Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийг хамгаалахад нэгдэхийг уриаллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өнөөдөр “Хүүхдийн эрхийг дээдлэе” уриатай дугуйн парад боллоо. Шилжин явах бамбартай энэхүү өдөрлөгийг Ардчилсан хүчний залуучуудын холбооноос зохион байгуулсан юм. Сүүлийн үед хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэг нийгэмд олноор гарах болсон. Ялангуяа хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осолд өртөх тохиолдлууд нэмэгдсэн. Иймээс олон нийтийн анхаарлыг хүүхдийн асуудалд төвлөрүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс энэ амралтын өдөр нийслэлийн төв гудамжинд 500 хүүхдийн дугуй парадыг зохион байгуулжээ. Цаашид ч олон нийтийн дунд гүйлтийн парадыг явуулах тухайгаа парадыг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Хүүхэд бол Монголын ирээдүй. Харин хүүхдийн ирээдүй ямар байх нь томчууд биднээс шууд хамааралтай. Иймээс нийт томчуудыг хүүхдийн эрхийг хамгаалахад дуу хоолойгоо нэгтгэхийг Ардчилсан хүчний залуучуудын холбооноос уриалж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

65 настай эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд төрүүллээ

Аннегрет Раунинг хэмээх 65 настай герман эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд төрүүлжээ. Тэрээр хиймэл аргаар үр суулгуулсан бөгөөд гурван хүү, нэг охин мэндэлжээ. А.Раунинг нь есөөс 40 насны 13 хүүхэдтэй, долоон ач, зээтэй аж. Ийнхүү тэрбээр дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн хамгийн ахмад эмэгтэй боллоо. А.Раунинг Украинд очиж хиймэл аргаар үр суулгуулсан бөгөөд үүнд германчууд нэлээд дургүйцэж байгаа аж. Харин ээж болон дөрвөн ихрийн бие сайн байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна

Өнөөдөр өглөө 8:50 цагт Улиастайд байрлах Улаанбаатар хотын зүүн түгээх станцад гал гарсны улмаас нийслэлийн зарим газрууд одоог хүртэл цахилгаангүй байна. Мөн нийслэлийн зарим автозамын хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохио, камер хэвийн ажиллагаанд ороогүй байгаа аж.

Цахилгааны станцад гал гарсан шалтгааныг тогтоохоор цагдаа, тагнуулын байгууллагын албан хаагчид эрчимтэй ажиллаж байгаа талаар албан эх сурвалж мэдээлж байна

Хэдийгээр яаралтай арга хэмжээ авч зүүн болон төвийн хэсгийн эрчим хүчийг залгаад байгаа ч зарим хэсэгт тог тасарсан хэвээр байна. УБЦТС ХХК-иас эрчим хүчний доголдол хэзээ хэвийн болохыг лавлахад “Нэлээн том осол гарсан тул зарим хэсгийн цахилгааныг түгээх болоогүй байна. Мөн цаг нь тодорхойгүй байна” гэсэн хариу өгөв.

Categories
мэдээ цаг-үе

Ө.УЯНГА: Олон цаг дуулсны дараа их идэж, шингэн юм уудаг

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, цээл хоолойт Ө.Уянгатай ярилцлаа.

-Тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Бахархал хүндэтгэлийн тоглолт хийх гэж байгаа.

-Юугаараа бахархах вэ?

-Дуу хоолой, эх орон, аав ээж бүх л зүйлийг багтаасан тоглолт хийх юм. Бидний бахархал тэр л байлгүй дээ гээд “Бахархал” гэж нэрлэхээр шийдсэн. ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Н.Мөнхзул бид хоёр нэг анги. Ангиасаа дуурийн дуулаачийн чиглэлээр тууштай ажиллаж байгаа хоёр. Н.Мөнхзул маань Буриадын театрт олон жил ажиллаж байна. Бас тэрбидний бахархал. Буриадад маш нэр хүндтэй, Ардын жү­жиг­чин хүн. Буриадын Ерөн­хийлөгч ийш тийшээ авч явж дуулдаг. Манай Зул Улаан-Үдийн театрын нэрийн хуудас болсон залуу. Бид ч тэнд очоод Зулынхаа буяныг эдэлдэг. Монголоос очиж байгаа хүмүүс Улаан-Үдэд Зулаатай уулзахгүй өнгөрнө гэж байдаггүй. Дуучны хувьд маш сайн. Олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцдог уран бүтээлч.

-Тоглолтод ямар дуунууд дуулагдах бол?

-Эх орон, эцэг эх, хайр сэтгэл ер нь бүх л сэдэв багт­сан. Сонгодог уран бүтээ­лээсээ бас оруулсан. Эхний хэсэгт фанограммтай дуунуудаа оруулна. Хоёр дахь хэсэгтээ сонгодог, дуэтүүдээсээ оруулна. Ари дуулна. Төгсгөл хэсэгтээ сим­фони оркестртойгоо мэр­гэж­лийн хэмжээний дуунуудыг дуул­на. “Бахархал” тоглолт маань тавдугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох юм.

-Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Тоглолтын бэлтгэл ид явагдаж байна. Реклам, нэвтрүүлэг, оркестр, төгөлдөр хууртайгаа бэлтгэл хийнэ. Хувийн бэлтгэл хувцаснаас эхлээд зөндөө л ажил байна.

-Тоглолтын хувцсаа хаанабэлтгэдэг вэ?

-Ер нь захиалж хийлгэдэг дээ. Тэгэхгүй бол монгол хүн том ястай байдаг юм байна. Нарийхан даашинзнуудаас юуг нь авах вэ. Тоглолтод зориулаад хувцас хийлгэдэг юм. Олон жил “Торго” салон, “Урлах эрдэм”-ээр хийлгэж байсан.Сүүлийн үед “Best tailor”-ын Б.Биндэръяагаар олон хувцас оёулж байгаа. Н.Мөнхзулын маань хувьд Монгол дахь анхны том тоглолт нь. Эрэгтэй хүн ч гэлээ хувцсандаа анхаарахгүй бол болохгүй. Эмэгтэй нь хувцсаа гурав сольчихоор эрэгтэй нь бас төдий тоогоор солихгүй бол болдоггүй. (инээв) Хүн уран бүтээлдээ яаж хандаж байгаа нь хувцсаар нь илэрдэг. Би бол хувцсандаа их анхаардаг. Сонор мялаахын хажуугаар нүд баясгах ёстой. Өмнөх “Монгол” тоглолтдоо ч “Торго”-ынхувцас өмсч байсан. Анхнаасаа торгон хувцас их өмсч байсан даа.

-Энгийн үед торгон хувцас хэр өмсдөг вэ?

-Энгийн үед бараг хэрэглэдэггүй юм. Тоглолтод зорриулж хийсэн сүртэй янз бүрийн даашинзууд маань торгоор урласан байдаг. Энгийн үед би нэг их торго хэрэглэдэггүй, даавуун дээл өмсөнө.

-Тоглолтын дараа энэ хувцаснуудаа яадаг вэ?

-Тоглолтын хувцаснуудаа гэртээ тусгай өрөө гаргаад хадгална. Тайзны хувцас нэг өмслөө, хадгаллаа. Дахин энд тэнд том тоглолт болбол гаргаж өмсөнө. Ерөнхийдөө л архивлагдана.

-Тоглолтын нэрүүд тань “Бахархал”, “Монгол”, “Гранд опера”гэх мэтээр сонгодог ч гэх юм уу, хүнд ч гэх юм уу, байх юм аа?

-Тоглолтын маань төрөл жанраас хамаараад нэр нь даацтай, тохирсон байхгүй бол болохгүй. Биднийг, дуурийг сонсдог улсууд өөр хүмүүс байдаг. Хэр баргийн хүн ойлгодоггүй. Би бол хэр баргийн хүнд ойлгуулчих гээд үзээд байдаг. Дуурийн дуучин, дуурийн хоолой гэдэгийм байдаг гэдгийг жилд нэг удаа тоглолтоороо харуулъя гэж боддог л доо.

-Амьдрал дээрх Уянга тайзан дээрх дүр төрхтэйгээ хэр зөрчилддөг вэ?

-Янз бүр. Өнөөдөр чөлөөтэй хувцасласан байна, хөдөө гадаа явахад пүүз хослол өмсөөд гарахаар хүмүүс намайг танихгүй. Амьдрал дээр бол би зүгээр суугаад байдаггүй, хөдөлгөөнтэй хүн. Театрын тайзан дээр байгаа шигээ ихэмсэг, хэр баргийн хүн халдаж чадахгүй мэтээр хүмүүс ойлгодог. Жирийн үед танилцсан хүмүүс “Өө, ийм энгийн байсан юм уу” гэдэг.

-Нүдний шилчинь харааных уу?

-Харааны шил. Би дол­дугаар ангиасаа харааны шил зүүсэн. Шилтэй байхаар хүн бараг таньдаггүй. Дуулдаг болоод, тайзан дээр гарахдаа шилээ нэг хэсэг орхиж үзсэн. Дандаа контакт линз зүүхээр нүдэнд тийм ч таатай биш. Тайзан дээр линз зүүгээд гарахгүй бол юм бүдэгхэн харагдахаар сонин, муухай хоолой гараад байгаа юм шиг санагддаг.

-Таныг гургалдай хоолойт гэдэг. Хоолойнхоохүч чадлыг хэзээ мэдрэв?

-Ер нь хүн СУИС-д орж ирэхдээ хүчтэй хоолойтой байдаггүй. Хоолойн булчинг хөгжүүлдэг. Энэ булчин сайн ажиллаж гурав дөрвөн цаг дуулахад цуцахгүй байх хүчийг дасгал сургуулилтаар олж авдаг. СУИС, Хөгжим бүжгийн коллежид тав, зургаан жил сурч байж үүнийг эзэмшдэг. Анх өөрийнхөө хэмжээнд ардын дуу дуулдаг хүүхэд байлаа. Шалгуулаад дуурийн ангид тэнцэн өөрийн төрөлх хоолойг эвдээд огт өөр болгож, дасгал сургууль хийсний үр дүнд илүү дээшээ өнгө гардаг, жиргэдэг, шувуу шиг дуугардаг энэ тэрийг чинь сурсан юм шүү дээ. Түүнээс биш төрөхдөө л тас хийтэл дуулдаг байсан юм биш. Дуурийн хоолой дээд өнгө рүүгээтехникээр явдаг. Бөхтэй адилхан. Байгалиасаа хүчтэй төрөөд мэх сурч түүнийгээ хөгжүүлээд явдаг шиг сонгодогурлаг бас их хө­дөл­мөр шаарддаг. Хоолойгоо байнга формтой байлгахын тулд өглөө болгон дасгал уншина. Өдөрт хэдэн цагаар дуулна. Унтаж амарна, бие хаагаа тохируулна. Ямар дүр бүтээх гэж байгаа юм, таргантуранхай байх уу гэдгээ бас зохицуулна. Бас их түвэгтэй. Мэдээж аль ч орныдуурийн дуучид микрофонгүй дуулж зрительд өөрийгөө хүргэх ёстой учраас дуу хоолой маш чанга байх ёстой. Хоолойгоо чанга дуугаргахын тулд тэр их дасгал сургуулилт хийдэг.

-Хэн нэг хүнийг холоос дуудах, орилж чарлах хэрэг гарвал баллах нь ээ?

-Жирийн хүмүүсийг хол илүү давж дуугарна. Чанга хоолойтой, тэр эрч хүчээрээ заримдаа амьтан хүн эргэж хартал чанга инээж хөхөрчихнө. Байнга чанга дуугарсаар байгаад сурчихдагшиг байгаа юм.

-Энгийн үед дууриас өөр дуу дуулдаг уу?

-Хүний төрөлхийнхоолой гэж бий. Энгийн үед хүн амандаа дуу аялаад сууж байдаг шүү дээ. Тийм хоолой бол байлгүй яах вэ. Хааяа нэг ардын дуу аялмаар үе байдаг. Ардын дуу, уртын дуу дуулчихна. Мэргэжлийн хүмүүсийн дэргэд бол ичмээр л дээ. Найр наадамд очвол дуурь хоолойгоор дуулаад байхгүй, ардын ганц нэг дууэвлэгхэн дуулчихна.

-Залуу хүний хувьд ямар хамтлаг дуучны дуунд дуртай вэ?

-Надад сонирхдоггүй сэдэв гэж байхгүй. Ерөнхийдөө хүнд рок сонирхож сонсоно. Сонгодогтой их төстэй. Мон­голын сайхан хамтлаг дуучид байна. Уитни Хьюстон, Селин Дионы дууг сонсох дуртай. Сонсч кайф авдаг сайхан дуучид байна аа.

-Дуурийн дуучин хүн дүрдээ орохын тулд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Шууд гараад дүр бүтээнэ гэж байхгүй. Маш их судалдаг. Эмчийн дүр бүтээлээ гэхэд эмч ямар байх ёстой юм. Зарц боол ямар байх ёстой юм хаан хатадямар байсан юм судалж байж л дүрээ бүтээнэ. Нэлээд их дасгал сургуулилт хийж, найруулагчтайгаа урт хугацаанд ажиллаж байж нэг дүр тайзан дээр бүтээдэг.

-Кинонд тоглоход хан­галттай туршлагатайбайх нь ээ?

-Кино урлаг, драмын урлаг, дуурийн жүжигчин хүн ялгаатай. “Мама миа” кинонд тоглохдоо л би үүнийг мэдэрсэн. Жүжигчин л юм чинь болчих байх гэж бодсон. Манай акулууд зөндөө л кинонд тоглож байсан. Тунгалаг тамирын Долгорт П.Цэвэлсүрэн гуай тоглож байлаа. Ингээд харахад болчихмоор ч камерын өмнө нүдний харц, нүдээрээ уйлж инээх өөр юм билээ. Том тайзан дээр том хөдөлгөөн хийвэл ялгарч харагддаг. Камерт том хөдөлгөөн хийвэл камераасаа гараад явчихдаг. Нүүрээрээ тоглодог юм билээ.

-Дуурийн дуучин хүчтэй дуу хоолой гаргахын тулд бэлхүүсээрээ нарийхан байж болохгүй гэж сонссон юм байна?

-Та нар анзаардаг л байх. Эмэгтэй хүн турахаараа бие хөнгөрөөд байдаг. Хоолой чхөнгөн болно. Жаахан тар­галаад ирэхээр инээх нь хүртэл зангарагтай болоод эхэлдэг. Хүний бие яаж өөрч­лөгдөнө, хоолойнд яг тэгж нөлөөлдөг. Жаахан тураад ирвэл жонгиноод нарийхан дуугараад сайн дуулаад эхэл­дэг. Сэтгэл санаа өөрч­лөгдөхөд хоолой яг тийм бол­дог. Нас ахиад, жин нэмэгдээд эхлэхээр дуучид том дүрд дуулаад эхэлдэг. Тэр чинь хоолойн бяр сууж байна гэсэн үг.

-Том дуурьт хэдэн цагаар дуулсны дараа хамгийн түрүүнд юу хийдэг вэ?

-Маш их өлсч, ам цанга­чихсан орж ирдэг. Дуулахад үнэндээ тамирчин шиг калори шатаадаг байхгүй юу. Хүн харахад гүйж харайхгүй мөрт­лөө хоёр, гурван цаг дуулсны дараа их идэж, шингэн юм уудаг.

-Италид мэргэжил дээшлүүлсэн гэж сонссон. Заримдаа франц оросоор ч дуулах шаардлагатай болдог байх?

-Зөвхөн дуулаад зогсохгүй хэлний тал дээр маш их ажил­лах шаардлагатай болдог. Толгойгоо ажиллуулах учир­тай. Тэр хэлийг бид төгс эзэмшээгүй л байгаа шүү дээ. Дуурийн дуучин итали хэлтэй байх ёстой. Мэдээж орчин үед англи хэл хэрэгтэй. За тэгээд орос, германаар дуулж байна. Шаардлагатай бол хятадаар ч дуулж байна.Солонгос зэрэг хөгжилтэй орны үндэсний дуурьт биднийг сонирхвол тухайн хэл дээр нь дуулах болно. Хувирах шаардлагатай. Францаар “Кармен” дуурь тавихад франц хэл­ний багш ирж бидэнтэй хэллэг дээр нь ажиллалаа. Франц мэтийн хэцүү хэл ороод ирвэл өөрсдийгөө дайчилна даа. Хэл бидний хөдөлмөрийн 80 хувь нь.

-Олны танил эмэгтэй байх амаргүй. Өөрт чинь яаж тусдаг вэ?

-Сайн муу зөндөө л хэлэгд­сэн. Би чинь урлагийн нэр дор нэг их тоохгүй гудийх­гүй яваад байдаг. Хэнэггүй ч юм даа. Айхавтар ач холбогдол өгдөггүй.

-Заримдаа таны одоо­гийн нөхөр хэн байгаа талаар хэлэлцүүлэг өрнөх шахууболох юм?

-Би бусадтай л адил амьд­рал туулж байгаа. Бусдаас нэг их өөрөөр яваагүй. Олны танил болохоор их л сонирхдог шиг байгаа юм. Би нэг их буруу яваагүй. Урлагийн хүнийг хүн сонирхоно. Би ч гэсэн хүн сонирхоно. Бас нүдтэй, амтай, хамартай, чихтэй л хүн юм чинь. Үнэрлэнэ, барьж үзнэ, илж таалж үзэхийг хүсч байгаа. Хүнээс гажууд юм хийгээгүй л гэж боддог. Одоо бол гэр бүлтэй. Сайхан ажиллаж амьдарч л явна.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Манай улс нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй

“АСЕМ: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” сэдэвт олон улсын хурал манай улсад болж байна. Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтнүүд мэдлэг, туршлагаа солилцох, Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа шинжилгээний шинэ орчинг бүрдүүлэх зорилготой болж буй тус хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны 100 гаруй зочид оролцов. Өчигдөр эхэлсэн хурлын нээлтэд Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Ази, Европын сангийн гүйцэтгэх захирал Ян Зан нар оролцсон. Нээлтийн үеэр “Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх, Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох боломжийг нээнэ” хэмээн онцолж байлаа. Хурал “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль эрх зүйн болон зохицуулалтын орчныг сайжруулах үүднээс Засгийн газар, оролцогч талууд болон олон нийтийн мэдээллийг дээшлүүлэх”, “Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх”, “Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох”, “Хөгжиж буй улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэхэд тулгарсан асуудал, бэрхшээлүүд болон боломжуудыг хянаж шинжлэх”, “Үндэсний, дэд бүс нутгийн, бүс нутгийн түвшинд бодлого боловсруулах, стратегийн зохицуулалтыг дэмжих зөвлөмж” гэсэн ерөнхий агуулгын дор өрнөж байгаа юм.

Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулж буй уг хурлыг БНАЛАУ-д 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IX чуулганы үеэр Ази-Европын удирдагчид бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад шинэ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцож, судалгаа шинжилгээний замаар эрчим хүчний хүртээмж, эрчим хүчний шинэ төрлийг дэмжих, эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг сайжруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад өртөг багатай, байгаль орчинд ээлтэй техник, технологи ашиглахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, шинэ болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техник, технологийг сайжруулан ашиглахад Засгийн газар, хувийн хэвшил, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын оролцооны ач холбогдлыг тодотгожээ. Түүнийхээ дараа жил буюу 2013 онд Энэтхэгт болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын XI уулзалтын үеэр энэ асуудлыг дахин хэлэлцсэн байна. Энэ үеэр АСЕМ-ын гишүүдийн баталсан хамтын ажиллагааны санаа­чилгуудад Сэргээгдэх эрчим хүч, түүний бодлого, стратеги, сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, санхүүжүүлэх, технологийн шинэчлэлүүд оржээ. Ингээд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Бельгид болсон Ази-Европын орнуудын ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Монгол Улсыг төлөөлөн оролцсон ахлах албан тушаалтан Сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал тавьснаар уг хурал манайд болж байгаа юм байна. Хурлын үеэр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар “Монгол Улс нар, салхи, усны эрчим хүчний сэргээгдэх арвин их нөөцтэй. Нарны нөөцийг агаар мандал дахь тунгалаг шүлтийг хэмжиж тогтоодог. Энэ үзүүлэлт далайгаар хүрээлэгдсэн орнуудад их бага байдаг юм. Харин манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар, тэр дундаа говийн аймгуудад нарны эрчим хүчний нөөц асар их” гэв.

Хуралд оролцож байгаа хүмүүст зориулан “Малчин” компани өөрсдийн бүтээсэн нарны энергиэр ажилладаг бүтээгдэхүүнээ танилцуулж байсан. Тэд нарны энергиэр гар утас цэнэглэгчтэй гар чийдэнгээс эхлээд 50, 100, 200 ваттын нарны зайн систем, нарны энергиэр ажилладаг шумуул үргээгч зэргийг үйлдвэрлэж эхэлжээ. Хурлын төлөөлөгчид завсарлах үеэрээ ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг сайшааж байсан. “Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг болсон Монгол Улсын компаниуд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь маш сайн. Бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан зах зээлд өргөнөөр борлуулах хэрэгтэй. Мөн нарны энергийн нөөцтэй бүтээгдэхүүн гаргаж олон улсын зах зээл дээр худалдаалах боломжтой” гэж байлаа.

Манай улсын хувьд нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй учраас уг салбарыг хөгжүүлэн гадны туршлагатай компаниудтай хамтран ажиллавал хурдан хөгжих маш том боломж байгаа гэнэ.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Д.Төмөрбаатар: Соробан нь тоо бодох хэрэгсэл төдийгүй хүн хөгжүүлэх, хүүхэд төлөвшүүлэх арга юм

Сүүлийн үед Монголд дэлгэрээд байгаа, зарим сургууль сургалтын төвүүдэдхичээллэх болсон соробангийн сургалтын талаар Монголын соробангийн холбооны тэргүүн, япон судлаач Д.Төмөрбаатартай ярилцлаа.

-Японы соробан Хятадын сампингаас юугаараа ялгаатай вэ. Соробан хэдий үед үүссэн бэ?

-Сампин гэхээр монголчууд ерөнхийд нь ойлгож төсөөлж байгаа байх. Хятадын суаньпан, Оросын щёты хэмээх сампингууд байдаг. Оросын щёты бол нэг эгнээндээ 10 эрхтэй, тоог их энгийнээр боддог хэрэгсэл. Харин Хятадын суаньпан бол нэг эгнээндээ хоёр болон таван эрх тусгаарлан байрласан байдаг. Суаньпанг хэрэглэх үед тоо бодох үйл явцын 30 орчим хувийг хүн өөрөө төсөөлөн боддог. Харин Японы соробангийн хувьд, гүнд нь тултал боловсронгуй болгосон, өөрийн гэсэн тодорхой дүрэмтэй, тоо бодож байгаа хүн өөрөө оюун ухаандаа төсөөлөн, тоо бодох үйл явцын бараг талаас илүү хувийг өөрөө гүйцэтгэх шаардлагатай байдаг, тоо бодох хэрэгсэл л дээ. Энэ хэрээрээ соробангаар тоо бодож байгаа хүүхдүүдийн оюун ухааныг ихэд хөгжүүлдэг. Соробан бол таван зуу гаруй жилийн түүхтэй. Соробан нь япончуудын бий болгосон тоо бодох хэрэгслээр зогсохгүй хүн хөгжүүлэх соёл, хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх өвөрмөц арга юм л даа.

-Техник технологи хөгжсөн өнөө үед соробангаар хичээллэх шаардлага байна уу. Соробангаар хичээллэх нь хүүхдэд ямар ач тустай вэ?

– Соробангаар тууштай, зөв хичээллэсэн хүүхэд тоондоо сайн болоод зогсохгүй, тэвчээртэй, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чаддаг болно. Хүүхдүүд удаан хугацаагаар яг япон стандартаар нь хичээллэх юм бол яваандаа оюун ухаандаа эрдэм мэдлэгээ цэгцэлж чаддаг болж, ямар ч шинжлэх ухаанаар хичээллэх суурьтай болдог юм.

Орчин үед бүх юм автоматжаад, хүн мөнгөө төлчихөөд л гэртээ сууж байхад буюу “хөдлөхгүй, сэтгэхгүй” байхад амьдраад байж болохоор болжээ. Харин хүн ингэж хөдөлгөөнгүй, бодохгүй суусаар байгаад өвчин тусч, яах ч аргагүй фитнес энэ тэрд явж эхэлж байна шүү дээ. Харин оюун ухааны ядуурлаас хамгаалах фитнесбол энэхүү соробан сампинюм л даа. Японд настай хүмүүс аливаа зүйлийг мартах, оюун ухаан муудахаас сэргийлж соробангаар хичээллэх тохиолдол бий.

-Япончууд өөрсдөө соробангаараа хичээллэж байна уу. Японы сургуулийн хөтөлбөрт албан ёсоор орсон байдаг гэж сонссон юм байна?

-Япончууд соробангаасаа одоо болтол татгалзаагүй л дээ. Гэхдээ цагийн эрхээр соробанг хэрэглэхээ больсон. Одоо сургуулийн хөтөлбөрт байдаг ч тун бага хугацаагаар ордог. Харин мэргэжлийн олон сургалтын төв, дамжаануудад соробан зааж байгаа. Японд гурвантом холбоо байдаг. Энэ холбоод жилд олон тэмцээн уралдаан зохион байгуулдаг.

-Манайд хэр олон хүүхэд хичээллэж байна вэ. Монгол хүүхдүүдэд заахад хэр хурдан сурдаг бол. Япон хүүхдүүдээс ялгаатай байна уу?

-Монголд соробан дэлгэрч эхлээд бараг арваад жил болж байна. Японы өвөрмөц соёл болох соробанг дэлгэрүүлэх, түүнчлэн сургалт явуулах, олимпиад тэмцээн зохион байгуулах, Японы сургууль, холбоодтой харилцах зэргээр ажилладаг. Манай холбооны дэргэд “Монгол соробан” сургалтын төв ажиллаж байна. Маш өндөр зэрэглэлийн, туршлагатай япон зөвлөх багштай, чадварлаг монгол багш нартай. Япон багш нарын удирдлагад соробанг монгол хүүхдүүдэд заах хөтөлбөр, аргачлалыг боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол хүүхдүүд сайн сурч байна. Гэхдээ монгол хүүхдүүд хурдан ойлгож, хурдан мартаж, тууштай хичээллэхгүй байна. Соробангаар тууштай, зөв хичээллэсэн япон хүүхэд соробангаар олж авсан мэдлэгээ насан туршдаа хэрэглэдэг. Тэгэхээр юуны тулд соробангаар хичээллэх вэ, гэсэн асуулт урган гарч ирж байгаа биз. Харин манай аав ээж нар энэ талаар арай л хожуу ойлгодог юм. Зөвхөн тоонд нь л сайн болгох гээд байдаг юм.

-Соробангаар түргэн хугацаанд тоо бодох хичээлийг олон сургалтын төв явуулдаг болжээ. Таны бодлоор энэ олон төвүүд чанартай сургалт явуулж чадаж байгаа юу. Багш нарыг чансаагаар эрэмблэдэг үү?

-Одоо яг ийм асуудал урган гарч ирээд байна. Хаана, яаж соробан сурсан нь мэдэгдэхгүй багш нар нэг жижиг өрөө түрээсэлж аваад л сургалт явуулдаг гэсэн. Монголын соробангийн холбооны ажилд оролцохгүй, тэгсэн хэрнээ манай холбооны нэрийг, бүр миний нэрийг бариад сургалт явуулж байгаа газрууд байгаа гэсэн. Жил бүрийн намар манай холбоо Японы Элчин сайдын яамтай хамтран олимпиад зохион байгуулдаг. Энд тэнд байгуулагдаад байгаа жижиг төвүүд хүүхдээ ердөө оролцуулдаггүй. Ийм төвүүд миний яриад байгаа япон стандарт, соробангийн сургалтаар хүүхэд төлөвшүүлэн хүмүүжүүлэх ач холбогдлын талаар мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Ийм төвүүдэд хүүхдээ сургаад цаг, мөнгөөрөө хохирсон олон хүн бидэнд гомдол мэдүүлж ирдэг. Би аав ээж нарт хэлдэг л дээ “Та бүхэн өөрсдөө хариуцлагатай бай, хэнд ямар газар хүүхдээ сургаж байгаагаа сайн шалгаж нягталж бай” гэж. Манайхан ч хууртахдаа амархан юм даа. Манай “Монгол соробан” сургалтын төв гэхэд л Улаанбаатар хотод баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Спортын ордны дэргэд гээд ердөө гурван салбартай. Цөөхөн салбар байдаг нь сургалтын чанартай холбоотой. Эрдэнэт хотын “Их мандал” төвд салбар нээгдэж байгаа.

-Соробан сампин Японоос өөр оронд хөгжсөн үү?

-Соробан бол япончуудын бий болгосон том соёл. Хэрвээ соробанг дэлгэрүүлье, энэ соёл эрдэм ухааны сайн сайхнаас хүртье гэж байгаа бол япончуудын бий болгосон тэр хэлбэр агуулгаар нь л хүлээж авах ёстой. Соробанг олон улс оронд мэддэг ч дэлхийд тэгж их өргөн дэлгэр тархаагүй байна. Зүүн өмнөд Азийн орнуудад тооны бусад арга төрлүүдтэй хольж сургалт явуулдаг юм байна лээ. Япончууд үүнд дуртай байдаггүй. Хамгийн чухал нь соробангийн сургалтаар хүүхдэд олгодог төлөвшүүлэх, хүүхдийг тэмүүлэлтэй болгох ач холбогдлыг нь хэрхэвч орхиж болохгүй. Ийм сургалт явуулахын тулд япончуудаас суралцахаас өөр аргагүй. Манай холбоо Японы соробангийн холбоодуудтай байнга, нягт хамтран ажилладаг. Одоо бид Соробангийн чадварын түвшин тогтоох шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх гэж байна. Энэхүү түвшин тогтоох шалгалтын материалыг Японы соробангийн холбооноос ирүүлдэг, тодорхой дэг журамтай тогтолцоо. Удахгүй анхдугаар шалгалт болно. Японд соробангаар хичээллэгч хүүхдүүд түвшингээ ахиулах гэж байнга мэрийдэг, ийм шалгалтыг байнга өгснөөр тодорхой зорилго мөрөөдөлтэй болж, тууштай хичээллэх урам зоригтой болдог юм.

-Хүүхдийг хэдэн наснаас нь соробангаар хичээллүүлж болох вэ?

-Бид нэлээн хэдэн жил ажилласны дүнд Монголд Японы адилаар хүүхдийг дөрвөн наснаас нь бэлтгэл хийлгэж байгаад таван наснаас нь соробанг заах хөтөлбөр болон заах аргатай болсон. Монгол хүүхдэд дөрвөн нас хүртэл нь монгол хэл, монгол ахуй, гэр бүл нийгмийн хамгийн энгийн ойлголтуудыг өгөөд, дөрвөн наснаас нь тусгай эрдэм рүү чиглүүлж эхлэх хэрэгтэй гэж би боддог. Одоо бас л туйлшраад цэцэрлэгт соробан зааж байна гэсэн. Дөнгөж бүрэлдэн бий болж байгаа эмзэг, уураг тархиар хамаагүй оролдож болохгүй.Соробангийн сургалтыг яг япон стандартаар нь явуулах тийм амар биш. Соробангийн сургалтаар хүүхдэд олгож болох олон чадварыг бүрэн, зөв олгох хэмжээний сургалтыг зохион байгуулахад өндөр түвшний багшлах боловсон хүчин шаардагдана. Тийм учраас манайд хавтгайруулах хэрэггүй. Харин өндөр түвшний, мэргэжлийн төвүүдэд л сургах хэрэгтэй гэж бодож байна. Соробангийн багш нарын түвшнийг тогтоох, зөв сургалт явуулж байгааг нь эрх бүхий төрийн байгууллагууд шалгаж нягтлах ёстой. Манай холбоо энэ тал дээр хамтран ажиллахад бэлэн байна. Яваандаа ийм ажлыг санаачилна гэж бодож байгаа.

-Монгол хүүхдүүд өнөөдрийн байдлаар соробангаар ямар амжилт гаргаад байна вэ?

-Монголын соробангийн холбооны дэргэдэх “Монгол соробан” сургалтын төвд хичээллэж байгаа хүүхдүүд маш сайн суралцаж байна. Аав ээжүүд сэтгэлхангалуун байдаг. Янз бүрийн уралдаан тэмцээн зохиогддог, Японд сургалт-аялалд явдаг. Жил бүрийн намар Японы Элчин сайдын яам, Японы соробангийн холбоодтай хамтран зохион байгуулдаг Соробангийн олимпиад байна. Өнгөрсөн жилийн долдугаар сард Токио хотод болсон олон улсын цээж тоолол-анзангийн тэмцээнд манай холбооны 28 сурагч, зургаан багш оролцож, нэг хүүхэд мөнгөн медаль, хоёр хүүхэд хүрэл медаль, хоёр хүүхэд тусгай шагнал хүртсэн. Дөнгөж саяхан буюу тавдугаар сарын 6-нд Японы Цүкүба хотод болсон Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах тэмцээнд “Монгол соробан” төвийн дөрвөн сурагч багшийнхаа хамтаар оролцож хоёр хүүхэд дөрөвдүгээр ангийнхны ангилад хоёрдугаар байр эзэлсэн бол зургаан настай Т.Түвшинбаяр бага сургуулийн нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдтэй өрсөлдөн түрүүлж, Ибараки мужийн аварга соробанчин боллоо. Энэ бол манай хүүхдүүдийн үзүүлсэн хамгийн том амжилт. Япон багш нар бидэнд хоёр зүйлийг захиж байна лээ. “Та нар хүүхдүүдээ тууштай хичээллүүлэх хэрэгтэй. Энэ Түвшинбаяр соробангаа орхилгүй тууштай хичээллэх юм бол Японы аварга болж мэдэхээр байна шүү” гэж хэлж байсан. Түүнчлэн, “Соробанг зөвхөн тоонд сайн болгох хэрэгсэл гэж харж болохгүй шүү, соробангаар хичээллэснээр хүүхдэд олгох төлөвшлийг хэрхэвч орхиж болохгүй” гэж захисан юм.Соробангийн сургалтын талаар “Монгол соробан” төвийн фэйсбүүк, мөн mongolsoroban.mn вэб сайтаас мэдээлэл авч болно.

Соробанг заах арга аргачлал, суралцагч хүүхдэд олгодог чадвар онцлогийн талаар товчхон хэлж өгөөч?

Соробангаар тоо бодоход нарийн дүрэмтэй. Энгийн нэмж хасах үйлдлүүдийг хийх дүрэм харьцангуй амархан. Харин хуваах, үржүүлэх, түүнчлэн, бутархай тоог бодох дүрмүүд нь нэлээн адармаатай. “Монгол соробан” сургалтын төвд яг Японд зааж байгаа арга, дүрмээр заадаг. Үр дүнд нь япон хүүхдүүдтэй тоо бодлого, төлөвшлөөрөө эн зэрэгцэх хүүхдүүд төрж гарч ирж байна. Яг дүрмийг нэг бүрчлэн товчхон танилцуулах амаргүй. Харин аргуудын талаар хэлж болно. Суралцагсдад цаасан дээрх бодлогыг харуулж бодуулах миторизан, компьютерийн дэлгэцэн дээр хурдан гарч ирэх бодлогыг харуулж бодуулах флашанзан, сонсгож бодуулах ёмиагэзан гэх мэтээр аргууд бий. Ийм аргаар бодуулсаар цээжээр олон оронтой тоог бодож сурах хүүхдүүдийн сонсох ой, харах ой, сэтгэх ой гэх зэрэг нь хоорондоо харилцан уялдаатайгаар хөгждөг. Ингэж иж бүрнээр заах юм бол хүүхдийн оюун ухаан их далайцтайгаар хөгждөг. Энэ бол япон стандарт. Харин хөөрлийн маягаар, шоу маягаарэнгийн тоо бодуулаад л, өнгөн талыг нь хараад байх юм бол соробангийн сургалтынүр дүнг бүрэн хүртэж чадахгүй. Тайвань, Малайз гэх орнуудад, түүнчлэн Туркад, бас, Японы зарим нэг газар соробангийн дүрмийг ашиглан, уучлаарай, жаахан эвгүйхэлчихвэл хүүхдүүдийг “хошгоруулах” маягийн сургалт явуулдаг газрууд байдаг юм байна лээ. Энэ бол япончуудын таван зуун жилийн туршид бодож бий болгосон соробангийн сургалт биш. Манай “Монгол соробан” сургалтын төвийн фэйсбүүкийг тогтмол хардаг солонгос багш нар “Та нар яаж ийм арга боловсруулсан бэ, наана чинь япон зөвлөгч байна уу” гэж асууцгаадаг. Бид уламжлалт, жинхэнэ япон стандартын соробангийн сургалтыг Монголд нутагшуулахыг зорьж байна. Тун удахгүй соробанчин хүүхдүүдийн түвшинг тогтоодог тогтолцоог нэвтрүүлнэ.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Төрийн шагналт, докторуудын нэг анги

Хөдөө аж ахуйн их сургуулийн (тухайн үеийн ХАА-н дээд сургууль) мал эмнэлгийн факультетийг 1969 онд малын их эмч мэр­гэжлээр төгссөн ангийнх­ныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа.

НИЙГМИЙН УХААНААС БУСАД БҮХ ХИЧЭЭЛИЙГ ОРОС ХЭЛ ДЭЭР ЗААДАГ БАЙЖЭЭ

1964 онд мал эмнэлгийн их эмчийн тус ангид 110 гаруй залуус элссэн хэдий ч хоёр хүүхэд тутмын нэг нь л төгссөн гэ­дэг. Учир нь нэгдүгээр дам­жаанд байхад арваад оюутныг цэргийн албанд татсан бол нилээд оюутан сурлагаараа тэнцээгүй байна. Тухайн үед нийгмийн ухаанаас бусад бүх төрлийн хичээлийг орос хэл дээр заадаг бай­жээ. Тэгээд ч цөөнгүй орос доктор, профессор ХААДС-д багшилна. Дээр нь мал эмнэл­гийн холбогдолтой бүхий л сурах бичиг, лав­ла­хууд орос хэл дээр би­чигд­сэн байсан учраас зайлш­гүй орос хэлийг хурдан хуга­­­цаанд, шамдан сурах шаардлагатай тулгарчээ. Төрийн шагналт, гавьяат багш, доктор Н.Эрдэнэцогт “Манай ангийнхан дотор Улаан­­баатараас гадна аймаг бүрийн залуусын төлөөлөл суралцсан. Орос хэлний мэдлэг нь харилцан адилгүй. Төвийн болон баруун аймгуудын хүүхдүүд орос хэлний дунд түвшний мэдлэгтэй байсан бол зүүн болон урд зүгийн аймгийнхан анхан шатны мэдлэгтэй байх жишээтэй. Гэсэн хэдий ч намар дээд сургуульдаа орж ирээд, орос багшийн лекцийг ойлгож байгаа хүн нэг ч байдаггүй. Эхэндээ хэлсэн ярьсан үгс нь чихний гадуур өнгөрөөд л, сонсголоороо тэмдэглэсэн үгээ толь бичгээс хайгаад олохгүй. Буруу биччихсэн байхгүй юу. Харин гэрийн даалгавартаа заасан хичээлээ бататгаж уншихаас гадна бие даах даалгавар өгдөг байсан. Эрх биш номны нэр, хуудсыг нь самбар дээр бичих болохоор зөв тэмдэглэж авна. Номын сангаас тэр номоо олж аваад, толь бичиг зэрэгцүүлж тавьж байгаад “үзэж тарна” даа. Эхэндээ бараг үг бүрийг нь толь бичгээс хардаг байсан.

Үнэнийг хэлэхэд залхмаар санагдаж байсан шүү. Ганц, хоёр сарын дараа олон давтагддаг мэргэжлийн хэллэг, үгнүүд цээжлэгдээд ирнэ. Ингэхээр толь бичгээс харах үг нь арай багасна гэсэн үг. Ингэсээр хэсэг хугацааны дараа орос багшийн хэлсэн зарим өгүүлбэрийг хагас дутуу ойлгоод эхлэхээр урам орсон. Цаашлаад залхах нь бүү хэл хэлсэн гурван өгүүлбэрийнх нь нэгийг ойлгочихоор, үлдсэн хоёрыг нь ойлгохын төлөө улам хичээж эхэлсэн. Ингэсээр нэгдүгээр дамжаагаа төгсөхдөө манай ангийнхны хэлний мэдлэг эрс сайжирсан” гэвэл төрийн шагналт, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Мягмар “Багшийн оросоор хэлсэн ярьсныг ойлгох нь бидний хувьд зөвхөн эхний алхам. Үүний дараа ярьсныг нь дэлгэрүүлэн судалж, өөрийн болгоно. Мэдээж бүгд өв тэгш сайн суралцахгүй. Орос хэлийг ч тэр, орос хэл дээр зааж байгаа хичээлүүдийг ч тэр. Ингээд хоёрдугаар дамжаанд ороход 20 гаруй оюутан сурлагаараа тэнцээгүй учраас хасагдсан. Мөн ангийнхнаас маань арваад нь цэрэгт татагдсан. Ингээд хоёрдугаар дамжаандаа 70 гаруй оюутантай болчихсон байсан. Нэгдүгээр дамжаанд ерөнхий эрдмийн хичээлүүд орж байсан бол хоёрдугаар дамжаанаасаа мал амьтны анатоми, физиологийн хичээл орж эхэлсэн. Сурах бичгүүд нь орос хэл дээр бичигдсэн гурваас дөрвөн хуруу зузаан ботиуд. Өмнөтгөлөөс нь авахуулаад уншихыг нь уншиж, цээжлэхийг нь цээжилсэн. Энэ бүхнийг судалж, бичиж, тэмдэглэж авахын тулд номын сандаа бараг амьдардаг байсан” гэсэн юм.

Гурван Төрийн шагналтан, гавьяат, долоон доктор төржээ

М.Баттогтох “Ингэж бүгдээрээ мэрийсний хүчинд ангийнхнаас маань долоо нь онц дүнтэй төгссөн” гэвэл бусад нь “Дан ганц онц дүнтэй төгсөөд зогсохгүй гурван ч төрийн шагналтан, долоон доктор болон ШУ-ы гавьяат зүтгэлтэн, гавьяат багш, гавьяат эдийн засагч төрсөн. Тэд нараараа бид бахардаг шүү” гэцгээв. “Хонины хээл хаях халдварт өвчнийг анагаах” гэсэн сэдвээр Т.Доржготов докторын зэрэг хамгаалж, төрийн шагнал хүртсэн бол Ж.Мягмар бог мал таргалуулах бэлдмэлийг мөнхө харгана хэмээх хогийн ургамлаас гаргаж авсан бөгөөд үүгээрээ Төрийн шагнал хүртжээ. Харин Н.Эрдэнэцогт “Монголын нүүдлийн мал аж ахуйн биологи, экологи, эдийн засгийн асуудал” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалж, мөн Төрийн шагнал хүртжээ. Энэ гурваас гадна М.Цэнд-Аюуш, Д.Дашзэвэг, Д.Бадамдорж, Ч.Эрдэнэхүү нар докторын зэрэг хамгаалсан аж. Мөн Н.Дэрийлаа гавьяат эдийн засагч, Н.Эрдэнэцогт гавьяат багш бол Н.Мягмар ШУ-ы гавьяат зүтгэлтэн юм.

Тухайн үед дээд сургуулийн нэг ангийг хэд хэдэн багш дааж авдаг байжээ. Энэ жишгээр малын их эмчийн ангийг гавьяат багш Ишдорж, Даваа болон тэнхмийн эрхлэгч Бадамдорж нар дааж авчээ. Анги даасан багш нар сурлагаас гадна зан суртахуун, хүмүүжлийн тал дээр ч онцгой анхаарч, сардаа хоёроос гурван удаа ангийн хурал хийдэг байж. Гавьяат багш Ишдорж “Та нар Монголын ирээдүйн нүүр царай. Та нар залхуу хойрго, хичээл сурлагадаа тааруу байх эрхгүй хүмүүс … Хичээл сурлагадаа хэрхэн хандаж байгаагаар тань та бүхнийг хэн ч байсан бэлхнээ тольдчихно. Төгсөөд хаана ч ажиллахаар очсон бай, юун түрүүнд дипломыг чинь харна. Дараа нь тантай ярилцах эсэхээ шийднэ…”. Тэнхмийн эрхлэгч Бадамдорж “Өрх гэр толгойлж явах хүмүүс, та нар. Дотуур байрандаа оронгуутаа гадуур хувцсаа солиод, жимбийтэл эвхээд шүүгээндээ далд хий. Пиджакаа өлгүүрт өлгө. Тоостой гутлаа тайлсан даруйдаа арччих. Ингээд дадчих юм бол эхнэр авч, хүүхэдтэй болсон хойноо ч гэр орон тань тэр чинээгээрээ эмх замбараатай, цэвэр цэмцгэр байна. Үр хүүхдэдээ ч зөв үлгэрлэл үлдээж байгаа хэрэг …” хэмээн зааж, зөвлөнө. Түүнчлэн “Б.Мичир өнгөрсөн даваа гаригийн нэгдүгээр цагийн хичээлээс 13 минут хоцорсон”, “Х.Аман мал амьтны физиологийн хичээлийн даалгаварт гурван бүлэг сэдэв уншиж ирэх ёстойгоос нэгийг нь уншиж ирсэн”, “Д.Ванган, З.Сандагдорж нар их цэвэрлэгээнд ирээгүй” гэх зэргээр ангийн хурлаараа тарьсан “хэрэг”-үүдийг ч мөн авч хэлэлцдэг байсан тухайгаа тэд хуучилцгаана. Ч.Болормаа “Хэрэг тарьсан юм чинь мэдээж хариуцлага хүлээлгэнэ. Бүтэн долоо хоног анги цэвэрлүүлж, цэцэг услуулахаар шийтгэнэ. Ингэж шийтгүүлсэн бол дахин энэ алдаагаа давтана гэж үгүй. Хичээлээс хоцордог байсан хүнд хоцрохоо болино гэдэг чинь цаг баримталж сурч байна гэсэн үг. Багшийн өгсөн даалгаврыг гүйцэт хийдэг болно гэдэг чинь цаашдаа гэрийн даалгавар ч гэлтгүй аливаа ажлыг дахин “халтуурдах”-гүй. Энэ чинь биднийг төлөвшүүлж, хүмүүжүүлэхэд оруулж буй асар үнэ цэнтэй хөрөнгө оруулалт шүү дээ” гэсэн юм.

Ангиараа сургуулийнхаа халаалтын шугамын шуудууг ухжээ

Тэднийг оюутан болж ирэх үед буюу 1964 онд ХААДС (одоогийн ХААИС)-ийг уурын зуухаар халаадаг байсан гэнэ. Өвлийн ид хүйтэн буюу арванхоёр, нэгдүгээр сард галч нь зогсоо зайгүй нүүрс хүрздэж, уурын зуух руу хийдэг ч халааж хүчирдэггүй байжээ. Тиймээс тэд гурав гурваараа ээлжлэн, сургуулийн галчдаа өдөр шөнөгүй тусална. Тэднийг төгсөхийн өмнөх жил Төв хорооны дарга нар нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад, сургуулийг төвийн халаалтад холбохоор болжээ. Харин халаалтын шуудуу ухах ажил мөн тэдэнд оногдсон аж. Энэ тухайгаа тэд “Сургуулийг төвийн дулаантай холбох нилээд хэдэн метрийн өргөн бас гүн шуудуу ухахаар болсон тухай багш дуулгасан. Бид үг дуугүй за л гэсэн. Сургуулийн энэ хэсэг чинь уулархаг газар учраас хад чулуу ихтэй. Бээлийгээ давхарлаад өмсчихөөд байхад дорхноо цоорч, гар цэврүүтчихнэ. Цэврүүтлээ гээд ажлаас хойш суухгүй. Дээр нь сургуулийг уурын зуухаар халаадаг байхад хэдэн арав хоногоор ууланд мод бэлтгэнэ. Хаврын хаварт мал төллүүлэх ажилд туслахаар Хэнтий аймаг руу явна. Зуны амралтаараа хөдөө орно нутгуудад чулуун хороо барьж өгнө. Намар Дорнод, Сүхбаатар зэрэг зүүн аймгууд руу явж малын угаалга, вакцинжуулалтын ажилд оролцоно. Энэ бүх ажилд ханцуйгаа шамлаад дайрна. Үүний хүчинд онолоор үзсэн хичээлээ амьдрал дээр хэрэгжүүлж, туршлагажсан хэрэг шүү дээ” гэв.

Сургуулийн шинэ жилийн баяр тус малын их эмчийн ангийнхан байхгүй л болэхэлдэггүй байж. Учир нь эдний анги С.Монхоорой, Ш.Галаарид, Д.Ванган, С.Жамсран, Т.Доржготов тэргүүтэй олон сайн бүжиглэдэг залуустай. Тэр бүү хэл танго Д.Ванган, С.Жамсран, вальсийн Ш.Галаарид, фокстротчин Т.Доржготов, С.Монхоорой гэхээр сургуулийнхан нь анддаггүй байж. Тэд л охид бүсгүйчүүдийг урьж, бусад залуусыгаа уриалан тайзан дээр гарахгүй бол сургуулийн урлагийн зааланд цангинах фокстротийн цоглог, вальсийн уянгалаг аясыг дуустал бүгд гараа өвдгөн дээрээ тавиад, цэх суудаг асан тухайгаа ч тэд хөөрөлдөцгөөв. Эдний ангийнхны гурав нь эмэгтэй бол бусад нь эрчүүд. Тийм ч учраас их үдийн завсарлагаанаар сургуулийнхаа өмнөх талбайд барилдаж, ноцолддог байж. Чухам ирээдүйн аймгийн арслан М.Баттогтох, аймгийн заан С.Пүрэв нар тэнд бэлтгэлээ базааж байсан биз ээ.

М.Ууган-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Шоронгийн буурин дээр цэцэгс алаглах цаг айсуй

Зайсангийн дамжин, хүүхдийн хорих ангиудын газрыг үл хөдлөх хөрөнгөтэй нь дуудлагаар худалдахаар болсон билээ. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны 188 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 108 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хорих 401, 411 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийг хамгийн өндөр үнэ санал болгосон хуулийн этгээд, хувь хүнд үе шаттай хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Уг хорих ангиуд нь Улаанбаатар хотын зүрхэнд буюу Зайсангийн байгалийн сайхан бүрдсэн бүсэд, тансаг хороолол дунд байдаг. Нийт 5.3 га газар, 29 үл хөдлөх хөрөнгөтэй. Тоочвол, дамжин өнгөрөх хорих ангийн спорт заал, эмнэлгийн хоёр давхар барилга, сургуулийн зориулалттай байшин, тэдгээрийг дагалдсан барилга байгууламжууд тэнд бий. 1958 онд ашиглалтад орсон уг барилга, байгууламжуудыг 5.3 га газартай нь хамт худалдах доод үнэ нь 9.75 тэрбум төгрөг. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ нь 1.95 тэрбум төгрөг байх шийдвэр гарсан байдаг. Энэ сарын 20-ны өдөр болсон дуудлага худалдаанд оролцогч ирээгүй аж. Тиймээс ТӨХ дахин хуралдаж, дуудлага худалдааны тов зарлахаар болжээ.

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дахь МУИС-ийн урд талд байдаг Үндэсний төв архивын барилгын дуудлага худалдаа өчигдөр болсон ч мөн л оролцогч ирсэнгүй. Архивын ерөнхий газрын контор (Үндэсний төв архив) 1960 онд ашиглалтад орж байсан бөгөөд гурван давхар, 3528 метр.кв талбайтай. Төв инженерийн шугамд холбогдсон, 2711 метр.кв газрын эзэмших гэрчилгээтэй. Төрийн өмчийн хороо уг барилгын доод үнийг 6.3 тэрбум төгрөг байхаар тогтсон бөгөөд дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээг 1.2 тэрбум төгрөг гэж зарласан билээ. Үндэсний архивын газрын шинэ цогцолбор ашиглалтад ороход хуучин барилгыг нь ялагчид хүлээлгэн өгөх нөхцөлтэй дуудлага худалдаа зарласан.

Улаанбаатар хотын А зэрэглэл, хамгийн ашигтай бүсэд байрлалтай дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах нь улсад мөнгө олох том боломж. Үүнээс илүүтэй хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа навтгар, гоо зүйгүй барилгуудын оронд том бүтээн байгуулалт өрнүүлэх боломж бүрдэж байгаагаараа ашигтай. Худалдаж авсан иргэн, компани нь нийслэлийнхээ өнгө үзэмжийг дээш татахуйцбасхүү ихээхэн ашигтай бүтээн байгуулалт хийх боломж байна.

Зайсанд байдаг хоёр шоронгоор жишээ авъя. Хотынхоо хамгийн сайхан бүсэд шорон байлгана гэдэг манайхны иргэншээгүйг харуулж байгаа юм. Шорон байсан газрыг худалдаж аваад диваажин байгуулах хэрэгтэй. Диваажин гэхийн учир нь Зайсан орчим өөрөө байгалийн төгс бүтээл. Хотын төвтэй хамгийн ойр, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Зайсангийн ам монгол туургатангуудын нэр хүндийн илэрхийлэл. Дархан цаазат Богдхан уулын хормойд Зайсан гол хоржигнон урсч буй. Уул ус, ургамал модтой ойр, чийглэг зөөлөн уур амьсгалтай тав тух бүрдсэн хэсэгхэн газар хэн бүхний харааг булааж байдаг билээ. Ийм орчинд 5.3 га газар гэдэг бол диваажин байгуулж болохуйц боломж. Монголын “Ганнам стайль”-ийг тэнд бүрдүүлэх хэрэгтэй. Сөүлийн Ганнам дүүрэг ердөө 39.5 км.кв газар нутагтай. 600 шахам мянган хүн амтай эл бичил дүүрэг цэвэр цэмцгэр, баячуудын хороолол гэдгээрээ ялгардаг. Тэндэхийн байрны нэг метр.кв нь 6-10 мянган ам.долларын үнэтэй. Солонгосын том компаниудаас “Хьюндай”, “Ханкүүк”, “Кепко”, “GS” группийн төв оффис байдгаас гадна “IBM”, “Тоёота”, “Google” зэрэг дэлхийн нэртэй компаниуд ч Ганнам дүүрэгт салбараа нээсэн.“Inquirer” сэтгүүлд бичсэнээр эл дүүрэгт амьдардаг хүмүүсийн нийт хөрөнгө Өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцдэг гэнэ лээ. Тус дүүрэг нь 30 гаруй жилийн өмнө хөглөрсөн их хогтой, арван давхраас илүү барилгагүй,хүмүүс нь хашаандаа төмс, ногоогоо тарьдаг. Мал аж ахуй, загас агнуур л хөгжсөн газар байж. 1980-аад оны сүүлчээр Сөүлд том үйлдвэр, худалдааны төвүүд олноороо нээгдэж Ганнам дүүрэг хамгийн утаа багатай хэсэгт тооцогдох болж. Баячууд үйлдвэрийн утаанаас зугтаж, Ганнам дүүрэг рүү нүүж, тэнд тансаг хаус нүд хужирлах болжээ. Баячуудыг дагаж тансаг хэрэглээ ч тэнд бий болж. Сөүлийн хамгийн тансаг ресторан, худалдааны төв, амралтын төвүүд тэнд байгуулагдсан түүхтэй. Өдгөө Ганнам Беверлие Хиллс болон Калифорниан нэгэн адил баян чинээлэг амьдрал, тансаг зэрэглэлийн дүүрэг болж чадсан. Тэнд амьдарч, ажиллах нь нэр хүндийн илэрхийлэл болсон билээ. Тэндэхийн цэвэр агаар, цэмцгэр байдал, тохижилт гайхамшигтай гэж жуулчид үнэлдэг. Ганнам дүүргийг Зайсантай харьцуулах олон зүйл бий. Зайсан Улаанбаатарын хамгийн цэвэр агаартай бүс гэдгээрээ хамгийн түрүүнд Ганнамтай төстэй. Ганнамын зүүн талаар Хан мөрөн урсдаг бол Зайсангийн хойд талд Туул гол, дундуур нь Зайсан горхи урсаж байгаа. Баруун талдаа Зайсан толгой, Зүүн талд Их тэнгэрийн амтай. Тэндэхийн орон сууц, хауснууд Монголд хамгийн үнэтэй. Тэр хэрээр баячууд төвлөрч Ганнамтай төстэй болж байгаа. Мөн томоохон үйлчилгээний цогцолбор, худалдааны төвүүд Зайсанд төвлөрч буй. Ийм бүсэд том хэмжээний газар авна гэдэг ашигтайгаас гадна, ирээдүйтэй наймаа. Одоо Зайсанд дунд сургууль, цэцэрлэгт хүрээлэн дутагдаж байгаа. Шоронгийн буйран дээр цэцэгс алаглуулж, хажууханд нь сургууль байгуулж, тансаг зэрэглэлийн хороолол барьчихвал аяндаа хараа булаана. Хүүхдүүд нь гэрийнхээ хажуудах сургууль сурч, аюулгүй орчинд цэцэгс алагласан цэцэрлэгт хүрээлэнд тоглох боломжийг бүрдүүлээд өгчихвөл Монголын мөнгөтэй, чинээлэг бүхэн тийшээ зүтгэх нь гарцаагүй. Хийж бүтээсэн, мөнгөтэй чинээлэг хүмүүс амьдарч байгаа орчноо өөд нь татаж, улам бүр тансаг болгодог нь Ганнам, Беверлие Хиллсийн жишээнээс харагддаг. Зайсан ч тэднээс дутахааргүй цэвэрхэн, тансаг бүс болно. Одоогийн Зайсан дээр нь, шорон байгаа том газрыг диваажин шиг тохижуулчихвал нийслэлчүүд төдийгүй монгол туургатны бахархал болно. Бүгд Зайсан руугаа шуурдаг болно. Ийм том боломжийг ТӨХ-ноос зарласан дуудлага худалдаа олгож байна. Ирээдүйгээ томоор хардаг бизнес эрхлэгчдэд энэ дуудлага худалдаа асар их өгөөжтэй. Барилгын компаниуд, бизнес эрхлэгчид нийлээд авахад ч үнэ цэнээ алдахгүй. Баячуудын амьдардаг, тансаг хорооллыг тэнд бий болгосноор бизнес эрхлэгчдэд төдийгүй Монголын эдийн засагт өгөөжөө өгөх юм. Үүний нөгөө талд төр ашигтай байрлалтай газар, үл хөдлөх хөрөнгөө зарж үнэд хүргэж мөнгө олж байгаа нь сайн талтай. Өмнө нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрыг ТӨХ-ны дуудлага худалдаагаар зарсан. Яам нь татан буугдсаны дараа байрыг нь хүүхдийн эмнэлэг болгохоор судалж боломжгүйг мэдсэний дараа дуудлагаар худалдахаар болсон. Таван тэрбум төгрөгөөс эхэлж дуудсан дээрх хөрөнгийг ХААН банк 6.7 тэрбум төгрөгөөр авсан билээ. Худалдаж авсан тал тэндээ том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж буй. Энэ жишгээр Зайсан дахь хоёр шорон, Үндэсний төв архивын барилгуудыг газартай нь зарж, том бүтээн байгуулалтыг эхлүүлэх цаг иржээ. Шоронгийн буйран дээр цэцэгс алаглах цаг айсуйг дамжин өнгөрөх, хүүхдийн хорих ангиудын дуудлага худалдаа харуулж байна.

Б.Цэцэгдэлгэр

Categories
мэдээ нийгэм

ИЗНН 350 залуугаар бүл нэмэв

Залуучуудын нэгдсэн нам байгуулахаар өнгөрсөн жилээс зохион байгуулалтад орсон залуус хуралдан шинэ нам байгуулах бус шударга, зөв намыг дэмжин ажиллах шийдвэрийг гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнгөрөгч бямба гаригт тэдгээр залуус ИЗНН-д элсэн гишүүний батлахаа гардан авлаа. Тэдгээр залуусын хувьд Монгол Улсад нийт 20 гаруй улс төрийн нам бүртгэлтэй байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 5-6 нам л байдаг. Харин цэвэр, зөв шударга нам хэд байгаа талаар нэлээдгүй судалсны эцэст Иргэний Зориг ногоог намыг сонгосон гэж байлаа. Учир нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй намуудаас эрүүл нам гэж үзсэн юм байна. Иргэний Зориг Ногоон Намын зөв, шударга үзлийг дэмжихийн зэрэгцээ тус намын өнөөдөр хэрэгжүүлж байгаа бодлого зохион байгуулалтад үндэслэн улсаа хөгжүүлэх зорилгын дор уг шийдвэрээ гаргасан гэдгээ залуус хэлж байлаа. Ямартаа ч бямба гаригт болсон гишүүн элсүүлэх ёслолын үеэр 900 гаруй залуусийг төлөөлж 350 залуу намын батлахаа гардан авлаа. Энэ үеэр намын бүхий л шатны удирдлагууд ирсэн байсан бөгөөд Иргэний Зориг ногоон намын дарга С.Оюун “Манай залуус ардчиллыг боломж гэж харж байна гэдгээ хэллээ. Миний хувьд ардчиллыг оролцоо гэж хардаг. Боломж оролцоо хоёр бүрдэж чадвал бүх зүйл урагшаа тэмүүлэх боломжтой болох юм. Өөрсдийн үзэл бодлоор ИЗНН-ыг сонгосон залуустаа баяр хүргэе. Манай нам залуучуудаар эгнээгээ тэлж байгаа нь шинэ эрч хүчээр дүүрэн болж байгаа гэсэн үг. Бүгдээрээ гар нийлэн хамтарч ажиллая” гэлээ. Харин УИХ-ын гишүүн тус намын дарга С.Дэмбэрэл залуучуудад хандан лебирал үзлийн талаар болон өнөөгийн бизнес, эдийн талаар мэдээлэл өгсөн юм. Намын гишүүний батлах гардуулах ёслолын дараа шинэхэн гишүүд дүүргийн намын хорооны дарга нартайгаа чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн татвараа төлөхөд 7 хоног үлдлээ

“Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг хоёрдугаар сарын 10-аас эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 14 байршилд ажиллаж эхэлсэн. Харин 05 сард ачаалал ихсэх төлөвтэй байгаа учраас 7 цэг нэмж байршуулан нийтдээ нийслэлийн 21 байршилд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулж байна. Мөн оношлогооны цэгүүд ажлын болон амралтын 2 өдөр уртасгасан цагаар ажиллаж байна. Ингэснээрээ энэ жилийн татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байгаа учираас хугацаандаа татвараа төлнө үү. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.