Categories
гадаад мэдээ

Дэлхийн цагийг нэг секундээр урагшлуулна

Дэлхийн цагийг нэг секундээр урагшлуулна Дэлхийн эргэлтийн хурд соронзон орны нөлөө, дэлхийн агаар мандал болон далай тэнгис дэх өөрчлөлтөөс шалтгаалан үл ялиг өөрчлөгдөж байдаг. Ингэхдээ ихэвчлэн хурд нь удааширч байдаг ажээ.

Дэлхийн эргэлтийн хугацаа зуун жилийн өмнөхтэй харьцуулбал 1.7 миль секундээр уртасчээ. Ингэж хурд өөрчөгдөх үед нарны цагийг дэлхий даяар хүн төрөлхтний мөрдөж байгаа цаг тооллын системтэй нийцүүлэх шаардлага гардаг.

Тиймээс атомын цагийг нэг секундээр урагшлуулж энэ асуудлыг шийддэг. Өнөөг хүртэл нийт 26 удаа ийм зохицуулалт хийсэн бөгөөд хамгийн сүүлд гурван жилийн өмнө цагийг нэг секундээр урагшуулж байжээ. Энэ удаагийн өөрчлөлт зургадугаар сарын 30-ны шөнө хийгдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Оюуны өмч хулгайлсан хэргээр анх удаа ял оноолоо

Оюуны өмчид халдсан гэмт хэргийг Монгол Улс анх удаа шүүхээр шийдвэрлэжээ. Манай улсын иргэн У гэгч 2011-2014 оны хооронд ОХУ-ын “Касперский Лаб ЗАО” компанийн “Касперский” вирусны программыг “Монголиан Бревери анбендинг”, “Вокомтехнологи” гэх хоёр компанийн нэрээр зевшөөрөлгүй хуулбарлаж бусдад боруулжээ. Тэрээр гадаадын компанийн бүтээлийг ашиглан 54.2 сая төгрөгийн ашиг олсныг мөрдөн байцаалтаар тогтоосон байна. “Касперский” барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгчид шүүсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар буруутгаж, таван сарын хугацаагаар баривчлах ял оноожээ

Categories
мэдээ улс-төр

Монголчуудад олон удаагийн виз олгохоор болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар хэлэлцээ хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв

Япон улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.

Хэлэлцээгээр хоёр орны харилцааны талаар илэн далангүй саналаа солилцсондоо баяртай байна. Монгол Улс ардчилал,эрх чөлөө, хуулийн засаглалыг эрхэмлэн дээдэлдэг. Тиймээс бид Монгол Улстай цаашид ч дотно түншлэх хүсэлтэй байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр орны парламентаар соёрхон батлагдаад байна. Өнөөдрийн уулзалтаар хоёр орны стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлж эрх тэгш харилцан ашигтай,нэг нэгнийгээ нөхөж ажиллах талаар хоёр тал санал нэгдлээ. Хоёр орны иргэд хоорондын харилцаа сайн байна. Харилцан итгэлцэл бол хоёр талын сайн харилцааны суурь юм.

Харилцааг улам хөгжүүлэх үүднээс Монгол Улсын дипломат пасспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлж, энгийн пасспортод олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэлээ.

Хорин нэгдүгээр зууны Зүүн хойд Азийн хүүхэд залуусын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилд Монгол Улсаас 300 хүүхэд залуусыг урьж айлчлуулсан бол энэ санхүүгийн жилд нэмээд 200-г урих бодолтой байна. Цаашид ч харилцаа, солилцоог өргөтгөх болно. Япон Улс Монголын эдийн засгаа тэтгэх хүчин чармайлтыг эксперт, мэргэжилтэн илгээх замаар дэмжиж ажиллах болно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт гадаад харилцаа, эдийн засаг, соёл, хүмүүний харилцааг гол тулгуур болгон бүх салбарт Монгол Улстай хамтран ажиллах саналтай байна” гэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Эрхэмсэг Ерөнхий сайд, Япон анд нарынхаа оройн амгаланг айлтгая. 2013 оноос хойш ноён Ерөнхий сайдтай долоо дахь удаагаа уулзаж байна. Хоёр жил хоёр сарын дотор ингэж олон уулзсан нь хоёр орны харилцаа ямар хурдтай урагшилж буйг харуулж байгаа зүйл гэж бодож байна. Сая эрхэмсэг ноён Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд Монгол, Япон Улс Зүүн Хойд Азид хамгийн ойр түншүүд болж чадсан. Хоёр талын харилцааг богино хугацаанд эрчимжүүлэн хөгжүүлэхэд Ерөнхий сайд Шинзо Абэ гуайн дэвшүүлсэн “Эрч, Эрч нэмэх” гэсэн санаачилга шийдвэрлэх үүрэгтэй байсныг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр засгийн газрын хамтын хүчин чармайлтаар байгуулагдаж, Монгол Японы парламентаар батлагдсанд монголчууд бид баяртай байгаа”.

Энэ хэлэлцээр хоёр орны цаашдын хамтын ажиллагааны цоо шинэ шатыг нээж байна гэж бид харж байна. Мөн өнгөрсөн 25 жилийн хамтын ажиллагааны бахархам үр дүн гэж бид харж байгаа. 1990 онд Монголчуудыг шинэ түүхэн сонголт хийснээс эхлээд байнга дэмжиж туслаж ирсэн Япон Улсын Засгийн газар, ард түмэнд талархаж явдагаа энэ дашрамд хэлье. Хоёр улс бүс нутгийн болон олон улсын хүрээнд харилцан хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд бас таатай байна. Ерөнхий сайд Абэ гуайн идэвхтэй гадаад бодлого, олон улсын энхтайван тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг мөн онцлон тэмдэглэхийг хүсч байна. Цаашдаа хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт урт удаан хугацаанд хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Анхаарал тавьсанд баярлалаа” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй боксчид ДАШТ-ээс анхны медалиа авлаа

-Монголын эмэгтэй боксчид ДАШТ-ээс анхны медалиа авлаа-

Тайваны Тайпэй хотод болж буй эмэгтэйчүүдийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид өндөр амжилтыг үзүүлж байна. Манай тамирчдаас өсвөрийн 48 кг-ын жинд М.Энхжаргал, 54 кг-д Л.Ангараг, 57 кг-д М.Намуун нар дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангаж, түүхэн амжилт тогтоолоо. Тэд маргааш мөнгөн медалийн төлөө тулалдана.

Мөн өчигдөр хүрэл медалийн төлөө өсвөрийн 50 кг-д Б.Мөнгөнсаран Ирландын тамирчин Келсей Леонардтай, залуучуудын 48 кг-д С.Осормаа Тайванийн тамирчин Ли Чинг Тингтэй тус тус тоглож, дийлджээ.

2015 оны өсвөр, залуучуудын ДАШТ-д 45 орны 441 гэзэгтэй боксчид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 24-д өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар халж, хуурайшилт ихэснэ

Малчидад зориулсан цаг агаарын мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихэснэ.

2015 оны 05 дугаар сарын 20-ны 21 цагаас 05 дугаар сарын 21-ний 21 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Увс, Ховдын нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус , өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2015 оны 5 дугаар сарын 22-ноос 5 дугаар сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23-25-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24,25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Д.Хаянхярваа: Таван толгойн төсөл дээр хувийн болон хэсэг бүлгийн ашиг сонирхлоор хандаж болохгүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ирээд буц­лаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эмират улсад хийж буй аж­лын айлч­лалын үеэр Оюу­толгойн гэрээнд гарын үсэг зурлаа гээд эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэхүйц зүйлийн талаар яриад эхэл­лээ. Одоо эдийн засаг яахаар байна?

-Ойрд дуулдаагүй сайн сигналууд ирж байна. Энэтхэг улсын амлаад буй нэг тэрбум ам.доллар, Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурлаа гээд байгаа зүйлс ч тэр эдийн засагт эффект өгөхийн хувьд өгнө. Гэхдээ өнөө маргаашдаа Энэтхэгийн нэг тэрбум ам.дол­­­­лар, Оюутолгойн мөнгө орж ирээд эдийн зас­гийг авар­чихна гэж ойлгож болохгүй. Хөнгөлөлттэй зээ­лүүд хэлэл­цээрийн шугамандаа уддаг. Хятадын 500 сая, БНСУ-ын 250 сая ам.долларын зээлүү­дийг авна гээд тав зургаан жил өнгөрлөө. Одоо хүртэл эцсийн шийдэлдээ хүрч чадаагүй байна. Нэг талдаа биднийг дэмжиж байгаа боловч нөгөө талдаа биднийг сайн ажиллах үүрэг хүлээж байгаа юм. Засгийн газар энэ бүхнээ эдийн засагтаа яаж шингээж, хэрхэн хөрөнгө оруулах вэ гэдэгтээ шуурхай арга хэмжээ авч ажиллах ёстой. Хоёрдугаарт, бидний эдийн засгийн чадавхи, Төс­вийн тогтвортой байдлын тухай хууль, өрийн таац гээд хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаа төр засаг мэдэх байх.

Оюутолгойтой холбогдсон асуудал дээр гэвэл хэвлэлээр гарсан мэдээлэлтэй л сууж байна. Ямартаа ч гэрээнд гарын үсэг зурсан гэсэн мэ­дээ­лэл байгаа. Гэхдээ ямар нөх­цөлд яаж гарын үсэг зурав гэдэг дээр мэдэгдсэн юм алга.

-Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурагдчихлаа. Одоо Тавантолгой хөдлөх үү. Үүнийг дагаад Гацууртын орд ч гэдэг юм уу ордуудаа ашиглаад эхлэх боломж бүрдэж байх шиг?

-Ерөнхий сайд Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр төслөө явуулна. Хоёр том түгжээгээ мултална гэж байсан. Нэгнийх нь түгжээг мулталлаа гэдгээ зарлаж байх шиг байна. Тавантолгойтой холбоотой асуудал дээр гэвэл явуулах нь зөв гэдэг байр суурин дээрээ байгаа. Тавантолгойн асуудал нарийн яривал нэлээд нөлөөлөл үзүүлнэ. Манай орны экспортод гаргаж буй хамгийн гол түүхий эд чинь нүүрс шүү дээ. Тиймээс Тавантолгойн төслөө явуулах ёстой. Өнөөдөр Оюутолгой, Тавантолгойн төсөл дээр хувийн болон хэсэг бүлэг ашиг сонирхлын үүднээс хандаж болохгүй.

-Тавантолгой дээр ажлын хэсэг гарч ажилласнаас хойш мэдээлэл өгөхөө байчих­лаа. Танай намынхан ямар мэдээлэлтэй байна вэ?

-Ажлын хэсэг гарсаан. Хоёр удаа хуралдсан гэсэн. Ажлын хэсэг дээр тийм сүртэй асуудал яригдаагүй гэдгийг бүлгээс томилогдсон ажлын хэсгийн гишүүд хэлж байсан. Одоохондоо шалгарсан консерциумын гэрээний төсөлтэй танилцаж байгаа юм шиг байна лээ. Ажлын хэсгийн ахлагчийн өгсөн ярилцлагуудыг хараад байхад Их хурлын өмнөөс маягтай тайлбар хийж байна. Энэ нь өөрөө хууль бус. Ажлын хэсэг ажилласны дараа санал дүгнэлт гаргаад Их хурал, Байнгын хороонд хүргүүлэх ёстой. Аливаа асуудлыг хэлэлцэж эхлээд ажлын хэсэг байгуулдаг бол үүн дээр хэлэлцэж эхлэхээс өмнө ажлын хэсэг байгуулсан. Үүнийг хараад байхад цоожлох гээд ингэж байна уу гэж харагдахаар байгаа юм.

-Явуулахын тулд ямар гарц байна вэ?

-Таван толгойг явуулахын тулд эхлээд хэлэлцэх ёстой биз дээ. Үнэхээр явуулъя гэсэн чин эрмэлзэл байсан бол УИХ-аар даруйхан хэлэлцэх шаардлагатай. Нээлттэй хэлэлцүүлэг хийгээд эхэлсний дараа ажлын хэсэгт багтсан хүмүүсийн өгч буй, гадна талаас мэдээлээд байгаа тайлбар үнэн зөвөөр ард түмэнд хүрнэ. Өнөөдөр үндсэндээ Монголын нийгмийг хоёр хуваачихаад байна. Нэг хэсэг нь зөв явуулах ёстой гээд байгаа бол нөгөө хэсэг нь энэ ёстой хэрэг байхгүй гээд унадаг. Энэ мэдээлэл нийгмийг хагалж байна. Үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд нээлттэй хэлэлцэх ёстой биз дээ. Ийм нэг буруу жишиг 2012 оноос хойш манай нийгэмд тогтчихлоо. Болохгүй юмыг болно гээд нийгмийг самраад хаячихдаг. Ямар ч асуудлыг хэрүүлийн алим болгочихдогоо болих хэрэгтэй. Үүнийг олонх гэгддэг АН-ынхны тогтоож буй жишиг л дээ. Хөдөө орон нутагт ч мөн ялгаагүй байна. Ердийн явж байгаа ажлыг нэг нөхөр очиж самраад, хулгайч, луйварчин гэж нийгэмд мэдээлээд АТГ-т өгчихдөг. Үүнээс нь болоод ажил урагшилдаггүй. Ажил хийх гэж байсан хүний сэтгэлийн гал дээр ус нэмэх шаардлага байхгүй. Яг үүнтэй агаар нэгэн Оюу толгой, Таван толгойг ойлгуулснаас болж олон жил шавар шавхаатай хутгаж байгаад хаячихдаг. Таван толгой нь шалгарч үлдээд шавар шавхайтайгаа хутгалдаад үлдэхээр болчихлоо.

-Гэхдээ шавар шавхаатай хутгагчид төрийн түшээд буюу Их хурлын гишүүд та нар шүү дээ. Ардын намынхан ажил хийлгэдэггүй гэдэг…

-Шударгаар хэлэхэд Ардын намынхан ажил хийлгэхгүй байгаа зүйл огт байхгүй. Ардын нам хэлэлцье гэдэг дээр 100 хувь санал нэгтэй байгаа. Даваа гаригийн бүлгийн хуралдаан дээр ярилцаад үүнийгээ яа­равчлах хэрэгтэй гэсэн шаард­лагыг тавья гэсэн юм. Таван толгой гадаад талдаа маш их хүлээлттэй байгаа. Оюу толгой нэг талдаа гарлаа гэсэн сигналыг дэлхийд өгөхөд манай урд хөрш юу бодож байгаа вэ гэдгийг ухаарч л байх ёстой юм.

-Юу бодож байгаа гэж та бодож байгаа вэ?

-Монгол, Япон, Хятадын оролцоотой консерциум явахгүй байгаа бол гуравдагч орны хөрөнгө оруулалт нь явж байна гэдгийг бод доо. Энэ чинь ямар бодлыг хүмүүст өгөх вэ. Бид урд хөрштэйгээ харилцах харилцаан дээрээ туйлын анхааралтай хандах ёстой. Бид нутгаа аваад нүүдэггүй л юм бол хоёр хөршөөс эдийн засаг хаашаа ч зайлахгүй хамааралтай байх болно. Аль ч талаасаа их ухаан зарах хэрэгтэй.

-Чуулганы хугацаа бараг талдаа орчихлоо. Эдийн засгийн өршөөлийн хууль, Татварын багц хуулиуд гээд эдийн засагтай холбоотой хуулиудаа баталж чадах юм уу. АН-ынхны хэлж буйгаар хуулийн төсөл оруулаад ирэхээр МАН-ынхан барьцаад өөр хуулийн төсөл оруулж ирээд хамт хэлэлцэх ёстой гээд гэдийгээд байгаа гэх юм?

-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг үг бий дээ. Ажил хийдэг хүн тайлбар тавьдаггүй, ажил хийхгүй хүн шалтаг хайдаг. Шалтаг хайх шаардлага байхгүй. 2012 оноос хойш хийе гэсэн зүйлээ хүчиндээд хийдэг байсан биз дээ. Хуулиа зөрчөөд хүртэл хийдэг байсан. Үнэхээр л амин чухал, Монгол Улсад хэрэгтэй юм бол, үнэн зөв, ард түмний итгэлийг олохоор л юм бол тэр хүчинддэг аргаа хэрэглээд хийх л ёстой биз дээ. Ард түмний хүсэн хүлээсэн зүйл биш болохоор бид болохгүй гэж байгаа юм. Түүнээс ямар хуулин дээр ямар хууль оруулж ирээд шантаажлаад байна гээд асуу. Хэлэх хүн олдохгүй дээ.

-Тэгээд хууль тогтоомжуудаа яагаад батлахгүй байна вэ?

-УИХ үндсэндээ өөрөө дампуурчихлаа. УИХ УИХ-ынхаа түвшинд ажиллаж чадахгүй байгааг харуулж байна. Энэ нь хэтэрхий их улс төржилт, улстөржсөн процесс нь Их хурлаа давамгайлах болсон. Яагаад ингэх болсон бэ гэхээр зайлшгүй хэлэлцэх ёстой хуулиудаа Их хурал барьж авахгүй байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал хүндрээд ирэхээр өрийн хязгаар гэх мэтийн хуулиар барьж байсан зүйлсийг хүчээр шийдээд явж байна л даа. Энэ сөрөг үр дагавартай.

Өнөөдөр концесс, Засгийн газрын баталгааны асуудал гарч ирлээ. Чуулганы хуралдаан дээр Худалдаа хөгжлийн банк 9.3 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаатай гаргасан байна. Дараа нь ямар ямар газруудад Засгийн газар баталгаа өгч бонд босгох гэж байна гэхэд Засгийн газраас хариулаагүй. Дараа нь Засгийн газар баталгаа гаргаад бонд гаргаад байвал өрийн хэмжээ юу болох вэ. Манайхан тэнд зарцуулчихъя өртгөө дор нь нөхчихнө гэдэг. Үнэхээр зарцуулах ёстой зүйлдээ зарцуулж чадах уу гэдэг чинь өөрөө эргэлзээтэй байна. Ард түмнээ дааж давшгүй өрөнд унагачихаад хэн нь ч хариуцлага хүлээхгүй алга болчихож магадгүй шүү дээ.

-Сүүлийн үед МАН, МАХН нэгдэх гэж байна гэх юм. МАН-ын ахмад гишүүд өнгөрсөн сонгуулиар ялагдсан шалтгаан нам хуваагдсанаас болсон. Одоо нэгдэх ёстой гэж байна?

-Ахмад гишүүдийн хэлж байгаа санал зөв. УИХ, бүх орон нутгийн сонгуулийн дүнг аваад үзэхээр орон нутгуудад МАХН-ын авсан саналаас үүдэн манайх ялагдсан байгаа шүү дээ. Манай намыг хоёр хувааж чадсаныхаа тусаар ялалт байгуулсан. Ялалт байгуулсны өгөөж нь өнөөдрийн эдийн засгийн байгаа байдал юм.

Орон нутагт ажиллаж байхад намын гишүүд энэ хоёр намаа нэгтгэх хэрэгтэй гэдэг зүйлийг ярьдаг. Удирдлагын түвшинд ямар ямар хэлцэл явагдаж байгааг мэдэхгүй.

-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас нам хуваагдах гол шалтгаан үүссэн байх, тийм үү?

-Нам хуваагдсан нь намын ердийн гишүүдэд ямар ч хамаагүй шүү гэдгийг би хэлдэг юм. Зөвхөн удирдлага хоорондын зөрчил шүү дээ. Монголчууд загас толгойноосоо эхэлж өтдөг гэж ярьдаг. Манай намынхан энэ зовлонг туулаад гарсан болохоор одоо нэгэн цул болж чадсан. Ардчилсан нам болон бусад намуудыг хар. Удирдлагуудын түвшиндээ хэл амаа ололцохгүй болохоор доод талдаа бужигнаж байгаа биз дээ. Үүнтэй ижил удирдлагуудын түвшинд хэл амаа ойлголцож чадаагүй болохоор Н.Энхбаяр гэдэг хүн МАХН гэдэг нэрийг авсан. Энэ нэрийг өгөхийн тулд үндсэндээ хууль зөрчсөн. Үүний гол рольд АН-ын эрх баригчид тоглосон шүү дээ. Түүнээс болж өнөөдрийн энэ байдал бий болсон. Үүнийг намын жирийн гишүүд сайн ойлгож байгаа.

-МАН, МАХН нэгдсэн нь зөв юм уу, хамтарсан нь зөв юм уу?

-Миний хүсэл бол энэ хоёр нам орон гэртээ орж ирээд нэг нам болчихоосой гэж боддог. Нэг нам болдоггүй юмаа гэхэд сонгуульд хамтраад эвсэл болоод орчихоосой гэж боддог. Энэ л миний хүсэл. Бүх зүйл хүссэнээр болохгүй байх л даа.

-Эвсэл лав болохгүй байх…

-Үүнийг би мэдэхгүй. Дарга нар л мэднэ.

-Хоёр нам нэгдлээ гэхэд дарга нарын эрх ашиг, наймаа л хамгийн ихээр хөндөгдөх байх даа. Нэг намын нэрэн дор нэгдсэн том фракциуд болох байх?

-МАХН-ын зүгээс хүндхэн нөхцөлүүд тавих л байх. Тухайн үед асуудал гарах юм бол хэлэлцээд нэг шийдвэрт хүрч чадахгүй бол өөр өөрийнхөө замаар л явах байх даа.

-Ер нь бол засагт хамтарсны дараагаас танай намын залуус болон Ерөнхий нарийн бичгийн дарга засгаас гарах тухай ам нээсэн байдаг. Өнөөдөр улам эрчимтэй яригдаж байна. Хэзээ гарах юм?

-Миний хувьд анхнаасаа л МАН-ыг засагт хамтрахад эсэргүүцэж байсан цөөн хүний нэг. Хамтарч болохгүй гэж намын Бага хурал дээр ч өөрийн байр сууриа илэрхийлсэн. Намын удирдах дээд байгууллага нэгэнт шийдвэрээ гаргасан болохоор энэ засгийн ажил гайгүй байгаасай хэмээн санаа оноогоо нэмэрлээд явж байна. Засгаас гарна гэдэг асуудал бидний дунд яригдаагүй байгаа ч хамтрахдаа байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй бол яах гэж бид энд байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөх ёстой. Хэрэв гэрээгээ байгуулсан үүргээ биелүүлэхгүй бол бид мануухай болоод байх шаардлага байхгүй. Гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлээд өнөөдрийн нөхцөл байдлыг дээшлүүлж чаддаггүй юмаа гэхэд уналтыг зогсоож, гол гол бодлогын алдаануудаа засч сонгуульд орох юм бол хамтарсны ач тус тэр юм. Тэгж чадахгүй бол хамтарсан гэдэг чинь ард түмнийг хулхидсан зүйл болж хувирна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Зусланд гарах цагаар зам засварын ажил эхлэх нь

Өнөө жил нийслэлд нэлээд хэдэн газарт зам засварын ажил хийгдэнэ. Тэрэн дундаа зуслангийн чиглэлийн замыг өргөтгөж шинэчлэхээр болоод байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна. Иргэд “Зургадугаар сарын нэгнээс зуслангийн замыг хааж засвар хийнэ гэсэн”, “Наадам хүртэл зуслангийн замыг хааж засна гэж дуулдлаа. Энэ ажлаа зусланд гарахаас өмнө эсвэл, намар хийж болдоггүй юм уу”, “Зам засварын ажил эхэлчихвэл өнөө зун зусланд гарсны хэрэггүй. Хотынхоо байр, байшинд зусвал таарна” гэцгээж замын ажил хэзээ эхлэхийг асууцгааж байна. Зарим мэдээллийн хэрэгслээр энэ сарын 15-наас зуслангийн замыг хаана гэж олон нийтэд мэдээлсэн.

Дамбадаржаагийн цаг­даагийн постоос Шарга­морьтын гүүр, Шарга морь­тын гүүрнээс Хандгайтын чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээр болж инженерийн нарийвчилсан зураг төсөл нь гарчихсан. Уг зураг төслөөр зуслангийн зам нэлээд өргөн болж хоёр талаар нь явган хүний зам барих аж. Шарга морьтын гүүрийг шинэчилж төмөр бетон болгох юм байна.

Өчигдөр зуслан руу явж зам засварын ажил эхэлсэн эсэхийг сурвалжиллаа. Майхан толгой хүртэл явахад ямар нэг зам ангийн бригад, хүрз барьсан ажилчин, машин техник үзэгдсэнгүй.

Гүнт, Жигжид, Шарга морьтын уулзвар бүхэлдээ эвдэрчихсэн байна. Асфаль­тан хучилт нь эвдрээд дороос нь шороо гараад ирчихэж. Уулзвараар машин тэрэг нэвт­рэхийн тулд нэгнээ хүлээж, аль болох машинаа эвдчихгүй гээд дов сондуул мэт болсон овоорсон асфальт шороог тойрч, гарцгааж байна. Үүнийг даруй л засч янзлахгүй бол ямар ч аваар осол гарч мэдэхээр юм гэсэн бодол төрнө.

Хандгайт, Шарга морьтын уулзварт ч нэг хэсэг газарт ийм эвдрэл гарчээ. Зуслангийн замын ашиглалтын хугацаа хэдийнэ дуусч, жил бүр л нөхөөс хийсээр сүүлдээ арчилгаа авахаа больсон гэдэг нь харагдлаа. Хөвөөнүүд элэгдэж, зам захаасаа сэтэрч зорчих хэсэг нь нарийсчээ.

Зусланд зусах айлуудын тоо нэмэгдэж, зөвхөн урин дулаан цагт гэлтгүй жилийн дөрвөн улирлын турш байнга оршин суудаг айлууд ч олон болсон, энд. Зуны цагт оргил ачаалалтай байдаг уг замын засварын ажил тавдугаар сарын 20 болчихоод байхад эхлээгүй нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Өдийд эхлээгүй ажил хэзээ эхлэх юм бэ. Зургадугаар сар гаргаад эхлүүлнэ гэвэл айлууд зусландаа ирэх нөр их ажилтай давхцаад өнөө зун тоос шороонд дунд зусах нь дээ гэж санаа зовцгоож байна.

Гүнт, Жигжид, Шарга морьтын уулзварын замын ажлын зураг төслөөс харвал уг уулзварыг аюулгүйн тойрог болгох юм байна. Тойргийн голд хоёр шарга морь бүхий хөшөө байрлуулах аж. Эндхийн оршин суугч, өндөр настан Н.Дамбаа “Уг нь жилийн жилд л зам анги ирж замыг нөхөөд янзлаад явдаг байсан. Өнөө жил бүр таг болчихлоо. Энэ уулзвар эвдэрч дууслаа. Шинээр зам барих гээд энэ хэсгийг засахгүй байгаа байх. Одоо ч эндхийн замын ачаалал бага байна. Тавдугаар сарын 28, 29-нөөс л ачаалал эрс нэмэгддэг. Цэцэрлэг, сургууль амрангуут л хөл хөдөлгөөнтэй болчихдог. Хүн амын хөдөлгөөн эхлээгүй байхад замаа засчихсан бол аятайхан байсан сан. Одоо ч өнгөрлөө. Хэрвээ замын ажил зургадугаар сард эхэлбэл бид ч тоос шороонд дарагдаж гүйцэх биз” гэж ярилаа. Уулзсан иргэдийн хувьд нэг хэсэг нь зам засварын ажлыг намар, хүн цөөрөх үеэр эхлүүлэх хэрэгтэй гэж байгаа бол нөгөө хэсэг нь одоо даруй эхлээд наадмын өмнө дуусчихвал болно гэж байлаа. Замын ажил хийхдээ усалгааг нь сайн хийвэл дургүйцэх зүйлгүй гэдгээ холбогдох хүмүүст нь дуулгахыг хүссэн юм.

Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзад­доржоос энэ талаар тодруу­лахад уг замын ажлын тендер Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт гацчихаад байгаа гэлээ. Төлөвлөгөө ёсоор зуслангийн замын ажил энэ сарын 20-ноос буюу өнөөдөр эхлэхээр байжээ.

Өнөө жилийн хувьд замын компаниудад ажил олдохгүй, байдал хүндхэн байгаа аж. Нэг тендерт наяас зуун компани материалаа ирүүлж байгаагаас үзвэл ажил олдохгүй, олдсон жаахан ажил дээр өрсөлдөөн их байгааг илтгэж байна.

Дамбадаржаагийн цаг­даагийн постоос Шар­га­морьтын гүүр, Шарга морь­тын гүүрнээс Хандгайтын чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван хэсгээр хэсэгчлэн гүйцэтгэж, өнөө жил ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн юм байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар авто замын компаниудад хамтран ажиллах урилга хүргүүлж, Дамбадаржаагийн уулзвар Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Улиастай гачууртын чиглэлийн 11 км автозамын ажлын гүйцэтгэгчийг шуурхай сонгон шалгаруулахтай холбогдуулан сонирхогч аж ахуйн нэгжүүдээс чадамжийн мэдээллийг нь энэ сарын 1-нээс 5-ны хооронд хүлээн авчээ. Сонгон шалгаруулалтад 172 компани чадамжийн мэдээл­лээ ирүүлснээс шаард­лагад нийцсэн 40 оролцогч­доос чухам алинд нь гэрээ байгуулах эрх олгохыг энэ долоо хоногт багтаан Үнэлгээний хороо нь хуралдаж шийдвэрлэхээр болсныг тус газраас мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гадагшаа явж, эзгүй байснаас энэ ажил удааширсан гэж тайлбарлах хүмүүс ч байна.

Авто замын зарим мэргэжилтнүүд “Улс мөнгө төгрөггүй байгаа болохоор өнөө жил замын компаниуд бараг бүгд шахуу ажилгүй, замчид хүнд байдалд байгаа. Хэрвээ улс мөнгийг нь шийдээд өгчихсөн бол компаниуд дулааны улирал эхлэнгүүт л ажлаа эхлүүлчих байсан. Зуслангийн замын хувьд тендерт ямар компаниуд ялсан нь тодорхойгүй байгаа. Шалгарсан компаниудаа зарлаад ажлаа шуурхай эхлүүлнэ гэвэл зургадугаар сар гаргах нь тодорхой. Уг ажлыг өнөө жил эхлүүлбэл яалтгүй ч айлуудыг зусланд гарах цагтай давхцана” гэлээ.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хорих ял биечлэн эдлэхийг 20-30 хүртэл хувиар бууруулна гэж үзжээ

-Гэрийн хорионд байлгах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан байна-

Эрүүгийн хуулийн шинэчлэн найруулсан төслийг УИХ-д саяхан өргөн барьсан билээ. Хуулийн төслийг шинэчлэн найруулснаар Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг хуулиар хамгаалахдаа гэмт хэрэг, зөрчлийн шинжийг ялгамжтай байдлаар, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, хүний эрх, эрх чөлөө,халдашгүй байдлыг баталгаажуулахад Эрүүгийн хуулийн шинэтгэл чиглэж байна гэж салбарын зарим мэргэжилтэн үзэж байгаа юм. Мөн орчин үед гарч байгаа гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, бусдыг эрүүдэн шүүх, орон байранд нь хууль бусаар халдах, нэгжих, эд хөрөнгө хураан авах, битүүмжлэх, хүнийг зөвшөөрөлгүй мөрдөж мөшгих, хууль бусаар баривчлах, саатуулах, ялгаварлан гадуурхах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг гэмт хэргийг хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлс болох хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас бодитой хамгаалахын тулд хувь хүнээс гадна хуулийн этгээдийг гэмт хэргийн субьектэд тооцож, хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалтыг оруулснаар олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. Хуулийн төслийг боловсруулахдаа Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан авч үзсэн бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн шинж нь адилхан үйлдэл, эс үйлдэхүйг ялган авч үзэж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хуульд заасан 18 төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг эрэмбэлэн, давхардал хийдлийг арилгахаар, урьд тусгаж байгаагүй 45 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр, 182 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг өөрчлөн найруулж тусгасан гэнэ. Энэ тухай тоймлон хүргэе.

зөрчлийг материаллаг шинжээр ялган төсөөтэй байдлаар хэрэглэдэг байдлыг хална

Эрүүгийн хуулийн төсөлд гэмт хэргийн талаарх ойлголтыг өргөн хүрээтэй болгох, хүн, нийгэм, төрд учруулах хор аюулын шинж чанараас хамааруулан гэмт хэргийг зөрчлөөс үйлдлийн шинжээр нь тодорхой ялган зааглах юм. Түүнчлэн хохирлын хэмжээ гэсэн шалгуур үзүүлэлт бүхий, босго тогтоосон ойлголтыг байхгүй болгосноор гэмт хэрэг, зөрчлийг материаллаг шинжээр ялган төсөөтэй байдлаар хэрэглэдэг байдлыг хална гэж үзэж байгаа юм байна. Тухайлбал, Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй бол гэмт хэрэг биш гэж шийдвэрлэж байгаа ньхуулийн зарчмыг гажуудуулахад хүргэж байна. 2000 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 13 удаа өөрчлөгдсөн. Иймд хор уршиг, хохирол шаарддаг зарим гэмт хэргийн тухайд их хэмжээ, ноцтой хохирол гэсэн шинжийг тодорхойлж, хүндрүүлэх нөхцөл байхаар тусгасан аж.

Баривчлах ял долоо хоногоос 20 жил хүртэлх хугацаатай

Одоо хэрэглэж байгаа баривчлах ял үр нөлөөгүй байгааг харгалзан үзэж хорих ялыг долоо хоногоос хорин жил хүртэл хугацаатай байхаар тооцож, иргэн, нийгэм, төрд шууд хохирол учруулахад чиглэгдсэн үйлдлүүдийг тодорхой тоочих замаар хуулийн төсөлд тусгажээ. Гэмт хэргийг ердийн болон хүнд гэмт хэрэг хэмээн хоёр ангилж, ялыг оногдуулахад харгалзан үздэг байхаар зохицуулсан юм байна. Хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж үзэн тэнсэх боломжгүй болжээ. Харин гэм буруугаа хүлээсэн, хохирлоо арилгасан тохиолдолд оногдуулсан хорих ялын хэмжээнээс хоёрны нэгээс дөрөвний нэг хүртэл хувиар хасахаж. Бүлэглэсэн, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай гэмт бүлэг, гэмт бүлэглэл гэсэн тодорхойлолтыг өөрчилж, томъёоллын зарчмыг нэгтгэж гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хуулийн төсөлд заасан ялын төрөл хэмжээ, хязгаарын хүрээнд хүндрүүлэн авч үзэх бодлого баримтлах юм байна.

торгууль төлөөгүй бол хорино

Хуулийн төсөлд ялын төрлийг дараахь байдлаар тусгажээ.Торгох ялаас хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, ялтан торгох ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх, албадан биелүүлэх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих юм байна. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэх, ялыг эдлүүлэх хугацаа нь нэг зуун хорин цагаас дөрвөн зуун наян цаг, уг ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солих гэнэ.Харин хөдөлмөрийн чадваргүй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх, эцэг, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүй байхаар тусгажээ.

Гэрийн хорионд байлгах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан байна. Тодорхой хүн, хэсэг бүлэг хүн, тогтоосон замаар зорчих, хууль сахиулах байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх зэргээр эдлүүлэх бөгөөд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэх аж. Энэ нь шинэ төрлийн ял бөгөөд шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавих гэнэ.

Хорих ял нь хугацаатай ба бүх насаар хорих гэсэн хэлбэртэй

Хугацаатай хорих ял нь долоо хоногоос хорин жил хүртэл хугацаагаар хэмжигддэг юм байна. Харинбүх насаар хорих ял нь хорин жилээс дээш хугацаагаар байх бололтой. Суллагдах үндэслэл нь хорин таван жилээс дээш хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэхээроруулжээ.

Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II Протоколд нэгдэж орсонтой холбогдуулан цаазаар авах ялыг бүрмөсөн хална. Харин энэ онцгой ялын оронд бүх насаар хорих ялыг хуулийн төсөлд тусгаж, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал ялаас чөлөөлж болох талаар зохицуулалтыг шинээр оруулжээ.

Өсвөр насны хүүхдэд оногдуулах ял

Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 16 наснаас, тодорхой төрлийн гэмт хэрэгт 14 наснаас байхаар хуулийн төсөлд тусгахдаа урьд уламжлан ирсэн долоон төрлийн гэмт хэргийг тусгасан байна. Эрүүгийн хариуцлага нь өсвөр насны хүн бүрт хорих ял оногдуулах зорилгогүй бөгөөд хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах гэнэ. Хүүхдийг аль болох хорих бус хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх шинжтэй байх зохицуулалтыг тусгажээ. Өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахааргүй бол шүүхээс тодорхой хугацаагаар хүмүүжүүлж хянан харгалзах арга хэмжээг хэрэглэх аж.

нийт эдлэх ялын хэмжээг тогтооно

Түүнчлэн хэд, хэдэн гэмт хэрэгт болон хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах заалтыг нэгтгэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ялтан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, нэг гэмт хэргийг шийдвэрлэхгүйгээр нөгөө хэргийг шийдвэрлэх боломжгүй байдалд хүргэдэг шалтгааныг арилгах хэрэгтэй гэж үзсэн байна. Ингэхдээ шүүхийн практикт тулгамдаж буй асуудлыг судалжээ. Судалгаагаар хуулийн дээрх заалтаас шалтгаалж хэргийн шийдвэрлэлт удаашрах, “хэргээ задлах”, “хэрэг наймаалцах” зэрэг сөрөг үзэгдэл гарах болсон гэнэ. Тийм учир хуулийн төсөлдхэрэг бүрт оногдуулсан ялыг нэмэх замаар жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох, ингэхдээ хуульд заасан дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар хэргийг тусгаарлан шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Мөн уламжлагдан ирсэн зохицуулалтыг харгалзан үзэж ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдвэл сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг, эсхүл заримыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор болжээ.

Сүүлийн гурван жилд хорих ял биечлэн эдлэгсдийн дундаж тоо 5000-5200 орчимд хэлбэлзэж байсан бол 2012 оны байдлаар 8000 хоригдол хорих ял эдэлж байгаа гэсэн дүн гарсан байна. Иймд хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд оногдуулах ял гэсэн шинэлэг зүйлсийг оруулсан гэнэ. Ингэснээр хорих ял биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулна гэж тооцоолж байгаа бөгөөд ялын үр нөлөө дээшилнэ гэж үзжээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийн түгээмэл шүүмжилдэг, хэрэглэхэд бэрхшээлтэй, зүйлчлэхэд эргэлзээ учруулдаг гэмт хэргийн бүрэлдэхүүн, түүний шинж байдлын ялгааг гаргах үүднээс гэмт хэргийн бүлгийг шинээр эрэмбэлж оруулсан байна.

Д.Маргад

Categories
мэдээ цаг-үе

Багтай хоёр залуу гал руу орж гараад байсан ч хүүхдүүдийг олоогүй

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн нутагт гэртээ цоожлогдсон гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 8-нд гарсан. Тэр өдрийн 14.13 цагт гал гарсан тухай дуудлагыг хүлээж аваад аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж гал унтраасан аж. Гэвч байшинд байсан гурван хүүхдийг аварч чадаагүй. Болсон явдлын талаар тэнд байсан эх сурвалжтай ярилцлаа. Хүүхдүүдийн аав ээж хэцүү байдалд байгаа учраас эх сурвалж нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Тавдугаар сарын 8-ны өдөр гал гарсан. Хүүхдүүд өдөр бүр гэртээ цоожлогддог байсан юм болов уу?

-А-ийн хоёр хүүхдийн том нь зургаан настай охин, бага нь хоёр настай хүү байсан юм шүү дээ. Хоёулаа цэцэрлэгт явдаг. Эмээ нь харж байгаад саяхнаас бага охиныг нь цэцэрлэгт явуулдаг болсон юм. Хаа сайгүй цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж байна гэдэг яриа гараад байгаа шүү дээ. Хятадын үсний хавчаарнаас бөөс үсрээд байна л гээд байгаа. Тийм хэл үгнээс болоод хоёр хүүхдэдээ чөлөө авчихсан, цэцэрлэгт нь явуулахгүй байсан юм. Харамсалтай нь хэрэг гарах үеэр эмээ нь Алаг-Эрдэнэ суманд байсан. Аав, ээж хоёр нь ажилтай гадуур гарахдаа хүүхдүүдээ гэртээ үлдээчихсэн хэрэг. Хүйтэн шуургатай, хуйсганасан өдөр байсан юм. Гадаа гараад даарчихна гэж бодсон хэрэг. Тийм гай зовлон тохионо гэж яаж таамаглах билээ.

-Арван настай хүү өөр сумаас тэднийд ирчихсэн байсан гэсэн үү?

-Эхнэрийнх нь эгчийн арван настай хүү Түнэл сумаас ирчихсэн. Хичээлээсээ чөлөө аваад, амралтынхаа өдрийг тааруулаад ирчихсэн байсан.

-Аав, ээж нь яваад хэр удсан бол?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Гал өдөр гарсан. Үдээс өмнө л аав ээж нь явсан гэж ярьсан.

-Та гал гарсныг яаж мэдсэн юм бэ?

-Галын машин дуугараад, тэдний гудамжнаас улаан гал харагдаад эхэлсэн. Яваад очиход галынхан ирчихсэн. Өнөөх хөөс, усаа цацаж байсан. Гал гэж тамтаггүй. Улаан гал дүрэлзээд, утаа униар гэж хэлэх үг байхгүй.

-Тэнд олон хүн байсан уу?

-Тэр гудамжныхан бараг бүгдээрээ цуглачихсан байсан. Хүмүүс шуугилдаад, дайраад эмх замбараагүй л байсан.

-Галыг хэр хугацаанд унтраасан бол?

-Бараг 16.00 цагийн орчимд гал бүрэн унтарсан болов уу. Их том байшин шүү дээ.

-Хоёр цаг гаруй хугацаанд хүүхдүүдийг гаргаж чадаагүй гэж үү?

-Хамгийн гол нь дуудлага оройтож өгсөн. Гал дүрэлзчихсэн байхад дуудлага өгсөн юм билээ. Онцгойгийнхноос гадна тэнд байсан хүмүүс хүртэл дайраад, унтраах гэж үзээд байсан.

-Хүүхдүүдийн аав ээж хэзээ нь ирсэн бол?

-Аав нь бараг онцгойгийн­хонтой хамт шахам ирсэн. Ээж нь нэг мэдэхэд л ирчихсэн байсан. Бас ээжийнх нь ах ирчихсэн. Тэд бүгд гэр рүүгээ орох гэж зүтгээд онцгойгийнхон хориглоод байсан. Хүүхдүүд нь гал дунд байхад аав ээж нь дайралгүй л яах вэ. Ухаанаа алдчихсан байгаа шүү дээ. Ерөөсөө хүчрэгдэхгүй байсан.

-Цонхны төмөр хаалт, хаалгыг нь онгойлгох боломж байгаагүй юм болов уу?

-Онцгойгийнхныг ирэхээс өмнө тэнд байсан хүмүүс хаалгыг нь эвдчихсэн байсан. Дүнзэн модыг хэдэн талаас нь өргөж ирээд хаалгыг цохиж эвдсэн. Гэхдээ тэр үед гал дүрэлзчихсэн байсан болохоор орж чадаагүй. Онцгойгийнхон ирээд цонх онгойлгох гэж их цаг алдах шиг харагдсан. Гал руу ойртож болохгүй байсан юм болов уу гэж бодсон.

-Онцгойгийн аврагчид байшинд орсон юм уу?

-Багтай хоёр залуу гал руу орж гараад байсан ч хүүхдүүдийг олоогүй. Амандаа галаас хамгаалах баг зүүгээд гал руу ороод төд удалгүй гарч ирээд байсан. Хүүхдүүдийн аав бас зэрэгцэж орох гээд дайраад байсан учраас хоёр, гурван аврагч хориглоод байсан.

-Туршлагатай гал сөнөөгчийн ярьж байгаагаар гал гарах үед хүмүүс орон доороо хамгийн түрүүнд нуугддаг. Үүнийг аврагчид мэдэж байх ёстой гэсэн?

-Зургаан настай охин дүүгээ аваад орон доороо хөнжлөөр хучаад хэвтчихсэн байсан байна лээ. Унтлагын өрөөнд аврагчид орсон ч хараагүй гэсэн. Гал нэлээд намжсаны дараа аав нь ороод яг орондоо хүрч байхад аврагчид хориглоод буцаад гаргачихсан юм билээ. Хэрвээ аав нь цаашаа нэг алхсан бол хүүхдүүд дээрээ оччих байсан. Дэндүү харамсалтай зүйл болсон. Галд хүмүүс орон дор ордог гэдгийг мэргэжлийн биш бид яаж мэдэх билээ. Харин аврагчид амьдрал дээр биш гэхэд хичээл номноосоо үзсэн л баймаар юм. Хоёр залуу байшин руу хэд, хэдэн удаа орохдоо орон дор шагайсан бол хүүхдүүдийг олчих байсан юм билээ. Аав нь зөнгөөрөө хүүхдүүддээ ойртсон байх. Харамсалтай нь аварч чадаагүй.

-Арван настай хүү цонхныхоо дэргэд ухаан алдсан гэсэн үү?

-Тэр гэрт байсан хамгийн том хүн шүү дээ. Тэгээд л дүү нараа аврах гэж оролдсон бололтой юм билээ, хөөрхий. Цонхыг гараараа хагалсан бололтой хуруу, гар нь зүсэгдсэн байсан. Бас хагалсан цонхоороо толгойгоо гаргах гэсэн бололтой хүзүү нь зүсэгдчихсэн байсан. Онцгойгийнхон ирэхэд тэр гурван хүүхэд ухаан алдчихсан байсан бололтой. Дуу чимээ гарахгүй байсан. Нялх амьтад амьд гарах гэж чадлаараа зүтгэсэн нь харагдсан. Даанч тэнд байсан олон том хүн яаж ч чадалгүй харсаар байгаад хөөрхий хүүхдүүдийг алдчихлаа. Мөрөн сумын ЗДТГ-ын ажилтнууд, цагдаа, прокурор бүгд байсан шүү дээ. Болсон явдлыг бүгд харсан. Энэ явдлын дараа Жилчиг багийн Засаг дарга бас харамсалтайгаар амиа алдсан. Тийм аймшигтай зүйлийг хараад цочирдоод даралт харвачихлаа.

-Хүүхдүүдийн аав ээжид маш хүнд байгаа нь гарцаагүй. Мөрөн сумын удирдлагууд талийгаачдын араас буяны ажил зохион байгуулъя гэсэн ч аав ээж нь зөвшөөрөөгүй гэсэн.

-27 настай залуучууд шүү дээ. Нэг ангийн хоёр юм. Гэр бүл болоод зургаа, долоон жил болж байгаа. Гэрийн эзэн Өмнөговь аймагт замын компанид ажиллаж байгаад саяхан ирсэн. Эхнэр нь гэр зуураа ажил хийдэг. Боломжийн амьдралтай, сайхан айл байсан юм. Хоёр сайхан үрээ нэг өдөр, нүдэн дээрээ алдах ямар байх билээ. Аав ээж нь тун хүнд байдалд байгаа. Сумынхан нь талийгаач хүүхдүүдийг нутаглуулах ажил явдалд бүгд шахам оролцсон. Ажил явдлын үеэр олон хүн бужигнаад элдэв зүйл бодох сөхөөгүй байсан байх. Одоо хүмүүс нь шингэрээд аав ээж хоёрт улам хэцүү байх шиг байна. Хүмүүст хандаж хэлэхэд бие засах байсан ч хүүхдүүдээ битгий гэртээ цоожлоорой. Харгалзах хүнгүй битгий үлдээгээч гэж гуймаар байна. 10 минут гараад ажлаа амжуулаад ирэхэд арван жил баяр баясгалан бэлэглэсэн үр нь амиа алдах эрсдэл байдаг юм байна. Төсөөлж ч болохгүй гай гэдэг нэг л өдөр нөмөрчихдөгийг мэдэрлээ. Хүүхдээ хараанаасаа битгий салгаарай л гэж аав, ээжүүдээс гуймаар байна. Тэр өдөр гал үүднээс амбаарын дээврээс эхэлж гарсан гэсэн. Цахилгааны утаснаас гал авалцсан юм уу даа. Тийм гай тохионо гэж хэн, яаж таамаглах билээ. Аав ээж хоёр нь өөрсдийгөө буруутгаад хүнтэй ч таван үг солихгүй хэцүү байна. Онцгойгийнхон, аврагчид, тэнд байсан хүмүүсийг буруутгалаа гээд бурханы оронд одсон хүүхдүүд нь эргээд ирэх биш. Хэн нэгэнтэй заргалдлаа гээд өнгөрсөн цаг хугацааг буцааж болох биш. Өөрийгөө зүхлээ гээд араас нь үхчихэж болдоггүй хорвоо хойно. Ийм л гай зовлон, уй гашуу тохиолдчихоод байна. Дахиад олон айл ийм хагацал битгий үзээсэй. Өмнө нь гэртээ байсан хүүхэд галд амиа алдлаа гэдэг мэдээ сонсож, үзээд харамсдаг байснаас сайн ойлгодоггүй, ухаарал авдаггүй байж. Энэ гурван хүүхдийн тухай сонссон, уншсан бүх хүн хүүхдээ гэртээ битгий үлдээж байгаач гэж хүсч байна. Хэцүү, түвэгтэй байсан ч хүүхдээ хөтлөөд, дагуулаад явж байгаарай гэж гуймаар санагдах юм.

Б.ТЭРГЭЛ

Categories
мэдээ соёл-урлаг

“Хаврын гоёл” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

“Хаврын гоёл 2015” наадам өнөөдөр МҮЭСТОрдонд болно. Тус наадамд дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн ураа шингээсэн бүтээлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ тодруулдаг юм.

Тус наадам нь энэ сарын 18-21-ны хооронд үргэлжлэх бөгөөд наадамд оролцогч сургууль тус бүр зохион байгуулагчдаас гаргасан хуваарийн дагуу оролцогч оюутнуудынхаа бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, хувцас загварын шоугаа танилцуулсан.

Тэгвэл өнөөдөр “Дизайн” урлагийг хөгжүүлэхэд түлхэц болох үүднээс энэ чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд болон оюутнуудын дунд зохиогддог энэхүү наадмын “Гала” тоглолт МҮЭСТ-нд 15:00 цагт болох юм.