Categories
мэдээ улс-төр

АН-д хариуцлагын шинэчлэл хийхээ мэдэгдэв

Ардчилсан намд дүрмийн, хариуцлагын, боловсон хүчний шинэчлэл хийхийг уриалсан “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” шинээр байгуулагдсан байна. Тус хөдөлгөөнийхөн өнөөдөр анхдугаар зөвлөгөөнөө хийж буй юм.

Анхдугаар зөвлөгөөнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн Ардчилсан намын хорооны болон ҮЗХ-ны гишүүд, дэмжигчид оролцож, нийгэм, эдийн засаг, улстөрийн талаар илтгэл тавьж хэлэлцэж байна.

Бид төрийн түшээ биш түгжээ болсон улстөрчдөөс салах цаг болсон. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь бие биенээ үгүйсгэсэн мэдэгдлийг ээлж дараалан хийх боллоо. Монгол төрийн хар хайрцагны бодлого, тогтвортой байдал, залгамж чанар алдагдаж шинээр томилогдсон сайдууд өмнө сайдынхаа хийснийг үгүйсгэх байдал газар авлаа. АН-д хариуцлагын шинэчлэл зоригтой хийцгээе. Бидэнд үндсэн дүрмийн шинэчлэл, нээлттэй, ил тод байдал, тэгш боломж, хүний нөөцийн шинэчлэл хэрэгтэй байна гэж тэд мэдэгдлээ. Зөвлөгөөнөөс Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчдэд хандан уриалга гаргаж, намын удирдлагууддаа шаардлага хүргүүлэх аж.

Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч Р. Шинэгэрэлээс дараах асуултад хариулт авлаа.

-Намын нийт гишүүдэд хандан уриалга гаргана. Мөн хөдөлгөөн байгуулсны зорилго юу вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ардчилсан намд олон жил бугшсан асуудлуудыг задлах, бодлогын болон дүрмийн тодорхой шинэчлэл хийх цаг болсон. Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаж, улс төрийн соёлоор бусаддаа үлгэрлэдэг, улс орноо тогтвортой хөгжлөөр манлайлж чадахуйц улстөрийн институт болж шинэчлэгдэхийг өнөөгийн нийгэм биднээс шаардаж байгаа. Тийм учраас Үндэсний зөвлөлдөх хорооны хурал, намын их хурлаа зарлаж, намын үндсэн дүрмээ яаралтай шинэчлэе. Хүний нөөцийн бодлого, намын санхүүжилтээ ил тод, нээлттэй, болгоё. Популизмыг биш судалгаатай, гарц шийдэлтэй, шинжлэх ухаанч, бүтээлч санаачлагуудыг дэмжиж, бодлогын шинэчлэл хийе. Бид Ардчилсан намыг улстөрийн мэргэшсэн институт болгон хөгжүүлэхийн тулд үндсэн дүрэмд эрс шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэн бодлогын асуудлуудаар эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна.

-Ардчилсан намд бодлогын шинэчлэл үгүйлэгдэж байгаа гэдгийг та хэлсэн. Үүний тулд ҮЗХ-оо, Их хурлыг хуралдуулахыг хүсэж байна. Хэдэн сард Их хурал зарлахыг шаардаж байна вэ?

– Намынхаа удирдлагуудад Ардчилсан нам ээлжит бус их хурлыг ирэх зургадугаар сард зарлан хуралдуулаач гэсэн шаардлага хүргүүлнэ. Өнөөдөр Ардчилсан нам олон фракцад хуваагдсан. Байгуулсан Засгийн газраа өөрсдөө огцруулсан, 1996 оных шиг түүх давтагдсан гээд яривал их зүйл бий. Энэ нь улс орны эдийн засаг, нийгмийн бодлогын тасралтгүй залгамж халаанд асууудал үүсгэж байна. Ийм учраас Ардчилсан намын залуучууд үзэл бодлоороо нэгдэн энэ хөдөлгөөнийг байгуулсан.

-Хөдөлгөөнд хэнчээн залуус нэгдсэн бэ?

-Хөдөлгөөний идэвхитэй үйл ажиллагаанд 45 гишүүн оролцож байгаа, үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж 109 залуу нэрээ ирүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталлаа

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган дэмжихээр тогтлоо.

Газар тариалан, мал аж ахуйн салбарын өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулан эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тариалан, бэлчээрийн мал ахуйн зөрчлийг багасгах зорилгоор одоо хүчин хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тариалангийн тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага байгаа юм.

Хуулийн төсөл батлагдсанаар

Газар тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангаснаар хөдөөд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэхээс гадна үйлдвэрийг түүхий эдээр хангана.

Хөрсийг хамгаалах, үржил шимийг нь сайжруулах, техник технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ургацын хэмжээг нэмэгдүүлж, улмаар бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх боломж бүрдэнэ.

Газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоож, тус бүс нутагт үйл ажиллагаа явуулах, дэглэмийг тодорхой болгон эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой хөгжинө.

Хүн амын хүнсний хангамжийг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах баталгаа бий болно.

Тариалан, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэл, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг эерэг үр дагавар гарна гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Зайрмагтайн талд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хүсэлт гаргаж, холбогдох хуулийн шаардлага хангасан “Тавантолгой транс” ХХК-д үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэлээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд нь хяналт тавих, дүгнэлт гаргаж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Энэ төсөл хэрэгжсэнээр Тавантолгой ордын түүхий эд, нөөц боломжид тулгуурласан зах зээлд өрсөлдөх чадвартай, дэвшилтэд технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Засгийн газраас Дархан-Уул, Орхон аймаг болон Завханы Тэлмэн сум, нийслэлийн Багануур дүүрэгт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олгосон. Одоогийн байдлаар Дархан, Эрдэнэтийн үйлдвэрлэл технологийн парк үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, бусад хоёр нь бэлтгэл ханган ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явуулна

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг энэ оны ес, аравдугаар сард зохион байгуулна. Үүгээр тухайн байгууллагын үйл ажиллагааны түвшинг тогтоож, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж иржээ. Мөн албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар төрийн байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг байна.

Албан хэрэг хөтлөлт, архивын ажилд 1970 оноос эхлэн улсын үзлэг явуулж байхаар шийдвэрлэсний дагуу 1984, 1990 онд үүнээс хойш таван жилд тутамд улсын үзлэг явуулсан байна.

2010 оны улсын үзлэгээс хойш архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж байсан аргазүйн хэд хэдэн баримт бичгүүд, стандарт шинэчлэгдэж, үйл ажиллагаанд нь мэдээллийн технологийг нэвтрүүлж, цахим архив үүсгэх ажил хийгдэж байна. Мөн 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа төрийн байгууллагуудын бүтэц, тогтолцоо өөрчлөгдсөн. Эдгээртэй холбоотойгоор төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлт, архивын ажлыг улам сайжруулах, байгууллага, иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, албан хэрэг хөтлөлт, архивын ажлыг олон улсын төвшинд хүргэх зорилттой ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хүн амыг орон сууцаар хангах, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны зээлийн тогтолцоог хөгжүүлэх нь аливаа улс орны онцгой ач холбогдолтой зорилт байдаг. Манай улсын хувьд эдийн засаг дахь санхүүгийн эх үүсвэр дутагдалтай, эрэлт нийлүүлэлтийн харьцаа алдагдсан зэрэг нь орон сууцны зээлийн тогтолцоог хөгжүүлэхэд бэрхшээл учруулж байгаа юм.

Хөгжингүй орнууд эдгээр бэрхшээлийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хэмээх санхүүгийн хэрэгслийг нэвтрүүлснээр шийджээ.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь банк санхүүгийн байгууллагаас олгосон зээл, лизинг, зээлийн картын авлага зэрэг мөнгөн хөрөнгийн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой шаардах эрхээр баталгааждаг бөгөөд зээлийн болон санхүүгийн бусад хэрэгслийн эргэн төлөлтийг хүлээхгүйгээр хөрөнгийн шинэ үүсвэрийг богино хугацаанд бүрдүүлж, улмаар шинээр олгох зээлийн хүүг бууруулж хүн амыг орон сууцаар хангах, барилгын салбарыг дэмжих бодлогыг хэрэгжүүлдгээрээ нийгэм, эдийн засгийн салбарт ач холбогдолтой байдаг. Хуулиар энэ харилцааг зохицуулахаар тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон хоёр хүүхдийг хайж байна

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 2 автомашин, 2 завь, орон нутгийн 65 иргэн, 18 автомашин, нийт 80 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт хөгжлийн төвөөс хамтран Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн 17 сумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсоны зэрэгцээ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн зохицуулагч, “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын орон нутгийн төлөөллүүд оролцлоо.
Зөвлөгөөнийг нээж Сэлэнэг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат үг хэлэхдээ “Аймгийн хэмжээнд 2015 оны дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 10-ны хооронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сарын аяныг зохион байгуулж, бүх сумдын Засаг дарга, удирдлагууд, ТББ-уудын төлөөлөлтэй уулзаж, аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авах арга хэмжээ, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлж, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн хүрээнд болон амьдрах нөхцлийг дээшлүүлэхэд тусламж үзүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Ингэснээр ойрны хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлынхаа бодлого, чиглэлтэй болж, үүнийг аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөнд танилцуулж байна. Ахмадуудын Буман нарс сувилал байгуулж жилдээ 500 гаруй ахмадууд үлээн авч сувилж байна. Гэрийн нөхцөлд асаргаанд байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр сум багийн эмч сувилагч нар өрх гэрээр үзлэг хийж, хөдөлгөөн засал зааж, зөвлөгөө өгч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдттэй эцэг эхчүүдийг сургалтад хамруулж, бүлэг зохион байгуулснаар хүүхэд харах үйлчилгээг бий болгосон” гэв.
Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгийн газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Батсайхан дэлгэрэнгүй илтгэл тавьж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж байгаа зүйлсийнхээ талаар танилцууллаа. Тэрээр илтгэлдээ Италийн АИФО олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрт Сэлэнгэ аймаг хамрагдсанаар ихээхэн ололт амжилт гаргасныг дурдаад, тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгодог жижиг үйлдвэрлэлийн зээлийн эргэлтийн санд анх 70 гаруй иргэнийг хамруулж 7 сая төгрөгийн зээл олгож байсан бол одоо 10 гаруй сая төгрөг болж өссөн. Малын эргэлтийн санг гурван суманд 300 толгой хоньтэй эхэлж байсан бол одоо 1000 толгой болж өсөөд байна гэв.
Зөвлөгөөнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэршээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Италийн АИФО олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Д.Тулгамаа, тус байгууллагын Ерөнхий менежер Л.Энхбуянт, Сэргээн засалт хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, ХБИНХ-ны тэргүүн, Паралимпийн аварга Д.Баатаржав нарын зочид оролцож, үг хэлж баяр хүргэлээ.
Зөвлөгөөнөөс аймгийн удирдлага, төроийн болон төрийн бус байгууллага, иргэдэд хандсан уриалгыг батлан гаргалаа.
Зөвлөгөөний үеэр аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Паралимпийн тэмцээнийг хонхот бөмбөг,зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг шидэлт, жүдо бөх, волебол зэрэг 6 төрлөөр зохион байгуулж, 17 сумын 56 баг, нийтдээ 100 гаруй тамирчин авхаалж самбаа, хүч тамираа сорьлоо.
Түүнчлэн зөвлөгөөний үеэр аймгийн Халамжийн төв, Сэргээн засалт хөгжлийн төв хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг хийж, протез , ортопедийн хэрэгслийг газар дээр нь тааруулж, захиалга авч үйлчилжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурал Монголд болно

“АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал 2015 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Гадаад хэргийн Яаман дээр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар хэвлэлийн бага хурал хийлээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IX чуулганы үеэр Ази-Европын удирдагчид “Бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад шинэ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцож, судалгаа шинжилгээний замаар эрчим хүчний хүртээмж, эрчим хүчний шинэ төрлийг дэмжих, эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг сайжруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад өртөг багатай, байгаль орчинд ээлтэй техник, технолог ашиглахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, шинэ болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техник, технологийг сайжруулан ашиглахад Засгийн газар, хувийн хэвшил, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын оролцооны ач холбогдолыг тодотгосон” юм.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2013 оны арваннэгдүгээр сард болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын XI уулзалтын үеэр энэ асуудлыг дахин хэлэлцсэн билээ.
АСЕМ-ын гишүүдын баталсан хамтын ажиллагааны санаачлагуудад Сэргээгдэх эрчим хүч, түүний бодлого, стратеги, сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, санхүүжүүлэх, технологийн шинэчлэлүүд орсон.

Бельги Улсын Брюссэль хотноо 2014 оны дөрөвдүгээр сард болсон Ази-Европын орнуудын Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Монгол Улсыг төлөөлөн оролцсон Ахлах албан тушаалтан Сэргээгдэх эрчим хүчний хурал олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал тавьсан юм. Үүний дагуу 2015 оны тавдугаар сарын 22-23 өдрүүдэд “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” хурал Улаанбаатар хотноо болох гэж байна.

Хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны нийм 100 орчим албан ёсны төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэд оролцоно.
Энэ хурлын зорилго нь гишүүн улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн, албан тушаалтнууд мэдлэг, туршлагаа харилцан солилцож, Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар хэлэлцэж, судалгаа шинжилгээний шинэ орчинг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Энэ хүрээнд:
• Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль эрх зүйн болон зохицуулалтын орчныг сайжруулах үүднээс Засгийн газар, холбогдох оролцогч талууд болон олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх;
• Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх; Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох;
• Хөгжиж буй улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэхэд тулгарсан асуудал, бэрхшээлүүд болон боломжуудыг хянаж шинжлэх; үндэсний, дэд бүс нутгийн, бүс нутгийн түвшинд бодлого боловсруулах, стратегийн зохицуулалтыг дэмжих зөвлөмжийн талаар тус тус хэлэлцэх юм.

“АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурлыг
Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Шинээр байгуулагдсан гал унтраах, аврах ангийн зардлыг шийдвэрлэлээ

Өмнөговь аймгийн Цогтцэций, Хөвсгөлийн Тариалан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын Баян-Уул, Завханы Тэс суманд шинээр гал унтраах, аврах анги байгуулсантай холбоотойгоор шаардагдах зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэлээ. 2016 оноос эхлэн холбогдох зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгалаа.

Гал унтраах анги, хэсэг, аврах нэгжид тавих шаардлага, улсын стандартаар 4000-аас дээш хүн ам тутамд нэг гал унтраах аврах анги байхаар заасан.

Тус стандартын шаардлага болон гамшиг, гал түймрийн давтамж, учруулж байгаа хохирол жил бүр нэмэгдэж, хүний амь нас, эрүүл мэнд хохирох, гэр, мал эд хөрөнгө өртөж байгаа зэргийг үндэслэн дээрх сумдад гал унтраах, аврах анги байгуулах зайлшгүй шаардлага байжээ.

Манай улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 21 аймаг, нийслэл хотод аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд гал унтраах, аврах 49 анги үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хилийн байгууллагуудын нэмэгдэл цалинг Засгийн газрын нөөцөөс гаргана

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсвийн орлогын нөхцөл байдлыг харгалзаж, 2015 онд Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтыг долоо хоногийн бүх өдөр мөн нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулахаар энэ оны нэгдүгээр сард шийдвэрлэсэн.

Хилийн дөрвөн байгууллага болох ИХШХЕГ, ХХЕГ, ГЕГ,МХЕГ нь орон тоогоо нэмэгдүүлэхгүйгээр одоо ажиллаж байгаа албан хаагчдаа Баянхошууны хилийн боомтод бямба, ням гариг, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулж байгаа ч эдгээр байгууллагын 2015 оны батлагдсан төсөвт албан хаагчдад олгох нэмэгдүүлсэн цалингийн төсөв тусгагдаагүй байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 2015 онд шаардагдах нэмэгдүүлсэн цалин хөлсний зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.