Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөг давжээ

Ипотекийн зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөг давжээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийг бүтцээр нь харвал 72.9 хувийг найман хувийн хүүтэй зээл бүрдүүлж байна. Арилжааны банкууд нийт зээлийн 24.9 хувийг өөрийн эх үүсвэрээс, үлдсэн 2.3 орчим хувийг бусад эх үүсвэрээс олгожээ. Ипотекийн зээлийн 1.8 хувийг гадаад валютын зээл бүрдүүлж байгаа аж. Үүнтэй тэнцүү хэмжээний зээл хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд багтаж байгаа гэнэ. Харин чанаргүй зээл 0.5 хувийг бүрдүүлж байна. Гуравдугаар сард олгосон зээлийн 56.6 хувь нь 16-20 жилийн хугацаатайгаар олгогджээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 61.6 хувь нь 16-20 жил, 23 хувь нь 11-15 жил, 12.8 хувь нь 6-10 жил, 2.6 хувь нь 1-5 жилийн хугацаатай байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ энэ долоо хоногт ийм асуудлууд хэлэлцэнэ

УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудын дэлгэрэнгүй жагсаалтыг хүргэе.

2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 04-НӨӨС 08-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 04-ний Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ЖИЧ: Төрийн ордонд “Онлайн эрх чөлөө” эвслийн тавдугаар бага хуралтай учир намын бүлгүүд 09.00 -13.00 цагийн хооронд хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 04-ний Даваа гарагт:

Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 08.30 цагаас 334 тоот өрөөнд;

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

Нийслэл хотын албан татварын тухай, Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас 307 тоот өрөөнд;

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.

05 дугаар сарын 05-ны Мягмар гарагт:

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, төрийн албаны эрх зүйн шинэчлэлийг иж бүрэн хийх талаар санал боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот танхимд;

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.

05 дугаар сарын 06-ны Лхагва гарагт:

Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 05-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эд хөрөнгийн бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар 2015.04.30 -ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/;

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ/;

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

05 дугаар сарын 06-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

4.Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Дэд хорооноос 2015 оны 2-4 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай.

5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газар хоорондын хэлэлцээр /Засгийн газар 2014.11.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай, зөвшилцөх/;

Бусад.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Эд хөрөнгийн бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.

Categories
гадаад мэдээ

Амиа алдагсдын тоо 15 мянгад хүрч магадгүй нь

Балба улсын Катмандуд болсон 7.8 баллын газар хөдлөлтөөр 7040 хүн амиа алдаж, 5000 гаруй хүн сураггүй алга болсон байна.Тус улсын Ерөнхий сайд амиа алдагсдын тоо 15 мянгад хүрч болзошгүй хэмээн мэдэгджээ. Олон улсын аврагчид Катманду хотын нурсан барилга, байшингийн үлдэгдэл, нуранга зэргийг цэвэрлэж, иргэдийг хайж эхлээд байгаа аж. БНХАУ-ын удирдлагууд гамшигийн бүс рүү 1500 аврагчаа илгээгээд байна. Өчигдөр 300 аврагч, 15 үнэрч нохойгоо Катманду хот руу нэмж илгээжээ. Аврагчид сураггүй алга болоод буй Их Британийн гурван жуулчны цогцсыг Эверестийн оргилын ойр орчмоос олсон байна. НҮБ-ын удирдлагууд Катмандуд очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

“WINDOWS 10”-ийг тэрбумгаруй хүн хэрэглэх нь

Энэ оны долдугаар сард гарна гэж буй “Windows 10” үйлдлийн системийг эхний 2-3 жилийн дотор нэг тэрбум гаруй хүн хэрэглэдэг болох нь. “Microsoft” корпораци ингэж таамаглаж байна. Тус компани “Windows” үйлдлийн системийн нэр хүндийг сэргээж, зөвхөн компьютер гэлтгүй гар утас, таблет зэрэг жижиг төхөөрөмжид тохиромжтой болгохоор ажиллаж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Офицерын түвшин тогтоох үзлэг эхэлж байна

Офицерын түвшин тогтоох үзлэг өнөөдөр эхэлж байна. Үзлэг ирэх 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.Цаг үеийн байдлаас шалтгаалан хөдөө, орон нутагт байрлах анги, салбаруудаас үзлэгийг эхлэхээр болжээ. Зэвсэгт хүчинд алба хааж буй офицеруудын мэдлэг, боловсрол, ур чадвар, бие бялдрын түвшин томилогдсон албан тушаал, ажлын байрны шаардлагыг хангаж байгаа эсэхэд бодит үнэлгээ өгөхөд үзлэгийн гол зорилго оршиж байгаа юм байна.Шалгалтын дүнг нэгдүгээр сарын 20-ны дотор нэгтгэн, комиссын бүрэлдэхүүн дотооддоо хэлэлцээд ЗХЖШ-ын даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

“SOUTHGOBI RESOURCES”-ийн давж заалдах хүсэлтийг буцаажээ

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх “Southgobi Resources” компанийн Монгол Улсын Дээд шүүхэд гаргасан давж заалдах хүсэлтийг буцаасан гэж компанийн зүгээс мэдээллээ. Тус компани энэ үйлдлийг эсэргүүцэж байгаа аж. Хуулийн үндэслэлтэй эсэхэд эргэлзэж байгаагаа ч мэдэгджээ. Компанийн зүгээс татвараас зайлсхийгээгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж, дээд шатны шүүхэд давж заалдана гэдгээ илэрхийлээд байсан юм. “Southgobi Resources”-ийн зүгээс шүүх давж заалдах хүсэлтийг нь буцаасан нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэг гэж үзэж байгаа аж. “Southgobi Resources” компани Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн энэ удаагийн үйлдлийг эсэргүүцэж байгаагаа бичгээр илэрхийлж, хүргүүлсэн байна. Хариуцагчийн хүсэлтийг Улсын дээд шүүх хэлэлцэж, доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд компани дээд шүүхийн шийдвэрийг бичгээр хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор Улсын ерөнхий шүүгчид хандах эрхтэй юм байна. Торгуулийг зөвхөн эцсийн шатны давж заалдах шүүхийн шийдвэр гарсны дараа төлөх ёстой гэж тус компани үзэж байгаагаас гадна татварыг зайлшгүй төлөх шаардлагатай болсон тохиолдолд бэлэн мөнгөний нөөц нь хүрэлцэхгүй гэдгийг энэ удаагийн мэдэгдэлдээ дахин онцолсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг энэ сарын 15 хүртэл бүртгэнэ

Нийслэлийн хэмжээнд улсын болон хувийн бага, дунд сургуульд элсэх зургаан настнуудын бүртгэл өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн. 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрүүдэд төрсөн бүх хүүхдийг хамруулан бүртгэж байна. Ямар нэгэн шалтгаанаар өмнө нь сургуульд огт суралцаагүй хүүхдүүд Боловсролын хэлтсээс лавлагаа авч харьяа сургуульдаа бүртгүүлэн суралцах боломжтой аж. 2010 оны нэгдүгээр сараас хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна. Бүртгэл тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагч нь заавал өөрийн биеэр хүүхдийн хамт очих аж. Очихдоо төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон эцэг, эхчүүдийн хурууны хээ бүхий Иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг бүрдүүлэх юм байна. Оршин суугаа байрлалаас хамаарч аль сур­гуульд хүүхдүүдийг бүртгэх тухай нийслэлийн Боловсролын газрын даргын тушаал гарч, “ЕБС-иудын хамран сургах тойрог”-ийг дөрөвдүгээр сарын 23-нд шинэчлэн баталжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.edub.edu.mn сайтад байршуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Жар гаруй орныхон Улаанбаатарт онлайн эрх чөлөөг хэлэлцэнэ

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулж Засгийн газар уг эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо өнөөдөр Төрийн ордонд эхлүүлж байна.

Уг бага хурлаар хүний үндсэн эрх, эрх чөлөөг ялангуяа, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх, нэр төр, хувийн нууцаа сахин хамгаалах, нийгмийн амьдралд оролцох эрхийг цахим орчинд хамгаалах, баталгаажуулах, интернэтийн найдвартай, хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилгын үүднээс “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн хүрээнд “Чөлөөтэй, найдвартай интернэт, Цахим технологийн хөгжил ба ил тод байдал, Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх юм.

Бага хуралд 60 гаруй орны төр, засгийн газар, хувийн хэвшилийн байгууллагууд оролцож байна. “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд оролцож буйг зохион байгуулагчид нь онцоллоо. Мөн ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Амнести интернэйшл зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Тэтгэврийн нас

Саяхан нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэтгэврийн насыг уртасгах тухай судалж байгаа тухай ярьчихаж. Гэтэл баахан улс тэр нь буруу, тэгэх юм бол бослого тэмцэл хийх тухай баахан шуугих нь тэр. Харин сайд маань “Тэтгэврийн насыг уртасгахгүй” гэж хэлээд ч нэмэр болсонгүй. Баахан улс төр болчихов. Уг нь манайх шиг цөөн хүнтэй улсад тэтгэвэрт эрт гарах нь буруу байж магадгүй юм. Одоохондоо хямрал энэ тэрээ бодоод л ажилгүйчүүдийн тухай яриад байгаа болохоос, манайх шиг баялагтай улсад ажиллах хүчин дутна уу гэхээс илүүдэхгүй. Цаашдаа ч ажиллах хүчин дутна гэсэн судалгаа байдаг гэнэ. Энэ тохиолдолд тэтгэврийн насыг уртасгахгүй бол ажилгүйчүүдийн тоо улам нэмэгдэнэ. Түүнээс гадна тэтгэврийн насныхан нэмэгдэх тусам л баялаг бүтээгчдийн нуруун дээрх ачаа нэмэгдэнэ. Монголчуудын дундаж нас 67 гэсэн судалгаа байдаг. Энэ нь үнэн бол 60 гараад тэтгэвэрт суусан эрчүүд долоон жил тэтгэврийн мөнгөөр амьдарна гэсэн үг. Харин мэргэжилтний хэлж буйгаар бол тэтгэвэрт гарснаас хойш хүний хөгшрөлт илүү хурдан явагддаг аж.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ нийгэм

Хонгорцог одтой, цагаан луу өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 4. Сумъяа гариг. Билгийн тооллын давхарласан 15. Хонгорцог одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 05.46 цагт мандан, 20.13 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.