Categories
мэдээ цаг-үе

Романтизмын шижир алт эрдэнэс

Урт зам дээр чи

Уйтгар гунигаа тайлж хаяад

Гүйн оджээ…

Яагаад ч юм олоон жилийн өмнө энэ мөрүүдийг бичихдээ Мендельсоныг би тийм ч сайн мэддэггүй байв. Их л сайндаа “Зуны шөнийн зүүд” симфони зохиол, төгөлдөр хуурын нэгдүгээр концертыг нь байн байн сонсох төдий. Гэсэн хэрнээ ховсдуулсан юм шиг болчихдог байв. Ховсдуулах минь одоо ч хэвээрээ. Түүний бриллиант шиг гайхалтай хурц тод гармони, хэтэрхий баялаг өгүүлэмжтэй симфони зохиолуудыг яагаад манайхан тайзнаа тавьдаггүйг мэдэхгүй. Амьдралын жинхэнэ үнэр нь үнэртэж, амт нь амтагдаж, өнгө нь харагддаг Мендельсоны хөгжим баяр баясгалангаар багтаж ядам дүүрэн. Гэсэн атал түүгээр байн байн зүрх сэтгэлээ хөглөж явахдаа бичсэн дээрх гунигтай ч юм шиг мөрүүд амьдрал хэмээх урт замд удаан саатаагүй тэр сод хүнд зориулагдсан юм.

Өнгөрсөн намар төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэгийн шавь Оюу гэдэг хөгжимчин анхны бие даасан тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд хийхдээ Мендельсоны Төгөлдөр хуурын нэгдүгээр концертыг тоглосон юм. Тэр тоглогчийг концертын хоёрдугаар хэсгийг эхлэмэгц нулимс өөрийн эрхгүй нүд бүрхээд ирж билээ. Түүнээ хажуугийн хүмүүсээс нуун тоглолт дуустал нүүрээ үсээрээ халхлан нуугдан байж сонссон минь инээдтэй. Сайн ч тоглогч таарсан. Манайд тоглогдоод байдаггүй Мендельсоны зохиолыг хөтөлбөртөө оруулсан анхны тоглогч нь тэр Оюу гэдэг бүсгүй байсан байх аа. Ердөө 38-хан наслахдаа бүхэл бүтэн зууны турш амьдарч туурвисан юм шиг тийм үр өгөөжтэй бүтээлүүдийг хүн төрөхтөнд үлдээсэн энэ хөгжмийн зохиолчийн амьдрал намтраас товчхон боловч хуваалцмаар санагдлаа. Мендельсон 1809 оны хоёрдугаар сарын 3-нд Германы Ханбургт төрсөн. 1847 онд 38 насандаа Лейфцигт насан өөд болсон. Энэхэн богино амьдралдаа тэр барууны ертөнцийн хамгийн хайртай хөгжимчин, романтизмын суутнуудын нэг болсон. Сод авьяаст Феликс хүү 11-14 насандаа хөгжмийн бүхий л төрлөөр бүтээл туурвисан байдаг. Тэр симфониуд болон “Зуны шөнийн зүүд” жүжгийн хөгжим зэрэг эхэн үеийн бүтээлүүдээрээ асар их нэрд гарсан. Түүний хөгжим сонгодог, романтик эрин үеийг холбосон гайхамшигт гүүр болж гарч ирсэн. Өмнөх сонгодог үеийн тогтсон дэг сургуулийг өөрийн зохиолын байгууламж, эгшигжүүлэг, концепциороо шинэчилсэн шинэчлэгч билээ. Концертын шинэ форм зэрэг Мендельсоны шинэчлэгч зохиол бүтээлүүдээс романтик эрин үе өөрийн үнэт зүйлсээ олж авсан байх жишээтэй.

Түүний сонирхлын хүрээ хэтэрхий гэмээр өргөн хүрээг хамарч зураасан зураг, уран зураг, яруу найраг, эртний судлал, шашин судлал, хэл гээд л, тэрбээр маш өндөр боловсролтой нэгэн байв. Бага балчир түүнийг Гёте “шидтэн” хэмээн бичсэн нь бий. 1821 онд танилцаж, дараа нь Мендельсоны төгөлдөр хууртай дөрвөл анх удаа Гётегийн гэрт эгшиглэсэн гэдэг.

Эд хөрөнгө болон оюуны соёлын арвин их өв уламжлалтай Мендельсоны гэр бүл гэртээ хувийн оркестртой, арван нэг, хоёртойгоосоо дан хөгжмийн зохиол бичиж эхэлсэн Феликс хүүгийн гялалзсан авьяас Берлиний элит хүрээнийхнийг нэг дор цуглуулдаг орчин байж. Богинохон насалсан хэрнээ хувийн амьдрал нь ч гайхмаар баялаг. Дүрэлзсэн их хайр дурлалаар Сицили хэмээх бүсгүйтэй ханилан сууж таван хүүхдийн эцэг эх болцгоож. Бүхнээ зориулсан үнэнч сэтгэлээрээ тэрбээр өнөр өтгөн бөгөөд мөн л нэр цуутай гэр бүлийг бий болгожээ. Сицили нь франц сүмийн номлогчийн охин. Харин Мендельсоны эцэг Авраам Мендельсон нь банкны эзэн, өвөө нь эртний алдартай еврей философич Моисей Мендельсон.

12-14 настайдаа 12 симфонио бичжээ.

13 насандаа анхны төгөлдөр хуурын зохиолоо нийтэд сонсгосон. 15 настайдаа бүтэн оркестрт зориулсан анхны симфонио бичжээ. Түүнийг нь 1829 онд Лондонгийн Эзэн хааны филармонид анх тоглосон бөгөөд оркестрыг Феликс өөрөө удирдсан байна. 16 настайдаа чавхдаст хөгжмийн октет зохиолоо бичсэн нь түүний хөгжмийн агуу их авьяас билгийн хүч чадлыг бүрэн харуулсан бүтээл гэж үздэг.

1829-1830 онд тавдугаар симфонио бичсэн бол мөн 1829 онд гуравдугаар симфонио бичиж 1842 онд дахин засан сайжруулсан гэдэг бөгөөд энэ нь Шотланд симфони гэсэн нэрээр алдаршсан. Аялах хөгжим бичихийг нэгтгэж чадсан түүнд Италид хийсэн аялал нь дөрөвдүгээр симфонио бичих онгод хайрлажээ. Итали симфони гэж нэрлэгдэх энэ бүтээлээ 1833 онд мөн өөрөө удирдан тоглуулсан байдаг. 1840 онд хоёрдугаар симфонио Лейфцигт тоглуулсан бол 1843 онд алдарт “Зуны шөнийн зүүд” жүжгийн хөгжмөө бичиж тоглуулав. Арван тавтайдаа анхны дуурь болох “Ах дүү хоёр” нэртэй зингшпийл буюу оперетта бичиж байсан тэрбээр 1825 онд Сервантесийн Дон Кихот романаас сэдэвлэн “Комаччогийн хурим” нэртэй дуурь бичиж 1827 онд Берлинд тавьсан. Тэгээд дахиж дуурь бичээгүй.

Германы хөгжмийн зохиолч Феликс Мендельсоныг сонгодог хөгжмийн романтик эрин үеийн хамгийн алдартай төлөөлөгчийнх нь хувьд мэдэхгүй сонсогч үгүй. “Төгөлдөр хуурын трио”-г нь өнгөрсөн зун манайхан ДБЭТ-т нэг тоглосныг хүмүүс санаж байгаа болов уу. Чухамдаа романтик хөгжмийн хурц тод, баяр баясгалан төрүүлэм өнгө будаг, тийм гэхийн аргагүй сэтгэлийн их тэмүүлэл дүүрэн зохиол. Дөрвөн хэсэгтэй, гучин минутын турш үргэлжилдэг энэ зохиолоо Мендельсон 1839 онд бичсэн бөгөөд романтизмын шижир алт эрдэнэсийн нэг юм. У.Шекспирийн жүжигт зориулан бичсэн “Зуны шөнийн зүүд”-ийг манайхан дэлхий даяар “Хуримын марш” нэрээр алдаршсан хэсгээр нь сайн мэднэ. “Зуны шөнийн зүүд” эгшиглэдэггүй хурим, тийм кино ч гэж үгүй. Амьдралын үнэр нь үнэртэж, амт нь амтагдаж, өнгө нь улам доторч харагддаг Мендельсоны хөгжим баяр баясгалангаар багтаж ядам дүүрэн. Гэсэн атал тэрбээр амьдрал хэмээх урт замд удаан саатаагүй. Тэгээд л тэртээх нэгэн өдөр намтар түүхийг нь огт уншиж үзээгүй байж ийнхүү бичсэн минь:

Урт зам дээр чи

Уйтгар гунигаа тайлж хаяад

Гүйн оджээ.

Урагдаж ноорсон хуучин цамцаа би

Түүгээр сольж өмссөн.

Гүн их гунигаа юүлж

Гүц хумхыг дүүргэжээ, чи

Гоёмсог хумхыг би олсон

Түүнээс ууж даруй хөлчих минь

…Бороо орох нь байна, шүхрээ ав

Босоо захтай хүрмээ ч бас мартав…

Ингэж би чамдаа сануулан хэлээд

Урт зам дээр хөлчин сатаарч

Уяхан хумхын дотор

Гуниг уйтгараа юүлнэм.

Н.Пагма

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.ГҮРБАЗАР: Өөрийнхөө нэрээр овоглосон ток шоу хийе гэж бодож байгаа

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазартай ярилцлаа.

Уран бүтээлчид дуугаа л дүрсжүүлдэг болохоос биш барагтай бол шүлэг дүрсжүүлээд байдаггүй. Та яагаад “Тайтгарахуй” шүлгэндээ клип хийлгэх болов оо?

-Олон нийтийн байгууллагын уран бүтээлч залуус миний шүлгийг клип болгож өгье гэсэн санал тавьсан юм. Тэгэхээр нь би шүлгийн түүврээ үзүүлтэл “Тайтгарахуй” шүлгийг дүрсжүүлье гэсэн. Би ч мэдээж хэрэг дуртай зөвшөөрсөн. Өчигдрөөс үзэгч олонд хүрч байгаа байх.

Олонд хүрч байгаатай нь холбогдуулаад хэвлэлийн бага хурал хийлээ. Зүгээр нэг хайрын тухай юм уу, эх орны сэдэвтэй шүлгийг дүрсжүүлсэн бол би ингэж хэвлэлийн бага хурал хийхгүй л дээ. Үг тун аюултай гэдгийг би өөрөө сэтгүүлч хүний хувьд сайн мэднэ. Сайхаан сайхан гээд хоёр удаа хэлчихвэл хэрэгт орчих жишээтэй. Ганц үг ч үнэ цэнтэй байдаг. Харин энэ клипний тухайд гарч байгаа цаг үе нь сонин таарч байна. Хүмүүсийн тэмцэл хөдөлгөөн өрнөөд, засаг төрдөө шаардлага тавиад Ерөнхий сайд нь эвийг хичээе, дотроо учраа олъё гэлцэн тал тал тийшээ харсан үед энэ шүлгийг гаргаад ирэхээр олон нийт “Энэ Гүрээ тэмцлийг зогсоогоод тайван байя” гэж уриалаад шүлэг бичин тарааж байна гэж ойлгох ч юм билүү.

Энэ шүлгээ та хэзээ бичсэн юм бэ?

-2012 онд бичсэн шүлэг юм шүү дээ. 2013 онд гаргасан “Шанзны хавар” шүлгийн түүвэрт минь багтсан. Миний хувьд бид нар өнөөдөр жаахан зогсосхийгээд, хүлээзнэх цаг болсон юм шиг ээ. Зөв зүйлээ дэмжих шиг дэмжээд, буруу тохвол буруутгасан шиг буруутгаад өөр хоорондоо учир начраа олоод урагшаа явбал Монгол Улсын заяа өндөр юм чинь хөгжинө шүү дээ. Нэг их тэгтлээ сөнөчихнө гэж айгаад байх зүйл алга байна. Жаахан бод.

Адраад яахав дээ, амьдрал дандаа ийм байхгүй

Адгаад яахав дээ, амьдрал болдгоороо л болно

Давчдаад яахав дээ, дандаа ийм байхгүй

Арган дээр суусан шувуу тэнгэрт дахин жиргэж

Алсаас сайхан сураг ирнэ

Үймрээд яахав дээ, үнэн гадаа чинь ирнэ

Зүсэрсэн бороо татарч норсон дээл чинь эгшинэ

Зуны гурван сард цэцэг дэлгэрнэ

Хар дараад сэрэхэд ээжий чинь хажууд байгаа юм шиг

Хамаг бүхэн сайхан болно

Хормой сэмэрсэн уулынхаа оргилыг харсан хүн

Хомхой сэтгэлээ татна

Эх нь булингартсан гол усныхаа урсгалыг харсан хүн

Энэ яваа насаараа мөргөлчин болно

Өнгө мөнгө хоёр өөрийгөө элээхийн цагт

Өөр юм хүмүүс боддог болно

Адгаад, давчдаад, уймраад, үймрээд, эмзэглээд, эргэлзээд яахав дээ

Энэ Монгол Улс маань сайхан болно

Хөдөлж яваа хөсөг зогсож байж ачаагаа чангалдаг юм

Хүний ухаан заавал сайхныг бараадна. Ийм л шүлэг.

Та “Бодоход инээдтэй юм” тоглолт хийснээс хойш уран бүтээлийн цэнгүүн хийсэнгүй. Одоо үзэгч олонтойгоо уулзах цаг болсон гэж боддог уу?

-Бие даасан сэтгүүлчийн гэдэг юм уу, үзэл бодлын лекц хийе гэж бодоод байгаа. Заавал рок, попынхныг дуулуулдаг тоглолт биш оюуны лекцээр уулзъя гэж бодож байна. Хүмүүс сайхан зүйл сонсох дуртай шүү дээ. Ярианы урлаг сонирхдог хүний хувьд иймэрхүү зүйл хийе гэж бодоод байгаа юм. Сүүлдээ бас Ш.Гүрбазар ийм гоё зүйл ярьдаг шүү гээд хүлээдэг болох ч юм билүү.

Хэзээ зохиох гэж байна вэ?

-Хурдхан хиймээр л байна. Сая өнгөрсөн Мартын 8-наар “Үрийнхээ нүдэнд ижий нь өтөлдөггүй” гэсэн нэртэйгээр зохион байгуулах гэж байгаад больсон. Хоёр цаг гучин минут сайхан ярихад тэнд очсон хүн ижийнхээ тухай бодож байгаад л гарна биз. Одоо харин нэг их удалгүй олон түмэнтэйгээ уулзъя гэж бодож байгаа. Бас нэг санаа байна. Тэр нь МҮОНТ-д юм уу өөр газар байх нь уу өөрийн гэсэн ток шоу хийе гэж бодоод байгаа. Ш.Гүрбазарын гэсэн нэртэй… Би чинь бас Монголын сэтгүүлзүйд 40-өөд жил ажиллачихлаа. Туршлага бол туршлага байна. Яг сайхан идэвхтэй ажиллах дөрөв, таван жил үлдсэн байж ч мэдэх юм. Т.Галсан гуайн хэлдгээр “Одоо л нэг сайхан юм хиймээр байна” гэдэг шиг л.

-“Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгээс ямар ялгаатай байх вэ?

-Шал ондоо байх юм. “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгийнхээ хаалтын дугаарыг хийгээд албан ёсоор жаргаасан. Одоо харин үзэгчтэй, заалтай, гадны ток шоу шиг байлгая гэж бодож байна. “Дээр нь хөтлөгчийн дамжаа байгуулах санаатай. Өөрийнхөөрөө хөтлөх урлагийг хүмүүст хэлж өгмөөр байна. Хүнд заана гэдэг өөрөө хөтлөхөөс сайхан санагдаад байгаа юм. Яагаад гэхээр би аргыг нь мэдэх юм. Өөрийгөө мундаг хөтлөгч гэхгүй ч яаж хөтөлдөг вэ гэдэг аргыг сайн зааж чадна. Тэрнээс гадна жүжиг, шүлэг бичээд ер зүгээр суухгүй байгаа. Зурхайгаар энэ жил миний сэргэлтийн цаг юм гэнэ лээ. Тэгэхээр хонь жилд үзэгчдээ баярлуулсан олон зүйл сонсгох байх.

Жүжгийн зохиол гэснээс урлагийнхантай уулзахаар сайн жүжгийн зохиол олдохгүй байна гэж ярих юм?

-Би сүүлийн үед нэг жүжиг бодоод л явна. Ч.Найдандорж найруулагчтай утсаар ярьсан. Одоо харин хоёр гурав хоног суух санаатай байна. Захиалгын биш, өөрөө бодсон жүжиг хийе гэж бодоод байгаа юм. Ерөнхийдөө надад захиалгын жүжиг их орж ирдэг. Студи, хүнд нь тааруулж олон жүжиг бичсэн. Харин одоо өөрийнхөө бодож байгаагаар, жүжгийн зохиол гэж яг ийм зүйл байх болов уу гэж сэтгэж байгаад дуусгаад Драмын театрт очъё гэж бодож байгаа.

Таныг жүжгийн зохиол руу хөтлөн оруулсан багш тань Д.Намдаг гуай. Багшийнхаа тухай ярихгүй юу?

-Д.Намдаг гуай их олон хүний багш шүү дээ. Зарим нь багшаараа эрдмийн зэрэг ч хамгааллаа. Миний багш гээд ярихаар зарим хүмүүс “Энэ Ш.Гүрбазар өмчилчихлөө” гэж дургүйцээд байдаг юм. Миний тухайд Д.Намдаг гуайд шавилсны буян гэж бий. Надад “Ер нь бүх зүйл драм. Яруу найраг ч драм, жүжгийн зохиол ч драм, нэвтрүүлэг ч драм” гэдэг. Юмыг драмтай сэтгэх чанарыг надад суулгаж дээ гэж боддог юм. Миний нэвтрүүлэгт ч драм бий, дуунд ч драм бий. Драмтай сэтгэ гэдэг байлаа. 1975 онд “Утга зохиол” сонинд Б.Явуухулан гуай “Монголд драмын яруу найраг хэрэгтэй байна” гэж бичиж байсан юм шүү дээ. Тэгж сэтгэх сэтгэлгээг надад шагнал болгон өгчээ гэж боддог. Миний “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлэг драмтай. Дуунуудыг ч гэсэн драмгүй гэж хэлэхгүй байх.

Яв даа чи минь, яв даа чи минь

Би ямар азтай байх ёстой юм уу

Чимээгүйхэн ганцаар уйлаад яахав

Чи бид хоёр хэн хэндээ буруугүй ээ гэдэг чинь драм шүү дээ. Ийм л сэтгэхүйг багш минь надад өгчээ.

-“Хүний амь” киног хоёр дахь удаагаа үзэгчдэд хүргэлээ. Нэг хийсэн киногоо яагаад дахин хийх болсон юм бэ?

-Зохиогчийн эрх гэдэг шиг бүх л эрх нь Г.Жигжидсүрэн найруулагчид байдаг юм. Г.Жийгээ найруулагч П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар бид гурвын багш. Бид нар багшийнхаа далайсан газар далд орж, далласан газар ил гарах ёстой улс. Бидний өдий сайхан яваа нь багшийн гавьяа. “Хүний амь” киног анх хийхэд бид гурав оюутан байлаа. Тэгсэн өнөөдөр ардын жүжигчин, төрийн шагналт, гавьяат болчихож. Тэр кинонд тоглож бидний уран бүтээлийн гараа эхэлсэн л дээ. Харин дахин тоглохыг багш санаачилсан хэрэг. Багшийнхаа даалгавраар очоод тоглосон.

Та залуудаа хэд хэдэн кинонд тоглосон. Харин сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй байх. Ямар санагдаж байх юм?

-Бараг 40-өөд жилийн дараа кинонд тоглож байгаа минь энэ. Чадлынхаа хэрээр дүрээ бүтээсэн. Удахгүй бас шүлгийнхээ цомгийг хэвлүүлье гэж бодож байна. 2002 онд “Үзэгний чимээ” цомгоо гаргаж байлаа. Одоо уг нь нэг цомог бэлэн болчихоод байгаа ч дан ганц цомог гэлтгүй нөгөө талд нь дүрстэй DVD гаргая гэж бодож байна. Бас л сонин байлгүй дээ. Долоо, наймдугаар сард гаргая гэж бодож байгаа. Ингэж цомог гаргах сайхан. Зарж борлуулаад баяжаад сүйд болохгүй ч гэлээ хүмүүст хүрнэ гэдэг сайхан. Олон хүн сонсоод, цахим ертөнцөөр тарах нь гоё байдаг юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

“Энержи ресурс”-ийн толгой нь Монгол уу, малгай нь Монгол уу

“Энержи ресурс”-ийн хувь­цааны 60 гаруй хувийг Мон­голын компаниуд эзэмш­дэг. Бүх татвараа Монгол Улсад төлдөг, 2000 гаруй монголчууд ажилладаг, Монголын компани. Энд маргаан байхгүй.

Харин Тавантолгойн тен­дерт “Энержи ресурс” өөрөө төслийн компаниар, түүний толгой компани болох “ММС” нь хөрөнгө оруулагчаар шал­гараад буй. Чухам эндээс үүдэлтэйгээр Тавантолгойн тендерийг тойрсон талцал дунд гурван зүйл хамгийн их маргаан дэгдээж байгаа юм.

Нэг

“ММС” гэж үнэхээр Монго­лын компани мөн эсэх. УИХ, Засгийн газрын тогтоолоор бол Тавантолгойн ордын хөрөн­гө оруулагчийн 51 хувийн эзэмшилд Монголын үндэсний ком­пани орох ёстой. Одоо явж байгаа хэлэлцээрээр бол тэр нь Хонгконгт бүртгэлтэй “ММС” буюу “Mongolian mining corporation” юм. Тавантолгойн хөрөнгө оруулагчийн 49 хувь дээр орж ирж байгаа Шиньхуа ч, борлуулалтын 30 хувийг хариуцах Сумитомо ч, мөн сайд М. Энхсайханы ахалсан Засгийн газрын ажлын хэсэг ч “ММС”-ийг Монголын компани гэж үзэж байгаа юм.

Учир нь, Хонконгийн хө­рөн­­­гийн биржийн 2015 оны нэгдүгээр сард гаргасан мэ­дэгд­лээр бол “ММС” ком­панид Монголоос “MCS” 43.7, Худалдаа хөгжлийн банк 5.5, Шунхлай групп 4.9, Петровис 3.6 хувийн хувьцаа эзэмшдэг байна. Монголын эдгээр ком­­пани нийлээд “ММС”-гийн хувьцааны 57.7 хувийг эзэм­шиж байгаа юм. Гэхдээ “ММС” нь нээлттэй компани учраас үндэсний компаниудын гэх энэ хувь хэмжээ цаашид найдвартай хадгалагдаж ча­дах эсэх нь маргааны сэ­дэв болов. Хэрвээ гаднын ямар нэгэн том компани манай дээрх компаниудын хувь­цааг худалдаж авбал “ММС”-д эзлэх Монголын ком­па­ниудын өмчлөл 51 ху­виас буух магдалал бий. Хэр­вээ ингэвэл, Тавантолгойн хөрөнгө оруулагчийн 51 хувь нь Монголын үндэсний ком­панийн мэдэлд байх Засгийн газрын тогтоол хэ­рэг­­жихгүй болох юм. Ийм эргэлзээ болгоомжлол бай­гааг УИХ-ын нэр бүхий 16 гишүүн тодруулахаар сайд М.Энхсайханаас асуулга тавь­сан. Сайд М.Энхсайхан ч энэ болгоомжлолын талаар толгойгоо өвтгөж яваагаа, бас ямар нэгэн хамгаалалт олж гэрээнд заавал тусгана гэдгээ манай агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд, түүний зөвлөх сайд асан А.Гансүх зэрэг зарим хүн “ММС”-ыг Монголын компани гэж үзэхгүй гэдгээ илэрхийлсэн бол Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхон, Монголын нүүрсний ассоциацын гүйцэтгэх захирал Т.Наран нар “ММС”-ыг Монголын компани мөн гэж мэдэгджээ. Тэд салбарын мэргэжилтнүүдийн хувьд тайлбар, тодотгол хийж байгаа нь энэ бололтой.

Математик утгаар нь харвал 57.7 хувь гэдэг хувьцааны олонхи. Ийм хэмжээний саналын эрхээ Монголын компаниуд цаашид ч багцалж чадвал, хадгалж явах шаардлагыг гэрээнд хатуу суулгаж чадвал компанийн өмчлөл дээр маргаад талцаад байх юм нэг их байхгүй л юм шиг. Тэгэхээр одоо байгаа 57.7 хувийг 51-ээс буулгахгүйгээр Монголын компаниудын мэдэлд байлгах гарцаа олж гэрээнд тусгах нь талцаж маргаахаас илүү чухалюм.

Хэрвээ энд, бизнесийн өрсөлдөөн, хувийн сонирхол байхгүй, зөвлөх А.Гансүхийн хэлээд байгаа шиг бодитой эрсдэл байгаа бол тойрч суугаад ярилцах л хэрэгтэй. Түүнээс бус, “Тавантолгой дээр алдвал миний амь нас юу ч биш” гэсэн М.Энхсайханы үг бол тайвшрал, бас алдахгүй байх баталгаа болж хараахан чадахгүй. Мэдээж, М.Энхсайханы амь нас өөрт нь хийгээд түүний гэр бүлийнхэнд Тавантолгойгоос илүү үнэтэй. Харин ард түмэн бол Тавантолгойгоо л гэнэ.

Үүнээс гадна “малгай нь солигдовч толгой нь солигдохгүй” гэж үг бас бий. Уг нь хамгийн гол нь л энэ. Өөрөөр хэлбэл, “ММС” дотор “Монголын” гэдэг толгой л солигдохгүй байх учиртай. Гэтэл одоо явж байгаа үйл явдлыг харвал заримдаа бид малгай тойрч маргаад байх юм. Баабарын хэлснээр “Эх орон гэж эхэлсэн их сүртэй яриа”-ны цаана ихэнхдээ хувийн жижигхэн эрх ашиг байдаг гэдэгтэй адил гэх юм уу даа. Жишээ нь, Тавантолгойн хэлэлцээр дээр асуудлын мөн чанараас өмнө “өнөө л MCS, АПУ, ХХБ, Петровис” гэх алергий заримдаа цухалзах жишээтэй. Гэтэл дэлхийн аль ч улс орон том компаниудаа дэмжиж, тэднийгээ дэлхийн зах зээл дээр гаргаж байж хаялган дор нь хөгждөг, хөлждөг. Түүнээс бус, Монголын 60 мянган аж ахуйн нэгж 60 мянгуулаа дэлхийд гарах нь битгий хэл, Монголдоо л “MCS”-ийн дайн очиход маш хэцүү, бараг бололцоогүй шүү дээ.

Багийн спортоор ярьвал бүх хүн нь лидер тоглогч байх боломжгүй. Тэглээ гээд бусад нь хойш суудаггүй. Харин ч лидер тоглогчоо дэмжиж хамтаараа хожлын төлөө явдаг. Гэхдээ бусад нь байхгүй бол лидер тоглогч ганцаараа юу ч хийж чадахгүй учир том компаниуд ч бусдыгаа хэт үгүйсгэж, бас хэтэрхий хүч түрж болохгүй.Ер нь Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслийн өмнө монголчууд бид өөрсдөө “нэг баг” болж чадахгүй, улстөрч, эдийн засагчид, ялангуяа шийдвэр гаргагчид нь гар нийлэн тоглож чадахгүй байгаад л хамаг учир, гацаа түгжээ байгаа шүү дээ.

Хоёр.

“ММС” гэж үнэхээр мөнгөгүй компани уу. Тавантолгойн тендерийг одоогийн хэлэлцээрийн төслөөр явуулах боломжгүй гэж байгаа улстөрчид “ММС”-ийг их хэмжээний өртэй компани гэж байгаа. Харин үүнийг нь ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “ Мега төсөл дээр дэлхийн ямар ч компани банкнаас зээл авсан байдаг. Тэгж байж том төслийг хөдөлгөдөг. Энэ утгаараа консорциумд орсон компаниуд бүгд банкны зээлтэй байгаа . Тэрхүү зээлийг нь бид монгол ухаанаараа өр гэж харвал алдаа болно. Тэдний үйл ажиллагааг өрөө үйлчилж чадаж байна уу, үгүй юү гэдгээр л үнэлдэг. Өрөө үйлчилж чадаж байгаа, эсэхийг юугаар хэмждэг вэ гэхээр тухайн компаниудын мөнгөн урсгалаар хэмждэг. Жишээ нь, Сумитомо өртэй, гэхдээ 10 тэрбумын мөнгөн урсгалтай. Шиньхуа өртэй, бас 10 тэрбум долларын мөнгөн урсгалтай. “ММС” банкны зээлтэй, хувьцаа босгосон, Ухаа худагт хөрөнгө оруулалт хийчихсэн зээлтэй. Харин өрөө үйлчилж чадаж байна уу, үгүй юү гэдгийг нь аваад үзэхээр 250 сая долларын бэлэн мөнгөтэй” гэж хариу өгсөн.

Тэгэхээр энд ойлголтын зөрүү их байна. Зээлтэй болгоныг өртэй гэх үү, үнэхээр гаднынхан зээл өгөхөөргүй болтлоо санхүүгийн эрсдэлд орсныг нь өртөй гэх үү. Тодорхой хүү төлж, тодорхой хугацаанд цувуулан буцааж төлж байгаа бизнесийн ердийн харилцааг өр гэх үү, зээл гэх үү. Авсан зээлээ төлж дийлэхгүй болсон, зээлжих зэрэглэл нь уначихсан, мөнгөн урсгалгүй болчихсоныг нь өр гэх үү. Жишээ нь, манай улс ДНБ-ийхээ 55 хувьтай тэнцэх зээлтэй, төлж чадна. Үүнийг өртэй гэх үү, зээлтэй гэх үү. Ер нь бол өр, зээлийн асуудал ганц “ММС” дээр ч яригдахгүй. Түүнээс ч том компани, Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” хүртэл 2013 оны санхүүгийн тайлангаар 250 сая долларын зээлтэй гэж гарч байсан санагдана. Үүнийг өртэй гэх үү. “Рио Тинто”-гийнхон одоо далд уурхайгаа ашиглалтад оруулахын тулд олон улсын 13 банкнаас зээл хүссэн байгаа. Үүнийг нь бид өр гэж харах уу, зээл гэж үзэх үү. Хэрвээ өр гэвэл “Рио Тинто”-г өртэй, мөнгөгүй, өрөө манай зэсээр дарах гэж байна гээд Оюутолгойгоосоо хөөх үү.

Сайд М.Энхсайхан “ММС”-ийг зээлтэй, тэгэхдээ 250 сая долларын бэлэн мөнгөн урсгалтай гэсэн. Харин зөвлөх А.Гансүх “ММС”-ийг 1.3 тэрбум долларын өртэй гэв. Магадгүй, “ММС”-гээс ч том компани түүнээс ч их зээлтэй л байх. “ММС”-гийн 1.3 тэрбумыг олон улсын банк санхүүгийн байгууллагууд бидэн шиг бас өр гэж харж байна уу, эсвэл бизнесийн харилцааны ердийн зээл гэж үзэж байна уу. “ММС”-гийн зээлийн өр нь бодвол Тавантолгойн тендерт орохоос өмнө л ийм хэмжээнд хүрсэн байх. Үүнийг логикоор, бизнесийн харилцаа талаас нь харвал олон улсын банк санхүүгийн байгууллагууд буцааж төлж чадна гэж үзээд л “ММС”-д 1.3 тэрбум доллар хүртэл зээл олгосон байж таарна. Төлж чадахааргүй бол тэд өгөхгүй шүү дээ. Гэхдээ төлж чадна гэж аваад одоо төлж чадахгүй хэмжээнд хүрчихсэн хэрэг үү, мэдэхгүй. Үүнийг санхүүгийн шинжээчид л мэдэх, хэлэх байх. Харин энэ маргаанаас үүдэлтэйгээр юуг өр гэж үзэх, ямар харилцааг зээл гэж үзэх тухай ойлголтоо цэгцлэх, Өрийн удирдлагын тухай хуультай болох шаардлагатай болсон нь харагдана.

Гурав.

Тавантолгой-Гашуунсухай­тын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн өмчлөл нь маргаан дагуулж байгаа. Хэлэлцээрийн төслөөр бол Тавантолгойн тендерийн төслийн компани Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замыг өөрийн хөрөнгөөр барьж өмчилж ашиглаад 30 жилийн дараа 51 хувийг нь төрд үнэ төлбөргүй хүлээлгэж өгөх юм. Эндээс “өмчлөх” нь маргааны бас нэгэн том сэдэв болов.

Төмөр зам бол зам, дээгүүр нь явах хөдлөх бүрэлдэхүүн, тээврийн нийлбэр юм. Энэ цогц ойлголтоос зөвхөн төмөр замыг салгаж төмөр замын суурь бүтэц гэдэг. Замгүй бол тээвэр явахгүй, тээвэргүй бол тэр зам ашиггүй. Тэгэхдээ л тээвэргүй ч гэсэн хамгийн чухал нь суурь бүтэц буюу төмөр зам нь. Тэр тусмаа хил орчмын төмөр зам бол стратегийн ач холбогдолтой. Ийм төмөр зам буюу суурь бүтцийн өмчлөлийн 51-ээс дээш хувь нь төрийн мэдэлд байхыг хуульчилсан. Энэ тухай Төмөр замын тээврийн тухай хуульд бий. Тэгсэн атлаа энэ хуульд бас концессийн гэрээгээр барьж ашиглаад тодорхой хугацааны дараа өмчлөлөө шилжүүлж болох тухай заалт байдаг. Чухамдаа хуулийн энэ ац утга, хоёрдмол ойлголт л талцуулах далим болж байгаа юм. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д болохоор шинээр барих төмөр замын суурь бүт­цийн өмчлөлийг Төмөр замын тээврийн тухай хуулийн дээрх заалтаар зохицуулна гэжээ

А.Гансүх нар суурь бүтцийн 51 хувь нь төрийн өмчид байх ёстой гэдэг. Тэд хуулийн байгаа заалт барьж ярьж байгаа бөгөөд энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж ч бий. Гэхдээ ҮАБЗ-ийн зөвлөмж бол зөвлөмж, яг мөрдөх учиртай хууль бас биш. Харин хууль тогтоох дээд байгууллагын баталсан Төмөр замын тээврийн тухай хуульд болохоор “Улсын эдийн за­саг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсхүл түүний өмчлөлд ашиг­лалтын тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцөлөөр шинээр байгуулж болох бөгөөд эдгээр суурь бүтэц, төмөр замын шу­гамын чигийг Засгийн га­зар тогтооно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, А.Гансүх нар энэ заалтын “эсхүл” гэдгээс өмнөх хэсгийг баримталж байхад М.Энхсайханы ажлын хэсгийнхэн “эсхүл” гэдгээс хойшхи өгүүлбэрийг боломжит гарц гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ маргааныг хагалах субьект нь УИХ юм. УИХ Тавантолгойн хэлэлцээрийг чуулганы танхимд оруулж ирье гэхээсээ илүүтэй зөрчилтэй хуулийн зөрчилтэй заалтаа нэгмөр болгож өгөх ёстой санагдана. Хуульд юу гэж заана, түүгээр л явах учиртай.

Энд төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих, мөнгөө гаргаад барьсан учраас тодорхой хуга­цаанд өмчлөх, өөрөө барь­сан, тэгээд өмчилж байгаа уч­раас ашиглах, ашиглаад тодор­хой хугацааны дараа 51 хувийг нь төрд үнэ төлбөргүй шилжүүлэх гэсэн дөрвөн янзын ойлголт байгаа юм. Болхи ми­ний бодлоор хэрвээ үнэхээр л “өмчлөх” гэдэг нь маргаан үүсгэж хэлэлцээрийг гацаагаад байгаа юм бол хөрөнгө оруулагчид өмчлөх эрхээсээ татгалзаж бас болмоор л юм. Өөрөөр хэлбэл, тэд мөнгөө гаргаж төмөр замаа бариад 30 жилийн турш ашиглана. Харин өмчлөх эрхийн 51 хувь нь төрийн эзэмшилд үлдэх нь байж болох л хувилбар. Энэ мэтээр маргалдагч хийгээд бодлогын зөрүүтэй байр суурьтай та­лууд үнэхээр л улс орынхоо төлөө, Тавантолгойн ашигтай хувилбарын төлөө явж байгаа нь үнэн л юм бол зөв гарцаа олохын тулд уулзаж ярилцах хэрэгтэй.Түүнээс бус, талцаж гүйгээд, энд тэнд очиж эсрэг тэсрэг мэдэгдэл хийж яваад зөв гарцаа олохгүй. Харин ч ойлголт холдож, нийгмийг улам л талцуулна. Магадгүй, энэ талцал Тавантолгойн энэ талцал улс төрийн хожоо, засагт баг­таагүйн гомдол тайлах тоглоом ч болж болзошгүй.

Гомбожав ОТГОНБАЯР

2015/02/12

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийнхан ОХУ-ын Туватай хамтарч малын хулгайтай тэмцэнэ

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас ОХУ-ын Тува Улсын Кызыл хотод “Боловсрол, соёл, нийгэм-эдийн засаг, хууль эрх зүйн асуудал болон хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, урьд өмнө нь үйлдэгдсэн гэмт хэргүүдийг илрүүлэх” зорилгоор зохион байгуулсан хамтарсан уулзалтанд тус Цагдаагийн газрын дарга, холбогдох алба хаагч нар оролцжээ.

Уулзалтанд ороцсноор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар болон БНТува Улсын Дотоод явдлын яамны удирдлага, эдгээр байгууллагуудын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий хэлтэс, хэсгийн алба хаагч нарын хооронд итгэлцэл бий болж, харилцан бие биенийхээ ажлыг хүндэтгэн, хуулийн хүрээнд түргэн шуурхай мэдээлэл солилцон, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болов.

Categories
мэдээ нийгэм

ХЗХ-ны хохирогчид өнөөдрөөс хугацаагүй суулт хийнэ

Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид Хууль зүйн яамны өмнө хугацаагүй суулт хийнэ гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Учир нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хадгаламж зээлийн хоршоодын хохирол барагдуулах тухай хуудь батлагдсан хэдий ч ажил нь удаашралтай явагдаж байна гэж тэд үзэж байгаа юм. Дампуурлаа зарласан 20 гаруй ХЗХ-нд нэг сая төгрөг хүртэлх хадгаламж эзэмшиж байсан 2000-гаад харилцагч нарын хохирлыг бүрэн барагдуулснаас гадна үлдсэн 6000 гаруй иргэдийн хохирлын тэн хагасыг олгожээ. Ийнхүү хохирлоо гүйцэд барагдуулж чадаагүй иргэдийн төлөөлөл өнөөдрөөс эхлэн Хууль зүйн яамны өмнө хугацаагүй суултаа эхлүүлнэ. Мөн тэд өөрсдийнхөө хохирлыг бүрэн барагдлуулж өгөх хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нар хүргүүлэх юм байна.

Categories
мэдээ спорт

Ардчилсан намын ойн барилдаанд Улсын арслан Н.Батсуурь түрүүлэв

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой, Ардчилсан намын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болов. Барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, улсын заан Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Д.Батболд, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, ТЭЦ-3, Химон констракшны бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, Хөтлийн цемент шохой ХК-ийн бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Төв аймгийн Баянхангай сумын харьяат Дүнжингарад дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээ, ИЗИС-ийн бөх улсын харцага Э.Оюунболд нар шалгарлаа.

Түрүү бөх Н.Батсуурийн хувьд сар шинээс хойшхи таван барилдааны хоёрт нь түрүүлж, их шөвөгт нэг шалгараад байгаа бол, улсын харцага Э.Оюунболд хоёр удаа их шөвөгт шалгараад байна.

Арван хэдэн аймгийн начин хасагдаж сумын цолтой бөхчүүд багтаагүй барилдаанд улсын арслан 4, улсын гарьд 2, улсын заан 3, улсын харцага 8, улсын начин 25, аймаг цэргийн арслан 67, аймаг цэргийн заан 20, аймаг цэргийн харцага 31, аймаг цэргийн начин 64 барилдав. Нэгийн даваанд улсын цолтнуудаас начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, Н.Бүрэнбаатар нар тахим буулгав.

Хоёрын даваа

1. Д.Ганхуяг у.а – О.Очбат а.н

2. Х.Мөнхбаатар у.а – У.Береке а.н

3. Н.Батсуурь у.а– Ч.Мөнхтогтох а.н

4. П.Бүрэнтөгс у.а –Б.Энхсайхан ц.н

5. Д.Рагчаа у.г– Т.Сайханжаргал а.н

6. Б.Гончигдамба у.г– А.Хосбаяр а.н

7. Т.Санчир у.з –Д.Ихтамир а.н

8. Б.Батмөнх у.з –А.Мөнхболд ц.н

9. Б.Соронзонболд у.з– Д.Аззаяа а.н

10. Ө.Бат-Орших у.х– Г.Эрхэмбаяр а.н

11. Т.Өсөх-Ирээдүй у.х– Ч.Эрдэнэсайхан а.н

12. А.Цацабшир у.х– Т.Ядамсүрэн а.н

13. Д.Батболд у.х– Н.Энхжаргал а.н

14. Ц.Содномдорж у.х– Ц.Батжаргал а.х

15. Б.Пүрэвсайхан у.х– Н.Хүрэлсүх а.х

16. Г.Алтангэрэл у.х– Э.Энх-Амгалан а.х

17. Э.Оюунболд у.х– Б.Анхжаргал а.х

18. Ц.Лхагвасүрэн у.н –Б.Төмөрбаатар а.х

19. Ш.Уламбаяр у.н – Ц.Эрхэмбаяр а.х

20. Ж.Отгонбаяр у.н – Д.Батсүх а.х

21. Ж.Оргил у.н – Д.Бямбасүрэн а.х

22. Р.Пүрэвдагва у.н – Ц.Цогт-Эрдэнэ а.х

23. Б.Насандэлгэр у.н –Ц.Мөнхбаяр а.х

24. Д.Цогзолдорж у.н – Х.Батбаяр а.х

25. П.Ганхүү у.н – Д.Бат-Эрдэнэ а.х

26. Л.Гантулга у.н – О.Бундхорол а.х

27. Н.Батзаяа у.н– Н.Мөнх-Ирээдүй а.з

28. Ч.Баянмөнх у.н –Д.Ариунмөрөн а.з

29. М.Эрдэнэбат у.н– М.Даваасүрэн а.з

30. С.Батсуурь у.н– Б.Чүлтэмпунцаг а.з

31. Б.Сангисүрэн у.н– Т.Бэгзсүрэн а.з

32. Б.Сумъяа у.н – Д.Дарханбаатар а.з

33. Б.Амарзаяа у.н –Х.Алтансүх а.з

34. Ч.Цогбаяр у.н – Ц.Бямба-Очир а.з

35. Б.Сугаржаргал у.н– М.Батцэнгэл а.з

36. Т.Баасанхүү у.н –Б.Эрдэнэбаяр а.з

37. Ч.Батчулуун у.н– Б.Баянмөнх а.а

38. Б.Бадамсүрэн у.н– Б.Уугандаваа а.а

39. Л.Лха-Очир у.н– Ө.Сүхбат а.а

40. С.Ариунбилэг а.х.а – Б.Хаш-Эрдэнэ а.а

41. Н.Жаргалбаяр а.х.а– Г.Ганцоож а.а

42. Б.Одгэрэл а.х.а– Н.Эрдэнэчулуун а.а

43. О.Гантулга а.х.а – Б.Хишигбаатар а.а

44. А.Отгонбаатар а.а– П.Батмөнх а.а

45. М.Бадарч а.а – Баар.Отгонбаатар а.а

46. Б.Ганзориг ц.а – Б.Ганхуяг а.а

47. Г.Батням а.а – А.Давааням а.а

48. Б.Хадбаатар а.а– Б.Тайван а.а

49. Ч.Ганзориг а.а– Г.Ганням а.а

50. С.Ерөөлт а.а – Н.Батсайхан а.а

51. Л.Нямбаяр а.а – Б.Эрдэнэхүү а.а

52. Б.Серик а.а –Д.Энхбат а.а

53. П.Гантөгс а.а – Ц.Чимэддорж а.а

54. О.Хангай а.а –Го.Отгонбаатар а.а

55. Н.Ганзориг а.а – Н.Золбоо а.а

56. Б.Батдорж а.а – Ш.Дарханбат а.а

Гурвын даваа

1. Х.Мөнхбаатар у.а– О.Очбат а.н

2. Н.Батсуурь у.а –Д.Бямбасүрэн а.х

3. П.Бүрэнтөгс у.а – Д.Ихтамир а.н

4. Д.Рагчаа у.г –Д.Дарханбаатар а.з

5. Б.Гончигдамба у.г –Б.Төмөрбаатар а.х

6. Б.Батмөнх у.з– Ш.Дарханбат а.а

7. Б.Соронзонболд у.з – Б.Хадбаатар а.а

8. Ө.Бат-Орших у.х– Б.Серик а.а

9. Т.Өсөх-Ирээдүй у.х– Х.Алтансүх а.з

10. А.Цацабшир у.х –Ц.Бямба-Очир а.з

11. Д.Батболд у.х – Н.Золбоо а.а

12. Ц.Содномдорж у.х– Д.Бат-Эрдэнэ а.х

13. Б.Пүрэвсайхан у.х– А.Давааням а.а

14. Г.Алтангэрэл у.х– А.Отгонбаатар а.а

15. Э.Оюунболд у.х– Б.Хаш-Эрдэнэ а.а

16. Ш.Уламбаяр у.н –Д.Цогзолдорж у.н

17. Ж.Отгонбаяр у.н – Баар.Отгонбаатар а.а

18. Р.Пүрэвдагва у.н – Ц.Мөнхбаяр а.х

19. Л.Гантулга у.н– Б.Ганхуяг а.а

20. Н.Батзаяа у.н– Б.Хишигбаатар а.а

21. Ч.Баянмөнх у.н– Н.Батсайхан а.а

22. М.Эрдэнэбат у.н– Н.Жаргалбаяр а.х.а

23. С.Батсуурь у.н – Ч.Ганзориг а.а

24. Б.Сангисүрэн у.н – Б.Бадамсүрэн у.н

25. Б.Сугаржаргал у.н– Б.Эрдэнэхүү а.а

26. Т.Баасанхүү у.н –Ц.Чимэддорж а.а

27. Ч.Батчулуун у.н– О.Хангай а.а

28. Л.Лха-Очир у.н –Б.Одгэрэл а.х.а тунав.

Дөрвийн даваа

1. Х.Мөнхбаатар у.а – Д.Ихтамир а.н

2. Н.Батсуурь у.а– Ц.Мөнхбаяр а.х

3. Д.Рагчаа у.г– Баар.Отгонбаатар а.а

4. Б.Гончигдамба у.г –Н.Золбоо а.а

5. Б.Батмөнх у.з –Ч.Ганзориг а.а

6. Ө.Бат-Орших у.х– Б.Хадбаатар а.а

7. Т.Өсөх-Ирээдүй у.х – Л.Лха-Очир у.н

8. А.Цацабшир у.х– Б.Бадамсүрэн у.н

9. Ц.Содномдорж у.х – Ч.Батчулуун у.н

10. Б.Пүрэвсайхан у.х– Т.Баасанхүү у.н

11. Г.Алтангэрэл у.х – Б.Сугаржаргал у.н

12. Э.Оюунболд у.х– М.Эрдэнэбат у.н

13. Ш.Уламбаяр у.н – Ч.Баянмөнх у.н

14. Л.Гантулга у.н – Н.Батзаяа у.н

Тавын даваа

1. Н.Батсуурь у.а– Д.Ихтамир а.н

2. Д.Рагчаа у.г – Н.Батзаяа у.н

3. Б.Гончигдамба у.г– Ч.Баянмөнх у.н

4. Б.Батмөнх у.з– Ч.Батчулуун у.н

5. Ө.Бат-Орших у.х – Б.Сугаржаргал у.н

6. А.Цацабшир у.х– Л.Лха-Очир у.н

7. Б.Пүрэвсайхан у.х – Э.Оюунболд у.х тунав

Зургаагийн даваа

1. Н.Батсуурь у.а– гоц мөргөв.

2. Б.Гончигдамба у.г– Н.Батзаяа у.н

3. Б.Батмөнх у.з– Б.Сугаржаргал у.н

4. А.Цацабшир у.х – Э.Оюунболд у.х тунав

Долоогийн даваа

1. Н.Батсуурь у.а– Б.Батмөнх у.з

2. Б.Гончигдамба у.г– Э.Оюунболд у.х тунав

Наймын даваа

1. Н.Батсуурь у.а– Б.Гончигдамба у.г

/түрүүлэв/ /үзүүрлэв/

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэг сайд сайхан бэлгэтэй үг хэллээ

Монголчууд бид олимпийн анхны аваргатай болсон өдрөө үнэхээр баярлаж, сэтгэл сэргэж хоносон билээ. Өмнөхөн нь айхавтар юм ч үзсэн байсан даа. Тэрнээс хойш сайхан ч үгүй байсан ард түмний сэтгэл сая Ч.Сайханбилэгийн үгэнд айхавтар сэргэлээ. Энэ нийтлэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн пиар миарт огт хамаагүй, хэлсэн үгийг нь сонсоод бичиж байгаа хэрэг шүү. Түүний хэлсэн үгтэй холбогдуулан маш олон иргэн манай редакцитай холбогдож, зарим нь биеэр ирж уулзан санал бодлоо солилцлоо. Эндээс харахад ард түмний хүсч бодож байсан Ч.Сайханбилэгийн үгэнд байгаа бололтой.

Монголчууд шинэ зуун гарсаар гурван зүйлд их баярлалаа. Их өрийг тэглэхэд, олимпийн аваргатай болоход, сая Ч.Сайханбилэгийн хэлсэн Оюу толгой, Таван толгой хөдөлнө, 1072 ширхэг хувьцаа амилна гэсэн үгэнд их баярлав. Ерөнхий сайдын хэлсэн үгс эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед үнэ цэнтэй байна. Тэр ингэж албан ёсоор мэдэгдлээ … Оюу толгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаарзарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно. Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюу толгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө.

Таван толгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээ хүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Таван Толгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо. Таван толгой төслийн их бүтээн байгуулалт зөвхөн яриа маргаан бус бодит ажил болжэхэлснээр бүхэл бүтэн 6 жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна. Төсөвт зөвхөн энэ жил 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна.

Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэнхэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жилгэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна. Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг Эрдэнэтийн 51%, Оюу толгойн 34% багтдаг Эрдэнэс Монгол компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг бид судлан шийдэх боломжтой гэж үзэж байна. Шулуухан хэлэхэд,хоёр том төслөө хөдөлгөж байж л, араас нь залгах бусад хөрөнгө оруулалт бодитоор орж ирнэ. Ерөнхий сайдын хувьд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө гаргах ёстой шийдвэрээ, гаргах ёстой цаг хугацаанд нь ийнхүү гаргаж байна. Энэ шийдвэрүүдийнхээ хариуцлагыг Монгол түмнийхээ өмнө, түүхийн өмнө, цаг хугацааны өмнө би бүрэн хүлээх болно… гэлээ.

Түүний хэлснээр одоо бодлоготой, шаргуу, зоригтой зүтгэж чадвал Монголын эдийн засаг сэргэх нь. Ер нь бодоод байхад ерэн оноос хойш бид дийлэнхдээ “баларлаа, сүйрлээ, тэр ч идлээ, энэ ч уулаа, огцруулна зайлуулна” гэсэн үгнээс өөрийг сонсолгүй явж иржээ. Их өр, олимпийн аварга завсар нь гялс хийснийг эс тооцвол шүү. Ч.Сайханбилэгийн бас нэг мэдэгдэл нь орон сууцны 8 хувийн зээлийн тухай байв. …Орон сууцны ипотекийн 8%-н зээлийн хөтөлбөрөө энэ жил үргэлжлүүлнэ. Бид энэ жил 8%-н зээлээ зөнгөөр нь үргэлжлүүлэхгүй ээ. Тэтгэврийн сангийн шинэ зохион байгуулалтыг эхлүүлж тэтгэврийн сангаа хөрөнгөжүүлэх, нэрийн дансаа хүн бүр дээр жинхэнэ утгаар нь нээн бодитой ажиллуулах, сангийн хөрөнгийг үр ашигтай арвижуулах, 8%-н моргейжийн хөтөлбөртэй холбох чухал ажлуудыг хийх болно. Ипотекийн зээлд 80 м.кв-аас дээш байр авах хүмүүсээ хамруулах ажлаа энэ жилээс эхэлнэ. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлж зээлэнд хамрагдах боломжгүй иргэддээ түрээсийн байранд амьдрах боломжийг шинээр бий болгоно… гэсэн нь иргэдийн дунд яригдаж, хүлээгдэж байсан асуудал байв. Тэр мөн өнөөдөр бөөн хэл ам, хэрүүл тэмцлийн талбар болоод байгаа Гацууртын ордыг ашиглана гэдгээ албан ёсоор хэллээ. …Гацууртын ордыг ашиглах хугацааны нөөц ашигласны төлбөрийн 30%, тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%-г орон нутагт нь шинэ хуулиар үлдээнэ. Энэ аргаар тооцоход Гацууртын ордыг ашигласнаар 60 гаруй тэрбум төгрөг орон нутагтаа үлдэх болно. Энэ мөнгөөюунд зарцуулах, ямар хөрөнгө оруулалт хийхээ орон нутаг нь, ард иргэд нь өөрсдөө мэдэг. Шинэ сумаа байгуулах уу, цэцэрлэг сургуулиа барих уу, хүмүүс нь өөрсдөө шийдэг, хянаг. Харин энд нэг зүйлийг тодорхой хэлье. Ноён уул байгалиас заяасан төрхтэйгээ, түүхээс өвлөсөн өвтэйгээ үлдэнэ. Харин Гацууртын ордыг ашиглах болно. Энд төөрч будилах, мушгих гуйвуулах ямар ч шаардлага байхгүй. Дахин хэлэхэд Ноён уул хөндөгдөхгүй байгаагаараа үлдэнэ. Харин Гацууртын ордыг ашиглах болно гэсэн нь энд тэнд бичил “боко харам” шахуу үүсгэж буй нөхдөд хариулт болов. Ч.Сайханбилэгийн хөндсөн бас нэг сэдэв нь үнэ чөлөөлөх хийгээд эрчим хүчний эх үүсвэрийн тухай асуудлууд байлаа. …Бензин шатахууны үнийг цаашид үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр бус дэлхийн зах зээлийн үнийн өсөлт бууралттай холбоотой дээш доошоо хэлбэлзэж буудаг тогтолцоонд шилжүүлэх цаг нь болсон. Бид эхний ээлжинд үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зогсоосон. Харамсалтай нь, дэлхий дахинд эрс хямдарсан бензин шатахууны үнэ буух байсныоронд шатахуунд тавьсан татварыг бид нийгмийн зарим халамж, цалингийн нэмэгдэлд энэ жилдээ зарцуулахаар болсон билээ. Дэлхийд хямдарсан бензинийг Монголд үнэтэй байлгадаг нь популизм. Мөн олон жил яригдсан тавдугаар цахилгаан станц төслийг гацаанаас гаргахаар боллоо. Ерөнхий сайдын хувьд хэлэлцээ хийж байгаа хоёр тал болох Засгийн газрын ажлын хэсэг, хөрөнгө оруулагч түншлэлийн төлөөллийг дуудаж уулзсан. Бүх яриа хэлэлцээ, бичиг цаасны ажлаа энэ сард багтааж дуусгахыг хоёр талд үүрэг болголоо. Хэрвээ сардаа багтаж хэлэлцээгээ дуусгаж амжихгүй бол нэг талаас яам тамгын ажлын хэсгийн гишүүдийг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцно, харин нөгөө талаас тохиролцож чадахгүй бол хөрөнгө оруулагч дараагийн түншлэлтэй шинэ хэлэлцээр эхлүүлнэ гэдгийг хувийн хэвшлийнхэнд хатуу санууллаа. Хоёр тал ингэж чадахаа илэрхийлж 5-р цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны долдугаар сард эхлүүлэхээ амлалаа. Засгийн газраас 5-р цахилгаан станцын төслөөс гадна Багануур, Бөөрөлжүүт, Шивээ Овоо, Тавантолгой цахилгаан станц, Эг, Ховд гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудыг барих хөрөнгийг босгох холбогдох шийдвэрүүдийг гаргаад байна. Ялангуяа, Эгийн голын УЦС-ыг барьж ашиглалтад оруулснаар эрчим хүч системийнхээ хувьд бүрэн бүрэлдэж ажиллах боломжтой болох юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр шинээр 6-7 станц зэрэг баригдаж эрчим хүчний импортлогч орноос экспортлогч орон болно… хэмээн мэдэгдсэн юм. Энэ мэт сайн мэдээг бид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс албан ёсоор хүлээж авлаа. Одоо… одоо хаана гацах бол гэдэгт ард түмэн санаа зовниж байна. Өчигдөр УИХ-ын чуулган эхэллээ. Үнэндээ Их хурлын гишүүдийг бид элдвээр хэлдэг. Гэхдээ хамгийн үнэн гэвэл тэр танхимд суух ёстой хүмүүс нь л суусан байдаг. Цаг зуурын ганц нэг хүмүүс хаана ч байж л байдаг. Тийм цаг зуурын популист нөхөд мэр сэр бий. Гэхдээ л Монголын сортоотой аавын хүүхдүүд УИХ-ын чуулганы танхимд сууж байгаа гэдэгт ард түмэн итгэж байгаа. Монгол Улсад өрнөх их бүтээн байгуулалтыг, их хөрөнгө мөнгө урсан орж ирэх ажлыг энэ чуулганаар гайгүй явуулчих байх. Өнөөдөр УИХ-Засгийн Газрын хооронд аар саар зөрчил байна уу даа хэмээн иргэд ярьж байгаа юм. Гэвч нэг парламентад тохой залгаж, нэг намд бөөрөө нийлүүлж, нэг жалганд хаяа хатган буусан ухаантай, боловсролтой хүмүүс учраа ололцох бололтой. Хэрэвзээ, популистуудаасаа болоод УИХ дотроо ийм асуудал дээр учраа ололцохгүй бол ард түмэн өөрсдөө учрыг нь ололцуулахаар мориндоо морддог үйл явц дэлхийгээр нэг өрнөж байгаа. Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа “Одоо л нэг зөв явах нь” хэмээн баярлаж хөөрсөн ард түмэн тэр эрчээрээ ажлаа эрчимжүүлэхийг шаардан гэр майхнаа ачин ирж төв талбайг дүүргэж мэдэхийг өнөөдрийн УИХ мэдэж байгаа. Баяр хөөр рүүгээ ус цацуулахыг хүсдэг ард түмэн гэж байдаггүйг ч тэд бас мэднэ.

“Популистуудын амаар бол болж бүтэх юм, хэрэгжиж дуусах ажил нэг ч байхгүй. Нэг бол гэрээ нь муу гэнэ, эсвэл төмөр зам нь биш гэнэ, эцэстээ уул, үхэр, булш… гээд л хөгжлийг гацаагч үгсийн энэ цуглуулга улам баяжих шинжиндээ орлоо” гэсэн өгүүлбэр Ч.Сайханбилэгийн үгэн дотроос тод уншигдаж байна лээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Онгоц одтой, хөх бар өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 8. Буд гариг. Билгийн тооллын 19. Онгоц одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 06.28 цагт мандан, 19.32 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур ханд. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна.

Categories
мэдээ нийгэм

Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа газрын зориулалтыг судална

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газрын зориулалт нь УИХ-аас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгээр тогтоосон Газар зохион байгуулалт, газар ашиглалтын бүсчлэлтэй нийцэж буй эсэх талаар судалгаа хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулна.

Уг ажлыг энэ оны 6 дугаар сард багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төв замын цас мөсийг цэвэрлэж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон их цас халтиргаа гулгаа үүсгэж нийслэлчүүдийг тэвдүүлсэн. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчид 12 машин, 7 механизм, үйлчилгээний 6 машинтайгаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна.
Авто замын халтиргаа, гулгааг арилгах зорилгоор амралтын өдрүүдэд Хан-Уул, Баянгол дүүрэгт, Богд уулын арын зам, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Сансарын замууд, Намянжү, Дорж, Монель, Дарь-эх, Дамбадаржаа, Санзай, 7 буудал, Бэлх, Сэлх, Цайз, Шархад, Алтан өлгий,Улиастай,Хужирбулан, Баянзүрхийн товчоо, Айдас, Морин, Эмээлт, Баруунтурууны даваанууд, Баянхошуу, Хилчин, 7, 21-р хорооллууд, Зурагт, 22-ын товчоо чиглэлийн замуудад нийт 70 гаруй тонн бодис цацсан.
Харин өчигдөр Сөүлийн гудамж, 1-р сургууль, Баянзүрхийн товчооны замд 2тн бодис цацаж, зам цэвэрлэгээний ажлыг хийлээ. Цас мөс гүйцэд арилаагүй, нэмж халтиргаа үүссэн замуудыг цэвэрлэх ажил өнөөдөр үргэлжилж байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.