Categories
мэдээ спорт

Үндэсний бөхийн барилдааны тойм

Энэ амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай бөгөөд үргэлжлээд даваа, мягмар гарагуудад мөн бөхийн барилдаантай юм байна.

4-р сарын 4-ний бямба гарагт 14 цагаас улсын начин Т.Артагийн нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан

4-р сарын 5-ны ням гарагт 14 цагаас Сонгинохайрхан уулын хишиг улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

4-р сарын 6, 7-ны даваа, мягмар гарагуудад 09 цагаас Хан Хэнтийн аварга дэвжээний нэрэмжит сумын цолтнуудын барилдаан

4-р сарын 7-ны мягмар гарагт 14 цагаас Ардчилсан намын 25 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болох гэж байна. Маргаашнаас эхлээд дөрвөн өдөр дараалсан барилдаантай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Голомт банкны гүйцэтгэх захирлаар Л.Оюун-Эрдэнэ томилогджээ

Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрээр, 2015 оны 4-р сарын 1-ны өдрөөс, Голомт банкны Тэргүүн дэд захирал Л.Оюун-Эрдэнийг Голомт банкны Гүйцэтгэх захирлаар томиллоо.

Л.Оюун-Эрдэнэ нь 1999 оноос Голомт банкинд ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос Голомт банкны Тэргүүн дэд захирлаар ажиллах хугацаандаа Монгол Улсад байгууллагын банкны зах зээлийг хөгжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн том, ЖДҮ эрхлэгчдийг эдийн засгийн бүх салбарт дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж ирсэн юм.

Тэрбээр 1987-1994 онд Праг хотын Техникийн их сургуулийг инженер, 2003-2005 онд Хандунын Олон Улсын Их Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.

Categories
мэдээ нийгэм

Мал төллөлтөөр баруун аймгууд тэргүүлжээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 32.0 хувь буюу 6878.5 мянган эх мал төллөж, 6845.8 мянган төл буюу 18.3 мянган ботго, 39.6 мянган унага, 142.3 мянган тугал, 3394.0 мянган хурга, 3252.1 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 3.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 99.0 хувьтай байна.
Мал төллөлтөөр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Увс, Ховд аймгууд 40-өөс дээш хувьтайгаар тэргүүлж байна.й

Categories
мэдээ нийгэм

Дуучин Д.Болд өөрийгөө даатгуулав

Дуучин Д.Болд өөрийгөө “Монгол даатгал” компанид дөрвөн тэрбум төгрөгөөр даатгуулжээ. Хүмүүс машин, байр, үнэт эдлэлээ л даатгуулдаг. Харин Монголд, урлагийнхнаас дуучин залуу ийн анхдагч боллоо.

Түүний төрсөн өдрөөр “Монгол даатгал” компани хоёр сая ам.долларын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг бэлэглэсэн. Хэрэв түүнд ямар нэг зүйл болвол тус компаниас дөрвөн тэрбум орчим төгрөг гаргаж өгөх юм байна.

Categories
гадаад мэдээ

Тайландад онц байдлыг халлаа

Тайландын эрх баригчид 2014 оны 10-р сарын 20-оос мөрдөж эхэлсэн байлдааны цагийн онц байдлын журмыг халлаа. Гэхдээ байлдааны цагийн онц байдлыг халсан ч Тайландын захиран хянаж байгаа цэргийнхний эрх мэдлийг халсангүй. Тухайлбал, цэргийнхэн ба аюулгүй албаныхан иргэдэд ямар нэг ял тулгалгүйгээр долоо хоног хүртэл хугацаагаар баривчлах эрхтэй, Энх тайван ба хэв журмын үндэсний зөвлөлийн даргын зөвшөөрснөөс бусад бүх төрлийн таваас илүү хүн оролцсон улс төрийн жагсаалыг хориглосон зэрэг нь хэвээр үлдэж. Үүний дээр байлдааны цагийн журамд байсан зарим хязгаар, хориг хэвээр үлдсэн байна.
2014 оны 5-р сард Тайландад төрийн эргэлт гарсан. Улмаар цэргийнхэн олон сарын турш үргэлжилсэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоохын тулд улс даяар байлдааны цагийн журмыг мөрдөх болсон юм. 2014 оны эхний саруудад түр Засгийн газрыг огцрох, парламентын ээлжит бус сонгууль явуулж, улс төрийн тогтолцоонд өөрчлөлт хийхийг шаардсан Засгийн газрын эсрэг жагсаал, цуглаан тасрахгүй байсаар ийм үр дүнд хүргэсэн юм.

Categories
гадаад мэдээ

В.Путин АНУ-д айлчилаар болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 жилийн ойн чуулганд үг хэлэхээр төлөвлөж байгаа тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Энэ нь В.Путины 2007 оноос хойш хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дахин хүйтэн дайны уур амьсгал бүрдээд байгаа энэ цаг үед улс төрийн өндөр ач холбогдолтой айлчлал болно гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ Нью-Йорк хотноо болох Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох эсэх нь олон улсын нөхцөл байдлаас шалтгаалах учраас наймдугаар сарын эхээр эцсийн шийдвэр гарна гэж Оросын өдөр тутмын Коммерсант сонинд мэдээлжээ. Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч мөн эцсийн тов гараагүй хэмээн мэдэгдэж байгаа аж. Есдүгээр сард болох Ерөнхий Ассамблейн 70 жилийн ойн чуулганд дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн оролцох төлөвтэй байгаа юм. Харин В.Путин хамгийн сүүлд 10 жилийн өмнө Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байсан билээ. Тэрнээс өмнө 2000 болон 2003 онуудад энэхүү чуулганд оролцож байсан. 2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев ассамблейн чуулганд оролцож, 2010 онд АНУ-д төрийн айлчлал хийж байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бямбасайхан: Компанийн үнэ цэн өсвөл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ

Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

Маргааш (өнөөдөр) эхлэх Эдийн засгийн форумаар компанийн үнэ цэн гэсэн сэдвийг онцолж ярина гэж сонссон. Энэ сэдвийг онцлох болсон шалтгааныг сонирхмоор байна?

-Эдийн засаг томрох гол үндэс бол гадаадын шууд хөрөнгө оруулалт. Компаниуд нь үнэ цэнэтэй байж гадаадын том хөрөнгө оруулалтыг татаж чадна. Энэ утгаараа зайлшгүй хөндөж ярих учиртай сэдэв л дээ. Эдийн засгийн форумын үеэр энэ асуудлын суурийг ярих юм. Компанийн үнэ цэн гэдэг рүү чиглэсэн салбар хуралдааны панелистууд нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Да.Ганболд, СЗХ-ны дарга З. Нарантуяа, “Бодь” группын Д.Баясгалан нар. Б.Дэлгэрмаа зөвлөх компанийн үнэ цэнийг өсгөх чигийн гурван хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүн. Улс төрийн нөхцөл, хууль эрх зүйн тогтвортой байдал, бодлогын ойлгомжтой орчин зэрэг нь компанийн үнэ цэнд шууд нөлөөлдөг. Монголын ямар ч компани олон улсын зах зээлээс мөнгө босгоё гэхэд хамгийн түрүүнд улсынх нь эрсдлийг хэмжиж үздэг. Өнөөдөр бид дэлхийн зах зээлд гаръя гэвэл олон улсын стандартад хүрсэн байх ёстой. Улстөрийн эрсдэл өндөр улсын хувьдмөнгө босгох боломж хомс болдог. Хууль эрх зүйн ойлгомжтой орчин олон улсын зах зээлд компанийн үнэ цэн өсөх том шалтгаан болдог. Харин хууль эрх зүйн орчин нь муу байвал санхүүжилтийн өртөг нэмэгдэхээс эхлээд саар зүйл өчнөөн. Энэ тохиолдолд олон улсын зах зээлээс мөнгө босголоо гэхэд өндөр өртгөөр босгохоос аргагүйд хүрдэг.

Компаниудынхаа үйл ажиллагааг олон улсын стандартад хүргэх ёстой гэж ойлголоо. Төрийн өмчийн компаниудыг дэлхийн жишигт хүргэхийн тулд яах ёстой гэж та бодож байна, жишээ нь “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудын үнэ цэнийг өсгөж гаднаас хөрөнгө оруулалт татах боломж бий юу?

-Уул уурхайн чиглэлээр ажилладаг төрийн өмчит компаниудын хувьд олон улсын зах зээлээс мөнгө татах боломжтой бизнес. Том хөрөнгө оруулалт татах үүдийг яаж нээх вэ гэдэг нь компанийн үнэ цэн гэсэн ойлголтод хамаараад байгаа юм. Анхаарах хэд хэдэн гол зүйл бий. Нэгдүгээрт олон улсын стандартад шилжих ёстой. Өөрөөр хэлбэл санхүүгийнхаа менежментийг олон улсын стандартын дагуу хийдэг байх учиртай. Үйл ажиллагааны талаас нь харвал дэлхийд хэрэглэдэг сүүлийн үеийн технологи, шинэ арга барилыг нэвтрүүлэх хэрэгтэй. Өнөөгийн зах зээлд компанийн үнэ цэн гэдэг их чухал. Багануурын уурхайгаар жишээ авъя. Энэ уурхайн хувьцааны 25 хувь нь Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. Үлдсэн 75 хувийн хувьцааг Засгийн газраар дамжуулж иргэд эзэмшдэг. Миний хувьд энэ компанийн үнэ цэнийг яаж өсгөх вэ гэдэг асуудалд анхаарч ажиллаж байна. Үнэ цэнийг нь өсгөвөл иргэдийн хүртэх өгөөж тэр хэрээр нэмэгдэнэ. Нүүрсний уурхайн бизнесийн хувьд өнөөгийн үйл ажиллагаагаа явуулж байгаа хэлбэр нь хангалттай биш гэж боддог. Энэ бизнесийг зөвхөн нүүрс ухаж ачихын нэр гэж ойлгож болохгүй. Санхүүгийн олон үзүүлэлт, тайлан баланс дээр нь үндэслэж нэмэлт санхүүжилт босгох шаардлагатай. Үнэ цэнийг нь нэмэгдүүлэхийн тулд дэлхий даяар хэрэглэж байгаа стандартууд руу л хурдан шилжмээр байгаа юм. Төрийн өмчит компанийн удирдлагын арга барил, санхүүгийн менежмент ягөнөөдрийнх шиг үргэлжилбэл жилдээ хоёр сая тонн нүүрс гаргаад л явна. Өөр ямар ч өөрчлөлт ажиглагдахгүй. Зүй нь компаниуд өнөөдрийнхөөс томрох шаардлагатай. Тэгж байж эдийн засаг томорно. Эдийн засаг томорвол өнөөдрийн зовлон асуудал биш болно. Хамгийн гол өгөөж нь нийтийн өмч үнэ цэнэтэй болно. Дахин хэлэхэд компани томрох хамгийн чухал зүйл нь гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх. “BHP”, “Рио тинто” зэрэг олон улсын уул уурхайн компанийн жишигт хүрч байж л хөрөнгө оруулагчид бидэнд итгэдэг болно. Манай улсын өнөөдрийн эдийн засаг их амархан. Банкны зүгээс “Барьцаалах үл хөдлөх хөрөнгө байвал аваад ир, хөрөнгөний чинь төчнөөн хувьд нь зээл өгье” гээд л болчихож байна. Компанийн үнэ цэн, тайлан баланс дээр үндэслэж зээл олгодоггүй.

Төрийн өмчит компаниуд Компанийн хуулийн дор ажиллавал бизнес нь томорно гэсэн гарц яригдаж байгаа гэсэн. Үүнийг тодруулж тайлбарлаач?

-Төрийн өмчит компани гэдэг үг нэг л их эрх дархтай сүрхий газар гэсэн ойлголт өгөхөөр сонсогддог л доо.Нөгөө талаас нь харвал эрх нь маш хязгаарлагдмал шүү дээ. Өрсөлдөж болохооргүй нөхцөлд ажилладаг гэж хэлж болно. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаахэд хэдэн хуулийн хүрээнд явагддаг юм. Хуулиудынх нь хүрээ гэхээр дан хязгаарлалтууд. Улсын өмчит компани учраас энэ хуулийн ийм заалтыг дагана гэчихдэг. Төрийн өмчит компаниуд төсвөөс татаас авдаггүй. Бусад компаниудтай адил татвараа төлөөд яв гэсэн шаардлага тавьдаг хэрнээ үнэн хэрэгтээ гар, хөлийг нь боочихсон. Өнөөдөр манай компани зөвлөх үйлчилгээ авъя гэвэл заавал тендерийн хуулийн дагуу, татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагатай адилхан дүрмээр явах шаардлагатай болдог. Уг нь төрийн өмчит компани бол татвар төлөгч. Төсвийн байгууллагатай адил дүрмээр ажиллахаар цаг хугацаа алддаг том эрсдэл бий. Бизнесийн хувьд зайлшгүй шаардлагатай байгаа зөвлөх үйлчилгээг тендерийн хуулиас болоод хагас жилийн дараа авдаг. Өрсөлдөөн ихтэй зах зээлд амьдарч байгаа ийм үед өнөөдөр хэрэгцээтэй байгаа зөвлөх үйлчилгээ зургаан сарын дараа үр өгөөжөө алданал даа. Хэрвээ би хувийн компанийн захирал байсан бол зөвлөх үйлчилгээний хамгийн сайн компанийг шууд аваад л ажлаа хийлгэчихнэ. Уг нь Компанийн хуулиар явчихад л болох асуудал байгаа юм. Төрийн өмчийн компаниуд өөр хуулиар ажилладгаас болж л асуудал дэгддэг. Дахин хэлэхэд төрийн өмчит компаниудад илүү эрх дарх байдаггүй. Гарыг нь хүлсэн хууль эрх зүйн орчинд ажилладаг. Шаардлагатай гэж үзвэлолон улсын зах зээлээс хамгийн сайн хүн авчраад бизнесээ өргөжүүлэх боломж “Эм Си Эс” компанийн захиралдбайдаг. Учир нь тэнд хүний үнэлэмжид таарсан цалин хөлс олгодог систем бий. Мөнгө нь илүүдсэндээ биш компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх гэж л гаднаас чадварлаг мэргэжилтнүүд урьдаг юм. Харин төрийн өмчит компанийн захирал ингэж чадахгүй. Хувийн компаниуд шиг чадварлаг улсыг урьж ирүүлээд бизнесээ өргөжүүлье гэвэл цаг алдалгүйгээр Компанийн хуулийн дагуу ажилладаг болох хэрэгтэй.

Төрийн өмчит компаниудад бизнес хийх боломж олговол хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг томрох өгөөжтэй гэж ойлголоо.

-Монголчууд сайхан байртай, тавлаг орчинд, өндөр орлоготой амьдрахыг хүсч байгаа. Тэгж байж эдийн засаг эрүүлжилж, томрох учиртай. Энэ тохиолдолд бидний хүсээд буй орчин үеийн амьдралын үндсэн хэрэгцээ хангагдана. Ингэхийн тулд орлоготой байх учиртай. Ерөнхий сайдын том төслүүдээ явуулна гээд байгаа шалтгаан нь энэ. Том төслөө дагаад орлого нэмэгдэнэ. Бид дэлхийн стандарт руу дөхөх алхмаа хийчихсэн. Маш олон боломж байхад хүчээр, янз бүрийн байдлаар хязгаарлаад байна л даа. Нэг том, бодитой гарц бол төрийн өмчит компаниудад бизнес хийх боломжийг нь өгөх.

Төрийн өмчит компаниудыг Компанийн тухай хуулиар ажиллуулъя гэвэл хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал гарч ирэх байх. Шинээр хууль гаргах шаардлагатай юу?

-Компанийн тухай хуулиар явахад шинэ хууль батлуулах шаардлага бий. Хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулж таарна. Засгийн газрын зүгээс хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа. Зарчмаа ойлгочих юм бол яаж ийж байгаад хүрчихнэ. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн сэтгэлгээний хувьсгал хийчихэд л болох асуудал. Сингапур 1974 оноос төрийн өмчит компаниудаа Компанийн хуулийн дагуу ажиллуулах болсон. Компанийн хуулийн дагуу “Темасек” гэсэн нэртэй компани байгуулсан байдаг. Тэгээд тэр компани руугаа төрийн өмчид байсан компаниудын хөрөнгийг шилжүүлсэн юм. Өнөөдөр гэхэд л төрийн өмчит компаниуд Компанийн хуулийн дагуу гэрчилгээгээ авдаг. Уг нь жинхэнэ утгаараа шилжих хэрэгтэй байгаа юм. Компани нь компани шиг байж, зөв засаглалаар ажиллаж, ТУЗ нь хараат бусаар томилогдож, удирдлага нь зөвхөн компанийнхаа төлөө зүтгэж байж үнэ цэнэ нь өснө. Үнэ цэнэ нь дээшилбэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зам тээврийн осол 16.7 хувиар буурсан байна

Өнгөрөгч онд нийслэлийн хэмжээнд 10 хүүхэд зам тээврийн ослоос болж амь насаа алдсан бол улсын хэмжээнд 48 хүүхэд уг ослоор амь насаа байна. Тэгвэл хүүхдийг автомашины осол гэмтэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилготойгоор Нийслэлийн Замын Цагдаагийн газар, Монголын Залуучуудын Холбоо хамтран ажилласны үр дүнд хүүхдийн зам тээврийн осол, гэмтэл 16.7 хувиар буурчээ. Тодруулбал 2015 оны эхний хоёр сарыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хүүхдийн осол гэмтэл 16.7 хувь, хүүхдийн зам тээврийн осолд өртсөн байдал 17.8 хувиар буурсан байна.

Categories
мэдээ спорт

Самбо бөхийн залуучуудын улсын аваргууд тодорчээ

Самбо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Тэрбишийн нэрэмжит залуучуудын УАШТ өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 1-ний хооронд Орхон аймгийн “Хангарьд” спорт цогцолборт боллоо. Орхон аймгийн самбо бөхийн холбоо, ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 22 байгууллагын 241 эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөв.

Эрэгтэйчүүдийг багийн дүнгээр “Аврагч” спорт хороо тэргүүлж, “Женко” клуб, “Хилчин” спорт хорооны тамирчид удааллаа. Эмэгтэйчүүдийг багийн дүнгээр “Женко” клуб, СХД, Орхон аймгийн баг тамирчид эхний гурван байрт оров.

Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Орхон аймгийн Г.Балсанхүндэв, эмэгтэй тамирчнаар СХД-ийн М.Ундрахзаяа нар шалгарлаа.

Тэмцээний дүнг танилцуулья:

Эрэгтэй:

48 кг

1. З. Бямбатогтох (Багахангай дүүрэг)
2. А. Лутбаяр (ТСБТСДунд сургууль)
3. Ч. Мягмаржав (ОБЕГазар)
3. Ц. Түвдэнжамъяан (Булган аймаг)

52 кг

1. Э. Гантогтох (Баянзүрх Дүүрэг,Женко клуб)
2. Б. Мягмардорж (ОБЕГазар)
3. Ш. Цэрэнлхам (Сонгино хайрхан дүүрэг)
3. Д. Алтанхуяг (Багахангай дүүрэг)

57кг

1. Б. Баттулга (Ховд аймаг)
2. П. Алтанбагана (Баянзүрх дүүрэг, “Женко” клуб)
3. Э. Ариунболд (Монголын жүдо академи)
3. А. Мягмардорж (Дундговь аймаг)

62кг

1. Б. Оргилбаатар (“Увс нуур” дэвжээ)
2. Б. Сумъяабазар (ТСБТСДунд сургууль)
3. М. Мөнх-Эрдэнэ (Баянзүрх дүүрэг, “Женко” клуб)
3. Ж. Амарболд (ОБЕГазар)

68кг

1. Ц. Эрдэнэбилэг (Хичин спорт хороо)
2. Н. Мөнхбаяр (Баянзүрх дүүрэг, “Женко” клуб)
3. Б. Мөнхчулуун (Орхон аймаг)
3. Б. Эрхэмбаяр (“Увс нуур” Дэвжээ)

74 кг

1. Г. Балсанлхүндэв (Орхон аймаг)
2. Л. Цээлхасүрэнжав (Хэнтий аймаг)
3. С. Зээбүргэд (ТСБТСДунд сургууль)
3. Э. Түмэннасан (Монголын жүдо академи)

82 кг

1. Э. Мөнхжаргал (ОБЕГазар)
2. З. Лундаа (Баянзүрх Дүүрэг, “Женко” клуб)
3. Э. Төгс-Эрдэнэ (Орхон аймаг)
3. Б. Түвшинтөгс (Баянзүрх дүүрэг, “Женко” клуб)

90 кг

1. П. Энхтүвшин (ОБЕГазар)
2. О. Эрдэнэбат (Хэнтий аймаг)
3. С. Бат-Орших (Монголын жүдо академи)
3. Г. Өсөхбаяр (Багахангай дүүрэг)

100 кг

1. Б. Лхагвадорж (ОБЕГазар)
2. Б. Гүнсумъяа (Хилчин спорт хороо)
3. М. Лувсандорж (Хилчин спорт хороо)
3. Б. Самданжамц (ОБЕГазар)

+100 кг

1. Б. Батжаргал (Баянзүрх дүүрэг, “Женко” клуб)
2. Н. Өсөхбаяр (“Хилчин” спорт хороо)
3. Л. Ням-Очир (Орхон аймаг)
3. Н. Намнансүрэн (Булган аймаг)

Эмэгтэй:

44 кг

1. Б. Отгонцэцэг (Хан-Уул Дүүрэг, “Женко” клуб)
2. Б. Гантуяа (Орхон аймаг)
3. Д. Сувд-Эрдэнэ (Орхон аймаг)
3. Г. Хонгорзул (Сонгионхайрхан дүүрэг)

48 кг

1. Б. Хорлоо (Хан-Уул дүүрэг, “Женко” клуб)
2. Б. Бадмаа (Сонгинохайрхан дүүрэг)
3. Б. Шинэцэцэг (Сонгинохайрхан дүүрэг)
3. М. Үүрцайх (Орхон Аймаг)

52кг

1. Э. Базаррагчаа (Хан-Уул дүүрэг “Женко” клуб)
2. Б. Алтанцэцэг (Хан-Уул дүүрэг “Женко” клуб)
3. Э. Оюун-Эрдэнэ (Сонгинохайрхан дүүрэг)
3. Б. Болор-Эрдэнэ (Чингэлтэй дүүрэг)

56кг

1. П. Буянхишиг (Хан-Уул дүүрэг “Женко” клуб)
2. Б. Энхзул (Сонгино хайрхан дүүрэг)
3. Б. Цэрэнчимэд (Сонгинохайрхан дүүрэг)
3. Б. Мөнхжаргал (Хан-Уул дүүрэг, “Женко” клуб)

60 кг

1. Ц. Хулан (“Их шавь” дэвжээ)
2. С. Ариунзул (“Увс нуур” дэвжээ)
3. Д. Эрдэнэзул (Баянзүрх дүүрэг, “Женко” клуб)
3. А. Долгоржав (Баянзүрх дүүрэг, “Женко” клуб)

64 кг

1. Б. Ганхайч (“Тод-Сүх” клуб)
2. М. Даваасүрэн (“Боржин төв” дэвжээ)
3. Б. Оюунтүлхүүр (Орхон аймаг)
3. Э. Золжаргал (Булган аймаг)

68 кг

1. Н. Ундрахзаяа (Сонгино хайрхан дүүрэг)
2. Б. Хулан (Хан-Уул дүүрэг, “Женко” клуб)
3. Ж. Ариунтуул (Баянзүрх дүүрэг, “Женко”)
3. Д. Бямбадэлгэр (Ховд Аймаг)

72 кг

1. Ж. Гэрэлтуул (Сонгино хайрхан дүүрэг)
2. Б. Хонгорзул (“Тод-Сүх” клуб)
3. Г. Тунгалаг (Дархан-Уул аймаг)
3. Ц. Мөнх-Гэрэл (Хан-Уул, Женко клуб)

80 кг

1. Г. Сарангоо (Чингэлтэй дүүрэг)
2. С. Жавзмаа (Хан-Уул дүүрэг, “Женко” клуб)
3. Д. Пүрэвдулам (Булган аймаг)
3. Б. Удвал (“Боржин төв” дэвжээ)

+80 кг

1. Б. Уранбилэг (Орхон аймаг)
2. М. Сэлэнгээ (Сонгино хайрхан дүүрэг)
3. Г. Одонжаргал (Тод-Сүх клуб)
3. Э. Гандиймаа (Хилчин спорт хороо)

Эрэгтэй шилдэг тамирчин: Г.Балсанлхүндэв (Орхон хймаг)
Эмэгтэй шилдэг тамирчин: М.Ундрахзаяа (Сонгино хайрхан дүүрэг)

Баг:

Эрэгтэй:

1. Онцгой байдалын ерөнхий газар
2. Баянзүрх дүүрэг, “Женко” клуб
3. Хилчин спорт хороо

Эмэгтэй:

1.Хан-Уул дүүрэг “Женко” клуб
2. Сонгино хайрхан дүүрэг
3. Орхон аймаг тус тус шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлийн урьдчилгааг тэглэх хувилбар боловсруулж байна

Барилга хот байгуулалтын яамны мэдээлж буйгаар энэ онд 30 мянган орон сууц ашиглалтад орно. Өнгөрсөн онд дээд цэгтээ хүрсэн орон сууцны үнэ сүүлийн зургаан сарын турш буурч байна. Хоёр жилийн өмнө жилд хоёр дахин бага хэмжээний орон сууц ашиглалтад ордог байсан тухай БХБЯ-ны дэд сайд Г.Байгал ярив. Тухайн үед байрны нийлүүлэлт бага, хэрэгцээ өндөр байсан тул үнэ тасралтгүй өсөлттэй байсан аж. Энэ нь БХБЯ-ыг нийлүүлэлтийг дэмжих бодлого боловсруулахад хүргэжээ. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд импортын материалыг дотооддоо үйлдвэрлэх, барилгын компаниудыг дэмжих чиглэлээр ажилласны үр дүнд барилгын нийлүүлэлт нэмэгдэж, түүний үнэ буурч байгаа юм. Өнгөрсөн онд баригдсан долоон мянган барилга борлогдоогүй байна. Энэ жил ашиглалтад орох 23 барилгыг борлуулахад БХБЯ эрэлтийг дэмжих бодлого боловсруулж байна. Эхний ээлжинд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10-20 хувь хүртэл бууруулна. Улмаар амьжиргааны бага орлоготой иргэдэд урьдчилгаа төлбөргүй зээл олгох боломжийг судалж, хэрэгжүүлнэ. Энэ асуудлыг Монголбанктай хамтран боловсруулсан тул санхүүгийн эх үүсвэрт санаа зовох шаардлага байхгүй. Ипотекийн зээлийн эх үүсвэр хангалттай хугацаанд үргэлжлэх боломжтой. Гэхдээ маргаашнаас эхлээд зээлийн урьдчилгаа төлбөр тэглээд эхлэхгүй. Энэ ажил үе шаттай хэрэгжинэ. Мөн эрэлтийг дэмжих бодлого бол түрээсийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх. Одоогийн баригдсан барилгуудаас төр худалдан авч залуучууд, орлого багатай иргэдийг түрээсийн орон сууцаар хангах. Энэ нь шинэ орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд анхны хуримтлалтай болох хугацаа олгоно. Ипотекийн зээлийг түлхүүр гардсан байр авах иргэдэд л олгоно. Гэхдээ инженерийн байгууламжид холбогдсон Улсын комисс хүлээн авсан байрнууд хамрагдана. Хэрэв танай хашаа инженерийн байгууламжид ойрхон бол газар дээрээ стандарт хангасан байшин бариад улсын комисс хүлээн авсан тохиолдолд, худалдан авагчид ипотекийн зээлд хамрагдах боломжтой. АН-ын мөрийн хөтөлбөр 2012-2016 онд аймаг бүрт 1000 айлын орон сууц барина гэсэн амлалт байдаг гэнэ. Өнөөдөр үндсэндээ инженерийн байгууламж бэлэн болсон бөгөөд 2016 онд амласнаасаа олон орон сууц ашиглалтад оруулах болно. Сүүлийн үед гарч байгаа барилгын талбайн тухай ойлголтын зөрүү бол стандартыг мөрдөх тухай асуудал юм. Барилгын зургаар байшингийн талбайг гадна ханаар тооцож хэмждэг. Гэтэл барилга баригдаад дууссаны дараа хананы зузаан өрөөний талбайг багасгана. Үүн дээр учраа олчихвол цаашид ийм маргаан гарахгүй. Дэд сайдаас мэдээлэл аваад гарахдаа “ШӨХТГ-ынхан танай яамтай зарга үүсгээд байсан юу болсон” гэвэл “Тэр нөхөр бичиг баримтаа харахгүй байгаа юм болов уу. Барилгын компаниудыг зээл аваад, төлж дуустал нь тэдний төлөөлөл ажлын хэсэгт байсан. Учир нь олдохгүй юм яриад байгаа юм” гэсээр үлдэв.

Х.БАТТӨГС