Categories
мэдээ нийгэм

АН-ын Чингисийн одонгоор таван гишүүнийг шагналаа

Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан АН-ын дээд шагнал Чингисийн одонгоор Д.Рэнцэнтавхай, С.Батчулуун, Ц.Хурцбилэг, Д.Баттулга, П.Болд нарыг шагнасан байна. Тэдэнд ардчиллын төлөө хийсэн үйл хэргийг нь мөнхжүүлж энэхүү шагналыг хүртээж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Дуучин Н.Гантулга ЦДБЭЧ-ын дарга болов

“Застав минь баяртай”, “Баярын жагсаал”, “Дотоодын цэрэг”, “Босго тотго” олон ангит уран сайхны киноны “Гүдэс аялгуу” зэрэг цэрэг эх орны сэдэвт олон дуу, уран бүтээлтэй Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Гантулга Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон, үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тэрбээр “Би мөрдөс зүүж, цэргийн алба хаан, эх орныхоо өмнө тангараг өргөсөн эрчүүдийнхээ зүрх сэтгэлд ойрхон байж Монгол орны тусгаар тогтнол, эх түүхээ урлагаар сурталчлах ёстой. Тийм ч учраас энэхүү албыг нэр төртэй хаших болно” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын цагдаа нар англи хэлний сурч байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жуулчид олноор зорчдог гудамж, талбайд хэв журам сахиулдаг цагдаа нарт англи хэлний анхан шатны ярианы чадвар олгох сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Жуулчдын аюулгүй байдлыг хангах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршиж байгаа бөгөөд 2014 онд 60 цагдаа суралцсан бол 2015 онд нийт 50 цагдаа сургалтад хамрагдаж байна. Хотын төвийн хэсгүүдэд ажилладаг эргүүлийн цагдаа нарын хэрэгцээнд зориулсан сургалтын материал, монгол-англи ярианы дэвтэр зэргийг тусгайлан гаргаад байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Г.Ганболдыг томиллоо

Ч.Сайнбилэгийг өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Галсангийн Ганболдыг томиллоо.

Г.Ганболд нь МХЗЭ-ийн Төв хорооноос ажлын гараагаа эхэлж, Монголын оюутны холбооны орлогч дарга, Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Голомт” банкинд Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан юм.

2012 оноос “Голомт” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

АН-ын ойд зориулсан чансаа өндөр 224 бөхийн барилдаан болж байна

Монгол Бөхийн өргөөндАрдчилсан намын 25 жилийн ойн баярт зориулсан хүчит 224 бөхийн барилдаан 14 цагаас эхэллээ.

Эл барилдаанд түрүүлсэн бөх 5 сая, үзүүрлэсэн бөх 3 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүдийг тус бүр нэг сая төгрөгөөр байлах аж.

Categories
мэдээ нийгэм

МЗХ сонгож болохгүй хүмүүсийн “хар жагсаалт” зарлана гэв

Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулаад Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барих юм байна. Энэхүү бодлогын баримт бичгээ УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-тэй хүч хавсран дэмжиж, батлуулахыг зорьж байгаа хэмээн МЗХ-ныхон хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Бүтэц удирдлагын дорвитой шинэчлэлд хүрсэн МЗХ хөдөлмөрлөж, хичээж буй залуучуудаа бодитоор дэмжихээр ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР хэмжигдэх дэмжлэгийн сан байгуулахаар болсон гэнэ. Хоёр их наяд төгрөгтэй тэнцэх Инновацийн сан байгуулах саналыг Засгийн газарт тэд хүргүүлжээ. Үүгээр оюун ухаан, шинэ сэдэл санаачилгаа мөнгө, бизнес болгож хувиргах гэсэн залуучуудаа дэмжиж экспортын шинэ экспертүүд төрүүлэхээр зорьжээ. Тун удахгүй Багануур хотод инновацийн томоохон цогцолборын бүтээн байгуулалт эхлэхээр энэ сангийн маань идэвх, эхлэл улам эрчимжинэ. Залуучууд хийх ажилтай, өөрийн бизнестэй, орлоготой болчихлоо гэхэд орон сууцтай болох нь холын мөрөөдөл хэвээр. Өнөөдөр 30 хувийн урьдчилгаа төлбөртэй ипотекийн зээлийн өндөр шалгуурыг даваад байртай болж чадах залуус хомсдож, зах зээл бараг л ханачихаад байна. Тиймээс өндөр шалгуурыг бууруулах, хөнгөлөх боломжийг санал болгосон МЗХ-ны Их хурлаас гаргасан Орон сууцны зээлийн сангийн тогтоолыг Засгийн газарт хүргүүлсэн юм. Үр дүн нь даруй гарч урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор судалж байна. Гэвч МЗХ-ны санаачилга эцсийн дүндээ хүрээгүй. Бид нийгмийн зорилтот бүлэгт чиглүүлж, орон сууцтай болох гээд урьдчилгаа мөнгөгүй ч хөдөлмөрлөх хүсэлтэй залуусаа дэмжиж урьдчилгаагүйгээр байртай болгохыг зорьж байна. Эдгээрээс гадна салбар бүрт Залуучуудын корпораци байгуулах замаар төрийн өмчийг бүх ард түмэнд хүртээмжтэй, зөв зарчмаар хуваарилах саналаа ч тодорхой илэрхийлсэн. Тавдугаар Их хурлаас гарсан цөөнгүй шийдвэрийг Засгийн газар дэмжиж, ажил хэрэг болгосныг дээр хэлсэн. Тэдгээрийн нэг бол гадаад ажиллах хүчнээс татгалзаж, үндэсний залуучуудаа ажилд түлхүү хамруулдаг болох тухай юм. Хөдөлмөрийн яам саяхан МЗХ-ны яг энэ санаачилгыг ажил болгож, энэ жилээс хэрэгжүүлэхээ илэрхийлээд байна.

Дөрөвдүгээр сарын 28-нд Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлаа товлосон. Үндэсний залуучуудын зөвлөлийн 339 гишүүн, аймаг, сум, дүүргийн 119 гишүүнийг сонгох сонгуулийг гуравдугаар сарын 30-аас эхлэн зарлаад байгаа юм. ҮЗЗ ирэх II чуулган хүртэлх 6 сарын хугацаанд УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн “хар жагсаалтыг” МЗХ-ны салбаруудаар дамжуулан аймаг, сумдын оршин суугч, иргэн бүрээс асууж,бодит саналд үндэслэн тодорхойлно. Ингэснээр аравдугаар сарын 2-нд Үндэсний залуучуудын зөвлөлийн хоёрдугаар хурлаар нэр дэвшүүлж болохгүй улстөрчдийн “хар жагсаалтыг” олон нийтэд албан ёсоор зарлана хэмээн хэвлэлийн хурал зохион байгуулагчид мэдээлэв. Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “Ийнхүү хар жагсаалтад орсон улс төрчдийг эргэн улс төрд гишгүүлэхгүй байхын төлөө Залуучуудын холбоо ажиллана. Мөн нэг тойрогт өөр намаас нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн төлөө залуучуудын саналыг өгүүлнэ” гэж мэдэгдлээ.

Categories
гадаад мэдээ

Хиллари Клинтон Ерөнхийлөгчид нэр дэвших болсоноо мэдэгдэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон ойрын өдрүүдэд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэх юм байна. Энэ тухай BBC мэдээллээ. Улс төрийн судлаачдын үзэж байгаагаар тэрээр ирэх жил болох АНУ-ын төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөн ялалт байгуулах магадлал хамгийн өндөртэй нь аж.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Хоёр бүсгүйг зэрлэгээр хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноолоо

Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан юм. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шүүгдэгч Б.Идэрзаяа нарт холбогдох хэргийг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна.

Шүүхээс Д.Идэрзаяад 25 жилийн хорих ял оноосон бөгөөд оноосон ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тэрбээр 2014 оны тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Б нартай маргалдан улмаар толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдын амь насыг санаатай хөнөөсөн гэдгээ хүлээсэн байна.

Энэ хэрэгт Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас нийт 25 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд шүүхээс дээрх ялыг оногдуулжээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Бямбадорж: Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж болохгүй

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоос цаг үеийн зарим асуудлаар цөөн зүйлийг тодрууллаа.

-Хүний эрхийн үндэсний комиссын даргын хувьд биш, Үндсэн хуулийн мэргэжлийн хүний хувьд, Үндсэн хуулийг боловсруулах ажлыг эхнээс нь авахуулаад батлуулах хүртэл оролцож байсны хувьд, мөн Ерөнхийлөгчийн тухай хуулийг боловсруулж, ажлын хэсгийг нь ахалж батлуулж явсны хувьд танаас хоёр асуултыг мэргэжлийн талаас нь асуумаар байна. Гэмт хэрэгт холбогдон шийтгүүлсэн гадаадын хэсэг хүнд уучлал үзүүлсэнтэй холбогдуулж янз бүрийн яриа гарч байна. Энэ талаар та өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ үү?

-Үнэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасны дагуу уучлал үзүүлдэг. Энд урд нь ямар нэгэн тайлбар байхгүй. Уучлал үзүүлэх асуудлыг Үндсэн хуульд тусгахдаа Монгол Улсын төрт ёсны уламжлал, гадаад орнуудын төрийн тэргүүн, /үүн дотор Ерөнхийлөгч, хаан, олон институт байна/ эдгээрийн бүрэн эрхийг харж байгаад энэ заалтыг оруулсан. Энэ заалтыг оруулахдаа ямар нэгэн тодотгол, тайлбар хийгээгүй, “Уучлал үзүүлнэ” гээд л бичсэн. Үндсэн хууль батлагдаад удаагүй байхад, 1993 онд УИХ-аас Ерөнхийлөгчийн тухай хуулийг батлан гаргахад энэ заалт дээр ямар нэг тайлбар хийгээгүй. Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу “Уучлал үзүүлнэ” гээд л бичсэн байгаа.

Хууль зүйн тайлбар нь шинжлэх ухааны тайлбар, түүхчилсэн тайлбар, албан ёсны тайлбар гэх зэргээр олон янз байдаг. Түүхчилсэн тайлбарт юу гэдэг вэ гэхээр тухайн үед, тэр эрх зүйн актыг баталж байхад ямар уур амьсгал, ямар санаа бодлоор хууль тогтоогчид уг заалтыг баталсан бэ гэдгийг эргэж харах ёстой. Энэ талаас нь аваад үзсэн ч гэсэн Ерөнхийлөгч хэдийд ч, хэзээ ч уучлал үзүүлэх бүрэн эрхтэй.

Өөрөөр хэлбэл, тэнд ялтанд гэж хэлээгүй, шүүгдэгчид гэж хэлээгүй, сэжигтэнд гэж хэлээгүй, яллагдагчид ч гэж хэлээгүй. Ерөөсөө л уучлал үзүүлнэ гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, ерөөсөө ямар ч нөхцөлд Ерөнхийлөгч энэ бүрэн эрхийг хэнтэй ч хуваалцахгүй, Монголын төр, Монголын ард түмэн Үндсэн хуулиар олгосон эрх. Тийм учраас энэ дээр хуулийн зөрчлийн тухай асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Ерөнхийлөгчийн уучлалын асуудал Эрүүгийн процессын хуулиар зохицуулагдаггүй.

-Сүүлийн үед Ерөнхийлөгч УИХ-д тайлан тавина гэж яригдаж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна” гэж заасан. Энэ заалтын дараагийн заалтаар Ерөнхийлөгчид хариуцлага тооцох субъект нь УИХ гэдгийг тогтоосон болохоос биш УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнаж үнэлэлт, дүгнэлт авна гэсэн ойлголт огт биш. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн “УИХ-д ажлаа хариуцна” гэсэн заалтыг тухайн үеийн АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна” гэдэг нь Ерөнхийлөгч тайлангаа хэлэлцүүлнэ гэсэн үг биш. “Асуулт хариулт явахгүй. Ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөхгүй. Хэрэв ингэвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөнө” гэсэн ойлголцолд хүрч хуулийг баталсан юм.

Ер нь Ерөнхийлөгч жилбүрийнхээ үйл ажиллагааныхаа тайланг УИХ-д ирүүлдэг байсан. Одоо ч ирүүлж байгаа байх гэж бодож байна. Мэдээжийн хэрэг энэ ирүүлсэн тайлангаа УИХ-д танилцуулж болно. Хэн нэгэн Ерөнхийлөгч, одоогийн Ерөнхийлөгч ч байж болно, тайлангаа хэлэлцүүлээд, асуултад хариулаад явах юм бол энэ нь Ерөнхийлөгчийн институт, Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөнө. Үүнийг би зохих хүмүүст нь мэргэжлийн хүний хувьд, бас сэтгэл жаахан өвдөж байгаагийн хувьд, цаашдаа ийм жишиг тогтох вий дээ гэж болгоомжилсны үүднээс санаа бодлоо илэрхийлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

www.President.mn сайт сонсдог хувилбартай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг сурталчилдаг www.President.mn сайт олон нийтэд илүү хүртээмжтэй байх үүднээс сонсдог хувилбартай боллоо.

www.President.mn сайт нь 2014 оны тавдугаар сард Монголд анх удаа Ерөнхийлөгч.мон гэсэн монгол домайн нэр авсан бөгөөд мөн Төрийн тэргүүний үндэсний бичиг соёлоо дээдлэх санаачлагыг хэрэгжүүлэн 2012 оноос үндэсний монгол бичгийн хувилбартай гарч эхэлсэн юм. Тус сайтын англи хэл дээрх хувилбарыг гадаадын олон орны иргэд бас сонирхон уншдаг юм.