Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ-ынхан орон нутагт аялан тоглолтоо хийнэ

Төрөөс баримталж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Драмын эрдмийн театрынхан хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор аялан тоглолтоо 2002 оноос эхлэн хийж эхэлсэн. Тэгвэл тус театрын хамт олон энэ жил Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт энэ сарын 23-наас ирэх сарын 3-н хүртэл “Театрын өдрүүд” аялан тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэлээ базаажээ. .

Тэдний аяны богцод театрын урын санд тоглогдож буй дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, орчин үеийн, хүүхэд залуучуудын сэдэвт шилдэг уран бүтээлүүд багтсан байна. Үүнд, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжиг, Ардын жүжигчин А.Очирбат “Буруугүй буруутан” бэсрэг уянгын драмын жүжиг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжиг, зохиолч С.Жаргалсайхан “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг, Нобелын шагналт Дарио Фо “Чөлөөт хос” хайрын жүжиг, ОХУ-ын алдарт зохиолч С.Михалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг, К.Драгунскаягын “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг зэрэг бүхий л насны үзэгчдийн оюуны таашаалыг хүлээсэн уран бүтээл оржээ.

Эдгээр бүтээлийг орон нутгийн иргэдэд 50 хувь хүртэлх хөнгөлөлттэй үнээр толилуулахаас гадна, уран бүтээлчид үзэгчдийн уулзалт ярилцлага зохион байгуулах, орон нутгийн урлагийн байгууллага, театр, чуулгын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан туршлага, мэдээлэл солилцох юм байна.

“Театрын өдрүүд” аялан тоглолтын хуваарийг хүргэе.

4-р сарын 23,24,25,26-нд

Орхон аймгийн Уурхайчин соёлын ордонд,

Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрт.

4-р сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Хөтөл-д

4-р сарын 28,29,30-нд Дархан-Уул аймгийн Залуучууд театрт

5-р сарын 1,2-нд Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулга-д

5-р сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа “Мөнгөн хараа” чуулгад тус тус тоглох нь ээ.

Categories
мэдээ спорт

Монголд олимпийн эрх олгох тэмцээн болно

Ердөө жил гаруйн дараа Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны спортын XXXI наадам хөшгөө нээнэ.

Таван тивийн үндэстнийг спортоор дамжуулан нэгтгэдэг агуу наадмын эрх олгох тэмцээн энэ жилээс эхэлж байгаа. Тэгвэл манай улс түүхэндээ анх удаа олимпийн эрх олгох тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, 2016 оны олимпийн чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөх тамирчдад эрх олгох тэмцээн Монголд болно. Монголын чөлөөт бөхийн холбооны тавьсан хүсэлтийг дэлхийн бөхийн нэгдэл хүлээн зөвшөөрч олимпийн наадмын эрх олгох тэмцээнийг манай улсад зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Тус тэмцээн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-нд эхлэх бөгөөд гурван өдөр үргэлжлэх юм.

Categories
мэдээ спорт

Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит тэмцээн болно

Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хотод самбын залуучуудын улсын аваргууд тодорсон билээ. Тэгвэл энэ сарын 11, 12-нд Булган аймагт самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Уг тэмцээний самбо бөхийн дэлхийн аварга, насанд хүрэгчдийн 13 удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит болгон төрөлх нутагт нь зохион байгуулах юм. Монгол Улсад 13 түрүүлсэн амжилтаараа дээд амжилт тогтоосон түүний самбо, жүдогийн хөгжилд оруулсан хувь нэмэр их байдаг. Б.Ариун-Эрдэнийн хувьд 2002 онд анх түрүүлснээс хойш завсаргүй 13 түрүүлжээ. Үндэсний бөхтэй зүйрлэвэл тэрээр самбо бөхийн дархан аварга гэсэн үг. Тэрээр мөн 2005 онд самбо бөхийн дэлхийн аварга болж байсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

“Coal Mongolia-2015” өнөөдөр эхэлнэ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia” уулзалт өнөөдөр эхэлнэ.

Чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах бөгөөд нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татахад чиглэх аж.

Түүнчлэн “Coal Mongolia” чуулганы таван жилийн ой, гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа IPO гарган нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татсаны таван жилийн ой тохиож буйгаараа онцлогтой болох гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн адагт очих жор

Баабар ингэж өгүүлэв

Манай дэлхий дээр өнөөдөр долоон тэрбум хүн амьдарч буй. Үүнээс нэг тэрбум нь үгээгүй ядуу аж. Энд Өмнөд Азийн, Төв Америкийн, Төв ба Зүүн Африкийн гуч гаруй орон хамаарч байна.. Эдэн дунд далайд гарцтай нь ч бий, гарцгүй нь ч бий. Байгалийн баялагтай нь ч бий, баялаггүй нь ч бий. Яагаад эд ингэтлээ үгүйрсэн, цаад шалтгаан нь юу болох талаар Оксфордын Их сургуулийн профессор Поол Коллиэр олон жилийн судалгаа явуулжээ. Тэрээр судалгаандаа төрөлжсөн олон баг ажиллуулсан. Судалгааныхаа дүнг нэгтгэн “Адагт үлдсэн тэрбум: хамгийн ядуу орнууд хэрхэн сүйрэн унаж байгаа тухай” гэсэн ном 2007 онд бичсэнийг 2009 онд Л.Баян-Алтай монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлсэн байх юм. Харин би үүнийг дөнгөж сая олж уншлаа.

Ядуу орнууд гадаадаас асар их тусламж авдаг. Ганцхан жишээ хэлэхэд Төв Америкийн Хаити улс 1800 онд тусгаар тогтнолоо олсноос хойшхи 200 гаруй жилд гаднаас авсан тусламжийн хэмжээ энэ орны 200 жилд үйлдвэрлэсэн нийт бүтээмжээс хэд дахин их гэнэ. Хаити аралд Хаити, Домникан гэсэн хоёр улс оршдог. Онгоцоор дээрээс нь харахад хилийн шугамын дагуу нэг нь нов ногоон, нөгөө нь хувхай даасан шороон хөрстэй. Ядуу буурай оронд туслах ёстой гэсэн чинээлэг орнуудын бодлого олон жил явсан. Тусламж нь голдуу хүнс, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй болон буцалтгүй зээл, хүмүүнлэгийн тусламж байлаа. Харин профессор Коллиэр олон жилийн судалгааныхаа үр дүнд асуудал өөрсөнд нь байна, тэд өөрснөө л энэ унасан нүхнээсээ гарна уу гэхээс мөнгөний тусламж харин ч ангал руу нь улам лав чихэж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэр дундаа хүн ам олонтой, ядуу буурай байсан Энэтхэг, Хятад хоёр сүүлийн хэдэн арван жилд хөл дээрээ баттай зогсон дэлхийн зах зээл дээр гарч ирснээр эдгээр үгээгүй орнуудын зах зээлд гарч ирэх ашиглагдаагүй бололцоог дүүргэн хааж орхилоо гэжээ.

Юун түрүүн эдгээр орнуу­дын улстөрийн байдал байнга тогтворгүй байдаг. Төрийн эргэлт, иргэний дайнаас авахуулаад бослого үймээн, үгүйдээ л эсэргүүцлийн хөдөлгөөн жагсаалаар бялхана. Эдэн дунд сонгуулийн ардчилалтай орон ч бий, дарангуйллынх нь ч бий, нийтлэг шинж нь төрийн инстүүц нь тун дорой учир хууль хэрэгжих нь сул, үүнээ дагаад авлигад идэгдсэн түвшин нь адил. Бүхий л тогтворгүй байдлын цаад шалтгаан хөрөнгө мөнгө булаацалдсантай холбоотой. Үүнд эхлээд төрийн эрх мэдэлтнүүд хамрагддаг ба явсаар бараг л бүх ард түмний үйлс болон өргөждөг байна. Бослого гаргаж иргэний дайн өдүүлэгч бүлэглэл юун түрүүн эрх чөлөө, ардчилал, үндэсний эрх ашиг, байгаль орчныг хамгаалах зэрэг аль л олигтой гэсэн уриа лоозонг дэвшүүлдэг байна. Гаднаас нь харахад олхиогүй, дарангуйллын, шударга бус, авлигад автсан төрийн эсрэг тэмцэж байгаа нь зөв зүйтэй мэт харагдана. Тиймдээ ч үгээгүй орнуудад гарч буй төрийн эсрэг бослого болгон шахам гаднаас асар их дэмжлэг хүлээдэг аж.

Арьсны үзэлт Өмнөд Родэзийн дэглэмийн эсрэг Мугабэгийн эсэргүүцлийн хөдөлгөөн дэлхий дахины дэмжлэг хүлээж байсан. Мугабэ Засгийн эрхэнд гарч дэлхийн хамгийн харгис дэглэмийн нэгийг тогтоолоо. Хөгжлийн түвшингээр дэлхийн тэргүүлэх эгнээнд явж байсан Өмнөд Родэзи нь Зимбабвэ нэртэй болж Мугабэгийн гарт ороод 30 жил өнгөрөхөд эргэж сэхэхээргүй үгээгүй ядуу улс болон хувирав. Сьерра Леонийг иргэний дайн руу хөтөлсөн бослогын ахлагч Фодэй Санког хэлэлцээ хийсний дүнд дэд Ерөнхийлөгчийн суудлыг санал болгожээ. Тэрээр энэ суудлаас татгалзаж, оронд нь энэ улсын алмааз ихтэй хэсгийг нэхэж байв. Фижи улс нь улаан мод тариалдгаараа алдартай. Засгийн газар үүнийгээ гадаадын мэнэжмэнтээр удирдуулахаар шийдэн тэндэр зарлажээ. Тэндрийн дүн гарснаас сарын дараа нутгийн уугуул Жорж Спэйт гэгч “Фижиг фижичүүдэд” гэсэн уриатайгаар зэвсэгт бослого өдөөв. Мань хүн тэндэрт ялагдсан компаний зөвлөх хийдэг байсан юм байна. Анголид Савимбигийн ЮНИТА, Засгийн газрын Анголийг чөлөөлөх ардын хөдөлгөөн гэсэн хоёр бүлэглэл хориод жил байлдсан. Савимби алмаазаас, Засгийн газар газрын тосноос санхүүждэг ба биенийхийгээ булааж авах зорилго ”эрх чөлөөний” цаад гол шалтгаан байв. Колумби, Пэрү, Болив, Филиппин, Балбад олон жил иргэний дайн өдүүлсэн коммунист болон маоист бүлэглэлүүдийн эцсийн зорилго нь үзэл суртал гэхээсээ эд хөрөнгө болох нь хожим тодорхой болсон. Нийгмийн шударга бус байдлын эсрэг, бүх ард түмний сайн сайхны төлөө гэсэн уриатай тэд хуулиас гадуур хар тамхи, зэвсгийн худалдаа зэргээр хяналтгүйгээр өөрсдөдөө мөнгө хийн баяжихын төлөө байжээ. Иймэрхүү жишээ санасныг бодвол маш элбэг.

Бослого хөдөлгөөн дээд эгнээнд нийгмийн сайн сайхны төлөө гэсэн улс төрийн сайхан уриатай байдаг бол дунд болон доод эгнээ рүү байгаль хамгаалах, орлогыг тэгш хуваарилах, үндэстнээ хайрлах, гадаадын шулаачдыг эсэргүүцэх гэх мэтийн “иргэнлэг” уриатай болж ирдэг гэнэ. Нигерийн газрын тосны бүст гарсан бослогод оролцогч 1 500 хүний дунд энд хэн оролцож байгаа талаар доктор Адэжору нарийвчилсан судалгаа явуулжээ. Тэд дөрвөн нүглийн эсрэг тэмцэх уриатай: Шунал (Тос олборлогч компани), Бузар булай (Байгаль орчны бохирдол), Дарангуйлал (Засгийн газар), Гэгээнтэнийг хэлмэгдүүлсэн (Урьд нь шүүхээс цаазаар авсан үймээн дэгдээгч Кэн Саро Вива гэгч). Үймээн гаргагчид дотор эдгээр нүглийн шууд хохирогч ганц ч хүн байсангүй. Үймээн гаргагчдын нийтлэг төрх гэвэл залуу, боловсролгүй, ажилгүй гэсэн гурван шинж. Мөн ихэнх нь гэр бүлгүй байлаа. Төрөөс олгож буй нийгмийн халамж муутай газраас ирсэн хүн ч алга, эд улсын дундажтай харьцуулахад бүгдээрээ нийгмийн халамж дажгүй хүртдэг хэсгийнхэн аж.

Байгаль орчны бохирдол, үймээний жинхэнэ зорилго хоёр ямар ч уялдаагүй нь харагдлаа. Газрын тосгүй мужид ямар ч үймээн дэгддэггүй. Нэг цооногтой газар хүчтэй үймээн дэгддэг мөртөө 20 цооногтой газар тайван болно. Уг нь 20 цооногтой бол байгаль орчин илүү бохирдмоор. Энэ нь байгаль орчин бохирдож буйгаас үүссэн зэвүүцэл гэхээсээ хамгаалах нэрээр сүрдүүлэг, луйвар, рэкэт хийн мөнгө салгах ажиллагаа аж. Ухсан цооногоос газрын тос гараад ирмэгц үймээн дэгдээн сүрдүүлж мөнгө нэхэх бизнес цэцэглэнэ. Энэ нь тухайн компанийг хариуцсан рэкэтчин хэн нь болох талаархи луйварчдын өрсөлдөөн. Олон цооног болох тутам ашиглалтын компаниуд өөрсдийг нь хамгаалсан бүлэглэлд тайван байлгасны төлөө илүү их мөнгө төлж эхэлдэг аж. Энэ хооронд рэкэтчид зах зээлээ хуваачихсан байдаг тул бусдыг ойртуулдаггүй. Үр дүнд нь байгаль орчинд хэдий их хор хүргэнэ, төдий тайван, эсэргүүцэлгүй болно. Энэ судалгаа их сонирхолтой үр дүн үзүүлсэн учир бараг моодонд орж олон оронд олон газар ижил төстэй судалгаа явуулсан чинь хариу яг адил гарчээ.

Адагт орсон эдгээр тэрбум хүний засаг төрүүд нь авлигад идэгдсэн, төрийн инстүүц нь сул дорой, хуулийг мөрдөж чаддаггүй учир төр нь ч ард түмэндээ, ард түмэн нь ч төрдөө хатуу шаардлага тавьж чаддаггүй, адилтай адил, годилтой годил нэг зоосны ар өвөр болсон нийтлэг чанартай аж. Иймээс ч дунд эгнээний жагсаалчин цуглаанчид амархан зэрэг дэвшиж хүчирхийлэл рүү орсоор төр булаадаг террорист болох нь их. Сивамби, Кабила, Мугабэ нар чухам энэ замаар өгссөөр дэлхийд танигджээ. Аль ч орныг, тэр дундаа үгээгүй улсыг унасан нүхнээс нь гаргаж өөд татах хамгийн сайн арга нь гадаадын хөрөнгө оруулалт байдаг. Гэтэл ийм газраас хөрөнгө оруулагчид зугтаадаг учир рэкэт луйвар дотоодын хөрөнгөтөн рүүгээ чиглэж эхэлдэг юм байна. Хуулийн тогтворгүй байдал, улстөрийн найдваргүй хандлага, авлигын сүлжээ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг байтугай дотоодын компаниудыг айлгаж зугтаах явдал руу шахдаг аж.

Нэгэнт найдваргүй зах зээл дээр үйлээ үзэж байгаа дотоодын компаниуд хөрөнгөө гадагш нүүлгэж эхэлдэг аж. Африкийн хамгийн ядуу гучин орны нийт хуримтлалын 70 хувь нь хөгжингүй орнуудад гарчихсаныг тооцоолсон байна. Үүний дараа эдгээр үгээгүй найдваргүй орнуудад “тархины дүрвэлт” гээч үзэгдэл болдог гэнэ. Юм бүтээх чадвартай, улсдаа хамгийн их татвар төлдөг, сүйхээтэй боловсролтой иргэд бултуулсан хөрөнгөнийхөө араас явдаг аж. Тэд хаана ч өөрсдийгөө аргалаад амьдрах чадвартай учир гадаадад гарсан ч ажил бизнес олддог юм байна. Харин улс орны аль л арчаагүй, боловсрол мэдлэггүй хүмүүс нь гадаадад гарлаа ч ажил олж амиа аргалаад явж чадахгүй учир илжирсэн байрандаа үлдэнэ. Иймээс явсаар задгай мөнгө хадгалдаг вааран гахайн дүрсэн дотор байгаа задгай зоосыг зөв тоолчиж чадахгүй арчаагүй мунхагууд эдгээр орны Сангийн сайд, Эдийн засгийн сайд болох нь элбэг болж хэмээн Коллиэр бичжээ. Энэ бүхний нийлбэрийг адагт орсон улсуудын гарч чадахгүй болсон занга гэж нэрлэх аж.

Болив орон Чилитэй хил залгаа, Конго улс Ботсванатай хиллэдэг, Ангол нь Намибитай хөршилдөг. Чили, Ботсвана, Намиби улсууд амжилттай хөгжиж буй орны үлгэр жишээ. Харин Болив, Конго, Ангол бол занганд орсон ядуу орны сонгодог жишээ. Хүн юм болохоор хажуу хавирга нь хөгжөөд байхаар ядахнаа дуурайгаад занганаасаа гарахыг бодож л таараа. Гэвч нэгэнт орсон занга, дассан зуршил нь ийм дэвшил хийлгэдэггүй аж. Мозамбик нь Засгийн газрын хүчтэй реформын ачаар сүрхий өндийж ирэн зарим бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд гарч, үүнийг нь дагаад гадаадын хөрөнгө оруулалт ч сайн орж ирсэн байна. Бизнес цэцэглэн, бүгд л ам сайтай байлаа. Харин Ерөнхийлөгч нь дараагийн сонгуулиар ялагдангуутаа хожигдлоо хүлээн зөвшөөрөхгүй бараг жил бужигнуулжээ. Тэрээр тус орны далайд гарцтай ганц боомтыг хаан тэгнээд хэвтчихэв. Энэ хооронд гадаадын хөрөнгө оруулагчид зугтааж, өнөө дэлхийн зах зээлд гарсан бүтээгдэхүүнүүд нь зах зээлээ алдаж эхлэв. Жил гаруйгийн дараа арай гэж эмхэндээ ортол хэдийнээ хожимдсон байв. Тэдний зах зээлийг шинээр түрж буй хятадууд, энэтхэгчүүд эзлээд авчээ. Бүх юм дахиад нойлоос эхлэх болов. Гэвч дэлхийн өрсөлдөөнт зах зээл дахиж тэдэнд тийм бололцоо олгосонгүй. Нэгэнт найдваргүйгээ харуулсан учир гадаадын хөрөнгө оруулагчид ч тойрох боллоо. Ийнхүү Мозамбик занганд орж эргээд нүхнээсээ гарч чадахаа больжээ.

Өөр нэг жишээ. Нефтийн үнэ хэдэн арав дахин өссөн 1973 оны хямралаар Нигери ёстой нэг цамаархаж өгчээ. Шинэ нийслэл хүртэл босгохоор асар их мөнгө цацсан. Гэнэт баяжсан орон хэрэгтэй хэрэггүй оронд учиргүй олон Элчин сайдын яам байгуулдаг юм байна. Нью Йоркт буй хамгийн том байнгын төлөөлөгчийн байр бол Угандынх шүү дээ. Нигери яг л ингэж. Гэтэл наяад оны эхээр нефтийн үнэ эргэж буухад Нигери бүтээн байгуулалтад зориулж авсан асар их өртэй хоцров. Яаралтайгаар хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь зүдэргээтэй, цаг авсан нүсэр ажил боловч үр дүнгээ аажимдаа өгч эхэлсэн аж. Хэрэв энэ реформыг хийгээгүй бол ёстой элгээрээ хэвтэх байсныг эдийн засагчид хэлдэг. Гэвч ард түмэн амьдрал хүндэрснийг шал хэрэггүй реформоос боллоо гэж үзнэ. Хэт цамаархлаас болсон хүндрэлийн эх сурвалжийг хэн ч хэлэхгүй. Ийнхүү реформын эсрэг нийтийн тэмцэл эхэлж таараа. Реформоос татгалзана гэсэн популистууд ч мундахгүй. Ингээд ерээд оны дундаас ард түмний шахалтаар шинэчлэлээс бүрэн татгалзаж санаа нь амарцгаажээ. Харин зангандаа үлдсэн дээ.

2014.2.2

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Тооноороо дээж өргөдөггүй

Монголчууд цай, сүүнийхээ дээжийг өргөхдөө малгай өмсөх юм уу алчуур зүүж, гэрээсээ гарч сайн сайхан зүйлийг шившин шивнэн цацлаа өргөдөг. Орчин үед ихэнх айл орон сууцанд амьдардаг болсон. Харамсалтай нь орон сууцнынхаа цонхоор дээж өргөчихдөг хүн дэндүү олон байна. Ингэснээр доод давхрын айлын цонх тэр чигээрээ халтардчихна. Цонх угаах тийм ч амар ажил биш. Мөн хэн нэгэн байрны цонхон дор явж байвал эрхэм эмээ, ээж, эгч нарын золиос болж шалба норно. Байрны гадаа тавьсан машинууд цагаан халтар толботой болж дээж өргөгсдийн хийсэн хэргийг гэрчилнэ. Орон сууцны цонх бол монгол гэрийн тооно гэсэн үг. Хэзээ байтлаа монгол хүн тооноороо дээж өргөж байлаа.

Цай сүү өргөж байгаа хүн үргэлж буян бодож өргөдөг. Харамсалтай нь таны цонхоороо өргөсөн дээж заавал хохирогчтой болоод байна. Хүнийг хохироон байж буян үйлддэггүй юм. Цонхоороо дээж өргөж байгаа хүн бол бусдын эд хөрөнгөд халддаг хулгайч нараас нэг их ялгаагүй. Хулгайч нар машины толь, дугуй аваад явчихдаг, хохирогч мөнгө төлж дэлгүүрээс дахин худалдаж авдаг. Харин цонхоороо цайны дээж өргөдөг эрхэм та хэн нэгнийг машин угаалгын газарт мөнгө төлөхөд хүргэдэг. Хамгийн багадаа арав гаруй мянган төгрөг. Өдөр бүр ингээд байвал тэр хүн эдийн засгаараа хэр хохирох билээ. Цаг хугацаагаар яаж хохирохов. Тэгэхээр таны үйлдэл хэн нэгний түрийвчнээс хулгай хийснээс ялгаа алга. Дөнгөж угаалгасан машинаа дахин угаалгах болсон хүн уурлаж уцаарлаж, хамаг муу муухай үгийг л хэлнэ. Сүүний толбыг яаж ч угаалгасан халтардаж үлдээд машины будгийг муухай болгодог. Буян бодсон цацлаа цонхоороо өргөснөөс болж үр дүн нь нүгэл болж хувирах нь тэр. Нэмж хэлэхэд урьд цагт хар гэрт хоригдогсод хатавчаараа сүү өргөдөг байсан гэнэ лээ. Арга ядахдаа л тэр. Харин та буян бодсон бол цайны дээжээ гэрээсээ гарч өргөөрэй.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаантай

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаантай. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2015.04.09.Пүрэв гараг/-ыг танилцуулъя.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ
2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН
НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

1. Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлт:

  • Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.НАРАНЧИМЭГ танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлт:

  • Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СОЛОНГО танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

3. Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

5. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.

6. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.

7. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

8. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;
  • Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
Categories
редакцийн-нийтлэл

Хүн хэзээ хэрхэн үхэхээ мэддэггүй шүү дээ

-БИ ХДХВ АВСНАА АМЬДРАЛДАА ТУУЛАХ ЁСТОЙ ЗАМ МИНЬ Л ГЭЖ БОДДОГ-

Одоогоос 13 жилийн өмнө Ка­ме­руны иргэ­нээс ХДХВийн халд­варыг нэгэн монгол эмэг­тэй авсныг манай­хан санаж байгаа биз ээ. Тухайн үедээ ихээхэн дуулиан бол­гон ярьж байсан энэ хэ­рэг өрнөх үед хүмүү­сийн ХДХВ болон түү­нээс улбаалан үүсдэг ДОХын тухай бодол өнөөд­рийнхөөс өөр бай­сан. Одоо энэ өвчний виру­сээр халд­варлагд­сан хүмүүсийн тоо дал гарч, бас цөөн­гүй хүн уг өвч­ний ул­маас хорвоо­гоос халиад байна. Биеэ үнэлэгч учраас энэ өвч­ний халдварыг авсан гэж хүмүүст адлуулж, бас ХДХВийн халдва­рыг авсан анхны мон­гол эмэгтэй гэгддэг тэр нэгэн бүсгүйтэй хийсэн ярилцлагыг хүргэж бай­на. 1992 онд гадаадад ажиллаж байгаад ирсэн нэгэн залуу ХДХВ тээгч болсноор уг өвчин бүрт­гэгдсэн орны тоог Мон­гол нэгээр нэмж бай­лаа. Харин дараа нь 1997 онд гадаадын иргэ­нээс ну­таг­таа халд­вар авсан энэ тохиолдол хоёр дахь нь болж байв. Тэр­бээр ДОХын эсрэг ажил­лаж ир­сэн бөгөөд одоо хилийн чинадад суралцаж бай­гаа юм байна. Бид энэ ярилцла­гаа онлайнаар хийлээ. Мэдээж, ярилцагч эмэг­тэйнхээ эрхийг хүн­дэтгэн түү­ний нэрийг тавиагүй болно.

Та гадагшаа яваад хэр удаж байна вэ. Мон­голдоо байгаа мэдээл­лийг авч байгаа биз дээ. ДОХын тохиолдол байн­га л шинээр бүрт­гэг­дэж байна

-Би
эх нутгаасаа яваад бараг жил болох гэж байна. Энд би хэлний курст суралцдаг юм. Цааш­даа жаахан сурч боловсрох төлөв­лөгөө байна. Монголынхоо ту­хай мэдээллийг интер­нэтээр байнга авалгүй яахав. ДОХ-ын шинэ то­хиол­дол бүртгэгдэх бү­рийд сэтгэл эмзэглэн хү­лээн авдаг. Хамгийн сүүлд гэхэд нэг өдөр гурван тохиолдол бүрт­гэгд­эж, хэд хоногийн өмнө дахин хоёроор нэ­мэгдлээ. Тэр тоо бүрийн ард ахуй амьд­рал, гэр бүл байдаг. Өөрөө тэр зов­лонг биеэ­рээ туулж ирсэн боло­хоор тэр хүмүүст ямар хэцүү байгаа бол, дэргэд нь хэн байгаа бол, хэн сэтгэлийг нь тайт­гаруу­лан тэврэх бол гэж бод­дог. Энэ өвчний халд­вар авсан хэн ч бай эх­лээд үүний­гээ сэтгэлдээ хүлээн зөв­шөө­рөх хэрэг­тэй бол­дог. Харин тэгж чадталаа их хэцүү үеийг туулдаг боло­хоор ийм мэдээлэл бүр надад шууд тусдаг даа.

Нэг тохиолдол бүрийн цаана 100 ч билүү хүн халдвартай гэж ойлгож болно гэдэг?

-Тийм ээ. Тэгж ярьдаг. Гэхдээ яг тийм тоо байгаа гэж хатуу үзэх нь боломжгүй гэж би боддог. Одоо нэг их тоо хэлдэг л болчихсон байна. Нэг тохиолдлын цаана яг тийм тоо байна гэж хатуу хэлэх боломжгүй шүү дээ. Ямар ч байсан өөрөө халд­вартайгаа эхлээд мэдсэн то­хиол­долд эрүүл мэндээ хя­наж, бусдыг халдвар авахаас сэргийл­дэг учраас шинжил­гээ өгөх хэрэгтэй гэж санадаг.

Таны дараагаас бүрт­гэгдсэн олон хүн хор­воогоос явжээ. Харин өөрийн тань бие сайн байгаа талаар мэргэж­лийн хү­мүүс ярьж бай­сан. Хэдий­гээр ингэж асуух нь эвгүй ч гэсэн бие тань сайн байгаа гэж бодож байна?

-Бие маань сайн. Би ви­рус тээгч хэвээрээ байна. Ерөнхийдөө яг тийм хуга­цаанд вирус тээгээд тийм хугацаанд өвчилнө гэсэн зүйл байхгүй. Тухайн хүний биеийн дархлаа, суурь өвч­нөөс шалт­гаалдаг. Би эмэн­дээ ороод ес дэх сардаа явж байна. Миний амьдарч бай­гаа энэ оронд ХДХВ-ийн халд­­вартай, ДОХ-той амь­дарч байгаа хүмүүстээ эмийг улсаас нь үнэгүй өгдөг юм. Би энд ирээд халдвартайгаа хэлж бүртгүүлсэн. Тэгээд байнга эмчийн хяналтад эмнүүдээ сонгож уугаад сэт­гэл амар амьдарч байна аа.

Манайд ч эмнүүдийг үнэгүй өгдөг биз дээ?

-Улсаасаа үнэгүй өгдөг юм байхгүй ээ. Гадны төсөл хөтөл­бөрийн хүрээнд л ийм халдвартай хүмүүст эм өгдөг юм. Халдвар бүртгэгдсэн эх­ний жилүүдэд олон улсын эрүүл мэндийн байгуул­ла­гууд ийм маягаар анхаарч ирсэн ч энэ нь хэр удаан үргэлжлэх юм мэдэхгүй шүү дээ. Одоо төслөө хаагаад гараад явлаа гэхэд төр зас­гийн зүгээс халдвартай хү­мүүс­тээ хэрхэн хандах нь бас л бүрхэг. Энд бол намайг хяналтад аваад шинжилгээ хийж олон төрлийн эмнээс хамгийн тохиромжтойг нь сонгуулж байна. Эмч нар нь “Та ийм, ийм онцлогтой юм чинь” гээд зөвлөгөө өгдөг. Угаасаа би эмэнд орох бо­лоод ирэхийнхээ алдад га­даадад л амьдарна даа гэж төлөвлөдөг байсан. Түүний­хээ дагуу л явж байна. Манайд бол эм уух шаард­лагагүй гэж байсан. Энд ирсэн чинь эмч нар эмээ уугаад эхэлбэл зүгээр гэсэн учраас би эмэндээ ороод явж байна. Түүнээс янз бүрийн зүйл байхгүй ээ. Энд биеийг өвдөхөөс нь өмнө эмээ өгдөг юм байна. Энд вирусийн ачааллыг нь нэмэхгүй гэж өгдөг гэсэн. Тухайлбал ми­ний энд ууж байгаа эм гэхэд л Монголд байхгүй шүү дээ.

Хэр үнэтэй эмнүүд вэ?

-Би эмчийнхээ бичсэн дээрээс харахад сардаа 1372 ам.долла­рын эм уудаг юм билээ. Энд уух эмийг бэлдээд зөвлөгөөг маш на­рийн түвшинд өгдөг. Хүний­хээ төлөө гэсэн хандлагыг энэ нийгэмд мэдрэхэд надад үнэхээр сайхан байсан шүү. Монголд бол салба­рын яам нь, төр засаг нь иргэнээ ха­ламжлахдаа хэзээнээс муу шүү дээ. Энд би надад тавьж байгаа анхааралд нь үнэ­хээр баярлаж, заримдаа нулимс унагахаа шахдаг үе ч байдаг.

Эмийн сөрөг нөлөө гэж байх юм уу. Уухгүй байж бол­доггүй юм уу?

-Эхний 2-3 сар хөдөл­мөрийн чадвараа алдана. Зарим эм нь таарахгүй байх ч явдал байдаг гэж байсан. Эмийг уухгүй яваад бай­вал вирусийн хэмжээ нь өснө гэсэн үг шүү дээ. Би анх энд ирээд эмэнд орохдоо виру­сийн хэмжээ 14 мянга байсан, уугаад гурван сар болсны дараа 50 ширхэг л үлдсэн байна лээ. Эмч эм уух шаардлага байна гэж үзсэн учраас намайг уу гэсэн биз ээ.

Олон төрлийн халдварт өв­чин бий. Гэтэл ДОХ гэхээр хүмүүс маш эмзэг хүлээж авдаг. Та энэ өвчний вирус тээгчийн хувьд үүнд хэрхэн ханддаг вэ?

-Өнөөдөр вирусийн болоод бактерийн гаралтай олон өвчин байна л даа. Сүүлийн үед яриг­даад байгаа H1N1 гэхэд Д виру­сээр халдварлагдаж байна. Шинэ вирусийн эсрэг вакцин болон эмийг цаг тухайд нь гаргаад явдаг. Энэ вирусийн хувьд вакцин нь гараагүй байгаа учраас л хүмүүс нэг талаас хүнд хүлээж аваад байна.

Өөрийг чинь энэ вирусийн халдвар авсан анхны монгол эмэгтэй гэдэг, гэтэл энэ виру­сийн халдвар авсан нь тогтоог­доод удаагүй байх­даа хүмүүс нас барж байна. Энэ нь эрт халдвар авсан байсан гэсэн үг үү, эсвэл биеийн дархлаа, гам хэр барь­сантай холбоотой байна уу?

-Би вирус тээгч гээд биеэ энх­рийлээд байдаг зүйл байхгүй ээ. Тамхи татаж, заримдаа шар айраг ч уучихдаг. Бас учиргүй витамин энэ тэр уугаад сүйд болоод байдаггүй. Ер нь ээж минь намайг эрүүл саруул төрүүлж, энх тунх сайхан өсгөжээ гэдгийг би одоо илүүтэй ойлгож байна. Ээж минь эрүүл сайхан бие бялдар өгсөн ч залуу насны алдаагаар халдвар авсан. Удамшлын болоод элдэв суурь өвчингүй учраас өнөөдөр ийм дайтай байна. Гэхдээ би сүүлийн үед тамхинаас гаръя гэж төлөвлөөд байгаа шүү.

Халдвар тээгээд яг хэдэн жил болж байгаа билээ?

-Арван гурав дахь жилдээ явж байна. Туулах ёстой зам минь байж дээ гэж би боддог юм. Хувь төөргөөрөө бүх зүйл явж байгаа. Гэхдээ би амьдралын зураг зур­лага нь энэ гээд идэвхгүй утгагүй амьдрахыг хүсдэггүй ээ.

Би өөртэй чинь халдвар аваад удаагүй үед чинь ярилц­лага хийж байсан. Тэр үед халд­вар авсан Каме­руны иргэнийг үзэн яддагаа ярьж байсан. Одоо энэ бодол чинь өөрчлөгдсөн үү?

-Тухайн үедээ би түүнийг үнэ­хээр үзэн яддаг байсан. Одоо тэгж бодогдоод байх зүйл байдаггүй. Үзэн ядаад байх юм ч алга, өршөөж уучлаад байсан юм ч байхгүй. Надад тэрний тухай бодох ч шаардлага алга.

Гэхдээ биднийг хүүхэд байхад бэлгийн амьдралын талаар, бэл­гийн боловсролын талаар эцэг, эхчүүд ч, багш сургуулийн зүгээс юу ч хэлж өгдөггүй байсанд би их харамсдаг. Тэр үед мэдэхгүй, чадахгүйнхээ улмаас амьдралдаа алдсан олон хүн байдаг. “Хүүхэд бүр эцэг, эх болно гэдгийг санах хэрэгтэй” гэдэг шиг хүүхэд бүр өсч том болоход нь шаардлагатай мэдлэг мэдээллийг нь өгч баймаар санагддаг. Би Монгол орон зах зээлийн нийгэмд шилжээд дээр дороо хөлөө олохгүй байсан тэр үед амьдралын их хаалгыг татсан. Ээж маань олон хүүхэдтэй нэгэн байсан. Хүүхэд нас маань тийм ч сайхан байгаагүй. Би бага залуудаа том алдаж энэ замаар явж байгаадаа харамсдаг ч залуу үеийнхэндээ юунаас алддаг, юунаас урьдчилан сэргийлж болох тухай хэлж байгаагүй тэр нийгмийг заримдаа буруутган боддог юм.

Дэлхийн бусад газарт хүнийхээ төлөө нийгэм байгуулаад болоод байхад бид яагаад чадахгүй байна гэж санагдах үе ч бий.

Төрсөн нутгаасаа хол байхад наана чинь хэр байна даа?

-Би Монгол Улсын иргэн. Төрсөн эх орноороо бахархдаг. Гэхдээ надад энэ газар эх орноос минь дутахгүй сайхан санагдаж байна. Яагаад гээч. Яагаад гэвэл энд хүний төлөө нийгэм байна. Өнөөдөр олон арван залуу нутгаа орхин явсаар байна. Харийн нутаг ч гэсэн хүнийг хүн гэж үздэг нийгэм байгаа учраас тэд ингэж явж байгаа хэрэг. Энд би ДОХ-ын халдвартай амьдарч байгаа ч гэсэн намайг хүн гэдэг утгаар нь амьд явах эрхтэй гэж хүндлэн харьцаж байна. Гэхдээ хаа газар сайнтай, муутай байдаг болохоор хүмүүс янз янз л даа. Ямартай ч энэ нийгэмд хүн гэдэг хамгаас чухал гэдгийг хүмүүс нь бүгд ойл­госон байх юм. Би энд ирээд эмнэлэгт бүртгүүлж, эмчтэй бол­сон. Эх орондоо мэдэрч үзээгүй хайр халамжийг энд л мэдэрч байна.

Өмнө нь хийж байсан ярилц­лагадаа анхны хайртайгаа учирч юугаа ч мэдэхгүй охин хүүхэд­тэй болж үлдээд, амьд­ралын эрхэнд биеэ үнэлж эхэлсэн тухайгаа та ярьсан байдаг. Та хүүгийнхээ аавтай хэр холбоотой байдаг вэ?

-Нэг их холбоотой байдаггүй ээ. Ер нь гадны орнуудад хүмүүс гэр бүл болж амьдраагүй ч нэг хүүх­дийн эцэг, эх болсон бол тэр хариуцлагадаа туйлын анхаарал­тай ханддаг шүү дээ. Хүү маань амьдралдаа нэг ч удаа ааваа гэж хэлж үзээгүй. Гэхдээ хүү маань тэгж хэлэх эрхтэй учраас би хүүгээ ядаж ганц удаа боловч аавтай нь уул­зуулж, ааваа гэж дуудаж үзээсэй гэж боддог юм.

Хүүгээ том болохоор халд­вартай гэдгээ хэлнэ гэж байсан. Хэлсэн үү?

-Хүү маань овоо том болж бай­гаа ч надад жаахан хэвээрээ л санагдах юм. Хэлнэ гэж боддог ч хэлье гэсэн үе ойртоод ирэхээр хойшлуулаад л байгаа. Хорь хүрэ­хээр нь хэлье гэж бодож байгаа. Ер нь хуучин шигээ хэзээ мөдгүй өвдөнө гэж бодохоо больсон шүү дээ. Тухайн үедээ 35 нас л хүрчих юм сан гэж боддог байлаа. Одоо би 35 настай. Надад дахиад арав хорин жилийн нас байгаа гэж бодож байгаа шүү. Би хүүгийнхээ хүүхдийг харна гэж боддог. Бас өөрөө ч дахиж төрнө гэж боддог болоод байгаа. Ер нь ойрын үед сайхан хайртайгаа учирч, хүүгээ дүүтэй болгож өгнө гэж бодож байна.

Таны энэ гэгээн яриа их сайхан санагдлаа. Монголд ДОХын халдвартай гэж ши­нээр бүрт­гэгдсэн тэр хүмүүст таны яриа итгэл найдвар, эрч хүч өгөх байх. Халдвар авчихаад шаналж бай­гаа тэр хүмүүст та юу гэж хэлэх вэ?

-Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин гэдэг дээ. Би халдвар авснаа мэдээд бүтэн жил гэрээсээ ч гараагүй. Олон хайртай хүн чинь халдвар авсныг чинь мэдээд танаас дайжиж зугтаж байна уу. Тэр үед нь тэднийг буруутгаж шаналах хэрэггүй ээ. Зүгээр л тэдэнд хугацаа өгчих гэж хэлмээр байна. Миний багын найзууд халдвар авсныг минь дуулаад надаас зугтаж байсан ч долоо найман жилийн дараа эргээд л ирсэн. Гэр бүлийнхэн маань эхлээд хэцүүхэн ханддаг байсан. Харин одоо тэд миний төлөө санаа зовдог, надад хайрын дулаан үг хэлдэг тэр хүмүүс маань болсон. Цаг хугацаа бүх асуудлыг шийддэг юм. Маргааш нар мандана аа гэдэг шүү дээ. Ямар ч хүн өөрийгөө хэзээ үхэхээ мэддэггүй. Эв эрүүл хүн хүртэл өглөө гараад орой нь бур­хан болчихсон л байдаг шүү дээ. Тэгэхээр нэгийгээ ДОХ-той энэ тэр гэж адлах хэрэггүй. Амьд байхад нь л нэгийгээ хайрла. Би О.Даш­балбар гуайн “Амьддаа бие биеэ хайрла”, “Тэнгэр шиг бай” гэсэн шүлгүүдэд их дуртай. Хайртай хүмүүс чинь таны дэргэд л байдаг юм шүү гэж өөрийгөө эдгэршгүй өвчнөөр өвчилсөн гэж бодож бай­гаа тэр хүмүүст хэлмээр байна даа.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Канад инээмсэглэл 2

Төгсгөл. Түрүүч нь
¹022 (3412) дугаарт
Бидний аяллын дараагийн
хот Эдмонтон байв. Цас их орсон ч нэмэх градустай байлаа. Яагаад ч юм Улаанбаатарыг
санагдуулав. Онгоцны буудлаас хотын төв рүү явахад яг л Монголдоо яваа мэт. Гэхдээ
зам нь донсолгоогүй. Неф­тиэр баялаг энэ хот Альберто му­жид харьяалагддаг бөгөөд
энд Монголоос цагаачлан ирээд амь­дарч байгаа
Баатарцогт, Бат­баатар гэх хоёр гэр бүлийнхэнтэй танилцав. Арван гурван монгол айл
энэ хотод байдаг бөгөөд ха­раар ажиллаж амьдардаг хүн алга. Угаасаа харлах тухай
ойлголт байхгүй. Албан ёсны зөв­шөөрөл­гүй бол ажил олдоно гэж үгүй. Тэд өөрсдийгөө Канадад амьдардаг монголчууд биш,
канад монгол хүн гэж байсан.

Нэгэнт л эндхийн хүн
болчих­сон тэдний энэ үг хилээр хөл тавих үед таарсан хятад за­луугийн хэл­сэн үгийг
санагдуулав. Баатарцогт нь нисэхэд дис­пет­черийн
албаны дарга хийж бай­сан. Орост сургууль
төгссөн нэгэн. Хотдоо тээврийн машин барьдаг. “Манайд л дарга болохыг хүн бол­гон
хүсдэг. Энд хүн ажлаа л хийж чадаж байвал сайхан амьдар­чихна. Хүн ер нь сайхан
амьдарч байвал илүү юу хүсэхэв. Энд зээл­гүй хүн гэж байхгүй. Ажил хийж байгаа бол
аяндаа төлчихнө. Харин манайд зээлтэй хүн
өртэй гээд сүйд болдог” талаар ярина лээ. Хувийн байшинтай, эхнэр, хүү, охинтойгоо
амьдардаг юм байна. Хүү нь нээрээ л канад монгол болчихож. Энэ байшин­гийнхаа
зээлийг төлж дуусч байгаа гэнэ. Бас дахиад нэг хаус барьж байгаа бөгөөд одоо амьдарч
бай­гаа­гаа түрээслүүлэхээр төлөв­лөжээ. Гэ­рийн эзэн анх энд пиц­цаны газар ажилд
орох гээд анкет бөглөхдөө баахан дээд сургууль төгссөн, том дарга хийж байснаа бичээд
өг­чихөж. Ажил олддоггүй.

Гэтэл тэр анкетанд
нь хэн итгэх вэ дээ. Тийм олон сургууль төгсөж, дарга хийсэн хүн пицца зөөнө гээд
байхаар худалч нөхөр гэж бодсон биз. Дараа нь анкет бөглөхдөө аль хийж чадах юмаа
бичдэг болж. Тэрээр биднийг “Дэлхийн зөн”-гийн шу­га­маар Монголд амьдрахаар явж
буй нэгэн фермерийн эзэнтэй та­ни­лцуулав. Хотоос зайдуу энэ газраа түрээсэлдэг
бөгөөд гэр бүлийнх нь бизнес юм байна. Тэд тариа тарьж, будаагаа Энэтхэг, Хятад
руу экс­портолдог аж. Ид ажлын үед ердөө гуравхан гэр бүл ирж эднийд хөл­сөөр ажилладаг.
Бусад үед нь өөрсдөө бүхнийг амжуулна. Бид­нийг очиход зас­варын газраас тостойгоо хутгалд­чихсан нэг нөхөр гараад ирсэн
юм. Эзэн нь хэн юм бол гэж бодож зогстол нөгөө тосон­доо хутгалдсан хүн фермерийн
эзэн болж таарав. Хэдэн адуутай бөгөөд манайх шиг малын саравч бас байх юм.

Аяллын төгсгөлд бид
өвлийн олимп болох Ванкувер хотыг зо­рилоо. Сэвсийсэн цас болсон хот байх юм бодсон,
эсрэгээр өмнөх очсон газруудаас хамгийн ду­лаа­хан буюу +18 градусын дулаантай байв.
Байнга бороо шивэрч, өвс ногоо модод нь ногооноороо байх юм. Буудлын цонхоор Ванкуверын
олимп сурвалжлах сэтгүүлчдийн байрлах газар харагдана. Зарим улсаас мэргэжил нэгт
нөхөд минь эрт наашилсан бололтой. Мэр­гэж­лийн камер барьсан те­ле­визийн­хэн энд
тэнд зураг аваад завгүй харагдах нь сэтгэлд ойр.

Мөн том усан онгоцон
дээр зайгүй олон контейнер байр­луул­жээ. Олим­пийн аюулгүй байдлыг нь хангах албаныхан
энд байрлах юм гэнэ. Яагаад усан дээрх хөлөгт байрлаж байгааг ойлгосонгүй. Өвлийн
олим­пийн зарим төрөл энэ жил анх удаа битүү стадионд бо­лох юм. Олимпод зориулж
онгоцны буудлаасаа хот хүртлээ цахилгаан галт тэрэгний зам тавьжээ. “2003 онд олимпийн
эрхээ авснаас хойш тасралтгүй хөдөлмөрлөсөн” гэж биднийг энэ хотод хүлээж авсан
Бритиш Колум­биа мужид суугаа Монгол Улсын өргөмжит консул Тоббин Роббинс тайлбарласан
юм. Хот тэр аяараа олимпийн өнгө аястай болжээ. Олимпийн бэлгэ тэмдэг болсон зурагт
хуудас, туг далбаа хотоор нэг намирчээ.

Өргөмжит консул маань
со­циализ­мын үед Монголд ирсэн дурсамжаа хуваалцав. Хотын замд ганц ч машин харагдахгүй хэрнээ замын цагдаа замын
голд зогсож байсныг ярив. Замын цагдаа ма­шин­гүй
зам дээр юу хийж зогсдог байсныг ойлгоогүй гэнэ. Тэр үед Монгол руу явах виз авах
гэж бөөн чирэгдэл болж байсан аж. Мань хүнийг Улаанбаатарт буусан ца­гаас нь НАХЯ-ны
бололтой хүн хаа ч явсан хажууд нь дагаж явж бай­жээ. Хөрөнгөтөн орноос ирсэн гэж
л сэрдэж дагасан нь тэр.

Ванкувер дэлхийн хамгийн
таатай хотоор сүүлийн арваад жил шалгарч байгаа аж. Тэрнийхээ хэрээр юмных нь үнэ
тэнгэрт хад­чих­сан. Хамгийн доод талын хаус хоёр сая таван зуун мянган ам доллараас
буухгүй.

Энд хууль бол хууль
байдаг юм байна. Бүгд ягштал дагах юм. Үгүйсэн бол газар газрын цагаачид учраа олж
амар амгалан амьдарч чадахгүй байхсан. Хүүхдүүдийг
хов зөөлөө гэж загнадаг бол энд­хийнхэн сайн ховч болохыг сур­гадаг. Тэгээд бэлтгэгдсэн
ховчид нь насанд хүрэхээрээ дутагдлын ха­жуу­гаар дуугүй өнгөрч чаддаггүй, хууль
зөрчсөн нэгэн рүү харж канад инээмсэглэл илгээлээ ч зохих байгууллагад нь ховлож
орхидог бай­на. Хэн нэгэн хууль зөрчсөнөөр өөрийнх нь эрх зөрчигдөх учир ингэж асуудлыг
дор нь шийдчихнэ.

Тусгай зориулалтын
газар там­хилна. Казино, баар, олон нийтийн газраа ч тамхи татахгүй хориглоно. Хууль дүрэм зөрчиж та зөвшөөрөл­гүй газар тамхи
татвал 250 доллар, автомашиныхаа бүсээ зүүгээгүй бол 130 доллар. Улаан гэрлээр давхиад
явчихвал 400 доллар гээд л түрийвчтэй нь яриад эхлэхээр аргагүй дүрэм, журам хуулийг
мөрддөг болдог юм байна.

Хог боловсруулж дахин
ашиг­ладгаараа дэлхийд тэргүүлдэг. Бидний
очсон монгол айлын хүү шил хуванцар савнууд цуглуулж тушаагаад мөнгө олдог бяцхан
бизнестэй. Бизнес нь ашигтай байх нь ааваас нь шалтгаална. Аав нь гайгүйхэн пиво
уугаад байвал шил их цуглардаг гэж хошигнов.
Зарим­даа хүү хогийн сав очиж ухаад шил түүдэг байна. Манайд жирийн амьдралтай айлын
хүүхэд ингэж явбал яасан их муулах бол. Олсон
мөнгөөрөө өөрийнхөө дуртай зүй­лийг авна. Хүүхдийг багаас нь хөдөлмөрт сургах нь
боловс­рол­той бол гэхээс илүүтэй хэрэгтэй зүйл болохыг анзаарав.

Энд замын асуудал үнэхээр шийдэгдэж чаджээ. Хороолол бий болгохын тулд хамгийн түрүүнд замаа
л тавьдаг юм байна. Манайх шиг баахан замбараагүй байшин барилга, гэр, сууцаа барьчихаад
дараа нь замаа шийдэх гэж зовдог­гүй нь илт.
Жаахан ч газар үл­дээлгүй ашиглаж сурсан тэдэнд машины зогсоол гэдэг хүндрэлтэй
асуудал. Томоохон албан байгуул­лага орон сууцууд газар доорх зогсоолд машинаа тавих аж. Тат­вар татаас гэдэг туйлдаа хүрчихсэн газар юм.
Дэлгүүрт тавьсан бараан дээр татвар нэмэгдэнэ.
Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг энд жинхэнэ ёсоороо
байна. Та үхсэн хойноо ч төлөх ёстой өр, татвараа төлнө. Төр танаас татвараа бол
яаж ийгээд авчихна. Хэзээ өр дуусна тэр цагт л яс амрах жишээтэй. Энд тат­варгүй
ганцхан зүйл байдаг. Тэр нь лото. Аз үзсэн лото тоглоом тоглох нь энд элбэг. Лото
тоглоод хожвол татвар авахгүй.

Канадчууд монголчуудыг
мэд­дэг болжээ.Таксинд суухаар Оса­ма Бин
Ладены хамаатан гэлтэй араб царайтай, үс сахал болсон нөхөд жолоо барьж байх юм. Үгэнд дуртай гэж жигтэйхэн.
Заа­вал хаанахынх вэ гэж асуух юм. Нэг таксины
жолоочид монгол хүн гэж хэлтэл би бас монгол гэдэг байгаа. Харахаас араб тэр
нөхрийг яаж ч үгүйсгэх гээд өөрийгөө монгол
гээд байх юм. Бодвол Чингэс өвөг Арабд байлдан дагуулалт хийхдээ мань нөхрийг
бас монгол цустай болгох зам тавьсан юм байлгүй дээ.

Бид ч хөгжил, цэцэглэлт,
их хотын үймээнт амьдралаас дэндүү хол зэрлэгээрээ, дураараа бай­гаа­­гаа их хотын
шуугиант амьд­ралаас Улаанбаатарт буухдаа л мэдэрлээ. Бидний эрх чөлөө тэд­нийхээс
тэс өөр юм. Канад инээм­сэглэл надад лав
таалагдаагүй.

Ванкуверийн олимпод бэлтгэж буй хүүхдүүд

Categories
редакцийн-нийтлэл

Канад инээмсэглэл

Канадын хил рүү ороход
хи­лийн шалган нэвтрүүлэх цэг дээр нэг ази
царайтай нөхөр паспорт бичиг баримт шалгаад сууж байна. Бичиг баримтаа шалгуулангаа
хамт явсан нэг маань үгэнд дурлаж “Өөрөө хаанахын хүн бэ” гэтэл “Канадын хятад”
гэж байна. Инээд­тэй санагдлаа. Манай хилийн
шалган дээр хятад залуу паспорт шалгаад зогсож
байвал ой тойнд буумгүй. Ямархуу интернационал улсад ирснээ төвөггүй
мэдчихлээ. Үнэхээр цагаачдаар дүүрсэн
тэр тусмаа Азийнхан ихтэй юм. Хоёр алхаад л нүүрэндээ инээмсэглэл тодруулсан шар
толгойтнуудтай таарна. Таньдаг юм шиг инээгээд
мэндлэх нь манайд бол хачир­халтай
санагдана. Хэзээ уулзлаа гээд араас нь бодоод олохгүй юм болно. Канад инээмсэглэл
гэдэг нь энэ. Зүгээр л найрсаг сэтгэгдэл төрүүлэх энэ инээд тийм ч үнэн сэтгэлийнх
биш, хуурай хөндий санагдав. Гэхдээ уур хүрэхгүй,
харин ч хариу инээмсэглэх хэрэг гарах юм. Таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддагийг
энд ёстой хамаг байдгаараа мэ­дэр­нэ. Бусдын
эрх чөлөөг хар­галзан үзэхгүй бол таны эрх чөлөө “будаа” болно гэсэн үг.

Эндхийн амьдрал сайхан
юм аа. Утаа униар алга. Хөгжил цэцэг­лэлт
нь нүдэн дээр ил. Өвөлжин цас будрах бүүдгэр тэнгэрийнх нь дор амар амгалан ноёлох
мэт. Тиймдээ ч эмэгтэйчүүдийн дундаж наслалт
85, эрчүүдийнх нь 75 нас бол­чихоод байна. Эрүүл мэнддээ ан­хаарна гэж тоймгүй. Мөн түргэн
хоол идсээр гамбургер шигээ бие­тэй болчихсон хүмүүс ч олон тааралдах юм.

Зам тээвэр их хөгжсөн
бө­гөөд хальтиргаа гэж алга. Далайн дав­сыг
хайр найргүй замаараа цац­чихдаг бололтой.
Тиймээс маши­нууд нь өвөлдөө мөсөн гулгуур шиг замаар давхихгүй нь сайхан.
За­маар нэг цацсан давс арьсан гутлыг бол
юу ч үгүй болгоно. Дараа жил гутлаа өмсөх гээд гаргаж ирэхэд ул нь хагарчихдаг гэнэ. Сайны ха­жуугаар саар гэдэг энэ юм уу даа.

Аяллаа Оттава хотоос
эхлэв. Фэйрмонд хэмээх буудлын сүл­жээгээр
хот болгонд бууж явсан юм. Тэнд амьдардаг монгол айлын хүүхэд биднийг сүнстэй буудалд
буучихаж гээд шоолоод болдоггүй. Учрыг лавлатал их эртний ал­дартай буудал юм.
“Титаник” усан онгоцны эзэн энэ буудлыг ба­риулжээ. Буудлынхаа тавилгыг “Титаник” хөлөг дээр ачиж яваад эргэж
ирээгүй юм гэсэн. Засгийн газар, парламент нь энэ хотод төвлөрчээ. Хөгшчүүд голдуу
энд амьдрах аж. Хоёр давхраас хэт­рэхгүй
өндөртэй хувийн байшин­гууд хаа сайгүй байх ч эмх зам­бараатай баригджээ. Нөгөө
алдарт канад дүнзэн байшингууд нь энэ. Сэв­сийсэн цасанд дарагдсан бай­шин­гууд
үлгэрийн юм шиг атлаа уйтгар төрүүлэх аж.
Манайхан шиг хатуу ширүүн хүмүүс бол нэг ууран­даа байшингийнхаа ханыг цоолж,
нураачихмаар нимгэн, хэврэг юм шиг.
Уг нь гэр хорооллоо эднийх шиг өртөг багатай, хурдан барьчихдаг байшингуудаар дүүр­гэвэл зүгээрсэн. Байгалийн хий­гээр халаалтаа шийдчихсэн бо­ло­хоор
даарах зовлон алга. Үүргэвчтэй аяллынхан Канадыг “Айхавтар хүйтэн газар юм” гээд
зурагтаар яриад байсныг энд амьдардаг мон­гол­чууд үгүйсгэв. Ямар ч байсан Мон­голдоо
даараад байсан бид энд даарсангүй. Сүрхий дулаалж үслэг хувцастай явсан биш
ичих ч шиг болсон. Байгаль хамгаалах
үзэл ихтэй тэд амьтны арьс нөмөрсөн хүнийг ад үздэг бололтой. Нэг канад залуу хажуугаар
нь өнгөрөх үед “арр, арр” гэхээр нь эргэж харахаар гэмгүй царайлаад зогс­чих юм.
Эсэргүүцэж байгаа нь тэр. Тэр зэрэгтэй өнгөрсөн нь их юм. Бүр будаг цацах, өндөг
шидэх зэргээр байгаль ан, амьтныг өмөөр­дөг
гэсэн. Ер нь энд амьтны арьс нөмөрсөн хүн таараагүй шүү.

Хэдийгээр нутгийн
үндсэн иргэд гэхээсээ илүүтэй цагаачид олон ч хууль дүрмээ барина гэж жиг­тэй­хэн.
Нутгийн уугуул иргэд нь индианчууд болон инуитууд Азийн нүүдэлчдээс гаралтай бөгөөд
Си­бирь, Аляскаар дамжин энд ирж суурьшжээ. Нутгийн индианууд төрхөөрөө бидэнтэй
адил юм аа. Уугуул иргэдийн хувьд мөхөх тийшээ ханджээ. Ихэнх нь архичин, ажилгүй
бөгөөд харж үзэж байгаа нь гэж халамжаар бөмбөгдсөөр мөхөл рүү нь илгээж байгаа
нь энэ юм уу даа. Манай­хаар бол өвгөнтийнхөн голдуу хүмүүс уугуул иргэд нь. Манжийг
хятадууд хөлд нь сууж бөөцийл­сөөр байгаад үгүй хийсэн гэдэг жишээ индианчуудад
ирсэн аж. Аливаа жижиг үндэстэн өөрийн бодолтой байхгүй бол яаж үгүй болдгийн жишээ яруу тодоор
энд байна.

Канад улс Их Британийн
хамтын нийгэмлэгт багтдаг. Их Британийн хатан хаан энэ улсын төрийн тэргүүн бөгөөд хатан хааны бие төлөөлөгч нь эдний амбан захирагч.
Амбан захирагч нь улс төрийн намаас хамааралтай биш дипломат буюу цэргийн албан
хаагч, нийгмийн зүтгэлтнүүдээс сонгон Ерөнхий сайдын санал болгосноор хатан хаан Канадын англи, франц хэлтнүүдээс
таван жилийн хугацаатайгаар ээлжлэн сонгодог байна. Парламент, Зас­гийн газратай
бөгөөд олон намын тогтолцоотой. Тэглээ гээд
улс төр канадчуудад падлийгүй.

Канадад цагаачилсан монгол айлын шинээр барьж буй байшин.

Дараагийн хот Торонто
От­тавагаас огт өөр юм. Энд амьдрал буцалж байна. Хүмүүс нь за­луу­жиж, хувцаслалт
нь хүртэл өөр болоод ирлээ. Онтариа мужийн нийслэл Торонто хотын нэр нь хурал чуулганы
газар гэсэн утгатай үг ажээ. Биотехнологи, техник технологийн төв, банк санхүүгийн
хамаг л гол төвүүд энд бий. Бас алдарт Торонтогийн биржийг хэлэх ёстой. Дэлхийд хамгийн цөөн гэмт хэрэг гардаг хотоор
шалгарсан энэ хотын бахархлын нэг нь алдарт Си Эн цамхаг. Жуулчдыг олноор нь татдаг
энэ цамхаг нь олон арван телевиз, богино долгионы радио дамжуулах цэг төдийгүй
533.33 метр өндөр байгууламжийн 360 метрт байрлах ресторан нь нэг цаг 12 минутад
нэг удаа бүтэн эргэдэг байна. Энэ ресторанд суух зуураа хотыг бүхэлд нь харчихаж
болно гэсэн үг. Торонтод Ниагара хэмээх үзэсгэлэнт
хүрхрээг очиж сонирх­лоо. Өвөл болсон ч хөлдөөгүй,
дуу чимээ ихтэй урсах аж. Эргийн цаана байгаа
Америкийг эндээс харж болох бөгөөд тэндхийн бай­шин­ууд нь ойрхон харагдах юм. Ниагара
хүрхрээ Канад, АНУ-ын хилийн зааг нутгаар
урсдаг бөгөөд жилд 12 сая гаруй жуулчид ирж
сонирхдог. Дэлхийд хоёрт ордог энэ хүрхрээг зорьж ирэх жуулчдын мөнгийг давхар саачих
ухаанаа канадууд олжээ. Ниагара хүрхрээ Америкаас ч харагддаг гэсэн. Ха­рин Канадын
талаас харахад илүү сүрлэг сайхан харагддаг юм байна. Олон давхар барилга бүхий ка­зинод нь хүний хөл тасарсангүй. Үүдээр нь лимузин
тасралтгүй цувах бөгөөд бодвол хөрөнгө чинээ ихтэй их гарын тоглогчид бололтой.

Үргэлжлэл бий.