Categories
мэдээ улс-төр

“Эрх зүйт төр-Эрхэм зорилго” олон улсын онол, практикийн бага хурал Төрийн ордонд болж байна

Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай эрх зүйн болон захиргааны салбарт албан ёсоор хамтран ажиллаж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангаас хамтран зохион байгуулж буй “Эрх зүйт төр-Эрхэм зорилго” сэдэвт олон улсын онол-практикийн бага хурал Төрийн ордонд болж байна. Онол-практикийн бага хурлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа нээж, нэгдсэн хуралдааныг удирдав. Хуралд оролцогчдод хандсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж танилцуулсны дараа Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар мэндчилгээ дэвшүүллээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ, Ханнс-Зайделийн сан нь Монгол Улсын Засгийн газартай 1995 онд эрх зүйн болон захиргааны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөлгөө өгөх тухай хэлэлцээр байгуулснаар 20 жилийн хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн . Тухайлбал, Монгол Улсад анх удаа Захиргааны хэргийн шүүх байгуулах, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль боловсруулан батлуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн. Мөн 2002 онд Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэн боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэлээ.

Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Тийдеманн болон ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, Төрийн сайд асан, профессор, хатагтай У.Мэннле нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм.

“Эрх зүйт төр-Эрхэм зорилго” олон улсын онол, практикийн бага хурал нь Төрийн ордны “Б” танхимд Захиргааны эрх зүй ба “А” танхимд Эрүүгийн эрх зүй салбар хуралдаануудаар үргэлжилж байна.

Онол-практикийн бага хурлын дараа 20 гаруй жилийн тэртээгээс ийнхүү тасралтгүй хэрэгжиж, тодорхой үр дүнд хүрсэн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тухай хэлэлцээрийг үзэглэх ёслолын ажиллагаа өнөөдөр Хууль зүйн яаманд болох юм.

Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Ханнс-Зайделийн санг төлөөлж тус сангийн тэргүүн, хатагтай У.Мэннле нар гарын үсэг зурна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсад ажлын айлчлал хийж байна

Categories
мэдээ нийгэм

Чингэсийн талбайд “НОМЫН БАЯР”-тай

Номын үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын клубын гишүүдийн уулзалт, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, зохиолчидтой хийх уулзалттай “Номын баяр” Чингэсийн талбайд болно.
Номын баярын байнгын хүндэт оролцогчид бол ахмад зохиолчид бөгөөд тэд өөрсдийн гарын үсэгтэй номын худалдаагаа хийнэ.
Номын баярыг зохион байгуулагчид иргэдийн эх хэлний боловсролын чанар, харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулахад ном бүтээгчдийн оролцоо чухлыг онцолж байна.
Ном эрхлэн гаргагчдаас шинэ номоо уншигчдадаа танилцуулах, бэстселлер номын зохиолчид гарын үсэгтэй худалдаагаа хийх, хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллагууд хүүхдийн баяртаа номын бэлэг бэлдэхийг уриалан, номоо бэлгийн багц болгон танилцуулах, худалдаалах гэх мэтээр байгууллага, зохиолчид өөр өөрсдийн хөтөлбөртэй оролцох юм.
Уншигчдын хувьд энэхүү баяраар номыг 5-50хувь хямдруулан худалдан авах таатай боломж бүрддэг билээ.

Categories
мэдээ нийгэм

Танд хүүхдийн хэрэглэдэггүй хувцаснууд байдаг уу?

Тэгвэл та энэхүү сайн үйлсийн аянд нэгдээрэй! Та зөвхөн хувцасаа авчирч өгөхөд л хангалттай. Нийслэлийн дүүрэг бүрт 500-2500 амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн, хувцас хунараа дутагдаж буй хүүхдүүд байна.
Та “Метро экспресс”-ийн салбаруудаар ирж хэрэглэдэггүй хувцаснуудаа өгснөөр маш олон хүүхэд өмсөх хувцастай болох сайхан боломж бүрдэх юм.
Бид таны бэлэглэсэн хувцасны хир, толбо, бактерийг 100 хувь арилгаж угааж цэвэрлэх ажлыг бүрэн хариуцах бөгөөд нийслэлийн дүүргүүдтэй хамтран зорилтот бүлгийн хүүхдүүдэд тарааж өгөх юм. Таны бэлэг хамгийн үнэ цэнэтэй бэлэг байх болно.
6-16 насны эрэгтэй, эмэгтэй бүх төрлийн хавар, намар өвлийн хувцас авч байгаа гэнэ.

Categories
мэдээ улс-төр

УИХ Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна. Гишүүд уг асуудалтай холбогдуулан нэгэнт эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлах гэж байгаа бол хурдан батлах ёстой гэдгийг онцолж байна. Мөн хуулийг батлахгүй удсантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн дунд хүлээлт үүсч, татварын орлого буурсан гэх асуудлыг хөндлөө. Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхэд зарим аж ахуйн нэгжүүдийн нэр дурдагдах тул хаалттай хэлэлцүүлнэ үү гэсэн горимын санал гаргасан.

Хуралдааныг хаалттай явуулах талаар санал хураахад дэмжлэг авсангүй. Чуулганы хуралдаан нээлттэй үргэлжилж байна.

Татварын асуудалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд 82 хүн ял шийтгүүлжээ. Торгох ял эдэлж байгаа нэг хүн байгаа аж. Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан 2015 он гарснаар 4950 хүн, 58 аж ахуйн нэгжид торгох шийтгэл ногдуулжээ.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсангийн хэлснээр цагдаа хүчний байгууллага дээр сүүлийн гурван жилд 11 мянга 260 аж ахуй нэгжид эрүүгийн хэрэг үүссэн байна. Нэг эрүүгийн хэрэг дээр 300-400 аж ахуй нэгж байх жишээтэй. Харин НӨАТ-ын хуурамч падаан үйлдсэн 3600 аж ахуй нэгж цагдаа дээр шалгагдаж байгаа аж. Тэдэнд хуулиар захиргааны хариуцлага байгаа учраас өнөөдрийг хүртэл шалгагдаад өмч хөрөнгүүд нь барьцаанд байгаа аж. Харин прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр Эрүүгийн хуулийн 166-р зүйлд заасан 194 хүнд холбогдох 60 хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. Өнгөрсөн онд 700 гаруй хүн шалгаж байсан бол эдгээрээс зарим нь татвараа төлснөөр энэ тоо 194 болж багасчээ.

Уг асуудлын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы хуралдаанд Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын Таван толгойн ажлын хэсэг зарим материалтай танилцах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлжээ

УИХ-ын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Тавантолгойн ордыг ашиглах Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессын гэрээтэй холбоотой асуудлаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн санал, мөн Балгасны улаан нуурын усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахтай холбоотой асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын байр суурийг сонсох санал дэвшүүлж, эдгээр асуудалтай холбогдох саналаа ажлын хэсэгт ирүүлэх хүсэлтийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарт хүргүүллээ.

Түүнчлэн Таван толгойн ордыг ашиглахтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолыг хэлэлцсэн талаарх Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, тогтоолын төсөлтэй холбоотой асуудлаар яамдаас өгсөн санал зэрэг материалууд, тогтоолын хувийн хэрэгтэй танилцах хүсэлтийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С. Баярцогтод хүргүүлээд байна.

Categories
мэдээ спорт

Бизнес лигийн тоглолт болно

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээг угтан тус МҮХАҮТанхимын гишүүн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, спортын талбарт шударгаар өрсөлдөж бизнесийн байгууллагуудын сагсан бөмбөгийн шилдэг багийг шалгаруулах, байгууллагуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “BUSINESS LEAGUE” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээнийг спортын холбоодтой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 20 компанийн 250 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна. Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн багт шилжин явах цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, хоёр, гуравдугаар байр эзэлсэн баг, тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

МҮХАҮТ-аас сагсан бөмбөгийн спортод хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулж, шилдгээ тодруулах шилжин явах цомын төлөөх тус тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах гэнэ.

Тэмцээний нээлт 2015 оны 5 дугаар сарын 23-ны 12.00 цагт, хаалт 5 дугаар сарын 31-ний ням гаригт Этүгэн Дээд сургуулийн спорт зааланд болно.

Top of Form

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд юу идэх вэ?

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хооллолтын зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын секторийн эрдэмтэн судлаачид танилцуулж байна.

Улаанбурхан өвчний тархалт ихэссэн энэ үед тус зөвлөгөөг даган амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, дархлаагаа сайжруулах хэрэгтэй гэнэ.

Үүнд:

– Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох

– Илчлэг, тэжээллэг хоол өгөх

– Өдөрт 4-5 удаа заавал хооллох

– Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хүнс,хоол түлхүү өгөх

– А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх

– Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх

– Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх

– Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх

Ямарч насны хүн улаан бурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хүнс, хоол хэрэглэх шаардлагатай.

Үүнд:

1. Амьтны гаралтай уургаар баялаг хүнс болох мах, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр бүр хангалттай хэрэглэх,

2. Аминдэм, эрдэс бодисоор баялаг жимс, хүнсний ногоог түлхүү хэрэглэх. Олон төрлийн хүнсний ногоог хоолондоо хэрэглэхээс гадна жимсний цэвэр шүүсийг өдөрт доод тал нь 1 аягийг ууж хэвших.

3. Хүнсний ногооноос хулуу, лууван, амтат төмс гэх мэт А аминдэмээр баялаг. улбар, улбар шар ногоонуудыг хэрэглэх ба эдгээрийг нухаш, зутан, шүүс байдлаар хэрэглэх хэрэгтэй. Мөн цэвэр жимс, ногоо С амин дэм болон антиоксидантаар баялаг байдаг.

4. Цай, сүү, ундааг аль болох халуун бүлээн хэрэглэх. Илчлэг сайтай шөлтэй, халуун хоол идэж, аминдэмээр баялаг шингэн зүйлийг халуун бүлээнээр нь түлхүү уух. Тухайлбал буцалсан аарц, чацарганы шүүс, аньсны шүүс, үхрийн нүдний шүүс зэргийг халуунаар нь уух.

5. Сармис,сонгино, цагаан гаань дархлааг сайжруулах үйлчилгээтэй тул хоолондоо тогтмол хэрэглэж хэвших. Зарим хүүхдэд үнэр амт нь таалагддаггүй учраас үл мэдэгдэх болтол нь жижиглэн хэрчиж, үрж хийх. Сармисыг угааж цэвэрлээд чанахгүйгээр шууд хэрэглэх нь илүү үр дүнтэй. 500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс сармис хийж хандлаад хоолойгоо ойр ойрхон зайлж болно. Мөн нимбэгний уусмал, царван, сод, давсны уусмал байж болно.

6. Ус болон шингэнийг хангалттай хэрэглэх. Хүүхдийн биеийн жингийн ихэнх хувийг ус эзэлдэг. Хүүхдэд шингэн их дутагддаг ба бүрэн хэмжээгээр нөхөж чаддаггүй. Өдөр тутамдаа усыг хангалттай хэрэглэх нь биеийн ерөнхий үйл ажиллагааны үндэс болох ус чийгээр хангах нөхцөл болдог.

7. Сайн унтаж амрах хэрэгтэй. Тогтмол цагт унтах нь дархлааны хамгийн том зэвсэг болдог. Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтах шаардлагатай.

Categories
мэдээ цаг-үе

Сүү-Жеонг: Монгол улсад хаашаа л харна мөнгө олох дүүрэн боломж харагдаж байна

БСШУЯ, Монголын Урлагийн зөвлөл, СУИС-иас зохион байгуулах БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН–ны хүрээнд болж буй сургалт семинарт дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийн ертөнцөд танигдсан, энэ салбарт үгийг нь хүлээдэг нэр хүндтэй судлаач, профессор, багш нар хүрэлцэн ирж лекц уншиж хичээл заасан юм.

Энэ удаа БНСУ-ын Чоннамын Үндэсний их сургуулийн Хувцас, нэхмэл даавууны үйлдвэрлэлийн тэнхимийн профессор Солонгосын хувцас загварын бизнесийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Солонгосын нэхмэл даавуу болон хувцас загварын үйлдвэрлэлийн нийгэмлэгүүдийн холбооны ерөнхийлөгч, доктор Бэй Сүү-Жеонгийн лекцээс уншигчиддаа сонирхуулж байна.

БЭЙ СҮҮ-ЖЕОНГ: МОНГОЛ УЛСАД ХААШАА Л ХАРНА МӨНГӨ ОЛОХ ДҮҮРЭН БОЛОМЖ ХАРАГДАЖ БАЙНАt

Бэй Сүү Жеонг доктор лекцээ ийн эхлэв. Энэ бол манай эх оронд хөл тавиад ганцхан хонож байгаа хүний үг. Бүтээлч үйлдвэрлэл гэх эрдэмд боловсорсон хүний нүдээр Монгол орон ийм харагдаж байгаа аж. СУИС-ийн санаачилгаар зохион байгуулж буй “Бүтээлч үйлдвэрлэл Олон улсын чуулган” тэр боломжийг олж харах арга ухаанаас монголчууддаа эзэмшүүлэхээр зорьжээ.

Бей Сүү Жеонг доктор Бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлж буй дэлхий дахины туршлагыг Өмнөд Солонгосын хувцас загварын үйлдвэрлэлийн хөгжил”-ийн жишээн дээр ярьсан.

Сүүлийн жилүүдэд Солонгос улсын амьдралын хэв маяг, чиг хандлага хэрэглэгчдийн зан чанар, сонирхлоос үүдэн нэлээд өөрчлөгдөж байгаа гэнэ.

Солонгосын хэрэглэгчдийн хүсэл сонирхлын чиг хандлагыг харуулсан өгүүлэл жил бүр хэвлүүлдэг, Сөүлийн их сургуулийн профессор, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах мэргэжилтэн Ким Нан Ду 2015 онд COUNT SHEEP гэсэн 10 үгийн товчлолоор энэ жилийн илтгэлээ тодорхойлсон байна. Түүний тодорхойлсноор энэ жилийн тренд загвар гурван чиглэлтэй байна гэж үзжээ.

2015 оны БНСУ-ын тренд загвар хэрэглэгчдийн түлхүүр 10 үгийг ийн тайлбарлав.

  1. Хэрэглэгчид сонголтоо хийж чаддаггүй. Нэр төрөл олон, хэрэглээнээс хэтэрсэн зүсэн зүйл бараа бүтээгдэхүүн дундаас өөрт хэрэгтэйг олж сонгох боломж хэрэглэгчдэд бараг байхгүй болсон. Тиймээс хувцас үйлдвэрлэл борлуулалтын зах зээлд хэрэглэгчдийн шаардлагын дагуу зөвлөгөө өгөх үйлчилгээ гарч ирснээр барахгүй үүнийг мөнгө босгох нэг боломж болгожээ.
  2. Бүхий л мэдрэмжийн хослол. Одоогийн хэрэглэгчид гял цал, гоё сайхныг сонгохоо больсон. Бүхий л мэдрэмждээ нийцүүлэн аль болох аятай эвтэй, уран нарийн шийдэлтэй эд зүйл, мөн тийм тааламжтай үйлчилгээг сонгодог болсон. Жишээлбэл дэлгэцийн кино урлаг эхлээд 2D, дараа нь 3D болж хөгжсөн бол өнөөдөр Солонгосын кино театруудад салхи үнэхээр сэвэлзэн үлээж, бороо ус гарвал мөн л усан дусал шүршин тэрхүү урлагийн бүтээлийг үзэгч бүхий л мэдрэхүйгээрээ хүлээн авах 4D кино гарч байгаа аж. Үүнийг Монгол Улсад нэрийн хуудас болсон ноолууран бүтээгдэхүүний ертөнцөд яаж хэрэгжүүлэх вэ гэвэл хэрэглэгч маш сайн чанарын ноолууран хувцас нь анхилам тааламжтай үнэртэй болж, хуучирсан ч тэр үнэр нь арилахгүй байгаасай гэж хүсэж болно. Хэрвээ тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал өмнө нь 50 хувь борлогддог байсан бүтээгдэхүүн үнээ хоёр дахин нугалан ашиг орлого нь суга өснө. Одоо даавуунд үнэр оруулах технологи тийм ч хүнд асуудал биш болжээ. Материалыг үйлдвэрлэхдээ тэр үнэрийг шингээх боломж бий. Харин энэ технологийг үйлдвэрлэлд хослуулах мэргэжилтэн ховор. Түрүүлж энэ арга ухааныг олж сайхан үнэртэй ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хүн энэ салбарт ашиг орлого олох нь байна.
  3. 3. Бүх суваг хоорондын сүүлчийн дайн /илтгэгчийн оноосон нэр томьёо/. Хүмүүс дэлгүүр, захаар явахаа больсон. Хэрэглэгчид интьернэт, онлайн сүлжээ, телевиз, гар утаснаасаа чөлөөтэй наймаа хийдэг онлайн бизнес давамгайлсан цаг үед амьдарч байна. Тиймээс мөнгө олохын тулд сайн дэлгүүр нээх тухай бодлоо хаях хэрэгтэй. Том сайхан дэлгүүртэй нь биш, хэн онлайн ертөнцөд идэвхтэй байгаа нь бизнест амжилт олно гэв.
  4. Надад нотолгоо харуулаач! Орчин үеийн хүмүүст баримт баталгаа үзүүлэхгүй бол ямар ч бараа бүтээгдэхүүнд итгэхээ больсон. Жишээ нь “Монголын ноолууран бүтээгдэхүүн дулаан, хөнгөн…” гэж зүгээр нэг яриад бизнест явахгүй, харин үнэлгээний байгууллагын дүгнэлт, туршилт, тодорхой зөвлөмж, тухайлбал эрдэм шинжилгээний тийм хүрээлэн, их сургуулийн лабораторид судалсан, ийм, ийм давуу чанартай гэсэн баталгаатай бол шууд л худалдан авах итгэл үнэмшил хүмүүст төрүүлэх юм байна.
  5. Сүүлээ шарвагануулах нохой. Нохой сүүлээ хөдөлгөдөг байсан бол одоо сүүл нь эзнээ хөдөлгөдөг болсон гэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Солонгосын томхон дэлгүүрүүдэд шүдний оог хэрэглэгчийн анхаарлыг татах гоё чамин хийц, дизайнтай өнгө өнгийн сойзтой хамт тавьдаг. Мөн 10 ширхэг оймс авбал маш чанартай, загварлаг трико нэгийг бэлэглэнэ. Хэрэглэгч 10 оймсыг биш загварын триког илүү сонирхон наймаа хийдэг. Ийм маягаар нэг сонирхолтой бараагаар урамшуулан маш их бараа бүтээгдэхүүн борлуулах нь худалдааны ашигтай аргын нэг болсон. Үнэгүй бэлэг гэдэг шинэ сонголт хийх шийдвэр гаргахад нь туслан сүүлээ шарвагануулах нохой болж байгаа юм.
  6. Өдөр бүр, цаг тутам гайхуул. Амжилттай зарж борлуулан, бизнест ашиг орлоготой байх нэг зарчим бол хийсэн бүтээгдэхүүнээ өдөр бүр сурталчлан өөрийгөө сошиал медиа ашиглан байнга магтаж цахим ертөнцөд даган, дууриан жиргэгчдийг бизнестээ татах хэрэгтэй юм байна. Хүмүүс ямар ч зорилгогүй гэрээс гардаггүй, онлайн дэлгүүрээр аялан чухам юу худалдаж авахаа аль хэдийнэ товлочихоод явдаг болжээ.
  7. Цохиод зугт. Хэрэглэгчид богино хугацаанд чанартай зүйл хэрэглэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл ZARA гм фирмийн загварлаг, үнэ хямд, угаалга цэвэрлэгээний ая даах чанартай, 1-2 жил өмсөж байтал дараагийн шинэ загвартай залгах ийм боломж эрэлт ихтэй болжээ. Хэрэглэгчийн сонирхол нэгээс нөгөө рүү байнга үсчиж байдаг.
  8. Тансаглалын төгсгөл:Зүгээр л энгийн. Тансаглал гэдэг зөвхөн үнэтэй бараа гэсэн үг биш, хүмүүний элбэг хангалуун байдлаа илэрхийлэх гэсэн цоо шинэ ойлголт. Энэ нь маш энгийнээс эхэлдэг. Стив Жобсыг хар өнгийн хоолойтой цамц, Levis-ийн жинс, New Balance-гийн пүүзгүйгээр төсөөлөх аргагүй. Нэг өнгө, загварын энэ хувцсыг тэр олон жил өмссөн. Цамц нь японы алдартай дизайнер Иссей Мияакигийн загвар, үнэ нь 1000$, түүнийг нас барсны дараа хувцасны шүүгээнээс нь ийм цамц маш олноороо гарч ирсэн гэдэг юм. Стив Жобс өмссөнөөр New Balance-гийн пүүз зах зээлд хамгийн их эрэлттэй спорт загвар болсон байдаг. Ийм энгийн, жирийн мэт боловч хамгийн үнэтэй сонголтын тухай ойлголт юм.
  9. Их хотын дэгжин эмээ. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайны дараа төрсөн үеийнхэн. Тэд одоо эмээ өвөө болсон, тэдний үеийнхэн маш сайн боловсрол эзэмшсэн, тэр хэрээр амьдралын чадвар сайн, үнэтэй, чанартай зүйл хэрэглэдэг. Хувцас үйлдвэрлэлийн зах зээлээр зогсохгүй бүхий л салбар тэдэнд зориулж маш олон зүйл хийж байна. Монголд ийм маркетинг удахгүй хэрэгтэй болно.
  10. Нууц гудамжинд тоглох нь. Солонгост нэг зүйл ид моод болж байна, энэ юу вэ гэвэл хүний хөлөөс зайдуу, үл ажиглагдам газар жижиг дэлгүүрээ нээх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ойлголт. Томоохон дэлгүүр, зах зээлийн хөгжилд уламжлалт аргаар хийсэн бараа бүтээгдэхүүн бүхий жижиг дэлгүүрийн орон зай хумигдсан, Монголд ч мөн ялгаагүй гар урлал зэрэг уламжлалт соёлоо хадгалсан бараа бүтээгдэхүүний жижиг дэлгүүрээр ашиг орлого олох боломж асар их бий. Энэ мэт энд тэндгүй мөнгө эрдэнэс нуугдаастай байна. Хэн түрүүлж эрдэнэсийг олсон хүн амжилтанд хүрнэ.

Бей Сүү Жеонг доктор БНСУ-ын загварын чиг хандлагын талаар чухам юу өгүүлэв?

Normal+nourd +corce= Normcore.

Normcore гэдэг нь ямар нэг гял цал содон зүйлгүй хэрнээ ганган, загварлаг сонголтын тухай ойлголт. Орчин үед хүмүүс гял цал гоёл чимэглэлгүй энгийн даруу загвар сонирхох болов. Үүнд тохирох жишээ бол Стийв Жобсын “Тансаг, энгийн чамин, гэхдээ загварлаг биш” сонголт.

  1. Uber luxury

Энэ бол тансаг гэдгийн орой дээр залрах эрхэм дээд тансаг чанар гэсэн ойлголт. Стийв Жобсын хар цамц үүний жишээ юм. Орчин үед энэ чиглэлийн дизайн зах зээлд манлайлж байна. Брэнд гэх юм уу энд тэнд үйлдвэрлэв гэсэн хаяг шошго байдаггүй. Жишээ нь монголын ноолууран бүтээгдэхүүний хөгжил хаашаа явах вэ гэвэл энэхүү тансаг брэнд, үнэт чанарыг бий болгохын хамт бүх түвшний хэрэглэгч сонгон өмсөх чанартай, загварлаг, хямд төсөр загварыг ч бий болгох ёстой.

  1. Elegent “urbon-granny” буюу хэт чамин

Тансаг хэрэглээг даган загварын ертөнцөд ахмад үеийн орон зай бий болов. “Хамгийн өндөр, хамгийн туранхай, хамгийн залуу, хамгийн хөөрхөн нь” гэсэн ойлголт үгүй болж 60-90 насны загвар өмсөгчид чанартай, үнэтэй, чамин бараа бүтээгдэхүүний нүүр царай болж байна. Монгол Улсын онгоцны будалд буухад ийм нүүр царай угтах цаг холгүй гэж бодож байна.

Figure 3. Joni Michell, 72 Figure 4. Joan Didion, 80 Figure 5. Iris Apfel, 94 Kinfolk life

Энэ бол хотын амьдралаас хөдөөх эгэл даруу амьдрал руу зугтаж буй, залуучуудыг хамгийн их татаж байгаа амьдралын хэв маяг. Солонгосын нэртэй дуучин, урлагийн одод хөдөөх арлын алс бөглүүд гэр сууцаа босгон хүнсний ногоогоо өөрөө тарьж, эгэл даруухан амьдрахыг эрхэмлэх болсон.

Хүмүүсийн амьдралын ийм өвөрмөц чиг хандлагыг дагаад спорт загварын хувцас хамгийн их ашиг орлого авчрах болжээ.

Cold mine: Powerful Senior market

Энэ бол өөртөө маш их зүйлийг зарцуулах амьдралын боломжтой үеийнхэн. Залууст ийм боломж байдаггүй. Солонгосчууд ээжийнхээ төрсөн өдрөөр өндөр өртөгтэй гоо сайхны мэс засал санал болгох гэх мэт бэлэг барьдаг болжээ.

Энэ бүхнээс юу ойлгох вэ гэвэл хувцас загварын үйлдвэрлэлийн чиг хандлага гэдэг хүмүүсийн амьдралын загвартай шууд холбоотой юм. Ахмад үеийн загвар давамгайлж буй нь үүний жишээ. Тиймээс хэрэглэгчдийн судалгааг маш сайн хийх хэрэгтэй юм байна. Мөн дэлхийн чиг хандлагын зэрэгцээ улс үндэстний өөрийн чиг хандлага чухал гэдгийг мартаж болохгүйг Бэй Сүү-Жеонг доктор онцгой анхааруулав.

Бэй Сүү-Жеонг нь Солонгосын хувцас загварын үйлдвэрлэлийн тэргүүлэх зэргийн судлаачдын нэг, судалгааны ажлынхаа хажуугаар Солонгосын хувцас загварын бизнесийн амьдралд идэвхтэй оролцдог нэгэн. Солонгос Хятадын хувцас загварын үйлдвэрлэлийн холбооны ахмад гишүүн, Солонгосын хувцас загварын зургийн холбооны зөвлөлдөх хорооны гишүүн, Солонгосын хувцас загварын бизнесийн нийгэмлэгийн зөвлөлдөх хорооны гишүүн, Хүний экологийн судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хүний экологи” сэтгүүлийн редактор, Солонгосын хувцас загварын бизнесийн холбооны “Хувцас загварын бизнес” сэтгүүлийн редактораар ажилладаг.
Тэрээр Чоннамын их сургуулийн дүрэмт хувцасны загварыг зохион бүтээсэн, мөн Жеонжугийн хувцас загварын холбооноос зохион байгуулдаг Ханжигийн хувцас загварын нэр хүндтэй уралдаан, Гуанжугийн хувцас загварын наадмын шүүгчээр 10 гаруй жил ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын драмын эрдмийн театрт Эх үрсийн баяраар юу үзэх вэ?

Улсын драмын эрдмийн театр 6-р сарын хөтөлбөрөө танилцуулж байна
Эх үрсийн баярт зориулан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн драмын жүжгийг 06 сарын 01-нд 10:00, 12:00 цагт тоглох бол “Бүүвэй” уянгын драмын жүжгийг 06 сарын 01-нд 20:00 цагт тоглохоор бэлэн болжээ.

Байгууллага анги хамт олноороо үзвэл 50%-ын хөнгөлөлттэй ба хүүхэд багачууддаа барих хамгийн том бэлэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999, 99099262