Categories
мэдээ нийгэм

МХО-ы хойд уулзвараас Олимпийн гудамж хүртэл замыг түр хаана

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2015 онд хэрэгжүүлэх зам засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ. Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн I хороо, Гэндэнгийн гудамж /Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас зүүн тийш Олимпийн гудамж хүртэл/-ийн авто замын хөдөлгөөнийг 5 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 5 дугаар сарын 22 хүртэл хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд ИНЕГ, МИАТ-ийн удирдлагуудад үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг”-аар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэг, МИАТ компанийн ерөнхий захирал Г.Жаргалсайхан нартай уулзлаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх “Иргэний нисэхийн үндэсний корпораци” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны хуралдаанаар гаргасан.

Энэ шийдвэрийн дагуу Зам, тээврийн яаманд ажлын хэсэг байгуулагдсан, Корпорацийн дүрэм болон бүтцийн саналаа боловсруулж хүргүүлсэн. Нисэхийн аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газар тусдаа байранд байсныг агентлагийн байрандаа нэгтгэж, тус газрын байранд корпорациа байгуулахаар бэлтгэж, үүнтэй холбоотойгоор хөрөнгийн тооллого хийж байна. Мөн Засгийн газраас үүрэг болгосны дагуу Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй хөлгүүдийн хоорондын тууш зайчлал 90 км байсныг багасган 30 км-ийн зайчлалд шилжүүлэх ажлыг өнгөрсөн сарын 20-ноос эхлүүлсэн. Ингэснээр нислэгийн тоо нэмэгдэх боломж бүрдэж байна ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэг Ерөнхий сайдын асуултад хариулахдаа хэллээ.

МИАТ компанийн захирал Г.Жаргалсайхан өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад зуны нислэгийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Ямар ч нөхцөлд ачааллыг бүрэн дааж ажиллана гэлээ.

Иргэний нисэх бол хөрөнгө оруулагчдыг татах, жуулчдад үйлчлэх гэхчлэн Монгол Улсын эдийн засгийн хувьд онцгой салбар. Тиймээс ч энэ салбарт анхаарч, хяналт тавьж ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд ИНЕГ болон МИАТ компанийн удирдлагад дараах үүрэг даалгаврыг өглөө.

Иргэний нисэхийн ерөнхий газар корпораци байгуулах ажлаа түргэвчилж, корпорацийн зохион байгуулалтад орж ажиллах, навигацын орлогыг нэмэгдүүлэх, шинээр хөрөнгө оруулалтын эх үүсвэр олоход санаачилгатай ажиллах шаардлагатайг ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгт анхаарууллаа.

Транзит үйлчилгээг шинээр нэвтрүүлснээр зорчигчдын урсгал нэмэгдэнэ гэж үзэж буй. Тиймээс транзит үйлчилгээг энэ намраас эхлүүлэхийг МИАТ компанийн удирдлагад үүрэг болгосон. БОИНГ онгоцны санхүүжилтын шинэ схемийг гаргах, гадаадын том авиа компаниудтай хамтрах чиглэлийг судалж шийдвэр гаргах, хувийн компаниудтай хамтран ажиллах шаардлага байна. Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсонтой холбоотойгоор Урал Сибирийн бүс нутаг руу үйлчилгээгээ шинээр эхлүүлэх, зорчигчдын болон жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Болгарын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөв

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн тавдугаар сарын 10-13-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өнөөдөр өндөрлөв.

Түүнийг Олон улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудлаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Гадаад хэргийн яамны Европ, Америкийн газрын захирал Б.Чулуунхүү, албаны бусад хүмүүс үдэж мордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийсэн төрийн айлчлалынхаа үеэр тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, бизнес форум зохион байгуулсан. Мөн Монголоос БНБУ-д их, дээд сургууль төгсөгчидтэй уулзаж, малчин айлын амьдрал ахуйтай танилцсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч ирэх сард Францад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх зургадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Франц улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөжээ. Айлчлалын үеэр гарын үсэг зурагдах баримт бичгүүдийн талаар холбогдох албаныхан өнөөдөр санал солилцсон байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ нар энэ асуудлаар ярилцжээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг энэ сарын 21-нд шүүнэ

Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг энэ сарын 21-нд шүүх тов гарсан байна. Гэхдээ хохирогч насанд хүрээгүй гэх шалтгаанаар хаалттай болох гэнэ. Дүүргийн эрүүгийн хэргийн II прокурорын газраас талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэж шүүхээс шүүгдэгчээр татжээ. Өөрөөр хэлбэл түүнийг бусдын амь нас аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан байна. Харин талийгаач охины хойд ээж 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг няцалснаас амь насанд нь хүрсэн хэрэгт шүүгдэгчээр татсан аж. Түүнийг биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхдийг байнгын дарамтад байлгаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэргээр яллагдагчаар татаж, шүүх гэж байна.

Categories
ардын-цолтон булангууд мэдээ

Идэрхэг их усан–Идэр мөрнөөр дэлхий их дутна…

(БОДРОЛ – ЭССЭЭ)

Үл үгүүлэн үгүүлэх нь:

Аугаа бүгд амьдралд үргэлж дутагдах нь мэдээж ч, хажуугаар нь, аугаатай тэрсэлдэж тэмцэлдэж байгаа юм шиг, дэлхийд дутагддаг “жижигхэн”, санаандгүй юм ч зөндөө олон байдаг.

Олон олноос хамгийн түрүүнийх нь, -Ариун юм! Тодотговоос, хүмүүний ариун сэтгэл, ариун зорилго, ариун үйл, монгол хээр талын агаар, салхи, гол мөрдийн нь үл тасрах ариун тунгалаг урсгал тэргүүтэн тэнгэрийн таалалд хамгаас ойр бүгд буюу!

Гагцхүү харамсах минь, хүн төрөлхтнийг амьдралд ч, дэлхий-ээжийн оршихуйд ч туйлын их дутагддаг “жижигхэн”, санаандгүй, ариун тэр юмс зуунаас зуунд, жаранаас жаранд, тэр ч бүү хэл, жилээс жилд цөөрсөөр цөөрсөөр буй нь үе үе эхэр татан уйлам бодот үнэн ажим.

“Цөөрөлтийн хурд” толгой эргэм түргэсэн түргэссээр нь газрын ахуй амьдрал, иргэншил, соёл ёсоо цаг бусаар егүүтгэх гай гамшиг зайлшгүй нүүрлүүлэх эрч хүчийг агуулж эхэлснийг өдөр бүр халуунаа халуунаа мэдрэх минь элэг сэтгэлийг минь юутай хөндүүрээр элгэнэм, Бурхан минь!..

Үгүүлэх нь:

Гол мөрдөд нэгэн нууцгайлаг, далд увьдис буй: Тэдбээр эх авсан нутаг газар, усаараа ундаалсан улс үндэстнийхээ хэлээр ярин урсана.

Монгол хангайн нуруу, цаст Очирваанаас ундарга дэвэлсэн идэрхэг их усан-Идэр тунгалаг мөрөн зөв тоолохуйяа бэрх түм буман уул нурууд, гүвээ толгод, тал хөндийгөөр нүүдлэн нүүгэлтэж, эрэг тохойгоо тэлэн цалгисаар өвгөн бөмбөрцөгийн цалин цагаан зулай-Умард туйлын анир жим мөсөн дайдыг баяраар сэрээж, элбэг урсгалаараа сэлбэн цатгахаар долгио, давалгаагаа үл таслан тууж очно.

Анхааран чагнахуйяа, Тэнгэр, Газрыг чагтлан зүмбэрлэх Очирваань Хайрханаас Умард мөсөн далай хүртэлх түм түмэн бээр зай туулах урт хол зайд монгол хэл, монгол үгсийн гүн тод утга, эгшиг хөг ялгуугсан аялгууг дэлхийн хэлтэн бүгдийн сонорт улаалан, цээжин далд руу нь нэвчээж үлдээж урсахыг нь сэтгэл дотор үл харагдаатай ургасан мянган сонорт чих юу минь үргэлж сонсоно л!..

Аяа өглөө өглөөний баярт шинэ наран тэнгэр, газрын хярхагт агахуйдаа Идэр их мөрний мандалд эмнэг эмнэг шар толио тоглуулан, ижил үгүй үзэсгэлэн шар торгон шаа нэлийлгэн мэтгэхүйдээ их л удаанаар илэн энхрийлж тэнгэрийн гүн рүү хөөрөхөө их л алгуурлан саатна.

Оройн наран Этүгэн бор газрын ууган-Сэвжидбалбар Хайрханы дүмбэгэр цагаан оройгоор алжаангуйяа улааран давахдаа долгион, давалгааны нь сэрвээг тоолох мэт их л удаан тогтознон, ув улаан инээд булхаан ханьсаж, их л удаанаар үнсэж үнсэж хоргодно.

Эрэг хөвөөнд нь анх очоод, зүлэг ногоонд нь тэрийн унаад, харгиа, цалгианы нь хэмэнд чих дэвсэхүйд их л түргэн урсгалт ардаг усан мэт санагдавч, удахуй…

Удаан удаан чагнан, бие, сэтгэлээрээ нийлэн цугтаа урсахуй, өмнө санаснаас онхи өөр хэмнэл хэм тэмтрэгдэн, өмнө бодсоноос онхи өөр бодол ивэлгэн, мөнөө ардаг цолгин урсгал өөрийн нууцлаг хэлний нууцлаг утгат үгсээр шивнэхдээ шивнэн, хүүрнэхдээ хүүрнэн, хашгирахдаа хашгиран, тэрхүү нууцлаг хэлээр үгүүлэх яриа хөөрөө цээжин далд руу нэвчин шингэнэ.

Чингэхүй дор, “Идэрхэг энэ өвөг усан цагийн эхэнд ундарсан шигээ Цагийн эцэст ч урссаар үлдэх ганц нь байж ч юунай магад даа, орчлон ертөнцөд эдүгээ хамгийн их дутагдаж эхэлсэн юм, – зөвхөн ариун юм л байлаа шүү дээ!” хэмээн өөрийн эрхгүй бодогдоно.

Чингэхүй дор, сэтгэлд ямар хүчирхэг хань болж, яаж өөриймсөж, яаж энхрийлэн эвийлж, ямар их нууцгай нууцгай үнэнийг таниулдаг гэж санана?

Гагцхүү олон олон дахиж олон он жилд сэтгэлийнхээ жолоонд дугтчуулан очиж золгох хэрэгтэй, эрэгт нь олон өглөө, өдөр, орой удаан амьсан сууж, зүлэг ногоонд нь удаан тарвалзан эрхэлж, тэртээ огторгуйд асах нар, хөвөлзөх үүлс, нисэн өнгөрөх шувууд, үдэшдээ анивчин далдах од мичидтэй нь үг ойлголцон хүүрнэж цээжин гүнээсээ нулимс хайлангуйгаар санаа алдах л хэрэгтэй байдаг, өөр юу ч хэрэггүй! Үнэн голын хайр, монгол элэг, чин үнэн сэтгэлийн шүтэн барилдлагаас өөр юу ч хэрэггүй, юу ч!!!

Идэр их усан бээр хүмүүн зоноо даарахуй дор дулаацуулж, халууцахуй дор сэрүүцүүлж, уйлахуй дор аргадаж, бухимдахуй дор бүүвэйлж урсана.

Алдахуй дор сануулга, онохуй дор уухай, зовохуй дор хатамж, жаргахуй дор ерөөл оршоон шуугина.

Хоног өдрийн хором агшин алгасалгүй эгшиг, гийгүүлэгч зохис найруу эрдэм төгс монгол хэлээр ярин харгилна. Эрэг хөвөө, тохой шугуйнхаа өвс борог, ногоо цэцэг, үр жимсийн шимээр уулсын хөндий дүүрэн идээшлэх мал сүргийнхээ дэлэнг чинээлгэн, зам гудсаар завсар холгүй багталцан бөмбийх монгол голомтот айл гэрүүдээ эзэгнэн удам угсаараа бөхлөх өтгөс, залуус, нялхас нярайсын амгалан жаргалын эгээрэл хүслийг ханган, цагийн цагт номхон амарлингуй, өлзий хэшигээ үл татан, элбэг арвинаар ариухан урсах нь хүмүүн зоны биеэр жаргах, сэтгэлээр “нисэх”-ийн шалтгаан, үрийг мөнхөд бүтээмүй.

Их усан энэ минь монгол элэгтний итгэл, сүсгийн “гүнгэрваа”-гаар урсан цалгилахуйдаа, Дорно дахины анагаах шидэт ухааны таван махбодын судлалд Гал, Ус хоёрыг харшаар оноон тогтоосныг бодтойёо няцаан сөхөөж, монгол гэрийн голд улалзах наран улаан галтай нь, гэр галын бадрангуй дөлтэй нь үл харшлан, Гал, Ус аль алинаа огтоос харшгүйгээр нөхцөн оршдоггүй сэтгэгчилэн санагдуулах нь хэн хүмүүний бие, сэтгэлийн хаа хаагүй Хайрын их түүдэг ноцоон, их усан, их гал хоёр хоёул зэрэгцэн Хайр, Сүсэг булаалцан, Ус болж цалгисандаа цалгисан, Гал болж дүрэлзэхдээ дүрэлзэнэ.

Дэлхийд нэн дутдаг “Ариун юм”-ны зүрхэн Идэр их усаа ариунаа сахиж өөсөөн ариун, тэнгэрлэг зорилгоор амьдрах, тийн амьдархуй ахархан хугацаанаа унасан үс, тайрсан хумс мэт хэргээ баран хаягдах, эс бөгөөс, бусдад хэрэг тусаа үл баран үргэлжид дутагдах нь “Энэ”, “Хойт”-ын амьдралд “Орших байх”, “Эс байх”-ын алинаар амьдрахын хатуу шийдвэрт зорилго, бодлогыг хэн хүмүүний толгойд бүхий эс эд бүгдэд асаана.

Идэр их усны мишээнгүй урсгал долгио монгол эх хэлээр минь ятган ухуулж урсах үгсийг чагнан, эрэг, зүлгэнд нь бодол билчээн-хураан ажаарахуйяа, зовлон, жаргалын алинд ч ижий мэт үргэлж дэргэд дагах, надад ч, бусдад ч амь амьсгаа мэт дутах Мөрөн юутайгаа цаг харамгүй, сэтгэл задлан хэлэлцэх минь:

Их усан асууруун:

Ай, үрс таануус минь өнөөдөр юун учирт намайг зорин саатав.

Би хариулруун:

Ай, ижий мөрөн минь, зорилго нинжин агаад аугаа байнам, Эдүүгээ, Ирээдүйд эх сайхан монгол хэлээ цагийн эцэс мухралтал эгшиглүүлсээр дуурсгахын учирт зүтгэн ирэв л!

Их усан баясан үгүүлрүүн:

Ай, сайн, сайн! Гагц, энэ их үйлийг хэрхэн бүтээхээр болгоон буй?

Би өчрүүн:

Өлзий хэшиглэгтүн, Ижил мөрөн минь! Та юуныхаа бараа, нөмөрт шим хутгийг тань хүртэн наслагч Хамба гэгээний шавь, үр сад, сүсэгтэн хойчсын нэгэн сайн хөвгүүн, эрдэмээр ачилсан Багшаа сэтгэлийн төвд залагч, өлзий буяныг нь тэнгэр лугаа чацуулан шүтэгч тэр нэгэн бээр “Монгол эх хэлний хөгжүүлгэ” хэмээх нөр дурсгалт бөгөөд түүхт уралдуулгыг зохион үйлднэм билээ. Энэхүү дуулиант уралдуулгаар шавлан, улам улмаа өрнүүлсээр ойр хэтэд зорилго, үйлээ гүйцээн бүтээх билээ!

Их усан асууруун:

Тэр “хөгжүүлгэ” хэмээх чинь юун буй?

Би өчрүүн:

Аяа, тэрбээр бөгөөс хэн хүмүүний нэгэн насанд авад үйлдэшгүй бэрх чухал үйл болой: Юун хэмээхүл, Монгол Улсын маань баруун биеэр нүүн суун аж төрөгч монголчууд бидний үрс хойчист эрдэм, гэгээрлийн шуурга давалгаат далайд төвөггүй сэлэх бат “хөлөг” бэлэглэгч “Ерөнхий боловсролын сургуулиуд”-ын сурагчид, монгол хэлний багш нугуудыг олноор нь асар цар хүрээтэй залж, судалж төгсөхүйеэ бэрх гүн ав түүхтэй монгол хэл, монгол бичиг соёлынхоо арвис мэдлэг, уран зурлагын гайхамшиг гоог хэр зиндаанд эзэмшиж чадсаныг нь тэнсэн сорих болоод хэтэд улмаар төгөлдөржүүлэх чанд шударгуу уралдуулга зохионо.

Их усан айлдруун агаад асууруун:

Ай, сайн, сайн! Монгол элгэний үр садыг, монгол нутгийг нүд чавчилгүй сахигч газар орны эзэд, тэнгэр, лус савдаг, шивдаг навдагууд элэг дурдайн баясалцана буй за! Хэн бээр ийм үйлийг санан гардана?

Би өчрүүн:

Зарлигаар шагнагдсан Номун их хаан, сайн ерөөлт, хичээнгүй дуран билигт, эрдэнэ бандида, хамба ширээт, мэргэн номч, ноён цорж Хамба хутагтын удам үе холгүй номын садан, нэрээ дурдахыг үл дурлан цааргалагч, ариун тахимдуу зүтгэлээр үйлээ гүйцэгдүүлэгч нэгэн бээр болой!

Их усан захируун:

Дурд, дурд! Нэр алдар хэн? Сонсохыг хүснэ!

Би өчрүүн:

Захирсанаар дурдсугай! Тэр бээр, эс олдсонд тачаал үл үүсгэх, буянд алга үл хумигч, билиг брамидад цаарга үгүй дагагч, боди язгуурын нэгэн буй. Миний итгэснээр, “Хүн байх”-уйн эрдэм нэн өндөр нь сэжиг үгүй буюу.

Их усан баясруун:

Ай, сайн, сайн! Тэр бээр ариун, зөв үр минь аж! Сонсохуйяа, таатай, таатай! Зам мөр нь саад тотгорт үл бүдрэн урагшлах болтугай! Ерөөе!.. Улс үндэстэн нөр бат оршихуйн үндэс наанадаж тав буй:

-Хил дээс тусгаар нутаг дэвсгэр;

-Үндэсний орь эх хэл, бичиг соёл;

-Үндэсний эш онол бүхий агааль (гүн ухааны тогтолцоо), шашин шүтлэг, уламжлалт зан заншил;

-Өтгөсөөс хатуулсан амьдрах арга буюу өөрийн ахуу, соёлдоо даруй хэрэгцээт агуурс баялагаа бүтээх чадвар, туршлага;

-Амьдралаа аль дээдээр бурханлаг аль их олон тоот ардад тус бүтээхийг чандлах ёс суртахууны зарчим, мөрдлөг;

Эцэст, зургаадугаарыг жич тусгаарласу! Учир нь, энэ бөгөөс, зөн совингийн хэл, тэртээ алс гүнээс мэдээ анги авагч далд ухамсарын харъяаллаас сэвэлзэгч удирдлага үүнийг өнөөгийн хүмүүн нүгүүд танин барих нь мөдгүй тул лавдуу харилцахыг хойшлуулсу!

Би асууруун:

Их усан минь ээ: Та бээр нэгэн эгэлгүй, түшээ эрдэмт бүхий ч эгэл бөжөргөн бор өвгөнийг танин ам уу, үгүй юу? Буй дүр нь монгол хүн хүний, шавь шавийн нь нүднээ тод сийлэгдэж, хэний хэн хэмээх нь таних хүнд ч, эс таних хүнд ч ой тойнд нь харван нутагших нэгэн буй агаад, тэрбээр нэн эртний монгол хөх талын хөлстэй боржин хүн-чулуу мэтээр ээж, ааваас барлагдсан нүнжиг цул өвгөн! Алдар, – Лутын Лхагважав! Завхан аймгийн Идэр сумын уугуул бөгөөд тус харъяа нутагт эрхэм алдартны нэр заан, өмнө өчсөн, “Эх хэлний хөгжүүлгэ”- наадмыг ёслон, монгол хэл, монгол бичгийн эрдэм, соёлын тэргүүн гавъяатны өргөмжлөлд тэнцэхүйц чадвартныг цолгоруулах бэрх шалгалт, сорилтыг тулганам билээ ч!

Их усан мэдэгдүүн:

Тийм, тийм! Мэднэ! Үзэх бүрий танина! Тэр бээр эрдэм далд, эгэл сайхан настан! Эрэгт минь ирж сөхрөөд, алгаараа сүсэглэнгүй шалин амсаад, чилгэр хөрст гэгээн магнайгаа шавшин адислаад залбиралд төвлөрч буртаг бузар яльхан ч үгүй бадар хөнөгөндөө амны болоод ундаа, идээнийхээ усаа мандлаас минь утган дүүргээд гэрийн зүг айвуу одном билээ. Тэр мөн биз?

Би хариулруун:

Мөн, мөн! Өөр хэнийг оноох буй.

Их усан айлдруун:

Ай, хөвүүн ээ, энэхүү уяхан замбуу тивийн наран доорхи гаралт юм бүхэн нь, өчүүхмэд нэгнээсээ асар аугаа нэгнээ хүртлэх юм бүхэн нь, энэ нэг нь нөгөө нэгээрээ… нөгөө нэг нь бусад бүгдээрээ дутмуй. Хамгийн авад, хамгийн азад дутагдагч ганц нь, – гагцхүү ариун юм болой. Мартахгүй санахыг ятган, давтан үгүүлсү: Дэлхийд хамгийн их дутагддаг юм нь гагцхүү ариун юм! Ариун юмны эн түрүүнийх нь, – хүмүүн хүмүүний цээжин гүнд гэршигч Бодь сэтгэл буюу. Хэнд бодь сэтгэл үүснэ, гагц тэрбээр бусдад бодь үнэн хайр, нигүүлсэл, тус буяныг хүртээх ариун үйлд, нэрлэвээс, амьдын хорвоод зовлонгийн шалтгаанд нөхцөөгч арван хар нүглийг огоот тэвчих, жаргалын шалтгаан лугаа үл хагацаах ариусал, гэгээрэлд биеэ харамгүй зарахад шамдая юу. Тийн ухаж анатугай! Ай, хөвүүд, охид оо, бүү няц! Арван хар нүглийн ерөндөг төдий чинээ буянднасан турш эрэмшвээс л Эрлэг ч Та юунаас минь дөлөн, аймшиггүй халдаж эс чадах нь магадтай шүү! Бурхан юу юунай эхэнд, зорилготой хүнд тусалдаг. Удаад нь, өөрөө өөртөө тусалдаг хүнд баярлан тусалдаг. Хүний амьдралд хамгийн үлэмж тус болдог юм нь, -амьдралын нь зорилго! Амьдралын нь эрхэм зорилго нэгэнт “Монгол эх хэл”-ээ бүрнээ өвлөн хадгалах, баяжуулах, улмаа хөгжүүлэх ариун гэгээн үйлд зүтгэх зорилго болж буй тул надад чиний сая нэр цохсон тэр хоёр зөв сайхан үйлстэнд монгол элгийн ард олон ч, уугуул нутгийн нь уул усны эзэд савдагууд ч, дээр хөхрөгч мөнх хөх Тэнгэр ч мишээн тусална. Зорилго хэдий чинээн аугаа байх тусам зорилго юуныхаа хэмжээ цараар хүн төдий чинээн аугаа, ариун, хүчирхэг болдог. Аугаа агаад ариун хүмүүс амьдралаа аль дээдээр бурханлаг, аль ихээр бүтээлч, аль чадахуйцаараа олон хүмүүст ач тусаа хүртээхийг хичээх ёс суртахууны чанд захиргаан дор амьдармой!..>>

Идэр их усан нарны туяанаа алтран мэлтэлзэнэ…

Бөмбөрцөгийн мөнгөн зулай, -Умард мөсөн далай руу элбэг их уст урсгалаа хүчирхэгээр туун, аялгуу содон монгол хэлээр ярин цалгилна.

Нэгэн харахуй, наран доогуур ч урсах шиг, нөгөө харахуй, над руу ч урсаад цутгачих шиг, тэгсэнээ, тэртээ тэртээ уул нуруудын дээгүүр цэнхэртэх тэнгэр огторгуйтай нийлээд амьд бүгдийг амьдруулан хөдөлгөгч ганц эрдэнэ -агаар болоод туначих шиг ч харагдана…

Яалт ч үгүй л тэгж санагдана.

Санаандаа би яалт ч үгүй л итгэнэ.

Цээжээ өөрийн эрхгүй дарж үзнэ.

Надаас өөр хэн ч эс үнэмшим нэгэн хий бод, зүүдний үнэн мэт, үнэн амьдралын бүдэг бөглүү цуурайн замхраа мэт, шувуудын салхи, өвс цэцгийн амьсгаа мэт барим алдам чимээ цээжин чинадад гадаад их далайн түрлэг, түрхэрээ мэт шуурайсаад өнгөрөх нь яалт ч үгүй мэдрэгдээд үлдэнэ.

Үнэнээс, үнэний цуурайнаас, Их усны алсрах бараанаас, дэргэдээс минь холдоогүй мэт санагдах урсгалын нь монголоор ярих ярианаас надад үлдсэн… надтай цуг амьдрахаар үлдсэн бүгдэд би жигтэй их баярлан, жаалхан хүүхэд мэт хөлсөнө…

Аяа, Их усан минь, монгол элэгтэн юутай их хайрладаг, хол ч яв, ойр ч яв, юутай их халуунаар санан үгүйлдэг, амьдрал, жаргалд маань юутай их дутдаг усан билээ л, Та минь!

Хүн амьдынхаа шахуу богино хоногт юу ойлгохыг хүснэ, хүссэн бүгдийг ойлгуулан айлдагч юутай шидэт, монгол ухаант усан билээ л, Идэр их мөрөн минь!…

Үл үгүүлэн үгүүлэх нь:

Идэр их Мөрөн – нэгэн их орчлон!

Орчлон-Мөрөний ундрага наанадаж хүн төрөлхтөний түүхийн эцэс хүртэл, цаанадаж орчлонгийн цаг-хүрдний эргэлтийн эцэс хүртэл үл тасрана.

Өвлийн тэсгимд ч мөсөн хучлага, хуягаа хөлөргөн, ёроолынхоо хөлдүү чулуу, замаг хигдийг ч бүлээцүүлэн урсаж, урсгал үл тасран, долгис, цалгианы нь хөгжим хөг үл замхрана.

Орчлон-Мөрөн цүл, үргэлжлэнгэ, үл татрах, үл татрах, эгшиглэнт анир чимээ нь үл замхрах рид хүчин төгс аврага урсгал бүлгээ ч нарны гэрлийн бөөмс, цахилгаан цэнэгийн долгио мэт түм түмэн тус тусдаа, салангад салангад бөн-бөн дуслуудаас нийлэн бүрднэм бөлгөө.

Дусал тус тусдаа, салангад салангад тогтвоос, бие биедээ эс үүсч нэгэн хам бүтцэд эс нэгдвээс, нэгэн цул, үргэлжлэнгэ, тасрахгүй, тогтохгүй, хорохгүй мөрөн болж нэгэн гольдролоор эс урсваас ганц үдийн нар, ганц шөнийн салхинд эгшин эгшисээр хэзээ нэгэн өдөр хатаж ширгээд тоос шороо хуйлан босгох нь огтхон ч дамжиггүй тохиол!

Дусал эс ширгэх, мөнхөд ус чанараараа орших, чингээд, аугаа их болох, цаг хугацааны уртад аугаа ихээрээ үлдэхийн арга, билигийн бэлчир нь гагцхүү хоор хоорондоо нэгдэх, цаашлан энгүй уудам хуурай газрыг гэзэглэсэн их устай нийлэн сүлэлдэх хувь тохиол буюу.

Хүмүүн бээр ч тус тусдаа бодол үүсгэн, тус тусдаа, сондгой сондгой санаа зорилгот ажилд салваас аугааг бүтээж, амгалан, жаргалангийн хүслээ гүйцэлдүүлж хэрхэн чадах агаад нэг нэгнээ эгээрэн нэгдэхийн аугааг үл ухагч хэн нэгэн бодгалаас газрын хэвгийг аядан бие бие рүүгээ урсан нийлэгч дусал усан их ухаант ажуу…

Аяа, Идэр их Мөрөн минь ээ, анх одот орчлонд Газар, Ус цугтаа үүдсэн ахул Их мөрөн Та минь наран дорхи бор газрын зооноо, монгол нутгийн хөрснөө 4.6 тэрбум жилийн тэртээгээс урсан мяралзсан, хэрэвзээ, Ус нь түрүүлж үүдсэн ахул хүн төрөлхтөн бидний хөөрхийдөө хөөрхий, аугаадаа аугаа шинжлэх ухаан, тоолж товлож эс чадах өвөг эрин галаваас цаадтай оны өдөр шөнөөс нар баясаан, нарны харамдаа харам, өгөөмөрдөө өгөөмөр инээдийг гижигдэн, дэлхий гарагийн чанх голоор монгол үгс дуурсган цалгилж эхэлсэн байж таараа!

Ижий их усан минь, алдас бодсон бол өршөөн хэлтрүүлэхийг эрмүү!…

Их усан айлдруун:

Ай, бүү ай, бүү ай! Алдаа дандаа хортой байх нь бус аа, буруугүй алдаа ч буй, бүү айгтун!

Алдаа гурван төрөл буй.

-Өөрт ч, өрөөлд ч хор үл дусаах алдаа,

-Гагц өөрт хортой алдаа;

-Нийгэм нийтэд буюу ард олонд хортой алдаа;

Өөрт хийгээд өрөөл бусдын амьдралд хорын үр үл халдаах алдаа бөгөөс буруугүй алдаа, энэ алдаагаар гэнэдэх нь муу бус, хүмүүн гэгээн тусмаа гэнэд ойр, ахуу хорвоогийн тоост амьдралд хаширыг үл эрхэмлэх тул алдаж эндэх нь амархан! Хэн аль хэцүү, зөв үйлд зорин шамдана, үйлийн нь сиймхийд алдаа тээгдэх нь хүний ёс, алдаа үл гаргагч хүмүүнд Тэнгэр тийм ч дотногүй, Тэнгэр зөвхөн гэм нүгэлт хүмүүнд л нүүргүй, үл таалмуй.

Алдаа алдаанаас гагц бусад олон гай, хор таригч алдааг л биедээ хорь, холоос зайлж тэвч, учир нь гэм нүгэл аваас хилэнцэд ороогч хорт алдаа аюу!

Үл үгүүлэн үгүүлэх нь:

Их усан Идэрт нүүдлийн шувууд жилийн жилдээ ирдэг, жилийн жилдээ буцдаг.

Шувууд намрын сэрүүнээр буцлаа ч эсэргэн жилийн хаврын уринаар зам төөрөлгүй буцан ирээд, цөнгөө түрж дуусаагүй Идэрийн дээгүүр, аргал, түлээний цэнхэрхэн утгаа бургилан суунаглах айл гэрүүдийн тоонон дээгүүр ганганан гунганан эргэхэд нь Идэрийнхэн хөгшид, залуусгүй ууж суусан цайгаа ширээнд яаран тавиад үүд үүд рүүгээ уралдана.

Үүдэн гаднаа чихэлдэн зогсоод, энгэр цээжиндээ алгаа наагаад Тэнгэр рүү саравчилна.

Зөөлнөө чийгтэх нүдээ сэмхэн арчих нь арчин, нуух нь нуун удтал саравчилна.

Хонь хурга майлахаа, үхэр тугал мөөрөхөө, адуу унага унгалдахаа мартаад, өвс ногоо руу нүд унагахаа ч болиод Тэнгэр ширтэн, адгуусан гэж итгэхийн аргагүй ухаалаг, гайхам нинж, хүний ойлголтонд багтахуйяа бэрх ээнэг сэрэхүйгээр гөлрөн удна…

Хүний сэтгэл “Газрын шувуу” болж нисдэг, “Газрын шувууд”-ын үл тайлагдах далд “жигүүр”-ээр тэнгэрийн уудмыг огтолдог. Гагц, хичнээн өндөрт дүүллээ ч, хэдүй чинээн уудмыг хумхилаа ч Ижий-усандаа, элгэн гүнээр хэрээтэй Уул, талдаа, өвс ногоондоо, хайрга сайрандаа “чагтлаастай” нисэн дүүлдэг…

Хүмүүн болбоос нутгаасаа нүүдэггүй шувуу!

Миний л хувьд, Идэрээсээ, Сэлэнгээсээ, Орхон, Туулаасаа, Онон, Хэрлэнгээсээ, Харгана, Чачирт, Монгол гэрийн үл тасрах бүслүүр голуудаасаа нүүн одож, тасран нисэж үл чадна. Нүүн одвоос, тасран нисвээс үлдэн хоцрогч уул, ус, өвс навчис, мод чулуу, хайрга элс, – Эх орон Монгол минь өнчрөн уйлна. Нүүн одсон, тасран ниссэн “Хүн-шувуу” бүгдээр дутан энэлнэ…

Би бээр үгүүлж буй үнэнээ л үнэмлэхүй үнэнд бодох бүлгээ.

Бодох минь:

Амьдрахуй,- Их мөрөн шиг хол, элбэг, хүчирхэг урсахуй;

Амьдрахуй,- Их мөрөн шиг үер, давалгааныхаа чимээ, дохио, хэл мэдээг Тэнгэрт сонсгон бөхийлгөж, аугаа хүчирхэгээр урсахуй;

Амьдрахуй,-Идэр, Сэлэнгэ, Орхон, Туул, Онон, Хэрлэн, Онги, Байдраг, Тэс, Буянт, Хараа, Ерөө, Харгана, Ча­чир­тын голууд шигээ зөв тоолохуйяа мадаг магадгүй олныг ундаалан, насан авуурьд ачлан баярлуулж, мөнхөөс үл дутах мөнхбусыг алдаршуулан үнэмшүүлж, бодтойёо батлан урсахуй;

Амьдрахуй,-Цаг цагийн ха­ныг элээн, юунд ч үл хаагдан, үл хоригдон, хөвчин хүчирхэгээр нүргэлэн урсахуй! …

Categories
мэдээ нийгэм

Ялалтын баярын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүнийг хүлээн авчээ

Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн жагсаалд оролцсон монгол цэргийн бие бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Бусад улс орон ялалтын баярын ёслолын жагсаалд ихэвчлэн хүндэт харуулын ангийнхаа бие бүрэлдэхүүнийг оролцуулсан байсан бол манай улсын хувьд Зэвсэгт хүчний анги, ангийн төлөөлөл оролцсоноороо онцлог байсан юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн салбарт нийт 45 офицер, 25 ахлагч, 5 хугацаат цэргийн албан хаагч багтсан бөгөөд захирагчаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд, салааны захирагчаар ЗХЖШ-ын ХНХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ар талын даргын орлогч, хошууч Н.Батсүрэн, тугчаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Баярцогт, тугийн хамгаалагчаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн батальоны захирагч, ахмад А.Төгс-Эрдэнэ, 350 дугаар ангийн ротын ажиллагааны офицер, дэслэгч А.Алтөнтүлхүүр нар алхсан юм. Тэд энэ сарын 23-ны өдөр Чингисийн талбайд жагсана.

Categories
гадаад мэдээ

Украины зүүн хязгаарын бослогыг санхүүжүүлэхэд ОХУ 53 тэрбум рубль зарцуулжээ

Украины зүүн хязгаарт болсон хоёр том тулаанд Оросын 220 цэрэг амь үрэгдсэн хэмээн Москвагийн сөрөг хүчнийхэн мэдээлэв. Оросын 150 цэрэг өнгөрсөн наймдугаар сард Донецкийн Иловайскийн тулаанд амь үрэгдэж, дараа нь хоёрдугаар сарын Дебальцево хотын байлдаанд 70 орос цэрэг амь үрэгдсэн аж. Иловайскийн тулаанд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэнд тус бүр нь хоёр сая рублийн нөхөн олговор өгсөн хэмээн мэдээлжээ. Оросын эдийн засагч Сергей Алексашенкогийн тооцоолсноор Украины зүүн хязгаарын бослогыг санхүүжүүлэхэд ОХУ 53 тэрбум рубль зарцуулсан гэнэ.

Оросын сөрөг хүчний лидер агсан Борис Немцовын цуглуулсан Украины зөрчлийн талаарх баримтуудыг нэгтгэсэн 64 хуудас мэдээллийг “Путин-Дайн” нэртэйгээр “Открытая Россия” сайтад нийтэлжээ.

Борис Немцов өнгөрсөн хоёрдугаар сард Кремлийн ойролцоо буудуулж амь үрэгдсэн юм. Түүнийг Украины зөрчил дэх ОХУ-ын оролцоог нотлох баримт бичгүүдийг цуглуулсан учир хөнөөсөн хэмээн дэмжигчид нь үзэж буй. Украины зөрчил, хямрал дахь ОХУ-ын оролцооны талаар Барууныхан үргэлж ярьсаар ирсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Шаардлага хангаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг эргүүлэн татна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар шаардлага хангаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцлээ.

2013 онд хийсэн судалгаагаар зах зээл дээрх эмийн 19 хувь нь бүртгэлгүй, 14,6 хувь нь стандартын бус болох нь тогтоогджээ. Нийт эмийн үйлдвэрийн дөнгөж 1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангаж байгаа нь өнөөгийн мөрдөж байгаа хуулинд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад эм үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч, бүртгүүлэгчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаагүй, эм зах зээлд нэвтэрсний дараах тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчинг зохицуулаагүйтэй холбоотой.

Тиймээс эмийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хангаж, хуурамч эмийг илрүүлэх зорилгоор эм үйлдвэрлэгч, импортлогч, бүртгүүлэгчид өөрийн импортлосон, үйлдвэрлэсэн эмийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хариуцах чанарын хяналтын тогтолцоотой байхыг судалж эхэлжээ. Мөн эмийг зах зээлд нэвтэрсний дараах чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа хийж, үр дүнг мэдээлэх, шаардлага хангаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Сүүлийн дөрвөн жилд эмийн импортын үнийн дүн гурав дахин өсч, эмнэлгүүд хэрэгцээт эмээ олон улсын жишгээс 2.4 дахин өндөр үнээр тендерээр худалдан авах боллоо.
Техник, технологи хөгжихийн хирээр шинэ, өндөр үнэтэй эм, эмнэлгийн хэрэгсэл эмчилгээ, оношлогоонд нэвтэрч, нийт хэрэгцээт эмийнхээ 80 гаруй хувийг импортоор хангадгаас валютын ханшийн өсөлт эмнэлгийн төсөвт шууд дарамт үүсгэж байгаа болон эмийн худалдан авалтын зохион байгуулалт оновчгүй зэрэг нь эмчилгээ, оношлогоог доголдуулах нөхцөл болж байна.

Хуулийн шинэчилсэн найруулгаар эрх бүхий байгууллагаас эм,эмнэлгийн хэрэгслийн үнийн талаарх хараат бус бодит мэдээллийг олон нийтэд хүргэх тогтолцоог бий болгож, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаар болон зарим шаардлагатай оношлуур, эмнэлгийн хэрэгслийн жишиг үнийг тогтоох хууль, эрх зүйн орчин бүрдэх юм.

Categories
мэдээ спорт

С.Ням-Очир Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

Азербайжаны нийслэл Баку хотноо өнгөрөгч амралтын өдрөөр болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс гавьяат тамирчин С.Ням-Очир мөнгөн медаль хүртсэн байна.

Тус тэмцээнд 48 орны 354 жүдоч барилдсанаас манайхаас эрэгтэй зургаа, эмэгтэй хоёр бөх зодоглосон юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-д 40 бөх барилдсанаас С.Ням-Очир нэгдүгээр тойрогт Узбекстаны Шарипов, Туркийн Хасан нарыг дараалан цэвэр, Украины Дреботыг хоёр юүко үнэлгээгээр ялж, их шөвөгт шалгарав. Улмаар Германы Игор Вандткег торгуулиар ялж шигшээд талбайн эзэн орны тамирчин Рустам Оружовт торгуулиар хожигдож, мөнгөн медаль хүртжээ. Энэ жинд Хөдөлмөрийн баатар, Х.Цагаанбаатар барилдсан ч Беларус, Бразилийн бөхчүүдийг ялж, Унгарын М.Унгварид торгуулиар, дагах барилдаанд ОХУ-ын Зелимхан Оздоевт ялагдан, VII байр эзлэв.

Эрчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин V, дэлхийн аварга Г.Болдбаатар VII, 81 кг-д Н.Дагвасүрэн VII байрт оров. Багийн дүнгээр Азербайжан улс хоёр алт, нэг мөнгө медаль хүртэж тэргүүлсэн бол Румын, ОХУ, Нидерланд, Их Британи улс II-V байрт шалгарлаа. Монголын баг тамирчид нэг мөнгө, V байр нэг, VII байр гурав эзэлсэн амжилтаар XV байрт орлоо.