Categories
мэдээ нийгэм

Худагт унаж амиа алджээ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хил хамгаалах ерөнхий газрын урд талд бие тамирын талбайн хажууд ус дүүрсэн дулааны худагт хүн унаж нас баржээ. Энэ тухай дуудлагыг 2015.05.09-ний өдрийн 16:15 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн О /53 настай, эмэгтэй/ худагт унаж нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар ангийн хүүхэд усанд осолджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын VIII багмийн нутаг дахь Далангийн голд 12 настай хүүхэд осолджээ. Хүүхэд усанд живсэн тухай дуудлага энэ сарын 8-ны 17.40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд дөрвөн алба хаагч ажиллаж цогцсыг гаргажээ. Талийгаач Даланзадгад сумын Эрдмийн гэгээ сургуулийн зургадугаар ангид сурдаг байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Архангай аймгийн өрсөлдөх чадвар сайжирчээ

Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын 2014 оны тайлан сэдвээр өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд хэв­лэлийн хурал зохион бай­гууллаа. Тайланг Эдийн засаг, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми, мэргэ­жилтэн Ч.Ганбат, менежер И.Одончимэг болон Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг, төслийн ажилтан Г.Гантуяа нар танилцуулсан юм. Уг судалгааг эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтцийн хөгжил гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр харьцуулж хийдэг бөгөөд нийт 180 орчим үзүү­­лэлтээр гаргадаг аж. Тайлангаас харахад Орхон, Өмнөговь, Дархан-Уул зэрэг уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, шилжих хөдөлгөөн багатай, хүн ам нь жилд дунджаар 1.8 хувиар нэмэгдсэн хотожсон аймгууд тэргүүлсэн байна. Өрсөлдөх чадвараар тэргүүлж буй Орхон аймгийг зуун оноотой гэж үзвэл Өмнөговь аймаг 87, Дархан-Уул аймаг 86 оноотой байгаа юм бай­на. Харин Баян­хонгор 46, Дундговь аймаг 30 оноогоор сүүл мушгиж байгаа гэсэн тооцоо гарчээ.

Өрсөлдөх чадварын оноо­гоо хамгийн ихээр сайжруулсан аймагт Архангай аймаг оржээ. Тус аймаг нэг хүнд оногдох хадгаламжийн хэмжээ нь 431-521 мянган төгрөг болсон бол нэг өрхөд оногдох малын хэмжээ нь 249-275 болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Хамгийн муу үзүүлэлттэй гарсан Дунд­говь аймаг хөдөлмөрийн зах зээл маш тааруу, замын чанар муу учир сүүлийн гурван жилд хүн амынх нь тоо 46-44 мянга буюу жил бүр мянган хүнээр хорогдсон тайлан гараад байгаа юм байна. Баруун аймагт цахилгааны үнэ хамгийн хямд байдаг бол зүүн аймгуудад өндөр үнэтэй байдгаас шалтгаалж амь­жиргааны түвшинд ч нөлөөл­дөг гэж мэргэжилтнүүд хэлж байв. Өрсөлдөх чадвараа хамгийн ихбуюу есөн нэгжээр ахиулж сайжруулж чадсан Архангай аймгийн хувьд хөдөл­мөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл бууран, эхийн эндэгдэл цөөрч, чадварлаг удирдах ажилтнуудтай бол­сон, гадаад хэлний мэдлэг дээшилсэн, төсвийн эрх мэдэл чанаржин, татвараас зайлсхийхээ больсон гэнэ.

Л.ЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-аас АХМАД ДАЙЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орон, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд залуу халуун нас, амь биеэ зориулан баатарлаг гавъяа байгуулсан ахмад дайчиддаа Ялалтын баярын 70-н жилийн ойн мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ.


Ард түмнийхээ амар амгалан, ирээдүй, хойч үеийнхээ хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэсэн Ахмад дайчин бэлтгэл хошууч Баастын Рагчаа, бэлтгэл хурандаа Гомбожавын Шагдар, бэлтгэл хошууч Цэндийн Батсуурь нарт ЦЕГ-ын даргын талархал, дурсгалын зүйлийг гардуулж өгсөн юм. Нас хэдийгээр 90 гарсан боловч түүхт ойдоо парад хувцсаа өмсөн бэлтгэж, дурсамж дурдатгалаа ярьж суугаа ахмадуудаараа цагдаагийн алба хаагч нар бахархдаг юмаа.
Эх оронч, дайчин уламжлалаа хойч үедээ өвлүүлсэн байгуулсан гавьяатай, баатарлаг үйлстэй ахмадуудаараа бид үеийн үед бахархах болно.

Categories
мэдээ нийгэм

С.Боргил: Бидэнтэй улс төрийн хүчнүүд, УИХ-ын гишүүд ч ирж уулзаж байна

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргилоос дараахь тодруулгыг авлаа.

-Хөдөлмөрийн үндэсний намыг шинэчлэн зохион байгуулж, улс төрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсноо зарлалаа. Ямар бодлого, үйл ажиллагаагаа явуулах вэ?

-Хөдөлмөрийн үндэсний нам ээлжит бус Их хурлаа тавдугаар сарын 4-нд хийсэн. Яагаад вэ гэвэл хоёрдугаар сарын 13-нд “Хөгжил хүн” клубээс “Үндэсний хөгжил Монгол хүн” сэдэвт чуулганыг зохион байгуулахдаа бид улс төрийн хүчин болохоо зарласан. Дараа нь дөрөвдүгээр сарын 28-нд “Үндэсний хөгжил Монгол зорилго” чуулганыг хийхдээ улс төрийн нам болно гэдгээ бас мэдэгдсэн. Бидэнтэй хамтарч ажиллах улстөрчид, улс төрийн нам байвал үйл ажиллагаа, зорилгоо нэгтгэх боломжтой гэдэг уриалгаа ч гаргасан. Энэ уриалгын дагуу зарим нэг улс төрийн хүчин холбогдсон. Хөдөлмөрийн үндэсний намынхантай холбогдож “Та бүхэн энэ намыг үргэлжлүүлээд цааш нь аваад яваач ээ. Та бүхний бодлого зорилго бидэнд таалагдаж байна” гэсэн санал тавьсан. Үүний дагуу бид Хөдөлмөрийн үндэсний намын Их хурлыг хийж шинэчлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

-Та нар яг юунд найдаж улс төрд орж байгаа юм. Баруун, зүүний аль үзэлтэй байх вэ?

-Өнөөгийн нөхцөл байдал, хүндрэл, мухардлаас гарах гарцыг бид олсон гэж харж байгаа. Хоёр ч удаа салбар салбарын мэргэжилтнүүдийг хамарсан томоохон чуулган зохион байгуулсан. Эндээс бид бодлого, шийдэлд тодорхой байр суурьтай байж чадахуйц баг бүрдүүлсэн. Салбар салбараас нийт 200 орчим хүн байна. Талаас илүү хувь нь шинжлэх ухааны докторууд байгаа. Ер нь салбартаа танигдсан, гадаад дотоодод явж мэргэжил эзэмшсэн хүмүүс байгаа. Ер нь 25 жил явж ирсэн энэ тогтолцоо хүнээ орхичихсон. Бид хүн төвтэй “Хүн дээд” гэсэн бодлого, үзэл баримтлалтай байна. Тэгэхээр хүндээ хандсан үйл ажиллагаа явуулна гэдэг маань илүү зүүний чигтэй байна. Монголын нийгэм маань ч зүүний чигтэй байхаас аргагүй жижиг.

-“Хүн дээд” үзэлд ямар заалтууд орох вэ. Хүнээ яаж дээдлэх юм?

-“Хүн дээд” үзэлд таван багц асуудал орно. Нэгдүгээрт хоол хүнс, хоёрдугаарт орон байр, гуравдугаарт эрүүл мэнд, дөрөвдүгээрт боловсрол, тавдугаарт орлого яригдана. Хүн дээд үзлийн дараагийн хэсэг нь нийгэмд чиглэнэ. Нийгмийн асуудал бас таван багц болно. Бид дандаа нийгэм болон хүний асуудлыг хольдог. Тодруулбал, нэгдүгээрт хүрээлэн буй орчин, хоёрдугаарт эрх зүйн шударга орчин, гуравдугаарт баялаг бүтээгчдийг дэмжих, дөрөвдүгээрт баялгийн тэгш хуваарилалт, тавдугаарт үндэсний оршихуй гэсэн ийм үндсэн хүрээнд асуудлууд яригдана. Манай бүх үзлийн төвд хүн яригдана.

-Та бүхний ярьж байгаа энэ асуудлыг шийднэ гэж бүх улс төрийн хүчин ярьдаг. Хийдэг хэсэг ч байгаа л биз дээ?

-Улаанбаатарын хүн амын хэдэн хувь нь орон сууцанд, хэдэн хувь нь бохирын системгүй орчинд амьдарч байгаа вэ. Хэдэн хувь нь цэвэр агаарт амьдарч чадаж байгаа юм. Өнөөдөр аймгийн төвүүдэд агаарын бохирдол яригдаж эхэлж байна. Стрессийн түвшингээрээ бид дэлхийд дөрөвт, бөөрний өвчлөлөөрөө гуравт орж байна, ер нь бүхий л өвчлөл, осол эндэгдлээр тэргүүлж байна. Бусдын жишгээр амьдарч чадаж байна уу гэвэл үгүй л гэж хэлнэ.

-Тэгвэл энэ хүндрэлүүдийг яаж алга болгох вэ. Мөнгө санхүү, төрийн эрх та бүхэнд хэрэг болох байх?

-Өнөөгийн хүндрэлийг яаж давах вэ гэж ярьдаг. Манайхан цаг зуурын ажил хийсээр байгаад өнөөдөр хүндрэлээс гарахааргүй болтлоо шигдчихлээ. Тиймээс бид энэ зорилгоо яаж тодорхойлж байгаа вэ гэвэл 2025, 2035, 2050 он хүртэл гэж харж байгаа. Бид 2025 онд иргэншсэн нийгмийнхээ анхны суурийг тавина. 2035 онд чинээлэг нийгэм болох эхлэл тавигдана. 2050 онд манайхан чинээлэг, аз жаргалтай Монгол орныг бүрдүүлсэн байна гэж харж байгаа. Өнөөдөр ийм зүйл хийнэ гэхээсээ илүү цаг хугацааны холыг харж байгаа хэрэг.

-Тэгээд АН, МАН-ыг яаж ялж энэ ажлаа хийх эрх мэдлийг олж авах юм. Гуравдагч хүчнийг ард түмэн сонгоно гэж найдаад байгаа юм биш биз?

-Гуравдагч хүчний орон зайг харахаас илүүтэйгээр бид энэ бүхнийг заавал хийх ёстой үүргээ гэж ойлгож хүлээж авч байгаа. Бид өөрсдийгөө улсынхаа гаргаж чадах, бэлтгэгдсэн, мэргэшсэн хүмүүс гэж боддог. Улс эх орон биднийг ямар нэгэн хэлбэрээр бэлтгэсэн, боловсруулсан учраас бидний үүрэг одоо ирлээ. Тиймээс бид үүргээ биелүүлэх ёстой гэж харж байгаа болохоос сул орон зайг ашиглах гээгүй. Мэдээж сонгуульд оролцоно.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар та бүхний ард байгаа нь үнэн үү?

-Байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байна. Бидэнтэй их ч олон хүн ирж уулзлаа. Улс төрийн хүчнүүд, УИХ-ын гишүүдээс ч хүмүүс ирж уулзаж байна. Бидний ард бид өөрсдөө л байгаа.

-Та бүхнийг байгуулагдаж амжаагүй шахам байж фракц болж хуваагдлаа гэж байгаа?

-Юун фракц байх вэ. Тийм зүйл ёстой байхгүй. Ойлголцлын түвшин өндөр­тэй, боловсрол, мэдлэг, ажлын туршлага гээд биднийг нэгтгэдэг зүйл их байгаа. Дээр ньзорилго маань биднийг хамгийн сайн баг болгож байгаа.

Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ нийгэм

Гүтгэн, доромжлохыг Эрүүгийн хэргээс хасахыг НҮБ зөвлөжээ

Швейцарийн Женев хотноо тавдугаар сарын 5-нд хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ажлын хэсгийн 22 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүллээ.

Хуралдаанд үг хэлсэн ихэнх улс орнууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн анхны хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тавьж буй Монгол Улсын хүчин чармайлтыг сайшааж, цаашид ололт амжилтаа бататгах, эрх зүйн шинэчлэлээ эрчимжүүлэхийг зөвлөлөө. Тус хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн нийт 68 улсын төлөөлөгчид цаазаар авах ялыг бүрмөсөн халах, эрүүдэн шүүлт, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах механизмыг бүрдүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулах, гүтгэх, доромжлохыг эрүүгийн гэмт хэргээс хасах асуудлыг ярилцжээ. Мөн иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, жендерийн тэгш байдлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, шилжин суурьшигсад, хотын захын гэр хорооллын иргэд, бичил уурхайчид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон малчдын эрхийг хангах, хамгаалах, бэлгийн цөөнх, эмэгтэйчүүд зэрэг бүлгийн эсрэг ялгаварлан гадуурхалт, эрхийн зөрчлийг таслан зогсоох хэрэгтэй байгаа талаар ярилцсан байна. Энэ хүрээнд бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүний эрхийн боловсролыг бүх түвшинд, ялангуяа төрийн албан хаагчдад олгох, хүний эрхийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх үр нөлөөтэй бодлогыг хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг дэвшүүлж, зөвлөмж өглөө.

Хуралдаанаар эхийн эндэгдэл, анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ, авлига, насанд хүрээгүй хүмүүсийн шүүхээр хэргээ хянан шийдүүлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн малчдын эрх, бичил уурхайчдын хүний эрх, хот дахин төлөвлөлтийг тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулах асуудал, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, “Аюулгүй байдал ба Хүний эрх” олон улсын санаачлагад нэгдэх, Минаматагийн конвенцийг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах зэрэг асуудлыг хөндсөн байна.

Монгол Улсыг НҮБ-ын хүний эрхийн гол гэрээ конвенцуудад нэгдэн орсныг сайшааж, цаашид Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 21, 22, Арьс үндсээр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 14-р зүйлийг хүлээн зөвшөөрөх, Цагаач ажилчид, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай конвенци, Дүрвэгсдийн конвенциуд, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 189 дүгээр конвенци, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3-р нэмэлт протокол зэрэгт нэгдэж орохыг зөвлөжээ.

Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн алхмуудыг олон улсын зүгээс сайшаахын зэрэгцээ Хүний эрхийн үндэсний комиссыг Парисын зарчимд улам бүр нийцүүлэх, хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх алхмуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэйг дуулгажээ.

Categories
мэдээ спорт

Монгол-БНХАУ-ын тоглолт 20.00 цагаас эхэлнэ

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр хэсгийн эхний тоглолтууд болсон бөгөөд Япон, Тайвань, Монгол, БНСУ-ын багууд хожил байгуулсан.

Өнөөдрийн тоглолт 14.00 цагаас “А” хэсгийн БНСУ-Хонгконгийн тоглолтоор эхэлнэ. Харин энэ хэсэгт багтсан манай волейболчид 20.00 цагаас БНХАУ-ын багтай тоглох юм. Хэрвээ манай шигшээ баг хожиж чадвал хагас шигшээд өрсөлдөх юм. Учир нь өчигдөр залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн урд хөршийн баг БНСУ-т 0:3-аар хожигдсон билээ.

Одоогоор “А” хэсгийг БНСУ, Монгол, “В” хэсгийг Япон, Тайвань улс нэг хожилтой тэргүүлж байна.


Ням гаригт болсон тоглолтын дүн:

  • Япон vs БНАСАУ 3:0
  • Макао vs Тайвань 0:3
  • Монгол vs Хонгконг 3:0 (27:25, 25:21, 25:16)
  • БНХАУ vs БНСУ 0:3

Өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр болох тоглолтын хуваарийг танилцуулж байна.

V.11 (Даваа гариг)

  • 14.00 ХонгКонг vs БНСУ
  • 16.00 Тайвань vs БНАСАУ
  • 18.00 Япон vs Макао
  • 20.00 Монгол vs БНХАУ

Монголын волейболын холбооноос өөрийн эх орондоо Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь удаагаа хийхэд бэлэн болоод байна. Өмнө нь 2000, 2008 онуудад Улаанбаатар хотод болоход эмэгтэй шигшээ баг 2000 онд МӨНГӨ, 2008 онд ХҮРЭЛ медаль хүртсэн билээ. Харин тус тэмцээнээс эрэгтэй баг хараахан медаль хүртэж чадаагүй байна.

Баг, тамирчдаа дэмжээрэй.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхны нэмэлт дархлаажуулалт сөрөг нөлөөгүй гэв

-Улаанбурхны товлолт вакцинаа хийлгээд 28 хоног өнгөрсөн бол нэмэлт дархлаажуулалтад орно-

Энэ сарын 15-наас арав хоногийн хугацаанд зургаан сартайгаас зургаан нас хүртэлх бүх хүүхдэд улаанбурхны нэмэлт дархлаажуулалт хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халуурах болон хордлогоор эхэлж, нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрх толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжээр илэрч, ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусийн гаралтай цочмог халдварт өвчин. Насанд хүрэгсдийн хувьд энэ өвчин амь наснаас холуур бол бага насны хүүхдүүдэд хүндрэл гарах магадлалтай байдаг аж.

Товлолт вакцин нь улаан бурхан-гахайн хавдар-улаануудын вакцин бол нэмэлт дархлаажуулалтаар зөвхөн улаан бурхны вакцин хийх юм байна.

Тавдугаар сарын 15-наас арав хоногийн хугацаанд зургаан сартайгаас зургаан нас хүртэлх бүх хүүхдэд улаанбурхны нэмэлт дархлаажуулалт хийнэ.

Нэмэлт дархлаажуулалтаас үүдэн сөрөг нөлөө гарч магадгүй гэсэн айдас эцэг эхчүүдийн дунд байна. Тодруулбал, товлолт вакцинаа бүрэн хийлгэсэн эсвэл хийлгээд сар өнгөрсөн бол нэмэлт дархлаажуулалтад орох эсэх талаар эргэлзээ байгаа юм.

Тэгвэл товлолт вакцинаа бүрэн хийлгэсэн ч нэмэлт дархлаажуулалтад орох шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл товлолт вакцинаа хийлгээд 28 хоног өнгөрсөн л бол нэмэлт дархлаажуулалтыг хийлгэнэ. Харин 28 хоног болоогүй бол энэ хугацааг гүйцээгээд нэмэлт дархлаажуулалтыг хийлгэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Интермед” эмнэлэг өнгөрсөн жилийн хугацаанд 10 мянга гаруй хүнд үйлчилжээ

Гадаадад эмчлүүлэх урсгалыг багасгахын тулд дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ явуулдаг “Интермед” эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхлээд нэг жил болжээ. Ойн хүрээнд “Эрүүл ирээдүйн төлөө” уриалга гарган эрүүл мэндийг дэмжих гурван сарын аян эхлүүлсэн байна. Аяны хүрээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор хоногийн үнээ 90-100 мянган төгрөгөөр хямдруулжээ. Мөн сайн үйлс хийхийг уриалан эмзэг бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийхийн зэрэгцээ тоглоом, ном, хувцас зэргийг бэлэглэсэн байна. Хүүхдүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй иргэнд үнэ төлбөргүй үзлэг хийн оношилжээ. Бүтэн жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа иргэдээс онц үнэлгээ авсан тус эмнэлэг дээр очлоо. Өвчтөн хүлээж авах танхим нь дотно сэтгэгдэл төрүүлэхээр дизайнтай юм. Бүртгэлийн ажилтан орж ирсэн хүмүүсийг бүртгэж аваад карт нээж өгөх ажээ. Карт нээлгэснээр тухайн өвчтөний түүх үүсэж байгаа гэсэн үг. Үүнийхээ дараа биеийн өндөр, жингээ хэмжүүлж цусны даралт, захын мэдрэлийн судсан дахь хүчилтөрөгчийн хэмжээгээ үзүүлээд нарийн мэргэжлийн эмчид үзүүлдэг юм байна. Ингээд эмч нар шаардлагатай үйлчилгээгээ хийгээд явах ажээ.

Тус эмнэлгийн давуу тал нь урьдчилан сэргийлэх үзлэгийн төвтэй. Энд нүд, чих, ходоод, бүдүүн гэдэсний дуран, ЭХО, зүрхний бичлэг, уушгины үйл ажиллагаа, биеийн бүтэц тогтолцооны шинжилгээ, цус, шээс, өтгөний зэрэг бүх төрлийн шинжилгээ хийдэг. Ямар ч насны хүмүүс тус төвд хандаж шинжилгээ хийлгэж болох бөгөөд эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулж хавдар зэрэг далд явцтай өвчнийг эрт илрүүлэх боломжтой юм байна. Тухайлбал, тус төвийн шинжилгээнд хамрагдсанаар хавдрыг эрт үед нь илрүүлэх, элэгний В, С вирусыг эрт оношлох боломжтой ажээ. Нэг жилийн дотор тус төвөөр 10 мянга гаруй хүн үйлчлүүлсэн бөгөөд тэдний 80 орчим хувь нь ямар нэгэн өвчин эмгэгтэй байсан гэнэ. Урьдчилан сэргийлэх төв нь үзлэгийн, чиглэсэн, бусад гэсэн гурван төрлөөр багц шинжилгээ хийлгэх боломжтой бөгөөд төрлөөсөө хамаарч 216 мянгаас 3.5 сая төгрөгийн үнэтэй юм байна. Бас нэг онцлог нь байгууллагад зориулсан багц шинжилгээ хийх юм билээ. Тухайн байгууллага ажилтнууддаа шинжилгээ өгөх захиалга өгвөл үйл ажиллагааны онцлогт тохируулан оношлох ажээ. Тус төвийн тасгийн эрхлэгч Ц.Батхишиг “Манай төвд хийгдэж байгаа шинжилгээг хийлгэхээр гадагшаа явах хүмүүс их байсан. Харин манайх нэг дор төвлөрсөн үйлчилгээ явуулж эхэлснээр гадагшаа явах урсгал багассан байх. Иж бүрэн шинжилгээнд ороход дээд тал нь дөрвөөс таван цаг болно. Шинжилгээний хариу төрлөөсөө хамаарч тухайн өдөртөө юмуу 2-3 хоноод гарна. Нэмж хэлэхэд манай эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар гадаадын өндөр хөгжилтэй улсад мэргэжил дээшлүүлсэн хүмүүс байдаг. Тэгэхээр шинжилгээний хариуг дүгнэж оношлох бүрэн дүүрэн чадвартай” гэв.

Бас нэг давуу тал нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй дүрс оношилгооны тасагтай. Дэлхийд тэргүүлэгч “Siemens” брэндийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж эднийд бий. Соронзон резонанст томографи, компьютерт томографи, хөхний рентген аппарат, ясны сийрэгжилтийн аппарат, өнгөт болон допплер ЭХО аппарат, зөөврийн ЭХО аппарат, хагалгааны зөөврийн рентген аппарат, шүдний дэлгэмэл аппараттай. Шинжилгээний мэдээлэл эмнэлгийн серверт 70-90 жилийн турш хадгалагдах тул хүссэн үедээ ирээд шинжилгээнийхээ хариуг авч болох ажээ.

“Интермед” эмнэлэг гуравдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Дотроо хэвтэн эмчлүүлэх 90 ортой. Мэс засал, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, бөөр, уушги, дотоод шүүрэл, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн үндсэн тасаг, нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, арьс, харшлын нарийн мэргэжлийн кабинетуудтай ажээ. Лаборатори нь клиник лаборатори, молекул, биологи, нян судлал, эд эсийн шинжилгээ хийдэг. Бүх тоног төхөөрөмж нь Япон, ХБНГУ, БНСУ, Швейцарь зэрэг өндөр хөгжилтэй улсын хамгийн сүүлийн үеийн брэндийнх юм байна. Харин удирдлагын бүтцэд гадныхан ажиллаж байгаа бөгөөд Америкийн “United family” эмнэлгийн сүлжээнд нэгдэн тэдэнтэй ижил түвшний үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Тус эмнэлгийн бас нэг давуу тал нь гишүүнчлэлийн үйлчилгээтэй. Хэрэв та гишүүнчлэлд хамрагдвал долоо хоногийн аль ч өдрийн хүссэн цагтаа дуудлагын үйлчилгээ авч болно. Бас зарим үйлчилгээг төлбөргүй авах, хөнгөлөлт эдлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн багцад хамрагдах гэхчлэн үйлчилгээг авах эрхтэй болох юм байна. Гишүүнчлэлд хамрагдах бол хувь хүнийх эсвэл гэр бүлийнхийг сонгох боломжтой. Хувь хүн гишүүнчлэлийн төрлөөс хамааран 700 мянгаас 1.7 сая төгрөгийн төлбөр төлөөд бүтэн жилийн турш дээрх үйлчилгээг авч болох юм. Харин гэр бүлийн гишүүнчлэлд 2-6 хүнтэй айл хамрагдаж болох бөгөөд 1.4-5.1 сая төгрөг ажээ.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Гурван хүүхэд галд амиа алджээ

Энэ сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 11-р гудамжийн 17 тоотод иргэн А-гийн 8х12 харьцаатай палкан байшин шатаж, бага насны гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Гал түймрийн дуудлагыг 8-ны өдрийн 14:13 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Галын улмаас Б /2 настай, эрэгтэй/, А /10 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/ нар амиа алджээ. Иймд Онцгой байдлын газраас бага насны хүүхдээ харж хандах хүнгүй орхихгүй байх, гэрт нь цоожлохгүй байх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.