Categories
мэдээ цаг-үе

Хэрвээ бид ажиллаж байсан бол тэр хүүхдүүдийг харсаар байгаад үхүүлчихгүй л байсан даа

Төв гал команд (Гал унтраах 10 дугаар анги)-ын ээлжийн бага даргаар ажиллаж байсан, ахлагч Д.Сүрэнтэй ярилцлаа. Эл эрхэм 20 гаруй жил гал сөнөөгчөөр ажиллаж, нийслэлд олон хүн, айл, албан байгууллагын эд хөрөнгө аварч байсан юм.

Гал сөнөөгчөөр ажилд орж байсан үеэ дурсаач?

-Би арван жилд байхдаа л гал сөнөөгчөөр ажиллана гэж боддог байлаа. Гал унтрааж байгаа хүмүүсийн үйлдэл бүрийг хараад зогсчихдог хүүхэд байлаа. Ингээд аравдугаар ангиа төгсөөд 1972 оны зургадугаар сарын 1-ний өдөр Төв гал командад гал сөнөөгчөөр ажилд орсон. Тухайн үед ар гэр, найз нөхдөөс хүртэл судалгаа авч байж ажилд авдаг байлаа. Ажилд орсноос хойш зургаан жилийн дараа ээлжийн бага даргаар ажиллах эхэлсэн дээ. Байнга нэгийн нэг, нэгийн хоёр номертой ажиллана.

Тэр нь юу гэсэн үг вэ?

-Нэг тасаг дөрвөн гал сөнөөгчтэй. Тэдэн дундаа нэг, хоёрдугаар хошуучин галын голомтод түрүүлж ордог, гол үүрэгтэй ажилладаг гэсэн үг л дээ. Ажилд ороод удаагүй байтал 1972 онд Авто засварын бааз (Хуучин цагаан хаалганы хажуу талд) шатлаа. Засвар, дугуйн гээд олон цехтэй. Дотроо машинтай. Хажуудах төмөр зам хүртэл гулзайгаад босч ирж байсан гээд боддоо. Хүн ойртох аргагүй том гал байлаа. Гурван бригад шөнөжин ажиллаж байлаа. Гэтэл тэр өдөр өвсний фонд шатаж таарсан. 22-ын товчооны тэнд өвсний фонд байсан хэрэг. Ус сувгийн удирдах газраас усны машин дайчилж, гэрээт гал командууд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласны хүчинд хүний амь эрсдэлгүй унтрааж чадсан.

Тухайн үед та нарын ажлын хувцас хэрэглэл ямар байв?

-Толгойндоо төмөр каск өмсчихнө. Тахианых шиг залаатай, эрүүвчтэй төмөр каск, брезентэн өмд цамцтай л ажилладаг байлаа. Бүсэндээ сүх хавчуулчихна. Тэгээд нэг хошуу барьчихна. Нүүр, нүд бол задгай шүү дээ. Хошуугаараа ус цацруулж л өөрийгөө хамгаална. Өвлийн хүйтэнд нөгөө өмд цамц нэвт нороод хөлдчихнө. Халуунд шатчих гээд байна.

Бэртэж гэмтэх тохиолдол бас гарна биз. Улаан гал дунд ороод явчихад олон зүйл бодогдох уу?

-Тангараг өргөсөн хүн юугаа бодох билээ. Элдэв зүйл бодоод, шантраад байх эрх ч байхгүй. Гэхдээ сэтгэлийн хөөрөлтэй болчихдог юм билээ. Гал хараад л дотроо төсөөлчихдөг юм. Голомт нь тэнд байна, салхи эндээс эргэнэ. Ингэж ажиллана гээд төсөөлөөд л яваад орчихно. Ер нь нүдэнд багтчихдаг юм даа. Гэмтэж бэртэх үе гаралгүй яах билээ. Ээлжтэй өдөр нэг айлын гэр шатаад. Тавилгыг нь гаргаж байгаад төмөр орны толгой барьж аваад гараа түлчихэж билээ. Галаас хүн тэвэрч гарч байгаад бүдэрч унах үе ч гарна. Гурвалжингийн гүүрний тэнд хар тосны үйлдвэр байлаа. Тэр үйлдвэр шөнө шатлаа. Галын голомтод ажиллаж байгаад эргээд хартал манай салааны дарга Сэр-Од, гал сөнөөгч Нямбүрэн хоёр маань хар тосонд бэлхүүсээ хүртэл шигдчихэж. Тэр хоёрыг анзаарч байгаа ч хүн тэнд алга. Шөнөжин ажиллаад тамирдчихсан хүмүүсээс дуу ч гардаггүй юм байна. Нэг гараараа хошуугаа бариад нөгөө гараараа нөгөө хоёроо татаж гаргалаа. Хар тосонд хүн живж байсан түүхтэй юм билээ. Бид хар тосонд шигдэн байж үүрээр гал унтраасан. Их ч салхитай байлаа. Тэр галд төмөр зам тасраад босоод ирчихсэн байсан. Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Дэжид гуай өөрөө ирж нөхцөл байдалтай танилцаж байлаа. Би галд баггүй ажилладаг. Манайд Ж.Батбүргэд бид хоёр баггүй ордог байсан. Хэвтээ, мөлхөө байдлаар ажиллах янз бүрийн л арга байна. Нойтон алчуур амандаа бариад явна.

Тэр үед Хайлааст билүү Чингэлтэйд олон айл шатсан гэж ярьдаг юм билээ. Та тэнд ажилласан байх?

-Хайлаастад шүү дээ. 1982 онд байх аа, шуургатай өдөр байлаа. Дэнжид амьдардаг нэг нөхөр гэртээ савтай бензин хадгалж байгаад гал алдчихсан юм билээ. Дэнжийн айлууд тэр чигээрээ шатаад гал уруудаад орж ирж байв. Галын дуудлага аваад 32-ын тойргоор Хайлааст руу явахад юу ч харагддаггүй. Гэрлээ асааж давхиад нэг тасгийг шатаж байгаа гудамжны ар талаар, өөрийнхөө тасгийг урдуур нь оруулаад хоёр талаас нь унтрааж гал тасалж байв. Азаар хүний амь үрэгдээгүй. 16 орчим айлын гар шатсан шүү дээ.Гачууртад 1980-аад оны дунд үед Шар хоолойн ферм шатлаа. Алаг тарлан үхэр мөөрөлдөөд л. Малын саравчны хаяанд айлууд байдаг. Шөнөжин ажиллаад нэг малын гарлагагүй унтрааж байсан нь санаанаас гардаггүй юм.

Таныг ажиллаж байхад гал түймэр ихэвчлэн юунаас болж гардаг байсан бэ?

-Цахилгааны утаснаас гал алдана. Нэг утаснаас өчнөөн олон утас салаалчихна. Цахилгаан хэрэгслээ салгахгүй гараад явчихна. Жолооч нар савтай бензин, шатахуун гэртээ хадгалж, гал алдах нь их. Тухайн үед бид объектын судалгаа маш сайн хийдэг байж. Ээлжгүй үедээ судалгаанд гарна. Гудамжны хаанаас орох, гарц орц гээд бүх зүйл тодорхой байсан учраас төөрч будилах тохиолдол гарахгүй. Айл болгоноор шахам орж зөвлөгөө өгнө. Судалгаа сайн хийчихсэн байдаг учраас оройтлоо, цаг алдлаа гэх шүүмжлэл гардаггүй байсан.

-“Бөмбөгөр” худалдааны төв, “Нарантуул” захад гарсан галыг хараад та бас тактик зохиогоод төсөөлчихсөн байсан биз?

-Би 1991 онд тэтгэвэрт гарсан шүү дээ. Өглөө эрт гарч давхичих гээд. Цагны сэрүүлэг дуугарахаар түргэн авчих гээд гэгэлзээд тун хэцүү юм билээ. Галын машин дуугарахаар түгшчихнэ. “Бөмбөгөр” худалдааны төв шатахад зусланд байж таарсан. Тун шаггүй гал байсан. Зурагтаар хараад задаргаа хийхэд тун хэцүү дээ гэж бодож байлаа. Одоогийн барилга байшин задаргаа хийхэд нэлээд түвэгтэй болсон. Гэхдээ одоо ашиглаж байгаа багаж хэрэгслийг бидний үеийнхтэй харьцуулшгүй.

Хүмүүс гэртээ хүүхдээ цоожилж үлдээгээд явчихдаг. Цоожлогдсон хүүхдүүд галд өртөж амиа алдах тохиолдол цөөнгүй гарсан. Таны ажиллаж байх үед ийм байв уу?

-Цөөн тохиолдол бий. 14 дүгээр сургуулийн хажууд айл шатахад дотор нь хоёр хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Гэр 3-5 минутад бүрэн шатчихдаг. Төв гал командаас очиход аль хэдийнэ оройтчихсон байсан. Хүний амь аварч чадаагүй тохиолдолд дараа нь нүдэнд харагдаад, харамсаад хэцүү байдаг. Тэр үед гар утсаар дуудлага өгөх биш. Байгууллага, албан газрын утсаар дуудлага өгөх гэж цаг алдана. Өөрсдөө унтраах гэж бас цаг алддаг юм. Орон сууцны хогны саванд гарсан гал их аюултай. Байраараа угаартдаг. Тийм үед долоо, наймдугаар давхраас олон хүн гаргаж байлаа. Аманд нь баг зүүлгээд авч гарах, шатаар буулгах гээд бүх л аргыг хэрэглэдэг байж. Одоо өндрөөс хүн гаргахад түвэггүй болсон байна лээ.

Айлууд цонхныхоо гадуур төмөр хаалт хийдэг болсон. Ийм хаалт хийчихсэн байхад дотроос нь хүн гаргах хэцүү юу?

-Сансарын хойд талд Орос цэргийн ангийн дэлгүүр байлаа. Тэнд гал гараад очиход бүх цонхондоо бэхэлгээ хийчихсэн байсан. Ломбоор хөшиж төмөр хаалтыг нь онгойлгоод барааг нь гаргаж байлаа.

Саяхан Хөвсгөл аймагт айлын байшин шатаж, гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Тэр айлын цонх гаднаа төмөр хаалттай байж. 15 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэй хоёр цаг ажиллаад ч хүүхдүүдийг аварч чадаагүйг эх сурвалжууд манай сонинд мэдээлсэн. Цонхны төмөр хаалтыг суга татчихаж болоогүй юм болов уу?

-Биднийг ажиллаж байх үед төмөр хаалтны бэхэлгээ чанга байсан. Одоо хадаасаар тогтоочихдог болсон. Онцгой байдлынхан багаж хэрэгсэл сайтай байлгүй дээ. Янз бүрээр л үзсэн байх. Гал дэлгэрчихсэн, оволзож байвал бас хэцүү л дээ. Гэхдээ цонхны хаалтыг суга татчихмаар л юм. Хөдөө барьсан барилгын тор ядах юмгүй дээ. Гөжөөд авчихмаар юм. Трос хийж байгаад машинаар бас татчихдаг. Янз бүрийн аргаар үзээд байхад болдог л юм даа.

Гал үүднээсээ гарсан, хүүхдүүд угаартаж нас барсан талаар ярьж байсан?

-Маш халуун орчинд амьсгал боогддог. Түлэгдээгүй ч угаартдаг юм. Хүмүүс галд орны доогуур л орчихдог.

Гурван хүүхэд амиа алдсаны хоёр нь орон дор, нэг нь цонхоо хагалж байгаад ухаан алдсан бо­лолтой байсан гэсэн. Гэтэл аврагчид, аав нь хүүхдүүдийг хайгаад олоогүй гэдэг. Орон дор ордог гэдгийг нь мэдэж баймаар юм. Аав нь унтлагынхаа өрөөнд ороход аврагчид хүчээр гаргасан гэсэн. Хүүхдүүдээсээ алхмын зайд зөрсөн байна лээ?

-Орны дор, авдарны араар орчихдог юм. Уг нь андашгүй дээ. Гэм биш зан гэдэг шиг аврагчид андахгүй л баймаар юм. Хэрвээ аав нь байшинд орж чадсан бол гал оволзоогүй л байж дээ. Хүүхдүүдийг аваад гарах боломж байж. Хэрвээ хүүхдээ олж авсан бол битүү ороож авч гараад модны цог үнэртүүлээд анхны тусламж үзүүлэхэд аврагдах боломж байсан болов уу.

Өөрийн чинь ярьснаар төсөөлөхөд галын хүч гайгүй, гал сөнөөгчид хүүхдийг аваад гарах боломж бүрэн байсан байна. Нэг байшингийн гал дээр 15 хүн ажиллана гэдэг том хүч шүү дээ. Гал унтраах гурван машин байна гэдэг ч хангалттай. Бидний үед хоёр тасгийнхан нийлээд 15 хүн байсан.

Туршлага тааруу байна уу?

-Тактикийн алдаа л гаргаж дээ. Олон хүн тал талаас заана. Тэр бүхнийг үл хайхран салааны дарга маш сайн тактик боловсруулж, үүрэг өгөх ёстой. Хүн орж, гарч байсныг харахад хэдэн хүнийг ч тэврээд гарах боломж байж. Аав нь гал сөнөөгчдөөс түрүүлж хүүхэд дээрээ очсон байна. Гал сөнөөгч аавыг хүүхдүүдтэй нь аваад гарах боломж байж дээ.

Та хээрийн түймэрт явж байв уу. Энэ хавар айхавтар түймэр гарлаа?

-Богд ууланд гарсан нэг түймэрт явж байсан. Ер нь санамсаргүйгээр алдаа гаргаж гал тавьдаг нөхдүүдэд өндөр хариуцлага тооцох ёстой. Хүмүүсийн ухамсар дэндүү муу байна. Галын хор хохирол маш их. Унтраагаад явж байгаа хүн амиа алдах ч тохиолдол гардаг. Дорнодын түймэрт манай салаанд ажиллаж байсан Насанжаргал гэдэг сайхан залуу амиа алдсан. Гал чинь барих барьцгүй, ам гарч болддоггүй гамшиг шүү дээ.

Галаас аварсан хүмүүс хожим нь талархал илэрхийлдэг үү?

-Тийм тохиолдол бараг байхгүй дээ. Би Шударга журам медалиа хүнд өгчихөж байсан хүн шүү дээ. Ээлжээсээ буучихаад Зайсангаас уруудаад явж байтал Туул голд хүүхэд живж байсан. Тэр хүүхдийг аварсны дараа сонин дээр гарч, Шударга журам медаль авах юм боллоо. Гэтэл нэг хөгшин салахаа больчихсон. “Манай хүү эмч болох гээд шалгалт өгөөд тэнцсэнгүй. Шударга журам авчихвал сургуульд сурах гээд байна. Хүүг минь бодооч” гээд ажил, гэрт ирээд салахаа больчихсон. Сүүлдээ би өргөдөл бичиж ороод медалиа шилжүүлчихсэн. Тэгээд л аав, хүү хоёр сураггүй болсон. Сайн эмч болсон байх л гэж бодож явдаг.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ улс-төр

Нарендра Моди: Эрэлхэг зоригоор тэргүүлж байсан монголчууд одоо энэрэнгүй сэтгэлийн хүчээр манай тивийг тэргүүлэх ёстой

Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцож үг хэлсэн юм. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэмсэг ноён, Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэмсэг ноён, Монгол Улсын Их Хурлын дарга аа,

Эрхэмсэг ноён, Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Дипломат байгуул­лагуу­дын Эрхэм нөхөд өө,

Хатагтай, ноёд оо,

Аугаа үндэстний эх орон, үзэсгэлэн төгөлдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ би чин сэтгэлээсээ баяртай байна. Монгол Улсын Их Хуралд үг хэлж байгаа минь их нэр төрийн хэрэг юм. Монголын ардчиллын 25 жилийн ой тохиож буй жилд ийнхүү үг хэлэх боломж олдсон нь онцгой аз завшаан юм.

Амралтын ням гариг гэлгүй намайг ингэж зочлон хүндэтгэж байгаа Та нарынхаа өгөөмөр сайхан сэтгэлд би гүн хүндэтгэлээ илэрхийлье. Халуун дулаанаар угтан авч, гайхалтай сайхан зочилж байгаад тань би гүнээ талархаж байна.

Миний бие оюун санааны хөрш 1.25 тэрбум анд нөхдийн тань халуун мэндчилгээг энэ хүндтэй танхимд тээж ирлээ. Оюун санааны хөрш байхаас илүү хүний харилцааны эрхэм дээд хэлбэр гэж үгүй ээ, мөн үүнээс илүү шүтээнлэг хэлхээ холбоо ч гэж үгүй билээ. Биднийг оюун бодолдоо тийнхүү тээж явдагт тань Энэтхэгчүүд бид Та бүхэнд нэн хүндэтгэлтэй байдаг.

Хувь хүний болоод улс үндэстний амьдралд сайн анд найз нөхөд шиг үнэт бэлэг үгүй ээ. Тиймээс ч би нийт үндэстнийхээ өмнөөс Монгол анд нөхдөө гүнээ үнэлэн хүндэтгэж байдгаа илэрхийлье.

Энэтхэг, Монгол хоёр улс нь хөгжлийнхөө нэн хариуцлагатай үетэй золгож байна. Та бид дипломат харилцааныхаа 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Гэвч оюун санааны ертөнц дэх бидний хэлхээ холбоо хязгааргүй юм. Хоёр мянган жилийн тэртээ, Энэтхэгээс лам нар энэ сайхан нутагт Бурхан багшийн сургаалыг тээж хүнд бэрх бөгөөд урт замыг туулж ирж байжээ. Олон хүн эндээс оюуны мэдлэг эрэлхийлэн халуун Энэтхэг оронд очиж байжээ.

Хүний үзэл санаа, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан олон зууны тэртээ аугаа Монголчууд Ази, Европыг хооронд нь холбосон билээ. Тэдний эрэлхэг зориг, адал явдал өнөөдөр ч дэлхий даяар хүмүүсийн ой тойнд үлдэн хоцорчээ. Хүн төрөлтхний түүхэн дэх тэдний нөлөө асар их юм.

Түүхийн эргүүлгэнд Та бидний соёл, утга зохиол, урлаг хоорондоо хэрэн холбогдож, Энэтхэг соёлын олон янзын баялаг өнгө төрх Монгол газар ул мөрөө тод үлдээжээ.

Өнөөдөр Энэтхэг, Монгол хоёр орны хооронд тогтсон зүрх сэтгэл, оюун санааны харилцаа нь орон зайн саадыг давах хүчтэйг дэлхий дахинаа нотлон харууллаа.

Энэ харилцаа нь жил бүр оюун санааны эрэлд Монголоос Энэтхэгт хүрэлцэн ирдэг хэдэн зуун буддын лам нараар дамжин хөгжиж байна. Мөн сургууль соёлын мөр хөөсөн хэдэн зуун оюутан залуусаар эрч хүчээ улам авч байна.

Энэ нь мөн 1990 оноос 2000 онд Энэтхэгийн Элчин сайдаар ажилласан Кушок Бакула Ринбүчийн үйл хэргээр үргэлжилж байна. Энэ хүний байгуулсан Бэтүб хийд бидний холбоо харилцааны мөнхийн бэлгэдэл юм. Монгол дахь Йогийн дэлгэрэлт нь бидний оюун санаа нэгдмэл болохыг илтгэж байна.

Хагас зуун жилийн тэртээ бахархах түүхтэй, тусгаар Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэх гэж хичээн чармайж байхад бид танай талд тууштай бат зогссон. Цаг хугацааны эргэлтэд Та нар маань НҮБ-д болон бусад олон газарт бидэнтэй нэг байсан. Хүн хоорондын харилцаа ийм хүчтэй байсан ч эдийн засгийн харилцаа төдийлөн идэвхтэй байж ирсэнгүй. Гэвч шинэ эринд бидний харилцаа салбар бүрт өргөжин хөгжинө гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Энэ нь Энэтхэгийн эдийн засгийн өсөлтөөс эрч хүч авна.

Нэг жилийн өмнө манай орны 1.25 тэрбум сонгогчид хүн төрөлхтний түүхэнд хамгийн том ардчилсан сонгуульд тогтвортой байдал, өөрчлөлтийн төлөө саналаа итгэл төгс өгсөн. Амлалтаа биелүүлэхийн тулд бид хурдтай, шийдвэр төгс, зорилготой ажиллаж байна.

Жил хүрэхгүй хугацаанд манай эдийн засгийн өсөлт 7.5 хувьд хүрлээ. Энэтхэг улс том эдийн засагтай орнуудын дотор эдийн засгийн өсөлтөөрөө хамгийн хурдтай орон болж чадлаа. Энэтхэг орны эдийн засаг үүнээс ч илүү хурдтай өсөх чадавхтай. Дэлхийн эдийн засаг сул байгаа үед түүнийг хөдөлгөөнд оруулж чадах шинэ хүч болж гялалзах од нь Энэтхэг гэж дэлхийн улс орнууд нэгэн дуугаар хэлж байна.

Энэтхэгийн нүсэр том нийгэм, эдийн засаг, тэдгээрийн олон янз байдал их сорилт бэрхшээлтэйг бид сайн ойлгож байна. Гэвч бид хүчирхэг бодлого, сайн засаглалдаа итгэл төгс байна.

Манай үндэстний нэгдмэл байдал, манай хүмүүсийн нэгдмэл зорилго бидэнд итгэл үнэмшил төрүүлж байна. Ингээд ч зогсохгүй 35-аас доош насны 800 сая залуус бүхий улам бүр залуужиж буй Энэтхэгээс хүсэл эрмэлзэл булаглан ундарч байна. Тэд мөрөөдлөө биелүүлэх, мөрөөдөлдөө хүрэх чадвартаа итгэл төгс байна.

Бид манай ард түмний амьдралыг өөрчлөхийн хамт дэлхийд шинэ боломж нээж, өөрийн найз нөхдөдөө туслах чадвараа дээшлүүлж байна.

Энэ бол Будда болон Гандийн орны чин эрмэлзэл юм аа.

Энэ бол дэлхий нэг гэр бүл гэсэн манай эртний үзлээс гаралтай бидний төрөлхийн чанар юм.

Энэтхэгийн эдийн засаг манай бүс нутаг болон дэлхийд хүч нэмэхийн хамт энэ нь Монголд бас ач тусаа өгнө. Эдийн засгийн өсөлт ч бас Монголд сайн байна.

Хэдийгээр бидний хооронд орон зай, газар зүйн саад байдаг ч манай хоёр талын харилцаа бас өснө. Монгол орны эрдсийн нөөц баялаг бидний түншлэлд хөдөлгөгч хүч өгнө. Газар зүйн байршил бол Монголчуудын түншүүдээ сонгох эрх чөлөөнд нь хязгаар болохгүй гэж бид үзэж байна.

Бид хамтарч байж дижитал ертөнц дэх эдийн засгийн боломжуудыг ашиглах болон өсөн нэмэгдэж байгаа кибер аюул заналаас илүү найдвартай өөрсдийгөө хамгаалж чадна.

Энэ өргөн уудам тал нутагт сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулж цагаан хувьсгалыг эхлүүлэхэд Энэтхэгийн туршлагыг ашиглаж болно. Монголын ноолуурын баялагт нэмүү өртөг шингээх ажлыг бид хамтдаа эндээс шууд эхэлж болно.

Монголд бид боломжийн үнэтэй эрүүл мэндийн орчин үеийн үйлчилгээг үзүүлэхэд түншлэн ажиллаж байна. Эмчилгээний нэгдсэн системтэй болгох замаар уламжлалт эмнэлгийн өвийг манай хоёр оронд болон гадны орнуудад улам хөгжүүлж бид чадна.

Энэтхэгчүүд гадагшаа их аялах боллоо. Монгол Улсад байгалийн болон оюун ухааны боломж их байна. Иймээс Монгол орон нь Энэтхэгчүүдийн зорьж ирэх орны нэг байж болно.

Худалдаа болон хөрөнгө оруулалтаас илүү манай хөгжлийн түншлэл бидний хамтын үзэл санаа, зөн совинг илтгэж байдаг.

Түншлэлийн хамгийн дээд хэлбэр бол хүний нөөц, байгууллагын хөгжлийн хөрөнгө оруулалт юм. Энэ бол тухайн үндэстэнг хөгжлийнхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай болгодог. Энэ нь мөн тухайн үндэстний хийх сонголтынх нь харилцан хамаарлыг сайжруулж өгдөг. Эдгээр нь цугтаа хөгжил дэвшлийг илүү тогтвортой болгодог.

Бид энэ үзэл баримтлалдаа нэн хариуцлагатай хандах болно.

Өнөөдөр би Атал Бихари Важпайн Мэдээлэл, холбооны технологийн шилдэг төвийг байгуулж, өргөжүүлэн шинэчлэх ажлынх нь шавыг тавина.

Дараа нь үдээс хойш Монголд хавдрыг эмчлэхэд туслах Бхабхатрон багажийг гардуулж өгнө. Энэ бол бидний иргэний чиглэл дэх цөмийн хамтын ажиллагааны анхных нь болно.

Эцэст нь нэг тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын байгууллагын хөгжил, дэд бүтэц, хүний нөөцийн хөгжилд зориулж олгох болсноо миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан.

Бидний аюулгүй хамтын ажиллагаа өсөн нэмэгдэж байна. Бие биеэсээ их зүйл сурч чадна. Юмыг сайн хийдэг монгол хүний ур чадварт хэн ч эргэлзэхгүй ээ.

Батлан хамгаалах дасгал сургуулилтыг хамтран хийж байгаадаа бид бахархаж байдаг. Хил хамгаалах, кибер аюулгүйн чиглэлд идэвхтэй хамтран ажиллах гэж байгаад би баяртай байна.

Бидний харилцааны бодит хүч нь хүмүүс хоорондын сайн санаа, орон зайн хүрээнд биднийг нэгтгэдэг итгэл үнэмшилд суурилдаг.

Энэ бол тус хоёр орныг зүгээр нэг хооронд нь ойртуулахаас ч илүү ихийг хийж чадна.

Энэ бол Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг бэхжүүлж тусална.

Бурханы элч нар нэгэн цаг үед хайр энэрэл, энэрэнгүй үзэл санаагаар Ази тивийг холбож байв. Тэдний үзэл санааны үнэт зүйлс хэзээ ч ач холбогдлоо алдаагүй бөгөөд тэдний үлдээсэн ул мөр цаг хугацааны шалгуурыг даван гарчээ.

Номхон далайн эргээс Энэтхэгийн далайн төв хүртэл, Зүүн өмнөд Азийн далайн эргээс Гималайн алдарт өндөрлөг хүртэл, Тропикийн их ойгоос энэ тал нутаг хүртэл Ази тивийн хаана ч миний аялсан газарт Будда Бурханд зориулсан хөшөө суварга, сүм хийд их тархжээ.

Хүний амьдралын найман зам мөрийн тухай Бурхан багшийн сургаал нь зөвхөн хувь хүний аз жаргалд хүрэх замыг заах төдийгүй нийгэм, улс үндэстний сайн сайхан байдалд хүрэх гол хөтөлбөр юм.

Энэ бол бид бүгдээрээ сайхан сэтгэлтэй байж, хайр энэрлийг үзүүлж, энэрэнгүй сэтгэлтэй байх тухай үзэл юм.

Энэ бол хүн төрөлхтөн, хүний эрхийг гүнээ хүндэтгэх тухай сургаал юм, энэ бол энхийг эрхэмлэж, хүч үл хэрэглэхийн тухай итгэл үнэмшил юм.

Энэ зам бол манай нийгэм дэх ядуу, эмзэг бүлгийн хүмүүст хэрхэн туслах тухай сургаал юм.

Ертөнц дэх бүх зүйлс хоорондоо учир холбоотой, төлөв даруу байхын мөн чанарыг илэрхийлсэн мэргэн ухаан юм. Тийм учраас ч энэ бол илүү тогтвортой дэлхийг бүтээх арга зам юм.

Хэт хэрэглээ, хүн ба байгалийн зөрчилдөөн дэлхийд аюултайг сургажээ.

Хөгжсөн Баруун, ашиг орлого нь арвижин нэмэгдэж буй өсөн өндийх эрмэлзэлтэй Ази хоёр энэ сургаалыг дагаж мөрдөх ёстой.

Дүгнэвээс энэ бол энх тайванч харилцааг эрхэмлэх, эрх тэгш байх, жижиг болоод том, буурай болоод хүчтэй ямар ч улс үндэстэн өөр хоорондоо харьцахдаа бие биеэ харилцан хүндэтгэх, хамтран ажиллах тухай удирдамж юм.

Энэ бол хувь хүмүүс, улс үндэстэн, бид бүгдээрээ хүн төрөлхтөн болон манай гаригийн төлөө нэгдмэл хариуцлага хүлээх ёстойн уриа дуудлага юм. Тиймээс энэ нь бүх үндэстний нийтлэг сайн сайхны төлөө зүтгэх урам зоригийг бидэнд өгдөг.

Бурхан Буддагийн сургаал нь ардчиллын зарчмуудад илрэлээ олдог. Үнэний зам нь сэтгэх, бодох, үйлдэх, үг хэлэх эрх чөлөөнд суурилдаг. Эдгээр нь ардчиллын суурь үндэс юм.

Энэ нь харилцан хамаарал, олон янз байдал, хамтдаа оршин тогтнох явдлыг хүлээн зөвшөөрөх үзлээр тодорхойлогддог. Үүний мөн чанар нь хүний эрх чөлөө, үзэл бодлоо харилцан хуваалцах, хуульд захирагдах, ялгавартай байдлыг энхийн арга замаар шийдвэрлэх явдал юм.

Тиймээс хэрвээ бид Их Мастерийн Үнэн Замыг дагах юм бол ардчиллын үнэт зүйлсээр замнахтай агаар нэгэн билээ.

Энэхүү хоёр сонгодог үзэл санааны нэгдлийг Монгол Улсаас харж байна.

Ази тивд хандаж би үүнийг доорх байдлаар хэлье:

Үндэстэн бүр Засгийн ямар ч хэлбэрийг сонгосон байсан, өөрсдийгөө Улс гэж яаж ч тодорхойлсон байсан, бид өөр хоорондоо харилцахдаа ардчиллын зармчуудыг байнга хэрэглэх ёстой.

Ямар ч замыг сонгосон байсан, бидний зөрчилдөөний түүх, эсвэл бидний хүсэлт шаардлага юу ч байсан, оюун санааны нийтлэг өв биднийг холбосон байдаг.

Буддизм болоод ардчилал нэгдмэл байх нь энх тайван, хамтын ажиллагаа, эв зохицол, эрх тэгш байдлыг Ази тивд буй болгох арга замыг бидэнд олгож байна.

Энэ бүс нутаг хувь заяаныхаа төлөө нойрноос сэржээ.

Сүүлийн хагас зуун жилд ийм их хөгжил дэвшлийг дэлхий Азиас өөр бүс нутагт хараагүй юм. Нэгэн үед ийм их хэмжээний өөрчлөлт манай тивээс өөр бусад тивд болж байсангүй.

Энэ бүс нутаг бол эртний мэргэн ухаан, залуулаг эрч хүчний өлгий нутаг юм.

21 дүгээр зуунд дэлхийг энэ тив тэргүүлнэ гэж үздэг. Гэвч амар хялбар бус тодорхойгүй байдал, шийдэгдээгүй асуудлууд, үл мартагдах дурсамжууд энэ бүс нутагт бас байнаа.

Итгэл найдвар, боломж бололцоо нь улам бүр ихсэхийн хэрээр Азийн ялгавартай байдал нь олон янз байдлын дундаас илт товойн харагдаж байна.

Олон жилийн турш Ази тив дэлхийд их зүйл өгсөн. Ирээдүйгээ бүтээх үүрэг хариуцлага одоо энэ тивд оногдож байна.

Иймээс хүний үндсэн үнэт зүйлс, хүн төрөлхтний өмнө хүлээсэн түгээмэл хариуцлагыг хүлээн зөвшөөрөх, улс үндэстний хоорондын харилцаанд ардчиллын хэм хэмжээг ашиглах явдал өмнө нь хэзээ ч байгаагүйгээр бидэнд шаардагдаж байна.

Оюун санааны нийтлэг өвдөө бүгдээрээ анхаарлаа идэвхтэй хандуулъя. Ингээд Азийн ирээдүйг дархлахын тулд ардчиллын үнэт зүйлсээр хэлэлцүүлэг өрнүүлцгээе.

Нэг үед эрэлхэг зоригоор тэргүүлж байсан үндэстэн бол Монгол Улс юм. Одоо энэрэнгүй сэтгэлийн хүчээр манай тивийг тэргүүлэх ёстой.

Эртний мөргөлийн замыг ойлголцол, хамтын ажиллагааны шинэ зам болгож өөрчлөхийн тулд Та нартай болон бүс нутаг дахь бусад улстай бид хамтдаа ажиллах болно.

Бидний хүрэх гэж зорьж байгаа ирээдүйд энэ нь ганцаараа баталгаатай хүргэж чадахгүй гэдгийг бид мэднэ ээ. Гэхдээ энэ бол амжилт гаргах илүү боломжийг бидэнд олгох үүд хаалгыг дахин нээж байгааг би мэднэ.

Эрхэмсэг Ноён Монгол Улсын Их Хурлын дарга аа,

Энэ өглөөний мөргөлөө миний бие Махабодхи модны үндсийг Монгол Улсын Гандан хийдэд суулгаснаар эхэлсэн.

Энэ бол оюун санааны нэгдмэл өвдөө миний үзүүлсэн хүндэтгэлийн бэлгэ тэмдэг байлаа. Тарьсан мод маань ургаж төлжихийн хэрээр энэ нь манай хоёр орны хоорондын түншлэл өсөн бэхжих бэлгэдэл болох юм.

Цаг хугацаа улирахын хэрээр энэ нь дэлхий дэх хүмүүнлэгийн билэг тэмдэг, энэ гариг ертөнцөө хайрлан хамгаалахын бэлгэ тэмдэг бас байх болно.

Баярласнаа дахин илэрхийлье. Баярлалаа.

Би танай парламентын танхимд орж ирээд нэгэн зүйлийг анзаарлаа. Танай Төрийн сүлдэнд бадамлянхуа цэцгийг бэлгэддэг юм байна. Манай улсад ч бас бадамлянхуаг бэлгэддэг юм.

Энэ нь манай хоёр орны хооронд нийтлэг төсөөтэй олон зүйлс байдгийн нэг нотолгоо юм.

Сарвебхавантусухинах. Та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Ариун-Эрдэнэ: Бид барьсан барилгадаа єєрсдєє амьдардаг учраас єєрийнхєє гэр орныг босгож байгаа сэтгэлээр ханддаг

Монгол улсын эдийн засгийн байдал хүндрээд бүтэн нэг жилийн нүүр үзэж хаа сайгүй л хямралд өртөөд хэцүү байна гэх үг сонсогдох болж. Гэхдээ мэдээж сайн сайхан зүйлс олон байна. Энэхүү эдийн засгийн хүндрэлтэй үедХямралыг хамт туулах ухаалаг алхамхэмээх нэртэй аяныг хэрэгжүүлээд ажиллаж буй Люкс Комфорт ХХКийн гүйцэтгэх захирал, “Люкс ХаусХХКийн төлөвлөлт, маркетингийн албаны дарга Д.АриунЭрдэнэтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад уншигч олныхоо өмнөөс талархсанаа илэрхийлье.

-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

Барилгын салбар бусадтай­гаа харьцуулахад харьцангуй өсөлттэй, өрсөлдөөн ихтэй салбар. Танай компани бусдаас юугаар ялгарч байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Тэгье. Манай компани 2005 онд байгуулагдсан. Байгуу­лагдсанаасаа хойш 4 барилгын төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Одоо тав дахь бүтээн байгуулалт болох 104 айлын стандарт сайн зэрэглэлийн орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Энэ орон сууц маань одоо сарын дараа ашиглалтанд орно.

Люкс хаус ХХК-ийн ашиглал­танд оруулсан барилгуудад манай захирал, инженер гээд бүх ажилчид маань өөрсдөө амьдардаг. Бидний хувьд ажилчдынхаа орон сууцны хангамжийн асуудлыг шийдэхийн тулд аль нэг хямдхан барилга, орон сууцнаас худалдаж авч өгөхийг урьтал болгодоггүй. Харин чи өөрөө барьсан барилгадаа амьдрах учир “өөрийнхөө гэр орныг босгож байгаа сэтгэлээр барилгадаа хандах хэрэгтэй шүү” гэдэг. Өөрийн амьдрах өргөө гэрийг хэн ч муу хийхийг бодохгүй, тэр ч утгаараа манай хамт олон энэ сэтгэлийн үүднээс ажилдаа хандацгаадаг. Манай гэр бүл ч мөн Lux-5 residence орон сууцанд амьдарна. Энэхүү төслийн ажлыг хоосон газар байхаас нь эхлээд өнөөдрийг хүртэлх бүтээн байгуулалт бүрийг маш сайн мэдэж байгаагийн хувьд өөр барилгаас орон сууцаа сонгох шаардлага бидэнд гардаггүй.

Та барилгын салбарт ажиллаж байгаа хүний хувьд орон сууц худалдаж авахаар хайж байгаа уншигчдад маань зориулаад сонголтоо хэрхэн хийх талаар зөвлөгөө өгөөч

-Барилгын үнэ цэнийг өсгөдөг 2 үндсэн хүчин зүйлс бий. Барих, ашиглах гэсэн ойлголт. Үүнийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж хамгийн түрүүнд та бүхэн хэнд зориулсан барилга вэ? тухайн барилгыг хэрхэн яаж барьсан юм бэ? ямар материал ашигласан юм бэ? ямар шинэ технологи нэвтрүүлсэн юм бэ? дараа нь ашиглалтыг нь хэн хариуцах юм бэ? гээд их олон зүйлсийг харьцуулан судалж байж сонголтоо хийх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхнийг тухайн барилга барьж байгаа хүмүүсээс ганцхан асуулт асуугаад өөрсдөө барьж байгаа барилгадаа хэр итгэлтэй байгааг нь мэдчихэж болно. “Та болон танай удирдлагууд хаана амьдардаг вэ?” “Энэ барилгад танай хүмүүсээс амьдрах уу?” гээд л асуучих. Хэрэв өөрийнхөө барьсан барилгын чанарт үнэхээрийн итгэлтэй байгаа бол тэр байрандаа л амьдарна шүү дээ. Харин үгүй бол өөрсдөө хүртэл итгэл муутай байгаа байрнаас нь та яагаад сонгох ёстой гэж? тийм биз дээ. Худалдан авагчдын асуудаг чанар, барилгын материал, бүтэц зохион байгуулалт гээд олон асуултад тухайн компанийн борлуулагчид хэдийнэ үгээ бэлдчихсэн байгаа. Байраа зарах гэж байгаа хүн бүх зүйлийг онц сайн л гэж хариулна. Мөн үл хөдлөх хөрөнгө сонгохдоо бид аль болох ирээдүйгээ харах хэрэгтэй. Чиний худалдаж авсан орон сууцны ирээдүйн үнэ цэнийг хадгалж үлдэх яс чанар сайтай орон сууцыг сонгохын тулд хэд хэдэн хүчин зүйлийг харах хэрэгтэй. Өнөөдөр нийслэлд баригдаж байгаа зарим орон сууцны үнэ анх худалдаж авснаасаа хямдхан зарагдах тохиолдол олон байгаа. Гэтэл орон сууц гэдэг бол тухайн хүний хөрөнгийн баталгаа. Эдийн засгийн суурь болдог.

Таны ярьсан зүйлсийг өөртөө шингээсэн болон мөн шингээгээгүй орон сууцны талаар та уншигчдад хэлж өгөөч.

-Би бусад барилгуудын сайн мууг шинжиж ярих нь тийм ч зохимжтой биш. Адилхан барилгачин хүн. Харин өөрийн компанийн барьж байгаа LUX-5-ын жишээг авч ярья. Түүнээс биш хүний хийсэн зүйлийг би сайн ярьж чадахгүй шүү дээ.

Бид LUX-5 төслийн барилгын ажлыг ноднин өдийг эхэлж байсан. 1 жилийн дуусгахаар төлөвлөж яг л хугацаанд нь ашиглалтанд оруулах гэж байна. LUX-5 барилга бол манай өмнөх төслүүдэд хэрэгжсэн амьдрал дээр баталгаажсан зүйлсийг шингээсэн, өнөө үеийн барилгын хамгийн шилдэг технологиор баригдаж буй барилга гэж хэлж болно. Тухайлбал газар сонголтоос эхлээд архитектур шийдэл, шилдэг технологи, ашиглалт үйлчилгээ гээд олон зүйлийг дурдаж болно. Энэ бүхнийг дурдаад байгаа нь хэрэглэгчид орон сууц сонгохдоо энэ бүгдийг хардаг байх ёстой учраас тэр юм. Бид компанийнхаа нэрийг сайнаар дуурсгах бүтээн байгуулалтыг хийх ёстой гэж үздэг. Энэ төсөл маань 16 давхар хос барилга бөгөөд доороо 5000 м.кв талбай бүхий гурван давхар худалдаа үйлчилгээний төвөөр хоорондоо холбогдсон. Тус төвийнхөө дээр хүүхдийн тоглоомын талбайг хотын төвийн орон сууцнуудтай харьцуулахад 3 дахин томоор төлөвлөж өгсөн бөгөөд гэрийнхээ домофоноор гадна орчин, автомашины зогсоол, тоглоомын талбай, орцны үүд зэргийг камераараа хянах боломжтой. Мөн -1, -2 давхаруудад автомашины хангалттай дулаан зогсоол, гаднаа 50-60 авто машины зогсоолтой байхаар төлөвлөгдсөн.

Барилгын зүрх судас болсон инженерийн шугам сүлжээ сайн байх нь барилгын үнэ цэнийг илэрхийлэх чухал зүйлсийн нэг. Тэр дундаа өвлийн цагт дулаан хангамж найдвартай байх ёстой. Тэр утгаараа бид энэ удаагийн төсөл дээр шалны халаалтын системийг цогцоор нь шийдсэн. Бидний хувьд шалны халаалтын системийг Lux house-4 төсөл дээрээ ашигласан бөгөөд энэ нь эрчим хүч хэмнэлтийн талаасаа шалгарсан технологи байсан учраас шинэ төсөл дээрээ ч бас ашиглахаар төлөвлөсөн. Нэг жишээ хэлэхэд 8000 м.кв талбайтай барилгыг өвлийн ид хүйтэнд халаахад сарын төлбөр нь 7 сая орчим төгрөг төлөх тооцоо гардаг. Гэтэл Lux house-4 барилга 2 жил дараалан сард 2.5-3 сая төгрөг л төлсөн. Дулааны шугам сүлжээний газраас удаа дараа шалгалт хийж байсан юмдаг. Тоолуур эвдэрсэн байж магадгүй гэсэн боловч яах аргагүй дээрх тооцоо л гарсан. Эндээс харахаар шалны халаалтын систем оршин суугчиддаа ашигтай байгаа юм. Нөгөө талдаа барилга дулаахан байх үндсэн нөхцөл бол тухайн барилгын дулааны алдагдал маш бага байх ёстой.Энэ нь цонхтой шууд холбоотой. Бидний хувьд Германы VEKA брэндийн Сибирийн технологиор хийгддэг, 3 давхар резинтэй, сайн чанарын цонхыг хийсэн. Тус цонхны хувьд дулаан алдалт маш бага байдаг. Өөр нэг чухал асуудал бол зуны улиралд Улаанбаатар Дулааны Сүлжээ ХК болон ТЭЦ-үүдээс хийгддэг их засварын ажилтай холбоотой хэрэгцээний халуун ус нэлээд хэдэн хоногоор тасардаг. Энэ нь хүмүүст их төвөгтэй байдлыг бий болгодгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл манай барилга дээр хамгийн сүүлийн үеийн ус халаах Heat pump технологи ашиглан халуун устай байх нөхцлийг хангаж байна.

Та төслийнхөө архитектур төлөвлөлтийн талаар бидэнд тодруулаач.

-Бид 4 архитетороос барилгын төлөвлөлтийн зураг гаргуулж авсан. Тэдний дундаас Энхбаатар архитекторын зураг бидний зорилго болоод зарчимтай нийцэж байсан тул түүний гаргасан төлөвлөлтийг хийхээр болсон. Манай хэрэгжүүлж байгаа төслийн эзэмшил талбай 4200 ам метр бөгөөд нийтлэг төлөвлөлтөөр бол энд хамгийн багадаа 300 гаруй айлын орон сууц барих бүрэн боломжтой, бид тэнд амьдрах хүнээ бодолгүй, оршин суугчдынхаа ая тухыг бодолцолгүй орлогоо, ашгаа бодсон бол тийм төлөвлөтийг хийж болох л байсан. Гэхдээ бид 104 айлтай хоёр хос 16 давхар барилга барих нь хамгийн тохиромжтой гэж шийдсэн. Хамгийн түрүүнд дурдах ёстой зүйл бол цонхны нар үзэх цаг. Альч улсад барилгын үнийг тодорхойлдог нэг чухал хүчин зүйл бол цонхны байршил байдаг. Тухайлбал, далай руу харсан цонхтой барилга хамгийн үнэ цэнэтэй байдаг. Манай улсын хувьд наран талдаа цонхтой бол барилгын үнэ цэнийг илэрхийлдэг. Манай төслийн хувьд бүх орон сууцнуудын цонх нь хамгийн багадаа 4 цаг нартай байна. Дараагийн дурдах ёстой зүйлийн нэг бол хүүхдийн тоглоомын талбай ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг жишиг болгох үүднээс ажиллаж байгаа. Мөн борлуулахад хамгийн ашигтай орон сууц бол 40-50 ам метр талбай байдаг. Гэхдээ энэ төлөвлөлтийг хийхээр нөгөө л “Чи өөрөө энэ орон сууцанд амьдрах уу” гэдэг асуултыг өөртөө тавихаар “үгүй” гэдэг хариулт гарч ирээд байсан юм. Олон улсын жишгээр бол гурван ам бүлтэй айлд оногдох дундаж талбай хэдээс эхэлдэг вэ гэдгийг судлаад үзэхээр 75 м2 талбайгаас эхэлдэг юм билээ. Энэ нь нэг хүнд ногдох талбайгаас эхлээд эрүүл ахуй, тав тухтай байх орчинг бүрдүүлэхийн тулд дунджаар 75 м2 талбай байх ёстой гэсэн үг. LUX зэрэглэлийн орон сууцны барилга учраас энэ дундаж хэмжээг сонгосон.

Барилга ашиглалтанд орсны дараа СӨХ гэж чухал асуудал болдог. Сүүлийн үед оршин суугчдыг их бухимдуулдаг асуудал болоод байгаа.

-Яг энэ асуудлыг арилгах үүднээс LUX-5 барилгын ашиглалт, үйлчилгээг манай Люкс Комфорт ХХК хариуцан ажиллах болно. Би худалдан авагч, оршин суугчдад хандаж нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Бидний ихэнх нь орон сууцаа сонгоод, байраа захиаллаа, ашиглалтанд орох үед нь тавилгаа тавиад хаалгаа хаагаад манайх гэдэг ойлголттой байдаг. Бид бодох ёстой барилгын гадна зам талбайнаас эхлээд хүүхдийн тоглоомын талбай, орцны үүд, шат, лифт гээд хаалга тань онгойх хүртэл танайх гэдгийг ойлгох хэрэгтэй. Та шинэ байранд ороод 5 жилийн дараа байраа зарах үед танайхыг сонирхоод ирж байгаа хүн байрны тань гадна талаар алхана, орцоор чинь орно, лифтэнд сууна. Барилгын ашиглалт үйлчилгээ гэдэг бол таны байрыг урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй байх, таныг аятай тухтай, цэвэр цэмцэр, аюулгүй орчинд амьдрах тэр нөхцлийг бүрдүүлж ажиллахад л гол зорилго нь оршиж байгаа юм. Миний хувьд өөрөө ч энэ байрандаа амьдрах тул болохоор өөрийнхөө ч, таны ч үл хөдлөхийн үнэ цэнийг хадгалахын төлөө тууштай ажиллах болно.

Эдийн засгийн ийм уналттай үед та бүхэн борлуулалт хийж байна. Худалдан авагчдыг дэмжих тал дээр?

-Бидний өмнөх төслүүдийн борлуулалт өнөөдрийнх шиг эдийн засгийн хүнд хэцүү цаг үеүүдэд хийгдэж байсан бөгөөд борлуулалтын хувьд ямар нэг хүндрэл гардаггүй байсан нь орон сууцны төлөвлөлт, чанартай холбоотой. Шинэ төслийн маань борлуулалт өнгөрсөн оны 8 сард эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9 сарын хугацаанд нийт орон сууцны 85%-ийн борлуулалт хийгдсэн байна. Бид энэхүү төслөө ашиглалтанд орох болж байгаатай холбогдуулан “Хямралыг хамт туулах ухаалаг алхам” нэртэй 1 сарын хугацаатай аяныг эхлүүлээд явж байна. Энэхүү аян маань 5 сарыг дуустал хэрэгжих бөгөөд худалдан авагчдын төлөх урьдчилгаа төлбөрөөс хамаарсан олон сонирхолтой урамшууллуудыг санал болгож байгаа. Үнэ төлбөрийн уян хатан нөхцлөөр байраа захиалаад үнийн дүнгээсээ хөнгөлөлт эдлэхээс гадна шинэ байрандаа “Шинэ Сонголт” тавилгын дэлгүүрээс бараа сонгох эрхийн бичиг бэлгэнд авах, зогсоолын үнийн дүнгээс хасуулах гэх мэт олон боломжуудыг олгож байгаа.

Түүнээс гадна манай шинэ төслийг сонгож байр захиалсан нийт захиалагчдынхаа хувь нэмрийг дурдах нь зүйтэй болов уу. Бид энэхүү төслийн борлуулалтын дүнгийн тодорхой хэсгийг Улсын Клиникийн Төв Эмнэлэгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх сайн үйлсэд хандив болгохоор шийдсэн. Энэхүү төвийн тоног төхөөрөмж нэлээдгүй хуучирч солих яаралтай шаардлага байгаа тул хандив тусламж үзүүлэх санал тавьсаныг нь бид эргэлзэлгүйгээр хүлээн авсан.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн дулаан хангамжийн засвар шинэчлэлийн ажил эхэлж байна

Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу өнөөдрөөс наймдугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ. Хуваариар тавдугаар сарын 15-аас айл өрхийн дулаан хангамжийг хааж, урсгал засвар шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм.

Дээрх хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэгчид өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжид хийгдэх засвар, үйлчилгээг чанартай зохион байгуулж 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллана.

Мөн 2015-2016 оны халаалтын улиралд төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдохоор техникийн нөхцөл авсан газрууд ажлын зургаа тус компанитай зөвшилцөж, шугамаас шинээр авлага авах, шугам өргөтгөх ажлыг төв шугамын графикт зогсолтой уялдуулж хийх шаардлагатайг анхаарна уу гэж “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХХК-иас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөсөгтөн” хамтлагийнханыг Л.Гантөмөр сайд хүлээн авч уулзана

Дэлхийн сая сая хүнийг байлдан дагуулдаг “Авьяаслаг Азичууд” шоунд манай “Хөсөгтөн” хамтлаг хоёрдугаар байр эзэлж, улс орныхоо нэрийг мандуулаад байгаа билээ. Энэхүү амжилт гаргасан авьяаслаг залуусыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр хүлээн авч уулзах ажээ. Монголын өв соёлыг дэлхийд гайхуулсан залуу уран бүтээлчдийг тус шоуны шүүгч нар өндрөөр хүлээн авсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нэгэн эхийн зургаан хөвүүн одтой, хөх морь өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 18. Сумъяа гариг. Билгийн тооллын битүүн. Нэгэн эхийн зургаан хөвүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 05.27 цагт мандан, 20.34 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн ярилцлага багтсан ба “Их хурал дээр арвантавдугаар зууны баруун европын гудамжны циркийн үзүүлбэр л явагдаж байна” хэмээн өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Манай сонины энэ удаагийн дугаарын нэгдүгээр нүүрт “Тэнүүн-Огоо” автобус баазаас бэлтгэсэн байна. Учир нь тус байгууллага “Дэлхийн чанарын тэмдэг” хүртсэн аж. Үргэлжлэл нь 12, 13 дугаар нүүрт хэвлэгдлээ.

Мөн нэгдүгээр нүүрийн онцлох материал бол Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлсэн явдал юм. Үргэдлэл нь тавдугаар нүүрт багтжээ. Түүний хувьд эртний түүхтэй Монгол Улсад ирсэндээ талархал илэрхийлэн цаашид олон салбарт хамтран ажиллахаа илэрхийлэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Мөн Энэтхэг улсаас манай оронд нэг тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн юм.

Нэгдүгээр нүүрний онцлох ярилцлага УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн “Стэнд бай хөтөлбөрт орохоос өөр аргагүй байдалд хүрнэ дээ” ярилцлага юм. Үргэлжлэл нь 11 дүгээр нүүрт багтсан юм. Түүний хувьд УИХ-ыг арвантавдугаар зууны баруун европийн циркчдийн талбар болсон тухай шүүмжлэн эдийн засгийн хүндрэлээс гарах арга замуудаа даруй гаргахын шаарджээ. Түүнчлэн ард түмнийхээ төлөө шийдвэр гаргахад анхаарал хандуулах бус ирэх сонгуульдаа бэлдэж буй эх оронч царайлсан гишүүдийн талаар өгүүлжээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрээс зургадугаар нүүрт УИХ-ын гишүүн Я.Санжмятавын “Эрт орой нь мэдэхгүй, МАН сонгуулиас өмнө засгаас гарч л таарна” хэмээх ярилцлага багтсан байна. Тэгвэл хоёроос дөрөвдүгээр нүүрт “Монгол Улс Энэтхэг улстай стратегийн түншлэл тогтоолоо” хэмээх сурвалжлага багтсан юм.

“Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Бритиш газ”-ын дэлхийд өгсөн гэгээтэй мессэж хэмээх нийтлэл багтсан юм. Эдийн засаг хүнд байгаа энэ үед ямар гэгээтэй мессэжийг хүргэсэн бол… Та манай сонины өнөөдрийн дугаараас уншаарай.

Долдугаар нүүрт “Улсын төсөвт төвлөрөх ёстой хэдэн сая, тэрбум төгрөг татварын улсын байцаагчдын гарын салаагаар урсаж байна вэ” хэмээх нийтлэл багтсан юм. Харин дэлхийн мэдээ есдүгээр нүүрт багтсан байна.

Нийгмийн зүтгэлтэн, улс төр судлаач Ц.Лоохууз Ардчилсан хүчний залуучуудын холбооны залуучуудтай уулзаж ярилцсан юм байна. Тэрбээр “Дэлхийд улс гүрэн олон чиг еврей, монгол хоёр шиг ухаантай үндэстэн нэг ч байхгүй” хэмээн тод томруун ярьжээ. Түүний лекцийг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Харин цаг үеийн 19 дугаар нүүрт сайн үйлс бүтээсэн Б.Лхагвадорж хэмээх залуугийн ярилцлага багтсан юм. Тэрбээр таван давхрын тагтны ирмэг дээр аврал дуудан уйлж суусан бяцхан хүүгийн амийг аварсан юм байна. Түүний ямар гавьяа байгуулсныг уншаарай. Энэ нүүрт мөн make up урлагийн талаарх ярилцлага багтжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Хөдөлмөрийн эрүүл мэнд-2015” хурал боллоо

Ядамын Мөнхчулуун агсны нэрэмжит “Хөдөлмөрийн Эрүүл Мэнд-2015” эрдэм шинжилгээний III хурал болж өнгөрлөө. “Мөнхчулуун Сан” АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүн М.Зоригт, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал О.Чимэдсүрэн, багш, оюутнууд болон МХЕГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд оролцжээ. Хөдөлмөрийн эрүүл мэнд, мэргэжлийн өвчин судлалын салбарыг хөгжүүлэх, судлаачдыг идэвхжүүлэх зорилготой уг эрдэм шинжилгээний хурлын шалгаруулалт хоёр шаттай болсон байна. Эхний шатанд бүтээлээ ирүүлсэн нийт судлаачдаас шилдэг есөн бүтээлийг шалгаруулан өчигдөр аман байдлаар хэлэлцүүлж шилдэг нэг илтгэгчийг шалгаруулсан байна. “Хөдөлмөрийн Эрүүл Мэнд-2015” ЭШХ-ын шилдгээр судлаач Б.Нандин-Эрдэнийн “Багануурын нүүрсний уурхайн ажилчдын нарийн ширхэгтэй тоосонцор, цахиурын давхар ислийн өртөлтийн үнэлгээ” сэдэвт бүтээл шалгарч судалгааны тэтгэлгээр шагнуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Архивын лавлагааг “Дүүргийн нэг цэг”-ээс авдаг боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим засаглалыг хөгжүүлнэ”, Дүүргийн архивын үлгэрчилсэн дүрэмд “….. үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, байгууллага иргэдэд цаас болон цахим баримтаас лавлагаа хуулбар олгох, нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх …” зорилтын хүрээнд архивын лавлагаа мэдээллийг шинэ шатанд гаргах, үйлчилгээг олон цэгээс авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж энэхүү үйлчилгээг нэвтрүүлж байна.

Уг үйлчилгээний онцлог нь нийслэлийн иргэн оршин суугаа дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт хандаж тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нутгийн захиргааны байгууллага, өмчит болон өмчийн оролцоотой газар, аж ахуйн нэгж байгууллагын 1965-2014 оны архивын баримтаас лавлагаа хуулбар авах, бусад төрлийн баримтанд архивын лавлагааны захиалга өгөх бүрэн боломжтой юм.

Төрийн архивын нэгдсэн програмаас олгох лавлагаа хуулбар, захиалга хүлээн авах, шийдвэрлэх ажлыг дүүргүүдийн 1 цэгийн үйлчилгээ рүү шилжүүлж байгууллага, иргэдэд хөнгөн шуурхай, хүртээмжтэйгээр хүргэх ажлын хүрээнд Сүхбаатар болон Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж ажиллахаар бэлтгэл зохион байгуулалтыг хангаж байна.

Categories
мэдээ нийгэм

Азийн залуучуудын төлөөлөл манай улсад чуулна

Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд төлөвлөж буй томоохон ажлын нэг нь Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблей 2015 оны 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдэвт чуулган юм. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгчид оролцох юм.

Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдийн дор зохион байгуулагдах ба чуулганы зорилго нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орны төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох бөгөөд “Tогтвортой хөгжлийн зорилт”-д Азийн улс орнуудын оруулах саналыг нэгтгэж НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм.

Мөн энэхүү чуулга уулзалтын үр дүнд “Тогтвортой Хөгжлийн Зорилт” дахь Азийн залуучуудын нэн тэргүүний зорилго зорилтуудыг тодорхойлох, хөгжлийн санаачлагын талаарх залуучуудын ойлголтыг нэмэгдүүлэх болон тэдний хөгжлийг хангах бодлогын тухай “Улаанбаатарын тунхаг”-ийг батлан гаргах болно.

Азийн залуучуудын чуулганы хамтаар “Зүүн Хойд Азийн залуучуудын симпозиум” болон “Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуучуудын форум” зохион байгуулагдах юм.