Categories
мэдээ нийгэм

Д.Энхтайван: Монголын төр оюун ухааны нөөц дээрээ менежмент хийхгүй байна

Энэ өдрүүдэд АН үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын өдрүүд болж байна. Тэртээх он жилүүдэд Эрдэнэт хотноо Ардчилсан холбоог анх үүсгэн байгуулж, удирдаж явсан нэгэн эрхэмтэй цаг үеийн сэдвээр яриа өрнүүллээ.

Танд Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бол ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Өнөөдөр Монголд дээрээ бутрал, задрал л явагдаж байна. Нэг бодлого, нэг мөрийн хөтөлбөртэй нам хүртэл фракциуд гээд хэдэн тийшээ харлаа. Юун нөгөө үндэсний эрх ашиг, эв нэгдэл. Үүнийг та хэрхэн харж байна.

-Та зөв хэллээ. Юун Үндэсний эрх ашиг? Хуульгүй хяналтгүй, хулгай хийх боломж бий болсон учраас намаар дамжиж төрд гарагсдад хувааж идэх ашиг сонирхол л байгаа болохоос үндэсний эрх ашиг, үзэл баримтлал байхгүй болсон. Өнөөдөр эргээд коммунизм, социализм байгуулах боломжгүй. Хаант засагтай болох боломжгүй. Ардчиллын замаар зөв хөгжсөн Ази, Европын олон жишээ бий. Хуулиас гадуур дураараа авирлах асуудал гаарснаас Ардчилсан хувьсгалын ололтыг авлигачдад завших боломж гаргасан нь бидний алдаа. Төр ариун байх аваас, ард амгалан оршино, талцдаггүй, нэгдмэл, хүчирхэг монголчуудын төлөө гэж би 1990 оноос хойш зүтгэж ирсэн.

Энэ бүх үйл явц хэзээ дуусах юм бол оо, эсвэлдуусахгүй юм уу?

-Морь унасан ёроолгүй ходоодтой, толгойгүй төртэй л болчихлоо. Хулгайч, луйварчдад хууль үйлчилдэг болсон цагт, хэвлэл мэдээлэл луйвраар хөлжигсдөөс хараат бус болсон тохиолдолд, төрийг тонон дээрэмдсэн улс төрчид, тэдгээрийн хамаатан саднуудад толгой дараалан хууль хэрэгжсэн тохиолдолд энэ бүхэн дуусгавар болно. Товчхондоо хууль, прокурор шүүх, тагнуул, АТГ-ын ажилтнууд, улс төрийн намаар халхавчилсан гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх амаргүй бөгөөд түүхэн хариуцлагын өмнө тулгарч ирээд байна.

Та бүгдийг Ардчиллын төлөө тэмцэж байх тэр үед чөлөөт хэвлэл мэдээлэлтэй байх нь гол зорилго байсан байх.

-Ардчиллын гол зарчим нь ил тод байдал, хуулийн өмнө тэгш байх зарчим, олон нийтийн дуу хоолой болсон чөлөөт хэвлэлтэй байх. Ийм л тулгуур зарчимтай байлаа. Нэг намаас хараат хэвлэл мэдээлэл, шүүх прокурор байсан учраас Бямбын Ренчин, Чойном, Лоохууз нар хэлмэгдэж байлаа. Нэг улс төрийн хүчнээс хэвлэл мэдээлэл, хуулийн байгууллага хараат явж ирсэн гаж уламжлалыг өнөөгийн улс төрийн хүчнүүд өөрчлөхгүй явж ирсэн. Үүнийг арилгах ёстой. Хараат бус шүүх прокурор, хэвлэл мэдээлэлтэй болох ёстой.

Төрийн эрхэнд байгаа хоёр том нам өвөр түрийдээ орчихсон. Ялгах аргагүй болчихсон гэж иргэд шүүмжилж байна. Танд яаж харагддаг вэ?

-Намууд санхүүжилтээ авлигаар шийдэж ирсэн нь эцэстээ үзэл баримтлал ч үгүй болж, улсаа хөгжүүлэх биш, хямраадаг хортой бүтэц болон хувирсан. Энэ бүгд авлигачдын буруу болохоос биш Ардчиллын буруу биш ээ. Энэ бүгдийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Ардчиллын түүх, алдаа оноотойгоо үнэн зөвөөр бичигдэх хэрэгтэй. Өмч хувьчлал, Төрийн өмчийн архив, дуулиант гэмт хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн эрүүгийн архив, улс төрийн намуудын архив хойч үедээ бүрэн бүтнээрээ ямар нэгэн устгал, засваргүйгээр үлдээх нь чухал. Бохир улс төр, бохир бизнесийн оршин тогтнох үндсийг устгасан тохиолдолд Монгол орон цэцэглэн хөгжинө гэдэгт би итгэдэг. Ардчиллын амин сүнс нь хууль хяналт, ил тод байдал, шударга, хараат бус хэвлэл мэдээлэл юм.

Улс орныг улс төрчид бус үндэсний хөрөнгөтнүүд авч явж байгаа гэдэгтэй санал нийлэх үү?

-Төрийг тонон дээрэмдсэн авлигачдыг үндэсний хөрөнгөтнүүд гэж андуурч ойлгож болохгүй. Тэр үндэсний хөрөнгөтнүүдийн хөрөнгөтөн болсон түүх нь хулгай, луйваргүй зөв байх ёстой. Улс орныг үндэсний хөрөнгөтнүүд гэхээсээ үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний сэхээтнүүд, улсын үндэс болсон газар шороо, бэлчээр нутагтаа эзэн сууж, өвөг дээдсийнхээ буйрыг сахисан уламжлалт мал аж ахуй эрхлэгчид авч яваа.

Эхний саяыг бол хулгайлж олдог гэсэн зарчим л яваад л байх шиг санагдах юм.

-Тэр буруу. Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ гэдэг л болоод байна. Тиймээс өршөөлийн хууль гаргаад, өршөөгдчихөөр бүх юм сайхан болчихно гэвэл эндүүрэл. Бүх архивыг бүрэн бүтнээр нь хойч үедээ авч үлдэх нь 2 талын ач холбогдолтой. Гүтгэгдсэн, хэлмэгдсэн хүмүүсийн үр сад нэр төрөө сэргээхэд, хулгайч луйварчдын удам, угсааг Монгол түмэн мэдэж байх нь ирээдүйн зөв хөгжлийн үндэс болно. Ямар ч байсан бид хойч үедээ үнэн түүх үлдээх ёстой. Өнөөдрийн хүмүүс өнөөдрийгөө шүүдэггүй юм. Хожмын хүмүүс шүүнэ. За энэ дуулиант хэргүүд гээд байгаа эрүүгийн архивуудыг хадгалаад сайхан үлдээчих хэрэгтэй.

Ардчилсан нам 2012 оноос хойш төрд олонхи байна. Өнөөдрийн төр барьж байгаа түвшин, өмнөх намын барьж байсан түвшин хоёрыг харьцуулж харж байгаа байлгүй дээ, та. Өөрсдийнхнөө голох тохиолдол байна уу. Эсвэл өөрсдийнхөн маань бас чиг илүү авч явж байна гэж харж байна уу?

-Ялгаа тун бага. Аль аль нь жирийн гишүүдийг худалдаж авах замаар намыг олигархиуд төлөөлөх болсон. Улс оронд хэрэгтэй мэргэжилтнүүд олон намд хуваагдан боловсон хүчний нөөц тарамдагдчихсан. Оюутолгой, Тавантолгойгоор маргаж, оюун тархитай Монгол хүнээ мартсан. Монголын оюун ухааны нөөц дээр төр нь менежмент хийхгүй байна. Өндөр хөгжилтэй оронд өндөр боловсрол эзэмшсэн сайхан залуус эрдэм боловсролоо эх орондоо зориулах боломж хаалттай. Зөвхөн жалга довны намчирхах, бүлэглэх үзэл улс орны хөгжилд саад болж байна.

Энэ процесс 25 жилүргэлжилж байгаа нь эмгэнэлтэй санагдах юм.

-Хууль шүүхийн шинэчлэл явагдаж байна. Шилэн дансны хууль дөнгөж хэрэгжиж эхлээд байна. Авлигачдад айдастай, ард түмэнд ивээлтэй улс төрийн хавар эхлэж байна. Төрийн тогтолцоог өөрчилж, үндсэн хуулийг шинэчлэх хэрэгтэй. Хоёр танхимтай парламент болон Үндэсний эрх ашгийн зөвлөлтэй болох хэрэгтэй. Энэ зөвлөлд 60-аас дээш насны төрийн ажлын туршлагатай хүмүүсээр бүрдүүлэх ёстой. Гадны болон бизнесийн лобби орж батлагдсан хууль, журмыг үндэсний эрх ашигт хохиролтой тохиолдолд хүчингүй болгох ёстой. Буурал дээдсийн буяныг бусдад алдчихалгүй, бултаараа өнө удаан жаргах бүрэн боломж зөвхөн Монголд бий. Хулгай худлыг цээрлүүлдэг хууль шүүхтэй болсон цагт хүн шиг амьдарч, улс шиг хөгжинө. Ард иргэдээ дээдлэсэн, иргэний ардчилсан сонголтоос өөр сонголт бидэнд байхгүй.

Б.НЯМАА

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ээс улаанбурханы эсрэг вакцин нийлүүлэхээр боллоо

НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч, хатагтай Judith Bruno Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаатай уулзаж, түүний хүсэлтийн дагуу улаанбурхан өвчний эсрэг вакцин, тариур, дагалдах хэрэгсэл, “А” амин дэмийг нийлүүлэх болсоноо албан ёсоор мэдэгдлээ.

Дэд сайд Д.Атармаа улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа энэ үед шуурхай арга хэмжээ авч, нэн шаардлагатай вакцин, “А” амин дэмээр хангаж байгаад талархал илэрхийлж, “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг амжилттай зохион байгуулна гэдгээ хэлэв.

Categories
мэдээ улс-төр

Санхүүгийн Зохицуулах хороотой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа нар Бичил бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

НИТХ-ын 2014 оны 17/16 дугаар тогтоолоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр” баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан” байгуулсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг дэмжиж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уг хөтөлбөрийг үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинээр байгуулагдсан хоршоодын чадавхийг бэхжүүлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Уг хөтөлбөрөөр дамжуулан нийт 15.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан Хадгаламж зээлийн хоршоонд жилийн 1 хувийн хүүтэй хөнгөлттэй зээл олгож, хоршоо нь тухай хорооны өөрийн гишүүдэд сарын 1.2 хувийн буюу жилийн 14.4 хувийн хүүтэйгээр дамжуулан зээл олгох юм. Мөн “Бичил бизнесийг дэмжих сан” нь одоогийн байдлаар 42 хорооны 32 Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан нийт 610 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд шинээр 451 ажлын байр нэмэгдэж, 857 ажлын байр хадгалагдаж байна.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Бичил бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Бичил бизнес эрхэлж байгаа иргэдэд тулгардаг хэцүү асуудал бол санхүүгийн үйлчилгээ байдаг. Энэ ч үүднээс нийслэлээс бичил бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжин ажиллаж байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд дараагийн шатанд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Содура”-гийн өдөрлөг болно

“Содура” уран сайхны киноны өдөрлөг өнөөдөр “HUNNU MALL”-ын зааланд болно.

Өдөрлөгийн үеэр тус киноны гол дүрийн жүжигчидтэй зургаа авахуулахаас гадна киноны дууг Ч.Очгэрэлийн дуулснаар сонсч, охидын “Солонго” хамтлагтай цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Мөн сугалаа, хөгжөөнт тоглоом, “Содура” киноны дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээн, “Содурагийн эргэн тойронд” асуулт хариултын тэмцээн зэрэг болох ажээ.

Categories
гадаад мэдээ

Оросын шумбагч онгоц дээр гал гарчээ

Оросын “Орел” нэртэй цөмийн усан доогуур шумбагч онгоц дээр гал гарсан тухай мэдээллээ. Шумбагч онгоц Архангельск мужийн Северодинск хотод байрлах засварын үйлдвэр дээр байсан гэнэ. Засвар хийж байхад усан онгоцын есдүгээр хэсэгт гарсан түймрийг унтраахад нэлээд хэдэн цаг шаардагджээ. Үүнтэй холбогдуулан аюулгүй байдлыг хангах журмыг зөрчсөн хэмээн шалгаж байгаа гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгчийн хүү осолд оржээ

Украины Ерөнхийлөгч П.Порошенкогийн хүү, парламентын гишүүн Алексей Порошенко Киевийн хотын төвд сум нэвтэрдэггүй “BMW” машинтай явж байгаад осолджээ. Түүний машиныг “Mitsubishi L200” маркийн жип мөргөсөн байна. Уг машины жолооч нь буруугаа хүлээсэн бөгөөд талууд ослын газар дээр учраа ололцсон тухай мэдээллээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Цагаан ордонд тог тасарчээ

Өчигдөр Вашингтон хотноо Цагаан ордон, Капитол, Төрийн Департаментгээд нэлээд хэдэн төрийн байгууллагууд цахилгаангүй болсон байна. Ройтертс агентлагийн уламжилснаар цахилгаан станц дээр осол гарч дамжуулах шугаманд гэмтэл гарснаас хэдэн минутын туршид тог тасарсан хэмээн албаны эх сурвалжууд мэдээллээ. Америкийн төрийн гол байгууллагууд байрлах Вашингтон хотын энэ хэсгийг “Pepco” компани хариуцдаг юм байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

Казиногийн тухай хуулийг хэлэлцэнэ

Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэх юм байна.


1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Улсын Их Хурлын Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааны тайланг сонсох.

2.Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Нутгийн удирдлагын дэд хорооны 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай;

Бусад.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлт;

Казиногийн тухай, Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлын тухай Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээлэл;

Төрийн өмчийн хувьчлал, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн менежментийн талаар баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын мэдээлэл;

Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө батлах, Өргөдлийн байнгын хорооноос Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд хийсэн ажлын талаар танилцуулах.

5.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

6.Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр болох Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн Үндэсний чуулганы бэлтгэл ажлын тухай.

Categories
мэдээ нийгэм

Сурагч хүү үзсэн киноноосоо сэдэл авч банкнаас мөнгө хулгайлах гээд баригджээ

Дорноговь аймгийн Төмөрзамын III багт үйл ажиллагаа явуулдаг “Төрийнбанк”-нд хулгай орсон хэрэг гарсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад энэ сарын 1-ний 06:00 цагийн орчимд дээрх банкны дохиолол ажилласан гэнэ. “Төрийн банк”-ныхан ажлын бус цагаар ямар нэгэн болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлж дохиоллын систем суурилуулсан байжээ. Гэрээт харуул хамгаалалтын албаныхан банкинд гадны хүн нэвтэрч дохиолол дуугарах үед шуурхай очсон байна. Хамгаалалтын ажилтнууд банкинд очих үед хулгайч хэдийнэ “Төрийн банк”-ны цонхны түгжээг эвдэлж, дотогш нэвтэрсэн байсан гэнэ. Гэмт этгээд хар өнгийн баг өмссөн болохоор хэн болох нь танигдаагүй байна. Иймд банкны хамгаалагч нар гэмт этгээдэд хандан “Ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй гараад ир. Чамайг бүсэлсэн” гэж хэлсэн байна. Энэ үед гэмт этгээд гартаа хутга барьж гарч ирэн “Ойртвол хутгална шүү. Хойшоо бай” гэж сүрдүүлээд банкны хажууд орхисон мотоциклио унаад зугтаасан байна.

БАНКНЫ ХАМГААЛАГЧ НАРЫГ СҮРДҮҮЛСЭН ГЭВ

Гэмт хэрэгтэн хэргийн газраас зугтаасан учир Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст яаралтай дуудлага өгсөн аж. Дуудлагын дагуу цагдаа нар хэргийн газарт шуурхай ирсэн байна. Гэмт этгээд банкнаас ямар нэгэн эд зүйлс болон мөнгө авч амжилгүй зугтаасан нь хэргийн газрын үзлэгээр тодорхой болсон байна. Харин банкны мөнгө хадгалдаг өрөөг онгойлгох гэж оролдсон байжээ. Цагдаа нар банкны харуул хамгаалалтын албаны ажилтнуудаас гэмт хэрэгтний содон шинж тэмдэг, хэн байж болох, өмнө нь ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдсан зэргийг асууж тодруулсан байна. Хамгаалагч нар “Жижигхэн биетэй хүн байсан. Гартаа хутга барьчихсан байсан. Дуу хоолой нь хүүхдийнх шиг сонсогдсон. Гэхдээ хутга барьж гарч ирээд “Ойртвол ална шүү” гээд сүрдүүлсэн болохоор барьж авч чадаагүй. Улаан мотоцикль унаад л байшин тойроод зугтаасан” гэх утга бүхий тайлбарыг өгчээ. Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсийн албан хаагч нар банкинд халдсан этгээд хүүхэд байж магадгүй гэх таамаг дэвшүүлж, мотоциклийн мөр хөөж явсан байна. Аймгийн төвд улаан өнгөтэй мотоцикль унадаг хүмүүсийн талаарх мэдээллийг авч эхэлсэн байна. Ингээд хэрэг гарснаас 20 гаруй минутын дотор гэмт этгээдийг гэртээ очсон байхад нь саатуулжээ. Банкинд халдсан этгээд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч 15 настай Б болох нь тогтоогджээ.

КИНО ҮЗЭЭД БАНК ДЭЭРЭМДЭХ СЭДЭЛ ТӨРЖЭЭ

Сурагч Б-г цагдаа нар саатуулж, юуны учир банк руу халдах болсон талаар мэдүүлэг, тайлбар авсан байна. Б “Их мөнгөтэй болох гээд л банк руу орсон. Арын цонхоор нь ороод мөнгө хадгалж байж магадгүй гээд түгжээтэй хаалга эвдэх гээд зогсож байтал хүмүүс хүрээд ирсэн. Тэгээд л зугтаачихсан юм” гэсэн тайлбар өгсөн гэнэ. Дунд сургуулийн хүүхдэд юунаас болж их хэмжээний мөнгө хэрэг болсон талаар тодруулахад ”Төрийн банк” хүмүүсийн цалинг өгдөг. Өндөр настны тэтгэвэр, халамж өгдөг болохоор их хэмжээний мөнгөтэй байдаг гэж хүнээс сонсож байсан. Тэгээд банк дээрэмдэг кино үзээд аймгийнхаа банкнаас мөнгө хулгайлах санааг олсон юм. Орой ажил тарахаар банкны бүх ажилтан яваад өгдөг юм билээ. Хамгийн сүүлд хамгаалагч банкийг цоожлоод гардаг гэдгийг олж мэдсэн. Тэгээд л өглөө үүрээр банк руу очсон юм” гэж мэдүүлжээ.

Сүүлийн үед бага насны хүүхдүүд үзсэн кино, интернэт тоглоом зэргээс гэмт хэрэг үйлдэх санаа сэдлийг авдаг үзэгдэл ихэсч байгаа гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Мөн гурван жилийн өмнө Налайх дүүргийн ХААН банкийг А.Бат-Ялалт гэгч дээрэмдэж, хоёр хүнийг буудаж, нэг нь газар дээрээ амь насаа алдсан хэрэг гарсан. А.Бат-Ялалт “Банк дээрэмдэж буй нэгэн кино үзсэн. Тэр киноноос банк дээрэмдэх сэдэл авсан. Кинон дээр гарсан үйл явдал шиг буу бэлдэж, машин хөлсөлж, дээрэмдсэн” гэж мэдүүлж байсан. Тэгвэл Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б гэх 15 настай хүү мөн л банк дээрэмдсэн кино үзсэнээс гэмт хэрэг үйлдэх сэдэл төрснөө хэлсэн байна.

Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс банкинд халдсан сурагч Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусч, прокурорт шилжих аж.

Э.Баатар

Categories
мэдээ цаг-үе

Гэмт хэрэгт холбогдсон хоёр хүүхэд тутмын нэг нь эд зүйлс хулгайлсан байдаг

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ариунзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

Он гарсаар хичнээн хүүхэд, ямар төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна вэ?

-Энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд насанд хүрээгүйчүүдийн үйлдсэн 135 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хэргээр буурчээ. Эдгээрээс хоёр хэрэг тутмын нэг нь нийслэлд үйлдэгдсэн гэх судалгаа бий. Гэмт хэргийн судалгааг төрлөөр нь авч үзвэл бусдын эд зүйлсийг хулгайлах хэрэг хамгийн их буюу 62 тохиолдолд бүртгэгдсэн бол дараагаар нь бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нийт 27 гарчээ. Түүнчлэн танхайн 11, дээрмийн найм, бусдын эд зүйлсийг булаасан зургаан тохиолдол бүртгэгдсэн.

Өөрөөр хэлбэл насанд хүрээгүйчүүд хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэж байна гэсэн үг үү?

-Насанд хүрээгүйчүүдийн үйлдэж байгаа хоёр хэрэг тутмын нэг нь бусдын эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Бас дээрэм, булаалтын хэрэг ч багагүй хувийг эзэлж байгааг хэлэх хэрэгтэй.

Хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөлийг авч үзвэл?

-Ер нь насанд хүрээгүйчүүдийн гэмт хэрэг үйлдэх голлох хэдэн шалтгаан нөхцөл байдаг. Наад зах нь хүүхдийн гэр бүлийн хүмүүжил, зан төлөвшил, бусдыгаа даган дуурайх, амар хялбараар мөнгөтэй болох гэсэн зэрэг сэдлүүд нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг. Дээрээс нь хулгайн гар утас, дээрмдсэн пүүз гутлыг нь борлуулдаг сүлжээ бий болчихсон байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг нэмэгдүүлэх суурь болж байгааг хэлэх хэрэгтэй. Өмнө нь хэлсэнчлэн насанд хүрээгүйчүүдийн гэмт хэрэг үйлдэх нь буурсан ч гэмт хэгийн хохирогч болох тохиолдол нь нэмэгдэх хандлага ажиглагдах болсон. Энэ нь өсвөр үеийнхний хэрэглээний өртөг өндөр болсонтой холбоотой. Үнэтэй пүүз, гар утас, гоёл чимэглэл хэрэглэх болсон нь гэмт хэргийн золиос болох эрсдлийг төдий чинээ өндөрсгөж байгаа хэрэг.

Цагдаагийн байгууллагын зүгээс хүүхдүүдийг гэмт хэрэг үйлдэх болон хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Хамгийн түрүүнд бүртгэгдсэн гэмт хэргүүдэд дүгнэлт хийнэ. Тухайлбал хэдээс хэдэн насны хүүхдүүд, хэдийд, ямар төрлийн гэмт хэргийн золиос болох магадлал хамгийн өндөр болохыг гаргадаг. Хэргийн золиос болохоос гадна үйлдэж буй гэмт хэргийг нь ч бас энэ мэтчилэн судална. Энэхүү дүгнэлт, судалгаан дээр үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг. Судалгаагаар 14-өөс 17 насныхан 13-аас 14 болон 17-19 цагийн хооронд гэмт хэрэгт хамгийн их холбогддог нь тогтоогдсон.

Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулж, хэнтэй нөхөрлөж, хаана юу хийхээс гадна, чөлөөт цагаараа юу хийж байгааг мэдэж байх шаардлагатай. Түүнчлэн танихгүй хэн нэгэнтэй маргалдахгүй, шөнө оройн цагаар сэлгүүцэхгүй байхыг хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаас ресторан, зоогийн газрууд 20 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, компьютер тоглоомын газар есөн нас хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй, хоёр цагаас хэтрүүлж тоглуулахгүй байх дүрэм журмаа чандлан сахиж ажиллах шаардлагатай байна.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн намраас тус төслийг хэрэгжүүлсэн нь сургууль орчимд гэмт хэрэг гарах, хүүхдүүд хэрэгт холбогдох тохиолдол эрс буурахад чухал нөлөө үзүүлсэн. Өнөөг хүртэл 97 мянга гаруй эцэг эх сургууль орчимд эргүүл хийсэн.

М.УУГАНЭРДЭНЭ