Categories
мэдээ нийгэм

“Оюутан мисс”-ийн шилдгүүдийг цахим санал хураалтаар тодруулна

“Оюунлаг гоо сайхны төлөө” уриан дор зохион байгуулагдаж буй “Student miss”-ийг “Тансаг Мода” загварын агентлагаас санаачилж, НАМОХ-той хамтран дахин зохион байгуулж байна.

Уг тэмцээний эхний шатны шалгаруулалт Тусгаар тогтнолын ордонд амжилттай болж өнгөрчээ. Тэмцээнд нийт 55 үзэсгэлэнт оюутан охин оролцож усны хувцас, хар даашинз гэсэн хоёр төрлөөр өрсөлдсөн байна. Харин дараагийн шатанд 25 охин тэнцэж үлджээ.

Тус тэмцээний шүүгчээр “Тансаг Мода” агентлагийн захирал Б.Уянга, Дизайнер И.Урангоо, Загвар өмсөгч Б.Галбадрах нар ажилласан юм. Тэмцээн цаашид оюунлаг, авьяаслаг, хүмүүнлэг, цахим санал зэрэг таван үе шаттайгаар зохион байгуулагдах юм байна.

Харин тэмцээний тэргүүн байр эзэлсэн мисс уламжлал ёсоор “Дэлхийн оюутан мисс”- д улсаа төлөөлөн оролцох эрхэм хүндтэй үүргийг гардаж авахаас гадна, тэмцээний ерөнхий шагналд Хавайн их сургуульд мастер хамгаалах хоёр эрх, “Miss Mongolia 2015” тэмцээний финалын шатанд шууд оролцох урилга зэрэг тэмцээний ивээн тэтгэгчдийн шагнал, урамшууллын эзэн болно гэдгийг зохион байгуулагчид мэдэгдлээ.

Categories
мэдээ спорт

НБА-ийн шидэт тоглолтууд үргэлжилсээр

Өрнөд конференци

Голден Стэйт” – “Хьюстон” 110:106 (24:31, 34:24, 26:24, 26:27)тоглолтын харьцаа 1:0

Тавдугаар сарын 20, 10.00, «Oracle Arena»

“Голден Стэйт” :Карри (34), Томпсон (15), Барнс (14), Грин (13 + 12 самбар + 8 дамжуулалт), Богут (0) – гараа; Ливингстон (18 + 7 самбар), Изэли (6), Игудала (4), Барбоза (4), Ли (2).

“Хьюстон”: Хардэн (28 + 11 самбар + 9 дамжуулалт), Ариза (20), Смит (17 + 7 самбар), Тэрри (7), Ховард (7 + 13 самбар) – гараа; Брюэр (9), Капэла (9), Жонс (5), Прижиони (4).

Бүсийн аваргын төлөөх эхний тоглолт “Голден Стэйт Уорриз”-ын “Oracle Arena” цэнгэлдэх хүрээлэнд эхэлж анхнаасаа л Карри, Хардэн хоёрын хооронд дахь тэмцлээр үргэлжлэв. Энэ жилийн улирлын тоглолтын шилдэг нь хэн бэ гэх халз уралдаанд тасархай ялж оны MVP шагналын эзэн болсон Стефен Карри энэ удаа ч гэлээ Харденаас хавьгүй илүү байж талбайн хоёр талд тэгш тоглолт үзүүллээ. Түүнчлэн сэлгээнээс гарч тоглосон Ливингстон багтаа сэргэлт өгч оноогоор тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. “Хьюстон”-ы хувьд эхний тоглолтын хамгийн муу мэдээ нь хожигдол нь бус харин төвийн довтлогч Ховардын өвдөгний гэмтэл байж таарах нь шиг. Учир нь өчигдрийн рентгений шинжилгээ түүний зүүн өвдөгний зөөлөн эд суналттай, дараагийн тоглолтод оролцуулахгүй байх зөвлөмж өглөө хэмээх дүгнэлттэй гарсан байна лээ. Ховард бол “Хьюстон”-ы хамгаалалтын цөм нь, түүнгүйгээр тэдний багийн амжилт нилээн доошлох нь дамжиггүй шүү дээ. “Хьюстон”-ы холын довтолгоо ч гэлээ энэ өдөр шальсангүй. Ахлах дасгалжуулагч Макхэйл хэлэхдээ “Мэдээж Ховардын гэмтэл хожигдолд нөлөөлсөн байж болно. Гэхдээ бид улирлын тоглолтын тал хувийг нь түүнгүйгээр тоглосныг санацгаая. Тэгэхээр хожигдлын сэжим энд биш байх нь. Гурван онооны шидэлт тал хувьдаа ч үр дүнд хүрсэнгүй. Самбарын дор ч олигтой тоглосонгүй” хэмээн багаа дүгнэжээ.

Дорнод конференци

Атланта–Кливленд 89:97 (26:20, 25:31, 16:23, 22:23) тоглолтын харьцаа 0:1

Тавдугаар сарын 21. 09,30 цагаас «Philips Arena»

Атланта: Тиг (27), Хорфорд (16 + 7 самбар), Миллсэп (13 + 7 самбар), Корвэр (9 + 7 самбар), Кэрролл (5) – гараа; Бэйзмор (10), Шрёдэр (6), Мускала (2), Антич (0).

Кливленд: Жэймс (31 + 8 самбар + 6 дамжуулалт), Томпсон (14 + 10 самбар), Ирвинг (10 + 6 дамжуулалт), Мозгов (10 + 11 самбар), Шамперт (4 + 7 самбар) – гараа; Жи Ар Смит (28 + 8 самбар), Деллавэдова (0), Жонс (0).

Дорнод бүсийг Өрнөдийнхэнтэй харьцуулахад харьцангуй сул дорой, жул гэдэг ч гэлээ өрсөлдөөнийхээ хувьд харин ч нэг гал маналзсан тоглолтуудыг үзүүлж өгч байна даа. Өчигдөр эхэлсэн бүсийн аваргын төлөөх анхны тоглолт үүнийг гэрчилнэ. Энэ өдрийн ялагч багийн од нь Леброн Жэймс байлаа гэвэл харин ч том эндүүрэл болно шүү. Хэдийгээр “Хаан” Леброн 31 оноо авч бүх цаг үеийн сагсан бөмбөгчид дотроос гуч болон түүнээс дээш оноог хамгийн олон удааплей-оффын тоглолтод авсан тоглогч болсон ч гэлээ Жи Ар Смит лугаа үр дүнтэй байж чадсангүй. Гараанаас бус сэлгээнээс талбайд гарсан Смитийн гурван онооны шидэлтүүд оновчтой байж багаа оноогоор тэнцүүлэх улмаар илүү гарахад тун чухал үүрэг гүйцэтгэлээ. “Кливленд”-ийн үндсэн холбогч Ирвингийн өвдөгний гэмтэл гүйцэд илааршаагүй байгаа бололтой. Тиймээс Блатт түүнийг дөрөвдүгээр үед талбайд бараг гаргасангүй. Энэ өдрийн бас нэгэн хар мэдээ нь “Атланта”–гийн Кэрроллын гэмтэл. Тоглолтын явцад авсан мөн л өвдөгний гэмтэл энэ авьяаслаг довтлогчийг улирал дуустал тэмцээнээс “хасч” байна.

“Кливленд” өнгөрсөн улирлын туршид “Атланта”-тай дөрвөн удаа тоглохдоо гуравт нь хожигдож байсан бөгөөд сүүлийн удаа хожигдохдоо Жэймс “бид цаашид энэ багтай яаж тоглох ёстой вэ гэдгээ мэдлээ” гэдэг дүгнэлттэй өндөрлөж байсан. Леброны найзууд яаж тоглох аргаа олсон бололтой, ямартаа ч эхний тоглолтыг хүний талбайд байгуулсан ялалтаар дуусган талбайн давуу талыг өөрсдөдөө үлдээлээ.

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Улиастайн гүүр орчимд зам хаана

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам” /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ – ын барилгын ажлын хүрээнд төмөр замын 413-р км дахь гарам орчмын авто замын зорчих хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 26, 27-ны өдөр засварын ажил хийх тул дээрх хугацаанд тус замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нисэх хүчний 90 жилийн ойд таван орны төлөөлөгч оролцоно

Монгол Улсын иргэний нисэхийн салбарынхан түүхт 90 жилийн ойгоо угтаж олон бүтээлч ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр ИНЕГ, ЗТЯ-наас томилогдсон ой зохион байгуулах комиссоос мэдээлэл өгсөн юм.

Нисэх хүчин үүсэн байгуулагдсан 90 жилийн ойн өдөр ирэх даваа гаригт буюу энэ сарын 25-нд тохиох бөгөөд баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох Япон, ОХУ, БНХАУ, Турк, Герман зэрэг улсын төлөөлөгчдийн зарим нь эхнээсээ иржээ. Мөн олон улсын иргэний нисэх байгууллага, олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооныхон хүрэлцэн ирэх аж. Ойн арга хэмжээний талаар ИНЕГ-ын орлогч дарга Г.Мөнгөнхуяг “Түүхт ойгоо угтсан арга хэмжээ энэ сарын 15-наас эхлээд үргэлжилж байна. Нисэхийн салбарыг гадаад ертөнцөд гарах гол гарц төдийгүй үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл гэж үзэж агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин хөгжүүлэхээр УИХ-аас “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэлх баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан.

Иргэний нисэхийн салбар уул уурхайн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбартай уялдан ачаа, зорчигч өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг дагаад агаарын тээвэрлэгч компаниуд агаарын хөлгийн паркийн хүчин чадлаа нэмэгдүүлж, орон нутаг, олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулсаар байна” гэв. Ойн хүрээнд зохиогдож байгаа ажлуудаас өнөөдөр спортын тэмцээний хаалт болох бол маргааш баярын хурал, тэргүүний ажилчдад шагнал гардуулах ёслол болно. Харин ням гаригт нисэх хүчний ойд зориулсан аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болох аж.

Ойгоо угтаж ИНЕГ-ын 22 харьяа алба байгууллагын агентлагийн 125 болон үйлдвэрлэл үйлчилгээний 1932 ажилчинтай, нийт 2057 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улс эгнээндээ 191 орныг нэгтгэсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагад 1989 онд гишүүнээр элссэн бөгөөд тус байгууллагаас хамгийн сүүлд хийсэн “Нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ”-ний шалгалтад амжилт үзүүлж дэлхийд эхний 15-д багтсан бол Ази Номхон далайн бүсийн орнууд дунд тавдугаар байрт оржээ.

Манай улсын иргэний нисэхийн салбар нь дэлхийн 35 оронтой Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээртэй юм. Өнгөрсөн оны байдлаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас манай улсад 13 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд гадаадын дөрөв, дотоодын гурван авиакомпани агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж, олон улсын 17, орон нутгийн 12 чиглэлд хуваарьт нислэг үйлдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаа, Яармагийн орчимд гүүрэн гарц барина

БНХАУ-ын Засгийн газарт Монгол Улсын засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын экспортын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгийн жагсаалт батлагджээ. Уг жагсаалтанд нийслэлийн хэрэгжүүлэх хоёр төсөл орсон байна.

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөлд 42.3 сая доллар, мөн Яармагийн гүүр барих хуучин гүүрийг засварлах ажил 30.2 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Эдгээр ажлууд наймдугаар сарын 20-ны үед эхлэх аж.

Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийг Монгол Улсын тал хариуцах зардлын 50 хувь буюу 600 сая төгрөгийг Нийслэлийн 2015 оны төсөвт суулган батлуулсан юм байна. Харин яармагийн гүүр шинээр барих, хуучин гүүрийг засварлах ажилд 526.2 ам доллар буюу нийт нэг тэрбум орчим төгрөг төсөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Казахстаны үйлдвэрлэлийн бодлоготой танилцжээ

Бүгд Найрамдах Казахстан улс жил бүрийн тавдугаар сард “Астанагийн Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулдаг уламжлалыг тогтоогоод найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. Уулзалтад оролцохын зэрэгцээ Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан Казахстан улсын Хөрөнгө оруулалт, хөгжлийн дэд сайд Алберт Рау тэргүүтэй төлөөлөгчидтэй өчигдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд Хөрөнгө оруулалт, хөгжлийн дэд сайд Алберт Рау “Казахстан Улсын 2015-2019 онд аж үйлдвэрийн салбарт хийх хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр танилцуулга хийв.

Тус улсын хувьд Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд хөтөлбөр нь гурван үе шатад хуваагддаг байна. Эхний үе шат нь 2010-2015 он хүртэл амжилттай хэрэгжсэн гэдгийг салбар яамныхан хэлсэн юм. Монгол Улс аж үйлдвэрийн салбарын хэтийн бодлогоо боловсруулж байгаа энэ үед үлгэр жишээ авахаар уулзалт, танилцуулга болж буйг Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан онцлов.

Мөн тэрбээр “Казахстан Улс 2010 оноос үйлдвэржилтийн бодлогыг үе шаттайгаар, үр ашигтай сайн явуулж иржээ. Эхний үе шат нь 2010-2015 онд хэрэгжиж, хоёр дахь шат руугаа орох гэж байна. Энд зарим импортоор авч байгаа бараа, бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх зорилго тавьжээ. Зорилгынхоо дагуу машин техник, газар тариалангийн бордоо, цемент, арматур, нарны гэрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар анхаарч ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар улсынхаа цемент, арматурын хэрэгцээг хангаж чаджээ. Мөн машин үйлдвэрлэлээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэхдээ эдгээр үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтаа хэрхэн босгож байгаа нь сонирхол татаж байна. Хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор дэмжихээс эхлээд олон талын уян хатан бодлого явуулж, сайн хууль боловсруулах нь хамгийн чухал байдаг юм байна. Аж үйлдвэрийг хөгжүүлэх институт гэх бие даасан байгууллагыг байгуулсан талаарх туршлагыг нь сонслоо. Энэ институт нь Казахстан улсын аж үйлдвэрийн салбарыг өнөөгийн төвшинд хүргэхэд гол үүргийг гүйцэтгэжээ. Энэ мэт аж үйлдвэрийн салбарт тус улсаас туршлага судлах зүйл бидэнд олон байна” гэсэн юм.

Уулзалтын үеэр Монголын тал мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан Казахстан улсын аж үйлдвэрийн салбарын бодлого боловсруулалт, хэрэгжилтийн туршлагыг судлуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Хариуд нь ноён Алберт Рау “БНКУ-ын Тэргүүн шадар сайд тэргүүтэй төлөөлөгчдийн энэ сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсад хийх ажлын айлчлалын үеэр хүсэлтийг Казахстаны талд дахин тавих нь зүйтэй юм. Энэхүү асуудлыг ажил хэрэг болгох бүрэн боломжтой” гэлээ.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй волейболчид шигшээ наймаас хасагдлаа

Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа манай улсын шигшээ баг өчигдөр Японы багтай тоглож, 0:3-аар хожигджээ. Ингэснээр тэд шөвгийн наймаас хасагдаж буй юм.

БНХАУ-ын Тяньжин хотноо болж байгаа Олимпийн эрх олгох тус тэмцээнд 14 улсын баг ролцож байгаагаас өчигдөр хэсгийн тоглолт өндөрлөж, шөвгийн наймын багууд тодорч эхэллээ. Манай улсын шигшээ баг “С” хэсэгт Япон, Вьетнамын багуудтай таарсан. Энэ хэсгийн Турксменистаны баг тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон юм. Вьетнамын баг хэсэгтээ хоёр хожилтойгоор тэргүүлсэн бол Японы баг хэсэгтээ хоёрдугаар байрт бичигдлээ. Хэсэгтээ хоёр хожигдолтой манай улсын шигшээ баг Энэтхэгийн багтай ирэх ням гаригт тоглоно. Энэтхэгийн багийн хувьд “А” хэсэгт БНХАУ, Ираны багт хожигджээ. Гэхдээ тэд Ираны тоглолтоос нэг сэтийг өөрийн болгож чадсан байна.

“C” хэсэг:

V.20 Вьетнам-Япон 3:2 (16-25, 22-25, 25-22, 25-22, 18-16)

V.21 Вьетнам-Монгол 3:0 (25-18, 25-14, 25-13)

V.22 Монгол-Япон 0:3 (20-25, 15-25, 11-25)

V.24 Монгол-Энэтхэг

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара бараалхав

Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара бараалхлаа. Уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн,Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны дэд ерөнхийлөгч С.Мүкүта, болон албаны хүмүүс байлцлаа. Уулзалтын эхэнд ноён С.Сакакибара ”Эрхэм Ерөнхийлөгч тантай дахин уулзах боломж тохиосонд баяртай байна. Өнгөрсөн оны долоон сард манай байгууллагаас зохион байгуулсан “Эдийн засгийн форум”-ын үеэр мөн уулзаж ярилцаж байсан. Хоёр улсын хооронд байгуулагдсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр парламентаар батлагдсан нь цаашид эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхэд ахиц гарна гэдэгт итгэж байна. Цаашид Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахуйц уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, худалдаа, хөрөнгө оруулалтын олон ажлууд идэвхитэй явагдана гэдэгт итгэл төгс байна. Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо Кэйданрэн нь энэхүү түншлэлийн хэлэлцээрийг тулгуур болгож дэмжин ажиллах болно ”гэж хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ “ Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо Кэйданрэн-тэй хамтарч ажиллана гэдэг бол Япон улстай иж бүрэн харилцаатай,түнш боллоо гэж хэлж болох юм. Танай байгууллагын ач холбогдлыг бид тэгэж үнэлдэг. Өнгөрсөн онд зохион байгуулсан Эдийн засгийн форум маш амжилттай болсон. Төр засгийн байгууллагын нэг гол үүрэг бол бизнесийн байгууллагуудыг дэмжиж ажиллах явдал гэж би боддог. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох үйлсэд бизнесийн хүмүүсийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.”гэж онцоллоо. Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо Кэйданрэн-нь Япон Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих хийгээд дэлхийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 2002 онд байгуулагдсан. Дотооддоо төр,засгийн байгууллага, ажиллах хүчний холбоодтой яриа хэлэлцээр хийх, гишүүн компаниудад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сайжруулахад менежментийн зөвлөгөө өгөх,байгаль орчны хамгаалах чиглэлээр хамтран ажиллах,үйлдвэр аж ахуйн газарт хүмүүсийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, гадаад орнуудын ижил төрлийн байгууллага, холбоодтой яриа хэлэлцээр хийх, олон улсын эдийн засгийнтулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Худалдааг либеральчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих,бизнес орчныг сайжруулахад орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудтай хамтран ажиллах, хувийн хэвшлүүдийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих,эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр оруулж ирсэн нэр хүндтэй байгууллага юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч “Хүндэт доктор” болсон байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн “Хүндэт доктор”-ын цол гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Ази, Номхон далайн “Рицүмэйкан” Их сургуулийн захирал Ш.Коренага “Хүндэт доктор”-ын цолыг гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ:

Ноён Ерөнхийлөгч өө,

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг Ноён Цахиагийн Элбэгдорж Танд Рицүмэйкан Ази, Номхон далайн их сургуулийн Хүндэт Докторын цол олгож байгаа нь бидний хувьд асар их нэр төрийн хэрэг билээ.

“Эрх чөлөө, Энх тайван, Хүмүүнлэг ёс” гэсэн алсын хараа, үзэл санаанд үндэслэн байгуулагдсан Ази, Номхон далайн их сургууль нь нийт оюутнуудынхаа талаас илүү хувийг гадаадын улс орнуудаас сонгон шалгаруулж элсүүлдэг бөгөөд энэхүү зарчим нь Японд төдийгүй дэлхийн бусад их дээд сургуулиудад түгээмэл биш билээ. Манай сургууль үүсгэн байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд төгссөн нийт 5800-аад оюутны 2500 нь дэлхийн 80 орноос иржээ. Манай сургуулийн олон ургальч сургалтын орчинг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан нийт монгол оюутнуудад гүн талархал илэрхийлье.

Ази, Номхон далайн их сургууль 2000 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Монголын нийт 250 оюутан төгссөн бөгөөд одоогийн байдлаар Монгол улсаас ирсэн 25 оюутан суралцаж байна. Ази, Номхон далайн их сургууль нь Удирдлагын Академи, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль зэрэг Монголын гурван их, дээд сургууль, дөрвөн дунд сургуультай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Монголын Засгийн газраас оюутнуудаа байнга дэмжин ажилладагт гүнээ талархаж байна.

Ази, Номхон далайн их сургууль олон улсын тавцанд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэхийг эрмэлздэг. Манай оюутнууд өөр хоорондын соёлын ялгааг хүлээн зөвшөөрч чаддаг, бусдын эрхийг хүндэлж чаддаг, хамтын хүчээр жигүүрлэж хүссэн зорилгодоо хүрч чаддаг, бүс нутгийн анд нөхдийнхээ хамтач сэтгэлээр үнэт зүйл бүтээж чаддаг “дэлхийн иргэд” юм.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг бид “дэлхийн хүн” гэж үздэг. Тэрбээр ардчилсан хувьсгалыг 1990 онд энхийн замаар тэргүүлж, Монголд 70 жилийн турш ноёлсон коммунист дэглэмийг халахад онцгоё гавьяа байгуулсан билээ. Тэр үеэс хойш улс эх орондоо нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг эрчимжүүлэх олон даацтай асуудлыг санаачилж, удирдаж чиглүүлсээр байна.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн дэвшүүлсэн эрхзүйт ёсыг дэмжин сайжруулах, нийгмийн эрх тэгш байдлыг баталгаажуулах, ядуурлыг бууруулах, авилгатай тэмцэх, төр засаг, боловсролын салбарт иргэдийн оролцоотой ардчиллыг хөгжүүлэх зэрэг нэн тэргүүний зорилт, шийдмэг алхамуудыг дэлхий дахинд сайшаан магтаж байна.

Байгаль дэлхийтэй ойр, нүүдэлчин ардын гэрт төрж өссөн болоод ч тэр үү Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж байгаль хамгаалах асуудлыг идэвхитэй дэмжиж ажилладаг бөгөөд тун саяхан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн “Эх Дэлхийн Манлайлагч” шагналыг хүртжээ.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалагч орны хувиар, Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ардчилал хөгжсөн болон хөгжиж буй улс орнуудад чухал ач холбогдол бүхий олон санаачилгыг дэвшүүлсэн.

НҮБ-ын 66-р Ерөнхий Ассемблейд түүний дэвшүүлсэн Авлигыг үл тэвчих болон Ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх санаачлагуудын ач холбогдол хэзээ ч дундаршгүй юм. Эдгээр санаачилгуудыг дэлхийн улс орнуудын тэргүүнүүд нэгэн дуугаар дэмжихээ мэдэгдэж байв. Үүнээс харахад Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэлхий нийтийн энхтайван, хөгжил дэвшлийн төлөөх Монгол улсын хүчин чармайлтанд Ази тив дэх ардчилал, боловсролын хөгжлийг нэн тэргүүний зорилтоо болгожээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг Ноён Цахиагийн Элбэгдорж Танд чин сэтгэлийн угаас гүн талархал дэвшүүлж, эрхэм танаа Рицүмэйкан Ази, Номхон далайн их сургуулийн Хүндэт Докторын цол олгох хүндтэй үйлсийг биелүүлж байгаадаа маш их бахархаж буйг дахин илэрхийлсү.” гэж хэллээ.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж талархлын үгэндээ “Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн ерөнхийлөгч, удирдлагууд, энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хатагтай ноёдын амгаланг айлтгая.

Нэр хүндтэй “Рицүмэйкан” их сургуулийн “Хүндэт доктор” цолыг хүртэж байгаадаа туйлын баяртай байна. Хүмүүнлэгийн болон энхтайвны зорилгыг урдаа тавьсан Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн үйл ажиллагаа зөвхөн Япон улсад төдийгүй бүс нутагтаа нэр хүндтэй сургууль гэдгийг бид сайн мэддэг. 2000 оноос хойш Монгол Улсаас 250 оюутан энэ сургуульд суралцсан гэдэг нь үнэхээр бахархам сайхан амжилт юм. Мөн энэ их сургууль манай улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль болон бусад сургуулиудтай хамтарч ажилладгаараа онцлоготой.

Монгол Улсын ирээдүй бол эрдэм мэдлэгтэй, нээлттэй залуу үе гэж бид итгэж явдаг. Энэ ирээдүй үеийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар их анхаарал тавьж байдгийг хэлэхэд таатай байна. Ер нь Япон улсад суралцсан, мэргэжил дээшлүүлсэн монголчуудын тоо хэдэн мянгаар тоологдоно. Хоёр улсын Засгийн газар 1000 оюутныг инженерийн мэргэжлээр Япон улсын их дээд сургуулиудад сургах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ нь Монгол Улсыг цаашид мэдлэгийн эдийн засаг руу, өндөр технологийн эдийн засаг руу шилжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Би өчигдөр болсон “Азийн ирээдүй” олон улсын хуралд оролцож үг хэлэхдээ “Азийн НҮБ-ын гишүүн 48 орон нийлж хамтарч, нэгдсэн хамтын ажиллагааны байгууллагатай болох” санаачлагыг дэвшүүлсэн. Ази тивд оршиж байгаа улсууд бие биенийхээ тусгаар тогтнож, сонгож авсан замыг хүндэтгэж, эрх тэгш байдлаар ярилцдаг олон улсын механизмыг Азид бий болгоё гэсэн санаачлагыг мөн дэвшүүлсэн. Энэ нь Азид аюулгүй байдал, энх тайвныг бататгах, яриа хэлцлийн замаар асуудлаа шийдэхэд үүрэг гүйцэтгэнэ гэж бид итгэж байгаа.

Монгол Улсын зүгээс бүс нутагт оруулж байгаа бидний хувь нэмрийг үнэлж, “Рицүмэйкан” их сургууль өнөөдөр нэр хүндтэй “Хүндэт доктор” цол олгож байгаа нь Монголын ард түмэнд олгож байгаа хүндэтгэл юм гэж би хүлээж авч байна. Цаашдаа хоёр орны боловсролын салбарын харилцаа улам өргөжих болтугай гэж ерөөе. Номын цагаан буян үргэлж дэлгэрч байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа” гэж хэллээ.

Тус сургууль нь 1869 онд үүсгэн байгуулагдсан “Рицүмэйкан Академи”-ийн бүрэлдэхүүн хэсэгт багтдаг. Жилд 20 000 оюутан шалгалтад ордогоос 3000 оюутан шалгаруулж авдаг. Олон улсын менежментийн сургууль, Ази,номхон далайн сургууль гэсэн хоёр салбар сургуультай.

“Рицүмэйкан” Их сургууль нь 2006 онд Монголын Менежментийн Академи,2008 онд МУИС,ШУТИС-тай тус тус хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Улаанбаатарын Элит, Монгол-Туркийн хамтарсан ахлах сургуультай мөн хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ийм газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ

Цахилгааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан нийслэлд тогны хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. Өнөөдөр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийх юм байна.