Categories
мэдээ цаг-үе

Оюу толгой хөдлөх сургаар төгрөг чангарсан өдрүүд

“Найман шарга” валютын зах дээр ам.долларыг 1943 төгрөгөөр авч 1945 төгрөгөөр зарж байна. Сүүлийн өдрүүдэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш бага багаар чангарсаар 1940 рүү уруудчихаад байгаа нь энэ. Энэ янзаараа бол 1800 руу ч доошлохыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн сарын дундуур нэг ам.доллар 1990 төгрөгтэй тэнцэж байсныг уншигчид санаж байгаа байх. Үүнээс хойштасралтгүй уруудсаар сар хүрэхгүй хугацаанд 45 төгрөгөөр унана гэдэг мэдрэгдэхүйц эерэг үзүүлэлт. Ам.долларын ханш чангарсан өдрүүдэд валютын дуудлага худалдааны гол оролцогч нь Төв банк байлаа. Ногоон валютын галзуурлыг намжаахын тулд мөнгөний бодлого тодорхойлогчид энэ худалдаанд оролцохоос аргагүй байсан юм.

Монгол банк арилжааныбанкуудад төчнөөн ам.доллар арилжлаа гэсэн мэдээлэл сүүлийн үед харин сонсогдсонгүй. Төв банк валютын худалдаанд оролцсонгүй гэсэн агуулгатай мэдээлэл лцацагдаж байгаа. Валютын зах дээр ам.доллар байгаа учраас Төв банк валютын худалдаанд оролцохгүй “амарч” буй хэрэг.

Сүүлийн үеийн статистикаас харахад Монгол банк дуудлага худалдаагаар сард дунджаар 110 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ. Харин өнгөрсөн сард Төв банкны валютын захад нийлүүлсэн ам.доллар 8.6 саяар хэмжигдэж байна. Валютын захын эрэлт, нийлүүлэлт ингэж тэнцвэржсэн нь хэд хэдэн шалтгаантай. Экспорт импортоосоо давсан гэх шалтгааныг эдийн засагчид онцолж буй.Монгол Улсын олж буй ам.доллар гадагшаа өгч байгаагаасааихэссэн учраас ханшид эерэг нөлөө үзүүлсэн гэх тайлбар бий. Гэхдээ гадаад шалтгаан бас бий. Валютын захад ам.доллар орж ирнэ гэсэн сайн мэдээ түгсэн учраас ам.долларын ханш бага багаар суларч эхэлсэн. Доллар авч хадгалсан хүмүүс ногоон валют их хэмжээгээр орж ирэх сургаар зах дээр зарж эхэлсэн хэрэг.Ноён ногооны ханшийг унагаж эхлэхэд нөлөөлсөн сайн мэдээ нь Оюу толгой. Энэ сайн мэдээ Ерөнхий сайдын саяхны мэдэгдлээс улбаатай. Тодруулж хэлбэл Таван толгойн гэрээтэй холбоотой шуугиан дэгддэгийн өмнөх өдөр Ч.Сайханбилэгийн телевизээр хийсэн мэдэгдэл сайн мэдээний эхлэл болсон. Ерөнхий сайдын мэдэгдлийн агуулга нь тун энгийн. Том төслүүдээ засгийн зүгээс хазаарлахгүйгээр явуулна, тэгж байж эдийн засгаа хүндрэлээс гаргана гэсэн утгатай л мэдэгдэл. Баялаг бүтээгчид бултаараа алга ташин хүлээж авсан энэ мэдэгдэлд Оюу толгойн талаар юу гэж онцолсныг эргэж харъя.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Шийдлийн, эв эеийн Засгийн газар эвлэж бүрдэн ажиллаж эхэлсэн эхний 100 хоногийн хугацаанд өдөржин шөнөжин зүтгэж чармайсан нөражлын үр дүнгээ гаргаж байна. Юуны өмнө, сүүлийн гурван жил гацсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн зургаан жилийн хугацаанд саатсан Тавантолгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг эцэслэн гаргахыг монгол хүн бүхэн хүсэн хүлээж байгаа. Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюутолгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж,шинэ зам нээж өгнө” гэж мэдэгдсэн юм.

Саяхан “Блүүмбэрг”-т ярилцлага өгөхдөө ч энэ байр сууринаасаа ухраагүйгээ бататгаад авна лээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний “Бид том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Мэдээж хүн бүр Оюу толгойг л харж байна. Дараагийн долоо хоногт Рио тинто компаниас өргөн бүрэлдэхүүнтэй баг ирэх гэж байгаа. Энэ үеэр одоогийн хэлэлцээний шатанд байгаа бүх асуудлаа эцэслэж чадна гэж бодож байна. Үндсэн асуудлууд дээр бол аль хэдийнэ шийдэлд хүрчихсэн. Одоо Оюу толгой дээр техникийн багахан асуудлуудаас гадна процедурын шинжтэй цөөн асуудал л бий. Бид 2015 оныг маш өөдрөгөөр харж байгаа. Бид бүх бизнес эрхлэгчдэд нээлттэй, харилцан ашигтай байх гол зарчмыг баримтална” гэсэн мэдэгдэл гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт “Блүүмбэрг”-т ярилцлага өгсөн гэхээр “Рио”-гийн багийнхны Улаанбаатарт буух ирэх долоо хоног гэдэг нь энэ долоо хоног гэсэн үг. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн үгнээс дөрвөн тэрбум гаруй ам.долларын хөрөнгө татах аварга төслийн дараагийн санхүүжилт эхлэх хугацаа дөхжээ гэсэн гаргалгааг хийчихэж болохоор байна.

Дөрвөн тэрбум ам.доллар гэдэг бага тоо биш. Дэлхийн хэмжээнд уул уурхайн салбартийм хэмжээний төслийн санхүүжилт авахаар банкуудтай тохироо хийж чадсан компани “Рио”-гоос өөр байхгүй гэхээр л хичнээн том хөрөнгө оруулалт Монголыг чиглэж буйг багцаалчихаж болно. Өмнийн говьд хэрэгжиж буй Оюу толгой төслийн гүний уурхай бол их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан аварга бүтээн байгуулалт. Улаанбаатараас Дархан орох дайны урттай том хонгилууд газар дор ухаж, уурхай байгуулна гэдэг амар ажил биш. Их хөрөнгө шаардсаннүсэр бүтээн байгуулалт. “Рио” шиг олон улсын банк, санхүүгийн байгууллагад нүүртэй акулкомпани л зээл авч хийж амжих том ажил. Том төслийг хөдөлгөх ийм аргыг дэлхий нийтээрээ төслийн санхүүжилт гэдэг. Манайх шиг чөлөөт зах зээлийг сонгосон улс орнуудын хувьд том төслөө хөдөлгөдөг жишиг болсон гол арга л даа.

Дахин хэлэхэд засаг, Рио хоёр тохироонд хүрч чадлаа гэсэн мэдээ цацагдлаа л бол дөрвөн тэрбум гаруй ам.доллар Монголын Оюу толгой төсөлд зарцуулагдаж эхэлнэ. Оюу толгой хөдлөх нь гэсэн сураг мэдээ гарах төдийдөө л валютын захад нөлөө үзүүлж,ам.долларын ханш эрчимтэй суларч эхэлсэн нь ийм учиртай.

Ерөнхий сайдын шил дарсан мэдэгдлүүд гадаад зах зээлд ч таатай нөлөө үзүүлж эхэлснийгТоронто, Нью-Иоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй TRQ, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC-гийн хувьцаа сүүлийн үед өссөн графиктай байгаагаас харж болно. TRQ-гийн хувьцааны ханш нэг сарын дотор 70 хувиар өсөөд байна. Оюу толгойн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчдын мөнгө 70 орчим хувиар үржсэн гэсэн үг. Монголчууд том төслөө явуулах нь, Ерөнхий сайд нь бизнес орчноо сайжруулах талд хатуу зогсч байгаа юм байна, Оюу толгой удахгүй бүрэн хүчин чадлаараа хөдлөх нь гэсэнитгэл үнэмшил гадаад зах зээлд төрөөд эхэлчихэж. Гүйцэтгэх засаглалын тэргүүний ойрхон хугацаанд хийсэн хоёр удаагийн мэдэгдэл Монголын имижийг өргөснийг өөр баримтуудаас ч харж болно. Гадаад зах зээлээс мөнгө босгосон Засгийн газар, банкуудынүнэт цаас ч дажгүй үнэлгээтэй байна.

Гэхдээ доллар орж ирэх сувгаа нэмэхгүй бол ам.долларын эсрэг төгрөгийн чангаралт удаан үргэлжлэхгүй гэж эдийн засагчид сануулж байгаа. “Tranding economic” судалгааны байгууллага оны эхний улиралд ам.доллар 1963, хоёрдугаар улиралд 1923, гурав,дөрөвдүгээр улиралд 1885 төгрөг хүрч уруудна гэсэн таамаглал гаргасныг хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт үргэлжлээд хийгдвэл ам.долларын ханш 1885-аар тогтохгүй. Бүр 1700 руу унана гэсэн таамаг бий.

Том төслүүддагасан сайн мэдээнээс улбаалсан эерэг хандлага ам.долларын ханшийг сулруулаад зогсоогүй. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжрахад ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Он гарснаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд хэд хэдэн эерэг өөрчлөлт гарсныг статистикийнхан онцолж байна. Энэ оны эхний улиралд инфляфи 9.3 хувьтай гарсан нь өнгөрсөн жилийн эцсийнхээс 1.7 хувиар буурсан үзүүлэлт. Урсгал тэнцэл 19.6 сая ам.долларын ашигтай гарсан ньмөн л онцлохоос аргагүй эерэг үзүүлэлт. Өмнөх жилийн өдийгөөс алдагдал нь 106 хувиар буурсан гэсэн үг. “Эдийн засаг таагүй хэвээр үргэлжилсэн өнгөрсөн саруудад зөв бодлого барьсны хүчинд ийм эерэг үзүүлэлтүүд гараад байгаа. Одоо доллар орж ирэх сувгаа л нэмэхгүй бол өөр арга чарга байхгүй” гэж шинжээчид онцгойлон анхааруулж байна. Гаднаас ам.доллар орж ирэх ганцхан суваг бий. Тэр нь Оюу толгой. Оюу толгойгоо хөдөлгөхгүй бол гаднаас доллар орж ирэхгүй, урсгал нь тасарчихаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт сэргэхгүй. Товчхондоо доллар орж ирэхгүй бол тун удахгүй эдийн засгийн таагүй үзүүлэлтүүд шил дарна гэсэн үг.

Экспорт импортоосоо давж худалдааны тэнцэл эерэг гарсан үзүүлэлтийг эдийн засагчид сөрөг талаас нь ч тайлбарлаж байгаа. “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг саяхны ярилцлагадаа“Оюутолгойн зэс, алтыг урагш нь гаргадаг болсон учраас, мега төсөл хэрэгжиж эхэлсэн болохоор экспортын хэмжээ нэмэгдсэн юм. Түүнээс биш өөр том гэхээр нөлөө байхгүй. Нөгөө талд гаднаас авч хэрэглэдэг зүйл маань багассан гэсэн шалтгаан бий. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй болсон гэх шалтаан ч байна. Эдийн засагт итгэх итгэл алдарсан учраас хөрөнгө оруулагчид тоног төхөөрөмж оруулж ирэхээ байсан. Эдийн засгийн бүтээмж хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа гэсэн үг. Энэ бол импорт буурсан шалтгаан яах аргагүй мөн. Мэдээж сая дурдсан хоёр үзүүлэлтэд эерэг тайлбар байгаа. Тэр талыг нь үгүйсгэхгүй. Гэхдээ муу талаас нь ч бас харахёстой. Эдийн засагт байгаа ганц хоёр сайн мэдээг харахаар өнөө л Оюутолгойтой холбоотой байдаг. Оюутолгой гэдэг мега төслийнэхний үе шатыг зориглоод явуулсан учраас л ганц, хоёр ч гэлээ сайн мэдээ эдийн засагт байгаад байгаа юм. Цаашдаа эдийн засгийг сайжруулж өсгөх ганц зам бий. Тэр нь том төслүүд” гэж онцолсон нь учиртай. Мега төслөө урагшлуулахгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах аргагүй гэдгийг л сануулсан хэрэг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Болд: Хариуцлагагүй нарийн бичгийн даргаас болж гурван тамирчин тэмцээнд оролцож чадсангүй

Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын болон Буриадын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болдтой уулзаж ярилцлаа.

-Катарын Доха хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай гурван тамирчин, нэг багшийнхамт хуурамч визнээс болж саатуулагдсан явдалд МЧБХ-г хариуцлагагүй ажилласан гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа бол?

-МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж одоогоор ирээгүй байгаа. Ирэх пүрэв гаригт эх орондоо ирнэ. Холбооны удирдах зөвлөлийг хуралдуулж байж асуудлыг шийднэ гэсэн. Гэхдээ сүүлийн үед хэвлэлээр шуугиад байгаа асуудлуудад хариулт өгөх зорилгоор “Өдрийн сонин”-д ярилцлага өгье гэж бодлоо. ДАШТ эхлэхэд гурван сар, олимпийн наадам болоход жил гаруйн хугацаа үлдлээ. Энэ цаг үед хоорондоо хэрэлдэж маргаж байхаар эвтэй найртай ажил амжилтаа яаж ахиулах вэ гэж эрвийх дэрвийхээрээ хамтарч байх үе л дээ. Саяын тэмцээнд гурван хүн оролцож чадаагүй асуудал бол миний ойлгосноор нарийн бичгийн дарга нарын аппаратын хайхрамж болгоомжгүйтэй холбоотой гэж бодож байна. Эрэгтэй багийн туслах дасгалжуулагч Б.Баяраагийн талаар өөр зүйл сонсогдсон. Тухайн хүн өөрөө визтэй паспортоо авч яваагүйгээс хил рүү орж чадаагүй гэсэн. Энэ тохиолдолд Б.Баяраатай хариуцлага тооцно.

-Хариуцлага алдсан нарийн бичгийн дарга нь хэн гэж хүн байна?

-Оюунаа гэдэг бүсгүй байгаа.

-Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын ярьснаар бол МЧБХ эмэгтэй тамирчдын багаа илүүд үздэг, эрэгтэй тамирчдад анхаарал хандуулдаггүй гэсэн байна лээ. Тэр бүү хэл сүүлийн хоёр жилд арван таван сая төгрөг л эрэгтэй баг тамирчдад зарцуулсан атлаа тайлангийн хурал дээр 470 сая төгрөг зарцуулсан гэж танилцуулсан гэж байгаа?

-МЧБХ эрэгтэй, эмэгтэй багуудаас бүрддэг байгууллага. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрэгтэй, эмэгтэй багууд хоорондоо зөрчил тэмцэлтэй болсон нь нууц биш. Энэ юунаас эхлэлтэй юм гэхээр Биеийн тамир, спортын Үндэсний төвийн даргаар Наранбаатар томилогдсон, тэнд А.Басхүү гэдэг хүн очсон цагаас хоёр багийн хагарал үүссэн. МЧБХ, Үндэсний төвийн хагарлаас болж ийм байдал үүссэн. Манай багш нар “Холбоо арван мянган төгрөг ч өгч байгаагүй” гэдэг огт үндэслэлгүй. Багш, дасгалжуулагч хоёр бөхийн хөгжил дэвшлийг тодорхойлдог гэдэг бол их өрөөсгөл ойлголт. Дэлхийн хэмжээнд амжилт гаргадаг томоохон тамирчныг бэлдэнэ гэдэг маш том ажил. Тамирчин, багш дасгалжуулагчийн уйгагүй хөдөлмөр, бэлтгэл, эмч, эрдэм шинжилгээний ажилтан, холбооны удирд­лагын зөв менежмент, материаллаг бааз, өсвөр үеийнхэн хэрэгтэй. Хөдөө орон нутаг дахь цогц бодлого хэрэгтэй. Зөвхөн нэг хоёр жилийн дотор нэг том тамирчин төрдөггүй юм. Эмэгтэй тамирчдын маань амжилт сүүлийн жилүүдэд сайн байгаа. 2009 онд эмэгтэй тамирчид хос медаль авлаа, 2010 онд ДАШТ-ий аварга Монголд гучаад жилийн дараа эмэгтэй баг тамирчдаас төрлөө. Сая бас дэлхийн аваргатай боллоо. ДАШТ-ээс багаараа мөнгө, хүрэл медаль хүртлээ. Дэлхийн шилдэг АНУ, ОХУ, БНХАУ-ын багийг амжилтаараа ардаа орхилоо. Энэ амжилтын батламжийг ОУОХ-ны Ерөнхийлөгч манай эмэгтэй багт илгээлээ. Сүүлийн зургаан жилд зургаан тамирчинд байр олгосон. Ивээн тэтгэгч байгууллагууд дөрвөн байр, БХЯ, Хууль зүйн яамнаас хоёр байр хөөцөлдөж олгуулсан. Эрэгтэй баг тамирчдын хувьд Мандахнаран маань 2013-2014 онд хос медаль, Ням-Очир маань медаль авлаа. Эрэгтэй, эмэгтэй баг маань аль аль нь амжилт сайтай байгаа. Д.Дагвадорж аварга 2014 оны шинэ жилээр “Хурд”-ын захирал Б.Чойжилсүрэнтэй яриад Мандахнаранд байр олгуулахаар болчихсон байсан ч эрэгтэй баг тамирчид маань ёслолд оролцоогүй. Мандахнаран бол яах аргагүй гайхамшигтай тамирчин. Тиймээс энэ хэрүүл уруулд тамирчдаа татаж оруулдаг, хутгаж үймүүлдгээ болих хэрэгтэй. Саяын тэмцээнд гэхэд МЧБХ-ноос эмэгтэй баг тамирчдад 14 сая төгрөг, эрэгтэй баг тамирчдад хорин сая төгрөг гаргаж өгсөн баримт бэлээхэн байж байна.

-Өөр ямар тусламж дэмжлэг үзүүлсэн бэ. Баримтаар хэлж болох уу?

-МЧБХ-г 2009 оноос “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат, Асашёорюү Д.Дагвадорж нар түүчээлэн авч яваагийн буянд Монголын чөлөөт бөх сэргэж, түүхэнд байгаагүй амжилтуудыг гаргаж ирсэн. Материаллаг баазын хувьд гэхэд “Найрамдал” зуслан дээр уртаашаа дөчин метр, өргөөшөө гучин метр, 1200 ам метр зуны кемп байгуулсан. Үүнд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг Д.Сумъяабазар аварга, Д.Дагвадорж аварга хоёр оруулсан. Дотроо зургаан дэвжээтэй, саун, душтай маш тохилог орчин үеийн иж бүрэн цогцолбор болсон. 2012 оны олимпийн өмнө нээгдэхэд манай улсын спортын байгууллагын дарга, удирдлагууд бүгд оролцсон. Энэ зааланд бэлтгэл хийснээр олимпийн наадам, дэлхийн аваргаас медаль авчирсныг олон тамирчин мэднэ. Тэрчлэн, Улаанбаатараас гучаад километр зайд “Хасуу мегаветт”-ын захирал Түмэн-Аюуш хоёр мянган ам метр талбай бүхий өвөл, зуны зориулалттай спортын цогцолбор байгууллаа. Жаран хүний буудал, хоол цайны газартай, ус саун, душтай тохилог цогцолбор. 2009 онд судалгаа хийхэд хөдөө орон нутагт дэвжээтэй газар байгаагүй.

-Одоо аль аймгууд дэвжээтэй болоод байгаа бол?

-Хөдөө орон нутгийн жар орчим хувийг дэвжээгээр хангаад байна. Ганцхан жишээ хэлэхэд л Баянхонгор аймагт дэвжээ авч өгөөд, гавьяат дасгалжуулагч Нацагдоржийн удирдлага дор хичээллүүлсэн. МЧБХ-ны салбар зөвлөлийн даргаар аймгийн орлогч дарга О.Тойвгоог тавьсан. Үүний үр дүн таван жилийн дараа харагдаж байна л даа. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тус аймгийн тамирчид таван алтан медаль авч, багаараа тасархай түрүүллээ. Булган аймагт салбар зөвлөлийг байгуулж, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнийг томилж, дэвжээ явуулсан. Эднийх багаараа эхний гуравт орж байна. Архангай аймгийн бүх сумд дэвжээтэй болсон. Хэнтий аймагт Түмэн-Аюуш захирал дэвжээ аваачиж өгсөн. МЧБХ-ноос Монгол Улсаа зургаан бүсэд хувааж, чөлөөт бөхийг бүсчилж хөгжүүлэх хэтийн бодлого зорилтоо батлан ажиллаж байна. Холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Чинбатын дэмжлэгээр эмэгтэй баг тамирчид маань “Олимп” сургууль дээр “Эмэгтэй бөхчүүдийн академи”-ийг байгуулаад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Гадаадын тамирчдыг хүлээж авах хэмжээний тохижилттой болсон. Эрэгтэй баг тамирчдаа Түмэн-Аюуш захирлын “Хасуу мегаветт”-ын спорт цогцолбор дээр төвлөрүүлэх бодлоготой байгаа. Хөдөө орон нутгийн бүх аймагт салбар зөвлөлөө байгуулсан.

-Дэвжээ багцаагаар ямар үнэтэй эд вэ?

-Зах зээлийн ханшаар 8-10 сая төгрөг хүрнэ шүү. Орон нутагт хүргэхэд тээврийн зардалтайгаа нийлээд 10-15 сая төгрөг болдог.

-МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж тайлангийн хурал дээр “Та нар чадлаараа медаль аваа юу. Мөнгөөр худалдаж авсан медалиуд шүү” гэсэн юм уу?

-Дагваа аваргыг тайлангийн хурал дээр тэгж хэлснийг би ёстой сонсоогүй шүү.

-Холбооны ерөнхийлөгч “Мэргэжлийн зөвлөл”-дөө гэсэн тамирчдаа мэдэхгүй хүмүүсийг томилдог уу?

-Холбооны ерөнхийлөгч бүрэн эрх мэдлийнхээ хүрээнд ажиллах дүрэм журамтай. Тамирчид, багш нар ярьж байгаа асуудлаа холбоондоо ном журмынхаа дагуу тавина биз.

-Туслах дасгалжуулагч Б.Баяраа АНУ-д болсон Дэлхийн цомын тэмцээнд мөнгө хөрөнгө олдохгүй болохоор Христийн сүмийн шугамаар явсан гэсэн байсан?

-Ер нь МЧБХ ямар тэм­цээнд хэчнээн багш, тамирчид явуулах вэ гэдэг шийдвэрийг гаргаж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж батлуулаад явуулдаг. Баяраагийн хувьд чухам юу ярьсныг би сайн мэдэхгүй. Тамирчдын амжилт өссөнтэй холбоотойгоор иймэрхүү яриа гарах болоод байгаа. Би энэ холбоонд сүүлийн арваад жилд ажиллаж байна. Сайн, муу бүх зүйлийг нь мэднэ. Манай баг тамирчдын эм витамизаци эрс сайжирсныг Эмнэлэг, биеийн тамирын диспансерын газрын дарга Насанбат гэдэг хүн баталж өгнө. Үүнээс гадна манай тамирчид хүнийг харамч, бүдүүнээр нь дуудаад байх шаардлагагүй. 1980-2008 он хүртэл долоон олимпийн хугацаанд манайхан медалийн буухиа тасарсан. Тэгэхэд 2009 оноос хойш холбооны удирдлага тогтвортой ажилласны үр дүнд хэчнээн медаль авав гэдгийг хаана хаанаа бодох л хэрэгтэй. Дагваа аварга, Сумьяа аварга хоёр 2004 онд 60 гаруй мянган ам.долларын, 2008 онд 270 мянган ам.долларын, 2012 онд 280 мянган ам.долларын иж бүрэн хувцсаар олимпт оролцсон баг тамирчдын зардлыг даасан юм шүү. Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Чөлөөт бөхийн холбоогоо дэмжин ажиллаж байна.

-Багш дасгалжуулагч, тамирчдаа харж үздэггүй гэх шүүмжлэл өрнөөд байна л даа. Оргүй яриа гардаггүй л байлтай…

-Бөхийн спортыг хөгжүүлэхэд шигшээгийн тамирчин, багш хоёрын гар дээр тавьдаг мөнгө зөвхөн чухал байдаг юм биш ээ. Нэг тэмцээн зохиоход л дор хаяж гучин сая төгрөг ордог. Олон улсын чанартай том том тэмцээнүүдийг зохион байгуулахад дунджаар гурван зуун сая төгрөг ордог юм. Нэг жишээ хэлэхэд л 2012 онд “Mongolia open” тэмцээнийг “Женко” компанитай хамтран зохион байгуулахад 400-500 сая төгрөг болсон. 2013-2014 онд “Алтай констракшн” компани бас ийм хэрийн зардал гаргасан. Чөлөөт бөхийн хөгжилд хэн ийм хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадаж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Д.Дагвадорж Азийн бөхийн холбооны ерөнхий санхүүчгэдэг албан тушаалд томилогдлоо. Урьд нь манайд тийм өндөр албан тушаал ногдож байгаагүй. Азийн аваргын тэмцээнийг манайх хоёр гурван жилийн өмнөөс жирийн тэмцээ­ний хэмжээнд зохион байгуу­лахаар эрхийг нь авдаг боллоо. Төмөрбаатар шүүгч техникийн зөвлөлийн гишүүн боллоо. Урьд нь А.Басхүү гавьяат л ганцаараа олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч байсан бол 2009 оноос хойш нэгдүгээр зэргийн шүүгч 5-6 бий боллоо. Ирэх жил олимпийн эрхийн тэмцээнийг Монгол Улсдаа зохион байгуулахаар болж байна. Энэ бүхэн манай чөлөөт бөхийн холбооны гадаад харилцаа өндөр түвшинд хүрсний илрэл.

-Төмөрбаатар шүүгч чинь тамирчин Д.Хүдэрбулга, Д.Гомбодорж, Н.Золбоо нарыг харгалзагчтай явж байхад таараад огт тоогоогүй гэгдээд байгаа хүн мөн үү?

-Тэрийг би ёстой мэдэхгүй. Ирэхээр нь өөрөөс нь асуусан дээр байх.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы эсрэг вакцинжуулалт маргаашнаас эхэлнэ

Улаанбурхан өвчин энэ оны гуравдугаар сарын 18-наас эхлэн гарсаар дэгдэлтийн байдалтай болж Улаанбаатар хот, орон нутгийн 14 аймагт бүртгэгдээд байна.

Одоогийн байдлаар 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 388 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Цаашид өвчний гаралтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээний хүрээнд уг өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж, 6 сартайгаас 5 насны бүх хүүхдийг хамруулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ногоон байгууламжаа нэмэгдүүлж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласан. Энэхүү болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгжүүд гадна дотно орчноо цэмцгэр болгох дүүрэг, хороогоо тохижуулах ажлуудыг хийж эхэллээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 60 дугаар сургууль ногоон байгууламж хариуцсан ажлын хэсэг гаргаж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн цэцгийн мандал хийж орчноо тохижуулснаас гадна шинээр усалгааны систем суурилуулан зүлэгжүүлэлт хийж байна.

Харин Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны “Туулын хар шугуй сэргээх” төрийн бус байгууллагаас Туул гол дагуух хогийн цэгийг цэвэрлэн 14 мянган мод тарьсан байна. Тарьсан модоо хамгаалах зорилгоор хашаа хатган усалгааны системийг нь шинэчлэх гэж байгаа аж.

Мөн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн зам дагуу 50 метр тутам хогийн сав байрлуулахаар зураг төслийг нь гаргаж байна. Хогийн сав хийх зардлыг аж ахуйн нэгжүүд өөрсдөө гаргаж байгаа бөгөөд арчлан хамгаалж хогийг нь байнга ачуулж байх юм. Мөн “Алтан сар” дэлгүүр дотор, гадна тохижилтоо бүрэн хийж, хаягаа шинэчлэн ногоон байгууламжаа нэмэгдүүлэхээр төлөвлөн ажлаа эхлүүлжээ.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 13-р хорооны Ягаан зулзаахай цэцэрлэг аваарын гарц хийн хоёр давхартаа шинээр анги нээж ногоон байгууламжаа нэмэгдүүлж байна. 17 дугаар сургууль гадна ханаа шохойдон, мод тарьж, явган хүний замын хавтан суурилуулж байгаа бөгөөд энэ нь хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах тэдний сэтгэл санааг өөдрөг байлгахад чухал үүрэгтэйгээс гадна хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг сургуулийн удирдлагууд онцолж байв.

Энэ мэтчилэн аж ахуйн нэгжүүд нийслэлийн өнгө төрхөнд гэгээ нэмэх олон ажлыг хийж эхэллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн товыг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 5 дугаар сарын 15-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Журам батлах тухай /Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам/
  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай
  • Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай /Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/
  • Нийслэлийн өмч хувьчлах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай
  • Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай
  • Журам батлах тухай /Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үй ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам/
  • Журам батлах тухай /Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам/
  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах, шинээр зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг

Баабар ингэж өгүүлэв

Эх оронч байх сайхан. Үгүйдээ л бахархал. Энэ бол ердөө л өөрийн улс үндэстэн газар шороондоо элгэн хайртай байх тухай яриа. Эх эцэг, эхнэр хүүхдэдээ бүгдээрээ л хайртай байдаг. Түүнтэй адил хүн бүр эх орондоо хайртай. Яагаад гэвэл “миний юм” гэсэн үзэл хүнд төрөхөөс нь буй болсон мөн чанар биз. Хайраа харин хүн гадагш илэрхийлэхдээ янз бүр. Нэгдсэн жор гэж байдаггүйн нэгэн адил зөв буруу хайр ч гэж үгүй биз. Гагцхүү яаж илэрхийлсэн болон үйлдсэнээсээ хамаарч үр дүн нь өөр өөр гарна. Зарим нь хүүхдээ хайрлаж байна гэж эрхлүүлсээр байгаад хүн биш болгодог. Зарим нь болохоор халаа гаднаа үзүүлж байна гэж бүх юман дээр хориглож цагдсаар байгаад биш болгож орхидог. Гэтэл хэн хүнгүй хүүхдээ нийгмийн дунд өөрийн олсон байр суурьтай аз жаргалтай яваасай гэсэн ганц зорилго л агуулсан байдаг шүү дээ.

Эх орноо хайрлах хүн хүний авир үүнээс ч олон төрх хэлбэртэй. Яагаад гэвэл хүүхдийн эцэг өөр хэн ч биш мань нөхөр ганцаараа байдаг бол эх орны эзэн гэгдэх тэгш эрхтэй хэдэн сая хүн бий. Түүнээс гадна хэн ч хүүхдээ хайрлана, үүнд сонин содон юм байхгүй, харин эх орноо хайрлаж байгаагаа бусдад сайтар ойлгуулах нь нэр төрийн хэрэг. Иймээс хэн нь илүү эх оронч вэ гэдэг уралдаанархуу юм үргэлж өрнөж байдаг. Илүү эх оронч байхын тулд бусад нь дутуу эх оронч байх шаардлагатай. Эсвэл бусад нь эх орноосоо урвагч, эрх ашгийг нь хөсөрдүүлэгч байвал бүр сайн. Ийм дэвсгэр дээр улам илүү тодорно шүү дээ. Ингэж тодрох гэсэн эх орончид яс юман дээрээ тулахаар үнэндээ хамгийн эх оронч бус хүмүүс байдаг. Үүнийг аугаа Толстой ажиглаад “адгийн шаар арга мухардахаараа эх оронсог” гэжээ. Орос хэлнээс “адгийн шаарын сүүлчийн хоргодох газар нь эх оронч үзэл” гэж үгчлэн орчуулсан нь ч бий. Энд эх оронч үзлийг муушаагаагүй, адгийн шаарууд юун түрүүн өөрийгөө зөвтгөх гэхээр эх орны нэр барьдаг болохыг л хэлж байна.

Миний эх орон хэзээ ч эх орончдоор дутаж байгаагүй. Арван нэг, хорин нэг, хорин найм, гучин долоо, гучин ес, дөчин тав, ерэн онуудын хурц шалгуур дээр эх орончид үй олноороо босон өндийж байсан. Эх орончид эх орон нь дуудсан тэр цаг үед хэрэгтэй газар нь гарч ирдэг болохоос галзуу солиотой хүн шиг гудамж болгонд духан дээрээ эх орончийн таних тэмдэг наачихаад орилоод зогсож байдаггүй аж. Тэгээд ч эх оронч гэхээрээ л цээжээ түхийлгэсэн, үг хэл нь гүйцэгдэхгүй, хавьтсан ойртсондоо агсганасан, хэрүүл шуугиан тарьсан, өөрөөсөө бусдыг хардсан өвчтэй хэнхэгийг хэлдэггүй байх. Бяд муутай бяцхан охины цээжинд ч эх орончийн халуун зүрх цохилж байгаа.

1990 онд Монгол орон өөрийн сонголтоо хийсэн. Ардчилал, эрх чөлөө, хүний эрх, чөлөөт зах зээл. Энэ бол бидний буцашгүй үнэт зүйлс. Тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн амын амьжиргааны түвшин гээд өөр олон үнэт зүйл бидэнд бий. Энэ бүхэн нийлээд Монголын ард түмний үндэсний эрх ашиг. Энэ эрх ашгийн төлөө зогсож байвал эх оронч байгаа нь тэр. Эд бүгд аль нь ч дутаж болохгүй, нэгийг нь өрөөсгөлөөр хэт өндөрт тавибал бусад нь дундарч байдаг харилцан хамааралтай нарийн төвөгтэй зүйл. “Давхар байшин барихад инжнаар хэрэгтэй” гэж кинонд өгүүлдэг. Эх оронч байхын тулд эх орны эрх ашиг гэж юуг хэлээд байгааг ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн найдвартай тулгуургүйгээр дээрхийн аль нь ч амьдралд хэрэгжихэд төвөгтэй. Монгол орон хичнээн ардчилсан, хичнээн тусгаар, хичнээн зах зээлсэг байгаад улс төрийн ухамсар дорой, ядуу гацуу байх ахул энэ бүхэн хэврэг. Ядуу гацуу байдал биднээс хэзээ ч салж байгаагүй. Өнгөрсөн зуунууд ч, социализм байгуулаад ч, ардчилсан болоод ч. Өлсгөлөн хүн үмх талхыг үндсэн хуулиас дээгүүр тавьдаг. Бүр яг ингэж Локкэ хэлсэн юм.

Эх оронч байхын тулд эрүүл ухаан хэрэгтэй. Эх оронч байхын тулд чин сэтгэл хэрэгтэй. Эх оронч байхын тулд… гэх мэт. Өдгөө Монгол улсад мөнхийн ядуурлаас гарах бололцоо гарлаа. Өөрөөр хэлбэл эх орныхоо эрх ашгийг зүсэм талх үмх махны хэмжээсээр биш, гэдэс цатгалан мөр бүтэн хүний эрүүл саруул нүдээр цэгнэн харах эдийн засгийн бололцоо гарлаа. Бидний амьдарч буй газрын хөрсөн дор хязгааргүй баялаг байна. Монгол Улс ганц граммыг нь шинээр ашиглаагүй байтал сүүлийн дөрвөн жилд дөрөв дахин баяжлаа. Ердөө л байсан жаахан зэс, алтныхаа хүчээр. ДНБ нэг хүнд 2 000 доллар ноогдох хэмжээнд хүрчихлээ. Ядуу орны эгнээнээс хасагдлаа. Эрэмбэ дээшиллээ. Одоо газар дороо байгаагаа ашиглаад эхэлбэл шууд Кувейт. Харин алаагүй байтугай барааг нь хараагүй, ердөө л сургийг нь сонссон баавгайн арьсыг хэрхэн хуваах асуудал дээр алалдаж эхлэх нь тэр. Адгийн шаарууд эцсийн хоргодох газар дээрээ овоорч эхлэв. Яасан ч олон адгийнхантай юм бэ дээ, бид? Ардчилсан тогтоц маань шааруудын арга барагдсан тоглоом болж эхлэв. Эх орон маань эх орончдодоо баригдлаа. Эх орноо эх орончдоос авран хамгаалах цаг ирлээ.

Би Баярыг гуч гаруй жилийн өмнөөс дотно сайн мэднэ. Ердийн л нэг эх оронч. Надаас илүү ч гарахгүй, дутах ч үгүй. Эх орончдодоо залгиулж хатуу шалгуурт орсон энэ хүнд үед эх орны дуудлагаар гарч ирсэн эх оронч гэж харин одоо түүнийг харж байна. Эх орончид эх орон дуудсан тэр цаг мөчид хэрэгтэй орон зайд гараад ирдэг. Тэд цагийн шаардсан юмыг хийдэг. Тусгаар тогтнолыг олж ирсэн Намнандорж, хамжлагыг халсан Бодоо, большевизмын довтолгоог саармагжуулсан Цэрэндорж, эх орноо амиараа хамгаалсан Гэндэн, Амар, улс орноо тусгаар авч үлдсэн Чойбалсан, соёлын довтолгоо хийсэн Цэдэнбал, ардчилалд тайван шилжилт хийсэн Батмөнх, зах зээлийн тогтоцод хүргэж өгсөн Бямбасүрэн, эдийн засгийн реформ хийсэн Энхсайхан, газар хувьчилсан Энхбаяр, авлигатай тэмцсэн Элбэгдорж нар цагийн дуудлагаар гарч ирсэн эх орончид юм. Ухрах урагшлах, өөрөөр хэлбэл баяжих ядуурахын зааг дээр ирсэн өнөөгийн Монголыг аврах үүрэг цагийн эрхээр Баярт ноогдож гэж би боддог.Тиймдээ ч сонгуульд ялсан мөртөө, намын байраа шатаалгасан мөртөө намынхнаасаа зөрөн байж ялагдсан хүчинтэйгээ нийлж цагийн хүндрэлийг хамтран давахаар шийджээ. Сонгуульд ялсан нь баталгаатай биш, бөөн булхай орсон, гээд “албан ёсоор” ялсан л юмдаг. Ардчилсан нам галдан шатаалтанд огт хамаагүй, гэхдээ коммунистуудын нүдээр харвал ардчиллынхан л ингэсэн байж таараа. Ингэхээр ийм шийдвэр гаргаж зүтгүүлэхэд Баярт амар байгаагүй нь мэдээж.

Ойрмогхон Баярын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо болсон нэгэн уулзалтад би биеэр оролцож амьд гэрч болсон юм. Америкийн бодлогыг “хийдэг” тэр хүмүүстэй уулзлаа. Ерөнхийлөгчийн алба, үндэсний аюулгүйн алба, төрийн департмент, тагнуулын төв газар, сангийн яам, эрчим хүчний яам, батлан хамгаалах яам, Америкийн гол хоёр намын бодлого тодорхойлогч нар уг уулзалтанд оролцлоо. Ийм өндөр түвшинд Монголын хэнийг ч хэзээ ч хүлээн авч уулзаагүй юм байна. Энэ жил Монгол-АНУ-ын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой болж байна. Нэг үгэндээ бид “үерхээд” ийм хугацаа өнгөрчээ. Харин тэд биднийг тоож үзсэн нь тийм ч онцгүй. Ардчилсан Монголыг зарчмын хувьд л дэмжиж байсан. Монгол Улс эрх ашгийн хувьд Америкийн сонирхлыг төдийлөн татаж байгаагүй. Монгол Улс ардчилсан байгаа нь Америкийн Монгол дахь эрх ашиг мөн гэж Мадлэн Олбрайт хэлж байлаа. Сайхан лоозон байгаа биз? Ардчилал сайхан боловч шууд хазаад иддэг талх биш шүү дээ.

Америкчууд Баяраас асууж байна, яагаад ялсан мөртөө хамтарсан Засгийн газар байгуулахаар болов? Бурхан бидэнд хөгжиж дэвших магадгүй зууд ганц тохиох шаанс олголоо, тэрийг нь бид хоорондоо хэрэлдэж байгаад өнгөрөөчих гээд байна, иймээс үндэсний эрх ашгийн үүднээс чухамдаа үндэсний эвлэрэлд хүрэх хэрэгтэй байна, Ардчилсан намын оролцоогүйгээр бид үүнийг биелүүлж чадахгүй. Өнгөрсөн зөрчлөө мартаж маргааш руу хамтарч зүтгэх нь бидний гол гарц. Америкчууд асууж байна, одоо Монгол Улсын нийгэм улс төр, эдийн засгийн хамаарал хаанаас шалтгаалж байна? Бид салшгүй мөнхийн хоёр хүчирхэг хөрштэй, нэгнээс нь хэт хамаардаг байснаа нөгөөгөөс нь одоо хамаардаг боллоо, иймээс баланс тэнцвэржүүлэхийн тулд Өрнийн хөрөнгө оруулалт бидэнд маш хэрэгтэй байна, тусгаар тогтнол аюулгүй байдлаа хамгаалах үүднээс хүчний зөв тэнцвэр бидэнд агаар ус шиг шаардлагатай. Америкийн бодлого тодорхойлогчид асууж байна, баланс барих ганц хэрэгслэл чинь байгалийн баялаг, үүнийгээ ашиглах хуулиа яаж хийх гэж байна, өөрөөр хэлбэл хөрш хоёр орныхоо эрх ашгийг хэт бодоод Өрнийн хөрөнгө оруулалтыг шахан зайлуулах бодлого танайд ажиглагддагийг юу гэж бодож байна? Үнэндээ Өрнийн эрх ашгийг түлхэн зайлуулах бодлого бидэнд байхгүй, бидэнд гадаад орнуудын тэнцвэртэй эрх ашиг л хэрэгтэй, ингэж харагддаг нь зөвхөн улс төрийн утгагүй тэмцлийн гадагш буруу харагддаг хэлбэр юм.

Хамтарсан шинэ Засгийн газар юун түрүүн юу хийх гэж байгааг америкчууд сонирхлоо. Ашигт малтмалын хуулиа баталж аваад юун түрүүн Оюутолгой, Тавантолгой гэсэн асар их байгалийн баялгийг эргэлтэнд оруулна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авна. Томоохон орд газруудын гарах ашгийн 50 ба түүнээс дээш хувь нь монголчуудад ноогдохоор бодож бид хуулиа хийж байгаа. Харин ирээдүйн талаар Баяр ингэж ярилаа: Байгалийн баялаг хэзээ нэг цагт шавхагдана, эсвэл үнэ цэнэгүй ч болж болно. Иймээс өнөөдөр олох ашгаараа сан байгуулна, энэ нь Монголын ирээдүйн хөгжил дэвшлийн баталгаа болох учиртай юм.

Эх оронч хүний л үг. Ил далд юу ч байхгүй. Нууц юм ч юу ч байхгүй. Бидний эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан ёс дэглэмээ хадгалж хөгжил дэвшилд хүрэх санаархал маань яав ч нууц зүйл биш. Окопны сэтгэлгээ бол 70 жил туулсан коммунизмын өв болон бидэнд амь бөхтэй оршсоор. Цухуйхаар нь л буудчих нь. Пирийн тулалдаанд эртний герегчүүд бүх хүмүүсээ алуулаад ялалтанд хүрсэн гэж байгаа. Ийм ялалтаар яах юм бэ! Пирийн ялалт хэнд ч хэрэггүй. Гол нь үндэстнээрээ бүгдээрээ л ялах ёстой. Баяр үндэсний ялалт байгуулах гэж байна гэж би харж байна. Үүнийг л би Вашингтоны уулзалтаас харлаа. Улс төр бол тэмцэл, гэхдээ ухаалаг, хүлээцтэй, тооцоотой, эцэст нь үндэстэнд ашиг авчрах тэмцлийг л хэлэх бус уу? Чухам ийм ойлголт, тэмцэл, баримтлалыг эх оронч үзэл гэх байх.

2008.10.5

Categories
мэдээ спорт

Ц.Мөнхзаяа Ази тивийн аварга боллоо

Ази твийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Кувейт улсад өчигдөр эхэлсэн. Тэмцээн энэ сарын 13-15-ны өдрүүдэд үргэлжилнэ. О.Балжинням, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нараар ахлуулсан шигшээгийн тамирчид Кувейтын татамид хүч үзэж эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг финалд шалгарсан ч Японы бөхөд хожигдсоноор тивийн аваргаас мөнгөн медаль хүртэн шигшээ багийн тамирчдын салхийг хагалсан. Тэгвэл эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин М.Бундмаа мөн л японы бөхтэй аваргын төлөө барилдсан ч хожигдлоо. Ингэснээр тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс тав дахь мөнгөн медалиа хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн барилдсан ч энэ удаа медалийн тавцанд гарах боломж бүрдсэнгүй. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монгол Улсын харцага Ч.Даваадорж агсны хүү Төмөрхүлэг барилдаж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө алдарт Собировыг ялснаар медаль авах болзлоо хангасан юм. Ингэснээр тэрбээр тивийн аваргаас алт, мөнгө, хүрэл медальтан болж байгаа аж.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр бэлтгэл сайтай байгаагаа харуулж хүндээ хүрэл медаль хүртсэн. Түүний хувьд тивийн аваргаас ийнхүү анхны медалиа авлаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа эхний тойрогтоо японы бөхөд ялагдан, дагах тойргийн барилдаандаа дахин хожигдсон тул тивийн аваргыг өндөрлүүлж, Лондонгийн олимпоос шагналт тавдугаар байрт шалгарч байсан олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзаяа эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдан Ази тивийн аварга боллоо. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяагийн хувьд өдгөө 28 настай бөгөөд ирэх онд болох Рио-гийн олимпод эх орноо төлөөлөн барилдах шигшээ багийн тамирчдын нэг юм.

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, шүүгчдийн зөвлөлийн дарга Б.Пагва, олон улсын шүүгч Д.Энхтүвшин, багийн эмч Ц.Ганзориг нар ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 81 кг О.Ууганбаатар, 90 кг Л.Отгонбаатар, -100 кг Б.Ариун-Эрдэнэ, +100 кг Б.Тэмүүлэн нар барилдах бол эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-ын жинд П.Лхамдэгд, +78 кг О.Жавзмаа нар Азийн аваргын төлөө Кувейтын дэвжээнд хүч үзнэ. Харин маргааш багийн аварга шалгаруулах тэмцээн болох юм.

Э.ЭНХ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бурууд нүд хурц

“Хөөе, та наад татсан тамхиныхаа ишийг ав” гэх бяцхан хүү дуугарлаа. Эргээд харвал 5-6 настай болов уу гэмээр жаал өөдөөс минь хараад даналзаж байна. Яалт ч үгүй гудамжинд тамхиныхаа ишийг хаясан миний буруу тул авахаас өөр арга байсангүй. Гэхдээ өдий хүртэл сургуульд ч ороогүй жаалаар загнуулж яваагүй тул гайхсан минь жигтэйхэн. Энэ бол дөрөв хоногийн өмнө Эрдэнэт хотод болсон явдал л даа. Ээлжийн амралтаа аваад Эрдэнэт хотод байдаг найзтайгаа уулзахаар очиход шөнө дүл болж байсан юм. Өглөө нь босчихоод тамхи татаж байсан царай минь энэ. Эмээтэйгээ хамт цэцэрлэгт явах замдаа саадан дээр түр саатан гулгаж байхад нь би тамхиа татчихаад ишийг нь жишим ч үгүй хаяж байхыг тэр хүү анзаарчээ.

Жаахан хүүгээс жавтий хүртсэн би ичих ч шиг, инээд ч хүрэх шиг хэсэг зогслоо. Эрдэнэт хотын төвөөр жаал алхав. Үнэндээ гудамжиндаа хог гаргаад хаясан айл хунар ч гэж алга. Над шиг хэнэггүй нөхөр тамхины ишээ хаясан болов уу гээд хайгаад ч нэмэр алга. Ийн байтал найз маань хүрээд ирлээ. Хэдхэн хормын өмнө болсон үйл явдлаа тоочин ярьтал “Манай Эрдэнэтийнхэн бурууд нүд хурцаа хө” хэмээн хэлээд намайг дагуулан алхсан юм. Үнэндээ тийм цэвэр хотод тамхи татах ч хүсэл төрөхөө байчихдаг юм билээ.

Эрдэнэт хотын цэцэрлэгийн хүүхэд хүртэл хотоо ийн хайрлаж чаддаг ажээ. Харин нийслэл хот хэмээх их хөлийн газар үнэндээ хогийн тантан болж байгаа юм байна гэдэг бодол төрсөн юм. Найрсаг Улаанбаатарыг бий болгохын тулд бид ядаж л хогоо хогийн цэгт нь хаяж, халуун дулаан инээмсэглэл биесдээ бэлэглэж баймаар санагдсан шүү.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхчүүд хайрхандаа мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу улсын хэмжээнд нэг сая мод ургуулах аянд Баянзүрхчүүд нэгдэн 8997 мод, 3908 бут сөөгийг тарьжээ.

Тодруулбал, энэ сарын 9-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид ,Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, тасаг, албадын алба хаагчид Баянзүрх хайрханд 800 ширхэг шинэс буюу шилмүүст мод, 400 ширхэг агч буюу гоёлын мод тарьсан байна.

Мөн дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад мод тарих ажилд идэвхитэй оролцсон байна. Тухайлбал, Дүүргийн хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчид 28 дугаар хорооны 1-р хэсэгт “Хужир булан хөгжил” Газар өмчлөгчдийн холбооны байгуулсан хүүхдийн тоглоомын талбайн 20 м кв талбайд бор голт, монос, хайлаас зэрэг 20 мод тарьж хайсжуулжээ.

Харин дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 их дээд сургуулийн багш сурагчид нийт 1590 мод тарьсан бол Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ясли, эрүүл мэндийн нэгдэл, Сууц өмчлөгчдийн холбоод1745 мод, 2105 бут сөөг, Сууц өмчлөгчдийн холбоод орон сууцны хороололд 1071 мод, 1398 бут сөөгийг тарьжээ.

Дашрамд мэдээлэхэд, төрийн болон хувийн хэвшлийн 190 аж ахуйн нэгж байгууллагын 3927 хүн бүх нийтийн мод тарих ажилд гар бие оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Цэнддоогийн “Дэд боловсрол” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн нийт уншигчдынхаа гарт хүрч байна. Өнөөдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас онцолж, тоймлон хүргэе.

Үндэсний статистикийн хорооноос сар бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх тоон үзүүлэлтүүдийг танилцуулдаг. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарсныг “Алт, нүүрс, газрын том, зэс, молибдений баяжмалын олборлолт нэмэгджээ” хэмээх сурвалжлагаас уншина уу. Мөн өчигдөр Төрийн ордонд “Инновацийн үндэсний форум” болсон, форумаар мэдлэгийг хэрхэн мөнгө болгох талаар ярилцсан байсан юм. Энэ тухай мэдээллийг сонины тэргүүн нүүрт онцлов. Түүнчлэн “Эрдэнэс таван толгой”-н гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилигийн ярилцлагыг өнөөдрийн дугаараас унших боломжтой юм. Тэрбээр “Таван толгойн хувьцааны үнэлгээг тодорхой, бодитой болгоход анхаарч ажиллана” гэж ярилцлагадаа хэллээ. Түүний ярилцлагыг нэг болон дөрөвдүгээр нүүрт нийтлэв.

Улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрээс “О.Бум-Ялагч: Байгаа хуулиудаа хэрэгждэг болоход анхаарна” хэмээх гарчигтай ярилцлагыг уншаарай. Монголын ногоон нам байгуулагдсаны 25 жилийн ой өчигдөр тохиосон юм. Ойн өдөрт зориулсан хурлын үеэр манай сэтгүүлч түүнтэй уулзаж ярилцлага авсныг ийнхүү хүргэж байна. Мөн нүүрээс 2040 он хүртэлх Монголын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар унших боломжтой. Хов, Чойбалсан хотуудыг хөгжлийн шинэ төв болгох тухай урт хугацааны хөгжлийн талаар чуулсан хурал дээр ярьжээ. Улс төрд өчигдөр өрнөсөн бусад мэдээллийг тавдугаар нүүрээс тольдоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт Төрийн шагналт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дэд боловсрол” хэмээх нийтлэл гарлаа. Уг нийтлэлдболовсролын салбар дахь асуудлуудыг хөндсөн юм.Харин “Баримт, үйл явдал” буланд “Гурван настай охиныг дайрч хөнөөчихөөд нохой шиг хаяд зугтжээ”, “Ээж нь хоёр настай охиноо зодож, орцонд хөөж гаргажээ” зэрэг материалууд гарлаа. Сүүлийн үед бага насны хүүхэд гэмт хэргийн золиос болох явдал нийгэмд газар аваад байна. Хүүхэдтэй холбоотой хоёр ч ноцтой гэмт хэргийн тухай манай сэтгүүлчид сурвалжлан хүргэж байгаа юм. Энэ тухай долдугаар нүүрээс дэлгэрүүлэн уншина уу.

Манай сонины “Авто салон” булан энэ удаад шинэ мэдээ мэдээллээр дүүрэн уншигчдадаа хүрч байна. Арванхоёрдугаар нүүрээс авто машинтай холбоотой зөвлөгөө, үнэ ханшийн талаар мэдэж авах биз ээ. Түүнчлэн “Дэлхийн хүмүүс” булангийн шинэ дугаарт Холливудын алдарт жүжигчин Анжелина Жолигийн ярилцлагыг нийтэллээ. Тэрбээр “Нас явах тусам улс төрийн хувьд улам идэвхтэй болж байгаа” гэж ярилцлагадаа хэлсэн байна. “Wirtschafts Woche” сэтгүүлд өгсөн ярилцлагыг нь манай орчуулагч сэтгүүлч Ю.Дэлгэрмаа орчуулсан юм. Эдгээр болон “Цонхоо нээе”, “Цаг үе”, “Дэлхийн мэдээ”, “Энэ өдөр” зэрэг булангуудаас цаг үеийн мэдээ мэдээллүүдийг уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ