Categories
мэдээ нийгэм

Эко жаал өнөөдрөөс мод тарьж эхэлнэ

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын дэмжлэгээр “Эко жаал” гэр хороололдоо Сэлбэ голын дагуу жижигхэн хүүхдийн тоглоомын талбайг байгуулахаар болжээ.

2015 оны 2 дугаар сард “Эко жаал”-ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хүлээн авч уулзсан билээ. Нийслэлийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тойруулж мод тарих хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Энэхүү санаачлагыг сайд Д.Оюунхорол дэмжиж хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэний дагуу “Эко жаал”-ын боловсруулсан төслийг дэмжсэн нь өнөөдөр ажил хэрэг болон эхэлж байна.

Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу 336м2 бүхий талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах бөгөөд талбайгаа тойруулж хайлаас, бургас, агч, голт бор зэрэг моддыг тарина. Хүүхдийн тоглоомын талбайдаа сандал, саравч, савлуур, хогийн сав, самбар зэргийг байрлуулна.

“Эко жаал” маань ирэх есдүгээр сард байгуулсан хүүхдийн тоглоомын талбайгаа хүлээлгэн өгөх юм байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Сэлбэ голын дагуу 2015 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 15.00 цагт Эко жаал модоо тарьж эхлэхээр болжээ.

Categories
мэдээ спорт

Дорнод бүсийн аварга “Кливленд Кавальерс”

Огайо мужийн Кливленд хотын “Кливленд Кавальерс” баг “АтлантаХоукс”-ыг дөрөв дараалан хожиж 2007 оноос хойш авч үзээгүй байсан Дорнод бүсийн аварга хэмээх цолыг хүртлээ. Эдгээр багуудын сүүлчийн тоглолт 118: 88 гэсэн тооны харьцаатайгаар өндөрлөсөн бөгөөд Кливлендийн “моринцэргүүд” зургадугаар сарын дөрвөн хүртэл “амрах” эрхтэй боллоо. Тэд тэр өдрөөс эхлэн Өрнөд бүсийн аварга болоход “ганц алхам” дутуу байгаа “ГолденСтэйт”-тэй Лигийн аваргын төлөө тоглох болно.

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Сэжигтнийг Хөтөл тосгоноос баривчилжээ

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоноос цогцос олдсон талаар хэвлэлүүд мэдээлсэн. Цагдаагийн байгууллагийн мэдээлснээр талийгаачийн хүзүүг нь хоёр удаа хурц иртэй зүйлээр зүссэн байсан гэнэ. Хэргийн газар дээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяраар ахлуулсан шуурхай ажлын хэсэг ажиллаж, сэжигтнүүдийг өчигдөр 14 цагийн орчимд илрүүлсэн байна. Сэжигтнийг Хөтөл тосгоны Овоотоос баривчилсан аж. Сэжигтэн Б, талийгаач Н нарт хийсэн үзлэгээр аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Урьдчилсан байдлаар хэргийг өш хонзонгийн сэдэлтээр үйлдсэн байж болзошгүй гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Алт олборлогчдын зээлийн эрсдлийг Хөгжлийн банк хүлээнэ

Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хөгжлийн банк алт олборлогчдод зориулан баталгаа гаргаж өгөхөөр болжээ. Үүнд тохирох санхүүжилтийг Монголбанк арилжааны банкуудад олгохоор болсон байна. Хөгжлийн банк шаардлага хангаж буй компаниудын нийт олборлохоор төлөвлөсөн алтны 30 хүртэлх хувьд баталгаа гаргах юм байна. Засгийн газар алтны олборлолтыг дэмжих хүрээнд сайдуудаар ахлуулсан ажлын хэсэг гаргаад байгаа аж. Ажлын хэсэг Монголбанк, Хөгжлийн банк болон олборлогчидтой хэлэлцсэний дүнд зээлийн эрсдлийг Хөгжлийн банк хамтран хүлээхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 06 дугаар сарын 01-ний өдөр төв талбайд соёл урлагийн болон худалдаа үйлчилгээний төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл баярын үеэр гарч болзошгүй элдэв осол аваараас сэргийлэх, иргэдийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар холбогдох албаныханд үүрэг өглөө. Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Соёл амралтын хүрээлэн, дүүрэг, хороодод зохион байгуулах баярын нэгдсэн арга хэмжээ, өдөрлөгт худалдаа, үйлчилгээний чиглэлээр оролцож байгаа иргэн, аж ахуйн нэгжийн худалдан борлуулж буй барааны чанар, стандартад хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, аюулгүй байдлыг ханган байцаагч томилон ажиллуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст даалгав.

Мөн парад, урлаг соёлын арга хэмжээг дуу, дүрсний өндөр түвшинд төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг нийслэлийн Соёл урлагийн газарт, цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах, зам талбайн тохижилт, цэвэрлэгээг хариуцан ажиллахыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ногоон байгууламжид 5.8 тэрбум төгрөг зарцуулна

Улаанбаатар хот энэ жил ногоон байгууламжид нийт 5.8 тэрбум төгрөг төсөвлөөд байна. 2009 онд нэг тэрбум төгрөгийн анхны хөрөнгө оруулалтаар ажил нь эхэлсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 1280 га талбайг хамрах төлөвлөгөөтэй байгаа аж. 2020 он гэхэд ашиглалтад орох 960 га талбайн 90 хувь нь ногоон байгууламж байх тооцоо гарчээ.

Categories
мэдээ спорт

Н.Мөнхчимэг: Озон эмчилгээ тархины даралтаас сэргийлж чадна

-АРЬСНЫ ӨВЧИН, ЧИХРИЙН ШИЖИН, ЗҮРХ СУДАС, ЭМЭГТЭЙЧҮҮД, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧЛӨЛ, СУДАСНЫ НАРИЙСАЛ, ХОРДЛОГО, ХҮЗҮҮ НУРУУНЫ СУУЛТ, ОСТЕОХОНДРОЗ, ЯС УРГАЛТ ЗЭРГИЙГ ЭМЧИЛЖ, ДАРХЛАА САЙЖРУУЛДАГ –

“Чин ачлал” эмнэлгийн их эмч, Анагаах ухааны доктор Н.Мөнхчимэгтэй ярилцлаа. Тус эмнэлэг нь уламжлалт, сэргээн засах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Чин ачлал” эмнэлэг озон эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн бөгөөд үр дүн сайтай байгаа аж.

-Хүчилтөрөгчийн дутагдалд орсноо яаж мэдэх боломжтой вэ. Ямар шинж тэмдэг илэрдэг бол. Заавал шинжилгээгээр хүчилтөрөгчийн дутагдлыг тодорхойлдог уу?

-Цусны шинжилгээгээр хүчилтөрөгчийн дутагдлыг тодорхойлж болно. Хамгийн энгийнээр тодорхойлох арга нь тухайн хүнд илэрч байгаа шинж тэмдэг юм. Амьсгал дутуу авагдаж байгаа мэт санагдах, шатаар өгсөхөд амьсгаадах, хүйтэнд мэдрэг болох, амархан даарах, дасгал хөдөлгөөн хийхэд ачаалал авч чадахгүй байх зэрэг нь хүчилтөрөгч дутагдлын гол шинжүүд юм.

-Хүчилтөрөгч дутагдлын гол шалтгаан юу вэ?

-Агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаагаас шалтгаалдаг. Хүчилтөрөгчийн дутагдал нь хотжилт болон агаарын бохирдолтой холбогдон үүсч байгаа. Мөн жирэмсний болон бусад хордлого, халдвар, нойргүйдэл, тэжээлийн дутагдал, бодисын солилцооны хямрал, гормоны өөрчлөлт, тамхи татах, стрессдэх зэрэг нь хүнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг.

-Жирэмсэн эхчүүд хүчилтөрөгчийн дутагдалд орох нь их болсон. Энэ нь эх, ураг хоёрт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Хүчилтөрөгч дутагдах нь эхэд өөрт нь хортойгоос гадна урагт мөн маш аюултай. Жирэмсэн эхийн хүчилтөрөгчийн дутагдал нь ургийн хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг гол шалтгаан юм. Ургийн гипокси буюу хүчилтөрөгчийн дутагдал нь төрөлхийн гажигтай төрөх эрсдэлийг ихэсгэдэг. Хүчилтөрөгчийн дутагдал нь төв мэдрэлийн системд хамгийн ихээр нөлөөлдөг тул мэдрэлийн эсийн гэмтэл буюу хүчилтөрөгчийн дутлаас үүссэн энцефалопати өвчнийг үүсгэдэг.

-Сүүлийн үед бүтэлтэй төрөх тохиолдол ихэссэн талаар эмч нар ярьдаг. Хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэснээр энэ эрсдлээс сэргийлж чадах уу?

-Ургийн цусанд болон тархинд хүчилтөрөгчийн дутмагшил үүссэнээс ургийн бүтэлт үүсдэг. Шалтгаан нь ихэс-ургийн, умай-ихэсийн цусны эргэлтэнд гэнэтийн болон жирэмсний хугацааны туршид өөрчлөлт үүссэнтэй холбоотой хүчилтөрөгчийн дутагдлаас болдог. Озон эмчилгээг хийлгэснээр энэ эрсдлээс бүрэн сэргийлж чадна.

-Озон эмчилгээ гэдгийг та энгийнээр тайлбарлаж өгөөч. Цусаар хүчилтөрөгч хийнэ гэсэн үг үү. Эх ураг хоёуланг нь хүчилтөрөгчөөр хангах уу?

-Цусаар озон эмчилгээг хийснээр эхийн цусан дах хүчилтөрөгчийн хэмжээ ихэсч, эхийн цусаар тэжээгдэж буй ургийн цусан хамгамж, хүчилтөрөгчийн хангамж сайжирдаг. Тэгэхээр энэ эмчилгээг хийлгэснээр эх, ураг хоёулаа хүчилтөрөгчөөр хангагдаж чадна гэсэн үг.

-Цэвэр агаарт гараад хүчилтөрөгчөө хангачихна гэж ярьдаг. Агаарт гараад хангалттай хэмжээний хүчилтөрөгч авах боломж байдаг уу?

-Боломж бий, гол нь бидний амьсгалж буй агаарт байгаа хүчилтөрөгчийн хэмжээ их байх тусам хүчилтөрөгчийн хэрэглээгээ хангаад байж чадна. Харин агаар дах хүчилтөрөгчийн хэмжээ тодорхой хэмжээнээс буурах болон агаарт хорт хий их байх тусам бид төдий чинээ эрсдэл орно гэсэн үг.

-Жирэмсэн эхчүүд эмзэг байдаг. Озон эмчилгээнд сөрөг заалт бий юү. Харшлах өвчин байдаг болов уу?

-Озон эмчилгээ маань бидний амьсгалж буй хүчилтөрөгчөөр л эмчилж байгаа учраас харшлах заалт гэж байхгүй. Жирэмсэн эхчүүд маань энэ эмчилгээнд орсноор ядарч сульдах нь багасна, хорлого тайлагдана, тонус багасна. Мөн цус багадалт эмчлэгддэг. Тиймээс жирэмсэн эхчүүдэд хамгийн хэрэгтэй эмчилгээнүүдийн нэг бол озон эмчилгээ.

-Жирэмсний хэдэн сартайгаас энэ эмчилгээг хийлгэх вэ. Мөн давтамж нь ямар байвал дээр бол?

-Жирэмсний эхэн үеэс л энэ эмчилгээнд орох нь ургийн хүчилтөрөгчийн дутмагшлаас сэргийлж чадах юм. Ямар нэгэн хордлого өгөөгүй, тонус өгөхгүй байгаа эх долоо хоногт нэг удаа ороход хангалттай. Харин жирэмсний эхэн болон хожуу үеийн хордлоготой, тонус их, ургийн хөдөлгөөн муу зэрэг зовиуртай эхчүүд долоо хоногт 2-3 удаа эмчилгээ хийлгэх шаардлагатай.

-Тархины даралттай, эсвэл саажилттай хүүхдүүдэд ийм эмчилгээ хийж болох уу?

-Ургийн хүчилтөрөгчийн дутагдал нь төв мэдрэлийн системд хамгийн ихээр нөлөөлдөг гэж дээр ярьсан шүү дээ. Хүчилтөрөгч дутагдахад мэдрэлийн эс хамгийн түрүүнд гэмтдэг. Энэ нь цаашлаад тархины усжилт, саажилт, тархины даралт, эпилепси (татаж унах өвчин), анхаарал алдагдалтай эсвэл хэт идэвхижилтийн эмгэг болон бусад олон өвчин эмгэгийг үүсгэдэг. Тэгэхээр озон эмчилгээнд орсноор тархины даралттай болон саажилттай хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлж чадна гэсэн үг. Мөн нэгэнт тархины даралттай, саажилттай болсон хүүхдэд ч энэ эмчилгээ сайн нөлөөтэй байдаг. Манайд озон эмчилгээ хийлгэдэг саажилттай хүүхдүүд олон бий. Үр дүн ч сайн байгаа. Хүүхдийн дархлаа болон хөдөлгөөн сайжирч, амьдралын идэвхи нэмэгддэг.

-Хүүхдэд хэдэн сартайгаас нь энэ эмчилгээг хийдэг вэ?

-Хүүхдэд эмчилгээнд орох насны доод хязгаар гэж байхгүй, ямарч өвчинг оношлоод аль болох түргэн эмчилгээ хийх нь өвчнийг бүрэн эдгээхэд төдий их тустай байдаг учраас онош тодорхой л бол хурдхан эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй.

-Озон эмчилгээг танайхаас өөр эмнэлэгт хийдэг үү. Энэ эмчилгээг хийж эхэлсэнээс хойш үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хэр байгаа бол?

-Монголд манай эмнэлэг л энэ эмчилгээг хийж байгаа. Үйлчлүүлэгчид маань сэтгэл маш өндөр байгаа. Эмчилгээндээ орох тусам нүүр царай нь сайхан шингэрч, бие хөнгөрөн их урамтай эмчилгээгээ хийлгэдэг.

-Ийм эмчилгээ олон улсад хэр элбэг байдаг бол. Тухайлбал, аль аль улсад ийм эмчилгээ хийдэг вэ?

-Озон эмчилгээ үүсээд 100 гаруй жил болсон байгаа. Энэ хугацаанд Герман, АНУ, Канад, Итали, Болгар, Унгар, ОХУ зэрэг дэлхийн маш олон оронд озоныг эмчилгээнд ашиглаж байна.

-Хүмүүс цус шүүх, шингэлэх эмчилгээтэй андуурах нь их байдаг. Ялгааг нь тайлбарлаж өгөөч?

-Озон (O3) нь хүний биед орж цустай холилдохоороо хүчилтөрөгч (O2), хүчилтөрөгчийн молекул (O)болж задардаг. Цусаар дамжсан хүчилтөрөгч бүх эд эрхтэнг хангадаг бол хүчилтөрөгчийн молекул нь биед байгаа бүх төрлийн нян, бактери, холестрол, глюкоз, үрэвслийг устгадаг. Биеийг хүчилтөрөгчөөр хангахаар бодисын солилцоо сайжран эд эсүүд нөхөн төлжиж, дархлаа сайжирдаг учраас бусад эмчилгээнээс давуу талтай юм.

-Ер нь ямар өвчин, зовиурын үед ийм эмчилгээ хийлгэх боломжтой вэ?

-Арьсны бүх төрлийн өвчин, батга, харшил, псириоз, чихрийн шижин­гийн хоёрдугаар хэлбэр болон зүрх судас, эмэгтэйчүүд, үе мөчний өвчин, судасны нарийсал, бүх төрлийн хордлого, хүзүү нурууны суулт, остеохондроз, яс ургалт зэргийг эмчилж, дархлаа сайжруулдаг.

Арьсны бүх төрлийн өвчний үед озоны эмчилгээг хэт ягаан туяатай хослуулж анагаадаг. Мөн уг эмчилгээ нь коллагений нөхөн төлжилтийг дэмждэг тул эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаарч залуужихын тулд хэрэглэдэг.

-Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл танай эмнэлгийн цахим хуудас, facebook хаягаар холбогдох боломжтой юу. Эмнэлгийн байршил, холбогдох утасны дугаараа хэлж өгөөч?

-Манайх Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хорооллын 10 дугаар байранд байрладаг. Нарийвчилсан мэдээлэл авахыг хүсвэл 347799 дугаарын утсаар болон www.facebook.com/chin-achlal.emneleg хаягаар холбогдох боломжтой.

Б.ЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Автобус баазынхан ажил хаяж, нийслэлийнхэнд чирэгдэл учруулав

Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн онд Автобус I, III болон Цахилгаан тээвэр нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг нэгтгэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулсан билээ. Өчигдөр зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчид ажил хаялаа. Тус компанийн удирдлага болон цагдаагийн байгууллагын зүгээс нийслэлийн 1.2 сая зорчигчийн эрх ашгийг хязгаарлахгүйн тулд тодорхой арга хэмжээ авч ажилласан юм. “Автобус 1”-ийн 120 авто­бус үйлчилгээнд гарах ёстойгоос 30 нь энэ өдөр ажиллалаа.Харин “Автобус-2”-ын ажилчдын тавин хувь нь ажилдаа гарав. “Автобус-3”-аас дөрвөн автобус үйл­чилгээнд гарсан. Эдгээр баазууд нийслэлийн 31 чиг­лэлд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарсаниргэднийлж таксидаж байгаа дүр төрхийг энэ өдөр хаанаас ч харж болохоор байв.

Автобусны жолооч, кондук­торууд ажил хаях бол­сон шалтгааныг нь сонирх­лоо. Тэд авто тээврийн салбарт дагаж мөрдөж буй тарифын хэлэлцээрийг өөрчлөх ёстой хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, Зам тээврийн яам, Монголын Авто­тээвэрчдийн нэгдсэн хол­боо /МАТНХ/, ҮЭ-ийн байгууллагуудын хооронд Авто тээврийн салбарт дагаж мөрдөгдөх хамтын, тарифын хэлэлцээрийг 2013 оны зурга­дугаар сард байгуулжээ. Хэлэл­цээрийг одоо дүгнэж, цаашид энэ хэвээр байх уу, үгүй юу гэдгийг шийдэх талаар ярилцах хүсэлтийг удаа дараа тавьсан ч хүсэл­тийг хүлээж аваагүй, холбогдох байгууллагын албан тушаалтнууд нь хариу өгөөгүй учраас ийнхүү ажил хаялт зарлаж байгаа аж.

Ажил хаялтад 1600 гаруй ажилтан оролцож байна.Тэд кондукторын нэг цагийн цалинг 4000, жолоочийнхыг 5500 төгрөг болгох буюу тарифаар цалин бодох шаардлага тавьж байгаа юм. Жолооч, кондукторууд тэдний шаардлагыг хүлээн авч хоёр тал тохиролцож чадвал ажилдаа гарна гэцгээж байлаа. Нийтийн тээврийнхэн өмнө нь ажил хаях үед олон нийт, ард иргэдийн төлөө ажлаа хийж байсан бол энэ удаа асуудлыг бүрэн шийдтэл ажилдаа гарахгүй гэж байв. Цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан ажилтнууд автобусны дугуйн дор орж хэвтэн, эсэргүүцэл илэрхийлж автобусаа үйлчилгээнд гаргахгүй гэж тэмцсэнээс ажилтнууд болон цагдаа нарын хооронд багагүй үймээн үүссэн юм. Биднийг хуучнаар “Автобус 1” дээр очиход ажилчид автобус гардаг хаалган дээр сууж эсэргүүцлээ илэрхийлж байв. Тэдний хүссэнээр цалинг нь тогтоовол ердөө нэг сарынх нь цалинг өгөх мөнгө байгаа гэсэн тайлбарыг автобусны компаниудын удирдлагууд онцолж байлаа.

Хийсэн ажлаа үнэн бодитоор үнэлүүлмээр байна

Биднийг “Автобус 1”-ийн хашаанд ороход ажилчид нь энд тэнд бөөгнөрөн зогсож байв. Тэд “Бид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна”, “Улсаас тогтоосон тарифт цалинг өгөхийг шаардан ажил хаялт зарласан шүү дээ” хэмээж байв.

Энэ үеэр ажил хаялтад оролцож байгаа кондуктор Б.Баярмаатай ярилцлаа.

-Та гар дээрээ хэдэн төгрөгийн цалин авч байна?

-Төлөвлөгөөт цаг буюу 170 цагаа хийвэл350 мянган төгрөгийн үндсэн цалин авна. 170 цагтаа хүрэхгүй бол цалингаа суутгуулаад бүрэн авч чаддаггүй. Биднийг хүмүүс сард сая төгрөгийн цалин авдаг гэж яриад байдаг ч бодит байдал дээр энэ нь худлаа. Энэ худлаа мэдээллээс болоод гэр бүл салах дээрээ ч тулж байна. Манай ажилчдын эхнэр, нөхөр нь чи сая гаргаж авдаг байж яагаад 200 мянган төгрөг авчирч өгч байгаа юм бэ гэж хардахасуудал хүртэл үүсч байна шүү дээ. Удирдлагуудын гаргасан төлөвлөгөөнд хүрэхийн тулд бид нормдоо хүрээгүй мөнгөө өөрсдийнхөө ээмэг, бөгжийг хүртэл ломбарданд тавьж байж хүргэдэг.

-Та нарын зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Тарифт цалин буюу нэг цагийг кондуктор 4000 төгрөг, жолооч 5500 төгрөгөөр цалингаа бодуулмаар байна. Энэ бол улсаас тогтоосон тариф шүү дээ. Бас удирдлагуудаа татан буулгахыг шаардаж байна. Удирдлагын зүгээс биднийг байнга норм үүргээ биелүүлсэнгүй гэж дарамталж цалинг минь бүтэн олгосонгүй удлаа. Норм гаргасных нь дагуу дутсан мөнгийг ньээмэг, бөгжөө ломбарданд тавиад өгчихөөр дараа сарднормоо дахиад нэмчихдэг. Тэгээд шинэ нормд хүрэхгүй болохоор цалин хасчихна. Бид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна шүү дээ. Ц.Одонтунгалаг болон тэднийг тойрон хүрээлэгчид болохоор өглөө ирээд л хийсэн ажилгүй тоглоом тоглоод суучихдаг. Тэгсэн хэрнээ биднээс илүү цалин авч байна. Гэтэл нэгтгэлийн бүх мөнгийг олж байгаа бид цалингаа авч чадахгүй байна.

Бид “Автобус 1”-ээс гараад “Автобус 3” компани дээр очиход бүх ажилчид нь суулт зарласан байлаа.“Автобус 3”-ын кондуктор Б.Долгор “Автобус 1”, “Автобус 3” цахилгаан тээвэр нэгдээд хуулийн дагуу ажил хаяж байна. Нэгдлийн захиргааны уян хатан байдал байхгүйгээс болж ямар ч шалтгаангүйгээр гурав, дөрвөн кондуктор ажлаас халагдсан. Хамгийн гол шалтгаан ньцалин хасагдсанаас болж бид ажлаа хаяж байна. Тэмцлийн үр дүн нааштай болох байх гэж найдаж байгаа. Нэгдэл болохоос өмнө 800 мянгааснэг сая хүртэл төгрөгийнцалин авдаг байсан. Одоо бодит амьдрал дээр 150 мянган төгрөг л авч байна. Үүнийг тайван байдлаар шийдүүлэх гэж зөндөө бичиг хүргүүлсэн. Бид бүгдээрээ л цалингийн зээлтэй байгаа. Зээлээ төлж чадахгүй байгаа учраас хувь хүнээс 10-20 хувийн хүүтэй мөнгө зээлж амьдарч байна. Биднийг ийм туйлдалд хүргэсэн учраас ажлаа хаяж байна” хэмээв.

Тарифынхэлэлцээрийг дагаж мөрдөх эсэхийг нийслэлийн удирдлагууд шийднэ гэв

Зорчигч тээврийн нэгтгэлийн гүйцэтгэх захирал Ц.Одонтунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай ажилчид цалингаа нэмэгдүүлэх гэж ажлаа хаячихаад байна. Та бүхэн үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Энэ удаагийн ажил хаялтын гол шалтгаан бол тарифт цалин олгох тухай яригдаж байгаа. Үүнд нэг цагийн жолоочийн 5000 төгрөг, кондукторын 4000 төгрөгөөр тооцно гэсэн байдаг. Шагналт цалин нэмэгдэнэ гээд бодохоор одоогийн авч байгаа цалингаас нэг дахин илүү цалин гарна гэсэн үг. Өнөөдөр шатахуун болон нийгмийн даатгалд өртэй байгаа компани үүнийг даахгүй гэдгийг Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлөөс ирсэн эдийн засагч, санхүүгийн хүн тооцсон байгаа. Энэ асуудлын хүрээнд 2013 онд Засгийн газар, яам, Нийслэл, ажил олгогчдын холбоо, Том оврын автобусны холбоод нэгдэн хэлэлцээр байгуулсан шүү дээ. 2013 онд байгуулсан тэр хэлэлцээрт нийслэлийг төлөөлж Нийслэлийн тээврийн газрын дарга Энх-Од орсон. Энэ тарифын хэлэлцээрийг байгуулсан талууд өнөөдөр тарифт цалин олгохын тулд үүргээ биелүүлж ажиллах ёстой. Гэтэл нийслэлийн хэмжээнд тарифт цалин өгч ажиллуул гэсэн чиг үүргийг бидний дээд байгууллага буюу Нийслэлийн санхүү эрхэлсэн орлогч дарга, Засаг даргаас ирээгүй байна. Манайх нийслэлийн өмчит үйлдвэрийн газар учраас төсөв захиран зарцуулах хэмжээ хязгаарыг нийслэлээс зааж өгдөг. Мөн үйл ажиллагааг гэрээгээр зааж өгдөг учраас бид тэр хүрээнд л ажиллана. Тарифт цалинг хэрэгжүүлэх эцсийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн санхүү эрхэлсэн орлогч дарга Н.Батаа нар гаргана.

-Жолооч, кондукторын үндсэн цалин, шагналт цалин нь хэдэн төгрөг байдаг вэ?

-Жолооч нарт сард нэг сая 170 мянга, кондукторуудад 700 орчим мянган төгрөгийн дундаж цалин өгч байгаа.

-Ажилчид одоо авч байгаа цалингаас тарифын цалинд шилжин ажиллавал хэдэн төгрөг шаардагдах бол?

-Манай нэгтгэлийн тооцсоноор тарифт цалин олговол одоо авч байгаа цалингаас буурч байгаа. Үйлдвэрчний эвлэлийн тооцсоноор одоо авч байгаагаасаа маш өндөр буюу нийт таван тэрбум төгрөг нэмж хэрэглэх шаардлагатай. Энэ бол боломжгүй. Өнгөрсөн хугацаанд Үйлдвэрчний эвлэлээс гаргасан үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлээч гэсэн саналыг бид хүлээн авч нэмэгдүүлсэн шүү дээ.Өдөрт 170 цагаар бодохоор 5000 гэдэг тоо850 мянган төгрөг болж өсч байгаа. Тэрнээс нийгмийн даатгалбодохоор 650 мянган төгрөг өгнө гэж үзэж байгаа. Гэтэл манайх өрөө өөрсдийгөө санхүүжүүлдэг аж ахуйн, нэгж.Тодорхой төлөвлөгөө өгч,тэрэнд нь хүрсний эцэст лажилчдын цалингаа өгч, бензин шатахуунаас эхлээд бусад зардлаа зохицуулдаг. Энэ тарифын цалингаар боладилхан найман цаг ажиллаж байгаа хүмүүсийн нэг нь 100 мянган төгрөг, нөгөө нь нэг сая төгрөг хийсэн ялгаагүй850 мянган төгрөг авна гэсэн үг. Энэ чинь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг байгууллагын механизм биш. Орлого олж байж зарлагаа нөхдөг компанид тогтмол цалин гэж байх ёсгүй.

-Нийтийн тээврийнхэн ажил хаяснаар нийслэлчүүдийн эрхашиг хөндөгдөж байна. Үүнд хэн хариуцлага хүлээх юм бэ?

-Хөдөлмөрийн хуулиар ажил хаях асуудлыг зохицуулсан байдаг. Улсын онцгой салбарууд буюу дулааны цахилгаан станц, нийтийн тээвэр гэсэн обьектуудад ажил хаялт хийхийг хориглоно гэсэн заалт байдаг. Гэхдээ ажил хаялтын хувьд шаардлага нь тодорхой байх ёстой. Энэ удаагийн ажил хаялтыг манай байгууллагаас зохион байгуулаагүй. Манай байгууллагын ажилчид дэмжиж оролцож байгаа. Ажил хаялт хийхээр хамтын маргаан үүсгэсэн тал маань Газрын тосны үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл. Энэ байгууллага маргааныхаа хэрэгжилтэд дэмжлэг авахын тулд харьяа салбар автобус баазуудыг үүнд оролцуулж байгаа. Асуудлыг шийдэх олон гарц байхад ажил хаяж шийдэж байгаа нь нэг талаас шантаажилсан байдал харагдаж байна. Өмнө нь манайх гурав хоног ажил хаясан. Тухайн үед ямар ч шийдвэр гараагүй. Манай байгууллага 300-аад сая төгрөгийн хохирол амсаад өнгөрсөн. Тэр төлбөрийг хэн ч төлөөгүй.

-Одоо ажилдаа гаръя гэсэн жолооч, кондуктор байна уу?

-70 гаруй жолооч ажилдаа гарах гээд ирсэн ч жагсаж байгаа ажилчдаас болж ажилдаа гарч чадахгүй байна. Тэднийцагбүрдэхгүй бол цалингаа бүрэн авахгүй шүү дээ. Ажилчид өөрсдөө ажилдаа гарах гээд байхад гаргахгүй байна гэдэг ажлын байрны нэг төрлийндарамт.

Автобусны компаниудын ажилчид ажлаа хаяж байх үеэрбуюу өчигдөр 13.00 цагийн орчим “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлагууд болон Нийслэлийн холбогдох албаны хүмүүс хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн мэдээлэл цацагдсан юм. Энэ талаар нийслэлийн захиргаанаас тодруулахад“Зорчигч тээврээс мэдээлэл өгнө гэсэн боловч өөрсдөө ирээгүй.Нийслэлийн удирдлагууд мэдээлэл өгнө гэдэг худлаа зар явсан байна” гэсэн хариу өглөө.

С.Ариунжаргал

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Ц.Пүрэвдорж: “Явсан газраа ямар нэгэн сайн зүйл бүтээж бай” гэсэн ахынхаа захиасыг амьдралдаа хэрэгжүүлж явна даа

Аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ ямагт шинийг эхлүүлэгч “Монгол аялал” компанийн Ерөнхий захирал Ц.Пүрэвдоржтой ярилцлаа.

-“Монгол аялал” компани хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа тухайсаяхан “Өдрийн сонин”-д гарсан таны ярилцлагад дурдагдсан байхыг харлаа. Юун түрүүнд “Зөв мөргөл” төслийн талаар асуумаар байна?

-“Зөв мөргөл” төслөө бид гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ төлсийн талаар дэлгэрэнгүй ярина гэвэл сонины хэдэн арван хуудас болох байх. Товчхондоо бол монголчууд эртнээс номд орсон улс. Дэлхиийн номлолд үүнийг авч үзэхдээ аливааг таньж, шинжлэн мэдсэний эцэст судалж, хэрэгжүүлж ирсэн байдаг. Түүнээс хамааран олон хутагт, хувилгаад, мэргэд мэндэлсэн түүхтэй. Аливаа номлол, сургаал, шашин шүтлэг, тэр дундаа бурханы шашны гол номлол, сургаалыг энгийнээр тайлбарлахад, зөвхөн бурханлаг чанарыг сэргээхэд оршиж байгаа юм. Тэгвэл түүнийгээ танин мэдэж, сэрээхгүй байгаагийн улмаас бид орчлон хорвоод төөрөлдөх шалтгаан үүсч байна. Нөгөөтэйгүүр итгэл бол хамгийн чухал. Сайхан бүхэн, номын адислал ирж байхад итгэлийн хаалга нь хаалттай байхад тэр нь орж чадахгүй шүү дээ. Болж бүтэх үүд хаалгаа болохгүй нь гэсэн итгэлгүй байдал, тийм зангаараа хаачихдаг. Тэгэхээр итгэлгүй хүнээс зориг, тэвчээр, чадал гардаггүй. Юун түрүүнд сүсэг, бишрэл, итгэл гэгч юу болох талаар ойлгох хэрэгтэй.

-Сүсэг, бишрэл, итгэл гэдэг бол нэг ойлголт уу?

-Хүнд хамгийн түрүүнд бишрэл гэгч төрнө. Сэтгэлд орших бишрэлийн эхний шат нь бурхан номын сүм хийдэд ирж залбирах, буян үйлдэх, ном хуруулах, сэтгэл санаагаа итгэлээр ариусгах явдал юм. Энэ бол бишрэл. Хүний сэтгэл ариусаж, бишрэл номын талаасаа утгажин тогтоно. Тиймээс бурхан багш “Сүсэг бол эрдэм бүхний суурь юм. Миний ном сургуулийг сүсэг төдийхнөөр бүү хязгаарла. Мухар сүсгээр ариун чанарыг нь бохирдуулан сэвтээхгүй байхыг захья” гэж айлдсан билээ. Итгэл бол шашинд орохын үүд юм. Бурханд, бурханы номын сургаалд итгэлээ өгч байж шашинд орно. “Ертөнцийн унал бүхний үүд нь мунхаг харанхуй сэтгэлээс үүдэлтэй. Мунхагийн харанхуйг таслах үүд хүн бүхэнд бий. Хүн сэтгэлээ ариусгаж муу муухай бүхнээс ангижирч чадвал сайн сайханд аяндаа хүрнэ” гэж бурхан багш айлдсан байдаг билээ.

-Чухам зөв мөргөл нь аялалтай ямар сэжмээр холбогдож байгаа юм бэ?

-“Монгол аялал” компани мөргөлийн аяллыг олон жилийн өмнөөс зохион байгуулсаар ирсэн. Бурхан багшийн сургаалаас дээр өгүүлсний учир нь хүмүүс аялахдаа мөргөлийн талаар зөв ойлголттой байвал үр өгөөж нь эергээр тусна. Тиймээс бид “Зөв мөргөл” төслийнхөө хүрээнд мөргөх үйлдэл, маанийн тус эрдэм, зул өргөх ёс, үүний мөн чанар, утга учир, хадагны бэлгэдэл зэрэг мэдээллийг аялагчдадаа өгч байгаа юм. Хүмүүс аливаа компанийн мөргөлийн аяллыг сонгохдоо дээрх ёс, мөргөлийн талаар зөв ойлголттой байх ёстой. Тухайн компанийн зүгээс ч зөв мэдээлэл өгч, тайлбарлаж байж тэр нь зөв мөргөл болно.

-Зарим компани мөргөлийн аялал зохион байгуулдаг хэрнээ үйлчлүүлэгчдэдээ энэ талаармэдээлэл өгөхгүй байх шиг харагддаг. Энэ нь зөв мөргөл болж чадахгүй байна гэсэн үг үү?

-Тийм дутагдал зарим аяллын компанид ажиглагддаг. Хүн ажлаа сэтгэлээсээ хийвэл болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй шүү дээ. Ер нь манайхан үнэ хөлсөндхууртагдаж, үүнээсээ болж хохирох тохиолдол элбэг. Хямд үнэтэй компанийн үйлчилгээ тааруу байх нь мэдээжийн хэрэг. Мөргөлийн аяллыг зохион байгуулж байгаа компаниуд үйлчлүүлэгчдэдээ зөв, бүрэн дүүрэн мэдээлэл өгч, тайлбарлаж чадвал аялж байгаа хүмүүсийн ажил үйлс нь бүтнэ. Энэ нь жинхэнэ утгаараа мөргөл болж, буян болдог. Гэтэл мөнгөний төлөө гэсэн компаниудын үйлдэл иргэдийг хохироохоос гадна сүсэгтэн олны амьдрал ахуй сайжрахгүй. Том лам нарын ярьж байгаагаар хүн бэрхшээлийг давж, цаг хугацааг туулж байж мөргөвөл энэ нь эргээд буян болно. Жишээлбэл, “Итгэлт хамба руу аялаад ирсэн даруйд бүх ажил үйлс бүтэж, таны амьдрал ахуй дээшлэн дэвжинэ” гээд зарим компаниуд хүмүүсийг аваад явчихдаг. Тийм сэтгэлээр яваад ирсэн хүмүүсийн хүсэл биелэхгүй бол“Итгэлт хамбад очиж мөргөөд ажил үйл бүтдэггүй юм билээ” гэнэ. Тэгэхээр Итгэлт хамбадочиж мөргөж байгаа хүмүүс зөв мөргөлийн ойлголттой байх хэрэгтэй. Ер нь бид яаж мөргөх ёстой юм бэ, ямар ухагдахуунтай байх вэ гэдгийг мэдэж байж тэр нь мөргөл болно. Сүүлийн үед сүсэг бишрэл маш их дэлгэрч байгаа бөгөөд зөв болгох ёстой. Бие биетэйгээ тэмцэлддэг атаач байдлаа болих хэрэгтэй.

-Нийгэмд шашин их дэлгэрэх нь хэр зөв бэ?

-Хүмүүс шашин шүтлэгтэй байснаар зөөлөн нинжин болдог. Худлаа ярих, хулгай хийх, хэрцгий зан авир нь аяндаа алга болно. Тэгэхээр лам, бөө гээд бүх шашны төлөөллүүд ард олондоо зөв мөргөл, сүсгийн талаар тайлбарлаж байх хэрэгтэй. Сүсэг бишрэлийн талаар олон түмэнийг соён гэгээрүүлснээр хүмүүс тайван амгалан болно.

-Таны ярианаас анзаарахад зөв сэтгэлтэй, хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүнийг аяндаа амжилт дагадаг гэсэн филисофи байх шиг…

-Дээхэнэ үеийн хүмүүс “Бод, сэтгэ, хий” гэж хэлдэг байсны учир тархи нь сайн ажилладаг байж л дээ. Хүн аливаа хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандах ёстой. Сэтгэл маш сайхан, зөв байвал тэр хүний амьдрал, ажил төрөл нь дээшилнэ. Хичнээн ур чадвартай мундаг хүн байлаа гээд сэтгэл муутай бол үйлс нь гийхгүй. Ер нь хүмүүсийг хараад байхад буруу сэтгэлтэй хүний ажил үйлс нь нэг хэсэгтээ бүтээд, алс хэтдээ хэцүүддэг байх жишээний. Зальтай, санаа муутай хүн өнөөдөр аз жаргалтай байгаа юм шиг харагдаж буй боловч ирээдүйд таатай биш байх, үр хүүхдүүдэд нь сөрөг үр нөлөө нь буудаг. Шинэ эрин зуун ирчихээд байхад хэтэрхий эд баялагт шунаж болохгүй.

-Яагаад?

-Бид хоосон чанар гэдгийг ойлгохгүй байна. Хүн ертөнцөд нүцгэн ирээд нүцгэн буцдаг. Тэрнээс хуримтлуулсан хур хөрөнгө, тэрбум тэрбум төгрөгөө аваад явахгүй. Харин бидмөнгийг зөв аргаар олоод, олон түмэндээ зарцуулаад, тэдний амьдрал ахуйг дээшлүүлэхэд анхаарч, улс орноо өөд нь татах юм бол эргээд буян болно. Монголчуудын нэг сайхан зүйр үг бий дээ. “Хүн төрөхдөө хувцастайгаа, идэх хөрөнгөтэйгээ төрдөг” гэж. Гэтэл хүний хувь заяа өөр, өөр. Сайн эцэг, эхийн хуримтлуулсан өв хөрөнгийг үр хүүхдүүд нь хүртэж чадахгүй байх тохиолдол олон. Хүүхдүүдээ элбэг хангалуун өсгөж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байхын оронд ажил хийлгэж сургасан нь дээр. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр баялаг бүтээсэн хүнүр хүүхдүүдээ гадагшаа үнэтэй сургуульд мордуулахын оронд ядаж л гурван жил гэр хороололд байлгаж, ус, түлээ зөөхөөс өгсүүлээд хар бор ажил хийлгэж, амьдралд сургамаар санагддаг л даа. Гэрийн ажил хийж сурсан, бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй болбол амьдралаа сайхан авч явах эрдэмд суралцаж байна гэж ойлгох нь зүйтэй. Харин ямар ч ажил хийж үзээгүй, бэрхшээлийг туулж чадаагүй хүүхдүүдийн аав, ээжийнх нь хөдөлмөр муудаад ирвэл тэд буруу замаар орж байна. Хялбар аргаар мөнгө олж байсан хүмүүс бэрхшээлийг давж чадахгүй. Хуучнаар ЗХУ-д хамт сурч байсан найзуудын маань сэхээтэн айлын хүүхдүүд байсан. Харин би жирийн малчны хүү байлаа. Биднийг сургууль төгсөхөд зах зээлийн нийгэмд Монгол орон хэцүүдэж зарим нь ганзгын наймаа хийж, зарим нь өөр ажил хийж байсан. Харин би тоосго өрж, шалугааж, хатуу гүтүү ажлыг гололгүй хийсэн нь өнөөдөр амжилттай бизнес эрхлэхэд минь нөлөөлсөн гэж боддог доо.Одоо миний хувьд ажилтнуудаа загнасан ч дотроо “Энэ маань болж байгаа болов уу” гэсэн бодол байнга тээж байдаг.Ер нь ямар ч хүнийг зөв талаас нь дандаа бодох ёстой. Тухайн хүнийг зөв талаас нь бодоод байвал танд зөв л харагдана. Тэр хүний амьдрал ч зөв болно. Харин хүнд муу санаад, тэрнээс баян болно гэж атаархахаас илүү Монголд ийм бүтээн байгуулалт хийчих юм сан гэж үргэлж бодож байх хэрэгтэй. Манай нагац ах надад “Явсан газраа ямар нэгэн сайн зүйл бүтээж бай” гэж хэлдэг байлаа. Энэ бол миний эрхэмлэдэг үг. Би ямар нэгэн албан байгууллагаар орохдоо дутагдалтай зүйл ажиглагдвал тэр хүнд ойлгуулаад хэлчихдэг. Ажил нь бүтэмжгүй байгаа хэн нэгэнд өөрийнхөө мэдэж байгаа хэмжээнд зааж, зөвлөнө. Хүнд зүйл өргөөд даахгүй байгаа хүнд хамжиж тусалдаг. Ер нь хүнд урмын, сэтгэлийн сайхан үг хэлэхийг эрхэмлэдэг дээ.

-Ингэхэд “Монгол аялал” компанийн Итгэлд хамбын аялал удахгүй болох бил үү?

-Энэ тавдугаар сарын сүүлчээр, ирэх зурагдугаар сарын эхээр бурхан багшийн дүйчин өдөр тохиож байгаа. Бурхан багшийн их дүйчин өдөр буян үйлдвэл түм, бум болж үрждэг. Энэ үеэр бид Итгэлт хамбын аяллыг зохион байгуулж байгаа. “Монгол аялал” компанитай 91912152, 99017779, 70112646 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Ер нь орчин цагт хүмүүс эд хөрөнгөөрөө баярхдаг болсон байна. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Миний хувьд хүнтэй ажил хэргийн шугамаар уулзахдаа бугуйн цагаа тайлж, унаа тэргээ хол тавьдаг. Би тухайн хүнтэй ажил ярих гэж очиж байгаа болохоос эд хөрөнгөө гайхуулах гээгүй. Нөгөөтэйгүүр ажил ярихаар ирсэн хүний анхаарал өөр чигт тусч мөнгөний сонирхол нь давамгайлдаг. Тэгэхээр бидний уулзалт ажил биш болно. Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт ихэсчбайгаа. Манай нэг найз надаар дамжуулаад гадаадын компаниас хөрөнгө татахаар болов. Ингээд Японоос нэг хөрөнгө оруулагч ирлээ. Түүнийг найз маань Чингэс хаан онгоцны буудлаас тансаг машинаар тосч аваад маш тансаг буудалд буулгаад, дээд зэрэглэлийн ресторанд урьсан. Гэтэл нөгөө япон хүн “Би танд хөрөнгө оруулж чадахгүй нь. Яагаад гэвэл та надаас баян хүн байна” гээд татгалзсан байгаа юм. Иймд бизнесмэнүүд энгийн байх хэрэгтэй. Хамгийн гол нь хийсэн бүтээсэн зүйлтэй, хөдөлмөрч байх ёстой.

-Ийм зөв бодолтой, дандаа шинийг эрэлхийлдэгтанийг хүрээлсэн хүний тоо их байх. Бизнестээ хэр зэрэг хамтрагчтай вэ?

-Би ганцаараа бизнесээ хийвэл тийм ч амжилтад хүрэхгүй. Тэгэхээр мундаг хүмүүстэй нийлж байж, тэдний санаа бодлыг тусгахыг чухалчилдаг. Бизнесийн бүхий л салбарт хамтаар хүчин зүтгэвэл Монгол Улс маань хурдан хөгжинө. Миний дансанд хэдэн сая доллар байхдаа чухал биш. Тэрнээс хэдэн жилийн дараа “Би улсдаа ийм ийм бүтээн байгуулалт хийсэн байна шүү дээ” гээдбахархах зүйл бүтээх хэрэгтэй. Монгол Улс 70 жилийн өмнө ямар байлаа. Харин одоо хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж байна. Өмнөх зуунд босгосон бүтээн байгуулалтын гавьяатнаар Ю.Цэдэнбал даргыг бүгд нэрлэнэ.Түүн шиг бидний үеийнхэн Монгол Улсаа хөгжүүлье гэж хичээж, зүтгэж байна.

-Гадаад орнуудаар аялж явахдаа тухайн улсын хөгжил дэвшилд хүрсэн замналаас үлгэр авч улс орондоо хэрэгжүүлмээр санаа танд төрнө биз?

-Тэгэлгүй яахав. Би Арабын нэгдсэн Эмират улсад хэдэнтээ очсон. Тэднээс суралцах зүйл их байна. Тус улс манайх шиг асуудалтай байсан. Нефтийн асар их баялагтай. Тэрүүгээрээ хэдэн шехууд нь баяжаад байдаг. Дээрээс нь гаднаас маш их зээл авч, өрөнд баригдсан улс байсан. Тэгтэл нэг шех нь их ухаантай хүн байж. Тэрээр “Ерөөсөө намайг үр хүүхдүүдтэй минь шоронд хий. Тэгээд улсын тэр их өр зээлийг над дээр бич” гэж л дээ. Түүн шиг манай улс зоригтой алхам хийж чадвал хэдхэн жилийн дотор хөгжиж чадна. Гэтэл манайхан хэн нэгнийгээ идлээ, уулаа гэж нийтэд зарлаж, хорьж цагдан хэвлэлээр баалж байхын оронд бүтээн байгуулалтуудаа дэмжих хэрэгтэй. Тэгэх юм бол гурван сая хүн хэдхэн жилийн дотор дэвжинэ.

-Ингэхэд танай компани ямагт бусдаас түрүүнд алхаж, аяллын шинэ бүтээгдэхүүнүүд гаргадаг. Гэтэл энэ салбарт өрсөлдөж байгаа заримкомпаниуд танайхыг хуулбарлаж, өөрсдөө сэтгэж чадахгүй байгаа юм уу даа гэж харагдах юм. Та санал нийлэх үү?

-Манайх нэг шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргаад ирэхээр тэрийг дуурайдаг жишээ олон бий. Бүр манай компанийн “Хамт олноороо арвуулаа аялахад нэг хүн үнэгүй явна” гэсэн боломжийг хүртэл тэр чигээр нь хуулчихсан байх жишээтэй. Нэг нь шинийг эрэлхийлээд бусад нь бэлэнчлээд байхаар энэ чинь шударга өрсөлдөөн биш болчихоод байгаа юм. Энэтхэгийн том эрдэмтэд “Дэлхийн хүн төрөлхтний үндэс нь Монгол юм. Оюун ухааны үндэс нь Монгол. Дэлхийн усны эх булаг газар нь Монголд байна” гэсэн гурван дүгнэлт гаргажирсэн. Гэтэл манайхан хүнтөрөлхтний үндэс нь байж дэмий зүйл ярьж, хоорондоо тэрсэлдээд байхаар хөгжихгүй байна. Дээр нь баялаг бүтээгчдээ эд материалаар дэмжихээ байг ээ гэхэд урмын үг хайрладаг байх хэрэгтэй. Буянгийн Жаргалсайхан, “Женко” Баттулга тийм мундаг гээд л тэднээр бахархъя л даа. Алдаатай гишгэвэл засч залруулдаг байх хэрэгтэй. Гэтэл аль өнгөтэй өөдтэй яваа нэгийгээ сонин, хэвлэлээр доош нь татах юм. Энэ сэтгэхүйг бид өөрчлөх хэрэгтэй. Нийт ард түмнийхээ сэтгэхүйг өөрчилмөөр байна. Эрдэмтэн мэргэд гээд бүгдэд зөв сэтгэхгүй суулгамаар байна. Далай багшийн айлдсанаар хүн төрөлхтөн хоосон чанарыг ойлгохгүй байна.

-Танайх нээрээ Далай багшийн айлдварын үеэр аялал зохион байгуулдаг бил үү. Хоосон чанар гэж юуг хэлээд байна вэ. Далай багшийн айлдвараас товчхон сонирхуулахгүй юу?

-Далай багшийн айлдсанаар би өнөөдөр байна, маргааш байхгүй. Би өнөөдөр сайхан хувцас өмслөө маргааш үгүй. Үнэндээ энэ бол миний мөнгө, чиний мөнгө байгаа юм. Надад өнөөдөр байгаа бол маргааш чамд очно. Нөгөөдөр өөр хэн нэгэнд очно гээд л. Сайхан хоол идээд байдаг. Энэ нь үнэндээ мөн л хоосон чанар. Далай багшийн айлдвар их мундаг. “Монгол аялал” компани жил бүр Далай багшийн айлдварын үеэр аялал зохион байгуулдаг. Ирэх арваннэгдүгээр сард болох аялалд эртнээс бүртгүүлэх хэрэгтэйг үйлчлүүлэгчдэдээ сануулмаар байна. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад цаг хугацаа нь дөхөөд ирэхээр тасалбар олдохгүй байх талтай. Ер нь зөв мөргөлийг бий болгосноор хүмүүсийн оюун ухааныг зөв болно. Ингэснээр улс орон маань ч хөгжих юм. Ерөөсөө сэтгэхүйн дайнд мордъё гэж уриалмаар байна.

-Яаж тэр вэ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Хүмүүсийн сэтгэхүйг өөрчилбөл юун уул уурхай эрхлэх, үүнээс ч хурдан улс орон хөгжих боломжтой. Монгол Улсад шилдэг боловсорсон, зөв сэтгэхүйтэй 100 мянган багш байхад л дэлхийг бүхэлд нь өөрчилчихнө. Юун ядуурал, дайн тулаан, улс орнуудын тэмцэл зөрчилдөөн.Тэгэхээр бид сэтгэхүйн дайныг эхлүүлж, хүмүүсийнхээ сэтгэхүйг өөрчилмөөр байгаа юм. Ер нь гадна дотны хүмүүстэй уулзаж, байхад сэтгэхүйн асуудлыг ярьж, Монгол руу хандсан хандлага их байгаа юм. Тэр битгий хэл Арабын ертөнцөд явж байхад монгол үг асар их бий. Манай монголчуудын бодол сэтгэхүй өөр юм. Гадаадад очингуут хамгийн хурдан харь хэл сурдаг. Техниктэй харьцаж чаддаг. Гэтэл бид өөр өөрсдийгөө доош нь татсаар байгаад өөдлөхгүй байна. Бид дээшээ өөдөө юм яриад байвал тодорно.

-Ингэхэд танайх “99 амжилт” төсөл хэрэгжүүлэх гэж байгаа тухай өмнө ярилцлага өгөхдөө та онцолж байсан. Энэ нь таны “Сэтгэхүйн дайнд мордъё” гээд уриалаад байгаатай холбоотой юу?

-Тэгж ойлгож болно. Бид “99 амжилт” төслөө арван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Ингэхдээ салбар салбарын мундаг залуусыг гаргаж ирэх юм. Улмаар тэднийг дэлхийд таниулбал манай улс хурдан хөгжинө. Хамгийн гол ньманай залуус тэр аргаа мэдэхгүй байна. Аргыг нь зааж өгөөд, тусалж дэмжих талаас нь зааж зөвлөхөөр төлөвлөн ажиллаж байна.

-Бас Монголыг дэлхийд таниулах том төсөл хэрэгжүүлнэ гэл үү?

-Бид Монголыг маш хурдан дэлхийдтаниулъя гэж байгаа юм. Гэхдээ өвөрмөцөөр. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 100-гаад га газар орох юм байна гэсэн урдчилсан тооцоо байна. Тэнд Монголын түүхийг дэлгэнэ. Дээрээс нь 21 аймгийн түүхийг бүхэлд нь харуулна. Энэ бол маш том төсөл болох юм.

-Одоо гадаадын аяллын бүтээгдэхүүний талаар сонирхмоор байна?

-“Монгол аялал” компани Итгэлт хамба- Байгаль нуур, Бээжин Утай руу сайхан мөргөлийн аялал зохион байгуулаад явж байна. Мөн Ордос-Гүмбэн рүү зөв мөргөл явж байна. Одоогоор Дубай руу аялал түр зогсоод байна. Тэнд зундаа бараг 60 хэмийн халуун байдаг болохоор монголчууд тэсэхгүй. Мөн АНУ руу аялуулж байна. ОХУ-ын Москва-Лениград, Австрали руу аялуулж байна. Дээрээс нь дотоодын аяллууд бий. Монгол хүн дотооддоо аялж байж эх орноороо бахархана. Зүгээр бид Хөвсгөл орохдоо биш. Аяллын турш хөтөч явж байгалийн ховор үзэгдлүүд, үзэсгэлэнт газруудын талаар танилцуулдаг.

-Гадаадын аялагчид хэр зэрэг захиалга өгч байна даа?

-Өнөө жил гадаадын аялагчид урьд жилүүдийнхээсээ их ирэх бололтой. Манайх захиалгад дарагдаж байна. Энэ бол “Монгол аялал” компанийн салбартаа олон жил сэтгэлээ зориулсаны үр шим юм. Бид аяллын бүтээгдэхүүнийг гадаадад өөр маягаар сурталчилж байгаа. 2035 он хүртэл “Мастер төлөвлөгөө” хэрэгжүүлж байна. Монголын мундагчуудтай хамтарч Монгол Улсыг аялал жуулчлалын бүс болгохоор зорьж байгаа. “Өдрийн сонин”-д ярилцлага хэвлэгдсэнээс хойшманайд хүмүүс их хандаж байгаа. Хамтарч ажиллах талаар саналууд ч ирсээр буй. Бид өөрсдийнхөө зүгээс тусалж дэмжих зүйл байвал тусалж, дэмжээд ажиллаж байна.

-Аялагчдыг дахин үйлчлүүлэх, ялангуяа гадаадын аялагчдад Монголын талаар авах гэсэн мэдээллийг нь бүрэн дүүрэн өгөх хүн бол хөтөт. Манай аялал жуулчлалын салбар дахь хөтчийн үүрэг ямархэмжээнд байна вэ?

-Баягаль орчин, ногоон хөгжлийн яамнаас хөтчийн сургалтыг 14 хоногийн хугацаатай зохион байгуулж, төгсөгчдөд сертфикат өгдөг л дөө. Үүнд миний бие тун чамлалтай ханддаг. Хөтөч бол гадаадад өндөр төлбөр төлж байж сургалтад суудаг. Маш том шалгалт өгдөг. Тэр босгыг давж чадсан хүмүүс хөтөч хийдэг. Харин манайх дампууруулаад байгаа юм. Арабын нэгдсэн Эмират улсад гэхэд өдөрт 450 мянган жуулчин ирж байна шүү дээ. Тэдэнд 45-100 хөтөч үйлчилдэг. Хөтөч нар хууль дүрэм зөрчвөл үнэмлэхийг нь хураагаад авдаг. Хэрэв үнэмлэхгүй хөтөч хийж байгаад баригдвал өндөр торгууль ногдуулдаг. Бид ийм стандартад шилжих цаг болсон байгаа юм. Хөтчийн үүрэг ямар чухал вэ гэдгийг “Марка Поло” киногоор жишээ авъя л даа. Тус киноны найруулагч Жон Фуско Монгол орноор аялахад нь хөтөч залуу Хубилай хааны үеийн байлдан дагууллын талаар маш гаргууд тайлбарласан байгаа юм. Ингээд найруулагч эх орондоо очингуутаа киногоо хийхээр болсон.

Аяллын томоохон компаниудын хөтөч нарыг хараад байхад “Арай ч дээ” гэж бодогддог. Тэд Эрдэнэзуу, Хархорин хоёроо ялгахгүй байна шүү дээ. Нэг л сайхан хүүхнүүд аялагчдад цай, хоол дөхүүлээд байхаас мэдлэг алга. Тэгээд гадаадынхан Монголд очоод уйтгартай юм байна гэдэг. Энэ нь цаашаа манай улсын талаар сөрөг сурталчилгаа болж байгааг хаа, хаанаа анхаарах хэрэгтэй.

-“Монгол аялал” компани “Сити тур” хэмээх шинэ төрлийн аяллын бүтээгдэхүүн гаргаж байгаа гэж дууллаа. Миний сонссоноор хөдөө, гадаанаас ирсэн хүмүүсийг хотоор аялуулаад байх цаг завгүй хүмүүст маш хэрэгтэй аялал санагдсан шүү?

-“Сити тур” төсөл зургадугаар сарын 15-наас эхэлнэ. Улаанбаатарыг тойрч, танилцах дөрвөн чиглэлийн маршрут гаргасан. Маш тансаг тусгай автобусууд үйлчилнэ. Энэ бол Монголд нэвтэрч байгаа цоо шинэ аяллын үйлчилгээ. Хөдөөнөөс ирсэн хүмүүсийг Зайсан, Чингэсийн талбай, Гандангаар авч явмаар байдаг. Гэтэл ажлын цаг чөлөө гардаггүй. Тэгвэл манай аяллын бүтээгдэхүүн бол их хотын завгүй хүмүүсийн ажлыг хөнгөвчилнө. Та манай компанид даатгахад л хангалттай. Энэ мэтчилэн “Монгол аялал” компани аяллын салбарыг дэлхийн жишигт хүргэхийн тулд шинэ үйлчилгээнүүдийг ямагт эрэлхийлж, нэвтрүүлж байна даа.

-Завгүй их ажлынхаа хажуугаар сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

П.БАЯР

“Монгол аялал” компанитай 91912152, 99017779, 70112646 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Н.Сүхдорж: “Галдан бошигт хаан” жүжиг “Алтан-Өд”, “Гэгээн Муза” хоёр том наадамд өнгөллөө

МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт зохиолч, яруу найрагч Нямжавын Сүхдоржтой ярилцлаа.

-Таны бичсэн “Галдан бошигт хаан” дуулалт жүжиг “Гэгээн Муза” наадмын шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсанд баяр хүргэе!

-Баярлалаа.Уран бүтээл туурвиж, үр шимийг нь хүртээд үзэгч түмнээсээ урам авч, алга ташуулаад тайзан дээр зогсож байх сайхан байдаг. “Галдан бошигт хаан” жүжгээрээ шилдэг туурвилын эзэд болцгоосондоо баяртай байна. Монгол хүн чинь багаасаа л хурдан морь унаж уралдаж өссөн болохоор аливаа уралдаан тэмцээнд түрүүлж, байр эзлэхэд хэн ч баяртай байлгүй яах вэ. Их эзэн богд Чингэс хааны маань ач зээ болох Галдан бошигт хаан, Чахундорж хан нарынхаа гэгээн сүнсийг аргадаж өглөө ургахын улаан нарандаа сүү өргөлөө.

-“Галдан бошигт хаан” дуулалт жүжгийг тань Ховд аймгийн Хөгжимт драмын театрынхан амилуулсан байх аа?

-Зүүнгарын хаант улс буюу Ойрадын хаан Галдан бошигтын мэндэлсний 370 жилийг ойг Ховд аймагт өнгөрөгч жил тэмдэглэж даншиг наадам зохион байгуулсан. Энэ үеэр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Галдан бошигт хаан” хэмээх дуулалт жүжгийг тайзнаа тавьсан. Драмын театрын дарга Мөнхбаярын Баатар маань анх санаачилж надад цомнол бичих санал тавьсан. Өмнө нь би “Ану хатан” жүжиг бичиж Ховдын театрт тавьсан байсан. “Ану хатан”-г бичихийн тулд нэлээд судалгаа хийсэн маань “Галдан бошигт хаан”-ыг бичихэд илүү ойр дөт дөхөмтэй болгосон. Түүхийн мэргэжлийн олон хүнтэй уулзаж судалгаагаа гүнзгийрүүлсэн. Галдан бошигт хааны тухай олон жүжиг, кино, роман, тууж гарсныг манай уншигчид сайн мэдэж байгаа. Тэгэхдээ Галдан гэдэг хаан байсан, хувилгаан байсан, бурхан, чөтгөр байсан гэдэг хувь хүн талаас нь биш Монголын түүх гэдэг өнцгөөс харж цомнолоо бичсэн.

-Галдан хааны аж төрж байсан цагийн байдал ороо бусгаа, эмгэнэлтэй ч гэмээр түүхэн үе байсан байх шүү?

-Их эмгэнэлтэй түүхэн цаг үе. Бид өнөөдөр түүхэнд байр сууриа эзэлсэн том хүмүүсийг үнэлж дүгнэхгүй шүүхгүй нь тодорхой. Тийм эрх ч байхгүй. Гэхдээ нэг харамсмаар зүйл байдаг нь хэрвээ Галдан бошигт хаан, Түшээт хан Чахундорж хоёр хоорондоо эв зүйгээ олсон бол өнөөгийн Монгол Улсын газрын зураг шал өөр байх байсан. Өнөө цагийн ихэс ч гэсэн яг ийм байдалтай байна шүү дээ. Энэ бол Монгол Улсад маань их аюултай, хор хөнөөлтэй явдал шүү. Хилийн наахна, цаахна байгаа ах дүүс элэг зүрхээ дурдайлган бэтгэрэхгүй л байх байсан. Манай энэ хоёр хаан маань хоёулаа мундаг эх оронч хүмүүс байсан ч Орос, Хятад, Манж, Түвд гэсэн гадныхны хаясан ясанд хахаж бүдрэн, Монголоо эмгэнэлт байдалд оруулсан. Эмгэнэлтэй ч гэсэн энэ гашуун түүх өнөөдөр ч гэсэн сургамжтай юм.

-“Галдан бошигт хаан” жүжгийг төрийн шагналт ах, дүү хоёр алдартан нэлээд өргөж өгсөн байх?

-Жүжгийн найруулагчаар нь төрийн шагналт, ардын жүжигчин Бирваагийн Мөнхдорж, хөгжмийн зохиолчоор төрийн соёрхолт Бирваагийн Мөнхболд гэсэн нэг гэрийн хоёр сайхан уран бүтээлчтэй хамтран ажилласан минь сонирхолтой сайхан үйл явдал байлаа. Жүжгийн гол дүр болох Галдан хааны дүрд дуучин Б.Цэнд-Аюуш, Ану хатны дүрд дуучин С.Лхамхүү,Б.Мэндээ нар тоглосон. Жүжгийн дууг дуучин С.Жавхлан дуулж клип хийсэн. Ц.Энхтуяа гэдэг сайхан зураач сая шүүгчдийн нэрэмжит шагнал хүртлээ. Энэ жүжиг бидэнд ивээлээ хайрлаж, би шилдэг жүжгийн зохиолчоор, төрийн шагналт Б.Мөнхболд шилдэг хөгжмийн зохиолчоор, “Галдан бошигт хаан” жүжиг маань гран при шагнал тус тус хүртлээ. Бүжгийг Даваахүү маань сайхан дэглэсэн. Зохиол цаасан дээр буугаад найруулагч уншаад сууж байх нэг хэрэг. Тэр олон сайхан уран бүтээлч тайзан дээр амилуулна гэдэг тэнгэрлиг гэгээн үйл хэрэг. “Галдан бошигт хаан” жүжиг маань МЗЭ-ийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын шилдэг жүжиг киноны зохиолд тэргүүлсэн шүү дээ.

-Таны уран бүтээлийн онгод хийморь их л байгаа юм байна даа. Та одоо хаана аж төрж байна?

-Би Сэлэнгэдээ байгаа. Ач зээ нараа бараадаад түр зууртаа Дархан хотод ирэн очин байна. Үр зулзагаа бараадна гэдэг хөгшин хүний томилолт байдаг юм байна. Өнгөрөгч гуравдугаар сард ӨМӨЗО-ы уран бүтээлчдийн захиалгаар Эзнээ хошууны цөл газрыг моджуулсан хүний бодит амьдралаас сэдэвлэсэн “Тооройн нүүдэл” гэсэн уран сайхны хөгжимт жүжгийн цомнол бичиж өгөөд ирсэн. Жанцанноров гуай хөгжмийг нь бичиж байгаа юм билээ. Хөх хотод бэлтгэлдээ ороод, ирэх есдүгээр сард тоглогдох юм. Одоо харин нэг кинон дээрээ ажиллаж байна.

-Ямар сэдэвтэй, юун тухай кино хийх гэж байна?

-Эх орон, газар шорооны сэдэвтэй, харуул овооны тухай кино юм. Одоо найруулагч нь аваад уншиж байна. Манай Баруун Алтайд нэг том харуул овоо байдаг юм. Харуул овоо, Хаан овоо, Хатан овоо гэсэн гурван овооноос одоо хоёр нь Хятадын талд байгаа. Энэ гурван овоог “Үүгээр дайсан этгээд хэзээ ч бүү орж ирэг” гэж шүншиглэж босгосон байдаг. Харуул овоонд хорин таван настай, хүний ганц бие хүүг эмээлтэй морийг нь унуулаад, хуяг дуулгыг нь өмсгөөд, нохойг нь хөтлүүлээд амьдаар нь бунхалж тахьсан домогтой. Энэ тухай кино юм даа.

-Зохиолч Г.Аюурзанын “Цагаан хар улаан” романд гардаг овооны тухай байх нь ээ?

-Би тэр зохиолыг уншиж амжаагүй л явна. Энэ домгийг хүүхэд байхаасаа л сонсож өссөн. Зохиолоо бичээд арваад жил болж байгаа юм. Мөнгө төгрөгийнх нь боломж таарахгүй явсаар өдий хүрсэн. Сая харин Ховдоос кино хийх санал ирлээ.

-Сүүлийн үед ном бүтээлээ хэвлүүлэв үү?

-Өөрийнхөө бүтээлүүдээс сорчилж дээжлээд “Хойдын хөх аялгуу” гэдэг ном гаргая гээд бэлдэж байна. Навсайсан олон ч навтарга байна. Өгүүллэг, тууж, дуу, шүлэг, жүжиг гээд бичээгүй төрөл зүйл ч алга. Би Хойд Мянгад ястан хүн. Тиймээс номоо ингэж нэрлээд байгаа юм.

-Таны бичсэн “Бор чоно” уран сайхны кино нэг хэсэг шууруулж байсан байх аа?

-Өргөн дэлгэцээр хийсэн хамгийн сүүлчийн энэ кино маань Монголын шилдэг арван киноны нэгээр шалгарч байсан. Өргөн дэлгэцийн хальснаас орчин үеийн хэлбэрт буулгая гээд бодоод л явах юм.

-“Жинжиймаа”, “Мянгадын чонон саарал” гээд олон сайхан дууны шүлэг бичсэн найрагчийн хувьд уран бүтээлийн цэнгүүнээ хийхгүй юм уу?

-Одоогоор бодож санасан юм байхгүй л явна. “Мянгадын чонон саарал” дууны тухай хүүрнэхэд нэгэн уяаны морьд шиг нэгэн дугуйлангийн нөхөр яруу найрагч Ж.Саруулбуян “Хардал бэйсийн унага” хэмээх сайхан дуу бүтээсэн. Олны талархал хүлээсэн энэ сайхан дуу сэтгэл гижигдэн нутагтаа байтугай Монголдоо цуутай мянгадынхаа Чонон саарал морины тухай дууны шүлгийг бичиж, үерхэж нөхөрлөж явдаг авьяаслаг аялгуу зохиогч, гавьяат жүжигчин Н.Чулуунхүүд үзүүлэхэд минь уншиж үзээд голж шилэлгүй авч гурван зуун жаран таван хоногийн дараа нэгэн нартай өдөр энэ дууны аялгуу төрсөн гэдэг. Миний өвөг эцэг Да ноён Дарьжавын Аварга бор, Завханд олон жил түрүүлсэн Чагтан бор болон Са гүний Шовгор цэнхэр, Мишигийн цагаан тавагт, Баглаатын сарт, Баатарын хээр, Батхүүгийн бор, Өөгөөн саарал гээд цуутай хурдан хүлгүүдээрээ алдартай мянгад нутгийн хүү, хурдан хүлгийн зоон дээр өссөн өчүүхэн найрагч би моринд дуртай нэгэн дээ. Морин дэл дээр өссөн монгол найрагч байна. Морины тухай дууныхаа шүлгээр яриагаа өндөрлөчих үү, ах нь.

Шадар жанжин Чингүнжавын

Дэлтэй цэнхэрийн угтай морь минь

Шаштир түүхийн хуудаснаа

Домогтой зурагтай хүлэг морь минь

Их л дөрвөн ойрадынхоо

Адуун сүргийн манлай морь минь

Икел цуурын аялгуунд нь хө

Эвшээж шилгээсэн хүлэг морь минь

Ямар ч гүүний унага нь

Өмнө гишгээгүй чонон саарал морь минь

Явган талаар хуурнин айсуй нь

Яахын аргагүй чонон саарал морь минь” гэсэн шүлэгтэй дуу байгаа юм. Мөн миний “Ээж мод” гэдэг дуу хүмүүст бага сага хүрсэн шүү.

Л.Батцэнгэл