Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярыг угтан парк “Гайхамшигт 7 хоног”-оо эхлүүлнэ

-ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛЫН ХҮРЭЭЛЭН ХҮҮХДИЙН БАЯРААР

УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХ АЖЭЭ-

Албан байгууллагууд хүүхдийн баярыг угтан тусгай хөтөлбөр боловсруулж арга хэмжээ зохион байгуулах бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Зургадугаар сарын 1-нд олны хөлд дарагдан хүүхдийн инээд цалгиж байдаг Үндэсний соёл амралтын хүрээлэн л гэхэд “Гайхамшигт 7 хоног” хөтөлбөр зохиох юм байна. Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг хөтөлбөр энэ сарын 29-нөөс зургадугаар сарын 4-ний хооронд үргэлжилнэ. Хүүхдийн баярыг тохиолдуулан багачуудыг баярлуулах гэж байгаа болохоор эдгээр өдрийн алинд ч ирсэн тусгай хөтөлбөртэй баярын арга хэмжээг үзэж сонирхох юм байна. Тухайлбал урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр үзүүлэхээс гадна хүүхэд, залуусын дунд хөгжөөнт тоглоом, ур чадварын уралдаан, асуулт хариултын тэмцээн болох ажээ. Урлагийн болон циркийн үзүүлбэр нь нас, насныханд зориулсан байна гэсэн. Тухайлбал 3-8 настай хүүхдүүдэд зориулан хүүхдийн жүжиг, 9-15 насныханд уран нугаралт, жонглёр, дээс, агаарын үзүүлбэртэй циркийн тоглолт болно. Эдгээр тоглолтууд өдөр бүрийн тэгш цагаас паркийн их тайзан дээр болох ажээ. Мөн томчуудад зориулсан урлагийн оддын шоу тоглолт 20.00 цагаас болох юм байна. Харин бага тайзан дээр 2-8 насныханд зориулан өвгөн хуурч үлгэр уншихаар болжээ. Энэ үеэр 8-14 настай хүүхдүүдийн дунд “Хамтдаа оюун ухаанаа хөгжүүлцгээе” сэдвийн хүрээнд ур чадварын тэмцээн зохион байгууулна. Мөн 3-12 насныханд “Хамтдаа урлагийн бүтээл хийцгээе” уриан дор цаасан шувуу хийхийг зааж өгөх ажээ. Бас хүүхдүүдээ баярлуулж яваа аав ээжүүдийг ч Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийнхэн мартаагүй байна. Хүүхдээ баярлуулж яваа бүх насныханд зориулан “Бид чадна” нэртэй даам, дартс, буухиа, АХА, шоо эвлүүлэх тэмцээнүүдийг зохиож ялагчийг ҮСАХ-гийн нэрэмжит бэлгээр шагнахаар болжээ. Дээрх хөтөлбөрүүд их, бага тайзан дээр явагдах юм билээ. Харин ҮСАХ-гийн бусад газруудад аниматор, урт хөлт алиалагч, фантамимо, хүн хөшөөний үзүүлбэр гарна гэсэн. Дээрээс нь үндэсний үйлдвэрлэгч найман компанитай хамтран ундааны, амттаны, урлагийн, кальцны, бөмбөлөгний, номын баярыг өдөр бүр зохиохоор болжээ.

Тоглоомын тухайд ҮСАХ-д гадаах буюу атракцион, ур чадварын, автомат, зөөлөн гэсэн 70 нэр төрлийн тоглоом бий. Гадаа талбайдаа 18 төрлийн тоглоомтой. Энэ жил бага насны хүүхдүүд тоглоход тохиромжтой тоглоом шинээр суурилуулжээ. “Хүслийн галт тэрэг”, “Нархан”, “Жаргалтай бамбарууш”, “Тулаант машин” гэсэн дөрвөн тоглоом дээр 1-6 настай хүүхдүүд тоглоно гэсэн. Бас 15-аас дээш насныханд зориулсан “Go kart”буюу уралдааны машиныг ирэх сарын дундуур оруулж ирэхээр төлөвлөжээ. Тоглоомын аюулгүй байдлын тухайд нээлтээ хийхээс өмнө инженерийн иж бүрэн үзлэг хийсэн гэнэ. Мөн 14 хоног тутамд ээлжит үзлэг хийдэг болохоор аюулгүй ажиллагааны тухайд санаа зоволтгүй болжээ.

Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээрээ байгаа гэнэ. Гадаа талбайн тоглоомууд 5000 төгрөгийн үнэтэй. Тойрог буюу аварга галзуу хулгана 6000 төгрөг ажээ. Хэрэв багцийн тасалбар худалдаж авбал нэг тоглоом дээр 2500-3000 төгрөгөөр тоглох боломжтой юм байна. Одоогоор “Fun”буюу гурван тоглоом дээр тоглох тасалбар 10 мянга, “Happy” буюу таван тоглоом дээр тоглох нь 15 мянга, “Cool” буюу долоон тоглоом дээр тоглох нь 20 мянга, арван тоглоом дээр тоглох “Super” багц 25 мянган төгрөгийн үнэтэй. ҮСАХ-гийнхэн баярын өдрөөр ачаалал ихтэй байдаг учраас хямдрал зарлах боломжгүй гэсэн. Харин долдугаар сарын эхээр бүх тоглоомондоо 50 хувийн хямдрал зарлана гэж байлаа. Хүүхдийн баярын угтсан “Гайхамшигт 7 хоног” хөтөлбөрийн хүрээнд парк 12 цагаас шөнийн 00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар болжээ

Хүүхэлдэйн театрынхан ч бас хүүхдийн баярын өдөр тусгай хөтөлбөрийн дагуу багачуудад үйлчлэх юм байна. Зургадугаар сарын 1-ний өдөр 10.00 цагаас эхлэн УДЭТ болон төв талбай дээр “Үлгэрийн баатрууд” нэртэй парад зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр Хүүхэлдэй театрын уран бүтээлчид үнсгэлжин, цасан гоогоос эхлээд “Frozen”-ы Анна, Элсагийн дүрд хувиран хотын төвөөр алхах ажээ. Парадын дараа Хүүхэлдэйн театрын урд талбайд хайртай үлгэрийн баатруудтайгаа хамт зураг авахуулж болно гэсэн. Дараа нь буюу 12.00, 14.00 цагуудаас Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхий” хүүхдийн жүжиг тоглох ажээ. Бас театрын тайзнаа үзэж амжаагүй хүүхдүүдэд зориулан “Вива сити” дэх баярын арга хэмжээний үеэр буюу 16.00 цагаас дахин тоглох юм байна. Хүүхэлдэйн театртай зэрэгцэн байрлах УДЭТ-ынхан ч бас энэ өдөр хүүхэд, багачуудыг баярлуулахаа мартсангүй. Тэд 11.00, 13.00 цагуудаас К.Драгунскаягийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” нэртэй хүүхдийн жүжиг тоглохоор болжээ. ҮДБЭЧ-ынхан ч бас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” хүүхдийн жүжиг тоглоно гэнэ. Уг жүжгийг тус театрын уран бүтээлчид өнгөрсөн жилээс эхлэн тоглож байгаа бөгөөд хүүхэд, багачуудын үзэх дуртай жүжгүүдийн нэг болжээ.

“АСА” цирк дээр хүүхдийн баярын арга хэмжээнүүд энэ сарын 29-нөөс эхлэх юм байна. Циркчид зургадугаар сарын 1 хүртэл өдөр бүр 11.00, 14.00, 17.00 цагуудаас “Циркийн шилдэг үзүүлбэрүүд” тоглолттой бол Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тавдугаар сарын 30, 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд 11.00, 14.00, 17.00 цагуудаас “Бонгын аялал” тоглолт болох ажээ. Харин хүүхдүүдийн хамгийн үзэх дуртай тоглолтуудын нэг болох “Динза, Цондоолой үлгэрүүдийг аварсан нь” шоу тоглолт “Crocus” төвд болох юм байна. Уг тоглолтын тасалбар 26 мянган төгрөг бөгөөд ирсэн хүүхэд бүрт уут дүүрэн бэлэг өгнө гэсэн. Энэ мэтчилэн хүүхдийн баярт зориулсан арга хэмжээ нийслэлийн хэмжээнд болно. Нэгдсэн арга хэмжээ Чингэс хааны талбайд 11.00-14.00 цагийн хооронд болохоос гадна дүүрэг бүр өөрсдийн талбай дээр багачуудыг баярлуулах ажээ.

Харин хүүхдийн гэх тодотголтой “Аз”, “Нархан”, “Хөгжилтэй дэлхий” зэрэг хүүхдийн дэлгүүрүүд багачуудад зориулсан дорвитой хямдрал зарлаагүй байна. “Аз” их дэлгүүр дээр очиход 20-50 хувийн хямдрал зарлалаа гэж бичсэн байв. Гэвч хүүхдүүдийн сонирхлыг татахгүй тоглоомууд болон хавар, намрын зарим төрлийн хувцсаа хямдруулжээ. Тус дэлгүүрээр үйлчлүүлж буй Б.Дэлгэрмаатай уулзахад “Уг нь хоёр хүүхдэдээ зуны хувцас худалдаж авъя гэж энд ирсэн. Гэвч өдийд өмсөж болохоор хөнгөн, нимгэн хувцас хямдраагүй байна. Улирал нь дууссан буюу хаврын куртик, пальтонууд хямдарсан байна лээ. Тоглоомуудын тухайд ч тэр хүүхэд тэр бүр сонирхохооргүй хэдэн тоглоомоо хямдруулсан байгаа нь харамсалтай” гэж байв. Түүний ярьж буйгаар тоглоомын тасагт 20-50 хувийн хямдрал гэж бичсэн ч гэлээ яг сонирхол татахуйц тоглоомууддаа ямар ч хямдрал зарлаагүй байгаа ажээ. Бас хямдрал зарласан тухай зарыг гадуур явж байгаа хүмүүст харагдахаар бус дэлгүүрийн лангууны араар нуух шахам тавьсан байлаа. Түүнээс өөр сурталчилгаа байхгүй болохоор эцэг, эхчүүд хүүхдийн баярын бэлгэнд чихэр, ундаа голдуухан худалдаж авч байгаа болов уу. “Аз” их дэлгүүрийн зэргэлдээх “Нархан” хүүхдийн хувцас, тоглоомын дэлгүүрээр орлоо. Тэнд хүүхдийн баярт зориулсан ямар нэгэн хямдрал алга. Гаднаа солонгос хүүхдийн хувцас гэсэн хаягнаас өөр зүйлгүй тус дэлгүүрт хүүхдийн баярын уур амьсгал байхгүй байлаа.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн зориулалт, байршилд өөрчлөлт орууллаа

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/454 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 54 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажууллаа.

Газар эзэмших,ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаагэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Татвараа төлөөгүй 85 мянган тээврийн хэрэгсэл байна

Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад дөрвөн хоног үлдлээ. “Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай” хуулийн дагуу иргэд тээврийн хэрэгслийн татвараа жил бүрийн зургадугаар сарын нэгнээс өмнө төлөх үүрэгтэй байдаг. Харин энэ сарын 27-ны байдлаар 310 мянган тээврийн хэрэгслийн жолооч автотээврийн хэрэгслийн албан татвараа төлж, орон нутгийн төсөвт 15 тэрбум төгрөгийн татвар төвлөрсөн байна. Харин одоо 85 мянган тээврийн хэрэгсэл татвараа төлөх дутуу байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Лениний музейн шүүх хурал гурав дахиа хойшлов

Хуучнаар Лениний музей буюу Үлэг гүрвэлийн төв музейн барилга, газрыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх шүүх хурал гурав дахь удаагаа хойшлов. Уг шүүх хурал өчигдөр 16.30 цагт Иргэний хэргийн нэгдүгээр шүүх дээр эхэлсэн ч МАН-ын хүсэлтээр ийнхүү хойшилжээ. Шүүх хуралд нэхэмжлэгч тал, мөн гуравдагч этгээд н.Алтангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирсэн байсан ч МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид намын ажлаар хөдөө орон нутагт шүүх хурлын өдрийн өглөө томилолтоор ажиллах болсон тухайгаа дурьдсан бичиг, нотлох баримтыг ирүүлсэн юм байна. Тиймээс хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч ирэх долоодугаар сарын 08-ны өдөр дараагийн шүүх хурлыг товлож, дахин хойшлуулах боломжгүйг МАН-д сануулжээ.

Categories
мэдээ улс-төр

“Эрүүгийн хууль буруу гарвал гэмгүй хүнийг амьтан болгоно”

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Өмнөх Засгийн газрын үед өргөн баригдсан ч эргүүлэн татагдаад байсан хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдээс нэлээд олон асуулт тавьж, санал хэлж байв. Ингээд хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:-Хуулийн төслийг дэмжмээр байгаа боловч улам хумигдаад байна. “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр гардаг шиг хууль санаачлагч хариулаад байна л даа. Хуулийг өмнө нь орон дотроо засдаг байсан бол энэ удаа хуулийг хүний эрхтэй нь хамт хулгайлдаг болж байна. Энэ хуулийг гурав задлаад нарийн зохицуулах ёстой.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:-Хэрэв энэ хууль буруу гарвал гэмгүй хүнийг амьтан болгоно. Зөв гарвал буруутныг шүүдэг, хохирогчийг хамгаалдаг механизм бий болно. Энэ хуулиас хүнийг үндэслэлгүй барьж хорих асуудлыг таслан зогсоогоосой, хоёрт хүнийг барьчихаад нотлогдохгүй бол өөр хэргээр ялладаг байдлыг өөрчлөөсэй гэсэн хүлээлт байна. Сталины хэлсэнчлэн “Хүн нь байвал зүйл анги нь олдоно” гэдэг хандлагыг өөрчлөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:-Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хязгаар тавих л уур амьсгал энд мэдрэгдэж байна. Тиймээс уучлал гуйх ёстой хүмүүсээс уучлал гуйгаад, ямар хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм, хэнийг үндэслэлгүйгээр шалгасан талаараа мэдээлэл өгчихмөөр байна. Ингэвэл хандлага, ойлголт арай өөр болох байх. Хуулийн байгууллагынхны дунд хөл бөмбөгдөх буюу харьяаллыг нь өөрчлөөд хугацааг нь шинээр тогтоодог байдлыг зогсоомоор байна. Хүний эрхийг хангах чиглэлээр гарсан нааштай өөрчлөлтөө бататгаж өгөхгүй бол хуулийг өөрөөр ашиглах нүх сүв харагдаад байна. Х.Тэмүүжин, Д.Дорлигжавын бодлого яагаад зөрөөд байгаа юм. Сайд болгоны тоогоор бодлого өөрчлөгдөхийг буруу гэж үздэг. Ийм томоохон хуулиудыг иж бүрнээр нь солих нь тийм ч оновчтой биш. Тиймээс нэмэлт өөрчлөлт оруулах замаар өөрчлөх хэрэгтэй болов уу. Яагаад гэхээр олон хүний хувь заяаны асуудал сөхөгдөнө.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:- Хуулийн төслийг дахин нухацтай ярилцах шаардлагатай.

О.Баасанхүү:-Нэгэнт “Эрүүгийн хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн учраас энэ удаа дэмжихээс аргагүй байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:Хэрэг бүртгэлийн ажиллагаа нууц далд аргаар явагдахыг хэлж байгаа. Гэтэл хүн ямар хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэхгүй, энэ хугацаанд өмгөөлөгчөөс зөвлөгөө авч чадахгүй. Ялангуяа улстөрийн ээдрээтэй үед чимээгүй нотлох баримт цуглуулаад хэрэгт оруулахыг үгүйсгэхгүй.

Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг гишүүдийн 65 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.

Харин одоо Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Categories
мэдээ спорт

“Асашёорюү кап”-д түрүүлсэн бөх 500 ам.доллар гардана

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн нэрэмжит “Асашёорюү кап” өсвөрийн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн манай улсад анх удаа болох гэж байна. Өнөөдөр буюу тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 30-ныг дуустал Буянт-Ухаа спортын ордонд болох энэ тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казакстан зэрэг орны өсвөрийн тамирчид оролцож байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Хятадаас бусад орны тамирчид манай улсад бэлтгэлээ базааж байна. Энэ удаагийн тэмцээн “Хүүхдийн баяр, бөхийн баяр” уриан дор болж байгаа бөгөөд түрүүлсэн бөхөд байлсан шагнал нь 500 америк доллар юм. Гэвч тэмцээний мандатын хураамж 60 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь эцэг эхчүүдийн гомдол, уур бухимдлыг дагуулж байна. Ийм өндөр үнэтэй мандатыг холбогдох хүн нь тайлбарлахдаа “Нэгэнт олон улсын шинж чанартай учир олон улсын жишгийг дагаж байна, энэ бол ДБНХолбооны дүрэм” гэв. Өсвөрийн тамирчдын олон улсын тэмцээний хураамж ойролцоогоор 30 швейцарь франк байдаг байна.

Мөн “Асашёорюү кап”-ын шагналын медалийг Япон улсад захиалгаар хийлгүүлсэн бөгөөд тэмцээний бүх зардлыг Асашёорюү сан гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

“Moda Made in Italy”- Загварын шоу болно

Монголын Ноос, Ноолуурын Холбоо олон улсын зах зээлд бүтээгдэхүүнийхээ загвар дизайн, чанараараа танигдсан Италийн компаниудтай хамтран 2015 оны 5-р сарын 31-нд “Moda Made in Italy” загварын шоу, 6-р сарын 1-нд уулзалт, ярилцлага зохион байгуулах юм байна. Эдгээр арга хэмжээ Туушин зочид буудлын “Соёмбо“ танхимд болох бөгөөд Италийн компаниудтай хамтран ажиллах сонирхолтой Монголын компани, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс тус холбооны 342950 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тархины саажилттай хүүхдүүдэд 1000 төгрөг хандивлацгаая

Тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан сувиллын барилгын санхүүжилтын асуудлыг шийдэхээр Хүүхдийн төлөө Халуун болор төв Фэйсүүк давалгааг эхлүүллээ. Фэйсбүүк давалгаанд 285.000 хүнийг уриалснаас өнөөдрийн байдлаар 5809 хүн нэгдээд байна.

Тархины саажилттай хүүхдүүдэд зориулан 15 жил хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж ирсэн энэ байгууллага Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар их дэлгүүр, Баянхонгор аймгийн Засаг даргын ивээл дор, Шаргалжуут рашаан сувиллыг түшиглэн сувиллын барилга барих хандивын аяныг явуулж байгаа нь энэ юм.

Та энэ аянд нэгдэж тархины саажилттай хүүхдүүдэд сувиллын барилга барих ажилд оролцохыг хүсвэл зургадугаар сарын 1-ний өдөр тус аяны нээлт дээр Халуун болор хандивын хайрцагт ердөө 1000 төгрөг хандивлаж болох юм. Хандивын хайрцаг Чингисийн талбай, Улаанбаатар их дэлгүүрээр аялана.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн анхны супер моделийг Эвелин гэдэг байжээ

Супер модель гэхээр гоо сайхны бэлгэдэл болсон зүс царай, бие хаа санаанд орох нь дамжиггүй. Энэ нэр томъёо XX зууны эхээр гарч ирсэн байна. Хэрвээ хэн нэгэн энэ тодорхойлолтыг хүртсэн бол тэр тухайн жилийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлогч, гоо сайхны төлөөлөгч болдог байна. XX зууны хамгийн алдартай модель бол Филаделфигээс ирсэн Эвелен Несбит байв.Тэр тухайн цаг үеийнхээ хамгийн эрэлттэй модель байсан бөгөөд түүний гоо сайхан Америк даяар цуурайтаж байсан гэдэг. Түүний амьдрал хүнд хэцүү байсан ч тэрээр загварын ертөнцөөс хойш ухраагүй байна. Ирланд гаралтай Эвелений аав нь нас барсны дараа гэр бүл нь их хэмжээний өрөнд орж ээж нь гэр бүлээ тэжээхийн тулд ганцаараа ажиллаж эхэлжээ. Тэрээр 14 насандаа загварын ертөнцөд хөл тавьж 1900 онд Нью-Йоркт ирсэнээр түүний амжилтын гараа эхэлсэн байна. Түүнийг загварын ертөнцөд “Супер модель” гэх тодотголыг анх удаа оруулж ирсэн гэх бөгөөд тэрээр энэхүү тодотголоор нэрлэгдсэн хамгийн анхны загвар өмсөгч юм хэмээн BBC-д бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Бааварт 1.6 жилийн хорих ял оноов

Хип хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр нарын хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өчигдөр(05.27) шүүж тэдэнд ял оноожээ. Ш.Батбаярыг төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгт шүүхээс буруутган 1.6 жилийн ял оноосон байна. Мөн түүнтэй хамт шүүгдсэн Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан хэрэгт буруутай болохыг тогтоожээ. Ингээд Д.Манлайжаргалд гурван жилийн хорих ял, М.Бадралыг гурван сар хорих ялаар шийтгэсэн байна.

Энэхүү хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хадгалсан, олж авсан хэрэгт Ш.Батбаярыг буруугүй, зөвхөн төрийн албан хаагч буюу цагдаагийн биед халдсан хэрэгт буруутгагдсан аж.