Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбурханд вакцин тариулах нас нь болоогүй хүүхдүүд их өртөж байна гэв

Энсарын 2-ны байдлаар улаанбурханы 419 сэжигтэй тохиолдол, 123 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна гэжХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас мэдээллээ.

  • Бүртгэгдсэн тохиолдлууд нь 2 сартайгаас39 насны хүмүүс байгаа бөгөөд гол дайралтад 43,2% нь 2-9 сартай хүүхдүүд өртөөд байна. Одоогоор Улаанбаатар хотын төвийн дүүргүүд, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Орхон аймгаас харлдварын тохиолдол илрээд байна.
  • Улаанбаатар хот болон зарим аймагт халууралт тууралттай хам шинжийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж эхэлсэнтэй холбогдуулан авах арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор ЭМС-ын сайдын Албан даалгавар гаргаж, аймаг, нийслэлийн ЭМГ-т хүргүүлжээ.
  • Тохиолдлуудад тандалтын судалгаа хийж, өвчтөнг тусгаарлах, эмчлэх, хүндрэлээс сэргийлэх, хяналт тавих, эмнэлгийн халдвар хяналтыг эрчимжүүлэх, хавьтагсдыг дархлаажуулах арга хэмжээ авч байгаа гэнэ.
  • Халдварт өвчин судлалын үндэсний төвд улаанбурхан өвчний улмаас 92 өвчтөн эмчлэгдэж байна.
  • ”Улаан бурхан өвчний эмнэл зүй, сэргийлэлтийн менежмент” сэдэвт сургалтад нийслэлийн хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн болон өрхийн 500 гаруй эмч нарыг хамруулж, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээ, тандалт, сэргийлэлт, халдвар хяналтын талаархичээл заажээ.
  • Улаан бурхан өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан халдвартын клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг, яаралтай тусламжийн тасгуудад эмч, сувилагчийг хүч нэмэгдүүлжээ.
  • ЭХЭМҮТ-өөс Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний эмчийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 14 хоногийн хугацаатай урьж ажиллуулж байна.
  • Улаан бурхан өвчний үед нэн шаардлагатай эм болон нэмэлт дархлаажуулалтанд шаардлагатай вакцины захиалга хийсэн байна.
  • Улаанбурханаас сэргийлэх найдвартай арга нь товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцинаар дархлаажуулах ( 9 сартайд болон 2 настайд нь) юм.
  • Мөн өнөөгийн дэгдэлт гарч байгаа нөхцөлд өвчтөнтэй хавьтахаас зайлсхийх, нэмэлт дархлаажуулалт хийх, амны хаалт зүүх, гарын ариун цэвэр сахих, дархлаагаа дэмжих, тэжээлийн дутагдал ба сульдаа мэтийн суурь өвчнийг эмчлүүлэх, халуурах, биеэр тууралт гарах шинж тэмдэг дээр нэмээд (ханиах, нус гоожих, нүдний салс улайх шинжийн аль нэг нь) илэрвэл сэжигтэй гэж үзэн харъяа эмнэлэгтээ яаралтай хандахыг зөвлөж байна.
Categories
гадаад мэдээ

Өвөр Монголд гарсан цуглааныг дарах үед нэг хүн амь үрэгджээ

ӨМӨЗО-нд болсон цуглааны үеэр цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан тухай РИА Новоcти мэдээллээ. Энэ үеэр нэг хүн амь үрэгдсэн хэмээн хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ. Өвөр Монголд барьсан нэгэн химийн үйлдвэр газрын хөрсийг бохирдуулж байгааг нэлээд хэдэн тосгоны оршин суугчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Цуглаан болсон газар 2000 цагдаа очсон бөгөөд хүмүүсийг тараахын тулд резинэн сум, нулимас асгаруулагч хий хэрэглэж зарим хүмүүсийг баривчилсан тухай мэдээллээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

Сумитомогийн төлөөлөл монголчуудад найдаж байна гэв

Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээний ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан хөрөнгө оруулагч консерциумд багтсан “Сумитомо” корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ишихара Сүсүмү “Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцохоор Улаанбаатар хотод ирсэн. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа хойшлогдоно гэсэн сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан учраас хүндээр тусч байна. Японы Засгийн газар болон Сумитомо компанийн хувьд Тавантолгой төсөл бол маш чухал төсөл. Энэ оны хоёрдугаар сард болсон Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Сумитомо корпорацийн Ерөнхийхөлгч К.Накамура Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй тусгайлан уулзаж Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцсан. Гэрээг Засгийн газрын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ гэсэн ойлголттой байсан” гэж хэлэв.

Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “Юуны өмнө та бүхэнд маш их хичээл зүтгэл гаргаж байгаад талархаж байна. Парламентын чуулган өчигдөр эхэлсэн. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн шийдвэрлэх эрхийг өөртөө авч, хоёр долоо хоногийн дотор шийдвэрлэхээр боллоо. Намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллана. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 30 жилийн настай. Тийм учраас гэрээ зурагдахаас өмнө УИХ-аар хэлэлцүүлэх нь замын дунд хүндрэл үүсэхгүй, сайхан боломж гэж шинээр харж байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Сумитомо Сумитомо корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмү “Хөрөнгө оруулагч тал болон Монгол тал харилцан ашигтай зарчмаар амжилтад хүрнэ гэдэгт найдаж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

АН-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Ардчилсан намын дарга З.Энхболд Монголын нийт ард түмэндээ зориулж мэндчилгээ дэвшүүллээ.

Ардчилсан Монгол Улсын иргэдээ, Та бүхэндээ Ардчилсан хувьсгалын галыг бадрааж Монгол Улсад олон намын тогтолцоо бүрдэх үндэс суурийг тавьсан Монголын ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд Та бид улс орныхоо бүрэн эрхт эзэн нь байж, эрх чөлөөт Монгол Улсаа бусдын чигээр биш өөрийн эрхээр хөгжүүлэх хувь заяагаа тайван замаар олж авсан билээ.

Одоогоос 25 жилийн өмнө 1990 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр МоАХ-ноос санаачлан Монголын Ардчилсан намыг байгуулж, улмаар Ардчилсан социалист хөдөлгөөн Монголын Социал демократ намыг, Шинэ дэвшилт холбоо Монголын Үндэсний дэвшлийн намыг байгуулсан түүхтэй. 2000 онд үндэс, угшил нэгтэй таван нам нэгдэж өнөөдрийн Ардчилсан намыг шинээр байгуулснаар Ардчилсан нам ардчиллын үнэт зүйлийг дэмжигч улс төрийн хүчнүүдийн эвлэлдэн нэгдэх талбар болж чадсан.

Ардчилал бол хүрэх цэг биш, явах зам, тасралтгүй үргэлжлэх үйл явц. Өнгөрсөн жилүүдэд ардчилсан нам өөрийн үзэл баримтлал, үнэт зүйлээ бүхий л талаар төгөлдөржүүлж, ард түмнийхээ итгэлийг олж, илүү ихээр ачаа үүрэхийн төлөө, улс төрийн хариуцлагатай хүчин байхын төлөө зүтгэж ирсэн.

Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд дангаараа хамгийн олон суудал авч орон нутгийн сонгуулиар 12 аймаг, 184 суманд ялалт байгуулж, 2009, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгууллаа. Эдгээр үзүүлэлт Ардчилсан нам хэрхэн төлөвшиж, хүчирхэгжиж байгаагийн баталгаа төдийгүй монголын ард түмэн манай намд илүү их итгэл, хариуцлага хүлээлгэж байгаагийн илэрхийлэл болж байна.

Улс төрийн коммунист үзэл суртлын тогтсон хэв маягийг өөрчлөх урт удаан хугацааны тэмцлийн явцад Ардчилсан нам олон бэрхшээл сорилтыг даван туулсан бөгөөд бидний алдаа, оноо бүхэн ард түмний нүдэн дээр ил тод байсан. Энэ бол өөрөө ардчиллын ололт, бас шалгуур гэж бид үздэг.

Өнөөдөр Ардчилсан нам улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн УИХ-д суудал бүхий нам, эвсэлтэй хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс эдийн засгийн бэрхшээлийг хохирол багатай даван туулж, улс төрийн шалтгаанаар хойшлогдож ирсэн хууль эрх зүйн болон эдийн засаг, нийгмийн томоохон зорилтуудыг хамтын зөвшилцлөлөөр шуурхай шийдвэрлэх учиртай.

Ардчилсан нам монголын улс төрийн харилцааг боловсронгуй болгох үүднээс “Улс төрийн намын тухай”, ”Улс төрийн намын санхүүжилтийн тухай” хуулиудыг нэгтгэн боловсруулж энэ хаврын чуулганаар батлахын төлөө байна.

Улс төрийн намын үйл ажиллагаанд ил тод байх, Монгол Улсын гадаад улстай тогтоосон харилцааг эрхэмлэн хүндэтгэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож улс төрийн нөлөө үзүүлэхгүй байх нийтлэг зарчмыг мөрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Намуудын нийтлэг бүтэц, зохион байгуулатын загварчлалыг бий болгож, намын бүртгэл, хяналт, санхүүжилт, хөрөнгө орлогыг тодорхой болгон намууд улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулдаг институци болон хөгжих шаардлагатай байна.

Энэ бүхнийг шийдвэрлэхэд “Улс төрийн намын тухай” хууль онцгой чухал ач холбогдолтой учир хууль, эрх зүйн энэ шинэчлэлийг хийхийн төлөө монголын улс төрийн бүх хүчнүүд хамтран ажиллахыг уриалж байна.

Ардчилсан намыг байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн намын ахмад зүтгэлтэн, эх орныхоо дөрвөн зүг найман зовхист болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч, сурч боловсорч, ардчиллын үнэт зүйлийг тээж яваа Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, монголын нийт ард түмэндээ энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол түмний минь буян заяа дэлгэрэх болтугай

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

Categories
гадаад мэдээ

“Chanel” онлайнаар бараагаа зарна

Алдарт “Chanel” брэнд онлайн худалдаагаар бараа, бүтээгдэхүүнээ зарахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус брэндийн өрсөлдөгчид хэдэн жилийн өмнөөс энэхүү салбарт орсон ч “Chanel” эртний уламжлалаа дагаж, онлайн худалдаанаас татгалзаж, зөвхөн үйлдвэр болон сүлжээ дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулдаг байсан юм.

Брэндийн удирдлагууд 2016 оны аравдугаар сараас эхлэн онлайнаар бараагаа зарах болон дуудлагын үйлчилгээний шинэ системтэй болохоор ажиллаж эхэлсэн байна. Хэрвээ онлайн болон дуудлагаар бүтээгдэхүүн зарагддаг болбол сүлжээ дэлгүүрийн үүрэг оролцоо нэмэгдэх юм. “Chanel”-ийн 2500 гаруй дэлгүүр дэлхийн 80 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг

“Versace” брэнд зөвхөн онлайн худалдаагаар жилд 14-25 сая ам.долларын цэвэр ашиг олдог байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцжээ.

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан 1300 айлын түрээсийн орон сууцыг захиалан бариулах ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт, зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлөхөд шаардагдах мөнгийг 2016, 2017, 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2016 онд хэрэгжүүлэхээр, хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 800 айлын, аймгийн төвүүдэд 60-аас доошгүй айлын түрээсийн орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Түрээсийн орон сууцанд амьдрах иргэдийн сард төлөх түрээсийн төлбөрийн дундаж хэмжээг Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас 2 дахин бага байхаар тогтоож, 1300 айлын түрээсийн орон сууцыг барихад зарцуулсан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн тооцоог гаргажээ.

Түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгосноор орон сууцны барилгыг бага, дунд орлоготой иргэдэд урт хугацаатайгаар түрээслэх боломжтой болно. Төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай иргэд тохилог орон сууцанд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэж, хот суурин газрын агаар, хөрсний бохирдол зохих хэмжээгээр буурна гэж тооцоолж байна. Түрээсийн төлбөрөөс тухайн орон сууцны барилгын засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх хуримтлал үүсгэж, ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулан ажиллах юм.

Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлнэ

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжиж, УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр тогтов. Өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал шаардлагатай тул ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Уул уурхайн салбараас орон нутагт шилжүүлэх орлогын хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлснээр уул уурхайн хайгуул, судалгааны ажил эрчимжиж, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн илэрц нэмэгдэнэ. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Энэ жил 300 мянган га талбайд улаанбуудай тариалж, 465.7 мянган тонн буудай хурааж авна

Хаврын тариалалтын бэлтгэл хангалтын явц, гурилын үйлдвэр, тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн өр, авлагыг зохицуулах талаар баримтлах бодлог, цаашид авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

2015 онд улсын хэмжээгээр 328,6 га талбайд үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13,9 мянган га-д төмс, 8,3 га-д хүнсний ногоо тариалж, 500,2 мянган тонн үр тариа, үүнээс 465,7 мянган тонн буудай, 167,7 мянган тонн төмс, 104,7 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөж байна. Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэл ажлаа хангажээ.

“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт орууллаа

“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” нь Монгол Улсын нэгдэн орсон “Олон улсын иргэний нисэхийн тухай” Чикагогийн конвенци болон түүний “Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах” тухай хавсралтад заагдсан иргэний нисэхийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг хэлэлцэгч улс орнууд хэрхэн хангаж, нийцүүлэн ажиллаж байгааг харуулах үндсэн баримт бичиг болдог. Сүүлийн жилүүдэд олон улсын террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, иргэний нисэхийн эсрэг хууль бус ажиллагаанууд удаа дараалан гарч байгаа нь иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, террорист үйлдлээс сэргийлэх, таслан зогсооход тохирсон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахад хүргэж байна. Дээрх шалтгаанаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас аюулгүй байдлын олон улсын стандарт, шаардлагуудад удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тэдгээрт нийцүүлэн үндэсний хөтөлбөртөө нэмэлт, өөрчлөлт оруулж ажиллахыг гишүүн улс орнууддаа уриалж байна. “Олон улсын иргэний нисэхийн тухай” Чикагогийн конвенцийн хавсралтад оруулсан нэмэлт стандарт, зөвлөмжийг “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т тусгаагүй тул шинэ нэр томьёо, нэмэлт шаардлагуудыг нэмж тусгахаар тогтлоо. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-ийн үндсэн зарчим өөрчлөгдөхгүй юм.

Товч мэдээ

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцээс Нисэх буудлуудын удирдах газар, Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын чиг үүргийг тусгаарлан “Иргэний нисэхийн үндэсний корпораци” аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгууллаа.

-“Алтанбулаг”, “Замын Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.

-Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолугийн 2015 оны 4 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.

-Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.

-Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын нишүүдэд танилцуулав. Тус өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд шаардлагатай мөнгийг Засгийн газрын нөөц хрөнгөөс гаргахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов.

-2015 оны 4 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын тухай Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Гурван улсын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг дэмжив.

-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тодорхойлсон эхний болон хоёр дахь шатны төмөр замын суурь бүтцийг барих “Шинэ төмөр зам” төслийн ажлын явцын талаар Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

-“Мянганы хөгжлийн зорилтуудаас Тогтвортой хөгжлийн зорилтод шилжих явцыг удирдах нь” сэдэвт Монгол Улсын сайн дурын үндэсний илтгэлийн төслийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав. “Мянганы хөгжлийн зорилтуудаас Тогтвортой хөгжлийн зорилтод шилжих явцыг удирдах нь” сэдэвт Монгол Улсын сайн дурын үндэсний илтгэлийг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд хүргүүлэхээр тогтов.

-“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээний 2014 оны хэрэгжилтийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулав. “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээний хүрээнд удааширч байгаа зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын санаачлан боловсруулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

-Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ. Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын тогтоолын дагуу хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй эхний 12 компаний хүсэлтийн дэмжсэн албан тоотыг Монгол банкинд хүргүүлжээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 648 өргөдөл хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдүүдэд буруу эм өгсөн ЭХЭМҮТ, “Монос” компанид торгууль ногдуулжээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д эмийн хордлого гарсан тухай мэдээллийн дагуу НМХГ, Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид ЭХЭМҮТ, “Монос фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллагыг шалгажээ.

Тус эмнэлэгт гуравдугаар сарын 19-нд “Дексаметазон”(худалдааны нэршлээр Ланадексон)эм дууссан тул 20-ны өдөр “Монос фарм трейд”ХХК-ний нөөцийн агуулах руу эмийн захиалгыг утсаар өгөхөд, 5мг тунтай зүрхний цусан хангамжийн дутагдалд хэрэглэдэг “Ланасорбид” шахмал эм захиалгаас солигдож ирснийг эмнэлгийн эм олгогч анзааралгүй, шалгалгүйгээр хүлээж авчээ. Гуравдугаар сарын 28-ны өдөр тус эмийг эмнэлгийн эм олгогчоос “Дексаметазон эмийн савлагаа өөрчлөгдсөн байна” гэсэн тайлбартайгаар Цусны эмгэг, хавдар судлалын тасагт нийлүүлж, тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхдэд (8 сартайгаас 15 нас хүртэл) 28-наас 30-ныг хүртэл нийт 188 ширхэг шахмал эмийг хэрэглүүлсэн байна.

Улмаар 30-ны өдөр тус эмнэлэгт үйлчлүүлэгчийн мэдээллийн дагуу эм андуурсныг мэдэн шуурхай арга хэмжээ авч, хүүхэд нэг бүрийг үзлэгт хамруулан, Хордлогын үндэсний төвийн эмч нартай хамтран хордлого тайлах эмчилгээг яаралтай хийснээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирчээ.

Хяналт шалгалтаар “Монос фарм трейд” ХХК-ний мэргэжилтэн нь ЭХЭМҮТ-д эмийг олгохдоо эмийн сангийн албан ёсны захиалгыг үндэслээгүй утсаар захиалга авсан, улмаар захиалснаас буруу эм олгосон, ЭХЭМҮТ-ийн эм зүйн тасгийн эм бэлтгэгч, олгогч нь эм хэрэгслийг хүлээн авахдаа захиалгын дагуу эмийн нэр төрлийг шалгаж аваагүй, улмаар эмчилгээний заалттай бус эмийг эмчилгээнд хэрэглэсэн ноцтой зөрчил дутагдал илэрсэн байна. Мөн ЭХЭМҮТ нь “Удирдамж заавар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 274 дүгээр тушаалын дагуу эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд ноцтой алдаа зөрчил гарсан тохиолдолд Төрийн захиргааны холбогдох байгууллагуудад (ЭМСЯ, МХЕГ,ЭМХТ) мэдээлээгүй зөрчил гаргажээ. Энэ нь тус байгууллагууд ажилдаа хариуцлагагүй хандаж, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомж, оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллаагүй, байгууллагын дотоод хяналтын тогтолцоо бүрдээгүй байгаатай холбоотой юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ЭХЭМҮТ, Монос фарм трейд компанид “Эрүүл мэндийн тухай” хуулийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, анхааруулга, албан шаардлага хүргүүлэхээр боллоо.

Харшил, үрэвсэл, хордлого, шокын эсрэг хэрэглэдэг 0,5 мг Дексаметазон шахмал эмийг ЭХЭМҮТ жилд дунджаар 12 000 ширхэгийг хэрэглэдэг аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт 10230.5 тэрбум төгрөгт хүрчээ

Мөнгөний нийлүүлэлт 10230.5 тэрбум төгрөгт хүрчээ Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 0.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өсөж 10230.5 тэрбум төгрөгт хүрчээ. Мөнгөний нийлүүлэлтийн 52.4 хувийг төгрөгийн хадгаламж, 21.1 хувийг валютын хадгаламж, 11.1 хувийг төгрөгийн харилцах, 11.0 хувийг валютын харилцах, 4.4 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байна.

Тайлант сард төгрөгийн хадгаламжийн жилийн өсөлтийн хурд өмнөх сарынхаас 0.9 нэгж хувь, төгрөгийн харилцахынх 8.9 нэгж хувь, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгөнийх 11.9 нэгж хувиар өссөн бол гадаад валютын хадгаламжийнх 8.6 нэгж хувь, гадаад валютын харилцахынх 0.9 нэгж хувиар буурсан байна.

Мөнгөний үзүүлэлтүүдийн сарын өөрчлөлтийг авч үзвэл төгрөгийн харилцах 25.6 тэрбум төгрөгөөр өсч харин гадаад валютын харилцах 46.9 тэрбум төгрөг, гадаад валютын хадгаламж 40.0 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 17.8 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 5.1 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Тайлант сарын мөнгөний нийлүүлэлтийн 3.9 хувийн жилийн өсөлтийн 4.5 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 1.3 нэгж хувийг гадаад валютын хадгаламж, -0.2 нэгж хувийг гадаад валютын харилцах, -0.6 нэгж хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө, -1.1 нэгж хувийг төгрөгийн харилцах тус тус бүрдүүлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Тавантолгойн хөрөнгө оруулагчид нутаг буцжээ

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өчигдөр хуралдаж, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон. Энэ дагуу УИХ-аас ажлын хэсэг байгуулж, богино хугацаанд уг асуудлыг хэлэлцээд, Засгийн газарт гэрээнд гарын үсэг зурах эрх олгохоор болсон юм. Тэгвэл уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхийг эсэргүүцэж байсан сайд М.Энхсайхан үүнтэй холбоотойгоор Тавантолгойн хөрөнгө оруулагчид нутаг буцсан талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлсэн байна. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Өнөөдрөөс Консорциумд орсон Хятадын Шеньхуа, Японы Сумитомогийн удирдлагууд нутаг буцаж байна. Монголчууд “дотоод” асуудалтайгаа үлдэв” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт болно

“Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дүгнэх, уг уралдааны хүрээнд Улаанбаатар хотын үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн хамтлагуудын дунд уралдаан зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн Засаг даргын А/140 дүгээр захирамжийн дагуу НЗДТГ-аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааныг зохион байгуулахаар болсон. Тус уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний шатанд уралдаанд оролцох ангиудыг 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дүгнэж дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулна. 2 дугаар шатанд шалгарсан ангиудаасшалгаруулалт хийж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 дугаар сарын 23-ны өдөр Их эзэн Чингисийн талбайд зохион байгуулах юм.

Уралдааныг Цэргийн хотхоны тохижилт – 40 хувь, Биеийн тамирын хэрэгсэл, бие бялдрын стандарт – 40 хувь, Цэргийн жагсаалын ажиллагаа – 20 хувь гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр дүгнэнэ.

Мөн “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны хүрээнд Улаанбаатар хотын үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн хамтлагуудын дунд уралдааныг зохион байгуулж, шалгаруулалтыг 5 дугаар 23-ны өдөр болох “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны үдшийн цэнгүүний арга хэмжээн дээр зарлаж, шагнал гардуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.