Categories
гадаад мэдээ

ОХУ-ын цэргүүд Хятад улсын ялалтын парадад оролцоно

gadaad

ОХУ-д болсон Ялалтын баярын парадын дараа Хятад улсын төрийн тэргүүн Си Зинпинь, В.Путин нар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн төслүүдэд гарын үсэг зуралцсан юм. Ирэх 9-р сарын 3-нд Бээжинд болох Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны Ялалтын парадад ОХУ-ын цэрэг, зэвсэгт хүчнийг оролцохыг урьсан байна. Хятадын Батлан хамгаалахын сайдын энэхүү урилгыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу баяртай хүлээн авч байгаагаа илэрхийлжээ.

gadaad

Мөн Хятадын Төв цэргийн зөвлөлийн орлогч дарга Фань Чанлун Оросын сайдтай хэлэлцээ хийхдээ “Бидний бүх талын харилцаа, стратегийн хамтын ажиллагаа хөгжлийнхөө шинэ шатанд орлоо” гэдгийг онцолжээ.1945 оны есдүгээр сарын 2-нд Америкийн “Миссури” хөлөг онгоц дээр Япон үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан байдаг билээ. БНХАУ энэ өдрийг Японы цэргүүдийг дарж авч, дайнд ялсан өдөр хэмээн тэмдэглэн Ялалтын парад хийхээр болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Энэтхэгийн санхүүжилтээр сургууль байгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олголоо.

Тус сургууль нь нээлттэй, хүртээмжтэй, уян хатан сургалтын хөтөлбөртэй байх бөгөөд хүүхэд бүрийн чадавхид үндэслэн хувь хүний болон мэргэжлийн хувьд өсөх таатай боломжийг бүрдүүлсэн байна.

Сургуулийн хөтөлбөр нь Энэтхэгийн дунд боловсролын ерөнхий зөвлөл ба Монгол Улсын сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан байхаас гадна олон улсын шилдэг туршлагуудыг тусгах юм.

БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилтээр олон улсын жишигт нийцсэн сургуулийн барилга болон бусад дэд бүтцийг барьж байгуулах бөгөөд Монголын тал тус сургуулийг барих газрыг олгож, газар ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Categories
мэдээ спорт

Ичиножёо озэки Кисэносатод ялагджээ

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё Токио хотноо үргэлжилж байна. Өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал маэгашира-1 Такарафүжигээр эхний даваагаа авлаа. Башёгийн эхний өдөр ёкозүна Хакүхог давсан Ичиножёо озэки Кисэносатод ялагджээ.

Ёкозүна Харүмафүжи, озэки Гоэйдо, сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар учраа бөхчүүдээ давсан байна.

Categories
гадаад мэдээ

Порошенко Донцект айлчилна

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко энэ амралтын өдөр зүүн хязгаарын Донецк мужид айлчилж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болсон тухай “TACC” агентлаг мэдээллээ. Тэрбээр мөн Донецкийг хамгаалж буй армийн цэргүүдтэй уулзаж, талархал илэрхийлэхээр болсон хэмээн Порошенкогийн хэвлэлийн төлөөлөгч Чуркин мэдэгдэв.

Ерөнхийлөгч “Армийнханд талархаж байна. Та бүхэн улс орноо хамгаалахын тулд амиа үл хайрлаж буйд баярлалаа. Украины зүрх бол армийнхан. Зөрчилдөөний бүс гэгдээд буй Донецкт нөхцөл тайван байгаа ч иргэд аюултай нөхцөлд амьдарсаар байна” гэж хэлжээ. Тэрбээр Батлан хамгаалах сайд болон албаны хүмүүсийн хамтаар энэ ням гаригт Донецкт ажиллахаар болжээ.

Порошенко өнгөрсөн оны аравдугаар сард Донецкт айлчилсан билээ. Тэрбээр Донецкт айлчилсныхаа дараа “Нормандын дөрвөл”-ийг дахин цуглуулах эсэхээ шийдвэрлэх гэнэ. Ерөнхийлөгч “Үнэхээр зүүн хязгаарт Минскийн гэрээний дагуу гал зогссон эсэхийг би тодруулах болно” гэж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Лавров, Керри нар уулзав

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Москва хотноо Украины хямралын асуудлаар хуралдаж буй тухай “Новости” агентлаг мэдээллээ. Тус уулзалт ширүүн уур амьсгалтай өрнөж буй тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Керри “Украины хямрал даамжирч байгаа нь Оростой шууд хамааралтай” хэмээн мэдэгджээ. Тус мэдэгдлийн Лавров “Орос, Украинд туслах туйлын сонирхолтой байгаа. Харамсалтай олон улс Оросыг буруутгаж байна. Бидний чин сэтгэлийг ойлгохгүй байна” гэж хариу мэдэгджээ.

Гурав хоногийн хугацаатай айлчилж буй Керри маргааш албаны хүмүүсийн хамтаар Сочи хотноо амрахаар болжээ. Тэрбээр айлчлалынхаа төгсгөлд Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар болсон байна.

“Минск 2” гэрээ хэрэгжиж эхлэхээс өмнө зүүн хязгаарт 6020 хүн амиа алдсан хэмээн НҮБ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын тусламж Балбын ард түмэнд хүрчээ

Монголчуудын тусламж Балбын ард түмэнд хүрлээ Газар хөдлөлтийн гамшигт өртсөн Балбын ард түмэнд туслах аяныг нийслэлд өрнүүлж эхэлсэн. “Балбын ард түмэнд туслацгаая” хандивын үйл ажиллагааг Монголын улаан загалмайн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж байгаа юм. Тэгвэл тусламжийн цувааны түрүүч эзэддээ хүрч эхэллээ. Тодруулбал Монголоос илгээсэн тусламжийн зүйлсийг өчигдөр хүлээлгэн өгсөн байна.

Балба улс 30 гаруй сая хүн амтай, тэдний 12 гаруй сая хүн нь өөрсдийгөө монгол угсаатан, үндэстэн хэмээн үздэг аж. Өөрөөр хэлбэл, олон мянган жилийн өмнө тухайн газарт нүүдэллэн суурьшсан хэмээдэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өөртөө 8 сая төгрөгийн урамшуулал, илүү цагийн мөнгө тооцсон байжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь өөртөө удаа дараа нийт таван сая 500 гаруй мянган төгрөгийн урамшуулал, мөн нийт гурван сая 100 гаруй мянган төгрөгийн илүү цагийн хөлс олгосон нь Авлигатай тэмцэх газраас тус байгууллагад хийсэн шалгалтаар тогтоогджээ. Түүнчлэн Сүрьеэгийн клиникийн 10 сая 800 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажлыг үнийн харьцуулалт хийлгүйгээр “Дойт трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн нь мөн тогтоогдсон байна.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн аж.
Тиймээс Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад зөрчлийг арилгах албан бичиг хүргүүлсэн бөгөөд хуулийн дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хариуцлага хүлээлгэхийг сануулсан байна. Мөн цаашид дээрх зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр нийт эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх зорилгоор танилцуулахыг хүсчээ.
Categories
мэдээ нийгэм

Ц.Пүрэвдорж: Тууштай байна гэдэг амжилтын эх үндэс юм

“Монгол аялал” компанийн ерөнхий захирал Ц.Пүрэвдоржтой ярилцлаа. Энэ удаад түүнтэй аялал жуучлалын салбараас гадна амьдралынх нь тойргийг сонирхсоноо уншигч тантай хуваалцаж байна.

-Тантай ярилцах тоолонд аялал жуулчлалын салбарын эргэн тойрондох хийгээд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ зэргийг хөнддөг байлаа. Ц.Пүрэвдорж гэдэг хүнтэй хэдэнтээ хөөрөлдөж суухад энэ хүн монголчуудыгаа эрүүл саруул болгож, тулгамдсан хүнрэл бэрхшээлээс нь ангижруулах чин хүсэл эрмэлзэлтэйгээр бизнесээ эрхэлдэг болох нь анзаарагддаг л даа. Ажлаас өөрийг ярьдаггүй таны хувийн амьдралын талаар уншигчдадаа толилуулах гэж байгаадаа ихэд олзуурхаж байна шүү?

-(Инээв) Уг нь би уул уурхайн эдийн засагч, багш мэргэжилтэй хүн л дээ. Хоёр сургууль төгссөн юм. Аялал жуучлалын салбар руу ороод бараг аялал жуучлалын мэргэжилтэй болчихлоо доо(инээв). Миний төрсөн нутаг Хөвсгөл аймаг. Их сайхан байгальтай, Монголд хамгийн олон үндэстэн, ястантай нутаг. Дархад, хотгойд, буриад, сартуул, цаатан гээд л их олон үндэстэн Хөвсгөлд бий. Манай Хөвсгөл аймаг ирээдүйд маш сайхан хөгжил дэвшилд хүрнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл сэтгэдэг, ажилсаг, сайхан залуучууд шинээр төрөн гарч ирж байна. Тиймээс манай Хөвсгөлийг их сайхан ирээдүй хүлээж байгаа.

Манайх гэдэг айл гурван хүүхэдтэй. Том хүү надтай хамт ажиллаж байгаа. Дунд охин гадаадад сурч байна. Харин бага маань таван настай. Манай гэрийг дуу шуутай байлгадаг эрхэм хүн дээ. Ер нь хожуу хүүхэд гаргах зүгээр гэдгийг хэлмээр байна. Хүүхдүүд нь том болж бүгд тусдаа гараад явчихаар гэртээ дүнсийгээд сууж байгаа миний үеийнхэн зөндөө бий. Тэгвэл манай хүн бид хоёр уйдах завгүй, балчир хүүхэдтэйгээ тоглож, дуу хөөртэй сайхан байгаа шүү.

Гэр бүлийн хүн маань мөн л над шиг багш мэргэжилтэй. Гэхдээ одоо мэргэжлээрээ ажиллахгүй ээ бас. Бизнес эрхэлдэг юм.

-Таныг шаггүй яруу найрагч гэх юм билээ?

-Залуудаа шүлэг бичдэг байсан. Аялал жуучлалын чиглэлээр нэг ном бичсэн, хэвлүүлж амжаагүй л явна. Мөн “Монгол аялал” гэдэг нэртэй дуу олонд хүрсэн дээ. Одоо клипний зураг авалт нь явагдаж байгаа бөгөөд удахгүй цэнхэр дэлгэцээр олонд хүрнэ. Монгол хаадын торгоны замаас л аялал жуучлал эхэлсэн түүхтэй. Тэр болгоныг хүмүүс сайн мэддэггүй. Харин “Монгол аялал” бол энэ бүх түүхийг өгүүлсэн сайхан дуу байгаа.

-Ингэхэд та багш, эдийнзасагч мэргэжилтэй байж яагаад энэ салбарт хүч үзэх болов?

-Бид “Монгол аялал” компаниа байгуулаад арав гаруй жилийг үдлээ. Манайх өмнө нь өөр нэртэй компани байсан. 1999 онд байгуулагдахдаа гадаад, дотоод худалдааны чиглэлээр ажиллаж, тухайн үед ОХУ-аас Уаз-69 автомашин оруулж ирж худалдаалдаг байлаа. Тэгээд 2006 оноос аялал жуучлал руу орсон. Их сонин тохиолдлоорорсон л доо. Учир нь бид гэр бүлээрээ Хөвсгөл явах гэтэл аялах газар олдоогүй. Дээр нь монголчуудыг чөлөөтэй сайхан аваад явчих жуулчны бааз байдаггүй байв. Монголчууд архи уугаад агсам согтуу тавьж, дуулдаг гэж баазууд төвөгшөөх нь их байсан. Энэ бүхнээс үндэслэн яагаад монгол хүн Монгол орондоо гадаадынхан шиг жуулчны байдалтай аялж болдоггүй юм гэж бодсон. Ингээд “Монгол аялал” гэдэг хөтөлбөр гаргалаа. Энэ хөтөлбөр маань явсаар “Монгол аялал” компани болж өргөжсөн. Одоо “Монгол аялал”, “Аялалын гүүр” гэсэн хоёр аялал жуучлалын компани байна. Дээр нь “Нарны орон” гэдэг жуучны баазтай. Энэ жуучны баазыг бид 2012 онд байгуулсан. Жуулчны баазыг бас л их сонин байдлаар байгуулж байлаа. Ихэнх амралтын газруудыг хараад байхаар булан тохойд ч юм уу, голын дэргэд, эсвэл байгалийн үзэсгэлэнт газар хэдэн гэр барьчихаад жуулчны бааз гэж яриад байдаг. Гэтэл жуулчдын хүсэлтийг тэр бүр хангаж чаддаггүй. Тиймээс бид жуулчны баазыг өөр газар байгуулж яагаад болдоггүй юм гээд Чингисийн морьт хөшөөний хажуухан талд бий болгож чадсан. Уул, мод, усчбайхгүй тийм л эзгүй зэлүүд газар байгуулж байлаа. Тэндээ бид 30 мянга гаржй мод тарьж, ус гаргаад хүрхрээ хийн, цөөрөмтэй болгосон. Өөрөөр хэлбэл, бид бусдаас өөр маягаар юм хийе гэсэн үүднээс жуулчны баазаа байгуулж байлаа.

-Та “Монгол аялал” компанийн анхны маршрутыг сонирхуулахгүй юу?

-Анх бид аялал жуучлалыг гаргаж ирэхэд АНЭУ-ын Дубай гэдэг хотыг монгол хүн мэддэггүй байлаа. 2007 онд анхны аяллыг бид Дубай руу зохион байгуулсан. Тэгэхэд нэлээд алдагдалтай ажилласан л даа. Өөрөөр хэлбэл, 7000 гаруй ам.долларын алдагдал хүлээж байлаа. Харин Итгэлт Хамбын аяллыг 2007 оноос эхэлсэн. Тэгэхэд мөн л Итгэлт Хамбын тухай хүмүүс мэддэггүй байсан. Энэ талаар телевиз, радио, сониноор их ярьсны үндсэн дээр Итгэлт Хамбыг мэддэг болсон. Мөн яагаад энэ зүгт аялал хийх болов гэвэл Итгэлт Хамба маань хүмүүст маш их буян болдог. Итгэлт хамбад сүсгэлэн мөргөснөөрхүмүүсийн ажил үйлс аяндаа бүтэж, амьдралыг нь гэрэл гэгээтэй болгодог. Өвчин зовлонтой хүмүүс эрүүл болж байна. Ийм л учраас Итгэлт Хамба руу аялах аяллыг зохион байгуулж байна. Итгэлт Хамбаас үндэслээд Утай, Гүмбэн гэдэг аяллыг гаргаж ирсэн. Зарим аялалын компаниуд Утай, Гүмбэн гэдэг хоршсон үгийг хэрэглээд зөвхөн Утай явуулчихаад, Гүмбэн явуулж байна гээд төөрөгдүүлээд байсан. Тэгэхээр нь бид “Утай, Гүмбэн хоёр чинь хоёр өөр газар. Утай чинь Эрээнээс 700 км, Гүмбэн нь 2000 км газар байдаг. Гүмбэн нь болохоор Зонхов бурханы мэндэлсэн газар шүү дээ. Манай монголчуудад зориулж тэнд сүм хийдийг байгуулсан нь ийм учиртай. Тэр газраас ийм ялгаатай юмаа” гээд энэ бүхнийг таниулж байх жишээтэй. Мөн Далай багш руу аялал байдаггүй байсан. Өнгөрсөн жилээс хойш Далай багшийн аяллыг зохион байгуулж байна. Энэ мэт манайх шашны аялал нэлээд хийж байгаа. Шашны аяллыг яагаад хийгээд байна вэ гэвэл хүмүүсийг сайн сайхан болгох, гэгээрэх, ер нь бид хорвоод ирж цөөхөн хэдэн жил амьдраад буцахад үргэлж л мөнгө төгрөг, эд хөрөнгийн төлөө явж байна. Нэг хэсэг хүнийг ч гэсэн гэгээрүүлчих юмсан, сайхан болгочих юмсан гэсэн бодлыг их тээж явдаг даа, бид.

-Бэрхшээүгүй бизнес гэж байхгүй. Тэр их саадыг давж та өнөөдөр баялаг бүтээж байна. Амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцаач?

-Нууцгүй хэлэхэд энэ компанийг босгох гэж явахад надад бэрхшээл их тулгарч байсан. Эхний удаа над руу дайрах, хэл амаар доромжлох нь энүүхэнд байлаа. Тэгэхэд би, хэзээ нэгэн цагт амжилтад хүрчихээд тэр хүмүүст харуулна даа гэж л бодож байсан. Ажлынхаа амжилтаар нөгөө хүнийхээ өшөөг авчих хэрэгтэй гэдгийг ойлгож байлаа. Ингэх нь ч зөв юм даа. Тэгэхгүй уурласны өмнөөс уурлаад, бухимдагсдын өөдөөс бухимдаад байвал хэцүү биз дээ.

-“Монгол аялал” компани аялах тоолондоо олон хүнийг үнэгүй төлбөргүй авч явах юм аа. Энэ чинь бизнэсийн байгууллагад алдагдалтай юм биш үү?

-Одоогийн байдлаар Итгэлт Хамба, шашны аялал, гадаадын аялалтайгаа нийлээд 1565 хүнийг үнэгүй аялуулсан. Мэдээж үүнийг төгрөгөөр бодвол нэлээд их хэмжээний мөнгөн дүн гарах байх. Түүгээр би хаус бариад сайхан сууж болно. Юм болгоныг зоосны нүхээр харж болохгүй. Энэ бол дэмий зүйл. Харин хүмүүст сайн сайхныг бэлэглэх, шинэ соргог юм үзүүлэх, эрч хүчтэй болгоно гэдэг бол асар сайхан мэдрэмжийн нэг яах аргагүй мөн. Ийм учраас бид энэ бүхэндээ маш их сэтгэл хангалуун явдаг даа.

-Та нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “99 амжилт” төсөл хэрэгжүүлэх гэж байгаа тухайгаа дурдсан байсан. Энэ ямар учиртай төсөл юм бэ?

-Цаашид хийхээр төлөвлөсөн олон ажил бидэнд байгаагийн нэг нь энэ юм.Бид зөвхөн “Монгол аялал”-ынхан гээд байгаад зогсохгүй “99 амжилт” гэдэг төсөл шинээр гаргаж ирэх гэж байгаа. Салбар, салбараас 99 сайхан залуусыг амжилтад хүргэе гэж зорьж байна. Төслийг бид энэ 2015 оноос хэрэгжүүлнэ. Ер нь миний бие хүн сайн сайхан явахад юу хийж, юу бүтээжөөрөөр хэлбэл, өр, зээлгүйгээр ямар амжилтад хүрч болдог юм гэдгийг бас Монголд харуулбал зүгээр юм уу гэсэн бодол тээж явдаг л даа. Тэгэхгүй бид нар чинь яаж байна гэхээр баян болохын тулд тендер аваад л баахан бүтэлгүй юм хийгээд л, бурханы хэлээр яривал нүгэл хийж байна. Энэ нь нөгөө талаар амьдралд утгагүй юм л даа. Ямар нэгэн булхайтай юмыг хийж байгаа зүйлийг юу гэж хараад байна гэхээр, өнөө маргаашдаа, 10 жилдээ сайхан амьдарч болно. Тэгээд дараа нь түүний муу юм илчлэгдэхээр хэцүү. Ийм зүйл захаас аваад байна. Тэгэхээр хүн амьдралдаа шударга хөдөлмөрлөх ёстой. Энэ талаар миний аав ээж, өвөг дээдэс маань надад сургадаг байсан. Шударга хөдөлмөрлө, шударгаар юм олж авна гэдэг сайхан гээд л. Тэгэхээр би шударгаар хөдөлмөрлөж амьдрах нь их зөв юм байна гэж ойлгож байгаа. Миний аав 87 нас хүрээд, эмээ маань 99 нас хүрч бурханы оронд очсон. Тэд маань энэ урт насыг наслахдаа надад их л юм хэлж өгдөг байсан. Зарим нь мэдээж сэтгэл дотор минь байгаа. Заримыг нь харин залуу байсан болохоор чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн тал бий. Хамгийн гол нь хүн яах вэ гэвэл үнэнч, шударга нэг юманд тууштай байх хэрэгтэй. Тууштай байна гэдэг амжилтын эх үндэс юм. Манайхан яаж байна гэхээр, нэг юм эхлээд л үр дүнг нь үзэхгүй нөгөө салбар уруу үсчдэг. Олон юм руу зэрэг зүтгэхээр “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно” гэгчээр амжилтад хүрэхгүй байх магадлалтай.

Үргэлжлэл бий.

Б.НАСАН

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн сарын орон сууцны үнийн индекс гарлаа

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны дөрөвдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ 04-р сард 16.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.7 хувь буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -2.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -6.9 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 27.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс 0.3 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.2 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 10.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.9 хувиар, оны эхэн үеэс -4.7, өнгөрсөн оны мөн үеэс -11.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нэгдсэн Шинэ о/с Хуучин о/с
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ 16.5% 27.2% 10.7%
Өмнөх сартай харьцуулахад -0.7% 0.9% -1.9%
Оны эхэнтэй харьцуулахад -2.0% 0.3% -4.7%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад -6.9% 1.2% -11.6%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4414 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Цалин товлосон цагтаа нэмэгдсэнгүй гэв

Хөдөлмөр нийгэм зөвшилцлийн үндэсний гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалинг тавдугаар сарын 01-ээс нэмэхээр болсон. Гэвч товлосон хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байгаатай холбогдуулан МҮЭХ-оос хэвлэлийн хурал хийлээ.

Өмнөх хэлэлцээрт 2015 онд цалин, тэтгэвэрийг тодорхой үе шаттайгаар 90 тэрбумаар нэмэгдүүлье гэсэн тохиролцоо хийж хөрөнгийн эх үүсвэрийг нь улсын төсөвт суулгаад, төсвийн хуулиар баталгаажуулсан. Энэ тохиролцоог Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах ажил хойшлогдсоор байгаа тухай хэвлэлийн бага хурлын үеэр дурдсан юм. Энэ шалтгаанаар төрийн албан хаагчдын цалин товлосон хугацаандаа нэмэгдэхгүй байна гэв.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Цалин хөлс, тэтгэвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр МҮЭ-ийн холбооноос санал болгосон 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага нь иргэдийн авч буй цалин, бодит худалдан авах чадварт тулгуурласан тооцоо юм. Энэ нь улс орны эдийн засгийн байдал, төсвийн бүрдэлтийг харгалзахгүйгээр тавьсан тоо биш. Гэхдээ Засгийн газрын зүгээс тодорхой хувилбар гаргаж, орлогын эх үүсвэрийг УИХ, намуудын бүлгүүдэд ярилцаж бий болгосон цалингийн нэмэгдэлд 90 тэрбум, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд 13 тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна. Энэ бол “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” байгаа хэлбэр. Гэхдээ 103 тэрбум төгрөгөөр хязгаарлагдаж байгаа юм биш. Орлогыг нэмэгдүүлэх бусад бололцоог энэ хэлэлцээр бий болгох ёстой” гэж хэлэлцээрийн үеэр хэлж байсан ч өнөөдрийг хүртэл хүлээлттэй хэвээр байна.