Categories
мэдээ нийгэм

Гаалийн байцаагчид шийтгэврийн хуудас бичилгүйгээр торгосон зөрчил илэрчээ

Гаалийн байцаагчид шийтгэврийн хуудас бичилгүйгээр торгосон зөрчил илэрчээ

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас “Гаалийн улсын байцаагчаас явуулж буй захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд 2015 оны эхний 3-н сарын байдлаар шалгалт хийж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 123 материалыг хянаж танилцжээ.

Шалгалтаар шийтгэврийн хуудас бичээгүй байхдаа буюу торгох шийтгэл ногдуулахаас өмнө иргэн аж ахуйн нэгж байгууллагаас торгуулийн мөнгийг гаргуулан дансанд тушаалгасан, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй байхдаа 1-2 хоногийн өмнө шийтгэврийн хуудсаар торгосон, шийтгэврийн хуудсанд бичигдэх зүйлүүдийг бүрэн бичээгүй, гаалийн зөрчлийн тухай тэмдэглэл болон зөрчлийн тэмдэглэлийн хавсралтанд барааны нэр төрөл, тоог буруу бичсэн, гаалийн улсын байцаагч нар нь тодорхой эд хөрөнгийг хураан авсан байх боловч нягтлан бодогчид хүлээлгэн өгсөн он, сар, өдөр болон хүлээн авсан нягтлан бодогчийн гарын үсгийг зуруулаагүй зэрэг нийт 5-н төрлийн 45 зөрчлийг илрүүлжээ.

Шалгалтын дүнгийн талаар Гаалийн зөрчил, эрсдэлийн удирдлагын албаны дарга болон гаалийн нийт 32 улсын байцаагч, прокуроруудыг оролцуулан хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж хэлэлцүүлсэн ба гаргасан алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар заалт, чиглэл өгч, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 337, 350 дугаар ангийн эзэмшлийн 120 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ улс орны бүтээн байгуулалт болон сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, ойжуулах чиглэлээр идэвхитэй ажиллаж Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна.

Цэргийн хангалт үйлчилгээний газрын экологи уул уурхайн алба нь цэрэг, батлан хамгаалахынзориулалтаар ашиглагдаж, хөрсний эвдрэлд орж орхигдсон Зэвсэгт хүчний 337, 350 дугаар ангийн эзэмшил 120 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх төслийг боловсруулан батлуулж ЗХЖШ-ын даргын тушаалаар нөхөн сэргээлтийн ажлыг 2015 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртлэхи хугацаанд нийт 120 га талбайг нөхөн сэргээж 700 ширхэг мод тарилаа.

Техникийн нөхөн сэргээлтийг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 50 гаруй цэргийн алба хаагч 25 нэгж техниктэйгээр, биологийн нөхөн сэргээлтийг ЗХЖШ-ын ЦХҮГ-ын экологийн албаны бие бүрэлдэхүүн04 дүгээр сарын 01-ээс эхлэн хийж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр хүлээлгэн өглөө. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өөрийн нөөц бололцоонд тулгуурлан хийж гүйцэтгэсэн анхны байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил боллоо. Хүлээлгэн өгөх арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын ЦХҮГ-ын дарга Бригадын генерал Д.Даваа, ЗХЖШ-ын ЕЗЦК-ын дарга Бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын АУГ-н дарга хурандаа Д.Ганзориг болон албаны бусад хүмүүс, Зэвсэгт хүчний 014, 337, 350 дугаар ангийн удирдлага бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцлоо.

ЗХЖШ-ын бүтцэд экологи уул уурхайналбыг 2011 онд байгуулж байгаль орчны чиглэлээр нилээдгүй ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа бөгөөд Зэвсэгт хүчний анги, байгууллагууд“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж 2011-2014 онуудад нийт 217897 мод, бут, сөөгийг тарьж арчилан хамгаалж байна.

Зэвсэгт хүчний 310, 311 дүгээр ангиудад экологийн тасгууд ойн цэвэрлэгээ, ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна “Энхийг сахиулагчдын цэцэрлэгт хүрээлэн” байгуулсан. Тус хүрээлэнгийн дэргэд мод үржүүлгийн газар байгуулж анхны тарьцаа нөхөн сэргээлт хийгдсэн талбайдаа тарьлаа. 2010 оноос хойш нийт 230 гаруй га-д 250 мянга ширхэг тарьцаар ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгээд байна.

“ЗХЖШ, НЗДТГ хоорондын хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулж, санамж бичгийн хүрээнд Нийслэлийн ногоон бүс болон голуудын ай сав газрын цэвэрлэгээний ажилд жил бүр оролцож байна.

Цаашид ЗХЖШ нь байгаль орчныг хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх ажлуудыг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн газруудтай хамтран зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах мэдлэг олгох, эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх, ойжуулалт, ногоон байгууламжуудыг шинээр байгуулах чиглэлээр түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Машины цонх хагалж хулгай хийсэн этгээдийг барьжээ

Иргэний мэдээллийн дагуу бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлддэг залуусыг илрүүлжээ.

Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Өнөр хотхоны ойролцоо сэжиг бүхий хоёр залуу шөнийн цагаар явж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, орон сууцны гадаах зогсоолд байрлуулсан дөрвөн машины цонхыг хагалж, эд зүйлс болон машин доторх бусад зүйлсийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй 18 настай Р бусадтай бүлэглэн үйлджээ.

Иргэдийг байр сууц, албан байгууллагын ойролцоо сэжигтэй этгээдүүд явж байвал яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдвэл бусдын эд зүйлсийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтойг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Мөн иргэнийхээ үүргий биелүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг иргэдэд талархал илэрхийлсэн.

Categories
мэдээ нийгэм

”Хүний эрхийн өдөрлөг-орон нутагт” үргэлжилж байна

Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүрэг бүхий Хүний эрхийн Үндэсний Комисс нь хөдөөгийн иргэдийн эрхийн асуудалд анхаарал хандуулж, хүний эрхийн нээлттэй өдөр цогц арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион явуулж ирсэн билээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг энэ сарын 4-8-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, “Хүний эрхийн өдөрлөг-орон нутагт” арга хэмжээг зохион байгуулжээ.

Тус өдөрлөгийг энэ сарын 17-30-ны өдрүүдэд Хөвсгөл, Архангай аймагт зохион байгуулна.

Харин ирэх зургаадугаар сарын 02-10-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймагт, ирэх есдүгээр сард Говь-Алтай аймагт хүний эрхийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Хүний эрхийн өдөрлөгийн хүрээндтухайн аймгийн удирдлагууд болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэй уулзаж, хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар мэдээлэл солилцох, иргэд болон төрийн албан хаагчдад хүний эрхийн сургалт явуулах, иргэдээс өргөдөл гомдол хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, эрхээ хамгаалахад туслах үйлчилгээг үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт үйлдвэрт осол гарч, хүн амиа алджээ

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хүний амь нас эрсэдсэн талаарх мэдээлэл үе үе гардаг. Тухайлбал, өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуй болох хиймэл нууранд морьтой хүүхэд унаж осолдсон харамсалтай хэрэг гарсан. Хэргийг шүүхийн байгууллага Эрдэнэт үйлдвэрийн дотоод журам зөрчигдсөн, иргэдэд сэрэмжлүүлэг болон осол аюулын мэдээлэл, хамгаалалт дутуу хийснээс гарсан хэмээн дүгнэсэн байдаг. Тэгвэл энэ сарын 12-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт осол гарч, ажилтан Э хүнд бэртэн, Улаанбаатар хот руу хүргэгдэх замдаа амь насаа алдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Ц.Баясгалан ”Мөнгөн мод” цом хүртжээ

УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан БШУЯ-аас оны шилдэг уран бүтээлчдэд хүртээдэг “Мөнгөн мод” цомын эзэн болжээ.

Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ч.Найдандоржийн найруулга, УДЭТ-ын 2014 оны шилдэг бүтээл Нобелийн шагналт зохиолч Дариа Фогийн “Чөлөөт хос” жүжгийн Антониягийн дүрээр хүртсэн байна.

Жүжигчин Ц.Баясгалан “Би Эдит Пиаф байна”, “Тэнгэрийн аялгуу” ганц хүний жүжгүүдээрээ монголын театрын урлагийг сурталчилж, монгол жүжигчний уран авьяас, чадварыг дэлхий дахинд гайхуулж яваа билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

”Хөрөнгө оруулалт 2015” уулзалт Бээжин хотод эхэллээ

Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яам, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт 2015” уулзалтыг Бээжин хотод зохион байгуулж байна. Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд Элчин сайд Ц.Сүхбаатар, Бээжин хотын орлогч дарга Чэн Гань, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С. Очирбат болон НИТХ-ийн төлөөлөгчид оролцож байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих, хамтран ажиллах түнш, хөрөнгө оруулагчдыг татах зорилго бүхий уг уулзалтад Монголын талаас 29 аж ахуйн нэгжийн 60 гаруй, БНХАУ-ын Төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй компанийн 60 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Уулзалтыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ц.Сүхбаатар нээж үг хэллээ. Тэрээр уулзалтад оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсээд, өнөөдрийн уулзалтаар түншээ олох, хамтран ажиллахад Элчин сайдын яам бүх талаар туслах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн НИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг нийслэлээс шийдэж байна. Цаашид борлуулалт болон бусад асуудалд байж болох бүх хэлбэрээр дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх боломжийг ханган ажиллана” гэлээ.

Бээжин хотын орлогч дарга ноён Чэн Гань “Улаанбаатар хот бол дэлхийн хурдтай хөгжиж буй хотуудын нэг. Хөрөнгө оруулалтын сайн орчин, боломж байгаа гэж би бодож байна. Энэ уулзалтад оролцож байгаа манай компаниуд Бээжин болоод бусад хотын дахин төлөвлөлтөд ажилласан туршлагатай компаниуд. Тиймээс Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамтран чин сэтгэлээсээ, хүчин чармайлттай, чанарыг эрхэмлэж оролцоорой гэж би хүсч байна” гэв. Уулзалт нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулгаар үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Пүрэвсүрэн: Дотооддоо эв нэгдэлтэй байж, гадаад бодлогоо нэг цонхоор явуулах ёстой

purevsuren

Сайдын цаг уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцлоо.

Мэдээллийн эхэнд тэрээр “Мьянмарын гадаад харилцааны сайд өнөөдөр айлчилж байна. Нөгөөдөр Энэтхэгийг Ерөнхий сайд Монголд анх удаа айлчлах гэж байна. Ерөнхий сайд маань Эмират руу албан ёсны айлчлал хийхээр явж байна. Ерөнхийлөгч Япон руу ажлын айлчлал хийхээр явах гэж байна. Гадаад харилцаа идэвхитэй явж байна. Манай орон газарзүйн байрлын хувьд далайд гарцгүй түгжигдмэл. Тиймээс өөрсдөө идэвхитэй байж гадаад харилцаагаа явуулах ёстой” гэлээ.

“Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын гадаад бодлогын зөвлөхөөр 10 жил ажилласан. Тэр хугацаанд олон хүн “Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл юу байна вэ” гэж асуудаг байсан. Хүмүүс голдуу буруутнаа гаднаас хайдаг. Орос уу, Хятад уу аль нь илүү аюул учруулдаг вэ гэж асуудаг. Би нэг л зүйлийг хэлдэг. Энэ хоёроос хамаарахгүй. Нэгдүгээр зэргийн нөлөөлөх зүйл бол дотоодын эв нэгдлийн асуудал. Дотооддоо эв нэгдэлтэй байж, гадаадад нэг цонхоор, нэг амаар ярьж байж гадаад бодлого маань амжилттай болно. Өмнөх засгийн газар биш, тэрний өмнөх, өмнөх засгийн газрууд ч гэсэн гадаад бодлогыг нэг цонхоор явуулах асуудалд алдаа гаргаж байсан. Ялангуяа хоёр хөрштэй харьцдаг асуудал дээр ихээхэн хэмжээний алдаа, дутагдал гарч байсан. Гадныхны олз болно гэсэн үг шүү дээ. Сайд нар нь өөр юм ярина, УИХ-ын гишүүд нь өөр, өөр байр суурь илэрхийлнэ. Иймэрхүү алдаа гарч байсан учраас нэг цонхны бодлогыг баримтална гэсэн зорилтыг эхний өдрөөсөө тависан” гэв.

-БИДЭНД ГАШУУН ТУРШЛАГА БАЙНА-

Бидэнд гашуун туршлага байна гээд “Хятадын талаас 300 саяын зээл өгсөн. Тэрнийг Монголын тал юунд авах вэ гэдгээ таван удаа өөрчилж байсан гэж байгаа. Нэг шинэ сайд, шинэ засгийн газар гараад өмнөхөө үгүйсгээд манайх энийг өөрчилнө, энэ төсөлд авья гэдэг. Хятадын тал сүүлдээ ойлгохоо больсон. Иймэрхүү алдаа гаргаж болохгүй. Гэхдээ энэ тал дээр ахиц дэвшил гарсан гэж хэлж болно. Хамгийн их алдаа гарч байсан Орос, Хятад хоёр дээр онцгой анхаарья гэсэн. Монгол, Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дарга нь хуучин шадар сайд байдаг байсан. Тэрнийг өөрчилж Гадаад хэргийн сайдад өгсөн. Хятадыг ч мөн гадаад хэргийн сайдад хариуцуулсан байгаа” гэв.

Мөн орон нутгийн асуудлыг хөндлөө. Аймаг, сумын дарга нар өөрсдөө гаднаас санхүүжилт аваад бие даагаад айлчлал хийгээд явдаг. Үүнийг хумих чиглэлийг барьж байгаа гэв. Аймгийн дарга нарт бүгдэд нь чиглэл хүргүүлдэг болсон байна. Мөн Гадаад бодлого, гадаад харилцаанд хийгдэж байгаа гол, гол мэдээллээр төрийн байгууллага, УИХ-ын гишүүдийг хангадаг болжээ. Энэ оны эхээр гадаад яамны шийдвэр гаргаад гадаад харилцааны гол, гол ажлууд дэлхий дахины гол, гол чиг хандлагуудыг тогтмол мэдээллэдэг мэдээллийн сүлжээг бий болгосонгэж байлаа.

-ГАДААД БОДЛОГЫГ ЦОГЦООР НЬ ЯВУУЛАХ ЁСТОЙ-

Гадаад бодлогыг цогцоор нь явуулах нь чухал гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд онцолсон юм. Гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн гадаад бодлого гэсэн гурван зүйлээс бүрддэг байна. Анхдагч нь соёлын гадаад бодлого. Дипломат харилцаа тогтоогүй байхад аливаа ард түмэн соёлоороо дамжуулж бие биенээ танин мэддэг байсан. Дипломат харилцаа тогтоод улс төрийн харилцаанд орсноороо цаашаа эдийн засгийн бодлого яригддаг. Тийм учраас энэ гурвыг цогцоор нь авч үзэх ёстой гэсэн үндсэн дээр Гадаад харилцааны яамны бүтцэд өөрчлөлт хийсэн гэж байлаа. Үүний хүрээнд Эдийн засгийн гадаад харилцааны газрыг байгуулсан байна. Эдийн засгийн талаар нэг цонхны бодлогоо хэрэгжүүлж, зохицуулалт хийж байгаа аж. “Өмнө нь Соёлын маш том газартай байсан. 1990 оноос хойш байхгүй болсон байсан. Тэрийг Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар гэж шинэчлэн байгуулсан. Дэлхий дээр Монгол Улсын нэр хүндийг өргөх, зөв имиж бүрдүүлэх, зөөлөн хүчний бодлогод анхаарч байна” гэлээ.

Ардын урлаг, хөөмийгөөрөө дэлхийд олон түмний анхаарлыг татаад байж болно. Гэхдээ тэр бол энгийн арга. Тэр уламжлалт урлаг, түүхээсээ гадна орчин үеийн Монгол гэдгээ харуулж, сурталчлах ёстой. Тийм учраас Довасын чуулга уулзалт дээр “Монголын үдэш” гээд арга хэмжээг зохион явуулсан. ITB үзэсгэлэн дээр ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулан үзүүлсэн. Энэ нь хөрөнгө оруулагчдад хүрдэг гол мессэж гэв.

-ГХЯ-НЫ АЖИЛЧДЫН ОРОН ТООГ НЭМЭХ ЁСТОЙ-

Гадаадад 46 дипломат төлөөлөгчийн газар, консулын газар үйл ажиллагаа явуулж байгаа аж. 32 нь элчин сайдын яам байдаг. Бусад нь ерөнхий консулын газар, байнгын төлөөлөгчийн газар хоёр байгаа аж. Гадаад хэргийн яам 142 хүний орон тоотой. Тэрээр “намайг 26 жилийн өмнө Москвагийн олон улсын харилцааны сургууль төгсөөд гадаад яаманд шинэ ажилтнаар орж байхад 130-140 хүний орон тоотой л байсан. 1990 оны гадаад харилцаатай харьцуулахад одоо бидний гадаад харилцаа бол хэд дахин томорсон. Гэтэл хүн хүчний тоо хэвээрээ байна. Төр засаг энэ дээр анхаарах ёстой. Гадаадад элчин сайдуудын яаманд 340-өөд хүн ажилдаг. Дэлхийн жишгээр бол нийт дипломатуудын 3/2 нь гадаадад 3/1 нь дотоодод ажилдаг. Бид яаманд 170 хүний орон тоотой байж ажлаа хэвийн явуулах болов уу гэж үзэж байгаа. ЗХУ-ыг хуучин дагаж байж боловсон хүчний бодлого дээр алдаа гаргасан байдаг. Том гүрнүүд бол орон дамнасан мэргэжилтэн бэлтгэдэг. Хүн хүч багатай манай орны хувьд дипломатууд нь аль ч орон ажиллах боломжтой чиглэл рүү барьж байгаа” гэлээ.

-40 ГАРУЙ ХҮН АЖЛААС ХАЛСАН ГЭДЭГ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ГЭВ-

Гадаадад байгаа элчин сайдын яамдын ажилтнууд шаардлага хангахгүй байна гэсэн шүүмжлэл гардаг. Тэр бол үнэн гэлээ. Боловсон хүчний бодлого дээр ихээхэн хэмжээний алдаа, завхрал гарч байсан. “Гадаад хэргийн яам, дипломат алба бол төрийн тусгай алба байдаг. Төрийн тусгай албаны шалгалт өгч байж ордог. Гэтэл 142 орны орон тоон дээр 157 хүн ажиллаж байсан. Яаж санхүүжүүлж, яаж цалинг нь өгч байсан юм мэдэхгүй. Засгийн газраас 15 хувийн цомхотгол хий гэсэн чиглэлийг өгсөн. Тэрний дагуу боловсон хүчний бодлогод сайд оролцохгүй. Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хоёртоо хэлсэн “Тэтгэвэрт гарах боломжтой хүмүүсийг гарга гээд 7-8 хүн тэтгэвэрт гарсан. Дээрээс нь илүү орон тоог нь хуулинд нь бариулах ямар арга байна вэ гэсэн. Төрийн үйлчилгээний ажилтны статустай өөрөөр хэлбэл төрийн тусгай албаны шалгалтаа өгөөгүй юмуу эсвэл өгөөд уначихсан, зарим нь 3-4 удаа шалгалтад тэнцээгүй. Тэгсэн мөртлөө төрийн тусгай албаны дипломат ажлын орон тоон дээр ажиллаж байгаа 20-иод хүн байна. Эдгээрийг чөлөөлж, дахин шалгалт авч, тэнцснийг нь авах боломж байна гэсэн. Энэ дагуу би зарчмыг батлаад, боловсон хүчний асуудлаа шийдье гэсэн чиглэлийг өгсөн” гэлээ. Харин 40 гаруй хүн халсан гэх мэдээлэл гарсан. Энэ бол ор үндэсгүй зүйл гэв.

-ГАДААД ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМДЫН АЖИЛЧДААС ЗУРГАДУГААР САРД ШАЛГАЛТ АВНА-

“Элчин сайдын яаманд ажиллаж байгаа ажилчид мөн адил. 70 гаруй хүн байна. Төрийн байгууллагад нэг ч удаа ажиллаж байгаагүй. Нэг ч төрийн байгууллага санал болгож томилоогүй. Тухайн үеийн хүмүүс нь томилчихсон. Зарим нь наад захын зүйлүүд мэдэхгүй. Энийг засах цаг нь болсон. Тиймээс дипломат ажилтны шалгалт өгөөгүй гадаадад явчихсан хүмүүсийг шалгалтад оруулах үүрэг өгсөн. Үнэхээр шалгалт өгөөд тэнцэж байгаа бол үргэлжлүүлээд ажилла. Тэнцэхгүй бол зайгаа тавьж өгөх ёстой. Нэгэнтээ хоёр жил болчихсон хүнийг нүдээ аниад нэг жилийг нь өнгөрөөгөөд гурван жилээ дуусгаад ирнэ биз гэж байгаа. Дөнгөж томилогдсон хүмүүсийг дуудаж авчраад зургадугаар сард шагалтад оруулна. Аль нэгдүгээр сард чиглэл өгсөн. Амралтаа зохицуулаад ирж шалгалтаа өг, сайн бэлдээрэй гэж хэлсэн. Элчин сайдуудад нь чиглэл өгсөн” гэлээ.

-ОН ГАРСААР 38 ИРГЭН ХИЛИЙН ЧАНАДАД АМИА АЛДЖЭЭ-

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Гадаадад байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, туслалцаа үзүүлэх асуудал манай яамны гол үүргийн нэг. Нөгөө талаас иргэдээс нь өөрсдөөс нь шалтгаалах зүйлүүд их бий. Өнгөрсөн жил гэхэд 297 гэмт хэрэгт холбогдсоноос 89 хүн амиа алдсан. Он гарсаар 38 иргэн хилийн чанадад амиа алдсан тоо байна. Мэдээж үүн дотор золгүй байдлаар юмуу өвчний улмаас нас барж байгаа тохиолдлууд бий. Өнгөрөгч хоёрдугаар сард Францад дөрвөн Монгол залуу авто ослоор амиа алдсан. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр шөнөжин ажиллаад хол замд нойргүй машин жолоодсоноос зүүрмэглэж, том оврын ачааны тэрэгтэй мөргөлдсөн. Малайзад дөрвөн Монгол эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэг нь цонхоор үсэрч амиа алдсан гээд олон тохиолдол байна. Хилийн чанадад Монголчууд нэг нэгнийхээ эрхэд халдах, хоорондоо маргалдаж асуудал үүсгэх тохиолдлууд гарч байна. Монголчууд хоорондоо зодолдоод нэгнийхээ аминд хүрсэн бол гадны хуулийн байгууллага төдийлөн авч хэлэлцэхгүй байх нь бий. Гадаад хэргийн яам өөр улсад асуудалд орсон иргэндээ туслалцаа үзүүлэх сантай. Өнгөрсөн жил энэ сангаас 230-аад сая төгрөгийн тусламж үзүүлсэн бол он гарсаар 40-өөд сая төгрөгийн тусламж үзүүлээд байна. Дээрээс нь хилийн чанадад зорчихдоо асуудалд орохоос сэргийлэх асуудал их чухал. Гэтэл манайхан ямар ч бэлтгэлгүй явчихдаг. Энэ нь эргээд бичиг баримтын болон бусад асуудлыг үүсгэдэг. Гадаад улсад очсон иргэн болгон ЭСЯ-даа бүртгүүлдэггүй. Ингээд асуудалд орохоор ЭСЯ-ных нь утасны дугаар ч байдаггүй. Арга буюу ар гэрийнхэндээ хэл дуулгаж, албаны хүмүүст мэдээлэл хугацаа алдаж ирдэг.

-БНСУ-д жуулчны визээр гараад харлах, хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх нь нэмэгдсэн гэх мэдээлэл байна?

-Өмнө нь манайхан Солонгост жуулчны визээр очоод хууль бусаар хөдөлмөр эрхлэх тохиолдол их байсан. Одоо байдал харьцангуй дээрдсэн. Хууль ёсны дагуу ажиллаж байгаа хүмүүсээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, Солонгост төлсөн даатгалын мөнгийг нь нөхөн олгох зэрэг ажлыг хийж эхэлж байна. Нөгөө талаас визний асуудлаа хөнгөвчлөх асуудлаар олон жилийн турш ярилцаж байгаагийн үр дүнд Монголын топ аж ахуй нэгжид тогтвортой ажиллаж байгаа хүмүүсийн визэнд хөнгөлөлт үзүүлж байна. Өөрөөр хэлбэл ямар нэг барьцаа шаардахгүйгээр виз гаргаж өгч байна.

-Ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд ямар тодорхой ажил хийгдэж байна вэ?

-Саяхан Хятадаас нэг, Казакстанаас хоёр иргэнийг шилжүүлэн эх оронд нь ял эдлүүлэхээр болоод байна. Өнөөдрийн байдлаар 19 оронд Монгол Улсын 165 иргэн хорих ял эдэлж байна. Боломжтой хэмжээнд иргэнээ шилжүүлэх асуудал яригдаж байна. Одоо бид цаазын ял сонссон хүнийг ч эх оронд нь авчирах эрхзүйн боломж бүрдсэн. Хэдэн жилийн өмнө Хятадад хар тамхины хэргээр цаазын ял сонсоход Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадын Ерөнхийлөгчид захидал бичиж байж цаазын ялыг нь бүх насаар хорих болгон өөрчлүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд Ганц модны гарцаар Хятад руу хар тамхины хольцтой байж болох зүйлийг биедээ нуун нэвтрүүлэх гэж байгаад дөрвөн иргэн саатуулагдлаа. Одоогоор нэг нь Өвөрмонголд хоригдож байгаа бол нөгөө гурав нь гадуур байцаагдаж байна. Гадуур шалгагдаж байгаа гурван иргэнээ шилжүүлэн авчрахаар хөөцөлдөж байна.

-Гадаад хэргийн яамны ажил Төрийн нарийн бичгийн даргын асуудлаас болоод гацаж байна гэх мэдээлэл гарсан. Та Төрийн нарийн бичгийн даргатайгаа ойлголцож чадахгүй ийм асуудал үүсээд байгаа юмуу?

-Төрийн нарийн бичгийн дарга бид хоёр таарахгүй байгаа асуудал биш л дээ. Би Болдбаатартай олон жилийн өмнөөс танил. Төрийн албан зөвлөлөөс манай яамны Төрийн нарийн бичгийн даргыг хууль зөрчин томилсон учраас эрхзүйн чадамжгүй гэдэг албан бичгийг Засгийн газарт өгсөн юм билээ. Энэ утгаараа зарим тушаал шийдвэр гаргахад хүндрэлтэй асуудал үүсч байгаа зүйл бий. Боломжоороо зохицуулаад явж байгаа. Удахгүй энэ асуудал шийдэгдэх байх.

-Монгол Улс дэлхийн хэдэн улстай дипломат харилцаа тогтоосон байдаг вэ. Цаашдаа хэдэн улстай дипломат харилцаа тогтоохоор ярилцаж байна?

-НҮБ 198 гишүүнтэй. Монгол Улс 1990 онд 98 оронтой дипломат харилцаатай байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох уриалга гаргасны дагуу Гадаад хэргийн яам Л.Болд сайд маш идэвхитэй ажилласан. Одоо дипломат харилцаа тогтоогоогүй 10-аад орон үлдсэн байна. Аливаа тусгаар улс өөрийн төлөөлөгчийн газартай байх ёстой. Манай улс 46 оронд дипломат төлөөлөгчийн газартай. Хэдийгээр интернэт хөгжсөн ч тухайн улсад төлөөлөгчийн газартай байх нь дипломат шугамаар хийгддэг ажлыг амжуулах, нарийн мэдээлэл авах ажлыг технологийн хөгжил сольж чадахгүй.

-Гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцлээ, хасах руу орлоо. Гадаад хэргийн яам энэ чиглэлд хийхээр төлөвлөсөн ажил байна уу?

-Гадаад хэргийн яам дангаараа хөрөнгө оруулалт оруулаач гэж болохгүй. Гадаад харилцааг эдийн засагжуулах асуудал дэлхийн олон улсад яригдаж байна. Үүнийг бид хийсвэр ойлгож, эдийн засгийн зөвлөх нэртэй хэдэн хүн томилоод явж байсан үе бий. Гадаад хэргийн сайдын хувьд би Засгийн газарт “Дотооддоо нэгдсэн нэг амтай” байх асуудлыг тавьдаг. Гадаадын хөрөнгө оруулалт хасах руу орсон. Яагаад бүгд гараад явчихав гэхээр “Танай хууль эрхзүйн орчин тогтворгүй байна” гэдэг. Норвеги улс газрын тосондоо 78 хувийн татвартай. Гэтэл тэнд хөрөнгө оруулалт байсаар л байна. Гадны хөрөнгө оруулагчид татвар өндөр байна гэж ерөөсөө хэлэхгүй байгаа шүү дээ. Бидний хамгийн том алдаа бол улстөрийн тогтворгүй байдал. Нэг Засгийн газар нь нэг зүйл эхлүүлэхээр нөгөө Засгийн газар нь үгүйсгэдэг. Би Гадаад хэргийн сайдын ажлаа аваад ганцхан Хятад улс руу айлчлал хийсэн. Өөр айлчлал хийхгүй гэсэн. Төр засгийнхаа бодлогыг тодорхой болгож байж л Гадаад хэргийн сайдын хувьд ажил ярина уу гэхээс шийдэгдээгүй асуудлын талаар юм яриад яахав дээ. Энэ үүднээс олон талт арга хэмжээнүүдэд л оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

”Рио Тинто” группийн Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” компанийн Ерөнхийлөгч Сэм Валшид албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоосон роялти, түүнийг тогтоох аргачлалыг сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ноцтой зөрчиж төсөвт төлөх ёстой 50 тэрбум төгрөг буюу 30 орчим ам.долларыг төвлөрүүлээгүй. Татварын болон бусад хууль зөрчсөн асуудлаар Рио Тинто группийн Ерөнхийлөгч Сэм Валшийг 48 цагийн дотор хариу ирүүлэхийг шаардаж байна” гэлээ.

Хэрэв заасан цагт хариу ирэхгүй бол Монголын хуулийг зөрчсөн асуудлаар UNICITRAL-ийн арбитрийн шүүхэд гомдол гаргана гэлээ. Мөн тэрбээр шүүхэд хандахад гарах зардлыг ард түмнээсээ хандив авч бүрдүүлэх аж. Учир нь Оюу толгойн гэрээ сайн хийгдэж, үр өгөөжөө өгөх нь Монголын бүх ард түмэнд ашигтай. Яагаад гэвэл би өнгөрсөн хугацаанд Оюутолгойг зогсоо гэж хэлж байгаагүй. Харин Оюутолгойн гэрээг улам сайжруулж монголын ард түмэнд ашигтай байх талаас нь ярьж ирсэн. Гэтэл УИХ дахь бусад намууд 2012 оны сонгуулиар бүгд л Оюутолгойн гэрээг сайжруулна гэж ард түмэндээ амалсанаа биелүүлэхгүй байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Оюутны 70 мянгыг энэ сард олгоно

Оюутны 70 мянгыг энэ сард олгоно Сургалтын төрийн сангаас оюутнуудад олгодог Үндэсний тэтгэлэг хүлээлт үүсгээд байгаа билээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар оюутны 70 мянган төгрөгийг энэ сард багтаан олгохоор болсон байна. Ингэхдээ энэ улиралд 3-аас дээш голчтой сурсан оюутанд өгөх юм байна. Үндэсний тэтгэлэг улсын төсвийн бүрдүүлэлттэй холбоотойгоор хойшлоод байсан юм.