Categories
мэдээ улс-төр

6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэр Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэж, гэрээнд талууд гарын үсэг зурсан болохыг онцоллоо.

Оюутолгойн далд уурхай нь нийт уурхайн 80 орчим хувийг бүрдүүлдэг. Нийтдээ 6 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ, ойрын үед санхүүжилтийн төлөвлөгөө нь гарах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Богд ууланд гал гарсныг унтраажээ

Өчигдөр орой Богд хан уулсын Богны ам гэдэг газар түймэр гарсан байна. Харин нутгийн иргэд, онцгой байдлын газрын аврах гал унтраах албаны хүмүүс шуурхай ажиллаж, түймрийг газар авахаас нь өмнө унтраасан аж.

Ямар учраас түймэр гарсан гэдгийг нь мэргэжлийн байгууллага шалгаж байна. Иймд иргэдэд анхааруулахад хөдөө хээр аялал зугаалгаар явахдаа түлсэн гал, татсан тамхины ишийг бүрэн унтрааж, хориглосон хугацаанд ууланд аялахгүй байхыг албаны хүмүүс сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ спорт

МЧБХ-ны Түр хорооныхон МҮОХ-д ханджээ

“Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах Түр хороо”-ныхон МҮОХ-нд ханджээ. Энэхүү албан бичгийг танилцуулъя.


“МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРОО”-ООС МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДСҮРЭН ТАНАА

Олимпийн төрлийн спортын ууган холбоодын нэг Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ)-ны удирдлагуудын мэдлэг чадваргүй, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж “РИО-2016” Олимпийн наадамд бэлтгэж байгаа чөлөөт бөхийн эрэгтэй багийн тамирчид, дасгалжуулагчид АНЭУ-ын хил дээр “хуурамч виз”-ний ноцтой хэрэгт холбогдон 40 шахам цаг саатуулагдан хоригдож, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд мөнгө, эрх чөлөөгөөр хохирч, олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд сэвтэж, Монголын ард түмнийг бухимдахад хүргээд байна.

“РИО-2016” Олимпийн эрх олгох ДАШТ-ээс өмнө зайлшгүй оролцох ёстой байсан энэхүү ААШТ-д 74 кг, 97 кг, 125 кг-ын жингийн бөхчүүд оролцож чадахааргүй болсны улмаас дээрх жингүүдэд дасгалжуулагч нар барилдаж олон орны бөхчүүд дасгалжуулагчдын өмнө хүнд байдалд орсон ноцтой үйл явдал боллоо.

Гэвч МЧБХ-ны одоогийн удирдлагуудын хувьд ажилдаа хариуцлагагүй хандаж, алдаа дутагдал гаргаж байгаа энэ удаагийн явдал анхны тохиолдол биш юм. МУ-ын хууль, МҮОХ-ны дүрэм, МЧБХ-ны дүрэм зэргийг удаа дараа зөрчиж, сургалт, дасгалжуулалтыг хэвийн явуулж, шударгаар өрсөлдөх боломжийг алдагдуулан, тамирчид, дасгалжуулагчдыг ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлж, дарамтлах явдал хэрээс хэтэрч байна.

Тухайлбал: Монгол Улсынхаа нэрийг дэлхийд мандуулж, төр, ард түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн тамирчдынхаа нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр эх орон ард түмэндээ авчирсан амжилт, медалийг хээл хахуулиар авч өгсөн хэмээн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн МЧБХ-ны Удирдах Зөвлөлийн “тайлан”-ийн албан ёсны хурал дээр хийсэн Д.Давгадоржийн ичгүүргүй, дэндүү хариуцлагагүй мэдэгдэл тамирчид, дасгалжуулагчид биднийг тэсвэрлэж чадахааргүй байдалд хүргэлээ.

Үүссэн нөхцөл байдал ОУОХ-ны “Олимпийн Харти”-ийн үндсэн зарчим болох “шударгаар өрсөлдөх”, I бүлгийн хоёрын 4, 5, IV бүлгийн 31-ийн 2.5 зэрэг заалтуудыг зөрчин Олимпийн үзэл санааг уландаа гишгэсэн үйлдэл болж байна. Түүнчлэн МЧБХ-ны 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Их хурлаар баталсан дүрмийн 2.2-т заасан “4 жилд 1 удаа, Олимпийн наадам дууссанаас хойш 90 хоногийн дотор багтааж Их хурлыг хуралдуулна” гэсэн заалтыг зөрчиж, Их хурлыг хуралдуулахгүйгээр Д.Дагвадорж МЧБХ-ны ерөнхийлөгч болсон, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр МЧБХ-ны дүрмийг дур мэдэн өөрчилж, Их хурлын шийдвэргүйгээр улсын бүртгэлд бүртгүүлэн чөлөөт бөхийн үе үеийн олон мянган тамирчид дасгалжуулагчид шүүгчид зүтгэлтнүүдийг басамжилан дормжилж байна.
Иймээс МҮОХ-ны гишүүн байгууллага болох Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудад хариуцлага тооцож, Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд зохих дүрэм журмынхаа дагуу дэмжлэг үзүүлж ажиллана уу.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ
ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРООНЫ ГИШҮҮД

Categories
мэдээ нийгэм

Тусгайгийнхны “Хүрэн берет”-ийн эзэд тодорчээ

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд алба хаагчдын өдөр тутмын хүнд хүчир, тэсвэр хатуужил шаардсан бэлтгэлийг олон нийтэд таниулах зорилгоор анх удаа нээлттэй зохион байгуулжээ. “Хүрэн берет” нь олон улсад Тусгай албадын алба хаагчдын ур чадвар, ажилласан жил, тэсвэр хатуужил, эр зоригийн илэрхийлэл бөгөөд энэ бүх шалгуурыг хангаж, сайтар бэлтгэгдсэн алба хаагч өмсөх эрхтэйгээрээ тусгай албаны бахархал болж чадсан юм. Цагдаагийн байгууллага уг шалгалтыг 1998 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.

Шалгалтаар гараанаас гарахдаа цэрэгжилч жагсаалч байдлыг шалгуулахаас эхлэн 1, 2 дугаар ката үзүүлэх, давшилт хийн цонх, хонгилоор нэвтрэх, тэмээн шатаар авирах, саадтай замаар гүйх, инженерийн торон доогуур 300 м газар мөлхөх, гуалин авч 100 м гүйх, хорт утаанд орох, байлдааны самбо үзүүлэх, шавар саад туулах, өндрийн буулт тактик ажиллагаа болон гардан тулаан, бууны задаргаа эвлүүлэг хийх, урт, богино буугаар магазин сольж буудах, гар дээр суниах, 12 км замыг гүйж туулах зэрэг авхаалж самбаа, бие бялдрын хурд, хүч шаардсан нийт 21 цэгт дасгалуудыг бүрэн хийж гүйцэтгэн барианд орсноор “Хүрэн берет”-ийн болзолд хүрч чаддаг.
Энэ удаагийн шалгалтад хүнд хүчир бэлтгэлийг даван туулж, өөрийгөө сайтар бэлтгэгдсэн гэж үзсэн 28 алба хаагч өөрийн хүсэлтээр шалгалт өгч 25 алба хаагч “Хүрэн берет” гардан авчээ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аманд буусан айлуудыг албадан нүүлгэхээр болжээ

Нийслэлийн Засаг даргын “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд дүүргүүд ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаа тухайгаа Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанд танилцуулаа.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн гэр хорооллын нам дор хэсгүүд болон үерийн аман дээр буусан айл өрхийн судалгааг шинэчлэн гаргаж, 9 айл өрхөд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргүүлээд байна. Мөн дүүргийн 12-р хороо 28-р сургуулийн баруун талын үерийн даланг сэргээн засварлахаар “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 60 хүний бүрэлдэхүүнтэй баг 9 болон 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших үерийн хамгаалалтын барилга байгууламжийг цэвэрлэж, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлын түүвэр цэвэрлэгээг зохион байгууллаа. Тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн гудамж 1, 2 дугаар хэсгийн 30-39 дүгээр гудамжны нийт 35 гаруй өрх айлууд нь голын уртын дагуу татамд болон эргээс мөн булгийн доош урсах эргээс 5-10 м хүрэхгүй зайд 21 айл өрх газар өмчилж, 11 айл өрх газар эзэмшиж байна. Зайлшгүй нүүлгэн шилжүүлэх айл өрхүүдийн жагсаалтыг газрын алба болон хорооны хэсгийн ахлагч нартай хамтарч гарган дүүргийн нутаг дэвсгэрт тухайн айлуудыг нүүлгэн шилжүүлэх газрын нөөцийг судалж байна.

Сонгинохайрхан дүүргийн үерийн аман дээр буусан айл өрхийн судалгааг гарган байршлын зургийг хороо бүрээр 1/10000 мас штабын зураг дээр гаргасан бөгөөд үерийн аман дээр буусан айл өрхүүдийн судалгааг хороо бүрээр гаргахад 12 хорооны нутаг дэвсгэрт 940 айл өрх үерийн аман дээр буусан байна. Эдгээр айл өрхөд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Өмч, газрын харилцааны албатай хамтарч 04-р сарын 15-наас эхлэн мэдэгдэх хуудас хүргүүлээд байна. Цаашид айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах юм.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаа шар усны үерийн үед бөглөрч аюул гамшиг болж болзошгүй газруудад, Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, хог тээврийн ТҮТ, “Эко-Орчин” ХХК-нуудтай хамтран үзлэг шалгалт хийлээ. Үзлэгт 8 хорооны 13 үерийн жалга, труба гүүр хамрагдаж 101м3 буюу ойролцоогоор 80.8 тн хог шороо, цас мөс байгааг урьдчилан тооцож цэвэрлэхээр төлөвлөж байна.

Чингэлтэй дүүрэгт “Цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай” дүүргийн Засаг даргын А/167 дугаар захирамж, “Далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” дүүргийн Онцгой комиссын даргын 12 дугаар тушаалын дагуу дүүргийн Хөдөлмөрийн хэлтэсээс тодорхой хөдөлмөр эрхлээгүй 50 ажилгүй иргэдийг түр ажлын байраар ханган цэвэрлэгээний ажилд хамруулаад байна.

Налайх Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хөдөлмөрийн хэлтэс, “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-тай хамтран 3 өдөр 15 иргэнийг ажиллуулан дүүргийн 2,7 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг 3,2 км үерийн шуудууг цэвэрлэжээ.

Багануур Дүүргийн Онцгой комиссын “Үер усны үед ажиллах ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүний гар утас болон яаралтай цугларах бүдүүвчид тодотгол хийсэн. Үер усны үед дайчлан ажиллах бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэлд тодотгол хийсэн.Тус дүүргийн хэмжээнд байгаа далан, шуудуунд үзлэг шалгалт явуулж гэр хорооллын дотор х 15, гадна төв замын 6-н ус зайлуулах гаргалгааны сувгуудын цас, шаврыг Онцгой байдлын албан хаагчид цэвэрлэж ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ.

Багахангай Шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1-р хорооны хороолол дунд 390м үерийн далан, дүүргийн 1,2-р хороог холбосон 4.5км авто замын дагуух гуу жалга, 400м үерийн далан улсын болон орон нутгийн чанартай авто зам, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн Төмөр замын дагуу тус тус цэвэрлэгээ үйлчилгээг хийж 3,5 удаагийн ачилтаар 17.5тн буюу 28м3 хог хаягдлыг татан авч зайлуулсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн ордны үйлчилгээний ажилтан цахилгааны утсыг сольжээ

Өчигдөр 15.00 цагийн орчимд Төрийн ордны хоёрдугаар давхарт байрлах Засгийн газрын хуралдааны танхимд гал гарав. Галын улмаас хоёр, гуравдугаар давхар битүү утаагаар бүрхэгдсэн байсан юм. Тиймээс Төрийн ордны ажилчдын аюулгүй байдлын үүднээс үүдэнд гаргах ажиллагааг зохион байгуулав. Зарим ажилчид яарч, сандран гарсны улмаас гадуур хувцсаа орхисон, даарч буй нь илт байв.

Нийслэлийн Онцгой байдлын албан хаагчид шуурхай ажилласны дүнд галыг бүрэн унтрааж, ажилчдыг Төрийн ордон руу нэвтрэхийг зөвшөөрсөн юм. Одоогоор гал юунаас гарсныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр өчигдөр өглөө Төрийн ордны цахилгааны ажилтан Засгийн газрын хуралдааны танхимын цахилгааны утсыг сольсон байна. Ингэхдээ буруу холбосон байх магадлалтай аж. Үүнээс үүдэн гал гарсан байж болох талтайг Төрийн ордны зарим ажилтан ярьж байна. Гал гарсны улмаас Төрийн ордны хоёр талын автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж хэсэгтээ л хөл, хорио тогтоов.

Өчигдөр 16:00 цагт Засгийн газрын хуралдаан товлогдсон байсан ч галын улмаас түр хойшлогдсон билээ. 17.00 цагийн үед Засгийн газрынхан Нутгийн удирдлагын танхимд хуралдаж Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явуулсан байна. Галын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүйг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлсэн. Тэрээр “Засгийн газрын танхимын үүдэн хэсэг шатсан” гэв.

Categories
мэдээ нийгэм

Азийн залуучуудын зөвлөлийн ассамблей эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблейг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгчид оролцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейд өнөөдөр оролцож үг хэлнэ. Чуулганы зорилго нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орны төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох бөгөөд “Tогтвортой хөгжлийн зорилт”-д Азийн улс орнуудын оруулах саналыг нэгтгэж НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Шинэ эдийн засгийн бодлого

Монгол Улс түүхэн эргэлтийн үед ирээд байна. Улс оронд нүүрлэсэн хямралыг даван туулж, цаашид эрчимтэй хөгжихөд бидэнд шинэ эдийн засгийн бодлого хэрэгтэй байна. Яагаад гэвэл:

•Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг улам эмзэг болж, баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэн нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл бодитой нүүрлэсэн,

•Өөрсдийн толгойд бус бусдын толгой, уул уурхайн том төслүүд биднийг гэнэт баяжуулах мэтээр гэнэнсэтгэж, бэлэнчлэх сэтгэлгээнд улс даяараа автсан,

•Уул уухайгаас бусад салбарыг гадны хөрөнгө оруулалтаар тэтгэх, өндөр технологи, инновацийг хөгжүүлэх ажлыг зөнд нь орхигдуулсан,

•Монголчуудын ирээдүй­дээ, өөртөө итгэх итгэл буурч, бурууг бусдаас хайх, бусдад нялзаах, төр засгаа үл хүндлэх үзэл бодол хавтгайрсан,

•Баян ядуу, хот хөдөөгийн ялгаа улам нэмэгдэж, хөдөөнөөс хот руу шилжих нүүдлээс улбаалан хөгжлийн болон хүн амын суурьшлын тэнцвэр алдагдсан,

•Байгалийн баялаг ашигласнынөхөн сэргээлт хангалтгүй, экологийн доройтолд орж, ус, хөрс, агаарын бохирдол дээд хэмжээнд хүрсэн,

•Төр засгаас дотоодын бус, гадны үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулснаас бусдын хийсэн барааг зарж амьдрах явдал нийтлэг болсон,

•Улс нь гадаад орнуудад, компаниуд нь банкинд, ард иргэд нь ломбардад өр тавьсаар өрийн гинжин урвал, бэлэн мөнгөний хомсдол үүсч, бартерын худалдааны шинж илрэх боллоо.

ШИНЭ ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО ГЭЖ ЮУ ВЭ?

Эдийн засгийн бодлого гэдэг нь үндсэндээ эдийн засгийн байдалд нөлөөлөх буюу хянах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм.Харин бид шинэ эдийн засгийн бодлогыг “Дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчилж, мэдлэгийг баялаг болгож, өндөр технологи ашиглан, түүхий эдээ боловсруулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдхүүн үйлдвэрлэж, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэн, дэлхийн эдийн засагтай интеграцид ороход чиглэсэн бодлого”гэж томьёолж байна.

Шинэ эдийн засгийн бодлогын хүрээнд онцгойлон анхаарч, хөгжлийн түүчээ болгох хэдэн салбар байна. Түүнийг товч тодорхойлбол:

Мэдлэгийн менежмент, мэдлэгийг баялаг болгох: Мэдлэгээс шинэ мэдлэг бий болгох чадвартай хүний нөөцтэй болох, тэднийг урамшуулах, шинжлэх ухаан технологи, судалгаа хөгжүүлэлтийг улс орны хэрэгцээнд нийцүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд шаардагдах дэд бүтцийг бий болгох нь чухал байна. 21 дүгээр зууны нэг давуу тал нь мэдлэгт суурилан шинэ санаа, хийц дизайн, бүтээгдхүүний загварыг бий болгож, ухаалаг технологи нэвтрүүлэхэд өмнөх үеийг бодоход хамаагүй хялбар болсон байна.Шинэ мэдлэг, шинэ санаа, шинэ бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх нь хөгжлийн гарц болно гэж харж байна. Байгалийн баялгаас илүү хүний оюун ухаанд түшиж хөгжих нь манай улсын хувьд шинэ эдийн засгийн бодлогын мөн чанар.Инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх, шинжлэх ухааны парк, инкубатор, технологи дамжуулах төвүүд хөгжлийг түргэсгэх үндсэн арга болно.

Хөрөнгө оруулалт: Хөрөнгө оруулалтын бодлогоор өндөр технологи, ноу-хау, шинэ технологи, бүтээмж өндөртэй технологи, инновацийг нэвтрүүлэх, мэдлэг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжин, татварын урамшуулал олгох нь зүйтэй.Хөшигтийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлыг ашиглан Ази Европыг холбосон агаарын тээврийн төв (air hub ) болох боломжтой. Тэнд чөлөөт худалдааны бүс, тээврийн ложистикийн төв байгуулж болно. Биотехнологи, нанотехнологийг үр ашигтай хөгжүүлэх асар их бололцоо бидэнд бий.Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтад тавигдах гол шаардлага нь шилдэг технологи ашиглан дэлхийн зах зээлд гарах бүтээгдхүүн үйлдвэрлэхэд чиглэгдсэн байх ёстой.

Санхүүгийн салбар: Тухайлбал, Улаанбаатар хот олон улсын санхүүгийн төв (financial hub) болох боломжтой.Үүний тулд санхүүгийн зах зээлийг сайн хөгжүүлж, хөрөнгийн биржийг Лондонгийн хөрөнгийн биржийн түвшинд хөгжүүлж яагаад болохгүй гэж. Дэлхийнтомоохон банкуудын салбарыг Монголд оруулж, олон улсын хэмжээний санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой.Санхүүгийн зах зээлийн үндсэн элементүүд болох банк, хөрөнгийн зах зээл, даатгал гурвыг адил тэгш хөгжүүлж байж амжилтад хүрнэ. Хөрөнгө оруулалт хийхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн тодорхой хувийгхөрөнгийн зах зээлээс босгох шаардлагатай байна. Түүнээс бус банкны өндөр хүүтэй зээлээр хөрөнгө оруулалт хийгээд амжилт олохгүйгэдэг нь бидний өнгөрсөн туршлагаас харагдлаа.

Хөдөө аж ахуй: Хөдөө аж ахуйн салбар бол экспортыг нэмэгдүүлэх асар том боломж бөгөөд уул уурхайгаас илүү тал нь нөхөн төлжих баялаг учраас тогтвортой хөгжлийн гол тулгуур. Мах, махан бүтээгдхүүн, ноос, ноолуур, арьс шир, сүү, сүүн бүтээгдхүүн, гахай, шувууны аж ахуй, өндөг, улаан буудай, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн балны үйлдвэрлэлийг шинэ мэдлэг, технологиор тордон дэлхийн хэмжээнд үйлдвэрлэж, дотоодын зах зээлээ бүрэн хангаж, экспортод гаргаж асар их ашиг орлого олох боломж бидэнд байна.Жилд 100-150 мянган тонн мах экспортоор гаргахдаа боловсруулалтыг Австрали, Шинэ Зеландын түвшинд хийвэл найдвартай зах зээл эргэн тойронд байна.

Аж үйлдвэр: Үйлдвэрлэгч орон болохгүйгээр хөгжих боломж хязгаарлагдмал гэж үзэж байна. Европын Холбооноос манай улсад хөнгөлөлт үзүүлж, 6000 гаруй нэр төрлийн барааг Европын зах зээлд татваргүйгээр оруулах боломжийг бүрдүүлж өгсөн ч бид үүнийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байна. Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан ч үйлдвэрлэгч оронд ашиг тусаа өгөхөөс бус манайх шиг экспортын бараа цөөтэй улсад үүний үр ашгийг бүрэн дүүрэн хүртэх боломж бас л хязгаарлагдмал. Эдгээр дутагдлыг засч чадвал асар их ашиг олох боломж байна. Өөрсдийн олборлосон газрын тосыг боловсруулах үйлдвэр байгуулж эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэвэл валют хэмнэх бололцоог олгоно. Аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах компаниудад татварын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

Ногоон эдийн засаг: Ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд юуны өмнө нүүрсхүчлийн хийг багасгах, эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлэх, гео дулааны эрчим хүч, байгаль орчинд халгүй технологи,загварыг ашиглах,эрчим хүч хадгалах,түгээх ухаалаг технологийг бий болгох,хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлаас эрчим хүч гарган авах технологийг ашиглах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа юм.Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх, ус, нар, салхины эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх, эрчим хүч нийлүүлэхэд шаардагдах дэд бүтцийг бий болгох, хийн түлшийг ашиглах явдлыг нэмэгдүүлэх, нүүрснээс шингэрүүлсэн хий гаргах, био түлш ашиглах явдлыг дэмжих хэрэгтэй байгаа юм. Ингэснээр эрчим хүч импортлогч бус экспортлогч орон болох боломжтой.

Аялал жуулчлал: Аялал жуулчлалыг шууд экспорт гэж үздэг бөгөөд бараа үйлдвэрлэлгүйгээр валют олж болох арга юм. Манайд эко аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж их бөгөөд харин үүнийг бодлогоор дэмжиж, аялал жуулчлалын шинэ бүтээгдхүүн, шаардагдах дэд бүтцийг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм.

Эдийн засгийн ухааны доктор Б.БАТТӨМӨР

Categories
мэдээ цаг-үе

Л.Дуурсах: Улс орон, компани, аж ахуйд байх хамгийн їнэтэй капитал нь харилцааны халуун дулаан уур амьсгал, итгэл байдаг

Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв “Байгууллага ба найруулга” сэдэвт сургалтыг маргаашнаас эхлэн зохион байгуулах гэж байна. Өвөрмөц хэлбэрээр явагдах уг сургалтын талаар Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн тэргүүн Л.Дуурсахтай ярилцлаа.

-“Байгууллага ба найруулга” сургалт өмнө Монголд болж байгаагүй тийм шинэлэг байдлаар явагдана гэж сонслоо. Чухам яагаад ийм сургалт зохион байгуулахаар болов?

-Удирдлагын түвшиний энэхүү сургалт тавдугаар сарын 20-26-ны хооронд зургаахан хоног үргэлжилнэ. Өдөрт дөрвөн цаг буюу 17-21 цагийн хооронд болох юм. Хүмүүс нийгмийн харилцаанд амьдардаг. Тэгэхээр хүнийг хөгжүүлэх, нийгмийн өөрчлөлтийн эсрэг нийгмийн харилцааг зөв чиг хандлагатай болгох нь улс орны хөгжлийн хамгийн анхдагч нь. Энэ бол харилцаа. Монгол Улс сүүлийн 25 жилд нийгмийн харилцаандаа маш их алдаж ирсэн. Хувь хүн, гэр бүл, албан байгууллага иргэд, төрийн түшээд, олон намууд хоорондоо үл ойлголцож,харилцаж чаддаггүй, доголдолтой байдаг. Энэ бол нийгмийн хөгжлийн татаас болсон эмгэнэлтэй явдал. Нийгмийн харилцааг жинхэнэ шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв гольдролд оруулах, цааш нь зөв авч явахын тулд Монголын шинжлэх ухааны ололт төв үндэсний хэмжээний хөтөлбөр санаачлахаар МУБИС-тай хамтарч ажиллаж байгаа. Монголын нийгмийн харилцаанд өөрчлөлт шинэчлэлтийг авчирахын тулд “Байгууллага ба найруулга” сургалтыгзохион байгуулах гэж байна. Удирдах түвшиний бүх албан тушаалтнууд, гэр бүлийн удирдагч болсон өрхийн тэргүүнүүд ч энэ сургалтад хамрагдах боломжтой. Монголын нийгэмд цоо шинэ, гэрэл гэгээтэй, харилцааны ур чадвар эзэмшүүлэхээр энэхүү сургалтыг санаачилсан.

-Сургалт ямар хэлбэрээр явагдах вэ?

-Гэр бүлийн өрхийн тэргүүн нь найруулагч. Бусад гишүүд нь гол дүр байдаг. Жишээлбэл, гэр бүлийн харилцааг шинжлэх ухааны үндэслэлтэй, урлагийн сонгодог аргачлалыг хослуулсан өвөрмөц хэлбэрээр явуулна.Хамгийн гол нь хичээлийг эрдэмтэн доктор гэхээс илүүтэйгээр урлагийн хүмүүс, тэр дундаа жүжигчид, найруулагчид, улс төрд ард түмэндээ танигдсан, тэдний итгэлийг даасан хүмүүс заах юм. Тодруулбал, шинжлэх ухаан, урлаг, улс төр гэсэн нийгмийн гурван том салбарыг хослуулан өвөрмөц сургалт болно. Энэ нь амьдралд ойрхон, хөрсөн дээр буух болохоор сургалтын үр дүн гайхалтай байна.

-Энэ сургалтыг Монголд анх удаа зохион байгуулж байна гэлээ. Тэгэхээр амжилттай хэрэгжүүлэхийн тулд өөр улс орнуудаас туршлага судалсан уу?

-Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг их арван улсын туршлагыг авч үзлээ л дээ. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч арван улс байгаа. Манай эрдэмтэн судлаачид эдгээр улсуудыг судлахдаа эдийн засаг, улс төр гээд байхаас биш хөгжлийнх нь гол үндэслэлийг хайхардаггүй. Харин хэрэглээнд суурилсан хувьсалд хамрагдаад яваад байгаа юм. Хөгжил гэдэг бол өөр зүйл. Хүнээ хөгжүүлснээр улс орны хөгжлийг томьёолдог. Энэ бол харилцааны амин сүнс болсон асуудал. Хүн эхээс төрөөд боловсрол эзэмшдэггүй. Хэл яриа сурчихаад дараа нь гэр бүлийнхээ хүрээнд аав, ээжтэйгээ ярилцаж харилцаанд ордог. Хувь хүнээс бие хүн болж хөгжиж төлөвшиж хүмүүжинэ гэдэг бол цэвэр харилцааны ур чадвар. Харилцаан дээр суурилж хүнээ, улс орноо хөгжүүлнэ гэдэг бол шинжлэх ухааны үндэслэлтэй зөв зүйтэй зүйл. Тэгэхээр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх арван улс хүмүүсийнхээ харилцаанд анхаарсан. Харилцааг нь хөгжүүлж, чадвар эзэмшүүлчихээд үүн дээр дөрөөлөөд хүмүүсийнхээ сэтгэл зүйг сайжруулж, идэвхжүүлсэн. Улмаар итгэл үнэмшлийг төрүүлэх, баялаг бүтээдэг эрмэлзэлтэй болгох гэсэн сэтгэлгээний тэр чадамжуудыг харилцаан дээр тулгуурлаж, хөгжүүлж бий болгож өгдөг. Үүгээрээ өндөр хөгжилтэй улс орнууд баялаг бүтээгчдийг бий болгодог. Баялаг бүтээх итгэл үнэмшилтэй харилцааны ур чадвар эзэмшсэн олон хүн нийлээд гадаадын хөрөнгө оруулалтаас илүү хүчирхэг бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг улс орондоо авчирдаг. Тэгэхээр манай энэ сургалт тэр хүмүүсийн харилцааны доголдлын аргачлалыг зааж өгнө. Тодруулбал, харилцааны ур чадварыг эзэмшүүлэх аргачлалыг зургаан хоногт ухамсарлуулаад ойлгуулаад өгчихнө.

-Хүний насан туршдаа хэрэгжүүлж, хэв маяг нь болсон зүйлийгбогино хугацаанд яаж өөрчилж чадах юм бэ?

-Шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад, хүний эзэмшсэн буруу дадал зуршлыг өөрчлөх гэж цаг хугацаа шаарддаггүй. Манай улс сэтгэл зүйн дадал зуршил социологийн судалгаан дээр анхаарлаа хандуулахгүй орхисноос болоод хүн алдаад байгаа юм. Тэр алдааг нь засах гээд хөөцөлдөхөөр хүн хүлээж авдаггүй. Тэгэхээр муу зуршлыг нь хэрэгтэй сайн зуршилтай болгохын тулд харилцааг ашиглах ёстой. Харилцааны ур чадварыг ашиглавал хурдан засарна. Мэдэхгүй байгаа зүйлийг нь цоо шинэ сувгаар тэр хүний үндсэн мэдээлэл дээр суулгаж өгнө гэсэн үг. Тэгэхээр хүний тархинд шинэ үг ороод ирэхээр маш хурдан татагддаг. Кино жүжигчин чинь амьд тоглолт хийж, өөр хэлбэрээр мэдээлэл өгөхөөр хүлээж авна. Бүх хүн кино үзээд ойлгодог шиг жүжигчид тэр хүнд харилцааны талаарх зөв ойлголтыг жүжигчилсэн хэлбэрээр ойлгуулна. Хүний оюун санаанд гаднаас шинэ мэдлэг ороод ирэхэд өөрийнхөө муу зуршлыг тэрэнд цохиулаад хаядаг. Тийм аргачлалаар хандах гээд байна.

-Тэгвэл энэ сургалт өөр арга барилаар болох юм байна. Хамгийн гол нь үр дүнг нь хэрхэн хүлээж байгаа юм бол?

-Хүн бол гадаад өнгө үзэмж, бие бялдраараа хөгждөггүй юм байна. Харин бие биетэйгээ харилцаж байж том зүйлийг бүтээж чаддаг нь харилцаан дээр суурилсан ур чадвар. Монгол Улс автоматаар хөгждөггүй гол суурь нь энэ л дээ. Энэ сургалтаараа монголчууд хаана ч баялаг бүтээх итгэл үнэмшил, сэтгэл зүйн идэвхжил гэдэг зүйлийг нийгэмд сэрээж, гаргаж ирэх гээд байна. Монголчууд одоогоор агуу түүхээ мартаад унтаа байдалд ороод байна. Үүнийг сэргээх хэрэгтэй. Хүний сэтгэл зүй, сэтгэлгээ хоёрыг зөв сэрээж чадах юм болхүний ухамсар дагаад зөв болдог. Ингээд сэтгэл зүй, сэтгэлгээ, ухамсар гурав нийлэхээрээ хүн амжилт бүтээх итгэл үнэмшил төрдөг. Энэ гурвыг бий болгох нь зүгээр харилцааны урлаг буюу ур чадварыг эзэмшүүлэхявдал юм. Тэгэхээр сургалтын үр дүн гайхалтай байх болно гэдэгт итгэж байна. Ерөөсөө харилцаан дээр суурилж эв нэгдэл байх ёстой. Ямар нэгэн компанийн ааш муутай удирдагч байлаа гэхэд тэр хүн байгууллагынхаа найруулагч нь. Гэтэл буруу удирдаад байвал ажилтнууд нь бүгдээрээ эв нэгдэлгүй тараад явчихна. Зөв удирдаад ирвэл бүх хүн түүнд татагдана. Бүгд чин сэтгэлээрээ ажиллахыг хүснэ. Энэхүү дулаан орон зайг тэр харилцаа бий болгож байдаг юм. Ер нь компанийн удирдагч нарсургалтад сууснаар байгууллагын уур амьсгал өдөр шөнө шиг болж, захирлыгаа итгэж хүндэлдэг болно. Улс орон, компани, аж ахуйд байх хамгийн үнэтэй капитал нь харилцааны халуун дулаан уур амьсгал, итгэл байдаг. Дэлхийн хамгийн үнэтэй баялаг ньхарилцаан дээр суурилсан сэтгэлгээний тэр орон зай юм.

-Энэ удаад удирдлагын түвшинд зохион байгуулах сургалтаа өөр түвшинд юм уу, эцэг, эхчүүд явуулах уу?

-Шинжлэх ухаан дээр суурилсан судалгаа хийж байж сургалтын арга хэлбэрээ гаргадаг. Манай төрийн бус байгууллага “Монголын нийгмийн сэтгэл зүй, өөрчлөлт ба харилцаа” сэдвээр судалгаа хийдэг. Тэгэхээр манай байгууллага хүн болгон нийгмийн түвшинд хүрч сургалт явуулна гэвэл хүний нөөц хүрэлцэхгүй. Тэгэхээр МУБИС-ийнсалбар салбарын эрдэмтэн судлаачидтай хамтраад харилцаан дээр тулгуурласан сэтгэл зүйг нээж өгөх “Харилцаа ба гэр бүлийн менежмент” гэсэн сургалтыг эцэг эхчүүдэд явуулна. Хүнээ зөв хөгжүүлбэл улс орон хамгийн жаргалтай байна. Хүнд байдаг хамгийн нандин зүйл бол харилцаа юм. Үүнийг манай ТББ Монголд нутагшуулахыг зорьж байна. Ингэж чадвал Монгол Улс нүд ирмэхийн зуур хөгжинө.

-Танд баярлалаа.

Н.БАТ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Лоохууз: Улс гүрэн олон чиг еврей, монгол хоёр шиг ухаантай үндэстэн нэг ч байхгүй

Цогт-Очирын Лоохууз 1940 онд нутагтаа бага сургууль дүүргэн, санхүүгийн техникумд гурван жил суран, шинэхэн байгуулагдсан Намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй сурал­цан дүүргэжээ. Дөнгөж байгуу­лагдсан МАХН-ын Төв хорооны лекторын товчоонд шилэгдэн орж ажилласан нам төрийн шилдэг ирээдүйтэй залуу гишүүн 1950 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд суралцах анхдагч нарын тоонд багтан хилийн дээс алхав. Тэрээр БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэлээр хэвлэгдэхэд нь орчуулан хөрвүүлж, нам төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлөвийн талаар өөрийн санал бодлыг хэвлэлд нийтлүүлж байх тэр үеэс нам төрийн “ивээл”-д сэжигтэн болж эхэлсэн гэдэг. Тиймээс Лоохуузыг намын төв удирдлагаас хол алс хөдөө нутагт томилов. Гэвч Лоохууз Говь-Алтай аймгийн намын хорооны дарга хийж байх үедээ тус нутгийг гайхалтай хөгжүүлж ямар чадалтайгаа харуулсан нь зөвхөн эхлэл байлаа. Намын Төв хорооны САА-г удирдах газрын дарга, ХААЯ-ны нэгдүгээр орлогч сайд байх үедээ урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор алдарт Гуулингийн сувгийг байгуулж, “Атар газар” эзэм­ших их хөдөлгөөний анхны шав тавихаас үр дүнд хүртэл нь зохион байгуулав. Мөн гахай, тахиа, туулай, булга, буга, каракуль хонь болон саалийн үнээний фирм, САА-нуудыг олноор байгуулжээ.

ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр аянга буулгаж тэр үеийн төр засгийн бурангуй үзлийг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж “Намын эсрэг бүлгийн толгойлогч” хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсаар 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан байдаг. Хүний тархийг нь боож дөрвөн мөчийг нь ажиллуулах коммунист суртлыг эсэргүүц­сэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн шантарш­гүй тэмцэгч маань АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болсон түүхтэй. Түүнийг саяхан Ардчилсан хүчний Залуучуудын холбоо, Ардчилсан хүчний холбооны дэргэдэх“Хөгжил” клубээс урьж “Ардчилал ба тусгаар тогтнол” сэдвээр лекц уншуулсан юм.

Лоохууз гуай ярианыхаа эхэнд “Би 1923 онд төрсөн хүн. Өнөөдөр ах нь 92 нас хүрчихлээ. Их өндөр нас юм гэнэ ээ. Намын Төв хорооны лектор гэдэг ажлыг маршал Х.Чойбалсангаас аваад, САА-н газруудын даргаар ажиллаж байхдаа Ю.Цэдэнбалтай муудалцаж “гологдоод” анх эсэргүүн нэр зүүсэн хүн дээ, би. Улсын удирдагч Х.Чойбалсан аймгийн ажлыг сайжруулсан хүнийг яамны сайд болгох жишээтэй. Тэр үед 13 яамтай байлаа. Сайд нар нь дандаа нэг аймгийг тэргүүний болгосон хүмүүс. Гэтэл Ю.Цэдэнбал гарч ирээд Увсын дүрвэдүүд, орос эхнэртэй, орос хэлтэй улсыг сайд болгоод тавиад байдаг. Тэнд нь мундаг хүн байхгүй шүү дээ. Нутаг ус, танил тал, орос хэл халтар хултар цээжилснээр нь албан тушаалд тавьж байсан. Бал дарга тэгж Х.Чойбалсангийн кадр хүчнийг тавих баримталж байсан бодлогыг орвонгоор нь эргүүлсэн. Тэгээд Монгол оронд ажил төрөл гэдэг ямар ч утгагүй юм болж хувирсан. Үүнийг би арьс махаараа мэдэрсэн. Энэ тухайгаа ч их хурал дээр хэлсэн. Цэдэнбал үзэл санааг нь эсэргүүцсэн хүмүүсийг их харгисаар хэлмэгдүүлсэн. Би эцэг эхээс заяасан Лоохууз гэсэн гаж нэртэй хүн юм. Багадаа бөөрөнхий тарган хүүхэд байсан болохоор намайг аав ээж минь тэгж нэрлэсэн хэрэг. Лоохууз гэдэг чинь хятадаар лонх гэсэн үг шүү дээ. Тиймээс намайг хятадын эрлийз гэж хүртэл нүд үзүүрлэх шалтаг болсон. Говь-Алтайн Чандмань сумын Ботгонын голд хонь, сарлаг хариулж амь зуудаг ямар юмных нь хятад хүн байхав дээ. Манайхан ер нь бүгд сонин нэртэй. Миний ахыг Халтар-Ухна, дүү нарыг Мандал, Хумбагар, Муувгар гэдэг. Намтар түүх минь ийм илхэн байхад хятад гэж гүтгэнэ гэдэг юу гэсэн үг вэ. Тэр үед би залуу омголон ч байж. Шатаа л явчихсан. Энд өнөөдөр дөч тавин хүн цугласан байна. Цөөхөн гэж голъё. Намын Төв хорооны лекторын эрхлэгч байхдаа 1000-2500 хүнд лекц уншдаг байлаа” гэсэн юм.

Тэрээр цааш нь “Ардчилал, тусгаар тогтнол гэсэн хоёр үг бол нэгнээс нь салгахын аргагүй нэг цул ойлголт. Монгол Улс хэзээнээс нааш Төв Азийн цээжин дээр зүрх нь болж цохилж оршин тогтнож ирсэн. Аливаа нэг улс гүрний амыг хардаг улсыг тусгаар тогтносон гэж хэн ч хэлэхгүй. Монголчууд хойшоо Орос, баруун тийш Арабын орнууд, урагш Хятадыг дайлж байсан баатарлаг түүхтэй улс. Сүүлд Хятадын доторхи манжууд засаг төрийг нь булааж аваад Монголыг 200-300 жил дарласан. Манж хятадууд Монголд зээлийн арга мэх хэрэглэж, ард түмний амьдралыг доройтуулсан. Зээлийн арга нь Монголыг эдийн засгийн хувьд туйлдуулан буурай ядуугийн замд улам бүр түлхэж байв. Иймээс Манжийн дарлалыг эсэргүүцсэн Амарсанаа, Чингүнжаваар толгойлуулсан зэвсэгт тэмцлийг та бүхэн мэдэж байгаа. Ард Аюуш есөн эрүү тулгуулж яаж зовсныг дэлгэцийн урлагаас харсан байх. Харийн дарлалын эсрэг тэмцсэн хамгийн том байлдаануудыг Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошигт явуулж байлаа. Галдан бошигтын хатан Ану Налайхын цаахна байдаг Зуунмодонд байлдаж ялагдсан. Зүүнгарын хаант улсын үлдэгдэл ардууд Архангай аймгийн Өлзийт, Ихтамир сумдад тархаж суурьшсан. Тусгаар тогтнолоо Манжид хоёр зуу гаруй жил алдсан монголчууд Орос орныг түшиглэж туурга тусгаарлахаар түшиглэсэн нь түүхийн үнэн. Харамсалтай нь хаанаа түлхэж унагасан Ленин, Сталины улаан коммунистууд бидний байдлыг буруугаар ашигласан.

Ардын хувьсгал ялахад Монгол орон зургаан зуухан мянган хүнтэй, жижиг буурай орон байсан. Зөвлөлт оросуудын хийсэн сайн зүйл бий л дээ. Улаан тарианы буянаар мөхөж сүйрч байна гэж байсан цөөхөн буурай монгол өнөөдөр гурван сая дахь иргэнээ бүртгэж аваад баярлацгааж байна. Оросуудын дэмжлэгээр Ховд, Нийслэл хүрээнд байсан манж-хятадуудыг хөөж явуулсан нь яах аргагүй сайн хэрэг. Үүнд, Сүхбаатар, Чойбалсан, Богд хаан Жавзандамба, Бодоо, Данзан нарын хувьсгалын удирдагчдын түүхэн гавьяа ч дурдагдана. 1924 онд чөлөөт эдийн засгийн бодлого явуулснаар үндэсний баячууд төрөх боломж, хөрс суурь бүрдсэн. Харин МАХН-ын Төв хорооны гуравдугаар бүгд хурлаас гажуудал үүсч, Коминтернийн улаан хувьсгалын замаар замнах болсон. Социализм бол хийснийхээ хэрээр хэрэгцээгээ хангана гэсэн үг хэмээгчид гарч ирсэн. Ленинийг нас барсны дараа Сталин гэгч ухаалаг боловч маш аюултай хүн түүхийн тавцанд гарч ирснээр монгол оронд ч дураараа дургигч хэт хувьсгалч большевикүүдийн хууль үйлчилж эхэлсэн. С.Данзанг Шар хадны ууланд буудан хороож, Бодоог егүүтгэснээр Монгол Улс оюун санааны удирдагчидгүй болж, ЗХУ-ыг үг дуугүй дагах болсон. Энэ бол гунигтай зүйл байсан. 1940-өөд онд БНМАУ-ын иргэн бүр тусгаар тогтнолынхоо төлөө гарын үсэг зурж баталгаажуулан БНХАУ-аар хүлээн зөвшөөрүүлж чадсан ч ЗХУ-аас хараат билэгдлийн чанартай бие даасан төдий улс болсон. Тэр үед би хүртэл Баян-Өлгий аймагт томилогдон, 45 хоног нойр хоолгүй шахам мачийн зүтгэж явлаа. Монгол хүн бүр л тэгж зүтгэж байж урд хөршийн дарлалаас ангижирсан.

Монгол Улсад өнгөрөгч хорьдугаар зуунд хоёр том дайн болсон гэдэг. Ачир дээрээ Дорнодын Баянтүмэнд айлын жорлон дээр Японы ганц бөмбөг унасныг эс тооцвол тийм ч сүртэй тулалдаагүй байдаг. Гэхдээ бид бас ЗХУ-ын армитай мөр зэрэгцэн Хятадын газар нутгийг Японы милитарист өнгөлзөгчдөөс чөлөөлсөн түүхтэй. Ер нь энэ дэлхий даяар цэрэг зэвсгийг хязгаарлах хэрэгтэй. Дэлхийн гуравдугаар дайн эхэлбэл хүн төрөлхтөн бүрмөсөн сүйрнэ. Манай тусгаар тогтнол 1990 он хүртэл ЗХУ-ын мэдэлд хуурамч тусгаар тогтнол байсныг би дээр хэлсэн. Ардчилсан үзэлтэй залуус жагсаал цуглаан хийж эхлэхэд МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Батмөнх бууж өгсөн. Тэгэхээс ч яахав. Дэлхий дээр цус урсгалгүйгээр хувьсгал хийсэн улс манайхаас өөр байхгүй. Ардчилсан хувьсгал монгол оронд ялсан ч одоо хүртэл үргэлжилж л байна.Энэ шинэ үзлийг хэрэгжүүлэхэд хуучин үзэл их саад хийлээ. Хорь гучин жил саад боллоо. Бүр нүдээрээ харж байна. Хэрэгтэй юмыг хэрэгжүүлэхгүй, саад болдог. Энэ дотор бохир булай, нийгмийн амьдралд байж боломгүй зүйлийг хэрэгжүүлэх, эрх мэдэлтэй байх, өөрсдийгөө магтуулах, эрх мэдлийг хүчээр авч хэрэгжүүлэхийн төлөөх муу үзэл нэлээн удаан хугацаанд хэрэгжлээ. Энэ бол ардчиллыг урагш явуулахгүй саад хийсэн. Одоо ард түмэн хоног хоногоор үүнийг ойлгож байна. Тэгэхээр цаашид саад бэрхшээл багатайгаар нийгэм урагшаа явах байх. Монголын ард түмнийг коммунизмын үзэл эдийн засаг, улс төрийн талаар, хамгийн гол нь оюун санааны талаар хоцрогдсон бусдын заавраар явж байдаг махан хэлтэй, хоёр хөлтэй мал маягтай болгосон. Энэ бол хамгийн аюултай нүгэл. Ардчилал үүнээс чөлөөлж эрх чөлөөтэй болгож өгсөн. Манай ардчилагчид айван тайван, шүүмжилсэн бүхэнд бууж өгч яваа. Ардчилагчид төр барих хугацаанд хоёр гурван Засгийн газраа огцруулж байсан. Цаашид ч хуучин засаг төрийг мөрөөдөгсөд урьдын дэглэмээ тогтоохыг үгүйсгэх аргагүй. Барууны мундаг улстөрчид манай ардчиллаар бахархдаг юм шүү. Бид жинхэнэ биеэ даасан тусгаар тогтнолыг 1990 онд л байгуулсан.

Тусгаар тогтнолоо жинхэнэ олж авснаар бид шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон. Ардчилал гэдэг шударга ёс. Шударга ёсонд хуучинсаг үзэлтнүүд туйлын дургүй. Шударга ёсыг амьдрал хөрсөнд буулгамаар байна. Хулгай хийж баяжилгүй, луйвар хийж олон түмнээ хууралгүй амьдарч, хүн хүнээ хайрлах учиртай. Тэгж байж ардчилал бүрэн утгаараа ялна. Бид ардчиллаа, тусгаар тогтнолоо хэнд ч зүгээр өгмөөргүй байна. Үүний төлөө хүн бүр шударгаар аж төрж, эвтэй найртай, эрдэм боловсролыг дээдэлдэг, хөдөлмөрч баймаар байна. Шударга бус зүйл улс төрд орохоор будлиан үүснэ. Шударга ёсны төлөө үхсэн ч багадна. Хоосон зүйлд итгэлээ өгнө гэдэг аюултай. Үнэний төлөө үхэх ч багадна. Би гурван дээд сургууль төгссөн хүн. 1956 онд аймгийн намын хорооны дарга байхдаа Ю.Цэдэнбал даргыг шүүмжилсэн. Тэрнээс болж хавчлагад орсон. Тэгээд надад атар газар эзэмших даалгавар өгч ажиллуулсан. Улсын даалгаврыг биелүүлэхийн төлөө нойр хоолгүй ажилласан. Тэр үед үзэл санаа нэгтэй Монголын сэхээтнүүд болох Төмөр-Очир, Цэнд гээд том улсуудыг ажлаас нь халж эхэлсэн. Би ажлаа өгөөд өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлнэ гээд хойшоо эрдмийн зэрэг хамгаалахаар сургуульд явсан. Улмаар 1964 онд сургуулиа арай төгсөөгүй байхдаа Намын Төв хорооны бүгд хурлаар ирж Ю.Цэдэнбалыг ул үндэстэй, нэлээн сайн шүүмжилсэн. Тэрүүгээр далим хийж, намын эсрэг бүлгэм зохион байгуулсан нэрээр Нямбуу, Сурмаажав бид гурвыг “Улс төрийн дайсан бий боллоо” гэж худлаа дэвэргээд нам төрийн удирдлагаас зайлуулж, малчин, хоньчин, үхэрчин болгож байлаа.

Өвөрхангай аймгийн Сант суманд туслах малчин хийж байгаад хүүхэд сургуульд ороод Хархорин суманд бригадын тоо бүртгэгчээр ажилласан. Энэ үед намайг “Баяжлаа, хориотой үйлдвэр явуулсан, дамын наймаа хийсэн” гэж гэмт хэрэгтэн болгож шоронд хийсэн. 1976 онд шоронд орж, арваад жил явсан. Би шоронгоос гарахдаа 700-800 ширхэг бөгж хийж гарч ирээд тус бүрийг нь 34 төгрөгөөр зарж амьжиргаа болгож байсан. Шоронд байхдаа би маш олон мэргэжилтэй болсон хүн шүү. Түүний дараагаар нутаг заалтад мөн гурван жил боллоо. Тэгээд дараа нь хэлмэгдлийн амьсгаа буураагүй. Гэмтэн маягтай үзэгдэж явлаа. Түүнээс хойш 1990 онд ардчиллын хөдөлгөөн өрнөж, Ардчилсан хувьсгал ялсан. Энэ ялалт биднийг аварч, цагаатгаж, гэм зэмгүй хүн болгож, үнэн мөнийг олгож өгсөн түүхтэй. Тэр үед хүн болж төрсөн учраас хатуу нийгмийг үзлээ. Би эс үзсэн ч өөр хүн үзэх л ёстой хувь тавилан байлаа. Надад тохиолдсон гээд гомдоод байх юм алга. Би шударга биш нийгмийн үзэгдэлтэй халз тэмцсэн. Тэр шударга биш зүйлийн аяыг нь дагаагүй, бурууг нь буруу, зөвийг нь зөв гэж өөрийнхөө ойлголтоор халз тулж тэмцсэн. Энэ тэмцэл л амьдрах арга ухаанд намайг сургасан. Амьдралд гүнзгий оруулж өгсөн. Юманд дандаа сөрөг тал гэж бий. Хэчнээн муу муухай юм байлаа ч гэсэн түүнийг сөргөж ажилласан учраас надад амьдрах ухаан суулгасан. Үүнд нь баяртай явдаг. Иймээс хүн амьдралд тулгарч байгаа яльгүй бэрхшээлийн өмнө битгий бууж өг. Сөрж бай гэж хэлье дээ. Дэлхий дээр өчнөөн олон улс үндэстэн бий. Эдгээрээс ухаантай ард түмэн ердөө хоёрхон байна. Үүний нэг нь еврей, нөгөөх нь Монгол. Монгол хүн дэлхийн халуун, хүйтэн аль ч бүсэд амьдарч чаддаг нь эцэг өвгөдөөс заяасан дөрвөн цагийн улиралт энэ сайхан монгол орны маань онцлог юм. Аливаа гадаад хэлийг сурлаа гэхэд ямар ч аялгагүй сурдаг гоц авьяас чадвар, ой тогтоолтын гайхамшиг монгол хүнд л заяасан байдаг” гэснээр Ц.Лоохууз гуай илтгэлээ өндөрлөсөн юм.

Тэмдэглэсэн

Л.БАТЦЭНГЭЛ