Categories
мэдээ спорт

Чөлөөтийнхөн холбоогоо шинэчлэх Түр хороо байгуулжээ

Чөлөөт бөхийн хүрээнийхэн, дасгалжуулагчид, холбооны зарим албан тушаалтнууд санал нэгдэн “Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах Түр хороо” байгуулжээ. Тэд маргааш “Монгол ньюс” мэдээллийн төвд 12.00 цагаас мэдээлэл хийх аж.

Энэ үеэр МЧБХ-той холбоотой зарим баримтыг дэлгэж, холбооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тамирчин, дасгалжуулагчдын тэмцээн, уралдаанд оролцох эрх, боломжийг зөрчиж байгаа зэрэг бусад асуудлыг хөндөн мэдээлэл хийх юм байна. Хэвлэлийн бага хурлын дараа Түр хорооны гишүүд МЧБХ-нд Шаардах бичиг хүргүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ жилийн хүүхдийн баярыг Хүй долоон худагт тэмдэглэнэ

Хүүхдийн баярыг энэ жил Хүй долоон худагт тэмдэглэхээр болжээ. Ирэх зургаадугаар сарын 1 буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хотоос зайдуу цэвэр агаарт, машин тэрэгнээс хол, айх айдасгүй орчинд тэмдэглэхээр Монгол наадам цогцолборынхон бэлтгэл ажилдаа орсон байна. Баярын өдрийг угтан тавдугаар сарын 30, 31-нд Хүүхдийн урлагийн тоглолт, унадаг дугуйн уралдаан, өсвөрийн сур харваачдын тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээн, багачуудын бөхийн барилдаан, амьтны хүрээлэн, нохой тэжээгчийн цуглаан зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Categories
гадаад мэдээ

“Эбола”-гийн халдварын дэгдэлт зогсжээ

Эбола вируст халдварын дэгдэлт зогссоныг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор зарлажээ.

Энэ сарын зургааны байдлаар Эбола өвчний вируст халдварын 26 мянга 694 тохиолдол бүртгэгдээд байсан юм.

Энэхүү өвчний халдвар авсан 11 мянга 69 хүн нас баржээ. Одоо өвчний тархалттай байгаа Гвинейд ес, Сьерра-Леонд мөн есөн тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Харин өвчин дэгдээд байсан Либерит өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.

Тиймээс ДЭМБ-аас Эбола вируст халдварын дэгдэлт зогссоныг энэ сарын есны өдөр албан ёсоор зарлажээ.

Categories
мэдээ улс-төр

Ө.Энхтүвшин О.Баасанхүүд ханджээ

Таван хүүхдийн эх, 56 настай иргэнийг тэтгэвэртэй гарахын өмнө ажлын газрын удирдлагууд нь хилс хэрэгт гүтгэж хорих ялд унагасан талаарх мэдээлэл сошиал ертөнцөд хүчтэй тарсан. Мэдээж гэр бүлийнхээ нэр хүндийг бодсондоо, хэрэг арай ч ийм дээрээ тулахгүй байх гэж итгэсэндээ үр хүүхдүүд нь шүүхийн шийдвэр гартал хэргийг олон нийтэд ил гаргахгүйгээр хүлээцтэй байсан. Гэвч эцэстээ үнэн ялалгүй өвчтэй ээжийг нь төмөр торны цаана суулгасанд маш их гомдолтой байгаа үр хүүхдүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж эхэлсэн билээ.

Тэгвэл 2.1 жилийн ял сонсож хорих ангийн эмнэлэгт өвчинтэйгээ тэмцэн хэвтэж буй Э.Сүрэндулам гуайн давж заалдах шүүх хурал өнөөдөр болох юм байна. Тэгвэл Э.Сүрэндуламын ар гэрийнхэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд хандсан байна. Харин Ө.Энхтүвшиний зүгээс Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд ханджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мод тариад орхих нь хүүхэд төрүүлээд орцонд хаяхтай адил

Мод тарих өдөр өнгөрлөө. Сүүлийн үед монголчууд модыг бүхий л төрөл зүйлээр нь, хэдэн саяар нь тарьж байна. Энэ сайн хэрэг. Бүр тодруулбал арван жилийн өмнөөс мод тарих их ажлыг эхлүүлж, таван жилийн өмнө тухайлсан өдөр зааж өгсөн. Тиймдээ ч хавар, намрын мод тарих өдрүүдэд гурван саяулаа л тарьц, суулгац болж бужигнацгаах болжээ. Энэ өдөр хувь хүмүүс, байгаль орчны төлөөх байгууллага гэхээсээ илүүтэй төрийн байгууллагууд, улс төрийн бүлэглэлүүд энэ үйлсэд ихээр хамрагдах нь бий. Мод тарихдаа хүртэл улстөржиж уулын ар, амыг нам намаараа хуваан авч байгаа ч буянтай үйлс болохоор сайхан л харагдах юм. Харин нэг зүйлийг асуухад жилд тарьж буй хоёр сая орчим модноос ургасан нь хэд байна вэ. Ойн төгөл болж ургасан нь хаана байна вэ.

Сүүлийн жилүүдийн тарьц, суулгацын дүн мэдээг харвал том тоо гарах нь мэдээж. Тухайлбал, 2010 онд нэг сая 754 мянган ширхэг суулгацыг тарихад дөрвөн мянган албан газар, 220 мянган иргэн оролцжээ. Дараа жил нь сая 476 мянган ширхэг модыг 4669 аж ахуйн нэгж,156 мянган иргэдийн оролцоотой тарьсан бол хойтон жилд нь сая 562 мянган суулгацыг мөн тарьжээ. Ингээд 2013 онтой золгохдоо дахин хоёр сая 200 мянган суулгацыг тарьж нийтнайман сая гаруй мянган мод, бут, сөөгийн суулгацыг Улаанбаатар, 21 аймаг түүний ойролцоох газруудад дөрөвхөн жилд тарьсан. Бүр 2013 онд Улаанбаатар хотоос гадагш гарах дөрвөн чиглэлд авто замын дагуу 10 км ойн зурвас байгуулах ажлыг БОНХЯ-аас хэрэгжүүлж эхэлсэн тохиолдол ч бий. Ямартаа ч мод тарьж эхэлснээс хойших арван жилийн хугацаанд буюу өнөөдрийг хүртэл монголчууд маань шинээр 20 гаруй сая ширхэг зулзаган мод газарт шигтгэжээ. Нэг ширхэг суулгац төрөл зүйлээсээ хамааран мянган төгрөгөөс 200 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Нийт 20 гаруй сая модны өөрийнх нь үнийг бодоход л том тоо гарна. Харамсалтай нь бидний сүүлийн 10 жилийн энэ хөдөлмөр, хөрөнгө зарс­ны үр дүн хаана байна вэ. Мод тарьсны ул мөр, ухсан нүх ч үлдэхгүй байна. Бидний тарьсан мод бүхэн арчилгаагүйн улмаас борц болон хатаж, хог хаягдал болж байна.

Ингэж их мод тарьж бай­гаа ч өнөөдөр хотын гудамжинд 1960-1970 оны тэртээд тарьсан хэдэн хөгшин улиас л хүглийлдэж байгаа. Хөгширч харлаад, үндэс нь хөөж байшин барилгад халтай болсон гэдэг шалтгаанаар байгаа хэдийгээ харин ч тайрч, тасдах, авч хаях тохиолдол ихсээд байгаа. Олон мянган мод тарьж байгаа ч хаврын хаварт зулзаган моддын нахиалах, намрын намарт хагдрахыг харж чадахгүй байна. Уг нь модоо тарьчихаад араас нь арчилж торддог байсан бол Улаанбаатар аль хэдийнэ ногоон хот болчих байлаа. Зайсан уулаас, Долоон буудал хүртэлх зам дагуу 10 жилийн өмнө мод тарьсныг олигтойхон тордоод аваад ирсэн бол өнөөдөр хот үнэхээр өнгө засах байсан. Л.Амгалан Баянгол дүүргийн Засаг дарга байхдаа III, IV хороололд арван мянган саваа мод тарьж 2008 оны онцлох хүн болж байсныг хэвлэлийн шар хуудас гэрчилнэ. Харамсалтай нь нэг ч ширхэг саваа мод ургаж, нахиагаа дэлгэсэнгүй. Одоо бүр суулгасан нүх нь хүртэл аньж эдгэжээ. Мод тарьсны үр дүн гэвэл ийм л байгаа.

Бас ойд ургаж ядан байсан хичнээн мянган зулзаган нарсыг суга татан авчирч үгүй хийв. Зургаан жилийн өмнөх хавар билээ. Хотын гудамжаар дүүрэн шинэхэн, залуу нарс ногоорч байсан. Бүр тодруулбал, Гандангийн урд талбай, Баруун дөрвөн замаас, Таван шар, Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэл бараг арван мянган нарс суулгаж байлаа. Гэтэл хойтон жил нь тэр моддын доорх дэд бүтцийг шинэчилнэ гээд бүгдийг нь Улаанчулуутын хогийн цэг рүү ачуулж түүх харамсалтайгаар төгссөн юм. Дараа жил нь тухайн хэсэгт дахиад л шилжүүлэн суулгалт хийсэн. “Моддын ургалт 98 хувьтай байна” гэж дүүргийн удирдлагууд нь зуны турш шоу хийсэн ч улирал тойрч хойтон хавар нь болоход нахиалах бус хатаж хорчийсоор 2011 онд ТҮК-ийнхан цэвэрлэх гэж нэлээд ажил болсон гэдэг. Бидний мод тарьж, үхүүлсэн түүх ингээд дуусчихгүй, уртаас урт жагсаалт гарна. Си Жинпинийг ирэхэд, Эх нялхсын хашаанд, ХӨСҮТ-ийн хашаанд гээд хаа сайгүй, жилийн жилд, дахин дахин тарьдаг ч харамсалтай нь бүгд борц болон хатдаг. Дараа жил нь дахиад л нөгөө нүхэндээ мод авчирч суулгана. Ийм л цикльтэй болчихлоо. Ямар ч орчинд ургадаг улиасыг хүртэл тарьчихаад ургуулж чадахгүй үхүүлчих юм. Бас улиасны унгирлаас сэжиглэж эхлэх шинжтэй. Ямар ч харшилгүй учраас илүү олноор нь тарих шаардлага байна. Учир нь улиас хоногт 25 килограмм тоосыг өөртөө татаж шингээдэг Монголын унаган мод гэгддэг.

Иргэдийн ингэж их бужиг­наж, хөдөлмөрлөж, хөрөнгөө зарж суулгасан модыг хэн арчилж, хамгаалах вэ гэдэг нь өнөөдөр ямар ч хуулиар зохицуулагдаагүй учраас ийнхүү өнгөрсөн хугацаанд тарьсан 20 гаруй сая зулзаган мод борц болон хатжээ. Байгаль орчны холбогдолтой хуулиудад “Аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны газар, сум, дүүргийн Засаг дарга, ИТХ өөрийн эрх, мэдлийн хүрээнд суулгацын санхүүжилтийг шийдвэрлэж, мод тарих, ногоон байгууламжийг бий болгох, тэдгээрийг услан, арчилж хамгаалан ургуулах ажлыг хариуцах ёстой” гэсэн ганцхан заалт байх жишээтэй. “Байгаль орчин минь” хэмээн цээжээ дэлддэг, буу барин Төрийн ордон руу дайрдаг төрийн бус байгууллагынхан ч асуудлыг үнэндээ тоодоггүй бололтой. Тэд зөвхөн мөнгөтэй газруудыг онилж, байгаль орчноороо бизнес хийдэг нь энэ. Яагаад гэвэл хүмүүсийн тарьсан модыг усалж тордсоноор тэдэнд ажлын хөлс гэж хэн ч, юу ч өгөхгүй.

Мод тариад орхих нь хүүхдээ төрүүлээд орцонд хаяхтай утга нэг. Мод тарина гэдэг нүд хуурсан, мөнгө гарзадсан ажил болж байна. Тэгэхээр хүмүүсийн мод тарих чин сэтгэлийн ажлын үр дүнг харах хуулийн багахан зохицуулалт хэрэгтэй бололтой. Мод арчлахад зориулж гаргасан төсөв мөнгө ч аймаг, дүүргийн санхүүгийн тайланд байдаг л юм байна. Гэхдээ үр дүн нь энэ. Тэгэхээр уг нь нэг га мод, буттай ногоон талбай 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30 хувийг өөртөө шингээдэг шидтэй. Дэлхийн том хотуудад нэг хүнд ойролцоогоор 24-32 ам.метр талбай бүхий ногоон цэцэрлэг оногддог гэж байгаа. Харин манайд 20 гаруй сая ширхэг мод тарьчихаад байхад энэ нэг хүнд ердөө 4.5 ам метр ногоон байгууламж оногдож байна.

Тэгэхээр шинээр мод суул­гахын зэрэгцээ хуучнаа тордох, арчилж сэргээдэг болбол энэ их ажил хөдөлмөрийн үр дүн нэмэгдэх биз ээ.

Л.МӨНХТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эх орончид оо гэж

Хэлний ангийн оюутнууд саяхансалхинд гарлаа. Богд уулын Жаргалантынамныдээшээ уул мод руу нь гарсангүй.Байгаль хамгаалагчаас нь зөвшөөрөл аваад тэгшхэн талд нь таван цаг болоод буцлаа.Агаар салхинд гарангааамралтын өдөр ордогхичээлээ арай өөр байдлаар явуулсан хэрэг.Гадаад багш нарыг урьж, нэг ёсондоо оюутнуудаа ярианы дадлага хийлгэх зорилгоор багш нарынх нь удирдлага дор энэ өдрийн хичээлийг ийнзохион байгуулав.Буцах замдаа талаар нэг цацсан хогтой газар дайралдахыг хараадцэвэрлэе гэдэгсанаачилга оюутнуудаас гарсныг бусад нь дэмжлээ.Ингээд хог цэвэрлэх үйл ажиллагаа явж байталдээд талын модтой амнаас утаа нүүгэлтэж эхэллээ. Ташхайн аманд түймэр гарсан нь тэр. Гэтэл цагаан жийптэй нөхөр давхиж ирээд “Газар авахаас нь өмнө очоод унтраачихъя. Ийм олон оюутан байгаа юм чинь дороо” гэв. Тэгэхэд нь багш“Эх орон шатаж байхад хойш суух юм алга л даа. Гэхдээ эрэгтэй оюутан цөөн.Эмэгтэй голдуу хүүхдүүд байна. Иймээ тиймээ юм болбол оюутнуудаа хариуцаад явж байгаа бид дараа нь асуудалд орохгүй байгаа” хэмээв. Нөгөө эр “Цаана чинь эх орон шатаж байхад та нар ингэж болохгүй”гэж ирээд л загнах маягтай.Тиймээс тэнд байсан эрчүүд явж түймэр унтраах юм болов. Тэгтэл өнөө эрийн машин дотроос эхнэр нь бололтой хүүхэн “Онцгойгийнхон ирчихлээ гэнэ ээ” хэмээн түүнийг дуудсан тул яаран одлоо.Сураг сонсох нь ээ,эх орон шатах нь гээд цээжээ дэлдээд байсан эх оронч маань түймэрт өртөж болзошгүй нэг амралтын газрын эзэн нь байсан тухайхүмүүс жиг жуг хийхийг сонсов. Үнэндээ Монголд ийм лэх орончид дээр дооргүй олширч дээ гэдэг бодол төрж байлаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш цаашид буурна

Он гарсаар эрчимтэй өсч байсан ам.долларын ханш өчигдрийн байдлаар 1953 төгрөгтэй тэнцэв. Монголбанкны зарласан ханшаар 1947 төгрөгтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны зах дээр 1954 төгрөгтэй тэнцэж байсан юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар ам.доллар 1990 төгрөгт хүрсэн, түүнээс хойш тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна.

-ВАЛЮТЫН ОРОХ УРСГАЛ АМ.ДОЛЛАРЫН ХАНШИД НӨЛӨӨЛЖ БАЙНА-

Засгийн газар валютын урсгал орж ирэх сувгуудаа яаралтай сайжруулах хэрэгтэй байгааг эдийн засагчид онцолж байлаа. Одоогийн ханш бол эдийн засгийн суурь нөхцөл байдлыг шууд харуулж буй. Цаашид валютын орох урсгалыг нэмэгдүүлснээр ам.долларын ханш тогтворжих боломжтой. Сар орчмын өмнө 1990 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханшид ХХБ-аас гаргасан бондын хагас тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлэгдэх цуурхал багагүй нөлөөлж эхэлсэн. Засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкууд худалдаж авснаар өнөөдөр банкуудад 800 сая ам.долларын үнэ бүхий үнэт цаас байна. Энэ нь Засгийн газрын баталгаатай бонд бөгөөд Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларыг нь мөнгө болгосон төдийгүй дахин 300 сая ам.доллар гаднаас оруулж ирэх боломжтой юм байна. Оны өмнөхөн энэхүү таамаг яригдаж байсан нь биеллээ олж байгаа билээ. Мөн “Tranding economics” судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар “Оны эхний улиралд ам.доллар 1963 төгрөгтэй хэлбэлзэнэ, оны 2-р улиралд 1923 төгрөг хүртлээ буурч гурав, дөрөвдүгээр улиралд 1885 төгрөг хүртлээ буурах төлөвтэй байна” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханаар өвчилсөн 16 хүний биеийн байдал хүнд байна

Нийслэлийн хэмжээнд Улаанбурхан өвчин Багахангай дүүргээс бусад дүүрэгт дэгдээд байна.

Түүнчлэн Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн найман дүүрэгт Улаанбурхан өвчний 4691 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 464 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Харин 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр батлагджээ.

ХӨСҮТ-д 527 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 162 хүн хэвтсэн бөгөөд 147 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 84 хүн хүнд болон хүндэвтэр явцтай байгаа бол 16 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Таван толгойн нүүрсийг үнэд хүргэх гарц” нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдлээ. Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог III нүүрт “Таван толгойн нүүрсийг үнэд хүргэх гарц” нийтлэл гарлаа. “Нүүрсээ угааж, боловсруулж, өндөр стандартыг нь хангаж байж Хятадын зах зээл дээр гайгүй үнээр борлуулах нь тодорхой болсон энэ үед бидэнд нэг л гарц байна. Тэр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том компаниудтай түншилж, чанартай нүүрсийг эцсийн хэрэглэгчдэд нь дажгүй үнээр зарах…”. Үргэлжлэлийг III нүүрнээс уншина уу.

Улс төр нүүрт Болгарын ерөнхийлөгчийн айлчлалыг онцоллоо. Энэ удаагийн айлчлал хоёр орны уламжлалт харилцааг сэргээх онцлогтой гэж Ерөнхийлөгч дүгнэлээ. Сурвалжлагыг өнөөдрийн дугаараас унших боломжтой. Мөн УИХ-ын гишүүн ярилцлага өгөхдөө хамтарсан Засгийн газарт орсон МАН-ынхныг шүүмжиллээ. Тэрбээр “Хамтарсан нөхдүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонирхол тун бага байна байна” гэж ярьсан юм. Бас тэр цалин, тэтгэвэр тасалдахгүй гэлээ. Үүнээс гадна УИХ дахь намын бүлгүүдийн хурлыг мэдээлэл “Улс төр” нүүрт багтлаа.

Баримт, үйл явдал нүүрт Хөвсгөл аймагт гурван хүүхэд гэртээ угаартаж амиа алдсан харамсалтай мэдээллийг сэрэмжлүүлэх болгох үүднээс хүргэж байна. Аав ээж нь хүүхдүүдээ гэртээ цоожилж явснаас болж галаас аврагдах боломж олдоогүй гэнэ. Газрын маргаан сүүлийн үед ихэсчээ. Захиргааны байгууллагууд шийдвэр гаргахдаа иргэнийхээ эрхийг зөрчдөг, иргэд хуулийн мэдлэггүйгээс газрын маргаан ихэсч байгааг шүүгч ярилаа. Энэ тухай XI нүүрээс уншина уу.

Монголын Чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчид удирдлагуудынхаа дарамтад ажилладаг талаар илэн далангүй ярилаа. Тус холбооны удирдлагууд дасгалжуулагч, тамирчиддаа хүний ёсоор ханддаггүй гэнэ. Энэ талаар XII нүүрээс унших боломжтой.

Удам судар нүүрт МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Д.Моломжамц агсаны хүүтэй хийсэн ярилцлага нийтлэгдлээ.

Балбад газар хөдлөх үеэр Эверестид авирч явсан Б.Цэвээндаш “Эверестийн 6500 метрийн өндөрт авирч байхад газар хөдөлсөн. Тас хийгээд л явчихдаг юм билээ” гэж ярилаа. Газар хөдлөлтийн үеэр ямар байсан, уулчдад ямар адал явдал тохиолдсоныг XVIII нүүрээс уншина уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад төрийн айлчлал хийх юм байна. Тэрээр энэ сарын 17-ны 12.00 цагаас Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх юм байна. Тиймээс УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулахаар Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд захирамж гаргажээ.