Categories
мэдээ улс-төр

Зарим музейг төрийн тусгай хамгаалалтад авна

БСШУ-ны сайдын тушаал, удирдамжийн дагуу улс, аймгийн музейнүүдэд улсын тооллогыг 2013 оны 11-р сард зэрэг эхлүүлж, хамгийн сүүлд буюу энэ оны 4-р сард Монголын үндэсний музейнхээр тооллого дуусчээ. Тооллогод 42 байгууллага хамрагдсан байна.

Улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт үүрэг болголоо.

Үүнд,

Музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, музейн хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулах, тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргах

Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Эрдэнэзуу музейг Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалтад оруулах

Улс, орон нутгийн музейн барилгын засварын үйлчилгээ, зориулалтын барилга байгууламж, техник тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг ирэх оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгах

Музейн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журмыг хамтран баталж, мөрдүүлэх

Эрдэнэзуу болон бусад сүм музейг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх талаар судалгаа хийж, зохих шийдвэр гаргуулахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд:Ерөнхий Ассамблейн үр дүн, ач холбогдлыг өндрөөр үнэлж байна

Азийн Залуучуудын Зөвлөлийн 13 дугаар Ерөнхий Ассамблей Нэг Ази 2015: “Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдаж байна. Чуулганы үеэр УИХ-ын дарга З.Энхболд Азийн Залуучуудын Зөвлөлийн Удирдлагуудтай уулзлаа. УИХ-ын даргын уулзалтын үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Тэрбээр” Өргөн уудам Ази тивийн олон орноос 600 гаруй залуус, төлөөлөгчид манай оронд хүрэлцэн ирсэн байна. Ийм өргөн хүрээтэй олон улсын арга хэмжээг зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газар, Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Дэлхийн Залуучуудын Ассамблей, Азийн Залуучуудын Зөвлөл болон Монголын Залуучуудын холбоонд баяр хүргэж Ассамблейн ажиллагаанд амжилт хүсье.

Өнөөдөр нээлтээ хийж буй Нэг Ази 2015: “Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдэвт Азийн Залуучуудын Зөвлөлийн 13 дугаар Ерөнхий Ассамблейн үр дүн, ач холбогдлыг би хувьдаа өндрөөр үнэлж байгаа.

Уг арга хэмжээг та бүхэнтэй хамтран зохион байгуулж буй Монголын Залуучуудын Холбоо олон жилийн түүхтэй бөгөөд 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилалын үйл хэрэгт идэвхтэй оролцож ирсэн байгууллага юм.

Тус холбоо өнгөрсөн хугацаанд цагийн шалгуурыг даван туулж, өнөөдөр үйл ажиллагаа нь дэлхийн залуучуудын байгууллагуудтай эн зэрэгцэж ирсэн байна.

Энэ удаагийн Ассамблейн үр дүнг нарийн хэмжихэд бэрх. Ямарч тохиолдолд тивийн бусад орнуудаа уриалан оролцуулж, ийм арга хэмжээг зохион байгуулж байгаа нь дэлхийн бусад улсад ч үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод Азийн залуучууд өөрсдийн санаачилгаар нэгдэн нийлж, санал бодлоо ардчилсан зарчмаар хэлэлцэн, түүнийгээ үр дүнд хүргэх чин эрмэлзэлтэй байгаа нь маш чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Монгол улс залуучуудын орон болохоор Монгол Улсын төр, засгаас залуучуудынхаа үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажилладаг.

Энэ удаагийн та бүхний чуулган залуучуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг харуулсан амжилт бүтээл, шинэ санаачлагуудыг дагуулсан хурал болно гэдэг эргэлзэхгүй байна.

Шинэ бүтэц зохион байгуулалттайгаар бүс нутаг, Ази, цаашлаад дэлхийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд дээр гарц шийдлүүдийг олж манлайлан ажиллахыг Та бүхнээс хүсч байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсье.”гэлээ.

Categories
мэдээ нийгэм

НАМЗХ-ныхон тэмцэж байна

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос яг одоо Уул уурхайн яамны гадна тэмцэл хийж байна. Тэдний зүгээс өнгөрсөн долоо хоногт шинээр томилогдсон Г.Тэмүүлэн тэргүүтэй удирдах зөвлөлдөө зургаан шаардлага хүргүүлсэн юм. Эдгээрийн шаардлагын хариуг НАМЗХ-ны удирдах зөвлөлийнхөн, ялангуяа Г.Тэмүүлэн одоог хүртэл өгөөгүй байна. Тиймээс өнөөдөр шаардлагынхаа хариуг авахаар Уул уурхайн яамны гадна цуглажээ.

Сануулбал, тус холбооны хувьд 7 дугаар бага хурал нь талцал, хуваагдалд орлоо гэх мэдээлэл гарч байсан. Гэсэн ч нэгдсэн байр сууринд хүрсэн хэмээн ойлгож Л.Оюун-Эрдэний холбооны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сэргээсэн гэж мэдээлсэн. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг сонгон Их хурал зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан гэдгийг хэлж байна. Гэвч Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Г.Тэмүүлэнг албан тушаалаа урвуугаар ашиглан их хурал болохоос өмнө аймаг, орон нутгийн хурлыг өөрт ашигтайгаар зохион байгуулахыг завдах зэргээр өмнө нь үүссэн маргааныг улам даамжруулан, орон нутгийн НАМЗХ-ныхны байдлыг хүндрүүлэх, нэгдсэн байр сууринд хүрсэн байсныг улам сөрөг уур амьсгалд оруулж байгааг удирдах зөвлөлийн гишүүд нь шүүмжилсээр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Аймгийн Засаг дарга нар Засгийн газрын болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно

Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд ирэх сарын 2-3-нд болох Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцоно. Энэ арга хэмжээний дараагаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, Засаг дарга нарын семинарыг зургадугаар сарын 4-5-нд зохион байгуулах юм.

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Орон нутагт үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэхээр энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн зарим ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар мэдээлэл хийж, “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох” тухай Засгийн газрын тогтоолын төслийн тухай хэлэлцэхээр төлөвлөж байна.

Мөн орон нутагт чиглэсэн болон тэнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна.

Хуралдааны төгсгөлд аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар гарсан Засгийн газрын шийдвэрийг танилцуулж шалгарсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

Categories
мэдээ нийгэм

16 дугаар байрныхан энэ бямба гаригт байрандаа орохоор болжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн III хорооллын 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Учир нь уг байрны ойролцоо 18 давхар барилга барихаар барилгын суурь ухсанаас үүдэн 16 дугаар байранд цууралт үүсэх нөхцөл үүссэн юм. Тиймээс нийслэл болон холбогдох байгууллагууд хуралдан оршин суугчдыг ойролцоох зочид буудлуудад тараан байрлуулсан билээ. Тэгвэл энэ сарын 23-нд буюу ирэх бямба гарагт 16 дугаар байрны оршин суугчид байрандаа эргэн орохоор болжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батмөнх “Одоогоор 16 дугаар байранд цемент цутгалтын ажлыг хийж байна. Энэ бямба гаригт байрны оршин суугчдыг байранд нь эргэн оруулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгох ажил нэг шатаар урагшиллаа

Ипотекийн зээлийн 30 хувийг 10 болгож, үлдсэн 20 хувийг нь төрөөс баталгаа гаргахаа Засгийн газраас мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудлыг шийдэх зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон байна.

Хүн амыг орон сууцаар хангах, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны зээлийн тогтолцоог хөгжүүлэх нь аливаа улс орны зорилт байдаг. Манай улсын хувьд эдийн засаг дахь санхүүгийн эх үүсвэр дутагдалтай, эрэлт нийлүүлэлтийн харьцаа алдагдсан зэрэг нь орон сууцны зээлийн тогтолцоог хөгжүүлэхэд бэрхшээл учруулж байгаа аж.

Хөгжингүй орнууд эдгээр бэрхшээлийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хэмээх санхүүгийн хэрэгслийг нэвтрүүлснээр шийджээ.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь банк санхүүгийн байгууллагаас олгосон зээл, лизинг, зээлийн картын авлага зэрэг мөнгөн хөрөнгийн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой шаардах эрхээр баталгааждаг. Тиймээс зээлийн болон санхүүгийн бусад хэрэгслийн эргэн төлөлтийг хүлээхгүйгээр хөрөнгийн шинэ үүсвэрийг богино хугацаанд бүрдүүлж ажиллахаар болсон байна. Улмаар шинээр олгох зээлийн хүүг бууруулж хүн амыг орон сууцаар хангах, барилгын салбарыг дэмжих бодлогыг хэрэгжүүлдгээрээ нийгэм, эдийн засгийн салбарт ач холбогдолтой аж. Хуулиар энэ харилцааг зохицуулахаар тусгаад буй юм.

Categories
мэдээ улс-төр

”Шударга ёс” бүлгийн мэдэгдэл: ”Тавантолгой”-г эргэлтэнд оруул

Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, түүнтэй холбогдох гэрээнүүдийн төслийн талаар МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн бүлэг хэлэлцээд мэдэгдэл гаргасан талаараа мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус бүлгийн дарга Н.Батцэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар өгөв.

Тус мэдэгдэлд,

1. Таван толгойн нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахыг дэмжиж байна. Ингэхдээ Таван толгойн орд газрыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгах

2. Таван толгойн гэрээний төсөл дөрөвдүгээр сарын 23-нд УИХ-д өргөн баригдсан ч өнөөг хүртэл хэлэлцэхгүй байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан, тохиролцоо болж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Тиймээс “Шударга ёс” эвсэлийн бүлэг Таван толгойн асуудлыг УИХ-аар түргэн хэлэлцэж, олон түмнийг талцуулахгүй байхыг уриалж байна

3. Таван толгойн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсын төрийн бодолго, хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэнд үр өгөөжтэй байх гэрээ хийх нь зүйтэй гэж бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн залуучуудын чуулганд 600 гаруй зочин, төлөөлөгч оролцож байна

young asiaМонгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Азийн Залуучуудын зөвлөл, Монголын Залуучуудын холбоо хамтран Азийн Залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдаж буй арга хэмжээ өнөөдөр Төрийн ордны Их танхимд нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийв.

Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлэхдээ, Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орнуудын төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгож байгаад энэхүү чуулганы зорилго оршиж байгааг онцоллоо. Мөн тэрээр, чуулганд дотоод, гадаадын 23 орны бодлого боловсруулагч, судлаач, эрдэмтэн, шийдвэр гаргах түвшний нийт 600 орчим зочид төлөөлөгчид оролцож хоёр өдрийн турш Азийн болон дэлхийн хөгжил, тэдний улс орондоо оруулах хувь нэмрийн талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцоно гэдгийг хэллээ.

Түүнчлэн аливаа улс оронд залуучууд бол ирээдүйн том нөөц, ихийг бүтээх асар их хүч байдаг. Залуучуудын хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн хувь хүний хөгжлийн үр дүн болох төдийгүй ядуурлаас ангижрах, ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтийг авчирдаг гэдгийг тэмдэглэв. Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон хэлэхдээ, Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар өндөр хэмжээний ач холбогдол өгч байгаад баяртай байна. Цаашид Улаанбаатар хотод Дэлхийн Залуучуудын Ассамблейн суурин төлөөлөгчийн газар байгуулахад төвлөрөн ажиллана гэлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ц.Нямдорж: “Стэнд бай” хөтөлбөрт орохоос өөр аргагүй байдалд хүрнэ дээ

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Монгол Улсад ирсэн байна. “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярил­цаж байж магадгүй гэх юм. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Өмнө нь манай улс Дэлхийн банкны “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. 2002 онд “Бид эдийн засгийн хямралаасаа гарлаа” гэж үзээд тэр хөтөлбөрийг зогсоож байсан. “Стэнд бай” гэдэг чинь эдийн засаг нь хүндэрсэн орнууд авч хэрэгжүүлдэг төсөл. Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Монгол Улсад ирнэ гэдэг чинь энэ харилцаа дахин сэргэх нөхцөл үүсч байна уу даа л гэж харж байна.

Хоёр хувилбар байгаа. Нэг нь манайхны яриад байгаа өрийн таацыг байхгүй болгоод ДНБ-ээсээ давсан өр тавиад, түүнийгээ төлж чадахгүй бол улсынхаа тодорхой нутаг дэвсгэрийг зарж худалдах нэг арга бий. Нөгөө нэг арга нь энэ хөтөлбөрт хамрагдаад тодорхой хэмжээнд санхүүгийн эрх чөлөөний хязгаарлалтад орж хүндрэлээс гарах юм. Засгийн газар чухам аль замаар нь явна гэж үзээд байгаа юм, бүү мэд. Өнөөдөр Засгийн газар нь энэ хөтөлбөрт хамрагдаж болно гэсэн юм ярьж байхад Монголбанкны Ерөнхийлөгч нь болохгүй гэж байна лээ. Ямар ч байсан Дэлхийн банкны гүйцэтгэх захирлынх нь уулзалт юу болж таарах нь уу тэрийг нь харъя.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал сөрөг үр дагавар юу байна?

-Яахав нэг талаасаа энэ хөтөлбөрт хамрагдсанаар өөрөө шийдвэр гаргах нөхцөл боломж хүнд байдаг ч гэсэн хүнд савлагаа үүсэхээс бүсээ чангалж гардаг эд. 2012 оноос хойш эдийн засаг хүндэрлээ гэдгийг байнга л сануулж ирсэн. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг ардын үг байдаг юм л даа. Манайхан сэгсэрдэг юм хийж хоёр гурван жил яваад өнөөдөр бид эмээл нь хүндэдсэн морин дээр суух тал руугаа явж байна. Харамсалтай байна.

Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ямар суурь зохицуулалтуудыг хийж өгөх ёстой вэ?

-Төсвийн зарлага талдаа их хэмжээний таналт хийхээс өөр аргагүй байдалд орчихсон. Энэ талаар байнга л яриад байгаа биз дээ. Гаднаас өр зээл авахын оронд дотоодын төсвийн зарлагаа дээд зэргээр танах, багасгах арга хэмжээ ав гэдгийг хэлээд байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт ойрын хэдэн жилдээ сэргэхгүй. Энэ бол ойлгомжтой асуудал. АНУ-ын Элчин сайд сая нэгэн хурал дээр 2016 он хүртэл аяганы амсар зуулгахгүй гэсэн байна лээ. Ухаангүй бодлого явуулаад байгаа болохоор ингэж ярьж байгаа. Оюутолгой, Тавантолгой тойрсон асуудлуудаа нэг тийш нь болгох хэрэгтэй. Хоёрын хооронд юм хийж хэрүүл үүсгэсээр байгаад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихлоо.

Хоёр толгой хөдлөх боломж байна уу?

-Ер нь бол худлаа эх орончийн дүр эсгэж, улсын ажлыг алдаг байдлаас Монголын төр хэзээ холдох юм бол доо. Янз янзын юм яриад байгаа нөхдүүддээ хариуцлага тооцдог юм алга. Төмөр замын талаар зургаан жил ярилаа. Ерөөсөө хөдөлсөнгүй. Энэ чинь эзэнтэй юм шүү дээ. 200 гаруй сая ам.долларыг бондын мөнгөөс аваад зарчихсан. Түүгээрээ газар шорооны ажил хийсэн гэдэг.

Одоо яах гэж байна гэхээр хариулдаг хүнгүй болчихлоо. Бондын мөнгөөр босгосон далан шороо чинь борооны усанд шаардлага хангахаа байна. Энэ чинь ойлгомжтой асуудал.

Юм хийж эхэлсэн бол дуусгах л ёстой байхгүй юу. Одоо бол нийгэм, эдийн засаг аль аль талдаа огцом огцом шийдвэрийг гаргахаас өөр зам байхгүй шүү. Хөрөнгө оруулалт зэрэг аливаа зүйлсийг тойрсон, муу улс төр хийх явдлаас холдох хэрэгтэй. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Ард түмний мэдэлд байгаад хувийнхныг оруулахгүй бол монгол баяжвал баяжихаар л боллоо. Гэтэл одоо болтол улсын мэдэлд л байгаа шүү дээ. Орд чинь эдийн засгийн эргэлтэд орохгүй бол хумхийн тоос шорооноос ялгаа юу байнаа. Үүнийг чинь хөдөлгөж хөрөнгө болгож байж, тэр хөрөнгөөрөө ард түмний амьдрал ахуйг дээшлүүлэх арга замаа бодох болохоос худлаа эх орондоо хайртай гээд тэнэглээд хэвтээд байх юм бол наадах чинь хэдэн зуун жилээр тэгж л хэвтсэн хөрөнгө. Үүнийг хаагаад байна.

Гарц юу байна?

-Манайхан муу улс төр хийж байна. Дарга нар нь муу улс төрийг оройлон удирдаж байна. Ингэхгүй бол болохгүй гэдэг зүйлийг хэлэхгүй байгаа. Ард түмний тархи угааж байгаад болж өгвөл ирэх сонгуулиар дахин Их хурлын гишүүн болчих санаатай нөхдүүд энүүгээр давхиад байна. Энэ Их хурал дээр арвантавдугаар зууны баруун Европын гудамжны циркийн үзүүлбэр л явагдаж байна шүү дээ. Нэг их эх орноо ярьдаг хүмүүс ойрын хэдэн жилд ард түмнээ яаж авч явахаа бас ярьдаг байх ёстой. Энэ нөхдүүд мань мэтээс ухаантай байж болно. Ухаантай юмаа гаргаж ирээд төрийн бодлогын хэмжээнд асуудлаа боловсруулан оруулж ирээд батлуулах ёстой юм. Их хурлын гишүүн гэдэг чинь бодлого боловсруулж, ард түмнийхээ төлөө шийдвэр гаргуулж, түүнийгээ хэрэгжүүлдэг хүн болохоос хоосон улс төржиж, жүжиг тавьдаг циркчин биш. Энэ Их хурал дээр ийм л зүйл болоод байна. Ийм юм хийсээр байгаад энэ улсыг хүндрүүлчихлээ. Би 10 гаруй жил Засгийн газарт байсан хүн. Миний ажиллаж байсан Засгийн газар ингэж савж байсангүй. 2008 онд Засгийн газар байгуулагдсаны дараа АНУ-ын моргейжийн хямралыг дагасан жижиг хөдөлгөөн болсон. Тэр үед хоёр гуравхан шийдвэр гаргаад давж болж байлаа. Үүний үр дүн нь 2012 онд 17.8 хувийн эдийн засгийн өсөлт байсан юм. Монголбанкны валютын нөөц дөрвөн тэрбум орчим ам.доллар байсан. Хоёр гуравхан жилийн дотор гаднаас асар их хэмжээний бондын зээл оруулж ирчихээд байхад долларын савлагаа үүсгээд Монголбанкны нөөц дундарчихлаа.

Эцсийн дүндээ удирдах чадваргүй явдал улс орныг ийм байдалд хүргэж байгаа юм. Улс орны байдлыг ойлгодоггүй хүмүүс харанхуй муушиг тоглож байгаа юм шиг улсаараа тоглож байна. Надад ч гэсэн харамсалтай л санагдаад байгаа.

Сүүлийн үед Их хурал, байнгын хороон дээр та нэлээд ширүүхэн үг хэлж байгаа харагдах боллоо…

-20 гаруй жилийн хугацаанд ард түмэн нь төртэйгээ зүтгэж байж босгосон зүйлийг хоёрхон жилийн дотор унагаад хаячихлаа. Үүнийг дахин босгохын тулд наад тал нь 10 жил хэрэгтэй. Ийм юм болоод байгаа болохоор би Их хурал дээр хүнд хэлбэрийн зүйл яриад байгаа юм. Наадах чинь болохгүй ээ гээд байхад болно гэж зүтгэсээр байгаад бүх юмыг нурааж байна. Хуулийн салбарыг хоёр жил яаж нураав. Эргээд хар даа. Гаргасан бүх хууль нь Үндсэн хууль зөрчсөн гээд Цэцийн дүгнэлт гарч байна. Үүнийг дагасан ямар их хөрөнгө зарж байна гэж бодож байна. Одоо Дэлхийн банкны гүйцэтгэх захирал ирсэн гэсэн. Яриа хэлцэл нь дуусаг. Ер нь бол тэр хөтөлбөрт нь орохоос өөр аргагүй байдалд хүрнэ дээ.

-2008 онд “Стэнд бай” хөтөлбөрт ороход яг юу болж байсан юм бэ. Яг ямар шийдвэр гарсан юм?

-2008 онд “Стэнд бай” хөтөлбөрт ороогүй юм. Төсвийн зарлагыг өсгөхгүй байх шийдвэрийг гаргасан. Хадгаламжинд улсын баталгаа гаргаж байлаа. 2008 онд нэг ам.доллар 1120 төгрөгтэй тэнцэж байхад тэр савлагаа дууссаны дараа 2010 онд 1380 төгрөг болсон. Тэр 1380 төгрөг хадгалагдаж байгаад Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд 2013 оны долдугаар сараас долларын ханшийг нисгэсэн байх аа. Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр гэдэг тэнэг юмных нь ид шид долларын ханшийн өсөлт болж хувирсан. Би тэр үед “Та нар ийм юм хийж болохгүй. Монголбанк Засгийн газрын халаасанд орчихлоо” гэж зөндөө хэлсэн. Ингэж л ам.долларын ханш 700 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ чинь нэг айл өдөрт гурван талх иддэг байсан бол нэг талх нь замаасаа алга болчихож байгаа юм. Бүх аж ахуй нэгж долларын ханшид дарагдан унаж байна. Одоо давхар хүндрэлүүд гарч ирнэ. Барилгын салбарын дутуу баригдсан барилгуудад хөрөнгө оруулалт хийгдэхгүй тул гинжин урвал нь тэнд ажиллаж байсан хүмүүс ажилгүй болно, баригдаж байсан барилгынх нь чанарт асуудал үүсч эхэлнэ. Улсыг удирдаж чадахгүй байгаа байдал нь үүнд нөлөөлсөн.

Өнөөгийн нөхцөлд АН, МАН хоёулаа л засагт хамтарч байна. Хамтраад ч нэмэр алга уу?

-Хамтраад нэмэртэй юм болов уу. Анхнаасаа л ойлгомжтой байсан. Наана чинь эдийн засгаас гадна улс төрийн асуудал байсан юм. Сонгуульд олон санал авсан нам тэр дөрвөн жилдээ хариуцлагаа хүлээх л ёстой. Тэртэй тэргүй эдийн засгийн байдлыг ингэж хүндрүүлчихсэн юм чинь Ардын нам засагт оронгуут ид шидийн сайд нар гарч ирэхгүй. Харин улс төрийн тэмцэл нь жаахан намжиж түүнийг дагасан уналтын хурд бага зэрэг саарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ чинь ид шид дагуулахгүй. Монгол Улсын Засгийн бүрэлдэхүүний 50 хувь нь Ч.Сайханбилэгийн нуруун дээр байдаг юм. Ерөнхий сайд хэн байхаас асар их зүйл шалтгаална. Мөн биз.

Ерөнхий сайд огцрохоос Засгийн газар огцордгийн цаад талын агуулга нь тэр. Ямар ч тохиолдолд Ерөнхий сайд шийдвэр гаргана. Ардчилсан намынхан нь Ерөнхий сайдыгаа дэмжиж байгаа зүйл харагдахгүй л байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болчихоод эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний төслөө танилцуулсан. Түүнийх нь заримыг ажил хэрэг болгох ёстой гэж жишээ нь би үзэж байлаа. Гэтэл нэг хэсэг саналыг нь АН-ынхан нь унагаад нэг хэсэг саналыг нь Ардын намынхан, өөр нэг хэсгийг нь “Шударга ёс” эвслийнхэн унагаад явчихсан. Энэ чинь цаанаа Их хурал өөртөө хариуцлагыг авч байнаа гэсэн үг. Их хуралтай өөртэй нь хариуцлага ярих асуудал бий.

Их хурал Тавантолгойн асуудлаа шийдэж чадах болов уу?

-Чадах шинж алга. Үнэндээ Их хурал цаг нь болоогүй байхад сонгуулийн цикл рүү орчихлоо. Одоо эх орон яриад байгаа наад хүмүүст юун улс орны хөгжил, хамаагүй. Дараагийн сонгуульд гарах юмаа л хийж байгаа болохоос өөр юм байхгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ улс-төр

Газар барьцаалж зээл олгох эрх зүйг хөнгөвчилнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж хуульчилсан бөгөөд иргэний энэхүү эрхийг хэрэгжүүлэх зорилгоор 2002 онд УИХ-аас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталж, улмаар иргэд газар өмчлөх боломж бүрдсэн байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд “Иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй байх”-аар заасан аж.

2012 онд батлагдсан Агаарын тухай хуульд “Гэр хорооллын өрхийн газрыг барьцаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар уул уурхайн баялгаас бий болох хөрөнгөөс урт хугацаатай, бага хүүтэй зээлийг олгож үл хөдлөх эд хөрөнгө, барилга, орон сууц барих бололцоо, нөхцөл бүрдүүлэх” нь агаарын бохирдлыг бууруулахаар тодорхой үе шаттайгаар авах арга хэмжээний нэг болж тусгагдсан байна.

Иргэний хууль, 2010 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийн дагуу газар барьцаалах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон хэдий ч гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байгаа аж. Иймд газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалтыг бий болгох, мөн үл маргах журмаар үүргийг гүйцэтгэлийг хангахаар гэрээгээр тохиролцсон тохиолдолд шүүх хурдавчилсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг бий болгох шаардлагатай юм байна.

Тиймээс хуульд тусгайлан заасан, талууд гэрээндээ барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулахаар харилцан тохиролцсон бол шүүх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан захирамж гаргасны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах одоогийн зохицуулалтыг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд газар барьцаалсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулж болох. Мөн нотариатын мэдэгдэх хуудсыг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан бол барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдах зохицуулалтыг шинээр нэмж тусгажээ.

Нотариатын тухай хуульд нотариатч төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эд хөрөнгийг гаргуулахаар талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээг гэрчлэхдээ мэдэгдэх хуудас үйлдэхээр заасан байна. Энэ зохицуулалт дээр талууд үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар барьцааны зүйлээс гаргуулахаар тохиролцсон бол мөн мэдэгдэх хуудас үйлдэхээр нэмж тусгажээ.

Уг хууль батлагдсанаар иргэд газраа барьцаалж зээл авах боломж бүрдэж, тэр хэрээр гэр хорооллыг хаус хороолол болгох боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийг 100 хувь дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм. Ингэхдээ дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилсон юм.

Мөн хуралдаанаар Шүүх, хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим бүртгэл бүрдүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 93.3 хувийн саналаар дэмжлээ.

Хууль зүйн сайдын тайлбараар хууль сахиулах байгууллагууд нь өөр, өөрсдийн програмтай, мэдээллээ солилцох болоход нэвтэрч болдоггүй аж. Тиймээс нэг мэдээллийн систем, нэг зарчимтай болгох нь хууль сахиулах байгууллагынхны хамтын ажиллагаа сайжирна. Олон нийтэд мэдээллийг ил тод болгох зарчим мөн хэрэгжинэ гэж үзэж байна.