Categories
мэдээ нийгэм

Ардчилсан хувьсгалыг анхдагчдын сонордуулга

Монголын ардчилал Улс орны маань хөгжил дэвшилд түүхэн дэвшил авч ирсэн боловч, улс төрийн намуудын бодлогогүй алхмуудын үр дагавраар монголчууд бидний үр хойчсын ирээдүйн хувь заяа бүрхэг болж, цаашид Монгол Улсаа Монголоор нь хөгжүүлэх эсэх нь түмэн олны ухаарал, эв нэгдлээс шалтгаалах хариуцлагатай сонголтын өмнө тулж ирлээ. Засаглалыг бүх нийтээрээ сонгон байгуулдаг ардчилсан нийгмийн бүтэц болох “Улс төрийн нам”-ууд, эд хөрөнгөнд дулдуйдсан, хувийн сонирхолд хөтлөгдсөн хүмүүсийн цуглуулга болж, намын эрх мэдлийг бүлэглэн хуйвалдсан хэсэг хүмүүс өмчлөн захирч, ард түмний бүрэн эрхийн хэм хэмжээг алдагдуулж, төрийн сонгууль намуудын амлалт, мөнгөний өрсөлдөөн болж, иргэдийг үзэл бодлоор нь гадуурхан ангилж, эрх мэдэлд хүрсэн хэсэг нь Монголын нийт баялгийн 80 гаруй хувийг хуваан эзэмшиж, нийгмийн ялгарал эрс нэмэгдлээ. Иргэдийн дунд энэ муу муухай бүхнийг ардчиллаас болсон мэт цуу үг, яриа дэлгэрч, жирийн иргэний үзэл бодол, ашиг сонирхол, дуу хоолой бүдгэрэн холдсон энэ үед Ардчилсан хувьсгалыг манлайлан ажил амьдралаа золиослон зүтгэж “Аз жаргалын хаалгыг ард түмэндээ нээж өглөө” хэмээн бахархаж байсан “АРДЧИЛЛЫГ АНХДАГЧ” МоАХ, АСХ ,ШДХ, МОХ-ны гишүүд бид дуугүй суух ёс суртахууны эрхгүй гэж үзлээ. Бид зөвхөн санал хэлэх биш санаагаа Монгол түмэндээ хүргэхийн тулд “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫГ АНХДАГЧДЫН ЗӨВЛӨЛ” төрийн бус байгууллага байгууллаа. Бидний зорилго нь: Монгол түмнийгээ: “Харанхуй улс төржилт”, утга учиргүй талцлаас ангижруулж, гэгээрэн боловсорсон, хариуцлагаа ухаарсан, ахан дүүсэг, эв эетэй, “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ийг Монгол Улсдаа бодит агуулгаар нь цогцлуулан хөгжүүлэх нэгэн их зорилгод гэгээрүүлэн, итгэл үнэмшлийг нь төлөвшүүлж, хүсэл тэмүүлэл, хандлагыг нь шинэчлэн сэргээхэд оршино.Бидний зорилго Монгол түмний ухаарал дэмжлэгт тулгуурлна. БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ: Ардчиллын гажуудлыг арилгах Шударга ёсыг тогтоон бэхжүүлэх Иргэний нийгмийг төлөвшүүлэн цогцлоох Энэхүү гурван их зорилгод ард түмнээ гэгээрүүлэн ухааруулж ардчилал, шударга ёс, иргэний нийгмийн үзэл баримтлалд гуйвалтгүй зогсох оюун санааны шинэ хандлагыг иргэд,тэр дундаа залуу үедээ төлөвшүүлэхэд чиглэсэн, бодлогын бөгөөд тасралтгүй, бүх нийтийн хэв шинжтэй байна. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД МОНГОЛ ТҮМЭН УХААРАН ГЭГЭЭРСНЭЭР: Монголын Ардчилал гажуудал, хэлбэрдэлтээс ангижирч бодит агуулгаараа, зохистой төлөвшинө. Улс төрийн намууд цэвэршин тунгалагшиж, нийтийн ашиг сонирхолд үйлчилнэ. Засаглал бүх шатандаа тогтоосон хэмжээ хязгаар, шударга ёсонд захирагддаг болно. Аливаа дарангуйлал, мөлжлөг, ялгаварлан гадуурхалт арилна. Засаглалын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтын тогтолцоо бий болно. Нийгмийн ёс суртахуун сэргэн мандаж хүмүүнлэг харилцаа төлөвшинө. Нийгмийн хариуцлагын ухамсар шинэчлэгдэн сэргэж, шинэ хандлагатай болно. Хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах нь бүх нийтийн үйлс болж иргэдийн хараа хяналтад орно. Төрөөс эдийн засаг, нийгмийн хөгжлийг тогтвортой өсгөх бодлого нь зохицуулалттай хэрэгжинэ. Улс төр, эдийн засагт олигархи бүлэглэлийн ноёрхол эцэс болно. Улс орныхоо хөгжлийн бодлого, хэтийн замыг гадаадынхнаар заалгадаг биш Монгол түмнийхээ хүсэл тэмүүлэл, оюун ухаан, нийгмийн хөрс сууринд үндэслүүлдэг болсноор нийгмийн хөгжлийн шинэ үе эхэлнэ. МоАХ ШДХ, АСХ, МОХ-ны (анхдагч) гишүүд ээ ! Бид 1989 оноос нэг зорилгын төлөө өөр өөр холбоо, хөдөлгөөнд нэгдэн тэмцэж амжилтад хүрсэн. Бид өнөөдөртөө дүгнэлт хийж, ирээдүйг тольдон тунгааж нэгэн цул болон ажиллах зайлшгүй шаардлагын өмнө тулж ирлээ. Монгол орныхоо өнцөг булан бүрт “Үндэсний ардчилсан хувьсгал”-ынхаа төлөө сэтгэлээ чилээн, сайнд нь баярлаж, саарт нь эмзэглэн суугаа анд нөхөд та бүхэндээ 1989, 1990 онд хамтран тэмцэж бий болгосон ардчилсан хувьсгалаа хамгаалах, шударга ёсыг тогтоох, хүмүүнлэг иргэний нийгмээ цогцлоох их үйлсэд нэгдэн зүтгэхийг уриалж байна. Анхлагчдын эгнээнээс төрийн болон Нийслэлийн эрхийг барилцаж, төрийн албанд ажиллаж байгаа эрхэм журмын нөхөд өө ! Ардчилсан хувьсгалд мөр зэрэгцэн тэмцэж, онож алдсан ямар ч үед та нарыгаа түшин тулж ирсэн нөхөд чинь хорин таван жил хавчигдан шахагдаж, маргаж мэтгэлцэж, ойлгож ухаарсаар хатаасан болд, гэгээрсэн дайчид болон төлөвшжээ. Та нарыгаа ардчиллынхаа төлөө санаа зовж, алдаа гажуудлыг нь засах юмсан гэж биднийхээ нэгэн адил сэтгэлээ сэмлэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ардчиллынхаа ололтыг бататгаж, гажуудлыг арилгах их шинэчлэлд бидэнтэйгээ цуг байхыг уриалж байна. Эрдэмтэд, Судлаачид аа ! Монгол Улсынхаа ардчиллын төлөвшил, иргэний нийгмийн онол, арга зүйн талаар өөрсдийн судалж боловсруулсан бүтээлийг төрийн бодлого үйл ажиллагаа болгон хэрэгжүүлдэг шинжлэх ухаанч, бодлогын төрийг төлөвшүүлэхийн төлөө санаа бодлоо нэгтгэн зүтгэхийг уриалж байна. Үндэсний сэхээтнүүд ээ ! Монгол Улсынхаа улс төр,нийгэм, эдийн засагт гарч байгаа гажуудлыг арилган цэвэршүүлэхэд та бүхний оюун санааны хүрээ, үзэл бодлын чигч баримтлал, олон нийтийг гэгээрүүлэн дагуулах чадвар ихээхэн нөлөөтэй тул та бүхнийг шинжлэх ухаанч, цэвэр шударга нийгмийн төлөө байхыг уриалж байна. Монголын Улс төрийн намуудад:Бид аль нэг улс төрийн намыг магтан дуулж,муучлан үгүйсгэхгүй. Өнөөдрийн улс төрийн бодит хүчин болох намуудад эрс шинэчлэл хийхгүй бол Монгол түмний итгэл, сэтгэл, тэвчээрт хязгаар бий гэдгийг сануулж байна.

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫГ АНХДАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД:

Баянөлгий Х.Баядолдой, Н.Самат

Сэлэнгэ Г.Нороврагчаа Д.Тунгалаг

Баянхонгор Д.Найдан Ц.Гийпэлмаа Ч.Доржпагам

Төв С.Алтангэрэл Х.Баттөгс

Булган Б.Пүрэвдорж

Увс Б.Эрдэнэбаатар

Говьалтай О.Цоодол

Ховд Д.Хархүү, Л.Дашмаа, Э.Ариунаа

Дорноговь З.Саарал

Хөвсгөл Д.Чилхаажав

Дорнод Д.Баярцэнгэл Б.Амарсайхан

Хэнтий С.Дамдинсүрэн

Дундговь М.Моёор

Улаанбаатар У.Сүхбаатар Ц.Даваадорж, В.Дүгэрмаа,

Өвөрхангай Б.Батжаргал А.Ганболд, Б.Өлзийсайхан Ч.Сүрэнхорлоо Ц.Эрдэнэбат

АСХ,ШДХ,МОХ. С.Туяа Л.Өлзийтогтох, Д.Мөнхтөр

Categories
мэдээ нийгэм

АТГ эрүүгийн 62 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагаа мэдээллээ

Авлигатай тэмцэх газар энэ сарын 18-22-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 29 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 66 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 62 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ хаана баярлуулах вэ

-Хүүхдийн баярын нэгдсэн хөтөлбөрийг хүргэж байна-

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
06 дугаар сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.

Улсын драмын эрдмийн театр
06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00, 13:00 цагуудаас К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг

Хүүхэлдэй театр
06 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагаас “Үлгэрийн баатрууд” парад
06 дугаар сарын 01-ний өдрийн 12:00, 14:00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг
06 дугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагаас VIVA CITY хороололд Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг тавигдана.

Үндэсний Цирк /АСА ЦИРК/
05 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагаас,
05 дугаар сарын 30-ний өдрийн 11:00, 14:00, 17:00,
05 дугаар сарын 31-ний өдрийн 11:00, 14:00, 17:00,
06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Циркийн шилдэг үзүүлбэрүүд” тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулга
05 дугаар сарын 30, 31, 06 дугаар сарын 01-нд 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Бонгын аялал” тоглолт

Хүүхдийн номын ордон
05 дугаар сарын 29-нд 11:00 цагаас “Шидэт номын найзууд” уран уншлагын уралдаан
06 дугаар сарын 01-нд Нээлттэй хаалганы өдөр

Монголын хүүхдийн ордон
05 дугаар сарын 25-ны өдөр Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.
06 дугаар сарын 01-ний 14:00 цагаас Баярын тоглолт

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-ний өдөр 09:30 цагаас “Өргөө-2” кино театрт Дүүргийн “Хүүхдийнбаяр”-ын нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллаагаа зохион байгуулна. Хүүхдүүдэд кино үзүүлнэ. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамтрах ба хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна.

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас УБ Паласт Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
06 дугаар сарын 01-нд 12:30 цагаас Баянгол дүүргийн ЗДТГ-аас УБ Палас хүртэл парад алхана.

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно
.
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
05 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулагдана.
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас “Их Зайсан” цогцолборт “Оюуны Ундраа” групптэй хамтарсан Хүүхдийн баярын үйл ажиллагаа болно.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Үндэсний Соёл амралтын хүрээлэн
2015 оны 05 дугаар сарын 28-аас 2015 оны 06 дугаар сарын 04-ний хугацаанд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Ихтайз, багатайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, АХА, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 11:00 цагт “Витафит” ХХК, ТВ-5 телевизтэй хамтран “Ундааны баяр” өдөрлөг ба бусад ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит уралдаан, тэмцээнийг зохион байгуулна. Мөн номын худалдаа явагдана.

Categories
мэдээ нийгэм

Хүн амины онц ноцтой хэрэг гарчээ

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоны нутагт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сумын нутгаас толгойг нь тасдсан малчны цогцос олдсон байна. Хэргийн газар дээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяр шуурхай ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Одоогоор цогцсыг хэн болохыг тогтоожээ. Тодруулбал, 50 орчим настай эрэгтэй Н байсан аж. Түүнийг хөнөөгөөд хогийн цэг дээр хаясан байсныг илрүүлэн хэргийн газар дээр нотлох баримтыг бэхжүүлэн ажиллаж байгаа юм байна. Харин хэргийн сэжигтнээр хоёр хүнийг холбогдуулан шалгаж эхэллээ. Урьдчилсан байдлаар хэргийг өш хонзонгийн сэдэлтээр үйлдсэн байж болзошгүй тухай эх сурвалж мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулна

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар дугуй түгжих, машин ачиж буй мөнгөнөөс болж хоорондоо маргаад буй. Тиймээс өнөөдөр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн удирдлагуудыг АТГ, ЦЕГ, ЭЦГ-т шилжүүлэн шалгуулахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр 11.00 цагаас өөрсдийн байрандаа мэдээлнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч өнөөдөр ийм ажил амжуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ гардуулна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

11:00 цагт Мянганы сорилтын сангийн тэргүүнийг хүлээн авч уулзана

12:00 цагт Унгар улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барина

13:30 цагт Мъянмар, Иран улсын элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барина

14:00 цагт Дэлхийн шүүгчдийн холбооны төлөөлөгчийг хүлээн авч уулзна

15:00 цагт Израиль улсын Элчин сайдыг хүлээн авч уулзана

17:00 цагт Казахстан улсын Тэргүүн Шадар сайдыг хүлээн авч уулзана

Categories
мэдээ цаг-үе

Ё.Гэрэлчулуун: Нийслэл цэргийн албан хаагчдын өмнө ч хариуцлага хүлээдэг


Тэргүүн байрны шагналт Хилийн 0252 ангийн захирагч, хурандаа Ж.Дамдинбазар

Нийслэлийн ЗДТГ – аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны дүн өнгөрсөн бямба гарагт гарав.

Чингисийн талбайд болсон шагнал гардуулах ёслолд ОХУ-ын Москва хотод болсон Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон бие бүрэлдэхүүн, ОХУ-ын Анкарск хотод парадад оролцсон БХИС-ийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагчид оролцов. Тус сургуулийнхан ОХУ, Турк зэрэг улсуудын кадет сургуультай хамтран ажилладаг. Жагсагчдын дунд 2-3 медальтай сонсогчид цөөнгүй харагдана.

Тэмүүжин Өрлөг” сургуулийн сонсогчид

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа, иргэн цэргийн бахархалын өдрийг нээж хэлсэн үгэндээ “Монгол цэргийн жавхаа уралдааныг анх цэргийн албанд татагдаж, хугацаат цэргийн алба хаасан залуучуудад хүндэтгэл үзүүлж зохион байгуулж байсан. Зэвсэгт хүчин, нийслэлийн зүгээс цэргийн алба хаасан залуучуудаа хүндлэн өргөмжилж, цэрэг эрсийн сүр жавхааг илтгэн харуулахад чиглэгдсэн арга хэмжээ юм. Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын албан хаагч, дайчид болон залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлж, иргэний баттай суурийг бий болгож өгөхөд хүчин зүтгэл гаргаж байгаа Зэвсэгт хүчиндээ талархал илэрхийлье” гэв.

“Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааныг дүгнэхдээ 2013 онд цэргийн ажиллагааны жагсаалч байдал, 2014 онд цэргийн анги байгууллагуудын тохижилт эрүүл аюулгүй байдлыг харгалзан дүгнэж байсан бол энэ жил Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын тохижилт, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг сайжруулах, цэргийн албан хаагчдын бие бялдрын стандартыг мөрдүүлэх чиглэлээр дүгнэжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уралдаанд тэргүүлсэн зургаан ангийн захирагч орон сууцтай болсон. Харин энэ жилийн уралдаанд

Хилийн ажиглах дуран

тэргүүн байрыг хурандаа Ж.Дамдинбазар захирагчтай Хилийн цэргийн 0252 дугаар анги эзэлж “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын иж бүрдэлээр,

хоёрдугаар байрыг бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар анги эзэлж “Өргөмжлөл”, орон сууц биеийн тамирын иж бүрдэлээр,

гуравдугаар байрыг хурандаа Д.Отгон-Ерөөлт захирагчтай Зэвсэгт хүчний 326 дугаар анги эзэлж “Өргөмжлөл”, орон сууц, биеийн тамирын иж бүрдэлээр,

тусгай байрыг дэд хурандаа С.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангиэзэлж “Өргөмжлөл”, дөрвөн сая төгрөг, биеийн тамирын иж бүрдлээр тус тус шагнуулав.

Энэ жил анх удаа хөдөө орон нутгаас цэргийн анги оролцсон нь Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг сумдад байрладаг цэргийн ангиуд оролцож, Зуунмод хотод байрладаг 016 дугаар анги хоёрдугаар байранд шалгарчээ. Шагнал гардуулсаны дараа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Чингисийн талбай дээр зохион байгуулсан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Нийслэийн онцгой байдлын газарт ашиглаж байгаа багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй танилцав. Тэрээр зэвсэгт хүчний хэрэгсэл дээр нэг их анхаарал хандуулсангүй. Харин хилийн цэргийн үйл ажиллагаанд хэрэглэдэг 14 км-ын хараатай хоёр төрлийн дуран, ухаалаг гэмээр хяналтын дуранг сонирхож байв. Ухаалаг дуран өөртөө санах ойтой. Дамжуулагч төхөөрөмжийн тусламжтайгаар бүх хөдөлгөөнийг компьютерт мэдээлнэ. Дамжуулагч төхөөрөмж 10 км-ын тойрогт үйлчилнэ. Дамжуулагч олшрох тусам хяналтын компьютерийн зайг ихэсгэж болно. Тодорхой байрлалыг түүнд сануулж болно. Сануулсан байрлалд ямар нэгэн ямар хөдөлгөөн илрэхэд компьютерт дохио өгнө. Шөнийн хараа, дулаан мэдрэгчтэй. Засаг даргын богино боловч бусдаасаа арай илүү анхаарал хандуулсан үзүүлэн бол онцгойхны багаж хэрэгсэл. Онцгойхонд “PATRIOT” хэмээх жийп машин байдаг. Тэр нь гаднаас харахад барууны жийптэй маш адилхан. Гэхдээ ОХУ-д үйлдвэрлэсэн машин. “Хүч, туулах чадвар, тохь тухаараа жийпнээс тийм ч дутахгүй. Харин 100 км-т 15-17 литр А-92 түлш иддэг. 38 сая төгрөгийн үнэтэй зэрэг давуу тал бий” хэмээн жолооч нь тайлбарлав. Нийслэлийн онцгой байдлын газарт тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Засаг дарга Э.Бат-Үүлийн тайлбарлаж буйгаар бол хэн нэг нь завсараас нь завших боломжгүйгээр шууд барууны брэнд үйлдвэртэй гэрээ хийх замаар чанартай тоног төхөөрөмж авч болно. Гэтэл тендерийн хууль энэ бүхэнд саад болж байгаад анхаарал хандуулахыг ёслолд оролцсон БХ-ын сайд Ц.Цолмонгоос хүсэв. Үүнийг сонссон нэгэн залуу “Баатрын юм гуйгаад байгаа хүн тийм баян хүн үү” хэмээн орчноо хөгжөөв.

“Ухаалаг” дуран

Ёслолын ажиллагааны үргэлжлэл болох Чингисийн талбай дээр эхэлсэн үдшийн цэнгүүн дээр үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн тэмцээн болж шагнал гардуулав. Харин 22 цагаас арван минутын турш ёслолын буудлага нүргэлж улмаар 23 цаг хүртэл нийслэлчүүд цэнгээнт бүжгээр цэргийн албан хаагчдадаа талархалаа илэрхийлэв.

Ёслолын үеэр тус уралдааныг зохион байгуулсан НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаас тодруулга авав.

Уралдаан зохион байгуулсанаар ямар үр дүнд хүрэв?

-Цэрэг иргэний харилцаа өргөжих, цэргийн ангиудын тохижилт, бие бялдрын хөгжилт, жагсаалч байдал, залуусын цэрэгт явах хүсэл нэмэгдсэн гээд олон үр дүн гарсан. Манай залуус сүүлийн үед фитнесээр хичээллэх нь нэмэгдэж байна. Цэргийн албан хаагчид фитнес тоног төхөөрөмжид маш их баярлаж байгаа.

Яагаад зөвхөн цэргийн ангиудын хүрээнд зохион байгуулж байна?

-Бид зөвхөн цэргийн ангиудын хүрээнд зохион байгуулаагүй. Нийслэлийн хэмжээгээр бүх байгууллагуудыг хамарсан “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж” шалгаруулах уралдаан зарласан.

Цэргийн ангиуд нийслэлд хамаардаг уу?

-Мэдээж БХЯ-нд захирагдана. Гэхдээ бид үйл ажиллагаанд нь оролцоогүй. Цэргийн ангиудын байшин, барилга нийслэлд байрлаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа цэргийн албан хаагчид нийслэлийн иргэнтэй адил хэмжээнд аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхтэй. Нийслэл ч тэдний өмнө энэ нөхцлийг хангах үүрэгтэй. Энэ утгаар уралдааныг зарласан. Уралдааны хүрээнд маш их ажил хийгдэж, алба хаах орчин илүү тохилог болсон.

Гүзээтэй офицер байхгүй болсон гэсэн үнэн үү?

-Үнэн байх. БХ-ын сайдын тушаалд заасан бие бялдрын стандарт нь уралдааны бас нэг болзол. Манай иргэд ч цэргийнхнээс жишээ авах байх.

Х.БАТТӨГС

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засгийн өршөөлийн хууль, Оюу толгойн асуудлыг хэлэлцэв

УИХ-ын баасан гаригийн үдээс хойших чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн болон Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн болон Сангийн сайд гишүүдийн асуултад ийн хариуллаа.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: -Төрийн нэг чухал чанар бол ял оноож чаддаг, бас уучилдаг байх ёстой. Татварын харилцаан дээр төр ч өөрөө буруутай байх тал бий. Нэг талаас эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй байна. Энэ ачааллыг аж ахуйн нэгжүүд үүрч байгаа. Ачаа үүрч яваа аж ахуйн нэгжүүдийн ачааллыг хэдэн хувиар бууруулах боломжтой вэ.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: -Татварын асуудлаар 8231 аж ахуйн нэгжийг шалгаж 46 тэрбум төгрөгийн өр шинээр үүссэн. Хүү, торгууль, алданги тооцоод 48 тэрбумын асуудал яригдаж байгаа. Хуулийн хувьд мэдээж, өмнөх онд эдийн засагт өсөлт гарсан учраас татвараас авч байгаа орлого нэмэгдсэн. Гэхдээ цаана нь багагүй хэмжээний мөнгө нуугдаад байна. ДНБ-ий 35 хувь нь сүүлийн эдийн засагт эргэлдэж байгааг олон улсын байгууллагууд хэлж байгаа.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -2013, 2014 онд нийтдээ 17 их наядын зөрчил илрүүлж 450 тэрбум төгрөгийн торгууль тавьсан байна. ДНБ-тэй тэнцэх хэмжээний зөрчил илрүүлсэн гээд байгаа. Ил гарах юм үлдсэн юм уу. Монгол Улсад 24 мянган аж ахуйн нэгж татвар төлж байгаа гэсэн. Үүнээс 11 мянга нь прокурор дээр шалгагдсан байгаа.Одоо цагдаа аж ахуйн нэгжийн татварын зөрчлийг шалгаад, баримтуудыг үзээдявж байна. Яагаад гэвэл цагдаа нарт ашигтай байхгүй юу. Татвар дээр нь цагдаа нар орчихсон. Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Базаррагчаа гэдэг хүн байна. АН-ын байран дээр сууж байдаг. 11 аж ахуйн нэгжийг хууль хүчнийхэн шалгаж байна гэдэг Монгол Улсаас хөрөнгө оруулагчийг үргээж байгаа асуудал.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: -Татварын хяналт шалгалтын хувьд графикт төлөвлөгөөт шалгалт гэж аж ахуйн нэгж рүү ордог. Татварын хяналт шалгалтыг заавал 10 хоногийн өмнө мэдэгдэж байж аж, ахуйн нэгжийг шалгаж байхаар хуулийн заалт оруулсан. Бизнес эрхлэгч дээр татварын эрх зүйн орчин хуулийг таниулах тал дээр анхаарч байгаа. 2014 онд 10.1 мянган аж ахуйн нэгж дээртатварын шалгалт оруулсан байгаа. Их наядаар тооцогдох хэмжээний зөрчил илэрдэг. Өнгөрсөн онд 13 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 445.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байдаг.

Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл:-Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг илрүүлэх нь хууль сахиулагчдын үүрэг мөн. Гэхдээ үүнийг илрүүлж байна гээд бизнес эрхлэгчдийг дарамталж, ашиг хонжоо олох нь хуулиар хориотой. Ялангуяа удирдах албан тушаалтан холбоотой ийм асуудал байж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: -Эдийн засгийн өршөөлийн хууль их чухал. Нэрнээс нь болоод байна уу, үгүй юу. Гишүүдийн ойлголцол өөр байх юм. Эдийн засаг хүндэрснээс бодоод татвараа төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх юм гэж ойлгоод байгаа шүү дээ.Татварын орчин сайжрах юм байна гэж ойлгогдож байгаа.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: -ТЕГ дээр татварын хяналт шалгалт хийдэг байцаагч нарын тоог багасгая гэж бодож байна. Татвар төлөхгүй болчихвол төр өөрөө хэцүү болно. Татвар төлдөг системийг бий болгоно. Татварын хяналтаар тогтоогдоогүй зүйл дээр цагдаа шалгалт оруулдаг явдал байна. Эрүү үүсгэх чиглэлийн асуудал дээр иж бүрэн шинэчлэл хийх гэж байна.

ТЕГ-ын дарга Б.Ариунсан: -Татварын хууль, журмыг бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй. Цагдаад шалгагдаад байгаа 11260 аж ахуйн нэгж дээр бид ялгаад, эрүүгийн дугаарыг тусгайлаад судалсан. Цагдаа дээр хоёр өөр тоо байгаа юм.

Хамаг хөрөнгө нь барьцаанд орсон аж ахуйн нэгж хүнд байна. Аж ахуйн нэгжүүдийг ялгаатай үзээгүй. Аль нэгэн аж ахуйн нэгж, хэн нэгэн хүнд зориулсан хууль гаргах гээгүй. Бүгдийг нь нэг гараанаас эхлүүлэх гээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -Энэ бол энэ Засгийн газрын хууль. УИХ уг хуулийг ямар ч байсан хэлэлцэх, эсэхээ шийдэхгүй бол хүлээлт үүсгээд аж, ахуйн нэгжийн тушаах татвар доголдоод эхэлж байна. Хэрэв ингээд шийдэхгүй бол буруу дохио өгөөд байна. Сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг ил гаргах нь аль ч засгийн газарт хийх ёстой ажил мөн. Татварын байгууллагаас гаргаж байгаа тоо, прокурорын байгууллагаас гаргаж байгаа тоо өөр байна вэ гэвэл энэ дохио. Хуулийн байгууллагууд том мөнгөтэй компанийг шалгадаг. Энэ нь аж ахуйн нэгжид дарамт үүсгэж буйг үгүйсгэхгүй.

Одоо бол дурын аж ахуйн нэгжийг шалгах боломжтой байгаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Татвар 2.6 тэрбум, алданги 52 тэрбум болж 2012 оноос дөрөв дахин нэмэгдсэн, торгууль 160 тэрбум болж өссөн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар хэд дахин өсч байгаа алданги, татварын дарамтад орсон аж ахуйн нэгж хамрагдахааргүй болж байгаа юм. Хэрэв Эдийн засгийн өршөөл үзүүлэх гэж байгаа юм бол шударга татвараа төлсөн, шударга татвараа яах юм бэ. Илэрсэн нь хохь болоод шоронд ордог, илрүүлэхгүй нуусан хүмүүс нь яах вэ. Мөн шударгаар татвар төлсөн хүмүүсээ яаж урамшуулах юм бэ. Төр өршөөж болно. Гэхдээ урамшуулах хэрэгтэй. Хуулиа зөв баталж, нийгэмдээ зөв таниулж амьдрахыг УИХ-д бас хүсч байна гэснээр асуулгын хариултыг сонсож дууслаа. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан талаараа УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхийг хүссэн байна. Тиймээс чуулган цаг сунган хуралдахаар болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад хариулт өгөв.

Ерөнхий сайд мэдээлэлдээ “Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд үр ашиг хүртэх харьцааг тогтвортой хадгалах зарчмыг үндэслэн өмнөх жилүүдэд хуримтлагдаад байсан хувь нийлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэж, улмаар төслөө үргэлжлүүлэх, тодруулбал нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх асуудлаа шийдэж, гарын үсэг зурлаа. Олон улсын нэр хүнд бүхий 14 банк, санхүүгийн байгууллагаас хамгийн багаар бодоход 4,2 тэрбум, нийтдээ зургаан тэрбум ам.долларын санхүүжилтийг татах болно. Оюу толгой компанийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж, үйл ажиллагаандаа байнга мөрдөн ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байх үед Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлийн хүлээн авсан Оюу толгойн төслийн ТЭЗҮ-д туссан өгөөжийн харьцаа манай талд 53 хувиас дээш хадгалахыг албажууллаа. Төлөвлөгөөний эхийг Монголын тал анхнаас нь гардаж боловсруулсан бөгөөд санаачилга нь “Эрдэнэс Оюу толгой” компанийн талд байсан. Боловсруулах шатанд дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүдийг татан оролцуулсан. Төлөвлөгөөний төслийг Монгол Улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээ болон олон улсад түгээмэл мөрдөгддөг арилжааны гэрээний жишигтэй нийцүүлэн хянуулсан” гэдгийг хэллээ. Мөн “2014 онд үүссэн татварын маргааныг олон улсын арбитрт очилгүйгээр шийдвэрлэхээр болж, 30 сая ам.долларын татварын актыг манай талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Төслийн санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1,2 тэрбум ам.доллар, нийт есөн тэрбум ам.долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт орно гэж үзэж байна. Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд жил бүр таван сая ам.долларыг орон нутгийн хөгжилд зориулан зарцуулж байхаар тохирлоо” хэмээн мэдээлэв. Засгийн газрын тэргүүнийг ийн мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Далд уурхайн ТЭЗҮ батлаагүй байхад яагаад төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөө арбитрын шүүхэд очвол эрх зүйн баримт болох уу.Ер нь Засгийн газрын төлөөлж хэн гарын үсэг зурсан бэ. Та Монголын талд ажиллаад байна уу, өөр талд ажиллаад байна уу.Хэлэлцээр юм уу, хэлцэл юм уу, гэрээ юм уу.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Ч.Сайханбилэг гэдэг хувь хүнийг доромжилж болно. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдыг доромжлоод яах вэ. Оюу толгойг улс төрийн асуудал болгохоо больё. Эдийн засгийн харилцааны асуудал гэж харах хэрэгтэй. Компани хоорондын асуудлыг улстөржүүлэхээ зогсооё. Би Оюу толгойн гэрээг зурах гэж Дубай яваагүй. Миний айлчлал ҮАБЗ-өөр орсон. Үүний дагуу би айлчлал хийсэн. Арабын нэгдсэн Эмират улстай Монгол Улс эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан. Эхний ээлжинд нэг сая толгой мал, цаашид таван сая толгой мал экспортлох, төмөр зам, дэд бүтцийн том, том төслүүд дээр ажиллая гэдгээ арабууд илэрхийлсэн. Хамгийн гол нь Оюу толгойн далд уурхайн ажил явна гэсэн мэдээллийн дараа эдийн засагт ямар эерэг өөрчлөлтүүд гарч байгааг хэлье. Манай Засгийн газрын бондын хүү “Чингэс бонд”-ын хүү рүү дөхөж очсон. Өнөөдөр дөрвөн хувь руу ороод ирлээ. Худалдаа хөгжлийн банкны гаргасан бонд ес гаруй хувиас долоонхувь руу буурлаа. Долларын ханш 1920 төгрөг рүү орлоо. Бид үүнийг л хүсч байсан. Би Монгол Улсын талд ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газар гарын үсэг зурдаг. 2009 онд гурван сайд Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурсан. Ажлын төлөвлөгөөнд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал зурсан.

“Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: -ТЭЗҮ бол байнга өөрчлөгдөж байдаг баримт бичиг. Маргаантай асуудал олон байсан. Эрдэс баялгийн нөөц ашигласны төлбөрийг “Рио-Тинто” өөр маягаар тооцож ирсэн. Зарим нэг зардлаа хасч тооцоод байсан учраас маргаан үүссэн. Татвартай холбоотой нэлээд олон маргаан үүссэн. Тиймээс ТЭЗҮ-г манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Гүний уурхайн төлөвлөгөөг зурсны дагуу бүгдийг нөхөж, зарчмын өөрчлөлт оруулаад Эрдэс баялгийн зөвлөлд өгнө. Томоохон өөрчлөлт хийхгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Миний хэлэх гэсэн нэг санал бол яаралтай Ажлын хэсэг гаргавал яасан юм бэ. Ерөнхий сайд өчигдөр нисэх буудал дээр мэдээлэл хийхийг харсан. Таны наад суудал дээр сууж байсан нэгхүн бас л “Би хар толгойгоороо хариуцна” гэж байсан юм. Одоо гадаадад гараад алга болсон.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Миний хувьд далд уурхайн бүтээн байгуулалт явах болсонд маш их баяртай байгаа. Сэтгэл өндөр байна. Өнөөдрийн зэсийн үнэ цэнээр тооцоход монголчуудын хүртэх өгөөж 54 хувь байгаа. Оюу толгойн төлөвлөгөө батлагдсанаар Монголд эерэг үр дүн нь эхнээсээ мэдэгдэж байна шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Эхнээсээ тааруухан гэрээ байсан даа. Тэр үед Оюу толгойн гэрээг буруу, зөрүүхийлээ гэж шүүмжилдэг байсан. Ерөнхий сайд та их эмзэглэж байна. Өмнө нь хийсэн гэрээг сайжруулсан гэлээ. Хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам.доллар жилд орж ирнэ гэсэн байгаа. Үүнийг ойлгохгүй байна. Хоёрт нь, Өмнөговьтой холбоотой асуудал байна. Эрдэнэт хот гээд сайхан хот байгуулсан. Өмнөговь дээр хот бүтээн байгуулалт босох уу.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Би эмзэглээд байгаа юм байхгүй. Асуултад хариулаад явж байна. Өнөө маргаашдаа бол татварт төлөх 30 сая ам.доллар орж ирнэ. Роялти татвартай холбоотой 10 сая ам.доллар орж ирнэ. Энэ мэтээр мөнгө залгуулаад орж ирэх байх.

УИХ-ын дарга З.Энхболд: -Таван сая ам.доллараар хот барихгүй шүү дээ. Сумын төвийг ч тохижуулж чадахгүй.

“Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: -Хот барих асуудал Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар явах юм. Ханбогд маргааш гэхэд өнөөдрийн Эрдэнэт шиг болчихгүй нь ойлгомжтой. Эрдэнэт хот өнөөдрийн хөгжилд хүрэх гэж 35 жилийг зарцуулсан. Жил болгоны таван сая ам.долларын туслалцаа дэмжлэгтэйгээр хот болох процесс өрнөнө. Ойрын 25 жилийн дотор хот байгуулна гэж тооцвол илүү бодитой юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: -Цаашид аль, аль талаас нь гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэсэн үг үү. Бэлэн мөнгөний урсгалыг 53:47 гэж ярьдаг. Аль төрлийнхөө татвар дээр яригдаж байгаа юм бэ.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: -Менежментийн төлбөр гэдэг заалтыг хамгийн зөвөөр ойлгох юм бол далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах зургаан тэрбумаас авах төлбөр гэсэн үг. Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр байгаа заалт. Хөрөнгө оруулалтын гэрээнд менежментийн төлбөрийг зааж өгөөгүй байдаг.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: -УИХ дээр “Шударга ёс” эвсэл гэж бүлэг байдаг. Гэтэл Ардын нам, Ардчилсан намын бүлэгт танилцуулсан гэж байна. Яагаад манай бүлэгт танилцуулаагүй юм бэ. Эхний шатны хөрөнгө оруулалт яригдаж байхад 1.8 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн. Энэ мөнгөн дүн хаачсан бэ. Энэ 1.8 тэрбум ам.долларын зөрчлийг хүлээн зөвшөөрчихөөгүй биз дээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Явцын талаар танилцуулга хийж байсан. Аль нэг намын бүлэг дээр тусгайлсан танилцуулга хийгээгүй. Уг нь Засгийн газрынтүвшинд шийдэх асуудал биш. Компаниудын хоорондоо ярилцаад шийдэх асуудал юм шүү дээ. Манай талаас чхарьцангуй буулт хийсэн. Үүнийг улстөржүүлээд яриад байж болно. Гэхдээ бас нөгөө тал 10 гаруй асуудал дээрбуулт хийснийг бодолцох хэрэгтэй. Харилцан ойлголцож, зөвшилцөж шийдсэн. Манай тал илүү хариуцлага хүлээнэ гэж айх хэрэггүй. Гэрээнд заасан 34 хувийнхаа хэмжээнд хариуцлага хүлээнэ. Нөгөө тал ч мөн 66 хувийнхаа хэмжээнд хариуцлага хүлээнэ.

“Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: -Их том буултууд аль, аль талдаа хийсэн. Манай талын олон юмыг хөрөнгө оруулагч зөвшөөрсөн. Манай татварын байгууллагаас 130 сая ам.долларын торгууль тавьсан. Үүнийг Монгол дотроо шийдье гэж хоёр тал шийдсэн. Тэгээд татварын маргаан таслах зөвлөлөөр хэлэлцээд 30 сая ам.доллар дээр буурсан. Оюу толгойн хувьд энэ 30 саяыг зөвшөөрөөгүй байсан шүү дээ. Магадгүй олон улсын арбитрын шүүхэд очсон бол хэн ялахыг нь мэдэхгүй байна. Гэхдээ харин энэ 30 сая ам.доллар төлөхийг нь тэднээр зөвшөөрүүлсэн. Эцэст нь хэлэхэд зардлын хэтрэлт аль ч компанийн хүсэх зүйл биш. Гэхдээ энэ бол гэмт хэрэг биш юм. Ийм хэтрэлт гарахаас өөр аргагүй байсныг зохих бичиг баримт, олон зүйл дээр нотолж харуулсны учраас манай тал дургүй байсан ч хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй.

Ийнхүү гишүүдийн сонирхсон асуултад Ерөнхий сайд хариулт өгч дууссанаар чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: Миний зүгээс намын гишүүнчлэлээ сэргээх гэж гуйсан зүйл байхгүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Та МАН-д орох гэж байгаа юм уу. Гадуур ийм яриа тарсан байна…

-Одоогоор аль нэг намд орох тухай бодсон зүйл алга. Энэ бүрэн эрхийн хугацаанд ямар ч гэсэн бие даагчийн үүргээ хариуцлагатай гүйцэтгэнэ. УИХ-д бие даан нэр дэвших нь хувь иргэн хүний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдлэх боломжийг олгодог. Тиймээс цаашид энэхүү боломжийг нь баталгаажуулж үлдээх нь бид гуравт ноогдож буй үүрэг, хариуцлага гэж ойлгож болно. Харин чиний асуугаад байгаа яриа чинь миний нэг удаа хэвлэлд өгсөн хариулттай холбоотой юм болов уу. Сэтгүүлч энэ талаар надаас асуухад нь “МАН-ын тухайд бол би жирийн гишүүд, дэмжигчдэд нь хүндэтгэлтэй ханддаг. Анх удаа УИХ-д сонгогдоход нэг баг болж, дэмжиж байсан хүмүүс. Харин намыг өөрсдийн улс төрийн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэх бүтэц болгон ашиглаж, намаа сонгуульд ялагдуулчихаад хариуцлага хүлээдэггүй зарим удирдлагад нь бол шүүмжлэлтэй ханддаг. Ялагдвал толгойгоороо хариуцна гэж байсан, намаа сонгуульд авч орох үүрэг хүлээж байсан хүмүүс хариуцлага хүлээхгүй, том том юм яриад сууж байна. Намаа шинэчлэхэд оролцох нэг хувилбар байж болно. Энэ үнэхээр боломжгүй зүйл бол хүсэл эрмэлзлэл нэг байгаа нөхөдтэйгээ нийлээд шинэ нам байгуулна. Харин өөр намд орох бодол алга гэсэн юм. Үүнээс л гаралтай яриа байх. Ер нь энэ хоёр намд олон түмний итгэл алдраад та бүхэн гурав дахь сонголтыг бий болго гэвэл нэн тэргүүнд энэ тал дээр нь зогсох ёстой гэж бие даагчид ярьж байгаа.

-МАН таныг хөөж байсан. Харин одоо буцаж ирэхийг гуйгаад байгаа ч юм бил үү. Эсвэл та орохыг хүсээд байгаа ч байж болох юм..

-Намд орох бус гишүүнчлэлээ сэргээх асуудал юм уу. Яагаад гэвэл би гарах өргөдөл өгөөд хаяад яваагүй, харин нэг хэсэг нөхдүүд тухайн үед УИХ-ын гурван гишүүн МАН-аас гарч МАХН-д элсэхэд намайгаа гүтгэж, хоморголоод хөөчихсөн. Намаа сэргээх асуудлыг намын жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс нэлээд тавьдаг юм. Энэ асуудал дээр хүндэтгэлтэй ханддаг талаар дээр хэлсэн. Харин миний зүгээс намаа сэргээх гэж хүссэн, гуйсан зүйл байхгүй. Би нам шүтэж амьдардаггүй. Улс орноо, олон түмнээ гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй, зарчимтай, хариуцлагатай улс төрийн нам байхыг үгүйсгэдэггүй. Тодруулбал, 1990 оноос өмнөх МАХН шиг улс орноо авч явах юм бол болно. Ер нь нэг нам нь дан сайн хүмүүстэй, нөгөөдөх нь дан муу хүмүүсээр бүрдэнэ гэж юу байх вэ. Аль алинд л зөв хүмүүс байгаа. Харин аль нам нь зөв хүмүүсээ удирдлагадаа гаргаж байна гэдэг л гол асуудал юм. Тиймээс жирийн иргэд бол манай нам гэж туйлшрахгүй аль нам нь зөв явна гэдэг талаас нь харж саналаа өгдөг болчихвол оновчтой сонголт бий болно.

-Хэрэв намдаа буцаад орлоо гэхэд МАН-аас хассан шийдвэрийг харгалзалгүйгээр гишүүнчлэлийг сэргээж болох уу?

-Хүсвэл намын үүртээ очоод бүртгүүлчихэд л болно. Харин ингэж МАНАН-таж байхад юун нам сэргээх. Энэ хамтрах сонголт бол аль ч намынх нь жирийн гишүүд, дэмжигчдийн хүсэл лав биш.

-Та МАН-д байхдаа шүүмжлэлтэй ханддаг гишүүдийн нэг байлаа. Өнөөдрийн МАН-ын талаар таны бодол ямар байгаа вэ?

-МАН бол Монголын ард түмний өнгөрсөн зууны бүтээл юм. Харин хөрөнгө, мөнгийг хэт үнэлж, эрхэмлэдэг, албан тушаалгүй амьдарч чадахаа байсан хэсэг хүмүүс 2000 оноос хойш энэ намыг хүсэл зорилгоо биелүүлдэг бүтэц болгож эхэлсэн. Одоо намынх нь нэр хүнд олон түмний дунд унаж, сэргэхгүй байгаа нь үүнтэй холбоотой гэж боддог.

-Магадгүй одоо таны сонголт МАХН болчихсон чбайж болох юм гэдэг таамаглал явж байна…

-Би хэлсэн, ярьсандаа байхыг эрхэмлэдэг. Намын нэр өөрчлөгдөж хоёр хэсэг хуваагдахад миний зүгээс энэ хагарал дээр тос нэмж, задалж бутлахгүй гэж хэлж байсан. Тэр байр суурь хэвээрээ. МАХН-д орох байсан бол аль эрт л шийдэх байсан болов уу. Харин МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид намаа улс төр, бизнесийн бүлэглэлээс салгаж чадахгүй юм байна гээд МАХН гэсэн нэрээ сэргээж, түүн дороо нэгдэх хөдөлгөөн гарч болохыг үгүйсгэхгүй байна. Яагаад гэвэл саяхан нэг судалгаан дээр МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид МАХН-ыг дэмжих хандлага ажиглагдсан юм билээ. Хүсэл эрмэлзлэл нь цөхрөөд ирэхээр хүн шинэ гарц хайдаг шүү дээ.

-Бие даагч гишүүн байх нь албан тушаалын бялуу хүртэхгүй, ашиггүй, нөлөөлөлгүй юм байна. Том намаа дагасан нь дээр гэдэг бодол танд төрдөг үү?

-Үгүй, тийм бодол огт байхгүй. Олон түмнийг төлөөлөх эрхийг авсан УИХ-ын гишүүн гэдэг асар том эрх мэдэл. Тэр тусмаа гурвын гурвуулаа байна гэдэг бүр ч хүчтэй. Үүнийг бид гурав харуулж чадсан гэж бодож байгаа. Үүнийг олон түмний дунд явуулсан судалгаануудаас харж болно. Анх удаа бие даагчид улс төрийн намуудыг давсан үнэлэмжийг олон түмнээс авлаа. Намуудын рейтинг 20 дотор байгаа бол бид гурвынх хорьдавчихсан яваа.

-Бие даагч гурван гишүүн зөвлөл байгуулсны үр дүн юун дээр илэрч байна вэ. Ер нь хүмүүс та нарыг популизм хийж байна гэдэг өнцгөөс шүүмжлэх нь бий…

-Өнөөдөр улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлийн гол буруутан бол улс төрийн зорилгоо биелүүлэх гэж хуурамч амлалт хийж ирсэн популист улстөрчдийн балаг шүү. Жишээлбэл, иргэн бүрт 1.5 сая төгрөг, хүүхэд бүрт мөнгө гээд баялгаас орж ирсэн хэдэн валютаа гадагш цацаж, валютын нөөцөө барж, ханш өсгөж энэ хямралыг чинь бий болгочихлоо. Хамгийн сүүлийн нэг жишээ татъя л даа. Бид хамтрахгүй хариуцлага тооцно, улс орноо зээл тавьж өрөнд оруулахгүй авч явна гээд л хашгираад байсан. Одоо Засгийн газарт орж хүслээ биелүүлсний дараа өр тавиад л гүйж байна. Энэ бол чиний ярьж буй популизм гэдэг байх. Ийм хүмүүс л биднийг ярихаар өөрсөд шигээ төсөөлж, бодсондоо тийм яриа гаргаад байгаа хэрэг. Бид тэднээс огт өөр, цаг хугацаа амьдрал харуулах биз дээ.

-Та Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байнгын хорооны дарга байсан. Тэр үедбие даагчид тодорхой эрх мэдэлтэй байсан байх шүү…

-Бие даагчид ч гэсэн сонгуульд мөрийн хөтөлбөртэй оролцдог. Тиймээс амлалтаа биелүүлэх талаас нь харснаа нуухгүй. Түүний үр дүнд тойрогтоо амласнаа бүрэн хийсэн. Ам, хуруугаа ч хөдөлгөөгүй зарим нэг гишүүн “энэ бол миний хийсэн ажил” гээд шүүрч яриад байхыг нь харвал үр дүн гарсан хэрэг л дээ. Нөгөө талаар төсвийн хяналтыг цөөнх болсон бие даагчид хариуцна гэдэг төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангаж, хяналт тавих талаасаа буруу зүйл биш.

Үүнийг бас бодолцсон. Би нэг жишээ татъя. Намайг байнгын хороог тэргүүлж байх үед манай УИХ дахь бизнесменүүд архи, спирт, тамхи, түлш шатахууны онцгой албан татварыг нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож төлдөг болох хуулийн төсөл оруулж ирэхэд би хоёр удаа буцаасан. Намайг ажлаа өгснөөс долоо хоногийн дараа энэ хууль орж ирээд батлагдсан. Иймэрхүү жишээ олон бий.

Мөн хямралаас гарах гарц бол бизнес эрхлэгчдээ дэмжих явдал гэж үзэж төсвөөс тэдэнд олгох санхүүжилтийг хасаж, танахыг хойш тавьж ажилласан. Төсвөөс тэдэнд олгосон санхүүжилт эргээд татвар болж ордог гэдэг талаас нь бодсон хэрэг. Бодлого хэрэгжүүлэх талаасаа эрх мэдэл байсан. Гэтэл одоогийн Засгийн газар тэдэнд олгох санхүүжилтийн талыг нь өгөхгүй гээд гүрийчихсэн. Одоо хар л даа, татварын орлогогүй, цалингаа ч тавьж чадахгүй дээрээ тулаад байна.

-Н.Алтанхуягийн Засгийн газар үнэхээр огцрох ёстой муу ажиллаж байсан юм уу. Та юу гэж боддог вэ?

-Сонгуулийн амлалт өгсөн намын даргаар нь зүтгүүлэх хэрэгтэй байсан байх. Одоо тэгээд дээрдсэн гэхээсээ улам дордож өр нэмэгдлээ.

-Өнөөдөр парламентад суудалтай бүх нам хамтарч засаг байгуулсны үр дүн гарч байгаа болов уу. Та юу гэж харж байна…

-Иргэд, бизнес эрхлэгчдийн амыг харахад үр дүн гарч байна, хамтарсан нь зөв гэж хэлж байгаа хүн алга. Албан тушаал хүртсэн нэг хэсэг нөхдийг эс тооцвол шүү дээ. “МАНАН-2”-ынсайн зүйл гэвэл энэ намуудын удирдлагууд олон түмэнд бүрэн танигдсан явдал юм.

-Энэ хамтралаас АН хожиж чадах болов уу?

-Ер нь тэгээд өрсөлдөгчдөө тал засч, ажлын байраар хангаж өөрсдийнхөө хүмүүсийг халж, хөөж гомдоосон, хагарсан нам сонгуульд амжилттай оролцдоггүй. Элэг бүтэн оролцбол адаглаад авах саналаа бүрэн бүтэн авч, амьтайгаа үлддэг. МАН яах гэж бусдын хариуцлагыг хамтарч хуваалцах гээд байгаа юм, чөтгөр бүү мэд. Албан тушаалын донтой хэсэг нь чирээд байгаа юм болов уу.

-Эдийн засгийн энэ хямралаас одоо яаж гарах уу. Танд ямар гарц харагдаж байна…

-Маш хүнд болсон. Хямралаас гаргана гэчихээд бүр дордуулчихлаа. Богино хугацаандаа бол татвар төлөгч, баялаг бүтээгч бизнесээ дэмжиж ажилтай, орлоготой байлгахыг зорих хэрэгтэй. Зээлээр ч болов дэмжээд, үр ашигтай зарцуулаад явах хэрэгтэй. Өмнө тэгж хэлэхээр улс орноо өрөнд унагалаа гээд байсан хүмүүс одоо “зээлээс өөр арга зам алга” гэж байгааг харахад инээдтэй, бас харамсалтай санагддаг. Урт хугацаандаа бол уул уурхайгаас орох эх үүсвэрээ био хүнс, мал аж ахуйн гаралтай экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд зарцуулах хэрэгтэй юм. Мах, сүү сүүн бүтээгдэхүүн, бяслаг, ноосоо боловсруулах гээд боломж маш их бий. Уругвай гэдэг гурван сая хүнтэй, 40 сая малтай улс мал аж ахуйгаа түшиглээд 55 тэрбум ам.доллар олж байна. Манайх яагаад 25 дахин бага хоёр тэрбум ам.доллар олж болдоггүй юм. Өөр нэг жишээ татъя. Герман улс манайхаас хоёр дахин их ой модтой. Түүнээсээ 281 тэрбум евро олдог. Бид тэгвэл түүнээс 280 дахин бага нэг тэрбум евро яагаад олж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл хувийн сонирхолтой улстөрчид төрөө муу жолоодож буйгаас тэр. Далайд гарцгүй гээд л өөрөө өөрсдөө зовлон бий болгож болохгүй. Бусад орны алс хол далайн чандаас зүтгэдэг хоёр том зах зээл хажууд байна. Гадагш гаргахад учирч буй хүндрэлээ аялал жуулчлалыг хөгжүүлж, харийнхныг эх нутагтаа авчирч байгаад байгалийн гаралтай хүнсээрээ хооллож газар дээрээ экспорт хийж болно. Бид хүсвэл иймэрхүү боломжууд манайд захаас аван бий. Мал аж ахуй бол манай үндэсний бизнес, бидний өрсөлдөж чадах зүйл, валютын дундаршгүй орлого, аюулгүй байдлын баталгаа юм.

-Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Ер нь бол хоёр толгой хөдөлж байгаа гэдгийг хэлье. Өнгөрсөн жил Хятадад гаргасан 14 сая тонн нүүрсний 4.8 сая тонныг нь “Эрдэнэс таван толгой” компани гаргаж Чалкод төлөх манай улсын эх орны хувь хишиг хүртээхэд авсан өрийг төлсөн. Бүр 20 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, манай эхний тавд багтах том компани болж хөгжиж. Нөгөө талаар, энэ компанид манай иргэдийн 1072 хувьцаа байгаа. Тиймээс тэдний өмнөөс, асуухгүйгээр шийдэх эрх бидэнд байхгүй. Энэ бол Эрдэс таван толгой ХК-г ард иргэдийн өмч болсон баялгаас нь салгаж болохгүй гэсэн үг юм. Энэ талаас нь харахад одоогийн орж ирсэн гэрээг дэмжих, батлах боломжгүй. Миний хувьд Эрдэс таван толгой компанийг гадны тэр хоёр компанид 49 хувиа эзэмшүүлээд хамтарч ажиллах нь зөв байх гэж бодож байна. “Энержи ресурс” компани олон бүтээн байгуулалт хийж хувийн хэвшлийг үлгэрлэж байгааг бодолцох ёстой. Энэ компанийг Монголын төр бас л хамгаалах үүрэгтэй. Тэдэнд тулгараад байгаа хүндрэлийг туулахад нь туслах ёстой. Таван толгойн асуудлыг компанийн хоорондын өрсөлдөөн зөрчил байдлаар харж шийдэж огт болохгүй. Таван толгойг ийм замаар шийдэх ёстой л гэж бодож байна.

-Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилтийн асуудлыг шийдсэн байна. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Оюу толгойн далд уурхай бол 5-7 жилийн дараа баригдаж дуусах бүтээн байгуулалт. Гэтэл одоо ингээд гарын үсэг зурснаар амьдрал сайжрах юм шиг л олон түмний тархийг угаагаад эхэллээ. Үнэндээ бол тийм зүйл гарахгүй. Тэгэхээр эргээд хэдэн сарын дараа амьдралын үнэнд гүйцэгдээд ирэхээр олон түмэн бүр ч илүү бухимдана. Ингэж ярьж гадны гар хөл болоод байгаа нөхдүүд цаашдаа яана гэж ийм зүйл хийгээд байгааг ойлгохгүй юм. Оюу толгой эхлэхэд ямар гоё зүйл ярьж байлаа. Өдөр тутам нэг сая ам.доллар алдаж байна. Өгөөжийн 53 хувийг хүртэнэ гээд л… Гэтэл тийм зүйл огт болоогүй. Харин С.Баярцогт, С.Баяр гэдэг хүмүүс улс төрийн тэтгэвэртээ гарсан. Одоо тэр л давтагдах байх. Яагаад гэвэл Оюу толгойн гэрээ сайжраагүй. Монголын талд харилцан үр ашигтай болоогүй байна. Баялгаас олсон мөнгө нь Монголоор дамждаггүй хэвээрээ байгаа. Нийт орлогынх нь 4-5 хувь л Монголдоо үлдэж байна. Үүнийг өөрчилж чадаагүй байхад их зүйл хүлээсний хэрэггүй юм. Түүнчлэн Оюу толгойн баялгийн орлогоо Монголын банкаар дамжуулаагүй цагт валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжихгүй нь тодорхой. Үүний үр дүнд өнөөдөр манай улс ачуулсан баялгаа тооцохоор дэлхийд хамгийн өндөр 7.8 хувийн өсөлттэй эдийн засагтай, гүнзгий хямарсан, өртэй улс болчихоод байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт гээд байгаа маань бас л зээл. Манай улсын гадаад өр энэ хэмжээгээр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, өр20 тэрбум ам.доллараас хол давна гэсэн үг юм. Гэтэл нөгөө Оюу толгойн хулгайгаа нуун дарах хар PR өмнөх шигээ л эхэлчихлээ. Гэхдээ цаг хугацаа энэ бүгдийн үнэн зөвийг урьдын адил шүүнэ. Тэр цагт энэ хэд маань нүүрээ хааш нь хийнэ дээ. Мөн л гадаадад хаус худалдан авч зугтах нүхээ ухсан ч байж мэднэ.

-Ерөнхий сайд олон зүйл дээр амжилттай тохиролцлоо. Тухайлбал, менежментийн зардал зургаан хувь байсныг гурав, нөөцийн төлбөрөө авах боллоо гээд байгаа…

-Менежментийн зардлыг нийт гаргасан зардлаас хувилж тооцож хүртдэг. Хэр их зардал гаргана удирдлага тэр хэмжээгээр өндөр ашиг хүртдэг буруу зарчим тэнд үйлчилж байгаа.Та бүхэн сайн ажиглавал бүтээн байгуулалтын хугацаанд гурван хувь байхаар тохирчихлоо гэсэн байгаа. Энэ нь тэр далд уурхайг барьж босгох 5-7 жилийн хугацаанд л гурван хувь байна гэсэн үг юм. Өмнө ч гэсэн эхний шатны бүтээн байгуулалтын үед гурван хувь л байсан. Яагаад гэвэл менежментийн зардлыг авахдаа компанийн гаргасан зардал дээр бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардлыг нэмсэн дүнгээс тооцож байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ гурван хувь нь зөвхөн зардлаас тооцож авдаг зургаан хувьтай дүнгээрээ дүйнэ гэсэн үг. Ингэж л гадныхантай нийлж манай хэсэг нөхөд биднийгээ молигодож байна. Нөөцийн татвар таван хувийг угаасаа тэд төлөх үүрэгтэй. Харин яагаад өнгөрсөн хугацаанд бүрэн төлүүлж авахгүй байсныг гайхаж байна. Бүхэл бүтэн тусгаар улс байж харийн нэг компанийн өмнө ингэж татвараа бүрэн авч чадахгүй арчаагүй байсан гэхэд итгэмээргүй. Манай Эрдэнэт болохоор 18 хувийн нөөцийн татварыг ямар ч хэл амгүй төлж байна. Гэтэл Оюу толгой таван хувийн нөөцийн төлбөрөө бүрэн төлөхгүй байсан гэхээр хэнтэй нөхөрлөсөн нь харагдаад байгаа юм биш үү.

-Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Л.Цог болон бие даагч гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөөд байна. Эдийн засаг хүнд ийм зүйл ярих цаг мөн болов уу?

-Үнэндээ бол ард иргэд, компаниудыг нь хямруулж, амьдрах гарц хайлгаж байгаад, шүүмжилсэн биднийг болохоор садаа болж байна гэж урьдын шигээ тархи угааж, дарамталж байгаад л үүнийг хийлээ. Тэнэгийн ухаан хойно гэдэг шиг бид тооцож, судлахгүйгээргорьдсон хандлагаар энэ том баялгийг харийн 14 банк, санхүүгийн байгууллагын мэдэлд өгүүлж боломгүй. Бид хоёр үндэслэлээр огцруулах асуудлыг хөндөж байгаа. Нэгдүгээрт, УИХ-аас Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж, чиглэл өгөхдөө нийт хөрөнгө оруулалтыг 5.1 тэрбум ам.доллар, түүн дотроо далд уурхайн бүтээн байгуулалтыг 1.5 тэрбум ам.доллар байна тооцож, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувийг 51 хүргэх тухай УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолыг гаргасан. Гэтэл энэ хөрөнгө оруулалтын баталгаажсан хэмжээг Ерөнхий сайд эрх мэдлээ хэтрүүлэн нэмэгдүүллээ гэж үзсэн. Ингэснээр УИХ-аар баталгаажсан манай ашиг хүртэх хугацаа хойшилсон. Олон асуудал урган гарч ирж байна. Хоёрдугаарт, Оюу толгойн бизнесийн үйл ажиллагаа эхэлснээс хойш энэ гэрээ харилцан үр ашиггүй байгаа нь амьдралаар нотлогдож, гэрээг сайжруулах асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, гэрээ харилцан үр ашиггүй байхад хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг шийдсэн нь буруу гэж үзсэн. Одоогоор огцруулах саналд 10 гаруй гишүүд нэгдээд байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн судалгааны багийн ахлагч, доктор Д.Булгамаа: Монголын бэлчээрийн доройтолд төрөөс одоо л анхаарахгүй бол оройтоно

Монголын нийт газар нутгийн 80 гаруй хувийг эзэлж буй бэлчээрийн өнөөдрийн төлөв байдал, зохист харьцаа ямар түвшинд байгаа вэ?

-Ер нь монголын нийт бэлчээрийн төлөв байдал сайнгүй байгаа гэдгийг хэлье. Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Ногоон алт” төсөл 2004 оноос эхэлсэн. 2000 оны зудны дараагаар хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр эхэлсэн төсөл юм.

Хүмүүс зуданд малаа олноор нь алдсан хүнд үе байсан. Тэр үед бэлчээр бол малчдын амьжиргааны гол үндэс юм байна, бэлчээрийн зохистой менежментийг бий болгохгүй бол малчдын амьдрал байнгын эрсдэлд байх юм байна гэж ойлгогдсон. Ийм л үндсэн дээр 2004 оноос “Ногоон алт” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Тухайн үед бид бэлчээрийн талхлагдлыг бууруулах, зохистой ашиглалтыг нэвтрүүлэхийн тулд юуны өмнө доройтсон бэлчээр гэж ямар бэлчээрийг хэлэх, доройтлын хэм хэмжээг хэрхэн тодорхойлох талаар нэгдсэн нэг ойлголтод хүрэх нь чухал гэж харсан. Ус, цаг уур, орчны хүрээлэн, Газрын харилцаа, геодиз зураг зүйн газар, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон бусад хандивлагчдын төслийн хүрээнд бэлчээрийн мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Бүгд өөр өөрийн арга зүйгээрээ тоон мэдээллүүд гаргаж ирдэгээс мэдээлэлүүд хоорондоо зөрдөг. Монголын нийт бэлчээрийн 70 хувь цөлжсөн гэж байхад, зарим нь 23 хувь нь л доройтсон гэх жишээтэй. Тэгэхээр энэ ойлголтын зөрүүг арилгах, нэг мөр болгохын тулд манай төсөл бэлчээрийн мониторингийн арга зүйг улсын хэмжээнд нэгдсэн нэг стандартад оруулах чиглэлээр Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтарч ажилласан. Энэ байгууллага бол улсын хэмжээнд багийн түвшний нийт 1550 цэгтэй бүтэц. Энэ сүлжээ нь өөрөө цаг уурын ажиглалт судалгааны зэрэгцээ бэлчээрийн мониторинг хийдэг суурь баазтай. 1550 цэг дээр нэг ижил цаг хугацаанд, нэг ижил арга зүйгээр мониторинг хийдэг гэсэн үг л дээ. Бид тухайн үед улсын хэмжээнд ашиглагдаж байсан мониторингийн арга зүй дээр суурилан богино хугацаанд аль болох цэгээс үнэмшил сайтай мэдээлэл цуглуулах боломжтой, хэрэглэхэд энгийн арга зүйг боловсруулсан. Шинэ арга зүйг бүс төлөөлсөн тодорхой тооны сумдад туршиж шалгасны үндсэн дээр 2011 онд улсын хэмжээний бэлчээрийн мониторингийн нэгдсэн арга зүй болон батлагдсан юм.

-Монгол улсын бэлчээрийн төлөв байдлын хяналт, үнэлгээний нэгдсэн нэг арга зүйтэй болсон гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Үндсэндээ арга зүй батлагдсан 2011 оноос хойш ус цаг уурын улсын сүлжээний1550 цэг дээр энэхүү нэгдсэн арга зүйг баримтлан бэлчээрийн мониторингийн мэдээлэл цуглуулж байна. Ус, цаг уур орчны хүрээлэнгийн дэргэд бүх аймаг, сум, багийн түвшний бэлчээрийн мониторингийн 4 жилийн мэдээлэл бүхий сан үүссэн. Энэ хугацаанд арга зүйгээ боловсронгуй болгох, шаардлагатай тоног төхөөрөмжөөр нь хангах, хүмүүсээ сургахад анхаарч ажиллаж ирсэн.

-Одоо тэгэхээр бэлчээрийн доройтол гэж яг юуг хэлээд байна, доройтлыг хэрхэн тогтоож байна. Бэлчээрийн доройтол, цөлжилт нь хоёр өөр ойлголт уу?

-Аливаа порцессын сайжирч, муужирч байгааг лавлагаатай харьцуулж байж хэлнэ. Жишээ нь цусны даралт ихссэн, багассаныг яг хэд байх ёстой вэ гэдэгтэй харьцуулж хэлдэг шиг яг монгол орны бэлчээрийн судалгаан дээр харьцуулах мэдээлэл маш хомс байгаа юм. Ер нь энэ бэлчээр сайн байхдаа ямар байх ёстой юм. Ямар бэлчээрийг соргог гэж хэлдэг юм гэсэн тийм харьцуулалтын лавлагаа түвшин мэдээлэл хомс байсан учраас өнгөрсөн хугацаанд тодорхой цаг хугацаан дахь өөрчлөлтийн хандлагыг л ярьж ирсэн. Тийм болохоор бидний сүүлийн хэдэн жил хийсэн гол ажил бол бэлчээрийн төлөв байдлын лавлагаа мэдээллийг боловсруулах байлаа. Монгол Улс байгалийн хэд хэдэн бүс бүслүүртэй. Эдгээр бүсүүд болон экологийн нөхцөл бүхэнд тохирсон лавлагаа мэдээллүүд байх ёстой. Энэ лавлагаа мэдээллүүдийг гаргахдааОлон улсад нэлээн өргөн хэрэглэгддэг бэлчээрийн экологийн чадавхид суурилах зарчмыг ашиглалаа. Өөрөөр хэлбэл, аливаа бэлчээр нь тухайн орчныхоо хөрс, уур амьсгалын нөхцөл, газрын гадаргын хэлбэрийн онцлогоос хамааран ашиглалтыг тэсвэрлэх, ашиглалтын дараа сэргэх чадавхиараа харилцан адилгүй байдаг. Энэ зарчим дээр үндэслэн Монгол орны бэлчээрийн экологийн чадавхийг тодорхойлох, чадавхиар нь ангилах судалгааны ажлыг сүүлийн 6 жилийн хугацаанд хийсэн. Энэ ажлын дүнд өнөөдөр бид монгол орны бэлчээрийн зонхилох төрлүүдийг экологийн чадавхиар нь 22 бүлэгт ангилж ангилал бүр дээр бэлчээрийн лавлагаа түвшинг, түүний зэрэгцээ ашиглалт болон уур амьсгалын хүчин зүйлсийн нөлөөгөөр цааш хэрхэн өөрчлөгдөж болох хувилбаруудыг загварчилж гаргасан.

-Үнэлгээ яаж гарч байгаа вэ?

-Бэлчээрийн мониторингийн 1450 цэгийн 2014 оны мэдээгээр нийт цэгийн 65 хувийн төлөөлөх бэлчээр нь унаган төрхөөсөө их бага тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж доройтсон дүн гарч байгаа.

-Тэгвэл монголын бэлчээр нутгийн үлдсэн 35 хувь нь байгалийнхаа төрхөөр байна гэсэн үг үү?

-Ерөнхийдөө боломжийн, байгалийнхаа төрхтэй ойролцоо түвшинд байна гэж ойлгож болно.

-Өөрчлөлт орсон 65 хувь дотроо бас ангилалт явагдсан байх?

-Өөрчлөлтөнд орсон 65 хувийг дотор нь сэргэх чадавхиар нь ангилаад үзэхэд бага зэрэг өөрчлөлтөнд орсон, гэхдээ байгалийнхаа унаган төлөв байдалтай ойролцоо түвшинд байгаа бэлчээр 18 хувь, ашиглалтын одоогийн хэлбэрийг нь өөрчлөөд ачааллыг нь зохицуулсан нөхцөлд3-5 жилийн дотор эргээд байгалийн төрхөндөө төлөв байдалд орчих боломжтой бэлчээр 25 хувь, ургамалжилтын бүтэц бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдсөн, эргээд байгалийн унаган төрхөнд төлөв байдалд ороход харьцангуй урт, 10 хүртэл жил шаардагдах бэлчээр 15 орчим хувийг эзэлж байна. . Харин үндсэн зүйл ургамал устаад хөрс нь элэгдэлд орсон, байгалийн аясаар сэргэх боломжгүй, үндсэндээцөлжсөн гэж хэлж болохоор хүнд хэлбэрт орсон нь 7-н хувийг эзэлж байгаа юм.

Энэ дүн нь үндсэндээ бэлчээрийн доройтол нэлээд өргөн хүрээнд илэрсэн, доройтлыг бууруулах, зохистой ашиглалтыг нэвтрүүлэх чиглэлээр анхаарах шаардлагатай байгааг, нөгөө талаас бэлчээрээ хадгалж авч үлдэх, сэргээж сайжруулах боломж байгааг харуулж байна. Бид өнөөдөр цаг алдалгүй арга хэмжээ авах юм бол бэлчээрээ энэ чигээр нь аваад үлдэх, цааш нь сайжруулах, бүр цаашилбал мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой аваад явах хэмжээнд байна.

-Энэ бүх бэлчээрийн доройтол өөрчлөлтөд хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйлс юу байна вэ. Бэлчээрийн буруу ашиглалт гэсэн ерөнхий ойлголтоос бүр тодорхой руу нь орж хэлэхэд шүү дээ?

-Бэлчээр яагаад доройтов, цөлжилт яагаад идэвхжээд байна гэхээр манайхны дийлэнх нь уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, бороо хур тунадас орохгүй байгаад гэж ярьдаг. Бидний хийсэн бэлчээрийн төлөв байдлын цэгэн зураглал дээрээс харахадтөвийн бүсэд л хамгийн их доройтол ажиглагдаж байна.

-Яг ямар аймгууд байна?

-Архангай, Булган, Төв, Дундговь, Сэлэнгэ. Ерөөсөө энэ аймгуудад л бэлчээрийн доройтол хамгийн хүндрэлтэй байгаа. Энэ бүс нутаг бол үндсэндээ манай улсын хамгийн үржил шимт хөрстэй, хамгийн бүтээмж өндөртэй бэлчээр байдаг. Аймгуудыг малын тооны нягтралаар нь ангилаад үзэхээр эдгээр аймгууд давхцаж байна. Гэтэл хамгийн ихээр цөлжиж доройтож байгаа хэмээн судалгааны зарим материалд тэмдэглэгдсэн Өмнөговь, Дорноговь гээд говийн бүсийн бэлчээрийн дийлэнх хувь байгалийнхаа төлөв байдлыг алдаагүй болох нь харагдаж байна, гагцхүү хур борооны нөлөөгөөр ургац нь ихээр хэлбэлздэг байна.

-Бидний ойлгож байгаагаас огт өөр юм. Урд талын аймгуудад цөлжилт, бэлчээрийн доройтол нүүрлэсэн гэж олон хүн үздэг шүү дээ?

-Урд талын бүс нутаг маань өөрөө уур амьсгалын нөлөө ихтэй, бороо орвол сайхан зун болдог, орохгүй бол юу ч байдаггүй.Өөрөөр хэлбэл бороо хур орохгүй, бэлчээрийн гарц муу бол хүн малгүй нүүгээд явчихна. Үүгээрээ байгалийн нөхцөл нь ашиглалтаа хязгаарлаад зохицуулаад байдаг , Говь цөлийн экосистем гэдэг бол өөрөө маш тэсвэртэй систем, олон сая жилийн турш цөлөөрөө л байсан, Тэгэхээр бидний санааг хамгийн их зовоож байгаа, бэлчээрийн талхлагдал доройтол улам эрчимжиж гүнзгийрэх эрсдэлтэй бүс нутаг бол хамгийн их хүн, мал цугларсан төвийн район л болж байна.

-Төвийн бүсдээ газрын гарц сайхан л байдаг шүү дээ?

-Үүнд л манайхан хууртаж болохгүй. Бороо хуртай сайхан зун болж байна гээд хэн хүнгүй ярьдаг. Яг очоод үзэхэд малд хамгийн идэмжтэй, хамгийн чухал зүйл ургамлууд алга болоод идэмжээр муу, доройтлыг илэрхийлэгч чанаргүй зүйл ургамлууд түрж орж ирсэн байгаа. Ургамал байна, ногоон байна гэж хараад байгаа болохоос биш угтаа төлөв байдал чанар гэдэг нь өөрчлөгдсөн. Үүнийг зарим судлаачид ногоон цөл ч гэж нэрлэх нь бий. Үүнийг малын тоотой харьцуулаад үзэхээр хамгийн мал ихтэй байгаа, даац нь хэтрэлттэй байгаа аймгуудад л доройтол нүүрэлчихсэн байна.

-Эндээс ямар дүгнэлт гарч байгаа вэ?

-Ер нь бол монгол орны бэлчээрийн доройтлыг бий болгоод байгаа гол хүчин зүйл нь малын тооны зохисгүй харьцаа, талхалт гэж үзэж байгаа юм.

-Олон мянган жилийн уламжлалт арга маллагаатай энэ их малыг одоо яах ёстой вэ. Өнөөх л ярьдаг эрчимжсэн мал аж ахуй руу орох уу?

-Бэлчээрийн төлөв байдал ийм л байгаа юм байна гэсэн судалгаа, тооцоо, мэдээллийг бид гаргаад ирлээ. Бидэнд боломж байна уу гэвэл байна. Хаана ямар хэмжээнд доройтоод байгааг гаргаад ирлээ. Дараагийн алхам бол орон нутагт бэлчээр зохион байгуулалтыг хийхдэээнэ мэдээллийг ашиглах хэрэгтэй. Энэ ажлын эхлэл болгож Газрын харилцаа, геодиз зураг зүйн газартай хамтран сумын түвшинд бэлчээр ашиглалтыг бэлчээрийн сэргэх чадавхид суурилан төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг бүс төлөөлсөн хэдэн сумдад нэвтрүүлж байна.Сумын газрын даамлууд бэлчээр зохион байгуулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг хянах ажлыг хариуцаж ажилладаг. Бид бэлчээрийн төлөв байдал, сэргэх чадавхийн мэдээллийг төлөвлөлтөндөө ашиглах хэрэгжүүлэх чиглэлээр тэр хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Энэ мэдээллийг ашигласнаар малчидад таны малаа бэлчээж байгаа энэ газар чинь ийм хэмжээгээр доройтолд орсон, тиймээста малын тоо толгойгоо тохируулах болоод бэлчээрээ сэлгэж ашиглах ийм ийм боломж байна гэсэн тухайн нөхцөл байдалд нь тохирсон илүү тодорхой зөвлөмж өгөхийн зэрэгцээ сумын бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг үүн дээр суурилах боломжтой болж байгаа юм. Орон нутагт ажиллаж байгаа газрын даамал болон бэлчээр хариуцсан мэргжилтнүүд ийм зөвлөгөөг өгөх дадал чадвартай байх шаардлага гарч ирж байна. Нөгөө нэг анхаарах асуудал бол бэлчээрийн даацыг хэрхэн тооцох асуудал юм. Бэлчээр гэдэг нь маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг том систем юм. Монголчууд бид бэлчээрийг малын тэжээл гэдэг утгаар л бодож хандаж ирсэн. Бусад үнэ цэнэ үнэлэмжийг төдийлөн тооцдоггүй. Гэтэл бэлчээр гэдэг чинь зөвхөн малын бэлчээр төдийгүй хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, усны горимыг барих, байгалийн тогтвортой байдлыг хангах, олон зүйл амьтдын амьдрах орчныг бүрдүүлэх гэхчилэн эко системийн олон үйлчлэлүүдийг өгдөг. Энэ бүгдийг манайхан ерөөсөө тооцодоггүй. Бэлчээрийн ургамлын ургацыг 100 хувь гэж үзэхэд ядаж түүний 50 хувийг байгальд нь үлдээх ёстой. Тэгж байж тэр ургамлууд эргэж ургана, хөрсөө хамгаална, хөрсний гүн дэх чийгийг барина. Гэтэл бид тэр ургацыг бараг нийтэд нь ашиглахаар төлөвлөж даац боддог. Тэгэхээр бидний санал болгож буй аргачлал бол даацыг ургамлын талыг үлдээгээд талыг нь ашиглах гэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд суурилж тооцох аргачлал. Энэ аргачлалаар бодоод үзэхээр манай малын тоо даацаасаа2-4 дахин хэтэрчихсэн. Энэ бүгдээс харахад малын тооны зохистой харьцааг бий болгохоос өөр арга байхгүй. Судалгаанаас харахад малынхаа тооны зохистой харьцааг барихгүйгээр бэлчээр ашиглалтын ямар ч арга хэмжээ аваад төдийлөн үр дүнд хүрэх боломжгүй юм.

-Монголын газар нутаг бол уужим дэлгэр, төвийн бүсдээ хүн малын нягтаршил их болчихож. Төрийн бодлогоор тарааж байршуулахаас эхлээд авах арга хэмжээ олон байх боломжтой харагдах юм. Малчин хүнийг шууд малаа цөөл гэж шахаж шаардах боломжгүй тийм нийгэмд бид амьдарч байгаа шүү дээ?

-Мэдээж тийм. Жишээ нь зүүн талын аймгууд, Дорнод гэхчлэн харьцангуй боломжийн байна. Тэнд бэлчээр их байна, мал нь цөөхөн байна. Байх ёстой хэмжээнээс доогуур, ашиглалт бага байгаа. Зарим аймгуудад усны байршил юм уу, бартаат газар нутгаасаа болоод бэлчээртээ хүрч ашиглаж чадахгүй байна. Тэнд нь усны эх үүсвэрийг бий болгоод, замыг нь засаад бэлчээрийг нь ашиглуулах гэх мэт боломжууд байгаа. Бидний судалгаагаар гарч ирсэн хамгийн тулгамдсан асуудал бол зуслангийн бэлчээр юм. Өвөлжөө, хаваржаа бол харьцангуй боломжтой. Зуслангийн бэлчээр нь бүх айл усаа дагадаг. Нэг гол юм уу, нуураа дагаад хэдэн зуун өрх айл, хэдэн мянган мал зайгүй багшран овоордог. Нааш цааш нь сэлгэх боломж алга. Монгол орон өргөн уудам, сэлгэх нүүх боломж гэж харж болно. Ерөнхий төлвөөрөө бол хэтрэлт бодитой бий болчихсон. Хуучин нийгэмд нийт малаа хонин толгойд шилжүүлэхэд 40 орчим саяад зохистой харьцаандаа барьдаг байсан. Өнөөдөр хонин толгойд шилжүүлэхэд 85 сая болчихоод байна. Энэ нь нэг талаас бид бэлчээр доройтлоо гэж яриад байгаа боловч нөгөө талаасаа бид малчдынхаа амьдралыг улам эмзэг болгоод байгаа юм. Бид бас зудын судалгааны зураглал гаргасан юм. 2000 оноос өмнөх зудын малын хорогдол харьцангуй бага. 2000 оноос хойшхи зудын хорогдол харьцангуй өндөр байх жишээтэй. Тэгэхээр малчдын амьдрал айхавтар эмзэг эрсдэлтэй болсон байгаа биз.

-Та бүхэн судалгаа тооцоог сайтар хийсэн нь ойлгогдож байна. Одоо тэгээд төрийн зохицуулалт л хэрэгтэй болсон юм байна шүү дээ?

-Малын тоо толгойн зохистой харьцаа гэхээр яах аргагүй төрөөс эрх зүйн томоохон зохицуулалт хэрэгтэй болж байгаа юм. Энэ юу байж болох вэ гэхээр бэлчээр ашиглуулах гэрээ. Яагаад гэвэл нийт бэлчээр төрийн өмч. Төрийн үнэгүй өмч дээр мал аж ахуйн үйлдвэрлэл явагдаж байна. Малчдыг өнөөдөр малчин гэхээсээ үйлдвэрлэгч менежер гэж харах ёстой. Тийм болохоор энэхүү бэлчээр ашиглуулах гэрээ нь нэг гарц байж болно. Үүнийг загвар байдлаар турших ажил хэд хэдэн төслийн хүрээнд хийгдсэн байдаг. Гэрээ бол нэг талаас малчны хариуцлагыг өндөржүүлж байгаа юм. Та үйлдвэрлэлээ тогтвортой байдалд нь барих ёстой. Тэрнээс нэг хэсэг газрыг талхалж хаячихаад нөгөө рүү нүүж болохгүй. Энэ бэлчээр нутаг бол малчин таны хэдэн үеэрээ үйлдвэрлэлээ явуулах талбар, эх үүсвэр гэдгийг баталгаажуулах ёстой. Нөгөө талаар өнөөдөр уул уурхайгаас эхлээд газар ашиглалтын хэлбэрүүд янз бүр болж байна. Нэг хэлбэрээс нөгөө рүү шилжиж байна. Малчдын санаа зовоодог нэг зүйл нь өглөө босоход өвөлжөөнийх нь дэргэд цооног ухсан, эсвэл хашаа барьсан байдаг. Тэгэхээр бэлчээр ашиглах гэрээ хуульчлагдвал газар бүхэн тодорхой цаг хугацаа бүхэнд эзэнтэй болох, эмх цэгцтэй болох тийм гарц байна гэж харж байгаа юм. Нөгөө нэг гарц гэвэл 85 сая малыг монголын бэлчээрийн даацад нь зохицуулна гэвэл малын тоог маш богино хугацаанд бууруулах шаардлага гарч байна. Ийм тохиолдолд зах зээлийнх нь нөхцлийг бий болгох хэрэгтэй. Манай зах зээл шингээхгүй учраас мэдээж гадаад зах зээлийг нээх хэрэгтэй. Энэ тохиолдолд ялангуяа малын эрүүл мэндийн асуудал энд хурцаар тавигдана. Нөгөө талаас малчидад малын тоогоо зохистой хэмжээнд барих, тооны хойноос хөөцөлдөхгүй аль болох малаа чанаржуулах эдийн засгийн хөшүүрэг, урамшууллын механизм үгүйлэгдэж байгаа юм. Энэ бүхэнд төрийн зохицуулалт, эрх зүйн зохицуулалт хийх тийм шатандаа л өнөөдөр ирчихээд байна.

-Монголын нийт газар нутгийн 8 хувийг эзэлдэг ойн санг хариуцсан Ойн газар гэсэн төрийн бүтэц байгаа. Тэгвэл 80 хувийг эзэлдэг бэлчээрийг хариуцсан төрийн бүтэц байдаггүй юм байна лээ. Тэгэхээр энэ бүх ажлыг төрийн зүгээс ямар байгууллага нь хариуцах ёстой вэ, төртэйгээ хэрхэн зохицож ажлыг явуулах вэ?

-Өнөөдөр яг тэр шатанд хүрсэн. Бэлчээрт хамаатай төр засгийн тогтолцоо ямар байна гэхээр Барилга, хот байгуулалтын яам бол бэлчээрийн төлөвлөлт хяналтыг хариуцадаг, БОНХАЖЯ нь бэлчээрийн бүх монитронг хамгаалах асуудлыг хариуцадаг, ХХААЯ бол хэрэглээ ашиглалтыг нь хариуцадаг юм. Ийм гурван яамны дунд явж байгаа. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд орон нутаг бүрт бэлчээр хариуцсан нэг мэргэжилтэн байгаа. Ийм л бүтэцтэй байгаа. Төрөөс малын талаар, малчдын талаар бодлого боловсруулдаг. Одоо бүгдийнх нь үндэс болсон бэлчээр дээр цогц бодлого, зохицуулалт хэрэгтэй байгаа юм.

-Удахгүй төрийн ордонд Монголын бэлчээрийн төлөв байдлын талаарх томоохон зөвлөгөөн болох гэж байна. Энэ зөвлөгөөний онцлог, ач холбогдол юу байна, та бүхэн энэ зөвлөгөөнөөс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэ зөвлөгөөнөөр Монголын ногоон хөрөнгө болсон бэлчээрийн тооллогын дүнг танилцуулна. Өнөөдөр бэлчээрийн доройтол ийм түвшинд хүрсэн байна, анхаарах цаг нь ирсэн, гэхдээ бидэнд боломж байна. Цаг алдахгүй зөв арга хэмжээ авах цаг нь болжээ. Цаг алдах юм бол магадгүй 10 жилийн дараа бүх зүйл оройтсон байна. Бусад хөгжсөн орон шиг манайх техникийн аргаар үр цацаад ургуулчих хэмжээний тийм эдийн засгийн болоод экологийн чадамжаар хомс, тэгэхээр одоо бүх зүйл өнгөрчихөөгүй байгаа дээрээ барьж авч арга хэмжээг бүх талаасаа авч хэрэгжүүлэхгүй болохгүй болжээ гэдгээ ярина. Цаашид энэ салбарыг зөв авч явахын тулд яах аргагүй төрийн зохицуулалт, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай, бодлого зохицуулалтыг ургашлуулах хэрэгтэй байна гэдгээ ярилцаж шийднэ. Энэ зөвлөгөөн асуудал ярих биш гарц шийдлийг л ярьж шийдсэн зөвлөгөөн болно байх. Энэ зөвлөгөөнд төрийн холбогдох бүх байгууллагын төлөөллүүд, УИХ-ын ХХААБ-ын хороо, Өргөдлийн байнгын хороо, манай “Ногоон алт” төслийн хамтарч ажилладаг байгууллагууд, төсөл хэрэгждэг баруун долоон аймгаас сонгогдсон гишүүд, орон нутгийн төлөөлөл оролцоно. Тэр бүх төрийн төлөөллүүдэд бид мэдээллээ өгнө, түүнийг төрийн бодлогодоо авч хэрэгжүүлэнэ гэдэгт итгэж найдаж байгаа. Ер нь бол малчид төрийн зохицуулалтыг л хүлээж байгаа. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Ногоон алт” төслийн хүрээнд нэлээд хөрөнгө хүч зарсан нарийн судалгаа хийж үр дүнгээ Засгийн газарт тайлагнаж байна. Одоо төслийн үр дүнг бүх шатандаа ажил болгох л үлдлээ.

П.ХАШЧУЛУУН