Categories
мэдээ нийгэм

Ирээдүйн машины чиг хандлага F 015

“Mercedes Benz” компани CES 2015 шоунд нэгэн автомашины моделийг танилцууллаа. “F 015 Luxury in Motion” нэртэй энэхүү тэрэг ирээдүйн ато машины чиг хандлагыг тодорхойлно гэж үйлдвэрлэгчид нь үзэж байгаа аж. 272морины хүчтэй, хойноо хөтлөгчтэй, дээд хурд нь 125 миль бөгөөд 6.7 секундэд 62 миль хүртэлх хурдыг арын хэсэгт байрлах хоёр цахилгаан моторын хүчээр авах боломжтой юм байна. Цахилгаан нь устөрөгчийн түлшний бүрдлээс үүсэх ба өндөр хүчдэлийн баттерей нь богино шатлалтай нэмэлт хүчээр хангаж чаддаг гэнэ.

F 015-ийн “бие” нь хөнгөн цагаан, өндөр бат бөх ган болон нийлмэл материалтай.

Жолооч нь хойноо сууж яваа зорчигчийнхоо өөдөөс харж суусан ч ямар нэгэн асуудал үүсэхгүй байхаар бүтээжээ.

Жолооч нарт зориулсан, үнэгүй “АВТО АМЬДРАЛ” сэтгүүл

Жолооч гэдэг тусгай мэргэжил байсан бол одоо машин барьдаггүй хүн ховор болсон. Айл болгонд шахуу нэг машинтай болсон энэ цаг үед таны төмөр хүлэгтэй холбоотой мэдээ, мэдээллээр төрөлжсөн “Авто амьдрал” гэдэг нэртэй сэтгүүл анхныхаа дугаарыг гаргажээ. “Авто амьдрал” бүгдэд зориулсан, үнэгүй учир жолооч нарын хувьд урд хайрцагтаа хадгалах, мэдээлэл ихтэй хэвлэлд нь тооцогдож байгаа гэнэ. Уг сэтгүүлийн шинэхэн дугаарт авто машинтай холбоотой олон сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтлэл, ярилцлагууд оржээ.

Тэнхлэг тохиргоо гэж юу вэ?

Тэнхлэг тохиргоо гэдэг нь нэг тэнхлэгт байгаа хоёр дугуй хоорондоо параллель байх болон зөвшөөрөгдсөн хэмжээнд хүртэл тохируулж тааруулахыг хэлнэ. Тэнхлэг тохиргоо алдагдахад дугуйны хээ жигд бус элэгдэнэ. Жолоо барих үед жолооны хүрд булааж, эргэх хөдөлгөөн хийхэд дугуйгаа түрж, чихарч дуугарна. Бензин идэлтэд нөлөөлнө. Тэгш замд жолооны хүрдээ сул тавихад автомашин шулуун явахгүй.

Согтуу жолоочийг зогсоодог технологи жилд 59 мянган хүнийг аварна

АНУ-ын Мичиганы их сургуулийн Гэмтлийн төв, Тээврийн хэрэгслийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар машины асалтыг дотроос нь түгжигч технологи тус улсын хэмжээнд л гэхэд 15 жилийн хугацаанд 59 мянган хүний амийг аварч, 343 сая ам.доллар хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ. Гэхдээ АНУ-ын бүх машиныг энэ технологиор тоноглосон тохиолдолд гэж тооцож гаргасан тоо юм байна. Жолоочийн амьсгалаар согтолтыг мэдэрч, улмаар асаах ажиллагааг автоматаар түгждэг энэхүү технологи нь харьцангуй өндөр үнэтэй ч гурван жилийн дотор өртгөө нөхнө гэж үзжээ. Энэ технологи нь цоо шинэ биш, 1960-аад оноос хойш янз бүрээр үйлдвэрлэж, туршсаар өнөөдрийг хүргээд байгаа билээ.

Өсвөр насныханд зориулсан ухаалаг машин бүтээжээ

“Женерал Моторс” эцэг эхчүүдэд тус болох ухаалаг машин зохион бүтээсэн байна. 2016 Chevy Malibu хэмээх уг машинд өсвөр насныханд зориулсан жолоодлогын системийг суулгажээ. Үүний ачаар эцэг эхчүүд хүүхдүүдээ хянаж, аюултай зүйл хийхээс нь сэргийлж болох гэнэ. Жишээ нь, аюулгүйн бүсээ зүүхээс нааш радио, хөгжим нь ажиллахгүй. Мөн эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ машины хурдад 40-74 км-ийн цагийн дээд хязгаарыг тогтоох бөгөөд хэрвээ дээд хязгаарыг хэтэрвэл дүрс, дуугаар жолоочид анхааруулга өгч болдог гэнэ. Түүнчлэн энэ системээр зам чиглэлээ хянаж, мөргөлдөх эрсдэлийг анхааруулах болон зогсоолд тавих үеийн тусламж, явган хүн хэт ойртсон тохиолдолд тоормозлох, гэрлийг автоматаар удирдах зэрэг авууштай талуудтай юм байна. Ингэснээр 16-19 насныхны аюулгүй байдлыг хангахад иймэрхүү ухаалаг машинууд тус нэмрээ оруулна гэдэгт үйлдвэрлэгч нь итгэлтэй байгаа аж.

Оношилгооны цэгүүд амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын нэгний дотор төлөх үүрэгтэй. Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангахын тулд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журам үйлчилж байгаа. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгааг жолооч нарт сануулъя. Жолооч таны автомашины улсын дугаар тав, тэг тоогоор төгссөн бол энэ сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх юм.

Авто машины үнэ буурсаар байна

“Да хүрээ 1900-1976” лавлах улирал тутамд авто машины үнэ ханшинд судалгаа хийж олон нийтэд хүргэдэг юм байна. Сүүлийн судалгаагаар ерөнхийдөө машины үнэ тогтворжиж, үнэ нь буурсан чиг хандлагатай байгаа аж.

Бэлтгэсэн Д.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Хайгуулын 119 тусгай зөвшөөрөл олгоод байгаа аж

Ашигт малтмалын газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард нийт 170 гаруй мянган га талбайд, ашигт малтмалын хайгуулын 66 тусгай зөвшөөрөл олгосон байна. Хоёрдугаар сараас хойш нийтдээ 119 тусгай зөвшөөрөл олгосон болохыг мэдээлэв.

Ер нь Уул уурхайн яамнаас 31 сая га талбай буюу нийт нутгийн 19.9 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох аж. Одоогоор олгогдоод байгаа нийт хайгуулын тусгай зөвшөөрөл нутаг дэвсгэрийн 6.9 хувийг эзэлж байгаа юм байна. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд дөрөвдүгээр сарын олгогдсон байдлаар гуравны нэг нь алтны орд, 18 хувь нь нүүрсний орд байгаа гэнэ. Түүнчлэн ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дөрөвний гурав нь дотоодын хөрөнгө оруулалттай, 17 хувь нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ зун хотын төв хэсгээр зам хаахгүй байх нь

Энэ жил нийслэлд 44 тэрбум төгрөгийн өртөгтэй зам засварын ажил хийхээр төлөвлөсөн байна.

  • Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөр бетон гүүр – Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  • Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт
  • Улиастай – Гачууртын чиглэлийн 11км авто замын засвар,
  • Гүнтийн даваа чиглэлийн авто замаас Ар Гүнтийн зуслан хүртэлх 7,36 км автозам
  • Өлзийт хороолол- Биокомбинат- Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам
  • Сонсголонгийн уулзвараас Яармагийн гэр хорооллыг хүртэлх 4.4 км замын барилгын ажлыг хийх аж.

Харин хотын төв хэсгээр зам засварын ажил хийгдэхгүй бөгөөд хойд зүгийн зуслангийн чиглэлд 16.35 километрийн замын ажил эхлэх үед удаан хугацаагаар замыг хэсэгчлэн хаах гэнэ.

Categories
мэдээ спорт

Монголын баг хүрэл медалийн төлөө тоглоно

Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй тивийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд өндөрлөнө. Тус тэмцээний аваргын төлөө Япон-Тайвань, хүрэл медалийн төлөө Монгол-БНСУ-ын баг шалгараад байгаа билээ.

Өнөөдрийн тоглолтын хуваарь:

10.00 цагаас ВИЙбайрын төлөө Хонконг-БНАСАУ

12.00 цагаас В байрын төлөө БНХАУ-ын Макао-БНХАУ

14.00 цагаас Хүрэл медалийн төлөө Монгол-БНСУ

16.00 цагаас Алтан медалийн төлөө Япон-Тайвань

Тэмцээнийг үзэж сонирхохыг хүсвэл тасалбар 6000 төгрөг. Буянт-Ухаа спортын ордон руу СБД-ийн Спортын төв ордон, БЗД-ийн Жуковын музей, СХД-ийн Саппоро үйлчилгээний төв зэрэг зогсоолоос автобус үнэгүй үйлчилж байгаа.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-д 100 мянган ам.долларын тоног төхөөрөмж хандивлана

“Нийслэл” ротари клуб, Хонконгийн ротари клуб Монголын Гэмтэл согогийн үндэсний төвтэй хамтран “Түнхний үений төрөлхийн мултралтай хүүхдийн мэс засал, эмчилгээ” сэдэвт сургалт-төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд Хонконгоос ирсэн мэргэжилтнүүд Монголын эмч нарт зориулж сургалт явуулж, хамтран мэс засал, эмчилгээ хийнэ. Мөн түнхний үений мэс засал, эмчилгээнд шаардлагатай 100 орчим мянган ам.долларын үнэ бүхий багаж хэрэслийг Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хандивлана. Уг арга хэмжээ энэ сарын 17-нд болох юм.

Categories
мэдээ спорт

Г.Нандинзаяа “Рио-2016” зуны олимпийн эрхийг авлаа

Монголын дөрөв дэх тамирчин “Рио-2016” зуны олимпийн эрхийг авлаа. Тодруулбал, АНУ-д болж буй буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Г.Нандинзаяа дөрөвдүгээр байрт шалгарч, “Рио-2016” олимпод оролцох эрхтэй боллоо. Тэрбээр өнөө өглөө болсон хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд өрсөлдсөн юм. Дэлхийн шилдэг 106 тамирчин энэ дасгалд өрсөлдсөнөөс Сербийн буудагч, “Дэлхийн цом”-ын аварга Андре Арсович түрүүлж, Хорватын буудагч, олимп, дэлхийн медальт Шнезана Пежчич, Данийн тамирчин, Дэлхийн залуучуудын аварга Стейн Нилсен нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. “Дэлхийн цом”-ын хийн бууны дасгалд олимпийн 3 эрх өгч байгаа. Эхний гурван буудагч эрхээ авсан байсан тул 4, 5, 6-р байрт орсон Монгол, АНУ, Египетийн тамирчид ийнхүү олимпийн эрхтэй болж байна.

Ганхуягийн Нандинзаяа нь Оюутны дэлхийн аварга, оюутны “Универсиад” наадмын хүрэл медальт, энэ жил 21 нас хүрч буй залуу тамирчин юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргатай Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Бэртранд Бадрэ уулзлаа

Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, Дэлхийн банк группын Санхүү хариуцсан захирал Бэртранд Бадрэ өнөөдөр манай улсад хүрэлцэн ирлээ. Ноён Бадрэ айлчлалынхаа үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нартай уулзахаар төлөвлөсөн байна.

Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдтой уулзсан бөгөөд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцжээ. Ноён Бэртранд Бадрэ Монгол Улсад Дэлхийн банкны үйл ажиллагааны явц байдалтай танилцахаар ирсэн тухайгаа дуулгаад, эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах талаар саналаа хэлж, Дэлхийн банкнаас Монгол Улсын Их Хурлаар батлуулах шатанд байгаа гурван төслийн талаар тодруулжээ.

УИХ-ын дарга “Тогтвортой амьжиргаа-3” төслийг Улсын Их Хурлаар баталсан. Одоо хэрэгжих “Цахим эрүүл мэнд” , “Ухаалаг засаг”, “Боловсролын чанарын шинэчлэл” төслүүдийн мөнгөн дүн, нэрийг өөрчлөхгүйгээр агуулгыг нь өөрчлөх чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон. Эдгээр төслүүд удахгүй батлагдана. Түүнчлэн УИХ-ын Тамгын газар дахин инженерчлэлийг хэрхэн явуулж байгаа талаар өмнө нь Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жим Андерсонд танилцуулж байсан. Цаашид энэ байдлаар бүх төрийн байгууллагуудад дахин инженерчлэл хийгдэнэ. Тиймээс эдгээр төслийн зарим нь үүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм гэдгийг онцолжээ.

Ц.БУЛГАН

Categories
мэдээ нийгэм

16 дугаар байрны оршин суугчид хэвлэлийн хурал зарлав

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны оршин суугчид яг одоо 12.00 цагаас хэвлэлийн хурал хийх гэж байна.

Тус байрны хажууд 18 давхар орон сууц барих зөвшөөрөл олгосны дагуу “Би Жи Би Жи” компани суурийн нүх ухаж, улмаар 16-р байранд 4 см хазайлт үүсч оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн билээ. Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн аюул байхгүй, хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийн ажил хийснээр оршин суугчдыг байранд нь оруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан.

Гэвч 16 дугаар байрны оршин суугчид “нэгэнт хазайлт өгсөн бол аюулгүй гэдэгт итгэх арга алга, үр хүүхдээ ийм аюултай газар амьдруулж чадахгүй, орон сууцны үнийг бууруулсан” зэрэг шалтгаанаар эргэж байрандаа орохоос татгалзаж байгаагаа илэрхийлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч асан П.Очирбатын ХОМ-ийг шалгаж байгаа гэнэ

АТГ-аас Ерөнхийлөгч асан П.Очирбатын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж эхэлжээ. Түүний цалингийн асуудал олны анхаарлыг татаж, тус байгууллагаас шалгахад хүрсэн гэнэ. Мөн Хөгжлийн банкны Х.Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгаж байгаа аж. Н.Мөнхбат нь энэ оны хоёрдугаар сарын 15-нд хөрөнгө орлогынхоо тухай мэдүүлсэн бөгөөд үнэн зөв мэдүүлсэн эсэх, хөрөнгийн эх үүсвэр зэргийг нь шалгаж тодруулах шаардлагатай болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш 14.00 цагаас эхэлнэ. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх юм. Шийдлийн Засгийн газраас худалдаа болон татвар, хууль зүйн салбарт хамаарах хуулийн төслүүдийг өргөн бариад байгаа билээ.

Ц.БУЛГАН