Categories
мэдээ эдийн-засаг

Азийн залуу бизнесменүүд Улаанбаатарт уулзана

Монгол Улсын Засгийн газар, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий чуулганы хүрээнд Залуу бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Ази тив нь дэлхий дээр эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байгаа бөгөөд энэхүү өсөлтийн амжилтын үндэс нь бүс нутгийн хэмжээнд тогтвортой зах зээлийг хөгжүүлсэн, хүн ам, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чөлөөтэй шилжилт хөдөлгөөний шинэ эрин үе эхэлсэн, шинэ салбарууд хурдацтай хөгжиж байгаатай салшгүй холбоотой юм. Залуу бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэдлэг туршлагаасаа хуваалцах, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн боломжуудыг судлахад туслах нь энэ уулзалтын зорилго юм. Уулзалтад гадаад, дотоодын нийт 200 орчим төлөөлөгч оролцож, тодорхой сэдвүүдээр илтгэл сонсох, 1:1 зарчмаар дотоод гадаадын бизнес эрхлэгчидтэй тойргийн журмаар, тодорхой хуваарийн дагуу уулзах боломжтой юм байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний гэсэн гурван салбарын хүрээнд өрнөх уг уулзалт тавдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатарт болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн цирк Монголд хаалтын тоглолт үргэлжилж байна

Циркийн асар үдэш бүр үзэгчдээр дүүрэн хүүхэд багачуудын дуу хуур, баяр баяслаар хөглөгдөн байгаа билээ. Учир нь эдгээр өдрүүдэд “Дэлхийн цирк Монголд” тоглолт Үндэсний циркийн манежнаа болж байгаа юм. Аварга матар амьтан сургагчтайгаа зочлон, тэнгэрт Ардчилсан Солонгосын циркчид дүүлэн нисч, 10 метрын өндөртэй эргэлддэг дугуйн дээр БНХАУ-ын циркчид нүдээ боон алхаж, Испанийн илбэчин будааг ус болгон бүсгүйгээ галтай жороор сүлбэн алга болгож, Английн жонглёрчин рок аянд хурдлан жонглёрдож, Канад, Вьетнамын жүжигчид хамгаалалтын бүсгүй агаарт нисэж, Америкийн алиалагч ирсэн зочдод инээд бэлэглэн уйдах завгүй гурван цагийн тоглолт нисэн одно.

Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирктэй хамтран “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг хоёр дахь удаагаа ийнхүү амжилттай үргэлжлүүлж байгаа юм. Хэдийгээр тоглолтын товыг долоо хоног хэмээн зарласан ч үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа учраас тэдний хүсэлтээр тоглолтын өдрүүдээ сунгасан юм.

“Дэлхийн цирк Монголд” хаалтын тоглолтууд энэ амралтын өдөр 11.00, 15.00, 19.00 цагт тус тус тоглон өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 1986-1988 төгрөг байна

Ханш

ХАНШИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Ханшийн архив

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн Муза 12” наадамд нэр дэвшигчид

Драмын урлагийн хөгжил, уран бүтээлчдийн бүтээлч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор анхлан зохион байгуулагдаж ирсэн “Гэгээн Муза” наадам тавдугаар сарын 23-нд Улсын драмын эрдмийн театрт болно.

Ингээд энэ жилийн “Гэгээн Муза”-д нэр дэвшиж буй бүтээл, уран бүтээлчдийг танилцуулж байна.

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
• “Чөлөөт хос” /УДЭТеатр/
• “Галдан бошигт хаан” /Ховд аймгийн ХДТеатр/
• “Хар торгон хамжаар” /БНХАУ-ын ӨМӨЗОроны “Хаан титэм” соёлын компани/
• “Өнгөрсөн цагийн салхи” /ОХ-ны Буриад улс Хоц. Намсраевын нэрэмжит ДУАТеатр /

Шилдэг жүжгийн зохиолч
• Н.Сүхдорж “Галдан бошигт хаан” жүжгээр
• Н.Ган “Хар торгон хамжаар” жүжгээр

Шилдэг найруулагч
• Н.Найдандорж “Чөлөөт хос” жүжгээр
• Б.Мөнхдорж “Галдан бошигт хаан” жүжгээр
• Г.Дорж “Хар торгон хамжаар” жүжгээр
• Саян Жамбалов “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

Шилдэг тайзны зураач
• н.Мягмарсүрэн “Чөлөөт хос” жүжгээр
• Ц.Энхтуяа “Галдан бошигт хаан” жүжгээр
• Д.Хуяг “Хар торгон хамжаар” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч
• н.Энхбаяр “Чөлөөт хос” жүжгээр
• Б.Мөнхболд “Галдан бошигт хаан” жүжгээр
• Д.Батмөнх “Хар торгон хамжаар” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр
• Э.Тодгэрэл “Чөлөөт хос” жүжгийн Мамбретогийн дүрээр
• Б.Цэнд-Аюуш “Галдан бошигт хаан” жүжгийн Галдан хааны дүрээр
• У.Хүлэгдэй “Хар торгон хамжаар” жүжгээр
• Үржин Гармаев “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр
• Чингис “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр
• Ц.Баясгалан “Чөлөөт хос” жүжгийн Антониягийн дүрээр
• С.Лхамхүү “Галдан бошигт хаан” жүжгийн Ану хатны дүрээр
• Б.Сарантунгалаг “Хар торгон хамжаар” жүжгээр
• Дарима “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр
• Ольга “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр
• Должин “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
• “Хүний дуу хоолой” /Монгол/
• “Ялаа” /Монгол/
• “Хайрт минь би чамайг хүлээж байна” /Монгол/
• “Ашгүй бүх юм дууслаа” /Монгол/
• “Танихгүй эмэгтэй захидал” /Монгол/
• “Улаан дэнлүүт асар” /Монгол/
• “Амок” /Косова/
• “Гараа надад өгөөч” /Орос/
• “Ганцаараа” /Эстон/
• “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” /Швейцарь/

Шилдэг найруулагч

• Н.Наранбаатар “Танихүй эмэгтэй захидал” жүжгээр
• М.Боролдой “Хүний дуу хоолой”, “Ялаа” жүжгүүдээр
• Л.Эрдэнэ-очир “Ялаа” жүжгээр
• Б.Бат-Өлзий “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр
• Н.Төмөрбат “Хайрт минь би чамайг хүлээж байна” жүжгээр
• Nura “Амок” жүжгээр
• Meosmart “Ганцаараа” жүжгээр

Шилдэг тайзны зураач
• Н.Батбилэг “Танихгүй эмэгтэй захидал” жүжгээр
• М.Боролдой “Хүний дуу хоолой”, “Ялаа” жүжгүүдээр
• З.Ёндон “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр
• Л.Цэрэндулам “Хайрт минь би чамайг хүлээж байна” жүжгээр

Шилдэг эмэгтэй жүжигчин
• н.Оюунзул “Хүний дуу хоолой” жүжгээр
• Б.Одончимэг “Танихгүй эмэгтэй захидал” жүжгээр
• Б.Энхжаргал “Хайрт минь би чамайг хүлээж байна” жүжгээр
• Б.Туяа “Улаан дэнлүүт асар” жүжгээр
• Castrillo Mariacristina “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” жүжгээр

Шилдэг эрэгтэй жүжигчин
• Л.Баасанжаргал “Ялаа” жүжгээр
• Я.Билгүүнсар “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр
• Mentor Zymberaj “Амок” жүжгээр
• Hendrik Toompere “Ганцаараа” жүжгээр
• Nicolai Gorokhov “Гараа надад өгөөч”

ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:

• “Арван хоёр сар” /УХТеатр/
• “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” /Орхон аймгийн ХЗТеатр/
• “Алладины шидэт дэндлүү” /”Шилдэг өнгө” продакшн/
• “… Дараа” /Солонгос улсын “Мөрөөдлийн байшин” театр/

Шилдэг жүжгийн найруулагч

• М.Ариунтуяа “Арван хоёр сар” жүжгээр
• Ё.Баярмагнай “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгээр
• Ц.Хүсэлбаатар “Алладины шидэт дэнлүү” жүжгээр
• Ким Со Неон “…. Дараа” жүжгээр

Шилдэг тайзны зураач
• В.Энх-Амгалан “Арван хоёр сар” жүжгээр
• Б.Сайханбаяр “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр
• н.Эрдэнэпүрэв “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийн Бэлтрэгийн дүрээр
• н.Мөнхбаатар “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Алладины дүрээр
• Кан Жу Сеон “…Дараа” жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр
• С.Оюунболд “Арван хоёр сар” жүжгийн Дагавар охин дүрээр
• Т.Мөнхсайхан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийн Тооройн дүрээр
• О.Золзаяа “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийн Бүжингийн дүрээр
• Х.Баярмаа “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Жасмины дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр
• Г.Золбоот “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Бирдийн дүрээр
• Жан Се Хюн “… Дараа” жүжгээр

Шилдэг эмэгтэй туслах дүр
• Э.Ганчимэг “Арван хоёр сар” жүжгийн Охины дүрээр
• Х.Батмөнх “Арван хоёр сар” жүжгийн Хойд эхийн дүрээр
• Ким Со Неон “… Дараа” жүжгээр тус тус өрсөлдөж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“The Lemons” өнөөдөр шинэ цомгийн өдөрлөгөө хийнэ

“The Lemons хамтлагийнхан өнөөдөр “III” нэртэй шинэ цомгийн өдөрлөгөө хийх гэж байна. Тус хамтлагийн гурав дахь цомгийн өдөрлөг 14.00-16:00 цагийн хооронд “Hi-Fi Records”-ын төв салбар дээр болох юм.
Цомгийн өдөрлөгт хүрэлцэн ирснээр “The Lemons” хамтлагийнхантай гэрэл зургаа авхуулж, шинэ цомог дээр нь тэднээр гарын үсэг зуруулах боломжтой юм байна.
Түүнчлэн цомгийн баярт ирсэн эхний 10 хүн “III” цомгийг постерын хамт үнэгүй авах бол, дараагийн 50 хүн “III” цомгийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр, постерын хамт, дараагийн 50 хүн “III” цомгийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр, постерын хамт авах нь ээ.
Мөн “Unitel” ийн хэрэглэгч нар 200 GG оноогоор, “Jet – School of English”-ийн оюутнууд The Lemons “III” цомгыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломжтой аж.
Өмнө нь цомог авсан хүмүүс өнөөдөр 12:00-14:00 цагын хооронд цомгоо авч ирээд постер авч болно шүү!
“The Lemons хамтлагийнхан шинэ цомгийг “Hi-Fi.MN” сайтаас татаж авахад 18 мянган төгрөг бөгөөд “Hi-Fi records”- тус цомгийг 19,500 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ой тогтоолтын улсын аваргууд өнөөдөр тодорно

Монголын Оюун Ухааны академиас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2015” оюуны спортын 5 дахь удаагийн тэмцээн хоёр үе шаттай явагдаж байна. Эхний шалгаруулалт 2015.03.20-ны өдөр явагдаж 120 тамирчин оролцсоноос эцсийн шалгаруулалтад өрсөлдөх тамирчдын нэр тодорсон. Тэгвэл эцсийн шалгаруулалт өнөөдөр Монгол – Япон төвд эхэлж байна. Энэ шалгаруулалтад нийт 50 /бага-10, дунд-30, насанд хүрэгч-10/ тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар ажиллах ба тамирчдын гаргах амжилтууд Дэлхийн чансаанд бичигдэнэ. Нас насны ангилалд эхний 3 байр шалгаруулж цом, медаль, өргөмжлөл мөн тэргүүлсэн тамирчдад цом гардуулна. Нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчдад 1 сая, 750 мянга, 500 мянган төгрөгийн шагналтай юм байна.

ТЭМЦЭЭНИЙ ТӨРЛҮҮД:

1. Хоёртын тоолол
2. Тооны марафон
3. Тооны марафон-Хурд
4. Багананд өгөгдсөн үгс
5. Түүхэн үйл явдал
6. Хийсвэр зураг
7. Нэр, зүс царай
8. Хөзөр-Хурд
9. Хөзрийн дараалал
10. Дуут цифр

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд дайрсан жолооч хэргийн газраас зугтсан байна

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар өчигдөр нийт 362 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын 256 дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, Зам тээврийн осолд 4 хүүхэд өртснөөс сургуулийн насны 3, сургуулийн өмнөх насны нэг хүүхэд байжээ. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 3, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 жолоочийг илрүүлсэн байна. Тухайлбал, СБД-ийн нутаг Бага тойруу 11 дүгээр хорооллын зургадугаар байрны зүүн замд Т.Gaia маркын авто машины жолооч Г нь явган зорчигч зургаан настай Х-г мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтсан аж.

Categories
мэдээ цаг-үе

Б.Төгөлдөр: Аавыгаа баярлуулж улсын цолонд хүрэх мөрөөдөл надад бий

Монгол Улсын заан, гавьяат тамирчин Ц.Баярсайханы хүү Б.Төгөлдөртэй ярилцлаа.

Аавыг тань үндэсний бөхийн хүчит заан гэдгээр Монголын ард түмэн сайн мэднэ. Харин аав хүнийх нь тухайд сайн мэдэхгүй юм?

-Аав нар үр хүүхдийнхээ сэтгэлд хэзээд хамгийн сайхнаар бодогддог. Миний хувьд ч аав минь миний мэдэх хамгийн сайн аав. Намайг ер нь загнаж үзээгүй дээ. Хэлэх зүйлээ хэлдэг ч хатуу ширүүн үгээр загнахгүй. Болохгүй байгаа зүйл харагдвал ингээрэй, тэгээрэй гэж зөвлөх маягаар хэлнэ. Түүнээс биш чанга дуугарч ширүүн аашилж байсныг нь мэдэхгүй юм. Хүмүүс бөхчүүдийг их л хатуу байдаг гэж боддог байж магадгүй юм. Их зөөлөн хүн дээ.

Загнуулж үзээгүй гэхээр зодуулсан уу гэж бүр асуултгүй юу?

-Зодуулж бол үзээгүй ээ. Манайх хоёр хүүтэй айл. Би айлын том хүү. Аавыгаа 22 настай байхад би төрж байлаа. Намайг гуравтай байхад буюу 1989 онд аав маань Монгол Улсын начин цолонд хүрч байсан. Начин болж байх үеийг нь би санадаггүй ч заан болж байх үеийг нь мэднэ. 1992 он шүү дээ. Тэр жил миний дүү төрж байлаа. Аав маань 1989 оны бүх ард түмний спартикадад гуравдугаар байранд орж начин цолны болзол хангаж байсан. Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлээд, О.Балжинням аварга хоёрдугаар байранд орж заан цолтой болж байсан жил. Дараа нь 1993 онд улсын наадмаар заан цолтой болж байлаа.

Тэр үед аавыгаа дагаж наадам, барилдаанд их явдаг байв уу?

-Ухаан ороогүй жаахан байхдаа л аавыгаа дагаад явдаг байсан гэсэн. Харин том болсон хойноо бол нэг ч удаа гэртээ үлдэж үзээгүй ээ. Жаахан байхад зурагтаар нэг их сүйдтэй гоё нэвтрүүлэг, кино гараад байх биш гэртээ үлдэнэ гэж байхгүй. Аавыгаа л дагаад явж байвал аз жаргал байлаа.

Бэлтгэл дээр бол байнга очих уу?

-Бэлтгэл дээр байнга шүү дээ. Ер нь тэгээд бэлтгэл гэлтгүй өдөр бүр л хаашаа ч явсан дагаад явдаг. Аавыг энд тэнд хүнтэй уулзахад машинд нь үлдчихнэ. Машингүй үед нь ч хоёулаа автобусанд суугаад явж өгдөг байлаа.

Барилдааныг нь үзэх ямар санагддаг вэ. Уначихвал, эсвэл давахаар хүүд нь арай өөр санагддаг байж мэдэх юм?

-Яахав барилдах үеэр догдолно. Гэхдээ хүүхэд байсан болохоор аавын барилдааныг үзэх чухал биш байжээ. Дагаж яваад бөхчүүдийн хүүхдүүдтэй тоглоход их дурлана. Бас бөхчүүдийн хүүхдүүд аав нарыгаа барилдах хооронд тэрүүхэн тэндээ хөөрхөн наадам зохиогоод хоорондоо барилдчихдаг байсан.

Хэн, хэний хүүхэдтэй нэг үе байв?

-Ж.Мөнхбат аваргын хүү Хакухо М.Даваажаргал бид хоёр хар багын найзууд. М.Даваажаргал бид хоёр бол байнга таарна. Бас тухайн үед ид барилдаж байсан бөхчүүдийн хүүхэд ирчихдэг байсан. Хоорондоо өдөржин ноцолдоод орой нь ядарч үхэх гэж байгаа амьтан гэртээ харьдаг байлаа. Хүзүү улайчихсан, хувцсаа энд тэндээ урчихсан гэрийн бараа харна. Тэр үед заалны барилдаанууд их болно. Спортын төв ордны хувцас солих өрөөнд л ноцолдож байгаа нь тэр шүү дээ.

Банди нар тэгж ноцолдоход аавууд дуртай байдаг байх. Ялангуяа бөх хүн хүүгээсээ хүлээх юмтай л байдаг байх даа?

-Манай аав намайг бага байхад бөхийн секцэнд явуулж барилдуулах дуртай байгаагүй. Юу юу ч болоогүй байхдаа бэртэл гэмтэл аваад халширчихна гэж хайрладаг байж л дээ. Тиймээс би нэлээн хожуу барилдаж эхэлсэн юм. 2003 онд 17 нас хүрээд Япон руу явсан. Тэнд байхдаа сургуулийнхаа жудогийн секцэнд явж эхэлснээс хойш албан ёсоор бөхөөр хичээллэсэн гэсэн үг. Тэрнээс өмнө сагсан бөмбөгөөр хичээллэдэг, гандболын улсын шигшээ багийн тамирчин байсан. Спортод их дуртай өссөн.

Японд таныг сумогоор хичээллэдэг байсан гэж ярьдаг юм байна лээ?

-Сумогоор барилдаж байгаагүй ээ. Яахав Японд байгаа, бас бөх гэхээр хүмүүсийн толгойд шуудхан сумо юм байна гэж ойлгогддог байх. Манай сургуульд дэргэдээ жудо бөхийн секцтэй байсан нь бөхөд дуртай надад бөөн боломж гаргаж өгсөн. Тэгээд л барилдаж эхэлсэн дээ. Тэгээд ч гайгүй том болчихсон байсан болохоор аав ч дэмжсэн.

Барилдаж эхэлснээс хойш уралдаан, тэмцээнд ордог л байсан байлгүй. Тэр үед аав тань юу гэж захидаг вэ. Мэдээж хэрэг өөрөө дасгалжуулагч хүн болохоор хүүдээ арай өөр зөвлөгөө өгдөг байсан биз?

-Аав чөлөөтийн тамирчин шүү дээ. Тэгэхээр аав би зааж мэдэхгүй юм байна гэдэг. Хоёр өөр спорт учраас аргагүй. Хаа нэг үндэсний бөхөөр хамт бэлтгэл хийх ховорхон тохиолдол гарна уу гэхээс үргэлж хамтдаа зааланд ноцолдоод байна гэсэн ойлголт байхгүй. Харин намайг тэмцээн уралдаанд оролцоход аав байнга ирж үзнэ. Би 2009 оноос хойш улсын шигшээ багт багтсан. Гадаад, дотоодын тэмцээнд их явна. 2010, 2011 оны дэлхийн аваргад оролцсон. Тэр бүгдэд аав байнга хамт явна.

Ингэж барилдана шүү, тэгж мэх хийгээрэй гэж заахгүй юу?

-За ёстой хараад ч мэдэхгүй юм байна л гэнэ. Жудог ойлгохгүй гэх нь хаашаа юм. Гэхдээ өөрөө жудогоор барилдаж байгаагүй болохоор нандин зүйл заая гээд ч мэдэхгүй. Зааж өгье гээд ч чадахгүй юм байна л гэдэг.

Мэх заадаггүй юм гэхэд сэтгэлзүйн зөвлөгөө өгнө биз дээ?

-Тэгэлгүй яахав. Чи энэ бөхийг заавал ялна шүү энэ тэр гэж хэлдэггүй юм. “Татами дээр гараад өөрийн санасан бодсоноо л хийгээрэй” гэдэг. Тухайн өрсөлдөгчтэйгээ барилдахдаа өөрийн бодож байгаагаа эртхэн хийчихээрэй гэнэ. Их бодоод, хүлээгээд хэрэггүй. Орж ирвэл мэхээ хийгээрэй гэж захидаг.

Тэмцээнд аавтайгаа хамт явах арай өөр байдаг уу?

-Өөр байлгүй яахав. Ер нь шал ондоо шүү. Бөхчүүдтэй хамт нэг баг болоод явж байгаа хэдий ч ярихгүй зүйл гэж байна. Би ингээд байна, тэгээд байна гэж хэлэхгүй. Аав хамт байвал нарийн ширийнээ ярилцана. Аав, би жаахан сандраад байна гэдэг ч юм уу. Тэгэхээр аав нуруун дээр ганц сайхан цохиод зоригжуулаад өгнө. Сайхан нөмөртэй байдаг юм аа.

Наадмын өмнө аавтайгаа хамт бэлтгэлд гарах уу?

-Манай аав 1992 оноос “Есөн туг” гэсэн клуб байгуулаад наадмын бэлтгэлд гардаг байсан. Төмөр замын харьяат бөхчүүд гэж ярина. П.Сүхбат агсан, Ц.Бэгзсүрэн начин, Ж.Намжилдорж начин гээд хориод бөх бэлтгэлдээ гардаг байлаа. Аав, П.Сүхбат заан хоёр галаа ахалдаг. Тэр үед хүүхдийн “Болор” зуслан, “Сүүж” амралт гээд жил бүр өөр өөр газар гарна. Тэр бүхэнд хамт дагаад явдаг. Төв аймгийнхантай гэвэл 2006 онд хамтдаа бэлтгэлд гарч байсан. Ж.Мөнхбат аварга, Л.Сосорбарам арслан нар ахлаад залуусаа аваад гарна. Тэнд бэлтгэл хийж аймгийнхаа наадамд барилдаад аймгийн заан цолтой болсон.

Үндэсний бөхөөрөө үргэлжлүүлэн барилдаж болоогүй юм уу?

-Барилдъя гэж бодолгүй яахав. Гэхдээ ид барилдах үедээ Японд байсан. Тэнд 10 жил болоод нутагтаа ирлээ. Одоо бол бэлтгэл хийж л байгаа. Аавынхаа цолонд хүрэх юмсан гэж бодно.

Аав тань үндэсний бөхөөрөө хичээллэ гэхгүй юу?

-Заавал барилд гээд шахаад байхгүй ээ. Бага байхад минь л өөрийнхөө дуртай зүйлийг хий. Жудогоор барилдмаар байвал барилд. Үндэсний бөхөөр хичээллэх бол хичээллэ гэдэг. Түүнээс биш айхтар шахаад байх зүйлгүй. Харин надад аавыгаа баярлуулчих юмсан, барилдаад цолонд хүрчих юмсан гэсэн мөрөөдөл байна.

Японд байхдаа яагаад сумогоор барилдаагүй юм бэ. Аав тань бас сонирхогчдын сумогоор барилдан амжилт гаргаж байсан шүү дээ?

-Ном үзэх сонирхолтой байсан юм. Тэнд байхдаа барилгын архитектураар төгссөн. Мэргэжилдээ дуртай байсан болохоор гүнзгийрүүлж суръя гэж бодсон юм. Гэхдээ сумогоор барилддаг юм билүү гэж бодохын хувьд боддог байсан. Хакухо маань ч сумогоор барилдаач гэнэ. Сургууль дээрээ жудогоор хичээллэх боломжтой байсан болохоор тэгтлээ дурлаагүй байж мэдэх юм. Би чинь жудогоор барилдаж байхдаа баруун Японы дөрвөн удаагийн аварга болж байлаа. Бүх Японы аваргаар шагналт тавдугаар байранд хоёр ч удаа орсон. Мужийн аваргаар таван удаа орсон байдаг.

Үндэсний шигшээгийн тамирчин байхдаа Японд сурдаг байжээ?

-Тэгсэн. Үндэсний шигшээ багийнхаа +100 кг-д барилддаг байлаа. Би чинь жудогийн улсын аваргын таван медальтай. Улсын аваргаас медаль авсан тамирчныг шигшээ багт авч олон улсын тэмцээнд оролцуулдаг байсан юм. Тэр шугамаар олон тэмцээнд явсан. Хоёр ч удаагийн дэлхийн аваргад оролцсон. Ер нь олимпийн наадмаас бусад тэмцээнд зодоглосон байх.

Одоо хичээллэж байгаа юу?

-Японоос ирсэн хойноо тэмцээнд бараг ороогүй ээ. Аав ээж хоёр маань хоёулаа улсын ажил хийдэг болохоор гэр бүлийнхээ бизнесийг би авч явдаг юм. Зав зайгаараа бэлтгэлээ хийгээд явдаг. Өөрөө дуртай юм болохоор өндөржүүлсэн байдалд биш ч гэлээ бэлтгэлээ хийгээд явж байгаа.

Аавтайгаа холбоотой сайхан дурсамж ярихгүй юу. Ялангуяа наадамтай холбоотой сонин сайхан зүйл ярих байх?

-Манайх циркийн хажууханд байсан юм. Наадмын өглөө аав бид хоёр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү алхаж явлаа. Тэгэхэд айхтар их бороо ороод Дунд гол үерлэчихэж. Аав нэг гартаа дээл гутлаа хийсэн том цүнхээ барьчихсан, нөгөө гартаа намайг хөтлөөд явж байсан. Тэгээд яахав алхаж яваа хоёр газар товчлох санаатай Энхтайвны гүүрэн дээгүүр давах биш доогуур нь явахгүй юу. Тэгсэн чинь гол үерлэчихэж. Аав том турбан дээгүүр тэнцэж ядан гарч байсныг санаж байна. Тэгэхэд аав маань “За аав нь энэ жил их сайн барилдах нь ээ. Хэдэн өдөр ус зүүдлээд байсан юм” гэж байсан. Нэг их устай, тэрэн дээгүүр гарч байна гэж зүүдлээд байсан гэдэг. Тухайн үед би уснаас айгаад аавын ярьж байгааг нэг их анзаараагүй. Угаасаа жаахан хүүхэд байсан болохоор лавлаж ч асуугаагүй юм байна.

Хэдэн оны наадам юм бол. Хэд давж байв?

-Жаахан байсан болохоор яг хэдэн оныг нь санахгүй байна. Их л сайн барилдаж байсан юм. Бараг ч заан болж байсан жил юм болов уу даа. Наадам гэснээс бас нэг зүйл санаанд орчихлоо. Манай аав начин болсныхоо дараахь гурван жил их сайн барилдаж байсан юм гэсэн. Тэгээд нэг наадмаар заан болно гээд бодчихсон байсан гэнэ. Бүр долдугаар сарын 1-нээс хойш бэлтгэлээ хийх завгүй заан цолныхоо мялаалгын найранд бэлдэж гүйсэн гэдэг. Заан болохоор гэрт олон хүн ирнэ гээд бэлдээд байгаа хэрэг шүүдээ. Хойшоо Орос руу хүртэл явж идэж уух юм цуглуулж байсан гэсэн. Гэтэл тэр жилийнхээ наадмаар зургаагийн даваанд унаж байсан удаатай. Ингэж хашраад дараа жил нь юу ч бэлдэхгүй хоосон байж байгаад барилдсан чинь аав заан болоод ээж сандарч байсан гэдэг юм билээ.

Манай аав их хөөрхөн. Энэ жил би барилдахгүй л гэдэг юм. Тэгээд наадам дөхөх тусам “За би юу ч гэсэн биеэ шарчихъя” гэнэ. Тэгсээр байгаад яг наадмын өдөр зодоглочихдог.

Аав тань одоо юу хийж байгаа вэ?

-Биеийн тамир спорт хөгжлийн төвийн Захиргаа, санхүүгийн газрын даргаар ажиллаж байгаа. Барилдахаа болиод удаж байх шиг байна даа.

Гэхдээ оны өмнөхөн жиу жицүгийн дэлхийн аварга болсон байх аа?

-Америкт болсон жиу жицүгийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аавыг ороод үзээч гэж ятгасаар байгаад оруулсан. Нас чацуу хүмүүстэйгээ барилдах юм чинь ороод үзээ гэсээр байгаад хамт явлаа. Тэр тэмцээнээс манай аав +100 кг-ийн алтан медаль авч дэлхийн аварга болсон. Сая дэлхийн аваргаас алт аваад их баярлаж байна лээ.

Бөхчүүдийг их л бүдүүн хойрго улс мэтээр ойлгох гээд байдаг. Харин бөхчүүд өөрсдийгөө их мэдрэмжтэй гэж ярьдаг юм билээ?

-Манай аав гэнэтийн бэлэг барих их дуртай. Байнгын л гэнэтийн бэлгээр баярлуулж байдаг. Ээжид долоо хоногт нэгээс хоёр удаа цэцэгтэй орж ирнэ. Ер нь манай аав их халамжтай. Саяхан хүртэл сурагч байх үеийнхээ нэг ширээнд сууж байгаа зургийг өнгөтөөр угаалгаад баярлуулах жишээний. Манай аав ээж хоёр чинь арван жилийн нэг ширээний хоёр.

Танай гэр бүлийн тэмдэглэлт баяр гэж байдаг уу?

-Есдүгээр сарын 12-нд манай аав ээж хоёрын хуримын ой болдог. Жил бүрийн энэ өдөр манай гэр бүлийн хувьд баярын өдөр байдаг юм. Ээж маань манай гэрийн ганц эмэгтэй болохоор ээжийгээ баярлуулна. Дүү бид хоёр том болсноос хойш аав ээж хоёрыгоо зэрэг баярлуулдаг болсон. Ер нь аав маань дүү бид хоёрт бүх зүйлээрээ үлгэрлэдэг. Хүндэлж дээдлэх бүхний дээд нь миний аав.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Баруун аймаг руу зорчихыг хөдөлгөөнийг хязгаарлажээ

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан, хальтиргаа гулгаа ихээр үүсч замын нөхцөл байдал хүндэрсэн байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас Архангайн салдаг уулвараас баруун аймаг руу явах замын хөдөлгөөнийг хязгаарласан байна. Мөн зарим орон нутгийн даваа гүвээнд халтиргаа үүссэнээс үүдэн машин суусан гэх мэдээлэл ч ирж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Иргэд Үндсэн хуулийн дагуу сонгуулиа явуул гэж байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

Орон нутагт ажиллахдаа Сонгуулийн талаар иргэдээс нэлээдгүй санал сонссон байх. Уг хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад оруулсан байна. Сонгуулийн хуулийн талаар иргэд юу гэж байх юм?

-Би чуулганы завсарла­гаанаар тойрогтоо буюу Ховд аймагт ажилласан. Харин өнгөрөгч амралтын өдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, нутгийн иргэдтэй уулзаад ирлээ. Уулзалтад орох бүртээ хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиуд дээр иргэдийн саналыг авсан. Иргэд яах аргагүй Сонгуулийн хууль болон сонгуулийн тогтолцоотой асуудлыг ярьж байсан. Иргэдээс пропорциональ, мажоритар системийн алийг нь сонгох вэ гээд асуухад 100 хувь ард түмнээсээ сонгогдох нь зөв гэж байна. Тэгээд ч Үндсэн хуулиндаа УИХ-ын гишүүд ард түмнээсээ сонгогдоно гээд бичигдсэн байдаг. Яагаад үүнийгээ хэрэгжүүлдэггүй юм бэ гэж байсан. Нэгэнт иргэдийн санал ийм байгаа тул ард түмний саналыг харгалзан Сонгуулийг хуулийг батлах ёстой.

Та Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирсэн. Орон нутгийн иргэдийн амьдрал ахуй ямар байна. Захиас даалгавар юу хэлж байх юм?

-Иргэд эдийн засгийн хямралтайн дээр валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан амьдрал нэлээд хүнд байгаа талаар ярьж байна. Мөн ОХУ-д болсон хямрал, рублийн ханшийн уналтаас шалтгаалан ОХУ-ын бараа бүтээгдэхүүн хоёр дахин хямдарсан. Тиймээс ОХУ-тай холбогдож байгаа үүд хаалга болох Алтанбулаг сум хийгээд Сэлэнгэ аймгийн ойрын сумд, Дархан-Уул аймгийн иргэд бараа бүтээгдэхүүнээ татаж байгаа. Энэ нь амьдралд нь арай эерэг нөлөөлж байгаа юм болов уу гэж санагдсан. Иргэдийн зүгээс газар тариалангийн бүс нутагт амьдарч байгаа болохоор төмс, хүнсний ногоо, улаанбуудай, газар тариалан эрхлэгчдийн талаарх асуудлыг түлхүү хөндөж байна. Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдээс гэхэд газрыг томоохон компаниудад хувьчилж өгчихөөд бидэнд яагаад газар өгдөггүй юм. Бид ч гэсэн газрынхаа үр шимийг хүртмээр байна гэдэг зүйлийг хэлцгээж байна лээ. Аймгийн удирдлагуудад энэ талаарх асуудлыг нь шийдэж өгөөрэй гэсэн чиглэл өгсөн. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төмс, хүнсний ногоо тариалагч иргэд урамшуулалтай болох талаар санал хэлсэн. 2006 онд М.Энхболд дарга болон С.Баяр даргын Засгийн газрын үед нэг тонн улаанбуудай тутамд 60 ам.доллартай тэнцэх хэмжээний урамшуулал авдаг байсан бол өнөөдөр 70 мянган төгрөг өгч байгаа ч үндсэндээ 35 ам.долларын урамшуулал авч байна. Энэ нь валютын ханшийн өсөлттэй холбоотой. Гэх мэтчилэн төр засаг бидэнд анхаарал бага хандуулж байна гэдэг зүйлийг хэлж байлаа.

Ногоочдын урамшууллын асуудлыг яах бодолтой байна?

-Төмс, хүнсний ногоо тариалж буй иргэд малчид болон улаанбуудай тариалагчдад урамшуулал өгдөг хирнээ бидэнд урамшуулал өгдөггүй, нөгөө талаас Хятадын хямд үнэтэй төмс хүнсний ногоонд үнэ цохиулж байна. Нэг шуудай лууванг Улаанбаатарт аваачаад борлуулахад 8000 төгрөг болсон байна гэсэн. Үүнийг кг-аар аваад үзэхээр 150 төгрөг болж байгааг хэлсэн. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй хямралтай үед урамшууллын асуудлыг шийдэхэд хэцүү ч гэсэн ногоочдын тарьсан ногоонд нь урамшуулал олгохыг шийдэх ёстой. Мөн импортын ногоонд татвар тавьж, эх орондоо үйлдвэрлэж буй ямар ч бараа бүтээгдэхүүн байсан дэмжих ёстой. Гаднаас валютаар авч буй бараа бүтээгдэхүүнийг багасгах хэрэгтэй. Бид гадаадаас авдаг зүйлсээ Монголдоо үйлдвэрлэж валютаа дотооддоо үлдээх нь зөв. Валютыг гадагш нь урсгаж буй, Монголын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байгаа бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих шаардлага байна.

Орон нутгийн иргэд аймаг, сумын Засаг даргыг орон нутгийн иргэдийн саналыг авч сонгох ёстой гэж байсан. Энэ нь нэг талдаа зөв ч нөгөө талдаа өнөөдөр шүдний өвчин болоод буй популизм газар авч популистууд олшрох юм биш үү?

-Популизм хийгээд нэг талдаа хүмүүст таалагдаж болно. Телевизээр мянга сайхан ярьж популизм хийлээ гээд гэдэс нь өлссөн хүний гэдэс цадахгүй. Уранхай хувцастай хүний өмссөн хувцас бүтэн болохгүй. Тиймээс шилний цаанаас чихэр долоолгох асуудал нь тодорхой хугацаанд үйлчлэхээс биш цаашаа явахгүй. Энэ ч утгаараа нэг удаагийн сонголтод алдаа гарч мэднэ. Харин цааш цаашдаа популизм хийгээд газар авахгүй юм байна гэдгийг хурдан ойлгуулах, анхан шатан дээр нь мэдрүүлэх боломж юм.

Өнөөдөр манайхан нам эвсэл, бүлэглэлээрээ хуваагдан талцаж улс орныхоо хөгжлийг хойш нь чангааж, иргэдийн амьдралд бухимдлыг бий болгож байгаа. Хэт их улс төржсөн, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлсөн байдлыг бага болгох шаардлага байна. Тэгэхгүй бол намаас сонгогдсон хэдхэн хүнийг нь ард түмэн тоодоггүй харин нам эвслийнх нь 10 гаруйхан нөхөр ард түмэн ямар намайг сонгосон биш гэдэг байдлаар ханддаг зүйл алга болох юм болов уу. Тиймээс анхан шатнаасаа эхлээд дээд шат хүртлээ хэт их улс төржилт, хоорондоо хуваагддаг байдлыг болиулахад нэмэртэй.

Сонгуулийн хуулинд 48:28 гэсэн заалт батлагдах байх гэдгийг Ардчилсан намын дарга З.Энхболд ярилцлагадаа дурдсан байна лээ. Гэтэл танай нам 76 мажоритар тойрог болох ёстой гэсэн. Бусад намуудын зүгээс 50:50 байх ёстой гэдэг санал ч гарч байна. Мажоритараар сонгууль явлаа гэхэд ямар давуу тал байгаа гэж?

-Бид иргэдийн саналыг сонсч байгаа. Хоёр нам гэрээ байгуулахдаа сонгуулийн тогтолцоог тодорхой болгоё, аль болох мажоритар байхаар шийдэх ёстой гэдэг нь УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурь. Иргэдийн саналыг сонсч байхад яах аргагүй жагсаалтаар орж ирж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм биш үү. Өмнө нь тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллахад хүртээмжтэй байсан бол одоо нэг гишүүн сонгочихоор хийсэн ажлынх нь үр дүнг харж чадахгүй байна, УИХ-ын бодлого шийдвэр тэр хэмжээгээрээ хүрэхгүй байна гэсэн. Намын жагсаалтаар орж ирсэн гишүүд хаана юу хийж байгаа нь харагдахгүй байна, Үндсэн хуулийн дагуу сонгуулиа явуул гэж байна шүү дээ.

Та “ТУГ” бодлогын талаар та их ярих болж. Энэ талаараа дэлгэрүүлэн ярихгүй юу?

-Монгол Улс 1990 оноос хойш урт хугацааны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай явж ирсэн. 1990-2008 он хүртэл дөрөв дөрвөн жилээр Засаг барьж буй намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Харамсалтай нь сонгуулийн хугацаа дөрвөн жил тул дараагийн сонгуулиар өөр нам гарч ирж өмнөх бодлого, хөтөлбөрийг үгүйсгэн өөрийн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болсон.

Үүнийг засахын тулд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг УИХ баталсан. Урт хугацааны бодлоготой болоод түүнийхээ төлөө явдаг байя гэсэн ч харамсалтай нь үүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгч чадаагүй. Тийм ч болохоор зүгээр нэг хоосон цаас төдий зүйл болоод үлдчихсэн.

1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаандаа УИХ, Засгийн газар, аймаг, сумын ИТХ-ын баталсан 400 гаруй хөтөлбөр байдаг. Эднээс аль ч утгаараа хамгийн том нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого бол аймгийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөртэй байв. Гэвч эдгээр нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй тул хэрэгжих шатандаа орхигдсон байсан юм. Үүнийг шийдэхийн тулд 2014 оны нэгдүгээр сард УИХ-д Монгол Улсын бодлого, хөгжлийн төлөвлөлтийг тодорхой болгоё гээд тогтоолын төсөл өргөн барьсан. Анх удаа УИХ-ын бүх байнгын хороод уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын урт хугацааны бодлого боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг нэг хүн ахалдаг байсан бол анх удаа гурван бүлгийн даргаар ахлуулан байгуулж байсан юм. Бүх яамдын стратеги төлөвлөлтийн газрынхан орсон дэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Ямартаа ч эхний байдлаар төсөл бэлэн болчихсон.

Урт хугацааны хөгжлийн бодлогод танай бүлгээс ямар санал оруулсан бэ. Хэр дэмжлэг авав?

-Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард МАН-ын XXVII Их хурал болсон. Уг хурлаар “Монгол Улс 2021” гэсэн хөгжлийн зорилтыг батлахад би ажлын хэсгийг ахалж байлаа. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цаг сайтар судалгаа хийсэн байна. Бид өнөөдөр нэг л Монгол. Тэр утгаараа нэг л эрх ашиг, нэг зорилготой. Тиймээс нэг төрийн бодлоготой болох ёстой. Монгол Ардын нам, Ардчилсан намын тугийн доор жагсаж тэдний мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байхаа больё. Бүгд Монгол Улсын төрийн далбаа гэдэг зүйл рүүгээ тэмүүлье, тэрнийхээ доор жагсъя. Өнөөдөр бидэнд “ТУГ” болсон бодлого хэрэгтэй байна. “Т” үсгээр нь Монгол төрийн бодлого тодорхой байя. Түүнийг хэрэгжүүлэх тогтвортой орчныг бий болгож тууштай ажиллах хэрэгтэй байгаа юм. Харин “У” үсгээр урт хугацааны бодлоготой байхын зэрэгцээ, дунд, богино хугацааны бодлоготойгоо уялддаг байх ёстой. Шаардлага гарвал өөрчлөлт оруулж байдаг уян хатан бодлого байх нь зөв гэдэг утгыг илэрхийлж байна. Тэгвэл “Г” үсгээр гарцтай, гаргалгаатай байх шаардлагатай. Бодлого нь хэрэгжих боломжтой, хэмжигдэхүйц байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол Үндсэн хуулийн дараа орох баримт бичиг. Улс төрийн намууд сонгуульд орлоо гэхэд үүнийг хэрэгжүүлдэг байх юм. Хэрэв шинэ хууль баталлаа гэхэд бодлогод нийцэхгүй байвал батлахгүй байх жишээтэй.

Та бид хоёр намрын чуулган завсарласны дараа уулзаж тус чуулганы үр дүнгийн талаар ярьж байсан. Тэгвэл удахгүй хаврын чуулган эхлэх гэж байна. Хаврын чуулганаас чухам ямар хүлээлт танд байгаа вэ?

-Миний хувьд удахгүй эхлэх хаврын чуулган монголчуудыг нэг тугийн доор нэгтгэж чадах “ТУГ” бодлогоо батлах ёстой гэж үзэж байгаа. Мөн чуулганаар хуулиудаас гадна эдийн засагтай холбоотой бодлогын баримт бичиг, Худалдааны тухай, Нийтийн сонсголын тухай, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Төрийн албаны тухай, Хяналтын тухай, Зөвшөөрлийн тухай гээд нийгэм, эдийн засагт хэрэгтэй хуулиудаа батлах ёстой. Сонгуулийн тухай хууль, шаардлагатай гэвэл Үндсэн хуульд ч гэсэн өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх л хэрэгтэй. Одоо бидний өмнө улс төржих биш хамтарч хийж, бүтээх цаг үе ирээд байна.

Засгийн газрын үйл ажиллагааны тал дээр таны бодол ямар байна вэ?

-Шийдлийн хэмээх шинэ Засгийн газар сайн ажиллахаас өөр зам байхгүй. Учир нь өмнөх Засгийн газраа хариуцлагагүй ажилласан, эдийн засгийн хямралт байдлыг бий болгосон гээд хариуцлага тооцон огцруулсан. Одоо бол ард түмний дунд үүсээд буй нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэхийн тулд сайн ажиллах л шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөг Их хурлаас баталчихсан. Үүнийгээ даруйхан хэрэгжүүлж, бодит үр дүн гарах ёстой л доо.

Засгийн газар хэр үр бүтээлтэй ажиллаж байна гэж та харж байгаа бол?

-Одоогоор бодитой үр дүнд хүрчихсэн зүйл алга байна.

МАН засгаас гарах уу. Та бултахгүй, булзахгүйгээр ний нуугүй л хариулаад өгөөч?

-Манай нам Засагт хамтрахдаа тодорхой асуудлуудыг шийднэ гэсэн. Тэр хүрээнд гэрээ байгуулсан. Эхний ээлжинд хямралыг давах төлөвлөгөө, Сонгуулийн тухай хууль гэх мэт томоохон зүйлс дээр гэрээ байгуулсан юм. Хамтарсан Засгийн газар байгуулагдан ажиллаад үнэхээр үр дүн гарч иргэдийн амьдрал сайжирч, эдийн засагт нааштай үр дүн гарвал заавал энэ Засгаас гарах шаардлагагүй. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улс орны эрх ашгийг өмнөө тавихгүй яваад байвал асуудлыг өөрөөр шийдэхээс өөр замгүй.

Э.ЭНХБОЛД