Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн багачууд эмч, үсчин, гоо сайханчийн дүрд хувирав

Нийслэлийн 69 дүгээр цэцэрлэгийн Г.Мөнхзул багштай ахлах “В” бүлгийнхэн ангидаа үсчинд орж, эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээ авч, цэцэг мод тарин тоглож байна. Тэдний тухай сурвалжлахаар цэцэрлэг дээр нь очиход хүүхдүүд таван бүлэгт хуваагдан хичээллэж байлаа. Үүдний өрөөнд эмнэлгийн цагаан халаад өмссөн хүү ангийнхаа охинд зөвлөгөө өгч байв. “Чиний гэдэс өвдөөд байвал шингэн зүйл сайн ууж бай. Ялангуяа буцалгасан усыг бүлээнээр нь уувал сайн. Одоо эмч нь гэдэсний эм бичиж өгье. Гэртээ очоод хоолоо идсэнийхээ дараа эмээ уугаарай” гэх ажээ. Эмч болж буй хөвгүүн халаад өмсөөд зогсохгүй чагнуур барьчихаж. Түүгээрээ охины нуруун дээр дараад “Амьсгал, гүнзгий амьсгал” гэсээр чагнаж байв. Бас эмчийн ширээний ард байх эмийн сангаас хэрэгтэй эмийг нь авч өгөөд гаргалаа. Тэднийг ийн тоглох боломжийг эцэг, эхчүүд нь бүрдүүлж өгчээ. Аав ээжүүд гар доорх материал ашиглан ийн тохижуулсан байна. Эмнэлгийн өрөө орчин үеийн эмч нарын өрөөг санагдуулна. Өвчтөнөө хэвтүүлэн үзлэг, эмчилгээ хийх ор, эмчийн ширээ, эмийн сан, чагнуур, зүрхний цохилт хэмжигчээс авахуулаад эмнэлэгт байдаг бүх зүйл байлаа.

Эмийн санд нь бүх төрлийн эм бий гэсэн. Дээрх бүгд мэдээж тоглоом. Гэхдээ яг л жинхэнэ мэт харагдах зүйлсээр оруулан хийжээ. Эмч болон тоглож буй хүү дээр очоод “Эмч ээ, үзүүлж болох уу” гэхэд хэсэг эргэлзэн инээмсэглэж байснаа “Суугаач” хэмээн үзлэгийн ор руу заав. “Та юуны эмч вэ” гэхэд “Өнөөдөр дотрын эмч болж байгаа. Даралтаа үзүүлэх үү” гэж байна. Ингээд тоглоомон аппаратаараа даралт үзээд дараа нь даралтны эм өгөв. Эмнэлэг болон тоглож байгаа хэсэгт хүүхдүүд ээлж ээлжээр эмч болдог ажээ. Өдөр бүр өөр мэргэжлийн эмч болдог гэсэн. Өнөөдөр дотрын эмч ажиллаж байгаа бол маргааш шүдний эмч үзлэг хийдэг гэнэ. Бүр нэг нь жирэмсэн дүрд хувираад эмчээсээ зөвлөгөө авдаг гэж байлаа. Эмнэлгийн өрөөнөөс гадна “Багачууд” үсчин, гоо сайхны салон тус ангид бий. Тэнд тоглож буй хүүхдүүд салонд байдагтай адил сандал дээр нэгнээ хэвтүүлэн үсийг нь угааж байв. Дараа нь толины урд суулгаад хүссэн хэлбэрээр үсийг нь тайрч янзлан тоглож байлаа. Хэрэглэж байгаа хайч, үсний сэнс, индүү зэрэг нь хуванцраар хийсэн болохоор ямар ч аюулгүй. Үсчний суудалтай зэрэгцээд маникюрын ширээ байв. Өнгө өнгийн хумсны будаг, хуурай зэргийг эгнүүлээд өрчи­хөж. Ээжүүд гэртээ хэрэг­лээд дууссан хумсны будагны саваа авчирч өгчээ. Энэ хэсэгт охид голдуу тог­лож байв. Аль хэдийнэ хатаад гарахгүй болсон хумс­ны будагны багсаар тоглохдоо “Чамд ягаан өнгө зохих юм байна. Би чиний хумсыг ягаанаар будаад өгье” гэсээр сууна. Ингэж хумсаа будуулж, үсээ тайруулахад тодорхой хэмжээний төлбөр­тэй. Цаасаар мөнгө хийгээд хүүхдүүдэд өгчихсөн болохоор өнөөхийгөө халааснаасаа гаргаж ирээд төлбөр тооцоогоо хийж байв. Бас хажууханд нь хүнсний дэлгүүр ажиллаж байна. Тэнд “Сүү” ХК-ийн элгэн тараг, “АПУ”-гийн сайн тараг, сүүгээс авахуулаад чихэр, жигнэмэг, бохь гээд байхгүй зүйл алга. Худалдагч нь лангууныхаа ард суугаад гурил, будаа авах бол жинлэн өгч байв. Дэргэд нь касс зогсчих­сон мөнгөө авч, заримд нь хариулт өгч байлаа. Ингэж тоглох нь нийгэмтэй харьцаж сурахаас эхлээд дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ худалдаж авах, мөнгөтэй харьцах зэрэг олон зүйлийг хүүхдэд сургадаг ажээ. Хүүхдүүд анги дотроо дэлгүүртэй болсноос хойш тооныхоо хичээлд улам дурлах болсон гэнэ. 1000 төгрөгтэй бол дэлгүүрээс юу, юу худалдаж авах, хариулт болгож хэдийг нь буцааж авахаа мэдэхийн тулд тооны хичээлийг түлхүү сонирхож байгаа юм билээ.

Харин ногоо тарих буланд хүүхэд бүр нэг удаагийн цаасан аяганд хятад сарнай цэцгийн суулгац тарьжээ. Цэцэг тарихдаа бүлэг бүлгээрээ ээлжлэн тарьж байгаа гэнэ. Багш нь цэцэг тарих анхан шатны мэдээлэл өгчихөөр цаашид ургах тал дээр нь хүүхдүүд өөрсдөө анхаарал тавьдаг. Цэцгээ хэд хоноод услах, хөрс нь чийгтэй эсэх, том саванд шилжүүлэн суулгах болсон эсэх зэргийг бие даан шийддэг ажээ. Ингэж өөрсдөөр нь цэцэг тариулахаар хүүхдүүд амьд байгаль болон бие биенийгээ хайрлах сэтгэлтэй болдог гэсэн. Сөөм хэртэй ургуулсан сарнай цэцгүүдээ багачууд зуныхаа амралтаар гэр рүүгээ аваад явна гэж байв. Зуны гурван сарын турш гэртээ арчилж ургуулж байгаад намар хичээл эхлэх үеэр ангидаа буцаан авчрах юм байна. Цэцгээ усалж байгаа охин “Чи миний ээж шиг хөөрхөн болоорой за” гэж цэцэгтэйгээ ярих ажээ. Бас хоёр хоног цэцэрлэгтээ ирэхгүй болохоор орой тарах үедээ дахиад нэг усална гэж байв. Хүүхдүүдийн тарьсан цэцэг нүдэн дээр нь өдрөөс өдөрт ургаж байгаа болохоор арчлахдаа тун урамтай байдаг гэсэн. Бүр зарим нь өөрсдийнхөө сурсан дуу, шүлгийг цэцэгнийхээ хажууд очоод давтах болжээ. Ингэж цэцэг тарьж байхтай зэрэгцээд айл гэр болон тоглох хүүхдүүд зургаа авахуулъя гэж дуудав. Ангийнхаа нэг буланг гэр шигээ тохижуулаад тэндээ ээж, аав болон тоглодог юм байна. Гэрээр нь шагайвал авдар, ор, ширээ, сандал, гал тогооны хэрэгсэл цөм байлаа. “Би өнөөдөр ээж нь шүү” гэж хэлэх жаахан охин бусдадаа хоол хийж өгөн тоглох ажээ. Тэдний хажууханд байх метр хэрийн өндөртэй шатаар дээш гарвал номын булан байв. Монгол ардын үлгэрүүд, гадаад ном зохиол, багшийн үзүүлэх ном, хүүхдүүдийн бие даан хичээллэх зэрэг дөрвөн төрлийн ном байдаг юм байна. Хүүхдүүд уншиж чадахгүй ч багшаараа уншуулсан үлгэрээ цээжилчихээд нэг нэгэндээ ярьж өгөх ажээ. Бас энд зөөлөн тоглоомууд тавьсан учраас нойр нь хүрсэн хүүхдүүд унтаж болдог гэсэн. Зөөлөн тоглоомоо дэрлээд тав тухтай орчинд унтаад босоод ирэхээр хүүхдийн ааш зан зөөлөрч, нийтэч болдог юм байна.

Г.Мөнхзул багш дээрх булангуудыг эцэг, эхчүүдийн­хээ оролцоотойгоор хийжээ. Ангид нь хуучин байсан зүйлүүдийг сэргээгээд шинэ юм шиг болгоод дахин ашиглаж бай­гаа гэнэ. Зарим зүйлийг шинээр хийх­дээ аав ээжүүдээсмөнгө төгрөг татаа­гүй гэсэн. Хүүхдүүдийнхээ эцэг, эхийг таван дөрвөн бүлэгт хуваан гэртээ хэрэглэхээ больсон, эсвэл хаях гэж байгаа зүйлийг ашиглан ийн ангиа тохижуулжээ. Тухайлбал ээжүүд өөрсдийнхөө хэрэг­лэхээ больсон цагаан цамцыг дахин шинээр эсгээд эмнэлгийн халаад хийгээд өгөх жишээтэй. Бас хаях гэж байсан модоо ашиглаад сандал, ширээ, авдар хийгээд өгчихөж. Энэ мэтээр өөрсдөд нь хэрэггүй мөртлөө цэцэрлэг дээр ашиглаж болохоор эд зүйлсээ ашиглан дээрх булангуудыг тохижуулжээ. Ингэж өөрсдийнх нь үйлч­лүүл­дэг эмнэлэг, үсчин, дэлгүүр гэхчлэн зүйлсийг бодитой мэтээр хийснээр хүүхдүүдийн сонирхлыг улам их татах болсон байна. Бас эдгээр булангууд хүүхдийн нийгэмтэй харьцах харилцааг бий болгох, бусдад тусалж сурах, тоолж сурах, үйлчилгээ авч сурах чадварт сургадаг гэсэн. Тус ангийн багш Г.Мөнхзул “Манай цэцэрлэг дээр сургуулийн өмнөх боловс­ролын цөм хөтөлбөр өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа. Цөм хөтөлбөрийн онцлог нь хүү­хэд тоглонгоо хөгжих орчинг бүрдүүлэх байсан. Ингэснээр хөгжсөн, чадварлаг зөв Монгол иргэн төлөвших зорилготой юм. Манай анги 48 хүүхэдтэй. Хүүхэд бүрийг тэгш хөгжүүлэхийн тулд багш нар, эцэг эхчүүдийн зүгээс дээрх сургалтын төвүүдийг шинэчилсэн” гэв.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар талбай орвол автомашинаа хаана тавих вэ?

Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг “Эх үрсийн баяр”-ын баяр ирэх даваа гаригт болно. Энэ өдөр хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбай болон дүүргүүдэд зохион байгуулагдах юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Чингисийн талбайд зохион байгуулах “Эх үрсийн баяр” нэгдсэн арга хэмжээний үеэр төв талбай орчмын авто зогсоолуудыг ингэж зохицуулахаар төлөвлөжээ. Тус зохицуулалт 11:00-14:00 цагийн хооронд болно.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар эмнэлгийн хариуцлагатай жижүүр ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Хүүхдийн баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай” тушаалын дагуу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 09.00 цагаас 2015 оны 06 сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр гарган ажиллана. Хүүхдийн баярын амралтын өдөр өөрийн байгууллага дээрээ хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 2015 оны 06 дугаар 01-ний өдрийн оройн 19.00 цагт, 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цагт мэдээ өгөхийг Харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт даалгалаа. Мөн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авч, ажилчдын сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллах, Түргэн тусламжийн төв, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн яаралтай тусламжинд гарч ажиллах эмч, автомашины бэлэн байдлыг хангаж, шаардлага гарсан үед нөөцтэй байх, эмнэлгийн тусламж хүссэн иргэдэд ёс зүй, харьцаа хандлагын доголдолгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэхийг үүрэг болгов. 2015 оны 06 сарын 01-ний өдөр Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг тус бүр 10-16 цагийн хооронд ажиллуулах, хоолны хордлого, халдварын үед авах сорьц шинжлэгдэхүүний бэлэн байдлыг ханган мэдээ, мэдээллийг зохих журмын дагуу шуурхай мэдээлж, хяналт тавьж амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүрт гарч ажилласан хүмүүсийг хууль тогтоомжийн дагуу биеэр амруулахыг харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт даалгалаа гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зарим замыг хаана

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, “Блю Скай” төвийн урд замыг 2015 оны тавдугаар сарын 30-ны 22.00 цагаас 2015 оны тавдугаар сарын 31-ний 06.00 цаг хүртэл хааж, бохир усны шугам тавих ажил хийнэ.

Монголын Бурхан шашинтны шинэ төвийн барилгын ажил Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Япон цэргийн цогцолбор руу явсан замыг 2015 оны тавдугаар сарын 30-наас 22.00 цагаас 2015 оны зургаадугаар сарын 02-ны хооронд сүвлэж шугам сүлжээний ажил хийнэ.

Банзүрх дүүрэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын авто замыг 2015 оны тавдугаар сарын 29-ний 23.00 цагаас 2015 оны тавдугаар сарын 30-ны 06.00 цаг хүртэл хааж , борооны ус зайлуулах шугам тавих ажил хийнэ. Гүйцэтгэгчээр “Наран тойром” ХХК ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Mongolian Academy Awards” ирэх сард шилдгээ тодруулна

Монголын кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Mongolian Academy Awards” ирэх сарын 7-нд “Шангрилла” зочид буудалд зохион байгуулагдана. Монголын үндэсний кино урлагийн академиас Монгол Улсад кино урлагийг хөгжүүлэх, монгол киног дэлхийн түвшинд хүргэх, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах зорилгоор “Академийн дээд шагнал” гардуулах ёслолыг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ жил кино урлагийн 80 жилийн ой тохиож буй учраас наадмыг агуулга, зохион байгуулалтын хувьд сонгодог талаас нь хийх зорилготой ажиллаж байгаа гэнэ

Categories
мэдээ нийгэм

Хэзээ хаана хүүхдэд зориулсан ямар арга хэмжээ болох вэ?

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
06 дугаар сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.

Улсын драмын эрдмийн театр
06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00, 13:00 цагуудаас К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг

Хүүхэлдэй театр
06 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагаас “Үлгэрийн баатрууд” парад
06 дугаар сарын 01-ний өдрийн 12:00, 14:00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг
06 дугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагаас VIVA CITY хороололд Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг тавигдана.

Үндэсний Цирк /АСА ЦИРК/
05 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагаас,
05 дугаар сарын 30-ний өдрийн 11:00, 14:00, 17:00,
05 дугаар сарын 31-ний өдрийн 11:00, 14:00, 17:00,
06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Циркийн шилдэг үзүүлбэрүүд” тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулга
05 дугаар сарын 30, 31, 06 дугаар сарын 01-нд 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Бонгын аялал” тоглолт

Хүүхдийн номын ордон
05 дугаар сарын 29-нд 11:00 цагаас “Шидэт номын найзууд” уран уншлагын уралдаан
06 дугаар сарын 01-нд Нээлттэй хаалганы өдөр

Монголын хүүхдийн ордон
05 дугаар сарын 25-ны өдөр Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.
06 дугаар сарын 01-ний 14:00 цагаас Баярын тоглолт

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-ний өдөр 09:30 цагаас “Өргөө-2” кино театрт Дүүргийн “Хүүхдийнбаяр”-ын нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллаагаа зохион байгуулна. Хүүхдүүдэд кино үзүүлнэ. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамтрах ба хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна.

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас УБ Паласт Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
06 дугаар сарын 01-нд 12:30 цагаас Баянгол дүүргийн ЗДТГ-аас УБ Палас хүртэл парад алхана.

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
05 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулагдана.
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас “Их Зайсан” цогцолборт “Оюуны Ундраа” групптэй хамтарсан Хүүхдийн баярын үйл ажиллагаа болно.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Үндэсний Соёл амралтын хүрээлэн
2015 оны 05 дугаар сарын 28-аас 2015 оны 06 дугаар сарын 04-ний хугацаанд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Ихтайз, багатайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, АХА, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 11:00 цагт “Витафит” ХХК, ТВ-5 телевизтэй хамтран “Ундааны баяр” өдөрлөг ба бусад ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит уралдаан, тэмцээнийг зохион байгуулна. Мөн номын худалдаа явагдана.

Categories
мэдээ улс-төр

Монголчуудын тусламжийг Балбын Элчин сайдад гардууллаа

Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд С.Баяраа Монгол Улсын Засгийн газраас Балбын ард түмэнд тусламжаар илгээсэн эм, эмийн бүтээгдэхүүнийг тус улсад суугаа Балба Улсын Элчин сайд ноён Дип Кумар Упадхаяад гардуулан өгчээ.

Элчин сайд ноён Дип Кумар Упадхаяа хүнд хэцүү цагт хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Балба Улсад болсон газар хөдлөлтийн улмаас 8000 гаруй хүн амиа алдаж, 14000 орчим хүн шархдаж, олон арван байшин, барилга нурж сүйдсэн юм. Сэргээн босгох ажиллагаа болон хохирсон иргэдэд хандан дэлхийн олон улс орон, байгууллагын зүгээс Балба Улсад хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламж үзүүлсээр байна.

Categories
мэдээ цаг-үе

М.Сономпил: Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийж сайхан наадчихаад ирэх намар ээлжит сонгууль зарлачих хэрэгтэй

УИХ-ын гишүүн М.Сономпил­тэй ярилцлаа.

-Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын асуудлыг шийдлээ, одоо хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гээд яриад эхэллээ. Нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Зөвхөн Таван толгой, Оюу толгойн асуудал удааширснаас болоод ийм байдалд хүрчихээгүй. Оюу толгойн тухайд 2010 онд ашиглах гэрээ байгуулснаас хойш дэлхий нийтийн анхааралд орсон. Уул уурхайн салбар тэр дундаа зэс олборлогчдын сонирхлыг татаж байгаа томоохон орд, бүтээн байгуулалт гэсэн үг. Зөвхөн насжилтыг нь аваад үзэхэд л 90 жил ашиглана. Бусад орнуудын томоохон ордууд 40-50 жилийн насжилттай байдаг. Эрдэнэтэд 30 жилийн нөөц үлдсэн гэж ярьдгаас үзэхэд үнэхээр том. Бусдын анхаарлыг эрхгүй татсан ийм ордод дэлхийг дамнасан зэс, алт, уул уурхайн Рио Тинто ашиглахаар орсныг хүн бүр мэдэж байгаа. Дэлхий нийтэд үйл ажиллагаа явуулдаг энэ компанийн салбар Монголд байгуулагдчихаад байгаа нь энэ. Тэд хариуцлага, үйл ажиллагааны хувьд өндөр стандарттай. Тиймдээ ч тухайн бүс нутаг дахь энэ компанийн салбар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байвал бусад компаниуд хөрөнгө оруулалт зэрэг үйл ажиллагаагаа удаашруулж асуудал яаж эргэхийг хардаг. Товчхондоо Рио Тинто Монгол Улстай хэл амаа ололцохгүй байхад бид тэрбум ам.доллар оруулаад ашиг олохгүй юм байна гэж бусад нь айдаг. Рио Тинто нь нэг талаасаа уул уурхайн компаниудыг араасаа дагуулж, хөтлөгч. Яг үүнтэй холбоотойгоор сүүлийн хоёр жил Рио Тинтогийн үйл ажиллагаатай холбоотой дэлхий дахинд их муу мессеж түгсэн. Ялангуяа хөрөнгийн бирж, уул уурхайн хөрөнгө оруулалтын томоохон компаниудын дунд ийм байдал үүсчихээд байна. Монгол Улс Рио Тинтотой хэл амаа ололцохгүй байна, хэлсэн ярьснаасаа буцаж байна гэх зэргээр хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсчихээд байсан. Хүлээс нь одоо тавигдах биз.

Ер нь УИХ дахь бүх намууд хамтарсны үр дүн гэж харж болох уу. Шууд хэлбэл таны ажиллаж байсан Н.Алтанхуягийн Засгийн газар асуудлыг шийдэж чадаагүй шүү дээ?

-Оюу толгойн 2010 онд хийсэн гэрээг шинэчлэлийн Засгийн газар өөрчлөх гэж их үзсэн. Н.Алтанхуяг сайд, Д.Ганхуяг сайд гээд хэн хүнгүй л ажилласан. Сайн гэрээ болсон гэдэгтэй санал нийлэх нэг ч хүн байдаггүй. Тиймээс зохих өөрчлөлтийг хийе гэж бид нэлээд ажилласан ч амжилт олоогүй юм. Амжилтад хүрэх нөхцөл ч байгаагүй. Яагаад гэвэл Рио Тинто компанийн хамгийн том захирал нь ирээд ч асуудлыг шийдчих боломжгүй. Мэдээллээс харж байхад Оюу толгойн хувьцааг 300 гаруй мянган хүн эзэмшдэг юм билээ. Товчхондоо 300 мянган хүнээс асууж байж гэрээнд өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэдэг шийдвэр гарна. Ийм л хэцүү асуудал байсан.

-Гэхдээ гэрээг танай бүлэг эсэргүүцээд байгаа?

-Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг хийхээс өөр арга байхгүй. Хөдлөх нь зөв. Хөдлөхгүй байвал улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн асар их хохирол амсана. Эвсэл үүнтэй санал нэгдэж Ерөнхий сайдын мэдээллийг сонсохдоо “сайн байна” гэдгийг нь ч хэлсэн. Явуулахгүй байх нь хэнд ч хэрэггүй, тэр дундаа Монгол Улсад, тэр компанид бүр ч ашиггүй. Гэхдээ гэрээнд улс орны эрх ашигт хохиролтой заалт байна гэдгийг нь бүлэг дээр онцолж ярьсан. Жишээлбэл, борлуулалтаас орсон орлогыг яагаад Монголоор дамжуулж болохгүй байгааг хөндсөн. Гэтэл Ерөнхий сайд “Гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй. Гарын үсэг зурагдсан. Дахиж асуудал яригдахгүй” гэснээс болж нэлээд эсэргүүцэлтэй тулгарч, маргаан үүссэн. Тиймэрхүү үл ойлголцолтой байгаа.

-Шударга ёс эвсэл засгаас гарна, Ерөнхий сайдыг огцруулна гэж шийдсэн юм биш үү?

-Зарим гишүүн ийм үг хэлсэн. “Ийм ойлгомжгүй Засгийн газартай эвсэл хамтрах шаардлага байгаа юм уу, үгүй юу” гэдгийг ганц, хоёр гишүүн хэлж байна билээ. Нэрийг нь онцолж дурдаад яах юм.

-Ер нь одоо яах ёстой вэ. Нэг асуудал шийдэхээр араас нь гурван саяулаа улстөржих юм?

-Монголд оффис суларч, хөрөнгө оруулагчид гарч байна гэж яриад байгаа. Энэ үнэн. Таатай орчныг бий болгохгүй байна. Дээрээс нь улстөрчид худлаа эх оронч царайлж яриад байгаа нь хөрөнгө оруулагчдад айдас төрүүлээд байна. “Монголчууд хэлсэн ярьснаасаа буцдаг юм байна. Засгийн газар солигдоход хэрэгжүүлж байсан ажил зогсдог юм байна. Монголоос ашиг олно гэдэг нь худлаа юм байна” гэсэн ойлголт төрүүлээд байна. Тэгээд ч аль хэдийнэ “Төр засаг нь шийдвэр гаргаж чаддаггүй юм байна, тогтвортой байдалд хүрэхгүй юм байна” гэж гадна талаас харах болсон. Аливаа бизнес олон жилээр явдаг. Хамгийн багадаа арваас 100 жилээр төлөвлөж байж хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ингэж төлөвлөж байж хөрөнгөө босгодог. Хүн бүр тэрбум ам.доллар халаасалчихсан явж байдаггүй учраас заавал зах зээлд хөрөнгө босгох ажил хийгддэг. Бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хийхийн тулд төслөө бичиж банк санхүүгийн байгууллагаас зээлээ авч эцэст нь даатгал дээр очдог. Даатгал эрсдэлийн үнэлгээ хийнэ. Тэгэхэд Монгол ямар орон бэ гэсэн асуулт гардаг. “Ардчилсан орон учраас тэр тал нь эерэг ч улс төрийн хувьд тун найдваргүй” гээд даатгалаа хийж өгөхгүй. Хийлээ гэхэд бусад орнуудынхаас харьцангуй өндөр хувь бодно. Ийм байдлаас болж Монголын хөрөнгө оруулалтын орчны төлбөр өсчихөөд байна.

-Хүмүүс гаднын компаниас болгоомжилдог байдал байсаар л байна?

-Гадаадынхан боломж хайж л орж ирж байгаа учраас буруутгах аргагүй. Эдийн засгийн, хууль эрх зүйн гээд бүх зүйл нь тооцоотой явдаг. Гадныхан ямар манай хууль эрхзүйн орчинг бүрдүүлсэн биш. Сүүлийн үед зарим улстөрчдийг гадны захиалгаар хууль боловсруулж, батлуулсан гэсэн шүүмжлэл гарах болсон. Гэхдээ гаднаас бус дотроосоо буруугаа хайх ёстой. Дотоодоосоо буруу хайхдаа хувь хүн, улстөрчид, нам, фракциудад буруу өгч болохгүй. Тогтолцооны буруу л болчихоод байгаа юм. Тогтолцоо ийм байгаа учраас хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж, фракц болж тоглохоос өөр арга байхгүй. Улс төрийн очков авахын тулд популист болж тоглоно. Үүнээс цаашаа явахгүй учраас хүнтэй зууралдах хэрэг байхгүй. Тийм ч учраас би УИХ-ын гишүүдтэйгээ энгэр заамаа зулгаахдаа тулж муудалцахыг хүсдэггүй. Хүн бүр өөр өөрийн бодол, нөхцөл байдалд тохируулж улс төр хийж байгаа учраас буруутгах юу байх билээ.

-Тэгээд тогтолцоогоо өөрчилж болдоггүй юм уу. Ярих бус хий гэж УИХ-ын гишүүдийг сонгодог биз дээ?

-Тогтолцоогоо хурдан өөрчлөх шаардлагатай. Эс тэгвээс хөгжил удааширч, Монгол маш муухай харагдаж эхэлж байна. Манай улстөрчид Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг зоригтой шийдчих л хэрэгтэй. Ирээдүйн Монгол Улс, ард иргэдийнхээ, өөрсдийнхөө төлөө. Болдогсон бол шинэ Үндсэн хуулиа энэ хавар баталж сайхан наадчихаад ирэх намар ээлжит сонгуулиа зарлачих хэрэгтэй.

-Тийм зориг гаргаж чадах уу?

-Тийм зориг гаргаж чадахгүй юм бол шинэ жилийн өмнө Үндсэн хуулиа өөрчлөөд 2016 онд сонгуулиа урьдчилаад зарлачих хэрэгтэй. Ингээд явчихаасай гэж олон ч гишүүнтэй санаа бодлоо солилцдог. Бүгдээрээ л санал нэг байгаа. “УИХ-д нэг л жил дутуу сууна биз, ямар хамаатай юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр болж байгаа болохоос энэ парламент муудаа татан буугдаагүй” гэж ойлгох ёстой. Ингэж түүхэнд үлдэх шийдвэрийг гаргаж, түүхэнд тэмдэглэгдэх парламент болох шаардлага байна. Асуудлыг хэлэлцэхээр намын Их, Бага хурал гээд баахан л хугацаа хожих байх. МАН-ын Их хурлаар шийднэ, ард нийтийн санал асуулга явуулна гэх мэтээр Монгол Улсын гурван сая иргэнийг татан оролцуулбал хөгийн юм болох нь ойлгомжтой. Гэхдээ зөв л шийдэлд хүрээсэй. Үүнийг хийхгүй бол өнөөдөр мухардалд орчихоод байна. Төрийн гурван өндөрлөг нь зөрчилтэй гэдэг нь илт харагдаж л байна. Хуучин өөр өөр намаас төрийн өндөрлөгт сонгогдож, алба хашиж байсан учраас зөрчлийг нь улс төр гэж хардаг байлаа. Харин өнөөдөр нэг нам ч гэлээ эрх мэдэл, албан тушаал гээд бүх хуваарилалт нь өөр болохоор яалт ч үгүй зөрчил үүсч эхэлж байгаа. Энэ нь хүнээсээ шалтгаалаад байгаа юм биш. Тогтолцоо нь зөрчил рүү авчраад байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэзээ УИХ-аар хэлэлцэж эхлэх вэ. Үндсэн хуулиа, тогтолцоогоо өөрчилнө гэвэл ямар засаглалтай байх вэ гэдгээс эхлээд асуудал ундарна даа?

-Олон асуудал бий. Ажлын хэсгийг Н.Батбаяр гишүүн ахалж байгаа. Ажлын хэсэг долоо хоногт хоёроос доошгүй хуралдаж байна. Тэд зургадугаар сарын эхээр буюу удахгүй УИХ-д оруулж ирнэ гэж байна билээ. Бүх намуудын төлөөлөл орж, байнга мэдээлэл солилцож байгаа. Тэгээд юу болохыг нь харна даа.

-Тэгвэл таныг Таван толгойн ажлын хэсгээс гарлаа эргээд орлоо гээд мэдээлээд байсан. Юу болсон юм бэ. Таван толгойн асуудал ямар шатандаа явна?

-Ажлын хэсэгт нь орсон. Таван толгойг явуулахгүй гэж шүүмжилж байсан хүмүүс тэр ажлын хэсэгт орсон учраас “Би ганцаараа эсрэг байр суурьтай юм чинь энд байх шаардлагагүй биз дээ” гэдгээ хэлээд гарсан. Л.Эрдэнэчимэг гишүүн, А.Гансүхээс эхлээд байнга эсэргүүцэж зогсоохыг шаардаж байсан хүмүүс Таван толгойг явуулах ажлын хэсэгт орсон гэсэн үг. Түүнээс хойш ажлын хэсэг хэд хэд хуралдсан. Яахав, ойлголцлын шатанд хүрч байна. Миний бодлоор төслийг 268 дугаар тогтоолын дагуу хийсэн. Үүнд М.Энхсайхан гэдэг хүнийг буруутгах шаардлага байхгүй. Ийм байхад УИХ л олон санаа бодол гаргаад байгаа юм. Нэг хэсэг гэрээний зүйл заалтуудыг үндсээр нь өөрчлөх яриа орж ирсэн ч одоо овоо илааширчихсан байна. Ер нь УИХ гэрээ дүгнэж, шалгаж байдаг байгууллага биш. Хуулийн хүрээнд УИХ нь Засгийн газартаа чиглэл, тогтоол гаргаад өгчих хэрэгтэй. Засгийн газарт ч оролцоод байх шаардлага байхгүй. УИХ-аас гаргасан тогтоолыг мөрдөж хоёр компани нь гэрээгээ байгуулаад Засгийн газар нь хяналтаа тавиад л явах ёстой. Ер нь төр төртэйгөө, компани компанитайгаа л хамтарч ажиллах хэрэгтэй. Аль ч улсын компанитай Монгол Улсын сайд гэрээ байгуулаад байх шаардлага байхгүй. Монголын төрийг тэгж гутаан доромжилж болохгүй.

-Таван толгойн гэрээний аль заалтуудыг нь хэрхэн өөрчилж байгаа бол?

-Эцэслэн шийдээгүй байхад нь задалчихвал эргээд л улстөр орчихдог гэмтэй учраас энэ талаар дэлгэрэнгүй яриад яах вэ. Гэхдээ нааштай шийдвэр гарна гэдгийг баталж хэлмээр байна.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Хар тамхитай холбогдсон бол хэн ч биш болдгийг Баавар, Д.Манлайжаргал, М.Бадрал нарын хэрэг харууллаа

-Ш.Батбаяр буюу Баавар, Д.Манлайжаргал нар өмнө нь ял эдэлж байсан юм-

Урлагт хөл тавьсан, залуусын дунд од гэгддэг залуус хар тамхи, мансууруулах бодистой холбогдож, өөрсдийгөө баллах нь ихэслээ. Тэдний энэ болчимгүй, ухамсаргүй үйлдэл өөрсдийг нь нийгэмд эзлэх байр суурьгүй, хууль шүүхээр эргэлдсэн нэр хүнд, амьдралгүй нэгэн болгож байна. Хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон л бол хэн ч биш болдог гэдгийг хэрэгт холбогдоод байгаа урлагийнхан харуулж байгаа юм. Уржигдар анхан шатны шүүхээс ял сонссон Баавар буюу Ш.Батбаяр, “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргал нар өмнө нь ч ял эдэлж байсан түүхтэй. Тэдний үйлдлийн тухайд сэтгэл зүйч “Мансууруулах бодистой нэр холбогдож, хэрэглэж үзсэн л бол биеэ авч явах чадваргүй болдог нь дэлхийд батлагдсан. Зан харилцаа, нийгэмд эзлэх байр суурь нь ганхаж эхэлдэг учраас тахал гэж нэрлэдэг юм” гэж тайлбарласан. Сэрэмжлүүлэг болгох үүднээс мансууруулах бодистой нэр холбогдож ял сонссон нөхдүүдийн хэн нь хэн, ямар хэрэг үйлдэж байсныг тоймлон хүргэж байна.

Баавар өмнө нь гурван удаа ял сонсч байв

“Монголын хип хоп холбоо”-ны ерөнхийлөгч Ш.Батбаяр өдгөө 36 настай. Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байжээ. Тэрбээр бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. Ш.Батбаяр 1998 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар буюу садар самууныг сурталчилсан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлтэйгээр гурван жилийн ял сонсч байсан юм. Шүүх түүнд оноосон ялыг тэнсэн харгалзаж, ялтай хугацаа 2001 онд дуусч байсан билээ. Дараа нь 2013 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар олж авсан, хадгалсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдсон. Ингэж хоригдож байхдаа буюу 2013 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байдаг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн В корпусын 2-7 тоот тусгаарлах өрөөг санаатайгаар галдан шатаасан хэрэгт холбогдсон. Тухайн үед түүний ойрын хүмүүс “Бааварыг гаднаас нь галдан шатаасан” талаар мэдээлэл ч хийж байв. Хоригдож байсан өрөөндөө шатсанаас болж Баавар БНСУ-д эмчилгээ хийлгэсэн. Түүний түлэнхийн сорви одоо ч бий. Нуруунд нь мах ургасан, зовиуртай байдаг талаар өөрөө ярьсан билээ. Хорих ангийн өрөөнд гал гарсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, Бааварыг өөрөө гал тавьсан гэдгийг тогтоож бусдын эд хөрөнгийг санаатайгаар сүйтгэсэн гэдэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Түүнтэй хамт 461 дүгээр хорих ангийн долоон ажилтан албан үүрэгтээ хайнга хандсан хэргээр шүүгдсэн юм. Анхан шатны шүүхээс Бааварыг хорих ангийн өрөөнд санаатайгаар гал тавьж 479 мянган төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд гурван жил хорих ял оноосон. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тэрбээр “Хорих ангийн өрөөнд асаагуур авч орсон гэм буруугаа хүлээж байна. Тэнд тамхи татдаг байсан. 2013 оны гуравдугаар сарын 23-ны өдөр даргын зөвшөөрөлгүйгээр 4-5 хянагч намайг камергүй хонгилд зодож, хүч хэрэглэн гав дөнгө зүүж тусгаарлах өрөөнд оруулсан. Тэнд гар боогдоод, цусны эргэлт хаагдаад байсан учраас боосон даавууг шатаавал суларна гэж бодоод асаасан. Санаатайгаар хийсэн үйлдэл биш” гэж мэдүүлсэн байдаг. Давж заалдах шатны шүүхээс түүнийг цагаатгасан юм. Харин мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт нь Чингэлтэй дүүргийн шүүхээс 2013 оны тавдугаар сарын 29-ний өдөр гурван сар 10 хоног баривчлах ял оноосон. Тэрбээр зургадугаар сарын 21-нд суллагдсан билээ.

Суллагдсанаасаа хойш эмчилгээ хийлгэхийн хажуугаар уран бүтээлээ хийж байсан. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Чойрт тоглолттой явахад нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулж, “Ice top” хамтлагийн гишүүдтэй хамт түүнийг баривчилжээ. Тэднийг баривчлаад хот руу явж байхад Баавар ЗБГХТГ-ын II хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Пүрэвдоржтой маргалдан хоолойг нь боож биед нь халдсан байна. Шинжилгээгээр Баавар хар тамхи, мансууруулах бодис хэрэглээгүй нь нотлогдсон ч төрийн албан хаагчид халдсан хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс 1.6 жилийн ял сонссон нь энэ. Тэрбээр шүүх хуралдааны өмнө “Тэр цагдаа гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн” гэж байсан ч төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхад биед нь халдсан гэдэг зүйл ангиар анхан шатны шүүх ял оноолоо. Хаалттай болсон шүүх хуралдааны үеэр тэрбээр “Би урлагт зүтгэж, олон залууст үлгэр дуурайл болж байгаа. Намайг зохион байгуулалттайгаар яллаж байна” гэж мэдүүлжээ.

Д.Манлайжаргал хүний биед халдсан хэргээр тэнсэн ял эдлэж байжээ

“Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайбаатар 1982 онд төрсөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр 2014 оны аравдугаар сарын 15-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс ял сонсч байжээ. Тодруулбал, 2014 оны гуравдугаар сарын 19-ний шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байдаг “SKA” зочид буудлын өрөөнд М-ийг “Орон дээр хэвтлээ, нэрээ хэлсэнгүй” гэдэг шалтгаанаар нүүр, шилбэ рүү нь зодож танхайрчээ. Тухайн үед тэрбээр найзуудтайгаа наргиж яваад согтсон, хаана байгаагаа мэдэхгүй байсан гэж мэдүүлжээ. “Сэргээд харахад буудалд байсан. Гадуур явж байгаад орой ирэхэд байрлаж байсан өрөөнд нь эрэгтэй хүн байхаар нэрийг нь асуутал дуугарахгүй байсан учраас цохьсон” гэж мэдүүлж байжээ. Шүүх Д.Манлайжаргалыг нийгэмд тогтсон эрх зүйн хэм хэмжээ, ёс суртахууныг зөрчиж танхайрсан гэдэг үндэслэлээр гурван жилийн тэнсэн харгалзах ял оноож байжээ. Тэрбээр тэнсэн ялтай байхдаа мансууруулах бодис хэрэглэсэн байна. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Чойрт тоглолттой байхад нь ЗБГХТГ-ын гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчлахад машинаас нь “Ice” буюу мөсний төрлийн мансууруулах бодис олджээ. Мөн шээсний шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлсэн. Тиймээс Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар ял оноож, өмнөх тэнсэн харгалзах ялтай нь нэгтгэн 3.6 жил хорих ял оноосон байна.

Төрийн албанд ажиллаж байсан М.Бадрал мансууруулах бодистой нэр холбогдлоо

Анхан шатны шүүхээс гурван сар нэг хоног баривчлах ял сонссон М.Бадрал сургууль төгссөн цагаасаа хойш төрийн албанд ажиллаж байжээ. Хамгийн сүүлд тэрбээр дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргаар ажиллаж байсан гэнэ. ЗБГХТГ-ынхны гүйцэтгэх ажиллагаагаар түүний машинаас “мөс”-ний төрлийн мансууруулах бодис олджээ. Шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч нь “Миний үйлчлүүлэгч төрийн албанд ажиллаж байсан, сахилга баттай. Энэ нөхцөлийг нь харгалзаач” гэж хүссэн аж.

Ц.Өрнөх

Categories
мэдээ цаг-үе

Дотуур байр хэмээх боловсон шорон хүүхдийг ямар хүн болгосоор байна вэ

Ишиг эхийгээ хөхөн өсч байхад ямаачны хүүхэд ч ижийнхээ энгэрт эрхэлж, цагаан сүүгээр нь өсөх эрхтэй. Хорвоо ийм атал заримдаа адгуулж маллаж байгаа амьтнаасаа дор байдалд монголчууд бид амьдрах юм. “Мал дагаж мал болно” гэж манай сонин олон жилийн өмнөөс бичиж ирсэн. Дагасан малаасаа ч дор байх үе бидэнд байсаар байна. Маллаж байгаа хурга, ишиг нь өдөр бүр эхтэйгээ ээнэгшин өсч байхад, жилийн ихэнх өдрүүдэд ээжээсээ хол байгаа бяцхан үрс хуруугаа хөхөж, дотуур байранд бэтгэрэн хүүхэд насаа өнгөрөөж байна. Бүр хуруугаа ч хөхөх эрхгүй тэднийг “Эрхэндээ хатсан амьтад” гэж цоллож, анги хэсүүлж хүүхдийн доог болгон ял хүлээлгэдэг. Хуруугаа хөхөх болсны шалтаг шалтгаан юу байсан, яагаад тэр нялх амьтан хуруу хумсаа мэрж шаналах болов гэдгийн утга учрыг ч ололгүй, яллан буруутгадаг бидний сурган хүмүүжүүлэх ухаан ч гэж дээ. Жилийн 365 хоногийн 224-245 хоногийг хөдөөгийн хүүхдүүд гэрээсээ хол, сургуулийн дотуур байранд өнгөрөөдөг гээд бод доо. Хуучин найман настайгаасаа ээж, ааваасаа хол цөлөгддөг байсан бол одоо бүр зургаан нас болж урагшилсан. Монголчуудын малч ахуй, хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал зэрэг тавигдаж ирэх үеэс дотуур байрны асуудал яригдаж эхэлсэн байдаг. Малчин өрхийн хүүхдүүдийн дунд сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх үүднээс ардын Засгийн анхны сургуультай зэрэгцээд дотуур байр үүссэн нь 1933 онд батлагдсан “Ардын бага ба дунд сургуулийн дагаж явах дүрэм”-д туссан байдаг юм билээ. Харин дотуур байрны асуудлыг хуульчилж өгсөн нь 1982 онд хамаарагддаг. Ерөнхийдөө малыг хүнээсээ илүү тавьсан тухайн нийгэмд хийгдсэн энэ зохицуулалт нэг хэрэг. Харин мал хувьд шилжсэн өнөөдрийн цаг үед хүмүүс малаа дагах уу, хүүхдээ дагах уу гэдэг сонголтоос малаа дагаж, хүүхдээ хаяж байгаа нь тодорхой байгаа юм.

Ер нь дотуур байр бидэнд юу өгсөн юм бэ. Малчин айл өрхийн дийлэнхийн хүүхдүүд дотуур байранд суудаг. Хүүхдүүд дотуур байранд сууж ирсэн ная, ерэн жилийн хугацаанд ямар алдартан, ямар мундаг хүмүүс бидний дундаас төрөв. Дэлхийн улс гүрнүүдээс төрөн гарч буй алдартнуудыг бид нэг их мундаг биш ч гэсэн тогтсон ойлголтоор нь Нобелийн шагнал хүртсэн эсэхээр дүгнэн ойлгох нь бий. Тэгвэл өнгөрсөн 100 жилийн хугацаанд биднээс Нобелийн шагналтан төрсөн бил үү. Дотуур байрныхнаас хэн гэдэг мундаг хүн гарсан юм бэ. Үнэндээ дотуур байрны энэ сургалт маань хэн нэгнээс түрүүлж өрсөх гэсэн, адгасан яарсан, хувиа хичээсэн занг хүүхдүүддээ суулгаж ирлээ. Өнөөдрийн хотын замд өмнүүрээ ганц машин оруулчих сэтгэл байхгүй, өөрөө ч чадахгүй, өрөөлийг ч болгохгүй тийм хүмүүс зөндөө байна. “Энэ удаадаа тэр маань хожиг дээ, дараад нь надад ээлж ирэх байх” гэсэн сэтгэлтэй хүн бидний дунд алга. Жаахан л хожигдох гээд ирвэл орилоод дайрчих хүмүүс л олон юм. Интернэтийн мэдээний дор сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ч тэр. Өчүүхэн жаахан, атгаг. Энэ бол дотуур байрныхны сэтгэлгээ, тэдэнтэй адил өрсөлдөж, арсалдаж сурсан манай нийгмийн онцлог. Дотуур байрны амьдралыг туулж өнгөрсөн хүмүүс бидний дунд олон. Уурын зуух эвдэрснээс даарч хөрөх, өлсч цангах бол энүүхэнд. Дотуур байранд 200-300 хүүхэдтэй өрсөлдөж, будаатай хуурга олж идэх гэж чардайж байсан үеэ олон хүн санаж байгаа даа. Зунжин сумын төвийн чийгтэй байшинд байсан борц намар ирэхэд өтчихсөн, царвантай гурилтай өттэй шөл амнаас буцаад гарчих гээд амаргүй сэн. Арван жилийн 30 улирлыг гэрээс хол өлсч өнгөрөөдөг дотуур байрны хүүхдүүд яаж бусдаас түрүүлж хоол олж идэх тухай л бодож, боловсорч өсдөг гэхэд хилсдэхгүй.Өглөөд хоёр хавсай, өдөр том хусуурны тал будаа олж идэх гэж зүтгэж байсан хүүхдүүд үүнийг сайн мэднэ дээ. Өлссөндөө гал тогоонд орж хулгай хийх, цаашлаад сумын дэлгүүр тонож аймаг руу ачигдах хүүхдүүд одоо ч бий. Дотуур байранд хүүхдүүд анх хулгай хийж сурдаг юм. Сургуулиа төгсөхдөө тогоо шиг гэдэстэй зогсох охид ч дотуур байрных. Том ангийнханд дээрэлхүүлж, хоёрдугаар хоолоо булаалгаж байсан бол өөрөө томрохдоо дүү нарыгаа дээрэлхэж өс хонзонгоо авна. Атаман гэж хүүхдийн хоол булаасан ах нар өөрийнхөө дүүг дуудаад хоол өгчихөж чадахгүй л өссөн байдаг шүү дээ. Нэг тийм сэтгэлгүй, хүнийрхүү. Нөгөө хүүхэд эцэг, эхийнхээ хайр халамжинд өсөх ёстой гэсэн хүүхдийн эрх хаана ч байгаа юм бүү мэд. Хүүхдийн эрхийн конвецийн есдүгээр зүйл болсон “Эцэг, эх нь муухай харьцаж, үл ойшоодог биш л бол хүүхдийг эцэг, эхээс нь салгаж болохгүй” гэсэн үндсэн зарчим алдагдсан. Энэ конвенцид заасан эцэг эх нь хүүхдээ хамтдаа өсгөж, хүүхдэд нэн тэргүүнд юу хэрэгцээтэйг харгалзан үзэх үүрэг хүлээж, Засгийн газар нь үүнд нь дэмжлэг үзүүлнэ гэдэг ойлголт бүр ч байхгүй. Харин Засгийн газар нь хүүхдийг эцэг, эхээс нь холдуулахад шийдвэр тогтоолоороо л тусалж байгаа байх. Энэ бүхний эцэст гэрээсээ хол өссөн дотуур байрны хүүхдэд гэр амьтай байх гэсэн ойлголт үгүй болж, насны бөгсөнд нас дээр гарсан ээж, ааваа ч тоохгүй суурин газраас хөдөлнө гэж байхгүй. Дотуур байранд өссөн хүүхэд бүр ийм гэж хэлээгүй ч хүүхдийг төлөвшиж, хүн болох тэр торгон цагт нь ийм л нөхцөлөөр бид хүмүүжүүлээд байна шүү дээ гэж хэлэхийг хүсч байна. Үнэн үг гашуун байдаг. Хатуу ч гэсэн дотуур байр хүүхдүүдийг ийм л болгож өсгөдөг. Тэгээд ч дэлхийн хаана ямар хүүхэд хасах 40 градусын хүйтэнд гадаа жорлонд гарч бие засч байна вэ. Монголд л байна шүү дээ. Хоёр, гурван зуун хүүхэд ордог нийтийн жорлон гэж охид, хөвгүүдийх гээд тав, таван л юм байна. Тэр нь дулаан цагтаа өмхий самхай нь дийлдэхгүй, өвөлдөө дороос данхраатаж унагачих шахаад овойтлоо хөлдчихнө.

Эцэг, эхчүүд нь ч хүүхдээ сургахын тулд ингэхээс аргагүй гэсэн том халхавчаар бүх үүргээс алсарч хоцорно доо. Дотуур байрны хүүхдүүдийн хоол ундыг төрөөс дааж ирсэн бодлого ерээд оны эдийн засгийн хэцүүхэн үед алдагдаж, эцэг, эхээс нь татаас аваад эхлэх үед сурагчдын тоо эрс багассан байдаг. 1995-1996 оны хичээлийн жилд дотуур байранд хүүхдээ суулгах өрхүүдэд мал, махны ногдол оногдуулах үед хүүхдийн тоо 1990 онтой харьцуулахад 3,6 дахин буурч, 17.6 мянга болжээ. 1998 онд Боловсролын тухай хуульд оруулсан нэмэлтээр 2000 оноос төр дотуур байрны бүх зардлыг даах болсноор 1999-2000 оны хичээлийн жилд 19.5 мянган хүүхэд дотуур байранд байснаа 2000-2001 онд 27.4 мянга болж 40 гаруй хувиар өссөн байгаа юм. Ингээд харахаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ дотуур байранд суулгах нэрийн дор өөрсдийн үүрэг, хариуцлагаасаа зайлсхийх байдал ч байх шиг. Ная ерэн жилээр явж ирсэн дотуур байрны энэ бодлого дахиад ч хэдэн жилээр үргэлжлэх юм бүү мэд. Одоогийн байдлаар үүнийг өөрчлөх, цаад урхаг уршгийг нь ярьж тодорхойлох хүн байхгүй бололтой. 2012-2014 онд улсын төсвөөр 2.7 мянган ор бүхий 26 дотуур байрны барилгыг шинээр ашиглалтад оруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, дотуур байр нэртэй боловсон шоронгийн тоо нэмэгдсээр ирлээ. Цаашлаад 9.8 мянган хүүхдийн ор бүхий 120 дотуур байр хэрэгтэй, үүнд 76.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа байгаа юм билээ. Мэдээж, хүүхэд сурч боловсрох хэрэгтэй. Хөдөө орон нутгийн хүүхдүүд ч заавал сурч боловсрох ёстой. Гэхдээ тэд ээж, аавтайгаа, гэр орондоо сурч боловсрох эрхтэй. Үүнийг төр засаг бодлогоороо хангаж өгөх ёстой юм. Швейцарийн төр засаг ард иргэдээсээ асууж, тэдний гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлдэг. Одоогоос хэдэн жилийн өмнө Альпийн нурууг давсан төмөр зам барих ёстой гэж ард олны шийдвэр гарч. Тэгэхэд нь Засгийн газар нь “Бидэнд мөнгө алга байна. Тиймээс энэ асуудлыг яах вэ” гээд дахин санал асуулга явуулахад “Төмөр зам барих хэрэгтэй. Мөнгө ол” гэсэн олон нийтийн санал асуулгын дүн гарсан гэдэг. Түүн шиг хөдөө орон нутгийн хүүхдүүд сурах ёстой. Ээж, аав нь малаа малладаг онцлогтойг мэдэж байна. Гэхдээ хүүхдүүд шоронжсон дотуур байранд бус ээж, аавынхаа хайр энхрийлэлд өсөх ёстой. Үүнийг төр засаг зохицуулах ёстой.

Жич:Манай сонин дотуур байрыг халах цаг болсонталаар өмнө нь “Хүүхдийн баяраар дотуур байр гэх шо­ронг халъя”, “Дотуур байр­ны хүүхэд доголон сэтгэлгээтэй төлөвшдөг юм биш үү” зэрэг цөөнгүй нийтлэлийг нийгэмд хүргэж байсан билээ. Эдгээр нийтлэлүүдийг манай сонины DNN.MN вэб сайтаас уншаарай.