Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн Муза-2015” өнөөдөр эхэлнэ

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза-2015” наадам энэ сарын 17-23-нд болно. Өнгөрсөн оны 12 дугаар сард Ереван хотноо болсон Олон улсын театрын институтийн 34 дүгээр их хуралд тус байгууллагын Монгол дахь төвийн Ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, боловсролын хорооных нь тэргүүн, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд нар оролцож, “Гэгээн муза” наадмыг Олон улсын наадамд албан ёсоор бүртгүүлсэн байдаг. Наадамд Швейцарь, БНХАУ, Уганда, Эстони, Косово, БНСУ-аас уран бүтээлчид оролцохоор мэдэгджээ.

Бүтээлүүдийг хүүхдийн, ганц хүний, драмын, дуулалт жүжиг гэсэн ангиллаар шүүх юм. Наадмын шүүгчээр “Би Эдип Пиаф байна” жүжгийн зохиолч Нина Мазур оролцохоор болжээ. Мөн Герман, Орос, Косово улсаас шүүгчид ажиллах юм. Одоогийн байдлаар тус наадамд хот, хөдөө орон нутаг, олон улсаас 50 орчим бүтээл ирүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Манай дөрвөн сумоч башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё үргэлжилж байна. Өнөөдөр найм дахь өдрийн барилдаан болно. Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн нэгээс барилдаж байгаа Осунаарашинтэй, Харүмафүжи Д.Бямбадорж нутгийн бөх комосүби Ичиножу А.Ичинноровтой, сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нутгийн бөх маэгаширагийн 5 баридаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргилтой тус тус барилдана. Нацү башёг одоогоор Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар, М-11 Кайсэй, М-10 Окиноми, М-8 Такаясү нар ганц унаатайгаар тэргүүлж байна

Categories
мэдээ нийгэм

Фэйсбүүкт нэгдсэн залуус хог цэвэрлэв

Фэйсбүүкийн групп болох “80- аад оныхон” болон “New ef sonata owners соната сонирхогчдын групп” хамтран өнөөдөр Туул голын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан тодорхой хэсгийг сайн дураараа цэвэрлэлээ. Тэдний цэвэрлэсэн хог хаягдлын 70 орчим хувийг MSC ,АПУ компанийн архи ундаа ,шар айрагны савнууд эзэлж байсан байна. Тус сайн дурын үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга Нямдорж,мэргэжилтэн Мэндбаяр нар дэмжиж, хамтран ажилласан байна.

Categories
мэдээ спорт

С.Янжинлхам шагналт 8 дугаар байрт шалгарлаа

Олимпийн таэквондогийн дэлхийн аваргын тэмцээнд С.Янжинлхам шагналт 8 дугаар байрт шалгарлаа.

Дэлхийн аварга шалгаруулах таэквондогийн тэмцээн Оросын Челябинск хотноо 05 сарын 10-18 хүртэл явагдаж 141 орны 900 орчим тамирчид оролцож байна.

Энэ тэмцээнд Монголын эмэгтэй 46 кг жингийн тамирчин С.Янжинлхам шагналт 8 байрт орлоо. Тэрээр энэ тэмцээний аварга, дэлхийн 2015 оны алтан медальт Тайландын тамирчинд 4 дэх тойрогтоо хожигдон анх удаагаа Монголын тамирчдаас дэлхийн аваргын тэмцээний шагналт 8 дугаар байрт шалгарсан сайхан амжилт үзүүлжээ.

С.Янжинлхам нэгдүгээр тойрогтоо Малайзын тамирчин С. Тирунакарасуг техникийн илт давуугаар цэвэр хожиж, 2 тойрогтоо Канадын тамирчин (солонгос гаралтай) Ю.Еонг тэнцүү өрсөлдөн 5:4 харьцаагаар хожин, 3 тойрогтоо Дэлхийн таэквондогийн холбооны нэрийн өмнөөс орж байгаа тамирчин А.Гоффиныг илт илүүрхэн 13:0 хожсон юм. Ийнхүү 3 хожил авч С.Янжинлхам шагналт 8 дугаар байрт шалгаран хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарчээ.

Сугалаа ёсоор 4 тойрогтоо энэ тэмцээний аварга болсон Тайландын П.Вонгпаттанакитай таарч 8:1 харьцаагаар хожигдсон юм.

С.Янжинлхамын хувьд дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа Монголын тамирчид дотроосоо хамгийн өндөр амжилт үзүүлэн олимпийн төрлөөр дэлхийн аваргын тэмцээнээс Монгол тамирчин медаль авахад ойрхон болсон байгааг илтгэн харууллаа. Тэрээр Үндэсний шигшээ багийн тамирчин бөгөөд РИО 2016 олимпийн наадамд оролцох эрхийн төлөө хүчээ сорьж байгаа манай улсын шилдэг эмэгтэй тамирчин юм.

Түүний жинд медальт байранд шалгарсан тамирчдыг танилцуулья.

Алтан медаль- Панипак Вонгпаттанакит, Тайланд
Мөнгө- Ирина Ромолданова, Украин
Хүрэл-Ирис Танг Синг, Бразил
Хүрэл-Ван Тинь Лин, Хятадын Тайвань
ШАГНАЛТ БАЙРАНД:
С.ЯНЖИНЛХАМ-МОНГОЛ
М.Смирнова-ОХУ
Шаоюи Ли-БНХАУ
К.Коуттоуки-Кипр улсын тамирчид шагналт 8 дугаар байранд шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд авто зогсоол байгуулна

НИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, байрьж байгуулах журам”-ыг баталлаа. Энэхүү журам

  • Авто замын түгжрэлийг бууруулах,
  • Авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх,
  • Оршин суугчдын тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилготой.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгажсан, шугам шүлжээ бүхий газарт нийт 10200 ширхэг авто гараж 55,26 га газрыг хамарч байна. Үүнээс зөвшөөрөлтэй – 1030, зөвшөөрөлгүй – 9170 байгаа юм.

Дээрх журмыг хэрэгжүүлэхдээ нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар байршил тогтоох, төлөвлөх, хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоог гаргах, иргэдэд танилцуулан санал авна. Үүний дараа нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосноор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулна. Төсөлд тавигдах шаардлага нь

  • Авто зогсоол төлөвлөж буй байршлын зурагтай байх,
  • Төлөвлөж буй авто зогсоолын төсөл /төсөв, ажлын график төлөвлөгөө/ боловсруулсан байх,
  • Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд авто зогсоол барих бол энэ талаарх мэдээлэл бүхий самбарыг барилгажих талбайд 7-оос доошгүй хоног байршуулан оршин суугчдаас санал авсан байх,
  • Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн 60-аас доошгүй хувийн мөнгийг өөрийн дансанд байршуулсан байх зэрэг юм.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Н.Моди УИХ-ын даргад бараалхлаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.05.17/ бараалхлаа.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд, Эрхэмсэг ноён Н.Моди болон Энэтхэгийн төр, засгийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүсч, манай оронд тавтай морилохыг хүсээд, Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед хоёр орны харилцааны түүхэнд анх удаа БНЭУ-ын Ерөнхий сайд Монголд айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга З.Энхболд, эрхэмсэг ноён Ерөнхий сайдын айлчлалын үеэр манай “гурав дахь хөрш”, бүс нутгийн гол түншүүдийн нэг болох Энэтхэг Улстай Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан Стратегийн түншлэл тогтоосонд баяр хүргээд, шинээр тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцолсон юм. Тэрбээр, хоёр улсын парламентын хооронд сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа идэвхжин, парламентад найрамдлын бүлгүүд тус тус байгуулагдаж, харилцан айлчлалууд хэрэгжин, парламентын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан нь хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төдийгүй Монгол, Энэтхэгийн харилцаанд зохих ёсоор хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэн хэлсэн юм.

Ардчилал, парламентын тогтолцооны арвин туршлагатай Энэтхэг Улстай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Энэтхэгийн ардчилал, парламентын засаглалын туршлагаас залуу ардчиллын хувьд Монгол Улс суралцах сонирхолтой байдаг гэж УИХ-ын дарга хэлээд, Монгол Улсад ардчилсан төрт засаг үүссэний 25 жилийн ойн албан ёсны арга хэмжээнд Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Хамид Ансариг оролцохыг урьсан тухай уламжилсан юм.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, УИХ-ын даргад элэгсэг дотноор хүлээн авч буйд, УИХ-ын чуулганы Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж, УИХ-ын эрхэм гишүүдтэй нүүр тулан уулзах боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлсэн. Эрхэмсэг ноён Нарендра Моди, Монгол Улсын Ардчилалд хүрэх зам мэдээж дардан байгаагүй гээд ардчиллын төлөөх буцалтгүй замыг сонгохдоо Та бүхэн олон саад бэрхшээлийг туулсан байдаг. Энэтхэг, Монгол хоёр улс оюун санааны хөршүүд бөгөөд миний энэхүү айлчлал завшаанаар олон чухал ой давхацсан жил тохиолоо. Энэ жил Энэтхэг, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Мөн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа юм байна. Эрхэм Таныг би зөвхөн УИХ-ын даргынхаа хувьд төдийгүй, хувь хүнийхээ хувьд хүчтэй, үлгэр дууриал болсон удирдагч гэдгийг хэлмээр байна гэж хэлсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд, манай хоёр улсын найрсаг харилцааны 60 жилийн түүхт ойтой давхцан тохиож байгаа ардчилсан хөгжлийн энэхүү ойн баяр нь Монгол төдийгүй ардчилал, энх тайван, эрх чөлөөг талархан дэмжигч, түгээн дэлгэрүүлэгч бүх улс орны баяр гэж үзэж байна гээд манай орны улс төрийн ардчилсан өөрчлөлт, шинэчлэл, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн дэлхийн хамгийн том ардчилал – Энэтхэг Улсын төлөөлөгчид дээрх арга хэмжээнд оролцох нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.

УИХ-ын дарга, Ардчилал, энх тайван, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд Н.Моди манай УИХ-ын танхимд зочлон үг хэлэх гэж буйд баяртай байна гээд Ерөнхий сайдын айлчлал нь Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Монголын ардчилалын үнэ цэнийг Та энэ дэлхий дээр байгаа хэн бүхнээс илүү ойлгож мэдэж байгаа. Таны их үйлсэд амжилт хүсэхийн зэрэгцээ, Монгол, Энэтхэг хоёр улс зөвхөн оюун санааны төдийгүй гуравдагч хөрш орон юм гэдгийг хэлэхийг хүсч байна гэж хэллээ.

Монгол Улсын Их Хурын дарга З.Энхболдод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди бараалхах үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт, З.Баянсэлэнгэ, Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашаас халуун ус хаана

Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ. Хуваариар 05 дугаар сарын 15-аас айл өрхийн дулаан хангамжийг хааж, урсгал засвар шинэчлэлийн ажил 18-наас эхэлнэ. Дээрх хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэгчид өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжид хийгдэх засвар, үйлчилгээг чанартай зохион байгуулж 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллана уу. Мөн 2015-2016 оны халаалтын улиралд төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдохоор техникийн нөхцөл авсан газрууд ажлын зургаа тус компанитай зөвшилцөж, шугамаас шинээр авлага авах, шугам өргөтгөх ажлыг төв шугамын графикт зогсолтой уялдуулж хийх шаардлагатайг анхаарна уу гэж “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХХК-иас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Алтанбулагийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газарт энэ сарын 8-ны өдөр ой, хээрийн түймэр гарсан.

Түймрийг унтраахаар онцгой байдлын газрын 64 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0243 дугаар ангийн 18 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 88 иргэн, 7 автомашин, 2 мотоцикль, нийт 194 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хөрсний хуурайшилт ихтэй энэ үед иргэдийг түймрийн аюулаас сэрэмжилж, анхаарал сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллага анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Нарендра Моди Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр бараалхав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди болон дагалдан яваа хүндэт төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн ерөөгөөд “Энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны бөгөөд түүхэн айлчлал болж байна. Ийм учраас таны энэхүү айлчлалын алхам бүхэн хоёр улсын харилцаанд түүх, өв соёл болон үлдэнэ. Таны удирдлагын дор Энэтхэг Улсын хөгжил сэргэж, олон улсын хэмжээнд эрчээ авч байгааг бид хараад баярладаг. Монголын ард түмний болоод өөрийн нэрийн өмнөөс таны энэхүү амжилтад баяр хүргэе.

Монгол Улс нь Энэтхэгийг өөрийн оюун санааны хөрш хэмээн үздэг. Энэ хөршийн харилцаа олон мянган жилийн түүхтэй. Хоёрдугаарт, манай хоёр орныг ардчилал, хүний эрх, хууль ёсоо дээдлэх гэх мэт үнэт зүйлс нэгтгэдэг. Гуравдугаарт, бид цаашдын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий. Ингээд та бүхнийг Монгол Улсад тавтай морилохыг хүсье” гэв.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч та биднийг халуун дотноор угтан авсанд гүнээ талархаж байна. Үнэхээр манай хоёр улс эрт дээр үеэс оюун санаагаараа холбогдсон, адилхан үнэт зүйлстэй билээ.

Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил, Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та 2009 онд төрийн тэргүүнээр сонгогдоод гадаадад хийх айлчлалаа Энэтхэгээр эхлүүлж байсан. Миний хувьд мөн Монгол Улсад айлчилсан Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болж байгаадаа бахархаж байна” гэв.

Дараа нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэв.

Нарендра Моди нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар 2015 оны тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа билээ.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

Кувейт улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний багийн тэмцээнд манай эмэгтэй тамирчид амжилттай барилдлаа.

Монгол Улсын жүдо бөхийн эмэгтэй баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Японы эмэгтэйчүүд тэргүүлж, БНСУ, Тайванийн баг тамирчид удааллаа.

Харин манай эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх барилдааныг Казахстаны тамирчидтай хийсэн ч хожигджээ.

Энэ тэмцээнд мөн Японы жүдочид түрүүлж, Узбекстаны тамирчид мөнгө, БНСУ, Казахстаны бөхчүүд хүрэл медалийн тавцанд зогсов.