Categories
мэдээ нийгэм

Налайх хотын захирагчид нэр дэвшигчдийг бүртгэх ажил маргааш эхэлнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдөр хуралдаанаараа нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийн Нэгдсэн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, тус хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигчдийг энэ 19-25-ны өдрүүдэд бүртгэх гэнэ. Нэр дэвшигчийг нэгдсэн хороо бүртгэж, үнэмлэх олгох бөгөөд бүртгэхдээ баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаж, бүртгэх юм байна. Ингээд бүртгэснээс хойш гурав хоногийн дотор оршин суугчдад мэдэгдэх юм байна. Ингээд Захирагчийг сонгон шалгаруулах өдрийг тусгайлан товлох гэнэ.

НИТХ-аас нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор ийнхүү дагуул хот байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул-Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулахаар төлөвлөж буй юм. Ийнхүү эхний ээлжинд дагуул хотын захирагчийг шалгаруулснаар дараа дараагийн төлөвлөгөө, ажлыг боловсруулах төлөвлөх боломжтой болно гэж хотын удирдлагууд үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын ярилцлагыг уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр улс төрийн хүрээнд өрнөж байгаа цаг үеийн үйл явдлуудыг ярьсан байна. Тухайлбал, эдийн засгийг сайжруулах гарц нь Таван толгойн төслийг явуулах гэлээ. Иймд уг мега төслийг УИХ яаралтай хэлэлцэх ёстой гэж онцолсон байлаа. Ё.Отгонбаяр гишүүн УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга. Монголд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг эрхэм гишүүн хөнджээ. Мөн тэрбээр удахгүй УИХ-д өргөн баригдах Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар санал бодлоо хуваалцжээ.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Сурагчдыг нийтийн тээвэрт үнэгүй зорчуулж, хөдөөний хүүхдүүдийг найман настайд нь сургуульд оруулах асуудлыг тусгана

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт болон дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх гол асуудлууд дээр төвлөрч ярилцсан байна. Нэгдүгээрт Хүүхэд хамгаалал олон Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгууд, хоёрдугаарт Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, гуравдугаарт Таван толгойн асуудал дээр байр сууриа нэгтгэжээ.

Бүлгийн дарга С.Бямбацогт

-Хүүхэд хамгааллын хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. Хүүхдээ хэрхэн улс эх орондоо хэрэгтэй зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлэх вэ. Үүнд гэр бүл, эцэг эхийн оролцоо ямар байх гэдэг тал дээр тодорхой асуудал дэвшүүлж хуулийн төсөлд санал бодлоо нэмэрлэх ёстой гэж үзлээ. Тус хуультай уялдуулж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн барьсан Гэр бүлийн тухай хуулийг хамт хэлэлцэх ёстой гэж үзлээ. Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд найман настайдаа сургуульд элсэх боломжийг бий болгоё. Улаанбаатар хотод сурч байгаа хүүхдүүдийг тогтсон чиглэлд үнэ төлбөргүй явуулахыг тусгаж, гэртээ хүүхдээ хараа хяналтгүй орхисон эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгэе гэх мэт тодорхой зүйл заалтуудыг суулгахаар ярилцлаа. Эдгээр асуудлыг холбогдох байнгын хороонд зарчмын зөрүүтэй санал болгон оруулна.

-ЧИНГИС, САМУРАЙ БОНДЫН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЛААР МАН-ААС ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙГАА-

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль яригдаад хагас жил болж байна. Энэхүү хуульд “Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэхүү хууль үйлчилнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтай хүмүүс бүгд энэхүү хуульд хамрагдана гэсэн үг. Энэ нь хууль зөрчиж, мөнгө зувчуулсан төрийн өндөр албан тушаалтнууд мөнгөө ил болгож, эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлсэн. 2012 оны УИХ-ын Сонгуулийн дараа Ардчилсан нам санхүүгийн томоохон асуудлуудыг шийдсэн. Тухайлбал, Самурай, Чингис бонд болон үнэ тогтворжуулах хөтөлбөрт суулгасан 3.8 их наяд төгрөгийг дурьдаж болно. Энэхүү хөрөнгийн зарцуулалтад МАН-аас шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн эцэслэн гараагүй байхад Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж болохгүй гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн.

-ТАВАНТОЛГОЙН ТӨСЛИЙГ ЯАРАВЧЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

-Тавантолгойн гэрээний төсөл УИХ-д өргөн бариад 21 хонож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн ахиц, өөрчлөлт гарсангүй. МАН тус төслийг явуулах ажлыг хурдавчлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Таван толгойн гэрээг УИХ-аар түргэн хэлэлцүүлээд, хуулийн хүрээнд шийдээд ямар нэгэн шийдвэр гаргаж, нийгэмд болон гадаад талд маш тодорхой байр суурь илэрхийлэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Таван толгойн төслийг явуулах уу, явуулбал энэ гэрээгээр явуулах уу гэдгээ шийдэх нь зүйтэй. АН-ын бүлгээс УИХ-ын даргын шийдвэрээр ажлын хэсэг байгуулсан, Гүйцэтгэх зөвлөл нь хуралдаад 51 хувь нь төрийн өмч байна гэсэн тодорхойгүй зүйл ярьсан. Цаашлаад уг төсөл хэзээ УИХ-аар хэлэлцэх нь тодорхойгүй байна.

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-МАН-ын бүлгээс Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Хэзээ хэлэлцэх вэ. Ямар асуудлууд тусгасан бэ?

С.Бямбацогт:

-Сонгуулийн хууль хэлэлцэхтэй холбогдуулж энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалал орсон. Үүнтэй холбогдуулж намрын чуулган завсарлагаа, хаврын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тойрогтоо очиж иргэд, сонгогчидтой уулзсан. Энэ үед сонгуулийн тогтолцоо ямар байвал дээр вэ гэдэг иргэдийнхээ саналыг сонссон. Үнэхээр хөдөө орон нутагт явж байхад намын жагсаалтаар сонгогддог буруу юм байна, хүнээ мэддэг байж сонгодог больё гэж байсан. Энэ дагуу хаврын чуулганы эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн Ард нийтийн санал явуулах тухай тогтоолын төслийг санаачилж Засгийн газраас санал авахаар явуулсан. Засгийн газраас санал өгөөд 5 дугаар сарын 9-ний өдөр дууссан. Өнгөрсөн долоо хоногт хуулийн дагуу УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл Ард нийтийн санал асуулгаар иргэн сонгогч УИХ-ын гишүүнийг сонгохдоо намын жагсаалтаар сонгох нь зөв үү, эсвэл хүн дугуйлдаг байх нь зөв үү гэсэн асуулттай санал асуулгын төслийг өргөн барьсан. Энийг цаашид хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Санал асуулга дээр тулгуурлаж тогтолцоо тодорхой болох байх. Санал асуулга явуулах хуулиар хоёр асуудлаар хэлэлцэж болдог хуулийн заалттай. Энэ дагуу хоёр дахь асуулт нь Үндсэн хуулийн өөрчлөлтүүд байж болно. Хамгийн гол нь яаралтай хэлэлцэх ёстой гэж үзэж байна.

-Ард нийтийн санал асуулгын зардлын хувьд?

-Зардлын хувьд холбогдох тооцоо судалгааг Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан. Хуулийн дагуу санал асуулга явуулах юм бол дөрөв орчим тэрбум төгрөгийн зардал гаргана. Санал асуулга явуулах хэлбэрүүд байна. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг сайд гар утасны мессэжээр санал асуулга явуулж байсан. Бүр болохгүй бол ийм хувилбар байхыг ч үгүйсгэхгүй.

-Тавантолгойн асуудлыг яаралтай явуулах ёстой гэлээ. Бүлгээс ямар нэгэн шийдвэрт хүрсэн үү?

Д.Хаянхярваа:

-Тавантолгойн шийдвэрийг одоо УИХ хэлэлцээд явуул. Явуулахдаа консерциумын гэрээнд ямар, ямар өөрчлөлт оруулав гэдгээ ажлын хэсгээс тодорхой саналууд гаргаад хэлэлцээд явах ёстой. Аль эсвэл явуулах боломжгүй гэвэл нийтэд мэдээллэх ёстой гэдэг байр суурьт хүрсэн. Тиймээс Тавантолгойн төслийг ойрын үед УИХ-аар шуурхай хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргах ёстой.

Categories
булангууд мэдээ нийгэм өд-бэх

Алексей Гатапов: Хашааны гадаа монголчууд хэрхэн амьдарч байгаа бол, уулзаж ярилцах юмсан гэж хүсдэг байлаа

ОХУ-ын Буриадын зохиолч Алексей Гатаповыг манай улсад ирээд байхад нь ярилцлаа. Түүнийг манай­хан “Тэмүжин” романаар нь мэднэ. Энэ романаар Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО болон манай улсын уран бүтээлчид хамтран кино хийх гэж байгаа юм байна.

Таныг Монголд уран бүтээлийн аяллаар ирсэн тухай сонссон. Та энд ирээд ямар ажлууд амжуулав?

-Монголын найруулагч С.Мягмар, Өвөр Монголын найруулагч Шагдарсүрэн хоёр миний зохиолоор кино хийх гэж байгаа юм. Энэ асуудлаар би ирсэн. Дэлхийн киноны түүхэнд Чингэс хааны тухай маш олон улс кино хийчихсэн. Америкчууд ч хийсэн, япончууд ч хийсэн, Оросын Бодров найруулагч ч хийсэн, Өвөр Монголд ч хийсэн. Олон кино хийсэн. Хэдийгээр ийм олон кино гарсан ч гэсэн тэд бүгдээрээ Чингэс хааны түүхийн дээжээс нь аваад хийчихэж дээ гэж би ойлгодог. Тэд нар монголчуудын ёс заншил, янз бүрийн жижиг сажиг, бүр аахар шаахар юм болгоныг хөндөж эвлүүлж энэ сэдэв рүүгээ гүн гүнзгий орж чадаагүй юм болов уу гэж би боддог. Гэтэл амьдралын тэр жижиг сажиг аахар шаахар гэмээр бүх юмны цаана л жинхэнэ нарийн ширийн нь байдаг шүү дээ. Дэлхийн үзэгчид бол Чингэс хааны тухай ерөнхийдөө мэдэж байгаа. Гэхдээ кино болгон дээр тэр хүний түүхэн амьдралын дээжээс нь аваад хийчихсэн учраас Чингэс хаан болон монгол хүмүүсийн ёс заншил, монгол хүүхэд хэрхэн хүмүүжиж ирсэн юм, ямар ахуй нөхцөлд хүн болж төлөвшиж энэ бүх түүхийг бүтээж, энэ үндэстэнг бий болгосон юм бэ гэдгийг тодорхой мэдэхгүй байгаа. Чухамдаа ямар нөхцөл байдлын улмаас их хааны зэрэгт хүрсэн юм бэ гэдгийг Чингэс хааны дотоод ертөнцийг нь нээх замаар харуулах хэрэгтэй юм. Бидний шинээр хэрэгжүүлж байгаа төсөл нь Чингэс хааны амьдарч байсан ахуй нөхцөл, ёс заншил дундаас нь өөрийнх нь дотоод сэтгэлгээг, монголчуудын дотоод сэтгэлгээг нээн гаргаж ирэх зорилготой юм.Энэ төслийн ажлаар би Өвөр Монголд оччихоод буцаж явна.

Өвөр Монголд зорчсон сониноосоо хуваалцахгүй юу?

-Өвөр Монголд очсондоо би маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Өвөр монголчууд жилд дөрвөн удаа Чингэс хааны тахилга хийдэг юм байна. Тэр тахилгад оролцлоо. Намайг Шагдарсүрэн найруулагч урьж, Чингэсийн тахилгыг өмнөд монголчууд яаж хийдэг вэ, ямар ёс заншил байдаг вэ гэдгийг үзүүллээ. Чингэсийн тахилга болдог юм байна гэдгийг би одоо болтол мэдэхгүй байсан. Хэрвээ сурталчилгаа сайн явуулж байсан бол халимагууд, буриадууд, бүх монголчууд энэ тахилгад дуртай ирж оролцох байсан байх. Үүний өмнө би Хэнтий аймгийн Дадал суманд очиж, Чингэс хааны төрсөн газарт нь болдог тахилгад оролцож байсан. Гол нь Дадал суманд очоод овоонд цацал өргөж, мөргөсөн юм. Мөргөчихөөд буцаад явж байтал гэргий маань “Чи дутуу мөргөчихлөө. Мөргөлөө гүйцэд үйлдсэнгүй” гээд буцаагаад намайг овоо руу аваад гарсан. Дахиад овоондоо мөргөж байтал хажуухан талд маань долоон шувуу сууж байснаа дэрхийтэл нисээд миний толгой дээгүүр нэг эргэлдчихээд буцаад байрандаа суучихсан. Үүнийг би Чингэс хаан надад энэ зохиолыг бичих зөвшөөрөл өгч байгаа юм байна гэж ойлгосон. Бурхан тэнгэрийн зөвшөөрөлгүйгээр Чингэс хааны тухай бичиж болохгүй гэсэн яриа манай буриадуудын дунд байдаг юм.Хэрвээ тийм зөвшөөрөл олгогдоогүйгээр бичвэл тэнгэр бурхан хилэгнэнэ гэж ярьдаг. Тэгээд би “Тэмүжин” романаа бичихээсээ өмнө лам хуврагууд, бөөгийн шашныхантай бүгдтэй нь уулзаж учирч, би энэ зохиолыг бичиж болох болов уу, яах бол гэж асууж, зөвшөөрөл хүсдэгбайлаа. Гэтэл Чингэс хааны яг төрсөн газар нь тэр шувууд миний дээгүүр тэгж тойрон нисээд буцаад байрандаа буусан тэр явдлыг би надад эрх олгогдлоо гэж бодож хүлээж авсан.

Чингэс хааны тухай зохиол бичих зөвшөөрөл хүсч тийм олон хүмүүстэй уулзсан, энэ зохиол дээр арван жил ажилласан гээд та нэлээн урт замыг туулжээ. Зохиолоо бичиж байхад танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Энэ арван жилийн хугацаанд би зохиолоо бичихээс гадна өөр ажил хийж байсан л даа. “Байкал” гэж уран зохиолын сэтгүүл байдаг байлаа. Нэг хэсэг хаагдсан юм. Тэр сэтгүүлийг би шинээр сэргээн нээж ажиллуулсан. Үүнээс гадна Зүүнгарын “Чонон баатар” туулийг буриад хэлнээс орос хэлэнд буулгах ажил хийсэн. 2002 онд ЮНЕСКО-гийн ивээн тэтгэлгээр олон улсын яруу найргийн том уралдаан болоход Аргентин, Хятад, Монгол, Орос, Израил, Арабын орнууд гэхчлэн олон орны яруу найрагчдаас энэ орчуулгаараа би тэргүүн байрт шалгарсан юм. Чулуун зэвсгийн үеэс XX зууныг хүртэлх Монголын түүхийн томоохон толь бичиг хийсэн. Мөн Монголын түүхийн сэдвээр бичсэн өгүүллэгүүд зохиолуудаа эмхэтгэж хэвлүүлсэн. Романаа бичихийн хажуугаар энэ олон ажлууд давхцаад арван жил болчихжээ.

Таны “Чингэс хаан” нэр­тэй өгүүллэгээс сэдэвлэж буриадууд жижигхэн кино хийсэн байдаг гэсэн. Тэр кино танд таалагдсан уу?

-Би ер нь аливаа бүтээлд их өндөр шаардлага тавьдаг. Тэр кино 2005 онд хийгдсэн кино. Сайн кино гэж би үздэггүй. Тийм ч сайн кино биш. Яагаад гэвэл манай Буриадад киноны үндсэн бааз нь байхгүй. Тэд яахав дээ, чадлынхаа хэрээр хийсэн л дээ. Кино хийх бааз, тэр олон жүжигчид нь, сценаристууд нь, киног зохион байгуулдаг, кино гэдэг юмыг мэддэг тэр өндөр боловсрол гээд бүх юм нь Ленфильм, Мосфильм, Одессфильм гэхчлэн том том газарт байдаг. Тийм болохоор байгаа хэмжээндээ л хийсэн кино.

ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монгол, Монгол гурван улсын уран бүтээлчид хамтарч таны зохиолоор Чингэс хааны бага насны амьдралыг харуулсан кино хийх тухай та түрүүн сонирхууллаа. Найруулагч нартайгаа санаа оноогоо хэрхэн хуваалцав. Юу ярьцгаав?

-Эхлээд нэг зүйл хэлэхэд, “Аравт” кино бол сайн кино болсон. Гаргаж байгаа түүхэн дүрүүд, хувцас хунар, царай төрх, ахуй нөхцөл гээд тэр өнцгөөр нь авч үзэх юм бол сайн кино. Ганцхан юу дутсан бэ гэвэл, киноны зохиолыг бичсэн зохиолчийн гүйцэтгэл гэж ерөөсөө байхгүй юм байна лээ. Зохиол байхгүй. Хоосон зохиол. Юу ч байхгүй. Дотоод сэтгэлгээгээ гаргаж чадаагүй.Тэр киноны зохиолын бүтцийг нь гаргаж чадаагүй байсан. Бусад бүх материал нь байгаа. Хэрвээ их сайхан зохиол байгаад, түүн дээр бүх юмнууд нь байж байвал бусад материал нь амьдрах нөхцөл байна гэж би үзэж байгаа. Найруулагч нар маань хэнээс ч дутахгүй сайхан кино хийх байх аа.

Түрүүн таны хэлсэн Америкийн, Японы, Оросын гэхчлэн Чингэс хааны тухай кинонуудыг Монголын үзэгчид бүгд мэдэж байгаа. Кино нь найруулагчийн бүтээл гэдэг шүү дээ. Ямар төрөл жанрын, ямар кино байгаасай гэж та бодож байна. Энэ тал дээр та найруулагч нараас юу хүсч байгаа вэ?

-Би бас энэ кинонуудыг бүгдийг нь үзсэн. Би ямар нэгэн жанр ч юм уу зүйлийг огт шаардахгүй байгаа. Чингэс хааны тухай кинонууд хоорондоо яг л адилхан хийгдээд байгаа. Арван таван минутанд нь Тэмүүжин төрлөө, арван таван минут болоод хэдийнэ хаан болчихлоо, арван таван минут болоод дэлхийн том хүн болчихлоо л гэж үзүүлээд байгаа юм. Тэгэхээр бид бол тэр хүн төлөвшиж бий болоход дотоод ертөнц нь ямар байсан бэ гэдгийг үзүүлнэ. Кинонд Чингэс хааны 9-11 насны үеийг л харуулна. Монгол хүүхдүүд яагаад ийм хэрсүү байдаг юм бэ, ямар амьдралын нөхцөл ахуйгаас тийм хэрсүү хүүхэд төлөвшиж байна вэ гэдэг нь чухал. Тэгэхээр 9-11 насны хоорондох тэр хэрсүү хүүхдийн амьдралыг л бид кинондоо үзүүлэх юм. Өмнөх бүх кинонуудад бол өөрөө зүтгээд л хаан болчихсон юм шиг харуулсан байдаг. Гэтэл тэр хүн хаанаас бий болсон юм бэ. Ямар ахуй нөхцөл дунд, ямар ёс заншил дотор, яаж ийм хэрсүү хүүхэд төлөвшиж дэлхийн хүн болтлоо хөгжсөн юм бэ гэдэг тэр үеийн хүмүүжлийг бид гаргаж өгөх ёстой юм. Өөрөөр хэлбэл, Чингэс хаан хэрхэн хүн болов гэдэг л гол асуулт байгаа.

Таны төрсөн нутаг “Монголын нууц товчоо”-нд нэр нь дурдагддаг Баргужин төхөм гэдэг газар гэж намтраас тань харсан. Та бага насаа нутагтаа хэрхэн өнгөрүүлсэн бэ. Аав, ээжийнхээ тухай, тэнд өнгөрүүлсэн хүүхэд насны амьдралынхаа дурсамжаас бидэнтэй хуваалцахгүй юу?

-Далаад онд би хүн болсон. Жаран таван онд төрсөн. Тэгэхээр далаад оны үед миний хүүхэд нас өнгөрсөн. Би 11 настайдаа авга ахындаа очиж мал хариулдаг байв. Үхрээ хариулаад, адуундаа явдаг, шувуу агнаж амьдардаг байсан.

Шувууны анг зугаа цэнгэлийн журмаар хийдэг байсан юм уу, эсвэл хоол хүнсээ залгуулдаг байсан юм уу?

-Буриадууд хэзээ ч зугаа цэнгэл хөөж загас барих ч юм уу, түүгээр зугаацах гэж ан хийдэггүй. Бид тэр үед өдөр бүр шувуу агнах хэрэгтэй байсан. Тэр үед манайд хөргөгч гэж байсангүй. Өдөр болгон хонь гаргаад байвал муудчихна шүү дээ. Хонио гаргахгүйн тулд өдөрт нэг шувуу бууддаг, түүгээрээ шөл хийж уудаг байсан. Намаржаа өвөлжөө хаваржаагаа дагаад явдаг, зэрлэг шувуунаас өөр юм байхгүй, шувуугаа буудаад шөл хийж уудаг байсан. Буу бариад шувуу буудаж явахдаа би 11 настай байлаа. Одоо бол цаг өөрчлөгдөөд, 11 настай хүүхдэд хэн ч буу өгөхгүй шүү дээ. Энэ бол аюултай.

Сонирхолтой амьдрал байжээ, таны бага насны үе?

-Тэр үед дугуй, мотоцикл гэх мэт унаа ер байгаагүй. Хонь малдаа явахдаа морио унаад л явдаг. Хөдөөнөөс долоо найман километр давхиж байж, заримдаа мориор заримдаа явган шахуу төв дээр ирж кино үздэг байсан.

Улаан буланд уу?

-Тийм ээ, клубт. Нэг удаа клубт кино үзэж байтал том хүүхдүүд нь гарч гүйлдээд баавгайтай тааралдаж байсан. Гараад ирсэн чинь морьд маань үргэж давхиад алга болчихсон байсан. Гэр лүүгээ буцахдаа бүгдээрээ явган алхаж харьж байснаа санаж байна.

Анхны түүврээ та хэзээ гаргаж байв?

-1998 онд би анх өгүүллэг, туужийнхаа түүврийг хэвлүүлж байв. Тэр түүврийг гарснаар Оросын Зохиолчдын эвлэл намайг гишүүнээр элсүүлж авсан юм.

Та наяад онд манай Мон­голд, Сайншандад байсан Оросын армид цэргийн алба хаасан юм байна лээ. Та өөрөө монгол угсаатан. Цэргийн хуаранд өдөр тутмын амьдрал ямархуу байсан бэ?

– Амьдрал юм болохоор тэр он жилүүд надад маш дотно сэтгэгдлүүд үлдээсэн. Би анх удаа гадаад улсад хөл тавьсан минь тэр. Тэр үед хилийн чанадад гарна гэдэг бол маш ховор тохиолдол байлаа л даа. Өөрөөр хэлбэл, анх удаа гадаадад цэргийн алба хаасан. Бид нэг дөрвөлжин хашаан дотор амьдардаг байв. Тэр дөрвөлжин хашаанаас гадагшаа гарах эрх бидэнд байгаагүй. Би өөрөө монгол хүн учраас хашааны гадна байгаа монгол хүмүүстэй ярилцаж үзэхийг маш их сонирхож байсан. Хашаан дотроо бол бидний амьдрал өрнөдгөөрөө л өрнөдөг байсан л даа. Хашааны гадаа энэ монголчууд хэрхэн амьдарч байгаа бол, монголчуудтай л уулзаж амьдралыг нь харах юмсан гэсэн хүсэл надад байсан. Сүүлдээ жаахан дасаад ирсний дараа хааяа нэг гадаа гарчихдаг болсон л доо. Анх гарахдаа монголчууд яаж ярьдаг юм бол гээд монгол үгийг их анхаарч сонсдог байлаа. Намайг тэгэхэд харуулын газар гээд өөр нэг газар руу явуулдаг байлаа. Тэнд нь нэг гэр байдаг, монгол жолооч нар их ирдэг байсан. Тэнд би монголчуудын амьдралтай танилцаж, монгол үг сонсч эхэлсэн. Бага багаар ойлгодог болсоор нэг сар, сар хагасын дараа гэхэд монголчуудын юу ярьж байгааг бүгдийг нь сайн ойлгодог болсон. Жаахан жаахан өөрчлөлтүүд, өөр өөр үгнүүд, байхаас биш бид яаж ярьдаг вэ монголчууд яг л тэгж ярьдаг болохыг хараад маш их гайхаж билээ. Нэг эмээ өөр нэг эмээгээс юм асуусанд нөгөө эмээ “бүү мэд” гэж хариулсан. Манай буриадууд бас л адилхан “бүү мэд” гэж ярьдаг. Яг энэ үгийг сонсоод л бид чинь нэг хэлтэй нэг үүсэлтэй, нэг үндэстэн улсууд юм байна шүү дээ гэж их сайн ойлгосон л доо.

Танайх бас 18 настайдаа цэрэгт явдаг уу?

-Тийм ээ. Би цэргийн албаа хаагаад яг тавдугаар сарын 22-нд халагдаад эндээс явсан. Яг л буцсан өдрөө шахуу, тавдугаар сарын 12-нд, халагдсан өдрөөсөө арав хоногийн зөрүүтэйгээр би 30 жилийн дараа цэргийн алба хаасан газартаа эргэж ирлээ. Цэргийн хуаран байсан газраа өчигдөр (энэ сарын 12) очлоо. Угаалтуур байсан газар нь би явж очсон. Өдөр болгон би тэнд нүүр гараа угаадаг байсан. Угаалтуурын хөндлөвч моднууд суурь нь хэвээрээ үлдсэн байна лээ. Миний нүдэнд бүх зүйл эргэж сэргэн босч ирсэн шүү. Энд шүүгээ маань байсан, тэнд тийм юм маань байсан гэхчлэн бүх юм нь байр байрандаа нүдэнд харагдах шиг болсон. Нар яг л тэр хэвээрээ, овоо толгодууд бүгд ямар байсан тэр л янзаараа байр байрандаа, бүх юм миний нүдэнд 30 жилийн өмнөхөөрөө харагдсан.Цаг хугацаа гэдэг маш хурдан өнгөрөх юм даа. Гучин жил өнгөрчихсөн байхад надад энэ бүхэн өчигдөрхөн байсан юм шиг л санагдсан.

Би Сайншандыг байн байн зүүдэлдэг байлаа. Их олон жил зүүдэлсэн. Тэгээд энэ газар намайг дуудаад байгаа юм болов уу гэж бодогдоод байх болсон л доо. Тэгээд өчигдөр очсон. Сүүгээ өргөлөө. Одоо тэр зүүд намайг явуулах байлгүй дээ. Их олон жил намайг хүлээгээ биз ээ. Тэр нутгийг нэг харж аваад сэтгэл минь ханалаа.

Таныг зохиолоо голдуу түүхэн сэдвээр бичдэг юм байна даа гэжхарж байлаа?

-Тэгнэ л дээ. Хүн бол гурван туулайны хойноосгүйж чадахгүй шүү дээ. Тийм учраас ямар ч зохиолч байсан өөрийнхөө л мөрөөр явдаг. Нэг сэдвийг аваад тэр сэдвээ аль болохоор бүрэн нээх нь чухал. Ингээд харахад, Михайл Шолохов бол тэр казахынхаа ард түмний амьдралыг бүргүн гүнзгийд нь ороод, дэлхийд нээгээд өгчихсөн. “Доны эрэгт” гээд хүн бүр киног нь мэднэ шүү дээ. Маркес бас л өөрийнхөө ард түмний амьдралыг бүр урт удаан он цаг, уг гаралтай нь бүх юмтай нь дэлхийд нээгээд өгчихсөн.Тэгэхээр зохиолч хүн бол нэг л барьж авсан сэдвээ ёстой л ой тойнд хадагдан үлдтэл дэлгэн харуулж, хүн төрөлхтөнд бүрэн дүүрэн нээж өгөх нь чухал юм.

Ямар ч үндэстний түүхэнд ойлгомжгүй юм шиг хэрнээ маш их адармаатай зурвасхан цаг үеүд байдаг шүү дээ. Ийм богинохон, зурвасхан хэрнээ их адармаатай хэсэгхэн цаг хугацааны доторх амьдралаар бүгдийг хэрхэн дэлгэн нээж харуулдаг юм бэ?

-Бүр жижигхэн хугацааг л маш их гүнзгий дэлгэж тавиад, тэр жижигхэн замаараа л өргөжүүлсээр байгаад тухайн үндэстнийхээ амьдралыг бүхэлд нь дэлгэж үзүүлэх тийм л арга байгаа. Хүнийг төрснийг нь нэг үзүүлээд идэр насыг нь нэг цухуйлгаад тэгээд л хаан болчихдог маягаар үзүүлээд байх юм бол тэнд ард түмний амьдрал яаж гарахав дээ. Гарахгүй шүү дээ. Тийм учраас л жижиг сажиг гэсэн юм болгоныг л нарийн чимхлүүр хийж өгөх ёстой юм. Тиймээс би “Тэмүжин” романдаа Чингэс хааны 9-11 насны үеийг сонгож авсан. Түүгээрээ зөвхөн тэр богинохон үеийг биш монголчуудын, монгол үндэстний амьдралыг л гаргаж үзүүлэхийг хичээсэн.

Та багадаа авга ахындаа мал хариулж, шувуу буудаж явснаа хэлсэн. Тэгэхээр авгындаа өссөн юм уу?

-Би авгындаа үргэлж байгаагүй. Хэсэгхэн хугацаанд байдаг байсан. Энэ авга маань миний аавын хамгийн бага дүү нь юм. Бид өөр өөр газар амьдардаг байсан ч гэсэн нэг л гэр бүлд өссөн. Манайхны хүүхдүүд нь бүгд хоёр айлын дунд, нэг нэгнийхээрээ, гэр бүл дундаа өсөцгөөсөн.

Таны Гатапов гэдэг овог ямар гаралтай нэр вэ?

-Готов гэдэг монгол нэр шүү дээ. Орос хэл рүү тэгж хувирчихсан болохоос биш уг нь Готов гэдэг нэр юм. Миний өөрийн нэр бол Цэвэг. Манай Буриадад хэрвээ том хүн болъё гэж бодож байгаа бол орос нэрийг авч явах хэрэгтэй болдог байлаа. Тэгээд л Алексей гэчихсэн.Жинхэнэ нэр маань Цэвэгжав, өвөө маань Готов. Би Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курст 35 настай байхдаа явсан. Тэнд очоод бүгдэд нь намайг Цэвэгжав гэдэг юм гэж тайлбарлаж өгсөн. Тийм болохоор намайг Цэвэг гэж дууддаг байсан юм.

Та Өвөр Монголд очоод Чингэс хааны тахилгад оролцсон гэлээ. Тэндээс чухам юу олж мэдэв?

-Чингэс хааныг тэнгэрт хальснаас хойш хүмүүс нэг ч удаа зул таслаагүй өнөөдрийг хүрсэн нь гайхамшигтай юм. Мао Зэдуны үед, соёлын хувьсгалын үед ч гэсэн энэ тахилга огт тасраагүй. Японууд дайрахад хүртэл зулыг маань бөхөөчихөж магадгүй гэж болгоомжлоод Шинжаан руу зулаа авч явж байсан юм билээ.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Засгийн газрын хуралдааны өрөөнд гал гарав

Өнөөдөр 15.00 цагийн орчимд Төрийн ордонд гал гарч, түргэн авлаа. Засгийн газар хуралддаг танхимд нэлэнхүйдээ шатсан байна. Гал гарсны улмаас замын хөдөлгөөнийг хэсэг хугацаанд хаагаад байсан юм. Үйл явдлын гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм

Автомашиныг ачиж , журамлах торгуулийн хэмжээг өсгөнө

Нийслэлийн удирдлагууд автомашины түгжрэлийг бууруулахаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд авто замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачиж журамлах журмыг батлан мөрдөж буй. Гэхдээ уг журам багагүй маргаан дагуулж ирсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уг журмыг хууль бус хэмээн үзэн, иргэд ч багагүй эсэргүүцэж байгаа учраас нийслэлийн удирдлагууд энэ журмыг эргэн харж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.

Тиймээс өнөөдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам”-ын талаар хэлэлцлээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталснаар одоогоор нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулж улмаар ачуулсан жолооч нарыг 55 мянган төгрөгөөр торгож байгаа. Харин журмыг шинэчлэн батлах ажлын хэсгийн төлөвлөснөөр энэ торгуулийн хэмжээг нэмэхээр болжээ. Тодруулбал, жижиг оврын автомашиныг 60, жийпийг 70, том оврын автомашиныг 110 мянган төгрөгөөр торгох саналыг гаргаж байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожийн мэдээлж буйгаар дээрх торгуулийн хэмжээнд ажилтнуудын цалин хөлс, чирэх машины элэгдэл хорогдол, 25-30 км чирэх машины шатахууны болон зогсоолын төлбөр зэрэг багтаж байгаа аж. Мөн өнөөдрийг хүртэл ачиж байгаа ААН-үүд 100 хувь орлогоо авдаг байсныг 10 хувийг нь улсад төвлөрүүлдэг болох гэнэ.

Одоо мөрдөж байгаа журмаар нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан жолооч нарыг торгож байгаа юм. Харин уг журамд өөрчлөлт оруулснаар тодорхой есөн байрлалд автомашинаа байрлуулсан тохиолдолд л ачиж, журамлана гэдгийг ажлын хэсгийнхэн онцоллоо. Үүнд, гүүрэн дээр болон доор, автобусны буудлын ойролцоо, төмөр замын гарам дээр, явган хүний гарц, уулзварын ойролцоо байрлуулсан автомашиныг журамлах гэнэ. Мөн жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хэт ядарсан байвал мөн ачиж торгох юм байна. Дээрх газруудаас өөр байршилд автомашинаа зогсоосон тохиолдолд ачиж, тээвэрлэхгүй гэдгийг албаныхан хэлж байлаа.

Гэхдээ энэ журмын талаар дараагийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар буюу 14 хоногийн дараа дахин хэлэлцэхээр хойшлууллаа.

Categories
мэдээ улс-төр

Дотоодынхоо эрчим хүчийг 100 хувь хангахад усан цахилгаан станцыг барьж байгуулахыг чухалчлав

УИХ дахь бие даагч гишүүдийг төлөөлөн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “АН, МАН нийлэхээрээ “Стэнд бай” хөтөлбөрийг авдаг. Тэр дагуу хөтөлбөрт орохоор ярилцаж байна. Энэ хөтөлбөрийг авсан нөхцөлд эдийн засгийн ямар нэг тулгалт шаарддаг” гэлээ. Монгол Улсын хувьд 2017 оноос эхэлж Чингис бонд, Хөгжлийн банкны төлбөрт 2 тэрбум ам.долларын өр төлнө. Төсөв их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Энэ бол хоёр нам хамтарсны гай. Засгийн газар дотоодын нөөц боломждоо тулгуурлахгүй зөвхөн зээлд дулдуйдаж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газраас сайн юм хүлээх хэрэггүй” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монголд эдийн засгийн хямрал болж байгаа нь тухайлбал, Оюутолгойн зэсийн баяжмалын борлуулалтын орлогын ердөө 5 хувь орж ирдэг. Бусад нь гадаадад үлддэг.

МАН Засгийн газарт орохдоо өр нэмэхгүй л гэсэн. Гэтэл одоо хоёр нам 4 их наяд төгрөгийн өр нэмж тавих болж байна. Одоо нийт өр 10.8 их наяд байгаа, ирэх жил 14.8 их наяд болох нь.

Энэ долоо хоногт Эрүүгийн хууль, Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хууль нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэх ёстой.

Хуулийн байгууллагыг бусдыг дарамтлах байдлаар ашиглах болсон. Бизнесийнхэн бид дарамтад их орж байна гэдэг. Тийм учраас уг хуульд нухацтай хандах ёстой гэсэн байр суурь барьж байгаагаа онцлов.

Мөн энэ долоо хоногт Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэнэ.

Уг хуулийн төсөлд зорилго, үр дүн тодорхой бус байгаа. Үүнийг тодорхой болгох шаардлагатай. Монгол Улс ОХУ-аас эрчим хүч экспортолж хэрэгцээгээ хангадаг. Дотоодоосоо хэрэгцээгээ 100 хувь хангадаг болоход усан цахилгаан станцыг барьж байгуулах нь чухал юм гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын танхимд гарсан галыг унтраав

Өнөөдөр 15.00 цагийн орчимд Төрийн ордонд гарсан галыг онцгойгийнхон дөнгөж сая унтрааж дууслаа. Нийтийн сүлжээгээр УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд гал гарсан тухай мэдээлж байна. Тэгвэл гал авалцаж байсан цонх нь З.Энхболд даргын өрөөний яг доод талынх нь буюу Засгийн газар хуралддаг танхим юм. Ийнхүү өнөөдөр 16.00 цагт хуралдах ёстой Засгийн газрын хуралдаан хойшилж байна.

Одоогийн байдлаар Төрийн ордныг хамгаалалтад аваад байгаа бөгөөд ойролцоох автозамыг хаасан болохоор хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Гал гарсан даруйд ордон дотор бүх хүнийг гаргажээ. Одоо тэд ордны хашаан дотор хашигдаад байгаа юм.

Categories
мэдээ спорт

Д.Дагвадорж: Нэг тогооноос хооллож байсан хүмүүс миний нэр төрд халдаж байгаад харамсаж байна

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд үүсээд байгаа асуудал, болж өнгөрсөн үйл явдлуудын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт чөлөөт бөхийн дасгалжуулагчид болоод тамирчдын төлөөлөл нэгдэн Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах “Түр хороо” байгуулснаа мэдэгдэж, тус холбоог тэргүүлж буй их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг дүрэм зөрчиж ерөнхийлөгч болсон, холбоог удирдах хугацаанд ёс зүйн болон санхүүгийн алдаа дутагдал гаргаж байсан гэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм.

Харин өнөөдөр тус мэдэгдэлтэй холбоотойгоор Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, дэд ерөнхийлөгч Б.Болд, Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр, мөн тус холбооны хуулийн зөвлөн санхүүгийн ажилтнууд оролцосон хэвлэлийн бага хурал болж өнгөрлөө.

МЧБХ-ноос чөлөөт бөхийн тамирчид болоод дасгалжуулагчдын хүргүүлсэн шаардлагад дараахь дөрвөн асуудалд тайлбар өгнө гэлээ.

МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх: -Тамирчид визний асуудлаас болж тэмцээндээ оролцож чадалгүй, сэтгэл санааны хохирол амссан асуудлаар Чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийг удахгүй хуралдуулахаар болсон. Нэгдүгээрт, тус тэмцээнийг зохион байгуулагч Катарын бөхийн холбооноос тэмцээнд оролцох гадаадын тамирчдыг хилээр визгүй, төлбөргүй оруулах тухай албан бичиг ирсэн. Түүнчлэн тэмцээнд оролцох журмын дагуу Монголын баг тамирчдын тоо болон тамирчдын нэрний мэдүүлгийг явуулсны үндсэн дээр Катарын хилээр орох зөвшөөрлийн хуудас ирсэн. Зөвшөөрлийн хуудас болохоос виз биш шүү. Үүнийг дахин онцлон хэлье. Ямар нэгэн виз авна гэсэн зүйл байгаагүй. Зөвхөн мэдүүлэг өгсөн. Мэдүүлгийн дагуу хуудас ирдэг. Энэ дагуу цаашаа орох хэрэгтэй. Тамирчин бүр дээр ирсэн энэ хуудсыг гадаад паспортын хамт хил дээр шалгуулаад цаашаа орно. Дараагийн асуудал бол мэдүүлгийн хуудсан дээр бид эрэгтэй баг дээр 23, эмэгтэй баг дээр 14 хүний нэртэй мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг явуулахад процедурын алдаанууд гарсан. Оффисын аппаратын зүгээс бичиг бүрдүүлэлтийн тал дээр хянаагүй, нягтлаагүйгээс алдаа гарсан. Хариуцлага тооцох хэмжээнд асуудал ярина. Хариуцлагаа хүлээнэ. Ахин хэлье. Хил дээр ямар нэгэн виз олгоогүй шүү. Овог, нэр, төрсөн он сар энэ тэр гээд юм юу ч байхгүй шүү. Энэ асуудалтай холбоотойгоор тодорхой хариуцлага хүлээнэ. Гэхдээ тамирчид хил нэвтэрч чадаагүй нь Катарын талын зохион байгуулалтын асуудалтай холбоотой гэсэн юм. Нэмж хэлэхэд, тамирчдыг саатуулагдаж байх үед холбооны зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй гэж яриад байгаа. Тийм асуудал байхгүй. Харин яаралтай шуурхай арга хэмжээ авахад гүн туслалцаа үзүүлсэн Кувейт дэх ЭСЯ-ны Алимаа, Эмират айрланс компанийн Номуулан, Содзул, Бээжин дэх Элчин сайд Ц.Сүхбаатар, ГХЯ-ны Консулын газрын дарга Н.Батаа, холбооны Удирдах зөвлөлийн гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье”

Хурлын үеэр Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд: -МЧБХ-нд Ассашёрюү Д.Дагвадорж ирснээс хойш их зүйл өөрчлөгдсөн. Томоохон хэмжээний спорт цогцолбор барьсан. Энэ цогцолбор барих мөнгөний 90 хувийг харамчаараа дуудуулж байгаа Д.Дагвадорж аварга гаргасан. Үүний үр дүнд бид 2012 онд олон жил тасраад байсан олимпийн медалийг авчирч чадсан. Ер нь бол спортын амжилтыг зөвхөн тамирчин болон дасгалжуулагчийн ажил гэж харж болохгүй. Үүний цаана бүхэл бүтэн баг ажилладаг. Түр хорооныхны тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч холбоо маш сайн ажиллаж байгаа, холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж алдаа дутагдал гаргаагүй, санхүүгийн тайлан зөрчилгүй гэсэн тайлбар өгч байна.

МЧБХ-ны Еөнхийлөгч Д.Дагвадорж: -“Түр хорооноос тавьсан 16 асуулга бүхий шаардлагатай тодорхой танилцаагүй, өчигдөр харсан. Намайг бялдууч, хоёр нүүртэй, засрашгүй этгээд гэж доромжилсон байна. Энэ бол шаардлага биш шүү, багш нар аа. Энэ хүний нэр хүнд, холбооны үйл ажиллагааг гутаасан доромж шүү. Визний асуудал дээр холбоо хариуцлагаа тооцно. Би хэр баргийн юмыг хэлүүлээд явдаг. Нэг тогоонд явсан хүмүүс намайг гутаан доромжилж байгаад сэтгэл эмзэг байгаа. Энэ асуудлаар хуулийн байгууллагаар явах уу, яах уу гэдгээ зөвлөнө. Би тамирчдыг ганц ч удаа айлгаж дарамтлаагүй. Шигшээгийн хүмүүсийн утсыг ч мэдэхгүй. Спортын төв ордноор шагнал гардуулахдаа өвөл нэг очсон. Сагсны супер лигийн үеэр финалын тэмцээний үеэр нэг очсон. Тэрнээс биш байнга очоод дарамтлаад байх ёс зүйгүй. Яагаад шаардлага тавихаар дарамталсан хэцүү байна гээд байдаг юм. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болон Удирдах зөвлөлийн эрхэм зорилго бол амжилт гаргах, төрийн дуулалаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулах. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан цагт холбооны ерөнхийлөгчийн үүднээс би шаардлага тавих үүрэгтэй. Цаашид ч шаардлага тавина” гэлээ.

Мөн чөлөөт бөхийн холбооны нягтлан бодогч: -“Чөлөөт бөхийн холбооны хөрөнгө оруулалт болон бусад санхүүгийн тайланд зөрчил байхгүй” гэв.

Харин Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах “Түр хороо”-ны гишүүд энэ хэвлэлийн хурлын дараа Бидний шаардлагад нийцсэн хариултыг өгч чадсангүй. Одоо бид дараагийн шатны арга хэмжээндээ орно, энэ бол хуулийн байгууллагууд болоод Дэлхийн бөхийн холбоонд хандах явдал юм гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Вакцинжуулалт 25 хувьтай байна

Монгол Улсад гуравдугаар сарын дунд үеэс улаанбурхан өвчин дэгдэж бага насны хүүхдүүд төдийгүй оюутан залуус энэхүү халдвараар цөөнгүй өвчилж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 750 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар тус төвөөс мэдээллээ. Энэ удаагийн вирус нь хувьсаж өөрчлөгдсөн вирус учир өмнө нь дархлаажуулалт хийсэн эсэхээс үл хамаарч энэ өвчний халдвар авах эрсдэлтэй байгаа юм. Тухайлбал, дээрх эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх хувь нь буюу 506 нь оюутан залуус гэнэ. Мөн өвчний тархалтыг зогсоох зорилгоор энэ сарын 15-25-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн бага насны хүүхдүүдэд дархлаажуулалт хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд 170 мянган хүүхдэд вакцин хийлгэхээс одоогийн байдлаар 25 хувьтай байгаа аж.

Дашрамд, энэ удаагийн дархлаажуулалтад өмнө нь улаанбурханы вакцин тариулсан эсэхээс үл хамаарч зургаан сартайгаас таван нас 11 сартай бүх хүүхдийг хамруулж байгаа юм. Ингэхдээ бүхий л цэцэрлэг, харъяа өрхийн эмнэлгүүдээр вакциныг хийж байгаа бөгөөд эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон “Эх үрсийн эрүүл мэндийн дэвтэр” гэх ягаан дэвтрийг бүрдүүлэн хандах шаардлагатай юм.