Categories
мэдээ цаг-үе

Иргэдээс санал авалгүйгээр орон сууцтай нь тулгаж барилга барихаар болжээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар байрны ард есөн давхар барилга барихаар иргэн Ж.Нямдаваа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас өнгөрсөн онд зөвшөөрөл авчээ. Харин газрыг нь таван жилийн хугацаатайгаар эзэмших эрхээ 2010 онд авсан юм байна. Өөрөөр хэлбэл энэ оны есдүгээр сард газар эзэмших эрх нь дуусгавар болох аж. Ийнхүү Ж.Нямдаваа “Агар арвижих” компанитай гэрээ байгуулан, өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр барилгын ажлаа эхлүүлэх гэтэл оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарчээ. Бид үүссэн нөхцөл байдлыг сурвалжлахаар газар дээр нь очсон юм.

Бидний нэрлэж заншса­наар XIII хорооллын дунд замын автобусны буудал болон 37 дугаар байр хоорондох газрыг төмөр хашаагаар хүрээлжээ. Тус хашаан дээр болон баруун урдхан талд нь байрлах хүүхдийн тоглоомын талбайд “Оршин суугчид хүүхдийн эрхийг зөрчиж барилга барихыг эсэргүүцэж байна” гэж тод бичжээ. 37 дугаар байр болон тус хатгасан хашаа хооронд нэг метр ч хүрэхгүй зайтай бөгөөд түүгээр нь ойр хавийн оршин суугч, сургуулийн сурагчид зогсоо зайгүй холхих аж.

Өмнө нь тус газарт найман нэрийн хүнсний дэлгүүрийг иргэн Ж.Нямдаваа ажиллуулдаг байсан бөгөөд 2010 онд тэнд 200 м.кв газрыг таван жилийн хугацаатайгаар эзэмших зөвшөөрлөө Нийслэлийн газрын албанаас авсан бол барилга эхлүүлэх зөвшөөрлөө 2014 оны есдүгээр сард Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулж авчээ. Харин дээрх зөвшөөрлийг 37, 36-гийн А болон 36-гийн Б зэрэг гурван байрны оршин суугчид хууль бус хэмээн үзэж, барилга бариулахгүйн төлөө тэмцсээр байгаа юм. Тэд тус барилгыг бариулахыг эсэргүүцэн, бүгд гарын үсгээ зурцгаажээ.

БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХДЭЭ ОРШИН СУУГЧДААС ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ АЖ

37 дугаар байрны оршин суугч Н.Чимэдбалжир “Манай байрны арын автобусны буудлын хүнсний дэлгүүр сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Саяхан түүнийгээ нураагаад, ойр хавийн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замтай нь хамт хашаалчихсан. Суурин дээр нь 10-ыг харьцах нь 13-ын хэмжээтэй есөн давхар оффис, үйлчилгээний барилга барихаар болж, барилгын зургаа хашаан дээрээ наачихсан байсан. Дөрөвдүгээр сарын 23-ны 21 цагийн үед манай байрны оршин суугчдын нэг нь газар ухаж, барилгын ажлаа эхлүүлэх гэж байгааг мэдээд, бусаддаа дуулгасан. Манай байрныхан тэр дороо цугларч, барилгын ажлыг нь эхлүүлэхгүйн төлөө тэмцсэн. Ингэсний хүчинд газар шорооны ажлыг нь эхлүүлээгүй. Шөнийн 00 цаг хүртэл тус газраас огт холдолгүй манасны хүчинд экскаваторыг нь буцаасан. Хашааг нь ч хумьж багасгуулсан. Хамгийн гол нь барилгын ажил эхлүүлэхдээ ойр хавийн оршин суугчдаас зөвшөөрөл авах ёстой гэсэн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамж бий. Гэтэл биднээс зөвшөөрөл авах нь бүү хэл мэдэгдээ ч үгүй.

Энэ газар доогуур дулаан, цэвэр усны шугам явж байгаа учраас доош нь гүн ухах бололцоогүй. Тэгээд ч манай байрнаас хэдхэн метрийн зайд маш гүн газар ухах учраас манай байр нурах эрсдэл маш өндөр. 36-ын А, Б болон 37 дугаар угсармал орон сууцны барилгуудыг 1995 онд барьсан. Оросууд барьж байгаад орхичихсон байсныг манай барилгын компаниуд үргэлжлүүлэн барьж дуусгасан. Зах зээлийн нийгэмд дөнгөж шилжээд, юм бүхэн хомс байхад барьсан учраас өрөөний зохион байгуулалт, бүтэц зэргийг багагүй өөрчилсөн. Байрны гадна талын зарим хавтан цуурч, өвөлдөө цан цохидог. Манай энэ хавийн газар Туул голын сав газарт хамаарагдах хайрган хөрстэй учраас тулгаад нүх ухахаар гулгалт үүсэх магадлалтай” гэсэн юм.

Тус байрны оршин суугч Оюун “Есөн давхар барилгыг стандартын дагуу бол хамгийн багадаа 800 м.кв талбайд барих ёстой. Гэтэл энэ газар чинь 200 м.кв хүрэхгүй талбай шүү дээ. Үүнийхээ 130 м.кв талбайд нь барилгаа барихаар цаана нь 70-хан м.кв талбай үлдэнэ. Иймхэн газарт ил зогсоол, гаднах тохижилт хийх үү. Энэ барилга чинь доороо гараашгүй гэж байгаа” хэмээн ихэд бухимдангуй хэлсэн юм. Бадамгарав “Манай байрны арын газарт барилга барих зөвшөөрөл болон эзэмших эрх нь хоёул ирэх есдүгээр сард дуусна.

Энэ хүртэл барилга огт бариулж болохгүй. Үүний төлөө гурван байрны 200-аад өрхийн 500 гаруй иргэд тууш­тай тэмцэнэ. Байрны ойр орчмын талбайд хууль бусаар барилга барьсаар бидэнд гишгэх ч газар үлдэхгүй нь. Байрны урд талын сагсны талбайд барилга барина гээд авсан. Гараашууд байсан газарт цэцэрлэг барина гээд хашаалчихсан. Гэхдээ цэцэрлэг биш орон сууц барих сурагтай байсан. Ингээд ганц үлдсэн талбайд орон сууцны барилга барих гэж байна. Үүнийг хэн ч байсан эсэргүүцнэ биз дээ” гэв.

ЕСӨН ДАВХАР БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРЛӨӨ НОМ ЖУРМЫНХ НЬ ДАГУУ АВСАН ГЭВ

Тус барилгын газар эзэмших гэрчилгээ нь зургадугаар хороо, хөрсний дүгнэлт нь 12 дугаар хороо, барилга барих болон эхлүүлэх зөвшөөрөл нь 18 дугаар хороо, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем 25 дугаар хороонд байршилтай гэх мэтээр бүх бичиг баримт нь зөрчилтэй гэдгийг оршин суугчид хэлж байсан юм. Харин энэ талаар тус газарт есөн давхар барилга барих зөвшөөрөл авсан Ж.Нямдаваагаас тодруулахад “Манай энэ хэсэг газар өмнө нь зургадугаар хорооны нутагт харьяалагддаг байсан юм билээ.

Тухайн үед нь буюу 2010 онд газар эзэмших гэрчилгээгээ гаргуулчихсан чинь зургадугаар хороогоор гарчихсан байсныг ном журмынх нь дагуу 18 болгож өөрчлүүлсэн. Хөрсний дүгнэлт нь угаас 18 дугаар хороогоороо байгаа. Харин архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схемийг гаргуулахдаа би өөрөө 25 дугаар хороо гээд андуураад биччихсэн байна лээ. Яагаад гэвэл XIII хорооллын дунд замаас урагш газар 25 дугаар хороонд харьяалагддаг учраас түүгээр нь биччихсэн хэрэг. Гэтэл 37 дугаар байр болон манай барилга барих талбай замынхаа урд байдаг мөртлөө дангаар 18 дугаар хороонд харьяалагддаг юм билээ. Үүнийгээ норм журмынх нь дагуу засуулчихна” гээд холбогдох бичиг баримтыг бидэнд харуулсан юм. Архитектур төлөвлөлтийн даалгавраас бусад зөвшөөрөл, дүгнэлтүүд дээр 18 дугаар хороо хэмээн бичигдсэн байлаа. Мөн тэрээр “Бүх зөвшөөрлийг нь ном журмынх нь дагуу авчихаад байтал оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгараад барилгын ажлаа эхлүүлж чадахгүй байна. Барилга бариулахыг эсэргүүцээд байгаа, бичиг баримт нь зөрчилтэй гээд байгаа оршин суугчдын нэг нь над дээр ирээд “Алив холбогдох зөвшөөрлийг чинь харъя” гээгүй мөртлөө бичиг баримтын зөрчилтэй гээд бусдад зарлаад, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад яваад байгааг ойлгохгүй байна.

Манайх тэр газарт 1999 оноос хүнсний жижиг мухлаг ажиллуулж байгаад түүнийгээ 2003 онд томсгоод өргөн нь 10 метр, урт нь 13 метрийн хэмжээтэй дэлгүүр бариад, саяхныг хүртэл тэр байрандаа үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Барилгын зөвшөөрлийг нь өнгөрсөн оны есдүгээр сард аваад барилгын ажлаа эхлүүлэх гэтэл аль хэдийн сэрүү орчихсон. Тийм учраас энэ хавар барилгын ажлаа эхлүүлэхээр болсон. Гэтэл биднийг энд барилгын ажлаа эхлүүлэхээр хашаагаа хатгахтай зэрэгцээд Баянгол дүүргийн арвандөрөвдүгээр хорооны 16 дугаар байрны асуудал үүссэн. Тэгтэл ойр хавийнх нь буюу 36-гийн А, 37 болон 36-гийн Б зэрэг байрны оршин суугчид 16 дугаар байр шиг хазайлт өгч, нурах нь гээд л оволзчихсон. Оршин суугчид мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын албаас авахуулаад дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд хүртэл манай барилгыг бариулахгүй байх арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлт, өргөдлөө өгсөн гэсэн. Энгийн иргэн ном журмынх нь дагуу барилга барих гэхээр оршин суугчид яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Мөнгөтэй чадалтай байсан бол зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй нь хамаагүй, хамгаалалтын алба хөлсөлж ирээд, залуусыг нь гинжилж зогсоож байгаад барилгын ажлаа эхлүүлэх байсан байх. Гэхдээ бид ном журмынх нь дагуу холбогдох бүх зөвшөөрлөө авсан учраас ингэх шаардлага байхгүй. Ингээд л барилгын ажлаа түр зогсоочихоод байна.

Тэглээ ч “Агар-арвижих” компани намайг оршин суугчидтай зөвшилцөлд хүрсний дараа барилгаа эхлүүлэхээр болоод өнөөдрийг хүртэл бараг сар шахуу хүлээчихлээ. Эдийн засгийн үүднээс авч үзвэл би болон тус компани алдагдал хүлээж л байгаа юм. Дээрээс нь би автобусны ардхан талын худалдааны төвд сард хоёр сая төгрөг төлөөд түрээсэлж байна. Дээрээс нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нэг жилийн хүчинтэй учраас ирэх есдүгээр сард дуусгавар болно. Тиймээс ингэж хугацаа алдах нь бидэнд маш хохиролтой” гэсэн юм.

М.УУГАНЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Бурхан багшийн гэгээрсэн бодь мод Гандантэгчинлэн хийдэд ургана

Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлахдаа Гандантэгчинлэн хийдэд зочилж, өөрийн улсаас авчирсан бодь модны тарьцыг бэлэглэсэн билээ. Хоёр орны найрсаг харилцааг бэлгэдэж бэлэглэсэн бурхны модны суулгацыг тордож байгаад шинээр барих дацандаа зална гэдгийг Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц хэлсэн. Бурхан багшийн гэгээрсэн бодь модны тухай тоймлон хүргэе.

Г.ПҮРЭВБАТ: АРИУН НОМЛОЛ ТҮГЭН ДЭЛГЭРЧ БАЙГАА БЭЛГЭ ДЭМБЭРЛИЙГ БОДОЖ АРИУН МОДОО БЭЛЭГЛЭСЭН

Бодь модны талаар бурханч лам Г.Пүрэвбат ингэж ярилаа.

Бурхан багшийн сүүдэрт нь сууж гэгээрсэн бодь мод Монголд ургахаар болжээ. Бурхан багшийн ариун мод гэж ярих болсон учрыг та ярьж өгөөч?

-Бурхан багш Энэтхэгийн “Ариун идээд” хааны хүү болж төрөөд үхэх, хөгшрөх, өвдөх орчлонгийн бүх зовлонг хүн бүр туулдаг гэдгийг мэдээд энэ бүгдийг ялан дийлэхийн тухайд гэрээсээ явж тойн болсон. Тойн болоод зургаан жил хоол ундгүй бясалгал хийж яс арьс болтлоо туржээ. Ингэхдээ хүний орчлонг ариусгах, үхлийг цэвэрлэж номын биеийг бүтээх, зуурдыг цэвэрлэж төгс жаргалангийн лагшинг бүтээх, энэ төрлийг хувилгаан дүрд хувилгах увидсыг эрхшээжээ. Тэндээсээ орчлонгийн зовлонг бүрэн эцэслэж гэгээрэлд хүрэхийн тухайд Бодь бурханд заларсан.

Энэтхэгийг Бодьгаяаг хэлж байна уу?

-Төвдөөр Очир суурь ч гэдэг. Сайн цагийн мянган бурхад тэнд сууж бурхан болдог. Очир мэт ариун бат бэх даяаныг бүтээсэн газар гэх үү дээ. Бурхан багш тэнд Бодь модны өмнө гүш өвс дэвсэн дээр нь бясалгаж суусан гэдэг. Тэр орой гурван мянган ертөнц, гурван орны догшин албингууд саад хийх гэж оролджээ. Бурхан багш тэр бүгдийн өнгийг асрал нигүүлсэхүйгээр дарж үүрээр нь төгс гэгээрэлд хүрсэн учиртай. Бурхан багш тэнд байж орчлонгийн бүх зовлонг эцэслэж, гэгээрлийн бүрэн утгыг олон, хүний хөгжлийн оргил болсон бурханд хүрч чадсан учраас бодь модыг ихэд бэлгэшээдэг. Модны мөчрийг энд тэнд ургуулж ерөөл тавьдаг. Үүний учир нь хүн биеийг олж төрчихөөд өнөө маргаашийн хоол, идэх уух, өмсөх зүүх, эрх тушаалын төлөө тэмцье гэвэл амьтнаас ялгаагүй болно. Амьтнаас ялгаагүй амьдрах өөрөө хэцүү. Хүн болсны утга учир нь муу сэтгэл болгоноо сайнд урвуулж, сэтгэлийн эрдмийг олж, аливаа амьтанд тус хүргэж чадахгүй гэхэд хор болохгүй амьдрах. Үүнийгбурхан багш өөрийн биеэр үзүүлж хүн бүрт бурханлаг чанар байгаа учраас бурхан болж чаддагийг үлгэрлэсэн. Тэнгэрийн чанар тунгалаг боловч үүл гарч булингартуулдаг, усны чанар тунгалаг боловч шороо босч булингартуулдаг, хүний сэтгэл бурханлаг боловч муу сэтгэлээр түйтгэрлэгддэг. Түүнийгээ ариусгаж, бурхан болж болдгийг бурхан багш үзүүлж, номлосон. Тиймээс бурхан багштай холбогдсон бүх зүйлийг бэлгэшээдэг. Очир суурь буюу Бодьгаяад очиж мөргөж, бодь модны навчийг нь гэр орондоо хадгалж, шүтдэг учиртай. Тэнд бурхан багшийг амьд сэрүүнд нь харсан эмгэн хүүхдүүдээрээ бурхан багшийн дүрийг сийлүүлжээ. Махабодь буюу зандан модоор хийсэн бурхан багшийн дүрд ч сүсэгтэн олон мөргөж залбирч ирсэн. Аливаа сайн зүйлтэй барилдсан бүхэн сайхан бэлгэ дэмбэрэл шүү дээ.

Бодь модыг энэтхэгчүүд шүтдэг. Ямар түвшний харилцаатай хүмүүстээ энэ модоо бэлэглэдэг юм бол?

-Монголд бурхны шашин 2000 жилийн өмнөөс орж ирсэн гэж яригддаг. Ийм урт хугацаанд түүх, соёлын харилцаатай гэдгээрээ сэтгэл санаа, оюунлаг байдлаараа холбоотой гэж үздэг. Энэ холбоогоо цаашид урт хугацаанд хадгалж, ариун номлол түгэн дэлгэрч байгаа бэлгэ дэмбэрлийг бодож ариун модоо бэлэглэсэн биз ээ.

Халуун оронд ургадаг мод. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар тэсэх болов уу?

-Буриадад бодь мод бий шүү дээ. Манайд ч хүлэмж босгоод арчлаад тордвол ургана. Дарханы нэг залуу бодь модны мөчир авчраад гэртээ ургуулсан юм билээ. Амилаад сүрхий ургачихсан харагдана лээ. Хүлэмж бариад цэцэрлэгчээр тордуулбал сайхан ургах байх аа.

Богд уулын нэг аманд бодь мод ургаж байсан гэдэг домог байдаг юм билээ?

-Манайхан өвөрмөц, сайхан модыг бэлгэшээдэг. Ар халхын зандан бол хайлаас гэх зэргээр зүйрлэдэг шүү дээ. Халуун оронд зандан нь ариун байдаг бол манай улсад хайлаас тэр модыг орлохуйц ховор, ариун гэж үздэг гэлээ.

БОДЬ МОД ТӨРИЙН ОРДОНД БИЙ

Бодь модыг монгол хэлний тольд ариун мод ч гэж нэрлэсэн байдаг. Уданборын төрөл мод. Хар өнгийн хальстай, өндгөн хэлбэрийн том навчтай, нарийн голтой мөнх ногоон мод билээ. Сэрүүн уур амьсгал, хүчтэй салхинд тэсвэргүй аж. Тиймээс Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн бэлэглэсэн суулгацыг дулаан өрөөнд тордож байгаа аж. Гандантэгчинлэн хийдийн ажилтны хэлснээр суулгацыг хамбын өрөөнд арчилж байгаа гэнэ. Ирэх жилээс суулгац томрохоор шинэ дацанд хүлэмжид тарих юм байна. Манайхаар нарс мод шиг өндөр ургадаг аж. Дулаан орны мод учраас 15 градусаас дээш дулаанд тэсвэртэй гэнэ. Буриадад 1950-иад оны үед бодь мод суулгасан нь одоо хайлаас модны дайтай өндөр ургасан гэх юм билээ.

Манай улсад энэ мод бий. Бүр Төрийн ордонд хоёр, гурав ч байгаа аж. Тодруулбал, Төрийн ордны Номын сангийн буланд цонхон тушаа ургаж байгаа.

Энэ талаар Төр зас­гийн үйлчилгээг эрх­лэх газрын Цэцгийн хүлэм­жийн агрономич Д.Байгалмаагаас тодруул­лаа.

Энэтхэгийн Ерөнхий сайд Гандантэгчинлэн хийдэд бодь мод бэлэг­лэлээ. Манайд ургах боломж хэр байгаа бол?

-Дулаан хүлэмжид ургадаг шүү дээ. Манай хүлэмжид арав гаруй бий. Хэдэн жилийн өмнө хүн арчлаад өгөөч гэж авчирч өгсөн юм. Тэр модыг манай цэцэгчин Э.Нямцэцэг арчилж, мөчрөөр нь үрслүүлж олон болгосон. Төрийн ордонд ч хэд, хэд бий.

Танай хүлэмжид хэр удаан ургаж байгаа вэ?

-Тав, зургаан жил ургаж байгаа. Хамгийн өндөр нь 1.5 метр болсон.

Арчилгаа хэр шаарддаг бол?

-Нар дагуулахгүй бол навчаа гөвчих гээд байдаг гэмтэй гэв.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

“Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих нь” үндсний чуулганд оролцогчдоос гаргасан зөвлөмж

Малчин өрхийн бага насны хүүхэд бүрийн хөгжлийг тэдний эцэг эх, асран хамгаалагчийн оролцоонд тулгуурлан дэмжих, ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаанд гэр бүлээс тусдаа амьдрахад сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх арга зүйн шинэчлэлийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, цаашдын бодлого, арга замыг тодорхойлох хэрэгцээ, шаардлагыг үндэс болгон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Японы Хүүхдийг Ивээх Сан хамтран “Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих нь” Үндэсний чуулганыг 2015 оны 5 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Сүхбаатар, Дорнод аймагт зохион байгууллаа.

Чуулганд оролцогчид Дэлхийн Банкны итгэлцлийн сан–Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж байгаа “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийнхүрээнд малчин өрхийн бага насны хүүхдийг эцэг эх, олон нийтийн оролцоонд тулгуурлан сургуульд амжилттай бэлтгэх, сургуулийн дотуур байр болон айлд амьдарч буй малчин өрхийн хүүхдүүдийн сурах хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 4 аймгийн 30 суманд амжилттай туршин хэрэгжүүлсэн шинэ аргачлал, тэргүүн туршлагатайтанилцлаа.

Энэхүү чуулганд оролцсон 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол, соёлын газрын дарга, мэргэжилтэн, сумын Засаг дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багш, эцэг эх, асран хамгаалагч, олон улсын байгууллагын төлөөлөгчид бид бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эх, гэр бүл, олон нийт, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагууд болонорон нутгийн удирдлага зэрэг бүх талын оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал болохыг тэмдэглэж, дараах ЗӨВЛӨМЖ-ийг гаргаж байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ:

•Бага насны хүүхдийг хөгжүүлэх, сургуульд бэлтгэхэд эцэг эхийн үүрэг, оролцоочухал ач холбогдолтойг анхаарч, энэ чиглэлээр эцэг эхэд зориулсан сургалтад хамрагдах, хүүхдээ хөгжүүлэх арга барилд суралцах;

•Хүүхдийнхээ хөгжилд зориулсан оюуны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоом, ном гарын авлага, хэрэглэгдэхүүнтэй болох;

•Хүүхэд хөгжүүлэх тоглоом, ном гарын авлага, хэрэглэгдэхүүнийг ашиглан хүүхэдтэйгээ хамтран хэрэглэж хэвших, хүүхэдтэйгээ ойр байж, тэдний хөгжлийг дэмжихэд бүх талаар анхаарах;

•Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нартай байнгын холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, дэмжлэг зөвлөмж авах, хамтран ажиллах;

СУМ, БАГИЙН ЗАСАГ ДАРГА, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ,

ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГА:

•Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон бүх шатны удирдах ажилтны үр дүнгийн гэрээнд “Бага насны хүүхдийн хөгжлийн асуудлаар тодорхой зорилт, үйл ажиллагаа, шаардагдах төсөв”-ийг тусган баталж, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох;

•Бага насны хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах зардлыг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж буй зарим орон нутгийн туршлагыг хэрэгжүүлэх боломжийг судлах, түгээн дэлгэрүүлэх, нөөц бололцоог дайчлах шинэ туршлагыг бий болгох;

•Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд бий болсон нөөц /ном, тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний багц/-ийг сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтад бүтээлчээр хэрэглэх санал санаачилгыг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх, манлайлах;

•Нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, талуудын үүрэг, оролцоо, хариуцлагыг тодорхойлж, салбар дундын хамтын ажиллагааны зохицуулалтыг хангах бүтцийг өөрийн орон нутагт бий болгох /сум, багийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, номын санч, эмч, нийгмийн ажилтан, бага ангийн багш, СӨБ-ын багш, дотуур байрын багш, Насан туршийн боловсролын нэгжийн багш, иргэд; Сум, орон нутагт байгаа насан туршийн боловсролын баг/;

•Бага насны хүүхдийн боловсролын тулгамдсан асуудлыг орон нутагт шийдвэрлэхэд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий олон нийтийн төлөөлөл бүхий орон тооны бус бүтэц бий болгох, хамтран ажиллах;

•Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах хүүхдийн судалгаанд үндэслэн малчин өрхийн байршлын зураглалыг хийж, тэдний бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах талаар сумын болон багийн Засаг дарга нартай хамтран төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР:

•Бага насны хүүхдийн хөгжлийн асуудлаар, нэн ялангуяа, малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах чиглэлээр аймгийн хэмжээнд тавих зорилт,хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шаардагдах төсвийг орон нутгийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах, энэ асуудлыг бүх шатны Засаг дарга, удирдах ажилтны үр дүнгийн гэрээнд тусгаж хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, үр дүнг тооцох, тайлагнах;

•Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих чиглэлээр бий болсон тэргүүн туршлага, санал санаачилгыг дэмжих, энэ чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагад уриалга хүргүүлэх, хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэгтэйгээр туршлагыг баримтжуулах, сурталчлах, түгээх;

•Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх /сургалтын багц хэрэглэгдэхүүн боловсруулах, түгээх/ зорилгоор орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө хуваарилан зарцуулж буй зарим аймаг, сумын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, энэ талаар олон нийтийг мэдээллээр хангах, хэрэгжүүлэх;

•Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх чиглэлээр амжилттай туршигдсан мэдлэг, туршлага, нөөцийг сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтад хэрэглэхэд мэргэжил, аргазүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

•Орон нутгийн удирдлага, насан туршийн боловсролын байгууллага, нэгж, цэцэрлэг, сургуулийн хамтын ажиллагааг уялдуулах;

•Бага насны хүүхдийг сургуульд бэлтгэх, сургуулийн орчинд дасгах чиглэлээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын нэгжийн багш, эцэг эх, асран хамгаалагч нарын чадавхийг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах;

•Бага насны хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоо, дэмжлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга зүйн зөвлөмж, материалыг бэлтгэж түгээх.

ҮНДЭСНИЙ ТҮВШИНД БСШУЯ, БУСАД:

•Сургууль, цэцэрлэгийн өөрийн удирдлагын байгууллагын чиг үүргийг өргөжүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;

•Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын санхүүжилтийг шийдвэрлэх эрх зүйн орчныг тодорхой болгох;

•Сургуулийн өмнөх болон бага боловсролын агуулгын залгамж холбоог хангах, шаардлагатай тохируулга хийх;

•СӨБ-ын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа сумаас алслагдсан малчин өрхийн 5 настай хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлэх; хэрэгжүүлэх;

•Бага насны хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр бий болсон сайн туршлага, бүтэц, аргазүйг түгээн дэлгэрүүлэх;

•Насан туршийн боловсролын байгууллага, нэгж, цэцэрлэг, сургуулийн хамтын ажиллагааг уялдуулах;

•Бага насны хүүхдийг хөгжүүлэх, сургуульд бэлтгэх чиглэлээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын багш, холбогдох бусад ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх;

•Төсөл, хөтөлбөрийн хүрээндамжилттай туршигдсан аргачлал, гарын авлага, сонсдог ном, цахим хичээл, баримтат кино, нэвтрүүлгийг яамны вебсайт дээр байрлуулах болон бусад арга замаар хүртээмжийг нэмэгдүүлэх, бусад сум, аймгуудад түгээн дэлгэрүүлэх;

•Мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлтийг үндэслэн, шаардлагатай зарим гарын авлагыг хэвлүүлж, сонирхсон эцэг эх, иргэд, боловсролын болон орон нутгийн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр худалдан авч хэрэглэх боломжийг бий болгох,

•Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих эцэг эхийн чадавхийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог сайжруулж, телевиз, сонин, радио, нийгмийн цахим сүлжээний байгууллага бүр өөрсдийн тогтмол нэвтрүүлэг, булантайболж, үйл ажиллагааг олон нийт, эцэг эхэд хүргэх.

Энэхүү зөвлөмжийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөц, санхүү, техникийн бүх талын дэмжлэг, туслалцааг бага насны хүүхэдтэй гэр бүлд хүргэх талаар санаачилгатай, идэвхтэй хамтран ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэд, олон нийтэд уриалж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ё.Отгонбаяр: Намууд хамтарсаар яваад сүүлдээ хэнтэй ч эвссэн сайн нэр зүүхээ больчихлоо шүү дээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

Эдийн засгийн хямралыг даван туулах ямар гарц байна гэж та харж байгаа вэ?

-Том төслүүдээ явуулах хэрэгтэй болов уу. Өнөөдөр эдийн засгийг хүнээр зүйрлэвэл биеэр ньцус гүйхээ больчихлоо. Тиймээс том төслүүдээ хөдөлгөж байж цусны эргэлтийг сайжруулахаас өөр арга байхгүй. Хоёрдугаарт зардлаа танах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. 2015 оны төсөв тодотгол хийхдээ нэлээд танасан. Гэхдээ хангалттай хэмжээнд байсангүй. Одоогоос арван жилийн өмнө Монгол Улсын төсөв 300 тэрбумаар тооцогддог байлаа. Гэтэл одоо долоон их наяд төгрөгөөр ярьдаг боллоо шүү дээ. Тэр үеийн төрийн үйлчилгээ одоо яаж өөрчлөгдсөн болоод зардал нь ингэж өсөөд байгаа юм. Тийм учраас төсвийг танах хэрэгтэй.

Төсвийн тодотгол хийх нь ээ?

-Ер нь зунаас төсвийн тодотгол орж ирэх байх.

Том төслүүдийг явуулъя гэхээр мөнгөгүй болчихсон гэдэг асуудал сөхөгдөөд байгаа…

-Мөнгөгүй ч гэсэн явуулъя гэвэл болно. Тухайлбал, Таван толгойн төслийг хэлэлцье гэж нэхээд байхад хэлэлцэхгүй байна шүү дээ. Засгийн газраас нь гэрээний төслөө өргөн барьчихсан. Ийм байхад УИХ бушуу авч хэлэлцээд буруу, зөвийг нь тогтоогоод засах юм байвал засаад явуулмаар байна. Гэтэл яасан нь мэдэгдэхгүй таг болчихлоо. Бид чинь сонгогчидтой хүмүүс. Тиймээс сонгогч олон түмэн биднээс Таван толгойгоо хурдан шийдэхийг шаардаад байна.

Ажлын хэсэг нь ямар үүрэгтэй юм бэ?

-УИХ-ын даргаас энэ тухайасуусан. УИХ-д өргөн барьсан асуудлыг хэлэлцэх эсэх дээр нь дүгнэлт хийдэг тохиолдол байдаг юм уу гэж. УИХ-ын дарга “Байдаг” гэж байна лээ. Тийм байлаа гэхэд хариуцлагагүй үйлдэл гэж бодож байна. Одоо тавдугаар сар талдаа орчихлоо. Зуны улирал эхэллээ. Монгол Улсын эдийн засаг зуны гурван сар амь ордог, мөнгө олдог эдийн засагтай орон. Гэтэл дулааны улиралдаа Таван толгойн асуудлыг шийдэж чадахгүй өнгөрөөвөл хэцүү л болно.

-“Рио Тинто”-гийнхон ирж байгаа. Оюу толгойн асуудал удахгүй шийдэгдэнэ гэж мэдэгдсэн байна лээ…

-Ерөнхий сайд мэдэгдэл хийгээд л маргааш нь үнэ цэнгүй болж хувираад байхаар яах юм бэ. Ийм олон удаагийн тохиолдол гарлаа шүү. Тийм учраас хэлж мэдэхгүй юм. Уг ньОюу толгойг хөдөлгөвөл дагаад хөрөнгө оруулалт орж ирэх л учиртай.

Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэж хэлсний дараа нийслэлийн татварын асуудал орж ирснийгяриад байна уу?

-Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ татвар нэмэхгүй гэж мэдэгдсэн. Бараг хэлж дуусаагүй байхад нь нийслэлийн татварын асуудлыг оруулаад ирсэн шүү дээ. Хямралтай үед аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудыг ядарчихсан байхад нь татвараар дарамталж болохгүй л дээ. Нийслэлийн татвар нэмж болно. Тэр нь ямар хэлбэрээр вэ гэхээр хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор байж болно. Жишээ нь Улаанбаатар хотод Монголын хүн амын бараг 50 хувь нь суурьшчихлаа. Үүнээс үүдэлтэй агаар, хөрсний бохирдол их байна. Тийм учраас хөдөөнөөс хотод ирж амьдрах хүсэлтэй хүмүүс байвал тохирсон хэмжээний татвараа төлөөд шилжиж болдог байхаар зохицуулбал дэмжинэ. Ингэхээс өөр аргагүй бодлого цаана нь яваа юм байна гэдгийг ойлгоно. Харамсалтай нь үйлчилгээний байгууллага, архи тамхины борлуулалтын орлогоос татвар авна гэдэг байдлаар оруулж ирсэн. Тэгээд ч чуулганы үеэр хэлэлцэхэд нийслэлийнхэн өөрсдөө энэ татварын үр дүнд хичнээн төгрөг төвлөрөхөө мэдэхгүй байсан шүү дээ. 48 тэрбум юм уу 480 тэрбум төгрөг орж ирэх юм уу гэдгээ мэдэхгүй бүхэл бүтэн арван оронгоор зөрсөн тоо яриад төөрөлдөөд байсан. Энэ нь хотын татвар цаанаа тооцоо судалгаагүй орж ирснийх нь илрэл.

Одоо татварын реформ хийх шаардлагатай гэж яриад байх. Энэ нь ямар хэлбэрээр байвал зүгээр юм бэ?

-Эдийн засгийн өсөлттэй үед татварын шинэчлэл хийж болно л доо. Гэхдээ өнөөдөр эдийн засаг уналтын цикль дээрээ байна. Тийм учраас энэ үед яаж амьд үлдэх гэдэг аргыг л хайх нь зөв байх. Түүнээс биш татвар нэмэх байдлаар шинэчлэл хийж болохгүй. Хэтдээ манайд татварын шинэчлэл хэрэгтэй. Үнэндээ манай татварын орчноос болоод Монголын аж ахуйн нэгжүүд томорч чаддаггүй юм болов уу гэж харагддаг.

Ер нь та Засгийн газрын үйл ажиллагааг яаж дүгнэж байгаа вэ?

-Шүүмжлэлтэй хандаж байгаа. Уг нь зардлаа таная гэдэг байдлаар ажлаа их зөв эхэлсэн. Гэтэл том төслүүдээ гацаачихлаа. Тэгэхээр ямар хэрэг байх билээ. Энэ том төслүүдийн ард Япон, Хятад, АНУ, Канад, Австрали гэх мэтээр манай том түнш орнууд байгаа. Энэ харилцаагаа бодсон ч шийдвэргүй байдалд ийм удаан байж болохгүй л дээ.

Ямар эрх ашиг, улс төр байгаа учраас гацчихлаа гэж та бодож байна вэ?

-Тэр тухай АН-ынхнаас асуух хэрэгтэй. Учраа олохгүй байгаа хүмүүс нь тэд.

АНУ-аас Монголд суугаа Элчин сайд эмэгтэйн хийсэн мэдэгдэл гадаад орчинд манай талаар сөрөг мэдээлэл болж цацагдлаа гэдэг шүүмжлэл байх шиг байна. Үүнээс болоод хөрөнгө оруулалт орж ирэх хөг өнгөрлөө ч гэх юм…

-Ерөнхий нөхцөл байдал сайжраад бизнес эргэлдээд эхэлбэл Монголд хөрөнгө оруулалт орж ирнэ ээ. Ер нь бид гадны хүнийг шүүмжлэхээсээ илүү өөрсдөөсөө алдаагаа хайх хэрэгтэй. Биний өөрсдийн биеэ авч яваа байдал тэр хүнийг ингэж хэлэхэд хүргэж байна. Тиймээс бид л хариуцлагагүй байна гэсэн үг. Үүнийгээ засах тухай л ярих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй байна гэдэг шүүмжлэл хүчтэй өрнөсөн учраас Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор шийддэг болгосон юм. Хуулийг ойр ойрхон өөрчлөхгүй, тогтвортой орчин бий болголоо гэдгээ гадаад ертөнцөд зарласан. Гэтэл Р.Гончигдорж гишүүн энэ асуудлаар Цэцэд хандаад унагаачихлаа. Одоо УИХ-ын танхимд 20 хүн сууж байгаад хуулийг өөрчилж болохоор болчихлоо. Энэ бүхэн нь биднийг улам найдваргүй хүмүүс гэдгийг батлан харуулаад байна л даа.

Одоо Ерөнхий сайдыг огцруулах талаар судалж байна гэжзарим гишүүд яриад эхэлж.Ийм асуудал ярих цаг мөн үү?

-Одоо тэгж ярих цаг нь биш болов уу. Ядаж хагас жил ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Чадахгүй бол чадахгүйг нь хэлбэл дээр байх. Харин одоо шахаж шаардаж байж энэ том төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг түргэвчлүүлэх нь илүү үр дүнтэй.

Засгийн газар солигдсоноос хойш эдийн засагт дээрдсэн үзүүлэлт гарсан уу гэдэг асуудлыг хөндөх хүмүүс ч байна…

-Яригдаад байгаа зүйлүүдээ урагшлуулах цаг хугацаа энэ Засгийн газарт байсан. АН,МАН хоёр эвсч Засгийн газар байгуулахад тохирсон зүйлүүд бий.

Том төслүүдээ урагшлуулна, Сонгуулийн хуулиа батална, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэх мэтээр ярьсан зүйлүүд байгаа. Гэвч урагшаа явахгүй байна. Дан ганц Засгийн газраас болоод энэ бүхэн хойшлоод байна гэвэл бас худлаа. УИХ-аас шалтгаалж байгаа зүйлүүд бий л байх. Гэхдээ одоо наадам хүртэл хурдацтай ажиллах шаардлага байна. Эцсийн дүнд энэ хоёр намаас хариуцлага нэхнэ шүү дээ.

Сонгуулийн хуулийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Сонгуулийг холи­мог системээр явуулна гэдэг зарчим дээрээ тохирчихсон. Танай нам мажоритар гээд байгаа нь дүр эсгэсэн шоу гэж ч ярих юм…

-Шоу гэхээсээ илүү сонгогчид биднээс шаардаад байна шүү дээ. Өнгөрсөн гуравдугаар сард тойргоороо явж, сонгогчидтой уулзлаа. Хүмүүс холимог систем буруу байна. Орон нутагт гэхэд 25 жил нэр дэвшээд сонгогдоогүй нөхөр намын жагсаалтаар дарга болчихлоо. Энэ бол олон түмний сонголт биш гэх мэтээр шүүмжилж байна. Гэхдээ Сонгуулийн хуулийн ажлын хэсэг дээр холмиог системийг орон нутгийн сонгуульд хэрэглэхгүй гэж тохирсон юм шиг байна лээ. УИХ-ын түвшинд ч энэ систем болохгүй гэдгийг хүмүүс хэлээд байна. Ер нь холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар олонхи сонгогдохгүй. Ихэвчлэн эвсэл байгуулах хэмжээнд сонгуулийн дүн гараад байгаа ажиглагддаг. Гэвч намууд эвсэл болж засгаа барих нь шүүмжлэл дагуулсаар байна. Намууд хоорондоо эвссээр яваад сүүлдээ хэн нь хэнтэйгээ ч эвссэн сайн нэр зүүхээ больчихлоо шүү дээ.

Танай нам Ард нийтийн санал асуулга явуулъя гээд байна. УИХ дэмжих юм болов уу?

-Хэдийгээр бид мажори­тарын төлөө байгаа ч парламентад 26-уулаа. Суудлынхаа тоогоор асуудал шийдэгдээд явчихаж магадгүй л юм. Ард нийтийн санал асуулгыг АН дэмжихгүй юм байна гэж ойлгосон.

Та Хүний эрхийн дэд хороог ахалж байгаа. Монголд хүний эрхийн нөхцөл байдал ямар байна гэж дүгнэж байна вэ?

-Хүний эрхийн дэд хорооны шугамаар урьдчилан хорих 461 дүгээр ангид шалгалт хийж, дүнг нь сонссон. 2013, 2014 оны хүний эрхийн илтгэл дээр сэтгэл зовмоор дүгнэлтүүд гарсан байсан. Манай улс 2014 оны арванхоёрдугаар сард эрүүдэн шүүхээс ангид байх олон улсын конвенцид нэгдэн орсон. Гэтэл эрүүдэн шүүхтэй холбоотой гомдлууд манайд байсаар байна. Хамгийн гол нь албан тушаалтнууд эрүүдэн шүүх нь гэмт хэргийн төрөлд орж байна гэдгээ мэдэхгүй үйл ажиллагаа явуулаад байна. Үүнийг хянадаг тогтолцоотой болох шаардлага манайд тулгараад байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг УИХ-д өргөн барьчихсан байгаа. Үүнийг хэлэлцэх үед алдаа дутагдлуудыг засч залруулах байх. Ер нь мөрдөн байцаах шатанд хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдлууд нэлээд ирдэг. Тиймээс одоо мөрдөн байцаалтыг камертай өрөөнд явуулах нөхцөлийг хуулийн өөрчлөлтүүдээр хийх асуудал яригдах байх.

АТГ улс төрийн зорилгоор ажиллаж байна. Хуучны НАХЯ боллоо гэдэг шүүмжлэлийг гишүүдийн зүгээс хэлдэг боллоо. Та юу гэж бодож байна…

-Гишүүдийн зүгээс хүний эрхийн дэд хороонд асуудал тавьсан. АТГ-ын эрх мэдэл буруугаар ашиглагдах тохиолдол гарч байна. Тиймээс хууль эрх зүйн орчинд нь асуудлыг авч үзье гэсэн. Ямар байдлаар хуульд нь өөрчлөлт оруулбал зохилтой юм, тэр саналаа боловсруулаад ир гэдэг хариу өгсөн. Түүнчлэн Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаад АТГ руу шилжүүлсэн нь алдаа болсон. Үүнээс болоод хүний эрх зөрчигдөх байдал их байна гэдгийг гишүүд хэлж байгаа. Энэ нь үнэн байж магадгүй. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, яамнаас нь санал авах нь зүйтэй гэж бодож байна.

Зохиомлоор хэрэг үүсгэж, хэлмэгдүүлэлт явуулж байна гэдэг шүүмжлэл ч их байна. Та санал нийлэх үү?

– Санал нийлнэ. Гэхдээ нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Хүний эрхийн дэд хороо хууль зүйн үүднээс асуудалд ханддаг. Манайх мөрдөн байцаах алба биш л дээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягиийн зөвлөх байсан Л.Гансүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийг нь хэлмэгдүүлсэн тухай ярьсан байна лээ. Магадгүй танай эхнэрт ч ийм маягаар хандсанюм биш байгаа…

-Тэр тухай яриад яах юм бэ. Хэргийг нь хэрэгсэхээ болиод жил хагас болчихлоо. Энэ тухай хэвлэлээр ярьж гэр бүлийнхээ хүний сэтгэлийг үймүүлмээргүй байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Тусгай гэрэл ашиглан усан дотор хүнсний ногоо ургуулж байна

“Баянбүрд ногоон төгөл” ХХК-ийнхан гидропон, лед гэрэл ашиглан гурван төрлийн салатны ногоон навч тарьж байгаа ажээ. Япон, Солонгос зэрэг Азийн өндөр хөгжилтэй улсад шинээр нэвтрээд байгаа уг технологийг ашиглан өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд анхны ургацаа авчээ. Гэрлээр хэрхэн ногоо ургуулж буйтай танилцахаар Партизаны сангийн аж ахуйн Цагаан чулуутын аман дахь тус компани дээр очив. Хоёр давхар сэндвичэн барилга дотор шинэ технологио суурилуулжээ. Байшингийн нэг давхрын хэсэг газрыг вакуумжуулан салатны навч тарьж байгаа юм байна. Тийш орохдоо хоёр хаалганы завсар зогсоод тусгай зориулалтын ариутгал хийлгээд дотогш нэвтрэх боломжтой ажээ. Хаалгануудын завсар гурван хүн багтах зайтай бөгөөд хүнгэнэсэн чимээ гарч хувцсан дээр наалдсан тоос шороог цэвэрлэв. Ариутгал хийсний дараа орох хаалга аяндаа нээгддэг ажээ. Ногоо ургаж байгаа газар дээд зэргийн ариун, цэвэр байх ёстой болохоор ийн ариутгадаг юм байна. Өрөөнд ямар ч нарны гэрэл тусахгүй байв. Гурав орчим метрийн өндөртэй тавиур дээр салатны навч ургаж байлаа. Салатны навч бүрийг жижигхэн саванд хийн эгнүүлэн өржээ. Дээрээс нь нарийхан цагаан гэрэл тусгасан байв. Тусгай зориулалтын сайжруулсан хөрс ашигладаг бөгөөд Солонгосоос захиалж авчирчээ. Одоогоор лоолоо, мульт бэйби, румён гэсэн гурван сортын салатны навч тарьж байгаа юм байна. “Баянбүрд ногоон төгөл” ХХК-ийнхан уг технологийг Солонгосоос оруулж иржээ. Монголд анх удаа оруулж ирж байгаа болохоор тэндхийн мэргэжилтнүүд хүрч ирж суурилуулаад, ажиллуулах зааврыг өгөөд буцсан гэнэ. Аливаа ургамал хөрс, ус, гэрэлтэй байж ургадаг. Харин нарны гэрэлгүй байсан ч тусгай гэрлээр орлуулан ногоо ургуулах аргыг япончууд олжээ. Салатны навчийг тарихдаа хамгийн эхлээд үрээ хөрсөнд хийдэг ажээ.Үрийг нь мульти бэйби гэх бөгөөд эрхий хуруун чинээ хэсэгхэн хөрсөнд гурав хоног таглаатай байлгахад соёолдог ажээ. Соёолсон хойно нь гэрэлд гаргаж 7-10 хоног байлгадаг байна. Энэ хугацаанд доошоо үндэс нь гараад ирдэг гэнэ. Нэгэнт үндэслэсэн бол хөрсөнд суулгаад 35-40 хоног байлгахад хурааж авахад бэлэн болдог юм байна. Ингээд нийт 45 хоногийн дараа ургацаа хурааж авдаг ажээ. Ургаж байх явцад гадны тоос шороо оруулж болдоггүй гэсэн. Эрүүл ахуйг дээд зэргээр хангаж байж нян бактеригүй, шинэхэн ногоо хурааж авдаг гэнэ. Салатны навчнуудаа тарьсан өдөр, өдрөөр нь ангилаад өрчихөж. Долоо хоногт хоёроос гурван удаа үрээ хөрсөнд хийдэг гэсэн. Тэгэхээр долоо хоногт хоёр удаа ургац хурааж авдаг ажээ. Нэг хураахдаа дунджаар 50-60 кг салатны навч хураадаг юм байна. Харин амтны хувьд тун шүүслэг. Хятадаас орж ирж байгаа салатны навчийг олон хоногоор хадгалсан байдаг болохоор шүүс гэхээр зүйл байдаггүй гэнэ. Бас навчных нь ногоон өнгийг удаан хадгалахын тулд химийн бордоо ашигладаг ажээ. Тиймээс чийгээ алдчихдаг юм байна. Харин шинээрээ байгаа салатны навч А болон С витаминаар баялаг тул дархлаа сэргээдэг. Бас төмөр фолийн хүчлийн агууламж өндөр болохоор хлостерин үүсэхээс хамгаална. Хоол хүнсэндээ тогтмол хэрэглэвэл цус багадалт, зүрх судасны өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. Мөн кальц ихтэй учраас ясны сийрэгжилтээс сэргийлдэг юм байна. Өтгөн хатдаг хүмүүс салатны навчийг дангаар нь идвэл тустай ажээ. Учир нь ислэгийн агууламж өндөр болохоор гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоолны шингэцэд эерэгээр нөлөөлдөг гэсэн.

Салатны навч арчилгаа харьцангуй багатай гэсэн. Үрээ соёолуулаад хөрсөнд суулгасан байхад аяндаа л ургачихдаг гэнэ. Гол нь өрөөний дулааныг тогтмол 22-26 хэмд барьж байх ёстой. Бас 65-70 хувийн чийгшилтэй байлгах учиртай. Орчныг нь бүрдүүлээд өгсөн байхад хүн хүчний хэрэгцээ ч бага. Тусгай хөрстэй, хуванцар саваа устай тавцан дээр эгнүүлэн тавьдаг болохоор усалгаа хийнэ гэсэн ойлголт байхгүй. Ус нь ердийн гүний худгийнх. Гадаа дулаахан байвал нарны гэрэлд, сэрүүхэн үед тасалгааны хэмд хэд хонуулж жаврыг нь арилгаж байгаад ашигладаг гэсэн. Хүлэмжинд тарьдаг бусад төрлийн нарийн ногоог бодвол энд хоёрхон хүн ажилладаг ажээ. Салатны навч тарьж байгаа нийт талбай 425 м2 болохоор хоёр хүн ажиллахад хангалттай байдаг гэнэ. Агрономич нь Ц.Цэцэгбал гэж эмэгтэй байв. Тэрээр ХААИС-ийн Жимс, ногооны агрономичийн ангийг төгсчээ.

Эднийх тарьсан салатны навчаа “Саруул” зах, “Меркури” худалдааны төв дээр борлуулдаг юм байна. Нэг кг-ийг нь дөрвөн мянган төгрөгөөр зах зээлд нийлүүлж байгаа. Бас “Кемпински” зочид буудал, хоёр гурван кофе шоп байнга худалдан авч салат, хоёрдугаар хоолондоо хэрэглэж буй гэнэ.

“Баянбүрд ногоон төгөл” ХХК 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Одоогоор 20 га талбайд арваад төрлийн мод, жимс тарьж байгаа юм байна. Бас хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, чинжүү зэрэг нарийн ногоо тарьж байгаа ажээ. Хүлэмжинд өргөст хэмх тарихад долоо хоногт хоёр тонн ургац хурааж авдаг гэсэн. Бас 300-400 кг улаан лооль хураадаг юм байна. Өнөө жилээс өвлийн хүлэмж барин жилийн дөрвөн улиралд нарийн ногоо тарихаар төлөвлөжээ. Тарьсан нарийн ногоогоо “Барс” зах дээр зардаг гэнэ. Өдгөө бөөрөлзгөнө, тошлой, интоор, үхрийн нүд, чацаргана зэрэг жимс тарьж байгаа ажээ. Үүнийхээ зэрэгцээ хайлаас, шар хуайс, шинэс, бургас, улиас зэрэг мод үржүүлэн суулгацыг нь зах зээл дээр борлуулж байгаа юм байна.

Биднийг очих үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийнхан ирчихсэн чацарганын мод суулгаж байлаа. Тэд амралтынхаа өдөр очиж өдрийн 10 мянган төгрөгөөр цалинжин ажилладаг юм байна. Сургуулийн хүүхдүүдийг ийн ажиллуулдаг болохоор өөрсдийн суулгацаараа хороо, сургуулийн эргэн тойронд ногоон байгууламж бий болгож өгдөг ажээ. Захирал нь Ч.Цэвээнхүү гэж эмэгтэй байв. Тэрээр өнгөрсөн жил “Чингэс бонд”-ын хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийн хүрээнд 400 сая төгрөг зээлж авчээ. Түүн дээрээ мөн л 400 гаруй сая төгрөг нэмэн гидропон, лед гэрлээр салатны навч тарих тоног төхөөрөмжийг оруулж ирсэн гэнэ.

Тус компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог “Ногоон ирээдүй” нэвтрүүлэгт оролцоод 2013 онд нарийн ногоо, жимсний төрөлд тэргүүн байр эзэлж байжээ. Харин өнгөрсөн жил мод үржүүлгийн төрөлд мөн тэргүүлсэн байна. Бас Уул уурхайн яамнаас зохион байгуулсан нөхөн сэргээлтийн ажилд идэвхтэй оролцож 800 мянган мод тарьж байжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад ажлын айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны тавдугаар сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, тавдугаар сарын 21-ны өдөр Токио хотноо болох “Азийн ирээдүй” форумд оролцож илтгэл тавихаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээг Японы Никкэй сонин жил бүр зохион байгуулдаг бөгөөд үүнд дэлхийн нөлөө бүхий улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд оролцсоор ирсэн юм.

Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон, Мьянмарын ардчилсан хөдөлгөөний тэргүүн Ан Сан Сү Чи зэрэг хүмүүс оролцож байжээ. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гол зочноор уригдан оролцож байгаа юм. Энэ удаагийн айлчлал нь Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, мөн хоёр талын болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход чухал ач холбогдолтой болно.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эрчим хүч хязгаарлах хуваарь

Өнөөдөр хийгдэх засварын үеэр эрчим хүч түр таслах хуваарийг хүргэж байна.

Сар өдөр

Дүүргийн нэр

Засвар хийх цаг

Засварт хамрагдах объектууд

19, 20, 22/V

Хан-Уул

11.00-18.00

14-р хороо Өлзийт хороо

20/V

Баянзүрх

11.00-11.30

4, 5, 22, 2-р хороо Цэргийн хотхон 3-8, Монелийн 1-15, Алтан-Өлгийн 1-20, 22, 29, Баруун Алтан-Өлгийн 21-32-р гудамж, Цэргийн хотхоны 1-8 айл болон тэдгээрийн ойр орчмоор

11.00-17.30

1, 2-р хороо Доржийн 16-р байр, ШУТИС-КТМС, Сэлэнгэ пресс, Хаан зайрмаг ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

11.30-12.00

2, 4-р хороо 36-38, 40-43, 51, 53, 59, 110-114, 200, 201-р байр, Траст трейд, Зүүн ази хөгжил ХХК-ууд, ЦЕГ-ын ЦСНТ, 124-р ЦА, 191-р цэцэрлэг, Их засаг их сургууль болон тэдгээрийн ойр орчмоор

12.00-12.30

1-р хороо 22-28, 57, 58, 64/2-р байр, 22-р цэцэрлэг, Мамбадацан хийд, РЦНК болон тэдгээрийн ойр орчмоор

12.30-13.00

1-р хороо Троллейбусны татах станц-12

13.00-13.30

1, 2-р хороо 13/1, 13/2, 13/5, 13/6, 13/7-р байр

13.30-14.00

2-р хороо Их Дарь эхийн 1, 2-р гудамж

Сүхбаатар

11.00-17.30

16 хороо Ойчдын 1Т-31, Ойн задгай, Бэлхийн 47-р гудамж, Бэлхийн шинэ буудал, Бэлхийн 17, 26, 30, 33, 34, 35-р гудамж, ШУТИС-ийн БОХ лаборатори, Ойн судалгаа хөгжлийн төв, Трийглобал Монголиа, Ватикан сүм, Болор ану, Алтай холдинг ХХК-ууд болон ойр орчимд

Баянгол

10.30-18.00

10, 9, 11, 22-р хороо Зүүннарангийн 10-13, 16, Горькийн 27, -р гудамж, Зүүн Ард Аюушийн 17, 25-р гудамж

11.00-18.00

19, 18-р хороо 4-р хороолол 15, 34, 35, 35Г, 46-49, 52, 81, 82-р байр, Монсүү, Номун эмнэлэг, 70-р сургууль, Гурван билэг ХХК орчмоор

Хан-Уул

11.00-18.00

12-р хороо Сонгинын амралт, РТС УТҮГазар, Худагууд

Сонгино-хайрхан

10.30-18.00

12-р хороо Дэнжийн 9, Алтайн 7, 10,11, 14-р гудамж орчмоор

10.30-18.00

22-р хороо, Тахилтын 7, 8, 14, 16, 17-р гудамж

Налайх

09.30-13.00

2-р хороо 58, 60, 62-67, 35А-р байр, 10-н шарын ЦРП, Цагаан байр орчмоор

14.00-18.00

2-р хороо 48-57, 59, 61-р байр, Цэцэрлэг, Баялаг Налайх, Эрдмийн -Оргил 4-р байр, 119-р сургууль

Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэрт сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олголоо

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/427 дугаар захирамж гаргалаа. Өнөөдөр бага сургууль ТББ-ын “Өнөөдөр бага сургууль”, Арвист хангай ТББ-ын “Арвист хангай бүрэн дунд сургууль”, Шинэ зуун билэг ТББ-ын “Шинэ зуун билэг бүрэн дунд сургууль”, Монгол эдийн засаг ТББ-ын “Монгол эдийн засгийн ахлах сургууль”, Түшээ гүн ХХК-ийн “Түшээ гүн ахлах сургууль”, Эрдмийн хүрд ТББ-ын “Эрдмийн хүрд ахлах сургууль” Монголын дауны холбоо ТББ-ын “Оюуны бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх тусгай хэрэгцээт бага сургууль”-ийг тус тус боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олголоо.

Сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, сургуулийг бүрэн хүчин чадлаар ашиглаж ажиллуулахыг үүсгэн байгуулагч нарт даалгав.

Мөн шинээр байгуулагдсан дээрх сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Айл өрхийг цахилгаанаар халаах боломжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэвэр агаар сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/432 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Цэвэр агаар сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх агаарын чанарыг сайжруулах бүсэд айл өрхийг цахилгаанаар халаах боломжийг нэмэгдүүлэхийн тулд цахилгаан хангамжийг сайжруулах ажлын жагсаалт, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг тус тус баталлаа.

Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Үнэлгээний хороонд, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Дорнын сувдын айлчлалыг зураглахуйд…

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монголд ирж, хоёр өдрийн айлчлал хийгээд буцлаа. Ирж л байдаг, явж л байдаг албан ёсны айлчлал мэт боловч арай л өөр сэтгэгдэл төрүүлээд буцлаа, эрхэм Моди. Учир нь энэ айлчлалаас сэтгэл үнэртэж, хүндэтгэл мэдрэгдэж бас багагүй бэлдэж, базаасан нь харагдаж байгаа юм. УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцохдоо хэлсэн үг, айлчлалын хүрээнд хийгдсэн ажлууд, хандлага сэлтийг нь хамтдаа ажиглан зураглал гаргах гээд үзье. Тэрбээр Монголд ирэхээсээ өмнө монголчуудад хандан бидний хэлээр мэндчилгээний сайхан үгсийг олон нийтийн сүлжээн дэх өөрийнхөө хаягаас бичиж эхэлсэн. Тэрбээр монголоор жиргэж, өөрийн фэйсбүүк дээрээ “Ардчилал, буддизм маань оюун санааны хамтрагч Монголтой биднийг холбоно” хэмээн бичсэн нь учиртай байлаа.

Эрхэм Ерөнхий сайд Нарендра Моди Монголд ирээд УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс бидэнд хандаж, тэр дундаа дэлхийд хандаж хэлсэн үгс нь анхаарал татахаас аргагүй байгаа юм. Тэрбээр “Аугаа үндэстний эх орон үзэсгэлэн төгөлдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байна” гээд “Нэг үед эрэлхэг зоригоор тэргүүлж байсан үндэстэн бол Монгол Улс” гэдгийг сануулж өгсөн юм. Сүүлийн үед дэлхийн хүчирхэг удирдагчдын нэгийн тоонд зүй ёсоор орж буй энэ эрхэм барууныханд хандаж Ази тив ямар хүчтэй, ямар дийлдэшгүй болж байгааг хэлэхийг хүсчээ. Гэхдээ энэ үгээ аугаа үндэстний өлгий Монголын газар шороон дээрээс хэлэхээр төлөвлөсөн байна. Эртний мэргэн ухаан, залуулаг эрч хүчний өлгий нутаг болсон Ази тив олон жилийн турш дэлхийд их зүйл өгсөөр ирсэн гэж анхааруулсан ньсанамсаргүй хэлсэн үг биш байж таарна. Ирж буй он цагууд Ази тивийнх болж байгааг тунхагласан дорнын нэгэн улстөрчийн үг Монголоос даян дэлхийд цуурайтсанаараа манай улсыг ч анхаарлын төвд аваачлаа. Магадгүй түүний энэ алхам нь айлчлалынхаа үеэр амласан нэг тэрбум ам.долларын зээлийн эрхээс ч үнэ цэнтэй юм.

Ерөнхий сайд Моди мөнхүү айлчлалаараа манай хоёр улс оюун санааны хөршүүд гэдгийг улам бүр батлав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгч болчихоод хамгийн анхны айлчлалаа урд хойд хөршүүд биш, АНУ, Япон ч биш харин Энэтхэгээс эхэлж байв. Үүнийгээ эртний уламжлалт, оюун санааны хөршөөсөө анхны айлчлалаа эхэллээ хэмээн тайлбарлаж байсан билээ. Н.Моди ч хэлсэн үгэндээ “Миний бие оюун санааны хөрш 1.25 тэрбум анд нөхдийн тань халуун мэндчилгээг энэ хүндтэй танхимд тээж ирлээ. Оюун санааны хөрш байхаас илүү хүний харилцааны эрхэм дээд хэлбэр гэж үгүй ээ, мөн үүнээс илүү ариун хэлхээ холбоо ч үгүй билээ. Биднийг оюун бодолдоо тийнхүү тээж явдагт тань энэтхэгчүүд бид та бүхэнд нэн хүндэтгэлтэй байдаг” гэж оюун санааны хөрш гэдгээ албан ёсоор тайлбарласан. Тэгэхээр оюун санааны хөрш гэдэг ойлголт нь улс орнуудын хамгийн дээд харилцааны хэлбэр ажээ. Бид энэтхэгчүүдийг азарчууд хэмээцгээж, соёл уламжлал нь шашин гэлтгүй олон салбарт тархан нэвтэрцгээсэн хүмүүс. Монгол, Энэтхэг хоёр улс уламжлалт харилцаа, сэтгэлд ойр, өег бодролтой явж ирцгээсэн нь эртний оюун санаа, сэтгэл зүрхээрээ холбоотой байсных гэдгийг энэ удаагийн айлчлал ямар нэг байдлаар баталж өглөө.

Тэгээд ч оюун санааны хөрш гэдэг нь зөвхөн бурхан шашны бус эрдэм мэдлэг, гүн ухаан, олон веда нь тархан нэвтэрсэн түүхийг хэлэх буй за. Мөн Энэтхэгтээ байхгүй болсон олон ном судар Монголд байдаг гээд эртний харилцан шүтэлцсэн тэрхүү харилцааг хэлээд байгаа хэрэг л дээ.

Энэтхэгээс өндөр дээд албаны хүмүүс айлчилдаг байсан ч анх удаа Ерөнхий сайдын түвшинд айлчлал хийлээ. Англи маягийн тогтолцоотой Энэтхэгийн хувьд Ерөнхий сайд хамгийн эрх мэдэлтэй нь. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч байлаа ч Ерөнхий сайдын хүсэлтийг батламжлахаас буцаах эрхгүй, парламент нь нэг удаа буцаахаас хоёр дахь удаад хүлээн авахаас аргагүй тогтолцоотой. Энэ бүгдийг ямар анзааны айлчлал болсныг сануулах гэсэндээ нуршлаа.

Ерөнхий сайд Нарендра Моди айлчлалынхаа хүрээнд Монголд хавдар эмчлэхэд туслах бхабхатрон хэмээх багажийг гардуулж өгсөн. Энэ тухайгаа “Энэ бол бидний иргэний чиглэл дэх цөмийн хамтын ажиллагааны анхных нь болно” гэсэн нь яах аргагүй учиртай үг. Эмнэлэгт тусламж өгөх гэж байгаа бол элчин сайдаараа ч өгүүлчихэж болох л байсан. Харин өөрөө ийн хэлж, гардуулж байгаа нь бидний амласан хэлэлцээрийг сануулж байгаа хэрэг юм. Энэтхэг улсад ураны хэрэгцээ их байгаа. Цөмийн туршилт, үйлдвэрлэлд ч ашигладаг. Бид энэ чиглэлд хамтран ажиллахаар ярилцсан ч гэсэн урагшлуулсан зүйл байхгүй, бахь байдгаараа байгаа учраас тэд түргэвчлүүлэхийг хүсчээ. Гэхдээ маш боловсон, дипломат аргаар. Бид хэлэлцээгээ санаад биелүүлээд байгаа шүү, харин та нар маань яаж байна гэж байгаа хэрэг л дээ. Тийм ч учраас цөмийн энергиэр ажиллах багаж хэрэгсэл өгч байгаа нь энэ. Хоёр улс энэ чиглэлд яриа хэлэлцээр хийсний дараа Энэтхэгийн ураны нэг компани орж ирсэн ч удалгүй буцсан дуулдсан. Бодвол манайхан залхааснаас буцаа биз дээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Моди аутсорсингийн төвийн шав тавих арга хэмжээнд оролцсон. Дэлхийд мэдээллийн технологиор Энэтхэг тасарчихсан орнуудын нэг болсон. Софтоор мөнгө хийж чадсан шиг нь араас нь зүтгэе гэсэн бодол бидэнд бий. Тэр ч утгаараа 2001 оны нэгдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч Н.Багабанди Энэтхэгт айлчлахдаа мэдээллийн технологийн гол төв болсон Банглорт газардаж байсан гэдэг билээ. Гэртээ сууж байгаад гадны зах зээлээс мөнгө олж авчрах томоохон салбар бол энэ яах аргагүй мөн. Тиймээс бид энэ тал дээр тэднээс суралцахаас аргагүй. Мөн уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний салбарт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэтхэг маш сайн эм болон эмчилгээ хийж байгаа. Тэр нь үнийн хувьд зах зээлийн ханшаас хямд гэдгээрээ ялгардаг улс. Төрөлх англи хэлтэй, толгой сайтай залуус энэ салбарыг ингэж хөгжүүлж чаджээ. Дээрээс нь уламжлалт аюурвед гээд янз бүрийн ведийн ухаан нь гайхалтай. Энэтхэгийн анагаах ухааны амжилт сүүлийн үед гойд яригдаж байгаа. Боломжийн үнэтэй, дээд зэргийн үйлчилгээ үзүүлдэг энэ айлтай тус чиглэлд ойртох нь манайханд ямар чухлыг нурших хэрэггүй биз ээ.

Энэ айлчлалын үеэр иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэлд шилжиж байгааг зарласныгхэлэх хэрэгтэй. Манай улсын хувьд хоёр хөрш, Япон зэрэг ойрхны орнуудтай стратегийн түншлэлд хүрч байснаас өөр улсуудтай үгүй. Мөн энэ айлчлалын үеэр дурдагдаж байсан олон улсын тавцанд харилцан нэгнээ дэмжиж ирсэн түүхийг бид мартах учиргүй юм. Монголчууд НҮБ-ын гишүүн улс болох гээд хэрдээ л зүтгэж байсан цаг. ЗХУ болон бусад социалист орон дэмжих ч Хятад, Чан Кайшийн Тайвань үүний эсрэг. Хятадын нөлөөллөөр АНУ, Англи зэрэг том гүрнүүд ч дэмжихгүй. Энэ үед Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неру НҮБ-ын индрээс “Монгол Улсыг яагаад гишүүнээр элсүүлдэггүй юм бэ. Энэ орон НҮБ-ын ямар дүрэм журмыг зөрчсөн юм бэ. Улс орноо хөгжүүлнэ гэсэн жирийн ард түмэн л энэ оронд байгаа шүү дээ. Яагаад татгалзаад байгааг ойлгохгүй юм. Энэ шударга орныг НҮБ-ын гишүүнээр элсүүлэн авахыг би хүсч байна” хэмээн хэлсэн гэдэг. Социалист бус орны удирдагч ингэж хэлэх нь гишүүнээр элсч, тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх гэж ядаж байсан Монголд хичнээн том тулх болж байсныг хэлүүлэлтгүй болов уу. Аяганы хариу өдөртөө гэж ярьдаг монголчууд бид ч байнгын бус гишүүнээр өрсөлдөх эрхээсээ татгалзаад Энэтхэгт найр тавьж байсан удаа бий. Бас Аюулгүй зөвлөлийн таван улсын тоог нэмэх талаар яригдаж буй энэ үед асуудал шийдэгдвэл Энэтхэгийг дэмжихээ илэрхийлчихээд байгаа улс.

Мөн эрхэм Нарендра Моди Монголд хийж буй айлчлалаа хоёр баярыг тохиолдуулан ирсэн хэмээсэн нь учиртай. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулахаас гадна Монголд ардчилал үүсч хөгжсөний 25 жилийн ойг тэрбээр онцолж байна. Учир нь энэтхэгчүүд олон шашин, олон үндэстэн, улс төрийн олон намтай, ардчилсан нийгэмд хамгийн олон хүн амьдарч байгаа дэлхийн цорын ганц улс хэмээн онцлох дуртай. Тэр ч утгаараа Азийн элгэнд ардчилал ардчиллаа эрж, айлчилсан нь энэ буюу. “Оюун санаа нэгтэй танай орноос би маш өндөр сэтгэгдэлтэй буцаж байна. Өөрийн гүн талархлыг Монголын ард түмэнд хүргэе” хэмээн тэр жиргээд хүлгийн жолоо залсан байна лээ. Моди гэдэг нь сувд гэсэн утгатай гэдэг. Дорнын сувд, дэлхийн сувд болсон эрхэм Моди гуай, та ч бидэнд гүн сэтгэгдэл төрүүллээ. Энэтхэгийн ард түмэнд монголчууд бидний мэндийг хүргээрэй.