Categories
мэдээ нийгэм

Газрын тосны ТЭЗҮ боловсруулахад зөвлөх компанийг шалгаруулна

Аж үйлдвэрийн яам нь Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Бодлогын баримт бичгийн хамт аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн зураглал гарч байгаа бөгөөд эхний төлөвлөгдөж буй үйлдвэр нь Газрын тос боловсруулах үйлдвэр юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2014 оны гуравдугаар сарын 17-ны 14/06 дугаар зөвлөмжөөр “Стратегийн ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдийг түшиглэн байгуулах” гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас 2015 оны гуравдугаар сарын 23-нд “Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 113 дугаар тогтоолыг батласан билээ. Энэхүү тогтоол батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлыг шийдэх боломжийг олгож байна. Зүүн болон говийн бүсэд барихаар төлөвлөсөн нь түүхий эдийн ордын байршил, дэд бүтэц, зах зээлийн хүчин зүйлүүдийг тооцож үзсэнд байгаа юм.

ҮАБЗ-ийн зөвлөмж болон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар говийн бүсэд баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын даалгавар боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсэг хуралдаж говийн бүсэд баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг боловсруулах ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг нээлттэй сонгон шалгаруулахаар зарлалаа.

Сонгон шалгаруулалтын талаархи нээлттэй мэдээллийг Аж үйлдвэрийн яамны www.mi.gov.mn сайтаас харж болно.

Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр Монгол Улсын хөгжлийн бодлого, үндэсний аюулгүй байдал, аж үйлдвэрийн салбарын бодлоготой нийцсэн удаан хүлээсэн үндэсний газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжийг нэмэгдүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд ШӨХТГ-ын ажилтай танилцлаа

Монгол Улсын Засгийн Газрын гишүүн Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаатай танилцлаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан агентлагийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл болон сүүлийн үед хийж байгаа томоохон хяналт шалгалтуудын үр дүнгийн талаарх мэдээллийг өглөө. Мөн хөдөө орон нутагт орон тооны байцаагчгүйн улмаас хөдөөгийн иргэдийн эрх ашиг хохирч байгаа талаар дурдан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь цаг үеийн зайлшгүй асуудал байгаа талаар дурдлаа.
Харин Шадар сайд У.Хүрэлсүх нийт албан хаагчдад Өрсөлдөөний орчныг сайжруулах, иргэд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хэрэглэгчдийг хэрэглээний боловсролтой болгох тал дээр анхааран ажиллаж байгаа явдалд талархал илэрхийлээд хууль эрх зүйн өөрчлөлтөнд анхаарал хандуулахаа хэллээ.

Тэрээр ШӨХТГ-ын үйл ажиллагаатай танилцахаас гадна уг өдөр зохион байгуулж буй “Хэрэглэгч тантай хамт” арга хэмжээнд оролцон иргэдтэй нүүр тулан санал бодлыг нь сонсож, төр засгийн зүгээс хэрэглэгчдийнхээ эрхийг хамгаалахад бүх талаар анхааран ажиллаж байгаа гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Автотээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа энэ сард дуусна

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан бөгөөд нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд ажиллаж байна. Жолооч таны автомашины улсын дугаар 5,0 тоогоор төгссөн бол энэ сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улаанбаатарын дулааны V цахилгаан станц”-ын дэд бүтцийг судална

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/370 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд баригдах “Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц”-ын ус хангамж, ариутгах татуургын инженерийн хангамжийн шийдлийг судалж, санал боловсруулан шийдвэрлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллана.

“Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц”-ын ус хангамж, ариутгах татуургын дэд бүтцийн асуудлыг судалж, санал боловсруулах, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, 3 дугаар улиралд багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт, дэд бүтцийн шугамын трасс дагуух газрыг хамгаалтад авч, газар эзэмших эрхийг захирамжаар баталгаажуулан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлүүлэх гуравдугаар ээлжийн бүртгэл үргэлжилж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхэллээ. Бүргэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу 05 дугаар сарын 15-ны өдөр дуусна. З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.

  1. Сонгинохайрхан, Шижирийн хөндий
  2. Сонгинохайрхан, Шижир уул
  3. Баянзүрх, Улиастайн бага ам
  4. Баянзүрх, Богдын давааны ам
  5. Хан-Уул, Улаан овоот
  6. Хан-Уул, Улаан овоот
  7. Налайх, Нисэх хотхон
  8. Багануур, Булагтай
  9. Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг
  10. Багануур, Тариан булаг 2-р хэсэг
  11. Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг

Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудад хандах боломжтой. Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Алдарт балетчин Майя Плисецская таалал төгсчээ

Оросын алдарт балетчин Майя Плисецкая таалал төгсчээ. Тэрээр Германд амьдарч байсан бөгөөд зүрхний өвчний улмаас гэнэт амьсгал хураасан байна. Алдарт балетчин 1925 онд төрсөн юм. Тэрээр ээжийнхээ талаас энэ авьяасыг өвлөн авчээ. Нагац ах А.Мессерер нь Оросын алдарт балетмейстер, ах дүү нар нь мөн балетчин байсан. Тэдний гэр бүл нь Сталины дэглэмийн үед хэлмэгдэж байсан. Майя Плисецкая ч Зөвлөлтийн үед нэлээд хавчигдж байсан тиймээс ч 1981 оноос Германд амьдарсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хорих ангийн хүмүүжигч хянагчдаа халджээ

Өнгөрсөн даваа гарагт ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангийн хүмүүжигч Б гэгч хянагч нараа хэл амаар доромжилж, тус ангийн тоо бүртгэлийн офицерт гар хүрсэн гэнэ. Ялтан Б нь бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хэргээр долоон жил хорих ялаар шийтгүүлсэн нэгэн аж. Онцгой болон чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байхдаа ч удаа дараа зөрчил гаргасан нэгэн юм байна.

Categories
мэдээ улс-төр

“Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буулгана

Нийслэлийн Засаг дарга “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/382 дугаар захирамж гаргаж, “Улаанбаатар сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.

Татан буулгах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж, дараахь ажлыг хийж гүйцэтгэхийг комисст даалгав. Үүнд:

Татан буугдаж буй хуулийн этгээдийн балансад бүртгэлтэй эд хөрөнгийг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажиллагсад эх үүсвэрийн хамт, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эх үүсвэрийн хамт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгж”, нийслэлийн Архивын газарт тус тус балансаас балансад шилжүүлэх

Байгууллагын хаалтын баланс гаргаж, Байгууллагын бичиг баримтыг архивлан Нийслэлийн Архивын газарт шилжүүлэх

Татан буугдаж буй хуулийн этгээдийг Улсын бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулах

Дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хятадын төв банк эдийн засгаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж магадгүй нь

БНХАУ-ын Төв банк эдийн засгаа дэмжих шинэ хөтөлбөр танилцуулж магадгүй байна. Тус улсын Засгийн газар арилжааны банкуудын эзэмшиж байгаа орон нутгийн захиргааны

бондыг барьцаа болгон урт хугацааны зээл олгох юм байна. Ингэснээр арилжааны банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засагт дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Эхний ээлжийн санхүүжилт 160 тэрбум ам.доллараас эхлэх бололтой. Гэхдээ хөтөлбөрийн хүрээнд олгогдох санхүүжилтын хугацаа нь урт, мөн өгөөж нь одоогийн эзэмшиж байгаа бондын түвшингээс доогуур байгаа нь асуудал болж магадгүй байгааг шинжээчид онцолж байна.

Categories
мэдээ нийгэм

Адуу, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна

Өнгөрсөн сарын 29-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 3.3 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.9 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийнхтой нь харьцуулахад үхрийн цул махны үнэ 1.6 хувь, хонины ястай махны үнэ 3.1 хувь, үхрийн ястай махны үнэ 0.1 хувиар өсч, адууны мах болон ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. Гурилын үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх долооо хоногийнхтой харьцуулахад 1.2 хувиар өсчээ. Төмс, хүнсний ногооны үнийн хувьд өмнөх долоо хоногийнхоос төмсний үнэ 2.8 хувь, луувангийн үнэ 1.8 хувиар өсч бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.