Categories
мэдээ цаг-үе

Б.Цэвээндаш: Эверестийн 6500 метрийн өндөрт авирч байхад газар хөдөлсөн. Тас хийгээд л явчихдаг юм байна лээ

Балбад хүчтэй газар хөдлөлт болж дэлхий нийтийг цочоож байх үеэр манай улсын хоёр уулчин Эверестэд авчирч байлаа. Тэдний авиралтыг Хятадын талаас бүрэн зогсоож бүтэн нэг жилээр Эверестийн авиралтыг хаасан. Харин манай уулчид өнгөрсөн ням гаригт эх орондоо ирсэн юм. Дэлхийн дээвэр дээр хоёр дахь удаагаа гарахаар явсан уулын спортын олон улсын хэмжээний мастер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын уулчин, хошууч Б.Цэвээндаштай уулзлаа.

Эверестийг зорих аяллаа эхлүүлэхээр дөрөвдүгээр сарын 5-нд эх орноосоо хөдөлсөн. Авиралт хэзээнээс эхэлсэн бэ?

-Энэ удаагийн Эверестийн авиралт маань “Найрсаг Улаанбаатар эрүүл Монголын төлөө хамтдаа” гэсэн уриатай байлаа. Өнгөрсөн сарын 5-ны өдөр эх орноосоо мордож Катманду олон улсын нисэх онгоцны буудалд буусан. Тэнд хоёр хоноод аяллаа эхлүүлсэн юм. Эверестийн бааз буюу 5200 метрийн өндөрт дөрөвдүгээр сарын 12 гэхэд оччихсон байлаа. Тэнд хамгийн эхний бааз байдаг юм. Бас замдаа 3500 метрт өндрийн бэлтгэл хийсэн. Нэг ёсондоо өндрийн өөрчлөлтөд биеэ дасгаж байсан гэсэн үг. Манай багт Английн гурав, Румины нэг, Коста Рикагийн нэг, ОХУ-ын нэг, Украйны нэг уулчин багтаж байсан. Эдгээр уулчид маш олон жил ууланд авирсан, туршлагатай тамирчид байлаа. Арав, хорь, гучин жил биеэ бэлдсэний эцэст хамгийн сүүлийн зорилго болох Эверестэд аврахаар ирчихээд байсан. Тэдэн дундаас би 2012 онд Эверестийн оргил дээр гарч байсан. Бас Английн Жонн гэж уулчин хүн 2006 онд Эверест рүү авирч байсан гэсэн. Гэхдээ хүчилтөрөгчгүй болоод хөл, гар нь хөлдөөд авиралтаа зогсоож байсан тухайгаа ярьж байв. Тухайн үед хөлийнхөө дөрвөн хурууг тайруулж байсан юм билээ. Уг нь манай багийнхан Катмандугаас хөдлөхдөө арван нэгүүлээ явсан. Харамсалтай нь Германы хоёр уулчин өндөрт биеэ дасгаж чадахгүй буцсан. Бас Украйны уулчны баруун нүд хурц наранд сохроод авиралтаа зогсоохоос өөр аргагүй болов. Түүнийг бууснаас гурав хоногийн дараа ОХУ-ын уулчны бие муудаж толгой нь хүчтэй өвдөхийн хажуугаар ходоод нь өвдөөд Катманду руу буцсан. Ингээд есүүлээ үлдсэн.

-5200 метрийн өндөрт хэр удсан бэ?

-Тэнд хориод хоносон. Өндрийн өөрчлөлт явагдаж байгаа болохоор аль болох биеэ дасгах хэрэгтэй. Цасаар биеэ угаагаад өөрийгөө чийрэгжүүлж бүх хүнд хэцүүг сөрж зогсохгүй бол цааш авирах боломжгүй болно. Тэнд хэд хонож биеэ дасгаад 5750 метрийн өндөрт нэг хоносон. Цаашаа 6500 метрт гурав хоносон. Тэнд хонож байхдаа хоёр дахь өдрөө 7180 метрийн өндөрт гарсан. Эверестийн 80 хувийг туулсан гэсэн үг. 7180 метрийн өндөр лүүгээ гарчихаад буцаж кэмп дээрээ ирж амарчихаад маргааш нь дайралт хийнэ гэж төлөвлөөд байлаа. Гэтэл яг тэр өдөр газар хөдлөлт болсон.

Орон нутгийн цагаар хэдэн цагийн үед вэ?

-Үдээс хойш байсан. 16 цаг л болж байсан болов уу. Бид нар кэмпийнхээ хоол цайгаа идэж уудаг газар байж байлаа. Хоорондоо ярилцаад сууж байтал тас гээд явчихсан. Ёстой чих дөжрөм чимээ л гэж тэрийг хэлэх байх. Яг тэгж дуугарах үед хаана, юун дэлбэрэлт болчихов оо гэж бодсон. Тэгсэн ширээн дээр байсан зүйл газар унаад уул тэр чигтээ чичрээд эхэлсэн. Тэрүүхэн хооронд газар хөдөлж байна ч гэж боддоггүй юм байна лээ. Юу болоод байна вэ гээд учраа олохгүй бүгдээрээ орилолдлоо. Сууж байсан хүмүүс бүгд босож зугтаад. Тэр өндөр ууланд хаашаа зугтахаа мэдэхгүй хэрнээ гүйлдээд байдаг юм билээ. Хэдэн хором өнгөрөхөд газар хөдөлж байна гэдгийг мэдээд майхан руугаа ухасхийсэн. Тэнд камер байсан юм.

Тийм үед бичлэг хийсэн гэж үү?

-Эгзэгтэй мөч болгоныг дүрсжүүлж монголчуудтайгаа хамт авирна гэж байсан болохоор хамгийн түрүүнд тэр л санаанд орсон хэрэг. Хүмүүс нэг хэсэг орилолдож гүйлдэж байгаад бөөгнөрөөд уулынхаа голд зогсчихсон. Ихэнх уулчид анх удаа тэгж хүчтэй газар хөдлөхийг харж байгаа нь тэр. Би ч гэсэн өмнө нь газар хөдлөхийг мэдэрч байгаагүй. Харин сая газар хөдлөлтийг мэдрэх мэдрэхдээ 6500 метрийн өндөрт мэдэрлээ.

Эргэн тойронд өндөр уулнууд байсан байх. Тэд яаж харагдаж байсан бэ?

-Савлагаатай байсан. Өндөр уулан дээр байгаа болохоор тэр үү дуу чимээ айхтар байсан. Ерөөсөө л тас гээд явчихдаг юм байна лээ. Тэгээд дээрээс цас, мөс нурж орж ирж байлаа. Том том хад чулуу нурж орж ирж байсан.

Газар хөдлөлт гурван удаа болсон гэсэн байх аа?

-Тэгсэн. Эхнийх хамгийн хүчтэй нь байсан. Тэгээд дөнгөж учраа олоод байж байтал 20-иод минутын дараа дахиад дайвалзаад эхэлсэн. Тэр нь арай гайгүй. Гурав дахь нь мөн л 20 орчим минутын дараа болсон. Гэтэл удалгүй хөтөч нар маань иридиумын утсаар холбогдох газруудтай яриад яаралтай уулнаас буу гэсэн. Хамаг юмаа хаяад л буусан даа.

Шууд Катманду руу буув уу?

-Эхний бааз болох 5200 метр дээр ирсэн. Газар хөдлөлтөөс хоёр хоногийн дараа бууж ирж байгаа юм. Бууж ирээд утсаа нээтэл ар гэрийнхэн, найз нөхөд, албан байгууллага, хамт ууланд алхдаг хүмүүс гээд энд тэндээс зөндөө мессэж ирсэн байсан. “Монголын хоёр уулчин ор сураггүй байна” гэсэн мэдээлэл тарсан юм байна лээ. Гэрийнхэн болон намайг таньдаг хүмүүс сандраад бөөн юм болж байсан байх. Тэгээд ямар ч байсан амьд байна гэдгээ мэдэгдээд доошоо буусан.

Хэрэв газар хөдлөөгүй байсан бол авиралтаа яаж үргэлжлүүлэх байсан бэ?

-Бид хэд 7800 метрийн өндөрт байрлах гэж байсан юм. Тэндээ гурав, дөрөв хоног амарчихаад үндсэн авиралтаа хийн оргил дээр гарахаар төлөвлөөд байсан. Гэтэл байгалийн гамшигт үзэгдлийг яах ч аргагүй. Нэг бодлын их харамсалтай байна. Бэлтгэл сайтай байсан болохоор бие их сайн байлаа. Хөнгөн шингэн, өндрийн өөрчлөлтөд аль хэдийнэ дасан зохицсон байсан. Өөртөө их итгэлтэй байсан болохоор авиралт зогсоосон байхад хүртэл итгэж чадахгүй байсан.

Ямар ч арга байхгүй. Буу гэсэн үү?

-Дөрөвдүгээр сарын 25-нд газар хөдөлсөн шүү дээ. Тэр үед бүх уулчдыг буу гэсэн. Гэхдээ би хамгийн сүүлийн өдөр хүртэл буюу энэ сарын 5 хүртэл 5200 метрийн кэмп дээрээ байсан. Тавдугаар сарын 5-наас уулчдыг хүчээр буулгана гэж байсан юм. Сүүлийн өдөр хүртэл байгаад байсан нь юмыг яаж мэдэх вэ гэж бодсонтой холбоотой. Яг газар хөдлөлт болох үеэр Эверестэд 300 гаруй уулчин авирч байсан юм билээ. Би хамгийн сүүлд уулнаас буусан 17 уулчинтай хамт ирсэн.

Газар хөдлөлт болох үед оргил дээр гарчихсан уулчин байсан уу. Бас та нараас өндөрт яваа багийнхан байсан болов уу?

-Оргил дээр гарсан уулчин байгаагүй. Манай багийнхан хамгийн өндөрт байх кэмпийг эзэлчихсэн байсан. Тэгэхээр Түвд талаасаа лав бидний дээр явсан уулчин байгаагүй.

Уулчид маш их эрсдэж байна гэсэн мэдээлэл байсан?

-Балба талаас нэлээн их хохиролтой байсан мэдээ байгаа. Урд талаас авирч байсан уулчдаас 26 хүн газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан гэсэн мэдээ байна лээ. Түвдэд зургаан уулчин амь үрэгдсэн гэсэн. Яг хажууд байгаа хүмүүсээс нас барсан хүн байхгүй ч өндөр дээрээс нурж унаж байгаа хад, чулуунд оногдоод нас барсан гэж байна лээ. Түвд талаас 1200 гаруй хүн орон гэргүй болсон гэж мэдээлж байсан.

Яг газар хөдөлж байхад юу бодогдож байв?

-Их л гайхсан даа. Гэхдээ арай ч авиралт зогсоочихно чинээ санаагүй. Газар хөдөлж байгааг нь мэдээд одоо удахгүй гайгүй болчих болов уу гэж бодож байсан. Дууссан хойно нь “За ашгүй, намдчихлаа. Өнөө шөнө сайхан амраад маргааш дайралтаа хийнэ дээ” л гэж бодож байсан. Манай багийнхан хувцас хунараа хүртэл бэлдээд авирна гэж бодож байсан юм. Гэтэл ямар ч аргагүй, бушуухан доошоо буу гэж хэлсэн. Гэхдээ бас биднийг хуурч буулгасан байгаа юм. “Одоо дахиж газар хөдөлнө гэж байна. Доошоо буучихаад гурав, дөрвөн өдрийн дараа дахиад гарч ирье” гэж хэлсэн. Хэрэв бүх юм дууссан, уулыг хаалаа гэсэн бол уулчид дээшээ зүтгэх л байсан. “Бид нар мөнгөө төлсөн. Одоо 6500 метрийн өндөрт байгаа юм чинь дээшээ гарна” гээд дайрчихвал бас боломж байсан байж мэдэх юм. Хөтөч нарт тэндхийн уулын холбооноос “Уулчдыг яаралтай буулга” гэсэн тушаал ирсэн шиг байна лээ.

Газар хөдлөлт болсны дараа байгальд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Дээшээ өгсөхөд зүв зүгээр байсан газруудад ангал үүсчихсэн байсан. Маш болгоомжтой, бие биеийнхээ гишгэсэн мөр болгон дээр гишгээд доош буусан. Ер нь нуралт явагдах аюул их байлаа.

Доор буугаад ирэхэд байдал ямар байв?

-Тэнд үлдсэн хүмүүс орилолдоод явчихсан. Буугаад ирэх болов уу гэж хэдэн өдөр хараад байхад ирэхгүй байсан болохоор бас жаахан сандарч байсан юм шиг байна лээ.

Та 2012 онд Эверестийн ноён оргил дээр гарч байсан. Харин энэ удаад ар талаас нь авирахад ямар байдаг юм байна?

-Эверест бол Эверест шүү дээ. Ард талаасаа хад асга ихтэй, урд талаасаа цасан хунгар их ихтэй. Нэг гоё нь Түвдийн талаас авирахаар Жомолунгма ноён оргил харагддаг юм билээ. Оргил нүдэнд харагдаад байгаа болохоор авирахад сэтгэлзүйн хувьд сайхан санагддаг юм байна.

Одоо Эверестийн авиралтыг бүтэн жилээр зогсоочихов уу?

-Тэглээ. Угаасаа Эверестэд жил бүрийн тав, аравдугаар сард авирдаг. Ирэх аравдугаар сарын авиралтыг бүр мөсөн хаасан. Ирэх оны тавдугаар сар хүртэл уулчид Эверестийг зүглэхгүй. Харин дараа жил уулчид авах эсэхийг холбогдох албаны хүмүүс шийднэ гэсэн.

Эверест доошоо суулт өгсөн гэж байсан. Тэр талаар мэдсэн үү?

-Суулт өгсөн гэж ярьж байна лээ. Зарим хүмүүс доошоо гурван метр суусан гэж байсан. Үнэн худлыг магадлаж чадсангүй. Катмандуд буугаад ирэхэд их хэцүү дүр төрх угтаж байна лээ. Нэг байшин нураад нөгөөгөө налчихсан ч байх шиг. Ер нь дайны дараах хот шиг болчихсон байхыг хараад сэтгэл өвдөж л явлаа.

Та бүхэн авиралт хийхийн тулд мөнгө төлсөн. Нэгэнт мөнгөө төлөөд авиралтаа дуусгаж чадаагүй болохоор ирэх жил ч юмуу дахиад авирч болох уу?

-Уг нь Хятадын Засгийн газраас тэтгэлэг олгох болоод нэг багт 5000 ам.доллар өгсөн юм. Тэрийг олуулаа хуваагаад авчихаар нэг хүнд 500 ам.доллар ноогдож байгаа. Түүгээрээ Лхас орох замын зардал хийгээд таарсан. Харин ууланд авирах эрх авсан байгууллагатайгаа холбогдоход “Хэрэв ирэх жил дахин авирах бол 7200 ам.долларын хөнгөлөлт үзүүлье” гэсэн. Одоо бол ямар ч боломж байхгүй юм билээ. Тэгээд ч гамшигт өртөөд хэцүү байгаа улсаас мөнгө нэхээд байх хэцүү.

Түрүүн та газар хөдлөлтийн дараа бичлэг хийсэн гэсэн. Хэзээ олны хүртээл болох вэ?

-Уулын спорт үзэгчгүй байдаг учраас хүмүүс тэр бүр мэдэрдэггүй. Тиймээс авиралтаа эхлэх үеэсээ эхлэн бичлэг хийж байлаа. Бүр сүүлдээ манай багийнхан намайг “Mongolian TV” гээд нэрлэчихсэн. Ер нь бол бичлэг хангалттай хийсэн. Одоо харин мэргэжлийн хүмүүст үзүүлж байж олны хүртээл болгох байх. Харин авиралтын явцад авч байсан гэрэл зургаараа үзэсгэлэн гаргая гэж бодож байгаа.

Ирэх жил Эверестийг зорих уу?

-Тэрийг өнөөдөр хэлж мэдэхгүй байна. Хөрөнгө мөнгөнөөс л хамаарна даа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Болор: Хамтарсан нөхдөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх сонирхол тун бага байна

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болортой ярилцлаа.

Эдийн засаг, төсөв мөнгөтэй холбоотой таагүй мэдээллүүд улам их түгж байна. Байнгын хорооны даргын хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулахгүй юу?

-Аливаа улс тухайн жил, ирэх онуудын, сүүлийн жилүүдийн төсөөлөл гээд бүх үзүүлэлтүүдийг тооцож үзэж байж төсвөө баталдаг. Орон бүр л төсвөө өөдрөг гаргадаг. Монгол Улсын хувьд үйлдвэрлэгч орон биш. Тийм учраас түүхий эдийнхээ үнэд тулгуурладаг. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд ямар байхаас шалтгаалж Монголын эдийн засаг дээшлэх үү, доошлох уу гэдэг нь шийдэгддэг. Энэ нь манай улсын хамгийн том дутагдал. Үүнийг өөрчлөхийн төлөө бид ажиллах ёстой. Бидний хувьд 2010-2011 оны үед нүүрс, алт, зэсийн үнэ нэмэгдэхэд эдийн засаг сэргэлт авсан. Тэр үеийнхээ дундаж үзүүлэлтийг оруулж фактор болгоод төсвөө баталдаг. Аль ч улсын төсвийн орлого баталснаар нь төвлөрнө гэж байхгүй. Гэхдээ өнөөдрийнх шиг нэг их наяд төгрөгөөр тасарна гэдэг Монгол Улсын эдийн засагт сайнаар нөлөөлөхгүй. Аль болох л бүтээх талаас нь УИХ Засгийн газраа шахаж ажиллаж байна. 2014 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар байхад баталсан төсөв боломжийн болсон. Үүн дээр Ч.Сайханбилэгийн буюу хамтарсан Засгийн газар тодотгол оруулж ирэхдээ дутагдал гаргасан. Ер нь намууд тэр дундаа АН, би ч гэсэн төсвийн тодотголыг орж ирсэн хэлбэрээр нь батлуулахгүй гэдэг хатуу байр суурьтай байсан. Тиймдээ ч нэлээд сайжруулж баталсан.

Төсвийн тодотгол яагаад муу болсон гэж?

-Засгийн газар тодотголыг оруулж ирэхдээ зардлаа илүү их танах ёстой байсан. Гэхдээ өнөөдөр хямрал гэж хавтгайруулж ярьж байгааг би нэг их ойшоохгүй байгаа. Хямрал гэдгийг тодорхойлдог ажилгүйдлийн тоо өсөх, инфляц 20 хувиас дээш гарах зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бий. Ийм хэмжээнд асуудал хүрээгүй, хүн ам өсч, ажилгүйдлийн тоо буурч, тодорхой ажлууд хийгдэж, аймгуудын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өсч байна. Жишээ нь манай Архангай аймагт үзүүлэлтүүд нь дээшилсэн. Тэгэхээр улс төрийн оноо авахын төлөө алхам тутамдаа “хямрал, хямрал, хямрал” гэж яриад байх нь буруу. Орлого тасалдаж байгаа нь зөв зүйл биш ч тартагтаа тулчихаагүй байгаа. Бид Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гаргана гэх зэргээр баахан шуум тараачихсан. Үүнтэй холбоотой улс орон даяар хүлээлт үүсчихсэн байдаг. Гэтэл УИХ нь тэр ажил руугаа орохгүй хоёрын хооронд улс төр хийгээд хэрэггүй нэг асуудал дээр ихэнх хугацаагаа авч байна. Жишээ нь Цэцийн дүгнэлт дээр л гэхэд үдээс өмнө гурван цаг боллоо. Ингэж байгаа нь харамсалтай л байдаг юм. Төсвийн тухайд тодотголоо Засгийн газар оруулж ирэх байх. Хэзээ вэ гэдгийг нь мэдэхгүй байна.

Цалингаа тавьж, эм тариагаа авч чадахгүйд хүрлээ гээд байгаа. Үнэн юм уу?

-Цалин, тэтгэвэр тасалдахгүй. Зарим нэг нөхөд оноо авахын тулд ийм зүйлийг завсар чөлөөгүй яриад байгаа юм. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг долоо хоног бүрээр нь авч үзэж байгаа. Тэндээс харахад цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрэх тухай зүйл огтхон ч харагдахгүй байна. Мөн өрийн дарамт маш их ярьж байна. Тэгвэл зах зээлийн эдийн засгаараа хөгжиж байгаа улс орнууд чинь мөнгө босгож байж л эдийн засгаа тэлдэг. Зарим гишүүд хөрөнгө оруулалт татахын тулд өр тавиад байна гэж ярих юм. Зайлуул Ерөнхий сайд нь энэ хоёрын нэг нь нөгөөгийнхөө оронд явдаг юм биш гэдгийг байн байн л хэлээд байгаа. Тодруулбал, энэ хоёр хамт л явдаг зүйл. Тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтын амыг МАН өөрсдөө 45-уулаа байхдаа 2012 онд хийсэн хуулиараа барьсан. Тэгэхэд Элчин сайдуудыг цуглуулж уулзаад Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчилсөн. Тэр шийдвэрээс болж хөрөнгө оруулалт гэдэг зүйл байхгүй болсон байдаг. Ийм байж өнөөдөр гэнэт саран дээрээс буугаад ирчихсэн юм шиг ийм зүйл яриад байж болохгүй л дээ. Хамтарна гэж хамтарчихаад шүү. Бид эдийн засгаа тэлэх тусам ДНБ-д эзлэх өрийн хэмжээ багасаад явдаг зарчимтай. Европын холбоонд сүүлд элссэн зүүн Европын орнуудын өрийн хязгаар 90 хувьтай байх жишээтэй. АНУ-ын тухайд яриад ч хэрэггүй байх. Манай улсын хөгжлийн түвшинд байгаа эсвэл өндөр хөгжчихсөн орнууд манай түвшинд байхдаа ямар байсныг харьцуулаад үзэхээр аль болох л мөнгө босгож тэр хэмжээгээрээ дэд бүтцээ шийдэж, үйлдвэрүүдээ босгосон байдаг. Манайх үйлдвэрлэгч болох ёстой. Гэтэл тэр үйлдвэрүүдийг хэн ч зүгээр бариад өгөхгүй. Тиймээс тодорхой түвшинд зээллэг яригдана. Мэдээж оруулж ирсэн мөнгийг зарцуулахдаа ч сайн менежменттэй байх ёстой. Чингэс, Самурай бондын хөрөнгийг тавиад туучихсан гэж хэсэг бүлэг хүмүүс яриад байгаа юм. Гэтэл зарцуулалтын нэг мөнгө хүртэлх задаргааг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Дандаа л бүтээн байгуулалт руу орсон юм билээ. Түүнээс биш Чалкогийн өр шиг авангуутаа тараагаад өгчихсөн зүйл байдаггүй юм билээ. Хөрөнгө оруулалтынхаа хуульд өөрсдөө 2012 онд сонгуулийн өмнө популизм хийж өөрчлөлт оруулж хөрөнгө оруулалтаа багасгачихаад, тэгээд сонгуульд ялагдчихаад эргээд зай завсаргүй ийм зүйл яриад улс орныхоо хөгжилд чөдөр тушаа хийгээд яваад байхыг буруу л гэж бодож байгаа.

Одоо МАН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гээд эхэллээ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ баталдаг. Баталсан хөтөлбөрийг ямар ч Засгийн газар, хэдэн ч удаа солигдсон бай хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг л шаардана. Харамсалтай нь хамтарсан нөхдөд мөрийн хөтөлбөрийг биелүүлэх сонирхол тун бага байна. Хамтарсан нөхөд юуг хүсч байгаа вэ гэхээр яаж өөрийнхөө намын хүмүүсийг энд тэндэхийн албан тушаалд аваачиж тавих вэ. Яаж тартагт нь тулгаад гарах вэ гэдэг бодолтой байна. Ярьж байгаа, хэлж байгаа үйлдлүүд нь надад тэгж л харагдаад байна.

МАН засгаас гарах нь тодорхой болчихож байгаа юм биш үү?

-Харин тийм. Гарахдаа хүндрэлтэй байгааг нь улам хүнд болгоод явах санаатай. Нэг юм ч болов Монгол Улсынхаа төлөө хамтраад хийе гэж огт дуугарахгүй юм.

Харин АН, МАН-ынхан Таван толгойг явуулахгүй байх тал дээр сайн нэгдэж байгаа юм биш үү. Таны хувьд ямар санаатай байгаа вэ?

-Таван толгойн талаар сошиал орчинд тодохой байр сууриа илэрхийлчихээд байгаа. Таван толгойг явуулах нь зөв. Гэхдээ саяын оруулж ирсэн гэрээгээр явуулж болохгүй гэдэг хувийн бодолтой байна. Уншаад үзэхэд Монголын эрх ашигт нийцэхээргүй ийм л гэрээ байгаа. Ер нь Оюу толгойн гэрээг өмнөх парламентын үед явуулсан. Бас л асар их учир дутагдалтай гэрээ болсон. Түүнээс дор зүйл оруулаад ирэхээр ойлгомжтой биз дээ. Өнөөгийн болон тэр үеийн нөхцөл байдал өөр ч гэж яриад байна. Гэхдээ өнөөдөр ажиллаж байгаа Засгийн газар нь өөрийнхөө төрийн өмчит Эрдэнэс Таван толгой компанийг байнга доош нь хийж, муулж янз бүрээр яриад байгаа нь сонирхол татам. Гэтэл Эрдэнэс таван толгой компани нь өөрөө тэс өөр мэдээллийг өгч байна. мэдээж ашигтай ажилласан байгаа. Чалкогийн өр болох 300 сая гаруй ам.долларын 200 гаруй саяыг нь олборлосон нүүрсээрээ дарчихсан байгаа биз дээ. Ашигтай ажилласан гэдгээ үүнээс өөрөөр яаж нотлох шаардлагатай юм. Гэтэл ашиггүй ажиллаад бүр их өртэй компанид өгөх гээд байгааг би ойлгохгүй байгаа. Нарийн зүйл рүү нь орвол үнэхээр болохгүй байна. Дөрөвдүгээр сарын эхээр хулгайгаар зурагдах гэж байсан гэрээг УИХ зогсоосноороо түүхэн гавьяа байгуулсан гэж харж байгаа. Зөвхөн өнөөдрийн хүндрэлийг харж энэ гэрээг хийж болохгүй. Би, миний үр хүүхэд, ач, зээ нар Монголдоо амьдарна гэж бодсоны үндсэн дээр гэрээг хийх ёстой. Харин энэ гэрээг хийж байгаа хүмүүс цаашид Монголд амьдрахгүй гэж бодож байж магадгүй. Би айхтар популизм хийгээд байдаггүй ч энэ асуудал дээр дуугүй байж чадаагүй.

Гэрээнд Монголын талын олох орлогыг юу гэж заасан байна?

-Хар ухаанаар яривал Эрдэнэс Таван толгойн бүх зүйлийг Энержи ресурст шинжлүүлэх заалтууд л туссан. Гэтэл хүн бүр Эрдэнэс Таван толгой компанид цөөн хувьцаатай. Иргэдэд байгаа хувьцаа бол хийсвэр зүйл биш. Иргэд Эрдэнэс Таван толгойд хувьцаа эзэмшиж байгаа учраас Энержи ресурс руу үйл ажиллагааг нь шилжүүлэхдээ асуух уу гэх мэтчилэнгээр нарийн асуудлууд байна. Хөрөнгө оруулагч хэн байх нь хамаа алга гэж болно. Бид Хятадын компани гээд байгаа юм биш. Ер нь харилцан ашигтай, хувьцаа эзэмшигч иргэдийн эрхийг хангасан байх ёстой. Ганцхан жишээг дурдахад Блүүмберг дээр “Мongolian mining corporaratian бол энэ жилийн төгсгөл гэхэд дампуурч алга болно. Тэднийг аврах ганц зүйл нь Таван толгойн гэрээг байгуулж өрөө дарах” гэж бичсэн байна. Ийм зүйл рүү бид орох ёсгүй. Дэлхий нийт уншдаг Блүүмберг зүгээр сонсоод биччихдэг хэвлэл биш. Тэгэхээр бид аль болох засч сайжруулаад явуулах ёстой. Ийм л хувийн бодолтой байна.

Эхнээсээ зохион байгуулалттай байсан гэсэн үг үү. Энэ Засгийн газрыг энэ гэрээг байгуулах гэж байгуулагдсан гэдэг үг ч гараад байгаа?

-Энэ бол миний хувийн бодол. Үүнийг өөрөөр харж байгаа УИХ-ын гишүүд, хувь хүн олон байгаа. “Хийх ёстой, манайд ашигтай” гэж тайлбарлах хүн цөөнгүй бий. Тэгэхээр санал зөрөлдөж байна л гэсэн үг.

Тэгвэл гэрээг хэрхэн өөрчлөх вэ. Ямар чиглэлийг Засгийн газарт өгөх ёстой гэж?

-Минийхээр болдог бол Энержи ресурс гэдгийг нь Эрдэнэс таван толгойгоор сольчиход л гэрээ явчихна. Бүр болохгүй бол ийм гэрээг хийж байснаас одоогийнхоор нь орхичихсон нь дээр.

Төмөр зам тавих, нүүрс угаах үйлдвэр барих асуудал нь тусдаа яригдана. Мөнгө төгрөгөөс эхлээд дахиад л бөөн асуудал босно ш дээ?

-Ярьж болохгүй зүйл байхгүй. Олборлож байгаа нь үнэн. Олборлож байгаа үнийн зөрүү нь хүртэл их том ялгаатай байна. Цаад тал нь 50 ам.доллараар олборлуулдаг бол Эрдэнэс таван толгой нь 17 ам.доллараар олборлуулж байна. Ингээд л ялгаа гараад байгаа юм. Ерөнхий зүйлийг ярихад л ийм. Бүр нарийн яривал утгагүй зүйл болно.

Хувьцаанаас хэзээ ногдол ашиг авах вэ гэдэг асуулт бий?

-Саяын гэрээг баталчихсан бол хувьцаа замхарч байгаа юм. Тэгээд л М.Энхсайхан өдөр шөнөгүй “1072 хувьцаа чинь саналын эрхгүй, амьгүй” гэж яриад байгаа. Хувьцаа амилна гэдэг ашиг хүртэж эхлэхийг хэлнэ. Заавал өнөөдөр байх албагүй. 1800 оны үед АНУ-ын томоохон корпорациудын хувьцаа амилахгүй явсаар байгаад сүүлдээ ашиг өгч эхлэхдээ бүх хувьцаа эзэмшигчдээ саятан болгосон жишээтэй. Ийм гэрээг Засгийн газар зөв хийх үүрэгтэй. Тэгээд засах үүргийг нь УИХ өгч байна. гэтэл засахгүй гээд улайраад, муйхарлаад зүтгээд байж болохгүй.

Ер нь сүүлийн үед УИХ, Засгийн газар тодорхой шийдвэр гаргаж чадахаа больчихоод байна уу?

-Монголчууд улс төрөөсөө гарч чадахгүй байна. Орой зурагт үзэхэд цагийн мэдээний 55 минутад нь улс төр гарч байна. Яагаад гэвэл хүн бүр нь улстөрч болчихсон. Тийм ч учраас энэ гишүүд нь хүртэл болж л өгвөл кинопоо дарж дэмий юм ярьж цаг хугацаа авч зурагтаар гарах сонирхолтой. Цэцийн дүгнэлтийг гурван цаг хэлэлцэх ямар шаардлага байдаг юм. Асуулттай гишүүн байна уу гэхэд 20 гишүүн нэрээ өгч байна. Гишүүн тус бүр таван минут асуухад цаг 40 минут хариулт өгөх гэж мөн ийм хугацаа болж байна. Ингээд л үдээс өмнөх чуулганы хуралдаан дуусч байна ш дээ. Та бүхэн хараарай. Уралдаж кноп дардаг нэр бүхий хэдэн л хүн бий. Харагдаж л байвал би сайн гэж боддог юм уу яадаг юм. Тэгсэн хэрнээ хэрэгтэй юм ярихгүй. Ерөнхий сайд ч гэсэн “Би татвар нэмэхгүй” гэж баахан ярьчихаад татвар нэмэх хуулиа татахгүй яваад байдаг нь бас л утгагүй. Улс төрийн бай болж байна. Тэр дундаа энэ удаа олонхигүй байгаа учраас улстөржилт нь дийлдэхгүй байна. Заавал гурван бүлэг зөвшилцөнө гэх мэтээр харамсалтай л байдаг. Одоо тойргийг жижиг болгоно гээд байгаа нь их том ухралт. Жижиг болгочихвол 76 тэрбумтан л худалдаад авчихна.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ спорт

Уулчин Т.Гүррагчаа мэдээлэл хийнэ

Өнөөдөр ОУХМ, гавьяат тамирчин Т.Гүррагчаа 13.00 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Мэдээллийн танхимд мэдээлэл хийхээр болжээ.

Тэрбээр Эверестийн оргилд гарахаар ОУХМ Б.Цэвээндаштай хамт явсан ч байгалийн гамшгийн улмаас авиралтаа зогсоож, эх орондоо ирсэн юм. Хятадын засгийн газраас авиралтыг бүтэн жилээр хаах шийдвэр гаргаснаар бүх улсын уулчид нутаг буцсан билээ.

Categories
мэдээ спорт

Манай шигшээгийнхэн маргааш Японы багтай тоглоно

Өчигдөр хагас шигшээд шалгарсан Монголын баг БНСУ-тай хэсгийн аваргын төлөөх тоглолтоо хийсэн юм. Хөгжөөн дэмжигчид багаа дэмжихээр Буянт-Ухаагийн спорт цогцолборт дүүрэн ирсэн байсан. Зохион байгуулагчдын зүгээс Баянзүрх дүүргийн Жуковын музей, Сонгинохайрхан дүүргийн Саппоро худалдааны төв, Сүхбаатар дүүргийн Спортын төв ордноос 13.00, 19.00 цагуудаас нийтийн унаагаар үнэ төлбөргүй үйлчилсэн юм. Тоглолтын нэгдүгээр үед манай баг аюултай довтолгоог олон хийж байсан хэдий ч хожигдсон. Мөн хоёрдугаар, гуравдугаар үед ч ялагдал хүлээсэн билээ. Харин маргааш Японы шигшээ багтай тоглоно.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Таван толгойн нүүрсийг үнэд хүргэх гарц

Урд хөршийн “Винсвэй интерпрайсес холдинг” компанийн урт хугацааны зээлжих зэрэглэл CCC-гээс SD болж буурсныг Standart & Poors зарлалаа. Нүүрсний зах зээлийн гол тоглогч гэгддэг энэ компанийн үнэлгээ эх орондоо ч сайн биш байна. Хятадад зээлжих зэрэглэл нь D гэсэн ангилалд багтчихаад буй. Шуудхан хэлэхэд “Винсвэй”-н дампуурал эхэлчихлээ. Өнгөрсөн сард бондын хүүгийн төлбөрт өгөх учиртай байсан 13.15 сая ам.доллараа төлж чадаагүй. Дараагийн нэг сарын боломжит хугацаанд ч төлбөрөө гүйцэтгээгүй компанийн хувьд дампуурал ойрхон ирсэн гэсэн үг.

Standart & Poors бол улс орон, компаниудын зээл­жих зэрэглэлийг тогтоо­дог, дэл­хийд хүлээн зөвшөөрөгдсөн гурван байгууллагын нэг. Хятад бол коксжих нүүрсний зах зээл дэх дэлхийн гол хэрэглэгч. Харин “Винсвэй” Монголын компаниудын нүүр­сийг авч цааш нь үнэ нэмж худалддаг “ченж” компани. Өмнийн говьд нүүрс олборлодог хэдийн маань гол түнш. Тэд боловсруулаагүй, шороотой нүүрсээ уурхайн аман дээрээсээ барьж очоод хэр таарсан үнээр нь “Винсвэй” мэтийн компанид өгчихдөг юм. Урд хөршийн “ченж” компаниудын хамгийн аварга нь. Монголчуудаас боловсруулаагүй нүүрсийг нь дажгүй үнээр авч цаашаа­­гаа овоо хэдэн юм нэмээд зарчихдаг ченжийн систем урд хөршийн зах зээл дээр төдийгөөс өдий хүртэл үйлчилсээр ирсэн. Одоо ч Өмнийн говьд нүүрс олборлодогтөрийн өмчтэй компани маань яг ийм системээр нүүрсээ борлуулж буй.

Өмнөговьд нүүрсээ угааж, нэмүү өртөг шингээж борлуулдаг ганцхан компани бий. Тэр нь “Энержи ресурс”. Өнөөдөртөө тэд нүүрсээ гавьтай борлуулж чадахгүй, өчнөөн тэрбумаар босгосон баяжуулах үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж амжихгүй суугаа. Өдий хүртэл “ченжийн” тогтолцоо нүүрсний зах дээр хүчтэй оршсонучраас ийм дампуу дүр зураг өнөө болтол үргэлжилсэн хэрэг.

Харин одоо байдал өөрчлөгдөх нь “Винсвэй”-н дампуурлаас тов тодорхой харагдаж байна. Тодруулж хэлбэл урд хөршийн түүхий нүүрснээс татгалзаж эхэлсний нэг илрэл нь “Винсвэй”-нуруудалт болж байна. Хятад дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн үнийн удирдаач. Тэнд хэрэглээ ихэсвэл нүүрсний үнэ өснө. Хэрэглээ нь хумигдвал үнэ дагаад уруудна. Нүүрсний зах зээлд ийм хүчтэй нөлөөтэй улс түүхий нүүрснээс татгалз­саныг батлах шалтгаан ганц “Винсвэй”-н уруудалтаар зогсохгүй. Хятадын Эрчим хүчний үндэсний газар энэ сарын 5-нд Нүүрсний цэвэр хэрэглээ технологи нэвтрүүлэх таван жилийн төлөвлөгөө гаргаснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Түүхий нүүрснээс татгалзсан энэ хөтөлбөр өнөөдрөөс 2020 он хүртэл хэрэгжинэ. Уг нь шинэ юм биш л дээ. Урд хөрш аль эртнээс ногоон эдийн засгийг дэмжинэ гээд түүхий нүүрсийг зах зээлээс шахах агуулгатай заалт багтсан хөтөлбөр энэ тэрээ баталчихсан байсан. Тэр бодлогоо л хэрэгжүүлж эхэлсэн нь энэ.

Хятадын хувьд манайх шиг хөгжлийн хөтөлбөр гаргаад маргааш нь мартаж орхидог улс биш. Хэрэгжүүлнэ л гэсэн бол ямар ч хөтөлбөр амьдрал дээр буудаг. Төр нь дэмжинэ л гэвэл ямар ч компаниа босгоод ирдэг. Унагая гэвэл ямар ч том компани сүйрлээ зарлахад гайхаад байх юмгүй. Манай шороотой нүүрсийг хямд үнээр авч хил давуулаад баяжуулах үйлдвэрт угааж цааш нь ахиу үнээр зардаг “Винсвэй” шиг компаниудаа Хятадын төр өмнө нь дэмждэг байсан. Ийм компаниудыг нүүрсний салбарынхан “дундын” гэж тодотгодог. Төр нь дэмжиж байсан болохоор дундын компаниудын бизнес цэцэглэж байсан юм. Энэ удаа Хятадын төр “Винсвэй”-н түүхэн үүрэг дууссан гэж үзсэн учраас л нэгэн цагт нүүрсний зах зээл дээр мандаж явсан компани зээлээ төлж чадахгүйд хүрч шалдаа буусан хэрэг. Урд хөршид учир шалтгаангүй, бодлогогүй, санамсаргүй, тохиолдлын юм гэж ерөөс үгүй гэдгийг үүнээс гадна өчнөөн жишээгээр нотолж болно.

Товчхондоо нүүрсээ нийлүүлдэг урд хөрш маань “Түүхий нүүрс авахгүй шүү, та нар нүүрсээ угааж баяжуулаад зарвал зар, чадахгүй бол уучлаарай” гэчихлээ. Ирэх таван жилийн хугацаанд урд хөршид нүүрс баяжуулах, гүн боловсруулах үйлдвэр, цогцолбор олноор баригдах гэж байна. Хоёр жилийн дараа дотооддоо хэрэглэх нүүрснийхээ далан хувийг баяжуулж, 2020 онд бараг ихэнх нүүрсээ боловсруулж хэрэглэх нь тодорхой болжээ.

Тэгэхээр бидэнд одоо ганцхан зам байна. Таван толгойн нүүрсээ угааж баяжуулж байж л Хятад гэдэг аварга зах зээл дээр үнэ хүргэж борлуулах цор ганц зам байна. Нэг статистик хэлье. Уг нь Таван толгойн коксжих нүүрс дэлхийд гэж ярихаар чанартай. Гэтэл өнөөдөр бид урд хөршид коксжих нүүрс нийлүүлдэг бусад улсаас 1-3 дахин хямд үнээр нүүрсээ зарж байна. Боловсруулаагүй, эцсийн зах зээлд шууд хүрдэггүй, “ченж”-ийн дүрмээр ажилладаг захтай учраас Монголын нүүрс ийм үнээр зарагдаж байгаа хэрэг.

Манайд нүүрс угаах үйлдвэр барьсан нэг л компани байгаа, тэр нь “Энержи ресурс” гэж өмнө хэлсэн. Дорнын луу “Винсвэй” мэтийн дундын компаниудаа биш “Шинхуа” шиг боловсруулсан нүүрсийг эцсийн зах зээлд, далайн боомтод хүргэдэг аваргуудаа дэмжээд эхэлчихлээ. Тэгэхээр Таван толгойн саяхны хэлэлцээрээр за зүй болоод тохирчихсон “Энержи ресурс”, “Шинхуа”, “Сумитомо” гэсэн хослол урд хөршийн зах зээл дээр жинхэнэ тоглогч байж чадна гэсэн үг.

“Энержи ресурс”-ийн хувьд нүүрсний зах зээл дээр зөв тоглогч гэсэн эерэг имижтэй. “Винсвэй” мэтийн дундын компаниудад нүүрсээ ухаж гаргаад шороотой нь аваачаад өгчихдөггүй. Хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ барьсан компани. Нүүрсээ үнэ хүргэж зарж чадаж байгаа үндэсний ганц маань. “Шинхуа” хилийн цаанаас эцсийн хэрэглэгч буюу далайн боомт хүрсэн өөрийн төмөр замтай. Манайд хөрөнгөө гаргаад төмөр зам барьж өгнө гээд дуугарчихсан. Эд хамтарвал Цогтцэцийд ажиллаж буй угаах үйлдвэрийг өргөтгөөд л асуудал шийдэгдэнэ. Монгол нүүрс дажгүй үнээр далайн боомтод хүрч Австралитай жинхэнэ утгаараа өрсөлдөж эхэлнэ. “Сумитомо”-гийн хувьд Таван толгойн нүүрсийг Япон, Солонгос, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд ахиу үнээр зарах менежментийг төвөггүй хийх туршлагатай компани. Японы зах зээлд менежмэнтээ хийгээд эхэлсэн гэх өөдрөг мэдээг “Сумитомо”-гийн төлөөлөгч Эдийн засгийн чуулганы үеэр дуулгасан нь ердөө саяхны үйл явдал. Тэнд цугласан баялаг бүтээгчидлав алга ташин хүлээж авсан. Дахин хэлэхэд “Винсвэй” дампуурсан нь, “Шинхуа” төмөр зам барьж, боловсруулсан нүүрсийг чинь далайн боомтод хүргэе гэж дуугарсан нь тохиолдлын зүйл биш. Хятад гэдэг аварга зах зээл боловсруулсан нүүрс авъя гэж байгаагийн л дохио. Өмнөх Ерөнхий сайдурд хөршид айлчлаад ирэхдээ “Тэд биднээс 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс авъя гэж байна” гэсэн гэгээтэй мэдээ дуулгаж байлаа. Тэд манай дарга нар шиг өнөөдөр хэлснээсээ маргааш буцдаг улс биш. Тэрбум байтугай тонныг хорин жилийн дотор өлхөн авчихаар хэрэглээтэй орон. Гэхдээ өнөөдрийнх шиг түүхий нүүрс гаргая гэвэл авахгүй л дээ. Боловсруулсан нүүрсийг бол асуудалгүй худалдаж авна гэдгээ сая гаргасан шийдвэрээрээ нотолчихлоо. Манай дарга нар шиг биш гэснээс сүүлийн үед дарга нарынхаа өмнөөс нүүр хийх газар олдохоо болилоо. Өмнөөс нь халгаад байх юм, заримдаа. Сүүлийн үед нэг нь “за” гэчихээр нөгөө нь “үгүй” гэж гэдийгээд ажил уядаг байдал хэрээс хэтэрснийг монголчууд бултаараа харж, сонсоод гундуухан аж төрцгөөж байна.

Өчнөөн судалгаа хийж байж, удтал ярилцаж хэлэлцсэний эцэст сая нэг “за” гэж дуугардаг, “за” гэвэл ёогүй Япончууд лав өдийд толгой сэгсэрч суугаа. Жишээ нь “Сумитомо” Таван толгой дээр хамтарна гэсэн шийдвэрээ өнөөдөр нь сонсоод маргааш нь гаргах компани биш. Таван толгойн хэлэлцээрт багтаж ажилласан хүмүүсийн өчнөөн хугацааны хөлс, хүч тэдний шийдвэрт нөлөөлсөн байж таарна. Төр төлөөлсөн гурав нь цугаараа очоод “за зүй” болсон нь ч барагтай зүйлд шийд гаргаад байдаггүй арлынханд итгэл өгсөн нь гарцаагүй. Асуудлыг энэ хүртэл нь явуулчихаад дэлхийд гэж яригдах том компанийнх нь урмыг хугалаад буцаачихдаг бодлогогүй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй л болов уу. Дарга нарынхаа өмнөөс нүүр халуу оргиод байгаагийн учир энэ л дээ.

Ер нь тэгээд энэ дарга нарын хэлснээсээ буцдаг элдэв араншин, том төслүүдийг гацааж байгаа ойлгомгүй авирыг гэнэн, бодлогогүй, эв түнжингүй гэвэл хэт өнгөц дүгнэлт болно. Цаана нь арай л өөр дүр зураг харагдаад байгаа юм…

Удахгүй Энэтхэгийн Ерөнхий сайд ирнэ. Дарга нар маань бас юу гэж худлаа хэлэх бол гэхээс яс хавталзаж л байна. Хятад, Энэтхэг хоёр дэлхийн коксжих нүүрсний 80 хувийг хэрэглэдэг аварга зах зээл. Энэ хоёр улсын импорт 2016 он гэхэд 100 сая тонноор нэмэгдэнэ гэсэн статистик бий. Уг нь бидэнд “Сумитомо”-гоор дамжаад Энэтхэг гэсэн аварга зах дээр нүүрсээ нийлүүлэх боломж байгаа. УИХ дээр гацчихаад байгаа Таван толгойн гэрээ шийдлээ олж, Энержи ресурс, Сумитомо, Шинхуа гэсэн гурвал Таван толгойн ордыг хөдөлгөвөл Энэтхэгийн зах зээл үүдээ нээснээс ялгаагүй болно. Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд гарах асуудал сөхөгдөж таарна. Манай төрийн хэд өнгөн дээрээ “Бид танай улсад нүүрсээ гайгүй үнээр нийлүүлэх сонирхолтой байна. Ингэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэж дуу нийлүүлчихээд явангуут нь маргасан дүр эсгэж асуудлыг замхруулж мэдэх л улс. Таван толгойн хэлэлцээний өнөөгийн дүр зураг ийм эргэлзээ төрүүлээд байна л даа. Ядаж Энэтхэгийн Ерөнхий сайдыг ирэхэд дуу нэгтэй байж, шийдэл дээрээ ч үзэл бодол нэгтэй зогсмоор байх юм. Тэгж байж л Монголын нүүрсийг ахиу үнээр авах сонирхол гуравдагч зах зээлд төрнө.

Урд хөршийн хувьд ганцхан коксжих нүүрсэн дээр өндөр шаардлага тавиагүй. Эрчим хүчний нүүрсэн дээрээ ч стандарт мөрдөж байгаа. Хятадын зургаан яам байгууллага хамтраад “Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журам” гэж баталжээ. Тэд агаарын бохирдлоо бууруулах гэж худалдаж авах нүүрснийхээ химийн элементийн агуулгад анхаараад эхэлчихэж. Зүгээр нэг угаасан нүүрс биш, доторх химийн элементийн агуулга нь хор багатай байх ёстой гэсэн өндөр босго Монголын нүүрсэнд ч мөрдөгдөх нь ойлгомжтой. Оны эхнээс мөрдөж эхэлсэн түр журам ёсоор Хятад Улс шаардлагад нийцээгүй нүүрсний импорт, борлуулалт, холын зайн тээврийг хориглоод байна. Он гарсаар манай нүүрс тээвэрлэгч жаран машиныг ийм шалтгаанаар хил дээрээс буцаасан гэсэн мэдээг Р.Жигжид сайд саяхан өгснийг бодоход тэдний шийдвэр хэрэгжээд эхэлсэн гэсэн үг. Урд хөрш маань бидний нүүрсийг ялгаж ангилж, зөвхөн шаардлагад нийцсэнийг ньшилж байгаад авдаг болжээ.

Дахин хэлье. Нүүрсээ угааж, боловсруулж, өндөр стандартыг нь хангаж байж Хятадын зах дээр гайгүй үнээр борлуулах нь тодорхой болсон энэ үед бидэнд нэг л гарц байна. Тэр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том компаниудтай түншилж, чанартай нүүрсийг эцсийн хэрэглэгчид нь дажгүй үнээр зарах. Ингэж чадах хослол нь өмнө хэлсэн “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шинхуа” гурав. Тэгж байж монгол нүүрс Хятадын зах зээл рүү ногоон гэрлээр гарч, гуравдагч зах зээл дээр үнэ хүрнэ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Баабарын “Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигч таны гарт хүрч байна. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас онцолж, тоймлон хүргэхэд Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн манай улсад болж байгаа. Өнгөрсөн ням гаригт эхэлсэн энэ удаагийн тэмцээнд Азийн зүүн бүсэд харьяалагддаг найман улс анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож буйгаараа онцлогтой. Энэ талаар “Өдрийн сурвалжлага” буланд онцолж “Буянт-Ухаа” цогцолбороос сурвалжлан хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог “Баримт, үзэл бодол” нүүрт Баабарын “Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг” нийтлэл хэвлэгдэв. “Улс төр” нүүрээс гишүүн Д.Ганбатын “Сайд нар хүнээс хэрүүл гуйж суух завтай байгааг нь гайхаж байна”, сайд Д.Оюунхорол “Тарьсан модоо ургуулах нь бидний хүрэх үр дүн байх ёстой” ярилцлага, Шаардлага хангаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татах эрх зүйн орчин бүрдэнэ, Хоёр төсөл байнгын хорооноос дэмжлэг авав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэлэлцэж, гишүүд хэрэлдэв, Японы буцалтгүй тусламжаар сургалтын эмнэлэг барина зэрэг улс төрийн хүрээний мэдээ мэдээллийг уншаарай.

Эдийн засгийн нүүрэнд “Оюу толгой хөдлөх сургаар төгрөг чангарсан өдрүүд” буюу эдийн засгийн эргэн тойронд болж буй үйл явдлыг нийтэллээ. Мөн Монголбанкнаас сар болгон гаргадаг орон сууцны үнийн индексийн мэдээ болон мах экспортлох болсон талаар цаг, үе үйл явдлын мэдээ мэдээлэл хэвлэгдэв.

“Баримт, үйл явдал” нүүрэнд “Х.Тэмүүжингээс өмнө хуулийн салбар ямар байсан тэр дүр төрхөндөө орж эхэллээ” болон “Таггүй траншейнд дахин нэг хүн амиа алдлаа” зэрэг цаг үеийн мэдээ мэдээллийг уншаарай.Харин “Экологи” буланд “UBT” компанийн ерөнхий захирал Х.Болдбаатартай хийсэн ярилцлагыг нийтэллээ. Тэрбээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд болон ер нь мод тарихад анхаарах зүйлсийн талаар мэргэжлийн зөвлөгөө, шинэ санаануудыг танилцуулсан юм. “Соёл, урлаг” буланд ч сонирхол татам мэдээ, мэдээлэл, ярилцлагууд нийтлэгдсэнийг та унших болно. Тухайлбал, Б.Цогтбаярын “Мөнгөө хурааж байгаад сайн бүтээл хийнэ байх гэж залуустаа найдаж байгаа” гэсэн ярилцлага болон Ингээд байвал “Муза нь гомдчих байх даа” нийтлэл хэвлэгдсэн бий.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон” олон улсын бүх нийтийн гүйлт болно

Бүх нийтийг биеийн тамираар хичээллэх өдрийг бий болгох, нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” гүйлтийг ирэх зургаадугаар сарын 6-ны өдөр автомашингүй өдрөөр өглөөний 9.00 цагт Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Нийт 25-30 мянган иргэдийг хамруулах бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, МУ-д суугаа элчин сайдын яам, олон улсын марафон гүйлтийн нэртэй тамирчид, нийслэлийн иргэд хамрагдах ажээ.

Марафоныг НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир спортын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Залуучуудын Холбоо болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж.

Марафон гүйлтэд нэгдсэнээр өөрийн биеэр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, сонирхсон зайндаа гүйж, өөрийгөө сорихын зэрэгцээ нийгэмд тустай хүмүүнлэгийн ажлыг санаачлан, зохион байгуулах боломжийг олж авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Даатгалын компаниуд иргэдийг залилж байжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгажээ. Энэ талаараа тус газрын дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Шалгалтад “Ард даатгал”, ”Улаанбаатар хотын даатгал”, “Хаан даатгал” компани хамрагдсан байна.

Тухайлбал, “Хаан даатгал” компани орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай гэрээ байгуулан түүний харьяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан иргэдээс даатгалын мөнгийг шууд хураан авч байжээ. Тус компани хөрөнгийн болон хариуцлагын даатгалын хэлбэрээр тусгай зөвшөөрөл авч, зөвхөн орон сууцны хөрөнгийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын даатгал хамт/-ын бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд борлуулахаар бүртгүүлээгүй буюу эрх олгогдоогүй гэсэн үг.

Түүнчлэн дээрх компани даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй зэрэг зөрчил илэрчээ.

Харин “Ард даатгал” компани СӨХ-дтой хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх байдлаар орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйлчилгээний хураамж /1000 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр авч байсан гэнэ. Мөн даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй нь илэрчээ. “Ард даатгал” компани 2013-2015 онд оршин суугчдаас дээрх хууль бус байдлаар нийт 246.5 сая төгрөгийг авч, иргэдэд хохирол учруулжээ.

“Улаанбаатар хотын даатгал” компанид мөн дээрхтэй адил зөрчлүүд илэрсэн байна. Иймээс ШӨТХГ-аас нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон “Хаан даатгал” компанинй хууль бус хамтран ажиллах гэрээг хүчингүй болгох саналыг хотын мэрд хүргүүлсэн байна. Мөн зөрчлийг арилгуулах, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулахыг дээрх компаниудад үүрэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Занданшуулсан шарил хулгайлсан этгээдэд 6 сарын баривчлах ял оноолоо

Д.Энхтөр гэгч нь 2014 оны 10 дугаар сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжжав гэх хүний булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг авч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг /булш сүйтгэх/ зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм.

Энэ хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавьж 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хэргийг шилжүүлсэн. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. Шүүхээс түүнд зургаан сарын баривчлах ял оноожээ.

Categories
мэдээ нийгэм

Тариалалтын штаб байгуулагдлаа

ХХАА-н сайдын тушаалаар энэ сарын 5-ны өдрөөс эхлэн тариалалтын ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, явцын мэдээг нэгтгэн танилцуулах, холбогдох байгууллагыг мэдээлэл, зөвлөмжөөр хангах үүрэг бүхий тариалалтын Төв штаб Хүнс, хөдөө аж ахуйн яаманд, салбар штаб тариалан бүхий аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус ус байгуулагдлаа.

Энэхүү штабууд нь хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд шуурхай зохион байгуулах зорилгоор долоо хоногийн даваа, пүрэв гарагуудад орон нутгаас мэдээ, мэдээлэл хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч байх юм.