Categories
мэдээ нийгэм

5 сараас 9 настай хүүхдүүд вакцинд хамрагдана

Улаанбурхан өвчний тархалт их байгаатай холбогдуулан энэ сарын 15-наас 25-ны хооронд нийслэлийн таван сараас есөн нас хүртэлх хүүхдүүдэд вакцин тарихаар болсон байна.

Тиймээс эцэг, эх асран хамгаалагч нарыг хүүхдүүдээ вакцинд идэвхитэй хамруулахыг холбогдох албаныхан уриаллаа.

Ер нь энэхүү өвчний халдвар авсан хүмүүсийн дийлэнх хувийг вакцинд бүрэн хамрагдаагүй хүүхэд, насанд хүрэгчид эзлэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр боллоо.

Хурлаар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөнд холбогдох газрууд ямар санал тусгах талаар хэлэлцэж, уг саналуудыг тусган нэгдсэн төлөвлөгөөг батлахаар болсон.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ Их эзэн Чингис хааны талбайд 11-16 цагийн хооронд болно. Энэ үеэр нийслэлийн хүүхэд, багачууддаа зориулан 1500 гаруй авъяаслаг уран бүтээлч хүүхэд урлагийн тоглолт толилуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой болон Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилтнуудын хүүхдүүдэд бэлэг гардуулж, урлагийн тоглолт тоглох үйл ажиллагаа Монголын “Хүүхдийн ордон”-д болно. Нэгдсэн төлөвлөгөөний дагуу дүүргийн ЗДТГ баярын үйл ажиллагааг дүүрэг бүрт зохион байгуулах юм.

Энэ жил нийслэлээс эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж буй хүүхдүүдэд онцгойлон анхаарч, баярлуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тухайлбал, баярын өдөр нэгдсэн арга хэмжээнд бусадтай хамт оролцож чаддаггүй хорих ангид ял эдэлж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг, хүүхдийн байгууллагад эрх нь зөрчигдөн хандаж байсан хүүхдүүдтэй уулзах, баярын бэлэг гардуулах, урлагийн тоглолт толилуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар болов.

Categories
мэдээ нийгэм

Балбад дахин 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

Балба Улсын Намче Базар хотод 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлт Энэтхэг, Бангладеш улсад мэдрэгдсэн гэдгийг албаныхан мэдээлсэн байна. Өнөөдөр болсон газар хөдлөлт хохирол учруулаагүй гэж тус улсын Ерөнхий сайд Сушаль Койрала хэвлэлийнхэнд уламжилж, “Аврагчид газар хөдлөлтийн бүсэд ажиллаж байгаа. Хүний амь эрсдээгүй гэдгийг баталж байна” гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн сарын 28-нд Катманду хотноо 7.8 баллын газар хөдлөлт болж, өнөөдрийг байдлаар 8000 хүн амиа алдаад байсан юм. Мөн 8000 хүн гэмтэж бэртэж, 400 гаруй хүн сураггүй хэвээр байгааг Онцгой байдлын яамнаас мэдээлжээ. Одоогоор 10 гаран жуулчид сураггүй байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшигт өртсөн иргэддээ туслаж байна

Өнгөрсөн 4 дүгээр сард зүүн аймгуудын нутгаар хээрийн түймэр гарч олон арван айл орон гэргүй болж, хэдэн мянган толгой мал хорогдож, түймрийн улмаас байгаль орчин, мал амьтан ихээхэн хэмжээгээр сүйдсэн билээ.

Тухайлбал, СүхбаатараймгийнТүмэнцогтсум гэхэд л нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь түймэрт өртөж ихээхэн хэмжээгээр нэрвэгдсэн юм.

Орон нутагт тохиолдожбуй гамшгийн хөнөөлийг багасгах, голомтод ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэхийн тулд Эрчим хүчний яамны ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлахаар шийдвэрлэж, салбарын үйлдвэр аж ахуйн газар, нийт байгууллага хамт олонд хандаж, тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм.

Энэ уриалгыг дэмжиж Эрдэнэтийн ДЦС-ын ажилтнууд 9 сая төгрөг, Налайхын ДЦС-ын ажилтнууд 1,6 төгрөгийн хандивыг тус тус Сүхбаатар аймгийн Нийтлэг үйлчилгээний газарт шилжүүлж, тэднээр дамжуулан тусламж хүргэжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Цэцэд хандав

Улсын Их хурлын дэд дарга Логийн Цог иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлжээ. Тэрбээр мэдээлэлдээ, Улсын Их хурал 2014 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 54 дүгээр тогтоолоороо стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болох “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохыг хүсчээ. Энэ мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 20-ны өдөр Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд НӨАТ-ын урамшуулал олгодог болно

Татвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байгаа энэ цаг үеийн хамгийн сайхан мэдээ бол иргэдэд НӨАТ-ын урамшуулал олгодог болох тухай мэдээлэл байлаа.

Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд тэрхүү хуулийн төсөл батлагдчихвал иргэд худалдан авалт хийх бүртээ сугалаанд оролцохын дээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 2-3 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг авдаг болох нь.

Одоогийн байдлаар урамшуулал олгох сиситемийг хэдийнэ бэлджээ. Сангийн яамны дэргэд Татварын ерөнхий газрын дэргэд НӨАТ-ын урамшууллын систем хөгжүүлэх төслийн нэгжийг байгуулж, урамшуулал олгох бэлтгэл ажлыг базааж байгаа юм.

Хууль батлагдвал НӨАТ суутгагч аж ахуйн нэгж байгууллага бүр нэг стандартын кассын машинтай болох бөгөөд худалдан авагчийн тасалбар болгон тусгай дугаар, кодтой болох гэнэ.

Тэрхүү дугаарын дагуу иргэд сугалаанд оролцох эрх нээгдэнэ. Сугалаа тодорхой шатлалын дагуу явагдахаар төлөвлөж байгаа аж. НӨАТ-ын урамшууллыг бэлэн бус хэлбэрээр өгөхөөр хуулийн төсөлд тусгасан юм байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Чөлөөтийнхөн Д.Дагвадоржийн дарамтыг тэсэхээ байжээ

Чөлөөт бөхийн дасгал­жуу­лагчид “Бид архи ууж ирчихээд хүүхдүүддээ агсам тавьдаг аавтай, хүчир­хийлэлтэй айлын хүүх­дүүд шиг, дарамт, доромжлол дор байдаг. Одоо цааш тэвчиж чадах­гүй” гэцгээж байна. Мон­голын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогт­баяр, гавьяат тамир­чин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар ингэж ярьж байна.

-Чөлөөт бөхийн холбоо энэ удаад тамирчдадаа хуурамч виз гаргуулснаас болж нэлээд том асуудал үүсч байх шиг байна. Монголын чөлөөт бөхийн холбоо энэ мэтээр зохион байгуулалт, хариуцлагын алдаа гаргадаг гэдгийг спорт сонирхогчид байтугай ард түмэн мэддэг болчихлоо?

Ц.Цогтбаяр:-Бид холбоон дотроо энэ асуудлыг зөндөө л хэлдэг байсан. Ийм юм болохгүй байна, тэгэхгүй бол болохгүй нь, та нөхөд минь анхаараач гэж. Бидний үгийг хүлээж авдаг улсууд нь цөөхөн байсан. Энэ нь яван явсаар эцсийн цэг дээрээ ирчихлээ. Бид дөрвийн хувьд ажил авснаасаа хойш маш олон зүйлийг тэвчиж, дуугүй өнгөрөөсөн. Эр хүний жудаг зааж, бөхийн ноён нуруу гэж нэг юм бий. Тэр болгоноо бодоод тэвчсээр, аль аль талдаа эвээ олохгүй байгаа биз гэж их л уужуу хандсан. Эцэстээ тамирчдадаа хуурамч виз өгч, хил давуулан тэмцээнд явуулна гэдэг байж боломгүй асуудал боллоо.

-Хуурамч виз гэдэг чинь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хэмжээний юм болно гэсэн үг үү?

Л.Энхбаяр: -Катарын талд манай хүмүүсийн нэр очилгүй, тэдэнд үнэхээр хуурамч биз өгч явуулсан бол энэ чинь зохион байгуулалттай гэмт хэрэг болж таарна л даа. Үүнийг шалгуулах хэмжээнд гомдлоо гаргана гэдгээ тамирчид маань хэлж байна. Гомдол гаргах нь зүйтэй гэж бодож байна. Бид олимп хүртэл бүх зүйлээ төвлөчихсөн байгаа. Тамирчдын удаан хугацааны хөдөлмөр, зорилго тэмүүлэл бүгд бий. Тэр бүгдэд энэ явдал маш том тээг саад болчихлоо. Бас тамирчин хүний сэтгэл зүйд том цохилт болж байгаа юм. О.Пүрэвбаатар: -2010 онд ахмадын ДАШТ-ий үеэр ийм явдал болсон. Тэр тэмцээнд хоёр тамирчин явсан юм.

Б.Баяраа: -Хурц, Нямдорж гэж хоёр залуу явсан юм. Тэд ДАШТ-д яваад мөн хуурамч визнээс болоод Москвагаас буцаад, фэйсбүүк хаягаараа бидэнтэй холбогдож билээ.

-Чөлөөт бөхийн эрэгтэй хүнд жин угаасаа амжилт гаргах биш, олигтой тамирчин байхгүй. Үндэсний бөх рүү яваад амжилт гаргахаа байсан гэж ярих хүмүүс танай холбоон дотор тааралдаж л байсан?

О.Пүрэвбаатар: -Ноднингийн аварга болсон, мөнгөн медаль авсан хоёр хүүхэд шүү дээ.

Ц.Цогтбаяр: -Ямар хүмүүс зохион байгуулалттайгаар ийм юм яриад байна вэ гэдэг сонин.

Б.Баяраа: -Хэн тэгж хэлж байна. Манай Чулуунбат гэхэд Азийн аваргаас хамгийн олон медальтай, Монголын түүхэнд. Найман медальтай. Хүдэрбулга Азийн аваргын 97 кг-ын жинд хоёр хүрэл, Азийн тоглолтын хүрэл медальтай. Дээрээс нь ноднин жил Ази тивийн аварга болсон бөх. Гомбодорж гэхэд Ази тивийн хошой хүрэл медальтай. Ийм яриа гаргаж байгаа хүмүүс бидний үйл ажиллагаа, амжилтыг, энэ түүхийг мушгин гуйвуулж байна. Нөгөө талдаа өөрсдийнхөө буруу үйл ажиллагааг далдалж зөөлрүүлэх гэсэн санаа.

-МЧБХ-ны удирдлагууд Монголын жүдо бөхийн холбооны удирдлагын менежментийг жишиг болгохыг хүсч буйгаа илэрхийлж байсан. Та бүхэн тогоонд нь ажилладаг хүмүүсийн хувьд холбооныхоо үйл ажиллагааны талаар юу ярих вэ?

О.Пүрэвбаатар: -Дагвадорж гэдэг хүн чөлөөт бөхийн холбоог авчихаад Монголын эрэгтэй багийг сайжирч байна гэж ярьж байгаа байхгүй юу, гадуур. Бид дуугүй л байдаг байсан. Яг үнэн хэрэгтээ эрэгтэй багийг ойшоодоггүй. Бид улсын зардлаар тэмцээнд явж, бэлтгэл сургуулилтаа хийгээд амжилт гаргаад эхлэнгүүт бидэн рүү эргэж харах санаа агуулсан. Бид өөрсдөө зүтгээд өдий зэрэгтэй амжилт гаргаад явж байхад тэр хүмүүс ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй мөртлөө холбоо мундаг ажиллалаа, Дагвадорж чөлөөт бөхийн холбоонд орсноос хойш эрэгтэй багийн амжилт урагшиллаа гэж ярих болсон.

-Б.Баяраа багш гурван шавиа дагуулаад онгоцноос буунгуутаа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Ц.Цогтбаяр дасгалжуулагч ч бас эх орондоо ирээд бодит явдлыг ярьсан. Ингэж олон нийтэд бүхнийг ярьснаас болж Д.Дагвадорж аварга та бүхнийг дарамталсан гэх юм. Тийм юм болсон уу?

О.Пүрэвбаатар: -Ерөөсөө л байнгын дарамттай шүү дээ. Тамирчдыг барилдаж байхад “Ялахгүй бол ална шүү” гэж байгаа юм. Дарамт биз дээ. Тэгэхээр тамирчин хүн биеэ бариад барилдаж чадахаа больчихдог. Амжилт гаргаад ирэхээр хүүхдүүд нь сайн болчихдог. Амжилтгүй ирэхээр хэдэн дасгалжуулагч нь л муу болчихдог. “Муу п…(зүй бус үг) та нарын хийж байгаа юм хаана байна” гээд л. Саяны энэ удаагийн дарамт биш, ерөөсөө иймэрхүү юм элбэг тохиолддог. Бид чимээгүй байсаар эцэстээ тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэдэг л болж байна даа.

-Хуурамч визний асуудал юу болж таарав?

Ц.Цогтбаяр: (Катарын талаас ирсэн жинхэнэ визийг харуулав). Энэ виз дөрөвдүгээр сарын 16-нд, 25-нд Монголд ирсэн. Гэтэл хар даа, энэ хуурамч визнүүдийг (Хуурамч гэх визнүүдийг харуулав.сурв). Баруун доод буланд нь огноо байхгүй, зүүн доод буланд нь хаанаас ямар цахим хаягнаас ирсэн гэх мэдээлэлгүй, толгой хэсэг дэх араб бичиглэл нь байхгүй байгаа биз дээ. Үүнийгээ холбооны зүгээс тайлбарлахдаа “Бичиг үсэг мэдэхгүй хэдэн арабууд л юмаа дутуу бичээд явуулсан” гэж тайлбарлаад байгаа юм. Баримт нь энд байсаар байтал улайм цайм ингэж худлаа яриад байна.

Б.Баяраа: -Энэ визүүдийг хар даа. Катарын тал ингээд скайнердаад явуулах уу. Үгүй шүү дээ. Чөлөөт бөхийн холбоо энэ визүүдийг бидэнд өгсөн учраас бид итгээд авч явсан.

-Ямар учраас тамирчдын визийг хуурамчаар үйлдэв. Жинхэнэ визэнд нь өөр хүмүүсийг оруулчихсан юм болов уу?

Б.Баяраа: -Магадгүй. Батбаяр овогтой Маамуу гэнэ үү. Бид танихгүй. Тамирчдын визэн дээр ийм хүний визийг гаргуулчихсан байна лээ. Тэмцээнд барилдах тамирчдынх нь виз ирэхгүй удаад байхад хаа байсан бидний танихгүй Батбаяр Маамуу гэдэг хүний виз дөрөвдүгээр сарын 16-нд ирчихсэн байгаа юм.

-Д.Дагвадорж тэргүүтэй чөлөөт бөхийн холбооны удирдлагууд эх орондоо ирснийхээ дараа үүссэн асуудлаар ярилцах байх. Та бүхний хувьд цаашид яая гэж бодож байна. Ямар байр суурьтай байна вэ?

Ц.Цогтбаяр: -Энэ хуурамч визний үнэн мөнийг олно.

Л.Энхбаяр: -Нэгдүгээрт, холбоо маань үйл ажиллагаа явуулах ямар ч эрх зүйн чадамжгүй юм байна. Хоёрдугаарт, угаасаа ч хууль ном журмынхаа дагуу зохион байгуулагдсан холбоо биш. Бид хангалттай тэвчээд дуугүй байсаар ирлээ. Бид дөрвийн хувьд тэсээд дуугүй байгаад өнгөрлөө гэхэд тамирчдын эрх ашиг зөрчигдсөөр эцэстээ Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид 2016 оны олимпоос медаль авах уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Энэ мэт ноцтой асуудал үүсэх учир бид дуугарахаас өөр замгүй боллоо. Энэ холбоо үйл ажиллагаа явуулах ямар ч чадамжгүй болсон нь олон түмэнд харагдсан болохоор багш нарын зүгээс зохион байгуулалтын тал дээр тэмцлийн өөр ямар арга зам байна вэ, тэрийг хийнэ.

О.Пүрэвбаатар: -Олимпийн эрх авах тэмцээн дээр ийм асуудал гараад ирвэл бид яах юм бэ. Тийм биз дээ. Тамирчдын минь хөлс хүч, бидний хийж байгаа ажил салхинд хийснэ.

-Асашёорюүг зарим хүмүүс чөлөөт бөхийн холбоог удирдахад мэргэжлийн бус гэж үздэг. Аварга маань чөлөөт бөхөөр барилдаж байсан болов уу?

О.Пүрэвбаатар: -Сумогийнх шүү дээ. Жүдо бөхөөр хичээллэж байгаад сумо руу орсон.

-Монголын чөлөөт бөхийн холбоог гаднаас нь харахад ерөнхийлөгчийнхөө эргэн тойрноос салдаггүй, байнга эргэлддэг хүрээлэл байдаг юм шиг ээ?

О.Пүрэвбаатар: -Толгойг нь угаадаг хүмүүс байхгүй юу.

Ц.Цогтбаяр: -Тийм л болгочихоод байгаа юм.

О.Пүрэвбаатар: -Дагвадорж сумо барилдаад ирсэн. Энд ирээд чөлөөт бөхийг дээш нь гаргая гэсэн үнэн сэтгэл нь байсан ч юм уу, үгүй ч юм уу. Чөлөөт бөхөд олон сая төгрөг зарцуулдаг л гэж яриад байдаг. Хаана, хэнд зарцуулсан юм бол. Тамирчдын зардалд 470 сая төгрөг зарсан гэж тайлангийн хурал дээр ярьсан байгаа юм. Ямар ямар тамирчинд өгсөн юм. Эрэгтэй багт бүхэл бүтэн хоёр жилд 15 сая төгрөг өгсөн, нэг олон улсын тэмцээнд явахад. Баттай мэдээ.

Бид мөнгө гуйж үзсэн. Дандаа л “Мөнгөгүй” гэдэг. Тийм бол тэр их мөнгийг хаана, хэнд өгчихсөн юм. Энэ асуудлыг дахин ярих хэрэгтэй.

Л.Энхбаяр: -Дагвадорж аварга Дэлхийн бөхийн холбоонд хахууль өгдөг тухай хүртэл ярьж, шүүгчдийг нь хахуульдан байж медаль худалдаж авч өгдөг гэж биднийг доромжилсон.

О.Пүрэвбаатар: -Та нар медалиа чадлаараа авдаг гэж бодоо юу, мөнгөөр худалдаж авсан юм шүү гэх ухааны юм ярьсан, тайлангийн хурал дээр. Энэ бол тамирчдыг маш муухайгаар үл хүндэтгэсэн, хөлс хөдөлмөрийг нь үл тоосон явдал. Гавьяат тамирчин Г.Мандахнаран харахад нулимс гармаар барилдсан шүү дээ, чих, нүүрэндээ гэмтэл авч. Тэгж барилдаж медаль авчирч байхад “Мөнгөөр худалдаж авч өгсөн шүү, наад медалийг чинь” гэж ярьж болох уу. Тийм боловсролгүй байж болохгүй. Яг үнэндээ боловсролгүй хүн гэж хэлнэ. Дагвадоржийг хурлаар хэн ч сонгоогүй. Хууль бус ерөнхийлөгч мөртлөө юм л болбол тамирчид, багш нарыг дарамталдаг. Би урьд нь хэд хэдэн удаа ам зөрөөд л авсан.

Л.Энхбаяр: -Чөлөөт бөх бол Монголын үе үеийн хүмүүст үлгэр дуурайлал болж ирсэн том спорт. Гэтэл энэ спортын холбооны ерөнхийлөгчийн тамгыг хэн нэгэнд “Май” гээд бэлэглэчихэж болохгүй. Хууль дүрэм журмынхаа дагуу л бүх юм болох ёстой. Тэсвэрлэж болшгүй зүйлс тохиолдоод байна.

-Та бүхнийг Дохагаас ирснээс хойш холбооны зүгээс уулзсан хүн байна уу?

Б.Баяраа: -Одоогоор бидэнтэй уулзсан хүн алга л байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр манай багийг ахалж яваа гол хүн маань багийнхнаа хүлээн авч, албан ёсоор уулзах ёстой. Гэтэл эд нартай ганц ч уулзаагүй байгаа байхгүй юу. Нэг орж ирээд юу гэсэн гэлээ, Энхбаяр аа?

Л.Энхбаяр: -Юу болоод байна аа, та нар гэж асуухаар нь “Хил дээр ийм будлиан гарлаа” гэсэн чинь “Та нарын юу хийгээд яваад байгааг мэдэж байгаа шүү. Очиж байгаад та нартай уулзана аа” л гэсэн.

Б.Баяраа: -Та нарын юу хийгээд яваад байгааг чинь мэдэж байгаа шүү гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ асуудлыг бид нар хийсэн болж таарч байна уу.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид ДАШТ-ий олон медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээний найман жингээс долоон медаль авсан гээд амжилт гаргасаар ирсэн. Гэтэл энэ Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө, хуучин болохгүй юм байна гээд болиулчихсан байсан Мэргэжлийн зөвлөл гэдэг юмыг Дагвадорж томилж гаргаж ирсэн. Энэ зөвлөлд эдгээр тамирчдын хажууд байж үзээгүй хүмүүс орчихсон байна лээ. Зөвлөлийн есөн хүний бараг зургаа нь тийм хүмүүс байсан. Зөвлөлийн сонгосон тамирчдыг тив дэлхий, олимпийн тэмцээнд оролцууллаа гэж бодъё. Хэрвээ муу барилдвал ирэхээр нь багш нар дээр нь хариуцлага тооцдог. Тэгсэн хэрнээ тэднийг сонгосон Мэргэжлийн зөвлөлд хариуцлага тооцдоггүй.

Энэ нь ямар ч учиртай юм, эсвэл Дагвадоржийг хүрээлэн байгаа, Мэргэжлийн зөвлөлд нэрээ өгөөд, өөр өөрсдийгөө сонгочихсон хүмүүс бидний ажлыг баллах гэж байгаа юм уу. Би хэрвээ Мэргэжлийн зөвлөлд байсан бол тамирчдыг сонго гэвэл “Би энэ хүүхдүүдийн бэлтгэлжилтийг сайн мэдэхгүй учир энэ ажилд оролцохгүй” гэх байлаа.

Ц.Цогтбаяр: -Ойдов багш, Нацагдорж гавьяат, Ням доктор нар Мэргэжлийн зөвлөлд орсноо 27-нд мэдсэн, гэнэт. Хуралд дуудаад Азийн аваргад орох багийн тамирчдаа сонго гэсэн. Бид тэрэн дээр нь эсэргүүцлээ илэрхийлсэн.

Б.Баяраа: -МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төмөрбаатар сонгогдсон. Бид өдөр, шөнөгүй бэлтгэл хийж, тамирчдаа “Дэлхийн цом”-д бэлтгэсэн. Америк руу, “Дэлхийн цом” руу явах багийн бүрэлдэхүүнээс миний нэрийг хасч байгаа юм, энэ хүн. “Олон багш явах гэж байгаа учраас хаслаа” гэсэн. Тэгэхээр нь би хувиараа хөөцөлдөж байгаад Христийн сүмийн шугамаар Америкт очиж байгаа юм. Та нар бод доо, багаа бэлдсэн багш нь Исүсийн нэрээр явсан. Шарандаа очоод багаа дэлхийд айрагдуулсан. Сая Азийн аваргад явах гэсэн чинь яасан олон хүн явдаг юм бэ гэж Ц.Сэрээтэр хэлж байгаа юм. Уяач хүн чинь морио уяж уячихаад сул тавиад явуулдаг билүү. Тэрийг яасан ойлгодоггүй хүн бэ. Энэ бол хувийн атаа хорсол, хувийн өс хонзон. Би гурван хүүхэдтэйгээ (Д.Хүдэрбулга, Д.Гомбодорж, Н.Золбоо нарыг хэлэв.сурв) хоригдсон. Нэг хүүхэд маань ус уух гээд гурван минутын чөлөө аваад харгалзагчаар харгалзуулаад коридороор явж байгаа юм. Тэгтэл Төмөрбаатартай таарсан гэсэн. Төмөрбаатар чинь холбооны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч.“Багш аа бид энд хоригдож байна. Гурван минутын чөлөө аваад ус уух гээд ингээд явж байна” гэж хэлсэн чинь “Өө, тийм үү. Юу болоод байгаа юм бэ, та нар” гэчихээд яваад өгсөн байна лээ. Ийм улсуудаар л Дагвадорж гэдэг хүн чинь хүрээлүүлчихээд байна.

О.Пүрэвбаатар: -Яахаараа төрийн байгууллагад ажилладаг хүн чөлөөт бөхийн холбоонд ажиллаад явж байгаа юм. “Хүч” нийгэмлэгийн цагдаа хүн ингэж ажиллах нь хуулинд тохирохгүй биз дээ.

-Азийн тэнгэрт улсынхаа далбааг мандуулах гэж явсан тамирчид маань харь улсын хил дээр гэмт хэрэгтэн адил хоригдоно гэдэг ичгэвтэр юм?

Б.Баяраа: -Гэмт хэрэгтэн шиг биш гэмт хэрэгтэн болоод хоригдсон.

Б.Баяраа: -Дэлхийд чөлөөт бөх гэдэг спорт хөгжөөд зуун жил болоход хуурамч визний асуудлаас болж тамирчид тэмцээндээ оролцож чадалгүй, хил дээр хоригдсон тохиолдолд анх удаа гарлаа. Түүхэнд анх удаа ийм ичмээр юм болж байна.

-Чөлөөт бөхийн холбоо эрэгтэйчүүдийн шигшээ багаа орхигдуулаад эмэгтэйчүүлээ тордоод байдаг. Жаахан ялгавартай хандлага бий байх шүү?

Б.Баяраа: -Хүчтэй багтай болж чадлаа.

Ц.Цогтбаярт: -Азидаа л гэхэд багаар бодоход хоёрдугаар байрт орох багийг бэлдээд гаргаад ирлээ.

О.Пүрэвбаатар:-Манай эрэгтэй баг уржнан ДАШТ-д наймдугаар байрт орж дэлхийн шилдэг багийн нэг болсон. Өнгөрсөн жил ДАШТ-д зургадугаар байрт орж амжилтаа ахиулсан. Гэтэл эмэгтэй баг “Дэлхий цом”-д Монголд хоёрдугаар байрт орсон. Дараа нь тавдугаар байрт ороход юу ч яриагүй. Өнгөрсөн жил эрэгтэй баг маань Азийн аваргад хоёрдугаар байрт орсон. Өнөө жил холбооныхны буруугаас болж дөрөвдүгээр байрт орлоо. Медаль авах гурван тамирчин маань барилдаж чадсангүй. Гурвын гурван медаль шүү дээ. Багаараа түрүүлчих ч боломжтой байсан. Гэтэл эмэгтэй баг бүтэн бүрэлдэхүүнээрээ яваад хоёрхон медальтай ирлээ. Тэгтэл үүн дээр хариуцлага тооцдоггүй.

Шинэ жилийн баяр боллоо л гэнэ. Эмэгтэй тамирчдаа л шагнаад байдаг. Эрэгтэй тамирчид маань дандаа л бор зүрхээрээ яваа, гэр хорооллоос бэлтгэлдээ гүйгээд ирдэг ядарсан улсууд. Ийм юмыг мэдэхгүй мөртлөө өөрсдөдөө жаахан нэр төр олохын тулд янз бүрийн юм сэднэ. Нэг эмэгтэй тамирчинд байр өгөхийн тулд эхэлж зарлаж нэрээ гаргана, дараа нь түлхүүрээ өгч дахиж сурталчлуулна. Сүүлд нь гэрчилгээгээ гардуулахдаа дахиж нэрээ гаргах сонирхолтой. Нэг хүнд нэг байр өгөхдөө гурав өгдөг.

Энэ муу эрэгтэйчүүдийн баг юу л болов гэж дээ хэмээн тоохгүй байхад нь бид нар гараад ирэхгүй юу. Биднийг хүчтэй гараад ирсэн болохоор атаархсан байж магадгүй. Тэгээд баг маань мундаг болоод ирэнгүүт дотор нь орж ирээд энэ тамирчныг тэмцээнд явуулна, тэрийг явуулна гээд хутган үймүүллээ. Бүр аргаа бараад хуурамч виз гэх мэт ажил хийсэн байж магад. Энэ мэтээр хардаж, таамаглавал яаж ч таамаглаж болно.

-Аливаа спортын холбоог хөрөнгө чинээтэй хүн удирдах ёстой юм уу, эсвэл мэргэжлийн хүн удирдвал зүйтэй юу?

-Спортоо мэддэг хүн нь удирдах ёстой (Бүгд нэгэн зэрэг ингэж хэлэв)

О.Пүрэвбаатар: -Дагвадорж ингэж байгаа юм. Шигшээ багийн тамирчин хүн амжилтаасаа ухарна гэдэг байж болохгүй асуудал. Хариуцлага тооцно гэж байгаа юм. Өөрөө сумод түрүүлчихээд дараа нь өвдөг шороодоод л байсан биз дээ. Дандаа түрүүлээд байхгүй яасан юм бэ. Үүнийг мэдэхгүй байгаа хүнийг спорт ойлгодог хүн гэж хэлж болох уу. Ямар ч тамирчинд өгсч урууддаг үе бий. Тийм биз дээ. Н.Түвшинбаяр аваргыг олимпоос алт авчихаад дараагийн олимпоос мөнгөн медаль авахад нь дахин аварга болсонгүй гээд хариуцлага тооцохгүй яасан юм. Үүнийг Дагвадорж мэдэхгүй байж “Тамирчин хүн гаргасан амжилтаа давтах ёстой” гэж тулгадаг. Ийм юм ямар ч спортод байдаггүй юм. Иймэрхүү юмыг мэдэхгүй байж бүхэл бүтэн холбоог удирдаж чадах уу.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг тусгасан байдаг. Энэ хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо хамтран өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өмнөх жил 88 оюутан цагдааг ажиллуулж байсан бол энэ жил 100-150 оюутан цагдааг ажиллуулахаар төлөвлөж байгаа юм. Тус хөтөлбөрт хамрагдах сонирхолтой англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй оюутан залуусыг энэ сарын 11 – нээс 15 – ны хооронд Монголын Оюутны холбооны байранд бүртгэж байна. “Оюутан цагдаа” хөтөлбөрт бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн тодорхойлолт, 2 хувь цээж зураг, анкет / МОХ-ны байранд ирж бүртгүүлэхдээ бөглөх / бүрдүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Зургаан компани махан бүтээгдэхүүнээ БНХАУ руу экспортолно

Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Хятадад экспортлох бүтээгдэхүүний хорио цээрийн нөхцлийг шат дараатай тохиролцох хэлэлцээг хийж ирсний үр дүнд манай улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох мал эмнэлэг, хорио цээрийн нөхцлийг 2011 онд тохиролцсон билээ.

Энэ хүрээнд мах экспортлох хүсэлт гаргасны дагуу 2014 оны зургадугаар сард БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийсэн юм.

Тухайн үед эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч зарим нэг шаардлагыг хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтан дор засаж залруулан, манай талаас 2015 оны гуравдугаар сард Хятадын талд аж ахуй нэгжүүдийнхээ мэдээллийг хүргүүлсэн юм.

Үүний дагуу Хятадын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр доорх аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох зөвшөөрөл олгожээ.


Үүнд:

1.Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины 20 орчим төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК-д,

2.Дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдэд үхэр, хонины мах нийлүүлэх нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд”гэсэн 4 компанид ,

3.Адууны махан хөлдөөсөн бууз, банш экспортлох, адууны мах боловсруулах зөвшөөрлийг “Хаан хүнс” ХХК-д,

4.Адууны хөлдүү гулууз мах экспортлох зөвшөөрлийг “Монгол эко мах”, “ Дархан меат фүүд” ХХК-д тус тус олгосон байна.

Одоо харин дээрх зөвшөөрөл нь баталгаажсан нэр бүхий компаниудын бүтээгдэхүүн экспортлох албан ёсны гэрчилгээ нь гарчихвал, экспортоо эхлүүлэхэд бэлэн болсон аж.

Categories
мэдээ нийгэм

Орос-Хятадын тэнгисийн цэргийн хамтарсан сургалт эхэллээ

Газрын дундад тэнгист өчигдөр Орос, Хятадын хамтарсан “Тэнгисийн үйл ажиллагаа-2015” нэртэй цэргийн сургуулилт эхэлсэн байна.

Энхийг сахиулах, алан хядах, далайн дээрмийн эсрэг ажиллагаанд чиглэсэн тус сургуулилт нь 10 өдөр үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 21-нийг хүртэл үргэлжлэх гэнэ.

Сургалтад хоёр орны тэнгисийн цэргийн хүчний арав орчим хөлгийг ашиглах юм байна. Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Анатолий Антонов мэдэгджээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дарга Фань Чанлун нар саяхан холбогдох гэрээнд гарын үсэг зурцгаасан юм. Мөн хоёр тал ирэх наймдугаар сард Японы тэнгист хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөж байна.