Categories
мэдээ спорт

Ширэн бээлийтнүүд ганзага дүүрэн иржээ

Казахстан улсын Атырау хотноо Ардын баатар Исатай Тайманов болон Махамбет Өтемисовын нэрэмжит Олон улсын А зэрэглэлийн тэмцээнд манай боксчид амжилттай оролцжээ.

Тэмцээний 56 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү алт, 52 кг-д А.Нурлан мөнгөн медаль хүртэв. Харин 69 кг-д тулалдсан гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 49 кг-д спортын мастер Т.Жолдасбек, олон улсын хэмжээний мастер Г.Ариунболд, 81 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр нар хүрэл медаль хүртсэн байна.

Мөн олон улсын хэмжээний мастер О.Батхүү тусгай шагналын эзэн болжээ. Түүнчлэн шагнал гардуулах ёслолын үеэр Атырау мужийн боксын ахлах дасгалжуулагч Канат Оракбаев манай улсын тамирчин У.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэн, тоорцог малгай өмсүүлж, өргөмжлөл гардуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын үрийн нөөцөөс гурван мянган тонн буудайн үр гаргана

Улсын хэмжээнд энэ жил 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийт 400.8 мянган га-д тариалалт хийх юм байна.

Эдгээрээс 500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ хурааж авах төлөвлөгөөтэй байгаа аж.

Харин тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг орон нутгаас хүлээн авч дутагдах үрийг хангах асуудалд анхаарлаа хандуулж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Хаврын тариалалтад нийт 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд өнгөрсөн оны ургацаас 45.0 мянган тонныг нөөцөлсөн байна.

Тиймээс үлдсэн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргахаар болжээ.

Тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 6.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 21.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах юм. Улмаар тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 20, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох юм байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас өнөөдрийн байдлаар 57 аж ахуйн нэгж, иргэн 1.8 мянган тонн буудайн үр, 91 аж ахуйн нэгж 444 тонн шатахуун авахаар гэрээ хийжээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн тамирчид Доха хотыг зорилоо

Энэ сарын 6-9-ний өдрүүдэд Катар улсын Доха хотод болох насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр хилийн дээс алхалаа.

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн 28 дахь, эмэгтэй чөлөөт бөхийн 18 дахь аварга шалгаруулах тэмцээн Доха хотын 2000 үзэгчийн суудалтай “Aspire” спорт цогцолборт гурван дэвжээн дээр явагдах аж. Тэмцээний үеэр Азийн бөхийн холбооны их хурал болох бөгөөд хуралд МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж оролцох юм байна.

Categories
мэдээ улс-төр

”Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” бага хурал болж байна

“Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурал өнөөдөр “Blue sky” зочид буудалд эхэллээ.

Бага хурлыг “Нэг Монгол” ТББ, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, УИХ-ын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа аж.

Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд тодорхой зүйл заалтад өөрчлөлт оруулсан. Улстөрийн өнөөгийн нөхцөл байдал, төрд итгэх итгэл жилээс жилд муудаж байгаа нөхцөлд Үндсэн хуулиа эргэж харах шаардлагатай гэж судлаачид үзэж байгаа юм.

“Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол, практикийн бага хурлыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн.

“Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдвээр Г.Занданшатар, “Үндсэн хуулийн эх үзэл санаа ба хэлэлцүүлгийн явц дахь өөрчлөлтийн үр дагавар” сэдвээр Саарландын их сургуулийн профессор Торстен Штайн, “Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл, хэрэгжилт, шийдэл” сэдвээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын хүмүүс илтгэл тавих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Үндэсний бичиг үсгийн баяр” болж байна

Эх хэлээ дээдлэх, үндэсний бичиг соёлоо хадгалан хамгаалах, сурталчилах зорилгоор жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригийг“Үндэсний бичиг үсгийн баяр” болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийнхувьд Үндэсний бичиг үсгийн баяр өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр тохиож байна.

Баярын нээлтийн үйл ажиллагаа Монголын Үндэсний номын сангийн өмнөх талбайд 11.00 цагт болсон бөгөөд энэ үеэр Монгол бичгийг залах ёслол боллоо. Мөн уран бичих төлбөрт үйлчилгээ, номын худалдаа, үнэт ховор номын үзэсгэлэн, монгол бичиг үсгийн цахим болон уламжлалт үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.

Түүнчлэн “Үндэсний бичиг үсгийн баяр-2015” арга хэмжээний хүрээнд “Болор цом” хүртсэн яруу найрагчдын шүлгүүдийг уран сэтгэмжтэй, хичээнгүй бичих уралдаан явуулж, “Болор цом”-ын шагналт яруу найрагч, уншигчдын уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Categories
гадаад мэдээ

Хатан хааны гэр бүлд гүнж мэндэлжээ

Их Британы хааны гэр бүлд бяцхан гүнж мэндэлжээ. Тус улсын хунтайж Уильямийн гэргий гүнж Кэйт Миддлтон өчигдөр буюу тавдугаар сарын 2-ны өдөр нярайлж 3.7 кг охинтой болсон байна. “BBC” агентлагийн мэдээлснээр гүнж хааны гэр бүлийн хувийн эмнэлэг болох “Сэти Мэри” эмнэлэгт бямба гаригийн өглөөний 8.34 цагт охиноо төрүүлжээ.

Кэнсингтоны ордны элч энэ талаар өчигдөр өглөө “Хатан хаан Элизабетболон Уэльсийн ханхүү Уильям, гүнгийн ахайтан Кэйт Мидллтон, бяцхан хунтайж Жорж нар гэр бүлийн шинэхэн гишүүнээ угтан авлаа. Хатан хааны гэр бүлд бяцхан гүнж мэндэллээ. Бидний гүнж урт удаан, аз жаргалтай амьдрах болтугай” хэмээн ард иргэддээ албан ёсоор мэдэгджээ. Эл баяртай мэдээг хүлээн авсан иргэд ордны гадна “Гүнж, гүнж” хэмээн уухайлан баярлаж байсан байна.

Ийнхүү ГүнУильям болон Гүнгийн ахайтан Кэйт Мидллтон нар хоёр дахь үрийнхээ зулай үнэрлэв. Их Британийн хатан хааны гэр бүлд хоёр жилийн өмнө буюу 2013 оны долдугаар сарын 22-нд ханхүү мэндэлж, гүнж Кэйт Миддлотон нуган үр төрүүлсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

Монголыг дэлхийд алдаршуулж яваа Б.Сэр-Од

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Монголын тамирчдаас олимпийн эрхээ саяхан авсан. Тэрээр Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дахь удаагийн марафон гүйлтэд оролцож 40 километр замыг хоёр цаг, 10 минут, 15 секундэд туулан 20.000 оролцогчоос зургадугаар байрт шалгарсан юм. Энэхүү амжилтаараа 2016 оны Риогийн зуны олимпийн их наадамд оролцох болзлоо хангасан билээ. Марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од ийнхүү хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн хамтаар Монголын тамирчдаас одоогоор олимпийн эрхээ аваад байна.

Б.Сэр-Од гавьяатын хувьд 2004 оны Афины олимпод эх орноо төлөөлж оролцохдоо медальт байрт шалгараагүй ч “Чингэсийн Монгол” хэмээн дэлхий дахинд шуугиулсныг бид мэднэ. Улсынхаа рекордыг арав гаруй удаа шинэчлэн тогтоогоод байгаа. Одоогоор үзүүлсэн түүний хамгийн дээд амжилт 42 километр замыг хоёр цаг 11 минут, 05 секундэд туулсан нь бичигдээд байна. Японы Оитад болсон тэмцээний үеэр гавьяат маань уг амжилтыг үзүүлсэн юм. Ийнхүү 42 километр замыг 2 цаг, 11 минут, 05 секунд туулж буй Сэр-Од дэлхийд гайхагдаж байна. Азидаа хамгийн нэртэй тамирчдын нэгээр нэрлэгдэж, Япон тэргүүтэй олон орон түүнийг өөрийн харьяалалдаа авах гэж, иргэнээ болгох гэж зүтгэцгээж байдаг юм.

Мөн тэрээр өнгөрөгч жил Инчёны Азийн наадмын марафон гүйлтийн төрөлд дөрөвдүгээр байрын шагнал хүртэж Ази тивийн олимп болох уг наадмын марафон гүйлтийн 40 километр замд ганцаараа тэргүүлж, үндсэндээ 40 километр замын турш Монголынхоо нэрийг олон улсад дуудуулж байсан. Тэгэхэд манай сонин түүний “Сумынхаа нэрийг дуудуулсан бөхчүүдийг байр машинаар буллаа, Монголоо дэлхийд цуурайтуулсан Сэр-Одод юу өгсөн бэ” гэх нийтлэл бичиж байв.

Сэр-Од бол үнэхээр Монголоо дэлхийд сурталчилж яваа тамирчин юм. Тэр дахиад л хүн төрөлхтөнд эх орныхоо нэрийг мандуулахаар олимпийн их наадмын эрхээ авлаа.

Чамархайныхаа судсыг гүрийтэл монгол хүний зориг тэвчээрийг үзүүлж, эх орныхоо нэрийг мандуулж яваа Сэр-Од Хонгконгт болсон Азийн 14 дэх удаагийн марафон гүйлтэд 42 километр замыг хоёр цаг 17 минут, 47 секундэд туулж аварга болж байсан түүхтэй. Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэнд анх удаа Ази тивийн аварга болсон тамирчин нь Сэр-Од л доо. Мөн тэрээр хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлж оролцсон анхны тамирчин гэдгээрээ түүхэн амжилтын эзэн.

Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од гавьяат тамирчин цол хүртсэнийхээ дараа манай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр би өөрийн гэсэн гэр оронгүй л явж байна. Гадаадад тэмцээн уралдаанаар явах, бэлтгэл хийхэд мөнгө төгрөг их хэрэгтэй болдог. Би одоогоор хадам ээжийнхээ хажуу өрөөнд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа шүү дээ. Уул нь Говь-Алтай хүн л дээ. Гэвч нутаг нугынхнаас намайг дэмждэг хүн байхгүй” гэж хэлсэн байдаг. Энэ бол гарцаагүй үнэн юм. Түүнд бид үнэхээр дэмжлэг үзүүлээгүй. Тэр өөрөө л чардайж зүтгэсээр ирсэн.

Ямар сайндаа дасгалжуулагчдаа өгөх мөнгөгүй учир эхнэрээ хөнгөн атлетикийн дасгалжуулагч болгосон байдаг. Гадагшаа тэмцээн уралдаанд ганцаараа явна. Зардал мөнгө нь тэгж таардаг байсан биз. Ийм л зовлон бэрхшээлийг тэр туулж ирсэн. Аргагүйн эрхэнд Японы NTN компанид ажилд орж, тус компанийн нэрийн өмнөөс уралдах болсноо Японд болсон олон улсын марафон гүйлтийн үеэр хэвлэлийнхэнд мэдэгдсэн байдаг. Олон улсын наадамд түүнийг оролцоход “Японд амьдарч бэлтгэлээ хийж байгаа Монголын тамирчин” гэж албан ёсоор зарлах болсон байна лээ.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

Хадаа аваргын сумын заан, улсын начин болсон түүх

Хадаа аваргын үндэс­ний бөхөөр барилдаж эхэл­­сэн түүх их сонин. Сумын наадамд зуузай нь урагдчихсан бахиалтай барилдаад түрүүлчихдэг. Үндэсний бөхөөр нэг ч удаа бэлтгэл сургуулилт хийж үзээгүй. Зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихээд шууд улсын баяр наадамд барилдаж,начин цолтой болсон байдаг. БНМАУ-ын начин цол авах гээд индэр өөд гарах үед нь түүнд бусад шигөмсөх шинэ дээл, гутал энэ тэр байсангүй. Улсын шигшээ багийн тамирчид өмсдөг биеийн тамирын хослолтой давхиж очоод авчихсан байдаг.

Монгол Улсын аварга Д.Хадбаатар үндэсний бөхөөр хэрхэн барилдаж ирсэн түүхийг уншигч та бүхэнд хүргэж байна.

Д.Хадбаатар Баруун­хараагаас эгч Намжилмаагаа дагаж хотод орж ирээдхөнгөн атлетикаар хичээллэж, бүр улсын шигшээ багийн тамирчин болсон үе. Мань эр Анагаах ухааны дунд сургуульд орсон ч хэд хоног яваад олон охинтойгоос нь ичээд сургуулиа хаяадзугтаачихсан гэдэг. Ингээд 24 дүгээр сургуулийг орой­гоор сурч 1970 оны зургадугаар сард төгсөөд байхад нь цэргийн зарлан хуудас иржээ. Д.Хадбаатар ч цэргийн зарлан дуудах хуудас авсандаа баярлаж, энэ талаар багш, дарга нартаа хэлчих юм бол цэрэгт явуулахгүй байж магадгүй гээд тас нуучихсан байна. Харин цэргийн зарлан ирсэн гэдгээ аав Б.Дагвацэрэндээ хэлтэл“Миний хүү цэрэгт яв. Эр хүн болгоны хаадаг алба” гэх урмын үг хэлсэн байна. Ингээд цэргийн комиссоор орлоо.Тэгсэн Д.Хадбаатарыг харсан буурал толгойтой хижээл насныцэргийн дарга бололтой хүн “Олон жил хайж явсан хүнээ оллоо” гээд сүйд болжээ. “Алдар” нийгэмлэгийнхэнсайн бөхтэй болох гэж цэрэгт ирж байгаа залуусыг харж явсан нь тэр аж. Удалгүй цэргийн хувцас тавьж өгсөн чинь Хадаа аваргад таарах гутал олдсонгүй. Цэрэг хувцас дээр кетээ өмсчихөөд хаашаа ачигдахаа хүлээгээд суугаад байж. Ийнхүү бусдаас өндөр бие хаа өндөр бяр чадалтай Хадбаатарын “Алдар” нийгэмлэгт бэлт­гэлийн тамирчин болсон түүх ингэж эхэлжээ. Тухайн үед Хадбаатарыг харсан хүн болгон л “Чи барилддаг уу” гэж асууна. Тэр асуулт болгонд Хад “Үгүй” гэх товчхон хариулт өгдөг байжээ. Ер нь хүмүүстэй огт барилдаж байгаагүй гэнэ. Түүнд бөхөөр барилдах сонирхол ч байсангүй.Харин хөнгөн атлетикаар амжилт гаргаж, тив дэлхийн тэмцээнд оролцож үзэх юмсан гэсэн далд хүсэл мөрөөдөл сэтгэлдээ тээж явсан үе.

1971 оны зургадугаар сар, цэрэгт ирээд яг жил болох гэж байхад нь “Алдар” нийгэмлэгийн зуны нээлтийн арга хэмжээ болов. Байлдагч, бэлт­гэлийн тамирчин Д.Хадбаатар спортын төрлийн арга хэмжээнд хүрэлцэн ирж байгаа хүмүүст билет таслах ажил хийгээд үүдэнд зогсож байлаа. Үүдээр орж байгаа хүмүүс мөн л “Чи нэг барилдаад үзээч. Аль аймгийн бөх вэ” гэж асууна. Харсан хүн болгон бөх болгож хараад байхаар нь нийгэмлэгийнхээбарилдаанд зодоглоод үздэг ч юм билүү гээд багш, дэд хурандаа Даш дээр яваад очсон байна. “Нөхөр дэд хурандаад, байлдагч Хадбаатар. Би нийгэмлэгийн бөхийн барилдаандбарилдаж болох уу” гэжшууд асуучихсан байна. Харин Даш багш нь Хадбаатарын барилдах сонирхолтой байгааг мэдээд нийгэмлэгийн нээлтийн барилдаанд барилдах зөвшөөрөл өгчээ. Ингээдцэрэг хувцастай Хад анх удаагаа бөхийн тэмцээнд орж барилдав. Нэгийн даваанд Монгол Улсын заан Адьяатай таарч, төвөггүйхэн давлаа. Хоёрын даваанд улсын заан Барамсайтай таарч барилдаад мөн л давчихжээ.Анх удаагаа барилдаж үзсэн Хад улсын хоёр ч том цолтой бөхийг угсруулаад өвдөг шороодуулчихлаа. Ангийн захирагч, хамт алба хааж байгаа цэргүүд Хадбаатарт баяр хүргээд сүйд болов. Гурвын даваанд түүнийг дархан аварга Х.Баянмөнх амлан авчээ. Баянаа аварга ид байсан үе. Ингээд залуу бөх Хадбаатар аварга Баян­мөнхтэй барилдлаа.Их удаан барилдаж, Баянаа аварга олон жилийн туршлагаараа давлаа. Сайн барилдаж хоёр давсан Хадбаатарыг сайн барилдах хүүхэд байна гээд“Алдар” нийгэмлэгийн багш нар нь түүнд зориулж зодог шуудаг хийлгэжээ. Ингэж л Хадбаатар аваргын сэтгэл зүрхэнд барилдах хүсэл асч эхэлсэн байна. “Алдар” нийгэмлэгийн барилдаанд улсын заан цолтой хоёр ч хүнийг давчихсан юм чиньулсын баяр наадмаар барилдаад үздэг юм билүү гэж бодсон боловч бүтсэнгүй.Зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтээр спортын мастер болох үүрэг багш, дарга нараасаа авчихсан болохоор барилдах талаар яриад ч хэрэггүй байлаа.Долдугаар сарын 10-ны өдөр улсын аварга шалгаруулахтэмцээн наадамтай давхцаж болов. Бие халаалтаа хийж байгаад тэмцээн болох талбай дээр яваад очтол“Чам шиг бацаан байтугай том мастерууд нь тэмцээний нээлтэд ирж жагсаж байхад чи яагаад ирдэггүй юм” гээд лбагш нар ньөөд уруугүй загнаж гарчээ. Багшдаа загнуулж урам нь хугарсан “амьтан” зээрэнцэг шидсэн 43 метр шидэж түрүүлэв. Гэхдээ мастерийн норм биелүүлэхэд гурван метр дутжээ.Багшнар нь дахиад л түүнийг загнав. Тэмцээн дууссан орой “Наадам болж хүн бүр баярлаж байхад би эд нарт загнуулаад зогсож байх гэж. Гэртээ харьж аав, ээж дээрээ очиж хэд хоночихоод ирье” гэж бодоодбагшдаа худлаа хэлж чөлөө авчихаад вагонд суугаад гэр лүүгээ явчихжээ. Шөнө дундын үед Баруунхараагийн галт тэрэгний буудалд буугаад Загдал руу ганцаараа алхчи­хав. Шөнө­жин алхаад үүр хаяарч байхад гэртээ сая нэг юмирлээ. Цэрэгт явж, “Алдар” нийгэмлэгт орсон хүүгээ гэнэт үүр цүүрээр хүрээд ирсэнд аав, ээж хоёр нь баярлан, оргоод ирсэн юм биш байгаа гэж айж бэргэсээр угтсан гэнэ. Жил гаруй хараагүй хүү нь улам өндөр болчихсон байв. Бие хаа тэгширсэн сайхан залуу болсон байлаа. Хадбаатар аавдаа сумын наадамд барилдаж үзмээр байгаагаа ч хэлжээ. Харин аав Б.Дагвацэрэн “Миний хүү жаахан унтаад нүдний хор гаргачих. Аав нь морийг нь барьж ирээд хамт сум руу явъя” гээд адуундаа мордсон гэдэг.Нар хэдийнэ гарчихсан байхад Хадбаатар сэрэв. Ээж нь үнээгээ сааж, цайгаа чаначихсан. Холоос ирсэн хүүдээ хоол унд бэлдэж байв. Харин аав нь түүний унах дуртай хээр морийг бариад эмээллэчихсэн хүлээж байлаа.Ингээд ээжийнхээ цэргээс халагдахад нь өмсүүлнэ гэжхүүдээ зориуланхийж,авдартаа хадгалсанүйтэн хуаран дээлээ өмсөөд сумын наадмын талбай руу аавтайгаа хамт явлаа. Ээж Бужгар нь хүүгээ сайн барилдахыг ерөөж сүү өргөж үлдсэн гэдэг. Нар хур тэгширсэн наадмын өглөө. Хүүтэйгээ сумын наадам үзэхээр дөрөө харшууланхатирч явах Б.Дагвацэрэн гуайд хамгийн сайхан мөч нь тэр байсан биз ээ.Аавтайгаа элдвийг ярилцан явах үедбэлчиж яваа хонин сүрэгтэй тааралдсан байна. “Миний хүү ч азтай байна. Халуун хошуутай буянт мал тааралдлаа” гэж Б.Дагвацэрэн гуай ихэд бэлгэшээж байсан гэдэг. Тархан идээшилж байгаа хонин сүргийг нар зөв тойроод Хараа голын гүүрээр гарч Баруунхараагийн сумын төв дээр яваад очлоо.

Хадбаатарт “Улсын цолтой бөхчүүдийг давчихсан юм чинь суманд босоо түрүүлчихнэ” гэсэн бодолтой ирсэн нь энэ. Сумын наадамд 128 бөх бүртгүүлжээ. Нэгийн даваанд 14 настай нэг хүүтэй таарч бусад бөхчүүд нэгийн даваанд гарсан хүүхдүүдийг газраас хөндийрүүлж өргөж тавиад духан дээр нь үнсээд байгаа харагдав. Хадаа ч учраа бөх болох хүүг мөрнөөс нь шүүрч аваад газраас хөндийрүүлжөргөчихөөд духан дээр нь үнсээд тавьчихжээ. Хоёрын даваанд Магсар гэх хүнтэй таарчээ. Төмөр замын бөх­чүүд гэгдэх Жанлав, Жалбуу хоёр ногт ганзагалаад ирсэн сураг дуулдав. Учраа бөхөө ч ядах юмгүй бярдаад давчих­лаа. Хадбаатар зуузай нь ханзарчихсан бахиалтай үзэж тараад байгаа. Түүнд таарах түрийтэй гутал гэрт нь байгаагүй гэдэг. Тэгсэн гурвын даваанд нөгөө сумын наадамдтүрүүлнэ гээд ногт ганзагалж ирсэн Жанлав түүнийг амлаж авчээ. Сумын заан Жанлав Хадбаатартай өрж эхлэнгүүтээ шууд ажиллаж эхэлжээ. Хэд хэдэн угсраа мэх хийсэн гэнэ. Дотуур халз хутгахаар нь хөлөө мултлаадшидчихсэн тээр тэнд үсрээд ойчсон гэнэ. Ахыгаа залуу бөхөд унаж байгааг харж суусан Жалбуу заан “Заяа нь хая. Сайрийсан хөлтэй энэ мууд унаад байхдаа яадаг юм” гэж хашгирсан гэдэг. Дөрвийн даваанд ахыг нь олны өмнөбярдаж тээр тэнд аваад шидчихсэнд уурласан Жалбуу заан түүнийг дараагийн даваанд амлан авчээ. Хадаа хоёр гарыг нь холбож барьж байгаад нохой мордож унагадаг мэхтэй. Тэр мэхээ хийсэнзаан унаад өгчээ. Ах, дүү хоёр зааныг давчихсан чинь наадамчин олон хашгиралдаад явчихлаа. Хадбаатар сумын наадмаар дүүрэн сенсаац тарив. “Хоёр зааныг унагачихсан хүүхэд чинь Дагвацэрэнгийн том хүү гэнэ. Их сайхан залуу болжээ” гээд л хүн болгон ярина. Тавын даваанд сумын заан Лхагвасүрэн амлажээ. Лхагваа заан Хадааг өмсөх гэхээр нь дээрээс нь дараад унагачихлаа. Ингээд сумын начны болзол хангалаа. Зургаагийн даваанд зүүн, Баруунхараад босоо түрүүлдэг төмөр замын бөх Лхагвасүрэн гэх бөхтэй таарч барилдав. Хашир заан дархан мэх болох суйлаад дайрчээ. Хадбаатар заандхариу мэх хийж,зайлж түлхээд тэнгэр харуулчихлаа. Үзүүр түрүүндбаазын жолооч Гомботой үлдэв.Барилдахаар өрөөд зогсож байхдаа Д.Хад­баатарын анхаарал сарниад наадамчин олны зүг рүү харж баясах тэрхэн зуур нэг юм гүйгээд ирэх шиг болжээ. Давхийтэл цочсон Хадаа нүдээ аньсан чигтээ нэг юмнаас бариад татчихсан гэнэ. Тэгсэннаадамчин олон шуугилдаад явчихжээ. Нүдээ нээгээд хартал Гомбо заан тээр тэнд ойччихсон байгаа харагдав. Наадамчид руу хараад зогсож байхад нь хашир заан гэнэдүүлж хөл рүү нь гүйж орох үедХадбаатар сандрахдаа цээжнээс нь тэвэрч аваад тээр тэнд чулуудчихсан нь энэ аж.“Хүү минь,сайн барилдаарай” гэж дээлнийх нь захыг мушгиж суусан аавынхаа магнайг хагартал баярлуулж, сумын заан болсон түүх ийм ажээ.

Сумын наадамд босоо түрүүлсэн Д.Хадбаатар “Сумын заан” гэх эрхэм цол хүртэжгэртээ хоёр хоноод “Алдар” нийгэмлэгтээ эргэнирэв. Сумын заан болсон цагаас тэрээр барилдах хорхойтой болжээ. Бөхийн бэлтгэл хийж байгаа тамир­чид дээр очиж ямар бэлтгэл сургуулилт хийж байгааг шимтэн харж зогсдог болов. Гэхдээ түүнийг санаан зоргоор нь барилдуулахгүй лбайлаа. Зөвхөнхөнгөн атлетик, зээрэнцэг бөөрөнцөг шидэх бэлтгэл хийсээр байв.

Сумын заан болсноос жилийн дараа буюу Ардын хувьсгалын 51 жилийн ой, 1972 он. Зургаан сарын 22-ндАИХ-ын сонгуулийн барилдаан болов. Хадбаатар багш нараасаа гуйж байгаад барилджээ. Нэгийн даваанд лагс тарган биетэй, улаан царайтай хүнтэй барилдав. Хэн гэдэг бөх болохыг нь мэдэхгүй учраа бөхөд дуугүй болтлоо аймхайдуулж унав. Золгоод барилдаж байтал гэнэт өрсөлдөгч бөх нь тонгорох мэх хийжээ. Сандрахдаа тас тэвэрчихсэн чинь дээрээ татаж унаад аймхай дээрээ тохойлдуулчихсан гэнэ.Дуу нь гарч болохгүй, талбай дээр хэвтэж байталхэдэн хүнхүрч ирж, сэгсэрч арай гэжамьсгаа авахтай болгов. Наадмын дараа гадаад руу тэмцээнд оролцох гээд улсын шигшээ багийнхан Баянгол зочид буудалд байрлав. Долоон сарын 10-ны өглөө болсон тэмцээнд зээрэнцэгийг 47 метр 29 см шидээдспортын мастергэдэг эрхэм цолны болзол хангав. Харин 11-ний өдөр бөөрөнцөгийг 13 метр 29 см шидэж БНМАУ-ын рекордыг эвдлээ.

Тэмцээндээ амжилт гаргасан Хадбаатар улсын баяр наадамд зодоглож үзмээр санагдаад дотроос нь нэг“юм” хатгаад байлаа. Энэ талаараа багш нартаа хэлтэл “Чи хэд хоногийн өмнөбарилдахдаабэртэл авахаа дөхсөн биз дээ. Удахгүй олон улсын тэмцээн болох гэж байхад бэртэл авчихна” гээд хавьтуулсангүй. Тэгэхээр нь Батлан хамгаалах яамны сайд Дорж генерал дээр гүйж очоод улсын наадамд барилдмаар байгаагаа шуудхэлсэн байна. Дорж генерал ч “Армийн генерал байгаагийн хувьдганц цэргийн толгойг мэднэ” гээд барилдуулахаар бүртгүүлэв. Тэгсэн дасгалжуу­лагч багш нар нь “Чи огт барилдаж болохгүй шүү. Уначихаад ирнэ шүү” гэж захиад гаргасан байна. Тэгсэн Балсан гэдэг бөхтэй нэгийн даваанд таарчээ. Хэсэг барилдаад хайнцаж, давхар уналаа. Тэгсэн аймгийн арслан Балсан “Чи түрүүлж унасан. Тахимаа өг” гээд загнав. Хадбаатар ч мөчөөгөө өгсөнгүй. “Би унаагүй. Та түрүүлж унасан” гээд маргал­даж гарчээ. Хөлийн цэц дахин барилдуулах шийд­вэр гаргалаа. “Чи түрүүлж унасан” гэж худлаа гүжирдэж загнасанд уур нь дээд цэгтээ хүрсэн Хадбаатар Архангайн аймгийн арслан цолтой Балсангийн далбааны араас атгаад хивс гөвж байгаа аятай газар гуядаж “гөвчихөөд” туг тойроод дэвээд гүйлээ.Багш нь “Барилдахгүй унана гэсэн чинь яасан бэ” гээд загнав. Хоёрын даваа эхлэхээс өмнө байрлаж байгаа Баянгол зочид буудал руугаа гүйж очоод зодог шуудгаа авч бүсэлхийгээрээ боочихоод гадуур нь биеийн тамирын цамцаа өмсчихөөд монгол гутлаа бариад төв цэнгэлдэх рүү эргээд гүйлээ. Хоёрын даваа эхэлсэн ч нэрийг нь дуудсангүй. “Багш нар миний нэрийг хасуулчихсанюм байхдаа” гээд бөхийн гарын даа нар дээр очоод асуулаа. “Миний нэрийг яагаад дуудахгүй байгаа юм бэ” гэсэн чинь “Чиний нэр хэн билээ” гэж асуусан байна. “013 дугаар ангийн бөх Хадбаатар” гэхэд“Чи гоц мөргөчихсөн байна” гэжээ. Гоц мөргөнө гэдгийг мэдэхгүй Хадбаатар “Тэр чинь юу гэсэн үг вэ” гэж асуутал “Энийгээ мэдэхгүй байж бөх барилдана гээд байгаа юмаа. Гурвын даваандаа бэлд” гэж хэлээд явуулсан байна. Удалгүй гурвын даваа эхэллээ. Тэгсэн“Өмнөговь аймгийн арслан Бямбаа 013 дугаар ангийн бөх Хадбаатартай” гэж зарлав. “Багш нарт загнуулж байхаар одоо унаад өгье” гэж бодоодучраа бөх дээрээ яваад очлоо. Тэгсэнхэдхэн хоногийн өмнө дуугүй болтол нь унагадаг бөх инээчихсэн зогсож байлаа.Чанга унасан хариугаа авах гээд яс үзэхээр шийдэжшууд хав дөрвөлжин золгож,шуудагдаж өргөөднүүрээр нь газар шидэв. Ингээд улсын наадамд гурав давчихлаа.

Багш Цогтбаатар, Санжаа нар нь мөн л загнасан байна. Тэд Хадбаатарыг барилдуулахгүй гэж загнаад байсан шалтгаан нь сайн тамирчин нь бөхийн спортоор хичээллээд алга болчих вий гэж айсандаа тэгж байжээ. Дөрвийн даваанд хатуу гарт гэгдэх улсын заан Лхагвасүрэн түүнийг амлан авчээ. Лхагваа заан “Ахдаа буугаад өгсөн нь дээр. Миний бэлтгэл сайн байгаа” гэж хор шарыг нь малтав. Хашир туршлагатай заан атлаа ам мэхэнд оруулах гээд байсан гэдэг. Харин Хадаа үүнийг нь мэдэж байгаа шинж ер байсангүй. Лхагвасүрэн зааныг барьж аваад хүүхэд шиглагаарт хэд хэдэн удаа дүүгүүрдээд дугтарчихав. Лхагвасүрэн заан өвдөг нь ногооны шүүс болчихсон босч ирээд “Ахыг нь дүүгүүрдэж хаях ньбитгий хэлминий бяр тэнхээнээс бөхчүүд айдаг юм. Миний дүү начин болоорой” гээд үнсээд тахимаа өгчээ. Уяхан сэтгэлтэй Хадаагийн нүднээс нулимс бөмбөрч туг тойрч гүйлээ. Одоо ганцхан давчихвал начин болчих гээд байдаг. Тэгсэн Монгол Улсын арслан Чойжилсүрэн сумын заан Д.Хадбаатарыг амлан авчээ. Мөөеө аваргын ахынх нь хүүхэд Пүрэвдорж гэх залуу Хадаа аваргыг Төв аймгийн Угтаалцайдам сумынх гэж сонсоод дасгал­жуулж, барилдаанд нь зөвлө­гөө өгөх болов. “Чи элэг бүсний барьц олж ав. Чой арслан барьцгүй цохидог юм” гэх заавар өглөө. Ингээд арслантай барилдахаар өрөөд зогсонгуутаа элэг бүсний барьц олоод автал тас хийтэл хавирчихжээ. Хашир арслангийн дархан мэхэнд уналгүй суун тусаад л босоод иржээ. Ингээд Хадбаатар Чойжилсүрэн арсланг давах гээд баахан мэх хийсэн гэнэ. Сүүлдээ барилдаандаа улайраад ямар ч мэх хийж байгаагаач мэдэхээ байсангэж өдрийн тэмдэглэлдээ дурсан бичсэн байдаг юм билээ. Ингээд Чойжилсүрэн арсланг цээжин доороо хийж дарсаар байгаад унагасан байна. Засуул барилдааныг нь салгаж “Арслан уначихлаа” гээд босгожээ. Залуу бөх Хадбаатарт унасан Чойжил­сүрэн арслан “Мангар Санжаа, улаан Эрдэнэ-Очир гээд бяртай бөхчүүдтэй барилдаж болоод байдаг юм. Сая барилддаг сайрга хөлтэй хүү чинь адгуус шиг ойгүй бяртай юм байна” гэж бөхчүүдэд ярьсан байдаг. Тэр жил Архангай аймгийн Хашаат сумын харьяат С.Жамц, Увс аймгийн Тэс сумын бөх Т.Артаг, “Барилгачин” нийгэмлэгийн бөх Д.Баатаржав, Хадаа аварга нар улсынхаа баяр наадамд тав давж начин цол хүртэж байжээ. Ингэж Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат залуу бөх Д.Хадбаатар БНМАУ-ынначин цол хүртэж, монгол бөхийн ертөнцөд хөл тавьжбайсан гэгээн сайхан түүх ийм ажээ.

Д.Хадбаатар монгол бөхийн ертөнцөд алдаж,онож ард түмнээ цэнгүүлэн баясуулж явсан домогт ихаварга билээ. Аваргынбага хүү Х.Мягмарсүрэн одоо их сайн барилдаж байгаа билээ. Өнгөрсөн жил Дархан-Уул аймгийн наадамд одтой сайхан барилдаж аймгийн харцага цол хүртсэн. Бөх сонирхогчид Х.Мягмарсүрэнг “Аав шигээ сайхан барилддаг сайн бөх болно” гэж шинжиж байна лээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Ардчиллын салхийг сэвэлзүүлсэн нэг ангийнхан

Ховд аймгийн төвийн нэгдүгээр дунд сургуулийг 1964 онд төгссөн хамт олныг энэ удаагийн нэг анги буландаа урилаа. Тухайн үед Ховдын нэгдүгээр арван жилийн сургуульд “А”-гаас “Г” хүртэлх дөрвөн бүлэг төгсчээ. Эдгээр бүлгээс багш нарынхаа ур чадварыг шүүмжилж, анги танхимаа тохижуулъя, өвлийн улиралд анги танхим хичээл хийхийн аргагүй байна гэж сургуулийн захиргаандаа өргөдөл сэлт бичиж, тэр бүү хэл эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулж, үргэлж “хэрэг” тарьдаг байсан нь 10-ийн “Б” ангийнхан байжээ.

Тэднийг төгсөх жилийн өвөл их хүйтэн байжээ. Гэтэл сургуулийнх нь хуучирсан байрны цонх, дээврээр хүйтэн салхи сийгэж, тэд ороолт, зузаан бээлийтэйгээ хичээлдээ суудаг байж. Гэтэл нэг өдөр монгол хэл бичгийн багш М.Шинэхүү тэдний бичгийн хэв анги нийтээрээ муудаж байгааг шүүмжилжээ. Тэрээр аравхан минутын дотор том самбар дүүрэн кириллээр болон монгол бичгээр түүвэр өгүүлбэрүүдийг нямбай гэгч нь биччихжээ. Баруун гараараа кириллээр, зүүн гараараа монгол бичгээр давхар бичдэг ховорхон авьяастай нэгэн байжээ. “Үүнийг хуулж бич” гэснээ “Та нарын дэвтрийн нэг нүүрийг шавар дээр унагачихаад нөгөө тал дээрх та нарын бичгийн хэвтэй харьцуулбал ялгарах зүйл огт алга. Өнгөрсөн намар л ангиараа цэвэр сайхан бичдэг байсан чинь одоо бүгдээрээ хичээл хийхээс залхуураад, бичгийн хэвээ алдагдууллаа. Та нарт муу тавьчихаар хичээлээ хийхгүй байхыг чинь харна аа” гээд загнаж гарчээ. Тэгтэл зүүн салааны арын ширээнд суусан Бямбаавал босоод “Та бид нарыг ямархуу байдалтай ангидаа сууж байгааг харж байгаа биз дээ. Бусад ангиуд сургууль, аймгийн хэвлэх үйлдвэрийн байранд хичээллэж байхад бид өвгөрч унах дөхсөн тоосгон байшинд хичээллэж байна. Өвлийн хүйтэн гадаа тачигнаж байхад улаан харганаас өөр түлэх түлш бидэнд алга. Таныг ярихад, биднийг амьсгалахад уур цан савсаж байгааг та харахгүй байна уу. Байж суухын аргагүй ийм хүйтэн ангид малгай, ороолт, бээлийтэйгээ суухгүй бол даараад байна. Зузаан, хоёр хурууны бээлийтэй бид үзгээ атгаж байгаад бичдэг. Тийм юм чинь бидний бичгийн хэв яаж ч өөдтэй байх билээ” гэчихээд суучихав. Багш нь “Юу гэнэ ээ” гэж дуугаа нэг өндөрсгөн тэднийг сайтар ажигласнаа “Та нар энэ асуудлаа сургуулийн захиргаанд тавь” гэчихээд гараад явжээ. Тэд ч ангиараа тойрч сууж байгаад сургуулийн захиргаандаа өргөдөл бичжээ. “Сургуулийн орчин, анги танхим гэдэг бол сурагчдын сурч боловсроход нэн таатай орчин байх ёстой. Гэтэл бид цонх нь хагархай, дээврээр нь салхи сийгсэн хуучин байранд суугаад өвлийн тэсгим хүйтэнд хичээллэж байна. Дээрээснь бидэнд мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй, их сургуулиасаа чөлөө авсан хүмүүс багшилж байхад бусад бүлгүүдэд эрдмийн цол хэргэмтэй, туршлагатай сайн багш нар хичээл зааж байгаа нь шударга бус байна. Хаврын элсэлтийн шалгалт хаяанд ирлээ. Хэрэв энэ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол та ажлаа өг” гээд өргөдөл бичээд дор нь гарын үсгүүдээ Ард Аюушийн “Цэцэг нуурын дугуйлан”-гийн заргын бичгийг дуурайлган дугариг хэлбэртэй бичээд захиралдаа өгөхөөр очжээ. Тэд очих очихдоо ангийн дарга Ш.Тогтох, Эвлэлийн үүрийн дарга Б.Баттулга, сурагчдын зөвлөлийн дарга Н.Эрдэнэцогт нараараа ахлуулан ангиараа жагсаж, очоод захирал Цагаанхичигийн өрөөнд оржээ. Захирал нь ч нилээд бухимдангуй өргөдлийг унших зуур сурагчдын зөвлөлийн дарга Нямааж “Хөөх, та чинь халуу дүүгсэн сайхан өрөөнд суудаг юм байна. Ийм хүн бидний даарахын зовлонг мэдэхгүй байх нь аргагүй юм байна. Та бидний анги танхимд орж суухаа байг гэхэд ядаж шагайж бай л даа” гэчихэж.

Тэгтэл захирал нь “Намайг захирлын албан тушаалаас авч хаячихаад, та нарын хэн нь захирал болох гэсэн юм бэ?” гээд бостол, ангийн хамгийн дүрсгүй нь болох Ц.Даваахүү сандал дээр нь очоод сандайлчихаж. Тэгтэл “Уучлаарай багш аа, бидний хэн нь ч таны сандал, суудалд санаархаагүй. Тэгээд ч бид захирал хийнэ гэж юу байх билээ. Харин бидний тавьсан дээрх асуудлуудыг нухацтай хүлээн авч, цаг алдалгүй шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх анзааны юм хэлэх болов уу гэж бодож зогссон захирал Цагаанхичиг дүрсхийн уурлаж, тэднийг өрөөнөөсөө хөөн гаргажээ. Харин үдээс хойш нь тэднийг “Монголын нууц товчоо” зохиолоор онолын бага хурал хийж үндэсний үзлийг дэвэргэсэн, зохион байгуулалттайгаар хичээл тасалсан, сургуулийн захирлыг хүндэтгээгүйгэх шалтгаанаар багш нарын зөвлөгөөний хурлаар оруулжээ. Дээр нь тэдний өмнө нь тарьсан “хэрэг” сөхөгджээ. Сар гаруйхны өмнө ангийнхаа хагархай шилийг солих гээд хажууханд нь баригдаж байсан сургуулийн барилгын цонхны шилийг хулгайлчихсан юмсанж. Ингээд л тус ангийнхныг бүгдийг нь гадаадын их дээд сургуульд элсэх эрхийг нь хасчихаж. Уг нь тэднийг аравдугаар ангиа төгсдөг жил буюу 1964 онд улс орон даяар шалгалт авалгүйгээр их дээд сургуульд элсүүлсэн юмсанж. Ийнхүү Ховдын нэгдүгээр сургуулийн дөрвөн ангийн 120-оод сурагч дүнгийнхээ голчоор жагсч зогсож байгаад гадаад, дотоодын их дээд сургуулиудад элсэх хуваариа авсан гэсэн үг. Харамсалтай нь тухайн цаг үеийнхээ бодит үнэнг илчилж, сургуулийн захиргаагаа шүүмжилснээрээ “Б”-ийнхэн хохирчээ. Бас болоогүй ээ, өргөдөл бичих, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, сургуулийн цонх хулгайлсан, багш нарыг ур чадваргүй хэмээн басамжилсан хэргүүдийг удирдан зохион байгуулсан гэх үндэслэлээр ангийн дарга Ш.Тогтох, Эвлэлийн үүрийн дарга Б.Баттулга, сурагчдын зөвлөлийн дарга Н.Эрдэнэцогт нарт хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Ш.Тогтох, Б.Баттулга нарыг дээд сургуульд суралцах эрхийг хасаад зогсохгүй төмрийн дархан болон мужааны цехэд гурван жил ажиллуулахаар болжээ.Харин сурагчдын зөвлөлийн дарга Н.Эрдэнэцогт гадаадын сургуулийн хуваарь авах эрхгүй болгожээ. Ийн үзэл сурталжсан дарга, багш нарын ам шийдвэрээр ийн сурагчид хохирсон юм. Хожим хичээлийн эрхлэгч Ч.Мудга нь Ш.Тогтох, Б.Баттулга нарт бүрэн дунд боловсролын гэрчилгээг нууцаар өгч сургуульд орох эрх нь нээгдсэн аж.

Гавьяат багш, төрийн шагналт Н.Эрдэнэцогт “Тэгэхээр бид ардчиллын салхийг аль эрт 50 жилийн өмнө аймагтаа сэвэлзүүлж, захиргаадалтыг зайлуулах, зоримог тэмцлийг өрнүүлж байсан байгаа биз. Хэрэв биднийг гадаадын сургуулиудад суралцах эрхийг нь хасаагүй байсан бол манай ангиас олон эрдэмтэд төрөн гарах байсан.Манай ангид баруун хязгаарын халх, захчин, торгууд, өөлд, казак, мянгад зэрэг олон ястан үндэстний хүүхдүүд суралцдаг байлаа. Хэдий өссөн орчин, амьдралын хэвшил ялгаатай ч хоорондоо эв түнжин сайтай байсан. Тиймгүйсэн бол юу боллоо гэж ангиараа сургуулийн захиргаанд өргөдөл бичиж, жагсах билээ. Тэгээд ч тухайн үед эцэг эхчүүд, багш нар бүгд хөгшин хүнд тусал, уруй дорой нэгнийг дээрэлхэж болохгүй, ажил хийвэл дуустал хий, ахмад хүний үгийг сайн сонс, сургуулийг нь дага гэдгийг онцгойлон захьдаг байсан. Тэгээд ч багш, эцэг хийнхээ үгэнд ордоггүй, “чих хатуу” хүн байгаагүй. Ийм хүүхдүүд баян хоосны ялгаагүй, хөх, ногоон дээлтэнгүүд даавуун цүнхтэнгүүд байлаа” гэсэн юм. Мөн ангийн дарга асан Ш.Тогтох “Ангийнхан маань бүгд хичээл сурлагадаа жигд сайн байснаас гадна хүмүүжилтэй хүүхдүүд байсан. Тухайн цаг үед багш, захирлаа шүүмжлэх нь бүү хэл муухай ч харж болдоггүй байлаа. Гэтэл манай ангийнхан тэдний эсрэг жагсаал хийж, эсэргүүцлийн өргөх бичиг хүртэл сургуулийн захиргаанд өгсөн гээд бодохоор мөн чиг бүдүүн зүрхтэй хүмүүс байсан байгаа биз. Ингэж бүдүүн зүрх гаргаж, тэмцэж өөрсдийн эрх ашгаа хамгаалахгүй бол хэн ч бидний өмнөөс, бидний төлөө үг дуугардаггүй байлаа. Зөв асуудлыг хөндөж, эрх ашгаа хамгаалсныхаа төлөө анги нийтээрээ шийтгүүлсэн дээ. Тухайн цаг үе нь тийм байсан хойно, яая гэх билээ. Гэхдээ л багагүй эр зориг гаргасан юм шүү” гэв.

Тэдний анги даасан багш нь орос хэлний багш Б.Нямааж гуай байжээ. Тэрээр одоо 80 нас хол давсан ч эрүүл энх, энх тунх амьдарч яваа юм байна. Хавар хичээл тарсны дараа ангийн хөвгүүд нь шинээр баригдаж буй сургуулийн барилгад ашиглагдах тоосгыг цохьдог байжээ. Зуны амралтаараа ихэнх нь хөдөө буюу гэр лүүгээ явчихдаг байж. Харин аймгийн төвд, гэртээ үлдсэн хүүхдүүд сайн дураараа сургуулийн барилгын ажилд тусалдаг байсан гэнэ. Тэд ч үргэлж хөдөлмөрлөж, бусдад тус хүргэхийг хичээдэг байжээ.

Ангиараа гадаадын их дээд сургуулийн хуваарь авч чадаагүйгээс гадна сурлагаараа сургуульдаа толгой цохьдог байсан ангийн дарга Ш.Тогтох, Эвлэлийн үүрийн дарга Б.Баттулгыг ажилчин болгож, сурагчдын зөвлөлийн дарга Н.Эрдэнэцогтод элсэгчдийн үлдэгдэл буюу гологдол хуваарь болох Хөдөө аж ахуйн их сургуулийн малын эмчийн ангийн хуваарийг өгсөн. Гэсэн хэдий ч тус ангиас гурван ч гавьяат цолтон төрөн гарснаас гадна хэд хэдэн доктор, төрийн шагналтангууд төрөн гарсан билээ. Бас алдарт уяач ч бий. Хар багын л барилдаж ноцолдох дуртай, бусдыгаа тас гэдрэгээр нь шидчихдэг байсан Б.Буядаа 1972 оны Мюнхений олимпийн жү-до бөхийн 60 кг-ын жинд анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Ц.Даваахүү Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд тэрээр хүний гавьяат эмч юм. Харин гавьяат багш, доктор Н.Эрдэнэцогт ХААИС-д багшилдаг юм. Тэрээр бэлчээрийн монгол мал аж ахуйн чиглэлээр 2001 онд төрийн шагналт хүртжээ. Мөн хэдхэн жилийн өмнө бурхан болсон хэдий ч сойсон хурдан хүлгүүд нь аймаг сум, улсын уралдаанд тогтмол дээгүүр уралддаг алдарт уяач Д.Цогтбазар агсан тус ангид сурдаг байжээ. Тэрээр хар багын моринд хорхойтой байснаас гадна сурагч байхдаа сумынхаа наадамд хэд хэдэн удаа даага, шүдлэн, хязаалан насны морьдоо айргийн тавд хурдлуулжээ. Мөн тус ангиас гэмтлийн Ч.Батнасан, хүүхдийн Ш.Алтанцэцэг, цэргийн Д.Бямбаа хэмээх алдарт эмч нар төрөн гарсан аж.

Одоо тэд бүгд 70 насны сүүдэр зооглосон, буянтай буурлууд. Гэхдээ хүүхэд ахуй цагийнхаа гэгээлэг, гэнэн, соньхон дурсамжаа ярихаараа нүдэнд нь оч гялалзаад, нүүрэнд нь баясал тодорно. Тэд “Бид хэдий хөшгирсөн ч дурсамжаараа мөнхийн залуу амьдарцгааж байна даа” гэцгээсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Хорвоо ертөнц-цаг хугацаа хүмүүний “Хоосонг идэгч” ажээ

“Хоосонг идэгч” өгүүллэгийн би баатар Ганбаа ойн гүнд “ирж буй” цагийг хүлээн өлсөж хэвтэхдээ самар цөмөх жирх, хэрэмд атаархан, хамаг чадлаараа чулуу шидэвч өөдөө шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр бууна. Зохиогчийн өгүүлснээр Ганбаа бол “өөрийгөө харах үйлийн үр-тольгүй эцэж туран, чих нь дэлдийж, шанааны яс босоод энэтхэг санваартан шиг болсноо мэдэхгүй байгаа” нэгэн. Өлсөж үхэх гэж байгаадаа үнэмшиж чадалгүй, амьдралынхаа тэрхэн хэсгийг зүүд болгох гэж, өөрийгөө итгүүлэхээр оролдон буй хүн. Тэр хүүхний дээд болсон сайхан хань, хэдэн сайхан үртэй хүн ч самар түүх шуналдаа хөтлөгдөн аглаг ойн гүнд гав ганцаар хоцрон өлсгөлөн ходоодныхоо эрхэнд хэрэм жирхтэй хөөцөлдөн ядарч байгаа эр хүн аж. Түүнд цатгалан цамаан үедээ жишим ч үгүй түлхэж холдуулсан хоолны үлдэгдэлтэй тавгууд нүүр дүүрэн инээмсэглэл шиг санагдан, нүдэнд нь мэлтэгнэн харагдахад жирх хэрмэнд уурласнаасаа ч илүү уур нь хүрэх ажээ. Тэрээр “Би өлсөхгүй байна” гэж бясалгал хийж буй юм шиг олонтаа давтавч шаналгаат зовлон нь “молиго оо” гээд эргээд ирэх шиг санагдан ухаан алдана. Хүний байгалиас өгөгдсөн биеийн болоод тамирын өгөгдөл ийм өчүүхэн юм. Ухаан алдаад сэргэвэл зэвхий саарал чоно нүүрийг нь долоох шахан урдаас нь ширтэн зогсох аж.

Өлсгөлөнгөөр тарчилж буй эр өөрийгөө чонын өмнө ямар хоолтой адилхан байгаа бол гэж төсөөлөх гэж оролдоно. Хэдхэн сарын өмнө хадам аавынх нь насны чалханд сайн гэж чанаж өгсөн чонын ходоод санаанд орж, өөрт нь хамгийн хайртай үзэсгэлэнт эхнэрээ бодоход дотрыг нь бялууруулж огиудас хүргэсэн хоол шиг санагдана. Тэр өөрийгөө чонын өмнө тавиастай бууз, хуушуур, цуйван, сэмжтэй шарсан элэг, бантангаар төсөөлж бодов. Гэснээ өөрийгөө самар байсан бол гэж бодно. Гэвч, тэр самар болж болохгүйгээ ухаарахын дээдээр ухаарав. Учир нь тэр нэг муу өчүүхэн махтай жирхийн үмх махыг идэх сэн гэж гурван өдөр хөөцөлдөөд, өнөө сульдаж ядран туйлдан хэвтэж байгаа билээ. Хэрвээ тэр самар болчихвол мөнөөхөн жирх түүнийг хээвнэг зооглож орхих учраас юунд самар болохыг хүсэх билээ. Тиймээс тэрээр бантан ч болтугай болж зэвхий саарлын ходоодыг баярлуулахыг хүснэ. Амьдралд тэр ямар ч үнэ цэнэгүй явснаа энэ л үед ухаарна. Үхсэнийхээ дараа өөрийг нь харамсан гашуудаж байгааг хардаг бол мөн догь оо. “Би ийм мундаг хүн байсан юм шүү” гэж нэг сайн хашгираад л, дэндүү сайхан байх сан.

Зэвхий саарал түүний бодлыг уншсан мэт тийм ч амархан зоогоо болгохгүй бололтой. Өлдөж сульдсан түүний нүдэнд үхсэн нэгнийхээ цогцсыг үүрч яваа шоргоолж харагдахад үхсэн шоргоолжноос илүү хэдэн хором урт насалж буй хувь тавиландаа талархана. Үхсэн шоргоолжноос урт настайгаа мэдэрсэн зүдэнг эр зүтгэж ятайсаар байж нэлээд өндийвөл, идэхээр анан буй чонын нүд сүүмийн алсарч, гүн ухаантны дүрийг бүтээж буй жүжигчин шиг харагдана. Чоно хүзүүгээ сунган цогнойж, амаа ангайлган улих гэснээ шилээ тэрүүхэндээ шөргөөн, сэрвээнийхээ үснээс оч үсчүүлээд малгайг нь зуун ойртуулж өгөх аж. Тэр малгай дээр хэн нэгний төлөө саналаа өгөхийг уриалсан бичиг байх бөгөөд сонгуулийн үеэр тараадаг хэрэггүй эд зүйлийн нэг байж. “Хэрэггүй малгайг хэрэггүй толгой л өмсөнө биз дээ”. “Хоосонг идэгч” өгүүллэгийн гол өгүүлэмж ийм. Хүний хорвоод хүн болж төрөөд амьтнаас ч долоон дор амьдарвал цаг хугацаа хийгээд хорвоо ертөнц гэдэг хүнийг огт оргүйд юу ч үгүй уусган үгүйсгэгч асар том ходоод юм гэсэн философийг зохиогч өгүүлсэн болов уу.

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсангийн 2009 онд хэвлэгдсэн “Хоосонг идэгч” шилмэл өгүүллэгийн түүвэрт “Унасан тэнгэр”, “Тайлан тоглолт”, “Сорвийн үнэ”, “Сатгал”, “Сүүлчийн шалгалт”, “Халзан зүрх”, “Гандангийн замаар”, Зүрх өвлөгч”, “Үнсэлт”, “Өр”, “Морь”, “Журай”, “Судрын нулимс”, “Тэнгэрийн цавчилт”, “Харанхуйлаг” зэрэг нэн шинэ сэтгэлгээтэй 19 өгүүллэг багтсаны нэг нь дээр өгүүлсэн “Хоосонг идэгч” бүлгээ.

Л.БАТЦЭНГЭЛ