Categories
мэдээ нийгэм

146 согтуу жолоочийг журамлажээ

2015 оны тавдугаар сарын 4, 5-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 650 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 432 дуудлага бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 146 жолоочийг илрүүлсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Үгүйлэгдсэн хайр” жүжгийг драмын театрын тайзнаа тоглоно

УДЭТ-ын уран бүтээлчид түүхт Ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгээр тавдугаар сарын нээлтээ хийх гэж байна. Энэ жүжгийг найруулагч Э.Санчигдан, СТА, зураач Б.Төмөрхуяг, УГЗ, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг нар театрын тайзнаа анх 1988 онд тавьж байжээ. Залуу халуун насандаа тус театрын тайзнаа бүтээлээ туурвиж хүний тухай, хүн хүнээ үгүйлэх хайрлах сэтгэлийн тухай үзэгч олонтойгоо хүүрнэж байсан Э.Санчигдан найруулагчийн найруулсан энэ жүжгийг түүний анд Ч.Найдандорж, зураач Б.Төмөрхуягийн хүү Т. Аянга нар орчин цагт сэргээн тавьж байгаа аж. Дүрүүдэд Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Л.Дэмидбаатар, Г.Амгаланбаатар, Б.Болормаа, Б.Нармандах, Д.Баттөмөр, Ц.Цэрэнболд, Г.Отгонцэцэг болон залуу жүжигчин Б.Золжаргал, Г.Алтангэрэл, Б.Одгэрэл, Б.Одончимэг, Б.Эрдэнэбаяр, М.Мөнхчимэг, Б.Баяржавхлан нар оролцон тоглоно.

Categories
мэдээ улс-төр

Б.Гарамгайбаатар: Тавантолгой гацвал АН хариуцлага хүлээнэ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд болон УИХ-ын дарга мэдээлэл өгсөн байна. Мөн Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг шийдэх ажлын хэсгийн явцын талаарх мэдээллийг сонсчээ. Татварын багц хуулийг Р.Амаржаргал гишүүн ахлахар болсныг УИХ-ын дарга мэдээлжээ. Ирэх долоо хоногоос Малын хөлийн татвар, Нийслэлийн татварын тухай хуулийн төслийн асуудлаар эрчимтэй ажиллаж, УИХ-аар батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Төрийн албаны хуулийн шинэчлэлийн талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн барина гэж Ерөнхий сайд хэлжээ. Бүлгийн хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Тавантолгойн гэрээний төслийг ингэж байгаад гацаавал гарах хариуцлагыг нь хэн хүлээх вэ” гэсэн асуултанд “АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт төсвөөс санхүүжигдэж хийгдсэн стратегийн ордуудын 51-ээс доошгүй хувийг төрийн мэдэлд байлгана гэсэн заалт бий. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байна гэсэн үг. Үүний дагуу УИХ-ын дарга захирамжаар ажлын хэсэг байгуулаад, энэ ажлын хэсгийг судлаж үзэж байгаа. Бүлэг дээр Тавантолгойн өнөөгийн болон өмнөх удирдлага, гэрээний төслийн ахлагч М.Энхсайхан сайд гэх мэт хүмүүсийн мэдээллийг тэнцвэртэй сонсож байгаа. Ажлын хэсгийн гаргасан ажлын үр дүнгээр шийдвэр гарна. Эрх барьж байгаа нам хариуцлага хүлээж л таарна” гэсэн хариу өглөө.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг ногоон байгууламжтай аж ахуйн нэгжийг шалгаруулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,

-Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ-ын 2014 оны 126 тоот тогтоолыг үндэслэн нийслэлийн төвийн 6-н дүүрэг тус бүрт газар чөлөөлөх тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны Б/43 тоот тушаал гарсантай холбогдуулан дүүргүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын суурин болон хээрийн судалгааг хийсэн. Нийт 19,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын трасст 562 нэгж талбар байна.

-Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/235 дугаар захирамжийн дагуу 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил дүүргүүдийн Засаг даргын захирамжаар цэрэг татлагын товчоодыг байгуулан, цэрэг татлагын үед ажиллах бүрэлдэхүүнийг сонгон авч томилон, ажил үүргийн хуваарийн дагуу сургалт семинарт хамруулсан. Зарлан дуудах хуудсыг төрийн нэрийн өмнөөс иргэдэд хүргэн ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудасны тараалт өнөөдрийн байдлаар 92,3 хувьтай байна.
-Дүүргүүдийн нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн болон батлагдсан зураг төсөлгүй, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг гаргаж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан байна.

-Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн асах унтрах цагийг тааруулан, хяналт тавин ажиллаж байна. Дүүргүүдийн гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниуд гэр хорооллын хороодын дарга нараас гэрэлтүүлгийн асалтын мэдээг авч баталгаажуулан гүйцэтгэлээ авдаг ажиллагаанд шилжсэнээр гэр хорооллын гэрэлтүүлгийн асалтыг бүрэн хянаж байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцах компаний сонгон шалгаруулалт хийх үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэгт гарсан гэмтлийг 30.00 минутаас 48 цагийн дотор гэмтлийг засварлаж байх шалгуур үзүүлэлтийг гэрээний заалтанд оруулсан байна.

Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын А/314 дүгээр захирамжаар хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүн, байгууллага, аж ахуйн нэгжийн тохижилт, цэвэрлэгээний ажлыг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтүүд, “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах Зөвлөл” баталсан. Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк санхүү, худалдаа, үйлчилгээ гэх мэт бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй хамрагдах юм. Ажлын хэсэг нь хуваарьт хороодод тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын явцад хяналт тавьж, эрчимжүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Байгууллагуудын тохижилт, цэвэрлэгээний ажлыг шалгаж, батлагдсан 23 төрлийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ өгөх юм. Мөн дүүргүүдийг 4 хэсэгт хуваан өрсөлдүүлж, тохижилт, цэвэрлэгээний ажлын идэвх, оролцоо, үр дүнг харгалзан хэсэг тус бүрээс 1 дүүргийг буюу 4 дүүргийг шалгаруулах юм байна.

Мөн энэ үеэр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Тухайлбал, НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан болж, Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. 2016 оны төлөвлөгөөгөө гаргаж, материалаа НЗДТГ-ын Стратегиийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 06 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг дүүргүүд болон нийслэлийн харьяа газруудад үүрэг болгов. Дүүргүүдийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга барьж байгаа барилгын нөхцөлийг эцэслэн нэгтгэх ажил нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээд явж байна. Дүүргүүд энэ талаархи мэдээллээ нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад яаралтай өгөхийг үүрэг болголоо. Мөн дүүргүүд худалдан авах ажиллагааг эрчимжүүлж ажиллах, тайлангаа гаргаж НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст ирүүлэхийг үүрэг болгов. Харин нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй хамтран худалдан авалтын ажлын явцын талаар мэдээлэл бэлтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулга хийхийг даалгав. Зуны эхэн сар гарч байгаатай холбогдуулан хүүхдийн зусланд эхний ээлжийн амрагчдыг хүлээж авах бэлтгэл ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт үүрэг болголоо. БОНХАЖЯ-наас санаачлан өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий уриан дор нийслэлийн дүүргүүд болон харьяа газрууд идэвхтэй оролцохыг бүх байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Халагдсан цэргүүд мэргэжлийн үнэмлэх авна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн халтэс, Цэргийн штаб, Герман Монголын МСҮГ хамтран халагдаж ирсэн цэрэг дайчдад мэргэжил эзэмшүүлэх түр сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү мэргэжил олгох сургалтын талаархи мэдээллийг Хан-Уул дүүргийн төв байранд зохион байгуулсан бөгөөд Герман Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн менежер Ч.Лхагвадорж, Хан-Уул дуүргийн дэргийн штабын дарга, хурандаа Ч.Батхүрэл, тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Н.Лхагвадулам, цэргийн штаб, зэвсэгт хүчнээс халагдаж ирж байгаа цэргүүдийг төлөөлж Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн байлдагч н.Түвшинтөгс болон шинээр цэрэг таталгад хамрагдсан цэргүүд оролцдоо. Сургалтын зорилго нь халагдаж ирсэн дэргүүдэд мэргэжлийн үнэмлэх олгож ажлын байртай болгох бөгөөд тус сургалтыг энэ сарын 19-20-нд зохион байгуулах юм байна. Харин Герман Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь цахилгаан гагнуур, аргон гагнуур, хагас автомат гагнуур, хийн гагнуур, цахилгаан хагас автомат хосолсон гагнуур, плазм огтлогч зэрэг мэргэжлийн түр сургалт явуулж, олон улсын хэмжээний үнэмлэх сертификат олгох гэнэ. Дашрамд дурьдахад, цаашид мэргэжлээ дээшлүүлэн суралцаж зэрэг ахиулах бүрэн боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Сөүл дэх монгол сургуулийг дэмжинэ

Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээ энэ сарын 1-3-ны өдрүүдэд боллоо. Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчиллаа. Айлчлалын хоёр дахь өдөр/05.02/-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан Сөүл хотод байрлах Монгол сургуульд очин сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Уулзалтын эхэнд тус сургуулийн үүсгэн байгуулагч Юү Хэе Гин “Анх 1999 онд анх БНСУ дахь Монгол сургуулийг үүсгэн байгуулж байлаа. Учир нь тэр үеэс манай улсад монгол иргэд олноор ирж ажиллаж амьдрах болсон тул хүүхдүүдийн боловсрол нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр энэхүү сургуулийг үүсгэн байгуулахаар шийдсэн юм. Манай сургуульд суралцаж байгаа хүүхдүүдээр дамжуулан хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэг итгэлтэй байгаа” гэдгийг онцлон хэлсэн юм.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй нийслэлийн удирдлагууд БНСУ дахь Монгол сургууль, соёлын төвөөр зочилж сургуулийн үүсгэн байгуулагч, удирдлага, монгол хүүхдүүдтэйгээ уулзаж өөрийн биеэр талархлаа илэрхийлж буйд тун таатай байгаагаа илэрхийлж байсан юм.

“БНСУ-д ажиллаж амьдарч байгаа гучаад мянган монгол иргэний хувьд хамгийн чухал зүйл бол хүүхдүүдийн боловсролын асуудал юм. Анх энэ сургуулийг найман сурагчтай үүсгэн байгуулж байсан бол одоо 140 хүүхэд суралцаж дэлхийн хэмжээний боловсрол эзэмшиж байгаад баяртай байна. Монгол сургуулийн сурагч хүүхдүүдийнхээ урлагийн тоглолтыг үзээд манай монгол хүүхдүүд хоёр орны соёлыг эзэмшиж, сурч боловсорч байгааг хараад бахархаж суулаа. Энд суралцаж байгаа хүүхдүүд ирээдүйн монгол улсыг хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хотын дарга Э.Бат-Үүл онцолсон юм. Мөн энэ үеэр Сөүл хот дахь Монгол сургуулийн багш нарт “Нийслэлийн 375 жилийн ойн баярын хүндэт медаль”-ийг гардуулж, шилдэг сурагчдыг шагнаж урамшуулсан юм. Сөүл хот дахь Монгол сургуульд нийтдээ 140 хүүхэд суралцдаг бөгөөд сургууль нь дотуур байртай тул БНСУ-ын аль ч хотоос ирж суралцах боломжтой гэдгийг сургуулийн багш нар онцолж байсан юм. “БНСУ-д багшлах эх орондоо багшлах хоёр багагүй ялгаатай. Учир нь солонгос хэлээр яриад сурчихсан хүүхдүүдэд монгол хэл зааж, эх орныхоо түүх соёлыг таниулахад багагүй хүндрэл учирдаг. Манай сургууль бол Боловсрол шинжлэх ухааны яамнаас туслалцаа үзүүлэн хичээлийн сурах бичгийг үнэ төлбөргүй өгдөг. Хүүхдүүдэд эх хэлээ сайтар суралцах, түүх, соёл, уламжлалаа сурч монголоороо бахархах сэтгэлтэй хүн болгон төлөвшүүлэхэд багагүй анхаарч, чармайж ажиллаж байна” гэж тус сургуулийн багш Б.Мөнгөнцэцэг ярьж байлаа.

“Би наймдугаар ангиасаа Сөүл дахь Монгол сургуульд суралцаж эхэлсэн. Монгол сургуулийн тухайд зааж байгаа хичээлүүд, сургалтын орчин нь манай улсын Ерөнхий боловсролын сургуулиудтай тун ижил төстэй. Гадаадад амьдарч, суралцаж байгаа хүүхдүүдийг эх хэл, ёс заншил, урлаг, түүхээ мартах вий гэсэн айдас монголчуудад байдаг нь ташаа ойлголт юм гэдгийг хэлмээр байна. Учир нь бидний тухайд жил бүр “Монголын нууц товчоо”-г хэн сайн мэдэх вэ, бүжиг, дууны тэмцээн гээд цөөнгүй арга хэмжээг зохион байгуулдаг” гэж сургуулийн шилдэг сурагч Б.Мягмардулам гэсэн юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Онлайн эрх чөлөө бол хүний эрх, эрх чөлөөний чухал хэсэг юм

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас уг эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод өнөөдөр эхлүүллээ.

Төрийн ордонд болсон уг хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Тэрээр “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг улсынхаа нийслэлд хүлээн авч байгаад их баяртай байгаагаа үгийнхээ эхэнд тэмдэглэв.

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн эгнээнд багтаж, эвслийг тэргүүлж, энэ чухал арга хэмжээг зохион байгуулж байгааг тэрээр үнэллээ. Монгол Улс 3 сая хүн амтай. Интернэт хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрсэн. Гар утас хэрэглэгчид давхардсан тоогоор 5 сая байдгаас 1,8 сая нь ухаалаг систем хэрэглэгчид гэдгийг тэрээр онцоллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ердөө 20-25-хан жилийн өмнө ярьдаг утас маш ховор, гадаад орнуудтай юм уу орон нутагтай холбоо барихын тулд хөдөө бол аймгийн шуудан дээр, нийслэлд бол Төв шууданд очиж дугаарлан ярьдаг байсныг дурсаад сүүлийн богино хугацаанд Монголд онлайн систем асар хурдтай нэвтэрч монголчууд ийнхүү хүн амаасаа олон гар утастай болсныг хуралд оролцогчдод сонирхуулсан юм. Тэрээр өөрөө малчны гэрт төрсөн, эмч хэрэгтэй боллоо гэхэд хоногийн 24 цагт ч хөтөлгөө мориор явж эмчид дуудлага хүргэдэг байсныг мөн дурслаа.

Тэгвэл одоо дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байна. Ганцхан хормын дотор 500 мянган мэдээ, мэдээлэл солигдож, 47 сая богино мессеж солилцож, 400 мянган твиттер, 4,3 сая фейсбүүк мессежийг бичилцэж байна. 160 сая ам.долларын өртөг бүхий гүйлгээ Амазон.комоор хийгдэж байна. Мөн 138 мянган видео бичлэг юүтүбт орж байна. Энэ бол гайхамшиг гэдгийг тэрээр үгэндээ онцлов.

Мөн онлайн эрх чөлөө бол дэлхий нийтийн хэрэглээ боллоо. Онлайн эрх чөлөө нь бүх нийтийн үнэ цэнэтэй хэрэглээ болж чадлаа. Үүний зэрэгцээ цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь маш чухал. Хэдийгээр нээлттэй улс, нээлттэй засаг байгаа боловч аюулгүй байдлыг хангаагүйгээс сөрөг талууд гардаг.

Онлайн эрх чөлөө бол хүний эрх, эрх чөлөөний хамгийн чухал зүйл болоод байна. Бид үүнийг ойлгох ёстой. Түүний зэрэгцээ онлайн ертөнцөөс үүдэлтэй олон асуудал гарч ирж байна. Монгол Улсад интернэтийн эрх чөлөө, ил тод байдал бий болсонтой холбоотойгоор хүнийг гутаан доромжлох, гүтгэх хандлага гарах тохиолдол байдаг. Гэлээ ч гэсэн олон улсын жишиг, хүний эрх, эрх чөлөөний хүрээнд интернэтийг хааж хязгаарлах биш, улам нээлттэй хөгжүүлэх нь зөв гэж бодож байна. Тиймээс интернэт хэрэглэж байгаа хувь хүмүүс хариуцлагатай, ёс зүйтэй байх нь хамгийн чухал. Та интернэт, твиттер, фейсбүүкт тавьсан мэдээллийнхээ төлөө хариуцлагатай байх ёстой. Түүнийг чинь хүүхдүүд, бусад хүмүүс бас бусдад дамжуулж түгээдгийг бодолцох ёстой.

Онлайн эрх чөлөөг хөгжүүлэх нь Засгийн газраас шалтгаалах зүйл биш, бие хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалах зүйл юм. Засаг, төрийн үйл ажиллагаанд хүмүүсийн дуу хоолой, чөлөөт сэтгэлгээг оруулах нь зөв юм. Хүмүүс эрх чөлөөг эдлэх тусам илүү бүтээлч байж чаддаг. Илүү бүтээлч болсноороо илүү хариуцлагатай байж чадна. Өнөөдрийн хүмүүс маш олон мэдээлэл дундаас ихийг олж мэдэж, мэдээлэлтэй болох тусам илүү үнэ цэнэтэй болж байна.

Ямар ч Засгийн газар хүмүүсийнхээ төлөө илүү хариуцлагатай байх ёстой. Тиймээс эрх чөлөөт төрийг эрхэмлэх нь хамгаас чухал. Ингэснээр иргэд үнэтэй болно. Ардчилал бол суралцах процесс юм. Иргэд хардах, шүүмжлэх эрхтэй, Тэглээ гээд тэдний эрхийг зөрчиж, хязгаарлаж болохгүй. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ нь ардчилсан нийгмийн онцлог давуу тал юм.

Одоо бидний өмнө сорилт тулгарч байна. Өнөөдөр гар утас, нийгмийн харилцаа, олон нийтийн мэдээллийн сүлжээ зэрэг нь нийгмийг хөдөлгөөнд оруулахад хялбар дөхөм болгож байна” гэлээ. Үүндээ тэрээр “Арабын хавар” зэрэг сүүлийн үеийн хөдөлгөөнүүдээс иш татав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үгэндээ 1989-1990 оны ардчилсан хөдөлгөөний манлайлагч, удирдагчдын нэг байснаа мөн дурслаа. Тэр үед Монголд ганц телевиз, 6 сонин, хэдхэн тооны сэтгүүл байсан. Социализмын үед улсыг засаглахын тулд хэвлэл, мэдээллийг нь барьж байх хэрэгтэй байсан. Одоо тийм боломжгүй болсон. Ердийн иргэн хүн өөрийн твиттер, фейсбүүк, олон нийтийн мэдээллийн сүлжээгээрээ дамжуулаад өөрийн хэвлэх, нийтлэх орон зайтай болсон. Олон мянган жилийн түүхтэй төр гэдэг уламжлалт сэтгэлгээ өнөөдөр онлайн хэрэглээ, олон нийтийн мэдээллийн сүлжээ хөгжсөнөөр өөрчлөгдөж байна гэдгийг онцоллоо. Онлайн хөгжсөнөөр Нardwer буюу техник хангамж нь өөрчлөгдөхгүй, softwer буюу программ хангамж нь өөрчлөгдөж байна. Анхны гар утас овор хэмжээ том байсан бол одоо жижиг, ухаалаг болсон гэв.

Үгийнхээ төгсгөлд тэрээр онлайн хөгжил нь нийгмийн, хүний, эдийн засгийн хөгжил, хүний эрхийн нэг чухал хүчин зүйл юм. Онлайн эрх чөлөө, мэдээллийн технологийн хөгжил хоёр нягт уялдаатай юм гэдгийг онцлов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн төгсгөлд мөн товч үг хэлсэн юм.

Categories
гадаад мэдээ

Нуранги дороос 101 настныг аварчээ

Өнгөрсөн сарын сүүлээр Балбад аймшигт газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтөөс хойш долоон хоногийн дараа нуранги дороос нэгэн эрэгтэйг аварчээ. Аврагдсан хүн 101 настай байжээ. Нас дээр гарсан Фунчу Тамангийг өнгөрсөн бямба гарагт Катмандугаас баруун хойд зүгт 90 км орчимд нурангиас гаргасан байна. Түүний биеийн байдал тогтвортой байгаа аж. Одоогийн байдлаар 20 гаруй орны аврах багийнхан эрж хайх ажиллагаанд оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

Л.Эрдэнэчимэг: Их хэмжээний өртэй компанийг оруулж болох эсэхийг тодруулна

УИХ-ын даргын захирамжаарТавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрөгч долоо хоногт байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ажиллаж байгаа. Л.Эрдэнэчимэг ажлын хэсгийн ажлын явцын талаар АН-ын бүлэгт мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнгөрсөн баасан гаригт ажлын хэсгийн зургаан гишүүн хуралдаж, дэд хэсэгтээ даалгавар өгсөн. Бямба, ням гаригт дэд хэсэг ажиллаж, ямар ч байсан энэ долоо хоногт Засгийн газар Монголын төмөр зам, Зам тээврийн яам, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт хэд хэдэн байгууллагаас лавлагаа авахаар албан бичиг илгээгээд байна. “Энержи Ресурс” компани өнөөдөр энэ төсөлд оруулах гэж байгаа нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтууд нь гадаадын хэд хэдэн компанийн барьцаанд байгаа. Жишээ нь, өнөөдөр Тавантолгойн төслийн танилцуулга дотор Өмнөговь аймагт “Энержи Ресурс” компаниас хийсэн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл байгаа. Энэ дотор байгаа нүүрс угаах үйлдвэр, уурхайн байгууламж, усан хангамж, цахилгаан хангамж зэрэг бүтээн байгуулалтууд нь гадаадын хэд хэдэн компанийн барьцаанд байгаа юм билээ. Дээрээс нь 600 сая ам.долларын бонд босгож хөрөнгө оруулалт хийсэн. Тэр 600 сая ам.долларын барьцаанд “MMC” корпорацийн Люксенбург болон Хонгконг дахь компани, Монгол Улс дахь “Энержи Ресурс” гээд бүх оролцогч компаниудын хувьцаа бүгд бий. Бид Тавантолгойн төсөл дээр 2017 он гэхэд төлбөрөө дуусгах ёстой. Ийм нөхцөлд их хэмжээний өртэй компанийг оруулж болох эсэхийг тодруулах шаардлагатай. Энэ тодруулгыг авахаар тодорхой экспертүүдийг ажиллуулж, “Энержи Ресурс” болон бусад компаниудаас энэ мэдээллийг ирүүлээч гэсэн хүсэлт илгээсэн” гэж ярилаа. Дэд ажлын хэсгийг А.Гансүх ахалж байна.

Categories
гадаад мэдээ

Орос 2020 оноос танкуудаа Армата Т-14-өөр солино

Оросууд 5 сарын 9-нд болох баярын парадынхаа үеэр хэд хэдэн шинэ зэвсгийн технологи танилцуулна. Танилцуулах техникээс шинэ үеийн танк болох Армата Т-14-ыг сонирхох хүн олон байна. Армата танкны толгойн хэсэг нь автомат аж. 125 мм удирдлагат пуужингаар бууддаг их буутай. Хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр удирдана. Танкны явах эд анги нь ямар ч зэвсгийн системүүдтэй тохирч болохоор хийгджээ. Хурд болон маневр хийх чадвар нь одоогийн цэргийн гол зэвсэг болох Т-90-ээс хол тасархай гэнэ. 2020 оноос Оросууд хуучин танкнуудаа шинэ Арматагаар солихоор төлөвлөж байгаа аж. Парадад 15,000 Орос цэрэг оролцох юм байна. Жагсаалд 1300 гадны цэрэг, энэ дунд Сербийн элит харуулууд, Хятадын хүндэт харуулууд мөн Энэтхэгийн тусгай харуулууд оролцохоор болжээ. 200 хуягт машин, 150 байлдааны нисэх онгоц ялалтын парадад оролцоно.