Categories
мэдээ нийгэм

“Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” үндэсний сургагчдыг бэлтгэж байна

Эм зүйч нарын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэхээр “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” үндэсний сургагч багшийг бэлтгэж байна.

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хүрээнд ЭМСЯ, “Эм холбоо”, АШУҮИС хамтран “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” үндэсний сургагч багш бэлтгэн цаашид ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахын тулд эмийн зохистой хэрэглээний талаар эрүүл мэндийн байгууллагууд, эм ханган нийлүүлэх байгууллагууд, эмийн компаниудын эмч төлөөлөгчийн газар, эмийн санд ажиллаж буй эмийн мэргэжилтнүүдэд зориулан богино хугацааны мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим системээр иргэнд газар өмчлүүлэх ажил “Үзэгчдийн нэрэмжит” шагнал хүртлээ

Bloomberg телевизээс гурав дахь жилдээ зохион байгуулсан Bloomberg Awards-ийн хамгийн нэр хүндтэй шагнал буюу “Үзэгчдийн нэрэмжит” шагналд иргэдэд газрыг цахимаар өмчлүүлэх төсөл шалгарлаа. Энэ нь иргэдэд газар өмчлүүлж эхэлснээс хойш газар өмчлөх явцыг ухаалаг, хялбар болгох чиглэлд хийгдсэн томоохон өөрчлөлт болсон ажил юм. НИТХ-ын 2013 оны тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15,309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхээр тогтсон.

Өнгөрсөн оны 10-р сард болсон эхний ээлжийн цахим бүртгэлд 28 мянга 440 иргэн хамрагдсанаас 14 мянга 954 иргэн санамсаргүй сонгогдож газраа өмчилж авах эрхтэй болсон юм. Харин энэ оны 2-р сард зохион байгуулагдсан хоёр дахь ээлжийн цахим бүртгэлд Улаанбаатар хотын 8 байршилд газар өмчлөхөөр 184 мянга 569 иргэн бүртгүүлж 13 мянга 819 нэгж талбарыг өмчилж авчээ. Ингэснээр одоогийн байдлаар нийт 466 мянга гаруй иргэн цахим бүртгэлд хамрагдаад байна. Цаашид газар өмчлөх эрхтэй 900 мянга орчим иргэнд газар өмчлүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байна. Шилдгээр шалгарсан төсөл нь иргэдийн бүртгэлийг НЗДТГ-ын Ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын Omch.gov.mn вебсайтуудаар явуулдаг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуу 112 жолооч илрүүлжээ

Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт 767 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 625 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 17 бүртгэгдэж, 18 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 2 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллав .
Мөн нийслэлд их хэмжээний цас орж гудамж замд хальтиргаа гулгаа ихээр үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн осол, замын түгжрэл саатал бий болж хөдөлгөөний эрчим удааширсан. Иймд жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, хөдөлгөөний эрчимд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Esso” автосервис 15 жилийн ойгоо тохиолдуулаад бэлэгтэй, сугалаат худалдаа эхлүүллээ

“Esso” автосервисийн менежер Б.Ундрахтай ярилцлаа.

-“Esso” төвийг мэдэхгүй хүн бараг үгүй. Танай компани хэзээ байгуулагдсан бэ?

-Манай автосервис нь тосолгоо үйлчилгээний чиглэлээр 2000 онд “Да хүрээ” захын урд анх байгуулагдаж байлаа. Өнөө жил манай сервис байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байна. Одоогоор Улаанбаатар хотод зургаан салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

-Японы “Mitasu”-гийн бүтээгдэхүүнийг танайх борлуулаад гурван жил болжээ. Тус улсад тос тосолгооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон газар байдаг. Тэрэн дундаас яагаад “Mitasu oil” корпорацийн бүтээгдэхүүнүүдийг сонгох болов?

-Тус корпораци нь Японы санхүү, хөрөнгө оруулалтын “Mitasu” корпорацийн охин компани. Хэрэглэгчдийн хэрэгцээг хангахын тулд бүтээгдэхүүний өндөр чанар, бусдаас ялгарах нь компанийн шинж чанар нь. Компанийн гол төсөл нь гадаад улс оронд ашиглагдаж байгаа япон машинуудад зориулагдсан оргиналь бүтээгдэхүүн, зарим тохиолдолд түүнээс давсан чанартай автомашины тос болон тусгай шингэнийг үйлдвэрлэх юм. “Mitasu oil” корпораци нь бензин болон дизель хөдөлгүүрт зориулагдсан маш олон төрлийн хөдөлгүүрийн тос, автомат, механик кропны тос, гидрийн шингэн, антифриз зэргийг үйлдвэрлэдэг. “Mitasu”-гийн бүтээгдэхүүнүүд өндөр чанартай бөгөөд сав баглаан дээрээ “Японы гадаад дахь автомашиныг дэмжье” гэсэн логотой байдаг. Мөн тус корпораци нь тусгайлан топ ангиллын тос үйлдвэрлэлээрээ дагнадаг. Бензин болон дизель хөдөлгүүрүүдэд зориулсан тоснууд нь PAO (Poly Alpha Olifen)-гийн дөрөвдүгээр бүлгийн тосыг ашиглан үйлдвэрлэдэг. Энэ бүтээгдэхүүн нь автомашины хөдөлгүүр хасах 42 хэмээс нэмэх 50 хэм хүртэл хялбар асах нөхцөлийг бүрдүүлсэн тогтвортой үзүүлэлтүүдийг хангадаг, мөн тос солих хугацааг уртасгасан байдгаараа онцлог.

-Тухайн орны цаг уурын нөхцөл зэргээс хамаарч “Mitasu”-гийн тосыг солих хугацаа өөр өөр байдаг гэж дуулсан юм байна?

-“Mitasu” дэлхийн цаг уурын янз бүрийн нөхцөлтэй 20 гаруй оронд тосоо гаргадаг. Оросын Сибирээс эхлээд дундад Азийн халуун бүсийн орнуудад бүтээгдэхүүнээ борлуулдаг. “Mitasu”-гийнхан тоснуудаа Европийн орнуудад өөрөөр хэлбэл өндөр октантай сайн чанарын шатахуун хэрэглэдэг агаарын бохирдол багатай улс орнуудад ашиглагдаж буй машинуудад тос солих хугацааг 30 мянган км явж болохыг зөвлөдөг байна. Монголд тус корпорацийн мэргэжилтнүүд ирээд орчин нөхцөлийг судлаад “Танайд 100 хувь синтетик PAO-гийн төрлийн тос 20 мянган км, 100 хувь синтетик Gold тос 15 мянган км, хагас синтетик тос 10 км явна” гэж баталгаа өгсөн.

Одоо удаан хугацаагаар тосоо солихгүй явж болдог болчихоор цаг зав, мөнгө төгрөгнөөс эхлээд эдийн засгийн хувьд нилээд хэмнэлттэй болж байгаа юм. Өвөл, зуны тос гэхээ больсон. Машины он залуужаад ирэхээр 100 хувийн синтетик тоснууд өвөл, зунгүй явдаг болохоор км-ийн заалтаа хараад л явчихна гэсэн үг.

“Митасу”-гийн автомат кропны тосны хувьд хагас синтетик тос нь 50 мянган км, 100 хувь синтетик тос нь 100 мянган км явж болно. “Mitasu”-гийн антифриз таван жил буюу 100 мянган км явах баталгаатай. Удаан эдэлгээт энэ антифриз нь PH гэдэг зэврэлтийн эсрэг бодистой байдаг юм. Таван жил дотроо дотор эд ангийг зэврүүлэхгүй, резин жийргэвчүүдээ зөөллөдөг шинж чанартай.

-“Mitasu”-гийн үнэнч хэрэглэгчид болсон үйлчлүүлэгч олон байна уу?

-Зөндөө бий. Энэ тосны гол давуу чанар бол урт хугацаанд явах. Кроп, мотор, антифриз ч тэр. Урт хугацаанд явдаг болохоор хүмүүс их сайн хүлээж авч байгаа. Маш сайн тос байна, бохирддоггүй юм байна,ширгэдэггүй, дундардаггүй, царцдаггүй юм байна гээд л гурван жил хэрэглэсэн жолооч нар нь ярьдаг юм.

-Танайх тус корпорацийн хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа вэ?

-30 гаруй төрлийн тос, шингэн оруулж ирдэг. Машины он залуужих тусам тосолгооны материал олон төрөл болж байна. 2010 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашины тос нь хамгийн шингэн , зууралданги багатай тосоор ажилдаг болсон. Өөрөөр хэлбэл байгаль орчинд ээлтэй хорт утаа хаялт маш бага байх тийм тос юм.

-Машинаа анх орж ирэхэд нь ямар тос хийсэн бэ. Түүнийгээ л машиндаа үргэлж хийх ёстой. Өөр тос хийж болохгүй гэж боддог жолооч нар бий?

-Дэлхийн стандарт нэг шүү дээ. Бензин хөдөлгүүртэй машины тос үйлдвэрлэлээ гэхэд бензин хөдөлгүүрт ордог бүхий л бодисыг хийдэг. Бензин хөдөлгүүртэй тос гэдэг чинь дотроо хагас синтетик, бүтэн синтетик, PAOгээд ангилагдаад явчихдаг байхгүй юу. Хагас синтетик тос хийсэн бол ямар ч үйлдвэрийн бензин хөдөлгүүртэй тосны хагас синтетикийг нь л нэмж хийж болно гэсэн үг. Яагаад гэвэл дэлхий даяар нэг л стандарттай учраас. “Mitasu”-гийн нэг давуу тал байдаг юм. Тосны синтетик бодис нь зарим тосонд 5-10 хувь байж хагас синтетик гэгддэг бол эднийх 60 хүртэл хувиар хийдэг. Энэ нь тус корпорацийн гол давуу тал. Элэгдлийн эсрэг бодисыг нь ингэж 60 хүртэл хувиар хийж өгдөг.

-Янз бүрийн тос орж ирдэг болсон болохоор машиндаа чухам алийг нь хийхээ мэдэхгүй үе тохиолддог?

-Таны автомашины үйлдвэрлэгч нь ямар шингэн, тос хий гэсэн бэ, түүнийг нь л хийнэ. Тэгж л хийхгүй бол манайд мэдэх мэдэхгүй янз бүрийн тоснууд ороод ирчихсэн байна. “Nissan”-ий машинуудад гэхэд кропны гурав, дөрвөн төрлийн тос ордог. “Toyota”-д 5-6 төрлийн тос ордог, “Honda” гэхэд 3-4 төрөл гээд л олон төрлийн тос ордог. Эдгээр үйлдвэрүүд нь үйлдвэрлэсэн машинууддаа зориулсан тосоо өөрсдөө үйлдвэрлээд явчихдаг. Харин “Mitasu” бол аль нэгэнд нь биш бүгдэд нь зориулагдсан бүх төрлийн машинд ордог тосыг үйлдвэрлэдэг юм. Европ, Америк, Солонгос машинд зориулагдсан бүтээгдэхүүнүүдийг ч үйлдвэрлэн гаргадаг. Жишээ нь, “Mitasu”-гийн чичиргээний эсрэг сайжруулсан нэмэлт хольцтой автомат хурдны шингэн байна. Уг шингэнийг “Honda”, “Subaru”, “BMW”, “AUDI”, “Volkswagen”, “Ford”, “Mercedes-Benz”, “Porsche” гээд бүх төрлийн машинд хийдэг. Бүтээгдэхүүн тус бүр дээр нь ямар маркийн машинд хийх вэ гэдгийг нарийн заагаад өгчихсөн байдаг. Мөн “Hyundai”, “KIA”-гийн машинуудад зориулагдсан хамгийн сүүлийн үеийн тос, шингэнийг “Mitasu” үйлдвэрлэж байгаа. “Mitasu” корпораци нь 2005 оноос өмнө дотоодынхоо зах зээлийг хангадаг байсан. Автомашинболоод хүнд үйлдвэрүүд, усан онгоцонд зориулж тосоо хийдэг байсан. Тэгээд үйл ажиллагаагаа тэлээд гадаад зах зээл рүү бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн юм. Японы инженерүүдийн хэдэн арван жилийн туршилт, шинжилгээний үр дүнд гарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

-“Esso” компани тосны чиглэлээр мэргэшсэн хичнээн мэргэжилтэнтэй вэ?

-Зургаан салбарт маань нийт 50-иад ажилтан ажиллаж байна. Өмнө нь манайхан хүйтрэх үеэр буюу өвлийг угтаад тосоо нэг солиулж, хавар дулаараад техникийн үзлэг дөхөөд ирэхээр дахиад сольдог байсан. Харин одоо “Mitasu”-гийн тосыг хэрэглэдэг болсноороо өвөл, зун тос солиулна гэж цаг зав мөнгөө гарздахаа больсон. Км-ийн заалтаа харж байгаад л ирцгээдэг юм. Автомат кропны тос, антифризээ нэг солиулчихвал бүр мартчихдаг.

-Танай автосервис байгуулагдсаныхаа 15 жил, “Mitasu”-гийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулсаны гурван жилийн ойг тохиолдуулаад машин хожих бэлэгтэй худалдаа эхлүүлж байгаа юм байна. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-“Ессо” автосервисийнхээ 15 жилийн ойг тохиолдуулаад хичнээн хямралтай байгаа ч гэсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ зориулаад урамшуулалтай сугалаат худалдаагаа энэ сарын 1-нээс ирэх долдугаар сарын 1-ний өдрийн хооронд зарлаж байна. Улсын баяр наадмын өмнө сугалааныхаа тохирлыг олгох юм. Супер азтан нь “Prius-20” машин, дараачийн таван азтан нь 200 мянган төгрөгт “Mitasu”-гийн тосоор машиныхаа тосыг солиулах эрх, дараагийн арван азтан 100 мянган төгрөгийн тос солиулах эрх хожино. Мөн арван азтанд Солонгосын “Hyundai Enercell” аккумулятор өгнө. 50 мянган төгрөг тутам нэг сугалаа олгох бөгөөд сугалаат худалдаа зарласан энэ хугацаанд манайхаас худалдан авалт хийсэн хүн бүрт дэлхийд автохимийн бүтээгдэхүүнээрээ тэргүүлдэг АНУ-ын “Gunk” брэндийн бүтээгдэхүүнээр бэлэг барина.

-Танай компани одоогоор дэлхийн хэдэн орноос ямар нэр хүндтэй бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж байгаа вэ?

-“Mitasu oil”-ийн албан ёсны борлуулагч, Японы “Сакура” шүүрний албан ёсны борлуулагч. Америкийн авто химийн “Gunk”,Солонгосын аккумулятор “Hyundai enercell”-ийн албан ёсны эрхтэй байгууллага. Манайх 15 жилийн турш тосолгоо үйлчилгээгээрээ дагнаж ажилласаар ирсэн энэ чиглэлээр тэргүүлэх компани юм.

-“Mitasu”-гийн ямар бүтээгдэхүүнийг манайхан ихээр сонирхож худалдан авч байгаа вэ?

-“Hybrid” автомашинд зориулагдсан хөдөлгүүрийн тос борлуулалт сайтай байгаа.Уг тос нь “Hybrid” автомашины хувьд хамгийн тохиромжтой шийдэл. Улирал хамаарахгүй 15 мянган км явна. Хөдөлгүүрийн насжилтыг нэмэгдүүлж,үрэлтийн коэффициентийг хамгийн бага байлгаж чадсанаар металл гадаргуу дээрх бүтцийн дутагдлыг нөхөж өгдөг онцлогтой. Бохирдлыг хянаж, түлш хэмнэхэд тустай бүтээгдэхүүн юм.

-Ярилцсанд баярлалаа.

Б.САРНАЙ

Categories
мэдээ цаг-үе

Нөхөрлөл гэдэг амьдралын хамгийн чухал зүйл гэдгийг алхам тутамдаа ойлгодог

“Гурван найз” киноны Цэрэндалай буюу Цэкүгийн дүрд тоглосон жүжигчин, найруулагч Г.Анхбаяртай ярилцлаа.

-Хөтлөгч, жүжигчин гээд салбар салбарт ажиллаж байгаа харагддаг Анхбаяр гэдэг залуу чухам ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би 2003 онд СУИС-д ардын жүжигчин Лхамхүү багшийн ангид ороод 2007 онд төгссөн юм. Манай ангиас “Эмоци” продакшны жүжигчин Тэмүүжин, Эзэнмөнх, “Х-түц”-ийн Туяа, “Маск”-ийн Алдар, Чука гээд урлагаараа явж байгаа хүмүүс олон. Хоёрдугаар күрст байхдаа найруулагч Бадамрагчаагийн хийсэн “Үнсэлт” кинонд тоглосон юм. Тэндээс “Лимон”-ы Шарга ах, Лхагвадорж гэдэг оператор хоёр анх намайг С1 телевизэд Р.Тулга ах дээр аваачаад “Шоубиз” хөтлөх санал тавьж байсан. Хоёрдугаар курстээ С1 телевизид хөтлөгчөөр ажиллаад тэндээ их олон нэвтрүүлэг хөтөлж байлаа. Оюутан байхдаа давхар сэтгүүлчээр сураад явсан гэх үү дээ. Үндсэн мэргэжил маань жүжигчин. Сургуулиа төгсөөд өөрийнхөө хамгийн дуртай зүйл болох кино урлаг руу ороод найруулагчаар ажиллаж эхэлсэн юм.

-Таны тоглосон дүрийг хараад байхад дандаа л алиа дүрд тоглосон байдаг. Амьдрал дээрээ ямар зантай вэ?

-Оюутны ширээнээс сулраад урлаг руу орох үед дандаа хөнгөн, алиа залуугийн дүр санал болгож тэр дүрд нь тоглож байлаа. Тиймээс л дараа дараагийн санал тавьж байгаа хүмүүс тэр дүрээр нь харчихсан юм уу даа. Дандаа л тиймэрхүү дүрийн санал тавиад байгаа. Найруулагчийн харж байгаа фактурт нь би тэгж таардаг юм шиг байна лээ. Амьдрал дээрээ мэдээж дүрээсээ шал өөр хүн. Илүү дотогшоогоо хүн. Хүмүүст л их нээлттэй юм шиг харагддаг байх. Гэхдээ баг зүүгээд яваад байх нь хаашаа юм. Би өөрөөрөө л байхыг хүсдэг. Мэдээж шоу нэвтрүүлэг, кино, жүжиг дээр би өөр хүн болох шаардлагатай.

-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгохоор болов?

-Миний өвөө циркийн алиалагч МУГЖ Б.Содном гэдэг хүн байлаа. “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Боролдойн дүрээрээ дэлгэцэнд мөнхөрсөн хүн. Олон ч сайхан кинонд тоглосон доо. Миний ээж бас циркийн жүжигчин. Гэр бүлийн урлагийн гинжин холбоог таслахгүй өвлөөд авч явж байгаа учраас их хичээдэг. Жаахан байхдаа өвөөгийнхөө тоглосон киног үзээд л өвөө шигээ жүжигчин болох юмсан гэж боддог байлаа. Тэр нь намайг жүжигчин болоход их нөлөөлсөн дөө. Ээж маань циркийн жүжигчин учраас тайзны ард л бага нас маань өнгөрсөн. Урлагтай ойрхон байдаг учраас багаасаа урлагт их хайртай. Багаасаа л жүжигчин болно гэж боддог байлаа.

-“Гурван найз” олон ангит кинонд яагаад тоглохоор болов?

-Гансэрээ ахын “Хайрын эрэлд” кинонд тоглоод олон ангит кино хүний амьдралын цаг зав, маш их зүйлийг авдаг юм байна дахиж тоглохгүй гэж бодож байсан. Тэрний оронд бизнесийн ажлаа хийгээд явж байя гэж бодож байлаа. Тэгсэн “Эмоци”-ийн” Тэмка, Төөтөө ах хоёр сууж байгаад гурвуулаа энэ кинонд тоглоё гэсэн санал тавьсан. Тэмка хоёулаа нэг ангийн хүүхдүүд юм чинь хамтраад тоглочихьё гэсэн. Би ч их бодсон л доо. Бодож байгаад шийдсэн. Одоо би харамсдаггүй. Харин ч надад үр өгөөжөө өгч байгаа буянтай кино гэж боддог.

-Одоо гарах гэж байгаа “Гурван найз” уран сайхны киноны хувьд…?

-40 анги гараад дууссаны дараа хүмүүс кино хийгээчээ гэсэн санал их ирүүлсэн. Энэ кино Солонгос франчайс кино шүү дээ. Тиймээс бид өөрсдөө дүрүүд дээрээ ажилласан юм. Энэ нөхцөл Монголд байвал ямар вэ гэж ажилласан. Уран сайхны кино маань олон ангит киногоо бодоход чанарын өндөр түвшинд бий болсон. Өмнөхөөсөө илүү их хариуцлагатай болсон. Олон ангит кино хийснээс нэг жилийн дараа цуглаж байгааучраас буцаад тэр дүрдээ орох хэцүү. Өмнө нь дөрвөн сар Цэкү гэдэг залуугийн дүрд орж өглөө наймаас очоод л орой 11 цагаас тардаг байсан. Мэдээж би өөр хүн учраас яг тэр үеийн Цэкү болох гэж удсан шүү.

-Та одоо “Эмоци” продакшнд харьяалагдаад байна уу?

-Би чөлөөт уран бүтээлч. Хүссэн үедээ шоу бизнесийн хувьд өөрийнхөө орон зайнд хийх зүйлээ хийгээд л явж байдаг. “Эмоци”-д харьяалагдахгүй, гэрээтэйгээр хамтарч ажилласан. Анх ганцаараа байсан одоо ч гэсэн ганцаараа л ажлаа хийгээд явна.

-Нөхөрлөлийг та юу гэж боддог вэ?

-Нөхөрлөл гэдэг амьдралын хамгийн чухал зүйл гэдгийг алхам тутамдаа ойлгодог. Тэр дундаа эрэгтэй хүмүүс. Надад эрэгтэй, эмэгтэй олон найз бий. Найзууд маань миний гэр бүлийн дараа орж чаддаг миний хамгийн эрхэм хүмүүс.

-Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Парис Хилтонтой порно кинонд тогломоор байна. Жүжигчин хүмүүс түүхэн кинонд тоглохыг мөрөөддөг юм шиг байна лээ. Надад хэзээ ч гоё санагдаж байгаагүй юм бол тэр. Би баатар, түүхэн хүний дүр болон гэнэн хонгор дүрд тоглохгүй байх.

-Танд голдуу ямар киноны санал ирж байна?

-Инээдмийн киноны санал их ирдэг. Ганц инээдмийн биш кино нь “Хайрын эрэлд” олон ангит кино.

-Хувийн амьдралыг чинь жаахан сонирхъё. Жүжигчин Б.Мишээл та хоёр үлгэр жишээ хосууд байсан. Яагаад салчихав аа?

-Би хувийн амьдралаа дэлгэе гэж боддоггүй. Миний хувийн амьдрал хүмүүст хамаагүй шүү дээ. Хүмүүс угаасаа салж нийлж л байдаг. Б.Мишээл бид хоёр хоёулаа урлагийн хүмүүс байсан болохоор хүмүүсийн нүдэнд ил байсан байж магадгүй.

-Өөрийнхөө зорилгыг хуваалцвал?

-Зорилго байхгүй бол хүн холыг харахгүй. Би зорилгогүй бол өнөөдөр өдий зэрэгтэй байхгүй байх л даа. Хийж чаддаг юмандаа үргэлж тууштай амжилт гаргахын төлөө явах ёстой. Би зорьсон зорилгынхоо нэг хувь дээрээ явж байгаа гэж боддог. Өдөр болгон машинд явж байхдаа, кино үзэж байхдаа давхар жүжиглээд явж байдаг. Найруулагч талаасаа ч гэсэн энэ ийм байна гэж харж үргэлж шинийг эрэлхийлдэг. Би том шоунуудыг мөнгөө төлж үзэх дуртай. Аль болох их юм үзэж, их юм хийх юмсан гэж боддог. Хүн ер нь хийх ёстой юмаа хийгээд л явах ёстой. Энтертайнмент бизнес гэдэг бол 90 мянган үзэгчидтэй стадион доторх 22 хөлбөмбөгчинтэй адилхан. Би тоглогч учраас үзэгчдээ хүндэлж үргэлж шинэ зүйлийг хүргэхийг хичээдэг.

-Таныхаар олны танил хүн ямар байх ёстой вэ?

-Олны танил, од болсон хүмүүсийг хараад надад инээдтэй санагддаг. Олны танил урлагийн хүн бусдад нээлттэй гоё энерги өгөх ёстой гэж боддог. Жүжигчин хүний ялгаа нь бусад мэргэжлээс олны нүдэн дээр бүх хүмүүст бүтээлээ зориулж хийдгээрээ өөр шүү дээ.

-Нэг өдрийн амьдрал тань яаж өнгөрч байна. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Энэ миний дуртай мэргэжил, дуртай зүйл учраас надад чөлөөт цаг гэхээсээ илүүтэйгээр ажлаасаа кайф авдаг. Хийж байгаа зүйлээсээ урам зориг авч байна. Дуртай зүйлээ хийнэ гэдэг азтай зүйл юм уу даа. Надад чөлөөт цаг, амралтын өдөр гэж байдаггүй.

-Хобби?

-Хобби гэж болохгүй байх аа даа. Би гадагшаа явж аялж, юм үзэх дуртай.Төсөөлдөг байсан газраа бодитоор харах, шинэ зүйлийг мэдэх тэмүүлэлтэй байдаг. Сая АНУ явж ирэхдээ бидэнд гарц байна гэж харсан. Бид Америк буюу дэлхийтэй ойрхон байна. Заавал жижиг зах зээл дээр алалцаж байхаар дэлхий рүү гаръя л даа. Холливудын кино гэхээсээ илүү жүжиг, шоу нэвтрүүлэг, шоубиз гэдэг зөндөө олон боломж биднийг хүлээж байна гэж харсан.

-Гэр бүлийн хэн чинь танд юу гэж захидаг байв?

-Намайг эмээ маань өсгөж хүмүүжүүлсэн. Эмээ л надад их юм захидаг байлаа. Би тэр бүгдийг чин зүрхэндээ хадгалж, дагаж мөрдөх болно. Миний амьдралын хэмнэлд архи гэж байхгүй. Би тамхи татаж байгаагүй. Мөрийтэй тоглохгүй гэсэн гурван зарчимтай. Хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй. Гэхдээ зөв сайн хүн байна гэдэг харьцангуй ойлголт л доо.

-Таны үеийн залуус нийгэмд ямар байр суурьтай байна вэ?

-Би өөрөө мундаг биш учраас тэр хүн ийм тийм гэж үнэлэлт дүгнэлт хийх дургүй. Намайг таван жилийн өмнө юм хийе гэсэн хүсэл тэмүүлэлтэй байхад хаана ч очоод юмаа хийе гэхэд хэцүү асуудлууд тулгардаг байлаа. Одоо харьцангуй гайгүй болсон байна. Миний үеийнхэн бүх салбарт гарч ирж байх шиг байна. Тиймээс бие биенээ дэмжиж байгаа.

-Одоогоор та юу хийж байна?

-Би өөрөө “42 размерийн гутал” гээд дэлхийг тойрон аялж нэвтрүүлэг бэлтгэдэг. Мөн “Амжилтаа ахиулья” төрийн бус байгууллагад Амархүү найзтайгаа хамтарч энтертэйнмент нэвтрүүлгүүд хийдэг. Сүүлхнээс “B” про­дакшны Болд ахтай хамтарч ажиллаж байгаа.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: БОНХАЖЯ-ны харьяа байгууллагууд хамгийн ил тод, иргэндээ хүрч ажиллах ёстой

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюун­хоролтой ярилцлаа.

ТӨРИЙН АЖИЛД СААД ТЭЭГ БОЛДОГАЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦСОН НЬ ХАРИН Ч ХҮМҮҮСИЙН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА

-Шинэ Засгийн газар байгуулагдаад гурван сар өнгөрч байна. Таны хариуцсан БОНХАЖ-ын салбарын шинэ бүтцийн өөрчлөлтийн онцлог юу байв.Бүтцийн өөрчлөлтийг дагасан халаа, сэлгээний асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Улс төрийн намууд зөв­шилцөж, ойлголцож хамтарсан Засгийн газар байгуулаад гурван сар илүүгийн нүүр үзэж байна. Миний хувьд БОНХАЖ-ын сайдаар томилогдоод салбарынхаа өнгөрсөн хуга­цааны бодлого, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, алдаа сургамжийг судалж, танилцаж, дүн шинжилгээ хийсэн. Эндээс нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудаа тодорхойлсон. Байгаль орчны салбарт газрын бодлого зохицуулалтын асуудал шинээр орж ирсэн нь нэлээд онцлогтой. Мөн аялал жуулчлалын салбарын асуудал нэмэгдэж орж ирсэн. УИХ-аас өнгөрсөн жил бодлогыг нь баталсан Ногоон хөгжлийн бодлого гээд асар том, хоорондоо уялдаа холбоотойсалбаруудын бодлогыг бүхэлтгэн харах шаардлага энэ салбарын сайдад тулгардаг юм байна. Уул уурхайн ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн улмаас байгаль орчны асуудал тэр чигээрээ тулгамдсан асуудал болоод байгааг бид мэдэж байгаа. Байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, байгаль дэлхийнхээ даацад тааруулж хөгжих гэсэн дэлхий нийтийн чиг хандлагаас төрийн бодлого, хууль эрх зүйн хүрээндээ бид хоцроогүй юм байна. Гагцхүү энэ бүхнээ амьдралд хэрэгжүүлэхэдучир дутагдалтай, удаашралтай явж ирсэн байна. Тухайлбал,Хог хаягдлын тухай хууль шинэчлэн батлагдаад гурванжил шахуу болж байхад хуульд нийцүүлж гаргах дүрэм журам, аргачлал жагсаалтыг боловсруулж гаргаагүйн улмаас зохицуулалт хийг­дэлгүй өнөөг хүрсэн байх жишээтэй.

Ажлаа аваад танилцаж үзэхэд салбар маань бүх аймаг, суманд нэгжтэй, нийт 2900гаруй ажиллагсадтай том хамт олон боловч улстөржсөн, гурваннамын харьяаллаар талцсан, хоорондоо үл ойлголцсон тийм л дүр төрхтэй угтсан. Энэ нь төрийн үйлчилгээг хагас дутуу хүргэх, үйл ажиллагаагаа хангалтгүй хэрэгжүүлэхэд нөлөөлжбайсан учраас зарим хүмүүсийг албан тушаал бууруулах, чөлөөлөх арга хэмжээ авсан. Таны асуусанчлан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр хүмүүс халагдах, солигдох, өөрчлөгдөх, шилжих хөдөлгөөн хийгдсэн. Үүнийг зориуд улстөржүүлж, хөөрөгдөх үйл ажиллагаа явж байгаа учраас би нарийн тоо баримт ярья. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр салбарын хэмжээнд нийт 46 албан тушаалтныг чөлөөлснөөс 11 хүнийг тухайн байгууллагад нь албан тушаал бууруулж мэргэжилтнээр томилон ажиллуулж байна. Энэ дүнгээравч үзвэл нийт ажиллагсадын 1.2 хувьдөөрчлөлт орсон. Зарим нэг нь тухайн албан тушаал дээрээ хэт удсанаасажилд хойрго ханддаг, өргөдөл материалыг дарж төрийн ажилд саад тээг болдог үзэгдэл байсан. Тиймалбан тушаалтнуудад хариуцлага тооцож чөлөөлсөн нь харин ч хүмүүсийн талархлыг хүлээж байна. Ер нь БОНХАЖЯ-ны харьяа байгууллагууд үйл ажиллагаагаараа ч, боловсон хүчний чадавхийн хувьд ч хамгийн ил тод байж, үйлчилгээний чанар, хүртээмж нь иргэндээ хүрсэн салбар нэгж байх ёстой. Ялангуяа манай салбарын орон нутаг дахь нэгжүүдхүн бүр тэр бүр хүрч чадахгүй байгаа газар нутагт байгаль орчны төлөв байдал, ашиглалтад хяналт тавих, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх, чиг үүргийг хэрэгжүүлдэг байх ёстой.Мэдээжтөрийн албаны ёс зүйтэй, өндөр ур чадвартай, мэргэшсэн хүмүүс олон ажиллаж байгаагийн ачаар салбарын маань ажил урагшаа явж байгаа.

-Таны хамгийн их санаа зовоож байгаа, анхаарал татахуйц асуудал юу байна вэ?

-Юуны түрүүнд хамгийн нэгдүгээрт,Монгол Улсын хүн амын 40 гаруй хувь амьдарч байгаа Улаанбаатар хотын орчны бохирдлын асуудал, тэр дундаа ус, хөрсийг бохирдуулж байгаа Төв цэвэрлэх байгууламж, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн асуудлыг хэлмээр байна.Төв цэвэрлэх байгууламж хуучирч хоцрогдон усны бохирдлын хамгийн том, хамгийн ноцтой эх үүсвэр болж, шинэчлэх асуудлыг олон жил ярьж байгаа ч хотын зүгээс хайхрамжгүй хандаж, хөрөнгө оруулалт татаж чадахгүй ажил удааширч байна. Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн 80 гаруй хувь нь доторлогоогүй, стандартын шаардлагад нийцэхгүй байгаагаас гадагшаа хальж асгаран орчныг бохирдуулж, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Иймд эдгээр байгууламжийн асуудлыг анхааралдаа авч, гадаадын хандивлагч орон, төсөл хөтөлбөрүүдэд асуудлыг шийдэх, хамтарч ажиллах саналыг уйгагүй тавьж байна. Хоёрдугаарт, байгалийн нөөцийн хууль бус ашиглалт, тухайлбал хулгайн модны асуудал хурцаар тавигдаж байна. Иймд хууль бус зөрчлийг таслан зогсоохын тулд нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг төлөвшүүлэх, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх хамтын оролцоотой хяналтыг бий болгон ажиллуулж байна.Гуравдугаарт, Хог хаягдлын тухай хууль шинэчлэн батлагдаад гурванжилболж байхад хуульд нийцүүлж гарах дүрэм журам, аргачлал жагсаалтыг боловсруулж гаргаагүйн улмаас амьдралд хэрэгжихгүй байна.Энэ онд бид холбогдох бүх журам, аргачлалыг боловсруулж батлах, мөрдүүлэх, хог хаягдлын тооллого явуулж мэдээллийн сан бүрдүүлж бүртгэлжүүлэх, хог хаягдлыг ашиглан байгальд халгүй аргаар дахин боловсруулж чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлийн бүтээгдэхүүнийг нь борлуулахад дэмжлэг үзүүлэх, урамшуулах гээд олон ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Ер нь хог хаягдлыг нөөц баялаг, түүхий эд гэдэг үүднээс авч үзэж, дахин боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг яамны зүгээс дэмжиж ажиллана.

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ ИРСЭНД АХМАДУУД, ЭРДЭМТЭД ТАЛАРХАЖ БАЙГАА

-Засгийн газрын шинэ бүтцээр газар зохион байгуулалтын асуудал таны эрхлэх асуудлын хүрээнд ирсэн. Газрын асуудал байгаль орчинтой уялдсанаар ямар ач холбогдолтой вэ?

-Ажлаа хүлээж аваад анх удаа салбарын эрдэмтэд, ахмадуудтайгаа уулзсан. Тэд газрын ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн асуудал манай улсын газрын нэгдмэл сангийн газрын 0.5 орчим хувь болох хот суурингийн газрын удирдлагыг хэрэгжүүлдэг салбарын нэг яаманд хамаарч байгаа нь газрын асуудлыг цогцоор харж салбар дундын болон орон нутгийн газрын удирдлагыг зохион байгуулахад хангалтгүй байгаа тухай хэлсэн.Дараа нь тэдэнтэйгээ уулзахадМонгол Улсын Ерөнхий сайд оновчтой зөв шийдвэр гаргаж,газар зохион байгуулалтын асуудлыг БОНХАЖ-ынсайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулж байгалийн нөөц, үндэсний баялаг болсон газрын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжийг нээлээ гэж талархаж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь газар зохион байгуулалтын асуудал байгаль орчны салбартаа ирсэн нь нүдээ олсон байна гэдгийн л илэрхийлэл байх.Манай 12 яам өөрсдийн чиглэлээр газрын нэгдмэл сангийн аль нэг ангиллын газарт явагдаж байгаа үйл ажиллагааг бодлогын болон технологийн түвшинд удирдан зохион байгуулж байгаа боловч манай яамнаасбусад нь зөвхөн ашиглах сэтгэлгээгээр газарт хандаж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Газар зохион байгуулалтынудирдлагыг хэрэгжүүлэгч байгууллагын уялдаа хангалтгүй, газар ашиглалт, эдэлбэртэй холбогдсон хариуцлагын механизм нийгмийн хэрэгцээг хангах чадваргүй байна гэдгийг хүн бүр л хэлдэг.Газрын зөрчил, маргаан даамжирсан,газрыг хамгаалах, нөхөн сэргээх ажил орхигдсон зэрэг нь газар зохион байгуулалтын удирдлагын асуудал ойлгомжгүй явж ирсэнтэй шууд холбоотой.

-Улсын тусгай хамгаалалттай газарт Байгаль орчныяамнаас газар олгодог, дээр нь давхцуулаад нийслэл, сум,дүүргээсгазар олгож ирсэн. Үүний нэгтод жишээ Богдхан уулын газар тойрсон маргаан.Энэ асуудлыг ер нь шийдэх боломжтой юу?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газарт нийт 1405 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 3000 орчим га талбайг ашиглаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсан 1994 оноос хойш нийслэл, дүүргийн үе үеийн Засаг дарга нарын захирамжаар Богдхан уулын дархан цаазат газрын нийт 450 орчим га талбайг эзэмшил, ашиглалтын хэлбэрээр хууль зөрчин олгосон байна. Баянзүрх дүүрэгт “Улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчин 20 орчим га талбайг өмчлөл, эзэмшлийн хэлбэрээр иргэдэд олгосон ноцтой зөрчил гарсан байна. Саяхан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар олон жил шийдвэрлэгдэж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн энэ ужгирсан асуудалд онцгойлон анхаарч цэгцлэх үүргийг БОНХАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт өгсөн. Гэхдээ улсын тусгай хамгаалалтаас сөөм ч газар гаргахгүй байхаар тогтсон. Энэ дагуу бид нийслэлийн Засаг даргатай хамтран ажлын хэсэг байгуулж Богдхан уулын дархан цаазат газар дахь газар ашиглалттай холбогдон үүссэн олон асуудлыг судлан шийдвэрлэхээр ажлаа эхлээд байна. Ажлын хэсэг нийслэл, дүүргээс хууль зөрчин ол­гож давхцал үүсгэсэн газ­рын асуудлыг судалж шийд­вэрлэхээс гаднаүе үеийнБайгаль орчны асуудал эрхэл­сэн сайдуудынхуульд нийцээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гаргасан зарим тушаал, шийдвэрийг ч эргэн харж зохих хууль, журамд нийцүүлнэ.

-Ерөнхий сайдын за­хирамжаар та Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бо­ловсруулах салбар дундын ажлын хэсгийг ахалж байгаа юм байна. Шинэчлэн батлагдаххуулийн гол агуулга юу байх вэ?

– Монголын газар нутаг бол улс орны тусгаар тогтнолын үндэс, эдийн засаг нийгмийн хөгжлийн тулгуур асуудал юм. Дэлхийн бүх орнуудтай зэрэгцүүлэхэд Монголын Улс нэг хүнд ноогдох газрын хэмжээгээрээ хамгийн ихбуюу нэг хүнд 52.1 га газар ноогддог. Энэ үзүүлэлтээрдэлхийн хамгийн баян орон юм шиг харагдах мөртөө нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ хамгийн баян орноос 27 дахин бага байгаа юм.

Энэ асар их нөөц, баялгийгэдийн засгийн эргэлтэд оруулах замаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхэмжээг нэмэгдүүлэх, хүмүүсээажлын байраар хангах, аж амьдралыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудал эдийн засгийн хямралаас гаргахнэг арга зам юм. Энэхүү эзэнгүй байгаа баялгаа яаж эзэнтэй болгох, яаж ашиглах талаар болонГазрын хуулийн талаар баримтлах бодлогын үндсэн чиглэлийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын эдийн засгийн чуулга уулзалтан дээр хэлсэн үгэндээ “ Газар нутгаар баялаг ард түмэн үнэхээр баян амьдарч болдоггүй юм уу? Үүнийгээ ард иргэддээ өгч болдоггүй юм уу? Тэр газрын хуулийнхаа эхэнд гурван зүйл биччих гэж хэлдэг. Юу гэвэл “Нэгд, зөвхөн Монгол Улсын иргэн л газар өмчилнө. Монгол Улсын иргэнд л газар өгнө. Хоёрт, Монгол Улсын иргэн авсан газраа гадаадын иргэнд зарсан, ямар нэг байдлаар өгсөн байвал буцааж авна. Гуравт, гадаадын иргэн гадаадын аж ахуйн нэгжтэй газрын харилцаатай холбоотой асуудлыг тусдаа өөр хуулиар шийднэ. Эхлээд Монгол Улсынхаа иргэний асуудлыг шийдье” гэж. Ийм хууль хийгээд хэрэгжүүлэхэд бид энэ асуудлыг шийдэж чадна. Төв суурин газарт заавал тэр 0.7 га гэж бутархай тооны хэмжээтэй газар өгөхгүйгээр нэг га ч юм уу хэмжээтэй, жаахан алсраад ирвэл хоёр га газар, цаашилбал гурван га газар өгдөг байя. Өөрийн гэсэн газартай байхад үүн дээрээ хийсэн жаахан зүйл, ганц гадас хүртэл өөрийн баялаг болоод явчихдаг шүү дээ. Дээр нь ургасан ногоо, мод хүртэл өөрийн баялаг болно шүү дээ” гэж тодорхойлжээ. Энэхүү чиглэлийг баримтлан хуулийн төслөө боловсруулж, батлуулахаар ажиллаж байна

-Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломжийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр заасан.Эдийн засгийн хүндрэлтэй үедэнэ зорилт хэрэгжих бололцоо бий юу?

-Яг энэ үед л энэ зорилтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Төр ард иргэдээсээ дандаа авах биш, дотоод нөөц бололцоогоо ашиглан хувь хүн, өрх гэрийн хөгжлийг дэмжиж хийж бүтээх нөхцөл боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй юм. Иргэдэд зөвхөн амьдрах орчны буюу хашаа байшингийн газрыг өмчлүүлж байгаа хязгаарлагдмал байдлыг хуулиар өөрчилнө. Жижиг үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх чиглэлээр иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, хэмжээг нэмэгдүүлж,иргэн, өрх бүр үндсэн хөрөнгөтэй, бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд оролцох боломжийг Газрын тухай хуулиарнээх шаардлага бий. Тухайлбал, одоо иргэдийн эзэмшин амьдралаа залгуулж байгаа хүнсний ногооны жижиг газрууд, өрхийн гар үйлдвэрлэл эрхэлж байгаагазрыг давуу эрхээр үнэ төлбөргүй хувьчлах асуудлыг шийдвэрлэх арга замыг эрх зүйн хүрээнд хайх болно. Тийм газрын нөөц ч бий. Манай судлаачид, мэргэжилтнүүдийн хийсэн тооцоо, судалгаагаар энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд 80-90 мянган га газар шаардлагатай бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 0.05 хувь юм.Ингэснээр иргэд хөрөнгөжиж,улсын дотоод хуримтлал нэмэгдсэнээр улс орны зээлжих чадвар, эдийн засгийн өсөлтөд бага ч гэсэн хувь нэмэр оруулах байх аа.

ДЭЛХИЙН ДУЛААРАЛМОНГОЛД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛЖ, ЦӨЛЖИЛТ ИДЭВХТЭЙ ЯВАГДАЖ БАЙГАА УЧИР МОД ТАРИХ АЖЛААС ХОЙШ СУУЖ БОЛОХГҮЙ

-Төрөөс ойн талаар баримтлах бодлого, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байгаа. Зарчмын өөрчлөлтүүд юу вэ?

-Байгаль дэлхийн өөрөө өөрийгөө нөхөн төлжих бололцоог бий болгох ганц зүйл бол ерөөсөө л ой модоо хамгаалах, тарих, ургуулах ажил. Энэ чиглэлээр хууль эрх зүйн хувьд ч, бодит үйл ажиллагааны хувьд ч цогц байдлаар ажил эхлээд явж байна. Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн бодлогоорой модыг иргэдийнхэрэглээг хангахталаас нь түлхүү анхаарч ирсэн бол шинэ бодлогын гол ялгаа нь ойн хөрс, цэвдэгхамгаалах, усны горимыг зохицуулах, хүлэмжийн хийг шингээх, хүчилтөрөгч ялгаруулах зэрэг экологийн ач холбогдлыг чухалчлан авч үзэж байна.

Ойн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д удахгүй өргөн барихаар ажиллаж байна. Хуульд шинээр тусгах хамгийн гол заалт бол хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажилд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талын заалтууд орно. Хууль бус мод бэлтгэлийн тухай мэдээлэл өгсөн хүнийгурамшуулах механизм бий болгож, эндээс орсон орлогын 70 хувийг урамшуулал болгож өгдөг байх заалтыг хуульчилж өгнө. Хууль бус мод бэлтгэл нь зөвхөн Монгол орны төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд ойн нөөцийг хомсдуулж хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж, тэр хэрээр дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлдэг гээдасар хор уршигтай асуудал учраас энэ тулгамдсан асуудлыг шийдэхэд бодит үр дүн гаргахыг зорьж БОНХАЖ-ын сайдын албан даалгавар гаргаад ажиллаж байгаа.

Нэгэнт ой мод ярьсных хаврын хаварт дэгддэг ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд анхаарал хандуулж байгааг хэлэх хэрэгтэй байх.Өнгөрсөн өвөл нийт нутгаар цас бага орсны улмаас ерөнхийдөө хуурайшилт ихтэй байгаа нь ой, хээрийн түймэр гарах байгалийн урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Богд ууланд түймэр гарсан нь байгаль дэлхий ямар их хуурайшилттай байгааг илтгэсэн том дохио болсон. Азаар байгаль дэлхийхураа хайрлаж зохицуулж байгаа ч гэсэн ард иргэддээ хандаж, ялангуяа хуурайшилтын улиралд болгоомж, сэрэмжтэй байхыг хүсэж, уриалж байна.

-Саяхан танай яам “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” эхлүүлж байгаагаа зарласан. “Ургуулах” гэдэг зорилгохүмүүсийн санаанд нийцэж байх шиг санагдсан шүү?

-Монголчууд уламжлалаасаа байгаль дэлхийтэйгээ харьцан, зохицолдон амьдарч ирсэн ард түмэн. Гэтэл бидний амьдрах орчинсүүлийн жилүүдэд эрсдоройтож, хүн амын 50 гаруй хувь ньамьдарч байгаа Улаанбаатар хотод л гэхэд агаар, хөрсний бохирдол, тоосжилтаюулын харанга дэлдсээрудаж байгаа. Энэ гамшгийн эсрэг мод тарьж, ногоон байгууламж бий болгож тэмцэх ажил бас л учир дутагдалтай явж ирсэн. Дэлхийн дулааралМонголд хамгийн их нөлөөлж, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа нь мод тарих ажлаас хойш сууж болохгүй гэдгийг л сануулаад байна. Судалгаанаас харахадхайлаас23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс 0.2 кг тоосыг жил бүр өөртөө шингээж авдаг. Үүнийг мөнгөөр үнэлж тооцвол 50 жил ургасан нэгмод амьдралынхаа туршид38 саятөгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 197 саятөгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулдаг юм байна. Ой мод агаар чийгшүүлж, хур тунадас унах нөхцөлийг бүрдүүлдэг,хүчилтөрөгч ялгаруулдаг, газрын үндэс хөрсийг эвдрэлээс хамгаалдаг, агаарт байгаа хорт хийг шингээн авч дэлхийн уур амьсгалыг зөөлрүүлдэг гээд асар олон талын ач тустай юм.Ялангуяанийслэлд мод тариадл байх юм бол бид утаа, тоос, дуу чимээ зэрэг агаарын бохирдлын төрлүүдээсбага багаар ангижирна.Мөн энэхөдөлгөөнийг улс даяар өрнүүлснээр байгаль орчноо хайрлан хамгаалах, ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, мод, сөөг тарьж, арчилж, ургуулах арга технологид сургах, амьдрах орчноо цэцэрлэгжүүлэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй, таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Байгаль, эх дэлхийдээ буян болох талаасаа ч мод тарих ажил бол үнэхээр сайхан үйл хэрэг. Бурхан багшийн сургаальд “Мод их амь, хүн бага амь”, “Нэг мод тарих нэг насны буян”, “Хоёр мод таривал хойд насны буян” хэмээх айлдварыг ч манай ард иргэд сайн ойлгож өөрийн итгэл үнэмшлээрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

УСНЫ МЕНЕЖМЭНТИЙН НЭГДСЭН БОДЛОГО УСНЫ САВ ГАЗРУУДААР ДАМЖИН ХЭРЭГЖИЖ БАЙНА

-Монгол орны усны салбарт бодлогын шинжтэй ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Чандмань эрдэнэ болсон усаа хайрлах, хамгаалах талаарх төрийн бодлого хууль эрх зүйн хүрээнд бас боломжийн гарсан байна. Гэхдээ баталсан хуулиудаа хэрэгжүүлэх, усны салбарын бодлого, зохицуулалтад өөрчлөлт оруулах, сайжруулах зайлшгүй шаардлагатай асуудлууд бий. Тухайлбал, аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зарцуулах ёстой усны норм нормативыгшинэчлэн тогтоох, Ус бохирдуулсны төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх, газрын доорх усны хэрэглээг бууруулж, гадаргын усаа хуримтлуулж хэрэглэх хэрэглээг нэмэгдүүлэхэд бодитой ажил хийхцаг болсон байна.Монгол орон усны нөөцөөр хомс орны тоонд ордог. Тийм учраас усны нөөцөд тулгуурласан менежмэнт, төлөвлөлт хийх шаардлагын үүднээс улсын хэмжээнд 29 усны сав газрын хилийн цэсийг баталж, энэ онд 26 сав газрын үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулж үйл ажиллагааг эхлүүллээ. Бүс нутаг бүр усны нөөцийн хувьд харилцан адилгүй, гадаргын болон газрын гүний усны нөөц багатай бүс нутагт томоохон уул уурхайн төслүүд үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа зэрэг нөхцөл шалтгааны улмаас усны менежмэнтийн нэгдсэн бодлого зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсон. Энэ зохицуулалт Усны сав газруудаар дамжин хэрэгжиж байна.

Цаашидусыг боловсруулж дахин ашиглах саарал усны болон гадаргын усыг хуримтлуулаад шилжүүлэн ашиглах технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Хуурайшилт ихтэй, уур амьсгалын өөрчлөлтөд их өртөж байгаа газар нутагт гадаргын усыг хамгаалах асуудлыг бид онцгойлон авч үзэж байна. Ялангуяа тал хээр, говь, хангайн бүсэд булаг шанд, гол горхийг хамгаалах, хур тунадас, цас борооны усыг хуримтлуулах хөв цөөрөм, усан сангуудыг олноор байгуулах ажлыг яамны зүгээс бодлогоор дэмжиж байгаа. Байгалийн нөөц ашигласны бүх орлого орон нутгийн төсөвт орж байгаа. Энэ орлогын 35-аас доошгүй хувийг ус, усан орчныг хамгаалахад зарцуулахаар гаргасан Засгийн газрын журмыг ажил хэрэг болгох ёстой.Энэ тодорхой асуудлаар би салбарын сайдын хувиар орон нутгийн Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгайлан оруулж өгсөн. Ер нь Монгол орны хэмжээнд 2007-2014 оны хооронд улсын төсвийн хөрөнгөөр болон төсөл хөтөлбөр, орон нутгийн хөрөнгөөрбороо, цасны усыг хуримтлуулах нийт 108хөв, цөөрмийг барьж байгуулсан тоо байна. Мөн2006-2014 онд нийтдээ 900 булаг шандыг хашиж, хамгаалж тохижуулжээ. Цаашдаа эдгээр ажлыг орон нутаг хийгээд явна. Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа. Бохирдуулагч нь төлбөр төлдөг байх зарчмын хүрээнд бид хоёрдугаар улиралд багтаан энэхуулийг хэрэгжүүлэх холбогдох дүрэм, журмыг өргөн барина.Энэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор бүх төрлийн цэвэрлэх байгууламж дээр хяналттавигдана.Мөн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүдөөрсдөдөө тохирсон хэмжээний цэвэрлэх байгууламж ажиллуулах сонирхлыг өдөөх, дэмжих ажлыг бодлогоор хийх шаардлагатай. Үүний тулдцэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх асуудлыгЗасгийн газарт тавихаар төлөвлөж байна.

-Монголын хүн амын 50 хувийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын бохирдол дэлхийд дээгүүрт тооцогдоод удаж байгаа. Энэ асуудалд таны ажиллах 1.6 жилд ямар нэг ахиц гарах болов уу?

-Үнэхээр Туул голын бохирдол, экологийн доройтол түгшүүр төрүүлэх хэмжээнд очоод удаж байгаа. Дэлхийн хамгийн их бохирдолттой голуудын тавдугаарт бичигдэж байгаа хатан Туул бол таны хэлдгээр Монголын хүн амын тал хувийнундны усны гол эх булаг.Юуны өмнөТуул голыг бохирдуулагч гол эх үүсвэр болсон Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Туул голын сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах ажлыг хийхгүйгээр бохирдлыг бууруулах боломжгүй юм. Шинэ цэвэрлэх байгууламж барихад урьдчилсан байдлаар 400-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Эхний ээлжинд ямар ч байсан 2015 онд шинэ цэвэрлэх байгууламжийн нарийвчилсан зураг төсөл гаргаж батлуулах, болж өгвөл хөрөнгө оруулалтын асуудлыг шийдүүлэхээр ярьжбайна. Бидний төлөвлөснөөр ажил хэрэг бүтвэл 2016 оноос барьж байгуулж эхэлнэ. Туул голын усыг нөхөн сэргээх бас нэг том ажил бол голын эхэнд буюу Туул, Тэрэлжийн бэлчирт усаа цуглуулж хадгалаад хаврын хуурайшилтын үед сэлбэж байх зориулалт бүхий усан сан байгуулах шаардлагатай. Энэ хоёр мега төслөөс Туул голынхувь заяа шууд шалтгаална. Мэдээж бохирдол, экологид нөлөөлж байгаа олон зүйл бий. Манай харьяа байгууллагууд Туул голын эргийн тохижилт, хог цэвэрлэх асуудал, иргэдийг тав тухтай аялуулж, амраах нөхцөлийг бий болгох ажлуудыг шат дараатай хийгээд явж байгаа. Манай яам, харьяа газрын хамт олон уламжлал бэлгэдлийг бодож цагаан сарын өмнө Туул голоо цэвэрлэсэн. Одоо ингээд цас ханзарч байна, удахгүй оюутан залуусыг хамруулсан томоохон кампанит ажлыг өрнүүлж Туул голоо хог шорооноос нь салгана. Ер нь сүүлийн үед иргэдийн ухамсар, соёл бас ч гэж сайжирч байгаа. Тийм учраас их хэмжээний хөрөнгө мөнгө шаардахгүй, улирлын чанартай ажлуудыг нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтраад хийгээд явна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН МААНЬ ҮНЭХЭЭР ИХ АЖИЛТАЙ, ӨӨДРӨГ ӨРНҮҮН БАЙНА

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрямар ажил зохион байгуулж байна вэ?

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар олон жил олон ч төсөл хөтөлбөр хэрэгжиж ирсэн байдаг. Нэг хэсэг нь үр дүнгээ өгсөн байх, үр дүн муутай нь ч бий байх. Үр ашгаа өгсөн бодлого, хөтөлбөрийн залгамж халааг үргэлжлүүлж ажиллаж байна. Сүүлийн гурванжилийн өвлийн оргил хүйтний үед хийсэн агаарын чанарын мэргэжлийн байгууллагуудын харьцуулсан судалгаагаар агаарын бохирдлын хувь хэмжээ 24 хүртэл хувиар буурсан дүн гарч байгаагаас харахад “утаатай дайн зарласан” төр, засгийн бодлого бас үр дүнгээ өгсөн гэж харж байна.Цаашид үргэлжлүүлж Дэлхийн банктай хамтарсан гэр хорооллын айл өрхийг сайжруулсан зуухаар хангах ажлыг дуусгахаар ажиллаж байна. Мөн Нийслэлийн 39 дүгээрсургууль, Баянгол дүүргийн 113 дугаар сургууль орчмын байгууллагуудыгтөвлөрсөн дулаан хангамжид холбох ажил үргэлжлэн хийгдэнэ. Ингэснээр тэдгээр байгууллагуудын халаалтыг шийдэж байсан түүхий нүүрс түлдэг бидний нэрлэж заншсанаар уурын зуухнуудыг татан буулгах юм. Энэ ажлыг хийснээрагаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна. Мөн энэ онд шинээрболомжит газруудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Ер нь цаашдаабайгаль орчинд ээлтэй хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахаар бодитой ажлууд хийхээр төлөвлөж байна. Түүнээс гадна гэр хорооллын айл өрх, байгууллагуудыг цахилгаанаар халаах боломжийг нэмэгдүүлэх үүднээс дэд станцыг өргөтгөх, шинээр шугам татах ажлыг санхүүжүүлэхээр нийслэлтэй хамтран ажиллана.Манай яамнаас санаачлан эхлүүлж байгаа “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” агаарын бохирдлыг бууруулах, тоосонцрыг багасгах, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж бид үзэж байгаа.

-“Цэвэр агаарын сан”-гийн удирдлагууд багагүй хэл аманд өртөж байсан. Одоо үйл ажиллагаа нь хэвийн явж чадаж байна уу?

-“Цэвэр агаарын сан”-гийн Удирдах зөвлөлийн даргын хувьд өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй. 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас шалгалт хийсэн. Аудитын албан ёсны дүгнэлтээр сангийнсанхүүгийн үйл ажиллагаа хэвийн, зөрчилгүй гэж дүгнэгдсэн. Тиймээс үйл ажиллагаа хууль дүрмийнхээ дагуу хэвийн явагдаж байгаа гэж ойлгож байгаа.

-Таны хариуцдаг нэг чухал салбар бол аялал жуулчлалын салбар. Сүүлийн үед гадаад, дотоодгүй үзэсгэлэнд оролцоод сонин ихтэй байх шиг. Аялал жуулчлалын салбарыгэдийн засгийн тулгуур том бүтэц болгохын тулд ямар ажлууд хийж хэрэгжүүлэх вэ?

-Сүүлийн үед аялал жуулчлалын салбарынхан маань үнэхээр их ажилтай, өөдрөг өрнүүн байна. Жил бүрийн гуравдугаар сарын эхээр ХБНГУ-ын Берлинд болдог олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin-2015” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш орноор амжилттай оролцсон. Берлиний үзэсгэлэнд Түншилж орно гэдэг улс орныхоо онцлогийг товойлгон гаргаж, урлаг соёл, түүх, өв уламжлал, онгон зэрлэг байгаль, хүн зон, хоолоороо хүртэл дамжуулж улсаа сурталчлах боломжийг олж авч байгаа юм. Анх удаа олдож байгаа энэ боломжийг бид чадлынхаа хэрээр ашигласан. “ITB Berlin-2015” үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэлсэн нь дэлхийн бусад улс орнуудад Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалын салбарт илүү анхаарч байгааг харууллаа. Энэ үзэсгэлэнд оролцох төсөв зардлыг баталж, зохион байгуулалтын талаар дэмжсэн УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүддээ үзэсгэлэнд оролцсон нийт иргэд байгууллагуудын баярлаж талархсаныг дамжуулахад таатай байна. Үзэсгэлэнд оролцсоноор НҮБ-ын дэргэдэх аялал жуулчлалын байгууллага, бусад холбоод, улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр хамтран ажиллахөргөн үүд хаалгыг нээсэндээ баяртай байна. Зөвхөн мал аж ахуй, уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа солонгоруулах нэг гарц бол яах аргагүй аялал жуулчлалаа хөгжүүлэх юм. Саяхан БОНХАЖЯ, Аялал жуулчлалын холбоо хамтраад “ITM” үзэсгэлэнг дотооддоо зохион байгууллаа.Тун саяхан салбарын сайдын хувьдэнэ салбарын хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийнхэнтэй уулзаж салбарын хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцлоо. Тэд маш олон зүйлийг хийх сонирхолтой байгаагааилэрхийлсэн. Бид зөв зохистой санал, санаачилгыг дэмжин ажиллах болно. Монголд 2016 онд зохиогдох ACEM-ийн чуулга уулзалт ч Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэдтүлхэц болно гэж ойлгож байна. Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшилтэйгээ хамтраад 2016 онд буюу ирэх жил нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Энэ тоог 2020 онд хоёр саяд хүргэхээр төлөвлөж байгаа. Мэдээж олон ажил нь түүхий байж том том тоо ярилаа гэсэн шүүмжлэл гарч магадгүй. Гэхдээ хийж эхэлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлууд болон энэ салбарт ажиллагсдын сонирхол, идэвх санаачилга зэргээс харахад биелэх боломжтой гэж өөдрөгөөр төсөөлж байгаа юм.

-Таны хэлснээр жуулчдын тоо үнэхээр үсрэнгүй өсөх үү. Өслөө гэхэд хүлээж авах хүчин чадлаа нэмэгдүүлэх, дэд бүтцээ сайжруулах юу хийх вэ?

-Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тооцоогоор түнш орноор оролцсон улсад ирэхжилд нь аялах жуулчдын тоо нь дунджаар 8-20 хувь өсдөгтаатай мэдээ байгаа. Гадаад сурталчилгаа сайн хийгдэж байгаа болохоор Монголыг зорин ирэх жуулчдын тоо өсөх магадлалтай. Иймд манай улс гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлийг хангах цогц арга хэмжээг хууль эрх зүйн хүрээнд болон дэд бүтэц, зочлохуйн үйлчилгээний чиглэлд авч хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд бид Аялал жуулчлалын тухай хууль, Үндэсний хөтөлбөрөө батлуулна. Эрх зүйн зохицуулалтаас гадна гадаадын жуулчдад ээлтэй хандах, монгол хүний зочломтгой сайхан сэтгэлээр угтаж, үдэх хандлагыг ард иргэдийнхээ дунд хэвшүүлэх ажлыг хийх ёстой гэж ойлгож байгаа. Берлиний үзэсгэлэнгийн үеэр аль ч улсад аялахад жуулчдын аюулгүй байдлын асуудлыг дэлхий нийтээрээ онцгойлон авч үздэг нь харагдсан. Гэтэл Монголд “харийн хүн” гэж хэт үндсэрхэг үзлээр хандаад байгаа нь аялал жуулчлалын салбар хөгжихөд том саад тушаа болохоор байна. Мөнаялал жуулчлалын бизнес эрхлэгчдэдстандарт тогтоох, жуулчин тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, үндэсний болон олон улсын нислэгийн компаниудын тоо, нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх,хил орчмын болон дамжин өнгөрөх аяллын бүтээгдэхүүний хөгжлийг дэмжих ажлуудыг хийх шаардлагатай байгаа. Мөн Монгол Улсад нэвтрэх виз авах процессыг хялбарчлах, 42 орон руу визгүй зорчих журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,e-visa үйлчилгээ, 72 цагийн түр виз олгох зэрэг визийн хөнгөлөлтийн эрх зүйн орчныг сайжруулах гэх мэтчилингийн олон ажлыг шат дараатай хийхээр төлөвлөж байна.

-Танай яамнаас Казиногийн тухай хуулийг өргөн барьсан.Хаврын чуулганаар батлах уу?

-Казиногийн тухай хуулийг батлан гаргахаар ажиллаж байгаа нь аялал жуулчлалын хөгжилдөө дэм тус болж, эдийн засгийн өсөлтөө хангах гэсэн гол зорилготой.Тухайн улс оронд казиногийн үйл ажиллагаа эрхлэх ньаялал жуулчлалынсалбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютынурсгалыг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл болдог. Тийм учраас олон улсынстандартад нийцсэн хоёрказиногийн үйл ажиллагаагмонгол хүн тоглуулахгүй байх нөхцөлтэйгээр зөвшөөрч ажиллуулахаар хуулийн төсөл боловсруулсныг Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүд олон талаас нь хэлэлцээд батлах болов уу гэсэн бодолтой байна.

ОРОН НУТГИЙН ҮҮСГЭЛ САНААЧИЛГАТАЙ БАЙГАЛЬ ХАМГААЛАХ НӨХӨРЛӨЛҮҮДИЙГ ИЛҮҮ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

-Ойн сан, усны сав газарт ашигт малтмал олборлох харилцааг зохицуулж байсан “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуульд өнгөрсөн намрын чуулганаар өөрчлөлт оруулж баталсан.Энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан байгаль орчноо хэрхэн хамгаалах вэ?

-Улс орны эдийн засгийн гол тулгуур нь уул уурхайн ашиглалт учраасус, голоо хамгаалж байна гээд баялгаа хэтэрхий хав дараад сууж болохгүй гэдэгтэй бид санал нэгдсэн учраас хуулиа өөрчилсөн. Шинэчлэгдэн батлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр тухайн аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн зардлаа төрд 100 хувь барьцаалсан тохиолдолд ашигт малтмалын болон нөхөн сэргээлтийгзөв зохистой уялдуулан хийх бололцоотой болсон. Мөн ойн сан бүхий газар ашигт малтмал олборлосон тохиолдолдойнэкологи, эдийн засгийн үнэлгээг тогтоон, хохирлыг гурав дахин нэмэгдүүлж төсөвт төлүүлэхээр боллоо. Түүнчлэнтухайн байршилд байсан нэг ширхэг модны оронд 10 мод тариулах гэхчилэн байгаль экологидоо илүү ээлтэй,өндөр шаардлагатай нөхцөлүүд хуульд тусгагдлаа. Монгол Улс газрын доорх төдийгүй дээрх баялгаар ч яндашгүй баян. Энэхүү нөөц, баялгаа зүй зохистой ашиглах болон байгаль орчноо хамгаалах асуудлыг цогц, тэнцвэртэйбайдлаар авч үзэх нь улс орны ирээдүйн хөгжлийн тулгуур асуудал, амин сүнс нь юм. Салбарын сайдын хувьд нөхөн сэргээлтийн шилдэг арга, технологийг Монголын хөрсөнд нутагшуулахын төлөө хамтран ажиллах саналыгзаримолон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрт тавьж байгаа. Ер нь цаашдаа уул уурхайн компаниуд нь нөхөн сэргээлтээ хийхгүй байгаа тохиолдолд төр нөхөн сэргээлтийнх нь зардлыг аваад энэ үйл ажиллагаагаар дагнаж мэргэшсэн мэргэжлийн байгууллагаар хийлгэх нь зохимжтой гэж үзэж байгаа. Манай уул уурхайн компаниуд дунд ч нөхөн сэргээлтийг сайн хийдэг, арвин туршлагатай, гаднын шилдэг технологийг нутагшуулсан аж ахуйн нэгжүүд бас бий. Тэдний арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, дэмжих ажлыг бас хийх шаардлагатай.

-Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг багасгах, шийдвэрлэх ямар нэг төлөвлөгөө, зорилт байна уу?

-Энэ салбарын сайдаар томилогдож ирэхэд санаа зовоосон олон тулгамдсан асуудлын нэг бол Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдол гэж харсан. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгааорон нутагтай харьцуулахад харьцангуй сайн хийгдсэн байна. Харамсалтай нь судалгааны материалуудын үр дүнг үзэж ажил хэрэг болгосон зүйл бараг алга байна.Ямар ч байсан энд тэнд хийгдсэн судалгааны материалуудыг яаман дээрээ нэгтгэж мэдээллийн санг бүрдүүлээд дууссан. Өнөөдөр хөрсний бохирдлыг агаарын бохирдлын түвшинд анхаарч тэмцэх цаг нь болсон учраас манай яамнаастөслийн саналууд боловсруулж,олон улсын байгууллагууд, Элчин сайдын яаманд хүргүүлээд байна. Дээр нь хөрсний бохирдолтой тэмцэх хөтөлбөр батлуулж ажиллахаар төлөвлөөд явж байна. Нийслэлийн гэр хорооллынхны нэг хэсгийн ил задгай жорлон, муу усны нүхийг илүү боловсронгуй арга технологиор шийдэжзагвар болгон үзүүлэхийг оролдож байна. Одооноос энэ асуудалд онцгой анхаарахгүй бол Улаанбаатарчууд элдэв халдварт өвчин, харшил, хорт хавдрын өвчлөлөөс ангид байх боломжгүй юм.

-Танай салбарын гадаад хамтын ажиллагаа асар өргөн хүрээтэй. Гадаад хамтын ажиллагаанд ямар зарчим баримталж байна вэ?

-Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гадаад хамтын ажиллагаа хамгийн өргөн агуулгаар хөгжсөн салбаруудын нэг бол байгаль орчны салбар. Бид байгаль орчны салбарт хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн судалгааг нэгтгэн, мэдээллийн сан бүрдүүлж, хэрэгжилтэд мониторинг хийж байна. Гадаад бодлогоо нэг цонхоор харах, үр өгөөжийг дээшлүүлэх, төсөл бүхнээсүр дүн гаргаж, бодит ажил болгох,төрийн ажлынуялдаа холбоог сайжруулахад энэ ажил үр дүнгээ өгөх байх аа.

-Байгаль орчныгхамгаалах чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа иргэний хөдөлгөөн, ТББ, хөдөлгөөнүүдтэйхэрхэн хамтран ажиллаж байна вэ?

– Монголдуул уурхайн бизнесийн үйлажиллагааэрчимжсэнтэй зэрэгцээд байгаль орчны чиглэлийнТББ, хөдөлгөөн700гаруй байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.Цаашид байгаль хамгаалахчиглэлийнТББ-ууд, хөдөлгөөн, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд мониторинг хийж, хүний нөөцийг чадавхжуулахад анхаарч, орон нутгийн иргэдийн үүсгэл санаачилгатай байгаль хамгаалах чиглэлийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг илүү дэмжиж, хамтран ажиллана. Ирэх тавдугаар сард бид орон нутгийн уугуул иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа байгаль хамгаалахнөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг хийхээр бэлтгэл ажлаахангаж байна.

-Та УИХ-ын жирийн гишүүн байсан, одоо Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллахын хооронд ямар ялгаа байна вэ?

-Их ялгаатай, гол нь ажлын ачаалал эрс нэмэгдсэн. Би УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж байна. Тодорхой хуулиудыг боловсруулах, хамтран оролцох, Их хурлаар орж батлагдах хууль, тогтоол, шийдвэрүүдтэй танилцах, санал бодлоо илэрхийлэх, сонгогчидтойгоо уулзах гээд цаг зав багатай л байдаг байсан. Сайдын хувьд үүнээс хоёр дахин их ачаалалтай байдаг юм байна. Нөгөө талаар хариуцлага ихтэй алба юм. Их хурлын гишүүн байхад нөгөө баталсан хууль, тогтоол шийдвэр яагаад хэрэгжиж болдоггүй юм бол, ингээд хийж болдоггүй юм болов уу гэж л бодож явдаг байлаа. Харин сайдын хувьд бодсон зүйлээ бүтээлчээр, бодит байдлаар хэрэгжүүлэх бололцоо илүү байна. Гагцхүүяаж энэ бололцоог бодит байдал болгох вэ гэдэг асуудал чухал юм. Их хуралд би голчлон хүний амьдралын баталгаа болсон нийгмийн хамгааллын чиглэлээр түлхүү ажиллаж байсан бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болсноор хүний эрүүл аюулгүй амьдралын гэр болсон байгаль дэлхий, түүнийг тэтгэгч газар, ус, хөрс, агаар зэргийг хамгаалахынтөлөө хариуцлагатай ажиллаж, зүтгэх боломж, цар хүрээ нэмэгдсэн. Монгол орны тогтвортой хөгжлийн үндэс болсон энэ том салбарт тулгамдсан бүх асуудлыг шийддэггүй юмаа гэхэд хөрс суурийг нь зөв тавих, бага ч болсон бодитой тодорхой зүйл хийж надад итгэж сайд болгосонхүмүүс, сонгогч олон түмнийхээ итгэл найдварыг алдахгүйн төлөө л зүтгэн ажиллаж байна. Аливаа асуудлыг мэргэжлийн хүмүүсийн үг, олон түмний санаа бодолд тулгуурлан зарчимтай шударгаар шийдвэрлэхийг эрхэмлэн ажиллаж байна. Цаашид гаргасан аливаа шийдвэрийн биелэлтийг хангуулахын төлөө анхаарлаа илүү хандуулж ажиллана.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Б.Бат-Эрдэнэ: Н.Номтойбаяр гурван удаа “НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа өг” гэж шахсан

МАН-ын НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-НАМЗХ-ны Удирдах зөвлөл хуралдлаа. Яагаад бужигнаад эхлэв?

-Би хуралд оролцоогүй. Хурлын протокол одоо болтол миний гар дээр ирээгүй байна. Тэгэхээр яг ямар асуудлаар хуралдаж, юу шийдсэнийг мэдэхгүй. Зарим нэг сураг л сонссон.

-Яагаад хуралдаа оролцоогүй юм бэ?

-Болж байгаа процессийн тухайд гэвэл НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ саяхан ирээд буцсан. Тэрээр сар хүрэхгүй хугацааны дараа сургуулиа төгсөнө. Тэгээд эх орондоо ирж НАМЗХ-ны Удирдах зөвлөл, Бага, Их хурлыг хийе гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Л.Оюун-Эрдэнийг ирэхээс өмнө НАМЗХ-г хөдөлгөе гэсэн бүлэглэл байна. БиЕрөнхий нарийн бичгийн даргын хувьд нэгдүгээрт дүрэм, хоёрдугаарт зарчим барихын зэрэгцээ нэгэнт холбооны дарга удахгүй ирэх учраас холбооны хурлыг хойшлуулъя гэсэн саналыг өнөөдрийг хүртэл баримталсаар ирсэн. Мөн тэр өдөр Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат даргын өрөөнд намайг гүтгэсэн. Тиймээс би Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгчийг иртэл нэг ч хуралд оролцохгүй гэдгээ хэлээд гараад явчихсан.

-Та тэгвэл сая болсон НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн хурлыг юу гэж тайлбарлах вэ?

-НАМЗХ дүрэмдээ Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр, хуралд оролцсон гишүүдийн олонх нь аливаа асуудлыг дэмжиж тогтоол гаргаснаар тухайн асуудал баталгааждаг. Саяын хуралд нийт 19 хүн оролцож 20 гишүүн ирээгүй. Мөн хурлын ирцийг хүргэхийн тулд дөрвөн жил нэг ч удаа хуралдаа ирээгүй хүнийг хүртэл авчирч гар өргүүлсэн процесс ч өрнөлөө. Бас зарим нэг хүнийг маань албан тушаал өгье гэж дуудаж ирүүлээд гар өргүүлсэн тохиолдол ч гарсан. Ингэж л хэт улайрсан үйл явдал өрнөж байна. Ирээдүйд Монголын төрийг зөв хүмүүс авч явахаас бус аливаа бүлэглэл авч явна гэж байхгүй.

-Бүлэглэл гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг тэргүүтэй хүмүүсийг нэрлээд байна уу. НАМЗХ-ны тэргүүний суудлыг Л.Оюун-Эрдэнийг эзгүйд Н.Номтойбаяр авах гэснээс асуудал өрнөөд байгаа хэрэг үү?

-НАМЗХ-ны дүрмээр Их хурлаасаа холбооныхоо ерөнхийлөгчийг сонгодог. Шууд хэлбэл НАМЗХ-ны Их хуралд Намын даргын зүгээс ерөнхийлөгчид нэр дэвшигчийг танилцуулж чөлөөт сонгууль явуулснаар сонгогддог. Үүний дагуу сонгогдсон ерөнхийлөгч нь Л.Оюун-Эрдэнэ. Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Н.Номтойбаяр. Гэхдээ НАМЗХ-ны дүрэмд үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаал байдаггүй. Тодруулбал, ерөнхийлөгчийг эзгүйд ерөнхий нарийн бичгийн дарга үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалттай. Тэгэхээр бас л дүрмийн зөрчил явж байгаа гэсэн үг. О.Содбилэг гишүүн үүнд ямар ч хамаагүй ээ. Тэгээд ч өнөөдрийн энэ үйл явдлыг Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын хоорондын асуудал гэж харахгүй байгаа. Илүү том үйлдэл ард талд нь нуугдаад байна. Л.Оюун-Эрдэнийн хувьд НАМЗХ-ны ерөнхийлөгч хийж байхдаа давхар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байсан. Тэр үед МАН-ын удирдлагууд Харвардын улс төрийн удирдлагын сургуульд даалгавар өгч явуулсан. Түүнээс биш өөрийнхөө дураар явчихсан юм биш. Тиймдээ ч саяхан ирэхдээ намын удирдлагуудтай уулзаж “Намын даалгавраар явсан. Төгсөхөд ганцхан сар үлдлээ. Ирээд холбооныхоо хурлуудыг хийнэ” гэсэн. Сүүлийн шалгалтууд нь эхэлчихсэн байгаа. Ийм цаг үеийг тааруулж байгаа нь жудаггүй, увайгүй үйлдэл.

-Асуудал яригдаж эхэлснээс хойш Н.Номтойбаяртай уулзаж ярилцав уу. Юу гэж байх юм?

-“Н.Номтойбаярыг НАМЗХ-ны ерөнхийлөгч боллоо”, “Н.Номтойбаяр ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхэллээ” гээд л мэдээ цацсан байсан. Энэ нь Н.Номтойбаяр НАМЗХ-г удирдаж авч ирлээ гэж хэлээд байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд Н.Номтойбаяр гишүүн УИХ дахь МАН-ын бүлэг дээр л ажиллаж байсан. Өнөөдөр манай залуучуудаас энэ тухай асуухад бүгд үнэнийг нь л хэлнэ. Яг үнэндээ ерөнхий нарийн бичгийн даргын удирдлага дор үйл ажиллагаа нь зохион байгуулагдаж байсан. Санхүү мөнгөний хувьд ч гэлээ асуудал бий. Олон нийт хөрөнгөтэй хүн энэ холбоог авлаа. Залуучуудын холбоо одоо л хүчирхэгжинэ гэж ярьж байсныг ч сонсож л байлаа. Үнэндээ Л.Оюун-Эрдэнэ даргын үеэс ч долоон дор санхүүтэй бид ажилласан шүү. Бидний үйл ажиллагааг илүү хүчтэй болгохын тулд хөрөнгө мөнгө зарсан уу гэвэл үгүй.

-НАМЗХ хоёр хуваагдсан нь нотлогдоод байх шиг?

-Нийгэм тэгж харж байх шиг байна. Би үүнийг хуваагдал гэхээсээ илүүтэй ялалт, ялагдал гэж байхгүй тоглолт гэдгийг л хэлнэ. У.Хүрэлсүх гэдэг хүн энэ холбоог анх үүсгэн байгуулж анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж байлаа. Дараа нь талийгаач Уламбаяр ерөнхийлөгч удирдаж байсан нь бас нэг үе. Тэгээд Г.Занданшатар дарга өөрийнхөө үеийнхнийг толгойлж байсан бол Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бас л нэг үеийг толгойлон гарч ирсэн. У.Хүрэлсүх, Г.Занданшатарын үеийн хүмүүс бүгдээрээ л хамт явж байна. Бидний хувьд Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ бид нэг л үед цуг явна. Тэгэхээр энэ байдлыг бид их ухаалгаар харах ёстой. Миний хувьд Н.Номтойбаярын гэдэг юм уу Л.Оюун-Эрдэнийн тал гэж хуваагдчихлаа гэж залуусаа харахгүй байгаа. Дүрэм зөрчигдөж байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой хүн нь би.

НАМЗХ бол хувь хүний компани биш. Манай байгууллага 18 жил оршин тогтносон магадгүй ирээдүйд 100 жил явахдаа л дүрмээрээ явах ёстой. Үүний төлөө манай үе үеийн гишүүд, залуучууд бат зогсч чадна гэдэгт итгэж байна. Ер нь НАМЗХ өнгөрсөн 20 шахам жилийн хугацаанд дүрмээ л барьж ирсэн. Дүрмийн байгууллага. НАМЗХ-ны залуучуудын хувьд дүрэм гэдэг бол Үндсэн хууль. Үүнийг хэн нэгэн зөрчихийн эсрэг хатуу зогсоно.

-Л.Оюун-Эрдэнэ дарга бас дүрмийн бус юм биш үү. НАМЗХ-ны ээлжит Их хурал өнгөрсөн 2014 онд болох байсан гэдэг утгаараа?

-Манай холбооны Их хурал 2014 оны есдүгээр сард болох ёстой байсан. Үүнээс нэг сарын өмнө би Бага хурлыг зарлаж Их хурлаа зарлая гэсэн саналыг хэлж байсан. Тэгэхэд намаас үүрэг даалгавар аваад явсан холбооны ерөнхийлөгч гадаадад байгаа, ирэх хугацаа нь ойртсон учраас өөрөө ирээд Их хурлаа зарлаад яваг гэсэн зарчмын үндсэн дээр л өнөөдрийг хүртэл хүлээж байгаа. Тэр үед хүлээн зөвшөөрч байсан хүмүүс өнөөдөр Их хурлаа зарлах ёстой гээд чичирч, дайрч байгааг ойлгохгүй байгаа.

-НАМЗХ-г Н.Номтойбаяр удирдлаа гээд яах юм. Л.Оюун-Эрдэнэ улирч сонгогдоод юу болох юм?

-Улс төрийн бас нэг гишгүүрийн асуудал. Үндсэн хуульд олонх болсон нам нь засаглана гэсэн заалттай. Тэгэхээр энэ залуус яагаад заавал намд орох гээд, заавал залуучуудын байгууллага руу орж удирдлагыг нь гартаа авах гээд байгаа юм гэвэл ирээдүйн улс төрийн зураглалтай нь холбоотой. Өнөөдөр улс төрийн намуудын төлөвшил гэдгийг хүн бүр ярьж байгаа. Гэхдээ ямар хүмүүс улс төрд явах ёстой вэ гэдгийг ярихгүй байна. Бизнесийн бүлэглэлүүд орж ирж, бизнесээ хамгаалахын тулд хуульд хүртэл гар дүрдэг боллоо. Ийм байхад яаж улс төрийн төлөвшил ярих юм. Бизнесийнхэн нь бизнесээ хийж, урлагийнхан нь дуугаа дуулж, улстөрчид нь улстөржих цаг болсон. Мөн цаг хугацааны хувьд яагаад өнөөдөр ийм асуудал үүсч байна вэ гэвэл 2016 оны сонгуулиар их олон тойрог суларч байгаа. Спортынхон дотор үе шилжилт явчихлаа гэдэг шиг улс төр дотор үе солигдох том мөчлөг ирсэн. Үүнийг бүгд мэдэж байгаа. Энэ цаг хугацаан дээр цэвэр улстөрчид нь улс төрийг авч явах уу эсвэл тодорхой бүлэглэлүүд улс төрөөр дамжуулж төрийг барих нь уу гэдэг систем яригдаж байгаа. Үүний л эхлэл өнөөдөр эрчимжиж байна. Шууд хэлбэл 2016-2024 он хүртэлх тэр дундаа МАН доторх улс төрийг хэн барих вэ гэдэг тэмцлийн эхлэл бий боллоо гэж би харж байгаа. Түүнээс биш Н.Номтойбаяр, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар бол жижиг зүйл. Үүнийг ойлгож гаднаас шидсэн чулуунд бутрахааргүй зангидсан гар шиг л байх ёстой.

-Зангидсан гар шиг байх хөг ингээд өнгөрч байгаа юм биш үү?

-Асуудал дөнгөж эхэлж байна. Мэдээж хэвлэл мэдээллээр, АН бусад намын зүгээс НАМЗХ-г эвдрэлцүүлснээр 2016 онд МАН-ыг унагах, нам доторх хагарлыг үүсгэх гэх мэт улс төрийн олон өнцгийг харж байгаа байх. Яагаад би сая хуралд ороогүй хэрнээ Хяналтын хороондоо хандаж саяын хурал дүрмийн бус гэж зарлаагүй вэ гэвэл эцэс төгсгөлгүй үл ойлголцсон байдалд нэг удаа ч болов цэг тавиад олонхиороо шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Бид хэрэлдлээ гээд НАМЗХ хохирохгүй. Яагаад гэвэл НАМЗХ бус МАН сонгуульд ордог учраас нам л хохирно. Тиймээс ч би жил гаруйн өмнөөс МАН-ын удирдлагуудад “Ийм асуудал үүсч байгаа. Өрнөөд явж байна” гэдгийг хэлж байсан. Энэ нь өнөөдөр туйлдаа хүрнэ гэдэг шиг эцсийнхээ цэг рүү явж байх шиг байна. Бид олонхиороо шийдээд цаашаа алхах л ёстой.

-Н.Номтойбаярынхан та бүхний яриад байгааг хүлээн зөвшөөрөх юм уу. Ер нь НАМЗХ-ны удирдлагыг тэд гартаа авчихаж байгаа нь энэ юм биш үү?

-Удирдлагыг гартаа авсан гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл Н.Номтойбаяр дүрэм зөрчиж өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилуулсан хүн. Тэгээд ч бид өнөөдөр энэ үеийнхнийхээ асуудлыг яриагүй. Өнгөрсөн дөрөв таван үе, ирээдүйд бий болох олон үеийн асуудлыг ярьж байгаа. Тиймээс үе үеийн удирдагчид болох У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар залуучуудын байгууллагыг өнгө мөнгөөр худалдаж авч болдоггүй юм гэдгийг харуулна байх гэж бодож байгаа. “Та бол хууль бус” гэдгийг нь Н.Номтойбаярт өөрт нь олон удаа хэлж байсан. Намайг гурван ч удаа “НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг өгчих” гэж шахаж байсан. Би өнөөдрийг болтол энэ тухай хэнд ч ам нээгээгүй ирсэн. Уг нь Н.Номтойбаярын маань хувьд улс төр хийх талбар нь их л том байгаа юм даа. УИХ-ын бүлгийн дэд дарга Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Харин бидний хувьд НАМЗХ гэдэг байгууллагадаа л ажиллаж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд НАМЗХ-г Н.Номтойбаяраар тэжээлгэчихээд одоо мурьж байгаа юм биш үү?

-Гадуур тийм ойлголт төрүүлсэн юм шиг байна лээ. “Би Оюун-Эрдэнийг байхгүй хойгуур НАМЗХ-г бүрэн дүүрэн санхүүжүүлсэн. Гэтэл одоо Оюун-Эрдэнэ ирээд намайг явуулах гэж байна” гэж. Ялангуяа намын удирдлагуудад энэ ойлголтыг өгсөн байна. Буруу ойлголт яваад байна. Санхүүгийн хувьд л гэхэд ажлын албаны бүтэн жил гарангийн нийгмийн даатгал төлөөгүй, ажилчдын гурван сарын цалин төлөгдөөгүй байна. Гэхдээ НАМЗХ бол дүрмээр явдаг байгууллага болохоос хэн нэгний халаасаар хөдөлдөг, хэн нэгний компани юм шиг дур зоргоор авирладаг газар биш.

-МАН-ын удирдлагууд юу гэж байх юм. Намын удирдлагууд чинь бас талцаад байгаа юм биш үү гэсэн яриа сонсдсон…

-Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгч ирэхдээ бидэнтэй, Н.Номтойбаяр, намын удирдлагуудтай ч уулзсан. “Тавдугаар сарын дундуур Бага хурлаа, зургадугаар сарын дундуур Их хурлаа хийе. Нэгэнт төгсөөд ирж байгаа учраас залуучуудын байгууллагын дараа дараагийн үйл ажиллагааг удирдаад сонгууль руу орох” тухай бүх асуудлыг ярьж тохироод л явсан. Намын удирдлагууд “за” гээд хүлээж авсан гэж ойлгосон. Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, бусад нарийн бичгийн даргатай уулзахад ч хэлж байсан. Ийм байхад хүч түрж асуудал үүсгээд байгааг би сайн ойлгохгүй байна. Нийгэм үүнийг МАН-ын хагарал гээд яриад эхэлчихэж. Асуудлыг тийм түвшинд аваачихыг хүсэж буйхүмүүс ч байх шиг байна. Яагаад гэхээр албан тушаал аваагүй гомдогсод намаар дүүрэн байгаа. Сонгуулийн дараа зугтсан хэрнээ сая хамтрахад “Би энэ намын гишүүн тэнд ажилладаг юм. Ажилтайгаа үлдмээр байна” гээд ирсэн хүмүүсийн тоо ч маш их байна. Олон хүн намд байдал хэрхэн өрнөж байгааг ажиглан харж байна. Үүнээс шалтгаалаад намын хагарал эхэлнэ гэж юу байх билээ. Гэхдээ дүрмийн бус тоглолтыг, өнгө мөнгөөр хүч түрсэн байдлыг хараад суух, хүлцэнгүй аялдагч шударга бус хүмүүс манайд олон гэдэгт би итгэхгүй байна.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг баталж байж Монгол Улс хөгжинө

2011 онд Монголын эдийн засаг арван долоон хувийн өсөлттэй гарсан. Түүнд нөлөөлөх гол шалтгаан нь 2008 онд баталсан Татварын өршөөлийн тухай хууль гэж эдийн засагчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Уг хуульд 44 мянган аж ахуйн нэгжийг хамруулахаар тооцоолсон ч 28 мянга нь хамрагдаж, тэдгээрийн орлого3-5 дахин нэмэгдэн тухайн үед дөрвөн тэрбум ам.доллар ил гарч эдийн засгийн эргэлтэд орсон байдаг.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хууль батлагдсанаар айдас, дарамтын цаана нуугдаж байгаа 7-8 их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэд орох бололцоотой гэх урьдчилсан таамгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргаад байгаа. Мөн Үндэсний статистикийн хорооноос мэдэгдэж буйгаар Монголын далд эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувьтай тэнцүү гэсэн тооцооллыг ч гаргаад байна. Эдгээр үзүүлэлтээс харсан ч, улс орны өнөөгийн нөхцөл байдал цаашдын ирээдүйг бодсон ч, олон улсын жишгийг аваад үзсэн ч Монгол Улс Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг нэн даруй батлах хэрэгтэй байна.

Саяхан ОХУ-ын Ерөнхий­лөгч Б.Путин баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэдээ эдийн засгийн өршөөл үзүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн. Тэрээр “Татвар төлөгч өөрийн өмчлөлийн хөрөнгөө ОХУ-д ил гаргах тохиолдолд эд хөрөнгийн гарал үүсэл, ямар арга замаар бий болгосныг татварын алба, хууль хяналтын байгууллагуудаар захиргааны болон эрүүгийн мөрдөн мөшгих ажиллагаа явуулахыг хатуу хориглоно” хэмээн мэдэгдсэн юм. Оросын бизнес эрхлэгчид болон Засгийн газар нь Татварын өршөөлийн тухай хуулийг боловсруулан Төрийн Думд өргөн бариад байна. Путины эдийн засгийн өршөөлийн хуулиар Оросын Эрүүгийн хуулийн 13 зүйл заалт, Захиргааны хариуцлагын болон Татварын хуулийн нийт 12 зүйл заалтаас бизнес эрхлэгчид бүрэн чөлөөлөгдөх боломжтой болж байгаа юм.

Тодруулбал “Гадаадын орнуудад эзэмшиж буй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, хувьцаа, банкны хадгаламжаа тайлагнах, оффшор бүсэд бүртгэлтэй аж ахуйн нэгжид эзэмших хувь хэмжээгээ тайлагнах, гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэхэд үүсэх татварыг чөлөөлөх, оффшор бүсэд байрлалтай хөрөнгийг ОХУ руу шилжүүлэхэд үүсэх татварыг чөлөөлөх” гэсэн зүйл заалтууд өршөөлийн хуульд хамрагдахаар болжээ. Ингэж Орос гүрэн бизнес эрхлэгчдэдээ боломж олгон хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүд эзэмшиж буй хөрөнгөө олон нийтэд тайлагнахыг таслан зогсоож, татварын дарамтаас бүрэн чөлөөлж байна.

Путины эдийн засгийн өршөөлийн хууль, Засгийн хэрэг эрхлэх газрын газрын дарга С.Баярцогт нарын санаачилсан Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулиуд зүйл заалтын хувьд ижил байгаа юм. Цагаан сарын өмнөхөн Их хурлын даргад өргөн барьсан Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн “Ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх” хэсгийн 4.1-д энэ хуулийн гуравдугаар зүйлд заасан хугацаанаас өмнө Эрүүгийн хуулийн 158, 158.1, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн ялтны оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. 4.3-т энэ хуулийн гуравдугаар зүйлд заасан хугацаанаас өмнө Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж, захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийн биелүүлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн хувь хэмжээг өршөөн хэлтрүүлнэ. 5.1-д дээрх зүйлд заасан зөрчил гаргаж захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийн дор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтууд байгаа.

Эдгээр заалтуудыг нарийвчлан авч үзвэл Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйл гэдэг нь “Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих” хэсэг юм. Үүнд “Үнэт цаас гаргах, гүйлгээнд оруулах, худалдах, арилжих, түүгээр төлбөр тооцоо хийх, брокер дилерийн үйл ажиллагаа явуулах журмыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлах эсвэл хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг.

За тэгээд 1581-ийн Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих, 159-ийн Аудитын тухай хууль тогтоомж зөрчих, 161-ийн Хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх,166-ийн Татвар төлөхөөс зайлсхийх, 168-ийн Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах, 175-ын Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх, 175.1-ийн Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэс, түүнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн гэсэн этгээд энэхүү өршөөлд хамрагдах боломжтой. Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42-ийн Худалдаа үйлчилгээний журам зөрчих, 43-ын Заасан тайлан, мэдээ, тооллого, бүртгэлийн журмыг зөрчсөн этгээдүүд хамрагдахаар заагдсан байгаа юм.

Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэрэгжүүлсэн дэлхийн анхдагч орнуудын нэгийг Швейцарь гэж онцолдог. Дэлхийн хоёрдугаар дайны дараа нацист Германы удирдлага болон бизнес эрхлэгчдийн нуун дарагдуулсан эд хөрөнгөд өршөөл үзүүлснээр Швейцарь улс банкны системээ бэхжүүлж авсан түүхтэй. Итали улс хоёр мянгаад оны эхээр өршөөлийн хуулийг амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Нуун дарагдуулсан эд хөрөнгөө тайлагнахдаа нийт дүнгийн 2.5 хувьтай тэнцэхүйц татвар төлнө, эсвэл нийт дүнгийн 12 хувьтай тэнцэхүйц хөрөнгөөр Итали улсын үнэт цаас худалдан авахаар заажээ. Тус хууль хэрэгжсэний эхний хоёр сард л Итали улсад 61 тэрбум еврогийн хөрөнгө ил гарсан бөгөөд татварын шимтгэлд 24 тэрбум евро төвлөрч, нэг удаагийн татвараар 1.4 тэрбум евро төвлөрүүлж чадсан гэх тоон үзүүлэлт байна.

Энэ мэтчилэн дэлхийн улс орнуудын эдийн засгийн өршөөлийн хуультай холбоотой олон түүхээс дурдаж болно. Харин Монголын улс төр, эдийн засгийн хүрээний эрхмүүд ямар байр суурьтай байгааг сонирхуулъя. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа Их хурлын чуулган дээр “Эдийн засгийн өршөөлийн хууль Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй. Манайд эдийн засгийн хямрал нүүрлэж, хөрөнгө оруулалтын орчин яагаад муудав гэхээр Монголд эргэлдэж байгаа мөнгөний тодорхой хэсэг нь далд байна. Бид гадны хөрөнгө оруулалтаас илүү дотооддоо нуугдаж байгаа хөрөнгийг ил гаргаж, баялаг бүтээгчид айдасгүй болох хэрэгтэй. Бизнес эрхлэгчид хуримтлал үүсгэж, ажлын байр бий болгож ард иргэдийг орлоготой болгосноороо өөрөө гэмт хэрэгтэн мэтээр буруудах нөхцөл бий болсон. Манай хуулийн байгууллагууд мөнгөтэй хүмүүс рүү улайран дайрдаг болсон. Хуулийн байгууллагуудын туслалцаатайгаар зарим нэг бизнес улс төрийн бүлэглэлүүд өрсөлдөгчөө онилж байна” гэж мэдэгдсэн.

“Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулснаар компаниуддаа санхүүгийн “зэмсэг” ашиглах эрх чөлөөг нь өгч буй хэрэг. Хувийн хэвшлийнхний, иргэний, төрийн санхүү нэг гараанаас эхэлнэ. Ингэж санхүүгийн реформ хийж, нэг гараанаас эхлэхгүй бол Монгол Улс цаашаа хөгжихгүй” гэж эдийн засагч Б.Лхагважав онцолж байлаа. Ийнхүү Эдийн засгийн өршөөлийн хууль батлагдсанаар улс оронд итгэлцэл гэдэг зүйл бий болж, улс төрийн бохир аргаар нэгнийхээ нэр хүндэд халдах, хийсэн бүтээснийг нь үгүйсгэх өдгөө хүчээ авч буй аймшигт популизм таслагдах учиртай. Үндсэндээ өршөөлийн хууль гарснаар хүн бүгд ижил тэгш эрхтэй болчихож байгаа хэрэг. Хувийн хэвшил, төр, иргэний санхүү нэг гараанаас гарна гэдэг энэ л дээ. Бизнес эрхлэгчид рүү “Чи энэ хөрөнгөө хаанаас босгосон бэ. Чи яаж баяжсан бэ” гэж захын хүн дайрч давшлаад, эд хөрөнгө нэр төрд нь халдаж булаалт дээрэм явуулах зүйн орчин хаалттай болж байгаа юм.

Мөн хэвлэл мэдээллээр олон нийтэд хувь хүний данс, хадгаламжийг дэлгэх, авлигач зэрэг элдэв муухайгаар зарлах, хувийн хөрөнгөтэй хүн гэмт хэрэгтэн мэтээр гадуурхагдаж, хэвлэл мэдээллийнхэн энэ бүгдийг хөөрөгддөг байдал зогсоно. Н.Алтанхуягийн засгийн үед яригдаж байсан Эдийн засгийн өршөөлийн хуульд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг авлигачнаар зарласан сэтгүүлчийг 5-50 сая төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Энэ бол туйлын зөв. В.Путины өршөөлийн хуульд “Банкны хадгаламжаа тайлагнах, оффшор бүсэд бүртгэлтэй аж ахуйн нэгжид эзэмших хувь хэмжээгээ тайлагнах”-ыг хатуу хориглосноос харахад дэлхийн гүрнүүд ингэж үздэг байна.

Бид сүүлийн хорин таван жилийн хугацаанд тасралтгүй улс төржиж, намчирхаж, хэн нэгнийхээ муу муухайг олон нийтэд зарлаж, баялаг бүтээгчид рүүгээ дайрч, цагаан захтнуудаа шоронд бөөн бөөнөөр нь явуулахаас өөрийг хийсэнгүй. Үүнийхээ горыг амсаж нэг ч бүтээн цогцлоосон зүйлгүй, эдийн засгийн хувьд элгээрээ харуулдчихаад байж байна. Эл бүхнийг даруйхан таслан зогсоож Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлах цаг нь болжээ.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ноосон цамц

Саяхан эдийн засгийн форум болж өнгөрлөө. Энэ удаагийн уриа нь “Алсын хараа”. Өөрөөр хэлбэл жаахан ирээдүйг харсан эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх санал. Форум дээр Монгол Улсын анхны ба сүүлчийн Ерөнхийлөгч нар малаас олох түүхий эдээр Азийг байлдан дагуулах санал гаргав. Тэдний санаа өмнө нь оюутнуудаас гарч л байсан санал. Гэхдээ форум дээр, тэр тусмаа Ерөнхийлөгч нараас анх удаа л гарсан хэрэг юм. Монголчууд өнөөдөр 20 шахам мянган тонн хонины ноос жил бүр хураадаг. Түүнийгээ өмнөд хөрш рүү маш хямдхан гаргадаг. Хятадууд бидний гаргасан ноосноос хоёр тэрбум ам.долларын ашиг хялбархан олдог гэнэ. Монгол хонины арьсыг Туркууд 20 ам.доллараар авах хүсэлт ирүүлдэг ч манайхан өгдөггүй гэнэ. Гэтэл Австрид байгаа хүүхдүүддээ хонины ноосон оймс явуулсан монгол эх нэмж 50 ширхгийг явуулна. Тэнд үнэ хүрсэн хэрэг. Дээр нь ноосон цамц их хэмжээгээр авахыг сонирхсон хүн байгаа аж. Ноосоор барилгын дулаалгын хавтан, цэргийн хэрэглээний олон зүйл хийж болно. Сүүлийн үед зэвсэгт мөргөлдөөн, газар хөдлөлт болох нь ихэссэн. Энэ бүхэнд хамгийн их шаардлагатай зүйл нь ноосон бүтээгдэхүүн байдаг. Энэ нь бидний маш том зах зээл юм. Үүнийг 20 жил ярьж, 2-3 удаа форум зарлаж, Ерөнхийлөгч нар нь сануулах хэрэг байна уу.

Х.БАТТӨГС

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавантолгойн асуудлыг 14 хоногт багтааж шийдэхээр болов

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар өнөөдөр Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцээд УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах, улмаар энэ асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлэх, үүний дараа гэрээ байгуулах эрхийг олгох гэсэн шийдвэрт хүрсэн байна. Энэ тухай мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар сэтгүүлчдэд өгөв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын байр суурийг илэрхийлж, “Тавантолгойтой холбоотой асуудлыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-ын дарга болон гишүүдээс энэ асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн. Хамгийн цаад хугацаа нь 14 хоногийн дотор хэлэлцүүлж өгөхөөр нэгдсэн байр суурьт хүрлээ. Өнөөдөр Засийн газраар уг асуудлыг хэлэлцүүлсний дараа УИХ-д оруулна. Дахиж нийгэмд үл ойлголцол үүсгэхгүйн тулд энэ асуудлаа хэлэлцээд холбогдох шийдвэрийг гаргуулахаар болж байна” гэв.

Харин УИХ-ын дарга З.Энхболд М.Энхсайхан сайдын өдөр хийсэн мэдээллийн тухайд “Нэгдүгээрт, энэ гэрээ бол өнөөдөр гарын үсэг зурах гэж байсан хувилбар. Өглөө 10.30 цагт Гадаад хэргийн яамнаас цаасаар болон цахимаар авсан. УИХ-ын вэб сайтад тавигдсан. М.Энхсайхан шиг хүн миний буруу зөв ярихыг шүүхгүй. М.Энхсайханы буруу зүйл хийж байгааг шүүдэг нь УИХ. Тийм учраас миний үгэнд итгэх хэрэгтэй. Тавантолгой бол нийт иргэд хувьцаатай онцлогтой компани. Ийм том хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчид бүгд мэдэж, ойлгож, юу хэлэлцэх гэж байгаагаа танилцуулах ёстой. Нууц биш, Засгийн газраас эхнээс нь гэрээг ил тод байлгахыг шаардсан. Засгийн газрын хийж байгаа хэлэлцээрийг нийтэд ил тод гаргаж тавьж байна. Засгийн газрын оруулж ирсэн даруйд нь УИХ гэрээг яаралтай хэлэлцэж, гарын үсэг зурах эрхийг нь олгоно” гэлээ.