Categories
мэдээ соёл-урлаг

Нүүдэлчдийн сүүлчийн дуулал

Ахмад зохиолч Долгорын Нямаагийн “Тэнгэрийн хаяа” дурсамжийг нүүдэлчдийн сүүлчийн дуулал гэж хэлье. Нэрт орчуулагч Г.Акимтай нэгэнтээ энэ номын тухай ярьж суух зуур ингэж хэлсэн нь оносон “тодорхойлолт” байв. Гэхдээ энд ярих зүйл “Тэнгэрийн хаяа” номын тухайд гэхээсээ илүү түүнийг яагаад “сүүлчийн” гэж тодорхойлохын шалтгаанд очиж холбогдоно.

Сүүлчийн гэсний тухайд. Сайнаар ч, муугаар ч яригддаг энэ цагийн өнгийг нүүдэлчдийн нүдээр нэг ажаад үзье гэвэл ерөнхийдөө эргэдэг жамаараа эргэх амьдралын хүрднээс хальж холдсон юмгүй. Гэхдээ л хаяа тэлж хурд нэмсэн их түрэлтэнд байсан болоод байгаа бүхнээсээ алдаж гээж яваа хазааргүй цагийн урсгал санж. Аж байдалд нь халгаатай ийм түрэлтийг хуучцуул цөвүүн цаг гэдэг. Цаг тийм ахул хэлэх гэснээ хэлж ч амжилгүй өнгөрдөг, хэлж гэмээ нь хаданд хашгирах мэт цуурайтаад замхардаг хэн нэгний үг хаанаа юусан билээ. Уг нь орчлонгийн шуурга даган уруудаж яваа, бас орчлонд одоохондоо орь ганц гэж хүлээн зөвшөөрөгддөг нүүдлийн соёлоосоо гээгдсээр буй бүхнийг анзаарч анхаараад, болдогсон бол үнэлж цэгнээд үлдээмээр. Гэвч үлдээмээр бичээч нь, тухайлбал малчны хотноос “соёолсон” хөдөөлөг задгай билиг авьяастан, авьяасаа дэлхийд дээд түвшний хэмээгддэг Горькийн сургуулийн онол номоор цэнэглэсэн, бас язгуурлаг болоод яруу тансаг монгол хэлээрээ хөглөсөн Д.Нямаа шиг нь даанч ховорджээ.

Нүүдэлчдийн юм гэхээр хоцрогдсон юмны тухай мэт болоод явчихдаг харамсалтай ч гэмээр мөчиг төсөөлөл нүүдэлчид бидний өөрсдийн дотор байдаг нь тоогүй. Сайжруулах, хөнгөвчлөх, боловсон болгох юмаа болголгүй яахав. Гэвч гээж үрмээргүй өв, гишгэлж сандаачмааргүй ахуй, цагийн шалгуураар төлжиж бойжсон ухаан, төлөвшиж боловсорсон ёс зүй тэнд бас байгаа. Оросын монголч эрдэмтэн Гумилёв “Нүүдэлчид түүхэн хөгжлийнхөө явцад нийгэм, соёлын давтагдашгүй бөгөөд хосгүй хэв шинжийг бүрдүүлсэн юм. Үүнийг зогсонги юмуу хоцрогдсон гэж үзэж хэрхэвч болохгүй. Нүүдэлчид өөрийн гэсэн дахин давтагдашгүй төрхийг бүтээж, өөртөө тохирч зохирсон шинжийг олсон ард түмэн” (Л.Н.Гумилёв. В поисках вымышленного царства М.,1992, с.5) хэмээсэн нь нүүдэлчдийн соёл, ахуйг нөгөө өөр бусад соёлтой харьцуулж судалсан харийн хүний үг ямар байдгийн нэг л жишээ.

“Тэнгэрийн хаяа”-нд өгүүлсэн шиг нүүдэлчдийн маань эгэл боргил атлаа энгүй хосгүй, нарийн нандин эд эсээр дүүрэн аж амьдрал, ахуй сэтгэл энэ цагт ямаршуухан болоод байгаа билээ гээд нэг бодвол бид их ч юмаа гээж, бас их юм гээхийн даваан дээр байна. Түрэлт хүчээ авсан цаг! Дэлхий даяаршлын, техник-технологийн, харь соёлын түрэлт! Яая гэхэв, замбуулинг буцааж ямар эргүүлэлтэй биш. Жишээ нь, одоогийн малчид ярьж байна. Адуу, тэмээ эмнэгшиж, уналга ачлаганых нь цөөрч байна гэж. Айл бүхэн л бараг гадаанаа “Портер” машинтай, хятад мотоцикльтой болчихоор аргагүй юм даа. Дэвшил! Тэмээн жин түүх болоод үлдсэн шиг тэмээ ачаалсан нүүдэл мөн л тэгж ингээд түүх болох нь ээ. Тэмээ ачаалж уул даваа даваад бэлчээрийн соргогт хүрдэг “зоригтой” нүүдэлчин хуруу дарам цөөрснөөс буурь бууц газар сайгүй эдгэрч байна. Ухаандаа, С.Дашдооровын төрсөн бууцан дээр очиж байснаа дурсаад, түүнийг мөн өөрийн төрсөн бууцтай харьцуулсныгаа:“…бодоход үе үеийнхэн бууцтайгаа хамт “хулширдаг” ч юм шиг…”гэж Д.Нямаагийн бичсэнчлэн.

Мөн малчид ярьж байна. Одоо цагт мотоциклиор хонио хариулж (хариулах ч гэж дээ сөргөж), морьтой хүнээс харин ч хонь үргэдэг болж байна гэж. Үүнийг сонссон улсын ерөнхийлөгч нь морио унахыг уриалж, телевизүүд “Морьтой монгол аян”, “Аргал” гэх мэт нэвтрүүлгийн байнгын булантай болж аргаа тасарч сууна. Нүүдэл суудал, сав сааль мэтээ жуулчдын үзэсгэлэн болгох юм ярьж байна. Нүүдлийн соёл ийм өрөвдөлтэй байдалд орох нь. Өнгө зүсээ “шинэчилж”, хэнд юунд зориулагдсанаа өөрчлөх нь.

Шинэчлэх гэснээс. Нүүдэлчдийн өвийн томоохон хэсэг нь зуунаар, мянганаар хуримтлагдаж ирсэн оюуны соёлын өв билээ. Үр ач нараа хүн болгож төлөвшүүлэхээс эхлээд үлгэр тууль хайлах, мал ахуйгаа эрхлэх, тоног хэрэгслээ хийх, од эрхэсийг “уншиж” тэнгэрийн араншинг тайлах наад захын эрдэм ухааныг нүүдэлчид л авч явж ирсэн, авсаар ч яваа.Гэвч энэ их дотоод оюун яаж алдагдаж гээгдэж байгааг гаднаас хараад хэлэх аргагүй. Юутай ч хуучны хийцийн юм ховордож, шинэ цагийн эд агуурс чанараа гээсэн тухай яриа захаас аван сонсдох болж. Хийж чаддаг байсан юмаа чадахаа больсон тухай л ярьж байна гэсэн үг шүү дээ. Бүхнийг хуванцраар, нийлэг мяндсаар орлуулах болсноор хөхүүр, шир, сур, дээс гээд олон юм одоо ч бараг нүдний гэм болох нь холгүй гэцгээнэ. Шир, сур хийх түүхий эд нь хил даваад хуванцар, мяндсаар солигдчихож байгаа юм хойно тэгэлгүй яахав. Тэнгэр хангай, од эрхэсийг шинждэг ёсон газар газарт өөр байх. Д.Нямаа номдоо өгүүлснээр бол говьд энэ арга ухаан их онцлогтой, бас баялаг аж. Өнөө цагт энэ агуу их эрдмийг харин гээж эхэлсэн нь тусгүй. Хэн дуртай нь амны зоргоор тааж бавдаг болж. Одоо чинь бороог хүртэл “төрөөс зохицуулах” ухааны юм ярьдаг болсон. Уул бүсэлж эрдэс ухах, үүл буудаж бороо оруулахыг нүүдэлчид огт таашаахгүй байгаа. Буудаж оруулсан борооны ус шим өгдөггүй гэж ярьцгаадаг.

Нүүдэлчдийн оюуны өв соёл ном ёсоороо хадгалагдаж арвижиж ирсэн тэр суурь ганхсан нь аль эрт, суурин соёл руугаа ханарах болсон цагаас билээ. Суурин соёлдоо идээшээгүй, өөрөөр хэлбэл төв болж төвхнөөгүй цагт сумын төв нь хүртэл айлуудаа дагаад нүүж явсан тухай Д.Нямаа өгүүлжээ. Төд удалгүй төвхнөсөн, за тэгээд хотожсон. Хоёрын хооронд хотжив гэсэн шиг хот хороо дамжих эргэлт буцалтгүй үйл явц зах зээлийн их задгайрал эхэлснээр бүр ч түргэссэн. Дээрээс нь нэмээд бодлого алдагдаж малчдын залуу халаа үе тасалдсан. Сүүлийн нэг жишээ, нийгмийн хандлагыг даган малчин айл өрх бүхэн бараг бүх хүүхдээ дээд сургууль төгсгөнө гээд зүтгэчихсэн. Тэдний нэлээн олон нь дээд боловсролтой гэсэн диплом л олж авснаас цаашгүй. Зарим нь одоо тогтсон ажил амьдралгүй, хотын гудамжаар зам заалгаад халтуур хийж явна. “Хүн олны урсгалд хөл нийлээ л бол” малчны хотноос ирснээ мартаж орхино. Гэтэл мал дагасаар насан өндөр болж төв бараадсан эцэг эх нь малын дөргүй шахам “малчин” хөлсөлж хэдэн малаа мануулчихаад өөрсдөө хөдөө, төв хоёрын хооронд ээлжгүй шогшиж байна. Малын дөргүй тэр малчин нүүдэлчний өв соёлыг яаж авч явахав?! Айраг сүүнд ус, ааруул аарцанд гурил холих “сүүхээтэй ухаан” энэ хавиас л гарч байгаа юм. Ингэхлээр тэр оюуны өв хаашаа явахав?

Ер нь амьдралынхаа хуулиар амнаас ам дамжин уламжлагдаж ирсэн оюуны соёлыг сургууль номоор дамжуулан сурталчлах, хичээлээр заах төдийхнөөр авч явна гэдэг хоорондоо тэс ондоо ойлголт бололтой. Ондоо байдгийн учир нь нүүдэлчдийн ахуй соёлын боловсрол, суурин газрын боловсрол хоёрын ялгаанаас улбаатай юм. Нүүдлийн соёлоо гээхгүй авч явъя гэсэн үзлээр байх, дунд сургуулийн бүр бага ангиас эхлээд сурах бичгийн агуулгад хүртэл тусгасан зүйл их бий. Харамсалтай нь тэнд дурдагдаад буй хом шат, буйл бурантаг, жолоо цулбуур, чөдөр ногт тэргүүтнийг өнөөгийн хотын хүүхэд байтугай багш нь ч сайн төсөөлөхгүй байна. Монгол ахуйн уламжлалт мөртлөө ямар нэгэн харь юм шиг болчихсон ойлголтыг хүүхдэд яаж тайлбарлах вэ гэдэг асуулт хотын сургуулиудын анги танхимуудад байнга гарч байна. Тэгээд тиймийг нь заахдаа ч, таньж мэдэхдээ ч тээршааж байгааг яахав? Нүдэн балай, чихэн дүлий яваад л байх уу?

Нүдэн балай гэснээс. Уул овоогоо дээдлэх зан үйл бол тусдаа том соёл. Говь гурван сайхан, Алтайн арван гурван сан мэтийн уул усны тахилга, лус савдагт залбирах ёсон өөрийн гэсэн дэг жаягтай, судар номтой ч. Харин их зам харгуй тосуулан хөтөл, онь барьж босгосон овоог морин өртөө үүссэн цагаас газрын чиг баримжаа тогтоох зорилгоор дэлгэрсэн гэж үздэг юм билээ. Одоо тэгтэл хөтөл болгоны овоо архины бөглөө мулталдаг газар болон учир утгаа алдаж, хайран сайхан даваан дээр хог новш овоорон, нөгөө чулуу нэмээд өнгөрдөг овоо нь (чулуу нэмэх ч бас овоогоо өндөрсгөж холоос харагддаг болгох гэсэн улаачдын ёсноос үүдэлтэй) архины шил, ундааны лааз мэтийн хэрэггүй хогоор дүүрч, дэргэд нь хүн амраад суух байтугай сэжиг хүрмээр дүр төрхтэй болчихсоныг яалтай. Заримыг нь орон нутаг цэвэрлэдэг ч дахиад л хог овоолчихдог гэсэн. Дээрээс нь хот тойрсон довцог бүхэн дээр хэн дуртай нь “хувийн” овоо босгож, энд тэндгүй мяндсан хадаг уядаг болж. Хувийн болгох сонирхол нь даамжирч байгаа юм болов уу, булаг шандад эзэн суухыг хүртэл санаархаж, болж өгвөл уулын ам хашиж авахыг боддог болж. Энэ бол нүүдэлчдийн соёлыг тэс ондоо зүг рүү гулдарч, завхруулж байгаа явдал.

Монгол гэр, дээл хувцас, морь, бөх бол нүүдэлчдийн соёлын гайхамшигтай өв. Гэтэл монгол хувцас хэрэглээний шинжээ алдахын хоёр туйл цухалзаад л байгаа. Одоо костюм ч юм уу, оготор хүрэм, пүүз өмссөн хүн мотоциклиор хонь, адуу тууж явахын тухайд бол бараг нүд дасчээ. Хятадад явж байхад шилбүүр сугавчилж малгай бүчилсэн хүн хэдэн хонины захад зогсч байгаа дүр зураг харагдах юм билээ, түүнээс өөрцгүй. Хонины захад нарны шүхэр бариад явж байгаа морьтой хүн бас л сонин харагддаг. “Ер нь шүхэр барьдаггүй үндэстэн гэвэл малчин монголчууд байсан байх ч юун магад. Тэр байтугай бүрх малгайг хүртэл “Морь үргэнэ” гээд нэг хэсэгтээ толгой дээр тавьдаггүй байсан” гэж Д.Нямаа бичжээ. Юмны зохимж гэж байх юм даа. Нөгөөтэйгүүр сайхан монгол хувцас маань хэрэглээний гэхээсээ зүгээр л гоёл чимэглэлийн буюу европ хэллэгээр декоратив чанартай (европчууд ингэж ярьж байгаа учраас) болж найр наадмын чимэг, загвар өмсгөлийн үүргээр илүү давуу хэрэглэгдэх болсныг нөгөө нэг туйл гэхээс өөр яахав. Өнгө хөөцөлдсөн газар мөн чанар гээгддэг, мөнгө хөөцөлдсөн газар хүн чанар гээгддэг гэдэг дээ.

Морь, бөхийн тухайд бол язгуур чанараа алдах тийшээгээ бүр яарах мэт явж байгаа. Морь, бөхтэй холбоотой монгол соёл ерөнхийдөө арилжааны замаар орсон гэж нэгэн дуугаар ярьцгааж байна, үнэн. “Одоо ч довтой тоот наадам хийж, доштой бүхэн нам байгуулдаг болсон цаг” гэж хөдөөний нэг өвгөн ярина лээ, ортой үг. Саяхан Монголын морин уяачдын холбоо хөр цастай хөлдүү газар зохион байгуулсан хурдан морьдын уралдаанд арван нэгэн хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд хөнгөн гэмтсэн тухай юу ч болоогүй юм шиг ярьж, үүнийг буруутгасан хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагыг бараг загнаж сууна лээ. Ингэхгүй бол морь уралдуулах наадам цэнгэл мөхөх гээд байна гээд. Аливаа зүйл хэрээс хэтэрвэл алдаж эндэж байж дуусдаг гашуун үнэн хаа ч тийм. Хурдан морь уралдуулах үеэр 2009 онд 158, 2010 онд 222, 2011 онд 254, 2012 онд 326 хүүхэд мориноос унаж олон хүүхэд бэртэж гэмтсэн, энүүхэн хугацаанд хорь гаруй хүүхэд соёолж буй нялх ногоотой хамт морины хөлд талхлагдан хорвоогоос буцсан тухай хэдэн тоог харахад л аюул жилээс жилд өссөөр ирснийг гэрчилж байна. Ашиг олж, алдар хэргэмээ зузаалж, аархаж баярхсан хэдэн хүн зугаацаж л байвал алдах эндэхийн тухай боддоггүй бололтой. Ер нь хэтэрхий хөөргөдөж, хэтэрхий шунаж соёлоо, бас ёс зүйгээ баллаж болно. До.Цэнджавын “Тэнгэрт хальсан тоос” туужид ч үүнийг л мөн өгүүлжээ. Нөгөө л цөвүүн цагийн харанга дэлдсэн зохиолуудын нэг. Ёс зүйгээ, хэл соёлоо дархлан тээж явагч нь яалт ч үгүй тухайн цагийн гярхай шинжлэгч уран зохиол юм даа.

Хэл гэснээс. “Тэнгэрийн хаяа” бол сайхан монгол хэлний сувдан шигтгээ гайхамшиг. Язгуураас нь олж авсныхаа хувьд монгол хэлний “амт шимтийг” Долгорын Нямаа харуулахгүй өөр хэн харуулахав. Тэгээд ч тэр амт шимт нүүдэлчин ахуйгаасаа л илүү мэдрэгддэг билээ. Зүгээр л нэг уулын мухарт суугаа малчин өвгөний амнаас дүрслэн илэрхийлэх чанараараа гойд ончтой ийм “сувдан шигтгээ” аль олон гарахыг тэр гэхэв. Д.Нямаагийнхаас ч бас алийг тэр гэхэв. Тэнд дурдагдах “салхи буруудвал сүү гашилдаг”, “тэнгэр инээх өдөр”, “мичид тогоо өнгийх”, “мичид зулзгалах”, “сар шээх” гэх зэрэг хэлц мэт өгүүлэмжийн цаана агуулагдаж буй нүүдэлчин хүн арга ухаанаа цэгнэх, ажил төрлөө зохицуулах хэмжээний гүн гүнзгий учир холбогдолтой нэг ёсон харамсалтай нь бас л тэгж ингээд гээгдэх нь ээ. Д.Нямаа нэгэн ярилцлагадаа өчсөн байна лээ. “Энд тэнд явж байхад хөдөө нутаг эзгүйрч байгаа нь харагдах гээд байх болсон. Энэ эзгүйрэл бидний сэтгэлгээ, уран бүтээлд бууж ирэх гээд байх шиг. Үүнийг дагаад монгол хэлний олон үг алга болно гэж бодохоос аймшигтай” гэж. Үүн лүгээ давтан өчихүл нүүдэлчин соёлоо эрэмдэглэх нь монгол хэлээ эрэмдэглэхийн үүд. Аливаа хэл соёлынхоо тусгал гэдэг утгаараа тийм.

Өнөө цагт үзэх зугаацах юм нь элбэгийнх үү, ном уншихаа больж. “Хорьдугаар зууны Монголын утга зохиолоос битгий сал. Хамаг сайхан монгол хэл минь тэнд хавтаслагдаад үлдсэн… Хорьдугаар зууны утга зохиолыг дандаа хөдөө төрсөн, хөдөөгийн ард түмний дунд өссөн цэвэр монгол хэлтэй зохиолчид бичсэн шүү” гэж Д.Нямаа захиж байна. Энэ бол хэлээ алдчих вий гэсэн болгоомжлол юм. Уран зохиол уншихгүй, хэл соёлоо судлахгүй бол хэлээ алдана. Бичиг үсгээ соливол бас хэлээ алдана. Дэлхийн улс гүрнүүд бичгээ сольё гээд ч сольж чаддаггүйн учир юу вэ гэвэл хэлний когнитив буюу танин мэдэхүйн үүрэг алдагдах аюултай. Ямарваа үндэстэн эх хэлнийхээ танин мэдэхүйн арвин их сан хөмрөгийг хагас дутуу хөрвүүлсэн бичиг үсэгт шилжээд зөвхөн коммуникатив буюу харилцааны үүргээр нь үлдээвэл тэр хэлний оршин тогтнох суурийг баллана гэсэн үг. Учир нь харилцаан дахь үгсийн сан нийт үгсийн сангийн өчүүхэн төдий хэсэг байхаас гадна найруулга нь ч мөн төгс бус, ядмаг шинжтэй байдаг. Харилцааны найруулгыг тэжээж, цэнэглэж, үгсийн санг нь эргэлдүүлж байдаг эх үүсвэр нь тухайн хэлний сан хөмрөг, өөрөөр хэлбэл уран зохиол билээ.

Америкийн индианчууд, Австралийн аборигенүүд гадны соёлын түрэлтэнд орохдоо гуугчиж хашгичсаар язгуур соёлоо гээж хэлээ мартаад хэн ч биш болж түүхийн хүрдэнд “зажлуулах” мэт золиослогдсон юм гэнэ лээ. Бид эрх биш тусгаар тогтносон эх нутагтаа эзэн суугаа болохоор амгалан сайхан л байцгаана. Тэгээд ч тэр үү, техник, технологийн гэх жолоогүй хоморгонд автаж, цаг тооны хазааргүй урагшлах нүргээнт эргүүлэгт орсон энэ эринд эх дэлхий, унаган байгалдаа шимтэн, бас зохицон аж төрж яваа цорын ганц иргэншлийг тээгч нүүдэлчин монгол хүний амар амгаланд гадныхан атаархаж сууна. Гэвч бид нүүдэлчин соёлоо гээсээр л байна.

Ц.Магсар (МУБИС, доктор Ph., профессор)

Categories
мэдээ нийгэм

Жаннагийн 122 насалсан нууц нь өөдрөг үзэл байжээ

Жанна Луиза Кальманы 122 насалсан нууцыг эрдэмтэд өөдрөг үзэлтэй нь холбон тайлбарлажээ. Учир нь тэрээр тийм ч зөв хооллодоггүй байж. Дэлхий дээрх хамгийн өндөр насалсан энэ эмэгтэй 1997 онд тэнгэрт халихдаа 122 нас таван сар 14 хоногтой байжээ. Түүний энэ амжилтыг одоогоор хэн ч эвдэж чадаагүй байна. Гэсэн хэдий ч эрдэмтэд энэ хязгаарыг давж, шинэ амжилт тогтоох боломжийг эрэлхийлсээр буй. Судлаачдын тооцоолсноор 50 жилийн дараа гэхэд хүмүүс 100 насны ойгоо тэмдэглэх нь хэвийн үзэгдэл байх аж. Эрдэмтдийн боловсруулж буй сүүлийн үеийн технологиуд нь хүнийг урт наслуулахын сацуу залуу нас, гоо үзэсгэлэнгийн талаарх тогтсон ойлголтыг өөрчилж, удаан хугацаагаар ухаан саруул, бие эрүүл байх боломжийг олгох аж.

Жанна Кальманы урт насалсан нууцын талаар эрдэмтэд амьд ахуй цагт нь олон ч судалгаа явуулж, түүний амьдралтай холбоотой олон ном гаргасан байдаг. Хатагтайн хувьд бусад өндөр настнаас ялгаатай нэг онцлог бий. Түүний мэндэлсэн, нас барсан гэх олон баримт нь албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Өндөр наслалтаараа дэлхийн дээд амжилтыг эвдсэн тэрээр Францын жижигхэн хот болох Арльд 1875 оны хоёрдугаар сарын 21-нд мэндэлжээ. Ах Франсуа нь түүнээс арван жилийн өмнө төржээ. Жаннагийн ах 97 насандаа таалал төгссөн юм. Хатагтай Жанна төрсөн нутагтаа бүх насаа элээсэн гэдэг. Хөрөнгөтний гэр бүлээс гаралтай түүний эцэг, эх ч бас өндөр насалжээ. Ээж Маргарет нь 87 насандаа, аав Николя нь94 насандаа өөд болжээ. Жанна 12 настай байхдаа аавынхаа ажилд тусалж лангуун дээр суудаг байж. Нэгэн удаа алдарт зураач Ван Гог дэлгүүрт нь орж ирж багс будаг сонирхож байжээ. Тэрээр хожмоо энэ тухай дурсахдаа “Ван Гог хааш яаш хувцасласан, бохир, архи ханхлуулсан, хөмсөг зангидсан, солиотой хүн шиг харагдаж байсан” хэмээн хуучилжээ. Мөн 14 настай байхад нь алдарт Эйфелийн цамхаг баригдаж дууссан гэнэ. Хатагтай Жанна 21 насандаа Фернанд Кальман хэмээх залуутай гэр бүл болж, Ивонна охиноо төрүүлжээ. Цагтаа баян чинээлэг, дэлгүүрийн эзэн залуутай ханилсан тэрээр насан эцэслэтлээ огт ажил хийж үзээгүй аж. Тэрээр цор ганц ачтай байсан нь Фредерик. Охин Ивонна нь 1932 онд хүнд хатгаа тусч хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. 42 жил ханилсан нөхөр нь муудсан тошлой идэж хордсоноос болж 1963 онд өөд болсон гэдэг. Мөн онд ач хүү Фредерик нь автын ослоор нас барах үед тэрээр хорвоод цор ганцаар үлдсэн аж. Гэсэн хэдий ч өөдрөг үзэлтэй, хошин шогийн мэдрэмжтэй Жанна уй гашуудалд автаагүй. Аль болох өнгөрсөн амьдралаа бага бодохыг хичээдэг байснаа нэгэн ярилцлагадаа онцолжээ.

1881, 1886 онд гаргасан хүн амын тооллогын бичигт бүртгэгдэн үлдсэнээр Кальманынхан Арль хотын 131 дугаартай байшинд амьдардаг байжээ. Мөн Жанна тус хотын бага, дунд сургуулийг дүүргэсэн гэх баримт ч байдаг. Хатагтайг ийн урт наслахад төрсөн хотод нь ямар нэгэн улстөрийн хямрал, байгалийн гамшиг нэг ч нүүрлээгүй нь нөлөөлсөн гэж үзэх судлаачид ч байдаг аж. Маш тайван хот байсан болоод ч тэр үү хүмүүс нь өндөр насалдаг байж. Жанна бага наснаасаа дугуй унах, теннис тоглох, усанд сэлэх, тэшүүрээр гулгах, төгөлдөр хуур тоглох, дуурь үзэх хоббитой байжээ. Хэдийгээр хатагтай туулсан амьдралынхаа талаар дурсах дургүй байсан ч өөд болохдоо ач хүү, охиныхоо зургийг авсанд нь хийхийг гэрээсэлж байжээ. Учир нь тэдэнтэйгээ хамт оршуулагдахыг тэрээр хүссэн гэдэг.

Хатагтай 90 настай байхдаа өмгөөлөгч 47 настай Ф.Раффретай гэрээ хийж байжээ. Тухайн үед өмгөөлөгч уг гэрээг ашигтай гэж үзэж байсан гэдэг. Түүнд дурдсанаар тэрбээр хатагтайд сар бүр 400 ам.долларыг 10 жилийн хугацаанд төлөхөөр тусгасан байжээ. Раффреэнэ хугацаанд хатагтайг өөд болж магадгүй гэж бодсон аж. Гэвч цаг хугацаа улиран өнгөрч, 10, 20,30 жилийг ардаа орхиж, тэрээр байшинг авахад гурав дахин их мөнгө төлсөн байна. Өмгөөлөгч Раффре 77 насандаа хорт хавдраар өөд болоход хатагтай Жанна 120 настай байжээ. Тиймээс гэрээний дагуу түрээсийн мөнгийг бэлэвсэн эхнэр нь үргэлжлүүлэн төлж байжээ. Түүнээс хоёр жилийн дараа Жанна таалал төгссөн юм. Энэ талаар Раффрегийн бэлэвсэн эхнэр ярихдаа “Жанна бол онцгой хүн байлаа. Манай нөхөр түүнтэй маш сайн харьцаатай байсан” гэж дурсчээ.

Хатагтай Кальман 110 насандаа хөгшчүүлийн асрамжийн газарт шилжин амьдрах болсон аж. Учир нь түүний хараа муудсан байна. Гэртээ хоол хийж байхдаа гал тавьснаас гэр нь шатаж асрах газарт очиход хүрсэн юм. Хатагтайн амьдралын талаар олон эрдэмтэн судалж байжээ. Тухайлбал, урт наслалтын судалгаагаар мэргэшсэн эмч Мишель Аллард, эмчлэгч эмч Виктор Лебре, хүн ам зүйч Жан-Мари Робин нар аж. Хатагтай Кальман 1988 онд буюу 113 насандаа Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйгээр тодорсон. Гэвч дараа жил нь титмийг нь буцаан авсан байдаг. Учир нь Америк эмэгтэй Кэрри Уайт энэ алдрыг хүртэх болсон юм.

1990 онд алдарт зураач Ван Гогийн 100 жилийн ой тохиож байжээ. Уг ойг тохиолдуулан түүний амьдралын тухай баримтат кино хийсэн байдаг. “Винсент ба би” гэх нэртэй тус кинонд Жанна114 настай байхдаа тоглож, өөрийнхөө дүрийг мөнхжүүлсэн аж. Улмаар тэрээр 100 гарсан хойноо бүрэн хэмжээний кинонд тоглосон анхны эмэгтэй болж байв.Харин хатагтай Кэрри Уайт 1991 онд нас барах үед тэрээр дэлхийн хамгийн өндөр настан гэх титмээ эргүүлэн авсан аж. Түүнээс хойш Жанна зургаан жил зургаан сар илүү амьдарч хамгийн өндөр настай эмэгтэй болж чадсан юм. Түүнийг нас барахаас нэг жилийн өмнө “Цаг хугацааны эзэн” хэмээх нэртэй CD хуурцаг гарсан юм.

Хүн ам зүйч Жана-Мари Робины ярьснаар Жанна Кальман нас барахаас нэг сарын өмнө хараа, сонсгол муудсаныг эс тооцвол саруул ухаантай байжээ. 115 насандаа тэрээр шатнаас унаж дунд чөмгөндөө бэртэл авснаас болж хагалгаанд орсон. Мөн тэрээр 100 гарсан хойноо хагалгаа хийлгүүлсэн анхны хүн болж байв. Хатагтай насан эцэслэтлээ саруул ухаантай, бага насандаа уншиж байсан шүлгүүдээ уншиж, арифметикийн бодлого чөлөөтэй бодож байсан гэнэ. Жанна Кальман 1997 оны наймдугаар сарын 4-нд байгалийн жамаар өөд болжээ. Тэрээр улсынхаа 17 ерөнхийлөгчийн нүүр үзсэн түүхэн хүн байв. Түүнийг хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа төрөлх хот Арлийн дарга Мишель Возель үг хэлсэн юм. Тэрбээр “Жанна Арлеан манай хотын амьд дурсамж байлаа” хэмээн дурджээ. Францын Ерөнхийлөгч Жак Ширак “Жанна Кальман бол Франц дахь бүх хүмүүсийн эмээ нь байлаа” гэж онцолж байв. Хатагтайг таалал төгссөний дараа дэлхийн хамгийн өндөр настнаар Мария-Луиза Мейор гэгч эмэгтэй тодорч байжээ.

Сонирхуулахад, Жаннаг 120 настай байхад нь гадны гурван эрдэмтэн албан бус хороог байгуулж, түүний талаарх мэдээлэл үнэн эсэхийг судлахаар ажиллаж байсан гэдэг. Тус багтАмерикийн хүн ам зүйч Жеймс Бопел, Финляндын хүн ам зүйч Ваяне Каннисто болон Данийн тархвар судлаач Бернанд Хойне нар багтаж байжээ. Зарим эх сурвалжид хатагтай Кальманаас ч илүү насалсан гэх баримтууд байвч албан ёсоор батлагдаагүй.

Амьдралын хэв маяг

Судлаачид хатагтай Кальман тийм ч эрүүл амьдралын хэв маягтай байгаагүйг онцолдог. Учир нь тэрээр 100 гарсан ч тамхиа татсаар байв. 117 насандаа хагалгаанд орсны дараа муу зуршлаа орхисон байна. Түүнийг эмчилж байсан эмч Кальманыг өдөрт хоёр удаа тамхи татдаг байсан хэмээжээ. Гэтэл урт насалсан хөгшдийн судалгааг харахад гол төлөв тамхи татдаггүй эсвэл цөөн татдаг байжээ.

Жанна 85 насандаа сэлэм эргүүлэх урлагаар хичээллэж, 100 нас хүртлээ дугуй унаж байж. Ийм үечилсэн өөрчлөлт хүний амьдралд гардгийг урт насалсан хүмүүсийн жишээнээс харж болох талтай. Тухайлбал, Оросын ёгт үлгэрч Крылов гэхэд энэ насандаа Гомерыг эх хэл дээр нь унших гэж эртний грек хэл сурч байжээ. Тэгвэл Германы жүжигчин, найруулагч Лени Рифеншталь 90 насандаа усан дотор зураг авахын тулд усанд шумбалтаар хичээллэж, байсан гэдэг.

Хатагтай Жанна долоо хоногт нэг кг шоколад идэж, улаан дарс уудаг зуршилтай байжээ. Мөн загас, мах түлхүү хэрэглэхдээ сармис нэмдэг байсан аж. Судлаач Жан-Мари Робины онцолсноор хатагтайн урт насалсны гол нууц нь өөдрөг үзэлтэй байсных гэжээ. Учир нь хатагтай ямар нэг зүйлийг хийж чадахгүй бол бухимдахгүй зүгээр орхихыг зөвлөдөг байж. Жанна Кальман өөрийн урт насалсан нууцаа оливын тос, жимс их хэрэглэгдэг байсных гэдэг. Үүний зэрэгцээ хатагтай аль болох залуу хүмүүстэй ярилцаж суух дуртай байсан гэнэ. Хүн ам зүйч Жан-Мари Робины архивын тэмдэглэлд Жаннагийн удмын 68 хүний амьдралын талаарх мэдээлэл байдаг аж. Тэдний дийлэнх нь дунджаар 100 насалсан байдаг аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Болгар Улсын Ерөнхийлөгчид бараалхана

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт өнөөдөр /2015.05.11/ бараалхана.

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд 2015 оны 05 дугаар сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчид ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийж, хоёр орны хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна хэмээн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Гамшгийн эрсдлийг бууруулах талаар зөвлөлдөж байна

Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт өндөр түвшний хөгжлийн хэлэлцүүлэг хийж байна.

Монгол Улс нь эрс тэс уур амьсгалтайгаас гадна газар хөдлөлт, үер болон бусад гамшигт өртөмхий аж. Иймд гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийн уялдаа холбоо бүхий бодлого хөтөлбөр байхгүй аваас урт хугацааны хөгжлийн ахиц дэвшилд хүрэх боломжгүй юм байна.

Энэ удаагийн өндөр түвшний хэлэлцүүлгээр гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг үндэсний хөгжлийн бодлогод тусгах, гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний платформ байгуулах чиглэлээр олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Сэндайн хүрээ баримт бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбаруудын үйл ажиллагааг нэгдмэл бодлогоор уялдуулан зохицуулах Үндэсний зөвлөл байгуулах асуудлыг мөн хэлэлцэх ажээ.

Хэлэлцүүлэгт Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах тусгай төлөөлөгч, хатагтай Маргарета Волстром, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Сезин Синаноглу нараас гадна гамшгаас хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болсон 400 орчим төлөөлөгч оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний үйлдвэрлэгч, уул уурхайн компаниудтай хэлэлцээ хийх ёстой гэв

УИХ дахь бие даагчдын зөвлөлийг төлөөлөн өнөөдөр С.Ганбаатар гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар орон нутагт томилолтоор ажиллаж байгаа аж.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд “Өрийг өрөөр дарах нь. Монголчууд бид 19.5 тэрбум ам.долларын өртэй байна. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нь гадуур мөнгө хайгаад явж байна. Засгийн газар эдийн засгийг хүндрэлээс гаргахын тулд гурван зүйлийг баримталж байгаа нь буруу. Хамгийн эхэнд Оюутолгой, Тавантолгойн ордоо золиосолж алтаар өндөглөдөг нугасаа алж идэх гэж байна. Тодруулбал, тус хоёр ордыг цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт баригдсан олз хайсан хүмүүст зориулж өгөөд Монголын эрх ашгийг үгүй хийх гэж байна. Монголчууд 19.5 тэрбум ам. долларын өрөнд орчихсон байгаа. Харин энэ өрийг өрөөр дарж нэмж зээл авахаар Ерөнхий сайд, Сангийн сайд, “Монгол банк”-ны Ерөнхийлөгч гадуур гуйлга гуйж явна. Өрийг өрийг дармааргүй байна. Дээрх өрөөс гарахын тулд Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг чухалчилж байна. Энэ нь улсынхаа хяналтыг тодорхой нөхцөлтэйгээр Олон улсын валютын санд өгөх гэсэн үг юм” гэв. Дээрх бодлогуудыг С.Ганбаатар гишүүн эсэргүүцэж байгаа аж. Тэгэхдээ бие даагчдын зөвлөлөөс нийт үндэсний үйлдвэрлэгчид, уул уурхайн компаниуд, жижиг дунд болон аж, ахуй нэгжүүдтэйгээ хэлэлцээрт орж асуудлыг шийдэх ёстой гэсэн саналыг дэвшүүлж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой”-н захирлын үүрэг гүйцэтгэгчийг томиллоо

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хуралдаж, Б.Батбилэгийг тус компанийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Б.Батбилэг нь “Эрдэнэс Тавантолгой” компанид Борлуулалт, ложистик хариуцсан захирал, мөн давхар Санхүү эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэж буй аж. Мөн түүнийг УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү гэдэг тодотгол дагаж байна.

Өмнө нь энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, эл албанд Ч.Сайнбилэгийг томилсон нь “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байсантай холбоотой тухай эх сурвалж онцоллоо. Харин өнгөрсөн пүрэв гаригт “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж, дээрх шийдвэр гаргасан тул Засгийн газрын хуралдаанаар асуудлыг оруулах шаардлагагүй юм байна.

Онцлоход, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар Я.Батсуурь томилогдон ажиллаж байсан ч Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулснаар орны хүнийг томилох шаардлагатай болж, тус компанийн ТУЗ-ийн дарга Ч.Сайнбилэгийг томилоод байв.

Гэвч тэрээр өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, өмнөх захирал буюу Я.Батсуурь ажлаа үргэлжлүүлэх ёстой гэж мэдэгдсэн ч Б.Батбилэгийг тус компанийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим системээр газар өмчлөх 3 дугаар ээлжийн бүртгэл баасан гарагт дуусна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа.

2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна.

Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж тавдугаар сарын 01-нээс эхэллээ. Бүргэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу тавдугаар сарын 15-ны өдөр дуусна.

З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.

  • Сонгинохайрхан, Шижирийн хөндий
  • Сонгинохайрхан, Шижир уул
  • Баянзүрх, Улиастайн бага ам
  • Баянзүрх, Богдын давааны ам
  • Хан-Уул, Улаан овоот
  • Хан-Уул, Улаан овоот
  • Налайх, Нисэх хотхон
  • Багануур, Булагтай
  • Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг
  • Багануур, Тариан булаг 2-р хэсэг
  • Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг

Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудад хандах боломжтой.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Пүрэвдагва: “Увертура” хамтлаг бие даасан хоёр дахь тоглолтоо ирэх намар толилуулна

Увертура” хамтлагийн ахлагч, дуучин Гочоогийн Пүрэвдагватай уулзаж уран бүтээлийн яриа өрнүүллээ.

Танай хамтлагийнхан сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?

-Манай хамтлаг он гарсаар хэд хэдэн дуугаа бичүүллээ. “Морин хуур” наадмын шилдэг арван дуугаар төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуайн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш Насанбатын аялгуу “Манан” дуу маань шалгарсанд баяртай байна. Саяхан “Анир” студийн маань продюссер, соёлын тэргүүний ажилтан Алтанхуяг ахын хөгжим, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очирын шүлэг “Хөх тэнгэрийн Монгол” дуун дээр ажиллаж байгаа. Ноднин жил Алунгоо эхийн сургаалийн баяр болох үед гаргасан дуугаа, “Хөх тэнгэрийн Монгол” дуутайгаа дүрсжүүлэхээр ажиллаж байна даа. Ирэх намраас Алтанхуяг ахын хөгжмийг нь бичсэн нэг мюзиклээ үзэгчдэдээ толилуулна.

Анхны “Удиртгал”-аасаа хойш цомог гаргасан билүү?

-Хамтлаг үүсэн байгуулагдсаны гурван жилийн ойд зориулсан “Удиртгал” цомгоосоо хойш цомгоо гаргаагүй. 2013 онд Улсын драмын эрдмийн театрт хоёр удаа, үзэгчдийн хүсэлтээр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд тоглосон “Төгсгөлгүй эхлэл” тоглолтынхоо DVD-ийг гаргахаар төлөвлөөд ажиллаж байна.

-“Төгсгөлгүй эхлэл” тоглолт чинь үнэхээр сайхан болсон шүү. Үзэгчид бүгд босоод арав гаруй минут алга ташин та бүхэнд хүндэтгэл үзүүлж байсан даа?

-Анх хамтлаг байгуулахдаа олон зорилт тавьж байсны хамгийн том нь монгол поп опера урсгалыг хөгжүүлэх гэсэн чин хүсэл байсан. Монгол поп опера зуун хувь оркестртой, зуун хувь амьдаар дуулаад, тайзны шийдэл нь шал өөрөөр шийдэж, драмчилсан маягаар тоглогдсон. Тоглолт маань маш сайхан амжилттай болсон. Үзэгчид арван минут тасралтгүй алга ташихад “баярлалаа” гэхээс өөр хэлэх ч үг олдоогүй. “Улаанбаатар палас”-ын концертын их танхим гэхэд бараг ерэн хувийн дүүргэлттэй байсан.

Төрийн шагналт Д.Со­сор­барам танай хамтлагийг их дэмждэг санагддаг?

-“Анир” студийн дэргэд 2009 онд “Увертура” хамтлаг байгуулагдаж байх үед Д.Сосорбарам ах “Үлэмжийн чанар” цомгоо гаргаж байсан юм. Тэр үед Со ахтайгаа бид танилцаад, Хонгор нутгийн хүний хувьд өнөөг хүртэл дэмжиж, сэтгэлийн сайхан гэрлээ хуваалцаж, уран бүтээлийн маань зам харгуйг засалцаж яваад туйлын баяртай байдаг. Гавьяат жүжигчин “том” Жаргалсайхан ахын аялгуу, Со ахын урын санд байдаг “Жамаас” дууг бид дуулж, хүмүүст нэлээд хүрлээ. Төрийн шагналт Б.Шарав гуайн “Илүү сартай зун” уран сайхны кинонд хийсэн аялгуунд Со ах үг зохиож “Цагийн аяс” гэж сайхан дуу бүтээснийг манай хамтлаг бас дуулсан.

-“Увертура” хамтлагийн дуулсан “Өнө мөнх эх орон”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Дөрвөн цагийн тал”, “Монгол минь тэнд бий” гээд бүх дуунууд хит болоод байдгийн нууц юунд байна?

-Биднийг гарч ирэх үед поп опера урсгалаар дуулдаг “Ньюанс” хамтлаг уран бүтээлээ туурвиж байсан. “Классик жем” хамтлаг байлаа. Бид дөрвийн хувьд Хөгжим бүжгийн коллежийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэсэн. Тиймээс мэргэжлийнхээ дагуу үндэснийхээ дуунуудыг поп опера чиглэлээр дуулж эхэлсэн. “Мандах нар” ардын дуу, Б.Шаравын “Өнө мөнх эх орон”, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын аялгуу, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг дууллаа. Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгэнд аялгуу зохиолгож үзлээ. Төрөл бүрийн янз бүрийн туршилтуудыг хийж байна. Энэ бүхэнд цаг хугацаа, судалгаа маш их шаарддаг юм байна. Хамтлаг маань байгуулагдаад зургаан жил болох хугацаанд монгол поп опера чиглэлийг л бий болгох гэж хичээж, уран бүтээлээ туурвиж явна даа.

-“Увертура” хамтлаг “Анир” студийн дэргэдэх гэсэн хаягтай явдаг. Танай хамтлагийн продюссор Б.Алтанхуяг гэж ямар хүн байна?

-Польшид хөгжмийн зохиолч, найруулагчаар мэргэжил дээшлүүлсэн хүн. Орчин үеийн нийтийн дууны бараг наяад хувийн хөгжмийн найруулгыг хийсэн, сүүлийн үед олон дуу зохиосон, бүжиг, жүжиг, киноны хөгжим дээр ажилласан уран бүтээлийн туршлагатай хүн байгаа.

Хамтлагийнхан чинь нэг ангийнхан юм байна. Харин уг гарал хаанахын хүмүүс билээ?

-Л.Ренчинням маань Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул, хөдөөнөөс манай ангид ирж байсан. Атардээжийн Шинэбаяр маань Төв аймгийн Угтаалцайдам сумын гаралтай, хотод төрсөн хүн. Ж.Ганбаатар Өмнөговь угшилтай. Би аавынхаа нутгаар Баянхонгор аймгийн Заг сумынх гэж явдаг. Бид гурав хотын унаган хүүхдүүд л дээ. Бид дөрвүүлээ гэр бүлтэй. Шинэбаяр маань саяхан хүүтэй болсон. Ганбаатар удахгүй үрийн зулай үнэрлэнэ.

Аавынхаа төрсөн нутаг Загийн голд очиж байв уу?

-Бүүр жаахан хүүхэд байхдаа очиж байсан. Загийн голд аавтайгаа хамт сэлж байснаа сайн санадаг юм. Дурсгалтай сайхан үе байж. Аав маань одоо бурхны оронд одож дээ. Сүүлд Сономын Лувсанвандан гуайн ойгоор Баянхонгорын Хөгжимт жүжгийн театрт очиж тоглолт хийж байсан. Аавынхаа нутгаар тав тухтай очно гэж бодож явдаг даа.

-“Төгсгөлгүй эхлэл” тоглолтоо гадаад улс оронд толилуулахгүй юм уу?

-Тоглолтоос хойш олон хүн санал тавьж байсан л даа. Мэргэжлийн өндөр түвшинд симфони оркестртой тоглох бодолтой байгаа. Тэрнээс нэг жижиг шөнийн цэнгээний газар ч юм уу, тоглоно гэхэд тиймхэн байна л даа. Япон, Солонгосын үзэгчдэд монгол поп опера чиглэлийн тоглолтоо бүрэн хэмжээгээр толилуулах талаар арга сүвэгчилж л байна.

Уран бүтээл хийхэд эдийн засгийн хөшүүрэггүйгээр урагшаа явахад мэдээж хэцүү байж таарна?

-Хамтлаг байгуулагдахдаа “Анир” студиэ түшиглэсэн. Би энэ студидээ дууны инженер-найруулагч хийдэг. Уран бүтээл маань оргилж байдаг газар маань энэ студи. Энд бид хөгжмийн зохиолч, яруу найрагчидтайгаа уулзаж бүтээлээ амилуулдаг. Манай хамтлаг 2013-2014 онд “Төрийн банк”-ны элч хамтлаг гэсэн хамтарсан гэрээ байгуулж ажиллаж байгаа болохоор уран бүтээлээ толгой өвдөхгүй хийж байна.

Удаахь тоглолтыг чинь үзэгчид их хүсэн хүлээж байгаа даа?

-Хоёр дахь бие даасан тоглолтоо энэ жилийн арваннэгдүгээр сард үзэгчдэдээ толилуулахаар уран бүтээлийн ажилдаа ороод явж байна.

Анхны DVD, хоёрдахь цомгоо гаргахад бэлэн болчихсон, мюзиклээ бэлдээд явж байгаа гээд буцалж бужигнасан үйл хэрэг өмнө минь байж байна даа.

Л.Батцэнгэл

Categories
мэдээ нийгэм

Ж.Мэндбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандлаа

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны захирлаар ажиллаж байсан Ж.Мэндбаяр УИХ-ын гишүүн, Өргөдөл гомдолын байнгын хорооны дарга О.Баасанхүүд хүсэлт гаргажээ.

Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ӨРГӨДӨЛ ГОМДОЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА

О. БААСАНХҮҮ ТАНАА

Хүсэлт гаргах нь

Миний бие Глоб кредит ХЗХ-ны гэх эрүүгийн хэрэгт холбогдон 2006 оны 1-р сарын 14-ний шөнө баривчлагдан хоригдож улмаар 10 жилийн чанга дэглэмтэй хорих ялаар шийтгүүлэн биеэр эдлээд 2015 оны 4-р сарын 10-нд суллагдсан юм. Энэ зуур зөвхөн миний хөрөнгийг битүүмжлэн хураагаад зогсохгүй хохирол барагдуулах нэрийн дор миний гэр бүл, ойр дотныхны хөрөнгийг хомроголон хураасан боловч шүүхээс тогтоосон 11.7 тэрбум төгрөгийн хохирлыг хангалттай төлөөд цаана нь үлдэх байсан хөрөнгийг хууль дүрэм гажуудуулан элдэв аргаар үнэгүйдүүлэн завшиж үрэгдүүлэн дөнгөж 2.0 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг хаажээ. Хэдхэн жишээ дурьдахад:

1. “Глоб Центр” зочид буудлын цогцолборыг хохирогчид ажиллуулан ашгаар нь тодорхой хэмжээний хохирлоо барагдуулж байхад ШШГБ-аас хураан авч цоожилсоноор олон жил эзэнгүйдүүлэн тонуулж, өвөлд нь хөлдөөж зунд нь хайлуулсаар доторхи тавилга, тоног төхөөрөмжүүдийг нь бүгдийг ялзруулж хөгцрүүлж муутгаад дахин үнэлүүлж бүх эд хөрөнгийг болон барилгыг дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт /хавсралт 1/ гаргуулах замаар үнийг нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс даруй 6 дахин, Хууль Зүйн Яам, Сангийн Яамны хамтарсан комиссын үнэлсэн 4.3 тэрбум төгрөгийн үнэлгээнээс даруй 3 дахин хямдаар буюу 1.57 тэрбум төгрөгөөр тогтоолгон дуудлага худалдаанд оруулж ердөө ганцхан сая төгрөгөөр дээшлүүлэн худалдсан байна. Энд л гэхэд 7.0 тэрбум төгрөгийн алдагдал учруулжээ.

2. Зөвхөн засал чимэглэл нь дутуу байсан “Глоб оффис”-ын подвалтайгаа 4 давхар, 1180м2 талбай бүхий 4 давхар шинэ барилгыг 3 давхар 254м2 дутуу барилга гэж бичээд 254м2 дутуу барилгын хэмжээнд үнэлэн худалдаж. Үүнийгээ зохих албаныхан шүүхийн шийдвэр дээр 254м2 гэж тодорхой бичсэн хөрөнгийг зарсан гэж 254м2 гэж бичсэн бас нэг шийдвэр үзүүлэн тайлбарлах боловч эрүүгийн хэгийн архивт байгаа шүүхийн шийтгэх тогтоолын хавсралтад “3 давхар” л гэж бичсэн болхоос 254м2 гэж огт бичээгүй /хавсралт 2/ байх юм. Энд хэн нэгний санаатайгаар хуурамч хавсралт хийж надад 3.0 тэрбум шахам төгрөгийн хохирол учруулсан байна.

3. 2600 м2 талбайтай, 700.0-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн, төв зам дагуу мөн л 3.0 тэрбум төгрөгт хүрэх ханш бүхий А зэрэглэлийн газрыг 70-хан сая төгрөгөөр өгч ИТХ-ийн 177-р зүйлийг бүдүүлгээр зөрчин гаргасан ЗГ-ын 242-р тогтоол гэгч хууль бус шийдвэрээр үнэгүйдүүлсэн байна.

4. Миний аав С. Жудагийн эзэмшлийн 1 хашаа байшинг газрынх нь хамт мөн миний дүү Ж Энхбаярын эзэмшлийн 2 газрыг ямар ч мэдэгдэлгүйгээр хомроголон худалдаж орлогыг нь миний төлөх учиртай төлбөрт шилжүүлсэн байна.

5. Дүү Ж. Энхбаярын 300.000.000 сая төгрөгийг барьцаалаад миний эхнэр М. Цэцэгмаад оноосон торгуулийн ялыг уг мөнгөнөөсөө төлвөл үлдсэнийг нь олгоно гэж шантаажилсаар М. Цэцэгмаагийн 21.0 сая төгрөгийн торгуулийг Ж. Энхбаяраар төлүүлж байж үлдсэн мөнгийг нь олгосон байна. Ийм аргаар түүний 300.000.000 сая төгрөгийг 5 жил түгжин өөрсдөө ашигласан байна.

6. М.Цэцэгмаагийн торгуулийн ял эдлэх хуулийн хугацаа өнгөрсөн хойно хууль бусаар уг ялыг хууль бусаар эдлүүлсэн байхаас гадна ганц худагт хоригдсон хоногт нь дүйцсэн хэмжээг торгуулиас нь хуулийн дагуу хасах учиртай атал хасалгүйгээр төлүүлсэн байна. Түүгээр ч үл барам торгуулийн21.0 сая төгрөгийг уг асуудлыг сөхөх хүртэл төрийн санд хийлгүй хэдэн жил зувчуулан ашиглаж байжээ.

7. М.Цэцэгмаад оноосон төлбөрийг түүний эзэмшлийнх нь 1 обект болон 1 газрыг худалдах замаар төлүүлсэн хэрнээ төлүүлээд илүү гарсанмөнгийг нь одоо хүртэл түүнд буцаан олголгүй хохироож байна.

8. Түүнчлэн үнэгүйдүүлсэн бусад жишээг болон 13 газар огт ор сураггүй болсон гэх мэтийн бүр байхгүй болсон хөрөнгүүдийг тооцвол олон тэрбумын хохирол учирсан байна.

9. Хөрөнгийг нь зарж эргэн төлүүлэх нөхцөлтэйгөөр хохирлын 50%-ийг буюу 5,9 тэрбум төгрөгийг төрөөс “түр төлсөн” боловч хөрөнгийг дээрхи жишээгээр үрэгдүүлэн завшиж, бусдад бага үнээр хөлжих боломжийг олгосоноор төрийн хөрөнгийн эзэн 3.0 сая ард түмэн мөн хохирч үлджээ.

Өмнө нь УИХ-аас ажлын хэсэг томилогдон ХЗХ-дын хэргийн учрыг олхоор ажиллаж байсан. Мөн Хууль Зүйн Сайд Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ХЗХ-дын хөрөнгийг хэрхсэн талаар шалгалт хийсэн боловч аль аль нь асуудалд нэг бүрчлэн хандалгүй “ерөнхийдөө төрийн буруу байна” гэсэн тоймдүгнэлт гаргасан нь Глобын гэх хэргийн хохирлыг барагдуулах зорилгоор хураагдсан хөрөнгийг хадгалж хамгаалах, худалдан борлуулах бүх ажиллагаа дээрхи жишээгээр хууль бусаар хийгдсэнийг илрүүлэлгүй орхиход хүргэснээр 1233 хохирогч төдийгүй байна. Надад болон миний гэр бүлд учирсан хохирол буянаараа болог. Бидэнд хөрөнгө мөнгө үлдэх эсэх нь хамаагүй, хамгийн гол нь Глобын хэрэгт хураагдсан хөрөнгөтэй холбоотой бүх ажиллагааг шалган хууль бус дуудлага худалдаануудыг хүчингүй болгож бүх хөрөнгийг Иргэний Хуулийн 177-р зүйлийг ягштал баримтлан зах зээлийн үнэ ханшаар нь дахин худалдан борлуулах замаар иргэдийн болон төрийн хохирлыг төлөх нь шударга ёсонд гүнээ нийцнэ.

Иймд УИХ-аас ажлын хэсгийг дахин байгуулж Глобын гэх хэргийн хохирлыг төлүүлэхээр хийгдсэн шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд бүхэлд нь шалгалт хийж хууль бус үйлдэлүүдийг илрүүлэн болон хөрөнгийг зах зээлийн ханш, хэлбэр, чанар, байдлыг нь харгалзан үнэлэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулах боломжыг олгосон ЗГ-ын 242-р тогтоол гэгчийн учрыг олж зохих арга хэмжээг авч өгнө үү?

Хүсэлт гаргасан Жудагийн Мэндбаяр

2015 оны 5-р сарын 11

Categories
мэдээ нийгэм

Балбад Монголоос эхний тусламжууд очжээ

Балбын Вант Улсад хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүний амь нас эрсдэж, эд материалын их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Балбын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэв.Энэхүү тусламжийн хүрээнд, шархыг эдгээх, шархны төлжилтийг түргэсгэх зориулалтын Панкибсин, Хоромхон зэрэг үндэсний үйлдвэрийн эм, эмийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж, гамшгийн голомтод хүргэх болжээ. Мөн иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагуудын зүгээс хандивын аян өрнүүлж эхлээд байгаа билээ. Балба улсад жуулчлалаар явж байгаа А.Эрдэнэтуяа, Ж.Саруулбуян, А.Жавзандулам нартай ЭСЯ-наас холбогдож, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж Катманду дахь Өргөмжит Консулын газарт авчирч аюулгүй газарт байрлуулаад байгаа аж. Мөн манай улсаас эхний тусламжийг ЭСЯ-аараа дамжуулан олгоод байна. Балба улсад тог цахилгаан, харилцаа холбоо, интернет тасарч, байнгын чичэрхийлэлтэй байгаа талаар бидэнд мэдэгдэв. Катманду хотын олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр оройноос олон улсын нислэг үйлдэж эхэлсэн, одоогоор гадаадын 8000 гаруй иргэн нисэх буудал дээр хонон өнжин нислэгээ хүлээн дугаарлан, ачаалалтай ажиллаж байгааг албаныхан мэдээлжээ.