Categories
мэдээ цаг-үе

ЦОНХОО НЭЭЕ: Нар харах эрхийн төлөө тэмцэж байна

Баянгол дүүргийн хоёр­дугаар хороонд “Гранд плаза” төвийн замын эсрэг талын 16 давхар орон сууцны иргэд нар харах эрхээ эдлэхээр тэмцэж байна. Оршин суугчид тагт, цонхон дээрээ “Хүүхдүүд бид гадаа тогломоор байна”, “Хөгшид бид гадаа нарламаар байна”, “Hotel биш ногоон байгууламж хэрэгтэй байна” гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлсэн лоозон самбаруудыг байрлуулжээ. Орцны үүдэнд оршин суугчидтай ярилцаад зогсч байхад машин орж гарах, хүн зөрөхөд зай тавих хэрэгтэй болж байлаа. Энэ байрны С хэсэгт амьдардаг иргэн Д.Сүхбаатар ам бүл тавуулаа гэнэ.

-Би анхны оршин суугчдын нэг. Анх энэ байрны метр квадратыг 1000 долларын төлбөр хийж авсан. Энэ байрыг Улсын комисс хүлээж аваагүй, бидний ордерыг одоо болтол өгөөгүй. Анх энэ байрыг баригдаж байхад нь бид хөрөнгө оруулчихсан юм. Одоо нэмж энэ байрны А, Б хэсэг нь ашиглалтад орно. Машин битгий хэл хүн явах газаргүй болох нь. Хотын “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай хуучнаар “Хуашин” гээд рестораны газрыг Гэрэл гэж хүн аваад, “Солонго лайн” гэж компанид зарсан юм. Гэрэлийн эгч гэж ааш муутай эмэгтэй бидний орж гардаг гарцыг хааж тор татчихаад, “Энэ чинь миний газар. Та нар араараа ор” гэдэг. Байрны араар машин орох боломжгүй, ганцхан огцом нарийхан өндөр шаттай учраас настай хүмүүс, хүүхдүүд явах боломжгүй. Энд хүн тайван амьдрах орчин байхгүй боллоо. Манай оршин суугчдын төлөөлөл хотын даргад хандсан чинь “Энэ чинь зөвшөөрөлтэй газар” гэсэн юм билээ. Э.Бат-Үүл “Улаанбаатарын төв хэсэгт нэмж барилга байшин барихгүй” гэж амлачихаад, өөрөө түүнийгээ зөрчиж байна. Энд настанууд нарлаж суух талбай, тоглоомын талбай ч байхгүй. Уг нь юм юмандаа ойр, хотын төвд л гэж энэ байрыг авсан юм хэмээн ярилаа.

Оршин суугч Л.Баян­жаргал:

-Энэ арай хэтэрлээ. Хоёр хүн зөрөх газаргүй болох нь. Маш өндөр үнээр авсан байр. Анхны зургандаа ногоон байгууламжтай байсан. Хүүхэд настай хүмүүс олонтой, маш олон оршин суугчидтай байр. Би дал хүрэх гэж байгаа.Арай хийж гэрээс гараад майжигнаад явах гэхээр машинорж гарч таарна. Хөл тавих газар, амьсгалах агаар ч үгүй болж байна. Барилгын баахан шороо овоорчихсон. Шөнөжингөө пижигнүүлээд амрах арга байхгүй, даралт ихсэж байна. Нойр хүрэхгүй, тавилга, шал бүгдшороо тоосонд дарагддаг. Анхнаасаа барилга бариулахгүй гээд оршин суугчид эсэргүүцсэн. Оршин суугчид газар дээрээ машинаа тавиад, хаагаад телевиз дуудаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Хавар болохоор ингээд барилгын ажлаа эхлээд хундамаа тавиад эхэлсэн.

-“Солонго лайн”-ыхан барилгаа барьчихаад, авто­машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай барина гэж хэлсэн байна лээ?

-Хичнээн тэгж хэлж байгаа чэнд 16 давхар зочид буудал барьчихаар энэ том байрны оршин суугчид яаж багталцах юм. Тоглоомын талбай нэмж байгуулах нь битгий хэл одоо байгаа хэдэн машин нь зөрж чадахгүй, орцныхоо үүдэнд хүүхдээ таван минут салхилуулаад орохоос өөр аргагүй байна. Ингэж хүний нар харах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд ноцтойгоор халдаж байна. Оршин суугчид эсэргүүцээд хүчрэхгүй байна. Мэргэжлийн хяналтынхан ирсэн л гэсэн, зөвшөөрлийг нь өгчихсөн л байна.Манай оршин суугчид шүүхэд хандана гэж байгаа гэв.

Оршин суугчид хуралдаж, мөнгө төгрөгөө нийлүүлээд эсэргүүцлээ илэрхийлж, лоо­зонгоо хэвлүүлэн чадлаараа тэмцэж байгаа гэнэ. 16 давхар зочид буудлын барилгын ажил өрнөж байгаа хашааны үүдэнд самбар байрлуулж, уг барилгын зөвшөөрлийн дугаар, зөвшөөрөл зэрэг мэдээллийг байрлуулжээ. Уг барилгын гүйцэтгэгч Гарнет бриллиант” ХХК-ийн ерөнхий инженер Ө.Гантулга ”Барилга хоорондын зай давхраасаа хамаарч 15-45 метр байхыг шаарддаг. Манай барилга хоорондын зай 45 метр байгаа. Бид дураараа барилга бариагүй. Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан төлөвлөгөө, хуулийн дагуу ажиллаж байгаа. Зогсоол, хүүхдийн тоглоомын талбай барина. Бүтээн байгуулалт дуусаагүй байна шүү дээ. Холбогдох мэргэжлийн байгууллагууд шалгаад зөвшөөрөл өгсөн. Хүүхдийн тоглоомын талбай байгуулна гэхээр оршин суугчид “Амгалан тайван байдал алдагдууллаа” гэх мэтээр гомдол мэдүүлдэг. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 22 цагаас хойш том оврын машин нэвтрүүлдэг.Долоо хоногт нэг удаа цутгалт хийдэг” гэв.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Хүчний байгууллагуудад гэрч, хохирогчийг хамгаалсан түүх, туршлага байхгүй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдэд Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгож, Тахарын албыг татан буулгахаар тусгасан. Уг хуулийн төслийг хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд эсэргүүцэж байгаа аж. Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх Н.Арвинтариатай ярилцлаа.

Тахарын алба ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудад үр дүн харагдаж байна уу?

-Тахарын албаны тухай хууль 2013 оны долдугаар сард батлагдаад, дараа оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Бүрэн хэмжээнд ажиллах боломж бүрдээгүй байтал татан буулгах асуудал яригдаж байна. Тахарын албаны гэрч, хохирогчийг хамгаалах алба хүмүүст маш хэрэгтэй байгууллага. Ардчилсан улсад зайлшгүй байх ёстой. Урьд нь хэдэн төрийн бус байгууллага, цөөн тооны эмэгтэйчүүд гэрч, хохирогчийг хамгаалахаар оролддог байсан бол Тахарын алба байгуулагдсанаар анх удаа эрх зүйн бие даасан тогтолцоо бүрдсэн юм. Хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд шахалт, дарамтан дор гэрч, хохирогчоо эрсдэлд оруулж байсан ч үе олон бий. Гэмт хэргийг шалгах явцад хохирогч шүүх, цагдаагийн дунд явсаар байгаад амь насаа алдсан тохиолдол ч бий. Төр гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг хүлээж, эрх зүйн орчноо бүрдүүлсэн нь хамгийн том дэвшил байлаа. Энэ тухайгаа Засгийн газар НҮБ-д илтгэсэн шүү дээ. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хурлаас ирээд долоо хоноогүй байж ийм хуулийн төсөл УИХ-аар хэлэлцүүлж байгаад харамсч байна.

Гэрч, хохирогчийг хамгаалах алба жил гаруйн хугацаанд хичнээн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангасан бол?

-Манай байгууллага хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн хохирогчид ихэвчлэн араасаа, заналхийлэлтэй байдаг. Гэмт хэрэг үйлдэгч нь хохирогчийг байнга мөрдөн мөшгөдөг. Тухайн хэрэг дээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн бол бид хохирогчийг Тахарын алба руу шилжүүлдэг. Тахарын алба хохирогчид биечилсэн хамгаалалт үзүүлэхээс гадна сэтгэлзүйн хувьд туслалцаа үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Тахарын албаар 20 гаруй хохирогчийг хамгаалуулсан. Өмнө нь шүүх дээр очиход хохирогчийг байрлуулах өрөөгүйгээс хохирогч, гэмт хэргийн холбогдогч хоёр нэг цагт, нэг танхимд сууж мэдүүлэг өгөх болдог байлаа. Үүнээс болж дарамтад ордог, гомдлоо эргүүлэн татдаг байсан. Харин Тахарын алба санаачилж шүүхүүдэд гэрч, хохирогчийг хамгаалах өрөө байгуулсан. Шүүх хурлын үеэр хохирогч өөр өрөөнөөс мэдүүлэг өгдөг болсон. Шүүх рүү ороход тахар хуяглан хамгаалдаг болсон гээд давуу тал маш их бий.

Тухайн хэргийн холбогдогч төрийн бус байгууллага, төр төлөөлсөн хүчний байгууллага хоёрт ялгавартай хандах нь ажиглагдаж байна уу?

-Төрийн бус байгууллагад хэдэн эмэгтэйчүүд л ажилладаг. Өөрсдөө ч аюулгүй байдлаа хангаж чаддаггүй. Гэмт этгээд хутга бариад дайрах тохиолдол цөөнгүй байдаг. Хамгаалалтын алба дуудахад гэмт этгээдийг явуулахаас өөр арга хэмжээ авах эрхгүй. Ингэж л ажилладаг. Харин Тахарын алба бол гэмт хэргийн холбогдогчид сануулна, хохирогчид ойртохыг хориглох арга хэмжээ авах эрхтэй. Төрийн нэрийн өмнөөс харьцаж байгаа учраас гэмт этгээдүүд шаардлагыг нь дагадаг.

-2012 онд танай төвийн хамгаалалтад байсан эмэгтэй шүүх хурал руу явж байгаад нөхрийнхөө гарт амиа алдсан. Тахарын алба байгуулагдсанаас хойш ийм гэмт хэрэг үйлдэгдэх шахсан, урьдчилан сэргийлсэн жишээ бий юү?

-Хоёр жилийн өмнө бид хохирогчийнхоо хүүхдийг гэрээс нь авах гэж очтол хүчирхийлэл үйлдэгч хүүхдээ булаацалдаж, хамгаалалтын албаны машин дор хэвтэж байгаад гараа гэмтээчихсэн. Үүнээс болж хамгаалалтын албаны хоёр хүн эрүүгийн хэрэгт татагдаж, ажилгүй болсон. Манайхан ч эрүүгийн хэрэгт татагдсан. Харин одоо бид хамгаалах байранд байгаа хохирогчоо аваад шүүх хурал руу явах бол Тахарын албыг дуудаад хохирогчтойгоо хамт хамгаалалтад очдог болсон. Шүүх дээр биеэ хэрхэн авч явах, айж сандрахгүй байх талаар сэтгэл зүйн бэлтгэлийг Тахарын албаныхан өгчихдөг учраас хохирогч айж сандралгүй үнэн зөв мэдүүлэг өгдөг. Хамгаалалтгүй байхад хохирогчид мэдүүлгээсээ буцах тохиолдол их байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдогч хохирогчийг заналхийлэх, эвлэрэхийг гуйх нь их байдаг. Хэсэг хугацааны дараа хүчирхийлэл давтагддаг. Тиймээс хүчирхийллийг богино хугацаанд таслан зогсооход тахарын гүйцэтгэх үүрэг их. Тахарын албыг цаашид улам бэхжүүлэх шаардлага байгаа. Саяхан Өмнөговь аймгаас нэг эмэгтэй нөхөртөө зодуулаад, ууланд гурав хоног бүгсэн мэдээлэл ирсэн. Өмнөговь аймагт Тахарын алба байсан бол хохирогчийг хамгаалах боломж байсан. Энэ мэтчилэн хүний төлөө гэсэн бүтэц зайлшгүй шаардлагатай. Нөхөртөө мөрдөгдөөд хаачихаа мэдэхгүй зовж байсан бүсгүй Тахарын албаны ач холбогдлыг мэдэрч байгаа.

Хүчний байгууллагууд хүнээ хамгаалдаггүй гэж үү. Тахарын албаны үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх боломжгүй юм уу?

-Тэдэнд хохирогчийг хамгаалж байсан түүх, туршлага байхгүй. Монголд анх удаа эрх зүйн орчин бүрдсэн нь Тахарын албаны тухай хууль. Анхны бүтэц нь Тахарын алба. Цагдаа, шүүх гэрч, хохирогчийг хамгаалж чадахгүй. Өмнө нь хохирогч цагдаа, шүүхийн дунд явж байгаад зодуулдаг, амиа алддаг байсан. Тэд хохирогчийг бие бие рүүгээ чулуу шиг шиддэг. Энэ байдал одоо давтагдах гээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг л биелүүлэх үүрэгтэй. Таслан шийтгэх тогтоол гарсны дараа л шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаж эхэлдэг. Тэр хүртэлх хугацаанд хохирогчийг хэн хамгаалах юм бэ.

Цагдаа хамгаалдаггүй юм уу?

-Хамгаалахгүй. Тийм түүх байгаагүй гэж хэлээд байна шүү дээ. Сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байж хохирогчийг хамгаална гэдэг нь ашиг сонирхлын зөрчил. Хохирогч, холбогдогч хоёрт зэрэг үйлчилгээ үзүүлэх боломж байхгүй. Гэрч, хохирогчийг байрлуулах өрөөг цагдаагийн байгууллагад байгуулж өгч үзсэн. Үр дүн гараагүй. Хохирогчтой харилцах дүрэм журам хүртэл батлуулсан, хэрэгжээгүй. Цагдаагийн хандлага нь хатуу ширүүн юм байна. Бас чиг үүрэг дотор нь хохирогчийг хамгаалах тухай байдаггүй юм байна.

Хямралын үед мөнгө хэмнэх үүднээс Тахарын албаны чиг үүргийг өөр байгууллагууд руу шилжүүлэх гэж байгааг хууль санаачлагчид тайлбарласан. Ер нь гэрч, хохирогчийг хамгаалахад хэдий хэр зардал гардаг бол?

-Хэн нэг нь хохирох, амь насаа алдах, нөгөө нь гэмт хэрэгтэн болохоос илүү зардал гэж хаана байх билээ. Хохирогчийн амь насыг хамгаалж, өөр нэгнийг гэмт хэрэгтэн болгохоос урьдчилан сэргийлж байгаа нь өөрөө хэмжээлшгүй үр дүнтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хохирогчийг хамгаалах зүйл заалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр гацчихаад байгаа. Хүчирхийлэл үйлдсэн нөхрийг зан үйлд нөлөөлөх сургалтад албадан суулга гэдэг шийдвэр шүүхээс гаргахад шийдвэр гүйцэтгэгчид биелүүлдэггүй. Хохирогч дахиад л зодуулаад байдаг. Шүүхээс гарчихсан шийдвэрийг биелүүлж чадахгүй байгаа нөхдүүд яаж гэрч, хохирогчийг хамгаалах юм бэ. Боломжгүй зүйл.

Ц.Өрнөх

Categories
мэдээ цаг-үе

Б.Батбилэг: Таван толгойн хувьцааны үнэлгээг тодорхой, бодитой болгоход анхаарч ажиллана

Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэгтэй ярилцлаа.

Та “Эрдэнэс Таван толгой”-н хувьд хуучин хүн. Асуудлуудаа мэддэг болохоор танилцана гэж цаг авахгүйгээр ажлаа эхэлж байгаа байх. Ямар тактик барьж ажиллая гэж бодож байна?

-Цаг хугацааны хувьд ч тэр, зах зээлийн нөхцөл байдлыг харсан ч хариуцлагатай албанд ирж байна. Хүнд үед энэ албыг авч байгаагаа ухамсарлаж, ойлгож байгаа. Ирж байгаа даалгаврууд, ажиллах орчин, бүх л зүйл таатай биш байна. Гэсэн ч энэ компанид өмнө ажиллаж байсан, санхүү эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэж явсан, борлуулалт гэсэн чухал хэсгийг хариуцаж ирсний хувьд хийх зүйлийн гол төсөөлөл бол бий. Мэдээж өмнөх ажлаас ачаалал ихэсч таарна. Хариуцлага бол бүр ихэсч байгаа. Сүүлийн үед хүмүүс асуудал ярихаас шийдэл ярихаа больсон юм шиг санагддаг. Миний хувьд ажилдаа нэг зүйлийг зарчим болгож ажиллана. Асуудлаа ч тодорхойлно. Тухайн асуудалд тохирсон шийдлүүдийг ч хайж ажиллая гэж бодож байна.

Анх “Эрдэнэс Монгол”-д ажиллаж эхэлсэн байх аа?

-Тэгсэн, анх 2009 онд “Эрдэнэс Монгол”-д ажилд орж байлаа. Хөрөнгө оруулалтынх нь газар тэдийн засагчаар ажиллаж эхэлсэн.

Ямар асуудал дээрилүү төвлөрч ажиллах вэ?

-Мэдээж “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагааг яаж сайжруулах вэ гэдэг дээр анхаарч ажиллана. “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагын хувьд хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хөрөнгийг үнэ цэнэтэй болгох тал дээр түлхүү ажиллана гэж бодож байна. Хөрөнгийн үнэ цэнэ гээд ярихаар Таван толгойн хувьцааны асуудал яах аргагүй сөхөгддөг. Хувьцааны үнэлгээний асуудал Таван толгойн орд газрын бүтээн байгуулалтад саад тотгор үүсгэдэг тал бий. Харамсалтай нь өнөөдөр Таван толгойн хувьцааны үнэлгээний асуудал тодорхой биш байгаа. Төрөөс 1072 хувьцааг сая төгрөгөөр үнэлсэн нь бодитой эсэхээс эхлээдолон асуудал шийдлээ хүлээж байна. Таван толгойн бүтээн байгуулалтын асуудал яригдахаар л хувьцааны үнэлгээний асуудал хөндөгддөг учраас энэ чиглэлд түлхүү анхааръя гэж бодож байгаа.

Хувьцааны үнэлгээний асуудлыг тодорхой болгохын тулд яг ингэнэ, тэгнэ гэсэн төлөвлөгөө, зорилго бий юу?

-Эхний ээлжинд үнэлгээ нь хэд вэ гэдгийг бодитой, зөв тодорхойлох ёстой. Яг ингэж тэгж ажиллана гэсэн төлөвлөгөө, таамаг хэлэхэд эрт байна.

-“Эрдэнэс Таван толгой”-н хувьд шийдэхэд төвөгтэй, бэрхшээлтэй гэж хэлэхээр ямар асуудлууд байна?

-Бэрхшээл зөндөө бий. Жишээ нь зах зээл хүнд байна. Монголын гэлтгүй олон улсыннүүрс олборлогч бүхкомпани таатай орчинд ашигтай ажиллаж чадахгүй байгаа. Ихэнх нь алдагдалтай ажиллаж байна. Сая миний онцолсон хувьцаа эзэмшигчийн хувьцааны үнэлгээ гэхэд л ашигт ажиллагаатай яалт ч үгүй холбогдоно. Хэдий чинээ ашигтай байна үнэлгээ нь төдийчинээ өндөр байх нь ойлгомжтой. Таван толгойн бүтээн байгуулалт санаснаар явахгүй байгаагийн цаад шалтгаан нь эргээд энэ асуудалтай холбогдчихож байна л даа.

Танай компанийн борлуулалт хэр байгаа вэ?

-Манай компанийн өнгөрсөн жил борлуулсан нүүрс улсын хэмжээнд экспортолсон нийт нүүрсний гуч орчим хувийг дангаараа эзэлж байсан.Энэ жилийн хувьд эхний улирлын байдлаар 56 орчим хувь байгаа. Монголоос экспортолсон нийт нүүрсний талаас илүү хувийг гаргасан гэсэн үг. Өнөөдрийн хувьд борлуулалт саарах хандлагатай болчихлоо. Зах зээлийн хүнд нөхцөл нөлөөлж байна. Мөн Хятадын төрөөс баримталж буй бодлого нөлөөлж байна. Урд хөрш дотоодынхоо аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч эхэлсэн. Жишээ нь импортын коксжих нүүрсэнд гурван хувийн татвар тавьчихсан. Энэ татварыг өгснөөр Монголын коксжих нүүрсний өртөг хоёр орчим ам.доллараар нэмэгдэж байна. Зөвхөн нүүрсээ экспортлохын төлөө энэ хэмжээний мөнгийг нэмж төлж байгаа гэсэн үг. Нүүрсний чанар дээр таван элементийн шалгуур гэжтавьсан. Хятадын төрийн дотоодын компаниудаа дэмжих энэ бодлого үр дүнгээ өгч байна л даа. Өнгөрсөн оны нэгдүгээр улирлынх нь импортын хэмжээ 84 орчим сая тонн байсан юм. Гэтэл энэ оны эхний улиралд 49.7 сая орчим тонн нүүрс л импортоор авсан. Хятадын импортын хэмжээ 40 гаруй хувиар багасч байна гэсэн үг. Урд хөрш 2013 онд 75 сая тонн коксжих нүүрс импортолж байсан бол өнгөрсөн жил 63 сая тонн болж буурсан. Коксжих нүүрсний одоогийн импортыг нь харахаар 15-17 хувиар буурсан тоо гарч байна. Энэ жилийн хувьд Хятадын коксжих нүүрсний импорт ойролцоогоор 50 орчим саятонн болох нь гэсэн таамаг гараад байна. Хэрэгцээ нь багассан учраас ингэж буурсан хэрэг. Өнгөрсөн жил хэрэглээ нь арван хувиар буурсан гэсэн тооцоо бий. Энэ жил дахиад арван хувиар бууна гэсэн таамаг байна.

Тэгэхээр танай компанийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй нь ээ?

-Мэдээж төлөвлөсөн хэмжээндээ хүргэхийн төлөө ажиллана. Төлөвлөгөөгөө таслахгүйг хичээнэ. Энэ жил найм орчим сая тонн нүүрс гаргана гэсэн зорилттой ажиллаж байна. Эхний улиралд 1.8 сая тонн нүүрс экспортолсон. Зургаан сая гаруй тонн нүүрс борлуулж байж төлөвлөсөндөө хүрэхээр байна.

Нүүрсний үнийн уналт хэчнээн хувьтай байгаа вэ?

-Нүүрсний гол зах зээлийн хэрэглээ багассантай холбоотойгоор үнэ нь ч дагаад унаж байна. Зөвхөн энэ оны тоон үзүүлэлтийг онцолъё. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл нүүрсний үнэ 15-17 хувиар уначихаад байна. “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьд нэгж бүтээгдэхүүний борлуулж байгаа үнэ багасахаар борлуулалтад яалт ч үгүй нөлөөлнө гэсэн үг. Мэдээж ноднингийнхоо үзүүлэлтийг өсгөх гэж үзнэ. Гэхдээ ноднингийн нөхцөл байдал хэвээр үргэлжилсэн бол боломж байсан. Нөхцөл хүндэрсэн учраас шууд тэгнэ, ингэнэ гэж хэлэхэд эрт байна.

Зүүн Цанхи дээр ажиллаж байсан Австралийн “Макмахон”-ыг хэт өндөр зардлаар олборлолт хийж байна гэсэн шалтгаанаар хэлэлцээ эхлүүлээд удаж байна. Тэр асуудал юу болж байгаа вэ?

-Би өмнө нь борлуулалт хариуцаж байсан учраас үйлдвэрлэл тал руугаа мэдээлэл авах түвшинд л оролцдог байсан. Зүүн Цанхийн операторын үйл ажиллагааны зардал өндөр байдагнь ашигт ажиллагаанд нөлөөлж байгаа. Үйлдвэрлэл хариуцсан хүмүүс, өмнөх удирдлага гээд бүгд л энэ асуудалд ач холбогдол өгч ажилласан. Одоогийн байдлаар хэлэлцээр дунд шатандаа явж байна. Үр дүн гаргахын төлөө зорьж ажиллана. Гайгүй шийдэлд хүрчих байх.

Урд хөршийн нүүрсний зах зээл дээр хуучин өрсөлдөгчдөөс гадна Мозамбик зэрэг шинэ өрсөлдөгчид гарч ирж байна. Бид юу хийж байж Хятадын зах зээл дээр монгол нүүрсийг үнэ цэнтэй болгох вэ, таны бодлыг сонсъё?

-Хятадад нүүрс экспортлох сонирхолтой орнуудад шинэ бүтээн байгуулалтууд их хийгдэж байгаа. Гэхдээ зах зээлээсээ шалтгаалаад бидний төсөөлж байсан шигээр урд хөршийн зах зээл рүү хүчтэй орж ирж чадахааргүй харагдаад байна л даа. Учир нь өнөөдөр бүх бүтээн байгуулалтаа хийсэн компаниуд хүртэл хүнд байдалд байна. Хятадын нүүрсний зах зээлд шинээр орж ирэхээр төлөвлөсөн, бүтээн байгуулалт нь ид хийгдэж байгаа хоёр, гурван том төсөл бий. Нэг нь Мозамбикийн Маотиз. Коксжих нүүрсний орд газар л даа. Бүтээн байгуулалт нь өрнөж байна. Төмөр замаа бариад эхэлчихсэн. Оросын Эльга бий. Бүтээн байгуулалт нь нэлээд явчихсан.390 км төмөр замаа татсан. Далайн эрэг дээрх боомтуудын бүтээн байгуулалт дээрээ ажиллаж байгаа. Хятадын зах зээлд бага хэмжээний нүүрс нийлүүлээд эхэлсэн. Таван толгойн нүүрсний өрсөлдөх чадвар өнөөдрийн хувьд сайн биш байгаа. Маш том бүтээн байгуулалтуудыг хийж байж өрсөлдөх чадвар маань сайжирна. Өрсөлдөх чадварын хувьд сайн муу хоёр мэдээ бий. Муу мэдээ нь гэвэл бид өнөөдөр хангалттай төвшинд өрсөлдөж чадахгүй байна. Сайн мэдээ нь гэвэл бидний өрсөлдөгчид бүтээн байгуулалт, бүх юмаа тултал хийчихсэн. Байж болох хамгийн бага зардлаар нүүрсээ экспортолж байгаа. Гэтэл бидэнд амжуулах бүтээн байгуулалт их бий. Төмөр зам, боловсруулах үйлдвэр зэргээ барьчихвал нүүрсээ экспортолж буй одоогийн зардлаа өчнөөн ам.доллараар бууруулах бололцоотой. Бидэнд өрсөлдөх орон зай байгаа гэсэн үг. Манай өрсөлдөгчдөд зардлаа бууруулах өөр ямар ч орон зай байхгүй.

Нүүрснийхээ үнэ цэнийг өсгөхийн тулд хамгийн эхлээд төмөр замын бүтээн байгуулалт яригдаж таарна. Төмөр зам баригдвал тээврийн зардал дээр гэхэд хэдэн ам.доллар хэмнэхээр байна?

-Төмөр зам бол хамгийн түрүүнд яригдах асуудал. Үүнтэй зэрэгцээд боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт яригдаж таарна. Боловсруулсан бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж Хятадын эцсийн хэрэглэгчдэд хүргэвэл монгол нүүрсний үнэ цэнэ өснө. Төмөр зам баригдсанаар зөвхөн тээвэрлэлтээсээ гэхэд арав орчим тэрбум ам.долларын хэмнэлт гаргана. Хэмнэсэн арван доллараараа зах зээлээ тэлье гэж ярьж байна.

Зах зээлээ тэлнэ гэдгээ тодруулаач?

-Тээврээс хэмнэсэн мөнгөөрөө Хятадын нутаг дэвсгэр рүү илүү гүн нэвтэрье гэсэн санаа л даа. Цаашаагаа 200-300 км тээвэрлэж чадна гэсэн үг. Өнөөдрийн хувьд уурхайн амнаас хил хүртэлх нийт зардал маань 17-20 орчим ам.доллар болдог юм. Хэрвээ төмөр зам барьчихвал 7-9 ам.долларын хооронд тээвэрлэх боломж гарч ирнэ. Хэмнэсэн мөнгөөрөө Хятадын гүн рүү нүүрсээ зөөж, зах зээлээ тэлэхэд анхааръя гэсэн төлөвлөгөө бий. Нүүрсний өрсөлдөх чадварын тухайд газар зүйн өрсөлдөх чадвар гэж бий. Яг хэдэн км-ийн цаана зарж чадаж байна гэдгээр нь хэмждэг зүйл л дээ. Бидний яг өнөөдрийн хүрч чадах хил хязгаар Өвөр Монгол төдийд байна. Энэ хүрээнд л өрсөлдөж байна гэсэн үг.

Нүүрсээ борлуулах зах зээлийнхээ хүрээг тэлчихлээ гэж төсөөлье. Урд хөршийн зах зээлийн коксжих нүүрсний эрэлт, хэрэгцээтэр хэрээр нэмэгдэж таарах уу?

-Нэмэгдэнэ. Тэлэгдсэн хэсэгт бидний тооцоолж байгаагаар ойролцоогоор 70 орчим сая тонн коксжих нүүрсний хэрэгцээ бий. Ийм том зах зээл рүү орохоор бидний зүгээс нийлүүлэх хэмжээгээ нэмэгдүүлэх боломж гарч ирнэ.

-“Чалко”-гийн өр юу болж байгаа вэ?

-“Чалко” компанид нүүрс нийлүүлж байгаа. Нийлүүлэлтэд зах зээлийн таагүй байдал, зам тээвэр гэсэн хоёр шалтгаан нөлөөлж байна. Засгийн газраас нүүрсийг шороон замаар тээвэрлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнээс шалтгаалж тээвэрлэлтийн өртөг нэмэгдэх байдал үүссэн. Ийм шалтгаануудаас болж борлуулалт саараад байна. “Чалко”-гийн өрийг дарсангүй гэдгээр “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагааг дүгнэх гээд байдаг. Зүй нь “Эрдэнэс Таван толгой”-н үйл ажиллагааг ашигт ажиллагаагаар нь дүгнэх учиртай. Өр дарна гэдэг бол “Эрдэнэс Таван толгой”-н нэг зорилт мөн. Гэхдээ үндсэн зорилго байж болохгүй л дээ. “Чалко”-гийн өрийг үндсэн зорилгоо болгоод, энийг л даръя гээд зүтгэсэн бол өнөөдөр манай компанийн үйл ажиллагаа доголдох эрсдэл байсан. Учир нь “Чалко”-д нийлүүлэх нэг тонн нүүрсийг гаргаж ирэхэд бараг л дарж буй өрний хэмжээний зардал гаргаж байгаа. Өнгөрсөн хугацаанд “Чалко” компанитай шийдэл хайх зорилгоор хам­тарч ажилласан. “Чалко” компанийн өрийг тодорхой хэмжээгээр хойшлуулах талаар яриа хэлэлцээ өрнүүлсэн. Зөвхөн энэ компанийн өрийг дараад явбал “Эрдэнэс Таван толгой” компани ямар ч мөнгөгүй болох эрсдэлтэй тулах байсан. Ийм нөхцөл үүсвэл “Чалко”-д нүүрсээ авч чадахгүй байдал үүснэ. Хоёр тал энэ эрсдлүүдээ бодолцож, харилцан ойлголцоод явж байгаа.

Таван толгойн менежмэнтийг хувийн компаниудаар хийлгэх асуудал олны анхааралд байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Энэ асуудалд байр суурь илэрхийлэх нь зохимжгүй гэж бодож байна. Энэ бол ерөөсөө л улс төрийн шийдэл.УИХ асуудлыг шийднэ. Миний хувьд гүйцэтгэгч учраас УИХ-ын гаргасан шийдвэрийг дагаж ажиллахл үүрэгтэй.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

О.Бум-Ялагч: Байгаа хуулиудаа хэрэгждэг болоход анхаарна

Монголын Ногоон нам үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой өчигдөр тохиолоо. Ойн өдрөөр ногоон орчны ирээдүй, ногоон бодлого төлөвлөлт зэрэг асуудлуудыг хөндөж тус намынхан баярын хурал хийлээ. Энэ үеэртус намын дарга О.Бум-Ялагчаас дараахь тодруулгыг авсан юм.

Намын тань ой боллоо. Монголын Ногоон нам үүсэн байгуулагдсан түүхийг дурсаач. Дэлхийн ногоонтнуудын Монгол дахь гар хөл гэж ч яригдах болж?

-Бид 25 жилийн өмнөх гуравдугаар сарын 9-нд Монголын Ногоон нам байгуулагдаж байгааг тунхаглан тавдугаар сарын энэ өдөр үүсгэн байгуулах хурлаа хийж байсан түүхтэй. Бүр анхдагчдын тухай яривал 1988, 1989 онуудад Ногоон зам, Монголын ногоонтнууд гэх мэт хөдөлгөөнүүд байгуулж байгаль дэлхийг идэвхтэй хамгаалж эхэлсэн байдаг. Тухайлбал, Хөвсгөл нуураа хамгаалж фосфоридын ордыг эсэргүүцэж, Мардайн асуудлыг тухайн үеийн сэхээтэн залуус дэвшүүлэн тавьж байсан. Энэ хүмүүс МоАХ-г үүсгэн байгуулахад ч гар бие оролцож байж. Ингээд Монгол Улсад олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрөхөд байгаль экологио гэсэн сэтгэлтэй хүмүүс эвлэлдэн Монголын Ногоон намыг байгуулан өнөөг хүртэл авч ирсэн түүхтэй. Ногоон үзэл баримтлал гэдэг бусад намынхаас нэг л зүйлээрээ ялгардаг. Даян дэлхийд байгаа бүх нам хүний амьдралыг сайжруулах туйлын зорилготой. Ногоонтнууд бол даян дэлхийгээ хамгаалж үлдэнэ гэсэн үзэлтэй. Эх дэлхийгээ хамгаалах замаар хүн төрөлхтнийг урт удаан хугацаанд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх. Тиймдээ ч бид бусад намууд шиг хүчирхийллийн аргаар бүхнийг шийдэхгүй, энхтайвны, зөвшилцлийн аргаар явах ёстой гэсэн туйлын итгэл үнэмшилтэй байдаг. Эдийн засгийн тухайд өрсөлдөөн дээр тулгуурласан эдийн засаг явуургүй юм. Эв, хамтын буюу бүх талуудын эрх ашгийг тусгасан замаар асуудлуудаа шийдэж байх ёстой гэж үздэг.

Улс төрийн ууган хүчнүүдийн нэг ч гэлээ парламентад суудалгүй, гишүүнчлэл цөөтэй гэх мэтээр үр дүн багатай байна уу?

-Монголын Ногоон нам анх байгуулагдахдаа гурван мянган гишүүнтэй, 12 мянган дэмжигчтэй байсан байна. Хамгийн их санал авсан тохиолдол нь 2008 онд 65 мянган сонгогч манай намыг дэмжсэн байдаг. Харин өнгөрсөн сонгуулиар 15 мянган хүний санал авсан. Өнөөдрийн тухайд хоёр мянга гаруй хатуу гишүүнчлэлтэй байна. Гишүүнчлэл нэмэгдэх хандлагатай байгаа.

Та бүхэн өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ төлөө ямар үр дүнтэй ажил хийсэн байна вэ?

-Шинэ Үндсэн хуулийг батлагдахад Монголын Ногоон нам 1992 онд 16.2 дахь заалтыг оруулсан нь бидний бахархал болсон үйл явдал байсан. Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэж. Энэ заалтаас үндэслээд хүний амьдралын баталгаа бүрдэх ёстой. Агаарын бохирдол, усны бохирдол, эрүүл аюулгүй хүнсээр хангах, хөрсний бохирдолгүй орчинд амьдрах гэх мэт эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах эрх зүйн зохицуулалт байх ёстой. Тодорхой хэмжээнд асуудал явагдаж байна.

Өнөөгийн ногоон үзэл, бодлогын хэрэгжилтийн тухайд?

-Яахав байгаль орчны хууль эрх зүй үнэхээр сайн гэж дүгнэдэг. Гэхдээ тодорхой хуулиуд дээр ухралт гарчихаад байгаа. Та бүхэн мэднэ. Цацрагийн идэвхийг зохицуулах тухай хуулийг 2009 онд улс төрийн шийдлээр С.Баярын Засгийн газар хүчингүй болгож байсан. Үндсэн хуульд зааснаар хүний аюулгүй орчинд амьдрах таван чиглэл хуулийг гаргах ёстой ч гурвыг нь гаргачихаад байна. Гэхдээ манай нийгмийн сул тал нь сайн хууль баталж гаргаад байгаа ч огт хэрэгждэггүй. Хуулийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл улс төрийн хүрээнд байдаггүйтэй энэ бүхэн холбоотой. Үүнийг Урт нэртэй хуулийн хэрэгжилтээс харж болно. Хэрэгжихгүй байсаар Дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргаад маш их мөнгөн ус, цианит натрийг импортоор оруулж ирчихээд сууж байна. Байгаль дэлхийтэйгээ зарлаагүй дайн хийж байгаа хэрэг. Энэ хууль хүчингүй болсноос хойш Улаанбадрахын асуудал босч их хэмжээний уран олборлоход бэлэн болчихоод байх шиг байна.

Ногоон үзэл, эко орчин гээд уул уурхайгаас 100 хувь татгалзчихвал эдийн засаг юу болох билээ?

-Олборлоно. Олборлохдоо байгаль орчинд, хүний амьдрах орчинд халгүй, ээлтэй байна. Даян дэлхийн ногоонтнууд энэ дэлхийгээ хамгаалж авч үлдэх үүрэгтэй хүмүүс. Уран олборловол дэлхий сөнөдөг. Зөвхөн хүн гэлтгүй амьтан ургамалд хамгийн их халтай зүйл. Ураныг хүн анагааж, эмчлэхэд огт ашигладаггүй юм. Ердөө хоёр зүйлд л ашигладаг. Цөмийн цахилгаан станц, цөмийн зэвсэг үйлдвэрлэлд зориулж гарган авдаг. Хоёулаа хүний аюулгүй амьдрах баталгаанд сөрөг нөлөөтэй. Үүнийг Чернобыл, Фүкүшима нотолдог. Хоёр долоо хоногийн өмнө Нью-Йорк хотын ойролцоох цөмийн станцад гал гарч ихээхэн хохирол учрууллаа. Хичнээн хүн үрэгдсэн, юу болсон нь тодорхойгүй байна. Францад маш их хэмжээний цөмийн хог хаягдлыг булсан нь ил болж байна. Цөмийн технологийн сул тал нь эцсийн шийдлээ олоогүй. Харин нөгөө талдаа үүнийг орлуулах боломж хэд хэдэн хувилбараар нээгдчихсэн байдаг. Нарны энерги, салхины хүч, газрын гүний энергийг ашиглах технологийг бид нээгээд авчихсан. Япончууд ус төрөгчөөр ажилладаг машин бүтээчихээд патентаа үнэгүй аваач ээ гээд уриалан дуудаж байх жишээтэй. Тэгэхээр хүн төрөлхтөн аюултай технологиос татгалзах бүрэн боломжтой болчихсон. Өнөөдөр хөгжил нь их хурдацтай явагдаад энергийн эх үүсвэрийн дутагдалд орчихсон орнууд олборлоод байгаа юм. Бас хөгжөөд задралдаа ойртчихсон орнууд цөмийн зэвсэг хийж байна. Манай улс бол уран олборлох шаардлагагүй. Уранаа зараад мөнгө олох санаа байж болох байх. Гэхдээ уран зарвал хог шаарыг нь заавал өөрийн нутаг дэвсгэртээ булах, эсвэл их хямд үнээр уранаа зарах сонголтын өмнө очдог.

Байгаль орчны төлөө нэгдсэн хүмүүс зорилгоо хэрэгжүүлэх байгаль орчноор бизнес хийдэг болсон гэх шүүмжлэл гардаг. Асуудлыг яаж шийдэх ёстой юм бэ?

-Зургаан мянга гаруй байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагууд байна. Түүний 90 хувь нь цаг үеийнх. Юу гэсэн үг вэ гэвэл сонгууль болж эрх баригчид өөрчлөгдөхөд намд ойр байсан хэсэг нь санхүүжээд эхэлдэг. Бас уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудаас мөнгө шаарддаг хэсэг ч бий гэж дуулддаг. Ийм нөхцөл тогтчихлоо. Юунаас болсон бэ гэвэл Төрийн бус байгууллагын тухай хуулийн зарим зохицуулалт учир дутагдалтай байгаагийн илэрхийлэл. Төрийн бус байгууллагыг хэн санхүүжүүлэх вэ гэдгийг шийдээгүй. Герман компаниудаас авч байгаа татварынхаа бага хувийг аль нэг төрийн бус байгууллагад өгөхийг хуулиар зөвшөөрчихсөн байдаг. Төрийн бус байгууллагуудын санхүүжилт найдвартай болоод ирэхэд нийгмийнхээ төлөө л ажиллана гэсэн үг.

Та бүхэн цаашдынхаа замналыг яаж тодорхойлж байгаа юм?

-Бид байгаа хуулиудаа хэрэгждэг болоход л анхаарал хандуулъя гэж байгаа. Түүнээс биш шинээр гайхамшигтай хууль гаргаад хэрэгжихгүй бол ямар ач холбогдол байх билээ. Тэгээд ч өнгөрсөн 25 жилд Монгол Улс хуулийнхаа үндсэн шаардлагыг базаад гаргачихаж. Бас байгаль орчноор бизнес хийдэг бус чин сэтгэлээсээ ажилладаг болгох үндсийг тавихад анхаарна.

Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ цаг-үе

Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй

Монголчууд бид 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд шинэ Үндсэн Хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь эдлэхтэйгээ болж, олон улсын тав­цанд бүдгэрч байсан улс орныхоо нэр хүндэд гэрэл гэгээ оруулж, гадаад ертөнцийн хэн бугайтай ч гэсэн таван үг солихтойгоо болсон билээ. Харин өнөөгийн улс төр, нийгмийн болоод улс орны маань хөгжил цэцэглэлт нэг л гацаанд орчих шиг боллоо. Томруулж хэлбэл өнөө социализм, коммунизм шигээ мухардалд орчихов уу гэлтэй.

“Хүмүүнлэг, иргэний ард­чилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг гол зорилгоо болгоно” гэсэн шинэ Үндсэн Хуулийн зорилтыг 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдон үүнийг хэрэгжүүлэх нь зөв зүйтэй байна, энэ зорилтыг биелүүлэх ажилдаа нэн даруй орохгүй бол хо­жимдох аюул нүүрлэж, ний­гэмд гажуудал үүсэж буй учир “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төв­лөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг” гаргаж, эдүгээг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Үнэндээ уг баримт бичгийг УИХ нь ч баталж өгдөггүй, “Үндэсний хэмжээний үйл хэрэг юм шүү, бидэнд үүнээс өөр зам үгүй” гэж ярих төрийн түшээд ч байдаггүй, дорвитой шийдэлд хүртэл ажилласан нам ч алга л байна. Энэ дашрамд дурьдахад Үндсэн Хуулийн эдгээр үнэт гол зорил­туудыг чиг баримжаагаа болгож, барьж хэрэгжүүлэх талаар хуруугаа ч хөдөлгөж үзээгүй улс төрийн нам, уг хуулийнхаа үр шимийг бүрэн хүртэж ч амжаагүй байж өөрчилсөн буюу өөрчлөхийг санаархаж байгаа улс төрчид­тэй санаа зорилго нийл­дэггүй мянга мянган иргэдийн нэг нь миний бие билээ.

Иргэдийн дунд “Иргэний нийгэм”-ийг цогцлоон хөг­жүүлэхэд гол суурь болж өгөх, эхний хэв шинжийг бүрдүүлэх “Шууд ардчилал, иргэний оролцоо”-ны энэ үйл явц нь зөвхөн ерөнхийлөгчийн нэг санаа буюу сонгуульт хугацаатай хамт алга бо­лох мэтээр ойлгох, эсвэл аль нэг улстөрийн намын сурталчилгаа, бүр ТББ болон гадаадын төсөл, хөрөнгөөр хийгдчих ажил гэж өнгөцхөн ойлгох нь түгээмэл байна.Тэгж ойлгуулах сонирхолтой улс төрийн хүчин, улстөрчид ч байгааг хэлэх хэрэгтэй.

НИТХ-ын дэргэд “Иргэний Оролцооны Хэлтэс” гэж 2012 онд Нийслэлд төдийгүй Мон­голд анх удаа цоо шинэ хэлтсийг байгуулсан нь нийслэлийн иргэд, удирдлагууд нь улс орны, тэр дундаа Нийслэлд тулгамдаад байгаа олон олон асуудлыг шийдэх, хөгжлийн цаашдын замналын гол утга учир нь иргэдийн орлцоо, түүнд тулгуурласан зөв зүйтэй бодлого байх нь зүйтэй гэж үзсэний бодит үр дүн юм. Тиймээс энэ хэлтсийн ажилтны хувьд өөрт байх зарим тоо баримт, бодол санаагаа цухас дурдъя. Дээрхи баримт бичгийн гол зорилго нь иргэд эцсийн шийдвэр гаргадаг байх, тэдэнд мөнгө санхүүгийн эрх мэдэл олгох, товчхондоо төлөөллийн ардчилалд байгаа төвлөрсөн эрх мэдэл, баялгийн хуваарлалт зэргийг иргэдийн мэдэлд тайван замаар шилжүүлж, шууд ардчилал болон төлөөллийн ардчилал хоёрын шүтэлцээг зөв тогтоож өгөхөд оршиж байна. Энэ гол зорилтын утга санааг нийслэлийнхээ иргэдэд хүргэхийн тулд тус хэлтсээс “Манай хороо-Миний оролцоо” сэдэвт сургалт, мэдээллийг 2013 онд зохион байгуулахад 32000 иргэн хамрагдсан байдаг. 2015 онд бид их, дээд сургуулиудын нийгэм, хууль эрх зүйн эрдэмтэн багш нартай хамтран бүр өргөн цар хүрээтэйгээр сургалт, мэдээлэл өгөхөөр төлөвлөн, бэлтгэл ажлаа үндсэндээ дуусгаад байна.

Ерөнхийлөгчийн санаачил­сан “Иргэдийн оролцооны хууль”-ийн төслийг өргөн ол­ноороо хэлэлцэж байна. Тус хуулийг анх удаа www.cityhall.gov.mn цахим хуудсаар бүх нийтээрээ хэлэлцэх бо­лом­жийг бүрдүүллээ. Энэ хуудсанд Нийслэлийн “Ир­гэний оролцоо”-ны талаархи бүхий л мэдээлэл тавигддагийг дашрамд хэлье.

Тус хэлтсээс 2014 онд Нийслэлийн Иргэдийн Тө­лөө­лөгчдийн Хурлын дар­га Д.Баттулгын 05 тоот захирамжийн дагуу Нийс­лэлийн 152 хорооны 15000 өрх айлд хүрч, олон нийтийн болон нийгмийн ухаанаар суралцаж буй их, дээд сургуулийн оюутан, багш нартай хүч хавсран ажиллаж, 14696 өрхөд хүрч “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж байгаа болон дүүрэг, хороодод иргэний оролцоо хөгжиж байгаа эсэх” гэсэн мониторинг судалгаа явуулахад хамрагдсан хү­мүү­сийн 81 хувь нь “Шууд ард­чилал, иргэдийн оролцоог дэмжиж байна” гэж, 61,54 хувь нь “Шууд ардчилал, иргэдийн оролцоонд идэвхийлэн оролцоно” гэж хариулсан юм. Үүнээс үзэхэд Үндсэн Хуулийн зорилт биелэх үндэс суурь, үнэт зүйлс эх оронд минь бэлээхэн байж байна.

Нийслэлд одоогоор 140 гаруй иргэний танхим байгаа нь нааштай дүн хэдий ч 50 орчим хувь нь идэвхигүй байдалд, оромдох, дүр эсгэх төдийхөн байгаа нь тухайн дүүрэг, хороодын удирдлагаас ихээхэн хамааралтай байгааг хэлэх хэрэгтэй. Ер нь иргэдийн дунд намчирхан талцах байдал нилээд гүн шингэсэн нь “Иргэний нийгэм цогцлоон хөгжүүлэх” үндсэн зорилтонд хүрэхэд учрах томоос том бэрхшээл болж байна. Энэ нь нийслэлчүүд бидний “Найрсаг Улаанбаатар” гэсэн зорилтонд ч бас тээг болох нь дамжиггүй. Найрсаг байя гэвэл эхлээд иргэд бид өөр хоорондоо эв нэгдэлтэй, сонор сэрэмжтэй байх нь хамгаас чухал. Харамсалтай нь шууд ардчилал, иргэний оролцооны хувь заяанд шууд нөлөөлөх “Улстөрийн намын хууль” болон “Сонгуулийн хууль”-д доривтой өөрчлөлт оролгүйгээр, мөн л 2008, 2012 оныхоо дүр төрхөөр 2016 онтойгоо учрах магадлал өндөр байна.

Иргэд бидэнд өнөөдрийн хөгжил дэвшлийг маргааш болгох, маргаашийг нөгөөдөр болгох сонирхол үнэндээ байхгүй билээ. Иргэд олон түмэн өөрсдийнхөө хүчийг төсөөлснөөс ч хавьгүй их гэдгийг тэр болгон ухаар­даггүй. Энэ их хүчийг иргэд бид эв нэгдэлтэй болж байж л мэдэрнэ. “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэж манай ард түмэн хэзээнээс сургасаар ирсэн.

НИТХ-ын Ажлын Албаны Иргэний Оролцооны Хэлтсийн ажилтан

Б.ӨЛЗИЙСАЙХАН

Categories
мэдээ нийгэм

Цахим системээр газар өмчлүүлэх 3 дугаар ээлжийн бүртгэл өнөөдөр 12:00 цагт дуусна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхэллээ. Бүртгэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу 05 дугаар сарын 15-ны өдөр 12:00 цагт дуусна. З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.
  1. Сонгинохайрхан, Шижирийн хөндий
  2. Сонгинохайрхан, Шижир уул
  3. Баянзүрх, Улиастайн бага ам
  4. Баянзүрх, Богдын давааны ам
  5. Хан-Уул, Улаан овоот
  6. Хан-Уул, Улаан овоот
  7. Налайх, Нисэх хотхон
  8. Багануур, Булагтай
  9. Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг
  10. Багануур, Тариан булаг 2-р хэсэг
  11. Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг
Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудад хандах боломжтой. Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авна уу гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүд амралтын өдрөө Хүй долоон худагт өнгөрүүлээрэй

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран “Эрүүл иргэн – Эко хөгжил II” аялал, амралт, зугаалгын хөтөлбөрийг 2 дахь жилдээ энэ сарын 16-ны өдөр буюу Бямба гарагаас эхлэн энэ оны 9 дүгээр сарын 19 хүртэл амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

Тус хөтөлбөр нь нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан бие бялдар, зан төлөвшлийн өв тэгш хүмүүжлийг олгох, Монгол ахуй соёлоо сурталчлах, эко тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйг энгийн хэрэглээнд нэвтрүүлэх, дугуйн зам, маршрутыг нэмэгдүүлэх зорилготой.

Иргэд хөтөлбөр хэрэгжих хугацааны туршид амралтын өдрүүдэд Хүй долоон худагт очиж X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомны мини парк, ролк түрээсийн үйлчилгээ, дугуйн түрээсийн цэг, морин аяллын цэг, халуун хоол, цай, хүнсний бүтээгдэхүүн худалдаалах цэгээр үйлчлүүлэх боложтой бөгөөд мэдээллийн цэг, зохион байгуулалт, хамгаалалтын алба, байнгын сахиул ажиллах юм.

Нийслэлийн иргэдийг хөтөлбөрт идэвхитэй оролцуулах үүднээс 7 хоног бүрийн Бямба, Ням гарагийн 11, 13 цагаас Улаанбаатар хотоос Хүй 7 худаг хүртэл нийтийн тээвэр явуулах бөгөөд Ялалтын талбайгаас – Саппорогийн автобусны буудал – 5 шарын автобусны буудал – Хүй долоон худаг гэсэн маршрутаар явна. Харин Хүй долоон худгаас – 5 шарын автобусны буудал – Саппоро автобусны буудал – Ялалтын талбай гэсэн маршрутаас 17, 18:30 цагуудад буцаж ирэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Ц.Наранжаргал Азийн аварга болжээ

Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний -70кг-д Цэнд-Аюушийн Наранжаргал алтан медаль хүртжээ.
Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Азийн аваргын хүрэл медальт Узбекстаны Гулнозатай барилдсан байна.
Манай жүдоч барилдааны үндсэн цаг дуусахаас 24 секунд дутуу байхад вазари үнэлгээг авч улмаар боох мэхээр өрсөлдөгчөө цэвэр ялж, аварга болжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг.Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил болж байгаа бөгөөд Монгол Улс энэхүү өдрийг энэ жил 10 дахь удаагаа тэмдэглэж байгаа юм байна. Гэр бүлийн өдрөөр гэр бүлийн ямар нэг асуудлыг анхаарлын төвд тавьдаг. 2005 онд “Гэр бүлийн амьдрал ДОХ, ХДХВ-ын нөлөө”, 2007 онд “Гэр бүл ба хөгжлийн бэрхшээлтэй иргэн”, 2012 онд “Гэр бүлийн хуримтлал үүсгэх” уриан дор тэмдэглэж байжээ. Харин энэ жилийн хувьд “Гэр бүлд ээлтэй найрсаг Улаанбаатар ” баярын парадыг зохион байгуулах ажээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хэрэгт дуртай хүмүүс

Дэлхий дахины сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүдийг уншиж суухдаа хүмүүс бид заримдаа нэгнийхээ хэрэгт дэндүү орж, хов живэнд гайхалтай шунан дурлах юм даа гэж бодлоо. Үнэндээ ч хэний ч анхаарлыг татаад байх мэдээлэл биш л дээ. Гэхдээ хэвлэлд мэдээлж байгаа нь, түүнийг сонирхон хүлээн авч байгаа маань биднийг нэгнийхээ амьдралд дэндүү оролцдог болсныг илтгээд байх шиг. АНУ-ын Мичиганд 12 хүүтэй хос саяхан шинэ хүнтэй болсон бөгөөд мөн хүү байжээ. Уг мэдээнд хосуудыг 12 хүүтэй атлаа 13 дахь хүүхдээ ямар хүйстэй болохыг мэдэхийг оролдоогүй байсан талаар хачирхан бичжээ. Үнэндээ тэдний хувьд хайрын бэлгэдэл болж ирсэн үр хүүхэд нь хүү байна уу, охин байна уу хамаагүй байж болох шүү дээ. Гэтэл хүмүүс бид нэгнийхээ амьдрал руу дэндүү өнгийх юм. Манайхан ч хүүгүй бол “Удам залгах хүүтэй болохгүй нь дээ” гэж эсвэл охингүй бол “Гэрээр дүүрэн бахиалууд, идэж уух нь дийлдэхгүй байгаа биз” хэмээн өрөвдөх, тавлахын хооронд хэлэлцэнэ. Үнэндээ нөгөө хүмүүс нь тэгж боддог ч юм уу, эмзэглэдэг ч юм уу. Бас нэг гадаад мэдээнд Сан Диегогийн амьтны хүрээлэнд өнгөрсөн гуравдугаар сард мэндэлсэн бяцхан усны үхрийн хүйсийг арайхийн охин хэмээн мэдсэн талаар өгүүлжээ. Эх усны үхэр шинэ мэндэлсэн үр төлөө цөөрмийн ус ургамал дунд нууж, дөрвөн тонн том биеэрээ халхлаад байсан тул эр, эмийг нь мэдэж болохгүй байсан талаар онцолсон байх юм. Тэгээд ямартай ч охин усны үхэр гэдгийг арайхийн хоёр сарын дараа мэдлээ хэмээжээ. Үнэндээ хүмүүс бидний эр, эм хүйст ач холбогдол өгч, айл гэрийн амьдрал байтугай амьтны үр төлийг ч сонирхож, элдвийг чалчдаг байдал хэрээс хэтэрчээ. Тиймээс амьтан хүртэл үр төлийнхөө хүйсийг нуудаг ч болсон юм билүү, хэн мэдлээ.

Э.ЭНЭРЭЛ