Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга “Сони мюзик энтертаймент”-ын бүс нутгийн захирлыг хүлээж авав

УИХ-ын дарга З.Энхболд Сони мюзик энтертаймент компанийн Монголыг хариуцсан бүс нутгийн гүйцэтгэх захирал Арина Дмитриева, Юниверсал мюзик групп компанийн Монголыг хариуцсан бүс нутгийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Сергей Елфимов нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Сони мюзик энтертаймент нь Япон Улсын Сони корпорацийн охин компани, дэлхийн 2 дахь том хөгжмийн компани аж. Сони мюзик энтертаймент болон Юниверсал мюзик групп нь дэлхий даяар олон зуун хамтлаг, дуучдын эрхийг эзэмшиж, хамгаалдаг бөгөөд Монгол Улсад анх удаа албан ёсоор өөрийн оюуны өмчийн бүтээлүүдээ түгээж, хамгаалахаар Монголын “Хуур мюзик групп” ХХК-тай хамтран ажиллаж байгаа юм байна.

Төлөөлөгчид Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, оюуны өмч, зохиогчийн эрхийн бүтээлийн хамгаалалт болон оюуны өмчийн талаарх хууль эрх зүйн талаар тодруулж, харилцан санал солилцлоо.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, сүүлийн үед манай хамтлагууд үндэсний дуу, хөгжмийг орчин үеийн хэлбэрт оруулж, олон улсын хэмжээнд гарах боломжтой болж байна. Киног хууль бусаар хуулбарлах асуудал харьцангуй гайгүй байдаг. Харин дуу, хөгжмийг хянахад хэцүү байгаа гэдгийг хэлэв.

Уулзалтад Улсын Их Хурлын даргын ниймийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар ”Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсны дараа Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос асуулт асууж, хариулт авсан. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.1 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Дараа нь Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулав.

Энэхүү хуулийн төсөл нь хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэгджээ.

Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн байдал хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ бага орлоготой иргэдийн амьжиргааны түвшин буурах, ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэж буйгаас хүүхэд зөрчил, гэмт хэргийн золиос болсоор байгаа юм.

Гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж байгаа хүүхдүүдийн 22 хувь нь гэр бүлийн таагүй уур амьсгал, 42 хувь нь үе тэнгийнхэн, 18 хувь нь өөрөөсөө болж, 10 хувь нь сургууль дээрх таагүй харилцаанаас үүдэн гэмт хэрэг үйлджээ. Хүчингийн гэмт хэргийн 26.6 хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа бөгөөд хохирогчийн 60 хувь нь 5-18 хүртэлх насны охид аж.

Хүүхдэд холбогдох хэрэг зөрчлийг хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн шүүгч хянан шийдвэрлэх, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хүүхдэд зөвхөн эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх зэрэг хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зарчмыг баримтлах юм байна.

Хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх захиргааны хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, ял шийтгэлийг Гэмт хэргийн тухай хуулиар тус тус тодорхойлно хэмээн сайд танилцуулсан.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдэд танилцуулахдаа хэлсэн. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриал илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, хуулийн зарим заалт хэт тунхаглалын чанартай байгааг анхаарч үзэхийг хүсээд, хүүхдээ хараа хяналтгүй, харгалзах хүнгүй үлдээж болох ч юм шиг, болохгүй ч юм шиг ойлгогдоод байгаа учир тодруулга авахыг хүссэн.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсгээс хариулснаар, хүүхдийг хараа хяналтгүй орхих асуудлыг хатуу хуульчилвал хүн бүр хууль зөрчсөн болох гээд байгаа аж. Хуулийн төсөлд бага насны хүүхдээ цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар хүргэж өгөх, авах, эрх зүйн зарим болон бүрэн чадамжтай хүнгүйгээр үлдээхгүй байхаар тусгасан бөгөөд эрх зүйн зарим чадамжтай хүн буюу 14-өөс дээш насны ах, эгч нь бага насны дүү нараа харгалзаж болохоор тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, манай улсад 81 мянган эмэгтэй өрх толгойлж байна гээд гэр бүлээ орхиод явсан аавуудын үйлдлийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдгийг онцолсон. Үүнээс болж хүүхэд хохирохыг багасгахаар хуульд хэрхэн тусгасаныг тодруулж байлаа.

Өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдэд дэмжлэг үзүүлэх эрсдлийн сан байгуулах асуудлыг ярилцаж байгаа хэмээн ажлын хэсгээс хариулаад ийм сан байгуулбал өрх толгойлсон эмэгтэйчүүд, тэдний хүүхдэд ирж буй дарамтыг багасгана гэж үзэж байгаа гэв.

С.Бямбацогт, А.Бакей, Г.Батхүү нарын гишүүд ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг 6 настай элсүүлдэг болсон нь хөдөө орон нутагт хүндрэл учруулж байгааг хэлж байлаа. Гишүүд хүүхдийн сургуульд орох насны байдалд хязгаарлалт тавихгүй байх талаар төсөлд тусгах бололцоо байгаа эсэхийг тодруулсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт оюутнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог байхад бага насны хүүхдүүд мөнгө төлж зорчдог. Бага насны хүүхдүүдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах асуудлыг тусгаж болох уу гэж асуусан. Ерөнхий боловсролын сургуульд зургаан настнуудыг элсүүлэх асуудлыг Бага, дунд боловсролын тухай хуулиар зохицуулж байгаа болохоор сургуульд элсэн орох хүүхдийн насны талаар энэхүү хуулийн төсөлд тусгаагүй гэж ажлын хэсгээс хариулсан. Гэхдээ ажлын хэсэг дээр энэ талаар ярилцах боломжтой аж. Түүнчлэн хүүхдүүдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах саналыг тусгаж болох байх гэсэн хариултыг өгсөн. Гишүүд бүтэн өнчин, тэнэмэл амьдралтай хүүхдийн асуудал, хүүхдийг хүмүүжүүлэх монгол уламжлалт аргын талаар энэхүү хэлэлцүүлгийн үеэр ярьж, баяр сууриа илэрхийлж байлаа. Ингээд төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүний дараагийн асуудал нь Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.

Хүүхэд хамгааллын тухай бие даасан шинэ хуулийн төсөл боловсруулсантай холбогдуулан одоогийн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болох Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Олон улсын туршлагаас үзвэл хүүхдийн эрхийг хангах талаар “Хүүхэд төвтэй” болон “Гэр бүл төвтэй” гэсэн хоёр хандлага зонхилж буй бөгөөд монголчууд эрт үеэс эцэг эх нь үр хүүхдээ өрх тусгаарлах хүртэл тоонот гэртээ хамт амьдарч, хүүхдээ мал маллах арга ажиллагаанд багаас нь дасгаж, хүмүүжүүлж ирсэн уламжлалыг харгалзан “гэр бүл төвтэй” хандлагыг баримтлах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хүүхэд аль болох гэр бүлдээ эцэг, эхтэйгээ хамт амьдрах, гэр бүлд нь төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах үүднээс зайлшгүй тохиолдолд төр оролцох нөхцөлийг хууль зүйн үндэслэл, тогтолцооны хувьд бий болгох, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний төрөл, уг үйлчилгээг мэргэжлийн түвшинд төрөөс гадна төрийн бус байгууллага, хувийн хэвшил, сайн санаат иргэн, гэр бүлүүд үзүүлж болох концепциор энэүү хуулийн төслийг боловсруулсан гэж сайд С.Эрдэнэ танилцуулгадаа дурдсан.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллага нь хүүхэд үрчлэлт, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бусаар харьцах болон хүүхдийн мөлжлөгийн аливаа хэлбэр, хүүхдийн хулгай, хүүхдийг зүй бусаар шилжүүлэх болон саатуулах, хүүхдийн харьяалал болон зохион байгуулалттай гэмт хэргийн асуудлаар гадаад улс, олон улсын ижил төрлийн байгууллагатай холбогдох мэдээллийг харилцан солилцож, хамтран ажиллахтай холбогдсон харилцааг хуулийн төсөлд шинээр тусгав.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олох төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, хүүхдийн тоглоомын талбайг хамгаалах асуудлыг төсөлд тусгасан уу гэж асуусан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсгээс хариулснаар, өмнө нь нэг барилгын ажил эхэлж, хүүхдийн тоглоомын талбайг буулгаж байхад хүүхдийн байгууллагын ажилтан очоод ямар ч арга хэмжээ авч чаддаггүй байсан бол шинэ хуулиар Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгохоор болж байгаа аж. Энэ байцаагч шаардлагатай гэж үзсэн бүх обьектэд нэвтэрч хяналт тавьж, хэрэгжүүлэх эрхтэй болох юм байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, өвлийн улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй гэсэн саналыг нийт гишүүдийн гуравны нэг нь дэмжиж байгаа гээд энэ талаарх асуудлыг хуулийн төсөлд тусгасан уу гэж асуусан. Хуулийн төсөлд ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно хэмээн заасан болохыг ажлын хэсгээс хэлж байлаа. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд Хүүхдийн хөдөлмөр гэсэн бүтэн зүйлийг оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мөн энэ талаар тусгасан гэж ажлын хэсгийн гишүүд хариулсан.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр С.Одонтуяа гишүүний санаачилгаар Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих лобби бүлэг байгуулагдсаныг УИХ-ын дарга З.Энхболд зарласан юм. Тус бүлэг нь бүх байнгын хорооны гишүүдийн төлөөлөлтэй бөгөөд бүлгийн гишүүн нь тухайн байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа хууль, тогтоолд хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбогдсон асуудлаар байр сууриа илэрхийлж тусгуулахад анхаарч ажиллах юм байна.

Дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза” наадам маргааш болно

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Улаан хивсний ёслолын ажиллагаа маргааш 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох ажээ.

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ.

Энэ жилийн “Гэгээн муза” наадмын онцлог нь:

1. “Гэгээн Муза” академийн удирдлагууд Армен улсад зохион байгуулсан Олон Улсын Театрын Институтын /ОУТИ/ 34 дэх их хуралд оролцож наадмын үйл ажиллагааг танилцуулан, “Гэгээн Муза” наадмыг олон улсын наадам болсныг баталгаажуулан бүртгүүлсэн.

2. “Гэгээн Муза-12” дахь наадам “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл”-ийн төрлүүдээр зохион байгуулагдана.

3. “Гэгээн Муза-12” дахь наадамд Монгол, Орос, Герман, Швейцарь, Солонгос, Коссова, Эстон, ОХ-ны Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчид, зочид төлөөлөгчид оролцоно.

Мөн “Гэгээн Муза” 12 наадмын хүрээнд тоглогдох жүжгийн хуваарийг танилцуулж байна

Тасалбарын захиалга явагдаж байгаа бөгөөд 322132, 88087088 утсаар захиалж болох юм байна.
Нэг хүний жүжиг /Косово/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /ОХУ/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /Эстони/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /Швейцарь/ 3000 төгрөг,
Хүүхдийн жүжиг /Солонгос/ 5000 төгрөг,
Дуулалт жүжиг /Буриад/ 5000 төгрөг,
Дуулалт жүжиг /Өвөр Монгол/ 5000 төгрөг.
Нэг хүний жүжиг /Косово/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /ОХУ/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /Эстони/ 3000 төгрөг,
Нэг хүний жүжиг /Швейцарь/ 3000 төгрөг,
Хүүхдийн жүжиг /Солонгос/ 5000 төгрөг,
Дуулалт жүжиг /Буриад/ 5000 төгрөг,
Дуулалт жүжиг /Өвөр Монгол/ 5000 төгрөг

Categories
мэдээ цаг-үе

Б.Төмөрчулуун: Монголчууд Монголоо таниад ирэхээр тамир сууна

Баянзүрх дүүргээс Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй, “Үйлдвэрлэл Дагнасан Сэргэн мандалт групп”-ын үүсгэн байгуулагч Байлгас овгийн Батмөнхийн Төмөрчулуунтай ярилцлаа.

Одоогоос хэ­дэн жилийн өмнө нийс­лэлийн хамгийн үнэтэйд тооцогдох зарлалын самбарт МАХА гэсэн бичигтэй, “Монгол даяараа…” гэсэн самбар байхыг хараад ихэд гайхаж байлаа. Харин тэр МАХА хэмээх үгийн утгыг хамгийн сайн тайлбарлаж чадах, энэ үзлийг түгээн дэл­гэрүүлэхэд оройлон оролцож байгаа хүн нь таныг гэх юм. МАХА үзэл гэж чухам юу юм бэ?

-Би эгэл жирийн л нэгэн. Надаас жин дарсан жинхэнэ үүсгэл санаа гарах нь юу л бол гэж даруу зан гаргаж болох ч, таны сонирхож буй МАХА үзэл санааныхаа талаар чин сэтгэлээсээ хэлэлцэж ярихад болохгүй нь юу байх билээ. Монголчуудын амьдрал ахуйд нь байдаг өөрийн гарвалын агуу хүчээр юуг асааж болох билээ гэсэн бодлоос минь төрөн гарсан энэ үзэл санааг МАХА гэж байгаа юм. Та санаж байгаа бол 2007 оны долдугаар сарын 7-ны өдрийг мянган жилд ганцхан тохиох бэлгэшээлт өдөр гэж үзэн, дэлхий даяар хэдэн сая хосууд хуримлан, гал голомтоо бадраасан. Энэ өдрийг тохиолдуулан бид ч нийт монголчуудынхаа дунд Монголоо гэсэн үзэл санааг эмхэтгэн цэгцлэх зорилгоор уралдаан зарлаж, бүх үеийн Ерөнхий сайдуудыг урьж, санаа бодлыг нь сонссон эрдэм шинжилгээний бага хурал, UB palace-т 3333 хүний цуглаан зэрэг ажлууд зохион байгуулж байлаа. Эдгээр ажлын хүрээнд Д.Чимид агсан, Б.Лхагвасүрэн ах, Д.Урианхай гуай, Тэргүүн хамба Д.Чойжамц багш минь, Ш.Чоймаа гуай, К.Цоохүү, их дээд сургуулийн доктор профессорууд, одоогийн тэргүүн шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, улс төрийн тоймч А.Баатархуяг, Улс төрд залуу манлайлагч төслийн санаачлагч С.Эрдэнэболд нарын хүмүүс “Монгол эх орноо эрхэмлэхүй” гэсэн гуравтын дэвсгэрт дагалдсан шагналаар шагнагдсан юм. ХҮЧ гэдэг үгийг гуравтын мөнгөн дэвсгэртээр төлөөлүүлсэн хэрэг. Ийм л олон хүмүүсийн үзэл санааны уулзвар дээрээс бий болж, цэгцлэгдсэн үзэл миний дотор хадгалагдсаар байсан. Ингэж явсаар 2012 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр МАХА нийгэмлэгээ зарлан хуралдуулж байгуулсан юм.

МАХА гэсэн томъёоллыг Монголчуудыг Аугаа Хүч Аварна, Монголчуудын Амьдрах Хүч нь Агуу, Монголоороо л, Амьтайгаа л, Хүчирхэг л, Агуу л МАХА л байцгаая гэх мэт олон янзаар тайлбарлаад байна л даа.

Монголчуудын Ардын Аугаа Хүч нь асрахуйн, аврах, алсын шинж чанарыг агуулж байгаа учраас бид МАХА хэмээн томъёолсон гэж ойлгож болох нь. МАХА үзэл санаагаар, өөрийгөө, гэр бүлээ, үр хүүхэд, найз нөхөд, хамт олноо дархлаажуулж, асааж чадсан хүмүүсийг бид МАХА-чууд гэж нэрлээд одоо бүр нэршил үйлс болох тал руугаа явж байна. Үүнийг тайлбарлан хэлэх зуураа сонирхуулахад ийм үзэл санаа аливаа улс орнуудад байдаг юм байна. Байх байхдаа тэр орныхоо хөгжил дэвшлийн нөлөө бүхий суурь хүч нь байх юм. Хамгийн наад захын жишээнүүд л гэхэд Хятадын күнзчүүд, Японы самурайчууд гээд өөрийн язгуур үзэл санаагаа л шүтэж байна.

Энэ нь яг ямар үзэл гэсэн үг вэ. Та Монголоо гэсэн амин үзлээ жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Монголоо гэсэн амин үзэл санаа МАХА үзэл бодол дэлгэрэх цаг нь болсон юм байх аа даа. Энэ цаг дор эрх биш монгол түмнээс минь Монголоо гэсэн нинжин сэтгэл агуулсан санамсар, ухамсар төрөх болсон баймаар. Бид бусдын дарлал дор хэдэн зуун жилээр байж, талхигдаж мөлжигдөж бас туйлдаж ирсэн үндэстэн. Мөн сэргэн мандаж, дэлхийг ч донсолгож байсан үе бий. Ахмад үе минь бусадтай “хэрсүү” нөхөрлөж төр улсаа дэлхийн дээвэрт мандуулаад, бичиг үсэгт бүрэн тайлагдсан үндэстэн бэлтгэсэн ч бид заримдаа дэлхийгээ, бүр наанадахад хоёр хөршөө ч уншиж таньж чадаагүй байна уу даа гэж бодогдох юм. Монгол ахуй, монгол амьдралаа танилгүйгээр дэлхийн эдийн засгийн буданд төөрчих вий гэж санаа зовнигч МАХА-чууд энэ санаагаа олж авсандаа, бас Монголоо ямар байгааг ажиж харсандаа өөрсдөдөө ихэд баярлаж явцгаадаг.

Тиймдээ ч бид твиттэрт:

Андууралгүйгээр олж авсан МАХА үзэл

Алдуурсан унага шиг Монгол руугаа гүйж явааГүүгүүл Ажнай

Ямар их аз жаргалтай вэ гэж жиргэдэг.

Монголоо ажиж харлаа гэж та хэллээ. Таныхаар тэгээд Монгол хэрхэн харагдаж байна даа?

-Бид өнөөгийн ийм байдлаар дэлхийн доог тохуу болж хэрхэвч болохгүй. Хаа нэг газар, их бага ямар ч асуудлаар Монгол гэсэн нэрийг саараар дуулгаж болохгүй тангарагтай улс, бид чинь. Тиймээс Монголын сайн сайхныг, хоёр хөршөөсөө эхлүүлээд дэлхийн хэмжээнд мэдрүүлэх нь чухал. Дэлхийн эдийн засагт Монгол гэсэн оролцоог бий болгох хэрэгтэй. Үүний тулд бидэнд жигүүрлэх үзэл санаа, зүрх сэтгэл хамгийн чухал гэж би боддог. Өөр юу ч чухал биш. Харин тэр тэсрэх тийрэлтэт хурдасгуур нь МАХА үзэл санаа байгаасай билээ.

МАХА үзэл шинэ зүйл үү эсвэл бидэнд угаасаа байсан юм биш үү?

-Яг тийм. Монгол хүн үүссэн Монгол Улс бий болсон цагаас байсан үзэл шүү. МАХА бол бидний туулж туршиж ирсэн …измүүдболон одоо туучиж яваа ардчилал хэмээх эзэн биегүй систем лав биш. Яагаад бид одоо болтол Ардын Аугаа Хуч Асрахуйн, Авралын, Алсын чигтэй гэдэг үзэл санаагаа тууштай баримтлаагүй юм болоо гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Магад Монгол хэмээх суурь үзэл санааг талхалсан харийнхны нөлөөллийн савалгаан дунд сарнисан ч юм болов уу. Олон ч талаас нь бодож, олон ч хүнтэй уулзаж энэ сэдвээр ярилцаж ирлээ. МАХА үзэл санаа бол бүр гарвал талаасаа монгол юм. Гарт баригдаж нүдэнд харагдаж буй Монголоо л ажиж нэг, таньж нэг монгол ухаан авьяасыг нь олж илрүүлж чадвал МАХА үзэл Монголын хөрсөнд ургаж соёолж дэлгэрэх нигууртай. МАХА үзэл монгол хүн бүрт нандин чанараараа хадгалагдсаар байсан, байгаа, бас байх ч ёстой ухаалаг үндэстний заяагдмал өгөгдөл юм. Монгол өөрөө авралын орон. Дэлхийд аюул гай гамшиг болдог зүйл Монголд сонстох төдий. Тэр өлсгөлөн, хар салхи, цунами, газрын ширвэлт хөдлөлт, үер усны аюул, эбола вирус гэх мэт.

Бид юугаар ч дутаагүй. Монголын ард түмэн хэнд ч гологдохгүй. Цал буурал ахмадуудаа нэг хар даа. Ер нь бид ойрын үед ахмадуудаасаа “Бид яаж явна аа” гэж асуусан болов уу. Хараад байхад “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэсэн шиг л явах юм байна шүү дээ. Харин энэ алдаа бүхний үндсэн засал нь МАХА үзэл санаа. Энэ үзлээр хандаж, дадал заншлаа болгож явбал нэг хүн, нэг хэсэг хүн гэхгүй бүх Монголоороо хожно. Өнөө маргаашийн хожоо чухал уу, Монголын хожоо чухал уу. Монгол хожих л чухал.

Монгол ухаан, монголчуудын уламжлалт ухаан мундаг. Харин өнөөгийн нийгэмд залуучууд хэр хүлээж авах бол?

-1990 онд бид юу хэлж ярьж амлаж, аль эсвэл адалж байлаа даа. Хүнлэг энэрэнгүй ардчилсан иргэний нийгэм байгуулна аа л гэж хоолойгоо сөөтөл хашгирсан. Одоо эргээд хар даа. Нам төвтэй лобби ташууртай учраа олохгүй л яваа юм биш үү. Хөрөнгө талаа харсан ч, хөрс суурь талаа харсан ч бид болж байна уу? Үгүй!!! Тэгэхээр бид ундарга нь өөрт байгаагаа олж харахгүйгээр гадны л юмаар өөрөөр хэлбэл хүний юмаар л хүүдэгнээд учраа олохгүй байж. Харин яг ийм үед МАХА үзлээр аливаад хандах дадал, МАХА үзэлтэй хүмүүс өөрсдийн ч, бусдын ч учрыг түвэггүй олно гэж хэлмээр байна. Улс орноо мэдэмхийрч аль эсвэл бие биедээ тунирхаж, дээрэлхэж, муучилж удирддаггүй юм. Их даруу баймаар санагдах юм. Биесээ анхааран сонсмоор бодогдох юм. Зах зээлийн эдийн засаг чинь хожоотой байж болох боловч, нөгөө талаасаа бөөн эрсдэл, эндүүрэл, сатаарал гэдгийг эрх биш ойлгомоор цаг хугацаа тууллаа даа, ард олон минь. Залуус минь зорилготой амьдар. Залуучуудаа гадаад дотоодод сургасан шиг сургаж, уламжлал, шинэчлэлд тулгуурлан зүг чигийг нь олуулмаар байна. Боловсролтой мэдлэгтэй залуус нь зүтгэлгүй сэтгэлгүй байх нь ч байна. Болж бүтэж яваа нь бас байна аа. Иймд Монгол Улсын итгэл найдвар хөдөлгөгч хүч залуусаа тамиржуулах нь чухал. Юун нам сам бэ? МАХА үзэл санаа Монголын залуучуудыг асаах стаачир /starter/, дахин цэнэглэх аккумлятор /power bank/ юм.

Та нам, сам гэж улс төрийн намуудыг хэлж байгаа бололтой. Гэхдээ манай төрийн эрхийг барихын тулд намаар дамждаг л тогтолцоо бий. Таныхаар тэгээд яавал дээр байна вэ?

-Үндсэн хуульд нам сонгоно гэсэн ганц ч хуулийн заалт байхгүй. Иймд иргэний оролцоог намын оролцооноос дээгүүр тавь. Алдаагаа засъя гэж бодвол засаж болно. Дор хаяад сонгуулиа мажоритар тогтолцоогоор сонго л доо. Ардчилал гэдэг эзэн биегүй системийг дэндүү дур зоргын хэрэг гэж андуу бодоод байна. Андуурч болохгүй таних хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй. Удирдаж дийлэхгүй болохоор хямрал гэдэг “хадны мангаа” байгаа юм шиг ярьж болохгүй. Монголоо хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага гэж нэрлэчихээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээд сууж байх уу. Ер нь олон юм оронцоглож байснаас нэг зорилготой, нэг ажлыг чинээнд нь тултал чамбайруулж хийх нь зөв. Монгол бол халиасан болгон нь харц тогтоодог нандин орон. Би эгэл бор амьдралаа тань, мэд гэж хэлмээр байна. Монголоо таниад ирэхээр тамир суудаг. Оюун тархины болон сэтгэл, итгэлийн тамир суухаар алдаа бага гаргадаг. Ядахдаа засч болохоор алдаатай ажилла. МАХА үзэл санааг бүү гоочил. Хүн бүр хичээх цаг. Үүрийн цолмон анивчих цагаас үдшийн гялаан гялалзах хүртэл мэрийх цаг дор МАХА-чууд Монголоо сэргэн мандуулах л болно гэдэгт хотлоороо итгэж болно.

Монголоо гэсэн амин, суурь үзэл МАХА маань хэр бойжиж байна вэ?

-МАХА үзэл санаа санаанд оромгүй хурд хүчээр асах хүчтэй мэдрэгдэж, олны талархлыг хүлээж, нутагшиж байна. Үйлийн үрийн ундаргын хүч нь хүнд өөрт нь байгааг л олж харах хэрэгтэй юм. Андууралгүйгээр олж авсан Монголоо гэсэн амин язгуур, суурь үзэл санаа МАХА-гаа дэлхийгээр нэг учраа олохгүй тэнэж яваа ИЗМ-үүдээс ялган салгаж шүтэн биширч дэлхийн эдийн засгийн буданд төөрүүлчихгүйгээр Монгол улсаа тэргүүн улс болгоно гэж хэлмээр байна. Саяхан нэг гадны хүний лекцэнд суулаа. Тэр “Ардчиллыг хэн ав гэсэн юм. Аваад юу хожив оо” гэж биднээс асууж байна. Өнөөх ардчилал маань туйлын гэх үзэл санаа үгүй, өөрчлөгдсөөр байгаа. Хоёр жилийн өмнө шууд ардчилал, төлөөллийн ардилал гэж сонгодог онол ярьж байсан бол одоо зөвшилцөх ардчилал гэлцэх боллоо. Би тэр хүнд Монголоо гэх үзэл санаа болох МАХА-гийн тухай хэлж сэтгэгдлийг нь асуухад Монголоо, монгол ахуйгаа гэсэн үзэл санаа байх ёстой гэж байна. Магад өнөө цагт аливаа үндэстнийг тийм үзэл санаа нь аврах бололтой. Бидний дунд дотроо эвтэй, гаднаа эетэй олон улсад энхтайванч байдлыг тогтоож, хоёр хөрштэйгөө эв найрамдалтай амар тайван амьдрах нь чухал. Дотооддоо ч нэгнээ хэмлэн муудалцах нь буруу юм. Ер нь МАХА үзэл санаа монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хадгалаастай яваа. МАХА үзэл санаа Монголын бохир улс төрийг цэвэршүүлнэ. Монголчуудыг хүчтэй болгоно гэдэгт би эргэлздэггүй.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ соёл-урлаг

“Өнө мөнхийн эгшиглэн” тоглолт болно

Төрийн шагналт Ц.Намсрайжав агсны хүү, удирдаач Н.Бүтэнбаярын “Өнө мөнхийн эгшиглэн тоглолт” зургадугаар сарын 15-нд ДБЭТ-т болох гэж байна.

Энэхүү тоглолтоо Урлагийн Гавьяат зүтгэлтэн Улсын Филармонийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Бүтэнбаяр нь 1972 онд ЗХУ-ын Ленинград хотын Н.Римский- Корсаковын нэрэмжит Хөгжмийн дунд сургуульд эрдүү хийлч мэргэжлээр суралцан төгсч, 1985 онд Ленинград хотын Н.Римский- Корсаковын нэрэмжит Хөгжмийн дунд сургуулийн симфони найрал хөгжимчдийн ангид суралцаж, 1990 онд төгсч ирээд Улсын Филармонийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар өнөөг хүртэл ажиллаж байгаа юм.

Ажиллах хугацаандаа дэлхийн хөгжмийн суут зохиолч И.С.Бах, Ф.Гендель, К.Вебер, И.Гайдн, А.Вивальди, В.Моцарт, Л.Бетховен, Ф.Шубэрт, Ф.Лист, И.Брамс, К.Дебюсси, М.Равель, Р.Вагнер, А.Дворжак мөн оросын хөгжмийн зохиолч М.Глинка, М.Мусоргский, П.Чайковский, Н.Римский-Корсаков, С.Рахманинов, мөн өөрийн орны хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав, Ж.Чулуун, Э.Чойдог, З.Хангал, Б.Шарав, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Н.Жанцанноров, Г.Алтанхуяг нарын бүтээлүүдийг удирдан тоглуулжээ.

Харин энэ онд суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховены IX симфонийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа эгшиглүүлсэн юм. Түүний уран бүтээлийн бие даасан “Өнө мөнхийн эгшиглэн” тоглолтод дэлхийн болон Монголын сонгодог дан хөгжмийн бүтээл тоглогдох гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Элэгний өвчлөлийн симпозиумын талаар видео хурал хийв

Эрүүл мэнд, спортын яам, Америкийн Нэгдсэн улсын Үндэсний Эрүүл мэндийн институт (US National Institutes of Health), АНУ, Өвчний хяналтын төв (US Center of Diseases Control), Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (World health organization), Оном сан (Onom Foundation), Монголд элэг судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран видео хурал хийлээ.

“Элэгний вирүсийн урьдчилан сэргийлэлт, хяналт, элэгний өвчлөл, нас баралтыг бууруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний симпозиум зохион байгуулахтай холбоотой асуудлаар видео хурал өчигдөр орой Монголын цагаар 21:00-22:30 хооронд боллоо.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы дэгдэлтийн үед хүүхдийг олноор цуглуулахгүй байхыг зөвлөв

Амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаатай холбогдуулан халдвараас сэргийлэх зорилгоор Албан байгууллага, ард иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна.

Үүнд:

1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах 6 дугаар сарын 1-ны өдөр хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх;

2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх;

3. Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх;

4. Хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах;

5. Оюутан, сурагчид баар цэнгээний газраар аль болох үйлчлүүлэхгүй байх.

ЭМСЯ-ны харъяа ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВ

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн хамгааллын доод хэмжээний тухай 102 дугаар Конвенцид Монгол Улс нэгдэн орох боломжтой гэж үзлээ

Монгол Улсын Засгийн газраас Нэгдсэн үндэстний байгууллагатай хамтран үндэснийхээ түвшинд хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын суурь түвшнийг тодорхойлж, нийт хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилт тавиад байгаа билээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний тухай 102 дугаар Конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлыг судалж, хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “ОУХБ-ын Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний тухай 1952 оны 102 дугаар Конвенцид нэгдэн орох боломж” сэдэвт үндэсний семинарыг ОУХБ-ын Женев дэх Товчоо, Бээжин дэх Товчоо, нийгмийн бусад түншүүд өнөөдөр зохион байгууллаа.
Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас Монгол Улсын хууль тогтоомжийг энэхүү конвенцийн заалтуудтай харьцуулсан судалгааны урьдчилсан дүнг танилцуулав. Ерөнхийдөө Монгол Улсын хувьд уг Конвенцийн үндсэн шаардлагуудыг хангаж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Конвенцийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, өндөр насны тэтгэвэр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, жирэмсний болон амаржсаны амралт, тэтгэмж, гэр бүлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр зэрэг нийгмийн хамгааллын 9 салбарыг хамарсан доод хэмжээг тодорхойлсон бөгөөд ОУХБ нь эдгээр доод хэм хэмжээг хангасан байхыг гишүүн орнууддаа үүрэг болгосон байна.
Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний тухай ОУХБ-ын 102-р Конвенцид нэгдэн орох асуудлаар нийгмийн түншүүд хэлэлцэж, зөвшилцөлд хүрэхээр санал нэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Л.Гантөмөр: Эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан, инновацийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлнэ

Цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хүүхэд бүрийг хөгжүүлэх “Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг боловсруулан туршиж байгаа нь энэ хичээлийн жилийн онцлог ажил юм гэж БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд аймаг, дүүрэг болгонд түшиц цэцэрлэг байгуулагджээ. Хөтөлбөрийн гол зорилго нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн авьяасыг нээн илрүүлэх, сонирхлыг нь олох, хүүхдээ таних, цэцэрлэгийн сургалтыг хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалт болгож өөрчлөхөд чиглэгдэж байна. Цэцэрлэгийн багшийн хүүхэдтэй ажиллаж байгаа нийт хугацааг хүүхэд бүрийг хөгжүүлэх цаг гэж үзэж, хүүхэд тоглох, хооллох, зурах, дуулах гэх мэт бүхий л үйл ажиллагааны явцад орчноо улам илүү танин мэдэж, чадваржиж, өөрийгөө удирдан авч явах, бусадтай харилцахад суралцах боломжтой болдог давуу талтай. Ирэх хичээлийн жилд тодорхой бүсүүдэд энэ туршилтаа үргэлжлүүлж, 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр бүрэн шинэчлэгдэж дуусна.

Бага боловсролын түвшинд өнгөрсөн жилүүдэд цөм хөтөлбөрийг туршиж, энэ хичээлийн жилээс улсын хэмжээний бүх сургуульд хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр сургалтын үйл явцад хүүхдийн оролцоо 15 байсан бол 70 хувь хүртэл өсч, хүүхэд өөрөө хийж бүтээдэг, өөрийгөө үнэлдэг, багш зөвлөн тусладаг боллоо. Шинжлэх ухааны мэдлэгийг хүүхдэд өөрсдөөр нь хийлгэж олгох чиглэлд ажиллаж байна. Энэ зорилгоор өнгөрсөн хугацаанд сургуулиудад 200 гаруй лаборатори нийлүүлжээ. Лабораториудын ашиглалт, үр дүн сайн байна.

Дэлхийн шилдэг 100 сургуулиас 200 гаруй залуу суралцах урилга авсан нь энэ хаврын хамгийн сайн мэдээ болж байна. Монгол залуучууд дэлхийн шилдэг сургуулиудад элсэж чадна гэдгийг энэ тоо харууллаа гэж сайд хэллээ.

Инновацийн талаар баримтлах бодлогын хүрээнд боловсруулсан мэдлэгийн эдийн засагт шилжих төлөвлөгөө хэрэгжсэнээр шинэ мэдлэг бүтээх, давтагдашгүй бүтээл үйлдвэрлэх, түүнийг судлах эдийн засгийн харилцааг бүрдүүлэх боломжтой болно. Засгийн газрын тогтоолоор “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам” баталсан. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр өндөр технологийн аж үйлдвэрлэлийн үндсийг тавих, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан, инновацийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлнэ гэж сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ – ийн төлөөлөгчдийг хүлээн авах буудлуудын ажилчдыг аюулгүй байдлын сургалтад хамрууллаа

Жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зочид буудлын холбоо хамтран зочид буудлын аюулгүй байдал, хамгаалалт, гамшгийн эрсдэлийн менежментын сургалтыг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн жил “Корпорейт хотел энд Конвэйшн центр” зочид буудалд “Гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх нь” үзүүлэх сургалтыг зохион байгуулж байсан бол энэ жил “Зочид буудлын аюулгүй байдал, хамгаалалт, гамшгийн эрсдэлийн менежмент” сэдэвт сургалтыг “Улаанбаатар” зочид буудалд зохион байгууллаа. 2016 онд Улаанбаатар хотод болох АСЕМ – ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахтай холбогдуулан тус арга хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авах буудлуудын ажилчдыг энэ удаагийн сургалтад хамрууллаа гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.