Categories
мэдээ цаг-үе

Гэр орныг нь нэгжинэ гэдэг хүнийг гутаан доромжилж буй хэлбэр биш үү

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, “Эрдэнэс таван толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газрынхан саяхан баривчилсан. Тус газрын мөрдөн байцаагчид түүний гэрт очиж, хаалга үүдийг нь угз татан дайран орсон байна. Тэгээдгэрт нь үзлэг хийх прокурорын зөвшөөрлийг үзүүлэн гэрийнх нь эд зүйлийг хайр найргүй онгичжээ. Ор дэр, гал тогоо, хувцасны шүүгээ, авдар сав гээд байгаа бүхнийг нь уудалж, бичиг баримт хадгалж байсан хавтаснуудыг нэг нэгээр нь салган бүрэн нэгжлэг хийжээ. Гэргий нь хоол цайгаа хийж, үр хүүхэд нь эрх дураараа тоглож байсан гэр бүлийг гэнэт сандаан, сэтгэл санааны гүн дарамтад оруулж, нялх үрийг нь бүлтэлзүүлэн уйлуулж орхиод Дэнзэнг албадан баривчилсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн хэд хоног шуугиж байна.

Авлигатай тэмцэх газрынхан зөвхөн Г.Дэнзэнг ч ингэж баривчилж байгаа юм биш л дээ. Өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан нэр бүхий хүмүүсийн гэр орныг яг ийм байдлаар онгичин нэгжиж, бусдын өмнө ичгэвэртэй байдалд оруулж байсан тохиолдлууд бий. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга асан, хурандаа Д.Цогтбаатарын гэрт авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар орж гэрийнх нь эд хогшлыг нэгд нэгэнгүй сэндийлж орхисон байдаг. Хурандаа Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандах гэр орныг нь хэрхэн түйвээсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой ярьсан.

“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “2013 оны хоёрдугаар сардсайт дээр АТГ-ын захиалгаар тавьсан нэгэн нийтлэлээс бүх үйл явдал эхэлсэн. Тэр нийтлэлд Цогтбаатар болон манай гэр бүлийг дэндүү увайгүй, бүдүүлгээр гутаан доромжилж, гүтгэсэн. Тэр оройноос эхлэн хэд хэдэн телевизээр “Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ” гэх мэдээг 4-5 хоног тасралтгүй цацсан. АТГ-ын явуулж байгаа үйл ажиллагааны нэг онцлог нь эхлээд гутаа, дараа нь устга гэдэг зарчмаар ажиллаад байх шиг санагдаад байх юм. 2013 оны зургадугаар сарын 4-ний өглөө нөхөр маань ажилдаа яваад орой нь ирээгүй. Гэтэл нэлээд орой нэг өмгөөлөгч яриад “УМБГ-аас долоон жилийн өмнө алга болсон Герман иргэний хэргээс болж цагдан хорьсон” гэж хэлсэн. АТГ-аас гурван машин дүүрэн хүн манайд металл хайгчтай ирж нэгжлэг хийсэн. Өмнө нь бас л нэгжлэг хийж байсан. Тэр орой нөхрөө харсаар байгаад баривчлуулж явуулсан. Нүдэн дээр минь бариад явахад ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг мэдэрч, төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж, шударга байсныхаа төлөө хоригдож байгаад нь сэтгэл өвдөж байна. Би Монголын төрд гомдоогүй ээ. Төрд шургалсан юу ч хийхээс буцахгүй, увайгүй эрээ цээрээ алдсан тэр хүмүүст маш их гомдож байна. Нэгжлэг хийсэн хүмүүс надад “Хар тамхи, их хэмжээний мөнгө, галт зэвсгээ гаргаад өг” гэж хэлсэн. Ямар ч айлын эзэгтэй хаана юу байгаагаа арван хуруу шигээ мэднэ шүү дээ. Манайд хар тамхи, буу зэвсэг, их хэмжээний мөнгө хадгалагдаж байгаа гэдэг хуурамч зохиомол өргөдөл АТГ-т очсон юм шиг байна лээ. Энэ нэгжлэг анх удаа болж байгаа юм биш. Урьд нь цагдаагийн байгууллагаас 8-9 хүн ирж бүх зүйлийг нэгжиж үзээд шалгаад явсан. Олон дахин нэгжээд ирэхээр чинь сүүлдээ гэрийнхээ түлхүүрийг АТГ, цагдаа хоёрт орхиод явж байвал амар юм шиг бодогдох боллоо. Дуртай үедээ ирж зохиомол зүйлээр мөрдөж, шалгаж доромжилж байгаа юм чинь. Үндсэн хуулинд заасан орон байрны халдашгүй эрх хэдхэн албан тушаалтны үзэмжээр зөрчигдөх болжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийг өөрийн биеэр мэдэрч, хандах төр засаггүй мэт явна. Энэ бидний сонгосон ардчилсан нийгэм мөн юм уу” гэж цөхрөнгөө баран хэлсэн юм.

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр мөн л албадан баривчилсан. Ардчилсан намын тодорхой лидерүүдийн нэг тэрээр АТГ-ыхныг өөрт нь зохиомол хэрэг тулгаж байна гэж үздэг. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нэгэнт Гансүх гэдэг хүнд үндэслэлгүй хэрэг үүсгэсэн юм чинь энэ зохиомол хэргээ ямар ч аргаар хамаагүй нотлох нь АТГ-ыг энхийн цагаан тагтаа болгон харагдуулах ганц боломж болчихоод байгаа юм. АТГ гэдэг нэрийг ариун байлгахын тулд намайг яаж ийгээд шоронд явуулж, ял үүрүүлэх сонирхол байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил надад төрсөн. Мэдээж, гэр бүлийнхэнд маань ч гэсэн ийм айдас байгаа. Анх жил гаруйн өмнө энэ хэрэг үүсэхэд надад “Үнэн зөв нь олдоно” гэсэн гуйвашгүй итгэл байсан. Энэ итгэл найдвараа өвөрлөн олон гүтгэлэг доромжлол, хүнд бэрхийн ард гарлаа. Гэтэл одоо өнөөх зохиомол хэрэг маань явсаар байгаад АТГ хүнийг яаж хэлмэгдүүлдэг юм бэ гэдгийг илчлэх амьд гэрчтэй, амьд баримт болчихлоо. Тэгэ­хээр АТГ өөрийнхөө нэр хүндийг авч үлдэхийн тулд Гансүхийг давхар зо­лиос­лох шаардлагатай болж хувирчихаад байна” гэж хэлсэн. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг цэрэг цагдаа­гаараа далайлган, шөнөжин ноцолдож байж хоёр хөлийг нь гозолзуулаад ачаад явсан.

Авлигатай тэмцэх газрын­хан ингэж айл гэр түйвээж, хувийн өмчид эрээ цээргүйгээр шууд халдан нэгжлэг үйлддэг үйл ажиллагаа явуулаад байх боллоо. Авлигын хэрэгт сэжигтнээр татагдсан хүмүүс эрх мэдэл албан тушаалаа ашиглан төрөөс мөнгө төгрөг завшлаа гэж бодъё. Муугаар бодоход гэж манайхан хэлдэг дээ, түүн шиг хулгай хийсэн байлаа гэж бодоход тэр хүмүүс гэнэн тэнэг л биш юм бол мөнгө төгрөг завшсан эд мөрийн баримтаа хоёр гурван жилийн хугацаанд гэртээ хадгалаад байж байна гэж байх уу. Тэгэхээр Авлигатай тэмцэх газрынхан нэгжээд юм олох уу.Тэгэхлээр энэ заавал хийж байх ёстой ажил гэж үү.

Ухаандаа, саяхан баривчлагдаад байгаа Дэнзэн дээр жишээ авъя.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан түүнийг 2013 оны хавар буюу одоогоос хоёр жилийн өмнө Авлигатай тэмцэх газар шалгаж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хүсэлт гаргасан ч прокуророос шалгах үндэслэлгүй гэсэн хариултыг өгсөн. АТГ-аас Дэнзэнг 17 тэрбумын тендерт хамтран амьдрагч Г.Уянгын компанийг шалгаруулсан байж болзошгүй хэргийг дахин шалгах хүсэлтэй байгаагаа 2013 оны есдүгээр сард мэдэгдсэн. Тэгээд уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж нягтлах хангалттай нотлох баримт байгаа учраас АТГ-аас Дэнзэнг шалгах хүсэлтээ дахин Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байдаг. 2013 оны хавраас хойш Дэнзэн хэд хэдэн удаа гадагшаа дотогшоо явж юм юм л болсон. Өнөө Дэнзэн чинь гэргий хүүхэдтэйгээ гадагшаа явж байна гээд л дуулддаг. Тэгэхээр өнгөрөгч хугацаанд муугаар бодоход ямар нэгэн сэжиг бүхий баримт байсан юм бол ор тас устгаж таарна биз дээ.

Авлигатай тэмцэх газрын­хан гэр оронд нь ингэж нэгжлэг хийж, гэр бүл ойр дотнынх нь хүмүүс дээр мөрдөн мөшгөсөн, чагнаж тагнах ажлаа явуулж байгаа нь тухайн хүнийг сэтгэл санаагаар унагах, тэрхүү айл өрхийг гутаан доромжлох хэрэг биш үү. Бас ардчиллын гол үзэл санаануудын нэг болох “Миний гэр миний цайз” гэдэг юу болох вэ. Ерөнхийдөө энэ үйл ажиллагаа чинь Монгол Улсын Үндсэн хууль болоод Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчөөд байгаа юм биш үү. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16-р зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын тавдугаар зүйлд “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй”, есдүгээр зүйлд “Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй”, 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж заасан.

Гэр орныг нь нэгжиж буй уг үйл явц хүний эрх зөрчиж байгаа талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоос тодруулахад “Хуулиар эрх нь байгаа тохиолдолд яаж ч болохгүй юм. 24 цагийн дотор яаж ч эсэргүүцээд хуулийнхаа хүрээнд ажил явж байгаа. 24 цагийн дараа прокурорт мэдэгдээд 72 цагийн дараа шүүгчийн захирамж гардаг. Дэнзэнгийн асуудал дээр гэхэд баривчлахаасаа өмнө шүүгчийн захирамж гаргуулчихсан юм билээ. Юм гэдэг дандаа хоёр талтай байдаг. Хууль зөрчиж баривчилж болохгүй гэсэн заалтууд Үндсэн хуульд ч, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч байгаа. Гэвч наадуул чинь хуулийн хүрээнд хийчихээд байна шүү дээ” гэх хариултыг өгч байна.

Тухайн байрны цэвэрлэгч, слесарь гэх мэт хүмүүсийггэрч болгон шавуулж байгаад, гэргий хүүхдийнх нь нулимсыг барж, орон гэрийг нь орвонгоор нь эргүүлэн түйвээсний эцэст албадан баривчлах шаардлага бий гэж үү. “Тэнгри холдинг”-ийн захирлын гэргийн ярьсан яриа манай сонинд гарчбайсан. “Миний хэдэн дотуур өмдтэйг бараг тэр хүмүүс мэднэ. Нүдэн дээр нь нэгжлэг явуулж нэг нэгээр нь харуулж байсан. Одоо харахаар ичээд байдаг юм” гэж билээ.Уг үйл явдал гэмт хэргийн баримт олно гэхээсээ төрд өндөр алба хашсан хүн, бас баян хүн ийм муухай хэмээн бусдаар үзэн ядуулах, доог тохуу хийлгэх гэсэн оролдлого. Хэзээ нэг цагт тэдингэж сүйрдэг юм гэж олон нийтэд ойлгуулах зорилготой хийгдэж байгаа юм биш үү. Энэ АТГ-ын нэгжлэг хийх арга ажиллагаа гучаад оны феодалын хөрөнгө хураах үйл ажиллагаатаймаш төстэй байгаа нь гайхаш тасармаар. Энэ талаар зохиолч Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо, Хоньчноос барилгачин номонд ингэж дурджээ. “…Тэднийг хүнийх нь хувьд гутаан доромжилж, өмч эзэмших ямар гутамшигтай болохыг сурталчлах ёстой байв…” гэжээ.

Энэ бүгдийг ажиглаад байхад “Дарангуйллын нийгэмд амьдраад байна уу” гэх айдас хүйдсийг нийгэмд төрүүлэх боллоо. Авлигатай тэмцэх газар болоод Монголын төр, шүүх цагдаа хэнийг ч болов сэжигтнээр татаж баривчлах, асуун байцаах эрхтэй. Харин энэонцын шаардлагагүй мэт “нэгжих” гэхүйл ажиллагаа соёлтой, хүний эрхийн бүхий л хууль дүрэм журмыг баримталдаг болгохыг олон нийт шаардаж байна. Бид чинь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд аж төрж байгаа биз дээ.

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

“Агт-Эрдэнэ” галын уяа эхэлжээ

Зуны тэргүүн цагаагчин могой сарын таван шар мэнгэтэй шаргачин гахай өдөр “Агт-Эрдэнэ” галыг зорилоо. Уяачид хэдийнэ зусландаа гарч наадамд бэлдэж эхэлжээ. “Агт-Эрдэнэ” гал Төв аймгийн Баян сумын Их булагийн Сөдөт гэдэг газар морьдоо ногоолж байна. Тэд зусландаа гараад долоо хонож байгаа юм байна. Буянтай хэмээн алдаршсан Нийслэлийн алдарт уяач Ганбаатарын Буянтогтох “Агт-Эрдэнэ” галын ахлагч. Биднийг Г.Буянтогтох уяач угтан авсан юм. Гэртээ морины дөрвөн хүүхэд, хоёр туслах уяачтайгаа аль хэдийнэ төвхнөчихөж. Хүүхдүүдийнх нь хичээл тараагүй учир албандаа байгаа гэнэ. Эхнэр Ц.Батжаргал нь хүүхдүүдээ хараад Багахангайд байгаа юм байна. Г.Буянтогтох дөрвөн хүүхэдтэй. Том охин Анударь нь Багахангайн Хангай цогцолборын гуравдугаар анги, хоёр дахь охин Оюундарь нь нэгдүгээр анги. Дөрвөн настай Батсүлд хүү цэцэрлэгийнх. Хамгийн бага Баттөр хүү ой таван сартай. Биднийг очсон өдөр аав нь цэцэрлэгийн жаалаа дагуулаад ирчихсэн байв.

Гэрт нь орлоо. Морины хүүхдүүд нь шалмаг гэгчээр цай үйв. Г.Буянтогтох морины хүүхдүүдээ өхөөрдөөд жигтэйхэн. “Наад нөхдийг чинь шалгалтандаа бэлд гээд орхиод ирсэн юм. Гэтэл моньднууд чинь араас дугуйтайгаа яваад ирчихдэг байгаа. Удахгүй буцаана аа” гээд инээж байна. Моринд хорхойтой нөхдийг Итгэл, Дугарваанчиг гэдэг аж. Хоёулаа 2010, 2011 оны шилдэг унаач хүүхдүүд гэнэ. “Одоо мориндоо томдоод тавиач болж байгаа” гэж Г.Буянтогтох ярив. Уяачийн гал Багахангайгаас бас ч үгүй зайтай. 22 км газар дугуй унасаар хүрээд иржээ. “Ийм хол замд ядарсан уу” гэж асуухад Дугарваанчиг “Дугуйтайгаа гурван цаг явж байж ирсэн л дээ. Гэхдээ дуртай юм руугаа ирж байгаа болохоор гоё байсан” гэж хэвлүүхэн хэлчихээд гарч одов. Удалгүй цай даргиллаа. Итгэл сурмаг гэгч нь цай аягалж өгч байна. Г.Буянтогтох Монгол Улсын манлай уяач Д.Оюунбилэгийг дагаж моринд дурлажээ. Түүний уяач болсон түүх их сонин юм. Тэр дөрвөн хүүхэдтэй айлын том нь гэнэ. Төрж өссөн нутаг нь Төв аймгийн Баян сум. Монгол Улсын манлай уяач Д.Оюунбилэгийн төрсөн дүү Д.Оюунбаатар Г.Буянтогтохын сургуульд багшилдаг байж. Хүү нэгдүгээр ангид сурч байжээ. Нэг өдөр багш нь “Морь унаж чаддаг хүүхэд байна уу” гэж асууж л дээ. Морь харахаар унаад давхихсан гэж хүсдэг Г.Буянтогтох хүү ч уухайн тас гараа өргөж “Багш аа би чадна” гэчихэж. Ингээд лморь унахаар болж багшийгаа дагаад явсан аж.

Хүү анх Д.Оюунбилэг уяачийнд очихдоо морь унаж чаддаггүй байжээ. Эхэндээ морь унаж чадахгүйдээ, худлаа хэлсэндээ санаа зовж байсан ч удалгүй сурсан гэнэ. Түүний аав, ээж нь хоёулаа төмөр замын хүмүүс юм байна. Хүүгээ морь унана гэхэд хорьж сүйд болоогүй аж. Г.Буянтогтох бие жижигтэй байсан учраас долоон настайгаасаа есдүгээр анги хүртлээ морь унажээ. Моринд хорхойтой хүү сургуулийн амралт эхлэнгүүт дүн өвлөөр ч хамаагүй Оюунбилэгийнх руу алхаад ч болтугай явах гээд зүтгэдэг байжээ. Тав дахь өдөр очоод нэг дэх өдөр нь хичээлдээ амжиж очдоггүй байсан гэнэ. Г.Буянтогтох есдүгээр ангиа төгсөөд морь тавиач болжээ. Дараа нь туслах уяач болсон байна.Түүнийг Оюунбилэгийн аав Дондог гуай Буянтай гэж дууддаг байж. Тэгээд л хавь ойрынхон нь Буянтай гэдэг болжээ.

Г.Буянтогтох 2002 онд аравдугаар ангиа төгсөөд оюутан болохоор Хууль зүйн Шихихутаг дээд сургуульд бүртгүүлчихсэн байж. Хөдөөнөөс эгч нь конкурс өгүүлэхээр дагуулаад ирэхэд нь зугтаачихсан гэж байгаа. Номыг биш морийг сонгоод ирсэн хүүг манлай уяач дуртай гэгч нь хүлээж авсан гэнэ. Гэхдээ шууд морины хүн болгохыг хүсээгүй аж. Д.Оюунбилэг манлай уяач уран гартай дархан хүн байж. Багаасаа морийг нь унаж, ойр дотно явсаар ирсэн хүү дуран дархны эрдмээ зааж өгөхөөр болжээ. Г.Буянтогтохыг хотод байдаг дархны газар руугаа явуулсан ч дахиад л морио гээд хүрээд ирж.

Г.Буянтогтох цай оочлонгоо “Тэр үед Оюунбилэг ах намайг галзуурах нь гэж бодсон байх сүүлдээ явуулахаа байчихсан” гээд инээмсэглэв.

Удсан ч үгүй туслах уяач залуу оройн хоолоо бэлтгэж эхэллээ. Энэ зуур галынхан зүгээр суусангүй. Хоол болтол шийр зугаа гэдэг шиг хөзөр тоглож цагийг хөгжилтэй өнгөрөөв. Хөзөрдөж суух зуур борцтой гоймонтой шөл бэлэн болов. Галын ахлагч “Бид ид ажлын үеэр тогооч авчихдаг юм. Одоохондоо өөрсдөө бантан ч хамаагүй хийж идчихээд л болоод байна” хэмээв.

Дандаа эрчүүд байгаа гэхэд гэр нь их цэвэрхэн юм. Г.Буянтогтох “Морь ёслохоос өмнө сунгааны зам дээрээ буучихна. Арав хоноод бууна. Одоохондоо адуугаа сайхан ногоолж байна” гэж яриагаа үргэлжлүүлэв. “Агт-Эрдэнэ” галд одоогоор Нямбаяр, Буянжаргал, Энхмандах, Энхтөр гэсэн унаач хүүхдүүд байгаааж. Туслах уяачид нь Алтансүх, Түвшинбаяр хоёр. Буянтай 1985 оных, туслах уяачид нь дөнгөж 20 гарч байгаа залуус гэнэ.

Биднийг яриа өрнүүлэх зуур морины тавиач хоёр хүү унаач хөвгүүдтэй хамт хөл бөмбөг тоглоцгоов. Уяачийн гэрийн гадаа энэ мэтээр хүүхдийн дуу шуугиан ер нь л тасардаггүй бололтой.

Хөвгүүд багаасаа моринд тун эвлэгхэн байгаа харагдана. Ямар ч морин дээр зайдан мордож тэжээгдэж буй бага адуунуудаа сурамгай нь аргагүй бугуйлдана. Тэд хэдийгээр бяд суугаагүй ч сурцаараа ямар ч адууг татаж унагах нь бахархалтай харагдаж байлаа.

Галын ахлагч “Д.Оюун­билэг ахтай хамт морь уяж эхлээд 2007 оноос хойш морьд маань хурдалж эхэлсэн. Бид хоёр нийлж олон ч морь уясан даа. Морь уях эрдмийг ахаасаа л сурсан” гэж байна. Дархан хэмээх Оюунбилэг агсан бол энэ цаг үеийн тодорсон уяачдын нэг байсан. Энэ эрхэм хүний уяаны эрдмийг даацтай өвлөж авсан залуусын нэг бол Г.Буянтогтох ажээ. 2007 онд Халтар халзан морь нь Багануурт түрүүлсэн ч Улсын баярт айрагдаж чадаагүй аж. Хөвсгөлийн “Хотгойдын хурд-2007”-д хязаалан насанд Сувдан зээрд нь аман хүзүүдсэн жилээс хойш хурд нь эхэлжээ. Сүмбэн зээрд нь 2010 оны улсын наадамд түрүүлж байж. Хоёр жилийн өмнө гэхэд лайраг түрүү нь 30 хол давсан байжээ.

Г.Буянтогтох “Ер нь гардаад олон жил уяж байгаа морь андашгүй. Ханачихсан байна даа, уяа нь орчихож гэдгийг төвөггүй анзаарчихдаг. Морь болгон өөрийн гэсэн онцлогтой болохоор шинэ ирсэн морийг мэдрэхийн тулд багагүй хугацаа ордог. Оюунбилэг ах дутааж байхаар гүйцээж байгаарай гэж захидаг байсан. Ахынхаа захиасыг байнга л боддог. 2010 онд би Хонгор морио Төв аймагт уралдуулж айрагдуулаад Их хурдын эрх авчихъя, тэгээд дараа нь гурван морь уралдуулъя гэж ахад хэлсэн юм. Тэгсэн чинь ганцааранг авч яваад яахав миний хүү гээд Цогоо ахын зээрд морийг бас хамт явууллаа. Төв аймагт очсон чинь хонгор морь түрүүлээд, зээрд морь нь аман хүзүүдчихсэн. Маргааш нь улсын наадам болсон юм. Азарга үзэж байтал саарал азарга маань дөрөвт явж байгаад хадуурчихдаг байгаа. Тэр үед Сүмбэн зээрд түрүүлээд, Цоглог гурваар ирж байлаа. Халтар азаргаа хадуураад явахаар нь сэтгэлээр их унаж байсан ч хоёр морио хараад тайвширсан шүү” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.

“Уяачийн хөдөлмөр хэцүү шүү дээ” гэж байна. Тэрээр “2010 онд юм байна. Их хурдад гурван морь мордуулах гэж байсан чинь Билгээ ах Баянцагааны Батжаргал ахтай наймаа хийгээд зарчихсан. Тэгээд хоёр морьтой боллоо. Тэр жил хоёр их нас, хоёр азарга уралдуулсан. Сүмбэн маань гуравт ороод, Цоглогдолоод орсон. Их нас гарах гэж байхад Халтар халзан морины хүүхэд нь төхөөрөмжийн цаана ойччихсон. Гурван их морь уралдуулдаг хүн чинь ганцхан их морьтой болсон доо. Гэхдээ Хонгор морь маань тасархай түрүүлсэн шүү. Өмнө нь би найзууддаа манай Хонгор морь хурдан байгаа гэж тэрүүхэндээ омогшоод хэлчихсэн байсан юм” гэж хэлээд хөгжилтэй инээв.

Г.Буянтогтох одоо “Нүү­­дэл­­чин” группын Ш.Лхамсүрэнгийн морьдыг уяж байгаа гэнэ. Тус группээс Буянтай уяачийн нийгмийн даатгалыг төлдөг аж. Ер нь л уяачаа нэлээд харж үздэг бололтой. Өнгөрсөн хавар гэхэд л хоёр өрөө байр авч өгчээ. Мөн Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Мөнгөншагай гэдэг хүний морийг ч уяж байгаа аж. Биднийг ийн яриа хөөрөө үүсгэж суухад түрүүнээс хойш гарч орж гүйлдэж байсан хүүхдүүд “Үхэр ирчихлээ” хэмээн хэлээд саахаар гарцгаалаа. Бид ч араас нь гарлаа. Нэг нь ивэлгэж өгөөд, нөгөөх нь төвөггүй саачихав. Галын ахлагч “Хүүхдүүд амраад эхнэр ирчихвэл цагаатай болох байх даа. Одоохондоо ч цайны сүүнээс цаашгүй л сууцгаана” гэж байна.

Тэрээр галынхаа Хонгор морины угшлыг сонирхуулав.Баян сумын Мөнхөө гэдэг хүний олон айрагдаж түрүүлсэн хул азарга Хонгор мориных нь эцэг байж. Г.Буянтогтох “Түүний төл хул азарга манай талийгч ах дээр ирсэн юм. Үүнээс гадна Баянцагаан сумаас Ш.Батжаргал гэдэг айлынхаас нэг хүрэн гүү ирсэн юм. Тэр хүрэн гүүг ам цагаан хул азаргандаа хураалгасан чинь дундаас нь Дөлгөөн хонгор морь маань гарсан. Дөлгөөн хонгорын ах нь их хурдад гуравт орсон Халтар морь. Их хурдад төрсөн ах дүү хоёр түрүүлсэн түүх байхгүй. Энэ хоёр маань Төв аймгаас гарсан угшлын морьд шүү дээ” гэж бахархангуй ярилаа.

Буянтай уяач “Бид чинь морь айрагдаж түрүүлэхэд баярлах тэр сэтгэлийг л мэдрэх гэж морь уядаг улс. Дараа жилийн наадам даанч хол байна гэдэг шүү дээ. Дөрвөн сарын сүүлээр л сэтгэл хөдлөөд сайхан болдог. Хөндлөнгийн хүмүүст бидний ажлыг харахад хэцүү л санагддаг байх. Харин бидний хувьд жинхэнэ аз жаргал энд л бий. Морио хаяад хотод хэд хонох ямар хэцүүг хэлэх юм биш” гэж байна. Хурдан морины эргэн тойронд янз бүрийн сайн муу яриа байдаг. Энэ нь магадгүй монгол ахуйгаас хол хөндий өссөн ч юм уу, монголоосоо гарч үзээгүй хүмүүсийн яриа байж болно. Харин монголоосоо олон жилээр гадна байсан ямар ч монгол хүнд өнөөдөр бидний зүхээд байгаа энэхүү хөдөө ахуй, монгол наадмын сайхан нь илүү тод мэдрэгддэг юм билээ. Америкт сурахаар очсон хотын унаган охин тэнд байх хоёр жилийн хугацаандаа “Толин хул” дуунд жигтэйхэн дуртай болсноо ярьж байсан. Энэ бол би монгол хүн юм байна гэдгээ мэдэрч байгаа шинж биз ээ. Монголынхоо сайхныг ийнхүү мэдрүүлж өгч буй монгол эрчүүдийн нэгэн төлөөлөл бол залуу уяач Буянтогтох гэж хүндэтгэн үзэх ёстой санагдана.

“Танд унаган адуу байгаа юу” гэж асуухад “Олон сайхан азарга уяж байсны хэрэг юу билээ. Буянтайгийн унаган адуу гэж нэрлэгдэх морьд бий.Энэ жилээс өөрийн нэр дээр уралдуулна. Нас насны долоо, найманморь байгаа” гэснээс өөр үг унагасангүй.

Тэд орой 19.00 цагийн үедадуугаа услахаар явцгаалаа. Гурав хувааж усалдаг юм байна. Морьдоо усалж ирэх хооронд нь гэртээ үлдсэн туслах уяач Алтансүх зүгээр суусангүй. Морьдын тэжээлээ зуураад уутанд хийгээд бэлдчихэв. Одоогоор 30 морь тэжээж байгаа учраас нэг тэжээхэд л хоёр шуудай хивэг хэрэг болдог гэнэ. Тэжээлээ бэлдээд дуусч байхад нь хотоос нэг портер ирэв. Тэдний галын Мөнгөншагай туслах уяачдад шинэ мотоцикль явуулжээ. Энэ галынхан зуны гурван сард нэг мотоциклийг адуундаа явж элээдэг юм байна.

Усаа уугаад ханасан морьд шууд гэрийнхээ гадаа ирээд тэжээлээ идэхээр овоорлоо. Туслах уяачид бэлтгэсэн тэжээлээ нэг нэгээр нь толгойд нь углаад хоорондоо булаалдахаас сэргийлж харж зогсов. Анх тэжээж эхэлж байгаа дааганаас бусад нь өөрсдөө хүрч ирээд тэжээлээ сурмаг гэгч нь идчихлээ. Зарим даагыг бугуйлдаж байж тэжээлийг нь өгч харагдав. Ингээд бид 21.00 цагт Г.Буянтогтохын галаас буцлаа. Хүй мандлын буурал дэнж наадмаа хүлээн буй энэ цаг дор ийнхүү Буянтогтох уяачийнхаар бууж мордлоо. Монгол наадмын чимэг болсон морь хүүхэд хоёрынхоо дунд Буянтогтох уяач жаргалтай нь аргагүй алхаж монгол наадмаа тэсч ядан хүлээн байгаа нь хэдхэн цаг саатсан энэ мөчид мэдрэгдэж байлаа. Морины уяан дээр муу үг хэлэлцэгдэж, муу санаа оршдоггүй гэсэн өвгөдийн үг бий. Гэгээн тунгалаг энэхүү ахуй орчноос гэрэлтэй сайхан сурвалжлага бэлдэх урамтай байлаа.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны хуралдаан тус тус болно. Тодруулбал,


1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.05.18-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сангийн 2014 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон 2015 оны ажлын төлөвлөгөөг сонсох.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.22-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • “Оюутолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнгийн тухай мэдээлэл сонсох;
  • Бусад.

5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

6.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд оруулна/.
Categories
мэдээ нийгэм

Бага морь одтой хар бар өдөр

Аргын тооллын 5 сарын 26, Ангараг гараг. Билгийн тооллын 8, Бага морь одтой хар бар өдөр. Тухайн өдөр морь нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, безнис эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйл эхлэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Categories
мэдээ нийгэм

П.Хашчулууны “Сая хонины хаялга сая саяар үржинэ” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигчдын хүртээл боллоо. Өчигдөр нийтийн тээврийнхэн ажил хаясан билээ. Тэгвэл энэ тухай “Өдрийн сурвалжлага” буланд Автобус баазынхан ажил хаяж нийслэлийнхэнд хүлээлт үүсгэсэн талаар сурвалжлага бэлтгэн нийтэллээ. Уг сурвалжлагыг нэг, дөрөвдүгээр нүүрээс уншаарай.

Мөн нэгдүгээр нүүрээс тавдугаар нүүрт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн “Хүний эрхийг хөсөр хаях нь эдийн засагт ч хүндрэл учруулдаг” хэмээх ярилцлага багтсан юм. АТГ-ын талаар шүүмжилж ярих нь бүү хэл дурсах ч эрхгүй болж ч байх шиг. АТГ нь хүний эрхийг зөрчдөг талаар хүний эрхийн төлөө дуугардаг цөөн гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл юм. Тэрбээр “АТГ-ынхан улс төрийн хүрээг л шалгах ёстой. Улс төрийн хүрээнд буруу гарын мөнгө орж ирвэл гаднаас л байж таарна. Улс төрчид нэгэндээ мөнгө өгөөд гүйгээд байхгүй байх. Уг нь энэ хүрээг цэвэрхэн байлгах үүрэгтэй л байгууллага ш дээ, АТГ” хэмээн ярьжээ. Өнөөдрийн нөхцөлд АТГ газар байх нь зөв. Гэхдээ ийм байдлаар ажлаа явуулах нь буруу. Аль болох хувийн хэвшлийнхний алдааг нь хэлж зөвлөдөг зөвлөгчийн байр сууринаас ажиллах ёстой гэсэн юм. Хүний эрхийг хөсөр хаях нь эдийн засагт ч хүндрэл учруулдаг болох тухай уншаарай.

Японы мэргэжлийн сумод цахиур хагалж яваа Г.Ган-Эрдэнийн аав Д.Гантулга “Хүүгийнхээ түрүүлэхийг хараад барагтайд гаргадаггүй нулимсаа асгаруулах шиг болсон” хэмээх сонирхолтой ярилцлага өглөө. Уг ярилцлагыг нэгдүгээр нүүрээс 13 дугаарт багтаасан байна. Өмнө нь манай сонины сэтгүүлч Д.Гантулгын гэрээс сурвалжлага бэлтгэн хүргэж байсан бол энэ удаа түүний хүү мэргэжлийн сумод анх удаа түрүүлснийх нь дараа дахин уншигч тантай золгуулж байгаа юм. Сонирхуулахад, Г.Ган-Эрдэнийн аав Д.Гантулга “Хоёр аваргыг барилдах үед нэг их зүйл бодогдоогүй. Хэн хүчтэй нь давах биз дээ гэж бодоод сууж байлаа. Харин Харүмафүжи аваргыг давсан хойно сандраад эхэлсэн. Яадаг бол гээд тэрүүхэн хоромд үнэхээр их зүйл бодогддог юм билээ. Би ч яахав гүрийж байгаад барилдааныг нь үзчихсэн. Давахад нь хэр барагтайд гаргадаг нулимсаа асгарууллаа. Ээж нь хөөрхий гадаа сүүгээ өргөөд залбирч байсан. Хүү давчихлаа гэхэд нэг хэсэгтээ л гэртээ орж ирж чадахгүй болчихдог юм байна лээ. Эх хүнд юм юм л бодогдсон байх. Уйлаад л зогсоод байсан. Ер нь бүгд уйлсан даа. Би бүр хэт их хөөрчихсөн байна лээ. Эхлээд уйлаад, сүүлдээ даралт ихсээд. Эмнэлэг бараадаж байж зүгээр боллоо” хэмээн цогтоо цогиун яриа өгчээ.

Тэгвэл Улс төрийн хоёрдугаар нүүрт Сангийн сайд Ж.Эрдэнэбатын “Эдийн засгаа өөрсдөө эрүүлжүүлж чадвал “Стэнд бай” хөтөлбөр авах шаардлагагүй” хэмээх эдийн засгийн ярилцлагыг унших боломжтой. Сүүлийн үед манай эдийн засагчид хийгээд улс төрчид Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл Сангийн сайд энэ талаар өөр байр суурьтай байгаа ажээ. Тэрбээр “Эрдэнэбат гэдэг хүн биеийнхээ амрыг бодсон бол хөтөлбөр авъя гээд явах байлаа. Хэрэв тэгсэн бол зээл аваад төсвийнхөө алдагдлыг ямар ч асуудалгүй санхүүжүүлээд явах боломж байна. Энэ хөтөлбөрийг авснаар төсөвт ирэх ачаалал хөнгөрөх ч гэсэн эдийн засагт тодорхой хэмжээний хатуу бодлого хэрэгжих шаардлага гардаг. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид хамгийн ихээр сөрөг нөлөөлдөг. Хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг агшиж, валютын ханшийг сул тавих шаардлага тавина. Ингэснээр гадны хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчид маш хүнд байдалд ордог” гэсэн юм. Энэ тухай дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы хоёрдугаар нүүрээс уншаарай.

“Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Сая хонины хаялга сая саяар үржинэ” хэмээх сонирхолтой, асуудал дэвшүүлсэн нийтлэл багтсан болно. Сүүлийн үед манай улс гадны орнуудад мах экспортлох боломж бүрдэж байгаа талаар өгүүлсэн ажээ. Харин Улс төрийн зургадугаар нүүрт улс төр дэх цаг үеийн мэдээлэл багтсан байна. Дэлхийн мэдээ уламжлал ёсоор есдүгээр нүүрт багтсан бол 11 дүгээр нүүрт Хүний эрхийн хуульч М.Ичинноровын ярилцлага орлоо.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сангийн сайд Ж.Эрдэнэбатын ярилцлага “Өдрийн сонин”-д гарч байна

Монголын эдийн засгийг нураасан гол буруутан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар байсан хэмээн огцруулж байсан цаг саяхан. Тэгвэл дараагийн Засгийн газар байгуулагдахад Сангийн сайдын албан тушаалд очсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат манай сонинд эдийн засгийн нөхцөл байдал хийгээд саяхан батлагдсан Төсвийн хүрээний мэдэгдлийнхээ талаар ярилцлага өглөө. Сүүлийн үед манай эдийн засагчид хийгээд улстөрчид Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл Сангийн сайд энэ талаар өөр байр суурьтай байгаа ажээ. Түүний ямар байр суурьтай буйг нь “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарын хоёрдугаар нүүрээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Categories
мэдээ нийгэм

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн аав манай сонинд ярилцлага өглөө

Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд анх удаа түрүүлж озэки цолны болзол хангасан Тэрүнофүжи Ган-Эрдэнийн аав Д.Гантулгын сонирхолтой ярилцлага “Өдрийн сонин”-д хэвлэгдэж байна.

Өмнө нь манай сонины сэтгүүлч тэдний гэрээс сурвалжлага бэлтгэн хүргэж байсан бол энэ удаа түүний хүү мэргэжлийн сумод анх удаа түрүүлснийх нь дараа уншигч тантай дахин золгуулж байгаа юм. Сонирхуулахад, Ган-Эрдэнийн аав Д.Гантулга “Хоёр аваргыг барилдах үед нэг их зүйл бодогдоогүй. Хэн хүчтэй нь давах биз дээ гэж бодоод сууж байлаа. Харин Харүмафүжи аваргыг давсан хойно сандраад эхэлсэн. Яадаг бол гээд тэрүүхэн хоромд үнэхээр их зүйл бодогддог юм билээ. Би ч яахав гүрийж байгаад барилдааныг нь үзчихсэн. Давахад нь хэр барагтайд гаргадаг нулимсаа асгарууллаа. Ээж нь хөөрхий гадаа сүүгээ өргөөд залбирч байсан” хүүгийнхээ барилдааныг үзэх үеийн сэтгэл догдлол, баяраа хуваалцсан юм. Түүний ярилцлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины шинэ дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнийн сурвалжлага хэвлэгдэж байна

Дэлхийн алдарт “Венецийн Биеналэ”-д монгол зураачдын бүтээл анх удаа тавигджээ. Энэ тухай “Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнийн бэлтгэсэн сурвалжлагыг маргаашийн дугаараас уншина уу. Дэлхийн зураач урчуудын мөрөөдөл болсон энэ л танхимд монгол зураачдын бүтээл хоймор заларчээ. Үүнд орохын тулд хөрөнгө мөнгөө гаргаад ч төдийлөн нэмэр болдоггүй гэнэ. Харин уран бүтээлүүдийг тусгай шүүгч нар шүүж оролцуулах эсэхийг нь шийддэгээрээ онцлог юм байна. Мөн тус наадамд оролцож буй доктор Цүлтэмийн Уранчимэгийн ярилцлага хэвлэгдэж байна.

Categories
гадаад мэдээ

Казахстаны нутагт бөхөн гөрөөс их хэмжээгээр хорогджээ

“Казахстанская правда” сонинд бичсэнээр бол сүүлийн долоо хоногийн хугацаанд төв Азийн энэ улсын Костанайский, Актюбинский, Акмолинский гэсэн гурван хязгаар нутагт нийтдээ 85 мянган бөхөн гөрөөс үл мэдэгдэх өвчлөлийн улмаас үрэгдсэн тухай мэдээлж байна. Нутгийн өмнөд хэсгээр өвөлжсөн адгуусууд хаврын улиралд хойд зүг рүү сүргээрээ шилжин нүүдэллэх үеэрээ ийнхүү хорогдож буй нь мал аж ахуйд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн үзэж одоогийн байдлаар сэжигтэй нутаг дэвсгэрийг тойруулан 30-40 км-ийн хориотой бүс зарлаад байгаа юм байна.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Үндэсний үйлдвэрлэгчдээ гурав хоног дэмжинэ

“Эх орны хүнс-Эрүүл хүнс” сэдэвт үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих өдөрлөгийг ХХААЯ НМХГ-тай хамтран энэ сарын 26- 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгийг Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сэдэвт нэг сарын аяны хүрээнд зохион байгуулж байгаа аж.

Ингэснээр “Хүнсний тухай хууль”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой гэнэ. Эрх чөлөөний талбайд гурван өдрийн турш үргэлжлэх тус өдөрлөгт үндэсний үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуй нэгж оролцох юм байна.

Тэд энэ үеэр чанарын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр ард иргэдэд үйлчилэх аж. Харин НМХГ, ХХААЯ-наас хүнсний аюулгүй байдлыг хангах тухай мэргэжил арга зүйн гарын авлагаар хангах гэнэ.

Ингэснээр хэрэглэгч өөрөө гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнс сонгон хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах, өөрийн бие махбодид зайлшгүй шаардлагатай хоол хүнсийг хэрэглэх талаар мэдлэг олж авах арга барил эзэмших аж. Мөн хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалах, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хоол хүнснээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх зөв дадалд эзэмшүүлэхийг зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулах юм байна.