Categories
мэдээ нийгэм

Ажил хаялт үргэлжилж байна

Цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан нийтийн тээврийнхний ажил хаялт үргэлжилсээр байна. Тодруулбал, “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” гээд төрийн өмчийн компанийн жолооч, кондукторууд үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг нийслэлийн удирдлагууд, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаас шаардаж энэ сарын 25-наас ажил хаяж эхэлсэн. Талууд ямар нэгэн шийдэлд хүрээгүй учраас өнөөдөр ч ажил хаялт үргэлжилж байгаа аж. Ажил хаялтын зохицуулагч хийж байгаа гэх Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа ярихдаа “Биднийг тоож байгаа хүн нэг ч алга. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзах хүсэлт тавьсан ч хүлээж авахгүй байна. Одоогийн байдлаар жолоочийн нэг цагийн хөлс 2500, кондукторынх 1900 төгрөг байгаа. Энэхүү хөлсийг 4000, 5000 төгрөг болгохыг ажилчдын зүгээс хүсээд байгаа юм. Энэ шаардлагыг биелүүлтэл ажил хаялт үргэлжилнэ. 1500 гаруй ажилтны 1200 орчим хүн ажил хаялтыг дэмжиж байгаа. Дэмжихгүй байгаа нөхөд нь захиргааны албаны хэдэн ажилтан. Бид зорилгодоо хүрч байж л ажлаа хийнэ гэж жолооч, кондукторууд үзэж байгаа. Цалин нэмнэ гэх сургаар ажил хаялтаа зогсоож, ажилласаар байгаад хүмүүс ямар ч итгэлгүй болсон байна. Тиймээс л ийнхүү ажил хаяж байна гэсэн юм” гэлээ.

Харин “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг “Тарифын хэлэлцээрийн дагуу цалинг нэмэгдүүлэхэд жилдээ 3-5 тэрбум төгрөг шаардагдана. Улсын эдийн засаг хэцүү байгаа энэ үед таван тэрбум төгрөгийг гаргахад хүндхэн. Цалингаа нэмэхийг шаардсан болгонд төсвөөс таван тэрбумыг гаргаад байвал бас л хэцүү. Ингэж нэмбэл эмч, багш нар мөн хэрхэхийг хэлэхэд бэрх. Гэхдээ ажилчдын тавьсан шаардлагыг нийслэлийн удирдлагуудад уламжилсан” гэж мэдэгдээд байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар эрчим хүчний асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Хуралдаан эхлэхийн өмнө Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09.00 цагаас:

1.Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын цэцийн 2015 оны 07 дугаар дүгнэлт:

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.ЦОГТОО танилцуулна.

2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

3.Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна.

4.Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

5.Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.

6.”Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ танилцуулна;

-Эдийн засгийн хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

7.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

-Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.НЯМДОРЖ танилцуулна.

8.“Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Эдийн засгийн хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

9.Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.

10.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.ОТГОНБАЯР танилцуулна.

11.Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.

12.Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

13.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

Categories
мэдээ цаг-үе

Мөнгөө буруу зарцуулснаас огт мөнгөгүй байсан нь дээр

Монгол Улс түүхэндээ байгаагүйгээр гэнэт баяжлаа. Сүүлийн найман жилд ДНБ 10 дахин өсчээ. Чингисийн үед ямар байсныг мэдэхгүй, гэхдээ л газар газраас дээрэмдэж ирсэн тэр их баялаг олон жилийн хоол болоогүй байх аа. Бидэнд одоо ганц хутга, сэлэм ч үлдээгүй. Баялаг хураадаггүй, олсноо үрээд дуусдаг нь угаасаа нүүдэлчдийн төрөлх зан даа. 1911 онд тусгаар тогтнолоо зарласны дараа бас л их тарчиг байсан. Оросоос таван сая рубль гуйгаад арай гэж гурван саяыг зөвшөөрүүлэн зээлсэн авч түүнийг нь феодалууд тэр дор нь үрчих гээд байсан тул өнөө мөнгийг зөв зарцуулахын тулд араас нь Козин гэгчийг явуулж Сангийн яамны зөвлөх болгоод нярав хийлгэжээ. Мод огтлох зөвшөөрлийг “гоожин” гэж одоо болтол нэрлэдэг нь энэ оросын нэр сунжран нэр томъёо болсон хэрэг л дээ. 1921 оны хувьсгалын өртгийг Коминтерн гаргасан юм. Ренчиногоор дамжуулан гурван сая рубль өгсөн учраас мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулан манахаар мань буриад энд хэдэн жил даргалсан.

Социализм байгуулах явц бүхэлдээ зээлээр бүтсэн. 1934 онд улсын нийт төсөв 17 сая төгрөг байсан бололтой. Сталин Гэндэнтэй уулзахдаа нэмж мөнгө зээлье гэвэл лам нараа устга гэсэн шаардлага тавьж байв. 1956 онд Микоян Бээжингээс буцах замдаа Улаанбаатараар дайраад гарчээ. Нисэх буудалд түүнийг тоссон хоёр машинд манай дарга нар зочинтойгоо чихцэлдэн суугаад давхиж орж ирсэн гэдэг. Микояны санаа зовжээ. Маахуур толгойд гарч Улаанбаатарыг харсан чинь эсгий хот. Зөвлөлтийг дагаж бараг 40 жил зүтгэчихээд ийм гуйлгачин байж болохгүй гэж тэрээр буцаж очоод тайлбарласан байдаг. Ингээд тэр жилдээ 200 сая рубль зээлдүүлжээ. Энэ мөнгөөр овоо юм хийсэн л байх, гэхдээ л социализм байгуулах, нэгдэлжүүлэх энэ тэрт л яваад дууссан даа. Харин Жоу Эньлайн өгсөн 190 сая рублийн буцалтгүй тусламжаар Энхтайвны гүүр, Их дэлгүүр, Улаанбаатар зочид будал, Налайхын зам, Шилний үйлдвэр, 50 мянгат, Хархорины цахилгаан станц гээд нэлээд юм босгоод амжсан. Ер нь 1950-1965 онд Монгол нь Зөвлөлтөөс 750 сая рубль, Хятадаас 115 рублийн зээл авч амьдарсан юм. Үүнээс гадна нэлээд хэмжээний буцалтгүй тусламж бий.

Дараахан нь Орос, Хятад хоёр муудалцан хүйтэн дайны сүүдэр Монголд туслаа. Зөвлөлтийн 100 мянга орчим цэргийг Монголд байрлуулах болов. Шанд нь 1971 оноос таван жил тутамд гурван тэрбум шилжих рублийн зээл авч байхаар болов. Энэ нь хуралдсаар 1990 он гэхэд 10 тэрбум рублийн өртэй болжээ. Энэ мөнгө орчин үеийн Монгол орныг босгож ирсэн нь үнээн. Үүгээр соёлын асар их том хувьсгал хийж боловсрол, шинжлэх ухаан, хүн эмнэлгийн түвшин эрс дээшлэн өнөөгийн эрэмбэд хүрсэн юм. Гэхдээ л ерөнхий дүнгээрээ мөн ч найгүй үрсэн дээ. Эрдэнэт, Монросцвет гэх мэтийн даацтай үйлдвэрлэлд нийт зээлийн ердөө долоон хувийг зарцуулсан байх юм. 60 гаруй хувийг нь нүүдлийн мал аж ахуйг тордоход өгчээ. Өөрөө өсөөд үрэгдээд явдаг хагас зэрлэг мал аж ахуйд хашаа саравч, худаг, мал эмнэлэг, бригадын төв, хадлан, өвс тэжээл, тэжээлийн үйлдвэр гээд үрэн таран хийж өгчээ. Гэтэл малын тоо хэзээ ч 24 саяыг давж байсангүй. Таван жил болгонд л малын тоог 25 сая хүргэхийн төлөө, есөн сая төл бойжуулахын төлөө гэж лоозогнон уриалах авч нэг ч удаа ийм амжилт гаргаж байсангүй. Харьцуулахад энэ жил 15 сая төл бойжуулж малын тоо 50 саяд хүрлээ.

1970-1990 оны хооронд манай хөрөнгө оруулалтын болон улсын төсвийн 70 хувь нь зээлэн дээр тогтдог байсан юм. Үүний тод илрэл нь 1990 онд коммунизм унахад ил харагдсан. Ганц оронтой харилцаатай, түүнээсээ зээл авч амьдардаг орон тэжээгчээ алдангуут ямар хөгийн болдгийг цөмөөрөө харсан байх. Монгол орон өөрийн жинхэнэ бодит хөрсөн дээр буусан даа. Өргөн хэрэглээний бараа үгүй болж, тэжээлээр ажилладаг аж үйлдвэр бүрэн уналтад орж, экспорт таг зогссоноос импорт оруулах мөнгөгүйн гачланд унав. Зөвлөлт гүрэн таран систем өөрөө задарснаас болж Монгол Улс тэжээгчээ алдав. Зөвхөн малын буянгаар л энэ хүнд үеийг давсан. Мал үгүй байсан бол өлсгөлөн гарцаагүй нүүрлэх байсан юм.

Дараа нь бид хандивлагч гэсэн шинэ тэжээгчтэй болов. 1990-2000 онд зөвхөн Япон гэхэд тэрбум гаруй долларын тусламж хандивлажээ. ОУВС-ийн оролцоотойгоор Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас асар их мөнгө олон жилийн хугацаатайгаар зээлж авснаас гадна буцалтгүй тусламж ихээр хүртсэн. Ер нь ДНБ-ий 40 орчим хувийг гадны зээл тусламжаар бүрдүүлж байлаа. Энэ байдал бараг 15 жил үргэлжилсэн юм. Дотоодод үйлдвэрлэж гадагш нь зарж чадаж байсан бүтээгдэхүүн гэвэл Эрдэнэтээс гарах зэсийн баяжмал, ямааны ноолуур, тэгээд цаана нь жонш, алт зэрэг бага зэргийн байгалийн ашигт малтмал байв. Гай болоход тэр үед зэсийн үнэ шалан дээр унаж ердөө 1300 доллар болсон нь өртгөө нөхөж дийлэхгүй байв. Харьцуулахад одоо зэсийн үнэ бараг 10 мянган доллар л доо. 2000 он хүртэл ДНБ-ий хэмжээ ганц тэрбум доллар хүрдэггүй байлаа. Үүний бараг хагас нь зээл тусламж шүү дээ.

Үндсэндээ 2005 оноос ДНБ-ээ өөрснөө даадаг боллоо. Түүхэндээ анх удаа хүнээс гуйхааргүй болж буй хэрэг. Тэгтлээ гэнэт ихээр хөдөлмөрлөөд унасан хэрэг үү гэвэл үгүй. Ердөө л байгалийн баялаг. Монголд байхгүй баялаг алга. Урьд нь мэддэггүй байж. 1990 онд 700 кг алт олдворлодог байсан бол одоо лав 30 тонн гарсан байхаа. 68-р тогтоол гэгч марзан юмнаас болоод хулгай нууврын замаар орсон болохоор яс тоог хэлэх статистик алга. Дэлхийн хамгийн томын нэг болох зэсийн орд нээгдэж удахгүй ашиглалтад орох гэж байна. Монголын давхрагын хийн нөөц Хятадынхаас даруй 500 дахин их болох нь тогтоогдлоо. Монголд буй одоо нээгдчихээд байгаа коксжих нүүрсийг өнөөгийн хүчин чадлаар гадагш зөөхөд даруй хоёроос гурван мянган жил шаардагдана. Ураны нөөцөөр дэлхийн хамгийн баяны нэг болж болох ирээдүй харагдана. Төмрийн асар их нөөцтэй юм байна. Цаана нь гантиг, алт, жонш, молбедин гээд их олон жоор бий. Одоо таамаглаж байгаа нийт нөөцийн үнийг өнөөгийн ханшаар барагцаалахад даруй их наяд доллар давах юм байна гэсэн таамаг тооцоо бий. Үүнийг гурав хүрэхгүй сая хүнд хуваагаад үзэхэд Сэрүүн бүсийн шинэ Кувейт гарч ирэх нь л дээ. 2010 оноос Монголыг ОУВС-аас албан ёсоор ядуу орны жагсаалтаас хассан. Дахиж хөнгөлөлттэй зээл, хандив, буцалтгүй тусламж ирэхгүй гэсэн үг. Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ дөрвөн мянгад дөхөж буй ба таамаг тооцоогоор гурваас таван жилийн дараа 10 мянгад хүрэх юм байна. Энэ тоо 2000 онд ердөө 450 доллар байсан юм шүү дээ.

Тэгэхэд улсын төсөв 280 сая доллар байсан бол энэ оны төсвийг дөрөв гаруй тэрбум доллараар баталсан.

За яахав баяжих ч баяжлаа, үүнийгээ бид юунд зарцуулж байна вэ? Дөрвөн оноос эхлээд хүүхдийн мөнгө гэж цацаж эхэллээ. Мөн хуримын 500 мянга, шинэ төрсөн хүүхдийн 100 мянга гээд явж өгсөн дөө. Дагаад хуримын тоо урьдахаас дөрөв дахин өссөн. Жилдээ амжаад долоо гэрлэсэн өвгөн ч гарч ирсэн. Сонгуулиар буй болгосон амьгүй албатууд амилж хоорондоо гэрлэн хүүхэд цувуулж гарах нь тэр. Ийнхүү дунд шатныхны авилгын гувшуур сүлжээ буй боллоо.

Ажилгүйчүүдэд тэтгэмж өгч эхэллээ. Монголын түүхэнд анх удаа. Гэтэл өнгөрсөн оны хүн амын тооллогоос үзэхэд 200 мянган иргэн ерөөс ажил хийх сонирхолгүй юм байна. Энэ нь хөдөлмөрийн нөөцийн бараг арвантаван хувь шүү дээ. Улаанбаатар хотын хүн амын 13 хувь нь оюутан нэртэй. 10 мянган хүнд ноогдох оюутны тоогоор дэлхийд тасархай түрүүлдэг. Энэ тоо 1990 онтой харьцуулахад даруй 10 дахин нэмэгдсэн. Бүгдэд нь нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх олгосон төдийгүй сургалтын төлбөрийг нь улс дааж эхэллээ. Энэ жил дунд сургууль төгсөж буй хүүхдүүд 100 хувь дээд сургуульд элсэхээр болжээ. Бас нэг том тэтгэмжийн газар. Хүн болгон дипломтой болох нь. Сургуулийн хүүхдийг үдийн хоолоор үнэгүй хангаж эхэллээ. Ингэдэг баян орон дэлхийд цөөн байхаа. Цэцэрлэг ясли үнэгүй болсон. Социализмын үед төлдөг л байсан юм даа.

Сонгуулийн амлалтаа биелүүлж байна гээд хүн болгонд эхлээд 70 мянга, дараа нь 120 мянган төгрөг тараалаа. Хавтгайдаа шүү дээ. Дараа нь сар болгон 21 мянгыг тараав. Дараа нь сая саяар нь түгээж эхэллээ. Бөөн хоолны хэрүүл. Мэдээллийн хэрэгслэлээр бэлэн мөнгөнд оочирлох хүмүүсийг харуулан ард түмэн хэрхэн ядуурч гуйлгачин болсны сонгодог жишээ гэж дүгнэх аж. Дэлхийн хамгийн баян оронд ч бэлэн мөнгө тараагаад үз дээ, оочирлож л таарна шүү дээ.

Цалин тэтгэвэр тэтгэмжийг ч ёстой нэг баян хүн шиг хиншүү ханхалтал нэмж гарлаа. Пүл цал хийтэл нэг дор 50-70 хувиар нэмнэ. Америк, Японыг бодвол манай цалин бага байна л гэнэ. Үгүй тэгээд, тэнд чинь хүмүүс нь хөдөлмөрлөж зах зээлд өндөр үнэ хүрэх бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнээ гадагш нь борлуулж чадаад байгаа шүү дээ. Гуйрамчин л мөнгө баялгийн үнэ цэнийг ойлгодоггүй, тиймдээ олдсон дээр нь нэг мөсөн гудраад дуусдаг. Нэг үгэндээ баялаг бүтээдэггүй, маргаашаа боддоггүй, зөвхөн өнөөдрөөр амьдардаг. Ингэж мөнгөжсөнөөс хоосон чигээрээ явж баялагийг аажимдаа хөдөлмөрөөр буй болгон үнэ цэнийн тухай ойлголттой болсон нь хамаагүй дээр. Асгаж цутган байж үрэн таран хийсний хохирол юу вэ?

1. Зах зээлд буй бараа үйлчилгээний нийт үнэ тухайн валютын тоотой харгалзаж байх ёстой. Өөрөөр хэлбэл нэгж цаасан мөнгөний тоо тухай бараа үйлчилгээний үнийг тодорхойлно. Зах зээлд хэт их цаасан мөнгө тарахаар нэгж бараа үйлчилгээнд харгалзах мөнгөний тоо ихсэж таарна. Үүнийг инфляци гэдэг. Цалин тэтгэвэр нэмэх, хорин нэгэн мянгыг тараахаар далимдуулаад барааны үнээ өсгөөд байгаа юм биш, ерөөсөө л цаасан мөнгө ихдээд ирэхээр үнэ өсөх нь ердийн хууль. Үүнийг ойлгоход заавал сүрхий эдийн засагч байх шаардлагагүй, эрүүл саруул бол үйлдвэрчний Гамбаагийн хэртэй бичиг үсэг хальт гадарладаг байхад хангалттай.

2. Нүүдэлчин малчид малаа өсгөх төрөлхийн зөн сонирхолтой байдаг. Энэ бол олон мянган жилээр уламжилж ирсэн соёл нь. Тиймдээ ч мал хувьчлагдангуут адууны тоо гэхэд л хүн амын тоогоо хэдийнээ давсан. Адууны аж ахуйн ашиг бага, гэхдээ л хөндий дүүрэн адуутай байх нь бахархал. Бэлэн мөнгө тараагаад эхлэхээр малчид ахуйн наад захын хэрэгцээгээ тэндээс хангачих бололцоотой болж малаа эргэлтэнд оруулахаас татгалзаж эхэлнэ. Өвөл мал нядалгаагаар, наадмаар мал таргалаад ирэхээр махны үнэ унадаг. Гэвч будаа гурил, хувцас хунарын мөнгөтэй болоод ирэнгүүт малаа зарах хүн олдохоо болиод эхлэв. Малын тоо 50 сая хүрээд байдаг, гэтэл махны үнэ сүүлийн хоёр жилд гурав дахин өсчихлөө. Махны үнэ ингэж тэнгэрт хадахаар малчдын сэтгэл зүйд олон малынхаа махны гарцыг кг-аар үржүүлэн сэтгэл цадаж, улам л олон болгох, аль болох зарж үрэхгүй байх сонирхол нэмэгдэнэ.

3. Манай орны ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг. Иргэд хөдөлмөрлөлгүйгээр амь зуухуйц мөнгө олоод эхлэхээр хувийн хэвшлийнхэн цалин тэтгэмжээ үндэслэлгүйгээр нэмэхээс өөр аргагүй болно. Ингэнгүүт бараа бүтээгдэхүүний өртөг өсөж түүнээ дагаад үнээ нэмэхээс өөр аргагүй болно. Олон аж ахуйн нэгж өртгийн өсөлтөөс болж дампуурахаас өөр аргагүй болно. Ингэсээр ч байгаа.

4. Нийтээр гэнэт мөнгөжсөнөөс болоод хүмүүс илүү үнэтэй тансаг хэрэглээ рүү зүтгэнэ. Ингэхээр хувиараа аж ахуй эрхэлж буй жижиг үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс унана. Энэ нь дөнгөж буй болж урагшлах гэж ядаж буй амиа аргацаасан жижиг аж ахуйнуудад асар хүнд цохилт болж байна.

5. Уул уурхай, мэдээлэл зүй гэсэн нарийн мэргэжлийн ажиллагсадын цалин хэт өсөөд эхлэхээр ажил олгогч нар илүү хямд гадны ажиллах хүчнийг сонирхохоос өөр аргагүй болно. Дөнгөж сургууль төгссөн геологийн мэргэжилтэн мянган долларын цалин голж байхад, Индонезийн туршлагатай геологич 800 долларын цалингаар баяртай ирж ажиллаж байна. Хөдөлмөрийн байраа булаалгах явдал улам ихсэж байна. Ялангуяа биеийн хүчний хөдөлмөрт. Тэр дундаа барилга, зам тээврийн салбарт.

6. Зүгээр олсон мөнгийг “зүгээр” л үрдэг. Энэ нь ерөөс хүмүүний мөн чанар байх. Бэлэнгээр тараасан мөнгө амь зуулганд гэхээсээ тансаглал руу илүүтэй хөвнө. Мэдээж өөр өөрийнхөө хэмжээнд. Үүний ердийн жишээг архины худалдаанаас харж болно. Архины үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ зэрэглэлийн хувьд гурав хуваадаг. Хэдэн жилийн өмнө нийт худалдаалагдаж буй архины 80 хувийг доод зэрэглэлийн хямд архи эзэлдэг байсан бол одоо дээд зэрэглэлийн үнэтэй архины борлуулалт доод зэрэглэлтэйгээ тэнцээд иржээ. Ийм байдал бусад бараа үйлчилгээнд ч тод харагдаж байна. 1990 оноос өмнө гурил борлуулалтын 80 хувийг “2-р гурил” гэх бор гурил эзэлдэг байсан бол одоо 90 хувийг нь үнэтэй дээд гурилын борлуулалт эзэлж байна.

7. Архидан согтуурах явдал эрс өслөө. Нэг хүнд 40 литр архи ноогдож байна хэмээн зурагтаар хэдэн сэтгүүлч Ламбаа сайдын өмнө дөчийн битон тавьж өвчигнөөд байсан. Тэр ч арай худлаа. Согтууруулах ундааг дээш нь 100 градус болгон тооцоод хэмждэг олон улсын аргачлал бий. Үүгээр тооцохоор Канад, Орос, Скандинавын орнуудад хүнд 10-12 литр спирт ноогддог. Ази хүмүүст спирт задалдаг алкохолдигидогенеза фер­мент бага байдаг учир архинд илүүтэй хорддог. Ажилгүй, ажил хийх сонирхолгүй нийгмийн эмзэг давхрага бэлэн олдсон мөнгөөр архидах нь улам ихсэв. Хэрэв ажигласан бол 21 мянгын оочирт ихэнх нь шартсан хүмүүс зогсож байдаг. Дөрвөн архичин 21 мянгаараа гуялахад бүтэн сар бүгдээрээ согтуу явдаг гэнэ. Үүнийг дагаад бараг үгүй болж байсан найрканы бизнес сэргэжээ. Найруулсан хортой архиа дэлгүүрт шахах шаардлагагүй, оочирлож байгаа шартагсад бол бэлэн мөнгөтэй бэлэн үйлчлүүлэгчид.

8. Авлигын тоо хэмжээ, хамрах хүрээ эрс өсөв. Төрд алба хашиж буй 160 орчим мянган хүн бий. Бараг бүгдийг нь хэр хэрдээ таарсан их бага авлигачин гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Авлига гэдэг нь зөвхөн төртэй холбоотой ойлголт. Төрийн нэрээр өөртөө ашиг унагаж буй процесс болгон авлига. Энэ их халамж араасаа ямар их авлига, шамшигдуулал дагуулж байна гэж санана. Хороо хорин, баг сумнаас эхлээд сайд гишүүд хүртэл бүхэл бүтэн сүлжээ үүссэн. Огт байхгүй хүн, үхсэн хүн мөн цаашилбал давхардуулал, хуурамч баримт бүрдүүлэлт гээд явж өгнө дөө. Төр ард түмнээ хэдий их харж үзнэ, төрд ажиллагсад төдий их хожно. Гадаадын хөндлөнгийн байгууллагын судалгаанаас үзэхэд Халамжийн нийт хэмжээний 70 хувь нь эзнээ олохгүй авлигаар алга болж халамж хүртэх ёстой иргэдийн 60 хувь нь юу ч олж долоохгүй байна гэсэн дүгнэлт гарсан шүү.

9. Халамж нэрээр төрийн үндсэн функц маш их алдагдаж байна. Нэг харсан чинь Монгол Улс 77 Сангийн яамтай болжээ. Нэгдсэн төсвөөс бүрдсэн баялаг нэг хаалгаар гардаг. Хаана ч тийм. Хааш нь хэдийг гаргахыг хууль тогтоох байгууллага шийддэг. Гэтэл гишүүн болгон өөртөө мөнгө авч түүнээ өөрөө захиран зарцуулдаг шинэ нээлт ихэд амжилт олов. Энэ 1912 оны эхний хагас жилд гэхэд гишүүн болгон гурван тэрбум төгрөг авсан. Өнөө шударгаараа хатсан гишүүдийн хэн нь ч юу ч дуугаралгүй тас нуудаг байгаа. Ганц жишээ гэхэд л Архангайд энэ их мөнгийг жалгын атмануудад хүүгүй зээл нэрээр тараачихсан. Сонгогчдоо худалдаж авч буй царай нь. Зарим гишүүдэд үрэх юм олдохоо болиод багт соёлын төв барьж эхэлсэн дээ. Улс маань улам баяжиж байна, мөнгөний тоо хойтонгоос тус бүр 10 тэрбум болох байлгүй. 2000 оноос өмнө 50 тэрбум төгрөг жилийн нийт цалин тэтгэвэрт хүрдэг байсан юм даа. Баяжсан төр балайраад эхлэхээр хувийн хэвшилд ажиллах сонирхолтон цөөрч авлигаар амар хөлжих гэж адгагсадын тоо нэмэгдэн урт дараалал үүснэ. Энэ нь нэг талаас төрийн боловсон хүчний чанарыг эрс муутгаж, нөгөө талаас авлигыг улам гааруулах хөшүүрэг болж байгаа юм.

10. Нийгмийн баялгийг үрэн таран хийх явдал хэрээс хэтэрлээ. Ганцхан эрүүл мэндийн салбарыг л харъя л даа. Хэдэн жилийн өмнө баг хороонд хүртэл эхо аппарат тараасан. Гэтэл энэ багажийг ажиллуулахад ядахнаа тог хэрэгтэй баймаар юм.Эхо уншиж зөв оношлох мэргэжилтэн аймгийн төвүүдэд ч цөөн. 2 сая хүнд нэгээр тооцдог томографийн асар үнэтэй төхөөрөмж манайд 4-5 байна. Зөв уншиж оношилдог мэргэжилтэн хэд байгаа бол? Саалиа зэхэхээр саваа зэх гэдэгсэн. 2000 онд эрүүл мэндэд төсвөөс өгдөг мөнгө 40 тэрбум байсан бол одоо бараг 500 тэрбум болжээ. Эрүүл мэндийн салбар өөдөлсөн үү?

11. Хөдөлмөр эрхлэх сонирхол иргэдийн дунд эрс буурлаа. Монголд өнөөдөр ажлын байрнаас их юм алга. Зарлагдаж буй 10 ажлын байр тутмын наймд нь хүн олдохгүй байна. Гэтэл цаана нь 200 мянган хүн ажил хийх сонирхолгүй гэж бүртгэгджээ. Үүн дээр мөн ажил хийх сонирхолгүй, оюутан нэрээр амиа хоохойлж тэжээлгэн яваа лавтай 100 мянган халамжлуулагчдыг нэмбэл юу болох вэ? Солонгос руу боолын гэрээгээр явдаг л гэдэг. Үнэндээ одоо тийш явах сонирхолтон эрс багассан. Цалингийн хэмжээ ч тийм их зөрөөтэй байхаа больсон. Хүмүүс хэт бэлэнчлээд ирэхээр шинэ юм бодож олох, арга чарга хайх идэвхи нь ч буурдаг бололтой. Ер нь болж л байвал болгоод л байдаг хойрго зан бол нүүдэлчдийн ерөнхий араншингийн нэг дээ. Гэтэл өдгөө нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй хүн ердөө 15 хувь эзлэх болсон шүү дээ.

12.Нийгмээрээ ёс сурта­хууны уналтанд орж байна. Энэ л хамгийн хорлонтой эд дээ. Зүгээр сууж халамжлуулан амь тээгээд байхаар хүн улам залхуу хойрго, улам ухаан тэнэг, улам хомхой сувьдаг болдог бололтой. Улс даяараа улс төрчид. Улс даяараа эх орончид. Улс даяараа иргэний хөдөлгөөнчид. Улс даяараа үндсэрхэг үзэлтнүүд. Гэхдээ үнэн чанартаа тийм биш юм билээ. Дүр үзүүлэн хөдлөлгүй сууж байгаад илүү их баялаг хүртэх гэсэн сувьдаг шуналаас энэ их яриасаг эрчим хүч гардаг юм билээ. Үнэн хэрэгтээ юугаа ч юугаар ч зарахад бэлэн хүний оронцогийн дүр төрх цаанаас нь цухалзана.

За яршиг, арвангурав болгоод яахав. Уг нь энэ тэнэг бодлогын урхагийг тоочвол 76 ч хүргэж болно л доо.Урьд би Оросын зохиолч А.Беляевын “Талх” гээд нэг тууж уншиж байсан юм. Эрдэмтэд өөрөө ургаж хөөн хязгааргүй томордог талх бүтээжээ. Үүнээ өрөвдөлтэй ядуу загасчны тосгоныхонд сайн санан буян болж өгсөн байна. Загасчид бэлэн талх идсээр байгаад загасаа барихаа больж. Ер нь юу ч хийхээ болиод хэвтээд л, бэлэн талхаа идээд л, таргалаад л, унтаад л. Талх нь ургаад л. Загасчид жаргаад л. Гэвч жаргал удаан үргэлжилсэнгүй. Ажил хийхгүй бүдүүрч хэвтсэн тосгоныхон тэр чигээрээ орондоо үхээд дуусчээ. Сөнөсний дараа зогсолтгүй ургадаг талх тосгоныг тэр чигээр нь даран үзэгдэх мөргүй болгосон гэнэ.

2012.7.23

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Урамшуулал хүртэл ухаалаг байх шаардлагатай

Бүх л бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийг татахын тулд урамшуулал зарладаг. Тухайлбал, 80 хувь хүртэл хямдрал зарлахаас эхлээд олон арга бий. Ихэнх нь худлаа байдаг гэж иргэд амнаас ам дамжин ярьдаг ч нотлогдсон зүйл өнөөдөртөө алга. Гэхдээ бодож үзмээр урамшуулал бас байна. Жишээ нь Монголд үүрэн телефоны дөрвөн компани үйл ажиллагаа явуулдаг. Тухайн компаниудаас хэрэглэгчид хэдхэн жилийн өмнө утсаар ярих хоног, хугацаагаа худалдаж авдаг байлаа. Харин тэд хэрэглэгчдийг татахын тулд нэгж худалдаж авбал дугаар ашиглах хугацаа үнэгүй дагалдана гэх болсон. Ийм үйлчилгээ гарснаас хойш дөрөв, тавхан жил өнгөрч байгаа. Гэтэл өнөөдөр урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгчдийн үйлчилгээний эрх 2060-2070 онд хаагдах хэмжээнд хүрч сунажээ. Өнөөдөр 50 настай хүн 2070 онд амьд байх уу. Дугаар ашиглах эрхийг үнэгүй өгч байгаа нь сайшаалтай ч зарим тохиолдолд ухаалаг урамшуулал явуулж хэрэглэгчдэд хэрэгтэй зүйлийг нь өгч баймаар юм.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Тугчин одтой хөх луу өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 28. Бархасвадь гариг, Билгийн тооллын 10. Тугчин одтой хөх луу өдөр. Өдрийн наран 05.17 цагт мандан, 20.43 цагт жаргана. Тухайн өдөр туулай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэл, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өгдөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насны бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа ачааллаа дийлэхээ больсон эмнэлгүүдийг онцоллоо

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигч таны гар дээр очиж байна.

Эмнэлгүүдийн ачаалал жил жилийн зуны улиралд буурдаг. Гэтэл сүүлийн үед жилийн дөрвөн улирлын турш ачаалалтай ажиллах болжээ. Манай сонин “Өдрийн сурвалжлага” буландаа энэ асуудлыг хөндөж байна. Эмнэлгүүд чухам ямар шалтгаанаар жил тойрон ачаалал ихтэй байдаг болсныг өнөөдрийн дугаараас сонирхоорой.

“Баримт, үзэл бодол” буланд уламжлал ёсоор нийтлэлч Б.Цэндоогийн нийтлэл багтлаа. Нийтлэлчийн “Соёлын довтолгоо:Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” бестселлер бүтээлийн хэсгээс өнөөдрийн дугаарт онцолж байна.

Я.Содбаатар гишүүн байнгын хорооны хурлыг бусниулсан шалтгаан болон Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан зэрэг цаг үеийн анхаарал татсан мэдээллүүд “Улстөр” буланд нийтлэгдлээ.

Хүүхдийн зуслангуудын төлбөр, хуваарь энэ жил ямар байх, хэчнээн зуслан хүүхэд хүлээж авах бэлтгэлээ базаасан зэрэг хэрэгтэй мэдээллийг зургадугаар нүүрэнд багцаллаа.

Элсэлтийн шалгалт удахгүй болох гэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх хэрэгтэй мэдээллийг энэ өдрийн дугаарт нийтэлсэн байгаа.

Улаан бурхан өвчний дэгдэлт өндөр байна. Хүн олноор цугласан арга хэмжээ зохиох бүр дэгдэлт улам ширүүснэ гэсэн сэрэмжлүүлгийг ХӨСҮТ-өөс өглөө. Удахгүй болох хүүхдийн баярын үеэр хүүхдээ олон цугласан газар дагуулж явахгүй байхыг тус төвөөс анхааруулж байна. Энэ талаарх мэргэжлийн эмчийн сэрэмжлүүлэг ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай.

Шашны номлогчийн охин “Форбес сэтгүүл”-ээс зарласан нөлөө бүхий эмэгтэй улстөрчдийн жагсаалтыг тав дахь жилдээ тэргүүллээ. Украйны асуудлаас болж муудсаар буй Орос, Америкийн харилцааг зөөлрүүлэгч гэж үнэлэгдсэн Германы канцлер Ангела Меркелийн талаар сонирхолтой мэдээллийг багтаасан хөргийг “Дэлхийн улс төрч” буланд онцолж байна.

“Дэлхийн мэдээ” буланд олон улс судлаач Н.Туяагийн “Орос, Хятад хоёр Евразийн тулах цэг, олох төрхийг төсөөлж эхлэв” гэсэн өгүүлэл нийтлэгдлээ. Ялалтын баярын өмнөх өдөр Хятадын дарга, Оросын Ерөнхийлөгч хоёрыг гарын үсгээ зурсан баримт бичгүүд ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг шинжсэн судлаачийн байр суурийг өнөөдрийн дугаараас сонирхоорой.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүд жилийн турш ачаалалтай байгаагийн шалтгааныг маргаашийн дугаараас уншаарай

Эмнэлгүүдийн ачаалал жил жилийн зуны улиралд буурдаг байлаа. Гэтэл сүүлийн үед жилийн дөрвөн улирлын турш эмнэлгүүд ачаалалтай ажиллах болжээ. Манай сонин “Өдрийн сурвалжлага” буландаа энэ асуудлыг хөндөж байна. Эмнэлгүүд чухам ямар шалтгаанаар жил тойрон ачаалал ихтэй байдаг болсныг маргаашийн буюу пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы дэгдэлт нэмэгдсээр байна

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 8945 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Нийслэлийн СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Мөн 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус тогтоогдсон байна. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын хувь 87 хувьтай байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Хайгуулын тусгай зөвшөөрлийн олголт хэвийн байна

Сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт Уул уурхайн яам “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Тус хурал өнөөдөр боллоо. Газрын тосны газраас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 26-ны байдлаар А-80 автобензин 45, Аи-92 автобензин 59, дизелийн түлш 37, ТС-1 29 хоногийн нөөцтэй байна. Тодруулбал, нефтийн бүтээгдэхүүний хувьд ердийн хэрэглээний 42 хоногийн нөөц гэж тодорхойлж болох аж.

Уул уурхайн яамнаас өгч байгаа мэдээллээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрс найман сая тонн, алт 1.4 тн, газрын тос 341.7 мянган тонныг тус тус олборложээ. Хайлуур жоншны баяжмал 68.9 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 241.7 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 0.8 сая тонн, цайрын баяжмал 32.5 мянган тонныг тус тус үйлдвэрлэсэн байна. Экспортын тухайд энэ оны эхний дөрвөн сард 414.7 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 1.5 сая тонны, алт 3362.0 кг, нүүрс 4.2 сая тонн, газрын тос 343.2 мянган тонныг тус, тус гаргажээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш нийт 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлжээ. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн 899 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд юм байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 1686 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 965 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Үүнээс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 234 тусгай зөвшөөрөл шинээр олгож, тусгай зөвшөөрөл олгох боломжтой 496 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн байна.

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 2014 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Ингэснээр 34 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон аж.

Өнөөдрийн байдлаар нэр бүхий 8 талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан шаардлага хангаагүй тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлсэн байна.

Улсын төсөвт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс энэ сарын 26-ны байдлаар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 12.42 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 488.35 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 477 сая төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 728 сая төгрөг, нийтдээ 14.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

“Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн бүсэд хамрагдсан 398 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж талбайн давхцал тогтоолгохоор БОНХАЖЯ-нд хандаж, 174 тусгай зөвшөөрөлд тодорхойлолт гаргуулсан байна. Үлдсэн тусгай зөвшөөрлүүдийн давхцалыг тогтоох ажил хийгдэж байгаа аж. Мөн хилийн заагийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх ААН-үүдийн гомдлыг БОНХАЖЯ дээр хүлээн авч хянан шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргасан ААН-үүдээс батлагдсан загварын дагуу Ашигт малтмалын газар дээр өргөдөл хүлээн авч буй юм байна. Одоогоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах 161 тусгай зөвшөөрөл эзэмшигч маягтын дагуу өргөдлөө гаргажээ. Өргөдөл хүлээн авах хугацаа ирэх зургадугаар сарын 17-ноор дуусгавар боллх аж. Үүнээс хойш гэрээ байгуулах хугацаа хуульд зааснаар зургаан сар үргэлжилнэ.

Энэ ажлыг шуурхай явуулахын тулд Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран Ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан журамд өөрчлөлт оруулахаар болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“BG Group” 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд газрын тосны хайгуулын “Богд IV” ба “Онги V” талбай дээр Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Сентрал азиан петролеум корпорэйшн лимитэд” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн гэрээлэгчийн эрх, үүргийг “BG Mongolia holdings limited” компанид хэсэгчилэн шилжүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоол гарсан юм.

Газрын тосны хууль 2014 онд шинэчлэгдэн батлагдсаны дараа хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж BG, Chevron, Anadarko зэрэг дэлхийд томоохонд тооцогддог компаниудтай хамтран ажиллах яриа хэлэлцээг эхлүүлсний үр дүнд Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна. Энэ онд 13.6 сая ам.доллар, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1.4 сая ам.долларыг Засгийн газарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2014, 2015 онуудад төлөх төлбөрт зарцуулна. Мөн бусад ажил, үүргүүдийг санхүүжүүлэх зорилгоор нэмэлт 4.55 сая ам.долларын санхүүжилт хийхээр тохирчээ. Нийт хөрөнгө оруулалт 32,55 сая ам.доллар болох юм байна.

“BG Group” нь судлагдаагүй эрсдэл ихтэй газарт амжилттай хөрөнгө оруулалт хийдгээрээ туршлагатай бөгөөд сүүлийн 15 жилд томоохон хэмжээний 15 ордыг нээн илрүүлээд байгаа юм. “BG Group” нь байгалийн хийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч, өнөөгийн үнэ цэнээр нийт 45 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 20 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг байна.