Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон хоёр хүүхдийг олоогүй байна

Баян-Өлгий аймгийн төвд хоёр хүүхэд усанд осолдсон. Тэд энэ сарын 17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 автомашин, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 10 автомашин, нийт 46 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгааг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгжүүдийн тохижилтыг 14 хоног тутам шалгана

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзолт уралдааны хүрээнд нийслэлийн хэмжээнд байгуулагдсан 51 ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдийн цэвэрлэгээ тохижилтод хяналт тавьж эхэллээ. Эхний ээлжинд аж ахуйн нэгжүүдэд тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээгээ сайжруулах хугацаат үүрэг өгч, хэрэгжилтийг 14 хоног тутам шалгаж тохижилтыг нь үнэлсэн наалт нааж байгаа юм. Эхний ээлжийн хангалттай гэсэн үнэлгээ бүхий наалтыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны “Туул” сууц өмчлөгчдийн холбоо, Баянгол дүүргийн 12 дугаар хороо авав. Тус газрууд тохижилтоо сайжруулж өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж иргэдтэйгээ хамтран ногоон байгууламжаа нэмэгдүүлэн орчноо тохижуулж байна.

Хангалттай гэсэн үнэлгээ бүхий наалт нь Баярлалаа гэсэн бичигтэй инээмсэглэж буй хүний дүрс бүхий тохижилт сайтай цэмцгэр байгууллага гэсэн тодотголтой юм.

Харин Хан-Уул дүүргийн Хаан банкны Жаргалан салбар гадна орчноо цэвэрлээгүй, үүдний довжооны наалт нь ховхорсон, байшингийн нь эргэн тойрон угаагаагүй, бэлэн мөнгөний машины гадна дотор тал үзэмжгүй, шаардлага тавьсан ажлын хэсгийнхэнийг эсэргүүцэж зохисгүй авир гаргасан тул хангалтгүй үнэлгээ авсан. Хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүдэд “гахай”-ны дүрс бүхий тохижилт муутай бохир байгууллага гэсэн наалт наасан. Мөн Хан – Уул дүүргийн 2 дугаар хороо “Цайны зам трейд”-ын дэлгүүр, караоке, ресторан цэвэрлэгээ муутай байсан тул хангалтгүй гэсэн үнэлгээ авлаа. Хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүд орчноо цэвэрлэж гаргасан зөрчлөө арилгасан тохиолдолд хангалттай гэсэн үнэлгээ авах боломжтой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хамарын хийд хамгаалалттай боллоо

Монголдоо төдийгүй дэлхийд ховор гэж гайхагддаг энергийн төв Хамарын хийд, Хан Баянзүрх хайрханы орчмын газар нутгийг хамгаалж, цогцолбор болгон хөгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилгоор Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг захирамж гаргаж, Хамарын хийд орчмын хамгаалалтын захиргаа байгуулагдлаа.

Уг захиргааны зардлыг аялал жуулчлалын орлогоос санхүүжүүлэн, ус цахилгаан хангамж, хог, тээвэр зэрэг үйлчилгээг холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хамгаалалтын захиргаа нь дарга, ахлах ажилтан, хоёр мэргэжилтэн, нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтан, үйлчлэгч, нярав, гурван байгаль хамгаалагч, хоёр идэвхитэн байгаль хамгаалагч, жолооч гэсэн орон тоотой ажиллана.

Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе ярилцлага

Б.Мөнхдорж: Дэлхийтэй эн зэрэгцэж явъя гэвэл ганц хүний жүжигтэй хамгийн их ажиллах хэрэгтэй

Драмын урлагийн “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслол өнгөрсөн бямба гаригт боллоо. Уг наадамд нэр дэвшсэн, шалгарсан бүтээлүүдийн талаар найруулагч Б.Мөнхдоржийн байр суурийг сонирхлоо.

-“Гэгээн Муза” наадмын хөгжимт жүжгийн төрөлд Ховд аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа таны найруулан тавьсан “Галдан бошигт хаан” жүжиг гран при шагналыг хүртлээ. Энэ нь өнгөрсөн жилийн томоохон бүтээл байсныг үзэгчид мэдэж байгаа байх. Хөгжимт жүжгийн төрөлд өрсөлдсөн бусад жүжгийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Хөгжимт жүжгийн төрөлд дөрвөн жүжиг оролцсон. Драмын театрт манай Ч.Найдандоржийн тавьсан “Чөлөөт хос”, Өвөр Монголын “Хар торгон хамжаар”, Буриадын театрын авчирсан хэлмэгдлийн сэдэвтэй жүжиг ийм дөрвөн бүтээл орж ирсэн. Буриадын театрын тэр жүжиг бол их сайн жүжиг байна лээ. Ер нь бүгдээрээ сонирхолтой жүжгүүд байсан. Манай Ц.Баясгалан Драмын театрын “Чөлөөт хос” жүжгийнхээ дүрээрээ шилдэг жүжигчний шагналыг нь авлаа. Авахаас аргагүй сайн тоглож байсан. Үнэхээр тэр бол их нямбай хийгдсэн жүжиг байхгүй юу. Маш нямбай, маш их номын дагуу их тийм цэгцтэй хийсэн жүжиг байсан. Тэнд хөгжмийн зохиолч нь жааз ансамблийг хэрхэн бий болгож байгаа, орчин ахуйг нь жааз хэлбэрээр яаж гаргах вэ гэхчлэн бүх юмнуудыг бодож гаргасан бүтээл байна лээ. Өвөр Монголын “Хар торгон хамжаар” бол сайхан дуулалт жүжиг. Ардынхаа дуугаар жүжгээ задлаад дууныхаа бадгуудаас санаа аваад сюжетээ зохиомжилсон юм байна гэж харагдсан. Гагцхүү яг жүжгийн зохиол нь мөн үү үгүй гэдэг дээр бол би дотроо бодож л байсан. Үйл явдлын өрнөл нь хаашаа юм, зөрчил нь яах юм гэдэг зарим юмнууд нь бас бүдэг юм уу гэж бодогдсон.

-Ардын харилцаа дууны хэлбэрээс хальж гараагүй юм байх л даа, тийм ээ?

-Ер нь дуунуудаараа л голлоод явчихсан байсан. Дуунуудаараа голлочихоор бас гоё л юм байна лээ. Дуу, хөгжим, бүжиг нь их сайхан пластик харагдсан. Буриадын жүжиг бол хэлмэгдлийн тухай байсан. Тавилтын хувьд тэр бол нэлээн их орчин цагийн театрын болзолт, томъёоллын гэж ярьдаг тийм аргуудыг айхтар сайн хэрэглэсэн байна лээ. Тайзны шийдэл, өрөлт, тавилтын хувьд сонирхолтой харагдсан. Манай Ховдын театрын “Галдан бошигт хаан” жүжиг бол тэр чигээрээ амьд оркестртой. Ховдын театрын жараад уран бүтээлч бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон том жүжиг. Өнгөрсөн намар намайг Галдан бошигт хааны мэндэлсний ойгоор очиж ажиллахад байсан бүрэлдэхүүн тэр чигээрээ орж ирсэн. Хөгжим нь амьд. Удирдаачтайгаа, оркестртойгоо, дуучидтайгаа, бүжигчид, найрал дуучидтайгаа. Манай гавьяат жүжигчин А.Даваахүүгийн тавьсан бүжиг бол тэр жүжгийн хамаг л өнгө төрх, бүх юмыг бий болгож өгсөн. Энэ жүжиг маань гран при-г нь авлаа. Ховдын театрын уран бүтээлчдийн нэлээн томоохон үзүүлэлт юм гэж би ойлгож байгаа.

-Гадаадын оролцогчдоос та шинэ юм олж харах бололцоо байв уу. Харахаар юм хэр их байв?

-Харахаар юм зөндөө байна. Гадныхан ирэхдээ арга байхгүй, бүтэн оркестроо бариад ирэлтэй биш. Буриадын театрынжүжиг бол үзүүштэй жүжиг. Тавилт нь арай өөр. Сонирхолтой шийдлүүдтэй. Театрын метафорын арга гэж байдаг. Зүйрлэлийн арга юм даа. Тэрийг маш их томоор хэрэглэж гаргаж ирсэн юм билээ. Найруулагч нь шилдэг найруулагчийн шагнал авсан. Өвөр Монголын жүжгийн дуу хөгжмийн асуудал нь аятайхан байсан. “Улаан мөчир” чуулгын жүжигчид юм байна лээ.“Улаан мөчир” чинь эдний урдаа барьдаг, нүүр царай нь болсон гол том чуулга шүү дээ.Зураач нь шилдэг зураачийн шагналыг нь авсан. Манай зураач Энхтуяа шүүгчийн нэрэмжит шагнал, Сүхдорж зохиолч маань цомнолоороо шилдэг зохиолчийнх нь шагналыг авсан. Ховдын жүжиг зохиолч, хөгжмийн зохиолч, дуулалт жүжиг гэдэг гурван номинацийг нь авсан юм байна.

-Ховдын жүжиг сэдвээрээ бас их жин дарж байна л даа, тийм ээ?

-Жин дарсан асуудал бий. Яагаад гэвэл, Галдан хаан гэдэг чинь өөрөө Монголын эв нэгдлийн төлөө, монгол үндэстний төлөө байсан болохоор энэ бол зөвхөн Баруун Монголын асуудал биш шүү дээ. Монголын төрийн тухай, монгол төр манжид эзлэгдэхгүй гэсэн бодлогын үүднээс хандсан Галдан хааны тэр тэмцэл, үзэл санаа бол асар жинтэй. Түүнийг нь түүхийн эх сурвалжаас нь маш зөв олж авч, маш зөв гаргаж ирсэн учраас энэ жүжгийн цар хүрээ нь нэлээн өргөн юм. Галдан хааны тухай янз бүрийн ойлголтууд байдаг шүү дээ. Ийм нөхцөлд түүхэн эх сурвалжийг нь их зөв гаргаж ирсэн нь үнэ цэнтэй. Ерөөсөө монголчуудын эв нэгдлийн тухай хэлсэн жүжиг л дээ. Үндэстний эв нэгдлийн тухай хэлнэ гэдэг бол сэдвийн хувьд ч, үзэл санааны хувьд ч цар хүрээ нь өргөн юм байхгүй юу. Тэр нь ч бас нөлөөлсөн болов уу гэж бодож байгаа.

-Моно жүжгүүдийн тухайд та юу үзэж харав?

-Орж ирсэн бүх жүжгийг би үзээгүй. Гэхдээ моно жүжиг ер нь хэцүү шүү дээ. Жүжигчин дээр тулгуурлаж байдаг. Олон орны жүжигчдийг энд оруулж ирж үзүүлсэнд би их талархаж байгаа. Яагаад гэвэл, бидэнд сурах юм их байгаа. Жишээ нь, Польшийн жүжиг сонирхол татаж байлаа. Өвөр монголчуудын авчирсан жүжиг, манай Дарханы театрын Төмөрбатын авчирсан жүжиг бас л сонирхолтой харагдаж байсан. Манай СУИС-ийн багш Бат-Өлзийгийн найруулсан, Питер Турриний “Ашгүй бүх юм дууслаа” гэдэг жүжиг бол уг нь маш сонин шийдэлтэй жүжиг шүү дээ. Энэ мэтээр янз янзын театрын хэллэгүүд, янз янзын дүрслэлүүдийг барьж авч байгаа нь ололт гэж бодож байгаа. Моно жүжиг бол жүжигчнийг тодруулж гаргаж ирдгээрээ их онцгой. Үүгээрээ нэлээн том өрсөлдөөн болсон. Өрсөлдөөн болсны үр дүнд ч гэсэн авах ёстой шагналуудыг нь зөв өгсөн гэж харж байлаа. Би энэ жилийн шүүгчдийг маш их зөв онож шүүсэн гэж олзуурхсан. Жилийн жилд хүмүүс янз бүрээр ойлгодог л доо. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэгчлэн дүгнэлээ гэх юм энэ удаа байсангүй. Яг бодитоор харж гарцаагүй байх ёстой шалгуураар нь харсан шүүгч нарын шаардлага бол өндөр байсан.

-Моно жүжиг гэж туйлшраад байна уу,драмын жүжиг энэ жил орж ирсэнгүй гэхчлэн олон янзаар хүмүүс харж байна л даа. Моно жүжгийг энэ удаа онцолж байгаагийн шалтгаан нь юу юм бэ?

-Дэлхийд моно жүжгийн төрлийг бий болгосон асуудал нь жүжигчнийг нээх гэсэн асуудал л байхгүй юу. Жүжигчин өөрийгөө бүх талаар нээж байгаа. Тоглох бүх өнгө аясыг, хөгжимтэй дуу шумтайгаа өөрийгөө зохицуулж чадах, тэр жүжгийн бүх л орчныг өөртөө авчрах чадварыг нь нээж байдгаараа онцгой юм. Энэ төрөл манайд гарч ирж байгаа нь сайн хэрэг. Магадгүй хүмүүс туйлшраад явцуурч байна гэж үзэх талтай. Гэхдээ тэгж ойлгох нь дэмий. Дэлхийтэй эн зэрэгцэж явъя гэвэл харин ганц хүний жүжигтэй хамгийн их ажиллах хэрэгтэй. Ганц хүний жүжиг дээр ажилласан найруулагч, зураач, жүжигчид бол хамгийн олон талт, хамгийн өргөн цар хүрээг өөртөө бий болгож гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл, маш нарийн нягт ажиллагаа орно. Ур их нэхдэг төрөл. Жүжгийг тавихад ур гэж юм бий. Урыг хамгийн их бий болгож чадаж байгаа төрөл бол энэ моно жүжиг юм.

-Өнгөрсөн жил найруулагч нар драмын жүжиг огт хийгээгүй юм уу. Эсвэл Хүннү, Эзэнт гүрэн, төр гэх мэтээр түүхийн том орон зай руу нэг хэсэг хандчихаад эргээд мухардах хандлагатай болчихов уу. Драмын урлаг яг ямар нөхцөл байдалд байгааг та хэлээч?

-Драмын урлагийг мухардалд орчихлоо гэж үзэж ерөөсөө болохгүй. Бүх төрлүүдээрээ явах нь үнэн боловч үүн дээр эдийн засаг, улсын бодлого хоёр үгүйлэгдэж байгаа юм. Театр өөрийнхөө урын сан дотор бол жүжигчинд зориулж жүжиг гаргана, үзэгчид зориулж жүжиг хийнэ. Цар хүрээг нь том харах хэрэгтэй юм. Би тэр Брехтийн “Галилейн амьдрал” жүжгийг наян хэдэн онд яах гэж тавьсан бэ гэвэл, Ц.Гантөмөр гэдэг жүжигчнийг гаргаж ирэхийн тулд тавьсан юм. Нэг тийм үсэрсэн, хүнийг өөр ертөнц рүү аваачсан тийм алхам хийх хэрэгтэй байхгүй юу. Тэр алхмыг бол урын сангийн бодлогод барьж явах ёстой юм. Тэр бодлогыг дэмждэг санхүүжилт байх ёстой. Дээхнэ үед театр өөрөө уран бүтээлийн мөнгөтэй байсан болохоор зовлонгүй хийдэг байсан. Одоо бол тийм юм хийхийн тулд төсөл бичнэ хэдэн сар хөөцөлдөнө, батлах батлахгүйд хүрнэ, тэгсээр байтад жүжгийн зохиол чингь алга болоод хүлээгдчихдэг. Би гэхэд л жишээ нь, “Зуун жилийн ганцаардал” гэж ярьсаар байгаад бараг найман жил болж байна шүү дээ.

-Театр аль болох бүх төрлөөрөө дуугарч байгаасай л гэх гэсэн юм.Эсвэл дуулалт, эсвэл моно гэхчлэн хандлага, хэмжүүр, үнэлэмж явцуурах вий гэх болгоомжлол төрөх ньзайлшгүй л дээ?

-Үгүй. Энэ хэмжүүр рүү орно гэж байхгүй. Дуулалт жүжиг бол гарцаагүй хийгдэх ёстой. Энд чинь найрал дуу, гоцлол гэхчлэн бүх юм ордог болохоор драмын жүжигчний өөрийнх нь хөгжилд асар том хувь нэмэр болдог. Энэ жил драмын жүжгийн төрөлд өрсөлдөх театруудын бүтээл байгаагүй. Байхгүй болохоор ганцхан УДЭТ өөрсдийн жүжгийг оруулж болохгүй болчихож байгаа юм л даа. Орон нутагт драмын жүжиг тавигдаагүй.

-Долоон найруулагчийн бэсрэг жүжгүүдийн тухайд та юу хэлэх вэ?

-Тэр яах вэ. Энэ бол бидэнд олдсон боломж юм. Театр өөрөө орон зайн урлаг. Тэр орон зайд бид нар хэн ямар сэдвээр, ямар зохиолоор өөрийнхөө орон зайг тэнд тавьж өгч хүмүүст тэр жүжгийг хүргэхвэ гэсэн эрэл хайгуул, туршилтын алхам юм. Хамгийн сонирхолтой нь долоон өөр өнцгөөс харсан жүжгүүд орж ирсэн шүү дээ. Дандаа бэсрэг жүжгүүд. Гурван хүнтэй, хоёр хүнтэй, нэг хүнтэй, таван хүнтэй гэхчлэн. Гэхдээ хүнийхээ тоонд гол нь биш юм. Тэр талбарыг бид юугаар туршиж, юуг эрж хайж байна вэ гэдэг тэр эрэл хайгуулыг олоход, эрэл хайгуулаа үргэлжлүүлэхэд, шинийг санахад тус болсон алхам юм. Би бол тэр долоон жүжгийг ингэж үздэг.

-Тэр долоо тогтмол тоглуулаад явах жүжгүүд мөн үү?

-Тогтмол тоглуулах жүжгүүд биш гэж хэлэхгүй. Яг тогтмол тоглуулж болно. Гэхдээ бид үзэгчдээсээ түрүүлж явахаас биш дагаж явахгүй учраас зарим жүжиг нь нь хүлээж авахад бэлэн биш байж болох талтай. Миний хувьд тэгж харсан жүжгүүд бол бий. Жишээ нь, Н.Наранбаатарын тавьсан жүжиг бол нэлээн хүнд. Манайхан бас бэлэн юм хүлээж аваад байдаг, дандаа тийм байгаад байж бас болохгүй шүү дээ. Тийм учраас бид аль болох түрүүлж харуулахын тулд хийгээд байгаа эрэл хайгуулууд юм шүү дээ.

Н.Пагма

Categories
мэдээ нийгэм

Худагт ураг хаясан байжээ

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гандирсын хүүхдүүд” хүүхдийн цэцэрлэгийн хашаанд бохир усны шугамын худагт ураг байна гэсэн дуудлагыг 2015.05.26-ны өдрийн 00:06 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 3 орчим сартай ураг байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд нийцүүлж шүүх байгуулна гэв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өчигдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ. Одоо мөрдөж байгаа хууль нь Үндсэн хууль зөрчсөн гээд ирэх долдугаар сарын 1-нээс хүчингүй болгох тогтоолыг Үндсэн хуулийн цэц гаргасан билээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналыг боловсруулж, Засгийн газартай зөвшилцөн Ерөнхийлөгчид уламжилсан билээ. Хуулийн төслөөр шүүхүүдийг тоогоор дугаарлаж байсан нэршлийг өөрчилж, тухайн шүүхийн байрших газрын нэрээр нэрлэхээр тусгасан. Мөн давж заалдах шатны шүүх нь харьяалж буй бүх аймагт байрлан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзан аймаг бүрт шүүх хуралдаан хийх боломжтой болох аж. Энэ нь Энэ нь аймаг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэж байгаа юм. Үүнээс гадна сум дундын шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг нийт 21 аймаг, нийслэлд байгуулах аж.

Дүүргийн шүүхийг урьдынх шиг Баянзүрх дүүргийн, Чингэлтэй дүүргийн гэх мэтээр нэрлэхээр болжээ. Ингэснээр дүүрэг тус бүр харьяалах шүүхтэй болох гэнэ. Хууль батлагдсанаар шүүхийн тамгын газар шинээр нэмэгдэхгүй бөгөөд шүүхийн дэд бүтцэд өөрчлөлт орохгүй, шүүх, шүүгч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлтийг дахин хийхгүй, орон сууцаар нэмж хангах асуудал гарахгүй, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүйн зэрэгцээ их хэмжээний хөрөнгийн нэмэлт зардал гарахгүй байхаар боловсруулсан талаар Т.Мэндсайхан онцолоо.

Сум дундын шүүхийг дагнан байгуулахтай холбогдуулан 21 ерөнхий шүүгч, 15 шүүгч нэмэгдэнэ. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг Булган, Сэлэнгэ аймагт шинээр байгуулахтай холбогдон хоёр ерөнхий шүүгч, зургаан шүүгч тус тус нэмэгдэж байгаа боловч энэ нь УИХ-ын 2013 оны 12 дугаар тогтоол “Шүүгчийн орон тоог батлах тухай”-оор баталсан орон тооны хязгаарт багтаж байгаа аж. Давж заалдах шатны шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор шүүгч томилолтоор ажиллахтай холбогдон нэмэлт зардал гарах боловч эдгээр нь 2015 онд батлагдсан шүүхийн төсвийн хэмжээнд санхүүжигдэх боломжтой тул нэмэлт төсөв батлах шаардлагагүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хил орчим түймэртэй байна

Манай улсын хилийн хэсэгт түймэртэй байна. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн хэсгээр ОХУ-ын талаас тавдугаар сарын 23-ны өдөр хил даван орж ирсэн түймрийг хилчид орон нутгийн онцгой байдлын алба хаагчид болон ард иргэдийн хамт унтраахаар гурав дахь өдрөө ажиллаж байгаа аж. Цагааннуур сумын газар нутагт асч буй энэ түймрийг унтраахаар Баян-Уулын хилийн отрядоос 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүлэг морин уналгатайгаар ажиллаж байна. Харин өнгөрсөн долоо хоногийн байдлаар Хөвсгөлийн отрядын хилийн заставаас 36 км зайд гарсан түймрийг, мөн Балбираг нэртэй газар гарсан түймрийг хилчид өөрсдийн хүчээр унтраажээ. Булган аймгийн Тэшиг сумын хилийн хэсэгт буюу Хужирын баруун гол, Хөндлөн булаг нэртэй газар гарсан түймрийн хилчид онцгой байдлын алба хаагчид болоод орон нутгийн иргэдийн хүчээр унтраажээ.

Categories
мэдээ нийгэм

Залуу зохион бүтээгчид автомат роботоор өрсөлдлөө

Монгол Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Залуу Зохион Бүтээгч” уралдааны “Автомат Робот-2015” тэмцээн 2015.05.22-ны өдөр ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр техник, технологид сонирхолтой оюутан, сурагчдын дунд болж өндөрлөлөө. ШУТИС-ийн МХТС-ийн “High Tech” клубээс сургуулийнхаа оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг байсан уг шугам дагагч роботын тэмцээн жил ирэх тусам оролцогчдын хүрээгээ тэлсээр энэ жилээс эхлэн улсын хэмжээний уралдаан болж, Говьсүмбэр, Дархан-Уул, Төв, Өмнөговь аймгууд болон УБ хотоос ЕБС-ийн сурагчдын ангилалд 15 дунд сургуулийн 26 баг, оюутны ангилалд 9 их, дээд сургуулийн 28 баг, нийт 54 баг оролцлоо.

Шулуун болон тойрог зам, мөн хөл бөмбөг гэсэн гурван төрөлд өөрсдийн авъяас чадвар, роботуудынхаа хурд хүчийг сорихоор танхимыг дүүргэсэн хүүхэд залуус лего робот, өөрсдийн гараар бүтээсэн роботууд, мөн Лион робот зэрэг ялгаатай роботуудаар өрсөлдсөн ч хамгийн олон баг Лион робот авч иржээ. Уг Лион роботыг ШУТИС-ийн МХТС-ийн электроникийн багш нар зохион бүтээсэн ба уг уралдааны хүрээнд сургуулиудад тараан өгч, хэрхэн програмчлах сургалтуудыг зохион байгуулж, оролцогчдод ижил гарааны нөхцөл бүрдүүлэх оролдлого хийсэн нь энэ удаагийн тэмцээний онцлог гэж зохион байгуулагчид тайлбарлав.

Шулуун болон тойрог замын уралдаанд сурагч, оюутнууд өөрсдийн програмчилан бүтээсэн цагаан шугамыг гэрлэн мэдрэгчээр дагагч роботуудаар өрсөлдсөн бол робот хөлбөмбөгийн төрөлд тусгайлан зассан талбайд Лион роботуудыг гар утсан дээрээсээ удирдан өрсөлдөж байв. Энэ жил шинээр нэмэгдсэн хөлбөмбөгийн хэсгийг хамгийн олон хүн бүчин зогсох нь оролцогчдод хамгийн их таалагдсан хөгжилтэй, өрсөлдөөнтэй төрөл болохыг илтгэж байлаа.

Оюутны ангилалд

Шулуун замын төрөлд:

> Нэгдүгээр байр – ШУТИС- Үйлдвэрлэл, технологийн сургуулийн “ҮТС-2” баг

> Хоёрдугаар байр – Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийн “ОНЬС-1” баг

Тойрог замын төрөлд:

> Нэгдүгээр байр – ШУТИС- Эрчим хүчний сургуулийн “SKY LINE” баг

> Хоёрдугаар байр – ШУТИС- Үйлдвэрлэл, технологийн сургуулийн “ҮТС-1” баг


Сурагчдын ангилалд

Шулуун замын төрөлд:

> Нэгдүгээр байр – 75-р сургуулийн “ГАЛЗУУ ХУРД” баг

> Хоёрдугаар байр – Монгол Коосэн ахлах сургуулийн “МӨРӨӨДЛИЙН БАГ” баг

Тойрог замын төрөлд:

> Нэгдүгээр байр – Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийн “ЭЛЕКТРОН ЖААЛ” баг

> Хоёрдугаар байр – Улаанбаатар дунд сургуулийн “LION ROBO” баг

Хөлбөмбөгийн төрөлд:

> Нэгдүгээр байр – Шинэ үе дунд сургуулийн “ШИНЭ ҮЕ” баг

> Хоёрдугаар байр – Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн “MUSHI” баг

> Гуравдугаар байр – Сант дунд сургуулийн “Эм Би” баг

Роботын “Найдвартай ажиллагаа”-тай багаар оюутны ангилалд ШУТИС-ийн ХШУС-ийн “Electronic” баг, сурагчдын ангилалд УБ хотын 3-р дунд сургуулийн “Technology” багууд, “Шилдэг дизайн”-тай багаар оюутны ангилалд Говьсүмбэр аймгийн “Оньс-2” баг, сурагчдын ангилалд УБ хотын 1-р дунд сургуулийн “Liners” багууд тус тус шалгарлаа.

Шагнал гардуулах үеэр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хариуцсан проректор Ч.Баасандаш оролцогч хүүхэд залууст баяр хүргэн “Аливаа тэмцээн уралдааны гол утга учир нь оролцогчид туршлага солилцож улам илүү сайжрах явдал байдаг учир хоорондоо сайн танилцаж, туршлага солилцоорой” гэж уриалсан юм.

ШУТИС-ийн МХТС болон Нээлттэй Инновацийн Лабораториос хамтран зохион байгуулж буй, УИХ-ын даргын нэрэмжит “Залуу Зохион Бүтээгч” уралдаан Raspberry Pi болон бусад нээлттэй эхийн програм болон техник хангамжын төхөөрөмж дээр суурилсан “Техник Хангамж ба DIY” нэртэй бүтээлийн уралдаанаар үргэлжлэж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс Улиастайн гүүр орчимд түр хугацаагаар зам хаана

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам” /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ – ын барилгын ажлын хүрээнд төмөр замын 413-р км дахь гарам орчмын авто замын зорчих хэсэгт энэ сарын 26, 27-ны өдөр засварын ажил хийх тул дээрх хугацаанд тус замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье!

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчний шинж илэрвэл 100 руу залгаарай

Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакциныг хийлгээгүй болон бүрэн тунг аваагүй хэн ч өвдөх эрсдэлтэй. Улаанбурхан өвчний үед халуурах, биеэр тууралт гарах, ханиах, нүд улайх зэрэг шинжүүд илэрнэ.
Нийслэлд 2015 оны 03 дугаар сарын 18 – ны өдөр улаанбурхан өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 15 – ны байдлаар 5510 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн үед залуучуудын дунд улаанбурхан өвчнөөр өвдөх явдал нэмэгдсээр байна.
Улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаатай холбогдуулан халдвараас сэргийлэх зорилгоор албан байгууллага, иргэдэд дараахь зөвлөмжийг өгч байна. Үүнд:

1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах 6 дугаар сарын 1-нд хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх

2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх

3. Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх

4. 6 сараас 5 насны хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах

5. Оюутан, сурагчид баар цэнгээний газраар аль болох үйлчлүүлэхгүй байх

Хэрэв таньд улаанбурхан өвчний сэжигтэй шинж илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсаар дуудлага өгөх, харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандана уу.