уначихсан явсан үе бий шүү” гэхэд УИХ-ын дарга З.Энхболд “Энэ хуулийг гаргахгүй байх бололцоо танай намд байсан. Тухайн үед танайх л олонхи байсан шүү дээ. Хэн санаачлах нь яахав, баталж гаргадаг нь олонхи гэдгийг санах хэрэгтэй” гэдэг тайлбар хийв.

Үүний дараа Эд хөрөнгийн болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцсэн юм.Энэ хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа өмчийн бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах болон түүнтэй холбоотой бусад эрх нь улсын нэгдсэн бүртгэлтэй болох гэнэ. Ингэснээр улсын хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийн статистик тоо мэдээ бүрэн гүйцэд, үнэн зөв гарна. Үүнийг дагаадтөрийн бодлого, төлөвлөлт тодорхой болно. Мөн цахим бүртгэлийн үйлчилгээ ч нэвтэрнэ. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн сан бий болж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэх давуу тал бүрдэх аж.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдийн асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон тус яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Баярцэцэг болон УБЕГ-ын дарга нар хариулт өгч байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Газрыг бүртгэнэ. Дээр нь баригдсанүл хөдлөх хөрөнгийг бүртгэнэ гэж байна. Тэгвэл энэ хууль батлагдсаны дараа бүтэц, орон тоо нэмэгдэх юм уу. УИХ-ын бүртгэгчийн хариуцлагын даатгал гэдэг нь ямар учиртай юм бэ” хэмээн асуув. Хариуд нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав нэмж орон тоо гарахгүй гэдгийг тайлбарласан бол төрийн нарийн бичгийн дарга ньэнэ хууль батлагдсанаар төсөвт ямар ч дарамт учрахгүй гэдгийг тодруулж хэлэв. Харин Ё.Отгонбаяр гишүүн “Эзэнгүй үл хөдлөх олсон тохиолдолд тэр хөрөнгийг тухайн хүний нэр дээр шилжүүлэх асуудал яригдаж байна. Хэн нэгэн хүн гэрээслэл бичиж чадалгүй нас барлаа гэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж байсан хүн нь нэр дээрээ шилжүүлж болохоор юм шиг хуульчлах гээд байна шүү” гэв. Хууль зүйн сайд хариуд нь “Энэ бол шинэ заалт биш. Иргэний хуульд байсан зохицуулалтыг нааш нь татаж авчирсан юм.Тухайн хүн үл хөдлөх хөрөнгийг бусдын нүдэн дээр таван жилэзэмшсэний дараа жинхэнэ эзэмшигч нь нас барсан тохиолдолд өөр дээрээшилжүүлж авах боломжтой” гэлээ. Ё.Отгонбаяр гишүүн “Олон хүний эзэмшилд байгаа эд хөрөнгө, газрын харилцааг яах юм. Цахимыг цаасан бүртгэлтэй адилхан авч үзнэ гэхээр хууль бус асуудал үүсч магадгүй байх” хэмээн нэмж асуув. Төрийн нарийн бичгийн дарга Т.Баярцэцэг “Бүртгэлийн хувьд тусдаа ямар нэгэн шат дамжлага нэмэгдэхгүй. Банкинд эд хөрөнгөө барьцааллаа гэхэд гэрчилгээг нь цахимаар харчихаж болно гэсэн үг.Ямар нэгэн асуудал гарвал цаасан гэрчилгээг авч ирэх шаардлагатай болно. Бүртгэлийн хууль болэд хөрөнгөө бүртгэхээс гадна, түрээслэх, барьцаалах эрхийгбас зохицуулна” гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Энэ хууль бизнесийн орчинг сайжруулахад нөлөөтэй гэдэг нь тодорхой. Гэхдээ эд хөрөнгийг хүмүүс худалдан авдаг, түрээсэлдэг. Ингэхдээ залилуулах тохиолдол бий. Тэгвэл худалдаж авах эд хөрөнгийнхөө талаар цахимаар авч болох юм уу. Эзэнгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлнэ гээд байна. Үл хөдлөх хөрөнгөө бүртгэлжүүлээгүй явж байтал хэн нэгэн хүн эзэнгүй үл хөдлөх хөрөнгө олчихлоо гээд луйвардах боломжийг хуулийн цоорхойгоор олгож байгаа юм биш үү” гэдгийг тодруулав. “Иргэн бүр цахим мэдээллийн санд нэвтрэх эрхгүй. Хувийн нууцтай холбоотой мэдээлэл, тухайн хүний оршин суугаа хаяг, ээж аав, үр хүүхдийнх нь оршин суугаа хаяг нь нууцын зэрэглэлтэй байна. Эзэнгүй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн асуудлыг яаж бүртгэх вэ гэдэг талаас нь энэ хуульд тусгасан. Үндсэн гол зохицуулалт нь Иргэний хуульд тодорхой туссан” гэдгийг Хууль зүйн яамны ТНБД Т.Баярцэцэг тайлбарлалаа.

Эцэст нь гишүүд үгээ хэлсэн юм.М.Энх-Амгалан гишүүн “Далд эдийн засгийг ил болгох, эдийн засгийг дэмжихийн тулд энэ хуулийг батлах ёстой. Гэхдээ Монгол Улсын кадастрын зураг хэзээ бүрэн хийгдэнэ тэр үед бүртгэл жинхэнэ утгаараа явагддаг. Бүртгэл цахим хэлбэрт орох ёстой. Кадастрын бүртгэлийг хамт хийх ёстой. Бүртгэлээс гадуур байгаа хөрөнгийг эдийн засагт оруулна гэдэг зөв. Хоёрдугаарт, хөдөө орон нутагт, нотариат ажиллуулах нь зөв. Сумынханаймгийн төвдөө ирж бүртгэлээ хийлгүүлдэг. Хүндрэлийг ингэж шийдэх нь зөв гэсэн бол Ц.Нямдорж гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлээд “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл заавал гараар хийгдэж байх ёстой. Цахим гээд цаасан бүртгэлээ хаячих вий” гэлээ. Энэ мэтээр үг хэлснээр гишүүд хуулийн төслийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороо руу шилжүүлж, чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Хотын татварын асуудал маргаан дагуулав

Үдээс хойшхи хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Гэвч банк, хэвлэл мэдээлэл, уул уурхай, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулах бол хууль хяналтын байгууллагаас тодорхойлолт авахаар тусгасныг гишүүд байнгын хороогоор хэлэлцэхдээ анзааралгүй өнгөрөөсөн гэнэ. Тиймээс дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзээд уг төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо руу шилжүүллээ. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дараа нь Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн угхуулийн төсөл дээр Төсвийн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэг ажиллаад архи, тамхи, согтууруулах ундааны борлуулалтад нэг хувийн татвар, баар, ресторан, амралтын газар, зочид буудалд үйлчлүүлэгч нэг хувийн татвар төлж байхаар өөрчилсөн юм байна. Гэтэл хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Баасан гаригт Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэсэн биз дээ. Одоо юу яриад байна аа. Тоглоод байгаа юм уу” хэмээн асуув.

Хариуд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Энэ хуулийн төслийг Засгийн газар 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэтэл УИХ төсөвтэй хамт хэлэлцэх шаардлагагүй, орон нутаг, нийслэлд эрх олгох хууль учраас тусад нь хэлэлцье гэсэн шүү дээ” гэлээ. Тэгтэл Ё.Отгонбаяр гишүүн“Хот тусдаа улс байгуулсан юм уу, Ерөнхий сайдын хэлсэн үг ач холбогдолгүй юм уу” гэж шалав. Харин С.Оюун гишүүн “Тодорхой бараа үйлчилгээн дээр татвар ногдуулсан нөхцөлд нийслэлд хэдий хэмжээний татвар орж ирэх юм. Өнөөдөр татвар нэмэх цаг мөн үү” хэмээн асуув.

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа “Анх төсөл өргөн барихад 240 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байсан. Тодорхой үйлчилгээ, худалдаанаас татвар авах нөхцөлд зочид буудал, баар, ресторан, амралтын газраас нэг тэрбум 600 сая төгрөг. Архи, тамхи, согтууруулах ундааны татвараас 4.7 тэрбум төгрөг төвлөрнө” хэмээн хариуллаа. “Архи дарс хэрэглэдэггүй хүмүүс ч энэ татварт өртөх нь. Хоосорчихсон байгаа зочид буудалд ч нөлөөлнө. Анх өргөн барьсан төсөлд хотын төвд байгаа үл хөдлөх хөрөнгөөс 1-2 хувийн татвар ногдуулъя гэдэг заалт туссан байсан. Энэ нь зөв байж. Газрын наймаанаас татвар аваач ээ. Авлигаар аваад цааш нь дамжуулж байгаа лиценз, хурдан морины уралдаанаас татвар аваач” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хэллээ. Тэгтэл Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа “Нэр бүхий гурван хуульд Улаанбаатар хот татвартай байна гэдэг заалт орсон. Тийм болохоор худалдаа үйлчилгээнээс татвар авъя гэж байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө дутагдалтай байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ”Ерөнхий сайд татварын өөрчлөлтийн асуудлаар үг хэлэхэд бизнес эрхлэгчид татварын орчин сайжрах нь гэж хүлээж авсан. Гэтэл Ерөнхий сайдын хэлсэн үгтэй зөрчилдсөн төслийг оруулж ирснийг гайхаж байна. Хүнд үед буруу хууль оруулж ирээд байх юм. Санаачлагч нь татаж авах хэрэгтэй. Байнгын хороон дээрээ хуулийн төслийг унагахгүй яасан юм. Иргэдэд ачаалал болно шүү дээ” гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Хариуд нь Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор “Хуулийн төсөл өргөн баригдаад удсан шүү дээ.

Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг аль болох сайжруулахын төлөө явсан. Хууль санаачлагч төслөө хэзээ ч татаж авч болно” гэлээ. Харин Л.Энх-Амгалан гишүүн “Хуулийн төслийг УИХ-аар анх хэлэлцэхэд нь зорилтот юм уу,суутгах юм уу, хэрэглэгчийн татвар юм уу гэдэг нь ойлгомжгүй байсан л даа. Ажлын хэсэг үүнийг ойлгомжтой болгосон байна. Гэвч хотынхны өөрсдийнх нь толгойн эргүү гараагүй бололтой. 47 эсвэл4.7 тэрбумыг төвлөрүүлэх ч юм шиг ойлгомжгүй юм яриад байна. Хэрвээ согтууруулах ундаагаар 4.7 триллион төгрөгийн борлуулалт хийдэг юм бол татвараа цуглуулж авч чаддаггүй юм байна шүү дээ та нар. Татварын хувь хэмжээг 0-1 хувь гэж оруулж ирлээ, 0 хувиар нь батлаад явуулчихъя л даа” гэв. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа “Тооны хувьд эргэлзээ байхгүй.4.7 их наяд төгрөгөөс 4.7 тэрбум төгрөг авах юм. Энэ бол хэрэглэгчээс авах татвар. Аж ахуйн нэгжээс авах татвар биш” хэмээн хариу тайлбар хийв. Дараа нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн хүндрэлтэй үед энэ татвар хэрэггүй. Хоолны газруудаарүйлчлүүлж байгаа хүн өнөөдөр байна уу, ороод үзээрэй. Ийм үед татвар нэмнэ гэж юу байдаг юм. Татвараа бууруулах тухай оруулж ирэх байтал ингэж болохгүй. Иргэдийн амьдрал хүндэрч байна. УИХ-ын гишүүдээ энэ хуулийг унагаагаад өгөөч. Сонгогчидтойгоо уулзахаараа “Та нарын амьдралыг баллачихсан, одоо халааснаас чинь татвар авна” гэж хэлэх юм уу. Баянхошуунд тамхи зарж байгаа дэлгүүрээс тамхины орлогыг нь яаж хураах юм. Ерөнхий сайдхэлсэн үгэндээ хүрээд хуулиа татаж ав, хүмүүсийн янз үзэх гэж байгаа бол түүнийгээ хэлчих хэрэгтэй” хэмээн бухимдав. Тэгэхэд нь УИХ-ын дарга З.Энхболд “Архи уудаг, тамхи татдаг, буудалд ордог хүмүүсийн лобби хүчтэй байна шүү” хэмээн ёжлов.УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ”Энэ хуулийг баталбал ард иргэдийн амьдралд дарамт учирна. Ажлын хэсэг маш муу ажилласан байна” гэдэг шүүмжлэлийг хэллээ. Өөдөөс нь УИХ-ын дарга “Нэг шил архи арван мянган төгрөг байлаа гэж бодъё. 100-хан төгрөгийн татвар авъя л гэсэн санаа З.Баянсэлэнгэ гишүүн ээ. 100 төгрөг аваад нийслэлийн иргэдийн амьдралыг сайжруулъя гэж байна” гэсэн юм. Ингээд эцэст нь ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад хоёр ч санал дэмжигдсэнгүй.Энэ байдлаараа санал хураалтыг үргэлжлүүлбэл дэмжлэг авахгүй, эцэстээ Засгийн газраас анх өргөн барьсан хувилбар нь батлагдах шинжтэй байна гэж УИХ-ын дарга хэлэв. Тиймээс ажлын хэсгийг хуралдаж гарц олохыг үүрэгдээд чуулганы хуралдааныг өндөрлүүлэв.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Иргэд тагтан дээрээ хог новшоо овоолох бус цэцгийн мандлаар тохижуулдаг болжээ

Иргэд өрөө тасалгаанаас гадна тагтан дээрээ цэцэг, ургамал тарихыг илүүд үзэх болжээ. Харамсалтай нь тасалгааны цэцгийг тэр бүр тагтан дээр тарьж болдоггүй. Тиймээс тагт дээр таривал зохих ямар ургамал, цэцэгс байдгийг сурвалжлахаар “Соёолж” төвийг зорилоо. Бүх төрлийн ургамал, цэцэгсийн тариалалтын улирал эхэлж байгаа учраас “Соёолж” хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Худалдан авагчид үрсэлгээ, тасалгааны болон тагтан дээр тарих боломжтой цэцэгсийг ганц нэгхэн ширхгээр бус хэдэн арваар нь худалдан авч байгаа харагдав. “Соёолж” төвийн ажилчид ч иргэдийн худалдан авсан цэцгүүдийг тэргэнцэрт тавиад, гадаах автомашинд нь хийж өгч тусалж байлаа.

Биднийг сурвалжлагаар очих үеэр нэгэн хос өөрсдийн дөрөвдүгээр хороолол дахь байрныхаа тагтыг бэсрэгхэн цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар явж байхтай нь таарсан юм. Гэрийн эзэгтэй С.Болортуяа “Бид хоёр гэр бүл болоод долоон жил гаруй цуг амьдарч байна. Хүүхдүүдийнхээ багадсан хувцас, эвдэрхий цахилгаан хэрэгслүүд гээд хог новшнуудаа тагтан дээрээ хураачихдаг байсан. Багахан талбайтай ч гэсэн мөнгөөрөө худалдаж авсан болохоор нөхөртэйгөө ярилцаж байгаад, тагтаа тохижуулахаар болсон. Одоо дулааны улирал эхэлчихсэн юм чинь тагтаа тохижуулчихвал дасгалаа хийхээс гадна цайгаа ч тэндээ уучихна. Цэцэгсээр хүрээлүүлсэн, анхилам тансаг үнэртэй орчинд орохоор хэний ч сэтгэл сэргэнэ шүү дээ. Манайх наран талдаа учраас цэцэг ногоо сайн ургана” гэсэн юм. Тэд хиймэл зүлгээр тагтныхаа шалыг бүрэхээр шийджээ. Хоёр метрийн өргөнтэй хиймэл зүлэгний нэг метрийн урт нь 79500 төгрөг. Үүнээс тэд гурван метрийг худалдан авлаа. Үүнийхээ дараа тэд цэцгийн савны тасгаар орлоо. Цэцгийн хуванцар болон шаазан сав (суурь) хэлбэр, хэмжээ, өнгөний өргөн сонголттой борлуулагдаж байв. Хуванцар савнуудын хамгийн жижиг нь 1950 төгрөг бол хамгийн том буюу үнэтэй нь 20500 төгрөг. Харин шаазан нь 2900-аас 49950 төгрөгөөр борлуулагдаж байв. Тэд дугуй хэлбэртэй, цайны аяганаас арай томхон хэмжээтэй 5500 төгрөгийн үнэтэй хуванцар савнаас нэлээд олныг авав. Тэдэнд тохой хэрийн өндөртэй, хуванцар нарийн хашлага санал болгосон ч тэд худалдан авахаас татгалзсан юм. Учир нь тэд задгай тагтныхаа хашлага дээргүүр цэцгээ байрлуулахаар болжээ. Тиймээс тусгаарлах хашлага хэрэггүй гэж үзжээ. Хоёр метр гаруй урт, өргөн нь 30 см талбайг хүрээлэх хашлага 33500 төгрөг байлаа.

Тэд цэцэгсээ сонгохоор хажуугийн танхим руу оров. “Соёолж” төвийн үрсэлгээчин Б.Оюунчимэг тэднийг хүлээн авч, ямар цэцэг сонирхож байгааг нь асуув. Задгай тагтаа цэцэгжүүлэхээр болсныг нь сонсоод тэрээр “Гадаад орчинд сайн ургадаг зарим цэцэгс, ургамлаа би танилцуулъя” гээд дагуулаад явав. Үрсэлгээчин Б.Оюунчимэг “Бүх төрлийн халгана гадаад орчинд тэсвэртэйгээс гадна арчилгаа бага шаардагддаг юм. Өнгөний хувьд ч гүн ягаан, ногоон, ногоон хэрнээ ягаан хүрээтэй буюу алаг зэрэг олон сонголттой. Шилжүүлж суулгахад хүртэл ажиллагаа багатай. Дээрээс нь таван үе тоолоод, доогуур нь ташуу хайчлаад хөрсөнд суулгана. Манайд 6500 төгрөгөөр борлуулагдаж байна” гэчихээд цааш хэд алхсанаа үзүүртээ ягаан өнгийн жижигхэн цэцэгтэй тохойн чинээ өндөр ургасан цэцэгсийн дэргэд ирээд “Энэ бол шимтгэлээ. Айл гэрт халуун дулаан уур амьсгал бүрдүүлэгч, өөрөөсөө эерэг энерги ялгаруулдаг цэцэг. Түүнчлэн хиншүү, хярвас, тамхины болон чийгний таагүй үнэрийг өөртөө хоромхон зуур шингээдгээрээ давуу.Ойр хавьд нь ургаж байгаа ургамал ямар нэг зүйлд хорддоггүй. Ерөнхийдөө 40-60 см хүртэл хүртэл ургана. Мөчрөөр үрждэг бөгөөд хар ногоон холимог хөрсөнд сайн ургана. Тагтан дээрээ тарьсан ч гэсэн хаалгыг нь онгойлгочихвол гэрт байгаагаас ялгаагүй, гэр анхилж үнэрээр дүүрнэ. Долоо хоногт хоёроос гурван удаа бага зэрэг усална. Хагас сардаа нэг удаа бордож, хөрсийг нь сийрүүлнэ” гэвэл С.Болортуяа “Үүнээс чинь зургааг авъя” гэв.

Мөн тэдэнд аз жаргалын цэцэг буюу Азалиг харуулав. 29700 төгрөгийн үнэтэй. Өргөн зузаан навчтай, ягаан, улаан цэцэг бүхий тус Азалиг гэр бүлд аз жаргал бэлэглэгч хэмээн Ази хүмүүс ам сайтай байдаг аж. Өөрөөсөө анхилам сайхан үнэр ялгаруулахын сацуу тайвшруулах үйлчилгээтэй учраас ид шидийн цэцэг ч гэж нэрийдэх нь бий. Мөн давжаа сарнайг иргэд тагтан дээрээ олноор нь тарьдаг юм байна. Тус сарнай 24450 төгрөгөөр борлуулагдаж байлаа. Мөн минт хэмээх олон наст ногоон ургамал нь цагаан гаа, алим, ананас, лимоны үнэртэй. Нарны илчинд ойр, чийг сайтай хөрсөнд хурдан ургадаг. Гэхдээ хуурай орчинд ч арчилгаа шаардахгүй сайн ургадаг юм байна. Түүнд агуулагдах розмарины хүчил нь улирлын харшлыг намдаах, ментол нь ханиад томууг анагаахаас гадна гэдэс хямрахаас сэргийлдэг гэнэ. Энэхүү ургамлыг баруун өмнө Ази, Европын оронд махтай хоол, шөл болон салатанд хэрэглэдэг аж. Үрсэлгээчин Б.Оюунчимэг “Ямар ч ургамал, цэцэг тарихад нарны гэрэл, усалгаа маш чухал. Наранд ойр байлгаж байгаа нь энэ гээд тагтан дээрээ тэр чигт нь гаргаад тавьчихаж болохгүй. Бас хамаагүй их усалж болохгүй. Ямар ч цэцгийг хөрсөн дээр нь цэлэлзтэл усалчихвал үндсээрээ амьсгалж чаддаггүй. Хүний амаар дүүрэн ус хийчихвэл амьсгалж чаддаггүйтэй адил. Тиймээс цэцгүүдийг долоо хоногтоо хоёроос гурван удаа бага багаар услах хэрэгтэй. Мэдээж услахаасаа өмнө хөрс нь ямархуу чийгтэй байгааг шалгах хэрэгтэй. Чийгшил сайтай орчинд бага ус шаардагдана. Мэдээж хуурай бол олон дахин усална. Түүнчлэн тагт дээр ургуулах цэцгийнхээ дээгүүр шил, гялгар уут зэргээр бүтээж, нарны хурц, хортой гэрлээс хамгаалах хэрэгтэй. Ямар цэцгийн хөрсийг жилдээ нэгээс хоёр удаа солих хэрэгтэй” хэмээн худалдан авагч нар зөвлөв.

Тагт дээрээ цэцэгнээс гадна ногоон сонгино, юуцай, яншуй, бууцай, гоньд, ногоон сонгино зэргийг тарьж болох аж. Гагцхүү гадаах агаарын хэм нэмэх арван хэмээс буухгүй болсон үед тагтан дээрээ гаргах шаардлагатай юм байна. Тухайлбал бууцай, салаатны навчийг өргөст хэмх, улаан лоольтой зэрэгцүүлж таривал ашигтай болохыг тэрээр хэлсэн юм. Учир нь дээрх ургамлууд нэгээс хоёр сарын дотор бүрэн ургаж гүйцээд, хүнсэнд хэрэглэхэд бэлэн болдог аж.

М.Ууган-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Америкийн тэнэгүүд дэлгүүрийн сагс түрдэг, манайхны тэнэгүүд эксел унаж зам түгждэг

Улаанбаатар хоттамын хот болсон. Өвөлдөө утаа нь цээж хорсгож,жилийн дөрвөн улиралд замын түгжээ салахгүй, орой үдшийн цагаар гадагш гарахад үргэлж сэтгэл түгшээстэй, харанхуй дунд тэмтчих нь холгүй айдсаар дүүрэн явна. Дээр нь согтуу, дүрэмгүй жолооч замаар дүүрэн. Америкийн тэнэгүүд дэлгүүрийн сагстай тэрэг түрчихсэн явж харагддаг. Монголын тэнэгнүүд эксел унаж,урсгал сөрж давхиад замын хөдөлгөөнийг таг гацаадаг. Гацаахдаа бас дуугүй байхгүй. Сигналаа хангинуулж, өөрөө хараал урсгаж, юу болов гэмээр түгшүүртэй дуу чимээ хотоор нэг тархаана. Энэ бүхэн юунаас эхтэй вэ. Манайх ардчилсан орон учир ямар хөрөнгөтэй байхыг хүнд заалтай биш. Гэхдээ бүрэн бус техниктэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог дүрэм журам бол бий. Мөнөөх эксел нь ихэнхдээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байдаг.

Жолооч бэлтгэхэд хамаг учир байна. Тийм учраас ямар хүн жолооч болохыг заадаг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайхуулийн шинэчилсэн найруулга УИХ-аархэлэлцэгдэх шатандааявж байна. Улаан дугуй дотор 30 гэсэн тоо ямар учиртайг хариулж мэддэггүй, ойлгодоггүй хүнийг машинд ойртуулмааргүй байна. 30 км-ээс илүү хурдтай явахгүй гээд ихэнх нь хэлэх байх л даа. Хэлэх нэг өөр. Амьдралд хэрэгжүүлэх дадал суулгана гэдэг асар том хариуцлага. Ийм дадлыг жолооны курсууд суулгаж өгөхгүй юм. Шалгалт авч байгаа нь, өгч байгаа нь ч аргалах тухай сайн мэддэг. Гадаадад тэр дундаа Америкт жолооч бэлтгэдэг жолооны курс их өөр. Хэн дуртай нь жолооч болж чаддаггүй юм билээ. Бичиг мэддэг бол яахав дүрмийнхээ шалгалтыг өгчихдөг байх. Харин жолооны шалгалт нь маш чанга. Замын хөдөлгөөний шаардлагыг бүрэн хангасан гудамжинд жолооны шалгалт авдаг. Дунд сургуулийн гадаа яаж явах, эмнэлэг, түргэний машинд зам тавьж өгөх зэргийг нарийн шалгана. Хэрэв биелүүлээгүй бол маш өндөр торгууль оногдуулдаг. Бүхий л тэмдэглэгээ заавар дүрмийн дагуу шалгалтанд орж байгаа хүнийг явуулж, нэг үйлдэл алдахад л шууд унагадаг. Аргална гэдэг ойлголт байхгүй. Дахиад л мөнгө төлждахин бэлдэж шалгалт өгдөг. Тэнд насан туршдаа жолооны шалгалт аваад мэргэшсэн нэг нөхөр өдөр болгон сууж байдаг. Алдаа гаргавал тэнцэхгүй гээд л явуулна. Манайхан шиг нэг өдөр жолооны курс төгсөөд бөөндчихнө гэсэн ойлголт байхгүй. Монголд үйл ажиллагаа явуулж буйжолооны курсууд машин яаж барихыг,дүрэм журам хэрхэн биелүүлэхийг заамаар байна. Мөн бусдыг хүндлэх ёс суртахууны талын хичээл ч нэмэлтээр ормоор байгаа юм. Түүнээс машин засахыг заах хэрэггүй. Орчин үед тэртэй тэргүй жолооч нар машинаа өөрөө засахаа байсан. Түүний оронд зогсоолд яаж байрлуулах, яаж машинаа хөдөлгөх, хэдий хэрийн хурдтай явах, тэмдэг тэмдэглэгээ, дүрэм журам зааж байя. Гэтэл манайд сум болгонд, аймаг дүүрэг, хотод хичнээн мянган курс байна. Хамгийн хачирхалтай нь уг жолооны курсийн ажлын үзүүлэлт нь нэг удаагийн шалгалтаар төгсөгчдөө тэдэн хувьтай төгсгөлөө гэсэн үзүүлэлт. Жолооны курсийн захирал, багш нар нь хүнээ тэнцүүлэх нь л гол үүрэг.Тиймээс жолооны курсийн багш, төгсөгчидөнөөх шалгалтын комиссын багийг зохион байгуулалттайгаар хуурах, аргалах гол ажил л хийдэг. Наадах чинь томоотой юм, бичиг үсэг мэдэхгүй юм, малчин юмаа, энэ нэг сайхан гар байнаа, зайлуул аргалаад тэнцүүлчихээч гэнэ, нөгөөх нь бас арганд ороод тэнцүүлчихдэг. Ингэхээр машин барих нь битгий хэл морин тэрэг ч аятайхан жолоодож чадахгүй юмнууд Монголын замаар дүүрэн боллоо.Тэгээд л урсгал сөрөөд, уулзвар, гэрлэн дохион дээр таван минут хүлээж чадахгүй. Урсгал сөрж очоод л замын голд гацчихдаг. Замын тэмдэглэгээнүүд ямар учиртайг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, давхиж очоод л хүн дайрч байдаг. Тэр байтугай жолоо барьж байгаа хүн архи ууж болохгүй гэдгийг огтоос сонсоо ч үгүй. Ийм хотод эрүүл ухаантай хүн амьдрах аргагүй, машин барьж замын хөдөлгөөнд орох аргагүй болчихоод байна. Урсгал сөрж давхиж очоод гэрэл дохион дээр гацааж байгаа өнөөх тэнэг юу гэж боддог гээч. “Зам /эсрэг урсгал гэж мэдэх ч үгүй/ хоосон байхад энэ тэнэгүүд яагаад цувж зогсоод байгаа юм. Би сэргэлэнтээд хоосон зайгаар нь түрүүлж давхиж очоод гэрлээр гараад явчихна” гэдэг. За тэгээд эсрэг урсгал руу орж давхиж очоод өөр машинтай мөргөлдөж мөрөөрөө дүрмээрээ явсан жолоочид гай удна. Үүгээр зогсохгүй. Замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх жолооч нарт гай болно. Стандарт хүмүүс нь амьдрах аргагүй болж байгаа гэдэгэнэ. Гэтэл өнөөх тэнэгүүд замыг нь гацааж төлөвлөсөн хамаг ажлыг нь хоцроохоор нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрнэ. Тэгэхээр замын хөдөлгөөнтэй холбоотой хууль,дүрэм, журамд дорвитой, зоригтой өөрчлөлт хиймээр байна. Замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчвөл жолооны шалгалтанд дахин оруулах, энэ нь дүрэм журам биелүүлж сурахыг дахин тодотгож байгаа хэрэг. Олон улсын стандартын дагуу ганцаараа очиж шалгалт өгдөг, шалгалт болгон үнэтэй. Хоёр удаа ингэж шалгалтад ороод дахин зөрчил гаргавал машин барих эрхийг нь бүх насаар нь болиулмаар байна. Архи уусан үедээ машин баривал маш өндөр торгуультай, эсвэл эрхийг нь хасдаг болгоё. Энэ бүх шалгалт давааны дараа энэ нөхөр нийгмийн дэг журмыг дагаж чадаж байгаа үгүйн нотолгоо болог. Чадахгүй бол ийм улсаас замаа чөлөөлье. Тэгж байж эрхбиш дүрэм журам хууль дагадаг хүмүүсээ амар тайван амьдруулахгүй бол энэ хотод амьдрах аргаалга. Тэнэгүүдийнхээ өмнөөс стандарт хүмүүс нь амьдрах эрхгүй болоод байна. Хэзээ болтол нял нял хийж талд бэлчиж байгаа малнаас дор иймэрхүү нөхдийг өөгшүүлж байхав. Мал хүртэл бэлчдэг бэлчээр явдаг жимээ мэддэг шүү дээ. Иймэрхүү дүрэм журам мэддэггүй нөхдийг сошиалаар оркууд гээд нэрлэчихсэн байна лээ. Оргүй ч биш. Энэ нь ядуу, энэ нь малчин, энэ нь хөдөөнийх юм гэж өөгшүүлжшударга ёс яриад яахав. Шударга гэдэг үг өөрөө утгаа алдаж хий хоосон тунхаг, болчихоод байна. Бүгд зөвхөн хууль дүрэмд адил тэгш захирагддаг байя. Үүнийг л шударга ёс гэх байх. Орчин үед хэн хэдэн удаа алдаа гаргаж, дүрэм зөрчиж байгааг мэдэж ядах юмгүй болсон. Камераар хараад л шүүчихнэ. Харин дүрэм журмаа зөрчихгүй яваа хүмүүсийг байн байн зогсоодог утгагүй байдлаа үүнийхээ оронд халчихъя лдаа.Хэрэв хууль дүрэм дагахгүй бол шударга ёс яриад яахав.

Японд явж байхад хээрийн замд шөнө хоёр машин өөд өөдөөсөө ирээд хэн хэн нь гэрлээ дохиж бие биеэ түрүүлж яв гээд байж билээ. Манай өнөөдүүл бол дайрах шахаад шороогоор булаад гарна даа гэж өөрийн эрхгүй бодогдож билээ. Бусдыг хүндэтгэж байж л өөрийгөө хүндлүүлнэшүү дээ. Хэдэн жилийн өмнө жолооны шалгалт авдагМэргэжлийн комиссын Лувсандорж билүү нэг залуугийн тухай найзаас нь сонсч билээ.Танил маань жолооны курсэд суухаас залхуурч, жолооны үнэмлэхгүй ч хөдөө гадаа машин бариад яваад байдаг болохоор жолооны үнэмлэх шууд авчих санаатай Мэргэжлийн комиссын дарга Лувсандорж хэмээх найз руугаа л ярья гэж шийдэж. Тэгээд учраа хэлтэл өнөөх Лууяань “Үнэмлэх авах амархаан, яг чиний бодож байгаа шиг. Гэвч чи эхлээд жолооны курсэд суу. Машин жолоодож сур. Дүрэм журам мэд. Тэгээд үнэмлэхээ ав. Чи найздаа өнөөдөр уурлаж байгаа биз. Аргалж болдоггүй юм гэж бий. Өнөөдөр чамд үнэмлэхийг чинь гаргуулаад өгч болох ч жолоо барьж сураагүй, дүрэм мэдэхгүй чамд би үнэмлэх өгвөл мэргэжлийн алуурчин болголоо гэсэн үг. Тиймээс чамд туслах ганц боломж байна, жолооны курсэд сурахад чинь л тусалъя” гэж. Өнөөх найз нь Лууяадаа гомдож. Хүмүүст баахан онгирчихсон.Гэтэл үнэмлэх авахад нь туслахгүй жолоонд суу гээд байдаг. Гэвч дуртай, дургүй жолооны курсэд суусан. Одоо тэр сайн жолооч. Дээр нь нөгөө муу Лууяа найзыгаа магтаж яваа нь тэр. Ажилдаа хариуцлагатай байна гэдэг энэ.Тэр Лууяа гэдэг нөхөр шиг л хариуцлагатай хүмүүс олон баймаар байгаа юм. Хэдэн мянган жолооны курсууд аргалж, чаргалж жолооны үнэмлэх өгөөд байвал алуурчин бэлдэж байгаа гэсэн үг. Саяхны нэг шөнө л ная гаруй согтуу жолооч замын цагдаагийнхны шалгалтаар баригдсан байна лээ. Баригдаж мэдэгдээгүй хэд байгаа бол. Нэг шөнө наян алуурчин зам дээр явж байна гээд бодоод үз л дээ.Ийм хотод сэтгэл амгалан амьдарч чадна гэж үү. Хүний амь эрсдэж байгаа гэмт хэргийн 50 орчим хувь нь зам тээврийн ослоос болдог гэсэнсудалгаа байдаг юм байна. Хүний амь амьдралтай холбоотой ийм хуулийг яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай байна. Аль 2004 онд батлагдсан хууль одоо болтол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд цаг үетэйгээ нийцүүлэн өөрчлөх шаардлага нэгэнт бий болсон. Тэр үед машин унадаг хүн хэд байлаа. Одоо хэд дахин нэмэгдээд байгаа билээ.

Г.Батхүү гишүүний санаачилсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болоод байгаа. Нэн шаардлагатай зайлшгүй хэлэлцэх ёстой хуулийн төсөл. Гэвч мэргэжлийн байгууллагынхны хэлж байгаагаар энэ шинэчилсэн найруулгын төсөлд авах ч юм бий, хаях ч юм бий гэнэ. Замын цагдаагийн ерөнхий газар гэж байхаа больж Автотээврийн газар машины дугаар олгох болсон. Гэтэл дээр нь нэмээд жолоочийн бүртгэлийг тус газарт өгөхөөр тусгасан нь буруу зүйл болсон. Учир нь сүүлийн үед ихэнхгэмт хэрэг машинтай үйлдэгдэх болсон. Гэтэл Замын цагдааднэг дор нэгтгэгдэж байх ёстой мэдээлэл авах боломж байхгүй болжээ. Тиймээс бизнес талын өөрчлөлт түлхүү орсон гэж шүүмжилж байна лээ. Харин зарим заалтыг дэмжиж байгаа юм. Учир нь зөрчлийн зарим заалтыг сул байна гэж шүүмжилдэг байсан бол шинэчилсэн найруулга дээр зарим нэмэлтүүд орж ирж байгаа юм билээ. Тухайлбал мөнгөн торгуулийн хэмжээ нэлээд олон заалтад нэмэгдэж орсон байна. Урсгал сөрсөн нөхдүүдэд оногдуулах торгуулийн хэмжээ ч нэмэгдэж орж байгаа юм. Мөн шийтгэл нь сул байна гэж яригддаг зөрчлүүдийн мөнгөн торгуулийг нэмэхээр заалт оруулжээ. Удахгүй УИХ-аар хэлэлцэх энэ хуулийн төсөлд аль болохоор хатуу заалт оруулснаараа хичнээн хүний эрдэнэт амь аврагдах билээ. Дүрмээ барьдаггүй тэнэгүүдээс болж хэвийн амьдрах боломжоо үгүй болгуулж байгаа стандарт хүмүүсийн эрхийг бодож эрхэм гишүүд хатуухан хууль батлахаа эрхбиш мэдэх биз ээ.

Categories
мэдээ спорт

“Баавгай” Батцэцэгт туслах аяны нээлт болох гэж байна

“Өдрийн сонин”-ы тавдугаар сарын 4-ний дугаарт залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэгийн “Тэнгэрт мандаж яваад бэртэл авч газарт буухад хэн ч тоохоо больдог гэдэг үнэн юм байна” гэсэн гарчигтай ярилцлага хэвлэгдсэн билээ. Уг ярилцлагыг уншсан олон зуун хүн “Баавгай” Батцэцэгийг спортод буцаж ирэхэд нь туслахаа эхнээсээ мэдэгдэн зарим нь түүнд хандив өргөөд буй. Залуу тамирчиндаа туслахыг хүссэн хүмүүс фэйсбүүк хуудсанд нэгдээд байгаа бол Налайх дүүргийн ЗДТГ Б.Батцэцэгт туслах аяныг албан ёсоор эхлүүлж байна. Аяны нээлт өнөөдөр 11 цагаас “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд болох юм. Уг хуралд Налайх дүүргийн ЗДТГ-ын төлөөлөгчид болон “Баавгай” Батцэцэг, түүний дасгалжуулагч Д.Мөнхбаяр оролцох бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Categories
мэдээ улс-төр

Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевын айлчлал эхэллээ

Өнөөдөр Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевын манай улсад хийх төрийн айлчлал эхэлж байна. Росен Плевнелиев өчигдөр олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардахад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, албаны бусад хүмүүс угтан авав. Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийж, Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаас гадна хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна. Мөн Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулна. Тус айлчлал энэ сарын 13-нд өндөрлөх юм.

Росен Плевнелиевын товч намтар

Төрсөн огноо, газар: 1964 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, Гоце Делчев хот

Боловсрол: 1982 Благоевград хотын Математикийн сургалттай ерөнхий боловсролын сургууль төгссөн.

1982 Болгар Улсын програм хангамжийн тэмцээнд түрүүлсэн.

1989 Софи хотын Цахилгаан, техникийн дээд сургуулийг тооцоолон бодох инженерээр төгссөн

Ажилласан байдал:

1989-1990 Тооцоолон бодох технологийн хүрээлэнд судлаач

1990-1998 Болгар Улсын анхны ISO 9001 шаардлага хангасан барилгын “Ирис интернэйшнл”ХХК –ий үүсгэн байгуулагч, захирал

1999-2009 “Линднер Болгар” ХХК-ий үүсгэн байгуулагч, захирал

2009 Болгар Улсын Бүс нутгийн хөгжлийн сайд

2012 оноос Болгар Улсын Ерөнхийлөгч

Шагнал:

2012 Грек Улсын “Гэгээн аврагчийн залгалмайн одон”

2014 Польш Улсын “Цагаан бүргэд” одон

Гэр бүлийн байдал: Эхнэр, 3 хүүхэдтэй

Англи, Герман хэлтэй.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгт хийсэн шалгалтын дүнг танилцуулна

Өнөөдөр 10.00 цагаас НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Төрийн бус өмчийн дунд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. Мөн Хүчилтөрөгч, Азот, Ацетилин,Аргон, Нүүрсхүчлийн хийн үйлдвэрлэл,худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн тухай нээлттэй хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэлгээр суралцаж байсан монгол оюутанд гурван жилийн ял оноов

Энэ сарын 8-ны өдөр БНСУ-ын Тэгү хотын шүүх Монгол улсын иргэн, 27 настай оюутан, эрэгтэй Л-д холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Түүнийг насанд хүрээгүй эмэгтэй хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутган шалгаж, улмаар гурван жилийн хорих ял оноосон байна. Тэрээр хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байсан аж.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 05-ны өдрийн 15:05 цагийн орчим хамтран амьдрагч эмэгтэйгээ гадуур түр гарсан хойгуур түүний арван настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг үйлджээ.

Л нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж байсан бөгөөд анхан шатны шүүх түүнд гурван жилийн ял оноож, давж заалдах шатны шүүх ялыг хэвээр үлдээжээ.

Categories
мэдээ нийгэм

Авто зам, замын байгууламжийн байршил тогтоож, газар эзэмших эрх олголоо

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто зам, замын байгууламжийн байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/397 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөгдсөн, Газар барилгажилтын зөвлөлийн хурал, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан зургийн даалгавруудын дагуу 3 авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг дараахь байдлаар тогтоон тус бүр 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд:

  • Нийслэлийн Авто замын газарт Сүхбаатар дүүргийн 1,2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Усны гудамжнаас зүүн тийш 31 дүгээр сургуулийн хойд талаар 28 дугаар байрны урд тал, 23 дугаар байрны зүүн хойд тал, 17,15/1 байрны дунд тал хүртэл, 31 дүгээр сургуулийн зүүн талаар Нарны зам хүртэл шинээр барих авто замын зориулалтаар 0,6790 га газар
  • Нийслэлийн Авто замын газарт Сүхбаатар дүүргийн 7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр байрны зүүн талаар Их тойруугийн гудамж хүртэл авто зам шинэчлэх, 6 дугаар байрны зүүн тал, 4 дүгээр байрны хойд талаас Гёте сургуулийн хойд тал, 2,3 дугаар байрны урд талаас Ж.Батмөнхийн гудамж хүртэл шинээр барих авто замын зориулалтаар 0,5173 га газар
  • Нийслэлийн Авто замын газарт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сайн Ноён хан Намнансүрэнгийн гудамжнаас зүүн тийш 45 дугаар дунд сургуулийн хойд талаар шинээр барих авто замын зориулалтаар 0,1947 га газар

Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, замын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Авто замын газарт тус тус үүрэг болгов.

Нийслэлийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр хийгдэх авто зам, замын байгууламжийн ажлын зориулалт, гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Төрөлх хэлээ хайрладаг хүн л төгөлдөр утгыг ухаж чадна

Нэгэн худалдааны төвийн хажуугаар гарч явтал “Хямралын эсрэг сөрсөн базаа” гэх бичигтэй самбар байх юм. Эл дөрвөн үгийг яаж ч ухаж уншаад огт ойлгосонгүй. Сөрсөн базаа гэж юу гэсэн ч үг юм. Бөөндөж хямдруулахыг хэлээ юм болов уу гэж таамаглах аядав. Үндэсний хэлээ бид энэ мэт гажуудуулж боломгүй санагдах юм. Элдэв янзаар маяглаж ярьдаг хүнд хүмүүс “Хэлээ хазсан юм” гэж нэг нүдээр үздэггүйтэй адил ганган хээнцэр үгээр тоглосон яруу найраг, зохиол бүтээлд үгийн урчууд тийм ч таатай хандаад байдаггүй. Гоё ганган үгсээр бүтсэн зохиол бүтээл ч тэр бүр хүний сэтгэл зүрхэнд тусаад байдаггүй болохоор “Хамгийн сайхан ваарыг энгийн шавраар хийдэг. Хамгийн сайхан найргийг жирийн үгээр бичдэг” хэмээдэг биз.

“Сөрсөн базаа” гэснээс багын нэг явдал санаанд орж инээд ч хүрэх шиг. Нэлээд хөдөлгөөнтэй нэг хүү шилжилтийн насандаа охидод зүй бусаар хуруу гар хүрдэг шохоорхолтой болсон юм. Түүнийг ангийнх нь нэг охин “Базгамал” хэмээн хочилсноос хойш өдгөө ч тэр нэрээс салаагүй. Ямар сайндаа гэргийтэйгээ явж байхад нь зах дээр таарсан ангийнх нь залуу нөгөөхийг “Базгамал” гэж дуудаж нүүр хийх газаргүй болгож байхав. Бараа бүтээгдэхүүнээ арилжих гэхдээ сүржин сурталчилгаа зохиож олны анхаарлыг татах гэж байж төрөлх хэлээ гутааж байхаар товч бөгөөд тодорхой сайхан үгээр зарлал биччихвэл уг нь уншсан хүнд ч таатай сэтгэгдэл төрөх нь дамжиггүй.

Л.БАТЦЭНГЭЛ