Categories
мэдээ цаг-үе

“Ачит үйлстэн ээжүүд”-ээс түймэрт өртсөн Ц.Очирхуягийн гэр бүлд туслах аяныг өрнүүлжээ

Өнгөрсөн сарын сүүлээр Дорнод аймагт ассан түймэр газар авч, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хүрсэн. Энэхүү түймрийн уршгаар есөн хүн түлэгдэж, бэртсэний дотор Сүхбаатар сумын Чулуут хэмээх газарт хаваржиж байсан Ц.Очирхуягийн гэр бүлийнхний биеийн байдал маш хүнд байсан билээ. Ийнхүү тавдугаар сарын 1-нд Ц.Очирхуяг, түүний эхнэр Г.Наранцацрал болон нэг настай охин О.Наранмандах нарыг Улаанбаатар хотод авчирч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт хэвтүүлсэн билээ. Энэ талаарх сурвалжлага манай сонинд нийтлэгдсэний дараа өөрсдөө түлэгдэж, биеийн байдал нь хүндхэнээс гадна хоттой мал, гэр оронгоо бүгдийг нь түймэрт алдсан тус гэр бүлийнхэнд иргэд, төрийн бус байгууллагууд хандивын гараа сунгах болжээ.

Хамгийн сүүлд гэхэд “Ачит үйлстэн ээжүүд” төрийн бус байгууллагаас Ц.Очирхуягийн гэр бүлийнхэнд туслахаар хандивын аяныг өнгөрсөн баасан гаригт эхлүүлжээ. Тэд өөрсдийн фейсбүүк группдээ “Сүхбаатар айм­гийн Сүхбаатар сумын иргэн Очирхуягийн гэр бүл өөрсдөө болон мал хуй, гэр орон нь түймэрт өртөж байсан хөрөнгө нь юу ч үгүй болтлоо шатаж өөрсдөө одоогоор гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байнаа.Тэдний охин нэг настай. Зулай нь гүйцэд битүүрээгүй хүүхэд болохоор хэдэн хэдэн удаагийн хагалгаанд орохоос эхнийхээ хагалгаанд орсон байгаа юм байна. Бүгдээрээ байгалийн гамшигт өртөн байгаа бүхнээ алдсан энэ гэр бүлд чадал боломжийнхоо хэрээр тусалъя. Та бүхэн мөнгөн хандив үзүүлэх бол: Хаан банк, төгрөгийн данс 5013 1566 62 бол долларын данс нь 5013 1566 84. Хэрэв эд материалын тусламж үзүүлэхээр бол 99178827, 99719188 дугаарын утсаар холбогдох боломжтой” хэмээн бичжээ. Өчигдрийн 12 цагийн байдлаар тус хандивын дансанд нэг сая 200 мянган төгрөг цуглажээ.

Тус ТББ нь 5000 гаруй ээжүүдийг эгнээндээ нэгт­гэсэн бөгөөд нийгмийн сайн сайхан тэр дундаа хүнд өвчтэй болон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тус­­лах нь тэдний гол зорилго аж. Ийнхүү “Ачит үйлстэн ээжүүд” төрийн бус байгууллагын ТУЗ-ийн гишүүн Э.Уянгатай ярилцлаа.

-“Ачит үйлстэн ээжүүд” төрийн бус байгууллага хэдийд байгуулагдсан бэ. Танай ТББ-ын үндсэн чиглэл тань хүнд өвчтэй болон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах гэсэн байх аа?

-Манай төрийн бус бай­гууллага өнгөрсөн гурав­дугаар сарын 6-нд үүсгэн байгуулагдсан. Эхэндээ үр хүүхэд нь өвдсөн эсвэл хамрын ханиад, суулгалт зэрэг хүүхдэд элбэг тохиолддог эмгэгийг гэрийн нөхцөлд хэрхэн эдгээх талаар нэг нэгнээсээ тусламж авдаг ээжүүдийн фейсбүүк дэх групп байсан юм. Бид зөвхөн гишүүд хоорондоо санал бодлоо солилцдог, нэг нэгэндээ тусалдаг фейсбүүкийн групп байх бус нийгмийн сайн сайхны төлөө, тэр дундаа өвчиндөө шаналж байгаа, хүчирхийлэлд өртөж биеийн болон сэтгэл санааны хүнд дарамтанд орсон хүүхдүүдэд тусалдаг төрийн бус байгууллага болъё гэж гишүүд маань нэлээн хэдэн сарын өмнөөс ярилцах болсон. Тэгтэл өнгөрсөн гуравдугаар сард Б.Баттогтох хэмээх нэг нас гурван сартай хүү буцалсан усанд түлэгдсэн харамсалтай явдал тохиолдсоныг олж мэдээд, тэр хүүд туслахаар болсон. Биеийнх нь талаас илүү нь түлэгдсэн хүү гадаадад мэс засал хийлгэхэд 280 сая төгрөг хэрэгтэй гэсэн учраас манай ТББ-аас түүнд туслахаар хандивын аян өрнүүлэхээр шийдсэн. Ингээд л төрийн бус байгууллагаа гуравдугаар сарын 6-нд үүсгэн байгуулж, Б.Баттогтох хүүгийн эмчилгээний зардалд хандив цуглуулж эхэлсэн. Хүүд мөнгөн хандив цуглуулахын тулд гишүүд маань хандивын хайрцгаа бариад Нарантуул, Дүнжингарав зэрэг худалдаа­ны төвүүдээс гадна Вива сити хорооллоор ч явсан. Түүнчлэн МИАТ компанийн удирдлагуудтай ярилцсаны хүчинд Б.Баттогтох хүүг ээжийнх нь хамт эмчилгээ хийлгэх орон руу нь үнэгүй зорчуулсан бол аав, эмч хоёрынх нь зардлыг 90 хүртэл хувиар хөнгөлүүлсэн.

-Саяхан вирусийн гарал­тай нурууны саажилттай Энх-Эрдэнэ хүүд тусалсан гэж сонссон юм байна?

-Гурван настай Энх-Эрдэнэ хүү вирусийн гаралтай нурууны саажилттай хэмээн оношлогдсон. Нэг өглөө босоод алхах гэтэл алхаж, гишгэж ч чадахгүй болчихсон гэж эцэг эх нь хэлсэн. Энэ өвчин нь Монголд эмчлэгддэггүй юм байна. Хамгийн харамсалтай нь өнгөрсөн жил буюу хүүгийн өвчний онош тогтоогдсоны дараахан аав нь нас барчих­сан учраас ээж нь хоёр хүү­хэдтэйгээ торойгоод үлдсэн. Энх-Эрдэнийн эгч нь тавхан настай.Солонгост хагалгаа хийлгэх боломжтой. Зардал нь 35 сая төгрөг шаардлагатай. энэ хэмжээний мөнгийг өрх толгойлсон, хоёр ч нялх хүүхэдтэй эмэгтэй олно гэдэг үнэхээр хэцүү учраас бид тэр эмэгтэйд туслацгаах болсон. Хамгийн гол нь бид адилхан эхчүүд, үр хүүхэдтэй учраас тэр эмэгтэйн зовлонг маш сайн ойлгож, түүнд чин сэтгэлээсээ туслахыг хүссэн. Манай ТББ дан ганц мөнгөн хандив өгөхийг илүүд үздэггүй. Тухайн өвчин зовлонтой үр хүүхдээ асарч тойглож буй эхчүүдэд сэтгэлийн дэм өгч, гэр оронд нь очиж тусалж дэмждэг. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан учраас энэ нь ч багагүй үр дүнтэй байдаг юм шүү.

-Тэгэхээр Энх-Эрдэнэ хүүд туслахын хажуугаар нэг настай балчир үр нь болон өөрсдөө түймэрт өртсөн Ц.Очирхуягийн гэр бүлд туслахаар шийдсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Сүхбаатар айм­гийн Сүхбаатар суманд гарсан түйм­рийн улмаас малчин Ц.Очир­хуягийн гэр бүлд тохиолд­сон харамсалтай явд­лын талаарх танай сонин дээр гарсан цуврал ярилцлагыг ТББ-ын нэлээн олон эхчүүд уншсан байна лээ. Өөрсдийн группдээ сонин дээрх ярилцлагын зургийг нь аваад тавьчихсан байсан. Бүх гишүүд маань түүнийг уншаад тэдэнд туслахаар шийдсэн. Гэхдээ хэнд, хэний гэр бүлд туслахаа бид төлөөлөн удир­дах зөвлөлөөрөө ярилцаж, шийдвэрлэдэг. Ингээд хамаг хөрөнгөө гал түймэрт өртөж, өөрсдийн бус хөндлөнгийн шалтгааны улмаас бие нь түлэгдсэн Ц.Очирхуягийн гэр бүлийнхэнд туслахаар болсон.

Би өмнө нь хэлсэн шүү дээ. Бид бүгд эхчүүд, үр хүүхэдтэй. “Хамаг бие нь түлэгдсэн нэгхэн ойтой бяцхан охин миний охиноос ялгаа юу байх билээ. Чадахаараа туслах юмсан” гэсэн эхийн сүүн сэтгэл энэхүү сайн үйлсийн аянд биднийг уриалсан хэрэг. Бид Хаан банкинд өнгөрсөн баасан гаригт хандивын данс нээсэн. Лхагва гаригийн (өнөөдөр) 00 цаг хүртэл нээлттэй байна. Хандиваар цугласан мөнгө, эд зүйлсийг бид нөгөөдөр эмнэлэг дээр нь аваачиж өгнө.

-Хандивын дансанд цуглар­сан мөнгийг нь өгөх үү, эсвэл түүгээр нь хэрэгцээтэй эм тариаг нь авч өгөх үү?

-Гэр бүлийн гурван гишүүн түлэгдсэн учраас түлэгдсэн арьсанд түрхдэг 60 мянган төгрөгийн үнэтэй тосыг ганц хоёрхон өдөр хэрэглэдэг юм билээ. Мэдээж дан ганц тос хэрэг болохгүй. Түлэгдсэн арьсанд түрхдэг тосноос гадна бинт, боолт зэрэг олон зүйл хэрэг болдог гэсэн. Тиймээс цугларсан мөнгөнийх нь тодорхой хэсгээр тос, боолт зэргийг нь авч өгөөд, үлдсэнийг нь өөрсдөд нь өгнө. Түүнчлэн манай ТББ гишүүд сард 1000 төгрөг цуглуулдаг. Үүгээрээ үйл ажиллагаагаа ч санхүүжүүлдэггүй. Бүгдийг нь энэ мэт өвчин зовлонтой хүүхдүүдэд зориулдаг. Гэхдээ сарын хугацаанд гишүүдээс цугларах 500 мянган төгрөг хангалтгүй учраас хандивын хайрцаг албан байгууллагаар аялуулахаас гадна банкинд хандивын данс нээсэн.

Бид өвчин зовлонтой хүүхдүүдэд нэг удаа мөнгөн тусламж үзүүлээд орхих бус байнга тэдэнтэйгээ холбоотой байна. Шаардлагатай тохиол­долд дахин хандивын аяныг өрнүүлэхэд бэлэн. Хамгийн гол нь бид Энх-Эрдэнийгээ гүй өвчин зовлонгүй дэгж дэрвэж, гүйж явахыг, Б.Баттогтох, О.Наранмандахыгаа тү­лэгд­сэн арьс нь хорсож өвдөхийг мэдрэлгүй инээж, эмнэлгийн ор сахиж биш, үе тэнгийнхэнтэйгээ тоглохыг хармаар байна.

Хандив өгч байгаа иргэд нэг зүйлд их эргэлздэг. Тэр нь “Миний өгсөн мөнгө очих ёстой хүндээ хүрч байгаа болов уу. Эсвэл замаас нь нэг нөхөр хумслаад байгаа болов уу” гэсэн хардлага байдаг. Тэгвэл Хаан банкны хандивын дансны мэдээллийг Ц.Очирхуяг, болон эхнэр нь давхар хянаж байгаа. Өөрөөр хэлбэл иргэд тус дансанд хандив хийх тоолонд тэдний гар утсанд хэдэн төгрөг, хэдийд орсон талаарх мэдээлэл давхар очиж байгаа. Тэгээд ч бид эхний сүүн цайлган сэтгэлээр туслах гэж байгаа ээжүүд учраас хэнд нь ч “Хэдэн төгрөг зувчуулчихъя” гэсэн атгаг санаа байхгүй ээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
гадаад мэдээ

Аюулгүйн дэр шаардлага хангаагүйгээс 34 сая машин эргүүлэн татжээ

gadaad

АНУ-д “Тоёото”, “Ниссан”, “Хонда” гэх мэт томоохон 11 машин үйлдвэрлэгчийн 34 сая орчим машиныг буцаан татаад байна. Тэдгээрийн аюулгүйн дэрийг үйлдвэрлэгч Японы “Такота” компанийн дэр хэтэрхий их хүчээр гардаг, мөн зөв гардаггүй гэх мэт аюулгүйн байдал хангахгүйгээс болоод одоогоор 6 хүний амь нас хохирч, 100 гаруй хүн уг дэрээс үүдэн гэмтээд байгаа аж. “Такота” компани уг дэрний технологио доголдолтой байж болзошгүй гэж хүртэл мэдэгдэл хийжээ. Өмнө нь зөвхөн АНУ-д гэлтгүй дэлхий даяар алдаатай хамгаалалтын дэртэй нийт 53 сая машиныг буцаан татаж байсан аж. Тухайлбал, “BMW” ойролцоогоор 765 мянга, “Chrysler” 2.88 сая, “Ford” 538 мянга, “Honda” 5.5 сая, “Mitsubishi” 11 мянга зэрэг хэд хэдэн брэндийн машинуудыг эргүүлэн татсан талаар CNN мэдээлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Эх орончийн төрх

Баабар ингэж өгүүлэв

Нэг гоё мэдээ олж үзлээ. Сонгинохайрхан дүүргийн 25-р хороон дээр “улсаас харж үзэн” тарааж байгаа 500 мянган төгрөгөө авах гэж очсон иргэдэд “хог, цахилгааны мөнгөө төлчихөөд эх орны хишгээ ав” гэж буцаажээ. Ард түмнээ үргэлж боддог сэтгүүлчид маань хөөрхий иргэдээ өмөөрөн тус хороон дээр тоос татуулан очиж хүнд сурталтнуудыг байцаасан чинь “төр мөнгө тарааж үүргээ гүйцэтгэж байхад иргэд үүргээ гүйцэтгэхгүй үргэлж л юм нэхэж байдаг” гэж хариулжээ. Зөв, эр хурга! Үнэн шүү дээ, харилцагч хоёр субъект үргэлж биенийхээ өмнө их бага ямар нэг хариуцлага хүлээдэг. Энэ нь хүний нийгмийн зайлшгүй шаардлага. Иргэн ядахнаа хог цахилгааны төлбөрөө өгч иргэний үүргээ биелүүлэх ёстой. Хэрэглэчихээд төлбөрөө өгөхгүй байх нь нийгмийн өмнө төдийгүй өөрт нь үйлчилсэн компанийн өмнө үйлдэж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Шулуухан хэлэхэд дээрэм тонуул. Хогоо зөөлгөж, тогийг нь хэрэглэчихээд гөлийгөөд байна гэдэг нь! Авах болохоороо уургын морь шиг, өгөх болохоороо ургаа хад шиг.

АНУ байгуулагдсаны дараагаас иргэн болгон сонгуульд ордоггүй байжээ. Эмэгтэйчүүд санал өгөх эрхгүй байж. Боолчууд өгдөггүй байж. Эхлээд сонсоход дэндүү шударга биш байгаа биз? Тайлбар нь их шударга: Төр гэдэг бол иргэд хамтарч байгуулж өөртөө үйлчлүүлдэг институци. Төр нь аюулгүй байдлыг хамгаална, гэмт хэрэгтнийг нийгмээс салгана, иргэдийн хоорон дахь хэрүүл маргааны асуудлыг шийдэж өгнө, эмх журмыг сахиулах ба үүний тулд олонхид таалагдах хууль дүрмийг гаргана. Үүнд асар их мөнгө орно. Нэгэнт үйлчлүүлэх гэж байгаа бол иргэд үүндээ төлбөрөө төлөх ёстой. Татварт тав ба түүнээс дээш доллар (тэр үеийн таван доллар ч дажгүй мөнгө байсан юм шүү) өгсөн хүмүүс сонгууль өгөх эрхтэй. Одоо шударга сонсогдож байна уу? Хүнийг боолчилж байсныг нь зөвтгөж байгаа юм биш, гэхдээ боолчууд татвар төлөхгүй нь ойлгомжтой. Тэр үед эмэгтэйчүүд алба ажил хашдаггүй гэртээ үр хүүхдээ өсгөдөг учир бас татвар төлдөггүй байж. Нийгэм өөр болж өнөөдөр бүгд л сонгуульд ордог л доо. Гэхдээ анхны сонгуулийн зарчим тийм ч зэрлэг бүдүүлэг юм биш байгаа биз?

Өнөөдөр дэлхий даяараа насанд хүрсэн хүн болгон сонгуульд саналаа өгөх эрхтэй, зарим оронд бүр үүрэгтэй байдаг. АНУ-ын иргэний дайн, Дэлхийн нэгдүгээр дайн зэрэг нь олон хүнийг, түүний дотор эмэгтэйчүүдийг цэрэгт дайчлах болсонтой холбогдуулан бүх нийтээр сонгуульд оролцож байх журам гаран тэр нь бусад орнуудад хуулбарлагджээ. Цэргийн үүрэг биелүүлж эх орны өмнө хариуцлага хүлээж буй учир сонгуульд оролцох бүрэн эрхтэй болж буй хэрэг. Сайхан л байна. Гэхдээ хоцрогдсон ядуу орны иргэдийн ихэнх нь татвар ч төлдөггүй, цэрэгт ч явдаггүй давхаргынхан. АНУ-ын төсвийн үлэмж дийлэнх хэсгийг иргэний орлогын татвар бүрдүүлдэг учир иргэд нь бүгд төрөөр үйлчлүүлэх эрхтэй ажгуу. Гэтэл жишээ нь манайд иргэний орлогын татвар төсвийн ёстой үл үзэгдэх хэсгийг бүрдүүлмэр аядна. Төрийн мэнэжмэнтийг хийх хэсэг хүмүүсийг сонгон шалгаруулахын тулд сонгууль болдог. Сонгогдогч этгээд санал өгөгчдийн дийлэнхид таалагдах ёстой. Татвар төлдөггүй, өөрөөр хэлбэл нийгмийн өмнө хариуцлага хүлээгээгүй хэсэг нь хүн амын ихэнх нь байвал дивтаат болохыг сонирхогч этгээд тэдэнд л ээлтэй амлалт өгөх шаардлагатай болно. Эцсийн дүндээ нийгмийн дундын хөрөнгө хий цацагдан үрэгдэж, аманд ч үгүй хамарт ч үгүй болохын эхлэл энэ. Дундаа нэг сайхан хурдны замтай болох уу, тэтгэмжийн жаахан мөнгөө хувь хувьдаа аваад архи гудрах уу гэвэл нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй тэр олонхи масс хоёр дахийг нь сонгох нь дэндүү ойлгомжтой. Ийм нийгэмд үнэндээ шударга ёс ноёлж чадах уу? Нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй давхаргынхан улс төрийн сонирхлоор нэн нимгэн байдаг тул сонгуульд оролцохгүй, сонирхохгүй нь дийлэнх. Чухам энэ дэвсгэр дээр улс төрийн намууд өрсөлдөнө. Хүний олонхиор засгийн эрх авахын тулд хариуцлага хүлээдэггүй хэсгийхнийг ятгана, хахуульдана, албадна, хуурч мэхэлнэ, бүтэшгүй зүйл амлана, худалдаж авна, сүрдүүлнэ, барьцаална. Хүн амын олонхи нь нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй, нийгмийн ухамсар дорой газар популистууд бүх нийтийн ардчилсан сонгуулиар төрийн эрхэнд гараад ирдгийн нууц энэ. Нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй олонхи улс төрийн сонгуульд оролцохоороо мэдээж хариуцлагагүй хандаж таараа. Английн аугаа философич Локкэ “Өлсгөлөн хүн Үндсэн хууль гэхээсээ үмх талхыг дээрд үздэг” гэж онож хэлсэн нь энд тод илэрдэг.

Америкийн нэрт социологич Маслоу “шатлан нэмэгдэх хэрэгцээний тухай” бүхэнд зөвшөөрөгдсөн онол гаргасан юм. Хүний хэрэгцээ олон шатлалтай байдаг гэнэ. Доод хэрэгцээ хангагдаагүй байхад дээд шатны хэрэгцээ буй болдоггүй аж. Доод Шатны хэрэгцээ нь илүүтэй биологийн шинж чанартай. Идэж уух, үржиж олшрох, байгалийн эрхшээлээс ангижруулах оромж зэрэг нь доод шатны хэрэгцээ юм. Ийм хэрэгцээ хангагдаагүй байхад эх оронч мэдрэмж, яруу найраг, гоо сайхан, буян үйлдэх, сайн сайханд тэмүүлэх, хамтын жаргалд хүрэх зэрэг үй олон дээд шатны хэрэгцээ утгагүй байдаг аж. Хэрэв доод шатны хэрэгцээ хангагдаагүй хүн дээд шатны юм нэхэж байгаа бол үнэндээ доод шатны юмаа л илүү “эх оронч” байдлаар шаардаж байна гэсэн үг. Амархан тайлагдана.

Манай орон өргөн дэлгэр нутагтай, хүн ам цөөн, ам км талбайд ноогдох хүний тоогоор дэлхийн хамгийн сийрэгт багтах боловч энэхүү сая таван зуун мянган ам км нутагт эх орончид нь багтахгүй чихэлдэж, саваа халин сагаж байна. Ажаад байхад хоёр төрлийн “эх орончид” байна. Нэгдэх хэсэг нь мэдээж өөрийн биологийн хэрэгцээгээ бүрэн дүүрэн байтугай олон зуун хувь давуулан биелүүлсэн эрс. Голдуу булхай луйврын аргаар нэг байтугай биед ахдах их хоол цуглуулсан улс. Тэд идэх хоолтой өмсөх хувцастай олон авгайтай мөртөө дээд шатны олон янз хэрэгцээнээс нэг хоёрыг нь л ойлгоно, түүндээ онцгой шунана. Идэж уух хүсэлд нь хязгаар байдаггүй учир эрх мэдлээр биеэ зузаатгахын тулд нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй олонхи массад таалагдах гэж хайран сайхан цээжээ хонхойж хотойтол нь нүдэцгээнэ. Бүр олны өмнө гээ. Ингэж биеэ хайрлахгүй зүтгэж байж эрэмдэг зэрэмдэг болчих вий гэж өмнөөс нь санаа зовмоор. Нэг мундаг том бөх, наймаагаар сүрхий хөлжсөн нэг лухгар эр, эрх мэдлээ алдаж унтах нойргүй болсон хэсэг хэнхэг гээд иймэрхүү эх оронч хүмүүс зурагтын аль ч суваг асаахад лүглийгээд л, уйлагнаад, эрүүл хүний бөөлжис цутгамаар юм донгосоод л сууж байдаг. Буяны таргаа дийлэхээ больж малийж манцайсан эд өлсөж байгаа ард түмнээ өрөвдөнө гэж яав аа! Өрөвдүүлүүлж байгаа олонхи ч эдэндээ таарсан дэмжигчид. Шударга үнэнийг тунхаглан, эх орны дайснуудыг илчлэн яллаж, хоолойгоо цахиртуулан, нүдэндээ нулимстай нүүр амаа хачин хачин болгох тэдний шүлсний савираа чухамдаа нийгмийн хариуцлага хүлээдэггүй, хүлээх сонирхолгүй олонхийн арчаагүйдээ бүх ертөнцийг зүхэх гоморхлыг тайтгаруулж, таашаал эдлүүлнэ.

Нөгөө хэсэг эх орончид нь амьдралаа авч явах арчаагүй учир биологийн хэрэгцээгээ хангаж чадахгүйдээ дээд шатны юм нэхэж доод шатны хэрэгцээгээ хангах гэсэн сайхан гарууд. Тэд ажил эрхлэх байтугай усанд ч ордоггүй. Тогтмол ямар ч орлогогүй. Юун татвар төлөх вэ! Ямар үлийний чинь нийгмийн өмнө хүлээх хариуцлага! Ажилд авах зар сонин болгоноор дүүрэн. Эд очихыг хүсдэг ч үгүй, очоод ч шууд гологдоно. Хаана ч юу ч хийж чадахгүй хүмүүс. Нэхэл нь тун хатуу, яая даа гэсэн дэндүү эх оронч. Хөдөлмөрийг бол ерөнхийдөө жигшдэг. Ийм хүмүүс дэлхийн хаана л бол хаана бий. Нью-Йоркийн гол гудамжаар нэг байдаг юм билээ. Гэхдээ тэдний эх оронч дуудлагыг тэр эрүүл нийгэм огт сонсдоггүй, тоодоггүй. Харин Монголд бол од. Яагаад гэвэл манай нийгмийн иргэдийн ихэнх нь нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй. Хогны болон хэрэглэсэн цахилгааныхаа мөнгийг төлдөггүй. Бүр ядаж л!

Нэг талаас бүх юмыг мөнгөөр хэмжиж болдоггүй. Гэхдээ л мөнгө бол зөвхөн солилцооны хэрэгслэл төдий зүйл биш, маш олон юмны хэмжүүр. Сайхан хоолой гэдэг шууд мөнгөөр хэмжигдэхгүй ч концертны билет нь аль зэрэг борлогдож байгаагаар бас хэмжиж болно. Эх оронч гэдгийг яаж хэмжих вэ? Орилдгоор нь уу? Дуу чангаар нь уу? Цээжээ аль зэрэг чанга нүдсэнээр нь үү? Хэмжүүр байхгүй юу? Үхсэний чинь Үндсэн хуулийг сахиулах, улс орны аюулгүй байдлыг хангах, нийгэмд шударга явдал тогтоох вэ! Татвар төлж бусдыг тэжээх маань ч яамай, ядахнаа хүүрэн биеэ хүн шиг аваад явж чадахгүй байж! Нийгмийн өмнө хариуцлагаа мэдэрч хуулийн дагуу татвараа төлөөд явдаг иргэнийг л хамгийн их эх оронч гэмээр санагдах юм. Эх орончид мандтугай.

2011.01.21

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хавар эртийн яргуйн шид

“Нээрэн, яргуй идэх сайн” гэж монголчууд бие биедээ захиж өдий цагт нэгийг ч болов үмхээдэх гэж зөвлөдөг. Хавар эрт цэцэглэдэг олон наст энэхүү ургамал нь элдэв өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх олон талын ач тустай. Яргуйг нэг дор олноор нь иддэггүй. Өдөрт нэгээр гурав эсвэл долоо хоног идвэл хор тайлан, хавдар хариулж, хүний биеийн хэм барьж, булчирхайн сүрьеэ, шамбарам зэргийг эдгээх бөгөөд ходоодны гал илчийг сайжруулж тамир тэнхээ оруулан, шар усны өвчнийг хатаадаг шидтэй цэцэг гэнэм.

Дэлбээг нь эмчилгээний журмаар хэрэглэвэл цус­ны даралт буурдаг аж. Дээр үеэс монголчууд уг цэцгийг мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутралыг анагааж, үргүйдэл, сүрьеэ, хөхүүл ханиад, хоолойн өвчнийг эдгээж, толгой таллаж өвдөхийг ул мөргүй эмчлэхэд хэрэглэсээр ирж. Түүгээр ч зогсохгүй арьс өнгөний өвчнөөс хамгаалж, сарын тэмдэг саатах, гуурсан багтраа зэрэгт сайн нөлөө үзүүлэх агаад зүрхний дутагдал, зүрх дэлсэх, элэг бөөрөөр хатгаж өвдөхөд тан­гийн оронд буцалгаж уухад тустай гэж ардын уламжлалт эмчилгээний ном сударт тэмдэглэн үлдээжээ. Гэхдээ ходоодны ил шархлаа, элэг­ний хатуурлын үед хориглодог бөгөөд жирэмсэн эхчүүдэд цээрлэдэг ч төрөх үед хүнд­рэлгүй амаржуулахад ганцыг идэхэд гэмгүй гэжээ. Ийм олон талын ашиг тустай энэ ургамал манай орондургадаг бөгөөд цэцэг нь 5-10 хоногийн настай ч шид нь жилээ барьдаг гэдэг юм билээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийх ажлын айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ажлын айлчлал хийхээр Япон улсын Токио хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өргөөндөө угтан авахад Японы хүндэт харуулын цэргүүд жагсч, хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.

Угтах ёслолд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Японы талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга К.Като, Эдийн засаг, үйлдвэрийн яамны дэд сайд Н.Ишигүро,Сангийн яамны Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан дэд сайд Т.Ямазаки болон албаны хүмүүс оролцлоо.

Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар хэлэлцээ хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-д Хятадын 6 иргэнийг мэдээлэл хулгайлсан хэргээр баривчилжээ

gadaad

АНУ-ын Холбооны прокуророос Хятадын зургаан иргэнийг АНУ-ын технологийн компаниуд болох “Avago” болон “Skyworks”-ын мэдээллүүдийг хулгайлж зарж байна гэж сэжиглэн баривчилжээ. АНУ-ын Хууль зүйн хүрээлэнгээс уг сэжигтнүүдийг эдийн засгийн тагнуулын ажиллагаа явуулсан, наймаалцсан гэх мэт 32 зүйл ангиар буруутгаад байгаа аж. Прокуроруудын мэдэгдэж байгаагаар, энэ нь БНХАУ-ын өөрсдийн томоохон компаниудыг дэмжиж хүчирхэгжүүлэх урт хугацааны төлөвлөгөөний нэгээхэн хэсэг бололтой.

Тяньжины Их Сургуулийн профессор Хао Жанг “Avago” компанид инжинерээр ажиллаж байхдаа технологи хулгайлсан хэргээр тус тус баривчилжээ. Хоёр найз АНУ-д ажиллаж байхдаа гар утас, таблет болон GPD төхөөрөмжүүдэд ашиглагддаг хөндлөнгийн дуу шуугианыг алга болгодог технологийн талаар суралцаж байсан аж. Гэвч 2009 онд тус тусын ажлаа орхиж, Тяньжиньд их сургуульд багшлах болсон байна. АНУ-ын холбооныхон сэжигтнүүдийг Хятадын томоохон хулгайн технологи үйлдвэрлэгч “ROFS”-той хамтарсан гэж буруутгаж байгаа юм. Мөн дээрхи хоёроос гадна өөр дөрвөн иргэнийг уг хэрэгт холбоотойгоор шалгаж эхэлжээ. Хэрвээ тэднийг эдийн засгийн тагнуулын ажиллагаатай холбоотойг нь нотолвол 15 жил хорих ба 500.000 доллараар торгох аж.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы дугаарт Б.Цэнддоогийн “Яаж улстөрч болох вэ” фельетон нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

Энэ дугаарт нийтлэлч Б.Цэнддоогийн “Яаж улстөрч болох вэ” фельетон нийтлэгдлээ. Түүний “Онцолж хэлэхэд нэг ч сонгогчид тус хүргэж болдоггүй юм. Хэрэв тэгвэл үлдсэн бусад нь чамайг хардаад сүйд хийнэ. Манай сонгогчид хэн нэгэнд нь тусалдаг улстөрчөөс хэнд нь ч тусалдаггүй тэгш гадуурхдагийг нь сайнд тооцдог онцлогтой” гэх мэт ёжтой егөөгөөр дүүрэн фельетоныг таны өмнө дэлгэж байна.

“Өдрийн сурвалжлага” Азийн залуу бизнес эрхлэгчдийн форумыг онцоллоо. Энэ форум Азийн залуусын ерөнхий ассамблейн хүрээнд болсон юм. Азийн бизнесмэнүүд Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн энэ чуулганы үеэр ямар асуудлуудыг онцолж ярьсныг өнөөдрийн дугаараас уншаарай.

“Улс төр” нүүрт М.Энхсайхантай хийсэн“Ерөнхий сайд хэвлэл мэдээллээр дажин хийхгүй байхыг үүрэг болгосон” гэсэн ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр олны анхаарал татсан асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн юм. Таван толгойн ажлын хэсгийг ахалж, “Сумитомо”, ”Шинхуа”-тай тохироонд хүрч чадсан энэ эрхэм УИХ дээр хэлэлцэгдэж буй Таван толгойн асуудлаар “Аль болох цаг хожвол сайнсан. Төслийн үндсэн параметрийг хөндөхгүй бол буруу зөв ойлгогдох асуудал байвал сайжруулах бололцоотой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилнэ гэсэн шийдвэр хөрөнгө оруулагчдад Монголд мөнгөө хийх итгэл төрүүлжээ. Монгол, Английн дунд хөрөнгө оруулалтын зууч болж ажилладаг шинжээч Ч.Эрдэнэдалай энэ талаар байр сууриа илэрхийллээ. Түүнтэй хийсэн “Оюу толгойн далд уурхайг хөдөлгөх шийдвэр гарсан өдөр TRQ-гийн 20 сая хувьцаа арилжаалагдсан” гэсэн ярилцлага дөрөвдүгээр нүүрэнд нийтлэгдлээ.

Төрийн ордонд гарсан хулгайн хэрэгт хамгаалалт, үйлчилгээний ажилтнуудыг сэжиглэж эхэлжээ. “Үйл явдал” нүүрэнд энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг багтаалаа.

Соёлын үйлдвэрлэлээр эдийн засагт баялаг бүтээнэ гэсэн хандлага дэлхийд хүчээ авч байна. Энэ сэдвийг хөндсөн олон улсын чуулга уулзалтын сурвалжлага өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ.

“Дэлхий мэдээ” булан Украйны Ерөнхий сайд асан Ю.Тимошенкогийн ярилцлагыг онцолж байна. Тэрээр “Минскийн гэрээ гэдэг нь Путины заль. Оросын төрийн тэргүүн тохиролцохыг хүссэн бол Украин, Европын холбоо гээд бүх л ардчилсан ертөнцтэй тохиролцож, хэл амаа ололцох байсан” хэмээн ярьжээ.

“Ази, Европыг холбосон Станбулын тэнгэр дор” аян замын тэмдэглэл 11 дүгээр нүүрэнд нийтлэгдлээ.

Нисэх хүчний 90 жилийн ойн үзэсгэлэнд тавьсан хуучны ховор зургууд, нисгэгчдийн хэрэглэж байсан эд зүйлсийн талаарх гэрэл зургийн сурвалжлага энэ өдрийн дугаарт багтсан байгаа.

Дашрамд дуулгахад, “Өдрийн сонин”-ы хоёрдугаар улирлын нэмэлт захиалга явагдаж байна. Манай сониныг захиалахыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдож захиалгаа өгөөрэй. Мөн цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

Эрхэм уншигч та, манай сонинг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ТЕГ Төрийн ордонд гарсан хулгайн хэргийг шалгаж байгаа гэв

Төрийн ордонд хулгай орж, зөөврийн компьютер алдагдсан гэх мэдээлэл цацагдаад буй. Ордон дахь хэвлэх цехийн өрөөнөөс зөөврийн компьютер алдагдаад байгаа юм. Энэ хэрэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээгээр болж төрийн тусгай хамгаалалттай газар учраас энэ хэргийг Тагнуулын байгууллага шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй зээлийн техникүүд эзэддээ очиход бэлэн болжээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуй нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан. Гэрээний эхний шатны хэрэгжилт болгож дундаас дээш хүчин чадалтай буюу 125-165 морины хүчтэй 132 трактор, 90 чиргүүл, үр тариаланы 48 комбайн эзэндээ очиход бэлэн болсон байна. ХХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдөр эхний найман дунд шатны тракторыг өнөөдөр аж ахуй нэгжүүдэд хүлээлгэн өглөө.

Эдгээр техникийг бүрэн хүлээлгэн өгснөөр 15 мянган га талбайд үр тариа хураах, 28 мянган га-д уринш боовсруулах, тариалалт хийх зүтгэх хүчний техник нэмэгдэж байгаа юм. Мөн хураалтын техникийн хүчин чадал одоогийнхоос тав, зүтгэх хүчний техник найман хувиар тус тус нэмэгдэх аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Welcome to Mongolia” олон улсын балетын наадам болно

МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам 2015 оны 6 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Монгол Улсад болох гэж байна. Зохион байгуулсан тоглолт бүрээрээ балетын урлагийн хөгжлийг урагш ахиулахыг эрмэлздэг МУГЖ Д.Алтанхуяг энэ удаа АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчидын хамт оролцох юм. Монгол Улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго бүхий “Welcome Mongolia–2015” наадмын бэлтгэл эхэлсэн бөгөөд Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол Улсад тоглосныхоо дараа Япон Улсад тоглоно. “Welcome to Mongolia 2015” наадамд Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулах юм байна гэж Монголын балтын хөгжлийн сангаас мэдээллээ.