Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалтын зуны хуваарьт шилжинэ

Нийслэлийн автозамын ачааллыг бууруулахаар хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07.00-22.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байсан. Тус зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2012-2014 нд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад орж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах 44 гэрлэн дохиог шинээр суурилуулсан байна. Лавлагаа мэдээллийн 1800-1200, 1800-1234 дугаарын утсанд иргэдээс ирсэн саналын дагуу 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулах талаар журам боловсруулсныг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08.00-20.00 цаг болгон өөрчилж, бүсчлэлийг зуны улирал буюу 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан. Иймд 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ.

Categories
мэдээ спорт

Улсын ой тогтоолтын аваргууд тодорчээ

Монголын Оюун ухааны академиас 5 дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2015” оюуны спортын тэмцээн 2 үе шаттай явагдаж өндөрлөжээ. Тэмцээнд 120 тамирчин найман төрлөөр өрсөлдсөнөөс эцсийн шатанд 50 тамирчин оролцсон байна. Тэмцээний сүүлийн шалгаруулалт өнгөрсөн амралтын өдөр буюу 4 сарын 4-нд Монгол-Япон төв дээр явагджээ.

Энэ удаагийн тэмцээнд оролцсон тамирчдаас бага насны ангилалд улсын 2, дунд насны ангилалд улсын 4, насанд хүрэгчдийн ангилалд улсын 5 дээд амжилт мөн дунд насны ангилалд дэлхийн 3, насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн 1 дээд амжилтыг тус тус шинэчлэн тогтоосон байна.
Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор их мастер С.Цогбадрах (6538 оноо) нийт тамирчдаа манлайлж, ОУ-ын их мастер Ө.Сэнгэсамдан (6126 оноо), дунд насны ангилалд өрсөлдөж түрүүлсэн Э.Пүрэвжав (6051 оноо) нар удаах байруудыг эзэллээ. Ингээд дэлхийн чансаанд 3000 гаруй тамирчдаас ОУ-ын их мастер Ө.Сэнгэсамдан өнгөрсөн жилийн дэлхийн аваргын тэмцээнд авсан 6598 оноогоор 6-р байрт хэвээрээ бичигдэж, их мастер С.Цогбадрах 18-р байраас 7-р байр руу, 16 настай их мастер Э.Пүрэвжав 29-р байраас 11-р байр руу тус тус урагшиллаа.
Энэ дашрамд сонирхуулахад, тавдугаар сард АНУ-ын Сан Диего, Лос Анжелес, Лас Вегас хотуудад болох ой тогтоолтын шилдэг 24 тамирчны дунд явагдах тэмцээнд манай 5 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцох юм байна.

Categories
мэдээ улс-төр

М.Энхсайхан Тавантолгойн хэлэлцээрийн асуудлаар мэдээлэл хийв

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ Таван толгойн хэлэлцээрийн асуудал дээр гарын үсэг зурсан сайд нарыг огцруулах саналыг оруулна гэж анхааруулсан юм. Түүнийг ийнхүү мэдэгдсэний дараа Монгол Улсын сайд М.Энхсайхан байр сууриа илэрхийлж мэдээлэл хийв.

Тэрбээр “Ерөнхий сайд Сайханбилэг УИХ-ын чуулганы “битүүний шөнө” ард түмэндээ хандаж, томоохон төслүүд, түүний дотор 6 жил ярьж байгаа Тавантолгой төсөл гацаанаас гарч, хэлэлцээ амжилттай өндөрлөж байгаа тухай, асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар авч хэлэлцэх гэж байгаа тухай мэдээг дуулгасан. Харамсалтай нь чуулганы “шинийн нэгний өглөө” УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Тавантолгой төслийн хэлэлцээний нөхцөл байдлыг буруу ойлгуулах тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Тухайлбал, “ нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгах“ гэсэн аюулгүй байдлын баримтлалын заалтыг зөрчиж байна гэсэн нь бодит үнэнд нийцэхгүй юм. Энэ тооцоог Ажлын хэсэг гаргаж Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулсан бөгөөд дээрх заалт зөрчигдөхгүй.
Тавантолгой төслийн хэлэлцээний явцыг Ажлын хэсэг, УИХ болон олон түмэнд тухай бүр танилцуулж ирсэн бөгөөд Консорциумтай эцэслэн тохирсон гэрээг Ажлын хэсэг зөвхөн Засгийн газарт танилцуулж, Засгийн газар хүрсэн үр дүнг УИХ-д танилцуулах төрийн ёс жаягтай билээ. Гэтэл Засгийн газарт танилцуулж амжаагүй асуудлаар “гарын үсэг зурсан сайд нарыг огцруулах асуудлыг тавих” болно гэж З.Энхболд мэдэгдсэн нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгуууллагуудын харилцааг эвдсэн Үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн гэж үзэж болохоор байна. Ингэхдээ аль 2 дугаар сард ажлын журмаар хэлэлцэж байсан гэрээний төслийг ил болгосон нь хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигтай нь зөрчилдүүлэх зохисгүй алхам болсон байж магадгүй байна.
Иргэдийн 1072 хувьцаа нь зөвхөн УИХ-аар шийдэгдэх, манай дотоод асуудал. Уг асуудлаар “тохиролцоо хийгдээгүй” гэж буруутгаж байгаа нь УИХ-аас урд өмнө гаргасан шийдвэрийн талаар З.Энхболдыг түүний ажлын алба буруу мэдээллээр хангадаг сэтгэгдэл төрүүлж байна. Төмөр замд Засгийн газраас оруулсан хөрөнгийг “МТЗ ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх” гэдгийг хүлээж авахгүй гэж байгаа нь олон улсын бизнесийн стандартад нийцэхгүй бөгөөд хэрвээ буруу ашиглагдсан хөрөнгө мөнгө илэрвэл түүнийг Хөрөнгө оруулагч хариуцах тулгалт хийх нь авилгалтай тэмцэх болон шударга ёсонд үл нийцнэ. Өөр бусад тавьсан асуудлууд нь гэрээг буруу ойлгосон З.Энхболдын зөвлөхийн албатуудын чадамжтай холбоотой гэж бодож байна. Хөрөнгө оруулагчтай гэрээг байгуулах хууль эрх зүй Засгийн газарт хүрэлцээтэй. ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу Засгийн газар асуудлаа хэлэлцэнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Отгонбаатар: Боломжийг зөв тооцож, эрч хүчтэй ажиллах цаг үе байна

“Шивээ-Овоо” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Отгонбаатартай ярилцлаа.

-Эрчим хүчний салбар хамгийн их алдагдалтай ажилладаг. Тиймээс үнэ чөлөөлөх асуудалтавигдаж, УИХ-ын тогтоол гарсан ч хэрэгжээгүй байгаа. Үнэхээр Их хурлын 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлбэл энэ салбарын алдагдал буурч чадах уу?

-Монгол Улсын эрчим хүчний системийн үндсэн түүхий эд болсон нүүрсний ханган нийлүүлэлтийг “Шивээ овоо” “Багануур”-ын уурхай хангаж байна. Төрөөс эрчим хүч, дулааны үнэдбодлогоор зохицуулалт хийж ирсэн. Хэрэв цахилгаан дулааны үнэ өсвөл дагаад өргөн хэрэглээний үнэ болоод бусад ажил үйлчилгээний үнэ өсөхнөхцөл байдал үүсдэг.Эрчим хүчний салбарын алдагдлыг хэн нэгэн удирдах хүний үйл ажиллагаа менежменттэй холбохоос гадна бодлогын хувьд шийдэх цаг ньболсон гэж ойлгодог. Өөрсдийн үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлэх боломжгүй хөрөнгө оруулалт санхүүжилтийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх,Эрчим хүчний компаниудын хуримтлагсан өр авлагыг зохицуулалт хийж хаах, 2014 оны нэгдүгээр сарын нэгнээс эрчим хүчний үнийг чөлөөлөх гэсэн заалттай УИХ-ын ихээхэн ач холбогдол бүхий 72 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд салбар яам болон“эрчим хүчний зохицуулах хороо ихээхэн санаачилга гарган ажиллаж байна. Эрчим хүчний үнийг индексжүүлэх үе шаттайгаар нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. УИХ-ын 72 дугаар тогтоолын биелэлтэд Засгийн газар анхааран ажиллавал алдагдал буурах боломжтой.

-“Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай өнгөрсөн жил хоёр сая тонн нүүрс олборлосноо төслийнхөө дээд хүчин чадлаар ажиллаа гэж байсан л даа. Энэ тухай тодруулахгүй юу?

-1998-2000 оныЯпоны засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Шивээ-Овоо”-ийн нүүрсний уурхайд тоног төхөөрөмж техник технологийн хөрөнгө оруулалт хийж шинэчлэсэн. Энэ нь үндсэндээ хоёр сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болсон. Жил ирэх тусам эдийн засгын өсөлт зах зээлийн тэлэлттэй уялдан эрчим хүчний хэрэглээ огцом өссөн. Уурхайн хувьд 2014 онд төслийнхөө бүрэн хүчин чадлаар ажиллан хоёр сая тонн нүүрс олборлож хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэн байж болох дээд хүчин чадлаараа ажилласан гэсэн үг.

-2000 оноос хойш дахин техник, технологийн шинэчлэл хийсэн үү. Одоо ашиглагдаж байгаа технологиуд нь ямархуу байгаа вэ?

“Шивээ-Овоо” нүүрсний уурхайд ашиглаж байгаа техникийн 60-аад хувь нь ашиглалтынхугацаа дуусчихсан. Ийм байдалтай сүүлийн 6, 7 жил явж байна. Гэсэн хэдий ч өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай хангах улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө манай хамт олон чадах бүхнээ дайчлан ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлан есөн ширхэг технологийн автосомасваль,хоёр ачигч, нэг экскаватор, тов оврын алхагч экскаватор 11/70, гүний өрөмдлөгийн машин 1 ширхэг, тэсэлгээний үйлдвэрийн цооног цэнэглэх машин 1 ширхэг, цахилгаан хангамжийн үйлчилгээний машин, уурхайн үйлчилгээ,аж ахуйн 5 машин, 20 нэр төрлийн 10 гаран тэрбум төгрөгийн үнэтэй техникийн парк шинэчлэлийг хийж чадсан. Энэ бүхнийг хийхэд улсын төсөв татаас хэлбэрээр нэгч төгрөг авалгүйгээр шийдэж чадсан. Энэхүү техникийн шинэчлэл нь уурхайн хувьд 15 жилийн хугацаанд огт хийгдээгүй ажил байсан.Бахархах зүйл хэдий байгаа ч цаашид хийх ажил хийхээр төлөвлөж байгаа зүйлүүд ихээхэн байна.

-“Шивээ-Овоо”-гийн техникийн талаас илүү хувь нь эвдрэлтэй байхадтөлөвлөгөө норм биелнэ гэдэг юу л бол гэж бодогдож байна л даа…

-Энэ чинь л асуудлын гол болоод байгаа юм. Техникүүдийн 60-аас илүү хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Техникийн эвдэрэл саатал сул зогсолт их, сэлбэгийн олдоц муудсан, бараа материал сэлбэгийн үнэ нэмэгдсэн зэрэг олон шалтгаанууд уурхай алдагдалтай ажиллахүндсэн шалтгаан болж байна. Тиймээс төлөвлөгөөгөө биелүүлнэ гэдэг бидний хувьд том шалгуур болдог. Техникийн бүрэн бүтэн байдал тасралтгүй ажиллагаа хоорондоо ихээхэн хамааралтай байдаг учраас төлөвлөгөө тасрах шалгааныг нэмэгдүүлдэг.

-Уурхайн техникүүдийн хэдэн хувь нь бүрэн бүтэн байвал төлөвлөгөө нормоо биелүүлэх юм бэ?

-Техник ашиглалтын кофицент нь 90 хувиас дээш байж төлөвлөгөө нормоо биелүүлэх хэмжээнд явна. Гэтэл манай техникийн бүрэн бүтэн байдал, техник ашиглалтын кофицент бүр 60 хувь руу орчихсон байна. Энэ бүх байдлаас шалтгаалан төлөвлөгөөт ажлаа тасалдуулах, төлөвлөгдөөгүй ажил хийж гүйцэтгэх зардал нэмэгдэж байна. Эрчим хүчний үнийг хатуу барьж байсанаас шалтгаалан элэгдэл хорогдлын шимтгэл байгуулж чадалгүй техникийн шинэчлэл хийгдэх боломжоо хязгаарлуулсан. Байдал хэцүү гэж гоншигнохоос илүү бодит байдалтайгаа зохицож урагшаа харж цаашид илүү сайн ажиллах боломж бололцоо бий болгоход анхаарч байна.

-“Шивээ-Овоо” чинь төрийн өмчит компани. Тиймээс техник технологийн шинэчлэлд төр анхаарахгүй байхад яаж урагшаа харж явна гэж. Нийгэмд төрийн өмчит компани дампуурдаг гэсэн ойлголт байдаг л даа?

-“Шивээ-Овоо” төрийн өмчийн компани гэдэг утгаараа компанийн зарчмаар явах утгыг алдагдуулчихсан. Бусад компанийн адил хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тэгэхээр Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн төрийн оролцоо бага байх шаардлагатай гэх яриа, бодол уур амьсгал нэлээд их байна. Стратегийн ач холбогдолтой үйл ажиллагаа явуулдаг компанийн тухайд төрийн эзэмшлийн хувьд ихээхэн болгоомжтой анхааралтай хандах нь зүйтэй гэж гүйцэтгэх удирдлагын хувьд боддог. Энэ нь том утгаараа үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд ч гарч ирж болно.Алдагдалтай ажиллахад нөлөөлж байгаа хууль, тогтоомж, шийдвэрүүдэд үнэлэлт дүгнэлт өгч зоригтой шийдэл гаргах шаардлагатай байна.

-Яагаад?

-Жишээ нь худалдан авах ажиллагааны тухай хуулиар хамгийн чанаргүй барааг хамгийн хямд үнээр авах ёстой болдог. Манайх шиг тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн хувьд чанаргүй бараа, сэлбэг материал нь хэвийн үйл ажиллагааг алдагдуулж зардал алдагдал нэмэгдэхэд ихээхэн нөлөөл­дөг.

Компаний үнэлэмжийг дээшлүүлж үнэ цэнэтэй болгох, олон улсын түвшинд гаргахын тулд өр авлагыг цэгцлэх, Уламжлалт технологоос татгалзаж техник технологийн дэвшилийг нэвтрүүлж үйл ажиллагаагаа нээлттэй ил тод болгох зайлшгүй шаардлагатай.

-Ингэж шинэчлэлт хийснээр өнөөдрийн уламжлалт технологиор үйлдвэрлэж байгаа зардлыг хэдэн хувиар бууруулах вэ?

-Одоо судалгаа боловсруулалтын түвшинд явж байна. Үүнд цаг алдаж болохгүй, Засгийн газар онцгой дэмжлэг үзүүлж, баталгаа гаргаж өгвөл жилд 10 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой.Уурхайн өнөөдрийн хөрс хуулалтын нэг метр куб зардал 2800 төгрөг байна. Тэгвэл шинэ технологи нэвтрүүлбэл 700 төгрөг зарцуулна. Жилдээ долоон сая метр куб хөрс хуулалтын ажил хийхэд одоо ашиглаж байгаа уламжлалт технологи болон шинээр нэвтрүүлэх технологийн зөрүүнээс 14 тэрбум орчим төгрөг шууд хэмнэх боломжтой нь тодорхой байна. Гарах үр дүн, ашиг нь тодорхой техник эдийн засгийн тооцоолол нарийн хийгдсэн ийм л төсөл дээр засгийн газар цаг алдалгүй баталгаа гаргаж хэрэгжүүлэхэд ойрын хугацаанд шийдэл гаргана гэж найдаж байна. Уурхай жил ирэх тусам гүнзгийрч зардал өсч байгаа тул зардлыг бууруулах компаний ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр уурхайн ашиглалтын шинэ ам нээж ажиллах хувилбарыг төлөвлөж байна. Энэ мэтчилэн үр дүнтэй төлөвлөсөн ажилуудыг хэрэгжүүлэхэд цаг алдалгүй богино хугацааны шийдлүүдийг гаргана гэдэгт найдаж байна.

-Тавдугаар цахилгаан станц ашиглалтад ороход “Шивээ-Овоо”-гийн уурхай нүүрсээр хангана. Бэлтгэл ажлаа хэр хангаж байна?

-Тавдугаар цахилгаан станц баригдахын өмнө нээх хөрс хуулалтын ажлуудыг график төлөвлөгөөнийхөө дагуу явуулах ёстой. Гүнд их ус бий. Жилд 4.5сая тонн нүүрс олборлох хэмжээнд хүрэх юм бол гүний усыг шавхан зайлуулах бэлгэл ажлыг одооноос эхлэхгүй бол болохгүй. 80 орчим худаг ажиллана гэж тооцоолбол хөрөнгө санхүүгийн болон бусад асуудлыг шуурхайлах шаардлагатай.

-Тэгэхээр худаг гаргах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхгүй бол төлөвлөсөн нүүрсээр хангаж чадахгүй болох юм биш үү?

-Яг тийм. Өнөө маргаашнаас эхэлж өрөмдөж эхэлмээр байна. Тавдугаар цахилгаан станц 2019 оны сүүлээр ашиглалтад орно гэж тооцоолж байгаа. Тэгвэл бид нүүрс худалдан авах гэрээнийхээ дагуу үүргээ бие­лүүлэхэд анхаарч ажиллана. Ус шүүрүүлэлт гэлтгүй дэд бүтцийг шийдвэрлэх олон асуудлуудбайна.

Өнгөрсөн хугацаанд IV цахилгаан станцыг 123 мВт, III цахилгаан станцыг 50 мВт-аар өтгөтгөлөө. Амгалан дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо. Эрчим хүчнийхэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг шуурхайлан нэмчихсэн. Гэтэл цахилгаан станцуудын нэмэгдэж байгаа хүчин чадлыг хангах нүүрсний уурхайн хүчин чадал техникийн асуудлыг бүрэн орхигдуулсан. Асуудлыг цогцоор нь харахгүй байгаагийн үр дүн ингэж илэрч байна.

-Тэгвэл техник, техноло­гийнхоо асуудлыг Засгийн газар яаралтай шийдвэрлэх ёстой юм биш үү?

-Энэ жилийн тухайд“Шивээ-Овоо”-гийн уурхайАмгалан дулааны цахилгаан станц, IV цахилгаан станцын өргөтгөлийн нүүрсийг нийлүүлнэ гэвэл хүчин чадлаа даруй 15 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Тиймээс ойрын үед “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн хөрөнгө оруулалт техникийн асуулыг Засгийн газар хэлэлцэн шийднэ гэдэгт найдаж байна.

-Ингэхэд танай уурхай алдагдлаа бууруулах тал дээр өнгөрсөн хугацаанд юу хийв?

-“Шивээ-Овоо”-гийн уурхайөнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсаас нэг ч төгрөгийн татаас, төсвийн санхүүжилт аваагүй. Гадны мэргэжилтнүүдийн угсардаг том оврын экскаваторыг өөрсдийн инженер техникийн ажилтнууд задалж угсран ашиглалтад орууллаа. Ингэснээр хөрс хуулалтын зардал буурна. Гадны компаниар гүйцэтгүүлдэг өрөмдлөг тэсэлгээний ажлыг өөрсдийн хүчээ хийж жилд 700 орчим сая төгрөг хэмнэхээр болсон. Шинээр тэсэлгээний үйлдвэр барьж ашиглалтад орууллаа. Өмнө дурдсанчилан 11 тэрбум төгрөгийн үнэ бүхий 20 гаруй техникийн шинэчлэлийг хийж чадсан. Энэ мэтчилэн хийгдсэн ажлууд байгаа ч цаашид хийх ажил их байна. Өртөг зардлыг бууруулахын тулд уламжлалт технологиос татгалзан технолгийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхийг цаг хугацаа бидэнд мэдрүүлж байна. Ингэж чадвал бид үнэ нэмэгдүүлэхийг урьтал болголгүйгээр хямд эрчим хүчээр ард түмнийг хангах боломжтой байна.

-Танай уурхайг түшиглээд Хятадын хөрөнгө оруулалтаар 4800 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих ажил олон жилийн өмнөөс яригдсан. Саяхан судалгааны ажил нь эхэлгэсн гэв. Ажил ямар шатандаа явна вэ?

-Энэ бол нүүрсээр ажилладаг цахилгаан станцын хувьд дэлхийд томд орох станц болно. Ойрын үед холбогдох мэргэжилтнүүд ирж “Шивээ овоо”-гийн нүүрсний бүлэг ордод судалгаа хийж эхлэх гэж байна. Энэ асуудал 2008 онд яригдаж байсан. Хятадын дарга Си Жиньпин өнгөрсөн жил ирэхэдэрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах асуудлын хүрээнд дурдагдсан. Манай улсын хөгжил дэвшилд том чадлын цахилгаан станц барих нь эдийн засгийн болоодбүс нутгийн хэмжээнд ихээхэн ач холбогдолтой болно.

-Ажилчдын хөдөлмө­рийн аюул­гүй байдлыг хэр­хэн хангаж ажиллаж бай­гаагаа сонирхуулахгүй юу?

-Энэ чиглэлд онцгойанхаарч ажиллаж байгаа. Ажилчдынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд онцгой анхаарч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шинэ түвшинд гаргахаар зорьж байна л даа. Олон улсын стандартын түвшинд хүрэхийн тулд мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг олон улсын түвшинд хүргэж ажиллах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Мөн өнөө жил “Шивээ-Овоо” ТӨХК-ийн 25 жилийн ой болох гэж байна. Бидэнд хийж бүтээх жилууд их байна.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

ФОТО СУРВАЛЖЛАГА: Хаврын чуулганы нээлт

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтийн ажиллагаа Төрийн ордонд боллоо. Нээлтэд нийт гишүүдийн 67 нь хүрэлцэн ирсэн юм. Чуулганы нээлтээс хийсэн зарим гэрэл зургийг фото сурвалжлага болгон хүргэж байна.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг”-үүдийн хичээл өнөөдөр эхлэв

Өнгөрөгч онд МОХ-оос санаачлан их, дээд сургуулийн оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаадаг болох тухай “Оюутан цэрэг” хөтөлбөрийг Ерөнхийлөгчид санал болгож, Засгийн газраас баталсан.

Тэгвэл энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй 1000 оюутны хичээл өнөөдөр эхэлж байгаа юм байна. Оюутан цэргүүд Батлан хамгаалахын их сургууль дээр хичээллэх юм.

2014 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрт 42 их, дээд сургуулийн 400 гаруй оюутан хамрагдаж, цэргийн алба хаасан билээ. Энэхүү хөтөлбөрөөр их, дээд сургуульд сурч буй оюутнууд зуны амралтаараа цэргийн алба хааснаар цэргийн үүрэгтний үнэмлэх авах боломжтой.

Categories
гадаад мэдээ

10 мянган фунт стерлингтэй цүнхийг эзэнд нь эргүүлэн өгөв

Лондон хотод хөлсний тэргээр үйлчлүүлсэн нэгэн хүн буухдаа 10 мянган фунт стерлингтэй цүнхээ мартсан. Харин хөлсний тэрэгний жолооч цүнхний эзэнд мөнгийг нь эргүүлэн өгчээ. „Mirror“ сонинд бичсэнээр машины наймаа эрхэлдэг 46 настай Эдриан Куин гэгч мөнгөө мартсанаа мэдээд ухаан алдах шахсан байна. Тэрээр хөлсний тэрэгний зогсоол дээр очиход жолооч түүнийг хүлээж байсан гэнэ. Хэрвээ мөнгөө олоогүй бол бизнес нь дампуурах байсан тухайгаа ярьжээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Хонхны баярыг зохистой тэмдэглэх чиглэлээр хяналт тавих үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Хан-Уул дүүрэгт буурсан, бусад дүүрэгт өссөн үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн дүүргүүд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулжээ.

Хан-Уул дүүрэгт сүүлийн 14 хоногт нийт 1247 гомдол мэдээлэл ирснээс өмнөх 14 хоногоос 8.9 хувиар буурчээ. Тус дүүрэгт тулгамдаж буй асуудал нь 13-р хорооны “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд А зэрэглэлийн гоц халдварт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн тул дүүргийн Засаг даргын захирамжаар “Хязгаарлалтын дэглэм” тогтоож 24 цагийн эргүүл, пост гарган ажиллаж байна гэлээ. Өвчин гарсантай холбоотой хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэх, гахайг нядлан устгах зардалд Нийслэлийн Засаг даргаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Харин Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэргийн зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хяналт”, “Тамхины хуулийн хэрэгжилт”, “Эргүүл хяналт”, “Архины албадан эмчилгээ” зэрэг нэгдсэн арга хэмжээг удирдамж төлөвлөгөөний дагуу дүүргийн холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, дэлгүүр болон зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэг 198 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж арга хэмжээ авсан гэлээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт илрээд байгаа гахайн мялзан өвчний нөхцөл байдал, даатгалын талаар тодруулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгав. Мөн нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр Худалдан авах үйл ажиллагааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн бүх Хөрөнгө оруулалт, Худалдан авах ажиллагааны газрын удирдлагууд, дүүргийн Засаг дарга нар хамтран ажиллаж, ил тод нээлттэй зохион байгууулахыг үүрэг болголоо. Мөн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зар сурталчилгааны самбаруудыг стандартын дагуу нэгтгэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа мөн үерийн эрсдэлийн менежмент, даатгалыг судлахыг нийслэлийн Онцгой байдлын газарт, нийслэлийн сургуулиудын хонхны баярын үйл ажиллагаанд хяналт тавихыг нийслэлийн Боловсролын газар, Цагдаагийн газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

М.Горбачевын сууж явсан машин осолд оржээ

ЗХУ-ын Ерөнхийлөгч асан М.Горбачевын машины осолджээ. Түүний машин өнгөрсөн баасан гаригт Оросын нийслэл хот Москвагийн хойд хэсэгт явж байгаад өөр нэгэн машинтай мөргөлдсөн байна. Аз болоход экс Ерөнхийлөгч болон түүний жолооч гэмтэж бэртээгүй гэнэ. М.Горбачев ослын газраас өөр нэгэн машинд суун ажлаа амжуулахаар цааш явсан байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

Л.Пүрэвсүрэн, Т.Шимизү нар ноот бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар өнөөдөо Японы Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт нэг тэрбум иен буюу 16 тэрбум 700 сая орчим төгрөгийн өртөг бүхий ”Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”, “Ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зуржээ.

“Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх сумын эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлгүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Харин “Ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд Туул голын бохирдлын нэг шалтгаан болж буй үйлдвэрүүдээс гарч буй бохир усыг цэвэршүүлэх тоног төхөөрөмж авах юм байна. Ингэснээр усны бохирдолд тулгамдаж буй асуудлыг арилгахад чухал нөлөөтэй хэмээн үзжээ.