Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар уран баримал” нэмэгдэнэ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар –Уран баримал” наадам зохион байгуулж байна. Энэхүү наадмын хүрээнд чөлөөт уран бүтээлчдийн дунд уран баримлын загварын уралдаан зарласан бөгөөд уралдаанд нийт 45 уран барималчийн 88 бүтээл ирэв. Үүнээс шалгарсан 15 бүтээлийг нийслэлийн гудамж талбайд уран барималчид өөрсдөө урлан байршуулах юм. Шалгаруулалтын нэгдсэн дүнг энэ сарын 25-нд гаргаж олон нийтэд зарлана. Энэхүү наадам нь нийслэлд хот чимэглэлийн уран баримал, шинэлэг загвар, шийдэл бүхий мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Монголын өв соёл, ёс заншлийг хүүхэд залууст сургах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй.

Наадамчдын замд байршуулахаар “Хүннү”, “Ах дүү хоёр өвөөтэйгөө”, “Талын онго”, “Тэмээ”, “Мянга сонсохоор нэг үз”, “Сүмбэр уул”, “Домог”, “Андгай”, “Хайрын төгөлд”, “Үнсэлт”, “Хавар”, “Залбирал”, “Монгол гэр бүл”, “Болзоо”, “Сарны гүнж” зэрэг түүх, монгол ёс заншил, орчин үеийн сэдвээр туурвисан олон баримлыг урлажээ. Монголын урчуудын эвлэлийн дарга Б.Төмөрбаатар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтсийн дарга Д.Энхцогт, Улаанбаатар хотын Ерөнхий зураач Л.Болд, Монголын Архитекторуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Балдан нар шүүн нэгдсэн дүнг гаргах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Bid4 Back to the 90’s” тоглолт маргааш болно

Маргааш “Bid4 Back to the 90’s тоглолтоор залууст бэлэг барих гэж байгаа “Бид4” хамтлагийнхантай ярилцлаа.

-Ковер тоглолт гэдгийг анхны бие даасан тоглолт гэж андуурч байгаа хүмүүс байгаа байх?

-Энэ бол “Бид4” хамтлагийн зохион байгуулж байгаа ковер тоглолт. Анхны бие даасан тоглолт биш шүү дээ. 1990-ээд оны шилдэг, хит дуунуудаас бүрдсэн тоглолтоо бид энэ сарын 23-нд буюу ирэх бямба гаригт тоглох гэж байна.

-Залуусыг яагаад заавал 1990-ээд оноор буцаан аялуулъя гэж шийдэв?

-Бидний үеийн залуус чинь 1990-ээд оны хүүхдүүд шүү дээ. Хүүхэд байхдаа сонсдог, дагаж дуулдаг байсан дуунуудаа эргэн сэргээхийг хүслээ. Тэр дуунуудад дуртай байсан залуусын дурсамжийг нь сэргээхийг хүссэн юм. “Backstreet boys”, “East 17”, “Boyzone”, “Take that”, “Boyz II men”, “All4one” гээд тэр үещийн шилдэг хамтлагуудын хит дуунуудыг тоглолтдоо багтааж байгаа. Эдгээр хамтлагуудын дуунд дуртай, тэр үеийн дуунуудыг сонсох хүсэлтэй олон хүмүүсээс санал ирсэн учраас энэ тоглолтоо хийж байгаа юм.

-Тэгвэл яг хамтлагийнхаа анхны бие даасан тоглолтыг хэзээ тоглохоор төлөвлөж байна?

-Ирэх намраас байх болов уу. Төлөвлөөд л явж байна.

-Үзэгчдийг олон олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа гэсэн. Зах зухаас нь задлаач?

-Дан залуус хамтран энэ тоглолтыг зохион байгуулж байна л даа. Тоглолтонд “Камертон” хамтлагийн ах нар маань оролцоно. Мөн “Soul beat crew” оролцоно. Маш гоё дуунууд дуулна. Мөн тоглолт 100 хувьд амьд тоглогдоно шүү дээ. Хөгжмийг “Fix” хамтлагийнхан тоглож байгаа. Маш мундаг хамтлаг шүү дээ.

-Тоглолт болоход хэдхэн хоног үлдээд байна шүү дээ. Бэлтгэл хэдэн хувьтай явагдаж байна?

-Тун сайн байгаа. Тоглолтонд дуулагдах дуунууд бэлэн болчихсон. Биднийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа олон сайхан хүмүүс байна. “Камертон” хамтлагийн ах нар, “Боловсрол суваг” телевизийн хамт олон, “Эмоци” продакшныхан, “ТВ коктейль” хамтлагийнхан гээд биднийг дэмжиж байгаа олон сайхан хүмүүс байгааг хэлмээр байна.

-Тоглолтын үеэр 1990-ээд оныг санагдуулам орчныг бүрдүүлнэ гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Олон сонирхолтой зүйлсийг хийх гэж хичээж байна. “АПУ” компанитай хамтран ажиллаж байгаа. Биднийг хүүхэд байхдаа идэх дуртай байсан печень, чихэр, уух дуртай байсан ундааг яг тэр үеийн амттайгаар нь энэ үдэшт зориулан хийлгэж байгаа. Мөн яг тэр үеийнх нь үнээр худалдаална. Энэ мэтчилэн олон сайхан дурсамж сэргээсэн зүйлсийг бэлтгэж байна. Үзэгчид маннь ч яг л тэр үеийн стилиэр хувцаслаж ирвэл гоё шүү дээ. “Бид4” ч мөн тиймэрхүү маягаар хувцаслана. Үзэгчдээ ч тоглолтын нэг хэсэг болоосой гэж хүсч байна.

-Одоо “Бид4” хамтлагийн шинэ уран бүтээлийн сониноос сонсъё. Дараагийн цомгоо хэзээ гаргах вэ?

-Ирэх зургаадугаар сарын босгон дээр шинэ дуугаа хүргэнэ. Энэ зуныг маш завгүй ажиллаж өнгөрөөх төлөвлөгөөтэй байна. Бид шинээр нэг биш хоёр цомог гаргахаар ажиллаж байгаа. Энэ хоёр шинэ цомог ирэх аравдугаар сард бэлэн болно. Хагжимгүй, a-capella дуунуудаас бүрдсэн нэг цомог, нөгөө нь цэвэр R&B цомог байх болно.

Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй ХАРВОНИ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлээ

АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирүсийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын хурлаар хэлэлцүүлэв.

“Gilead Sciences”–н бүтээсэн Совалди-Собосфовир болон Харвони эмүүд зөвхөн элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ ДЭМБ болон АНУ-ын Хүнс Эмийн Агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэгдсэн бүтээгдэхүүнүүд юм. Элэгний С вирүсийг эмчлэх нэг дэх эм болох Софосбувир нь бусад вирүсийн эсрэг интерферон болон рибавирин эмүүдтэй хавсран хэрэглэгдэх юм.

Харин ХАРВОНИ эм нь эмчийн хяналтад хепатит С вирүсийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны / эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жор дээрх зааврын дагуу ууж хэрэглэнэ, бусад вирүсийн эсрэг эмүүдтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй. Эмчилгээний хугацаа нь өвчний байдлаас шалтгаалан 3-6 сар байна.

Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд үндсэн судалгаа нь гурван шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүн 96-99 хувь байсан. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд хэрэглэж байна.

Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийн бүртгэлийн материал нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 22 дугаар зүйлд “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 13 дугаар тушаал “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-ын шаардлага хангасан тул ийнхүү улсын эмийн бүртгэлд бүртгэлээ.

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан хепатитийн С вируст халдварын илрүүлэг, оношлогоо, эмчилгээний зааврын дагуу дээрх эмүүдийг эмчилгээнд хэрэглэгдэх болно.

Categories
мэдээ улс-төр

“Азийн ирээдүй” олон улсын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

“Ази тив 2015 oноос чинагш: Өнө мөнхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн эрэлд” сэдэвт олон улсын 21-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг

Эрхэмсэг зочид оо,
Хатагтай, ноёд оо,

Никкей чуулганы тухайд

Ази тивийн нэр хүндтэй манлайлагчид, эрхэмсэг та бүхэнтэй энэхүү чуулган дээр уулзаж байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. Бидэнд энэ арга хэмжээнд оролцох таатай боломж олгосон Никкей болон Японы Эдийн Засгийн Судалгааны Төвд гүн талархал илэрхийлье.

Никкей тус чуулганыг манай үеийн хамгийн агуу удирдагчдын нэг болох Ли Куан Юү тэргүүтэй Азийн шилдэг лидерүүдтэй хамт анх 1995 онд зохион байгуулж эхэлснийг бид сайн мэднэ.

“Азийн Ирээдүй” чуулган нь өнөөдөр Азийн бүс нутгийн хөгжлийн талаар хэлэлцэх хариуцлагатай индэр болоод зогсохгүй харилцан ойлголцох, аюулгүй байдал, нийтлэг үнэт зүйлсээ хамгаалах тухай ярилцах таатай нөхцлийг бүрдүүлж ирснийг дурдахад таатай байна.

Энэ удаагийн чуулганы “Энхтайван болон хөгжил цэцэглэлтийн төлөө” сэдэв бол бид бүхний хувьд үнэхээр цаг үеэ олсон чухал сэдэв юм.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Азийн улс орнууд улс төр, эдийн засгийн олон сорилт бэрхшээлтэй тулгарсан хэдий ч эдийн засгийн хувьд өндөр амжилт үзүүлж чадлаа. Азийн санхүүгийн хямрал, дэлхийн санхүүгийн хямралыг Азийн улс орнууд амжилттай даван туулж, чамгүй туршлага хуримтлууллаа.

21-р зууныг Азийн зуун гэж хэлдэг. Дэлхий дахины аливаа асуудалд Ази тивийн эзлэх байр суурь, үүрэг хариуцлага хүмүүсийн төсөөлснөөс хавьгүй их жин эзлэх болсон бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжлэхээр байна.

Ази тивийн бүх улс орнуудын дунд харилцан илтгэлцэл, илүү нягт хамтын ажиллагаа, бүс нутгийн интеграцчилалыг дэмжих аваас Ази тивийн амжилтын хөшүүрэг болно гэдэгт би итгэдэг.

Азийн улс орнуудын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлвэл Ази тивийн хөгжлийн суурь улам батжих болно. Энэ нь дэлхий нийтэд ч өнө мөнхийн энхтайван, хөгжлийг авчрах учиртай.

Монголын талаар

Энэ жил дэлхийн олон оронд түүхэн ой, баяр ёслол тохиож байна. Монгол Улс энэ жил Ардчилсан хувьсгалынхаа 25 жилийн ойн баяраа тэмдэглэж байна.

Монгол бол эртний арвин өвтэй, өвөрмөц соёлтой, хосгүй үзэсгэлэнт байгальтай орон. Энэ нутагт эрх чөлөөт, эрэлхэг зоригт, энхийг эрхэмлэгч, эрэмгий зүтгэлт ард зон аж төрөн суудаг. Монголын төрт ёс олон зуун дамжсан түүхэн уламжлалтай.

Монголчууд хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан эзэнт гүрэн байгуулж байсан билээ. Их Монгол Улсын ард иргэд “Их Засаг” хэмээх бичмэл хуулинд захирагддаг байв. Тэр үед ч монголчууд чөлөөт худалдаа, шашин шүтэх эрх чөлөө, олон ургальч байдлыг хөхүүлэн дэмжиж, нээлттэй гадаад бодлого баримталж ирсэн.

Их Монгол Улс Ази, Европ, Ойрхи Дорнодын орнуудтай идэвхитэй харилцаатай байсан юм. Тухайн үед Монголчууд шударга ёс, энхтайван, хамтын ажиллагааг эрхэмлэн бусад улс, үндэстнүүдтэй харилцаж, дэлхий дахинаа шинэ засаглал тогтоохыг эрмэлздэг байсан.

Хөгжил цэцэглэлт, уналт доройтлыг туулан, бусдыг захирч, бусдын эрхшээлд орон явсаар өнөөгийн Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо 20-р зууны эхэнд олж авсан билээ.

Тухайн үед дэлхийн цагийн байдал ороо бусгаа байсан бөгөөд 1920-иод оны эхээр Монгол 70 жил үргэлжилсэн коммунизмын ноёрхолд автсан юм.

Өдгөөгөөс 25 жилийн тэртээ эрх чөлөөгөө олж авах уу, эсвэл чулуун хананыхаа цаана түгжигдсээр үлдэх үү гэсэн сонголтын өмнө монголчууд тулж ирлээ. Бид дэлхий нийтийн жишгийг дагаж, эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг сонгосон.

Монголын ардчилсан хувьсгалаар нэг ч цонх хагараагүй, дусал цус ч асгараагүй юм.

Улс төр, эдийн засгийн нэгэн зэрэг шинэтгэл нь Азийн оронд таарахгүй гэж одоо ч олон хүн итгэсээр байдаг. Бид 1990-ээд оноос хойш улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын шинэчлэлийг нэгэн зэрэг хийж энэ хуучин хэвшмэл ойлголтыг эвдсэн.

Монгол Улс өнөөдөр чөлөөт ардчилал, зах зээлийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж чаджээ. Өнөөгөөс 20 жилийн өмнө ДНБ-ний дөнгөж тав хүрэхгүй хувийг үйлдвэрлэж байсан хувийн хэвшлийн салбар өнөөдөр ДНБ-ний 80 гаруй хувийг бүрдүүлэн, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болоод байна.

Хөрөнгө оруулалт:

Эдийн засгийн бүхий л салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг бид дэмждэг. Энэ салбарын татварын хэмжээ Ази-Номхон далайн орнуудын татвартай харьцуулахад хамгийн багадаа орно.

Шинээр баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Монголын хөрөнгө оруулалтын орчин эрс сайжирсан. Мөн бид Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль шинээр баталж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчилсэн.

Одоо бидний нэн тэргүүний зорилт бол эдийн засгийн өндөр өсөлтөө хадгалж үлдэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхэд оршино.

Уул уурхайн төслүүдээс гадна томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байгаа тул эдгээр зорилтдоо хүрэх бололцоо бидэнд бий.

Энэ дашрамд Монголын ард түмний нэрийн өмнөөс Японы Засгийн газар болон бусад улс орнуудад хандан Монголын ардчилал, зах зээлийн шилжилтийн мөчид биднийг дэмжин, манай улс орны өнөөгийн тогтвортой хөгжлийн үндэс суурийг тавихад тусалсанд талархаж буйгаа илэрхийлье.

Бидэнд тулгарч буй сорилтууд:

Эдийн засаг:

Монголын эдийн засгийн хөгжил хэдэн жилийн өмнө дэлхийд тэргүүлсэн. Гэсэн хэдий ч энэ өсөлт сүүлийн хоёр жил дараалан буурсан нь Монголын эдийн засаг уул уурхайн салбар, ашигт малтмалын экпортоос хэтэрхий хараат болсных юм.

Энэ ухралтаасаа бид суралцаж байна. Тогтвортой өсөлтийг хангаж, өмнөх хурдаа эргэж гүйцэхийн тулд төсвийн орлогыг үр ашигтай зарцуулах, институцийн чадавхийг нэмэгдүүлж, улстөр, хууль эрхзүйн тогтвортой орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт илүү төвлөрч эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ байгалийн баялгаас олсон орлогыг үр ашигтай зарцуулах, оновчтой хөрөнгө оруулалт хийх, ирээдүйдээ нөөцөлж хадгалах гэх зэрэгт зохистойгоор хуваарилахыг бид маш сайн суралцах шаардлагатай.

Өнөөдөр монголчууд бид олон сорилт бэрхшээл, амаргүй шийдвэртэй тулгарч байна. Эдгээр асуудал бэрхшээлийг бид нээлттэй, ил тод, иргэдийнхээ оролцоотой шийдвэрлэх зарчим баримталдаг.

Улс төр:

Хэдийгээр Монголд нээлттэй ардчилал хөгжсөн ч манай улстөрд хариуцлага хүлээж шийтгэгддэггүй байдал, фракц, бүлэглэл, популизмын нөлөөлөл хүчтэй үйлчилсээр байна.

Бид хууль эрхзүйн тогтолцоогоо шинэчилж, шийдвэр гаргах тогтолцоон дахь гажуудлаа засах хэрэгтэй. Монголын төр засаг, иргэний нийгэмд сайн институциуд үгүйлэгдсээр байна.

Өнөөдөр Монголчууд бид маш олон сорилт, амаргүй шийдвэртэй нүүр тулж байна. Эдгээр асуудлуудыг бид илүү нээлттэй, илүү ил тод, илүү олон иргэдийн оролцоотой шийдвэрлэх зарчим баримталж байна.

Бидний гол итгэл найдвар бол манай нийгэм, ард түмэн юм. Хорин таван жилийн дотор бид орчин үеийн техник технологи мэддэг, нээлттэй, шүүн тунгаах чадвар бүхий цоо шинэ үеийг өсгөн бойжуулж чадлаа. Монгол бол эрч хүчтэй, бүтээлч, уян хатан нийгэм. Энэ бол бидний олсон хамгийн чухал амжилт билээ.

Туршлагаа хуваалцах нь:

Ардчилал болон хөгжлийн талаар бусдад зааж сургах гэсэн санаа бидэнд байхгүй. Харин бид бусадтай хуваалцах хэмжээний чамгүй туршлага хуримтлуулжээ.

Ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжихдээ бид олон орноос дэмжлэг авсан. Үүний дотроос Япон бол манай улсын хөгжилд хамгийн том хувь нэмэр оруулсан улс юм.

Одоо бидний хувьд өөрийн олсон туршлагаа бүс нутгийнхаа бусад улс оронтой хуваалцахад өөрсдийн зүгээс тодорхой цаг, хөрөнгө гаргах ээлж болжээ.

Бид парламентын ардчилал, эрхзүйн реформын талаар Киргизстантай туршлагаа хуваалцаж байна. Мөн Афганистаны дипломатууд, төрийн албан хаагчдыг сургаж байна. Мъянмарын хэвлэлийн салбарын мэргэжилтнүүд, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллийг Монголдоо сургаж, БНАСАУ-ын төлөөлөгчидтэй эдийн засаг, аюулгүй байдлын талаар санал солилцож байна.

Монгол 23 жилийн өмнө цөмийн зэвсэггүй орон хэмээн өөрийгөө зарлаж, үүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орон хүлээн зөвшөөрсөн. Бид өөрийн аюулгүй байдлаа улс төр, дипломат харилцаа, эдийн засгийн аргаар хамгаалахыг чухалчилдаг.

Монгол 2009 оноос хойш ялын дээд хэмжээг зогсоосон. Бид ялын дээд хэмжээг бүрэн цуцлах байр суурьтай.

Амьдрах, оршин тогтнох өөр арга зам бий шүү дээ. Цөмийн зэвсэггүйгээр амьдрах арга зам бий. Ялын дээд хэмжээгүй амьдрах арга зам бас бий.

Монгол ба бүс нутгийн хамтын ажиллагаа / АПЕК, АСЕАН, ЭРИА /

Ази, Номхон далайн эдийн засаг, харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмждэг гол форум бол АПЕК. Хөгжиж буй эдийн засагтай, Ази, Номхон далайн орны хувьд Монгол Улс АПЕК-ийн гишүүн болохыг эртнээс эрмэлзэж ирсэн.

Ази, Номхон далайн бүх улс оронтой улс төрийн найрсаг харилцаатай Монголчуудын хувьд АПЕК-т өөрийн бодит хувь нэмрээ оруулах хангалттай боломж бий гэдгийг та бүхэнд бататган хэлэхийг хүсч байна.

Бид АСЕАН-ыг бүс нутагт болон цаашилбал олон улсын тавцанд ч маш чухал ач холбогдолтой байгууллага хэмээн ямагт үнэлж ирсэн. Азийн арван улсыг геополитикийн болоод эдийн засгийн холбоонд нэгтгэнэ гэдэг чухал амжилт юм.

АСЕАН-ын илүү өргөн хүрээг хамарсан АРФ форум нь умард болон зүүн өмнөд Азийн орнуудыг нэгдсэн аюулгүй байдал, хамтын ажиллагааны үйлсэд нэгтгэн оруулахад чухал үүрэгтэй.

Монгол Улсыг 2014 оны наймдугаар сард АСЕАН-ын Гадаад хэргийн сайд нарын чуулганд оролцуулсан нь биднийг тус байгууллагын гишүүн орнуудтай илүү ойр, илүү өргөн хүрээнд нягт хамтран ажиллах эрмэлзлийг таатай хүлээн авсны илэрхийлэл болсон юм.

Бид ЕРИА-гийн /АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн/ гишүүн орон болох зорилт тавьсан. Тус байгууллагын гишүүн болохын тулд Зүүн Азийн Саммитын гишүүн байх шаардлагатай.

Монгол-ЕРИА-ийн яриа хэлэлцээний дүнд тус байгууллагын удирдах зөвлөл Монголыг ЕРИА-гийн гишүүн болгох асуудлыг хэлэлцэнэ гэж үзэж байна.

Мөн Монгол улс нь Европ болон Азийн улс орнуудын харилцаа хамтын ажиллагааг дэмжих Евразийн цорын ганц форум болох Ази-Европын чуулга уулзалтын /АСЕМ / идэвхитэй гишүүн орон байсаар ирсэн.

Тус форумын 20 жилийн ойгоор монголчууд бид АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалтыг эх орондоо зохион байгуулах болсондоо таатай байгаа.

Энэ дашрамд төр засгийн тэргүүдийг Улаанбаатарт 2016 оны зун болох АСЕМ-ын уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Япон – Монгол ЭЗХАХ

Япон бол Монголчууд бидний эртний анд нөхөр. Эрт цагаас Монголчууд Япон улсыг “Их наран улс” хэмээн нэрийдэж ирсэн.

Манай хоёр улс олон салбарт найрсаг харилцаатай, энэ харилцаа байнга өргөжиж ирсэн. Манай хоёр орны харилцаанд гарсан маш том дэвшлийг энд онцлон дурдахыг хүсч байна.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан явдалд Япон улсын Засгийн газар болон ард түмэнд Монголын ард түмэн баяр хүргэж, чин сэтгэлээс талархаж явдгаа илэрхийлж буйг миний бие уламжилъя. Монголын хувьд Эдийн засгийн хамтын ажиллагааны анхны хэлэлцээрээ Япон улстай байгуулсныг ихэд билэгшээн үзэж байна.

Бид энэхүү Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулснаар зөвхөн Япон улстай худалдааны харилцаагаа сайжруулаад зогсохгүй бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц болж, манай орны гуравдагч хөршийн бодлогод угтаа эдийн засгийн маш бодитой агуулга, үнэ цэнэ нэмсэн явдал боллоо.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр нь манай хоёр орны эдийн засгийн дипломат харилцааны түүхэн дэх чухал үйл явдал болсон. Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр нь хоёр орны худалдааны эргэлтийг өсгөөд зогсохгүй Японоос орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тустай. Учир нь энэхүү хэлэлцээр нь худалдааны үед үүсэх татвар, үнэ тарифын асуудлыг тусгаж, гаалийн шат дамжлагыг хялбаршуулж, Японоос технологи авах бололцоог нэмж байгаа юм.

БНХАУ – Монголын харилцаа

Ази тивийн цаашдын хөгжил цэцэглэлт Хятадын амжилтаас хамаарна. Хятад улс нь сүүлийн жилүүдэд Монгол төдийгүй Азийн маш олон улс орнуудын хувьд худалдааны хамгийн том түнш байж ирсэн.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний өнгөрсөн онд манай улсад хийсэн айлчлал бол тус улсын хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд өгч буй ач холбогдлын томоохон илрэл болсон.

Хятадын өсөн нэмэгдэх сүр хүч, ашиг сонирхол хөрш орнуудад нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн таамаг нийтлэг байдаг. БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлэхдээ “Хятад Улс хөрш Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний өөрийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн үзнэ” гэж онцлон тэмдэглэсэн. Энэ нь тус улс сайн хөршийн харилцаагаа өндөрт эрхэмлэж буй хандлагыг харуулж байна.

Хятад улс харилцан үр өгөөжтэй хөгжлийг эрхэмлэн, хөрш орнууддаа боломж, орон зай олгохыг эрмэлзэж байгааг маш сайн илтгэж байна. Хятад орон илүү нээлттэй, илүү хөгжингүй байх тусам хөрш орнууд, бүс нутагт төдийгүй дэлхий нийтэд илүү их боломж бололцоо авчирах билээ.

Хатагтай, ноёд оо,

Монгол ба Зүүн хойд Ази

Зүүн хойд Ази бол маш олон талаар өвөрмөц бүс нутаг гэдгийг бид сайн мэднэ.

Нэгдүгээрт, энд “хүйтэн дайны” ул мөр үлдэн хоцорсон.

Хоёрдугаарт, Монгол бол төвийг сахисан улс. Бид ямар ч улс оронтой маргаан байхгүй. Монгол улс энэ бүс нутагт энхтайван, аюулгүй байдлыг тогтооход “шударга зуучлагч” байж чадна.

Дээрх хүчин зүйлсийг бодолцож миний бие 2013 оны гуравдугаар сард “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр” санаачилгыг дэвшүүлсэн. Энэ нь бүс нутаг хамарсан Хелсинкийн яриа хэлэлцээртэй төстэй санаачлага юм. Энэхүү санаачилгыг би үүнээс нэг сарын дараа Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн долдугаар бага хурлын үеэр албан ёсоор дэвшүүлсэн юм.

Чухамдаа Монголын дипломатчдын хүчин зүтгэлээр БНАСАУ болон Японы хамтарсан ажлын хэсэг Улаанбаатарт 2007 болон 2012 онуудад тус тус хуралдсан. Энэ уулзалт нь зургаан талт хэлэлцээрийн үйл ажиллагааг дэмжих, харин орлох зорилго агуулга огт байхгүй билээ.

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр”-ийн хүрээнд бид Зүүн хойд Азийн Эмэгтэй Парламентчдын чуулган / 2013 оны арваннэгдүгээр сар /, Зүүн хойд Азийн Аюулгүй байдал Улаанбаатарын яриа хэлэлцээрийн олон улсын анхдугаар чуулган / 2014 оны зургадугаар сар /, Зүүн хойд Азийн Хотын захирагчдын чуулга уулзалт / 2014 оны наймдугаар сар /, Зүүн хойд Азийн Эрчим хүчний хамтын ажиллагаа семинар – Мэргэжилтнүүдийн түвшний уулзалт / 2015 оны гуравдугаар сар /, Зүүн хойд Азийн Залуучуудын Симпозиум / 2015 оны тавдугаар сарын 20-нд / зэрэг хэд хэдэн хурал, семинар, сургалтыг тус тус зохион байгууллаа.

Мөн бид Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь хурлыг 2015 оны зургадугаар сарын 25-нд зохиохоор төлөвлөсөн.

БНСУ-ын Ерөнхийлөгч дээрхтэй төстэй санаачилга гаргасан ба бид тус улсын төлөөлөгчидтэй энэ тал дээр хамтран ажиллах тухай ярилцаж байгаа. Энэ тал дээр хоёр талын санаачлагын давуу талуудыг нэгтгэж, харилцан сайжруулах өргөн боломж бий гэж үзэж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр хоёр Солонгосын хоорондын итгэлцлийг бэхжүүлэх нь чухал бөгөөд ингэж чадвал хоёр улс хоорондын маргааныг энхийн замаар шийдвэрлэх боломжтой.

Та бүхний мэдэж байгаагаар Монгол Улс Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад 2012 онд гишүүнээр элссэн.

Азийн орны иргэд бид олон улсын туршлага, түүхээсээ сургамж авах хэрэгтэй. Энд бид бусдын туршлагыг шууд хуулбарлах хэрэгтэй гэж хэлэхийг хүссэнгүй. Ази, Номхон далайн бүс нутаг, ялангуяа Зүүн Хойд Ази бусад улс орноос өвөрмөц гэдгийг бид бүгд сайн мэднэ шүү дээ.

Европын улс орнууд бол энхтайван замаар зэрэгцэн орших тал дээр асар их туршлага хуримтлуулсан. Хельсинкийн яриа хэлэлцээ өдгөө арав гаруй жил үргэлжилж байж төрхөө олсон. Зүүн Хойд Азийн хүвьд үүнээс ч илүү удах магадлалтай. Гэсэн ч бид яриа хэлэлцээний механизмыг бий болгохын төлөө одооноос эхлээд ажиллах нь чухал билээ.

Тулгамдаж буй зарим бэрхшээл, боломж

Азид ирэх олон арван жилийн хугацаанд гарах хамгийн томоохон өөрчлөлт бол Хятадын хөгжил, түүний нөлөө гэдэгтэй бид бүгд санал нийлэх биз ээ.

Нөгөөтэйгүүр Япон-Хятадын харилцаа эсвэл Ази, Номхон далайн бүс дахь АНУ-ын нөлөө, байр суурь Азийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж болно. Мэдээж зарим маргаантай асуудлуудын тодорхой бус байдал, хүчний хуваарилалтын асуудал одоо ч байгаа хэвээр.

Гэвч бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, цэвэр усны хомсдол, хүн амын хурдацтай өсөлт ба байгалийн баялгын тэнцвэрт байдал, шинэ ба дахин сэргэдэг халдварт өвчин, алан хядлага, үй олноор хөнөөх галт зэвсэг, байнга өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээ гэх мэт дэлхийн хэмжээний маш олон асуудлыг том ч бай, жижиг бай ямар ч улс орон дан ганцаар шийдэх боломжгүй.

Дэлхий нийтэд зайлшгүй тулгамдаад буй дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Азийн бүх улс орнуудын төрийн тэргүүнүүд нэгдмэл зорилгын дор бүс нутгийн интеграцичилалыг дэмжиж ажиллах ёстой.

Шилжилтийн улс орнуудын хувьд муу засаглал, институцийн чадавхижилтын сул байдал бол нийтлэг бэрхшээл юм. Өсөн нэмэгдсээр буй орлогын тэгш бус байдал, хуулийн өмнө эрх тэгш байх ёс хэрэгжихгүй байгаа зэрэг нь нийгмийн эмх замбараагүй байдлын суурь болж, эргээд бүс нутгийн тогтвортой байдлыг сэвтээх эрсдэл дагуулна. Эдгээр асуудлыг бид хамтын хүчээр, бүс нутгийн яриа хэлэлцээний дагуу шийдэх боломжтой.

Энд би энд үнэхээр сайхан боломж болж хувирч болох нэгэн чухал сорилтын талаар дурдъя.

Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Интернэтийн хэрэглээ, сошиал медиа, иргэний сэтгүүлзүйн хөгжил, Wikileaks болон Massive Open Online Course г.м зүйлс бидний уламжлалт сэтгэлгээ, өдөр тутмын амьдрал, үзэл санаанд маш том өөрчлөлт авчирч байна.

Төр засгийг компьютертэй зүйрлэвэл өөрчилж сайжруулахад хэцүү хардвэйр гэж би боддог. Харин ард иргэд бол шинэчилэгдэхдээ удаан хардвэйраас хамаагүй хурдан хялбар шинэчлэгддэг софтвэйр юм. Өнөөдрийн асуудлыг өчигдрийн аргаар шийдэж чадахгүй шүү дээ.

Төр засаг улам бүр томорч удаан, болхи болох хандлагатай байдаг. Ийм ч учраас би 2013 онд Монголд “Том төрөөс ухаалаг төр рүү ” санаачилгыг дэвшүүлсэн юм.

Би мэдээллийн технологи, инноваци, өндөр технологийн амжилтыг асар том боломж, хөгжлийн хэрэглүүр гэж хардаг. Иймээс бусад төр засгийн удирдагчдад хандан энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрч, дээрхийг дэмжиж ажиллахыг уриалж байна.

Чингис хаан “Морины нуруун дээр дэлхийн талыг эзлэх амархан байсан. Харин мориноосоо буугаад төрөө төвхнүүлэхэд хэцүү” гэж нэгэнтээ хэлсэн. Энэ сургааль үгийн энэ цэнэ өнөөг хүртэл оршиж байна.

Эрхэм нөхөд өө,

“Азийн Форум” санаачилга

Ази, Номхон далайн бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд Монгол Улс өндөр идэвхитэй, үр бүтээлтэй оролцох сонирхолтой байгааг давтан илэрхийлье.

Азид тодорхой зорилт өмнөө тавьсан бүс нутгийн олон институци, нэгдэл байна. Гэтэл Ази тивийн бүх орныг оролцуулсан, хүртээмжтэй үйл ажиллагаа явуулдаг, нэгдсэн тогтолцоо, механизм байхгүй байна гэж хэлэхэд буруудахгүй.

Өнөөгийн байнга өөрчлөгдөн хөгжиж буй нийгэмд бид Азийн улс орон бүр адил тэгш эрхтэйгээр оролцож, нийтлэг асуудал бэрхшээлүүдээ ярилцдаг, бүс нутгийн бат бөх индэр үүсгэн байгуулах шаардлага байна.

Бүгд энд нэг хором амсхийе. Дэлхийн бөмбөрцөг дээр Ази хаана байна вэ?

Хэвлэмэл газрын зураг дээр Ази тив ингэж харагдаж байна. Хэрэв та улс орноор нь ялган харвал НҮБ-ын 48 гишүүн Азийн орнуудын жагсаалтыг харж болно.

Ази тив дэлхийн хуурай газрын 30 хувийг эзэлдэг. Дэлхийн нийт хүн амын 60 хувь нь Азид амьдарч байна. Энэ нь бид 4.4 тэрбумуулаа гэсэн үг. Дэлхийн ДНБ-ийг худалдан авах чадварын харьцаагаар үнэлвэл Азийн 48 улсын арав нь нэг их наяд ам.доллараас дээш байна. Азийн орнуудын дэлхийн ДНБ-нд эзлэх хувь тавны нэг байснаас гуравны нэг болтлоо өсчээ. Гайхамшигтай биш гэж үү?

Манай Ази тив Номхон далай, Энэтхэгийн далай, Умард Мөсөн далай гэсэн гурван далай, Арабын тэнгис, Улаан тэнгис, Газар дундын тэнгис, Каспийн тэнгис, Хар тэнгис нийлээд таван тэнгис, Урал мөрөн, Уралын нуруу, Кавказын нуруугаар хүрээлүүлсэн билээ. Мөн Суэцийн суваг, Босфорын хоолойгоор холбогдсон. Эдгээр далай, тэнгис, гол мөрөн, суваг хоолой, уул нурууд биднийг дэлхийн бусад тивүүдтэй холбодог.

Тэгэхээр та бүхэн энэ газрын зургийг харлаа. Хил хязгаарыг харлаа. Бидэнд ямар агуу их боломж Ази тивд байгааг харж байна. Тэгвэл бид яагаад НҮБ-ын 48 гишүүн орнуудыг бүгдийг нь нэгтгэсэн бүс нутгийн эвсэл, хамтран ажиллах механизмыг үүсгэн байгуулж болохгүй гэж?

Иймд өнөөдөр би энэ боломжийг ашиглаад бүх Ази тивийн хамтын ажиллагааг дэмжиж, нийтэд нь нэгтгэсэн институци байгуулах шинэ санаачилгыг дэвшүүлж байна. Бид үүнийг “Азийн Форум” гэж нэрлэж болно. “Азийн Форум” нь аюулгүй байдал, эрхзүйт ёс, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн салбарт голчлон анхаарах хэрэгтэй.

Хамгийн чухал нь “Азийн Форум” Ази тивийн том бага гэлтгүй бүхий л тусгаар тогтносон улс оронд эрх тэгш оролцох боломжийг хангах ёстой. Энэ Форум нь Азийн бүх улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, хөгжлийн замналд саад болохгүй байхыг баталгаажуулах ёстой.

Форум нь ноёрхлыг үл тэвчиж, эрх тэгш байдлыг хангах тал дээр бүх улс орнуудын эрхийг баталгаажуулах ёстой. Дэлхийн тавцанд ганц ганцаар тэмцэлдэхийн оронд Азийн бүх улс орон хүчээ нэгтгэвэл зохилтой.

Монгол улс бидний цаг үед тулгамдаж буй зарим гол асуудлуудад гарц олж ажиллахын төлөө өөрийн бүхий л бололцоогоо дайчлахад бэлэн байна. Нээлттэй харилцаа холбоо, харилцан яриа нь улс орнуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлдэг гэдэгт бид итгэдэг.

Манай Гадаад хэргийн сайд энд бидэнтэй хамт байна. Бид Ази тивийн анд найз нартайгаа Монгол улсаас дэвшүүлж буй “Азийн Форум” санаачилгын талаар яриа хэлэлцээрийг цаашид улам гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Энэхүү санаачлагын талаар бид та бүхнээс нааштай санаа бодол сонсоно гэдэгтээ итгэлтэй байна.

Хүндэт нөхөд өө,

Дүгнэлт

Монгол Улс зүүн зүгт ардчиллын манлайлагчийн байр сууриа хадгалж үлдэх болно. Бид бүх улс орны шударга ёс, энхтайван, ардчилал, нэгдмэл эрх ашиг, хөгжлийн төлөө бат зогсох болно.

Хэрэв бид бие биесийнхээ тэнгэрлэг хүсэл тэмүүлэл, итгэл найдварын төлөө хамтдаа зогсч чадвал бид өөрсдийнхөө тэр хүсэл тэмүүллийг улам бэхжүүлж, хамгаалж буй хэрэг болно.

21-р зуун Азийн зуун байх болно. Ази тивийн ирээдүй бидний өмнө гэрэлтэж байна. Энэ 21-р зуунд хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс ноёлж, эв нэгдэл, хамтын ажиллагаа үйлчилсэн эрин зуун байхыг бид хүснэ.

Улам бүр нээлттэй, шинийг бүтээж, илүү сайн хамтран ажиллахыг урьтал болгож чадвал Ази тивийн бүхий л улс үндэстэнд өнө мөнхийн энхтайван, эв найрамдал, бүс нутгийн хамтын ажиллагааг бид бий болгож чадна.

Эх дэлхийдээ сайн сайхан амьдралыг цогцлоохын төлөө эвлэлдэн нэгдэцгээе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Чулуун овооны тойргийн замыг түр хугацаагаар хаана

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Чулуун овооны тойргийн баруун урд замд дулааны шугам шинээр тавих ажлыг 2015.05.22-ний өдрийн 23 цагаас 2015.05.25-ны өдрийн 06 цаг хүртэл хийх учир дээрх хугацаанд Чулууны овооны тойргоос баруун тийш Нарантуул ОУХТөв хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье. Зүүн талаас буюу Нарантуул ОУХТ-өөс ирсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Скай авто сервисийн зүүн гарцаар урагш эргэж Чулуутын 5,7,4-р гудамжаар явж Чулуун овооны зүүн талын Петровис ШТС-н урд гарцаар хойш гарч хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ үү гэж нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын тээвэрлэлтийг зохион байгуулах журам” батална

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын тээвэрлэлтийг зохион байгуулах журам” – ын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулав.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын тээвэрлэлтийг зохион байгуулах журам” – ын төсөл нь нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын материалын тээвэрлэлтэд стандартын шаардлага хангасан авто тээврийн хэрэгслийг ашиглах, ачаа тээвэрлэлтийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавигдах шаардлага, хүлээх эрх үүргийг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.

Нийслэлийн 7 дүүрэгт 129 аж ахуйн нэгж, байгууллага элс, хайрга, дайрга олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Журмын төсөлд түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, дайрга болон барилгын материалыг сэлгэн ачих зориулалт бүхий терминалиудыг Сонгинохайрхан дүүрэгт Эмээлтийн Шалган бүртгэх товчоо орчим, Хан – Уул дүүрэгт Яармагийн Шалган бүртгэх товчоо орчим, Баянзүрх дүүрэгт Баянзүрхийн Шалган бүртгэх товчоо орчимд зайлшгүй байгуулах шаардлагатай гэсэн саналыг тусгажээ. Ингэснээр элс, хайрга, дайргыг карьераас технологийн тээврийн хэрэгсэл, технологийн замаар дээрх цэгүүдэд байгуулах терминал хүртэл зөөж, терминалаас бетон зуурмагийн үйлдвэр болон ачаа шингэх цэг хүртэл стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зөөх юм.

Журмын төсөлд заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын тээвэрлэлт эрхэлж байгаа тээврийн хэрэгсэл нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам” –ийн дагуу нийслэлд ачаа тээвэрлэх эрх бүхий “ЕС зөвшөөрөл” – ийг “ТҮЦ” машинаас авч замын хөдөлгөөнд оролцох юм. Мөн Ачааны автомашин зорчихыг хориглосон болон цагийн хязгаарлалт тогтоосон нийслэлийн гудамж, замуудаар зайлшгүй шаардлагаар ачаа тээвэрлэлт хийх тохиолдолд түр зөвшөөрлийг нийслэлийн Тээврийн газраас авч тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд уг журмын төслийг хэлэлцээд зарим заалтыг нэмж тусгах шаардлагатайг сануулж, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Элэгний хорт хавдрын өвчлөлд архи, вирусээс гадна махны хэтэрсэн хэрэглээ нөлөөлж байна

Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн, ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.

Элэгний хавдрын өвчлөл өндөр байгаа. Жилээс жилд өссөн хэвээрээ юу, буурах хандлага ажиглагдаж байна уу?

-Олон жилийн өмнөх B C вирусийн халдвараас үүдэлтэй болохоор өвчлөл буурах ямар ч үндэсгүй. Нэг олзуурхмаар зүйл ажиглагдаж байгаа. Нийгэмд элэгний өвчин, элэгний хатуурал, вирус, элэгний хавдар ихсэхтэй зэрэгцээд хүмүүст болгоомжлол үүсчихэж. Болгоомжлол гэдэг нь айдас биш л дээ. Хэвлэл мэдээллээр энэ талаар их хөндсөнтэй холбоотойгоор хүмүүс өөртөө илүү анхаарч эхэлж байна. Ийм шалтгаанаар хавдар оношлогдох нь сайжирч эхэллээ. Түүнээс гадна Хавдар судлалын үндэсний төв ХААН банк, МҮОНРТ-тэй хамтраад Хавдрын аян өрнүүлж байгаа. Эрдэнэт хотоос эхэлсэн. Зөвхөн нэг аймагт гэхэд л элэгний арван хавдар оношлогдох жишээний. Нийгэмд үнэхээр хэрэгтэй үйл ажиллагаа. Үүний цаанаасар их хөдөлмөр, мөнгө зарцуулагдаж байгаа. Энэ мэт ажлуудтай холбоотойгоор хавдрын илрүүлэлт сайжирч байна. Саяхан Дурангийн анхдугаар чуулга уулзалт гэж болсон юм. Би Элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүнийхээр хувьд нэг зүйлийг онцолж хэлсэн. Гурван жилийн өмнө оношлогдож байсан хавдрын дундаж хэмжээ долоон сморчим байлаа. Гэтэл одоо дунджаар дөрвөн см байна. Эрт үедээ ирж байна гэсэн үг.

Монголчууд элгэнд тэр энэ сайн гээд өчнөөн юм дур мэдэн хэрэглэдэг. Сүүлийн үед сибирийн хар хорхой сайн гэж шуугих боллоо. Үүн дээр таны бодлыг сонсмоор байна?

-Монголчууд их гэнэн, итгэмтгий улс. Тийм учраас л Сибирийн хар хорхой залгивал зүгээр болно гэдэгт итгээд байгаа юм. Яаж тийм гэнэн байж болдог юм, бүү мэд. Эмчлэгдэх боломжгүй болсон улсын хувьд аргаа бараад сайн гэсэн бүхнийг хэрэглэдэг байх. Эмчлэгдэх боломжтой улсын тухайд гипноздуулах ч юм уу, тан уугаад эдгэрнэ гэсэн байдлаар хандаж болохгүй. Би хүмүүст зориуд нэг зүйлийг анхааруулж хэлмээр санагддаг. Дэлхий дээр өчнөөн тэрбумын хөрөнгө оруулалттай эмийн том компаниуд ажилладаг. Эмчилдэг юм байгаа тохиолдолд тэд зүгээр хараад суудаггүй. Шууд л авч практикт хэрэгжүүлээд мөнгө олохыг боддог. Монгол ганцаараа нууцат арал юм шиг, гэнэт сонин хачин эмчилгээ гарч ирээд, тэр нь үйлчлээд эхэлнэ гэж байхгүй л дээ. Хүмүүс зарим тохиолдолд бие биедээ хор болж байгаагаа мэддэггүй. Нэг найз нь өвдчихлөө гэхэд Сибирийн хар хорхой идээд зүгээр болсон гээд эмчлэх боломжтой байсан үеэс нь холдуулчихдаг. Тэгэхээр эхлээд тус болох гэж байгаад гай тарих вий гэж болгоомжлох ёстой. Батлагдаагүй, нотлогдоогүй, туршилтын эмчилгээ хийлгэж огт болохгүй.

С вирусийн эсрэг эм орж ирж байгаа гэсэн мэдээлэл олны сонирхлыг их татаж байна. Үнэ нь зөрөөтэй байна гэж нэг хэсэг шуугисан. Энэ эм орж ирснээр ямар үр дүн гарах бол?

-Энэ бол жинхэнэ нотолгоонд тулгуурласан эм. Олон жилийн клиник судалгааны үр дүнд гаргаж авсан. Монголчуудын дунд тархаад байгаа С вирусийн нэгийн “б” гэдэг гинотепийг 91 хувь устгадаг. Энэ эмийг оруулж ирснээр С вирусийн халдвартай олон хүнд тусаа өгнө. Вирусийн халдвараас болж элэг нь гэмтсэн хүмүүсийг аврах хамгийн зөв зам. Үнийн хувьд хугацааны л асуудал байгаа. Гурван сарын хэрэглээ нь 600 ам.доллар бол зургаан сарын хэрэглээ нь 900 ам.доллар. Өвчний хүнд хөнгөнөөс хамаарч хэдэн сар эмчлэхээ шийднэ гэсэн үг. Үүнийг ялгаж ойлгохгүйгээр үнэ нь зөрүүтэй гэсэн мэдээлэл түгсэн байх.С вирусын ачаалал гэж ярьдаг. Хэр олноор үржиж байна гэдгийг нь хэмждэг вирус тоолох шинжилгээ бий. Ийм шинжилгээ хийгээд саяас дээш байвал зургаан сар, саяас доошоо байвал гурван сар эмчлүүлэх ёстой гээд гаргаад ирдэг юм.Энэ эмийг оруулж ирэхийн төлөө ажилласан олон газар бий. Эрүүл мэнд, спортынсайд Шийлэгдамба ч маш эрчимтэй ажилласан. Компани дээр нь очоод хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хямдралтай үнээр авахаар болсон. Ийм зүтгэл гаргаж энэ эмийг оруулж ирэхээр болгочихлоо. Энэ улсыг нийгмийнхээ өмнө том гавьяа байгууллаа гэж үзэхээс аргагүй.

С вирусийн эсрэг эм танил, талын хүрээгээр зарагдаад дуусчих вий гэсэн болгоомжлол байх шиг?

-Оруулж ирсэн хямдралтай эмээ хэрэгтэй улсад нь яаж зөв хэрэглэх вэ гэдэг дараагийн шатны чухал асуудал. ЭМСЯ саяхан С вирусийн эмчилгээний удирдамжийг баталчихлаа. Бид саналаа өгсөн. Энэ эм орж ирэхэд танил талаараа тараачихна гэсэн ойлголт байхгүй.

Биеийн байдал, өвчний явцаас нь хамаараад хүмүүсээ эмчилгээнд хамруулаад эхэлнэ гэсэн үг үү?

-Тэгнэ.Хэт төвлөрлийг сааруулж, дүүрэг, орон нутагт нь түгээх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн бодлогыг яамнаас барьж байгаа. Гагцхүү шинжилгээ нь зүй ёсоороо хийгдсэн байх ёстой.

Элэгний хавдар анхан шатандаа илэрлээ гэж бодоход бүрэн эмчлэгдэх боломжтой юу?

-Жилдээ 1900 гаруй хүн элэгний хавдраар оношлогдож байна. 3000 гаруй хүн элэгний хавдартай амьд явж байна. Нэг, хоёрдугаар үе шатанд оношлогдвол эмчлэгдэх бүрэн боломжтой. Элэгний хавдар ихэвчлэн элэг хатуурах өвчинтэй хамт илэрдэг. Хатуурах өвчин, элэгний хавдар гэсэн хоёр өвчин нэг дор бий болдог юм. Хавдрыг нь эмчилсэн байхад элэгний хатуурал нь ноцтой бол хэцүү. Элэгний хатуурал буюу цирроз бол айхавтар хүнд онош. Манай эмч нар буруу онош тавиад байдаг. Цирроз буюу элэгний хатууралгүй хүмүүсийг хатууралтай гэж оношлоод аймшигтай байдалд оруулдаг тал бий. Хатуурлыг эмчилдэг цорын ганц арга бол элэг солих. Хатуурлын өмнө элэг сорвижилтын үе гэж бий. Тэрийг нь цирроз гэж буруу оношлоод байна л даа.

Элэг сорвижилтын үед бол эмчлэгдэнэ гэсэн үг үү?

-Зөв эмчилгээ хийвэл элэг хэвийн байдалдаа эргэж ордог. Цирроз болсон үед хэвийн болдоггүй.

Вирусийн халдвар элэгний хавдрын нэг том шалтгаан гэдэг нь ойлгомжтой. Элэгний хавдрын бас нэг шалтгаан нь бидний буруу зуршил мөн үү?

-Таны хэлсэнчлэн B, C вирус бол номер нэг шалтгаан. Ийм вирустэй улс архи уух нь элэгний хатуурал гэсэн оноштой болоход амархан байдаг.Хугацаа нь түргэсдэг юм. Вирустэй хүмүүс цирроз болоход 10-15 жил шаардагддаг бол архи уудаг тохиолдолд 5-7 жилийн дотор л цирроз болох эрсдэлтэй. Вирусгүй байлаа ч архаг архичдын хувьд элэг хатуурах эрсдэл бий. Түүнээс гадна таргалалт гэж том эрсдэл байна. Таргалалт элэг өөхлүүлдэг. Өөхөлсөн элэг хатуурдаг.

Элэг өөхөлнө гэдгийг энгийнээр тайлбарлаач?

-Элгэн дотор байгаа эс дотор өөхөн бөмбөлгүүд дүүрдэг. Дүүрсээр байгаад өнөө эс нь задраад үхэхийг л элэг өөхөлнө гээд байгаа юм. Таргалаад байвал өөх нь томорч, элэгний эс нь задраад сорви болно гэсэн үг. Энэ утгаараа таргалалт гэдэг бол маш аюултай зүйл. Жингийн илүүдэлтэйгээс гадна чихрийн шижинтэй бол бүр эрсдэлтэй. Ийм хүмүүс заавал үзүүлж байх ёстой. Зүй нь элгэнд сахар хуримтлагдаж байх ёстой юм. Гэтэл элэг сахар хуримтлагдах зайгүй, сорви болж, эс нь устсан бол хаанаа сахар хуримтлуулах вэ дээ. Гадагшаа хаяж таарна. Ингээд сахар ихэсдэг. Энэ мэт цаад углуургаар нь ойлговол элэгний өвчлөлд нөлөөлж байгаа шалтгаануудыг ойлгож мэдээд, энэ өвчнөөс сэргийлэх боломжтой.

Архи уудаггүй, вирусгүй хэрнээ элэг нь өвчлөөд байдаг хүмүүс олон таардаг. Энэ ямар учиртай юм бол?

-Архи дарс уухгүй, вирусгүй хэрнээ элэгний үрэвсэл өндөр байдаг шалтгаан нь маш тодорхой. Төмрийн илүүдэл байдаг юм. Төмрийн эх үүсвэр цусанд байдаг. Улаан цустай зүйл гэхээр мах л бий. Махан идэш ихтэй ард түмний дунд элэгний өвчлөл өндөр байдаг. Мах их идэхээр биед төмөр их хэмжээгээр хуримтлагддаг. Төмөр ихээр хуримтлагдахаар элгийг гэмтээдэг. Тэр дундаа монгол эрчүүдийн цус их өтгөрөлттэй, төмрийн илүүдэлтэй байдаг. Ер нь тарган байх гэдэг тэнэгийн л шинж. Өөрөө өөртөө арчаагүй, тэвчээргүй байна гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаасаа татгалзах хэрэгтэй.

Өвчлөл өндөр учраас эмнэлгийн ачаалах их, асуудал өчнөөн байгаа. Хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Би тасгаараа бахархдаг. Манай тасаг хорьхон ортой. Элэгний хавдар дангаараа нийт хавдрын 40 хувийг эзэлдэг. Хорьхон орон дээр улсын хэмжээнд үйлчилгээ явуулдаг тасаг гэсэн үг. Манайд хагалгаанд орох гэж хавдартай хүмүүс сар хүлээж байна. Төсвийн хэлэлцүүлгээр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгыг ямар ч байсан дуусгахаар боллоо. Тэрбум 200 сая төгрөг баталсан. Оны сүүлээр ашиглалтад өгнө гэж яриад байгаа. Барилга барьж байгаа компани нь ч санаа зовох ёстой л доо. “Биднийг байшин барьж чадахгүй удаж байгаагаас болж энэ олон хүн зовж байна” гэж ухамсарлах учиртай. Эмнэлгийн барилга барина гэдэг асар том хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөнгөө баталж өгөхгүй байсан гэсэн тайлбар хэлэх байх л даа. Тэгвэл одоо мөнгө нь батлагдсан юм чинь цаг алдахгүйгээр хамаг чадлаараа ажиллах ёстой. Ашиг олох гэхээс гадна нийгэмд тустай ажил гэдэг талаас нь харах учиртай. Гэтэл одоо барьж байгаа байдлыг нь харахаар хэлэх үг олдохгүй байна. Дахин хэлэхэд энд нэг компанийн барилгын асуудал биш нийгмийн эрх ашиг яригдаж байгаа.

Өргөтгөл баригдвал танай тасгийн ачаалал хэр буурах вэ?

-Хоёр дахин буурна. Хоёр хагалгааны өрөө нэмэгдэнэ. Ор хоёр дахин нэмэгдэнэ. Оочер хоёр дахин буурна гэсэн үг. Хавдартай хүмүүсийн хувьд бүтэн сар оочерлоно гэдэг хэцүү. Хоёр долоо хоногтоо багтчихвал өөр шүү дээ. Жилдээ зөвхөн элэгний хагалгаа гэхэд л нэг хагалгааны өрөөнд 260-ыг хийж байна. Хагалгааны баг өдөр шөнөгүй, зогсоо зайгүй ажиллаж байна. Бид авч байгаа цалингаасаа илүү ихийг иргэдийнхээ төлөө зориулж байгаа. Улс ч гэсэн ийм сэтгэлээр хандмаар санагддаг. Манай эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барьж байгаа компани ч ялгаагүй. Бүгд нэг сэтгэлээр хичээж ажиллавал өнөөдөр үүсчихээд байгаа асуудлууд эерэгээр шийдэгдээд эхэлнэ.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

Б.Сосорбарам: “Зулзаган цагаан хус” дуугаа Сөгнөгөрт амарч байхдаа бичсэн

Зохиолч Б.Сосорбарам­тай ярилцлаа.

-“Зулзаган цагаан хус” дуугаараа та жар далаад оны дууны урлагт өөрийн давтагдашгүй өнгө төрхөө бүтээсэн. Тэр үеийн дуу­нуудын давтагдашгүй өвөрмөц өнгө аялгуу, сэт­гэлгээ тэргүүтэн нь сэтгэлд хоногших чанараараа уян­гын яруу найргийн амт шимт, үнэ цэнийг хүмүүст мэдрүүлж байдаг нь үнэхээр онц­гой юм. Та дууны урлагт хэрхэн хөл тавьсан юм бэ?

-Анхны дуу маань ерөөсөө л энэ “Зулзаган цагаан хус”. Хөгжмийн зохиолч Баатарыг бол би танина л даа. Уулзаж нөхөрлөдөг танилууд байсан. 1967 оны намар билүү дээ, Сөгнөгөрт би амрахаар очсон юм. Би тэр үед “Хөдөлмөр” сониноос Дархан, Сэлэнгийг хариуцсан сурвалжлагчаар Дарханд томилогдож очоод байв. Сөгнөгөрт амрахаар ирсэн чинь Баатар байж байна. Намайг дууны шүлэг бичиж өг гэж шалгаалаа. Тэгээд би ямар ч байсан оролдоод үзье гэж бодсон. Сөгнөгөрийн голыг өгсөж уруудаад бодоод л явна. Сөгнөгөрийн голын шугуй битүү зулзаган хустай. Ингээд явж байхад зулзаган хуснуудын мөчир толгой мөр шүргээд л, голын шуугиан хоржигноод ёстой л сэтгэл хөдөлмөөр тийм сайхан газар байлаа. Тэгээд явж байсан чинь бодогдож байна аа. Ер нь энэ гоё хусыг амрагтайгаа зүйрлэж болмоор юм гэж бодогдож байна. Явж байсан чинь хуснууд чинь толгой шүргээд л байх. Зулзаган цагаан хус гэж амрагтайгаа зүйрлэнэ гэдэг чинь ганцхан миний сэтгэл биш хүн бүхний сэтгэл байж болох юм гэж бодоод явж байсан чинь Зулзаган цагаан хус нь

Зулай шүргэн ганхана аа

Зул шиг ганьхан амраг минь

Зүүдэн дунд минь гунхана гэсэн дөрөвхөн мөр оллоо. Тэгээд Баатар дээрээ очлоо. Баатар маань тувт нэг гитар тэвэрчихсэн сууж байдаг хүн байлаа л даа. Дөрвөн мөрөө өгсөн чинь болж байна, би энийг чинь оролдоно оо, ая хийнэ. Чи харин буцахаасаа өмнө бусад бадгийг нь бичиж өгөөрэй гэж байна. Би ч яахав дахин дахин хусан шугуйгаар яваад л бодоод явна. Буцахынхаа алдад л бусад бадгаа бичиж өгсөн. Ингээд бичиж өгчихөөд за энэ маань аяыг нь хийнэ, хэзээ ч дуулах юм билээ гэсэншуу юм бодоод өнгөрсөн. Тэр үед радиогоор хятад нэвтрүүлэг гэж явдаг байв. Хятад хэл дээр явдаг нэвтрүүлэг. Нэг удаа гэртээ сууж байтал Хятад нэвтрүүлгийн өмнөхөн Сосорбарамын шүлэг Баатарын ая “Зулзаган цагаан хус” гээд дуулж байна аа. Машлай дуулж байна. Тэгээд л олны дунд түгээд амьдарчихсан дуу юм даа.

Аяыг нь бичээд дуулуу­лаад радиод бичүүлчихээд байхдаа танд хэлээгүй хэрэг үү. Анх сонсоод танд ямар санагдсан бэ?

-Хэлээгүй. Би хөдөө, Баатар хотод байсан. Ийм шуурхай утас шөрмөс нь ч байх биш.

Анх сонсоод танд ямар санагдсан бэ?

-Их гоё санагдсан юм. Их ч амархан түгсэн дээ. Яагаад гэхээр, Сөгнөгөрийн амралтад газар газраас хүмүүс очиж амардаг байж л дээ. Радиогоор дуулуулчихаад өнөө Баатар маань тэдэнд заагаад байсан байгаа юм. Тэгээд өнөөдүүл нь сурчихаад энд тэнд дуулаад ингээд их амархан түгчихсэн юм даг.

Жар далаад оны дуунуудад нэг гол чанар бий л дээ, тийм ээ. Шүлэг нь их хөгжимлөг. Үг нь өөрөө аялгуутай. Тийм шүлэгт ая хийхээр л мартагддаггүй юм шиг байна, тийм ээ?

-Тийм ээ. Хойтон жил нь Баатар нэг ажлаар Дарханд очжээ. Манайхыг сураглаад олоод ирлээ. За өнөө дуу чинь амжилтад хүрсэн шүү. Чамд одоо шүлэг зохиол юу байна. гаргаад ир, үзье гэнэ. Тухайн үед би нэг шүлэг бичсэн байснаа үзүүллээ. Улс орны хөгжлийн тухай юм даа. “Яргуй чи минь юундаа яараав” гэдэг нэртэй шүлэг. Болж байна гээд аваад явсан.

-“Зулзаган цагаан хус” дуу гаргаж байхдаа та хэдтэй байв?

-Гучин хэдтэй байжээ. Баатар сүүлд нь ярьдаг юм. Тэр шүлэгт чинь би ая хийчихээд Их сургууль дээр очоод Машлайг дуудуулдаг. Гарч ирэхээр нь “Ийм дуу байна. Орой манайд очоорой” гэдэг. Тэгээд хоёулаа нийлж аваад радио дээр очно шүү дээ. Хоёр дуугаа хоёуланг нь Машлайгаар дуулуулсан юм. Машлай тэр үед Их сургуулийн геологийн ангид сурч байсан хэрэг.

Би 1958 онд Хөдөлдмөр сонинд орчихоод байтал 1960 онд Их сургуулийн дэргэд Утга зохиолын дээд сургууль гэж байгуулагдсан юм. Явуухулан багш удирдсан. 1960-1965 онд. Энэ ийм учиртай. Сэнгээ гуай амьд байхдаа манайхан хойшоо явж утга зохиолын сургуульд сураад байх юм. Дотооддоо сургуультай болбол яасан юм бэ гэж Намын төв хороонд асуудал тавьсан юм билээ. Тэгээд Их сургуулийн дэргэд Утга зохиолын дээд сургууль байгуулъя гэсэн Намын төв хорооны тогтоол гарсан юм байна лээ. Явуухулан багш ч хойно төгсч ирээд байсан үе таарсан. Ингээд 1960 оны тэр намар Явуухулан багш удирдаад Их сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд сургуулийг байгуулсан юм. Мандихан, Гүрсэд, Цэдэндамбаа, Н.Банзрагч, Лувсанцэрэн гээд л бид нэлээн олуулаа анх орцгоов. Ер нь зохиолчдын ихэнх нь тэр сургуульд орсон шүү дээ. Гаднаас хэдхэн хүн орсон байсан. Анх дөчөөд хүн орсон ч төгсөхдөө гучин хэдүүлээ төгссөн дөө. Бид дөрвөн жил сурсан. Юунаас болсныг бүү мэд, Утга зохиолын сургууль маань цааш нь яваагүй, больчихсон юм.

-“Гавж” романаа та хэрхэн бичих болсон юм бэ. Гучин хэдэн оны үеийн лам нарын хувь заяаг авч үзэх болсон тухайд?

-Би Банх гэж овогтой яваа. Энэ Банх гэдэг хүн бол миний хойт эцэг юм. Миний эцэг бол Пүрэв гэж гавж, аграмба мяндагтай том лам хүн байж байгаад баривчлагдаад хэлмэгдчихсэн юм. Тэгээд би эцгийнхээ дурсгалд зориулж “Гавж” гэж романыг бичсэн юм.

Уучлаарай. Тэр цаг үеийн аймшгийг та өөрийн амьдралаараа туулсан юм байна шүү дээ?

-Тийм ээ. Тэгээд ээж минь тухайн үед айсан ч байх, намайг төрсөн эцгээр минь овоглоогүй. Хойт эцгээр маань овоглосон юм.

Хэлмэгдсэн хүмүүсийн гэр бүлийнхэн, үр хүүхдүүд бас нэлээн хэсэг хүнд хэцүү амьдрал туулсан байдаг. Таны бага, залуу нас хэрхэн өнгөрөв. Гайгүй юу?

-Манай нутагт бол тийм юм нэг их мэдэгдээгүй. Өөр хүнээр овоглоод явчихсан болохоор ямар ч бэрхшээл гардаггүй л байсан байх л даа. Тэр үедээ ярьдаг ч үгүй байж. Миний эцгийг тэгж баригдаад явсан, буудуулсан энэ тэр гэж ярьдаг ч үгүй байсан байгаа юм.

Аавыг тань хэлмэгдүү­лээд аваад явахад та хэдэн настай байсан бэ?

-Найман настай байсан.

Болсон явдлыг та санадаг уу?

-Муухан санадаг юм. Сүүлд ээжийн ярьсан юмыг цуглуулсаар байгаад, тийм байсан, анх тэгж баригдаж явсан ингэсэн гэсэн яриаг нь. Би нэг өргөмөл дүүтэй. Дүү маань таван настай, би найман настай тэгээд үлдсэн. Ээж минь Эрдэнэтэд байж байгаад нэлээн олон жилийн өмнө өөд болсон доо.

Аавынхаа дурсгалд зориулсан роман дээрээ та олон ажилласан уу?

-Гурав дарвөн жил суусан. Би одоо хоёрдугаар дэвтрийг нь бичиж байгаа. Энэ “Гавж” роман бол миний аав баригдаад цаазлагдсан хүртэлх амьдрал байж байгаа юм. Түүнээс хойш гавжийн ар гэрийнхэн яаж амьдарч ирэв, тэр үеийн улс орны хөгжил ямар болов, нөгөө л нэгдэлжих хөдөлгөөнөөс авахуулаад томоохон өөрчлөлтийн үеийг оруулах санаатай бичиж байгаа.

Ерэн оны ардчилсан хөдөлгөөн, цагаатгал энэ тэр гарах уу?

-Гарна аа гарна.

Гучаад онд хэлмэгдсэн тэр гэмгүй олон мянган хүнийг улстөрийн хувьд цагаатгаж нэр төрийг нь сэргээхэд ээж тань хэрхэн хүлээж авч байв?

-Цагаатгалын үйл явцыг ээж минь амьд байхдаа үзсэн л дээ. Нэг сая төгрөг л өгсөн. Ээж минь 90 гаруй настай байв. Тэр мөнгийг аваад ач гучдаа тараачихсан юм.

Юу гэж ярьж байв?

– Төр засаг цагаатгалаа, яахав дээ л гэж байсан. Миний ээж нэг их юм яриад байдаггүй дуу цөөтэй хүн байсан.

Аавын тань үлдсэн жор, ном судар байдаг уу?

-Ном судрууд баахан юмыг нь тухайн үед авга ах маань айгаад, хээр аваа­чаад нуучихсан болохоор юм үлдээгүй. Одоо надад үлдсэн юу байна гэвэл, аавын хэрэглэж байсан эмийн шигшүүр нь байна, Алтангэрэл, Доржзовд гэдэг хоёр судар байна. Эмийн шигшүүр гэж нарийн шүүртэй тусгай модон шигшүүр байдаг. Дугуй модон хайрцаг байдаг юм. Дээр үед хоёр давхар шүүртэй байсан юм байна лээ. Гадна тал нь бол их гоё л доо. Есөн тахилын сийлбэртэй. Уур нүдүүр нь байгаа. Төмөр уур нүдүүртэй. Бэлэн хэдэн тан байсан юм байна лээ. Аавын маань дүү нэг цавганц бас л айгаад манайхаас ирж аваад, энд тэнд үхрийн баасан дор аваачиж нууж булаад л, хэрэглэх болохоороо авч хэрэглэдэг байсан. Тэгээд дуусгасан. Ганцхан тан үлдсэн, надад одоо байгаа. Улаан тан гээд бөөрөнд уудаг тан.

Танд байгаа тан нь ямар саванд хадгалагдаж байдаг вэ?

-Нарийхан илгэн ууттай байдаг. Тэр уутыг төл малын шийрний арьсыг аваад элдэж хийдэг байсан байна лээ.

Нимгэн гэж үздэг байж дээ?

-Тийм л байх. Элгэний Жамсран гээд өөрийгөө эмчилсэн хүн бий шүү дээ. Тэр хүн бас тан барьдаг юм. Тэр хүн энийгээ хадгалж бай, хэрэг болно гэдэг юм. Хааяа бөөр өвдвөл уучихаар зүгээр болчихдог юм.

Аавынхаа өөрийн гараар хийж найруулсан танг энэ олон жилийн дараа хэрэглэж байна гэхээр гайхалтай юм аа. Дотно санагддаг л байх тийм ээ?

-Тэгэлгүй яахав. Сэтгэл өег хадгалдаг. Тухайн үед аав минь Дуганы том толгойлогч лам нь байсан болохоор өглөө гараад л явчихдаг. Биднийг яг өөрөө гардаад асраад байдаггүй байсан болохоор би нэг их сайн санадаггүй юм. Ээж, хажууд айл саахалт байсан аавын дүү нар л асардаг байсан байх. Баригдаж явахыг нь би муухан мэддэг юм. Бүр шөнө, үүр шөнийн заагаар ирээд бариад явсан. Дүү бид хоёр унтаж байсан юм байна лээ. Яг аваад явсных нь ард ээж маань дүү бид хоёрыг сэрээгээд “аавыг чинь аваад явчихлаа шүү” гээд уйлж байсан санагддаг. Жаахан хүүхэд болохоор эргээд л унтаад өгөө биз. Дараахнаас нь янз бүрийн сураг чимээ гардаг байсан. Хойш нь Орос руу аваад явчихаж ч гэх шиг, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан.

Буудуулсан гэдгийг нь бүр сүүлд саяхан мэдсэн үү?

-Сүүлд мэдсэн. Романаа бичиж байхад Дотоод яаманд манай нэг зохиолч ажилладаг байсан юм. Архивынх нь эрх­лэгч хурандаа байсан юм. Түүн дээр орж арын хаалгадаж байж би архивт орж баримтыг нь олж авсан. Байцаасан материал байдаг юм. Хоёр гуравхан удаа байцаагаад, нэг загварын шахуу асуулт л асуусан байдаг юм. Ёндонхаймчигийн бүлэгт элссэн үү, Японы тагнуул байсан уу гэсэн хэдхэн ижил асуултууд л байсан. Гэр бүл чинь хэдүүлээ вэ гэж асуухаар ганцхан ээжийг хэлээд хоёр хүүхдээ хэлээгүй байгаа юм шүү дээ. Хоёулхнаа л гэсэн байгаа юм. Аавыг бариад аваад явахдаа хөрөнгийг нь хураагаад, сүүлд эргэж ирээд дахин үлдсэн юмыг нь хурааж авсан байдаг юм. Архиваас хураасан юмных нь жагсаалтыг олж авсан л даа. Шар тэд, үнээ тэд хонь тэд гээд биччихсэн байдаг юм. Нэлээн хөрөнгөтэй байсан шиг байгаа юм. Арай дутуу хураачихаж гээд хоёр дахиа ирж хураасан юм байна лээ. Хоёр дахиа ирж хураахад нь манай сумын дарга Дамдин гэдэг хүн “Ингэж хүнийг хоосолж болохгүй ээ, та нар” гэж байж заримыг нь үлдээлгэсэн гэсэн. Аавыг ер нь авч яваад удалгүй, арван хэд хоногийн дараа цаазалсан юм билээ.

Ер нь гучин хэдэн оны сүүл үе, дөчөөд оны үеийн аж байдал яг ямархуу байсан юм бэ?

-Голдуу сургууль соёлоор явчихсан болохоор нарийн ширийн юмыг нь сайн мэдэх­гүй. Би 1948 онд Булган аймагтаа долдугаар анги төгссөн. Түүнээс цааш анги байхгүй. Долоо төгсөөд Багшийн сургуульд ирсэн. 1951 онд төгсөөд сэлэнгийн Орхон-Туул суманд долоон жил багшлаад хот руу орж ирээд “Хөдөлмөр” сонины үйлдвэр, хөдөө аж ахуй хариуцсан хэлтэст ирсэн. Намар, хавар хоёрт бол тувт сангийн аж ахуйнуудаар явчихна шүү дээ. Хаврын тариалалт, мал төллөлт, намрын тариа хураалт гээд сурвалжлаад явчихна.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Дэйл Чой: Оюу толгойн далд уурхайг хөдөлгөх шийдвэр гарсан өдөр TRQ-гийн 20 сая хувьцаа арилжаалагдсан

Уул уурхайн санхүүгийн шинжээч Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэрээр хөрөнгө оруулагчдын дунд Independent Mongolian Metals & Mining Research буюу Хараат бус Монголын уул уурхай, санхүүгийн судалгаа эрхлэгч Dale Choi гэсэн нэрээрээ танигдсан нэгэн юм.

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурснаас хойшТуркойз Хилл”-ийн хувьцааны ханш өссөн гэсэн өөдрөг мэдээ байна. Таны хувьд сонирхож харсан л байх…?

-“Туркойз хилл”-ийн хувьцаа өчигдөр маш их хэмжээгээр арилжаалагдлаа.20 сая хувьцаа арилжаалагдана гэдэг том тоо. Дал, наян сая ам.долларын гүйлгээ явагдсан гэж ойлгож болно. Маш идэвхтэй байгаа хэрэг л дээ.2013 оны наймдугаар сараас хойш хүлээгдсэн асуудал сая л шийдлээ олж эхэллээ. Хоёр жилийн их хүлээлтийн эцэст анхны бодитой алхам хийгдэж байна. Замаа цэвэрлэх, өөдлөх сэхэх анхны алхам ямар ч байсан хийгдчихлээ. Хөрөнгө оруулалт тэр чигтээ хүлээлттэй байгаа. Одоо бол өөр нөхцөл үүссэн. Бизнес сэргэх уур амьсгал бүрдлээ гэж харж байна. Хувь нийлүүлэгчид хоорондын асуудлаа шийдэж, ширээгээ цэвэрлэнэ гэдэг сайн хэрэг. Энэ сайн мэдээтэй зэрэгцээд “Туркойз хилл”-ийн хувьцаа өсч эхэлж байна. Өчигдөр гэхэд (уржигдар) 4.50 ам.доллараар арилжаа хаагдсан. Өмнөх өдрөөсөө 3.5 хувиар өссөн гэсэн үг. Дундаа,дээд тал нь 4.74 ам.доллар хүрлээ л дээ. Өмнө нь долоо, найм хавьцаа байсан.

Ямар хүмүүс хувьцаагаа түлхүү зарсан бол?

-Хямдхан дээр нь авсан хүмүүс хувьцаагаа зарсан болов уу гэж таамаглаж байна. Дараагийн, урт хугацааны тоглогчид орж ирсэн гэж харж байна.

-“Туркойз хилл”-ийн хувьцааны давуу талуудыг нэрлээч гэвэл та юуг нь онцлох вэ?

-“Туркойз хилл”-ийн хувьцаанд хэд хэдэн давуу тал бий. Нэгдүгээрт хөрвөх чадвар сайтай үнэт цаас.Хоёрдугаарт ийм онцгой төсөл дэлхийд ховор байдаг. Африкт л цөөхөн хэдэн төсөл бий. Үүнийг хөгжүүлдэг компаниуд ч их цөөхөн. Хэдхэн компани байдаг. Зэсийн хувьд гэхэд л Америкт шууд авч болохоор, бүх брокерууд нь зардаг, шинждэг хувьцаа бол “Туркойз хилл ресурс”-ийнх. Монголтой, Монголгүй, зуун хувь зэс дээрээ төвлөрдөг үнэт цаас эднийхээс өөр байхгүй. Бидний хувьд энэ гол фактор дээр дөрөөлөх л хэрэгтэй.

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилнэ гэсэн шийдвэр Засгийн газрын бонд, үнэт цаасны үнэлгээнд ч эерэгээр нөлөөлсөн гэж мэдээлээд эхэллээ. Сонирхож харсан уу?

-Нөлөөлсөн. Засгаас арван жилээр гаргасан бонд гэхэд л хүү нь өссөн дүр зурагтай байсан. Гэтэл өнөөдөр анх гаргасан түвшин рүүгээ дөхөөд оччихлоо. Худалдаа хөгжлийн банкны бондын хувьд ч гайхалтай үр дүн гарсан. Анх 9.735 хувийн хүүтэйгээр гаргаж байсан бол одоо огцом буурч 7.4 хувь боллоо. Гэхдээ энэ бол хувьцааны биш зээлийн зах зээл. Хувьцааны зах зээлийг бодвол илүү урт хугацаанд хардаг зах зээл. Бондын хөрөнгө оруулагчид Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүдийг харж байгаа. Энэ том төслүүд хөдөлбөл төсөвт удаан хугацааны баталгаатай орлого орж ирэх давуу талтай учраас тэр л дээ. Монгол Улс зээлээ төлж чадах баталгаа энэ тохиолдолд үүсэх учраас бондын хөрөнгө оруулагчид том төслүүдийг сонирхоод байгаа юм. Том төслүүдийн талаар эерэг сураг, мэдээлэл хүчтэй байгаа учраас бондын хувьд ийм олзуурхмаар хандлага ажилагдаж байна л даа. Сая Худалдаа хөгжлийн банк бондамжилттай гаргасан нь ч ийм учиртай. Монголын засаг Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүдээ явуулах нь гэсэн хандлага ажиглагдсан учраас амжилттай арилжаалагдсан. Төрийн банк бонд гаргана гэж ярьж байгаа. Оюу толгой төслийн талаар анхны бодитой шийдвэр гарсан учраас бусад банкуудын бонд гаргах боломж тэр хэрээр нэмэгдэнэ.

Гадны хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа арилжаалдаг, Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаа эргэж сэргэх хандлага байна уу?

-Оюу толгойд асуудал гарснаас хойш Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын олон улсын хөрөнгийн бирж дээрх хувьцаа арилжаалагдахаа больсон. Тусдаа индекс гаргаж ирээд мундаг явсан үе бий. Харамсалтай нь бүгд арилжаалагдахаа больсон. Бултаараа хөрвөх чадваргүй болсон. Одоогоор ганц хөрвөх чадвартай нь “Туркойз хилл” л байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх болсон нь хувьцаануудад нөлөөлнө. Хөрвөх ямар ч чадваргүй болсон хувьцаанууд идэвхжинэ.

Хэлэлцээрийн талаар таны бодлыг сонсъё. “Рио”-гийн зүгээс 30 сая ам.долларын татвар төлөхөөс эхлээд цөөнгүй буулт хийсэн харагдсан…?

-Сая би эхний бодитой алхам хийгдсэн гэж ярьсан. Цаашдаа хийх ажил өчнөөн бий. Төслийн санхүүжилт байна. ТЭЗҮ батлах ажил байгаа. Хэлэлцээрт оролцогч хоёр тал мундаг ажиллалаа. Засаг төлөөлсөн хүмүүс залуу учраас зоригтой шийдэл гаргаж ажиллалаа гэж харж байна. Ч.Сайханбилэг, Бямбасайхан хоёрзалуу хүмүүс. Б.Бямбасайханы хувьд барууны боловсролтой, олон улсын бизнес яаж явагддагийг мэдэрсэн хүн. Тэр утгаараа онцгой үүрэг гүйцэтгэлээ гэж дүгнэж байна. Ч.Сайханбилэгийн хувьд улс төрийн шийдвэрийн хувьд маш зоригтой алхам хийж чадлаа. Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг хүний хувьд энэ шийдэлд маш их найдвар тавьж байна. “Рио тинто”-г ч их үнэлж байна. Ойлголцож, шийдвэрт хүрэхийн төлөө маш том буулт хийж байна л даа. Хэн ч хүлээж байгаагүй буултууд. Тэр дундаа таны сая онцолсон 30 сая ам.долларын татварын асуудлыг онцолмоор байна. “Рио”-гийн хувьдцэвэр сайн санааны үүднээс, итгэлцэл бий болгохын төлөө, шийдэх өндөр сонирхолтойгоо илэрхийлж хийсэн алхам. Олон улсын шинжээчдийн хувьд энэ талаас нь байр сууриа илэрхийлсэн байна лээ. Одоо эхлүүлсэн бодитой алхмаа зоригтой дуусгах ажил үлдсэн. Гэрэл улаанаар анивчиж байгаад албан ёсоор шар боллоо. Засаг түгжээг мулталлаа, одоо бүх зүйл “ок” гэж хандахад арай эрт байгаа. Ганц гарын үсэг зураад шийдэгдэх асуудал биш. Маш олон үйлдэл, процесс шаардлагатай. Бүх процесс өрнөж, ТЭЗҮ батлагдаж, төслийн санхүүжилт дээр гарын үсэг зурсаны дараа бол өөр. Монголын төр бүх шийдвэрээ гаргаж, олон улсын банкууд “Рио”-дмөнгө өгч, далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл байдал огт өөр болно. Ногоон гэрэл жинхэнэ утгаараа асна.

Зургаан тэрбум ам.долларыг төслийн санхүүжилтээр босгох нь тодорхой болчихлоо. Энэ санхүүжилт хийгдсэнээр Монголд ямар боломж нээгдэх вэ?

-Олон улсын арваад банк, санхүүгийн байгууллагаас зургаан тэрбум ам.долларын төслийн санхүүжилт босгоно гэдэг Монголд маш том өгөөж өгнө. Би төслийн санхүүжилтээр Лондонд тусгайлан судалгаа хийсэн хүн л дээ. Төслийн санхүүжилт буюу project finance бол маш онцгой ач холбогдолтой, санхүү дотроо тусдаа салбар. Монголд бага хэмжээгээр бол хэрэгжсэн. Ийм том хэмжээнд явагдсан удаагүй. Энэ удаагийн төслийн санхүүжилтийг уул уурхайн салбартаа дэлхийд өмнө нь босгож байгаагүй гэж онцолж байгаа. Тэгэхээр энэ удаагийн санхүүжилт хийгдсэнээр Монголыг төслийн санхүүжилт гэсэн том тавцан дээр гаргаад өгчихөж байгаа хэрэг. Энэ утгаараа ач холбогдлыг нь цэгнэх аргагүй л дээ. Олон улсын нэр бүхий 15 банк гарын үсэг зурж хөрөнгө оруулалт хийснээр Монголын уул уурхайд жинхэнэ ногоон гэрэл асна. Ногоон гэрэл асчихвал бизнес хийх боломж жинхэнэ утгаараа бүрдэнэ. Дэлхийн шилдэг 15 банк Монголд хөрөнгөө орууллаа та нар юу хүлээгээд байгаа юм бэ гэж хөрөнгө оруулагчдад хэлэх бүрэн боломж үүснэ.

-“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал далд уурхайн бүтээн байгуулалтыг энэ жилдээ багтаж эхлүүлнэ гэсэн байр суурь илэрхийлсэн байсан. Таны хувьд энэ ондоо багтаж төслийн санхүүжилт босгох боломж харагдаж байна уу?

-Үнэхээр хичээвэл болохгүй юм байхгүй.Гэхдээ ТЭЗҮ ажиллагаатай. Батална гэж том асуудал бий. Төслийн санхүүжилтийн хувьд банкуудын өгсөн хугацаа дууссан. Зээлийн хороонуудаар орохоос эхлээд процессууд дахиад өрнөж таарна. Энэ процессыг л аль болох хурдан амжуулж, хоёр нам хамтарсан дээрээ, шийдвэр гаргах чадамжтай ийм үедээ маш шуурхай, ажил хэрэгч хандах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын банкууд, шинжээчид Монголыг М-3, дараагийн БРИКС гэх мэтээр төсөөлж байсан цаг ердөө саяхных. Сүүлийн хоёр жилийн будлиан дунд Монгол бүх рейтингээсээ унасан. Сая болж өнгөрсөн “Хан ресурс”-ын асуудал гэхэд л Монголыг Венесуэл, Аргентин зэрэг улсуудын хэмжээнд харагдуулсан. Каплагийн асуудал байна. Энэ мэт асуудлууд өнгөц харахад жижигхэн мөртлөө Монголын нэр хүндэд маш том хор хүргэсэн. Харин Оюу толгой дээр шийдвэрт хүрсэн нь хөрөнгө оруулагчдыг хандлагыг өөрчилж байна. Тэд Монголыг ойлгож эхэлсэн. Монголын хувьд Африк шиг дотоодын үймээн самуунгүй, нөхцөл нь өөр л дөө. Дэлхийн хэмжээнд хүрээгүй ч ардчиллын институцууд нь тодорхой хэмжээнд ажиллаж байгаа улс. Ийм ерөнхий ноён нуруу бий.

Ард түмэн өөрсдийнхөө төлөө дуугарах цаг нь ирчихлээ. Миний хувьд гэхэд л энэ боломж дээр дөрөөлж, Лондон явж хөрөнгө босгоод, Монголдоо хөрөнгө оруулалт хийж амьдралаа өөд нь татаж болж байна. Оффисууд эзгүй өрөөгөө түрээслүүлж, хэвлэлүүд реклам авч, хүн бүр энэ боломжийг ухаалгаар ашиглах хэрэгтэй. Зургаан тэрбум ам.долларын том төсөлд юу нийлүүлж болох вэ гэдгийг дор бүрнээсэтгэх ёстой. Ажилд орно, бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ, судалгаагаа зарна гэх мэтээр хүн бүрд боломж нээлттэй. Монголыг эргээд хөрөнгө оруулалтын тавцанд гаргаж ирэхийн төлөө ганц иргэн гэлтгүй бүгдээрээ засгийнхаа шийдвэрийг дэмжиж зоригтой хөдлөх хэрэгтэй байна. Дахиад хэлэхэд саяын

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Цээж хорсох

Цээж хорсох явдал хүн бүхэнд түгээмэл тохиолдох нь бий. Уг өвчлөлийг хэрхэн анагааж, урьдчилан сэргийлэх талаар товчхон өгүүлье. Шар хөөрөх буюу цээж хорсолтын үед өвчүүний толгойн дээд талаас цээжний урд хэсгээр түлж байгаа мэт халуу оргино. Энэ нөхцөлд айраг цагаа уувал өвчүүн тушаа гал манараад л явчихна. Тэр бүү хэл бүлээн сүү, хүйтэн хар цай уусан ч улаан хоолой, цээж зураад ордгийг бид мэдэх юм.

Анагаахын шинжлэх ухаанд үзсэнээр энэ нь ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн доод хэсгийн салст хэт мэдрэмтгий болж рефлюкс үүсэх процесс аж. Ямар нэгэн өвчин зовиургүй эрүүл хүнд ч цээж хорсох тохиолдол гардаг байна. Ихэвчлэн хоол хүнсээ тохируулж хэрэглээгүйгээс, ялангуяа улаан төмс, цулхир зэрэг крахмал ихтэй зүйл, халуун ногоо, шоколад, кофе, улаан лоолийн соус, хийжүүлсэн ундаа зэргийг хэт давамгай хэрэглэж хоолны дэглэм алдагдсанаас үүсдэг гэнэ. Мөн архи хэтрүүлэн уух, гүн шарталт хордлого өгөх, мэдрэлийн ядаргаа болоод стресс нойргүйдлээс цээж хорсох явц мэдрэгддэг ажээ.

Цээж хорсолтыг цагаан лууван, далайн байцаа, жууцай, зуун наст, долоогонын шүүсээр анагаах арга бий. Цагаан лууванг чанаж буцалгах, эсвэл шарж хайралгүйгээр түүхийгээр нь хэрэглэвэл мах болоод өөх тостой хоолыг шингээх чадвар өндөр байдаг аж. Хөдөөгийнхөн цээж хорслоо гээд шанага шанагаар сүү залгилдаг. Энэ нь тийм ч үр дүнтэй арга биш. Гэр бүлийн нөхцөлд хүмүүс содатай ус уудаг. Үүнийг ч шинжлэх ухаан таашаадаггүй. Учир нь ходоодны хүчлийг аажимдаа нэмэгдүүлэх аюултай. Цээж хорсолтыг бий болгодог дээрх бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж, уурлаж бухимдалгүй тайван байж буцалсан ус зэргийг тогтмол хэрэглэвэл цээж хорсох зовиургүй болохыг эмч нар зөвлөдөг.

Ө.МАНЛАЙ