Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн хэлэлцээрийг үзэглэнэ

Засгийн газрын ажлын хэсэг болон Тавантолгойн хөрөнгө оруулагч консорциум хоорондын яриа, хэлэлцээр бүрэн шийдэгдсэн бололтой. Талууд ирэх даваа гарагт Төрийн ордонд хэлэлцээрийг үзэглэхээр болжээ. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 15:00 цагт болох аж. Энэ талаар “Mongolian mining journal” сэтгүүлийн эрхлэгч, Л.Болормаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Түүний мэдээлснээр талууд Тавантолгойгоос гадна Оюутолгойн асуудлыг ч ойрын хугацаанд шийдвэрлэж, гарын үсэг зурах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сарын 15-ныг хүртэл мод бэлтгэхийг хориглолоо

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нарын Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай хамтарсан тушаал гаргалаа. Уг тушаалд зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэхийг хориглосон байна. Мөн түймэр гарахаас сэргийлэх, хамгаалах ажлыг шуурхай удирдлагаар хангах үүрэг бүхий жижүүрийг дээрх хугацаа хүртэл ажиллуулах шийдвэрийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ Зөвлөгөө, мэдээллийн төв ажиллуулж эхэллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвөө өргөтгөн Зөвлөгөө, мэдээллийн төв болгон ажиллуулж эхэллээ. Энэ төв Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа ажил, үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэн, албан бичиг, өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгөх юм.

Мөн мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-1286 дугаарын нээлттэй утас ажиллуулан, цахим мэдээллийн “Touch screen” комьютерыг ажилд орууллаа. Ингэснээр мэргэжлийн хяналтын байгууллагын ажил иргэд, аж ахуйн нэгжид улам ойртож ил тод болсны зэрэгцээ шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломжийг бүрдүүлж байна.

Зөвлөгөө, мэдээллийн төв ажлын өдрүүдэд 08.30-17.30 цаг хүртэл ажиллах бөгөөд өргөдөл, гомдол, албан бичиг хариуцсан мэргэжилтнээс гадна Дэд бүтэц, Цөмийн болон цацраг, Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчин, геологи, уул уурхай, Эрүүл мэнд, боловсрол, соёл, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Хил, хорио цээр гэсэн хяналтын зургаан газрын байцаагч нар сар бүр хуваарийн дагуу ажиллаж зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Цаашид аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд нэг загварын хаяг бүхий Зөвлөгөө, мэдээллийн төв байгуулж ажиллуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Гахайн мялзан өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ний гахайны аж ахуйд гахай үхсэн мэдлээллээр дүүргийн онцгой байдлын хэлтэс, мал эмнэлгийн алба, мэргэжлййн хяналтын хэлтээс холбогдох мэргэжилтнүүд гахайнуудад эрүүл мэндийн үзлэг хийж, халуунтай, хэвлийн хэсгээр тууралттай, хөх толботой хөхөрсөн зэрэг шинж тэмдэгтэй 2 торойноос цусны дээж авч, 2 торойг нядлан лабораторийн шинжилгээнд, 4 мэгжнээс цусны дээж авч нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторийн шинжилгээнд явуулсан байна.

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатороос гахайн сонгомол мялзан өвчний үүсгэгч вирусийн генийн өвөрмөц хэсэг илэрсэн тухай дүнг ирүүлснээр Хан-Уул дүүргийн Онцгой комисс 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж хорио цээрийн дэглэмийг тогтоон ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, өвчин үүсгэгчийг олж тогтоох, устгалд оруулах тухай шийдвэрүүдийг гаргажээ.

Тус өвчин гарсан газарт одоогоор Онцгой байдлын хэлтсээс 4 албан хаагч 2 автомашинтай Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 4 алба хаагч 2 автомашинтайгаар 4 цэгт хөдөлгөөнт эргүүлээр, “ТҮДА” ХХК-ний мал эмнэлгийн 2 ажилтан, 13 дугаар хорооны 2 ажилтан 2 автомашинтай хорио цээрийн дэглэм тогтоосон газарт бүх төрлийн хөдөлгөөнийг хориглох, ариутгал халдваргүйжүүлэлт, тандалтыг зохион байгуулан ажиллаж байна.

“Гроватз” ХХК-ний гахайны аж ахуйд байгаа 657 гахайнаас 81 торойнд өвчний шинж тэмдэг илэрч, 10 торой үхсэн байдалтай байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Маргааш сар хиртэнэ

Саяхан дэлхий даяар нар хиртэх үзэгдэл болсон. Харин энэ удаад дэлхий даяар сар хитрэх өвөрмөц үзэгдэл болох гэж байна. Бямба гарагт болох сар хиртэлтийг Улаанбаатарын иргэд ч харах боломжтой бөгөөд сарны хиртэл 20:18 цагт эхэлж, 22:44 цагт дуусах аж. Харин сарны бүтэн хиртэлт буюу “Цуст улаан сар” нь Төв ази, Австрали, Хойд болон Өмнөд Америкт илүү тод харагдахыг эрдэмтэд мэдээлж байна. Сар жилдээ хоёр удаа хиртдэг гэнэ.

Categories
гадаад мэдээ

Арабын нэгдсэн Эмират шороон шуурганд дарагджээ

Арабын нэгдсэн Эмират улс шороон шуурганд дарагдсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Цөлөөс ирсэн шороон шуурганы улмаас Дубай хотын дэлхийд алдартай тэнгэр баганадсан барилгууд ч үзэгдэхгүй болоход хүрсэн байна.
Шороон шуурганы улмаас хамгийн ихдээ 500 метрийн зайд байгаа томоохон объект л харагдаж байгаа аж. Ийм хүчтэй шуурганаас болж Дубайн олон улсын онгоцны буудлаар дамжих зарим нислэгүүдийг зоггсоосон нь олон мянган зорчигчдод хүлээлт үүсгээд байна.
Нийслэл Абу Даби хотын цагдаагийн газрын мэдээлснээр шуурганы улмаас гарсан осол гэмтэл бүргээгдээгүй гэлээ.


Цаг уур судлаачид Арабын нэгдсэн Эмиратыг шар өнгөд хувиргаж буй шороон шуургыг ирэх амралтын өдөр гэхэд намжина хэмээн мэдээлжээ.
Тус бүс нутагт хүчтэй шороон шуурга ховор үзэгдэл биш юм. Гэвч энэ удаагийн шуурга өмнөхүүдээсээ илүү хүчтэй байгаа тухай орон нутгийн оршин суугчид онцолсон байна.

Categories
мэдээ нийгэм

Азийн залуу бизнесменүүд Монголд уулзана

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж буй Азийн залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганы хүрээнд Залуу бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Ази тив нь дэлхий дээр эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байгаа бөгөөд энэхүү өсөлтийн амжилтын үндэс нь бүс нутгийн хэмжээнд тогтвортой зах зээлийг хөгжүүлсэн, хүн ам, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чөлөөтэй шилжилт хөдөлгөөний шинэ эрин үе эхэлсэн, шинэ салбарууд хурдацтай хөгжиж байгаатай салшгүй холбоотой юм. Залуу бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэдлэг туршлагаасаа хуваалцах, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн боломжуудыг судлахад туслах нь энэ уулзалтын зорилго юм.Уулзалтад гадаад, дотоодын нийт 200 орчим төлөөлөгч оролцож, тодорхой сэдвүүдээр илтгэл сонсох, 1:1 зарчмаар дотоод гадаадын бизнес эрхлэгчидтэй тойргийн журмаар, тодорхой хуваарийн дагуу уулзах боломжтой юм байна. Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрлэл, Үйлчилгээний гэсэн гурван салбарын хүрээнд өрнөх уг уулзалт тавдугаар сарын 20-ны өдөр болно.

Categories
мэдээ нийгэм

Дагуул хоттой болох шийдвэр гарчээ

НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан тав хоног завсарласны эцэст Налайх, Багануур дүүрэгт дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор дагуул хот байгуулах тухай асуудал ажил өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлсэн бөгөөд тухайн дүүргүүдийн иргэдээс “Хот байгуулах асуудал”-аар Багануур дүүрэгт нэгдүгээр сарын 22, 23, Налайх дүүрэгт нэгдүгээр сарын 22-ны өдөр санал авч, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн юм. Ийнхүү НИТХ-ын ээлжит 25-р хуралдаанаар нийслэлийн анхны дагуул хотуудыг байгуулах түүхэн шийдвэрийг гаргажээ.

Categories
гадаад мэдээ

Ирантай гэрээ байгуулж чаджээ

Швейцарийн Лозанна хотноо өчигдөр “P5+1” Ираны цөмийн хөтөлбөрийн үндсэн гэрээг Тегераны талтай байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Үндсэн гэрээний дагуу Иран уран баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаа 98 хувь хүртэл нь бууруулахаар болсон байна. Тегеран гэрээг хэрэгжүүлсний хариуд АНУ болон Европын холбоо Иранд тавиад буй эдийн засгийн хоригоо цуцлахаа амалж, ирэх долоо хоногоос эхлэн ажил хэрэг болгохоо “P5+1” мэдэгджээ. Гэрээ амжилттай байгуулсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “P5+1” холбоонд талархалаа илэрхийлж “Бид гэрээний хэрэгжилтийг сайтар хянан ажиллах болно. Биднийг болон олон улсыг хуурах гэж оролдох хэрэггүй. Өнөөдрөөс эхлэн Тегеран олон улсын анхааралд орлоо” гэж хэлжээ. Иран уран баяжуулахад ашигладаг центрифугийн тоог гуравны хоёроор бууруулах аж. Тэднийг дахин ашиглахаас сэргийлэн олон улсын цөмийн энергийн агентлаг хяналтандаа авч, сард 1-2 удаа шалгалт хийхээр тохиролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 6000 гаруй том мод шилжүүлэн суулгах аж

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдасны дагуу нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулахаар төсөл боловсруулсан байна. Том мод шилжүүлэн суулгаснаар ногоон байгууламжийн 8-12 жилийн арчилгаа, хамгаалалтын ажлыг хэмнэж, агаарын бохирдол, бичил тоосонцорыг өөртөө шингээж, дуу чимээг багасгаж,ногоон массыг нэмэгдүүлэн хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх чухал ач холбогдолтой юм. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардалд 500 сая төгрөгийг тусгасан байна. Тус ажлыг зохион байгуулах судалгааг нийслэийн төвийн дүүргүүдийн гудамж, талбайд хийсэн бөгөөд эхний ээлжинд 3105 ширхэг модыг таримал ой, мод үржүүлгээс шилжүүлэн суулгах боломжтой гэж байгаагаа нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч онцолж байна.

Том модыг шилжүүлэн суулгах ажил нь тусгай технологи, шаардлагын дагуу хийгддэг бөгөөд 2015 онд огтолж устгах замаар гүйцэтгэхээр төлөвлөсөн модыг шилжүүлэн суулгахаар тооцжээ.Модны сонголыг хийхдээ 3-5 метрийн өндөртэй ой-ургамлын нэг мужлалд хамаарах модыг авах, цаг уурын хувьд ижил нөхцөл ургаж чадах болон шинэ газраа амархан дасах модыг сонгох зэрэг шаардлагатай. Өмнө нь том модыг НЗДТГ-ын урдах талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суулгасан бөгөөд амьдрах чадвар 100 хувь байгаа юм.

Эхний ээлжинд дараахь газруудад том модыг шилжүүлэн суулгахаар төлөвлөж байна. Наадамчдын гудамж (Яармагийн гүүрнээс Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэл 8км авто зам дагуу) – 4000 ш, Саппорогийн уулзвараас 10-р хороолол хүртэл авто замын тусгаарлах зурваст – 200 ш, Москвагийн гудамж 60 ш, Турк Монголын цэцэрлэг 50 ш, Занабазарын гудамж 50 ш, Ботаникаас Улиастайн гүүр хүртэл – 450 ш, Их Монгол Улсын гудамж 100 ш, Нисэхийн шинэ спорт цогцолбороос урагш төв аймгийн шалган нэвтрүүлэх хүртэл 1100 ш, Баруун 4-н замаас Гэсэр сүмийн уулзвар хүртэл том мод шинээр суулгах – 95 ш аж.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд уг асуудлыг дэмжээд, холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.