Categories
мэдээ нийгэм

“Алтжин”-гийн Г.Алтан ирээгүйгээс шүүх хурал хойшлов

Засгийн газар буюу ССАЖЯ нэхэмжлэгчээр, МАН хариуцагчаар оролцсон гурван шатны шүүхээр Лениний музейг төрийн өмч болохыг тогтоосон.Шүүхийн бүх шатаар жинхэнэ өмчлөгчийг тогтоогоод шийдвэр гүйцэтгэн, төрд авахын даваан дээр нэгэн асуудал үүссэн нь МАН-ынхан Лениний музейг иргэнГ.Алтанд нэг сая ам.долларын барьцаандтавьчихсан ньбайжээ.2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөр огноолсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нар гарын үсэг зурж баталсан Зээлийн болон Барьцааны гэрээний байгуулсан байжээ. Үүний дагуу Г.Алтан шүүхэд гомдол гарган дээрх хэргийн гуравдагч этгээдээр оролцох болсон.Тэрбээр 2015 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэд гаргасан гомдолдоо “Гуравдагч этгээдээр татуулах тухай” хүсэлт гаргасан юм. Харин өнөөдөрДүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэддээрххэргийг шүүх хурал болох байсан ч хойшиллоо. Учир нь шүүх хуралд гуравдагч этгээдээр татуулахыг хүссэн Г.Алтан шүүх хуралдаа ирээгүй байна. Тиймээс шүүх хурлыг энэ сарын 27-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасанюм.

Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн даргаар Ж.Амарсанаа дахин сонгогдлоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүд өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн цэцийн даргыг сонголоо. Холбогдох хуульд зааснаар, Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж саналыг нууцаар хураан олонхийн санал авсан хүнийг сонгодог. Мөн Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болохоор Үндсэн хуульд заасан байдаг.

Өнөөдөр болсон Үндсэн хуулийн цэцийн даргын сонгуулийн нууц санал хураалтын дүнгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн дийлэнх олонхийн саналыг гишүүн Жүгнээгийн Амарсанаа авч улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар дахин сонгогдлоо.

Тэрбээр Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич, профессор бөгөөд хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэрэгтэй, Монгол Улсын гавьяат хуульч юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг танилцуулав

Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, УИХ-ын Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төслөөс хамтран өнөөдөр Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг танилцуулав.

УИХ-ын даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг уг төслийг боловсруулж дуусчээ. Хөгжлийн урт хугацааны бодлого нь Монгол Улсыг 2015-2040 онд хөгжүүлэх чиглэлийг хамарч байгаа юм.
Уг бодлогын чиглэлд 2040 он гэхэд оюуны өндөр чадавхи бүхий мэргэшсэн ажиллах хүчтэй, хөгжсөн, аз жаргалтай, бүтээх чадвартай иргэдтэй, мэдлэг оюун, өв соёлын баялаг хуримтлал, технологи, инновацийн хүчтэй чадавхитай, төрөлжсөн хүчтэй эдийн засаг, баялгийн тэнцвэртэй хуваарилалттай, нөөцийн өгөөжтэй ашиглалт, амьдрах эрүүл, найдвартай орчинтой бүс нутаг, олон улсын хөгжилд үүрэг роль бүхий Монгол Улсыг цогцлоохоор тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль энэ үеэр хэлсэн үгэндээ урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн үндсэн гол зорилго нь хүн төрөлхтөний нийтээр хүлээн зөвшөөрсөн сайн сайхан бүхнийг Монгол Улсад цогцлоож, тийм ирээдүйг бий болгох язгуур зорилготой гэлээ.
Хөгжлийн урт хугацааны бодлогын төсөлд дараах үндсэн 5 чиглэлийг голлон тусгасан байна.
Нэгд, Монгол хүнийг хөгжүүлэн, өндөр мэргэшсэн ажиллах хүчтэй болж, бүтээх чадавхийг өсгөх,
Хоёрт, Төрийн институцийн чадавхи, бодлого, зохицуулалтын чанарыг дээшлүүлэх,
Гуравт, Эдийн засгаа төрөлжүүлж, олон улсын зах зээлд хүчтэйгээр нэвтрэн, нөөцийг үр өгөөжтэй ашиглах,
Дөрөвт, Орчин үеийн технологи, инновацийг бүх салбарт нэвтрүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох,
Тавд, Хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох дунд давхаргыг өргөжүүлж, нийт иргэдийн аюулгүй орчинд эрүүл энх, сайн сайхан аж төрөх нөхцөл, бололцоог дээшлүүлэх гэсэн гол чиглэлүүдээр улс орноо хөгжүүлэхээр уг төсөлд тусгасан байна.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн холбоог шинэчлэх түр хорооноос шаардлага гаргав

Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэх түр хороо байгуулагдаж, өнөөдөр хэвлэлийн хурал хийн, дараахь шаардлагыг гаргаснаа мэдэгдсэн юм. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРОО”-НООС МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНД

Шаардлага хүргүүлэх тухай 2015.05.13.
Монголын чөлөөт бөхийн холбоо( МЧБХ)-ны одоогийн хууль бус удирдлагууд 2012 оны Олимпийн наадмын дараагаас эхлэн удаа дараа дүрэм журмаа зөрчиж, баг, тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэл сургуулилт хийх хэвийн нөхцөлөөр хангахгүй, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсаар байна. Энэ байдлаас болж байнгын айдас хүйдэстэй явсан багш, дасгалжуулагчид, тамирчдын тэвчээр барагдсан тул ийнхүү зохион байгуулалтад орж шударга ёсны төлөө тэмцэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна.
МЧБХ хоёрхон жил гаруйн дотор маш олон алдаатай буруу үйл ажиллагаа явуулж, хариуцлага алдлаа. Тэр болгоныг дурдаж барагдахгүй тул цөөн хэдэн баримтыг дэлгэж байна. Тухайлбал:
1. МЧБХ-ны 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Их хурлаар баталсан дүрмийн 2.2-т заасан: Их хурлыг “4 жилд 1 удаа, Олимпын наадам дууссанаас хойш 90 хоногийн дотор багтааж хуралдуулна” гэсэн заалтыг зөрчиж, өнөөдрийг хүртэл Их хурлыг хуралдуулаагүй байгаа нь хууль бус.
2. Их хурлыг хуралдуулаагүй боловч “дүрмийн бус аргаар” хэзээ, ямар дүрмийн ямар заалтыг үндэслэн, хэний гаргасан ямар шийдвэрийн дагуу, хэн сонгосон нь чөлөөт бөхийн хамт олонд мэдэгдэхгүйгээр Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгч болгосон нь хууль бус.
3. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр МЧБХ-ны дүрмийг дур мэдэн өөрчилж, МЧБХ-ны Их хурлын шийдвэргүйгээр, хууль бусаар улсын бүртгэлд бүртгүүлсэн нь бас хууль бус.
4. МЧБХ-ны 2013 оны санхүүгийн тайланд Өсвөрийн ААШТ-ээс МЧБХ-д орсон орлогыг тусгаж тайлагнаагүй. Гадаадаас 400 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч ирж оролцсоноос хүн тус бүрээс хоногийн байр, хоолны зардалд 130 швейцарь франкийг доод тал нь 4 хоногоор тооцож, нийт 208,000 гаруй швейцарь франк авсан. 1 швейцарь франк 2,000 төгрөгийн ханштай бөгөөд энэ нь 416.0 сая төгрөг юм.
5. МЧБХ -ны 2014 оны санхүүгийн тайланд Залуучуудын ААШТ-ээс МЧБХ-д орсон орлогыг тусгаагүй байна. Гадаадаас 450 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч ирж оролцсоноос хүн тус бүрээс хоногийн 180 швейцарь франк, доод тал нь 4 хоногоор тооцож, нийт 324,000 гаруй швейцарь франк авсан. 1 швейцарь франк 2,000 төгрөгийн ханштай бөгөөд энэ нь 648.0 сая төгрөг юм. Үүнээс гадна тус тэмцээнийг зохион байгуулалтын зардалд Улсын төсвөөс гаргасан 200.0 сая гаруй төгрөгийн тайланг одоо болтол гаргаагүй байна.
6. Ер нь Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгч болгосон гол зорилго нь юу юм бэ? МЧБХ-д тулгардаг мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно гэж л оруулж ирсэн байж таарна шүү дээ. Яг үнэндээ Д.Дагвадоржоос ямар ч менежмент гарахгүй гэдэг нь ойлгомжтой. Түүнд байгууллага удирдах боловсрол, арга барил, ур чадвар, сэтгэл зүрх, харилцааны наад захын соёл байхгүй болохыг өнөөгийн бодит байдал бэлхнээ харуулаад байна. МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар өөрийг нь олон жил тэтгэж байсан дүүгээ сумогоос хөөгдөхөд нь “зөөлөн буулт’ хийлгэж чөлөөт бөхтэй ямар ч хамаагүй хүнийг МЧБХ гэдэг айлд оруулж ирсний гай өнөөдөр ийнхуү тодорч байна. Мөнгө санхүүгээр дэмжинэ гэж айлд дайрч орж ирээд хүүхдүүдийг нь ад үзэж байх суух газаргүй болгож, дэмжиж туслах нь байтугай Улсын төсөв, хандивын мөнгийг нь юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй үрэн таран хийж байна.
7. 2014 оны ААШТ Казахстан улсад зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд манай баг нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртснээр багаараа мөнгөн цом авахаар болж бөөн баяр болсон. Ингээд багийн дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар шагналын тавцанд гарах гэтэл Д.Дагвадорж шууд дуудан болиулж, дарамтлан цамцыг нь тайлуулан авч хэн нь мэдэгдэхгүй огт танихгүй Казахстан хүнд өмсүүлэн шагналын тавцанд гаргаж бүхэл бүтэн Монгол Улсын нэр хүндийг гутаан доромжилсон. Ингэж Монголын баг тамирчдын нөр их хөдөлмөрийн үр шимээрээ олж авсан баяр бахдалыг дээрэмдэж дарамталсан. Хожим тэр Казахстан хүн Д.Дагвадоржийн Казахстан дахь наймааны найз гэдэг нь тодорхой болсон. Энэ арай хэтэрч байгаа бус.
8. МЧБХ-ны 2014 оны санхүүгийн тайланд 929 сая төгрөгийн орлогоос Д.Дагвадорж өөрөө хувиасаа 352 сая төгрөг оруулсан гэж худлаа тусгасан. Энэ нь баримтаар нотлогдохгүй байна. Улмаар гадаад тэмцээний зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэж ор үндэсгүй худал тайлагнасан. Гэтэл эрэгтэй шигшээ багт 2014 онд ердөө 2 тамирчин 1 дасгалжуулагчийг Азарбейджан Улсад болсон олон улсын тэмцээнд оролцох зардлыг гаргасан байдаг ба үүнийгээ 15 сая төгрөг болсон шүү гэж тайлбарласан. Иймэрхүү маягаар хувиасаа чөлөөт бөхөд маш их хөрөнгө оруулалт хийж буй дүр эсгэж, өөрөө түүндээ хэт итгэж, би ийм “том гавьяа”-тай юм чинь яасан ч яадаг юм, намайг хэн ч яаж ч чадахгүй гэсэн байдлаар өөрт нь үнэн үг хэлж, шударга хандсан дасгалжуулагч, тамирчин, шүүгчдийг хараан загнаж, заримыг нь үүрэгт ажлаа хийх ямар ч боломжгүй болгож хүний эрхийг хохироодог дарангуйлагч юм. Энэ нь спортын эрхэм дээд зарчим болсон Олипын Хартанд хатуу хориглосон хүнийг ялгаварлан гадуурхахын эсрэг үзлийг уландаа гишгэсэн үзэгдэл болж байна. Чөлөөтийнхөө хамт олонд ингэж ханддаг мөртөө сайд дарга, эсвэл гадныхантай гайхмаар эелдзг нялуун харьцаж, өөрийгөө маш сайн хүн, монголын чөлөөт бөхийг аврагч мэтээр ойлгуулж огт ичихгүйгээр хоёр нүүр гаргаж чаддаг, бялдууч юм.
9. 2014 оны тайлангийн хурлын дараа Д.Дагвадоржоос тамирчдын гадаад арга хэмжээний зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэдэг тайлангийн задаргааг нь лавлаж асуухад Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нь “470 сая биш юм шиг байна аа, 170 сая юм аа” гэж хэлсэн, тэгэхээр нь оффисын ажилтнаас лавлахад “Эхлээд тайланг 170 сая төгрөгөөр гаргасан, гэтэл Д.Дагвадорж үзээд “Дэндүү бага тоо тавьсан байна, 470 сая төгрөг болго” гэж хэлсэн, тэгээд 470 сая төгрөг болгосон” гэсэн болно. Гэтэл тайлангийн хурлын дараа “Хэл ам татлаад байна, 270 сая төгрөг болгочих” гэж өөрөө хэлсэн байна. Ингэж л Д.Дагвадорж гэдэг хүн дур зоргоороо аашилж, бусдыг дэндүү дээрэлхэн дарамталж, ямар ч баримтгүй, амандаа орсноо хэлж явна. Энэ юу болж байна вэ?
10. Харин ССАЖЯ-ны харьяа Спорт Бэлтгэлийн Төвөөс 2013, 2014 онуудад чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багт нийт 1 тэрбум 200 сая орчим төгрөгийн санхүүжилт гаргасаар баг тамирчид бэлтгэл сургуулилт хийж, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцон 2013, 2014 оны ДАШТ-ээс Монголын эрэгтэй эмэгтэй бөхчүүд 10 медаль хүртэж, 2 жил дараалан дэлхийн шилдэг 8 багт шалгарлаа. Энэ бол сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт, түүний арга технологийг боловсронгуй болгон бэлтгэл сургуулилтандаа өөрчлөлт, шинэчлэл хийж ажилласан чөлөөт бөхийн тамирчид, дасгалжуулагчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
11. Гэтэл МЧБХ-ны 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн тайлангийн хурал дээр Д.Дагвадорж мэдэгдэхдээ: “ДАШТ-ны медалийг эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчид та нар сайндаа авчихсан юм биш, Дэлхийн Бөхийн Холбооноос Монголд ирсэн хүн тус бүрт би хамгийн багадаа 10.0-20.0 мянган доллар халаасанд нь хийж өгч байсан” хэмээн Дэлхийн медалийг бөхчүүд жинхэнэ хүч чадлаараа аваагүй, Д.Дагвадорж хахуулиар авч өгсөн болгон зарлаж, тамирчид, дасгалжуулагчдын хөдөлмөрийг шууд үгүйсгэн гутаан доромжилсон. Энэ ер нь юу гэсэн үг вэ? Ийм юм байдаг юм уу?
12. 2015 оны УАШТ-ийг зохион байгуулахдаа тэмцээн явагдаж буй заалны чимэглэл 100 хувь “Yokohama” гэсэн дугуйны рекламын самбараар дүүрсэн байсан. Мөн “Yokohama” дугуйтай холбоотой хэмээн нэгэн япон хүн өдөр бүр тавцанд гаран шагналын үйл ажиллагаанд оролцож, “рекламдуулж” байсан. Гэтэл МЧБХ-ны 2014 оны үйл ажиллагаанд 31,3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн компанийн ганц ч реклам байгаагүй. Тэгэхээр 31,3 сая төгрөгөөр дэмжихэд ганц ч “үсэг” тавигдахгүй байгаа юм чинь, 100 хувь битүү рекламдуулж байгаа “Yokohama” дугуйны компаниас доор хаяхад 300 сая төгрөгийн дэмжлэг ирэх байлгүй дээ гээд харж суутал, энэ “Yokohama” дугуйны компани нь Д.Дагвадоржийн өөрийнх нь компани болж таарлаа. Ингэж л зөвхөн өөрийнхөө хувийн ашиг хонжооны төлөө, япон түншдээ таалагдаж, “мундаг”-аа харуулахын тулд МЧБХ-г бүхлээр нь дайчилж чадаж байна даа.
13. Улмаар 2015 оноос УАШТ-ийг зохион байгуулах менежмент хийлгүйгээр тэмцээнд оролцож байгаа тамирчдаас авдаг хураамжийг огцом өсгөж өсвөрийн 600 хүүхдээс 15 мянган төгрөг, 500 орчим залуучуудаас 18 мянган төгрөг, 400 орчим насанд хүрэгчдээс 20 мянган төгрөг, бүгд 30 шахам сая төгрөг хураачихаад насанд хүрэгчид, залуучуудын тэмцээнд медаль авсан тамирчдад ямар нэгэн шагнал өгөөгүй. Хураасан мөнгөнийхөө зарцуулалтын тайланг тавиагүй.
14. 2015 оны ААШТ-д оролцох эрэгтэй багийн гурван бөхийг хуурамч визний асуудалд оруулан, тамирчид дасгалжуулагчдыг эд мөнгө, сэтгэл санаа, эрүүл мэнд, эрх чөлөөгөөр нь хохироож, олон улсын тавцанд МЧБХ-ны төдийгүй Монгол Улсын нэр хүндийг унагаж Монголын ард түмнийг бухимдуулчихсан мөртлөө твиттер хуудсаараа өөрийгөө өмгөөлсөн, үнэн бодит байдлыг нуун дарагдуулсан мэдэгдлүүд хийж байгаа нь хэзээ ч буруугаа хүлээдэггүй, өөртөө дүгнэлт хийдэггүй, засаршгүй этгээд болохоо харуулж байна.
15. Мөн өнгөрсөн долоо хоногт Архангай аймагт болсон өсвөрийн тэмцээний үеэр Д.Дагвадоржийн томилсон нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр: “Зарим бөхийн холбоо барилдах гэж байсан хүүхдийг “алчихсан” мөртлөө нэг их хэл ам хийхгүй байхад манайхан хоёр гуравхан хоног хоригдчихоод сүртэй юм яриад” хэмээн уурсан ярьсан нь өөрсдийн хийсэн буруутай үйл ажиллагааг үл тоон харин ч зөвтгөж байгаа санаа биш үү?
16. Түүнчлэн Д.Дагвадоржийн томилсон МЧБХ-ны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Төмөрбаатар 2015 оны 3 дугаар сард Улан-Үд хотод болсон тэмцээний үеэр Монголоос залуу охидыг дагуулан очиж, гадаадын шүүгч нарт зарж биеийг нь үнэлүүлэн тэр үйл явдал нь олон нийтэд ил болсоор байтал хариуцлага тооцож эрүүгийн хэрэгт татахын оронд харин ч өөхшүүлж 2015 оны ААШТ-д явуулсан. Дубайд манай гурван тамирчин дасгалжуулагчтайгаа хуурамч визний асуудлаар хоригдоод тарчилж байхад тэр хүн яг хажуугаар нь юу ч болоогүй юм шиг өнгөрч тавласан үйл явдал болсон. Уг нь МЧБХ-ны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч хүн шүү дээ Ийм xvн холбооныхоо гадаад харилцааг хариуцуулж болдог юм уу?
Дээр дурдсан нөхцөл байдлуудыг цаг алдалгүй арилгаж, чөлөөт бөхөө аврахын тулд чөлөөт бөхийн халуун фронтод ид ажиллаж буй дасгалжуулагчид, тамирчид, шүүгчид болон дэмжигчид “МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРОО”-г байгуулан МЧБХ-ны дүрмийн бус, хууль бус, боловсрол мэдлэг, соёл хүмүүжилгүй, бүдүүлэг дээрэнгүй, ах дүүгээрээ нэг гэр бүлийн удирдлагуудыг тав хоногийн дотор ямар нэгэн тайлбаргүй бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч МЧБХ-ны тамга тэмдгийг МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРООНД хүлээлгэн өгөхийг шаардаж байна.
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРОО тамга тэмдгийг хүлээж авсны дараа хуралдаагүй 3 жил болсон “ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРАЛ”-ыг хуралдуулан, МЧБХ-ны шинэ удирдлагуудыг сонгож ажиллах болно.
ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН:
“МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРОО”-НЫ ГИШҮҮД:
1. Ц.Цогтбаяр
2. Б.Баяраа
3. О.Пүрэвбаатар
4. Л.Энхбаяр
5. Г.Мандахнаран
6. Э.Ням-Очир
7. Д.Цогтбаатар
8. Э.Бэхбаяр
9. Б.Номин
10. Т.Түвшинтулга
11. Б.Анхбаяр
12. П.Өнөрбат
13. П.Өсөхбаатар
14. Н.Золбоо
15. Д.Гомбодорж
16. Б.Баянмөнх
17. Г.Идэрхүү
18. Б.Батмагнай
19. Н.Лхамгармаа
20. Д.Хүдарбулга
21. Д.Алтанхуяг
22. О.Үйтүмэн
23. Ж.Чулуунбат
24. Ц.Хосбаяр
25. С.Батболд
26. Г.Отгонбаатар
27. З.Мөнхзолбоо
28. Б.Өсөхбаяр

Categories
мэдээ улс-төр

“Монголын төмөр зам”-ын удирдлагуудтай уулзжээ

“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж тодруулга авсан байна.

Энэ үеэр тус компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэ “Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д 1800 км төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” тусгай зөвшөөрлийг олгосон. Тус компани Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 225 км төмөр замын “Барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-г 2013 оны 5 дугаар сард Солонгосын Самсунг СТ компанитай байгуулж, Чингис бондын 200 сая ам.долларын санхүүжилтээр ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ажлын явц 52 хувьтай байна.
Санхүүгийн зөвлөх BNP Paribas компанийн боловсруулсан санхүүгийн загварт Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын 1 тонн/км-ийн тээврийн тарифыг 3.3 цент буюу 64 төгрөгөөр тооцоход хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 12 жил байна. Энэ төмөр замын суурь бүтэц нь ашиглалтад орсон жилээсээ улсын төсөвт татвар төвлөрүүлэх бөгөөд татвар, зээл, зээлийн хүүгээс гадна 25 жилийн хугацаанд нийт 1.9 тэрбум ам.долларын ноогдол ашиг өгөхөөр байгаа. Энэ нь жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэхээр хийсэн тооцоо юм.
Дээрх 225 км төмөр замыг дотоодын санхүүжилт буюу зардлын 40 хувийг нь Чингис бондын 400 сая ам.доллар, гадаадын банк, санхүүгийн байгууллагын урт хугацаатай зээлээр 60 хувь буюу 600 сая орчим ам.доллар, нийтдээ 970 сая ам.долларын өртгөөр барихаар төлөвлөгдсөн. Гадаадын банк, санхүүгийн байгууллагын урт хугацаатай зээлээр хэрэгжих 60 хувийн санхүүжилтийг хийх боломжтой гэдгээ Корея ЭКСИМ, Корея хөгжлийн банk, Европын сэргээн босголтын банк, PNB Paribas банкууд илэрхийлсэн.
Мөн Япон улсын “Nippon Koei” компани Таван толгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын зураг төслийг боловсруулж хүлээлгэн өгсөн” гэдгийг мэдэгджээ.
“Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын асуудлыг бүрэн хариуцаж ажлаа эхлүүлсэн байтал дээрх санхүүжилтийг зогсоож, Таван толгойн тендерт шалгарсан хөрөнгө оруулагч нарт Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг 30 жилээр өгөхөөр болсон нь тодорхойгүй байна.
2014 оны 9 дүгээр сарын 1-нд зарлаж урилга илгээсэн тендерт 7 шалгуур үзүүлэлт оруулсны 6-д нь “Хөрөнгө оруулагчид эхний ээлжинд Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, ашиглалтад оруулснаас хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд өгөх” гэж заасан байна.

Тиймээс өөрсдийн хүч хөрөнгөөр барьж байгуулаад 25 жилийн хугацаанд 1.2 тэрбум долларын цэвэр ашиг олох боломжтой төмөр замыг яагаад тендерийн шалгуурт оруулах болсон тайлбарыг Засгийн газраас тодруулах ёстой гэж үзэж буйгаа ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэдийг хайж байна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн (сумын төвөөс урд зүгт 30 км зайтай) Цагаан сайр гэдэг газраас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 13:00 цагийн орчимд Д овогтой П (62 настай, эрэгтэй) гэрээсээ гараад алга болсон байна. Түүнийг ар гэрийнхэн нь дахин хүсэлт тавьсны дагуу өчигдрийн 09:00 цагаас аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар хайж эхэлжээ. Их-Уул сумын Бор үзүүр гэдэг газар хүртэл нийтдээ усаар 70 км, газраар 55 км газар хайсан байна. Маргааш Бор үзүүрээс Зүлэгт гэдэг газар хүртэл эрэл хийнэ хэмээн Онцгой байдлын газраас мэдээлжээ. Мөн Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн “Бүгийн хэв” гэдэг газарт хаваржиж байгаа иргэн Д-н эхнэр Б (25 настай, эмэгтэй) хоёр сартай хүүхэдтэй, энэ сарын 11-ний өглөө 10:00 цагийн орчим гэрээсээ ус авахаар гараад алга болжээ. Одоо болтол сураггүй байна гэсэн ар гэрийнхнийх нь мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч, нэг автомашинтайгаар, сумаас 60 хүн, 3 автомашин, 20 морьтой нийт-70 хүн, 4 автомашин, 20 морьтой эрэн хайж байгаа гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Аюулгүй байдлын байнгын хороо хаалттай хуралдаж байна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд хаалттай болж байна. Байнгын хорооны хуралдаан дээр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон мэдээлэл хийж байгаа аж. Үүний дараа Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжих эсэхийг хэлэлцэх юм.

Categories
гадаад мэдээ

Америкт галт тэрэг осолдож таван хүн амь үрэгджээ

АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи хотод зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч осолдсон байна. Энэ үеэр таван хүн амь үрэгдэж, 50 хүн гэмтэж бэртсэнээс зургаагийнх нь биеийн байдал нэлээд хүн байгаа тухай мэдээллээ. Нью-Йоркоос Вашингтоныг зорьж явсан галт тэргэнд 240 хүн сууж явжээ. Цагдаагийн газраас мэдээлснээр арван вагоноос найм нь замаасаа гарсан байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Бор гөрөөс агнахгүй байхыг анхааруулж байна

Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна. Тус газрын байгаль орчны хяналтын байцаагч нар хулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж эхэлжээ. Мөн төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр бор гөрөөс агнасан, барьсан тухай мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286, ажлын 263065 дугаарын утсаар хүлээн авч байгаа юм байна.

Хууль бусаар агнасан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол байгаль орчны хяналтын улсын байцаагч захиргааны хариуцлага ногдуулдаг хуультай. “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр: гур 330000, зүр 400000, эр янзага 231000, эм янзага 280000 төгрөг байдаг бөгөөд энэ үнэлгээг улсын байцаагчийн актаар хоёр дахин өсгөж нөхөн төлүүлдэг аж.

БОНХАЖ-ын сайдын тушаалаар тогтоосон тухайн жилийн хяналтын тоонд багтаан иргэн эрхийн бичгээр, сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр анчны үнэмлэхтэй иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар бор гөрөөс агнаж, барих тусгай зөвшөөрөл авдаг. Ингэхдээ тодорхой хэмжээний хураамж төлдөг юм байна.

Categories
гадаад мэдээ

Балбад өчигдөр болсон газар хөдлөлтөөр 65 хүн нас бараад байна

Балбад өчигдөр Рихтерийн шаталбараар 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр үүний улмаас ойролцоогоор 65 хүн амь үрэгдэж, 2000 хүн гэмтэж бэртсэн байна. Балбын нийслэлийн оршин суугчид дахин газар хөдөлж магадгүй хэмээн болгоомжилж өнгөрсөн шөнийг гадаа өнгөрөөжээ. Өнөөдөр өглөөнөөс аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагааг эхлүүлсэн байна.

Ю.Дэлгэр