Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарчээ

Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн татварын Газар хамтран татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан “Дэлхийн хот-Улаанбаатар” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний нээлтийн ажиллагааны үеэр Нийслэлийн татварын газрын дарга Б.Ганболд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлд нийслэлийн “Шилдэг татвар төлөгч иргэн” хэмээх хүндтэй шагналыг гардуулжээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 2008 онд “Хан-Уул дүүргийн шилдэг татвар төлөгч иргэн” шагналыг мөн хүртэж байжээ. Тухайн үед Хан-Уул дүүргийн Татварын албаны хамт олон хуулийн дагуу шударгаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо цаг хугацаандаа хэрхэн, ямар татвар төлөх ёстой талаар нарийн зөвлөгөө өгч байсныг Ц.Оюунгэрэл гишүүн онцлон дурдлаа. Тэрбээр Монгол улсын иргэн, эх орондоо хайртай хүн бүрийг татвараа шударгаар төлж байхыг уриалсан юм.

Categories
мэдээ улс-төр

Энэтхэгийн Элчин сайдтай санал солилцов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр энэ тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцон ярилцав.

Монгол Улсад ноён Н.Модигийн хийх энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд Монголд хийж буй анхны айлчлал бөгөөд энэ 2015 онд тохиож байгаа Монгол Улс, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Categories
мэдээ улс-төр

Сайд С.Эрдэнэ хуулийн төслүүд өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2015.05.11/ өргөн барилаа.

Хуулийн төсөл өргөн барих үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Монгол Улсын Үндсэн хуулийн 16.11 дэх хэсэгт гэр бүл эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах үүрэгтэй гэсэн заалт бий. Мөн Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон. Гэвч боловсролын орчноос бусад орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуулиар хориглоогүй” хэмээн танилцуулав.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь 20 гаруй жил хэрэгжиж байгаа материаллаг шинжтэй хууль бөгөөд хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтийг хянах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх арга зам, зохицуулалт, хариуцлагын тогтолцоог нарийвчлан тодорхойлсон хуулийг шинээр батлан гаргах шаардлагатай болсон хэмээн үзэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Эдгээр хуулийн төслүүдийг Монголын хүүхдийн байгууллагын 90 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд УИХ-д өргөн барьж байгаа нь онцлогтой болохыг хуулийн төслийг өргөн барих үеэрээ УИХ-ын даргад танилцуулсан юм хэмээн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн өршөөлийн хуулийг яаравчлуулна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тус намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-аар цаг алдалгүй хэлэлцэх шатанд яваа 44 хуулийн төсөл байгааг ярилцсан байна. Тодруулбал, ойрын хугацаанд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэргийн тухай хуулийн төслүүд болон татварын багц хуулиудыг УИХ-ын чуулганд яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Мөн Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох хуулийн төслүүд дээр санал солилцож, анхны хэлэлцүүлэгт оруулахаар тогтжээ. Энэ үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан зарим асуултад хариулт авлаа.

-Нийслэлийн албан татварын хуулийг АН-ын бүлэг дэмжиж байгаа юу?

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

-Нийслэлийн албан татварын тухай хуулийг байнгын хороо руу эргүүлэн татсан байгаа. АН-ын бүлэг хуулийн төслийг хэлэлцэж батлахыг дэмжиж байгаа. Хуулийг нийтэд танилцуулах мэдээлэл түгээх асуудал доголдолтой байх шиг байна. Энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр улс төрийн шинж агуулаад байгаа.

-Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор ямар шинэ зохицуулалт бий болох вэ?

-Бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог доголдолгүй болгох, эдийн засгийг бүрэн тодорхойлж чадах тоон мэдээлэлтэй болох агуулгаар орж ирсэн. Өөрөөр хэлбэл бүртгэлд ороогүй орлогыг бүртгэснээр эдийн засгийн ил тод байдлын тогтолцоог бий болгоход чиглэсэн хууль. Эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийн төслийн хүрээнд татвар, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой ял шийтгэлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгох асуудал яригдаж байгаа.

-Хичнээн аж ахуй нэгж өршөөлд хамрагдах талаар тооцоо судалгаа байна уу?

-Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 11 мянга гаруй аж ахуй нэгж бий.

-Эдийн засгийн өршөөл үзүүлэхтэй холбоотойгоор маргаантай зүйл гарсан. Тухайлбал аж ахуй нэгжүүдийг тэгш хамруулах, шударга байдлыг хангах чиглэлээр ямар зохицуулалт хийгдсэн бэ?

АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа:

-Өнөөдөр бол хуулийн төслийг ерөнхийд нь хэлэлцэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн. Засгийн газар хуулийн төслөө оруулаад ирэхээр заалт нэг бүрийг авч үзнэ. Өмнөх бүлгийн хуралдааны үеэр шударга бус байдал бий болох, цаг тухайд нь татвараа тасралтгүй төлсөн байгууллагууд нь хохироод үлдэх нь гэдэг асуудал яригдсан. Тиймээс энэ асуудлыг онцгой анхаарахыг Засгийн газарт үүрэг болгосон. Засгийн газар анхаарч хуулиа оруулж ирэх байх.

-11 мянга гаруй асуудалтай аж ахуй нэгж байгаа гэж бүлгийн дарга хэлсэн. Эдгээр аж ахуй нэгжүүд бүгд өршөөлд хамрагдах уу?

-Надад бол 11 мянга гэдэг арай л их тоо юм шиг санагдаж байна. Байгууллага бүр өөр өөр зөрчилтэй байгаа. Хууль ороод ирэхээр ямар зөрчилтэй аж ахуй нэгжийг яаж хөнгөлөх вэ, ямар байгууллага нь хамрагдахгүй вэ гэдгийг нэг бүрчлэн үзнэ. Ажлын хэсэг ч ажиллана. Ялангуяа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй тохиолдолд энэ хуульд хамааруулахгүй байхаар зохицуулсан.

Categories
мэдээ нийгэм

6-р сарын 1 хүртэл авто замуудыг хаах хуваарь

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 8-наас 6 дугаар сарын 1-ны хооронд доорхи авто замуудыг хуваарийн дагуу хэсэгчлэн хаах болсон тул Жолооч, зорчигч та бүхэн өөр чиглэлийг сонгон зорчих, замын хөдөлгөөнд заасан тэмдэг, тэмдэглэлийн дагуу анхаарал болгоомжтой оролцоно уу.


Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ундармаа: “Single ladies” киноны хоёрдугаар анги гарна

Жүжигчин Г.Ундармаа “Шинэ үе” продакшнаас гарч, хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулж эхэлсэн. Тэрээр Анх нэгдүгээр эмнэлэгт аавыгаа сахиж байхдаа сахиурын өрөө ямар чухал болохыг ойлгосон. Учир нь эмнэлэгүүд хэвтэрт байгаа хүмүүсээ сайтар анхаардаг боловч тэднээс дутуугүй зовж шаналсан, ядарсан, хүнд байдалд орсон сахиурууд хаягддаг. Арга ч үгүй биз. Өвчтөнийг нь харна, хажуугаар нь сахиурыг нь харна гэж юу байхав. Ингээд би энэ аяныг эхлүүлсэн дээ, түүнээс би их мөнгөтэй биш. Энэ бүх зүйл дан хандивын мөнгөөр боссон. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгээс эхэлсэн энэ аян маань Хавдар судлалын үндэсний төвд үргэлжилнэгэж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэллээ.

Мөн тэрээр хандивын аянаас гадна өөрийн уран бүтээлээ ч мартсангүй, “Ю-Фильм” студийн бүтээл Single ladies инээдмийн киноныхоо хоёрдугаар ангийг хийж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ удаагийн ангид мөн л жүжигчин Туяа, Дөлгөөн, Ундармаа нар тоглож өмнөх ангид найз залуутай, нөхөртэй болсон бүсгүйчүүд дахин ганц бие болж байгаа тухай өгүүлнэ. Тэрээр энэ киноныхоо талаар Ганц бие бүсгүйчүүдэд жаргал зовлон байдгийн адил гэр бүлтэй эмэгтэйчүүдэд ч өөрийн гэсэн жаргал, бас бэрхшээл бий. Хүн өөрийнхөө аз жаргалыг мэдэрдэггүй, бусдын аз жаргал тэмүүлэх нь бий. Тиймээс таны аз жаргал дэргэд чинь байна шүү гэдгийг харуулахыг зорьсон” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 21-нд зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/339 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/647 дугаар захирамжаар тогтоосон 12 байршлаас 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дуудлага худалдаагаар зарагдаагүй үлдсэн 4 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 21-ний өдөр дахин зохион байгуулахаар боллоо. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг товлосон өдөр, баталсан анхны үнээс эхлэн зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Жүдочид тивийн аваргад зодоглоно

Жүдо бөхийн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Кувейт улсад тавдугаар сарын 13-15-нд болно. Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, шүүгчдийн зөвлөлийн дарга Б.Пагва, Ази тивийн аваргын дэнслэхээр уригдсан олон улсын шүүгч Д.Энхтүвшин, багийн эмч Ц.Ганзориг нар тамирчдын хамт Кувейт улсад очоод байна.

Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар тамирчдаа дасгалжуулан оролцоно.

ААШТ-НД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

ЭРЭГТЭЙ:

60 кг: ОУХМ.Г.Хэрлэн
66 кг: ОУХМ.Д.Төмөрхүлэг
73 кг: ОУХМ.Г.Одбаяр
81 кг: ОУХМ.О.Ууганбаатар
90 кг: ОУХМ.Л.Отгонбаатар
-100 кг: ОУХМ.Б.Ариун-Эрдэнэ
+100 кг: ОУХМ.Б.Тэмүүлэн

ЭМЭГТЭЙ:

48 кг: МУГТ.М.Уранцэцэг
52 кг: МУГТ.М.Бундмаа
57 кг: ОУХМ.Д.Сумъяа
63 кг: ОУХМ.Ц.Мөнхзаяа
70 кг: ОУХМ.Ц.Наранжаргал
-78 кг: ОУХМ.П.Лхамдэгд
+78 кг: ОУХМ.О.Жавзмаа

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүд нийгэмд нөлөөлөх талаар хэлэлцэнэ

“Бүх дэлхийн хүүхдүүд” сангаас Залуу охид эмэгтэйчүүд “Нийгэмд нөлөөлөх нь” сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэжбайна. Уг сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 16-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болох ба

Хамтран зохион байгуулагчаар“Итгэл сэтгэлийн гүүр” сан, , “Баянзүрх эмнэлэг ХХК, “Unbound foundation” олон улсын байгууллагын монгол дах салбар НАМОХ,МУИС-ийн оюутны холбоо, ЧД-ИТХ-иргэний оролцооны хэлтэс, Монголын үндэсний их сургууль хамтран зохион байгуулж байгаа аж.

Ивээн тэтгэгч байгуулагаар GRANDCOLORS PRINTING ” DSL ..LLC хэвлэл дизайны компаниоролцож байгаа гэнэ.

Уг сургалт, хэлэлцүүлгийн зорилго нь охид эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, дуу хоолойг нийгэмд хүргэх, эмэгтэйчүүдийн бүтээлч санааг дэмжин ажиллахад оршиж байгаа аж. Хэлэлцүүлгийг үеэр эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, эрүүл мэнд, хүний наймаа, гэр бүл төлөвлөлт гэсэн сэдвүүдийн хүрээнд өрнүүлэх бөгөөд 16-25 насны эмэгтэйчүүд оролцох боломжтой юм байна

Categories
мэдээ нийгэм

Айлчлалтай холбогдуулан зарим замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Бүгд Найрамдах Болгар улсын ерөнхийлөгч Росен Плевнелиев тавдугаар сарын 10-13-ны хооронд манай улсад төрийн айлчлал хийж байна. Уг айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч та бүхэн нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцох, мөн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд хүндэтгэлтэй оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.