Categories
мэдээ цаг-үе

Х.Гэрэлчимэг: Балетаар илүү авьяастай нь биш илүү ухаантай нь амжилтад хүрэх нь бий

Монголдоо анхных гэж дөвийлгөж болох балетын мэргэжлийн “UB ballet school” сургуулийг үндэслэгч гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багш шинэ элсэлтийнхэнтэйгээ хичээллэж эхлээд хэдэн сарыг ардаа үджээ. Хүүхдүүд одоохондообаримлын шаварын хэмжээнд байгаа мэт. Энэ шавраар урлагийн бүтээл хийж, “Хунт нуур”-ын хар, цагаан хун, ханхүүг амилуулна гэдэг бүтэшгүй санагдана. Цөхрөлтгүйгээр арваад жил энэхүүтүүхий эд”-тэй зууралдаж баймааж сая балетын жүжигчнийг бий болгоно гэхээр амаргүй алба. Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгтэй ярилцсанаа хүргэе.

Хүссэн хүн бүр эзэмшиж чаддаггүй цөөхөн мэргэжлийн нэг бол бүжгийн жүжигчин. Бие хаанаас эхлээд авьяас чадвар нарийн шалгаж шаарддаг мэргэжил байх шүү?

-Балетыг чи сонгодоггүй, сонирхдог. Харин балет чамайг сонгоно гэдэг үг бий. Хүссэн хүн бүр физикч, химич, академич болохгүйтэй адил хүссэн бүхэн нь балетчин болж чаддаггүй нь үнэн. Эцсийн эцэст төгс төгөлдөр бүжигчин ч гэж байх боломжгүй. Олон жилийн тасралтгүй хөдөлмөр, бэлтгэл сургуулилт, хүчин чармайлтын явц дунд л сайн бүжиглэх үе тухайн балетчинд тохиодог. Тиймүе тохиож иртэл уйгагүй хичээх, өөртэйгөө байнга ажиллах, хамаг бүхнээ дайчлах шаардлагыг балетын урлаг тулгадаг гэх үү дээ. Тийм болохоор “балет чамайг сонгох “хүртэл хөдөлмөрлөн, тэвч гэсэн үг.

Танай сургууль мэргэжлийн бүжигчин бэлтгэж байгаа гэдэг утгаараа тодорхой хэмжээнд байгалийн өгөгдөлтэй, авьяастай хүүхдүүдийг сонгож авдаг байх. Энэ шалгуурыг давсан байхад л балетчин болоход хангалттай гэж бодож болохгүй нь ээ?

-Байгалийн өгөгдөл байж болох ч түүнийг тасралтгүй хөдөлмөр, дасгалжуулалт дор хөгжүүлж байж л амжилтад хүрнэ шүү дээ. Хэчнээн авьяастай байгаад ч анхнаасаа бүжигчин болоод төрчихнө гэж үгүй. Би сонгодог урлагийн театрт олон жил багшиллаа, өнөө үеийн шилдэг бүжигчид, гоцлоочид бүгд л намайг багшаа гэдэг. Бас мэргэжлийн балетын ангийг 2007 оноос хойш театрын дэргэд хичээллүүлж эхэлснээс хойш найман жил өнгөрч, анхны төгсөгчдөө үдэх гэж байна. Энэ бүх хугацааны туршлагаас харахад зөвхөн бие махбодийн өгөгдөл, авьяасаас гадна сайн бүжигчин болоход асар их ухаан хэрэгтэй. Ер нь маш олон юм хэрэгтэй. Тэр бүхний тэнцвэр, зохистой нийцлийн дүнд л сайн бүжигчин төрдөг. Заримдаа илүү авьяастай нь биш илүү ухаантай нь амжилтад хүрдэг. Ийм л хатуу шүүлтүүртэй урлаг юм.

Таны хэлсэнчлэн хатуу шүүлтүүртэй энэ урлагаар дагнасан мэргэжлийн сургууль байгуулахаар шийдсэн тань их сонин байна. Таны хувьд энэ урлагт амьдралаа зориулсан, сайн багш, сайн бүжигчин гэдгийг мэдэж байгаа ч зөвхөн ийм шалтгаанаар хувийн сургууль байгуулна гэдэг эрсдэлтэй бишүү. Шулуухан хэлэхэд зах зээл багатай ийм салбарт бизнес хийхээр шийдсэнийг чинь гайхаад байна л даа

-Тийм ээ, энэ бол нийтийн урлаг биш. Тийм болохоор зах зээлгүй. Таны бодож байгаа нэг талаасаа үнэн. Гэхдээ улс орон маань хөгжиж байгаа юм бол бид дараагийн мэргэжлийн сургууль, дараагийн сонгодог урлагийн театрын талаар бодох цаг болсон. Монголын балетын урлаг Азидаа дээгүүрт ордог. Бид хүрсэн төвшнөөсөө ухарч болохгүй. Үүний төлөө хэн эхэлж үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ. Мэдээж энэ урлагт амьдралаа зориулж ирсэн бидний үеийнхэн түрүүлж сэтгэл гаргах ёстой. Би 1981 онд сургуулиа төгсчирээд 15 жил гоцлол бүжигчнээр ажиллаж, тэрнээс хойш туслах найруулагч, дасгалжуулагч, багш, ерөнхий балетмэйстрээр нийт 34 жил ажиллажээ. Энэ урлагт ингэж зүтгэж ирсэн хүний хувьд би нэг зүйл бодохгүй бол болохгүй еэ дээ.

Монголын балет Азидаа үнэлэгдэх, цаашлаад дэлхийн төвшинд хүрэхийн тулд хэн нэг сайн бүжигчинтэй байх асуудал биш нийтээрээ сайн байх асуудал яригдана. Тийм ч учраас балетын сургалт аль болох хүртээмжтэй, системтэй, бодлоготой явахаас бүх зүйл эхэлнэ. Өнөөдөр дэлхийн чиг хандлага ямар байна вэ гэхээр мэргэжлийн урлаг, эсвэл мэргэжлийн спортыг тухайн улс орон өндөр төвшинд хөгжүүлэхийн тулд эхлээд нийтийн биеийн тамир, нийтийг хамарсан сургалт, хөтөлбөрийг дэмждэг. заал, талбай, цэнгэлдэх хүрээлэнг нь эхлээд төр барьж байгуулж өгдөг. Тэгж байж тэр дундаас мэргэжлийнхэн нь төрдөг юм байна. Хэчнээн мундаг хөлбөмбөгчин, эсвэл балетчин болох авьяас чадвартай хүүхэд байгаад ч орчин нөхцөл нь бүрдэхгүй бол насаараа бөмбөг өшиглөж үзэхгүй, насаараа театрт орж үзэхгүй дуусч болно. Ийм учраас мэргэжлийн балетын урлагийг хөгжүүлэхийн тулд бид юуны өмнө өнөөдрийг хүртэл баримталж ирсэн сургалтын систем, орчноо өөрчлөх ёстой юм. Өнөөдөр нийслэл хотод сая гаруй хүн амьдарч байна, тэр тусмаа харьцангуй потенциаллаг хэсэг нь төвлөрч байна. Талаас илүү хувь нь хүүхэд, залуучууд. Ийм том зах зээл байхад яагаад балетын сургууль амжилтгүй байна гэж. Бид энэ урлагийн сургуулийг тэдэнд нээж өгөх ёстой. Авьяастай эсэх нь хамаагүй, хүүхдүүд эхлээд ирэг, хичээллэг. Тэгж байж ирээдүйн мэргэжлийнхэн төрж гарах ёстой юм. Ийм л итгэл найдвараар “UB ballet school” сургуулиа энэ жилээс өргөтгөөд байгаа нь энэ.

Балетын урлагийн хөгжлийг зөвхөн боловсон хүчин бэлтгэхээр төсөөлж болохгүй байх?

-Балет бол тайзны урлаг. Театр, тайз, хувцас хэрэгсэл, гэрэл чимэглэл, хөгжим гээд бусад олон зүйлээс шалтгаалсан, тэр бүгд нь өртөг зардлаар бүтэж байж тухайн бүжгэн жүжиг үзэгчдэд цогц болж хүрдэг урлаг юм. Тэгэхээр зөвхөн боловсон хүчнээ бэлтгэх, зөвхөн бүжигчид сайн байх гэдгээр балетын урлагийн хөгжлийг хэмжих боломжгүй. Өнөөдөр дэлхийн алдартай балетын компаниуд, бидний мэддэгээс Д.Алтанхуягийн харьяалагддаг “Бостон балет”, Б.Болдын бүжиглэж байгаа Сиэтлийн “Pacific Nortwest Ballet” зэрэг компаниудаар жишээлэхэд л ТУЗ-д нь алдартай бизнесмэнүүд, хөрөнгөтнүүд багтдаг. Яагаад гэхээр балетын урлаг өндөр өртөг зардалтай, хоёрдугаарт, тэр бүхэнд хөрөнгө хүч зарж байж сайхан тайз, сайн хувцас, шинэ текник технологийг бий болгосны үр дүнд сайн уран бүтээлийг үзэгчдэд санал болгоно.

Бид өнөөдөр дэлхийн том театруудад тавигддаг сонгодог балетуудыг яг л адилхан тоглодог. Хөгжимчид, бүжигчдийн ур чадвараараа ч гойд ялгагдахгүй. Гэхдээ тэндхийн үзэгчид, манай үзэгчдийн хүртэх таашаалын хооронд нэлээн зөрүү бий. Яагаад гэхээр тайз, хувцас хэрэгслээс эхлээд бид хямдхан зүйл хэрэглэдэг. Жишээлэхэд, сваровски чулуун чимэглэлтэй, 5000 ам.долларын үнэтэй хувцас, бидний хамгийн үнэтэй гэж сонгосон 1000 ам.долларын хувцасны хооронд ялгаа байгаа учраас үзэгчдийнхүртэх таашаал өөр өөр төвшинд байгаа юм.

Оны заагт гавьяат жүжигчин Д.АлтанхуягЦөмөөхэйбүжгэн жүжгийгБостон балет”-ын жишгээр тавилаа. Бүх зүйлийг Америкаас асар өндөр өртгөөр авчирч дэглэсэн. Өмнө манай театрт тоглодог байсанЦөмөөхэй”-гээс илүү таашаалыг үзэгчид авч чадсан гэсэн үг үү?

-Тийм ээ, Д.Алтанхуягийн тавьсан “Цөмөөхэй”-гээс үзэгчид гэлгүй уран бүтээлчид, бүжигчид маань маш сайхан таашаал, урам авсан. Сайн бүжиглэх нэг хэрэг. Сайхан хувцас хэрэгсэлтэй, сайхан тайзан дээр гарна гэдэг үзэгчдэд хүрэх байдлаасаа эхлээд бас их өөр. Энэ удаагийн “Цөмөөхэй” балет үзэгчдийн маань ч, жүжигчдийн маань ч нүд, сэтгэлийг сэргээсэн сайхан тоглолт болсон. Үүнийг дэмжиж ажилласан олон хүмүүс, тэр дундаа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд тун талархаж байгаа. Өнөөдөр Улаанбаатар маань сая хол давсан хүн амтай том хот болчихлоо. Энэ хэрээрээ олон сөрөг асуудлуудыг дагуулж байна. Шилжин ирэгсдээс голчлон бүрдсэн нийслэлийнхний соёл боловсролоос эхлээд ёс суртахуун, зан үйлийг хүртэл засах, өөд нь татах зайлшгүй шаардлагатай болж байна. Бид сургуулиар дамжуулан боловсрол мэдлэгийг хүүхдэд зааж сургаж болно. Харин ёс зүй, сэтгэлийн гоо сайхныг зөвхөн урлагаар л дамжуулж олгоно шүү дээ.

Та тун чухал зүйлийг хөндлөө. Монгол Улсын хөгжлийг өөрчлөх хөшүүрэг гэхээр бид уул уурхай, газрын баялгаа нэн түрүүнд бодох болсон. Гэтэл хүнээ яаж хөгжүүлэх гээд байгаадаа төдийлөн анхаарахгүй яваа

-Бидэнд хөгжихийн тулд мөнгө хэрэгтэй, тэр Оюутолгой, Тавантолгой чухал байгааг би ойлгож байна. Гэхдээ хүн нь хөгжихгүй, өсч дэвжихгүй бол ямар ч өсөлт, хөгжлийн тухай ярих боломжгүй. Баялгаа ашиглаад мөнгө босгож болно. Энэ бол цаг хугацааны л асуудал. Харин үр хүүхдийнхээ сэтгэлийг хөгжүүлж, ёс суртахууныг боловсруулахгүйгээр хэчнээн их мөнгөтэй байгаад ч түүнийг идэж уугаад л дуусахаас баялаг болгож чадахгүй. Хэрвээ хөгжлийн эцсийн зорилго нь ард иргэд нь аз жаргалтай болох явдал гэж үзэх юм бол иргэд нь өндөр ёс зүйтэй, бусдыг энэрэх сэтгэлтэй, аливааг эргэцүүлэх чадвартай болж байж аз жаргалд хүрдэг. Хүнийг, тэр дундаа хүүхэд залууст яаж тэр ёс суртахууныг суулгах вэ. Үүнд урлаг асар их үүрэг гүйцэтгэдгийг хүн төрөлхтний түүх бэлээхэн харуулдаг шүү дээ.

Урлаг, тэр дундаа сонгодог урлагийн хөгжил өнөөдөр зөв голдрилоор явж чадаж байна уу?

-Энэ том асуултад би ганцаараа бүрэн төгс хариулт өгч чадахгүй л дээ. Өнөөдөр соёл, урлагийн яамгүй болчихлоо. Олон жил дайвар явж ирсэн урлагийн салбар толгойтой боллоо гээд баярлаж байтал яамыг нь татан буулгачихсан. Ийм байхад би зөв, сайн явж байна гэж хэлж чадахгүй. Ямар ч байсан спортоос, хөдөлмөр, хөдөө аж ахуйн салбараас хойш хэддүгээрт ч юм тавигдаж байгаа асуудал. Мэргэжлийн урлагийг хөгжүүлье гэвэл төрийн дэмжлэг хэрэгтэй гэж би түрүүн цухас дурдаад өнгөрсөн. Энэ нь наад зах нь юуг хэлж байгааг би жишээгээр тайлбарлая л даа. Энүүхэн Хөх хотод жирийн нэг ерөнхий боловсролын сургууль гэхэд дэргэдээ манай улсын хэмжээнд ч байхгүй соёлын төвтэй байна. Тэнд мэргэжлийн төвшний шаардлагад нийцсэн театр, заал, бэлтгэлийн танхим бүгд байна. Тэнд хүүхдүүд чөлөө цагаараа хичээллээд, тэр дундаас мэргэжлийн болох хүүхэд нь шигшигдэж гардаг. Тэрбум хүн амтай улс ийм системээр жинхэнэ мэргэжлийн урлагийнхан, мэргэжлийн тамирчдаа олж авдаг юм байна. Гэтэл би сая сургуулиа нээх гээд Улаанбаатар хотын хэмжээнд балетын бэлтгэлд тохирох заал хайгаад ганцыг ч олоогүй. Бэлтгэл хийхэд дор хаяж эргэлт хийхэд саадгүй 100 м.кв талбай, өргөлт хийхэд тулаад байхааргүй өндөр тааз хэрэгтэй байдаг юм. Байг гэхэд биеийн тамирын заал ч нэг ширхэг таараагүй. Бид ямар ирээдүй бэлтгэж байна вэ гээд бодохоор харамсмаар. Зүгээр зах зээлийг нь дагуулаад л заал талбай, бассейн, цэнгэлдэх хүрээлэнг нь төрийн хөрөнгө оруулалтаар бариад өгчихвөл хүүхэд, залуус аяндаа очоод дүүргэчихнэ шүү дээ. Бүх юманд төр гээд яахав ээ, томоохон бизнесмэнүүд маань анхаарал хандуулаад эхэлбэл улс орон, ирээдүйдээ оруулах маш том хөрөнгө оруулалт болно доо.

Та орчин үеийн хүүхдүүд бүгд хөдөлгөөний хомсдолд орж байна гэж хэллээ. Балетаар хичээллэхээр ирж байгаа хүүхдүүдэд ч энэ байдал ажиглагдаж байна уу?

-Үнэхээр тод ажиглагдаж байна. Эрүүл, аюулгүй орчны хомсдол, агаарын бохирдол, нөгөө талаас техник технологийн хөгжил хүүхдүүдийг маань зүгээр л буйдангийн булан руу шахаж байна. Гараад гүйх газар алга, эрүүл агаар алга. Хүүхдүүд хөдөлгөөний хомсдлоосоо болоод харьцангуй эрт үе мөчний хөгжил нь саараад хатуураад эхэлсэн байна. Бидний үед балетын мэргэжлийн ангид 8-10 насанд нь шалгаруулж авдаг байсан бол одоо тэгэх аргагүй болоод байна. 8 настай хүүхэд аль хэдийнэ хатуураад уян хатан чанараа алдчихсан тохиолдол их ажиглагдаж байна. Тийм болохоор мэргэжлийн балетаар хичээллэх хүүхдүүдийг 6-8 наснаас нь сонгож авах хэрэгтэй болж байгааг нь анзаарагдаж байна.

Танай сургууль мэргэжлийн гэж явцуурахгүйгээр нас, насны хүүхдүүдийг сургаж байгаа нь их сайхан санагдлаа.

-Тийм ээ, мэргэжлийн ангиас гадна сонирхогчийн ангид хүүхдүүд авч байгаа. Хөдөлгөөний хомсдлоос аврах, хамгийн гол нь гоо зүйн боловсрол олгох, сахилга бат, эмх цэгцэд сургах гээд өв тэгш хүмүүжлийн суурийг бид балетаар дамжуулан олгох зорилготой. Тэрчлэн насанд хүрэгчдийн балетын анги, модерн жааз бүжгийн анги хүртэл нээсэн. ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, гавьяат жүжигчин Х.Батманлай, соёлын тэргүүний ажилтан Ш.Оюунтуяа, А.Ганбат нарын үе, үеийн шилдэг бүжигчид багшилж байгаа. Энэ жил сургуулийн маань анхны хүүхдүүд найман жил суралцаад төгсөлтөө хийх гэж байна. Тэд маань хэдийгээр сургуулиа төгсөөгүй ч ДБЭТ-ийн тоглолтод хэдийнэ оролцоод эхэлсэн. Тэр дундаа мэргэжлийн бүжигчдийн ур чадварыг сорьдог П.И.Чайковскийн “Хунт нуур”-ын хоёр, дөрөвдүгээр үзэгдэл, “Щелкунчик” балетын цасны бүжигт манай шавь нар бүжиглэдэг. Багш хүний хувьд сургуулийнхаа ирээдүйг, Монголын балетын ирээдүйг тун өөдрөгөөр харж байна даа.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр 11.40 цагт нээлтээ хийнэ. Хаврын чуулганы нээлтийг УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж эхлүүлэх бөгөөд гадаадын Элчин сайд нарын төлөөлөл, хүндэт зочид нээлтийн ёслолд оролцох юм. Мөн нээлтийн дараа УИХ-ын даваа гаригийн хуваарийн үйл ажиллагааны хуваарь ёсоор УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах юм байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Түрийвчиндээ “гэрээ нүүлгэж авч явах” хэрэггүй

Нэг цагдаа хүүхнүүдийг ингэж “загнаж” билээ. “Гэрээ нүүлгээд авч явдаг” гэж тэр бүсгүйчүүдийг шүүмжилсэн юм л даа. Эмэгтэйчүүд, түрийвч эсвэл гар цүнхэндээ мөнгө, бичиг баримтаа, дээрээс нь ээмэг бөгж, гоёл чимэглэлээ, будаг шунхаа бүгдийг авч явах нь олонтаа. Гай таарч түрийвчээ эсвэл гар цүнхээ хулгайд алдвал юу болохыг бодохоос ч аймаар. Тийм ч учраас гай таарсан ч гайгүй өнгөрөхөөр бодож эрсдлээ саармагжуулах хэрэгтэй. Хэрвээ бичиг баримт, банкны картуудаа мөнгөнөөсөө тусад нь хадгалдаг бол түрийвчээ алдсан ч бичиг баримт хөөцөлдөх нүсэр ажлыг тойрч гарна. Энэтхэгчүүд их мөнгө авч явах үедээ нэг хэсгийг нь алдсан ч нөгөө хэсэг нь үлдэхээр бодож, мөнгөө хэдэн хэсэгт хувааж, биеийнхээ өөр өөр хэсэгт авч явдаг гэж сонссон юм байна. Орчин үед төлбөрийн элдэв картуудын тусламжтайгаар хүмүүс бэлэн мөнгө авч явах эрсдлээс зайлсхийх боломжтой.

Түрийвчнээс гадна хэний дэргэд юу ярихаа ч анзаарах учиртай гэнэ. Манайхан автобусанд явж байхдаа “Өнөөдөр цалин буугаад…” гэх юм уу ”Найз нь мөнгөө авчихаад явж байна” гэх мэтээр тоочиж, халаасны хулгайчийн бай болчихдог гэсэн шүү. Түүнээс гадна өөрийгөө хамгаалах чадваргүй балчир хүүхдэдээ үнэ цэнтэй утас, ээмэг зүүлт чимэг хэрэглүүлэх нь наанадаж нүдний хор шингэх, цаанадаж, гэмт хэргийн хохирогч болоход хүргэдгийг санахад илүүдэхгүй буй за.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Оюу толгой, Таван толгойн асуудал шийдэгдлээ

Монгол ахан дүүс ээ

Монгол эх оронд маань өнтэй сайхан өвөл болж, өнгө нэмж өдөр уртассан, урин хавар айлчлан ирлээ. Эд баялаг хуримтлуулан, өөдлөн дэвжиж, өсч арвижихын билэгдэл хонин жил гарлаа. Ичигсэд хөдөлж амьд байгаль сэргэх ээлтэй сайхан эрхэм сайн энэ өдрийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Тарган сайхан тавтай хаваржиж байна уу!

Монголын шинэхэн түүхэнд бид анх удаа, парламентад суудалтай улс төрийн бүх нам нэгдэж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газраа байгуулж чадлаа. Шинэ Засгийн газраа та бүхний нэрлэснээр Шийдлийн Засгийн газар 3 дахь сардаа цаг хугацаатай уралдан ажиллаж байна.

Энэ хугацаанд хийсэн ажлаа ард түмэндээ танилцуулж тайлагнах нь манай Засгийн газрын эрхэм үүрэг бөгөөд энэ бүхний тайлал болгон Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өмнөх үдэш Та бүхэндээ чармайн хийсэн, бүтээхээр зүтгэсэн, цаашид гүйцэлдүүлэн хийх ажил үйлсээ өргөн танилцуулж байна.

Шинэ Засгийнхаа тэргүүлэх чиглэлийг Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг гэж тодотгосон нь учиртай, ийм ч учраас их ажлынхаа ноён нурууг энэ чиглэлд зориулж ирлээ.

Төсвийн зардлаа багасгасан, эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө баталсан, чөлөөт худалдааны анхны гэрээг Япон улстай байгуулсан, МСС-н хоёр дахь төслийг хэрэгжүүлэхээр болсон, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр байгуулсан, алт олборлолтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан, бензин, нефть бүтээгдэхүүний санхүүжилтийг шинэ эх үүсвэртэй болгосон, яам агентлагийн зардлыг бууруулах цогц арга хэмжээ авсан, хайгуулын үйл ажиллагааг сэргээсэн, шинэ нэгдсэн эмнэлэг байгуулах болон шинээр 93 сургуулийн барилга барих хөрөнгө, Эрдэнэт-Овоотын төмөр замыг барих асуудлыг шийдвэрлэсэн, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг төрийн өмчийн компаниудын удирдлагаас холдуулсан, ХБНГУ-ын Берлин хотноо зохиогддог дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд Монголын өдрүүдийг зохион байгуулсан гээд тоочоод байвал 40-өөд том ажлыг 100 хоногтоо амжуулж хийж гүйцэтгэлээ. Шийдсэн асуудал, хийсэн ажил багагүй байгаа ч шийдэх асуудал, хийх ажил улам ундарсаар байна.

Цаашид бид юу хийх вэ?

Улс төржин засгаараа оролдон, УИХ-аа тараахаар жагсаал цуглаанаа үргэлжлүүлэх үү? Бидний улс төржилт хангалттай болов уу.

Уул уурхайн түүхий эдийн үнэ үргэлж тэнгэрт хадаастай байх мэтээр огоорч, багахан ололтдоо ташуурч, эх дэлхийд бус харь гаригт байгаа мэт туйлширч, хоол болохгүй хоосон улс төрдөө хүлүүллээ.

Орилж хашгирч, жагсаж тэмцэж, огцруулж сольсноор бол бид хөгжлийн манлайд хэдийн хүрсэн байх байлаа. Нүдээ нээж эргэн тойрноо нэг анзаарцгаая.

Болохгүй, бүтэхгүйгээ хойш тавин болгож бүтээхийг эрмэлзье. Босож жагсахын оронд босгож бүтээхэд тэмүүлцгээе.

Хөгжлийг хэмжигч цаг хугацаа биднийг огтхон ч хүлээхгүй нь ээ. Миний эх орны гурван сая иргэд ч, нэг танхимд суугаа 76 гишүүн ч, нэг гэр бүлийн эхнэр нөхөр ч үзэл санаагаа нэгтгэж, чаддаг мэддэгээрээ улс орны өмнө тулгарч буй сорилт шалгалтад, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд ханцуй шамлан орцгоохыг уриалж байна.

Иргэдийн орлого буурч, төгрөг үнэгүйдэн, түүний гадаад валюттай харьцах ханш улам буурахыг, хоорондоо үр ашиггүй маргалдан тэмцэлдэхийг харж суух хүсэл сонирхол хэнд ч байхгүй болов уу. Их улс төр биш их ажил хийцгээе.

Бидний хэн нэгэн нь, эсхүл хэсэг бүлэг нь шийдвэрээ гаргах цаг нэгэнт болжээ. Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайдын хувьд хэцүү ч гэсэн улс оронд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргах түүхэн хариуцлагаа ч бас улам ихээр ухамсарлаж байна.

Шийдлийн, эв эеийн Засгийн газар эвлэж бүрдэн ажиллаж эхэлсэн эхний 100 хоногийн хугацаанд өдөржин шөнөжин зүтгэж чармайсан нөр ажлын үр дүнгээ гаргаж байна. Юуны өмнө, сүүлийн гурван жил гацсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн зургаан жилийн хугацаанд саатсан Таван толгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг эцэслэн гаргахыгмонгол хүн бүхэн хүсэн хүлээж байгаа.

Оюу толгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно.

Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюу толгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө.

Таван толгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээхүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Таван Толгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо.

Таван толгой төслийн их бүтээн байгуулалт зөвхөн яриа маргаан бус бодит ажил болж эхэлснээр бүхэл бүтэн 6 жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна. Төсөвт зөвхөн энэ жил 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна.

Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэн хэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жил гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна. Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг Эрдэнэтийн 51%, Оюу толгойн 34% багтдаг Эрдэнэс Монгол компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг бид судлан шийдэх боломжтой гэж үзэж байна.

Шулуухан хэлэхэд хоёр том төслөө хөдөлгөж байж л, араас нь залгах бусад хөрөнгө оруулалт бодитоор орж ирнэ. Монгол Улс хүндрэлээс гарах гарц нээгдэнэ. Монголчуудын ахуй амьдрал дээшилнэ. Бодлоготой зоригтой шийдэж, бодитой бүтээлч ажиллацгаая.

Ерөнхий сайдын хувьд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө гаргах ёстой шийдвэрээ, гаргах ёстой цаг хугацаанд нь ийнхүү гаргаж байна. Энэ шийдвэрүүдийнхээ хариуцлагыг Монгол түмнийхээ өмнө, түүхийн өмнө, цаг хугацааны өмнө би бүрэн хүлээх болно. Хүнд бөгөөд онц чухал шийдвэрүүд гаргахын өмнө том бүтээн байгуулалтуудын төслийг хөдөлгөх үүргийг иргэд та бүхнээсээ миний бие мессежээр хүлээн авсан. Нэгдүгээр замаар яваа гэдгийг та бүхэн ч олуулаа тов тодорхой хэлсэн. Олонхийн саналд үндэслэн та бүхний захиа даалгаврыг биелүүллээ. Одоо ханцуй шамлан ажиллах цаг хугацаа ч ирлээ.

Зөвхөн хоёр том төслөө хөдөлгөн шийдсэнээр өргөс авсан мэт өнөөгийн хүндрэл үтэр түргэн арилахгүй ээ. Гэхдээ хөгжих дэвжих том боломжоо нээлээ. Гацаа арилж, хөдөлгөөн эхэлж байна. Хичээх зүтгэх үлдлээ. Ухардаг буцдаг араанд биш, дэвшиж урагшилдаг араандаа залгаж, бусад олон төслүүдээ хөдөлгөн хурдаа авах үүрэг даалгавар ноогдлоо.

– Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилгийн олон нийтэд хандаж хэлсэн үг –

Монгол ахан дүүс ээ

Хууль тогтоох дээд байгууллагадаа анх удаа Үндэсний эв нэгдлийн, Эв эеийг эрхэмлэсэн их зөвшилцлийн үедээ бидний ард түмэнтэйгээ хамтран хүрэх ёстой түүхэн шийдвэр бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Сонгодог парламентын засаглалдаа эргэлт буцалтгүй орох уу, сум дүүргийн даргаа иргэдээсээ шууд сонгох уу, их хурал дан эсвэл давхар танхимтай байх уу, Их хурал, Засгийн газрын гишүүн дан давхар дээлтэй байх уу, хот, нийслэлээ зааглах уу гээд олон асуудлаа нэг мөр болгох ажлаа нийгмээрээ нэг сайн хэлэлцье. Энэ Хаврын чуулганы хугацаанд хийцгээе.

Улс төрийн намуудаа олон түмний хүсэн хүлээж байгаа эрүүл цэвэр, эрхэм шинж чанартай болгох, шинэчлэх, намын шинэ хуулийг батлах, намуудын санхүүжилтийг ил тод болгох, сонгуулийн шинэ хуулиа баталж гаргахын төлөө Засгийн газар Их хуралтай, нам эвслийн бүлгүүдтэй хамтран идэвхтэй ажиллах болно.

Популистуудын амаар бол болж бүтэх юм, хэрэгжиж дуусах юм нэг ч байхгүй. Нэг бол гэрээ нь муу гэнэ, эсвэл төмөр зам нь биш гэнэ, эцэстээ уул, үхэр, булш… гээд л хөгжлийг гацаагч үгсийн энэ цуглуулга улам баяжих шинжиндээ орлоо.

Ойрын өдрүүдэд хайгуулын тусгай зөвшөөрлийн санал авахаар 130 санал орон нутагт явуулахад зөвхөн 30 нь зөвшөөрч 100 нь татгалзсан хариу ирүүлжээ. Дээрх нөхцөлүүдээс харахад бидний тогтолцоонд буруу нь байна. Танай нутагт хайгуул хийе гэхэд нутгийн уугуул иргэдэд үүнийг дэмжих сонирхол нь үнэхээр алга. Тийм учраас Засгийн газар орон нутгийн татварын шинэ тогтолцоог шийдвэрлэсэн хуулийг өргөн барина. Шинэ хуулиар уурхай үйлдвэрлэл явуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөцийн төлбөрийн 30 хүртэл хувийг орон нутгийн төсвийн татаасыг хасалгүйгээр тухайн нутагт нь үлдээж байх болно. Уурхай үйлдвэрлэл эрхлүүлж байгаа тухайн сум аймаг бусдаасаа илүү хурдан хөгжинө, илүү их мөнгө хөрөнгөтэй болно гэсэн үг. Гацууртын ордыг ашиглах эсэхийг Улаанбаатарт том том тэрэг хөлөглөсөн хүмүүс биш Мандал сумынхан өөрсдөө л шийдэг. Гацууртын ордыг ашиглах хугацааны нөөц ашигласны төлбөрийн 30%, тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%-г орон нутагт нь шинэ хуулиар үлдээнэ. Энэ аргаар тооцоход Гацууртын ордыг ашигласнаар 60 гаруй тэрбум төгрөг орон нутагтаа үлдэх болно. Энэ мөнгөө юунд зарцуулах, ямар хөрөнгө оруулалт хийхээ орон нутаг нь, ард иргэд нь өөрсдөө мэдэг. Шинэ сумаа байгуулах уу, цэцэрлэг сургуулиа барих уу, хүмүүс нь өөрсдөө шийдэг, хянаг. Иргэд нь өөрсдөө мэддэг, өөрсдөө хяналтаа тавьдаг болсон үед улс даяараа уул, булш, үхэрний хэрүүл хийж суудгаа бид сая л нэг болино.

Энд нэг зүйлийг тодорхой хэлье. Ноён уул байгалиас заяасан төрхтэйгээ, түүхээс өвлөсөн өвтэйгээ үлдэнэ. Харин Гацууртын ордыг ашиглах болно. Энд төөрч будилах, мушгих гуйвуулах ямар ч шаардлага байхгүй. Дахин хэлэхэд Ноён уул хөндөгдөхгүй байгаагаараа үлдэнэ. Харин Гацууртын ордыг ашиглах болно.

Миний хөндөх дараагийн нэг том сэдэв, Засгийн газрын хийх том ажил бол үнэ чөлөөлөх асуудал юм. 24 жилийн өмнө Бямбасүрэн гуайн Засгийн газар Монгол Улсын хөгжилд нэг буянтай зүйл хийсэн нь үнэ тариф, бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлсөн явдал юм. Өнөөдөр бид энэ том үйлсийг дуусгаж, эцсийн цэгийг нь хатгах ёстой. Одоогоор эрчим хүч, гурил буудай, шатахуун шатах тослох материалын гэсэн 3 үнэ зах зээлийнхээ зарчмаас гажуудан төрийн оролцоотой тодорхойлогдож явсаар байна.

Эрчим хүчний үнээ зохиомлоор, хиймлээр барьснаар эдийн засаг, аж үйлдвэржилтийнхээ хөгжлийг чөдөрлөсөөр байна, бид. Өнөөдөр бусдад эрчим хүч экспортлоод сууж байхын оронд бусдаас импортолсон эрчим хүчээр хамжин дамжин онд орж байна. Өнгөрсөн хоёр жилд хүчин чадлыг нь нэмэгдүүлснийг эс тооцвол сүүлийн 40 жилд дулааны нэг ч цахилгаан станц шинээр бид барьсангүй ээ. Гаднаа түлээтэй мөртлөө цай чанахдаа ч бусдаас гал гуйж байгаа айлыг арчаатай гэх үү?

Засгийн газар энэ оны 7 сарын 1-нээс эрчим хүчний үнэ чөлөөлөх ажлаа эхлэхээ зарлаж байна. Эхний ээлжинд системийн алдагдлаа бууруулах, удирдлагын шинэ арга барил нэвтрүүлэх, ухаалаг хэрэглээнд суурилсан шинэ аргачлалаа турших бэлтгэл ажлаа хийж байна.

Айл өрх, нийгмийн шаардлагатай давхаргаа хамгаалах зорилгоор энгийн хэрэглээтэй дундаж айлын 150 квт хүртэлх хэрэглээгээ өнөөгийн хуучин тарифаар харин илүү хэрэглээгээ зах зээлийн зарчмаар төлдөг шинэ журамд шилжинэ.

Газар тариалан, гурилын үйлдвэрлэл эрхэлдэг хувийн компаниуд маань өнгөрсөн жилүүдэд нэг талаас хувийн компани шиг нөгөө талаар төрийн өмчийнх юм шиг явж ирлээ. Төрөөс дэмжсэн бодлого урамшуулал, хөнгөлөлт чөлөөлөлт, үнийн бодлого газар тариалангийн салбарт үр ашгаа өгч өнөөдөр бид хэрэглээгээ 100 хувь өөрсдөө хангах боллоо. Гэвч төрийн байгууллага болон Тариалан эрхлэгчдийг дэмжих сан бизнест хэт их хутгалдаж, урамшууллын одоогийн тогтолцоо үеэ өнгөрөөж, гурилын үйлдвэрлэл хэрэглээнээсээ 2,5 дахин их хүчин чадалд хүрч, тариаланчид ч урдах жилүүдээсээ илүү их ургац хураах боллоо. Зах зээлийн зөв зарчим дээрээ суурилаагүй өнөөгийн байдал тариаланчдыг тариан талбай дээр бус Чингисийн талбай дээр ажлаа хийхэд хүргээд байна. Иймд ХХААЯ тариаланчид, үйлдвэрлэгчдийн саналыг авч сайтар судалсны үндсэн дээр гурил буудайн үнийг энэ жилээс эхлэн бирж болон зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хуучин урамшуулалд олгодог байсан хөрөнгө мөнгөө харин нийгмийн хэрэгцээ шаардлага бүхий хэсэг бүлэгт үнийн зөрүүнд нь зарцуулдаг тогтолцоонд шилжих болно.

Бензин шатахууны үнийг цаашид үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр бус дэлхийн зах зээлийн үнийн өсөлт бууралттай холбоотой дээш доошоо хэлбэлзэж буудаг тогтолцоонд шилжүүлэх цаг нь болсон. Бид эхний ээлжинд үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зогсоосон. Харамсалтай нь, дэлхий дахинд эрс хямдарсан бензин шатахууны үнэ буух байсны оронд шатахуунд тавьсан татварыг бид нийгмийн зарим халамж, цалингийн нэмэгдэлд энэ жилдээ зарцуулахаар болсон билээ. Дэлхийд хямдарсан бензинийг Монголд үнэтэй байлгадаг нь популизм. Эдийн засаг хүндхэн байгаа ч сар шинийн дараахан бид тэтгэврийн нэмэгдлээ шийдсэн. Одоо удахгүй Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчидтойгоо тохиролцсоны дагуу цалингийн нэмэгдлээ шийдэх болно.

Миний ярих дараагийн багц асуудал бол Оюу толгой, Таван толгой төслүүдийг хөдөлгөж бид хөгжлийн том түгжээгээ мулталлаа. Одоо Засгийн газрын зүгээс эдийн засгаа тэлэх бусад том төслүүдээ явуулах бүхий л боломжоо шавхаж ажиллах төлөвлөгөөтэй байна.

Ийм ч учраас засгийн газар олон жил яригдсан 5-р цахилгаан станц төслийг гацаанаас гаргахаар боллоо. Ерөнхий сайдын хувьд хэлэлцээ хийж байгаа хоёр тал болох Засгийн газрын ажлын хэсэг, хөрөнгө оруулагч түншлэлийн төлөөллийг дуудаж уулзсан. Бүх яриа хэлэлцээ, бичиг цаасны ажлаа энэ сард багтааж дуусгахыг хоёр талд үүрэг болголоо. Хэрвээ сардаа багтаж хэлэлцээгээ дуусгаж амжихгүй бол нэг талаас яам тамгын ажлын хэсгийн гишүүдийг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцно, харин нөгөө талаас тохиролцож чадахгүй бол хөрөнгө оруулагч дараагийн түншлэлтэй шинэ хэлэлцээр эхлүүлнэ гэдгийг хувийн хэвшлийнхэнд хатуу санууллаа. Хоёр тал ингэж чадахаа илэрхийлж 5-р цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны долдугаар сард эхлүүлэхээ амаллаа. Эхлэх төгсөх нь, хэзээ хэрхэх нь мэдэгддэггүй ийм олон төслийг энэ мэтчлэн хурдан шийдвэрлэх болно.

Засгийн газраас 5-р цахилгаан станцын төслөөс гадна Багануур, Бөөрөлжүүт, Шивээ Овоо, Тавантолгой цахигаан станц, Эг, Ховд гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудыг барих хөрөнгийг босгох холбогдох шийдвэрүүдийг гаргаад байна. Ялангуяа, Эгийн голын УЦС-ыг барьж ашиглалтад оруулснаар эрчим хүч системийнхээ хувьд бүрэн бүрэлдэж ажиллах боломжтой болох юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээршинээр 6-7 станц зэрэг баригдаж эрчим хүчний импортлогч орноос экспортлогч орон болно. Хүнээс гэрэл гуйхгүй, хүнд худалдаж ашиг олдог болно. Дараагийн шинэ асуудал болох дамжуулах шугамын бүтээн байгуулалтад шууд шилжин орох шаардлага урган гарч байна.

Усан болон дулааны шинэ цахилгаан станцуудаар бидний гол бүтээн байгуулалтууд хязгаарлагдахгүй ээ.

Нүүрснээс хий, шингэн түлш гаргах том төслийн хөрөнгө оруулагч шийдэгдлээ. Цементийн эх орны гэсэн тодотголтой дараагийн үйлдвэрүүд энэ зун ашиглалтад ороход бэлэн болж байна. Энэ жил бид алтны үйлдвэрлэлээ дэмжсэнээр урд өмнөх жилүүдээсээ илүү гарч 20 тн алт тушаана.

Энэ жил Дорнод болон баруун таван аймгийн хатуу хучилттай замын бүтээн байгуулалтууд үргэлжилнэ. Дээрх чиглэлийн нийт 1602 км замын тухайн хэсэг болгоны хөрөнгө оруулагч, ажил гүйцэтгэгч нь тодорхой болсон.

Зөвхөн хатуу хучилттай зам төдийгүй хэдэн арван жилээр хийгдээгүй төмөр зам тавих ажлууд энэ жил эхэлнэ. ТТ-Гашуун сухайт чиглэлийн 267 км-ын төмөр зам, Эрдэнэт-Овоот чиглэлийн 570 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд явагдана.

2011 оноос хойш гацсан “Шинэ Яармаг” 4000 айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг шинээр эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. “Шинэ Яармаг” хорооллоос гадна Улаанбаатарт долоон хорооллын шинэ бүтээн байгуулалт үргэлжлэн явагдана. Газраа эргэлтэд оруулж суурьшлын шинэ бүсүүд бий болгох ажлаа эрчимжүүлнэ.

Орон сууцны ипотекийн 8%-н зээлийн хөтөлбөрөө энэ жил үргэлжлүүлнэ. Бид энэ жил 8%-н зээлээ зөнгөөр нь үргэлжлүүлэхгүй ээ. Тэтгэврийн сангийн шинэ зохион байгуулалтыг эхлүүлж тэтгэврийн сангаа хөрөнгөжүүлэх, нэрийн дансаа хүн бүр дээр жинхэнэ утгаар нь нээн бодитой ажиллуулах, сангийн хөрөнгийг үр ашигтай арвижуулах, 8%-н моргейжийн хөтөлбөртэй холбох чухал ажлуудыг хийх болно. Ипотекийн зээлд 80 м.кв-аас дээш байр авах хүмүүсээ хамруулах ажлаа энэ жилээс эхэлнэ. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлж зээлэнд хамрагдах боломжгүй иргэддээ түрээсийн байранд амьдрах боломжийг шинээр бий болгоно.

24 суманд гараагаа эхэлсэн “Шинэ сум” төвийг бүтээн байгуулах ажлын дараагийн шатны санхүүжилтийг босгох, хамрагдах сумын тоог нэмэх ажлаа хийнэ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол тэр дундаа утааны тухай маргаан, шатдаг шатдаггүй, утаа гаргадаг гаргадаггүй түлшний тухай бүх маргаанаа одоо зогсоох цаг болсон. Нийслэлийн агаарын бохирдлыг арилгахын тулд эргэлт буцалтгүй газны буюу хийн үйлдвэрийг барьж байгуулах ажлаа энэ жил эхлүүлнэ. Утааг хийн хэрэглээ л арилгана. Хийн үйлдвэрийг барьж байгуулах, хэрэглэгчдэд хүргэх шугамын хөрөнгө оруулалтыг Хятад улсын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Мөн хог боловсруулах үйлдвэрийн хоёр төслийг хэрэгжүүлснээр хогны үйлдвэргүй хот гэдэг тодотголоосоо Монгол Улс салах болно.

Татварын орчныг ойлгомжтой энгийн болгох, олон улсын жишиг стандартад нийцүүлэх, татварын хувь хэмжээг бууруулах, буцаан олгох, татварын маргааныг эрүүгийн гэхээсээ илүү иргэний журмаар шийддэг болгох 10 илүү багц хуулийн төслүүдийг Засгийн газраас Их хуралд өргөн барилаа.

Хөрөнгийн биржийг Лондонгийн хөрөнгийн биржийн удирдлага зохион байгуулалтаар шинэчлэх, МИАТ компанийг дотоод гадаадын холбогдох байгууллагуудтай хамтран шинэчлэн зохион байгуулах, Иргэний нисэхийг бүтэц зохион байгуулалтын шинэ хэлбэрт оруулах, төрийн өмчийн компаниудыг Сингапурын Темасек маягийн загвараар хөгжүүлэх зэрэг ажлуудыг Засгийн газар шийдвэрлэнэ.

Засгийн газрын гол анхаарлаа хандуулах дараагийн нэг чухал асуудал бол олон улсад “Старт ап” гэж нэрлэгддэг шинэ бизнесийг дэмжих ялангуяа, экспортод чиглэсэн үйлдвэр аж ахуйг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал байх болно. Сайн мэдээ, сайхан бүтээлч жишээ зөндөө байна. Түвдэнням захиралтай “Монгол гутал” үйлдвэр өнөөдөр Голланд улсад өөрийн үйлдвэрийн 3000 гутал нийлүүлэх гэрээ хийсэн байна.

Гэхдээ Түвдэнням захиралд энэ захиалгыг биелүүлэхийн тулд урсгал зардлын санхүүжилт хэрэгтэй байгааг төрөөс бодлогоор дэмжинэ гэсэн үг. Гаднаас доллар олж ирж байгаа гадны зах зээлд монгол бараа гаргаж байгаа ийм үйлдвэр ААН-ийг Аж үйлдвэрийн яамнаас тусгайлсан хөтөлбөрөөр дэмжих болно. Эхний ээлжинд ноолуур, арьс ширээ оруулан бусад шинэ санаачилгыг дэмжих маягаар экспортоос тэрбум доллар босгох тодорхой зорилт дэвшүүлэн ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Энэ дөрөв, тавдугаар саруудад Ерөнхий сайдын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор дэлхийн санхүү, хөрөнгө оруулалтын төв газруудаар хувийнхан, компаниудтайгаа хамтран явж, идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна. Дэлхийгээр дүүрэн байгаа хөрөнгө мөнгө, том зах зээл, шинэ технологи урьж авчрахаар, “аяны богц дүүрэн” ирэхийн төлөө явна. Бид аль болох их явж, аль болох их урьж байж байдал нөхцөлөө эрс сайжруулна.

Бид саяхан Берлиний аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн яармагийн албан ёсны зохион байгуулагч орны статустайгаар Монгол орноо амжилттай сурталчилж зохион байгууллаа. Дэлхийн гол жуулчлагч Герман улсын гэхэд л 3 сая хүн Монгол Улсад жуулчлах хүсэлтээ илэрхийлээд байна. Засгаас 200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлбэл Holiday Inn, Radisson зэрэг дэлхийн 5 том сүлжээний буудлууд энэ жилдээ Улаанбаатарт ашиглалтад ороход бэлэн байна.

Бид гадныхныг хардаг нүдээ өөр болгохыг онцгойлж байна. Монголд ирж байгаа гадны хүмүүсийг бидний сайн сайхны төлөө мөнгөө энд үрэхээр ирсэн хүмүүс, хөрөнгөө энд үлдээхээр ирсэн хүмүүс гэж шинээр харж сурцгаая. Тайландчууд гудам талбайд улаан, шараараа тэмцэлдэж байсан ч үндэсний дийлэнх орлогоо бүрдүүлдэг аялал жуулчлалын салбараа унагахгүйн тулд тэмцэлдэгч талууд ч тэр, цэрэг цагдаа нь ч тэр гадаадын жуулчдыг хориглох нь байтугай гар хүрэхгүй гэдгээ байнга илэрхийлж байсныг анзаарсан л байх. Би эх орондоо хайртай гэж манайхны зарим шиг хоосон цээжээ алгадахаас илүү, эх орноо бодсон бодлого, илүү эх орончид гэж үүнийг л хэлэх байх. Бид өвөг дээдсээс үе дамнан найрсаг зочломтгой өв уламжлалтай үндэс угсаа, шашин шүтлэгээр нь үл ялгаварлаж ирсэн дэлхийн орчин үеийн анхны хүмүүсийн үр сад билээ.

Жуулчид, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор УИХ-д өргөн барьсан казино, морин тойруулгын уралдаан бооцооны хуулиудыг яаралтай батлах, битүү цэнгэлдэх хүрээлэн барих, хурал үзэсгэлэнгийн төв, кино үйлдвэр студи шинээр байгуулах төслүүдэд Засгийн газар онцгой анхаарах болно. Ингэснээр энтертайнмэнт буюу зугаа цэнгэлийн, урлаг соёлын шинэ салбар эдийн засгаа солонгоруулах шинэ хэлбэрийг үүсгэн хөгжүүлэх ажилд том дэвшил гарах юм.

Монголд ирээд буцсан дэлхийд алдартай “Марко поло” цувралын уран бүтээлчидтэй тус киноны 2-р цуврал дээр хамтрахаар тохиролцлоо. Монголд шинэ кино студийн барилга байгууламж барьсан тохиолдолд Марко Пологийн 3,4-р цуврал, дараагаар нь Чингис хааны цуврал кинонуудыг хамтран хийхээр тохиролцлоо. Залуучууддаа зориулан нэгэн сонирхолтой мэдээ дуулгая. Энэ жилийн наадмаар хотын захиргаа, Бат-Үүл даргатай хамтран Чингисийн талбайд дэлхийн хэмжээний том уран бүтээлчийн концертыг зохион байгуулах болно гэдгээ амалж байна. Дэлхийн одод Монголыг жил бүр зорьдог уламжлал энэ жилээс эхлэн тогтоно.

Дараагийн хөндөх нэг асуудал бол нийгэмдээ эв эе, ойлголцлын уур амьсгалыг нэг хэсэгтээ бүрдүүлье.

Одоо энэ нээлттэй нийгэмд хоосон үгүйсгээд шүүмжлээд суугаад байх бус хэсэг хугацаанд дийлэнхээрээ шинэ зүйл оролдоод бүтээгээд үзэхийг хүсч байна. Гэгээн сарынхаа туршид том, дунд, жижиг, шинэ үйлдвэр, сайн үйлчилгээ, сайхан санаачилга, хариу нэхээгүй тус, бүтээлч бизнесмен, доллар олсон, Монголд бүтээсэн бүхнээ мэдээлэн сурталчилж, бахархан дуурсгая. Санал санаачилгатай, ажилсаг бүтээлч хүмүүсээ Засгийн газар боломж бололцоогоороо бодитой дэмжье.

Ам мэх, хоосон хэрүүлээр биш ажил үйлсээр, амжилт бүтээлээрээ алдаршдаг шинэ оддоо шинэ хандлагаар төрүүлэн бойжуулъя.

Аливаа бүхнийг үл итгэх, үгүйсгэх, муулах басамжлах сөрөг бодол, сөрөг үг хэл, сөрөг үйлдлээсээ ганцхан сар ч атугай татгалзаад нэг үзье. Эхэлж л чадвал эрүүл саруул үзэл хандлага улам бүр түгэн дэлгэрнэ.

Хэн хэлсэн нь чухал боловч юуг, яагаад хэлсэн, уриалсан учир шалтгааныг нь хамтдаа тунгааж, хийж хэрэгжүүлэхийг оролдоцгооё.

Бүтээн байгуулалт ажил үйлсээ урагшлуулах боломж нэмэгдлээ. Цаг урагшлуулсан. Одоо ажлаа урагшлуулцгаая.

Хэлсэн үгийнхээ төгсгөлд үндсэн гол сэдвээ товчоор томъёолон илэрхийлье. Засгийн газар бага хугацаанд багагүй ажил амжууллаа, амаргүй шийдвэрүүд гаргалаа.Их бүтээн байгуулалт, ирэх хөрөнгө оруулалтыг гацааж байсан Оюутолгой, Тавантолгойн хоёр том түгжээг нээлээ. Одоо бид юунд анхаарах вэ?

1) Үндсэн хуулиа шинэчлэн өөрчилж улс төрийн нам сонгуулийн хуулиудаа батлан гаргая.

2) Оюутолгой, Тавантолгойн араас залгуулан хөгжлийг хангах бүх том төслүүдээ хөдөлгөсөн шиг хөдөлгөе.

3) Орон нутгийн татвар бий болгож хөдөө нутгаа хөгжүүлье.

4) Шат дараатайгаар үнэ чөлөөлж эдийн засгийн чөдрийг тайлж хөгжилд хөтлөе.

5) Уул уурхайгаас гадна өөр бусад шинэ салбаруудаа нээн, хөгжүүлж эдийн засгаа солонгоруулж олон, олон өнгөтэй болгоё.

6) Валют орох урсгал нээх, өргөсгөх, хурдасгах хөтөлбөр хэрэгжүүлье.

7) Тэтгэврийн сан, орон сууцны ипотекийн бодлогоо шинэчилж ахмад нь амгалан, залуус нь урамтай байх тогтолцоонд дэвшин оръё.

8) Нийгмийн халамжаа хэрэгтэй хүнд нь хаягладаг, эзнээ олж хүрдэг зорилтот шинжийг олж хангая.

9) Монголчууд эв эеэ нэгтгэж, Монгол эх орноо хөгжүүлэх хамтын их хүч, харилцан ойлголцолд хүрцгээе.

Монгол ахан дүүс ээ,

Олимпийн анхны аварга төрөхөд алтан соёмбот далбаан дороо монгол түмэн уухайлан нэгдсэн шигээ илүү сайхан өдрүүдийн төлөө эвлэн нэгдээд зүтгэцгээе.

Хүндрэл бэрхшээлийг шийдмэг зоригтой, эрч хүчтэй, илүү хурдтай туулан гарцгаая. Монгол оронд гайхамшиг болдог, монголчууд амжилтанд хүрч чаддаг ард түмэн гэдгээ дахин нэг нотлоё. Даян дэлхийд харуулъя. Монголоо саадгүй сайхан хөгжүүлцгээе.

Монгол орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээж байх болтугай.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганаар нэг хүн амиа алджээ

Өчигдөр орсон их цас, цасан шуурганы талаар Онцгой байдлын ерөнхий газраас нэгдсэн мэдээлэл авлаа. Шуурганы улмаас орон нутгийн замуудыг хаасан ч иргэд хулгайн замаар их зорчиж, төөрч, бензин дууссан шалтгаанаар Онцгой байдлын ерөнхий газарт хандсан байна. Тус газарт нийт 140 автомашинаас тусламж хүссэн дуудлага ирсэн бөгөөд дээрх тээвррийн хэрэгслүүдэд 750 орчим иргэн зорчиж байсныг аварчээ. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 97 иргэн сураггүй болсон гэсэн дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Тэдний 94-ийг олсон бөгөөд одоогоор Дундговь, Хэнтий аймгуудын нэг, нэг иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа юм байна. Харин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нэг иргэн шуурганаар амиа алдсан байна. ОБЕГ-т хохирогчийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр “Хохирогч иргэн 50 орчим насны, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан бөгөөд гэрийнхэн нь малдаа явахдаа цоожлон орхисон байна. Харин хохирогч цоожоо эвдэж гарсан ” хэмээн мэдээлжээ. Цас, цасан шуурганы улмаас үүссэн хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Украины мужид 8000 буу хулгайд алдагджээ

Украины Львов муж дахь Дотоодын цэргийн нэгэн агуулахаас 5000 автоамат, 3000 гар буу хулгайд алдсан хэрэг гарчээ. Хулгайчид калашникоын автомат, макаров гар буунаас гадна 100 ширхэг гар пулемёт, галаар шүршигч 12, сум, гар бөмбөг авч явсан байна.

Энэ зэвсгийг зэвсэгт мөргөлдөөн болж байгаа зүүн бүс нутаг руу илгээх байх гэж шинжээчид таамаглаж байна. Эсвэл украины баруун хилээр дамжин европын бусад орон руу гаргаж ч магадгүй гэнэ.

Categories
мэдээ спорт

Дэлхийн цомд оролцох Монголын шигшээ багийнхны нэрс тодорлоо

Энэ сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелес хотноо чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болно. Тус тэмцээнд манай шигшээ багийнхан өрсөлдөх бөгөөд А хэсэгт ОХУ, АНУ, Кубын хүчтэй багтай орсон юм. Харин нөгөө хэсэгт сүүлийн хоёр жил дараалан дэлхийн цомын аваргаар тодорсон Иран, мөн Азербайжан, Беларусь, Туркийн баг тамирчд өрсөлдөнө. Хэсгээ тэргүүлсэн хоёр баг аваргын төлөө, харин хоёрдугаар байрт орсон багууд хүрэл медалийн төлөө, гуравдугаар байр эзэлсэн багууд тавдугаар байрын төлөө өрсөлдөх болно. Манай баг тамирчид ноднин дэлхийн цомд тавдугаар байр эзэлсэн билээ. Дэлхийн цомд оролцох шигшээ багуудын бүрэлдэхүүнийг фэйсбүүкийн Чөлөөт бөх группээс авлаа.

Дэлхийн цом-2015

«А» хэсэг: ОХУ, Куба, АНУ, Монгол. «Б» хэсэг: Иран, Азербайжан, Беларусь, Турк

Багийн бүрэлдэхүүн:

Монгол:

57 кг – Э.Бэхбаяр, Б.Номин, Д.Цогбаатар
61 кг – Э.Ням-Очир, Б.Нэмэхбаяр
65 кг – Г.Мандахнаран, Б.Батмагнай
70 кг – Г.Идэрхүү, Б.Анхбаяр
74 кг – Д.Гомбодорж, П.Өнөрбат
86 кг – О.Үйтүмэн, П.Өсөхбаатар
97 кг – Д.Хүдэрбулга
125 кг – Ж.Чулуунбат, Н.Золбоо

ОХУ:

57 кг: Омак Сюрюн (Новосибирск-Тува), Виктор Рассадин (Якут)
61 кг: Муршид Муталимов (Дагестан), Егор Пономарев (Якут)
65 кг: Заур Сидаков (Алания), Ахмед Чакаев (Дагестан)
70 кг: Исраил Касумов (Красноярск), Расул Газимагомедов (Ставрополь-Дагестан)
74 кг: Иса Даудов (Красноярск), Якуб Шихжамалов (Дагестан), Александр Зеленков (Красноярск)
86 кг: Ахмед Магомедов (Дагестан), Даурен Куруглиев (Дагестан-Чуваш)
97 кг: Юрий Белоновский (Красноярск), Азрет Шогенов (Кабардино-Балкар)
125 кг: Арсланбек Алиев (Дагестан), Тимур Коцоев (Алания)

АНУ:

57 кг – Тони Рамос, Эндрю Хошстрассер
61 кг – Коулман Скотт, Мэтт Макдонаг
65 кг – Брент Меткалф, Аарон Пико
70 кг – Ник Марабл, Жеймс Грин
74 кг – Жордан Барроуз, Моза Фэй
86 кг – Эд Рут, Клэйтон Фостер
97 кг – Жейк Варнер, Дастин Килгор
125 кг – Тервел Длагнев, Зак Рэй

Куба:

57 кг – байхгүй
61 кг – Йелис Бонне Родригес
61 кг – Антонио Перес
65 кг – Франклин Марин
70 кг – Энди Морено
74 кг – Ливан Лопес
86 кг – Рейнерис Салас
97 кг – Хавьер Кортина
125 кг – Эдуардо Меса

Азербайжан:

57 кг – Яшар Алиев, Махмуд Магомедов.
61 кг – Жалал Сулейманов.
65 кг – Гажи Алиев, Магомед Муслимов.
70 кг – Тогрул Аскеров, Руслан Дибиргажиев.
74 кг – Ашраф Алиев, Жабраил Гасанов.
86 кг – Александр Гостиев, Гамзат Османов.
97 кг – Шарип Шарипов
125 кг – Жамалуддин Магомедов.

Иран:

57 кг – Хассан Рахими, Юнес Сармасти
61 кг – Бехнам Эхсанпур, Иман Садехикоукандех
65 кг – Масуд Исмаилпур , Сайед Ахмад Мохаммади
70 кг – Хасан Язданичарати, Пейман Ярахмади
86 кг – Алиреза Каримимачиани, Мейсам Мостафажокар
97 кг – Мохаммад Хоссейн Мохаммадиан
97 кг – Реза Яздани
125 кг – Комейл Гасеми, Хади Парвиз

Турк:

57 кг – Сезар Акгюль, Сафа Аксой
61 кг – Мустафа Картал, Мунир Режеп Акташ
65 кг – Сервет Гошкун, Мустафа Кайа
70 кг – Мухаммед Ильхан, Якуб Гор
74 кг – Эндер Гошкун, Сонер Демирташ
86 кг – Сердар Боке, Селим Яшар
97 кг – Ибрагим Болёкбаши
125 кг – Танжу Жемечи, Таха Акгюль

Беларусь:

57 кг – В.Андреев, А.Лачинов
61 кг – Д.Максимов, Г.Калиев
65 кг – А.Нуриков, В.Середа
70 кг – А.Афанасьев
74 кг – Али Шабанов, Ж.Сафиан
86 кг – А.Гуштын, Р.Тихаев
97 кг – Ю.Жалилав, И.Саидов, И.Янковский
125 кг – А.Шемаров

Categories
мэдээ спорт

Т.Артаг начны барилдаанд Б.Хаш-Эрдэнэ түрүүллээ

Увс аймгийн Тэс сумын харьяат МУГТ Монгол Улсын өсөх идэр начин Төмөрийн Артагийн нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Барилдааныг МҮБХ-той Увснуур дэвжээ, Т.Артаг начны гэр бүлээс хамтран зохион байгуулсан юм. Барилдааныг үзэж сонирхохоор дархан аварга Х.Баянмөнх гэр бүлийн хамт, улсын арслан Ж.Хайдав, Ө.Эрдэнэ-Очир, Н.Батсуурь, улсын заан Д.Бумбаяр, Ж.Ганболд, улсын харцага Г.Намсрайжав, “Увснуур дэвжээ”-ний гүйцэтгэх захирал Б.Цэрэнсамбуу, Т.Артаг начны гэр бүл, үр хүүхдүүд хүрэлцэн ирэв.

Т.Артаг начин нь Улсын наадамд 1972 онд гурвын даваанд Г.Пүрэв-Очир (начин)-ыг, дөрөвт Т.Зундуй зааныг, тавд Ш.Батсуурь аваргыг давж зургаад Ө.Эрдэнэ-Очир заан (арслан)-д унаж улсын начин цол авч, 1973 онд тавын даваанд Д.Галдандагва начинг давж, зургаад П.Дагвасүрэн арсланд унаж өсөх идэр чимэг нэмсэн. 1969, 1971, 1975, 1978 онуудад дөрөв давж Ч.Лундаа(начин)-тай тунаж, аймгийн арслан Ц.Лхамаа (начин)-тай тунаж, Д.Цэрэндаш начинд, М.Мөнгөн заан (арслан)-д тус тус унаж байсан хүчтэн юм. Зүүн талтай, зүүн хөл хонгодох орох, этэх, зүүн мушгиж тонгорох, давхар ачих, бусгах зэрэг мэхийг голдуу хийдэг. Мехикогийн 1968 оны XIX олимпоос чөлөөт бөхийн 78 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын гавьяат тамирчин юм.

Барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга аймгийн арслан А.Отгонбаатар, Д.Батжаргал, Т.Занданбат, О.Баярхүү, Б.Хашбат, Г.Батням, Бо.Батжаргал нараар магнайлуулсан аймаг цэргийн цолтой 256 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ түрүүлж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээ, “Доолт” компаний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэлээ.

Аймгийн арслан Б.Хаш-Эрдэний хувьд нэгийн даваанд аймгийн начин Ө.Баяцогт, хоёрт аймгийн заан Б.Баатарсүрэн, гуравт аймгийн хурц арслан зүүний магнай Ё.Эрдэнэжаргал, дөрөвт аймгийн арслан Бо.Батжаргал, тавд аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр /тунаж/, зургаад аймгийн арслан М.Бадарч, долоод аймгийн арслан Б.Хишигбаатар /тунаж/, наймд аймгийн хурц арслан Б.Одгэрэл нарыг давж өнөөдрийн барилдааны түрүү бөхөөр тодорсон юм. Их шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Их богд дэвжээний бөх аймгийн арслан Н.Золбоо, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Хантайшир дэвжээний бөх аймгийн арслан Б.Хишигбаатар нар шалгарав.

Categories
гадаад мэдээ

Элчинд халдсан этгээдийг шүүх хурал эхэллээ

Өмнөд Солонгосын Сөүл хотноо суугаа АНУ-ын элчин сайд Марк Липпер өнгөрсөн сарын 5-нд хуралд оролцохоор явж байхдаа халдлагад өртөж, нүүр болон гарандаа хүнд гэмтэл авсан билээ. Халдлагын дараа сайд эмнэлэгт хэвтэж, нүүрэндээ 80 оёо тавиулсан юм. Тэгвэл элчинд халдсан Өмнөд Солонгосын иргэн 55 настай Ким Ки Жоны шүүх хурал Сөүл хотноо эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Шүүхээс түүнд хүний аминд хүрэхийг завдсан, гадаадын төлөөлөгчид халдаж, хүнд гэмтэл учруулсан, улсын нэр хүндийг гутаасан гэх хэрэгт буруутгажээ.

Ким Ки Жон элчинд халдсан шалтгаанаа “Марк Липпер хоёр Солонгосын дайтуулахыг оролдож байна. АНУ, Өмнөдийг санаатайгаар турхирч, Хойдод дарамт учруулж байна” гэж ярьжээ. Сөүлийн цагдаагийн газраас түүнийг Хойд Солонгосын тагнуул байж болзошгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр 2005-2014 оны хооронд тус улс руу 15 удаа зорчсон нь тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар зөвлөлдлөө

Баянхонгор аймагт “Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Энэхүү зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат болон байнгын хорооны ажлын албаныхан оролцсон байна.

Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газар, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай аймгийн Замын цагдаагийн тасгийн төлөөлөгчид болон дээрх аймгуудын тээврийн хэрэгслийн жолооч нар нийт 400 гаруй хүн оролцож асуулт асууж, санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Уг арга хэмжээг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан аж.

Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлэхдээ “Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь улсын хэмжээнд анхаарал татсан асуудал болоод байгааг 2013, 2014 онуудад гарсан зам тээврийн ослын тоо баримт тодорхой харуулж байна. 2013 онд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 560 хүн нас барж, 7383 хүн гэмтэл бэртэл авч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 8.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна.

Хамгийн харамсалтай нь 2013 онд гарсан зам тээврийн ослоос 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан гэсэн тоо баримт байна. 2014 онд авто ослын улмаас 368 хүн нас барж, 1001 хүн гэмтсэн статистик үзүүлэлт байна. Тиймээс бүс нутгийн энэхүү зөвлөгөөн нь цаг үеээ олсон амжилттай арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал нь УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй шууд холбогдно. Энэхүү хуулийн төслийг яаралтай батлуулах асуудлаар Хууль зүйн байнгын хороо ажиллаж байгаа. “Чимээгүй дайн” гэж нэрлэгдэх болсон авто ослоос болж жилдээ дунджаар 400-500 хүн нас барна гэдэг нь харамсалтай юм” гэжээ.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа хэдий ч төдийлөн буурахгүй байна. Баянхонгор аймгийн хувьд улсын чанартай хатуу хучилттай авто замд холбогдсон, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг өсгөх хандлагатай байгааг хэлсэн юм.

Дараа нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж УИХ-д өргөн мэдүүлээд байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн төслийн талаар танилцууллаа. Мөн тэрбээр Хууль зүйн байнгын хороогоор өнгөрсөн хугацаанд батлагдсан хууль болон 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын Хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга Ү.Зоригтбаатар хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийсэн байна.